2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс билээ

Холбогдох Бурханы үг:

Еховагийн ажлын дараа, Өөрийн ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Есүс махбод болсон. Түүний ажил тусдаа хэрэгжээгүй, харин Еховагийн ажилд тулгуурласан юм. Энэ нь, Хуулийн эрин үеийг төгсгөснийхөө дараа Бурханы хийсэн шинэ эрин үеийн ажил байв. Үүнтэй адилаар, Есүсийн ажил дууссаны дараа Бурхан дараагийн эрин үеийн ажлаа үргэлжлүүлсэн, учир нь Бурханы бүхий л удирдлага үргэлж урагшилж байгаа. Хуучин эрин үе өнгөрөх үедээ шинэ эрин үеэр солигдох ба хуучин ажил дуусмагц Бурханы удирдлагыг үргэлжлүүлэх шинэ ажил байх болно. Энэ удаад бие махбодтой болсон нь Есүсийн ажил дууссаны дараа Бурхан хоёр дахь удаа бие махбод болсон хэрэг юм. Мэдээж, энэ удаа бие махбодтой болсон нь бие даан тусдаа тохиолддоггүй; харин энэ нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үеийн дараах, ажлын гурав дахь үе шат юм. Бурхан ажлын шинэ үе шатыг эхлэх бүрд үргэлж шинэ эхлэл байх ёстой, мөн ердөө шинэ эрин үеийг авчрах ёстой. Түүнчлэн Бурханы зан чанар, Түүний ажиллах арга зам, ажлын байршил болон Түүний нэрэнд ч гэсэн харгалзах өөрчлөлтүүд гардаг. Тиймээс хүний хувьд, шинэ эрин үе дэх Бурханы ажлыг хүлээн авахад хэцүү байдагт гайхах зүйлгүй. Гэхдээ Өөрийг нь хүн хэрхэн эсэргүүцэхээс үл хамааран Бурхан үргэлж Өөрийн ажлыг хийж, бүх хүн төрөлхтнийг урагш хөтөлж байгаа. Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Нигүүлслийн эрин үеийг авчирч, Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэгэнтээ махбод болж, энэ удаа бие махбодтой болохдоо Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг хүлээн авч чаддаг бүх хүн Хаанчлалын эрин үе рүү хүргэгдэж, Бурханы удирдамжийг биечлэн хүлээн авч чадна. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж, их ажил хийсэн ч зөвхөн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил л болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аваръя гэвэл, Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэх хэрэгтэй төдийгүй, Бурхан ч бас улам их ажил хийж, хүнийг Сатаны-завхруулсан зан чанараас нь бүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор дуулгавартай дагадаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зохистой замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шатны ажил нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилж чадах зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Намайг нэг үе Ехова гэж нэрлэдэг байсан, бас нэгэн цагт хүмүүс Намайг Мессиа гэдэг байсан ба хүмүүс нэгэнтээ Намайг хайр, хүндлэлтэйгээр Аврагч Есүс гэж дууддаг байсан. Өнөөдөр Би урьд нь хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс байхаа больсон. Харин ч Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийг төгсгөл болгох Бурхан билээ; Би бол газар дэлхийн зах хязгаараас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч уулзаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг ямагт мэддэггүй байсаар ирсэн. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхаж байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл үгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл үгүй. Эцэстээ үй олон улс орон Миний үгээс болж ерөөгдөнө, бас Миний үгээс болж бут ниргүүлнэ. Ийм маягаар Тэр бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг эцсийн өдрүүдэд бүх хүн харна. Мөн нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд бүх зүйлийг шатаах нарны дөл, түүнчлэн бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болсныг минь бүгд харна. Энэ бол эцсийн өдрүүд дэх Миний ажил юм. Би энэ нэрийг авсан, ийм зан чанартай, ингэснээр Би бол зөвт Бурхан, төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүн харж, ингэснээр цор ганц жинхэнэ Бурхан Намайг бүх хүн шүтэн мөргөж, ингэснээр тэд Миний жинхэнэ царайг харна: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, зөвхөн Золин аврагч ч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан гэдгийг харна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

Бурхан айлдваруудаа үргэлжлүүлэн, янз бүрийн арга барил, олон өнцөг ашиглан, юу хийх ёстойг маань бидэнд сануулахын зэрэгцээ Өөрийнхөө зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлдэг. Түүний үг амийн хүчтэй, алхах ёстой замыг маань бидэнд өгч, үнэн гэж яг юу болохыг бидэнд ухамсарлуулдаг. Бид Түүний үгэнд татагдаж, Түүний ярианы өнгө, хэв маягт анхаарал хандуулж, энэ ялихгүй хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг дотоод ухамсартаа анхаарч эхэлдэг. Тэр бидний төлөө эцэж цуцталаа ажиллаж, бидний төлөө нойр хоолоо умартаж, бидний төлөө мэгшин уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвдсөндөө ёолдог; Тэрээр бидний хүрэх газар, авралын төлөө доромжлолыг тэвчдэг; бидний хөшүүн, тэрслүү байдал Түүний зүрх сэтгэлээс нулимс, цус урсгадаг. Өөр ямар ч эгэл хүнд ийм оршихуй, ийм эзэмшил байхгүй, ямар ч завхарсан хүн үүнийг эзэмшиж, үүнд хүрч чадахгүй. Ямар ч эгэл хүнд байхгүй хүлээцтэй байдал, тэвчээр Түүнд байдаг бөгөөд Түүний хайр бол ямар ч бүтээгдсэн зүйлд байдаггүй зүйл юм. Түүнээс өөр хэн ч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, уг чанар болон мөн чанарыг маань нэвт шувт мэдэж чадахгүй, хүн төрөлхтний тэрслүү байдал, завхралыг шүүж, тэнгэр дэх Бурханы өмнөөс ингэж бидэнд үг хэлж, бидэн дээр ажиллаж чадахгүй. Түүнээс өөр хэнд ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, эрхэм чанар байдаггүй; Бурханы зан чанар болон Бурханы эзэмшил, оршихуй бүхэлдээ Түүнээс харагддаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, бидэнд гэрэл авчирч чадахгүй. Бүтээлээс хойш өнөөдрийг хүртэл Бурханы ил болгоогүй нууцуудыг Түүнээс өөр хэн ч задалж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны хүлээс болон завхарсан зан чанараас маань аварч чадахгүй. Тэрээр Бурханыг төлөөлдөг; Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой, Бурханы захиас, бүх хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгийг Тэрээр илэрхийлдэг. Тэрээр шинэ эрин үе, шинэ эринийг нээж, шинэ тэнгэр, газар, шинэ ажлыг залан авчирсан, Тэр бидэнд итгэл найдвар авчирч, тодорхойгүй байдалд амьдарч байсан амьдралыг маань эцэслэж, бүхий л оршихуйд маань авралд хүрэх замыг бүрэн харуулсан. Тэрээр бидний бүхий л оршихуйг байлдан дагуулж, зүрх сэтгэлийг маань олж авсан билээ. Тэр мөчөөс хойш бидний зүрх сэтгэл мэдрэмжтэй болж, сүнс маань сэргэх мэт болсон: Бидний дунд амьдардаг, маш удаан хугацаанд бидэнд гологдсон энэ эгэл жирийн, шалихгүй хүн өдөр шөнөгүй үргэлж бидний бодолд байдаг, өдөр, шөнөгүй бидний хүсэн хүлээдэг Эзэн Есүс биш гэж үү? Тэр мөн! Үнэхээр мөн! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 4: Бурханы шүүлт, гэсгээлтээс илрэлтийг нь харахуй

Өнөөдрийн ажил Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажилд ахиц гарлаа. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед үндэслэн хийгддэг гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Яагаад гэвэл, өнөөдрийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба гинжин холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат Есүсийн хийсэн ажилд тулгуурлан хийгдээгүй гэж үзвэл энэ үе шатанд өөр цовдлол явагдах хэрэгтэй болох байсан бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утгагүй байх байлаа. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн юм. Ажлын энэхүү үе шат Хуулийн эрин үеийн суурин дээр, Есүсийн ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Бурханы ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно. Энэ үе шатны ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурин дээр хийгддэг. Хэрвээ ажлын энэ хоёр үе шат хоорондоо хамааралгүй байсан бол яагаад энэ үе шатанд цовдлол давтагддаггүй вэ? Яагаад Би хүний нүглийг үүрэхийн оронд хүнийг шууд шүүж, гэсгээдэг вэ? Хэрвээ хүнийг шүүж, гэсгээх Миний ажил цовдлолын дараа болоогүй, одоо ирж байгаа минь Ариун Сүнснээс олдож төрөөгүй бол Би хүнийг шүүж, гэсгээх эрхгүй байх байлаа. Би Есүстэй нэг учраас л хүнийг шууд гэсгээж, шүүж эхэлдэг. Энэ үе шатан дахь ажил бүхэлдээ өмнөх үе шатны ажил дээр суурилсан. Тийм учраас, ийм ажил л хүнийг алхам алхмаар авралд хүргэж чадна. Есүс Бид хоёр нэг Сүнснээс ирсэн. Бидний махбод ямар ч хамаагүй хэдий ч Бидний Сүнс нэг юм; Бидний хийдэг зүйлийн агуулга болон Бидний хариуцдаг ажил адилхан биш хэдий ч мөн чанартаа Бид адилхан; Бидний махбод өөр өөр дүр төрхтэй болсон нь эрин үеийн өөрчлөлт болон ажлын маань өөр өөр шаардлагаас үүдэлтэй; Бидний үйлчлэл адилгүй, иймээс Бидний авчирдаг ажил болон хүнд илчилдэг Бидний зан чанар бас өөр. Тийм учраас өнөөдөр хүний харж, ойлгодог зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй байдаг нь эрин үеийн өөрчлөлтөөс үүддэг. Хэдийгээр Тэдний махбодын хүйс, дүр төрх өөр, мөн Тэд нэгэн цаг үед байтугай, нэг гэр бүлд төрөөгүй боловч Тэдний Сүнс нэг билээ. Тэдний махбод ямарваа төрлийн мах цусны барилдлагагүй ч Тэд бол хоёр өөр цаг хугацаанд бие махбодтой болсон Бурхан гэдгийг үгүйсгэж болохгүй. Тэд бол Бурханы махбод болсон бие гэдэг нь няцаашгүй үнэн. Гэхдээ, Тэд нэг удам сударгүй, эсвэл нэг хэлээр ярьдаггүй (нэг нь иудейчүүдийн хэлээр ярьдаг эрэгтэй хүн байсан, нөгөө нь Хятад хэлээр л ярьдаг эмэгтэй хүн). Эдгээр шалтгааны улмаас Өөрсдийн хийх учиртай ажлыг хийхийн тулд Тэд өөр өөр улс оронд, бас өөр өөр цаг үед амьдарсан. Тэд адилхан мөн чанартай Сүнс хэдий ч Тэдний махбодын гадаад бүрхүүлийн хооронд туйлын адил төстэй зүйл огтхон ч байхгүй. Тэд адилхан хүн чанартай ч Тэдний махбодын гадаад төрх болон төрөлтийн нөхцөл байдал адилгүй. Эдгээр зүйл Тэдний тус тусын ажил юм уу Тэдний талаарх хүний мэдлэгт ямар ч нөлөөгүй, учир нь эцсийн дүндээ Тэд бол адилхан Сүнс бөгөөд хэн ч Тэднийг салгаж чадахгүй. Хэдий Тэд цусан холбоогүй боловч Тэдний бүхий л оршихуйг Өөрсдийнх нь Сүнс захирдаг, энэ нь Тэдэнд өөр өөр цаг үед, өөр өөр ажил оноодог ба Тэдний махбод өөр өөр удам судартай. Еховагийн Сүнс нь Есүсийн Сүнсний эцэг биш, мөн Есүсийн Сүнс нь Еховагийн Сүнсний хүү биш: Тэд бол нэг Сүнс юм. Үүний адилаар өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан, Есүс хоёр цусан хамааралгүй ч Тэд бол нэг; яагаад гэвэл, Тэдний Сүнс нэг юм. Бурхан өршөөл, хайр энэрлийн ажлыг, түүнчлэн хүнийг зөв шударгаар шүүж, гэсгээх ажлыг, мөн хүнд хараал учруулах ажлыг хийж чадна; эцэст нь Тэрээр дэлхийг устгаж, ёрын муу хүмүүсийг шийтгэх ажлыг хийж чадна. Тэр Өөрөө энэ бүхнийг хийдэггүй гэж үү? Энэ нь Бурханы бүхнийг чадагч байдал биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг

Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхний махбодын ажилтай тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг бөгөөд эхнийхийн ажлын юуг ч энэ удаа харж чадахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхний удаагийнхаас ялгаатай ч Тэдний эх сурвалж ав адилхан биш гэдгийг энэ нь нотолдоггүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махбодоор хийгддэг ажлын шинж чанараас хамаардаг. Өөрийнхөө ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эрин үеийг нээж, шинэ ажлыг эхлүүлдэг; ингэж бие махбодтой болсон нь нэг нэгнээ харилцан нөхдөг. Энэ хоёр махбод үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр танин мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний юм уу хүний оюун ухааны чадвараас хэтийдсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд адилхан, учир нь Тэдний ажил нэгэн Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие адилхан эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе, төрсөн газраар юм уу, эсвэл тиймэрхүү бусад хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийсэн ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил тогтсон заншлыг мөрддөггүй, харин тухай бүрдээ шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүсийн оюун санаан дахь эхний махбодын талаарх сэтгэгдлийг гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахаар зорьдог. Бурханы ажлын аль ч тусгаар үе шат нь хүнд Бурханы талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; үе шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч хүний ухамсарлах чадвар хязгаарлагдмал учраас Бурханы талаарх мэдлэг нь хагас хугас хэвээр үлддэг. Хүний хэлийг ашиглаад Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлэх боломжгүй; түүнчлэн, Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж яахан чадах билээ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махбодоор ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж болно. Олон янзын ажлаар нь дамжуулан Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махбодод ирсэн бөгөөд Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм маягаар л хүн махбод дахь Бурханы ажлын талаар ганц талд хязгаарлагдаагүй, бүрэн дүүрэн мэдлэгтэй болж чадна. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай байдаг ч махбодын мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямартай ч Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанар болон нэгэн адил гарал үүсэлтэй байдаг—энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы оршдог махбодын мөн чанар

Өмнөх: 1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг цор ганц жинхэнэ Бурхан юм

Дараах: 3. Төгс Хүчит Бурханд итгэснээр л аврал ирдэг.

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх