Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Эзэн Есүс Христийг дагадаг бусад олон зуун сая хүний адилаар бид Библийн хууль, тушаалыг мөрдөж, Эзэн Есүс Христийн арвин их нигүүлслийг эдлэн, Эзэн Есүс Христийн нэрээр цугларч, залбирч, магтаж, үйлчилдэг—энэ бүхнийг бид Эзэний халамж, хамгаалалт дор гүйцэтгэдэг. Бид ихэнхдээ сул дорой, бас ихэнхдээ хүчтэй байдаг. Бүх үйлдэл маань Эзэний сургаалын дагуу байдаг гэдэгт бид итгэдэг. Тэгвэл бид бас өөрсдийгөө тэнгэр дэх Эцэгийн хүслийг биелүүлэх зам дээр байна хэмээн итгэдгийг хэлэх нь илүүц юм. Бид Эзэн Есүсийг эргэн ирэхийг, алдар суугаа мандуулан залран ирэхийг нь, өөрсдийн хорвоо дэлхийн амьдралыг дуусгавар болохыг, хаанчлалын илрэлтийг, Илчлэлийн номд зөгнөсөн бүхнийг буюу Эзэн ирж, гамшиг авчран, сайныг шагнаж, мууг шийтгэн, Өөрийг нь дагаж, эргэн ирэхэд нь угтан авдаг бүх хүнийг Өөртэйгөө уулзуулахаар агаарт өргөхийг хүсэн хүлээдэг. Энэ тухай бодох бүрдээ бид эцсийн өдрүүдэд төрж, Эзэний ирэхийг нүдээр үзэх зол завшаантай байгаадаа баярлаж, сэтгэл хөдлөлд автахгүй байж чаддаггүй. Бид хавчлага туулсан боловч хариуд нь “алдрын мөнхийн жинг үлэмж арвинаар” олж авсан билээ. Ямар гээч ерөөл вэ! Энэ бүх хүсэл тэмүүлэл болон Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ямагт сэргэгээр залбирч, цуглаандаа бүр ч уйгагүй явдаг болгодог. Магад дараа жил, магад маргааш, магадгүй хүний сэтгэшгүй богинохон хугацааны дотор Эзэн гэнэт буун ирж, Өөрийг нь ихэд анхааран хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирнэ. Бид бүгд Эзэний илрэлтийг харах эхний бүлэгт, өргөгдөх хүмүүсийн дунд багтахын төлөө нэг нэгнээсээ урьтахаар яарч, нэг нь ч ард үлдэхийг хүсдэггүй. Энэ өдрийг ирээсэй хэмээн бид үнэ өртгийг ч нь хайхралгүйгээр бүхнээ өгч, зарим нь ажлаа орхин, зарим нь гэр бүлээ хаяж, зарим нь гэрлэлтээсээ татгалзаж, зарим нь бүр бүх хадгаламжаа хандивласан. Ямар их амь бие хайргүй зориулалт гээч! Ийм чин сэтгэл, үнэнч байдал нь урьд үеийн ариун хүмүүсийнхээс ч давах нь мэдээж! Эзэн Өөрийн таалсан хэнд ч бай нигүүлсэл хайрлаж, Өөрийн таалсан хэнд ч бай өршөөл үзүүлж байдаг болохоор бидний зориулж, зарлагадах үйлс аль хэдийн Түүний нүдэнд өртсөн гэж бид итгэдэг. Бидний чин зүрхний залбирал ч мөн Түүний чихэнд хүрсэн бөгөөд Эзэн зориулалтын маань төлөө нөхөн төлбөр өгнө гэдэгт бид итгэдэг. Тэрчлэн Бурхан дэлхийг бүтээхээсээ өмнө ч бидэнд нигүүлсэнгүй байсан бөгөөд Түүний бидэнд өгсөн ерөөл, амлалтыг хэн ч булааж чадахгүй ажээ. Бид бүгдээрээ ирээдүйгээ төлөвлөж байгаа бөгөөд мэдээжийн хэрэг, өөрсдийн зориулалт болон зарцуулалтыг Эзэнтэй уулзахаар агаарт өргөгдөхдөө солилцох арилжааны зоос, үнэт хөрөнгө болгосон билээ. Түүнчлэн бүх улс үндэстэн, бүх ард түмнийг удирдаж, хаан болж хаанчлахаар ирээдүйн сэнтий дээр өөрсдийгөө тавихдаа бид өчүүхэн ч эргэлзээгүй. Энэ бүхнийг бид болох л ёстой зүйл, зүй ёсны хүлээлт гэж үздэг билээ.

Эзэн Есүсийн эсрэг байдаг бүх хүнийг бид басдаг; тэд бүгд эцэстээ устгагдах болно. Эзэн Есүс бол Аврагч гэдэгт битгий итгэ гэж хэн тэдэнд хэлсэн юм бэ? Мэдээж бидэнд Эзэн Есүсийг дуурайн, дэлхийн хүмүүст энэрэнгүй хандах үе байдаг, учир нь тэд ойлгодоггүй, тиймээс тэдэнд хүлцэнгүй, өршөөнгүй хандах нь зөв юм. Бидний хийдэг бүх зүйл Библийн үгийн дагуу байдаг, учир нь Библитэй нийцдэггүй бүх зүйл буруу ном, тэрс үзэл юм. Ийм төрлийн итгэл бид бүгдийн оюун санаанд гүнээ нэвчсэн байдаг. Бидний Эзэн Библи дотор байдаг, Библиэс холдон яваагүй цагт бид Эзэнээс холдох учиргүй; энэ зарчмыг мөрдвөл бид авралд хүрэх болно. Бид нэг нэгнээ урамшуулж, бие биеэ дэмждэг бөгөөд цуглах болгондоо хэлдэг үг, хийдэг үйлдэл бүр маань Эзэний хүсэлд нийцэж, бас Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж найддаг. Орчин тойрон бидэнд ширүүн дайсагнаж байсан ч зүрх сэтгэл маань баяр баяслаар дүүрэн байдаг. Маш амархан хүрч болох ерөөлийг бодох үедээ хойш тавьж чадахгүй зүйл бидэнд бий гэж үү? Хагацах дургүй зүйл бидэнд бий гэж үү? Энэ бүхнийг хэлэх илүүц бөгөөд энэ бүгдийг Бурханы ажигч нүд харж байдаг. Овоолсон өтөг бууцнаас өргөгдсөн энэхүү цөөн хэдэн зүдэрсэн хүмүүс бид Эзэн Есүсийн эгэл дагагчдын адилаар өргөгдөхийг, ерөөгдөхийг, бүх улс үндэстнийг захирахыг мөрөөдөж суудаг. Бидний завхрал Бурханы нүдэнд ил болсон бөгөөд бидний хүсэл, шунал Бурханы нүдэнд яллагдсан билээ. Гэсэн хэдий ч энэ бүхэн маш энгийн, уялдаатай байдлаар явагддаг болохоор бидний хэн нь ч хүсэл эрмэлзэл маань зөв болов уу гэж гайхдаггүй, баримталдаг бүх зүйлийнхээ үнэн зөв эсэхэд эргэлздэг ч үгүй. Бурханы хүслийг хэн мэдэж чадах юм бэ? Яг ямар төрлийн зам дээр хүн алхаж байгааг бид эрж хайж, судлахаа мэддэггүй, бүр анхаардаг ч үгүй. Учир нь бид өргөгдөж чадах эсэхээ, ерөөгдөж чадах эсэхээ, тэнгэрийн хаанчлалд бидэнд зориулсан орон байр байгаа эсэхийг, амийн голын ус, амийн модны жимснээс хүртэх эсэхээ л анхаардаг. Эдгээр зүйлийг олж авахын төлөө л бид Эзэнд итгэж, Түүний дагагч болдог бус уу? Бидний нүгэл уучлагдсан, бид гэмшсэн, аягатай гашуун дарсыг ууж, нуруундаа загалмай үүрсэн. Бидний төлсөн төлөөсийг Эзэн хүлээн зөвшөөрөхгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид хангалттай тос бэлдээгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид тэдгээр мунхаг охид, орхигдсон хүмүүсийн нэг баймааргүй байна. Түүнчлэн Библид “Тэр үед хэн нэгэн хүн та нарт, ‘Хараач, Христ энд байна’; эсвэл ‘Христ тэнд байна’ гэвэл түүнд бүү итгэ. Учир нь хуурамч христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24:23–24). хэмээсэн байдаг тул хуурамч Христүүдэд мэхлэгдэхээс биднийг хамгаалаач хэмээн Эзэнээс гуйн тогтмол залбирдаг. Бид бүгдээрээ Библийн эдгээр эшлэлийг тогтоосон, цээжээрээ мэддэг, эдгээрийг бид нандин эрдэнэ, амь, аврагдаж, өргөгдөж чадах эсэхийг маань шийдэх баталгааны бичиг мэт үздэг…

Олон мянган жилийн турш амьд хүмүүс нас нөгчиж, хүсэл эрмэлзэл, мөрөөдлөө өөрсөдтэйгөө хамт авч одсон боловч тэнгэрийн хаанчлалд очсон эсэхийг нь хэн ч үнэхээр мэдэхгүй. Үхэгсэд нэгэнтээ тохиолдсон бүх түүхийг мартаад эргэн ирж, өвөг дээдсийнхээ сургаал, замыг үргэлжлүүлэн дагадаг. Энэ маягаар он жилүүд улирч, өдөр хоног өнгөрөвч бидний Эзэн Есүс, бидний Бурхан хийдэг бүхнийг маань үнэхээр хүлээн зөвшөөрдөг эсэхийг хэн ч мэддэггүй. Бид зөвхөн үр дүн гарахыг тэсэн ядан хүлээж, болж өнгөрөх бүх зүйлийн талаар таамаглахаас өөрийг хийж чаддаггүй. Гэвч Бурхан энэ бүх хугацаанд хэзээ ч бидэнд илэрч, бидэнд үг хэлэлгүй нам гүм байсаар ирсэн. Иймээс бид Библийг даган, тэмдгүүдийн дагуу Бурханы хүсэл, зан чанарын талаар дураараа магадалдаг. Бид Бурханы нам гүм байдалд дасал болсон; биеэ авч явах байдлынхаа зөв, бурууг өөрсдийнхөө сэтгэлгээний хэв маягаар хэмжиж дадсан; Бурханы бидэнд тавьдаг шаардлагын оронд өөрсдийн мэдлэг, үзэл, ёс зүйд түшиглэж дассан; Бурханы нигүүлслийг эдэлж дассан; хэрэгтэй цагтаа Бурханаар туслуулж дадсан; бүх зүйл дээр Бурханд гар тосож, Бурханд ингэ тэг гэж тушааж дадсан; мөн Ариун Сүнс биднийг хэрхэн чиглүүлдэгт анхаарал хандуулалгүй, дүрэм мөрдөж дассан; цаашлаад бид өөрөө өөрийнхөө эзэн байдаг өдрүүдэд дассан. Хэзээ ч нүүр тулан уулзаагүй Бурхандаа бид иймэрхүү янзтай итгэдэг. Түүний зан чанар ямар болох, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Түүний дүр ямар болох, Түүнийг ирэхэд бид мэдэх эсэх гэх мэт асуултын аль нь ч чухал биш. Тэр бидний зүрх сэтгэлд байж, бид бүгд Түүнийг хүлээж байгаа нь л чухал бөгөөд Түүнийг ийм, тийм гэж төсөөлж чадаж байгаа маань л хангалттай. Бид итгэлээ үнэлж, сүнслэг байдлаа нандигнадаг. Бид бүх зүйлийг өтөг бууц гэж харж, бүх зүйлийг уландаа гишгэдэг. Бид бол суу алдартай Эзэний дагагчид учраас аян зам хэчнээн урт, хүнд хэцүү байсан ч, ямар ч бэрхшээл, аюул бидэнд нүүрлэсэн бай Эзэнийг дагах алхааг маань юу ч зогсоож чадахгүй. “Болор шиг тунгалаг амийн усны цэвэр гол Бурханы болон Хурганы Сэнтийгээс гарч байлаа. Голын хоёр эрэгт арван хоёр төрлийн жимс бүхий амийн мод байх бөгөөд сар бүр ургац өгөхийн сацуу: модны навчис нь улс орнуудыг эдгээхийн төлөө байв. Тэнд ямар ч хараал байхаа болино: харин Бурханы болон Хурганы сэнтий байх бөгөөд зарц нар нь Түүнд үйлчилнэ: тэд Түүний царайг харна; Түүний нэр тэдний духан дээр байх болно. Мөн тэнд ямар ч шөнө байхаа болино; дэн бас нарны гэрэл ч тэдэнд хэрэггүй. Учир нь Эзэн Бурхан тэдэнд гэрэл гэгээ өгдөг бөгөөд тэд мөнхийн мөнхөд хаанчлах болно” (Илчлэл 22:1–5). Эдгээр үгийг дуулах бүрд зүрх сэтгэл минь хязгааргүй баяр баясал, сэтгэлийн таашаалаар бялхаж, нүднээс нулимс урсдаг. Биднийг сонгосонд нь Эзэнд талархъя, нигүүлслийнх нь төлөө Эзэнд талархъя. Тэрээр энэ амьдралд бидэнд зуу дахин ихийг өгч, ирэх ертөнцөд мөнх амийг өгсөн. Хэрэв Тэр одоо биднээс үх гэж хүссэн бол бид өчүүхэн ч гомдолгүйгээр үхэх байсан юм. Өө Эзэн минь! Хурдан ирээч дээ! Таныг бид үнэхээр цөхрөнгөө баран хүсэн хүлээж, бас Таны төлөө бүх зүйлийг орхисныг маань харгалзан үзээд, минут, секунд ч бүү азнагтун.

Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Тэр удирдлагаа төлөвлөгөөнийхөө дагуу, алхам бүрийг нь тооцоолон, чимээгүйхэн, сүр дуулиан болгохгүйгээр явуулдаг хэдий ч Түүний мөр алхам алхмаар хүн төрөлхтөн рүү улам бүр ойртон урагшилж, шүүлтийн суудал нь орчлон ертөнцөд аянгын хурдаар заларч, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдэлтэй, хайр, өршөөлөөр дүүрэн Тэрээр бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч хэвээрээ байх бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бидний дунд, бусдын л адил хүн, хамгийн шалихгүй дагагчдын нэг, эгэл итгэгчийн дүрээр амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй. Тэр бидний нүдэнд шалихгүй итгэгчээс өөр хэн ч биш тул бид эрээ цээргүй, айж эмээлгүйгээр Түүнтэй хамт амьдардаг. Тэрээр бидний хөдөлгөөн бүрийг ажиглаж, бүх бодол, санаа маань Түүний өмнө ил болдог. Түүний оршин тогтнолыг хэн ч сонирхдоггүй, Түүний чиг үүргийн тухай хэн ч, юу ч төсөөлдөггүй, түүнчлэн Түүний ялгамж чанарын талаар хэн ч өчүүхэн төдий ч сэжиг аваагүй. Тэр бидэнд ямар ч хамаагүй мэтээр бид эрэл хайгуулаа л үргэлжлүүлдэг…

Санамсаргүй тохиолдлоор, Ариун Сүнс Түүгээр “дамжуулан” хэсэг үг илэрхийлэв, энэ нь маш гэнэтийн санагдавч бид ямартай ч үүнийг Бурханаас ирж буй айлдвар хэмээн таниад, Бурханаас уриалгахан хүлээн авдаг. Учир нь эдгээр үг Ариун Сүнснээс гарч байгаа цагт хэн илэрхийлэх нь хамаагүй, бид хүлээн зөвшөөрөх ёстой ба татгалзаж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр ч дамжин ирж болно. Хэн ч байлаа гэсэн, бүгд Бурханы нигүүлсэл юм. Гэвч энэ хүн хэн ч байлаа гэсэн бид шүтэн мөргөж болохгүй, учир нь энэ хүн яасан ч Бурхан байж таарахгүй, түүнчлэн бид яасан ч ийм эгэл хүнийг Бурханаа хэмээн сонгохгүй. Бидний Бурхан маш агуу агаад хүндтэй; ийм шалихгүй хүн яаж Түүний оронд зогсож чадах юм бэ? Бас дээр нь бид Бурхан ирж, биднийг тэнгэрийн хаанчлал руу авч явахыг хүлээж байгаа, гэтэл ийм шалихгүй хүн яаж тийм чухал, хүнд хэцүү даалгаврыг хийж чадах юм бэ? Эзэн дахин ирвэл бүхий л олон түмэнд харагдахуйц байдлаар цагаан үүл хөлөглөн ирэх ёстой. Тэгвэл хэчнээн суу алдартай байх билээ! Тэрээр бүлэг эгэл хүмүүсийн дунд сэмхэн нуугдаж байж яаж болох билээ?

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхам бүрээр нь тооцоолон хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, захих, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах нь хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс ширүүн, сүр жавхлант үг бүгд нь хүнд өршөөл хайрлаж, айдас хүйдэс төрүүлдэг. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. Энэ хүний зүрх сэтгэл дэх Бурхан бидэнд үнэхээр хайртай эсэх, мөн Тэрээр яг юу хийх гэж байгаа талаар бид гайхаж эхэлдэг. Магадгүй энэ бүх зовлонг туулсныхаа дараа л бид өргөгдөж чадах юм болов уу? Хожмын хүрэх газар, ирээдүйн хувь заяаныхаа талаар … толгой дотроо бид тооцоолж байдаг. Бурхан бидний дунд ажиллахаар аль хэдийн махбод болсон гэдэгт урьдын адилаар бидний хэн нь ч итгэхгүй л байдаг. Тэрээр маш урт удаан хугацаанд бидэнтэй хамт байж, маш олон үгийг бидэнд нүүр тулан хэлсэн боловч бид ийм эгэл хүнийг ирээдүйнхээ Бурхан хэмээн хүлээн зөвшөөрөх хүсэлгүй хэвээр байдаг, мөн ирээдүй, хувь заяаныхаа хяналтыг энэ шалихгүй хүнд даатгахыг бүр ч хүсдэггүй. Бид Түүнээс амийн усны дуусашгүй хангалтыг эдэлж, Түүгээр дамжуулан Бурхантай нүүр тулан амьдардаг. Гэвч бид тэнгэр дэх Эзэн Есүсийн нигүүлсэлд л талархдаг бөгөөд бурханлаг чанартай энэхүү эгэл хүний мэдрэмжид хэзээ ч, ямар ч анхаарал хандуулж байгаагүй. Тэрээр хүн төрөлхтний гололтыг мэдэрдэггүй мэт, хүний хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдлыг мөнхөд уучлан, Түүнд хандах хүний хүндлэлгүй занг үүрд хүлцэх мэт махбодод даруухнаар нуугдан, урьдын адилаар ажлаа хийн, сэтгэлийн үгээ илэрхийлж л байдаг.

Энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажлын нэг алхмаас нөгөө алхам руу чиглүүлсэн гэдгийг бид мэддэггүй. Бид тоо томшгүй олон шалгалт туулж, үй олон удаа сахилгажуулалт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг мэдэж авч, бас Түүний хайр, өршөөлийг эдлэн, Бурханы агуу их хүч чадал, мэргэн ухааныг үнэлдэг болж, Бурханы хайр татам байдлыг нүдээр үзэн, хүнийг аврах гэсэн Бурханы дэврүүн хүслийг хардаг. Энэхүү эгэл хүний үгээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний уг чанар-мөн чанарыг мэдэж, аврал, төгс төгөлдөрт хүрэх замыг хардаг. Түүний үг биднийг “үхүүлж”, мөн “дахин төрүүлдэг”; Түүний үг бидэнд тайтгарал авчирдаг атлаа гэмшил, өртэй мэт мэдрэмжид бас автуулдаг; Түүний үг бидэнд баяр баясал, амар амгалан бас хязгааргүй их шаналал авчирдаг. Заримдаа бид Түүний гарт нядлагдах хурганууд шиг байдаг; заримдаа Түүний нүдний цэцгий мэт байж, энхрий хайрыг нь эдэлдэг; заримдаа Түүний дайсан мэт, харцных нь дор уур хилэнд нь үнс нурам болдог. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой, бид бол Түүний өдөр ч байсан, шөнө ч байсан олно гэж сэтгэл шулуудсан алдагдсан хурганууд нь юм. Тэрээр бидэнд өршөөлтэй ханддаг, биднийг жигшдэг, өргөдөг, биднийг тайтгаруулж, захидаг, биднийг залж чиглүүлдэг, гэгээрүүлдэг, бас биднийг цээрлүүлж, сахилгажуулдаг, тэр ч бүү хэл хараадаг. Тэрээр бидэнд өдөр шөнөгүй ямагт санаа зовж, биднийг өдөр шөнөгүй хамгаалж, халамжлан, дэргэдээс маань алхам ч холдолгүйгээр бидний төлөө бүх хөлс, хүчээ зориулж, бүх төлөөсийг төлдөг. Энэхүү жижигхэн, эгэл махбодын айлдварууд дотроос бид Бурханд байгаа бүхнийг эдэлж, Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан. Гэсэн хэдий ч нэрэлхүү зан бас л бидний зүрх сэтгэлд төвөг удаж, бид ийм хүнийг Бурханаа гэж дуртайяа хүлээн авахыг бас л хүсдэггүй. Хэдийгээр Тэр бидэнд маш их манна өгч, маш их эдлэх зүйл өгсөн боловч үүний аль нь ч бидний зүрх сэтгэл дэх Эзэний байрыг эзэлж чадахгүй билээ. Бид энэ хүний онцгой ялгамж чанар, байр суурийг асар дурамжхан л хүндэлдэг. Намайг Бурхан гэдгийг хүлээн зөвшөөр хэмээн Тэр Өөрийн амаар биднээс хүсэхгүй л бол Түүнийг удахгүй ирэх, тэгсэн мөртөө бидний дунд ажиллаад удаж байгаа Бурхан гэдгийг нь бид хэзээ ч сайн дураараа хүлээн зөвшөөрөхгүй билээ.

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, өнцөг ашиглан, бидэнд юу хийх ёстой талаар сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийг илэрхийлдэг. Түүний үгэнд амийн хүч чадал агуулагддаг бөгөөд алхах ёстой замыг маань зааж, үнэн гэж юу болохыг ойлгох боломж олгодог. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярьдаг өнгө, хэв маягт анхааран, энэхүү онц гойд зүйлгүй хүний сэтгэлийн үгийг далд ухамсартаа сонирхож эхэлдэг. Тэр бидний өмнөөс ажиллахад бүх хөлс хүчээ зориулж, бидний төлөө нойр хоолоо хасан, мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, өвдсөндөө ёолж, бидний хүрэх газар, авралын төлөө доог тохуу болдог ба бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрхнээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүн Тэр юу болох Түүнд юу байгаа шиг байдаггүй, мөн үүнийг ямар ч завхарсан хүн эзэмшиж, олж авч чадахгүй. Тэрээр ямар ч эгэл хүнд баймгүй хүлээцтэй байдал, тэвчээрийг харуулдаг бөгөөд Түүнийх шиг хайр ямар ч бүтээгдсэн зүйлд заяадаггүй юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бас уг чанар болон мөн чанарын маань талаар ийм тодорхой, бүрэн мэдэж, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүн, тэнгэр дэх Бурханы өмнөөс ингэж бидэнд үг хэлж, бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болоод Бурханд юу байгаа, Тэр юу болохыг Тэр бүхэлд нь илэрхийлдэг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг зааж, гэрэл авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы задлаагүй нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг. Бурханы зүрх сэтгэлийн үг болон Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин, шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирч, бидэнд итгэл найдвар авчран, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, авралын замыг бүрэн тодорхой харах боломжийг бүхий л оршихуйд маань олгосон юм. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл ухамсартай болж, сүнс маань дахин амилах мэт болсон: Бидний дунд амьдардаг, бидний аль эртнээс голж ирсэн энэхүү эгэл, шалихгүй хүн бол унтаа сэрүүний алинд ч ямагт бидний бодолд байдаг, бидний өдөр, шөнөгүй хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь! Тэрээр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломж олгон, зүрх сэтгэлийг маань хэрэн хэсэхээргүй болгосон. Бид Бурханы гэрт, Түүний сэнтийн өмнө эргэн ирсэн бөгөөд Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний дүр төрхийг нүдээр үзэж, урд байгаа замыг харсан. Энэ мөчид Тэрээр бидний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан; бид Түүний хэн бэ гэдэгт эргэлзэхээ больж, ажил, үгийг нь эсэргүүцэхээ зогсоон, Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөдөг. Бид үлдсэн амьдралынхаа туршид Бурханы мөрийг дагаж, Түүгээр төгс болгуулж, Түүний нигүүлслийг болон биднийг гэх хайрыг нь хариулан, Түүний зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Түүний ажилтай хамтран ажиллаж, бидэнд даалгасан зүйлийг нь гүйцэлдүүлэхийн төлөө чадах бүхнээ хийхийг л хүсдэг билээ.

Бурханаар байлдан дагуулагдана гэдэг тулааны урлагийн тэмцээнтэй адил.

Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, биднийг шархдуулж, айдсаар дүүргэдэг. Тэрээр үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарыг маань илчилдэг. Бидний хэлж, хийдэг бүхнээс эхлээд бодол, санаа болгоныг маань, уг чанар-мөн чанарыг маань Түүний үг илчилж, биднийг айдаст автуулан дагжин чичрүүлж, нүүрээ хийх газаргүй болгож орхидог. Тэрээр бидний бүх үйлдэл, зорилго, санаа төдийгүй өөрсдийн маань ч хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарыг хүртэл нэг нэгээр нь хэлж өгөхөд бидэнд бүх олхиогүй өө сэв маань илчлэгдсэн мэт, бүр бүрэн үнэмшсэн мэт санагддаг. Тэрээр Өөрийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүж, Өөрийг нь доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээн, Түүний нүдээр бидэнд сайн зүйл нэг ч байхгүй мэт, бид бол амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг. Бидний итгэл найдвар унтардаг; бид Түүнд ямар нэг үндэслэлгүй шаардлага тавьж, эсвэл Түүнээс ямар нэг юм горьдож зүрхлэхээ больдог, мөрөөдөл маань ч нэг шөнийн дотор үгүй болдог. Энэ бол бидний хэний ч төсөөлөх аргагүй, мөн хэний ч хүлээн авч чадахгүй баримт юм. Хоромхон зуурын төдийд л бид дотоод тэнцвэрээ алдаж, урдах замаа цааш хэрхэн үргэлжлүүлэх, итгэлээ хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхээ больдог. Итгэл маань эхэлсэн цэгтээ буцаад очсон мэт болж, бас бид Эзэн Есүстэй хэзээ ч уулзаагүй, Түүнийг мэддэг болоогүй мэт санагддаг. Нүдний маань өмнөх бүх зүйл биднийг төөрөлдүүлж, шийдэж ядан тээнэгэлзэхэд хүргэдэг. Бид зүрх алдаж, урам хугардаг, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур хилэн, ичгүүр байдаг. Бид уураа гарган, гарах гарц олох гэж хичээдэг, түүгээр ч зогсохгүй зүрх сэтгэлээ уудлахын тулд Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр оролддог. Бид гаднаа сагсуу ч биш, даруу ч биш ажрахгүй байгаа мэт харагдах үе байдаг ч зүрх сэтгэлдээ урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй гарз хохирлын мэдрэмжид автдаг. Заримдаа бид гаднаа ер бусын тайван юм шиг харагдаж болох ч сэтгэл санаа маань догшин тэнгис мэт тарчлан булгилж байдаг. Түүний шүүлт, гэсгээлт бидний бүх итгэл найдвар, мөрөөдлийг үгүй хийж, хэрээс хэтэрсэн хүслийг минь эцэслэн, Тэр бол бидний Аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт, гэсгээлт нь Тэр бидний дунд хэний ч давахаар оролдож зүрхлэхээргүй асар гүн ан цавыг үүсгэсэн. Түүний шүүлт, гэсгээлтээр бид амьдралдаа анх удаа ийм агуу бэрхшээл, их доог тохууг туулсан юм. Бидний дэндүү олиггүй, ариун бус байдлын дэргэд Бурханы эрхэм дээд, хүний зөрчлийг үл хүлцдэг байдлыг Түүний шүүлт гэсгээлт бидэнд үнэхээр мэдрүүлсэн. Бид хэчнээн биеэ тоосон, сагсуу болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай эн зэрэгцэхгүй, нэг түвшинд очихгүй гэдгийг Түүний шүүлт, гэсгээлт бидэнд анх удаа ухааруулсан юм. Түүний шүүлт, гэсгээлтийн дүнд л бид ийм завхарсан зан чанартайгаар цаашид амьдралгүй, энэ уг чанар-мөн чанараас аль болох түргэн ангижирч, Түүний хувьд бузар булай, жигшүүртэй нэгэн байхаа болихыг хүсэн эрмэлздэг болсон билээ. Түүний шүүлт, гэсгээлтийн дүнд л бид Түүний үгийг баяртайяа дуулгавартай дагаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтын эсрэг тэрслэхээ больсон. Түүний шүүлт, гэсгээлт бидэнд амьд гарах хүслийг дахин нэг удаа өгч, Түүнийг Аврагчаа хэмээн баяртайяа хүлээн авахад хүргэсэн… Бид байлдан дагуулалтын ажлаас, тамаас, үхлийн сүүдрийн хөндийгөөс гарсан юм… Төгс Хүчит Бурхан энэхүү бүлэг хүмүүс биднийг олж авсан билээ! Тэрээр Сатаныг ялж, үй олон дайснаа дарлаа!

Бид бол сатанлаг завхарсан зан чанартай зүгээр л нэг эгэл бүлэг хүмүүс, олон эриний өмнө Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс, өтөг бууцнаас Бурханы өргөсөн зүдэрсэн хүмүүс билээ. Бид нэгэнтээ Бурханыг голж, ялласан боловч одоо Түүгээр байлдан дагуулагдсан юм. Бурханаас бид амь болон мөнх амийн замыг хүлээн авсан билээ. Бид газар дэлхийн хаана ч байсан, ямар ч хавчлага, гамшгийг тууллаа гэсэн Төгс Хүчит Бурханы авралаас салж чадахгүй юм. Учир нь Тэр бол бидний Бүтээгч, бас цорын ганц золин аврал маань билээ!

Бурханы хайр булгийн ус мэт урсаж, чамд, надад, түүнд болон үнэнийг үнэхээр эрж хайн, Бурханы илрэлтийг хүлээдэг бүх хүнд өгөгддөг.

Нар сар ээлжлэн манддагийн адилаар Бурханы ажил ч мөн хэзээ ч дуусалгүй чам дээр, над дээр, түүн дээр болон Бурханы мөрийг дагаж, шүүлт, гэсгээлтийг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүн дээр явагддаг билээ.

2010 оны 3 дугаар сарын 23

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил

Өмнөх: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Дараах: 1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг цор ганц жинхэнэ Бурхан юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх