Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан
Бурханы удирдлагын зургаан мянган жилийн төлөвлөгөө дуусаж байгаа бөгөөд Түүний илрэлтийг эрж хайдаг бүхэнд хаанчлалын үүд хаалга аль хэдийн нээгдээд байна. Хүндэт ах эгч нар аа, та бүхэн юу хүлээгээ вэ? Юу эрж хайгаа вэ? Бурханыг илрэхийг хүлээж байгаа юм уу? Түүний мөрийг хайж байна уу? Бурханы илрэлтийг хэчнээн их хүсэн хүлээдэг билээ! Бурханы мөрийг олох хэчнээн хэцүү билээ! Ийм эрин үед, ийм дэлхий ертөнцөд Бурханы илрэх өдрийг нүдээр үзэхийн тулд бид яах ёстой вэ? Бурханы мөртэй хөл нийлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Ийм төрлийн асуултууд Бурханыг илрэхийг хүлээж байгаа бүх хүнд тулгардаг. Та бүхэн эдгээрийг нэг бус удаа бодож үзсэн, гэхдээ үр дүн нь юу байв? Бурхан хаана илэрдэг юм бэ? Бурханы мөр хаа байгаа юм бэ? Хариултыг нь та нар олсон уу? “Бурхан Өөрийг нь дагадаг бүх хүний дунд гарч ирдэг, Түүний мөр бидний дунд байдаг; Ийм л энгийн!” гэж олон хүн хариулна; Улиг болсон хариултыг хэн ч өгч чадна, гэхдээ Бурханы илрэлт болон Түүний мөр гэдэг нь юу гэсэн утгатайг та нар ойлгодог уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэр газар дэлхий дээр ажлаа хийхээр Өөрөө биечлэн ирэхийг хэлдэг. Тэрээр эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил явуулахын тулд Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, мөн Өөрийн төрөлх арга замаар хүн төрөлхтний дунд буудаг. Энэ төрлийн илрэлт нь нэг төрлийн ёслол биш юм. Энэ бол тэмдэг, дүр зураг, гайхамшиг, ямарваа агуу үзэгдэл биш, нэг төрлийн шашны зан үйл ч биш. Энэ бол хэний ч харж, хүрч болох жинхэнэ, бодит баримт билээ. Энэ төрлийн илрэлт нь ёс төдий зүйл хийхийн төлөө, эсвэл богино хугацааны даалгаврын төлөө байдаггүй; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын нэг үе шатны төлөө байдаг. Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байдаг. Энд буй илрэлт гээч нь Бурхан хүнийг залж, чиглүүлж, гэгээрүүлдэг төрлийн “илрэлт”-ээс тэс өөр юм. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын нэг алхмыг хийдэг. Энэ ажил нь өөр ямар ч эрин үеийн ажлаас өөр билээ. Энэ нь хүний ухаан санаанд багтамгүй ба хүн үүнийг хэзээ ч туулж байгаагүй. Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөдөг ажил бөгөөд хүн төрөлхтнийг аврахын төлөө шинэчилж, сайжруулсан ажлын нэг хэлбэр юм; түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү аваачдаг ажил билээ. Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.
Та нар Бурханы илрэлт гэж юу болохыг ойлгомогцоо Бурханы мөрийг хэрхэн эрж хайх ёстой вэ? Энэ асуултыг тайлбарлахад хэцүү биш: Бурханы илрэлт хаа байна, мөрийг нь тэндээс олох болно. Ийм тайлбар ядах юмгүй сонсогдож болох ч хэрэгжүүлэхэд төдий л амаргүй байдаг, учир нь Бурханыг хаана гарч ирдгийг олон хүн мэддэггүй, Тэр хаана илрэхийг хүсэж байгааг, эсвэл хаана илрэх ёстойг бүр ч мэддэггүй. Ариун Сүнс хаа ажиллаж байна, тэнд Бурхан илэрдэг гэж зарим нь ойворгоноор итгэдэг. Эсвэл сүнслэг хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж итгэдэг. Эсвэл алдар нэртэй хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж итгэдэг. Ийм итгэл нь зөв, буруу эсэхийг түр хойш тавья. Ийм асуултыг тайлбарлахын тулд бидний зорилго эхлээд тодорхой байх ёстой: Бид Бурханы мөрийг хайж байгаа. Сүнслэг хүмүүсийг эрж хайгаагүй, алдар нэртэй хүмүүсийг бүр ч эрэлхийлээгүй байна; Бурханы мөрийг бид эрэлхийлж байна. Ийм учраас, бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэж боддоггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн авч, дуулгавартай дагах ёстой.
Чи америк, британи, өөр аль ч үндэстэн бай хамаагүй, өөрийнхөө үндэс угсааны баригдмал байдлаас гарч, өөрийгөө даван, бүтээгдсэн зүйлийн байр сууринаас Бурханы ажлыг харах хэрэгтэй. Ингэснээр чи Бурханы мөрөнд хязгаарлалт тогтоохгүй. Учир нь одоо цагт олон хүн Бурханыг тодорхой нэг улс үндэстэнд, тодорхой нэг ард түмний дунд гарч ирэх боломжгүй гэж үздэг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн гүн гүнзгий, Бурханы илрэлт хэчнээн чухал билээ! Хүний үзэл, бодол тэдгээрийг яаж хэмжиж чадах билээ? Иймээс чи Бурханы илрэлтийг эрж хайхын тулд үндэс угсааныхаа үзлийг эвдэх ёстой гэж Би хэлдэг. Ингэснээр л чи өөрийн үзлээр хязгаарлагдахгүй; ингэснээр л чи Бурханы илрэлтийг угтан авахад тэнцэнэ. Эс бөгөөс мөнхийн харанхуйд үлдэж, Бурханы сайшаалыг хэзээ ч олж авахгүй.
Бурхан бол бүхий л хүн төрөлхтний Бурхан юм. Тэрээр Өөрийгөө ямар ч улс үндэстэн, ард түмний хувийн өмч гэж үздэггүй, харин ямар нэг хэлбэр, улс үндэстэн, ард түмэнд хязгаарлагдалгүйгээр, Өөрийн төлөвлөснөөр ажлаа явуулдаг. Чи магад энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлөөгүй байх, эсвэл энэ хэлбэрт үгүйсгэх хандлагаар ханддаг байх, эсвэл Бурханы Өөрийгөө илчилдэг улс үндэстэн, ард түмэн нь хүн болгонд ялгаварлан гадуурхагддаг, газар дэлхий дээр хамгийн хоцрогдмол байж таардаг байх. Гэвч Бурханд Өөрийн мэргэн ухаан гэж бий. Тэрээр Өөрийн агуу их хүч чадал болон үнэн, зан чанараараа дамжуулан Өөртэй нь нэг санаатай, Өөрийнхөө бүрэн төгс болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг үнэнхүү олж авсан—бүх төрлийн шалгалт, гай гамшиг болон бүх төрлийн хавчлагыг туулж, Түүгээр байлдан дагуулагдсан бүлэг Түүнийг эцсээ хүртэл дагаж чаддаг. Ямар нэг хэлбэр, улс үндэстэнд хязгаарлагддаггүй Бурханы илрэлтийн зорилго нь ажлыг төлөвлөснөөрөө гүйцэлдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Бурхан Иудейд махбод болох үедээ бүхий л хүн төрөлхтнийг золин аврах цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ нь яг адилхан. Гэвч Бурхан ийм зүйл хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн бөгөөд Бурхан махбод болж, Эзэн Есүсийн дүрээр гарч ирэх боломжгүй гэж бодсон юм. Тэдний “боломжгүй” гэдэг нь Бурханыг яллаж, эсэргүүцэх үндэслэл нь болж, эцэстээ Израилыг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн үүнтэй төстэй алдаа гаргажээ. Тэд Бурханы илрэлт айсуй гэж бүх чадлаараа тунхагладаг атлаа бас хажуугаар нь Түүний илрэлтийг ялладаг; “боломжгүй” гэх итгэлээрээ тэд Бурханы илрэлтийг дахин нэг удаа баригдмал төсөөлөл дотроо хязгаарладаг. Иймээс Бурханы үгтэй тулгарсныхаа дараа тачигнатал инээд алдах олон хүнийг Би харж байсан. Гэтэл энэ инээд иудейчүүдийн яллалт, доромжлолоос ер нь ялгаатай гэж үү? Та нар үнэний дэргэд хүндлэлгүй загнадаг, хүсэл тэмүүлэлтэй хандлага та нараас бүр ч гардаггүй. Та нар зүгээр л хайнга судалчхаад, санаа амар жаргалтай хүлээж суудаг. Ингэж шинжиж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадна гэж бодоо юу? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд яаж тэнцэх юм бэ? Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэж, Бурханы дуу хоолой тэнд байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах бөгөөд ийм хүмүүс л Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд тэнцдэг. Үзлээ хая! Тайван байж, эдгээр үгийг анхааралтай унш. Үнэнийг хүсэн хүлээдэг бол чамайг Бурхан гэгээрүүлэх бөгөөд Түүний хүсэл, Түүний үгийг чи ойлгох болно. “Боломжгүй” гэсэн бодлоо хая! Хүмүүс аливааг боломжгүй гэж итгэх тусам энэ нь болох магадлал өндөртэй байдаг, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэрүүдээс ч дээгүүр, Бурханы бодол хүний бодлоос дээгүүр бөгөөд Бурханы ажил хүний бодол, үзлийн хил хязгаарыг давдаг. Ямарваа зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайж болох төдий чинээ их үнэн үүнд байдаг; ямарваа зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс гадна оршино, Бурханы хүсэл тэнд бүр ч их агуулагдаж байдаг. Учир нь, Өөрийгөө хаана ч илчиллээ гэсэн Бурхан бол Бурхан хэвээр байдаг бөгөөд илрэлтийнх нь байршил, хэв маягаас үүдэн Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Мөр нь хаана байгаагаас үл хамааран Бурханы зан чанар нэг янзаараа байдаг, мөр нь хаа ч байлаа гэсэн Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан. Яг л Эзэн Есүс бол зөвхөн израилчуудын Бурхан бус, Ази, Европ, Америкийн бүх хүний Бурхан төдийгүй, бүхий л орчлон дахь цорын ганц Бурхан гэдэгтэй энэ нь адил билээ. Иймд Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний мөртэй хөл нийлүүлцгээе! Бурхан бол үнэн, зам, амь билээ. Түүний үг, илрэлт зэрэгцэн оршдог бөгөөд Түүний зан чанар болон мөр хүн төрөлхтөнд цаг үргэлж нээлттэй байдаг. Хүндэт ах эгч нар аа, та нар эдгээр үгээс Бурханы илрэлтийг харж, шинэ эрин үе рүү алхахдаа Түүний мөрийг дагаж эхлэн, илрэлтийг нь хүлээдэг хүмүүст зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан шинэ тэнгэр, газарт орж чадна гэж Би найдаж байна!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил