1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг цор ганц жинхэнэ Бурхан юм

Холбогдох Бурханы үг:

Энэ ертөнцийн бүх зүйл Төгс Хүчитийн бодлын дагуу, Түүний нүдэн дор хурдан өөрчлөгддөг. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэтхэн ирж байхад хүн төрөлхтний эртнээс эзэмшсэн зүйлс мэдэгдэлгүйгээр алга болдог. Төгс Хүчитийн хаана байдгийг хэн ч ухан ойлгож чаддаггүй, Төгс Хүчитийн амийн хүчний ер бусын, агуу байдлыг мэдэрч бүр ч чаддаггүй. Хүмүүсийн ухамсарлаж чадахгүй зүйлийг ухамсарлаж чаддаг болохоороо Тэр ер бусын байдаг. Хүн төрөлхтөнд орхигдсон атлаа хүн төрөлхтнийг авардаг Нэгэн болохоороо Тэр агуу байдаг. Тэрээр амьдрал, үхлийн утга учрыг мэддэг, үүнээс гадна, бүтээгдсэн хүн төрөлхтний дагах ёстой оршин тогтнолын хуулийг мэддэг. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолын суурь, Тэр бол хүн төрөлхтнийг дахин амилуулдаг Золин аврагч юм. Тэрээр Өөрийн ажлын төлөө, Өөрийн төлөвлөгөөний төлөө аз жаргалтай зүрх сэтгэлийг уй гашуугаар дарж, уй гашуутай зүрх сэтгэлийг аз жаргалтай болгодог.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс Хүчитийн санаа алдалт

Сансар, огторгуйн өргөн уудамд тоо томшгүй бүтээл амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийн мөчлөгийг дагаж, үл хувирах нэгэн дүрмийг мөрддөг. Нас барсан хүмүүс амьд хүмүүсийн түүхийг аван оддог ба амьдарч буй хүмүүс нас барагсдын яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг. Иймээс хүн төрөлхтөн өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг юм бэ? Яагаад бид үхэх ёстой юм бэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтнийг үнэхээр Байгаль Эх бүтээсэн үү? Хүн төрөлхтөн хувь заяагаа үнэхээр хянадаг уу?… Орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн ердөө мэддэггүй, хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг бүр ч мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө аргагүйн эрхэнд энэ хуулиар амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй, хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрүүдийн дээр мөнхөөс мөнхөд бүхнийг захирдаг Нэгэн бий. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй Нэгэн, хүн төрөлхтний хэзээ ч мэдэж аваагүй Нэгэн, оршин тогтнолд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй Нэгэн юм—гэсэн ч Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгал үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтнийг хангаж, тэжээдэг, хүнийг оршин тогтнуулдаг Нэгэн; мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг залж чиглүүлсэн Нэгэн юм. Түүнчлэн амьд үлдэхийн тулд хүн төрөлхтний найддаг цорын ганц Нэгэн Тэр билээ. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дэх бүх амьд оршихуйг удирддаг. Тэрээр дөрвөн улирлыг хянаж, салхи, хяруу, цас, бороог дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уулс, нуур, гол мөрөн болон тэдгээрийн доторх амьд зүйлсээр хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг, Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг. Эдгээр хууль, дүрэм бүр Түүний үйл хэргийн биелэл бөгөөд дор бүрнээ Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Хэн Түүний дээд эрхээс өөрийгөө чөлөөлж чадах вэ? Хэн Түүний зохицуулалтаас өөрийгөө салгаж чадах вэ? Бүх зүйл Түүний харцан дор оршдог, түүнчлэн бүх зүйл Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байж, бүх зүйлийг захирдаг гэх баримтыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж бүр ч чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг танин мэдэж чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл хамааран чиний хувь заяаг Бурхан тодорхойлдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийг захирна гэдэгт эргэлзэх юмгүй. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүн төрөлхтөн танин мэдэж, ойлгох эсэхээр тогтоогддоггүй. Зөвхөн Тэр л хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит баримтыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, төд удалгүй хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах ба энэ нь Бурханы удахгүй биелүүлэх бодит баримт юм. Хүн төрөлхтөн Бурханы нүдэн дор амьдарч, нас бардаг. Хүн Бурханы удирдлагын төлөө амьдардаг ба эцсийн удаа нүд анихдаа ч бас энэхүү удирдлагын төлөө нүд аньдаг. Хүмүүс ахин дахин нааш цааш ирж, буцдаг. Энэ нь бүгд ялгаагүй Бурханы дээд эрх, зохицуулалтын нэг хэсэг юм. Бурханы удирдлага хэзээ ч зогсоогүй; энэ нь үргэлжид урагшилж байгаа. Тэрээр хүн төрөлхтөнд Өөрийн оршин тогтнолыг мэдүүлж, тэднийг Өөрийн дээд эрхэд итгүүлж, Өөрийн үйл хэргийг харуулах ба Өөрийн хаанчлалд буцаан аваачна. Энэ бол Түүний төлөвлөгөө бөгөөд олон мянган жилийн турш Түүний хийсээр буй ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

Амийн зам гэдэг бол хэн дуртай нь эзэмшиж чадах зүйл биш, хэн бүхний хялбархан олж авч чадах ч зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирдэг, өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө л амийн мөн чанарыг эзэмшдэг ба Бурханд Өөрт нь л амийн зам бий. Иймээс Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны ширгэшгүй урсах эх ундарга юм. Бурхан дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш амийн эрч хүчтэй холбоотой, хүнд амь авчрах ихээхэн ажил хийсэн бөгөөд хүнд амь олж авах боломж олгохын тулд асар их төлөөс төлсөн. Учир нь Бурхан Өөрөө мөнх амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам билээ. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлснээс нь хойших хүний оршин тогтнолын баялаг хөрөнгө байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштайгаар амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, бөхөшгүй амийн хүчний ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч чадал нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд Бурхан ямар ч эгэл хүний төлж байгаагүй төлөөсийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг дийлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас давуу байдаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээгдсэн зүйл, ямар ч дайсны хүч дийлж чадахгүй. Бурханы амийн хүч цаг хугацаа, орон зайг үл хамааран оршиж, гэрэлт цацрагаа гэрэлтүүлдэг. Тэнгэр газарт асар их өөрчлөлт гарч болох ч Бурханы амь үүрд нэг хэвээр байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурханы амь байсаар л байдаг. Учир нь Бурхан бол бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж ба тэдний оршин тогтнолын үндэс билээ. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс улбаатай. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, ямар ч эрч хүчтэй зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ийм маягаар хэн ч бай бүгд Бурханы ноёрхол дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй—бүх гараг, тэнгэрийн бүх од—аль хэдийн оршиж байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил болсон ч эдгээр тэнгэрийн эрхэс оршин байх бүхий л хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байж ирсэн. Ямар гараг яг ямар цагт хаашаа явдаг; ямар гараг хэзээ, ямар даалгавар биелүүлдэг; ямар гараг ямар тойрог замаар эргэдэг, хэзээ алга болж, эсвэл солигддог гээд энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүй явагдаж байдаг. Гарагуудын байрлал, тэдгээрийн хоорондын зай бүгд чанд тогтсон зүй тогтлыг дагадаг бөгөөд бүгдийг нь яг таг мэдээллээр тодорхойлж болно; тэдгээрийн аялах зам, тойрог замын хурд болон зүй тогтол, янз бүрийн байрлалд очих цаг гээд энэ бүгдийг нарийн тооцоолж, тусгай хуулиар тодорхойлж болно. Олон мянган жилийн туршид гарагууд эдгээр хуулийг өчүүхэн төдий ч гажихгүйгээр дагасан. Тэдний тойрог зам, дагадаг зүй тогтлыг нь ямар ч хүч өөрчилж, тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг тусгай хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээллийг Бүтээгчийн эрх мэдэл урьдаас тогтоосон байдаг учраас тэдгээр нь Бүтээгчийн дээд эрх, хяналтын дор эдгээр хуулийг сайн дураараа дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг зүй тогтол, мэдээлэл, хачирхалтай, тайлбарлахын аргагүй хууль, үзэгдлийг хүн олж нээхэд хэцүү зүйл биш. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг, бас Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг ноёрхдог гэдэг бодит үнэнийг, түүнчлэн Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй ч гэсэн хүн судлалын эрдэмтэд, одон орон судлаачид, физикч нар хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг удирддаг зарчим, зүй тогтол бүгдийг асар том, үл үзэгдэх хар энерги захирч, хянадаг гэдгийг улам бүр олж нээсээр байна. Энэхүү баримт нь хүнийг, хөдөлгөөний эдгээр зүй тогтлын дунд бүх зүйлийг зохион байгуулдаг Төгс Хүчит Нэгэн байна гэдэгтэй эрхгүй нүүр тулж, хүлээн зөвшөөрөхөд хүргэдэг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч, Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч, ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгараад, бүх зүйлийн оршин тогтнолыг захирч байдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүн хүлээн зөвшөөрөх ёстой; мөн хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй, тэдгээр нь аяндаа өрнөж байдаг юм биш, харин Эзэн захирагчийн тушаалаар болдог гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ухамсарлаж чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.

Микро түвшинд, газар дэлхий дээр хүний харж болох бүх уул, гол, нуур, далай, хуурай газар, хүний үзэж туулдаг бүх улирал, дэлхий дээр амьдардаг ургамал, амьтан, бичил биетэн, хүмүүс гээд бүх зүйл Бурханы дээд эрх, хяналтад захирагдаж байдаг. Бурханы дээд эрх, хяналтын дор бүх зүйл Түүний бодлын дагуу үүсэн бий болж, үгүй болж байдаг; тэдгээрийн оршин тогтнолыг захирдаг хуулиуд бий болж, тэдгээр нь үүний дагуу өсөж үрждэг. Ямар ч хүн, ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон төрөл бүрийн хэмжээтэй ус бий. Тэдгээр нь өөр өөр төрлийн газарзүйн тогтцыг бий болгодог, тийм биз дээ? Бурхан тэдгээрийн хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань, уулс өөрийн гэсэн хэлбэр дүрстэй, тал газар өөрийн гэсэн хэлбэр дүрстэй, элсэн цөл тодорхой хил хязгаартай, толгод тогтсон газартай гэсэн үг юм. Мөн гол мөрөн, нуур зэрэг усны ундаргад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл, Бурхан бүх зүйлийг бүтээхдээ бүх зүйлийг маш тодорхой хуваасан… Өөрийн бүтээсэн энэхүү өөр өөр газрын тогтоц, газарзүйн орчин дотор Бурхан, бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газарзүйн орчин Бурханыг бүтээснээс хойш хэдэн мянган жил, хэдэн арван мянган жил оршсоор, өөрсдийн үүргийг гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр галт уулс дэлбэрдэг, газар хөдлөлт болох тодорхой цаг хугацаа байдаг, газар шороонд томоохон шилжилт гардаг ч, Бурхан ямар ч төрлийн газарзүйн тогтцын анхны чиг үүргийг огтоос алдагдуулахгүй. Зөвхөн Бурханы энэхүү удирдлага болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралт, хяналтаас болж энэ бүх зүйл—хүн төрөлхтний эдэлж, харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чаддаг…

………………………

…газарзүйн өөр өөр орчинд хил хязгаар тогтоохоос гадна Бурхан бас төрөл бүрийн жигүүртэн шувуу, араатан амьтан, загас жараахай, хорхой шавж болон бүх ургамалд хил хязгаар, хууль тогтоосон. Газарзүйн өөр өөр орчны хоорондын ялгаа, мөн янз бүрийн газарзүйн орчин байдгаас болж өөр өөр төрлийн жигүүртэн шувуу, араатан амьтан, загас жараахай, хорхой шавж болон ургамлын амьдрах орчин нь ялгаатай байдаг. Жигүүртэн шувууд, араатан амьтад, хорхой шавж янз бүрийн ургамлын дунд амьдардаг, загас усанд амьдардаг, ургамал газар дээр ургадаг… Бурханы бүтээсэн бүх зүйл—нэг газар тогтсон байршилтай, эсвэл хамраараа амьсгалж чадах эсэхээс үл хамааран—бүгд өөрсдийн гэсэн амьдралын хуультай гэдгийг та нарт ойлгуулахын төлөө юм. Бурхан эдгээр амьд зүйлийг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулсан гэр орон, амьдрах орчныг нь аль хэдийн бэлтгэсэн. Эдгээр амьд зүйл нь өөрсдийн гэсэн тогтсон амьдрах орчин, хоол хүнс, тогтсон гэр орон, амьдрахад тохиромжтой, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий тогтсон газартай байдаг. Тиймээс тэд хаа хамаагүй хэсүүчлэх юм уу хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулж, амьдралд нь нөлөөлөхгүй. Бурхан ингэж бүх зүйлийг удирдан, хүн төрөлхтнийг амьдрах хамгийн сайхан орчноор хангадаг. Бүх зүйлийн дунд орших бүх амьд зүйл өөрсдийн гэсэн амьдрах орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тийм хоолтой болохоор тэд амьдрах уугуул орчноосоо салж чадахгүй. Тийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, өсөж үржсээр, урагшилсаар байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйл хүн төрөлхтөнтэй эв зохицолтой амьдардаг бөгөөд хүн төрөлхтөн бүх зүйлтэй харилцан хамааралтайгаар зэрэгцэн оршдог.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IX

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүрэг ролио биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний яаж өсөж торнисон, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм.

Шөнийн харанхуй сэмхэн ойртож байхад хүн мэддэггүй, учир нь шөнө хэрхэн нөмөрдгийг ч тэр, хаанаас ирдгийг ч тэр хүний зүрх сэтгэл ухамсарлаж чаддаггүй юм. Шөнө сэмхэн дайжин одоход хүн өдрийн гэрлийг угтан авдаг боловч гэрэл хаанаас ирснийг, шөнийн харанхуйг хэрхэн хөөснийг мэддэг ч үгүй, мэдэрдэг ч үгүй. Ээлжлэн солигдох өдөр, шөнө хүнийг нэг үеэс нөгөөд, түүхийн нэг нөхцөлөөс нөгөөд аваачихын хажуугаар цаг үе болгон дахь Бурханы ажил болон эрин үе бүрд зориулсан Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлж ирсэн.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж

Дэлхийг бүтээснээс хойш Би энэ бүлэг хүмүүсийг, тухайлбал, өнөөдрийн та нарыг урьдчилан тогтоож, сонгож эхэлсэн. Та нарын зан авир, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, та нарын төрсөн гэр бүл, ажил, гэрлэлт гээд чамайг бүхэлд чинь, үс болон арьсны чинь өнгийг, мөн чиний төрөх цаг, газрыг хүртэл бүгдийг нь Би гараараа зохицуулсан. Өдөр тутам чиний хийдэг зүйлс болон уулздаг хүмүүс хүртэл Миний гараар зохицуулагдсан ба өнөөдөр чамайг Өөрийнхөө дэргэд авчрах нь ч үнэн хэрэгтээ Миний зохицуулалт гэдгийг дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө эмх замбараагүй байдалд бүү оруул; чи тайван урагшлах хэрэгтэй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 74-р бүлэг

Хүн төрөлхтөн болон орчлон ертөнцийн хувь заяа Бүтээгчийн дээд эрхтэй нягт сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чаддаггүй. Бүх зүйлийн хуулиас хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; бүх зүйлийн амьд үлдэх хуулиас тэр Бүтээгчийн засаглалыг ухамсарладаг; бүх зүйлийн хувь заяанаас тэр Бүтээгч Өөрийн дээд эрх, хяналтаа тогтоодог арга замыг таамагладаг; хүмүүс болон бүх зүйлийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд оршихуйн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт, зохицуулалтыг үнэхээр туулж, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх эрх мэдэл болон хүчнээс давсан байдгийг нүдээрээ харж авдаг. Иймээс, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйл үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл энэ бус уу?

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө III

Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

Хүн төрөлхтний гишүүд ба үнэн сүсэгт Христэд итгэгчид болохын хувьд өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы даалгаврыг биелүүлэхэд зориулах нь бид бүгдийн үүрэг, хариуцлага юм. Учир нь бидний бүх оршихуй Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ оюун санаа, бие махбод маань Бурханы даалгавар болон хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол бидний сүнс Бурханы даалгаврын төлөө амиа золиосолсон хүмүүсээс, тэр тусмаа биднийг бүх зүйлээр хангасан Бурханаас ичнэ.

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Ноагийн бүхээг барьсан цаг үеийг эргэн хар: Хүн төрөлхтөн гүн ялзарсан, Бурханы ерөөлийн замаас гажиж, Бурханаар халамжлуулахаа больсон, Бурханы амлалтыг алдчихсан байсан. Тэд Бурханы гэрэлгүйгээр харанхуйд амьдарч байв. Тиймээс тэд садар самуун уг чанартай болж, жигшүүрт доройтолд өөрсдийгөө хаясан байв. Тийм хүмүүс Бурханы амлалтыг хүлээж авч чадахааргүй болсон; тэд Бурханы нүүрийг харахад ч, Бурханы дуу хоолойг сонсоход ч тохирохгүй байлаа. Учир нь тэд Бурханыг хаяж, Түүний хайрласан бүх зүйлийг орхиж, Бурханы сургаалыг мартчихсан байсан юм. Тэдний зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдсоноор тэд хамаг эрүүл ухаан, хүн чанараа алдан доройтож, улам ёрын муу болсон юм. Тиймээс тэд үхэл рүүгээ бүр ч ойртож, Бурханы уур хилэн, шийтгэлийг хүртсэн. Ноа л Бурханд шүтэн мөргөж, муугаас зайлсан учир Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы зааврыг сонсож чаджээ. Ноа Бурханы үгийн зааврын дагуу бүхээг барьж, бүх төрлийн амьтдыг цуглуулсан. Ингээд бүх зүйл бэлэн болсны дараа Бурхан дэлхий дээр сүйрлээ эхлүүлсэн. Ноа болон түүний гэр бүлийн долоон гишүүн л сүйрлээс амь гарсан, учир нь Ноа Еховаг шүтэн мөргөж, муугаас зайлсан билээ.

Өнөө үеийг одоо хар л даа: Бурханд шүтэн мөргөж муугаас зайлж чадах Ноа шиг зөв шударга хүмүүс байхаа больжээ. Гэсэн ч Бурхан хүн төрөлхтөнд нигүүлсэнгүй хэвээр, энэхүү төгсгөлийн эрин үед тэднийг уучилсаар байдаг. Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөв шударга үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг зөв шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглахаас өөрийг хийдэггүй, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, таашаал, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.

Танай улс эдүгээ дээшлэн дэвжиж байж магадгүй ч чи өөрийн ард түмэнд Бурханаас төөрч холдохыг зөвшөөрвөл улс чинь Бурханы ерөөлийг улам л алдаж байгаагаа харна. Улсын чинь соёл иргэншил улам бүр хөл доор гишгэгдэж, тун удалгүй хүмүүс Бурханы эсрэг босож, Тэнгэрийг хараах болно. Тэгээд улс орны хувь заяа нэг мэдэхэд сүйрнэ. Бурханд хараагдсан тэдгээр улсад арга хэмжээ авахын тулд Бурхан хүчирхэг улсуудыг бий болгох ба тэднийг бүр газрын хөрснөөс арчиж ч магадгүй. Нэг улс, үндэстний мандаж, доройтох нь тухайн орны удирдагчид Бурханыг шүтэн мөргөдөг эсэхээс, ард иргэдээ Бурханд илүү ойр, Түүнд шүтэн мөргөдөг болгоход залдаг эсэхээс хамаардаг. Гэвч өнөөгийн энэ сүүлчийн эринд Бурханыг шүтдэг, Түүнийг жинхэнээсээ хайдаг хүмүүс улам цөөрсөн учраас Христийн шашныг улсынхаа шашин болгосон орнуудад Бурхан онцгой ивээл хайрладаг. Тэрээр дэлхийн харьцангуй зөв шударга хүрээг байгуулахын тулд тэдгээр улсыг нэгтгэдэг байхад харин бурхангүй үзэлтэй юм уу жинхэнэ Бурханыг шүтэн мөргөдөггүй орнууд зөв шударга хүрээний дайснууд болдог. Ийм маягаар, Бурхан хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг явуулах газартай болоод зогсохгүй, мөн Бурханыг эсэргүүцдэг улс оронд хориг, хязгаарлалт тавихын тулд зөв шударга эрх мэдлийг хэрэгжүүлж чадах улс орныг олж авдаг. Гэвч тэглээ гээд илүү олон хүн Бурханыг шүтэн мөргөхөөр ирэхгүй л байна. Яагаад гэвэл, хүн Бурханаас хэтэрхий холдчихсон бөгөөд хүн Бурханыг мартаад дэндүү удаж байгаа юм. Зөв шударга байдлыг хэрэгжүүлж, зөв шударга бус байдлаас татгалздаг тийм орнууд л газар дэлхий дээр үлддэг. Гэвч энэ нь Бурханы хүслээс хол байдаг, учир нь ямар ч орны удирдагчид ард иргэдийг нь Бурхан захирахыг зөвшөөрөхгүй, ямар ч улс төрийн нам Бурханд шүтэн мөргөхийн тулд хүмүүсээ цуглуулахгүй; Бурхан улс орон, үндэстэн, эрх баригч нам бүрийн, тэр ч бүү хэл хүн бүрийн зүрхэнд эзлэх зүй ёсны байраа алдчихсан. Энэ дэлхий дээр зөв шударга хүчнүүд оршдог хэдий ч хүний зүрх сэтгэлд Бурханы эзлэх орон зай байдаггүй засаглал бол хэврэг юм. Бурханы ерөөлгүйгээр улс төрийн талбар эмх замбараагаа алдаж, ганц цохилт ч дааж чадахааргүй болно. Хүн төрөлхтний хувьд, Бурханы ерөөлгүйгээр байна гэдэг нарны гэрэлгүйгээр байхтай адилхан. Улс гүрний удирдагчид ард түмэндээ хэчнээн их хувь нэмэр орууллаа гээд, хэчнээн олон зөв шударга хурал зөвлөгөөн хийлээ гээд, аль нь ч урсгалын чиглэлийг өөрчилж чадахгүй, эсвэл хүн төрөлхтний хувь заяаг өөрчилж чадахгүй. Ард иргэд нь хоол унд, хувцас хунартай, хамтдаа энх амгалан суудаг улсыг сайн улс, сайн удирдагчидтай гэж хүмүүс боддог. Гэвч Бурхан тэгж боддоггүй. Өөрийг нь нэг ч хүн шүтэн мөргөдөггүй улс орон бол Өөрийнх нь устгах улс мөн гэж Тэр итгэдэг. Хүний санал бодол Бурханыхаас дэндүү их зөрдөг. Тиймээс хэрвээ улсын тэргүүн нь Бурханыг шүтэн мөргөдөггүй бол уг улсын хувь заяа эмгэнэлтэй болох бөгөөд тэр улс ямар ч хүрэх газаргүй байх болно.

Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй боловч улс, үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой бөгөөд ямар ч хүн, улс, эсвэл үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байдаггүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь дагаж, шүтэн мөргөдөг хүмүүсийг өөд нь татах ба эсэргүүцэж, голдог хүмүүст доройтол, мөхөл авчирна.

Библид өгүүлсэн Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлыг санаж, Лотын эхнэр хэрхэн давсан багана болсныг бод. Ниневегийн хүмүүс хэрхэн үнс, тааран дотор нүглээ гэмшсэнийг эргээд бод, 2,000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг сана. Иудейчүүд Израилиас хөөгдөж, дэлхий дахины улсууд руу зугтсан билээ. Олонх нь хөнөөгдөж, бүхий л Иудей үндэстэн улс орон нь сүйрсэн, урьд хожид байгаагүй шаналлыг амссан. Тэд Бурханыг загалмайд цовдолж, жигшүүрт нүгэл үйлдэж, Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөөсийг төлж, өөрсдийнхөө үйлдлийн үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд Бурханаар шийтгүүлэх хувь заяа л үлдсэн юм. Энэ бол удирдагчдынх нь ард түмэндээ авчирсан гашуун үр дагавар, гамшиг билээ.

Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуй засаглалын үлгэр жишээ болсон газар буюу бурхангүй үзлийн бат бэх цайз, Хятад юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгөн хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Тэгсэн ч гэсэн Бурхан хийхээр зорьсон ажлаа хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойг хүргэхээр айлдаж, сайн мэдээ түгээж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин ч илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн авсан, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит хамгийн дээд хэмжээнд авардаг. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлд саад болж чадахгүй гэж бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, тэр ч байтугай бүх салбарын хүмүүсийг, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд бөгөөд хүн төрөлхтний дунд шүтэгдэх цорын ганц объект болгож, бүх хүн төрөлхтөнд Бурханы ерөөл дор яг л Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч байсан шиг, Бурханы анх бүтээсэн Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт амьдарч байсан шиг амьдрах боломж олгохыг шавдуулж байна.

Бурханы ажил яг л сүрлэг давлагаа мэт нөмрөн ирдэг. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил

Өмнөх: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Дараах: 2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс билээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх