13.3. Хүнд өгөх Бурханы анхааруулга

644. Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг хүлээн авдаггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүний эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирсэн. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд орохын төлөө байдаг бөгөөд Түүний ажил бол шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, бүр хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлнэ. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, голбол үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагавар юу байхыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргасан биш, харин асар том нүгэл үйлдсэн байх болно. Иймээс, үнэн л чамд амь авчирч, өөр юу ч биш зөвхөн үнэн л чамд дахин төрж, Бурханы царайг харах боломж олгох учраас Би бүх хүнд үнэний өөдөөс архирч, болгоомжгүй шүүмжлэл хэлэхгүй байхыг зөвлөж байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

645. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, сүйтгэдэг хүмүүс эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр бослого гаргадаг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. Би бүх үндэстэн, улс орон, тэр ч байтугай бүх салбарын хүмүүсийг, Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлыг харж, хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулж, Бурханыг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд бөгөөд хүн төрөлхтний дунд шүтэгдэх цорын ганц объект болгож, бүх хүн төрөлхтөнд Бурханы ерөөл дор яг л Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч байсан шиг, Бурханы анх бүтээсэн Адам, Ева хоёр Еден цэцэрлэгт амьдарч байсан шиг амьдрах боломж олгохыг уриалж байна.

Бурханы ажил яг л сүрлэг давлагаа мэт нөмрөн ирдэг. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

646. Өөрийг нь гарч ирэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийг Бурхан эрж хайдаг. Өөрийнх нь үгийг сонсож чаддаг, Түүний даалгаврыг мартаагүй, зүрх сэтгэл, бие махбодоо Түүнд өргөн барьдаг хүмүүсийг Тэр эрж хайдаг. Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай байдаг, Өөрийг нь эсэргүүцдэггүй хүмүүсийг Тэр эрж хайдаг. Хэрвээ чи аливаа хүчнээс ангид байж Бурханд өөрийгөө зориулдаг бол Бурхан чамд энэрэнгүй хандаж, ерөөлөө хайрлана. Чи өндөр байр суурьтай, нэр хүндтэй, арвин мэдлэгтэй, элбэг их эд хөрөнгийн эзэн, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл нь Бурханы дуудлага болон даалгаврыг хүлээн авч, Бурханы чамаас хүссэн зүйлийг хийхээр Бурханы өмнө очиход чинь саад болохгүй байвал чиний хийж байгаа бүхэн дэлхий дээрх хамгийн чухал ач холбогдолтой, мөн хүн төрөлхтний хамгийн зөвт үйл хэрэг байх болно. Хэрвээ чи өөрийн байр суурь, зорилгын төлөө Бурханы дуудлагаас татгалзвал хийсэн бүхэн чинь хараагдаж, бүр Бурханд жигшигдэнэ. Магадгүй чи ерөнхийлөгч, эрдэмтэн, пастор, эсвэл ахлагч байж болно, гэхдээ үйл хэрэгтээ зөвхөн өөрийн мэдлэг, чадварт найдвал чиний албан тушаал хэр өндөр байхаас үл хамааран үргэлж бүтэлгүйтэж, үргэлж Бурханы ерөөлөөр дутагдана, учир нь Бурхан чиний хийдэг юуг ч хүлээн зөвшөөрдөггүй, мөн чиний үйл хэргийг зөв шударга гэж зөвшөөрч, эсвэл чамайг хүн төрөлхтний тусын тулд ажиллаж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Чи Бурханы хамгаалалтаас хүнийг холдуулахын тулд хүн төрөлхтний мэдлэг, хүч чадлыг ашиглахаас өөрийг хийдэггүй, мөн Бурханы ерөөлийг үгүйсгэхийн тулд үүнийг хийдэг гэж Тэр хэлнэ. Хүн төрөлхтнийг харанхуй руу, үхэл рүү, мөн Бурханыг болон Түүний ерөөлийг алдсан хязгааргүй оршин тогтнолын эхлэл рүү хөтөлж байна гэж Тэр чамайг хэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

647. Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь-үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Энэ итгэл нь учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

648. Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, бодлогогүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад хүндлэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол ухаангүй, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бардамналд идэгдсэн байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгээс ганц нь л чиний бодол санаа болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас зөвлөе. Бурханыг өчүүхэн төдий хүндэтгэх зүрх сэтгэлтэй бол чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч Христ байна” гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илэрдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, залилуулахаас айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар том эмгэнэл болох бус уу? Ихээхэн судалж шинжилснийхээ дараа ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал эцэстээ шийтгүүлж, ямар ч ерөөлгүй хоцорно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханаар авруулахад тохирохгүй бус уу? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн очихуйц ерөөгдсөн хүн биш гэж үү? Бодоод үз! Бодлогогүй, хуумгай бүү бай, Бурханд итгэх итгэлд тоглоом мэт бүү ханд. Хүрэх газрынхаа төлөө, хэтийн ирээдүйнхээ төлөө, амийнхаа төлөө бод, мөн өөрөөрөө бүү тогло. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадах уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

649. Эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий даяарх хүмүүсийг сургахын тулд үнэнийг ашиглаж, бүх үнэнийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханы тухайд олон хүн таагүй сэтгэгдэлтэй байдаг, учир нь Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд махбод болно гэдэгт итгэхэд хүнд хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил үргэлж хүний таамаглалаас хол давдаг ба хүний оюун ухаанаар үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол газар дээрх өт хорхой төдий байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол өт хорхой үрждэг бохир устай нүх адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн нь хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхэнд өөрсдийгөө алтнаас үнэтэй мэт бүү сана гэж захих байна. Бусад нь Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байхад чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Бусад нь үнэний өмнө толгой бөхийж чадаж байхад чи ч бас яагаад чадахгүй гэж? Бурханы ажилд зогсоохын аргагүй хөдөлгөх хүч байдаг. Чамайг “хувь нэмэр” оруулсан төдийд л Тэр шүүлтийн ажлыг дахин давтахгүй бөгөөд ийм сайхан боломжийг алдсандаа чи харуусалд автана. Хэрвээ чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэр дэх тэр агуу цагаан сэнтий чамд шүүлт оноохыг хүлээ! Бүх израилчууд Есүсийг басамжлан үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг Есүс золин аварсан баримт орчлон ертөнц даяар, дэлхийн өнцөг булан бүрд түгсэн гэдгийг чи мэдэх ёстой. Бурханы аль эрт бүтээсэн бодит байдал энэ биш гэж үү? Есүс чамайг тэнгэрт аваачна гэж чи хүлээсээр л байгаа бол Би чамайг зөрүүд үжирсэн мода юм гэж хэлнэ. Үнэнд үнэнч биш, зөвхөн ерөөл эрж хайдаг чам шиг хуурамч итгэгчийг Есүс хүлээн зөвшөөрөхгүй. Эсрэгээрээ, Тэр чамайг хэдэн арван мянган жилийн турш галт нуурт шатаахаар хаяхдаа огтхон ч өршөөл үзүүлэхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

650. Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, энэ хүн төрөлхтнийг бүтээсэн, түүнчлэн эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн зохион бүтээгч нь Тэр байсан. Бурхан л энэ хүн төрөлхтнийг тайтгаруулж, Бурхан л энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй санаа тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй, хүний түүх болон ирээдүй Бурханы зохиомжоос салшгүй билээ. Хэрвээ чи жинхэнэ Христэд итгэгч бол аливаа улс, үндэстний мандаж, доройтох нь Бурханы зохиомжийн дагуу явагддаг гэдэгт лавтай итгэнэ. Бурхан л ганцаараа аливаа улс, үндэстний хувь заяаг мэддэг ба Бурхан ганцаараа энэ хүн төрөлхтний амьдралын замналыг хянадаг. Хэрвээ хүн төрөлхтөн сайн хувь заяатай байхыг хүсвэл, хэрвээ улс орон сайн хувь заяа хүсэж байвал хүн Бурханыг шүтэн мөргөж, Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайх ёстой, эс бөгөөс хүний хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 2: Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

651. Та нар хувь заяаныхаа төлөө Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхөөр зорих ёстой. Өөрөөр хэлбэл, та нар өөрсдийгөө Бурханы гэрийн гишүүн гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул Бурханд сэтгэл санааны тайвшрал авчирч, бүх зүйл дээр Түүнийг хангалуун байлгах учиртай. Өөрөөр хэлбэл, чи үйлдэлдээ зарчимтай байж, үнэнд нийцэх ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханаар жигшигдэн, гологдож, хүн бүрд үл тоогдоно. Ийм таагүй байдалд ормогцоо чи Бурханы гэрийнхэн дунд тоологдож чадахгүй бөгөөд Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхгүй байх гэдгийн утга учир яг энэ юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

652. Миний шаардлагууд энгийн байж болох ч та нарт хэлж байгаа зүйл минь нэг дээр нэгийг нэмээд хоёр гэдэг шиг тийм ч энгийн биш. Хэрвээ та нар энэ тухай хамаагүй ярьж, хий дэмий ихэрхүү үг чалчихаас өөрийг хийдэггүй бол хүсэл, төлөвлөгөө чинь үүрд хий хоосон байх болно. Олон жилийн турш зовж, шаргуу ажилласан мөртөө харуулах юм юу ч үгүй та нарыг Би огт өрөвдөхгүй. Эсрэгээрээ, Миний шаардлагад нийцээгүй хүмүүсийг Би өрөвдөх нь байтугай шагнал биш, шийтгэлээ хүртээнэ. Та нар олон жилийн турш дагалдагч байснаараа ямартай ч шаргуу ажилласан бөгөөд зүгээр л үйлчлэл үзүүлэгч байсныхаа төлөө Бурханы гэрээс аяга будаа хүртэж ёстой гэж төсөөлж байж магадгүй. Та нар ямар нэг зүйлийг ашиглаад, хариуд нь өөрсдийгөө ашиглуулахгүй байх зарчмыг үргэлж эрэлхийлж ирсэн учраас дийлэнх чинь ингэж боддог гэж Би хэлнэ. Тиймээс Би одоо та нарт тун нухацтайгаар хэлж байна: Шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадвар чансаа чинь хэр сүрхийг, Намайг хэр ойр дагадаг, хэр их нэр цуутайг чинь, эсвэл хандлагаа хэр их сайжруулсныг чинь Би хайхардаггүй; Миний шаардлагад нийцээгүй л бол чи Миний магтаалыг хэзээ ч хүртэж чадахгүй. Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн орхиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл; эс бөгөөс, Би ажлаа дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, хамгийн муудаа л олон жилийн ажил, зовлон шаналлаа талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснууд болон муу муухай ханхлуулсан, Сатаны төрхтэй хүмүүсийг хаанчлалдаа юм уу дараагийн эрин үед аваачиж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

653. Одоо үе бол Миний Сүнс агуу зүйлс хийж буй цаг бөгөөд Би Харь үндэстнүүдийн дунд Өөрийн ажлыг эхэлж буй цаг билээ. Түүгээр ч зогсохгүй, одоо бол Миний бүх бүтээгдсэн зүйлийг ангилж, нэг бүрийг нь тус тусын ангилалд нь хуваарилах цаг юм, ингэснээр Миний ажил илүү түргэн, илүү үр дүнтэй явагдах болно. Иймээс бүхий л оршихуйгаа Миний бүх ажилд өргөн барьж, цаашлаад чамд хийсэн Миний бүх ажлыг тодорхой ялган таньж, итгэлтэй болж, Миний ажлыг илүү сайн үр дүнд хүргэхийн тулд бүх хүч чадлаа зориулаач гэж л Би та нараас шаарддаг. Энэ бол чиний ойлгох ёстой зүйл юм. Өөр хоорондоо тэмцэлдэж, буцах зам хайж эсвэл махан биеийн тав тух хөөцөлдөхөөс татгалз, эдгээр нь Миний ажлыг хойшлуулах ба гайхалтай ирээдүйг чинь баллах болно. Тэгэх нь чамд хамгаалалт өгөх нь байтугай харин ч сүйрэл авчирна. Тэгвэл тэнэглэж байгаа хэрэг болох бус уу? Өнөөдөр чиний шуналтайгаар эдлэн буй зүйлс чинь ирээдүйг чинь яг баллаж буй юм, харин өнөөдөр чиний амсаж буй зовлон чинь л чамайг яг хамгаалж буй билээ. Мултарч гарахад хэцүү уруу таталтад урхидуулахаас бултаж, төөрөлдөж яваад өтгөн мананд ороод нарыг олж чадахгүй болохоос зайлсхийхийн тулд чи эдгээр зүйлийг тодорхой мэдэж байх ёстой. Өтгөн манан сарнихад чи агуу өдрийн шүүлтэд орсноо мэднэ. Тэр үед Миний өдөр хүн төрөлхтөнд ойртсон байх болно. Чи Миний шүүлтээс яаж зугтах юм бэ? Төөнөх нарны халууныг чи яаж тэсэх юм бэ? Миний хайрласан элбэг хангалуун бүхнийг хүн цээжиндээ нандигнахын оронд хэний ч анзаарахааргүй газарт хаядаг. Миний өдөр хүн дээр буух үед хүн элбэг дэлбэг байдлыг минь олж чадахаа болино, эсвэл аль эрт өөрт нь хэлсэн үнэний гашуун үгийг минь ч олж чадахаа болино. Тэрээр гэрлийн гэгээг алдаж, харанхуйд унасан учраас уйлж, орилно. Өнөөдөр та нар ердөө л Миний аман дахь хурц илдийг харж байна. Та нар Миний гартаа барьж буй таяг, эсвэл хүнийг шатаадаг дөлийг минь хараахан үзээгүй байгаа, тийм учраас л та нар одоо ч гэсэн Миний өмнө хямсгар, цадиггүй загнадаг. Тийм болохоор л та нар одоо ч гэсэн гэрт минь Надтай тэмцэлдэж, Миний амаараа хэлсэн зүйлтэй өөрийн хүний хэлээр маргадаг. Хүн Надаас айдаггүй, өнөөдрийг хүртэл Надтай дайсагнасаар ирсэн хэр нь бас л ямар ч айдасгүй байдаг. Та нар амандаа зөв шударга бусын хэл ба шүдтэй. Та нарын үг болон үйл хэрэг Еваг нүгэлд уруу татсан могойнхтой адилхан. Та нар бие биедээ нүдийг нүдээр, шүдийг шүдээр төлдөг бөгөөд өөртөө байр суурь, нэр алдар, ашиг хонжоо булааж авах гэж Миний дэргэд тэмцэлддэг, гэхдээ Би үг, үйл хэргийг чинь сэмхэн ажиглаж байгааг мэддэггүй. Та нарыг Миний дэргэд ирэхээс ч өмнө Би зүрх сэтгэлийн чинь хамгийн гүнийг чагнан мэдсэн. Хүн Миний атгаас мултарч, Миний нүдний ажиглалтаас бултахыг үргэлж хүсдэг боловч Би түүний үг, үйл хэргээс хэзээ ч далдирч байгаагүй. Харин ч тэдгээр үг, үйл хэргийг зориуд хараандаа тусгадаг, ингэснээр Би хүний зөв шударга бус байдлыг гэсгээж, түүний тэрслүү занг шүүж чадна. Тиймээс хүний далд үг, үйл хэрэг үргэлж Миний шүүх суудлын өмнө байж байдаг ба хүний тэрслүү чанар дэндүү их учраас Би хүнийг шүүхээ хэзээ ч зогсоож байгаагүй. Миний ажил бол Миний Сүнсний дэргэд хүний хэлсэн үг, хийсэн ажлыг бүгдийг шатааж, ариусгах явдал юм. Ийнхүүб, Намайг дэлхийгээс одсон ч хүмүүс Надад үнэнч хэвээр үлдэх ба ариун зарц нарын минь Надад үйлчилдгийн адилаар үйлчилж, газар дээрх Миний ажилд бүрэн төгс болох өдрөө хүртэл үргэлжлэх боломжийг бүрдүүлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн

654. Газар дээр төрөл бүрийн муу ёрын сүнс амрах газар хайн үүрд тэнүүчилж, идэж болох хүний цогцсыг эцэс төгсгөлгүй хайж байна. Миний ардууд аа! Та нар Миний халамж, хамгаалалт дотор үлдэх ёстой. Хэзээ ч бүү садар самуун бай! Хэзээ ч бүү болчимгүй авирла! Харин үнэнч байдлаа Миний гэрт өргөл болго, та нар диаволын арга мэхний эсрэг зөвхөн үнэнч байдлаар л сөрөг дайралт хийж чадна. Та нар ямар ч нөхцөл байдалд, өнгөрсөнтэйгээ адилаар авирлан, Миний өмнө нэгийг хийж, Миний ар хударгаар өөрийг хийх ёсгүй; тэгэх юм бол та нар аль хэдийн аврагдах аргагүй болжээ. Би иймэрхүү үг дэндүү ихийг айлдсан бус уу? Хүний хуучин уг чанар засаршгүй учраас л Би хүмүүст ахин дахин сануулах ёстой болсон. Бүү залх! Миний хэлж байгаа бүхэн та нарын хувь заяаг хамгаалахын төлөө байдаг! Бузар заваан газар л Сатанд яг хэрэгтэй зүйл юм; аврагдах найдваргүй байх тусам, мөн садар самуун байж, хориг хязгаарлалтад захирагдахаас татгалзах тусам бузар сүнснүүд та нарт нэвтрэх аливаа боломжийг төдий чинээ их ашиглана. Та нар энэ цэгт хүрсэн бол үнэнч байдал чинь ямар ч бодит зүйлгүй дэмий яриа болох ба бузар сүнснүүд шийдвэрийг чинь залгиж, дуулгаваргүй байдал юм уу сатанлаг явуулга болгон хувиргаад Миний ажлыг үймүүлэхэд ашиглана. Тэр үеэс Би та нарыг хэдийд ч цохиж болзошгүй. Энэ нөхцөл байдал хэчнээн ноцтой болохыг хэн ч ойлгодоггүй; хүмүүс бүгд сонссон зүйлээ чихнийхээ хажуугаар л өнгөрүүлдэг ба өчүүхэн төдий ч болгоомжтой байдаггүй. Урьд өмнө болсон зүйлсийг Би санадаггүй; Би дахин нэг удаа “мартсанаар” чамд өршөөнгүй хандана гэж чи үнэндээ хүлээсээр байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг

655. Олон хүн үнэнч шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд яллагдахыг илүүд үздэг. Иймээс үнэнч бус хүмүүст өөрөөр ханддагт минь гайхах юмгүй. Мэдээж үнэнч байхад хэчнээн хэцүү байдгийг чинь Би сайн мэднэ. Та нар бүгд маш ухаантай, юмыг өөрсдийн өчүүхэн жаахан хэмжүүрээр хэмжихдээ дадамгай учраас Миний ажлыг хавьгүй илүү амархан болгодог. Та нар дор бүрнээ өөрсдийн нууцыг дотроо хадгалж байдаг тул Би та нарыг галаар “хүмүүжүүлэхийн” тулд нэг нэгээр чинь гай гамшигт оруулна, ингэснээр тэр цагаас хойш та нар Миний үгэнд бүрэн итгэлтэй болж магад юм. Эцэст нь Би “Бурхан бол итгэмжит Бурхан” гэх үгийг амнаас чинь гарган авна, тэгэхэд та нар цээжээ дэлдэн “Хүний зүрх сэтгэл зальтай юм!” хэмээн халаглана. Тэр үед та нарын сэтгэл санааны байдал ямар байх вэ? Та нар одоогийнх шигээ бардам байхгүй гэж Би төсөөлж байна. Тэр ч бүү хэл, одоогийнх шигээ “гүн гүнзгий, ойлгомжгүй” байхгүй. Зарим хүн Бурханы өмнө ёсорхуу, зүй зохистой байж, “хүмүүжилтэй” байхаар хүч чадлаа дайчилдаг ч Сүнсний өмнө хамаг эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүмүүсийг үнэнч хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэй, мөн “хүн хоорондын харилцаанд” чадварлаг бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн гэж хэлнэ. Хэрвээ үг чинь шалтаг болон хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц байдаг бол, хэрвээ чи өөрийнхөө нууцыг буюу өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө дэлгэж, гэрлийн замыг эрж хайх маш дургүй бол чи авралыг амархан хүртэж, харанхуйгаас хялбархан гарч ирж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ… Хүний хувь заяа эцэстээ яах нь түүнд үнэнч шударга, халуун сэтгэл байгаа эсэхээс болон цэвэр ариун сүнс байгаа эсэхээс хамаардаг. Хэрвээ чи маш үнэнч бус, хорлонт сэтгэлтэй, бохир сүнстэй хүн бол хувь заяаны чинь бүртгэлд бичигдсэнээр хүнийг шийтгэдэг газар очиж таарах нь гарцаагүй. Чи өөрийгөө маш үнэнч шударга гэж хэлдэг атлаа үнэний дагуу үйлдэж, үнэн үг хэлж хэзээ ч амждаггүй бол Бурхан чамайг шагнахыг хүлээсээр л байна уу? Бурхан чамайг Өөрийнхөө нүдний цэцгий мэт үзнэ гэж найдсаар л байна уу? Ийм бодол утгагүй бус уу? Чи бүх зүйл дээр Бурханыг мэхэлдэг; тэгвэл чам шиг бохир гартай хүнийг яаж Бурханы гэрт байлгаж болох юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

656. Одоо, та нарын эрэл хайгуул үр нөлөөтэй байсан эсэхийг одоогоор юу эзэмшиж байгаад чинь үндэслэн хэмждэг. Та нарын төгсгөлийг тодорхойлоход үүнийг ашигладаг; өөрөөр хэлбэл, гаргасан золиослол, хийсэн зүйлсээр чинь та нарын төгсгөл илчлэгддэг. Та нарын эрэл хайгуул, итгэл болон хийсэн зүйл төгсгөлийг чинь харуулна. Та нарын дунд аль хэдийн аврагдах аргагүй болсон хүмүүс олон бий, учир нь өнөөдөр бол хүмүүсийн төгсгөлийг илчлэх цаг үе бөгөөд Би ажлаа будилуу байдлаар хийхгүй; аврагдаж ер чадахгүй хүмүүсийг дараагийн эрин үе рүү хөтлөхгүй. Миний ажил дуусах цаг ирнэ. Би огтхон ч аврагдаж чадахгүй тэр өмхий, сүнсгүй цогцоснууд дээр ажиллахгүй; одоо үе бол хүнийг аврах эцсийн өдрүүд бөгөөд Би хэрэггүй ажил хийхгүй. Тэнгэр, газрыг бүү загна—дэлхий ертөнцийн төгсгөл ирж байна. Энэ бол зайлшгүй. Юмс иймдээ тулсан ба хүн болохын хувьд чи тэдгээрийг зогсоох юу ч хийж чадахгүй; чи аливааг хүссэнээрээ өөрчилж чадахгүй. Өчигдөр чи үнэнийг эрэлхийлэхдээ төлөөс төлөөгүй бөгөөд үнэнч бус байсан; өнөөдөр цаг нь ирсэн, чи аврагдахын аргагүй; маргааш чи таягдан хаягдах бөгөөд чиний хувьд аврагдах ямар ч боломжгүй. Хэдийгээр Миний зүрх сэтгэл эелдэг зөөлөн бөгөөд чамайг аврахын тулд Би чадах бүхнээ хийж байгаа ч хэрвээ чи өөрийнхөө өмнөөс чармайж, өөрийгөө огт бодохгүй бол энэ нь Надад ямар хамаатай юм бэ? Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс; итгэдэг юм шиг мөртөө үнэндээ итгэдэггүй хүмүүс; хар дом болон хар шидэнд оролцдог хүмүүс; садар самуун, навсгар, ноорхой хүмүүс; Еховагийн тахилыг болон эд хөрөнгийг хулгайлдаг хүмүүс; хээл хахуульд дуртай хүмүүс; тэнгэр өөд гарах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс; хувийн алдар нэр, эд хөрөнгийн төлөө л тэмцдэг биеэ тоосон, ихэрхүү хүмүүс; эрээ цээргүй үг тараадаг хүмүүс; Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс; Бурханыг Өөрийг нь шүүж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс; бүлэглэл үүсгэж, бие даасан байдлаа эрэлхийлдэг хүмүүс; өөрсдийгөө Бурханаас дээр өргөмжилдөг хүмүүс; садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад насны эрчүүд, эмэгтэйчүүд; хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрчүүд, эмэгтэйчүүд; нүгэлд урхидуулсан, гэмшдэггүй тэр хүмүүс—тэд бүгд аврагдах аргагүй бус уу? Садар самуун, нүгэлтэй байдал, хар дом, хар шид, хараал зүхэл, эрээ цээргүй үгс бүгд та нарын дунд хяналтгүй тархдаг; үнэн болон амийн үгс та нарын дунд дэвслүүлж, ариун хэл та нарын дунд бузарлагддаг. Харь үндэстнүүд та нар бузар заваан болон дуулгаваргүй байдлаар дүүрэн! Та нарын эцсийн төгсгөл хаана байх вэ? Махан биеийг хайрладаг, махан биеийн хар шид үйлддэг, садар самуун нүгэлд урхидуулдаг хүмүүс үргэлжлүүлэн амьдрах ичгүүр сонжуургүй байж яаж чадах юм билээ! Та нар шиг хүмүүс бол аврагдахын аргагүй өт хорхой гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Яаж энэ, тэрийг шаардах эрхтэй байх юм бэ? Өнөөг хүртэл, үнэнийг хайрладаггүй, зөвхөн махан биеийг л хайрладаг хүмүүст өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй—ийм хүмүүс яаж аврагдаж чадах юм бэ? Амийн замыг хайрладаггүй, Бурханыг өргөмжилж, Түүнд гэрчлэл хийдэггүй, байр суурийнхаа төлөө хуйвалддаг, өөрсдийгөө магтдаг хүмүүс—өнөөдөр ч гэсэн, хэвээрээ байгаа бус уу? Тэднийг аврахын үнэ цэн юу вэ? Аврагдаж чадах эсэх чинь хэр ахмад вэ гэдгээс чинь, эсвэл хэдэн жил ажиллаж байгаагаас чинь хамаардаггүй, тэр ч бүү хэл хэр их мэргэшсэнээс чинь хамаардаггүй. Харин ч, чиний эрэл хайгуул үр дүнд хүрсэн эсэхээс хамаардаг. Аврагддаг хүмүүс бол өтгөн саглагар навчтай, арвин их цэцэгтэй боловч жимсэлдэггүй мод биш, харин жимсэлдэг “мод” юм гэдгийг чи мэдэх учиртай. Чи олон жилийг гудамжинд тэнэж өнгөрүүлсэн байлаа ч тэр ямар хамаатай юм бэ? Чиний гэрчлэл хаана байна? Бурханыг гэх чиний хүндлэл өөрийгөө хайрлах хайр болон тачаангуй хүслээс чинь хавьгүй бага—ийм хүн доройтмол биш гэж үү? Тэд яаж авралын үлгэр дуурайл, загвар байж чадах юм бэ? Чиний уг чанар өөрчлөгдөшгүй, чи хэтэрхий тэрслүү, аврагдах аргагүй! Ийм хүмүүс таягдан хаягдах хүмүүс бус уу? Миний ажил дуусах үе нь чиний сүүлчийн өдөр ирэх үе биш гэж үү? Би та нарын дунд маш их ажил хийж, маш олон үг хэлсэн—үүнээс хэр их нь чихэнд чинь орсон бэ? Хэр ихийг нь та нар дуулгавартай дагасан бэ? Миний ажил дуусах үе нь чи Намайг эсэргүүцэхээ больж, Миний эсрэг зогсохоо болих үе юм. Намайг ажиллаж байхад та нар байнга Миний эсрэг үйлддэг; та нар Миний үгийг хэзээ ч мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи хувийн “ажлаа” хийж, жижигхэн хаанчлалаа байгуулдаг. Та нар бол сүрэг үнэг, нохой төдий бөгөөд Намайг эсэргүүцэн бүхнийг хийдэг! Та нар өөрсдийг чинь хоёргүй сэтгэлээр хайрладаг хүмүүсийг л тэврэн авахаар байнга хичээж байгаа—хүндлэл чинь хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн ов мэхтэй! Та нарт ямар ч дуулгавартай байдал, эсвэл хүндлэл байхгүй бөгөөд ов мэхтэй, гүтгэн доромжилсон бүхнийг л хийдэг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө, сээтэгнэсэн янхнуудыг өөрсдөдөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би бэлгийн ёс суртахуунгүй тийм чөтгөрүүдийг яавч аврахгүй. Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу унагасан. Та нар өөрсдийгөө өмөөрч юу хэлэх юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар үзэшгүй муухай! Жигшүүртэй! Ийм хог новшнууд яаж аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Өнөөдөр, энэ үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; харин ч та нар нүгэлт байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар нэр, ашиг хонжоо, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал, эмэгтэйчүүдийн ялдам занд сэтгэл татагддаг. Та нар яаж Миний хаанчлалд орох эрхтэй байх юм бэ? Та нарын дүр Бурханыхаас ч илүү агуу, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах нэр хүндийг чинь ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтдэг шүтээн болжээ. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед тэр нь бас авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын дундаас олонх чинь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болно. Авралын ажлын үеэр Би бүх хүнд эелдэг зөөлөн, сайн ханддаг. Ажил дуусах үед өөр өөр төрлийн хүмүүсийн төгсгөл илчлэгдэх бөгөөд тэр үед Би эелдэг зөөлөн, сайн байхаа болино, учир нь хүмүүсийн төгсгөл илчлэгдэж, бүгд төрлийнхөө дагуу ангилагдсан байх болно. Мөн авралын эрин үе өнгөрөн одсон байх ба нэгэнт өнгөрсөн зүйл эргэн ирэхгүй учраас авралын ажлыг цаашид хийх ямар ч хэрэггүй байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 7

657. Би та нарт олон анхааруулга өгч, та нарыг байлдан дагуулахын тулд олон үнэнийг хайрласан. Одоо та нарт өмнөхөөсөө нэлээд их сайжирч, хүн ямар байх ёстой тухай олон зарчмыг ойлгож авч, итгэлтэй хүмүүст байх ёстой эрүүл ухаанаас маш ихийг эзэмшдэг болсон мэт санагддаг. Энэ бүхэн нь та нарын олон жилийн туршид хүрсэн үр дүн юм. Би та нарын амжилтыг үгүйсгэдэггүй боловч энэ олон жилийн турш Миний эсрэг тоо томшгүй олон удаа дуулгаваргүй байж, тэрсэлснийг чинь ч бас үгүйсгэдэггүй гэдгээ илэн далангүй хэлэх ёстой, учир нь та нарын дунд ганц ч ариун хүн байхгүй. Та нар бүгд ялгаагүй Сатаны завхруулсан хүмүүс юм; та нар бол Христийн дайснууд билээ. Өнөөг хүртэлх та нарын гэм буруу болон дуулгаваргүй байдал тоо томшгүй их байсаар ирсэн тул та нарт үргэлж үглэж яншиж байгааг минь бараг л гайхах зүйлгүй. Би та нартай хамт ийм маягаар амьдармааргүй байгаа ч ирээдүй болон хүрэх газрын чинь төлөө дахиад нэг үглэе. Та нар Надад хүлээцтэй хандахын сацуу айлдвар бүрд минь итгэж, Миний үгийн гүн гүнзгий утга санааг дүгнэж чадна гэж Би найдаж байна. Миний хэлдэг зүйлд эргэлзэж болохгүй, Миний үгийг хүссэнээрээ аваад дураараа хаяж бүр ч болохгүй; ингэх нь Надад тэвчихийн аргагүй санагддаг. Миний үгийг битгий шүүмжил, бүү хөнгөн хуумгай авч үз, Би та нарыг үргэлж уруу татаж байна гэж битгий ярь, эсвэл та нарт Миний хэлсэн зүйл алдаа мадагтай гэж бүр ч битгий хэл. Эдгээр зүйл ч бас Надад тэвчихийн аргагүй санагддаг. Та нар Надад болон Миний хэлдэг зүйлд ингэж сэжиглэн хандаж, Миний үгийг хэзээ ч ойлголгүй, Намайг үл ойшоодог учраас Би та бүхэнд нухацтайгаар хэлье: Миний хэлдэг зүйлийг гүн ухаантай бүү холбо; Миний үгийг зальт этгээдийн худал үгтэй бүү холбо. Тэр ч бүү хэл, Миний үгэнд басамжлалаар бүү хариул. Магадгүй ирээдүйд хэн ч та нарт Миний хэлж байгаа зүйлийг хэлж өгч чадахгүй, та нартай ийм өр зөөлнөөр ярилцахгүй, тэр ч байтугай эдгээр зүйлийг нэгд нэггүй тэвчээртэйгээр тайлбарлахгүй. Та нар сайхан цагаа дурсах юм уу чангаар эхэр татан уйлж, эсвэл өвчиндөө ёолж айсуй өдөр хоногуудыг өнгөрөөнө, аль эсвэл үнэн юм уу амийн өчүүхэн төдий ч хангалтгүйгээр харанхуй шөнүүдийг туулж, эсвэл зүгээр л ямар ч найдваргүйгээр хүлээх юм уу хамаг ухаанаа алдталаа маш их харамсах болно… Эдгээр боломжоос та нарын хэн нь ч бараг зайлсхийж чадахгүй. Учир нь та нарын нэг нь ч Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг байр сууринд байдаггүй, харин садар самуун, муу ёрын ертөнцөд автаж, амь, үнэнтэй ямар ч хамаагүй, үнэндээ тэдгээрийн эсрэг байдаг маш олон зүйлийг өөрсдийн итгэл, сүнс, сэтгэл, биед хольдог. Тиймээс та нар гэрлийн замд хүрч чадна гэж Би найдаж байна. Та нар өөрсдийгөө халамжилж, өөрсдөдөө санаа тавих чадвартай болно, мөн ааш авир, гэм буруугаа үл хайхрангаа хүрэх газартаа хэт их ач холбогдол өгөхгүй байж чадна гэдэг бол Миний цорын ганц найдвар юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

658. Чи хэдий чинээ их гэм буруу үйлдэнэ, сайн хүрэх газар олж авах боломж чинь төдий чинээ бага байдаг. Харин эсрэгээрээ, гэм буруу бага үйлдэх тусам, Бурханаар магтуулах боломж чинь улам их байна. Надаар уучлуулах боломжгүй болтлоо гэм буруу чинь ихэсвэл уучлагдах боломжоо чи бүрмөсөн алдсан байх болно. Тэгвэл, хүрэх газар чинь дээр биш, харин доор байна. Хэрвээ Надад итгэхгүй байгаа бол чи зориг гаргаад, бурууг үйлд, тэгээд юунд хүрэхээ хар. Хэрвээ чи үнэнийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлдэг хүн бол гэм буруугаа уучлуулах боломжтой байх нь гарцаагүй бөгөөд дуулгаваргүй байх чинь улам багасаж, улам цөөрнө. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүн бол Бурханы өмнөх гэм буруу чинь гарцаагүй ихсэж, дуулгаваргүй байдлын чинь хэмжээ хязгаартаа хүртлээ улам бүр нэмэгдэх бөгөөд тэр нь бүрмөсөн устах цаг чинь байх болно. Тэр үед ерөөл хүртэх гэсэн таатай мөрөөдөл чинь сүйрнэ. Өөрийн гэм бурууг томоогүй, тэнэг хүний алдаа төдий гэж бүү үз, мөн дорд хэв чанар чинь боломж олгоогүй болохоор үнэнийг хэрэгжүүлээгүй гэх шалтаг бүү тооч. Түүнчлэн үйлдсэн гэм буруугаа гагцхүү юм мэдэхгүй хүний үйлдэл гэж бүү үз. Хэрвээ чи өөрийгөө уучилж, өр зөөлөн хандахдаа сайн бол үнэнийг хэзээ ч олж авахгүй хулчгар бөгөөд гэм буруу чинь чамайг зовоохоо хэзээ ч болихгүй, харин чамайг үнэний шаардлагад хэзээ ч нийцүүлэлгүй, үүрд Сатаны үнэнч хамтрагч хэвээр үлдээнэ гэдгийг Би хэлье. Чамд өгөх Миний зөвлөгөө мөн л энэ: Өөрийнхөө хүрэх газарт анхаараад нуугдмал гэм буруугаа анзааралгүй бүү үлдээ; гэм бурууг ноцтойгоор авч үз, хүрэх газартаа санаа зовсноосоо болоод ямар нэг гэм буруугаа бүү орхигдуул.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

659. Хэдийгээр Бурханы мөн чанар хайр агуулдаг бөгөөд Тэр хүн болгонд өршөөнгүй ханддаг боловч Түүний мөн чанар нь бас эрхэм чанар гэдгийг хүмүүс анзаардаггүй, мартсан байдаг. Түүнд хайр бий гэдэг нь хүмүүс Түүнд дураараа халдаж болдог, Тэр ямар ч мэдрэмж, хариу үйлдэл гаргахгүй гэсэн үг биш, түүнд өршөөл бий гэдэг нь хүмүүст хэрхэн хандах талаар Түүнд ямар ч зарчим байхгүй гэсэн үг бас биш билээ. Бурхан амьд; Тэр үнэхээр оршдог. Тэр бол төсөөллийн хүүхэлдэй, эсвэл өөр ямар нэг эд зүйлийн аль нь ч биш. Тэр оршдог болохоор бид Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойг цаг үргэлж анхааралтай сонсож, Түүний хандлагад нухацтай анхаарал хандуулж, Түүний мэдрэмжийг ойлгож авах хэрэгтэй. Бурханыг тодорхойлохдоо бид хүмүүсийн төсөөллийг ашиглах ёсгүй, бас хүмүүний бодол, хүслийг Түүнд тулган, Бурханыг хүний төсөөлөлд үндэслэсэн хүний арга барилаар хүнд ханддаг болгох ёсгүй. Хэрвээ тэгвэл чи Бурханыг уурлуулж, Бурханы уур хилэнг төрүүлж, Бурханы эрхэм чанарыг сорьж байна! Тиймээс энэ асуудал хэр хүнд болохыг та нар ойлгож авмагцаа өөрийнхөө үйлдэлд анхаарал болгоомжтой бай гэж Би та нарын хүн нэг бүрээс шаардаж байна. Хэлж ярихдаа ч мөн анхаарал болгоомжтой бай—чи Бурханд хэрхэн хандах тухайд бол анхаарал болгоомжтой байх тусмаа сайн! Бурханы хандлага ямар болохыг ойлгохгүй байхдаа хайхрамжгүй бүү ярь, хайхрамжгүй үйлдэл бүү хий, хайнга нэр хоч бүү зүүлгэ. Түүнээс ч чухал нь, дур зоргоороо дүгнэлт бүү хий. Үүний оронд чи хүлээж, эрж хайх ёстой; ийм үйлдэл нь бас Бурханаас эмээж, муугаас зайлахын илрэл юм. Юуны түрүүнд, хэрвээ чи үүнд хүрч чадвал, юуны түрүүнд, чи ийм хандлагатай бол тэнэглэл, харанхуй бүдүүлэг байдал болон аливаа юмсын цаад учир шалтгааныг ойлгодоггүй гээд Бурхан чамайг буруутгахгүй. Харин ч Бурханд халдахаас айдаг, Түүний санаа зорилгыг хүндэлдэг, Түүнийг дуулгавартай дагахад бэлэн хандлагын чинь ачаар Бурхан чамайг санаж, чамайг удирдан чиглүүлж, гэгээрүүлж, дутуу дулимаг, харанхуй бүдүүлэг байдлыг чинь тэвчих болно. Эсрэгээрээ, Түүнд хандах хандлага чинь хүндэтгэлгүй—Түүнийг хүссэнээрээ шүүж, Түүний санаа бодлыг дур зоргоороо таамаглаж, тодорхойлж байвал—Бурхан чамайг яллаж, сахилгажуулж, бүр шийтгэнэ; эсвэл Тэр чиний талаар санал шүүмж хэлж магад. Тэрхүү санал шүүмж нь чиний төгсгөлтэй хамаатай байж ч болох юм. Тиймээс Би үүнийг дахин нэг удаа цохон тэмдэглэмээр байна: Та нар дор бүрнээ Бурханаас ирдэг бүхэнд анхаарал, болгоомжтой байх ёстой. Хайхрамжгүй бүү ярь, мөн хайхрамжгүй үйлдэл бүү хий. Чи ямар нэгэн зүйл хэлэхээсээ өмнө зогсоод бодох ёстой: Миний энэ үйлдвэл Бурханыг уурлуулах болов уу? Ингэснээрээ би Бурханыг хүндэлж байна уу? Энгийн асуудал дээр ч гэсэн чи эдгээр асуултыг ойлгох гэж оролдон, тэдгээрийг бодож үзэхэд илүү их хугацаа зарцуулах хэрэгтэй. Хэрвээ чи бүхий л талаар, бүх зүйл дээр, цаг ямагт эдгээр зарчмын дагуу үнэхээр хэрэгжүүлж, ялангуяа ямар нэг зүйлийг ойлгохгүй байх үедээ ийм хандлага баримталбал Бурхан чамайг үргэлж залж чиглүүлж, дагах замаар хангана. Хүмүүс ямар дүр үзүүлэх нь хамаагүй, Бурхан тэднийг тун тодорхой, ил тод хардаг бөгөөд ийнхүү үзүүлсэнд чинь үнэн зөв, тохирох үнэлгээг өгнө. Сүүлчийн шалгалтыг туулсны чинь дараа Бурхан чиний төгсгөлийг тодорхойлохын тулд бүх зан авирыг чинь авч бүрэн нэгтгэж дүгнэнэ. Энэхүү үр дүн нь хүн нэг бүрийг ямар ч эргэлзээгүйгээр итгүүлнэ. Би энд та нарт юу хэлэхийг хүсэж байна вэ гэвэл: Та нарын үйл хэрэг, үйлдэл бүр, бодол болгон хувь заяаг чинь шийднэ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?

660. Хүмүүс Бурханыг хэрхэн эрж хайж, Түүнд хэрхэн хандах тухайд бол хүмүүсийн хандлага хамгийн чухал юм. Бодлын чинь мухарт эргэлдэж буй хоосон агаар мэт Бурханыг бүү үл тоомсорло; өөрийн итгэдэг Бурханыг үргэлж амьд, жинхэнэ Бурхан гэж бод. Тэр гурав дахь тэнгэрт хийх юмгүй сууж байгаа юм биш. Харин ч Тэр хүн бүрийн зүрх сэтгэл рүү байнга өнгийж, юу хийх гэж байгааг чинь ажиж, жижиг сажиг үг, үйл хэрэг бүрийг чинь харж, хэрхэн авирлаж байгаа, Түүнд хандах хандлага чинь ямар болохыг байнга харж байдаг. Чи өөрийгөө Бурханд өгөх хүсэлтэй ч бай, үгүй ч бай, бүхий л үйлдэл, сэтгэлийн гүн дэх бодол, санаа чинь Бурханы өмнө илхэн, Түүнд харагдаж байдаг. Чиний зан авир, үйл хэрэг, Түүнд хандах чиний хандлагаас шалтгаалж чиний талаарх Түүний санаа бодол, чамд хандах Түүний хандлага байнга өөрчлөгдөж байдаг. Би зарим хүнд бага зэрэг зөвлөгөө өгмөөр байна: Бурхан чамайг ухаангүй хайрлах ёстой юм шиг, чамайг хэзээ ч орхиод явж чадахгүй юм шиг, чамд хандах Түүний хандлага хувиршгүй, хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй юм шиг өөрсдийгөө Бурханы гар дээр нялх хүүхэд шиг бүү тавь, мөн мөрөөдөхөө боль гэж Би зөвлөе! Бурхан хүн болгонд зөвт ханддаг, Тэрээр хүмүүсийг байлдан дагуулж, аврах ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Энэ бол Түүний удирдлага юм. Тэрээр хүн болгонд нухацтай ханддаг бөгөөд тоглож наадах гэрийн тэжээвэр амьтан шиг үздэггүй. Хүмүүсийг гэх Бурханы хайр бөөцийлж, эрхлүүлэх хайр биш, хүн төрөлхтөнд үзүүлдэг Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь ч бас өөгшүүлсэн, зоргоор нь тавьсан биш байдаг. Эсрэгээрээ хүмүүсийг гэх Бурханы хайранд амийг энхрийлж, өрөвдөж, хүндлэх багтдаг; Түүний өршөөл, хүлээцтэй байдал тэдэнд тавьсан Түүний итгэл найдварыг илэрхийлдэг бөгөөд хүн төрөлхтөнд амьд үлдэхэд хэрэгтэй зүйл юм. Бурхан амьд бөгөөд үнэхээр оршин тогтнодог; хүн төрөлхтөнд хандах Түүний хандлага зарчимтайн дээр ягшмал бөөн дүрэм огтхон ч биш, бас энэ нь өөрчлөгдөх боломжтой. Хүн төрөлхтний төлөөх Түүний санаа зорилго цаг хугацааны эрхээр, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж, хүн нэг бүрийн хандлагатай хамт аажмаар хувьсан, өөрчлөгдөж байдаг. Иймээс Бурханы мөн чанар хувиршгүй, Түүний зан чанар өөр өөр үед, өөр өөр нөхцөл байдлаас гардаг гэдгийг чи зүрх сэтгэлдээ тов тодорхой мэдэж байх ёстой. Энэ бол ноцтой асуудал гэж чи бодохгүй байж болно, Бурхан юмыг хэрхэн хийх ёстойг төсөөлөхдөө чи үзлээ ашиглаж магадгүй. Гэхдээ үзэл бодлын чинь яг эсрэг нь үнэн байх үе байдаг бөгөөд үзлээ ашиглан Бурханыг хэмжих гэж оролдсоноороо чи Түүнийг хэдийнээ уурлуулсан. Учир нь, Бурхан чиний боддог шиг ажилладаггүй, чиний хэлдэг шигээр энэ асуудалд ханддаггүй. Иймээс чи өөрийн эргэн тойрондоо байгаа юм болгонд хандахдаа болгоомжтой, хянамгай байж, бүх зүйл дээр Бурханы замаар алхах—Бурханаас эмээж, муугаас зайлах зарчмыг дагах талаар суралц гэж Би чамд сануулж байна. Чи Бурханы хүсэл, Бурханы хандлагын асуудал дээр бат ойлголттой болж, энэ талаар чамтай хэлэлцэх гэгээрсэн хүмүүсийг олж, хичээнгүйлэн эрж хайх ёстой. Өөрийн итгэдэг Бурханыг хүүхэлдэй шиг үзэж, дур зоргоороо шүүж, Түүний талаар дураараа дүгнэлт хийж, Түүнд зохих ёсоор хүндэтгэлтэй хандахгүй байж болохгүй. Бурхан чамайг аварч, төгсгөлийг чинь тодорхойлох зуураа чамд өршөөл, хүлээцтэй байдал, эсвэл шүүлт, гэсгээлт хүртээж магадгүй боловч ямар ч тохиолдолд чамд хандах Түүний хандлага өөрчлөгдөшгүй биш юм. Түүнд хандах чиний хандлагаас гадна Түүний талаарх ойлголтоос чинь энэ нь хамаардаг. Бурханы талаарх түрхэн зуурын өрөөсгөл мэдлэг, ойлголтоороо Түүнийг үүрд мөнхөд тодорхойлж болохгүй. Үхсэн Бурханд бүү итгэ; амьд Бурханд итгэ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?

661. Та нар Бурханыг баярлуулахыг хүсэн эрмэлздэг мөртөө Бурханаас хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг ч харьцалт, засалтыг нь хүлээн зөвшөөрдөггүй, Түүний зохицуулалт бүрийг хүлээн зөвшөөрч, Түүнд бүрэн итгэлтэй байж бүр ч чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Эцсийн дүндээ, та нарын итгэл бол хоосон өндөгний хальс бөгөөд ангаахай бий болгож хэзээ ч чадахгүй. Учир нь итгэл чинь та нарт үнэнийг авчраагүй, эсвэл амийг өгөөгүй, харин ч оронд нь дэмжлэг, найдварын хуурмаг мэдрэмжийг та нарт өгсөн. Бурханд итгэх итгэлийн чинь зорилго үнэн ба амь биш, харин дэмжлэг, найдварын энэхүү мэдрэмж юм. Тиймээс, Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханд тал засахаар хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэж болохгүй гэж Би хэлдэг. Ийм итгэлээс яаж ангаахай төрж болох юм бэ? Өөрөөр хэлбэл, ийм итгэл юу биелүүлж чадах юм бэ? Бурханд итгэх итгэлийн чинь зорилго бол өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд Бурханыг ашиглах явдал юм. Цаашлаад энэ нь Бурханы зан чанарт халддагийн чинь баримт биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгээд, газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг ч Би та нарын үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөггүй; ул суурьтай байж, газар дээрх Бурханд үйлчилдэг хүмүүсийг л Би сайшаадаг, харин газар дээрх Христийг огт хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаадаггүй. Тийм хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ тэд хорон санаатныг шийтгэдэг Миний гараас зайлахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Христийг хэзээ ч дуртайяа дуулгавартай дагадаггүй ёрын муу хүмүүс юм. Мэдээж тэдний тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс багтдаг. Тэнгэр дэх Бурханд үнэнч байгаа цагт Христэд хүссэнээрээ хандаж болно гэж чи итгэдэг үү? Тэгэх нь буруу! Чи Христийг мэдэхгүй бол тэнгэр дэх Бурханыг мэдэхгүй. Тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх чинь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон яриа, хуурамч дүр эсгэлт юм, учир нь газар дээрх Бурхан нь үнэн болон илүү гүнзгий мэдлэгийг хүлээн авахад хүнд ач тустайгаар үл барам, хүнийг яллаж, улмаар хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг цуглуулахад бүр ч их ач тустай. Чи энд байгаа ашиг тустай болон хор хөнөөлтэй үр дүнг ойлгов уу? Чи тэдгээрийг туулсан уу? Та нар энэ үнэнийг аль болох хурдан ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд чи тэнгэр дэх Бурханыг мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил, эсвэл хоёрдогч зүйлээр гол зүйлийг бүү орлуул. Зөвхөн ийм маягаар л чи Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, зүрх сэтгэлээ Түүнд улам ойртуулж чадна. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол, чи Бурханы зан чанарт байнга халдаж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Надтай олон жил харилцаатай байсан чинь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч муу арга зам чинь чиний уг чанарт шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь ч бас ихсэж, улмаар чи Намайг хань хамсаатан шигээ үзэж эхэлбэл өвчин эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Тэгээд чи, оршуулгын чинь бэлтгэл ажил хийгдэхийг л хүлээх үлдэнэ. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлж чадсан ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар зүтгэнэ, учир нь Бурханы зан чанарын эсрэг халдсан чинь энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христэд эгэл жирийн хүн мэт хандах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх цорын ганц сануулга минь билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

662. Бурханд итгэн амьдрах явцдаа хүн бүр Бурханыг эсэргүүцэж, хууран мэхэлдэг зүйл хийсэн. Зарим алдаа эндлийг зөрчил гэж тооцох хэрэггүй боловч зарим нь уучилшгүй байдаг; учир нь захиргааны зарлигийг зөрчдөг буюу Бурханы зан чанарт халддаг олон үйл хэрэг бий. Өөрийнхөө хувь заяанд санаа тавьдаг олон хүн эдгээр үйл хэрэг нь юу болохыг асууж магадгүй. Та нар угаасаа биеэ тоосон, ихэрхүү бөгөөд баримтад захирагдахыг хүсдэггүй гэдгээ мэдэх ёстой. Ийм учраас өөрсдийгөө эргэцүүлсний чинь дараа Би та нарт бага багаар хэлэх болно. Захиргааны зарлигуудын агуулгыг илүү сайн ойлгож, Бурханы зан чанарыг мэдэхэд хичээл чармайлт гарга гэж Би та нарт захидаг. Эс бөгөөс амаа хамхиж, ойворгон сүржин яриаг амныхаа зоргоор чалчихгүй байх нь та нарт хэцүү санагдах бөгөөд өөрийн мэдэлгүй Бурханы зан чанарт халдаж, харанхуйд унан, Ариун Сүнсийг дэргэдээсээ алдаж, гэрлийг алдана. Та нар үйлдэлдээ зарчимгүй байж, хэлэх ёсгүй юм хэлж, хийх ёсгүй зүйл хийдэг бол тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэнэ. Хэдийгээр чи үг болон үйлдэлдээ зарчимгүй байдаг ч Бурхан аль алинд нь тун зарчимтай байдгийг мэдэх ёстой. Залхаан цээрлүүлэлт хүртэж байгаа чинь хүнд бус, Бурханд халдсанаас чинь болдог. Хэрвээ чи амьдралдаа Бурханы зан чанарын эсрэг олон зөрчил үйлдсэн бол тамын хүүхэд болох нь дамжиггүй. Хүнд чи зөвхөн үнэнтэй нийцэхгүй хэдхэн үйл хийсэн, өөр юу ч хийгээгүй мэт харагдаж болох юм. Гэхдээ Бурханы нүдээр бол чи аль хэдийн ямар ч нүглийн тахилгүй болсон хүн гэдгээ мэдэж байна уу? Чи Бурханы захиргааны зарлигийг нэгээс олон удаа зөрчсөн, түүнчлэн ямар ч гэмшсэн шинж тэмдэг үзүүлээгүй тул Бурхан хүнийг шийтгэдэг там руу унахаас өөр аргагүй. Бурханыг дагах зуураа цөөн тооны хүмүүс зарчмыг зөрчсөн зарим нэг үйл үйлдсэн боловч тэдэнтэй харьцаж, удирдамж өгсний дараа аажмаар завхралаа олж мэдээд, дараа нь бодит байдлын зөв замд орсон бөгөөд өнөөдөр ул суурьтай хэвээр байдаг. Ийм хүмүүс бол эцэстээ үлдэх хүмүүс юм. Гэвч Би үнэнч шударга хүмүүсийг эрж хайдаг; хэрвээ чи үнэнч шударга, зарчмын дагуу үйлддэг хүн бол Бурханы ойр дотнын хүн байж чадна. Хэрвээ үйлдлүүдээрээ чи Бурханы зан чанарт халддаггүй, Бурханы хүслийг эрж хайдаг, Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй бол итгэл чинь стандартад нийцнэ. Бурханыг хүндэлдэггүй, зүрх сэтгэл нь айн чичирдэггүй хэн боловч Бурханы захиргааны зарлигийг зөрчих өндөр магадлалтай. Олон хүн урам зоригоороо Бурханд үйлчилдэг боловч Бурханы захиргааны зарлигийн талаар огт ойлгодоггүй, Түүний үгийн утгыг бүр ч таамагладаггүй. Иймээс сайн санаа зорилгоороо тэд үргэлж Бурханы удирдлагад саад болох зүйлс хийж дуусдаг. Ноцтой тохиолдолд, тэд хөөгдөж, Түүнийг дагах өөр ямар ч боломжгүй болдог бөгөөд там руу хаягдаж, Бурханы гэртэй харилцах бүх харилцаа нь төгсдөг. Энэ хүмүүс мунхаг сайн санааныхаа хүчээр Бурханы гэрт ажилладаг бөгөөд эцэстээ Бурханы зан чанарыг уурлуулдаг. Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг арга замаа Бурханы гэрт авчирч, хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд хялбархан хэрэглэж болно гэж хий дэмий бодож байдаг. Бурхан бол хурганы биш, харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Тиймээс Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй ярилцаж чаддаггүй, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй билээ. Олон үнэнийг ойлгосныхоо дараа л чи Бурханыг тасралтгүй мэдэж авч чадна. Энэ мэдлэг нь үг хэллэг, хоосон сургаалаас бүрддэггүй, харин Бурхантай ойр дотно болох эрдэнэс, Тэр чамд баярладгийн нотолгоо болон хэрэглэгдэж болно. Хэрвээ чи бодит мэдлэгээр дутмаг, үнэнээр зэвсэглээгүй бол урам зоригтой үйлчлэл чинь Бурханы жигшил, зэвүүцлийг л төрүүлж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

663. Миний хэлсэн өгүүлбэр болгон Бурханы зан чанарыг агуулдаг. Та нар Миний үгийг анхааралтай эргэцүүлсэн нь дээр, тэгвэл асар их ашиг тус хүртэх нь гарцаагүй. Бурханы мөн чанарыг ухаарахад маш хэцүү боловч та нар бүгдээрээ Бурханы зан чанарын тухай жаахан ч атугай мэднэ гэж Би итгэж байна. Тэгээд та нар Бурханы зан чанарт халдахгүй зүйл илүү ихийг хийснээ Надад харуулна гэж найдаж байна. Тэгвэл Миний санаа амарна. Жишээлбэл, Бурханыг цаг үргэлж зүрх сэтгэлдээ байлга. Аливааг үйлдэхдээ Түүний үгийн дагуу хий. Бүх зүйлээс Түүний санаа зорилгыг эрж хай, мөн Бурханыг үл хүндэлж, гутаах зүйл хийхийг цээрлэ. Чи өөрийнхөө зүрх сэтгэлийн хожмын хоосролоо дүүргэхийн тулд Бурханыг сэтгэлийнхээ мухарт хийж бүр ч болохгүй. Хэрвээ тэгэх юм бол Бурханы зан чанарт халдсан байх болно. Дахин хэлэхэд, чи насан туршдаа хэзээ ч Бурханыг хараан доромжилж, Түүнд гомдоллоогүй гэж үзье, мөн Түүний даалгасан бүхнийг зохих ёсоор биелүүлж, насан туршдаа Түүний бүх үгэнд захирагдаж чаддаг гэж үзье, тэгвэл чи захиргааны зарлигийг зөрчихөөс зайлсхийсэн байна. Жишээлбэл, хэрвээ чи хэзээ нэгэн цагт “Би яагаад Түүнийг Бурхан гэж боддоггүй юм бэ?”, “Эдгээр үг Ариун Сүнсний гэгээрлээс цаашгүй байх”, “Миний бодлоор бол, Бурханы хийдэг бүхэн зөв байх албагүй”, “Бурханы хүн чанар минийхээс давуу биш”, “Бурханы үг зүгээр л үнэмшилгүй” гэдэг ч юм уу, эсвэл өөр иймэрхүү шүүмжилсэн үг хэлж байсан бол нүглээ илүү олонтоо улайж, гэмш гэж Би чамд сануулж байна. Эс бөгөөс уучлуулах боломж чамд хэзээ ч гарахгүй, учир нь чи хүнд биш, харин Бурханд Өөрт нь халддаг. Чи хүнийг шүүмжилж байна гэж бодож болох ч Бурханы Сүнс тэгж үздэггүй. Түүний махбодыг үл хүндлэх нь Түүнийг үл хүндлэхтэй адилхан. Тэгэхээр хийсэн бүхэн чинь Бурханы зан чанарт халдсан бус уу? Бурханы Сүнсний хийдэг бүхэн нь махбодод хийсэн Түүний ажлыг хамгаалахын төлөө, энэхүү ажлыг сайн хийхийн төлөө байдаг гэдгийг чи санах ёстой. Хэрвээ үүнийг үл ойшоовол чи Бурханд итгэхдээ хэзээ ч амжилт гаргаж чадахгүй хүн юм гэж Би хэлнэ. Чи Бурханы уур хилэнг хүргэсэн учраас чамд сургамж өгөхийн тулд Тэр тохирох шийтгэлийг ашиглана.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

664. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг ойлгосныхоо дараа та нар Бурханд яаж хандвал зохих талаараа ямар нэгэн дүгнэлт хийсэн үү? Энэ асуултын хариуд Би дүгнэлт болгон та бүхэнд гурван сануулга өгмөөр байна: Нэгдүгээрт, Бурханыг бүү турш. Бурханы тухай хэр зэрэг ойлгодог чинь хамаагүй, Түүний зан чанарын талаар хэр зэрэг мэддэг чинь хамаагүй, Түүнийг туршиж огтхон ч болохгүй. Хоёрдугаарт, Бурхантай байр суурь бүү булаацалд. Бурхан чамд ямар байр суурь өгч, эсвэл чамд ямар ажил даалгах нь хамаагүй, Тэр чамаар ямар үүрэг гүйцэтгүүлэхээр өргөх нь хамаагүй, Бурханы төлөө хэчнээн ихийг зарцуулж, золиосолсон чинь ч хамаагүй, Түүнтэй байр суурь огтхон ч бүү булаацалд. Гуравдугаарт, Бурхантай бүү тэмцэлд. Бурханы чамд хийсэн зүйлийг, чиний төлөө Түүний зохицуулсан зүйлийг, Түүний чамд авчирсан зүйлийг ойлгох эсэх чинь, дуулгавартай дагах эсэх чинь хамаагүй, Бурхантай огтхон ч бүү тэмцэлд. Хэрвээ чи энэ гурван сануулгыг биелүүлж чадах юм бол харьцангуй аюулгүй байх бөгөөд Бурханыг тийм ч амархан уурлуулахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

665. Магадгүй чи амьдралдаа асар их зовсон байж болох ч юу ч ойлгоогүй хэвээр байгаа; чи амийн талаар юу ч мэддэггүй. Гэсгээгдэж, шүүгдсэн хэдий ч чи огт өөрчлөгдөөгүй бөгөөд сэтгэлийн гүндээ амийг олж аваагүй. Чиний ажлыг турших цаг ирэх үед чи гал мэт ширүүн шалгалтыг болон бүр ч их гай зовлонг туулна. Энэхүү гал бүхий л оршихуйг чинь үнс нурам болгон хувиргана. Амийг эзэмшдэггүй хүн, дотроо өчүүхэн төдий ч шижир алтгүй хүн, завхарсан хуучин зан чанартайгаа зууралдсан хүн, товойлгогч байхыг ч сайн хийж чаддаггүй хүний хувьд чи яаж таягдан хаягдахгүй байж чадах юм бэ? Сохор зоосноос ч долоон дор үнэтэй, амьгүй хүн байлдан дагуулалтын ажилд хэрэгтэй байж чадна гэж үү? Тэр цаг ирэх үед өдөр хоногууд чинь Ноа болон Содомынхоос ч хэцүү байх болно! Тэр үед залбирлууд чинь чамд тус болохгүй. Авралын ажил хэдийнээ дуусчихсан байх үед чи яаж дараа нь буцаж ирээд, шинээр гэмшиж эхэлж чадах юм бэ? Бүх авралын ажил дуусмагц авралын ажил гэж байхаа болино; харин ёрын муу хүмүүсийг шийтгэх ажлын эхлэл л байх байна. Чи эсэргүүцэж, тэрсэлдэг бөгөөд ёрын муу гэдгийг нь мэддэг зүйлээ хийдэг. Чи хатуу чанга шийтгэлийн бай биш гэж үү? Өнөөдөр Би чиний төлөө энэ бүхнийг ойлгомжтой тайлбарлаж байна. Хэрвээ чи сонсохгүй гэж шийдвэл, хожим нь гай гамшиг тохиолдох үед харамсаж, итгэж эхэлсэн ч гэсэн хэтэрхий оройтохгүй гэж үү? Би чамд өнөөдөр гэмших боломж олгож байгаа ч чи тэгэхийг хүсэхгүй байна. Чи хэр удаан хүлээхийг хүсэж байгаа юм бэ? Гэсгээлтийн өдөр хүртэл үү? Урьдын гэм бурууг чинь Би өнөөдөр санадаггүй; Би чамайг ахин дахин уучилж, зөвхөн эерэг талыг чинь л харахын тулд чиний сөрөг талаас нүүр буруулдаг, учир нь Миний одоогийн бүх үг болон ажил чамайг аврах учиртай бөгөөд Би чамд ямар ч муу санаа агуулаагүй. Гэсэн ч чи орохоос татгалздаг; чи сайн мууг ялгаж чаддаггүй, бас сайхан сэтгэлд хэрхэн талархахаа мэддэггүй. Ийм хүмүүс зүгээр л шийтгэл болон зөв шударга цээрлүүлэлт ирэхийг хүлээдэг бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 1

666. Та нарын дунд ажиллаж байгаа минь Ехова Израильд ажиллаж байсантай огтхон ч адилгүй бөгөөд ялангуяа Есүсийн Иудейд хийсэн ажилтай адилгүй. Би асар их тэвчээртэйгээр үг хэлж, ажилладаг ба уур хилэнтэйгээр, мөн шүүлттэйгээр энэ доройтсон хүмүүсийг байлдан дагуулдаг. Ехова Өөрийн ардуудыг Израильд удирдаж байсантай энэ огт адилгүй. Израиль дахь Түүний ажил хоол хүнс, амийн ус хайрлахын төлөө байсан бөгөөд Өөрийн ардуудыг хангаж байхдаа Тэрээр хайр, энэрлээр дүүрэн байлаа. Өнөөдрийн ажил нь сонгогдоогүй, хараагдсан үндэстэн дунд хийгддэг. Тэнд элбэг дэлбэг хоол хүнс байдаггүй, цангаа тайлах амийн ус ч байдаггүй, элбэг арвин эд материалын хангамж бүр ч байдаггүй; тэнд зөвхөн арвин их шүүлт, хараал, гэсгээлтийн хангамж л байдаг. Овоолсон өтөг бууцанд амьдардаг энэ өтнүүд нь Израильд Миний хайрласан шиг уул толгодыг бүрхсэн хонь мал, асар их эд баялаг, газар нутаг даяарх хамгийн хөөрхөн хүүхдүүдийг олж авахад огт тэнцэхгүй. Орчин үеийн Израиль Миний ард түмэнд нь өгдөг хонь мал, алт мөнгөн зүйлсийг тахилын ширээн дээр өргөж, хуулийн дор Еховагийн шаардаж байсан аравны нэгийг даван гарсан тул Би тэдэнд бүр ч ихийг—хуулийн дор Израилийн хүртсэнээс зуу дахин ихээс ч илүүг өгсөн. Израильд Миний өгсөн зүйл Абрахамын олж авсан бүхнээс давсан, мөн Исаакын олж авсан бүхнээс давсан билээ. Би Израилийн гэр бүлийг үржүүлж, олшруулна, Израилийн ард түмнээ газар дэлхий даяар тараана. Миний ерөөж, халамжилдаг хүмүүс бол мөн л Израилийн сонгогдсон хүмүүс буюу Надад бүх зүйлээ зориулдаг, Надаас бүх зүйлийг олж авсан хүмүүс юм. Тэд Намайг оюун санаандаа хадгалдаг учраас дөнгөж төрсөн хурга, тугалаа Миний ариун тахилын ширээн дээр тахил болгодог бөгөөд Миний эргэн ирэхийг хүлээсэндээ саяхан мэндэлсэн ууган хөвгүүдээ ч өргөн барих хэмжээнд өөрсдөдөө байгаа бүхнийг Миний өмнө өргөдөг. Тэгвэл та нар яадаг вэ? Та нар Миний уурыг хүргэж, Надаас юм шаардаж, Надад өргөл өргөдөг хүмүүсийн тахилыг хулгайлдаг ба Надад халдаж байгаагаа мэддэггүй; тиймээс та нар харанхуй дахь уйлаан болон шийтгэлийг л хүртдэг. Та нар олон удаа Миний уурыг хүргэсэн бөгөөд нэлээд олон хүн эмгэнэлт төгсгөлтэй учирч, аз жаргалтай гэр орон нь эзгүй булш болох хэмжээнд Би Өөрийн дүрэлзсэн галыг доош цутгасан. Энэ өтнүүдэд зориулсан эцэс төгсгөлгүй уур хилэн л Надад байдаг бөгөөд тэднийг ерөөх санаа зорилго байхгүй. Өөрийн ажлын төлөө л Би та нарыг тусгайлан үзэж, өргөсөн ба асар их доромжлолыг тэвчиж, та нарын дунд ажилласан. Эцгийн минь хүслийн төлөө байгаагүй бол Би овоолсон өтөг бууцан дотор эргэлдэж байдаг өтнүүдтэй хамт нэг гэрт амьдарч яахан чадах билээ? Би та нарын үйлдэл, үг бүхнийг туйлаас жигшдэг бөгөөд ямартай ч та нарын бохир заваан, тэрслүү байдлыг бага зэрэг “сонирхдог” учраас энэ нь Миний үгийн асар их цуглуулга болсон. Эс бөгөөс Би та нарын дунд удаан хугацаагаар яавч үлдэхгүй байх байсан. Тиймээс Би та нарт ердөө л өрөвдөж, хөөрхийлсөн хандлагаар ханддаг; Надад та нарыг гэх ганц дусал ч хайр байхгүй гэдгийг та нар мэдэх ёстой. Надад ердөө та нарыг тэвчих тэвчээр л байгаа, учир нь Би үүнийг Өөрийнхөө ажлын төлөө л хийдэг. Би бохир заваан, тэрслүү байдлыг “түүхий эд” болгон сонгосон учраас л та нар Миний үйл хэргийг харсан; эс бөгөөс Би энэ өтнүүдэд Өөрийн үйл хэргийг яавч илчлэхгүй байх байсан юм. Би та нар дээр дурамжхан ажилладаг ба Израильд хийсэн ажлаа дуртайяа, мэрийн хийсэнтэй минь огтхон ч адилгүй. Би Өөрийгөө хүчлэн та нарын дунд үг хэлэнгээ уураа барьж байна. Хэрвээ илүү агуу ажлын минь төлөө байгаагүйсэн бол ийм өтнүүдийг байнга харахыг Би яаж тэвчиж чадах юм бэ? Миний нэрийн төлөө байгаагүйсэн бол Би аль хэдийн хамгийн өндөрт гарч, энэ өтнүүдийг овоолсон өтөг бууцтай нь хамт үнс нурам болтол шатаах байлаа! Миний суу алдрын төлөө байгаагүйсэн бол нүдний минь өмнө толгойгоо сэгсрэн Намайг илт эсэргүүцэхийг энэ муу ёрын чөтгөрүүдэд Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Өөрийн ажлыг өчүүхэн төдий ч саад бартаагүйгээр төвөггүй хэрэгжүүлэхийн төлөө байгаагүйсэн бол Намайг дураараа хүчирхийлэхийг өт-шиг энэ хүмүүст зөвшөөрч яаж чадах юм бэ? Израилийн тосгон дахь зуун хүн Намайг эсэргүүцэхийн тулд ийнхүү боссон бол хэдий тэд Надад тахил өргөсөн ч гэсэн, бусад хотын хүмүүс хэзээ нэгэн цагт дахин тэрслэхээс сэргийлэхийн тулд Би тэднийг устгаж, газрын гаваар оруулах байсан юм. Би бүхнийг залгигч гал бөгөөд халдахыг тэвчдэггүй. Хүмүүсийг бүгдийг нь Би бүтээсэн учраас Миний хэлсэн, хийсэн юуг ч хүн дуулгавартай дагах ёстой ба тэрсэлж болохгүй. Миний ажилд хошуу дүрэх эрх хүмүүст байхгүй, Миний ажил болон Миний үгийн юу зөв, юу буруу болохыг задлан шинжлэхэд тэд бүр ч тохирохгүй. Би бол бүтээлийн Эзэн бөгөөд бүтээгдсэн зүйлс Намайг хүндлэх зүрх сэтгэлээр Миний шаарддаг бүхнийг биелүүлэх ёстой; тэд Надад учирлахаар оролдох ёсгүй, ялангуяа эсэргүүцэх ёсгүй. Би Өөрийн эрх мэдлээр ард түмнээ засагладаг бөгөөд Миний бүтээлийн хэсэг болох бүх хүн Миний эрх мэдэлд захирагдах ёстой. Хэдийгээр өнөөдөр та нар Миний өмнө зоригтой, давилуун байж, Миний зааж сургадаг үгэнд дуулгаваргүй хандаж, ямар ч айдсыг мэддэггүй ч тэрслүү байдлыг чинь Би зөвхөн тэвчээрээр хариулдаг; шалихгүй жаахан өтнүүд овоолсон өтөг бууцан дахь хог шороог хөдөлгөснөөс болоод Би уурсаж, ажилдаа нөлөөлөхгүй. Эцгийнхээ хүслийн төлөө Би зэвүүцэж, үзэн яддаг бүх зүйлийнхээ үргэлжилсэн оршин тогтнолыг тэвчдэг агаад бүх айлдвар маань дуусах хүртэл, мөн Өөрийн эцсийн мөчийг хүртэл ийнхүү тэвчинэ. Санаа бүү зов! Би нэргүй өттэй ижил түвшинд очиж чадахгүй, мөн ур чадварынхаа хэмжээг чамтай харьцуулахгүй. Би чамайг үзэн яддаг ч тэвчиж чадна. Чи Надад дуулгаваргүй ханддаг ч Эцгийн минь Надад амласан, чамайг гэсгээх өдрөөс минь зугтаж чадахгүй. Бүтээгдсэн өтийг бүтээлийн Эзэнтэй харьцуулж болно гэж үү? Намар цагт, унаж буй навчис үндэс рүүгээ буцдаг; чи “эцгийнхээ” гэр лүү буцаж, Би Эцгийнхээ хажууд буцан очно. Намайг Эцгийн минь энхрий зөөлөн хайр дагалдаж, чамайг эцгийн чинь дэвслэлт дагана. Надад Миний Эцгийн алдар байх болно, чамд эцгийн чинь ичгүүр байна. Чамд хань болгохын тулд Би удаан хугацаанд барьж байсан гэсгээлтээ ашиглана, чи хэдэн арван мянган жилийн турш завхарсаар ирсэн хуршсан махан биеэрээ Миний гэсгээлттэй тулгарна. Чамд хийсэн, тэвчээр дагалдсан үгийн ажлаа Би дуусгасан байх болно, чи Миний үгэн дэх гай гамшгийг туулах үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Би асар ихээр баярлан хөөрч, Израильд ажиллана; чи цурхиран уйлж, шүдээ хавиран, шавар шавхай дунд амьдарч, насан эцэслэнэ. Би анхдагч хэлбэрээ эргүүлэн олж аваад, чамтай хамт бузар заваанд үлдэхээ болино, харин чи анхдагч үзэшгүй муухай байдлаа эргүүлэн олж аваад, овоолсон өтөг бууцыг нүхлэн амьдарсаар байна. Миний ажил болон үг дуусах үед энэ нь Миний хувьд баяр хөөртэй өдөр байх болно. Эсэргүүцэл, тэрслүү байдал чинь дуусах үед энэ нь чиний цурхиран уйлах өдөр байх болно. Би чамайг өрөвдөхгүй, чи Намайг дахин хэзээ ч харахгүй. Би чамтай ярилцахаа болино, чи Надтай дахин хэзээ ч тааралдахгүй. Би тэрслүү байдлыг чинь үзэн ядна, чи Миний хайр татам байдлыг санана. Би чамайг цохиж, чи Намайг дурсан санана. Би баяртайяа чамаас салж одно, чи Надад өртэйгээ мэднэ. Би чамайг дахин хэзээ ч харахгүй, харин чи Надад үргэлж найдлага тавина. Чи одоогоор Намайг эсэргүүцдэг учраас Би чамайг үзэн ядна, харин Би одоо чамайг гэсгээдэг учраас чи Намайг үгүйлэн санана. Би чамтай хамт амьдрахыг хүсдэггүй боловч үүнийг чи гашуунаар хүсэн эрмэлзэж, үүрд уйлна, учир нь чи Надад хийсэн бүхэндээ харамсана. Чи тэрслүү байдал болон эсэргүүцэлдээ харуусаж, харамссандаа бүр нүүрээ газарт наан, Миний өмнө унаад, Надад ахин хэзээ ч дуулгаваргүй хандахгүй хэмээн тангараглана. Гэхдээ чи зүрх сэтгэлдээ ганцхан Намайг хайрлах боловч Миний дуу хоолойг хэзээ ч сонсож чадахгүй. Би чамайг өөрөөсөө ичихэд хүргэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана

667. Одоо Би, Намайг аргалах цадиггүй махан биеийг чинь харж байгаа бөгөөд чамд зүгээр л бага зэрэг анхааруулга өгч байгаа ч чамд “үйлчлэхийн” тулд гэсгээлт ашиглахгүй. Чи Миний ажилд ямар үүрэг гүйцэтгэдгээ мэдэх ёстой, тэгвэл Би сэтгэл хангалуун байх болно. Үүнээс цааших асуудлууд дээр хэрвээ чи Намайг эсэргүүцвэл, Миний мөнгийг зарцуулбал, Ехова Надад зориулсан тахилыг идвэл, өтнүүд та нар нэг нэгнээ хазвал, эсвэл нохой шиг амьтад та нар тэмцэлдэж, өөр хоорондоо хүч хэрэглэвэл—Би алийг нь ч анхаарахгүй. Та нар өөрсдийгөө ямархуу зүйл болохоо л мэдэж байх хэрэгтэй ба тэгвэл Миний сэтгэл ханана. Энэ бүхнээс гадна, хэрвээ та нар нэг нэг рүүгээ зэвсэг далайж, үгээрээ өөр хоорондоо тэмцэлдэхийг хүсэж байвал тэгж болно; тийм зүйлсэд хөндлөнгөөс оролцох хүсэл Надад байхгүй, хүмүүсийн хоорондох хэрэг явдал Надад ямар ч хамаагүй. Би та нарын хоорондох зөрчилдөөнүүдийг анхаардаггүй юм биш; зүгээр л Би та нарын нэг биш, тиймээс та нарын дунд оршдог асуудлуудад оролцдоггүй. Би Өөрөө бүтээгдсэн зүйл биш бөгөөд энэ дэлхийнх биш тул хүмүүсийн үймсэн амьдрал болон тэдний хоорондох замбараагүй, зохисгүй харилцаануудыг үзэн яддаг. Би ялангуяа шуугин хашхиралдсан бөөн хүнийг үзэн яддаг. Гэхдээ Би бүтээгдсэн зүйл нэг бүрийн зүрх сэтгэл дэх хольцыг гүн гүнзгий мэддэг бөгөөд та нарыг бүтээхээсээ өмнө Би хүний зүрх сэтгэлийн гүнд оршдог шударга бус байдлыг аль хэдийн мэдэж байсан, мөн хүний зүрх сэтгэл дэх бүх шударга бус, зальжин байдлыг мэдэж байсан. Тиймээс хүмүүсийг зөвт бус зүйл хийх үед ямар ч ул мөр байхгүй байсан ч гэсэн, зүрх сэтгэлдээ өвөрлөсөн зөвт бус байдал чинь Миний бүтээсэн бүх зүйлийн баялаг байдлаас даван гардаг гэдгийг Би мөн л мэднэ. Та нар дор бүрнээ үй олон хүний оройд хүртэл өргөгдсөн; олон түмний өвөг дээдэс байхаар өргөгдсөн. Та нар туйлын зэрлэг балмад ба бүх өтний дунд галзууран гүйж, амар тайван орогнох газар эрж хайн, өөрсдөөсөө жаахан өтнүүдийг залгихаар оролддог. Зүрх сэтгэл чинь хорлонтой, зэвүүн байдаг бөгөөд далайн ёроолд живсэн хий үзэгдлүүдийг ч даван гарсан. Та нар өтөг бууцны ёроолд оршин сууж, дээрээс доорх хүртэл өтнүүдийг үймүүлэн амар тайванг нь алдагдуулж, өөр хоорондоо хэсэг зуур тэмцэлдээд, дараа нь тайвширдаг. Та нар өөрсдийн байрыг мэддэггүй мөртөө өтөг бууцан дотор бие биетэйгээ тэмцэлдсээр байдаг. Тийм тэмцлээс та нар юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар үнэхээр Намайг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байсан бол Миний ар хударгаар бие биетэйгээ тэмцэлдэж яаж чадах юм бэ? Байр суурь чинь хэчнээн өндөр байх нь хамаагүй, чи бол өтөг баасан доторх өмхий үнэртэй өчүүхэн өт хэвээр бус уу? Чи далавч ургуулан, тэнгэрийн тагтаа болж чадах уу? Өмхий үнэртэй, өчүүхэн жаахан өтнүүд та нар Ехова Миний тахилын ширээнээс тахил хулгайлдаг; ингэснээрээ та нар сүйрч, бүтэлгүйтсэн нэр хүндээ аварч, Израилийн сонгогдсон ардууд болж чадна гэж үү? Ичгүүргүй өөдгүй амьтад! Тахилын ширээн дээрх тэр тахилуудыг хүмүүс Намайг хүндэлдэг сайхан сэтгэлийнхээ илэрхийлэл болгон Надад өргөсөн юм. Тэдгээр нь Миний хяналт, Миний хэрэглээнд зориулагддаг тул чи хүмүүсийн Надад өгсөн бяцхан хүүрзгэнийг Надаас дээрэмдэж яаж болох юм бэ? Чи Иудас болохоос айдаггүй гэж үү? Газар нутаг чинь цусан талбай болохоос айхгүй байна уу? Ичгүүргүй амьтан! Хүмүүсийн өргөн барьсан хүүрзгэнүүд өт чиний ходоодыг тэжээхийн төлөө байдаг гэж чи бодож байна уу? Чамд Миний өгсөн зүйл бол чамд өгөхдөө үнэн сэтгэлээсээ, дуртайяа өгдөг зүйл юм; Миний чамд өгөөгүй зүйл Миний мэдэлд байх ёстой. Чи зүгээр л Миний тахилуудыг дураараа хулгайлж болохгүй. Ажиллаж буй Нэгэн бол бүтээлийн Эзэн—Ехова Би бөгөөд хүмүүс Надаас болж тахил өргөдөг. Энэ нь ийш тийш гүйсний чинь нөхөн төлбөр гэж чи бодож байна уу? Үнэхээр ичгүүргүй юм! Чи хэний төлөө ийш тийш гүйдэг юм бэ? Өөрийнхөө төлөө биш гэж үү? Чи яагаад Миний тахилуудыг хулгайлдаг юм бэ? Чи яагаад Миний түрийвчнээс мөнгө хулгайлдаг юм бэ? Чи Искариотын Иудасын хүү биш гэж үү? Ехова Надад өгсөн тахилуудыг тахилчид эдлэх учиртай. Чи тахилч мөн үү? Чи Миний тахилуудыг маадайн идэж зүрхэлдэг ба бүр тэдгээрийг ширээн дээр тавьдаг; чи ямар ч үнэ цэнгүй! Үнэ цэнгүй өөдгүй амьтан! Ехова Миний гал чамайг үнс нурам болгон шатаана!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Унаж буй навчис үндэс рүүгээ буцахад чи өөрийн хийсэн ёрын муу бүхэндээ харамсана

668. Би та нарын дунд ийм маягаар ажиллаж, үг хэлсэн, Би маш их эрч хүч, хүчин чармайлт зарцуулсан, гэвч Миний ний нуугүй хэлдэг зүйлийг та нар ер нь хэзээ сонсож байсан юм бэ? Та нар Төгс Хүчит Надад хаана мэхийн ёсолж байсан юм бэ? Та нар Надад яагаад ингэж ханддаг юм бэ? Яагаад та нарын хэлдэг, хийдэг бүхэн Миний уурыг хүргэдэг юм бэ? Яагаад та нарын зүрх сэтгэл ийм хатуу юм бэ? Би ер нь та нарыг цохин унагаж байсан уу? Яагаад та нар Намайг уй гашуу, түгшүүртэй болгохоос өөрийг хийдэггүй юм бэ? Та нар Ехова Миний уур хилэн өөрсөд дээр чинь буух өдрийг хүлээгээ юү? Дуулгаваргүй байдлаас чинь болж уураа илгээхийг минь та нар хүлээж байна уу? Миний хийдэг бүхэн та нарын төлөө байдаг бус уу? Гэтэл та нар Ехова Надад үргэлж ингэж хандаж ирсэн: тахилыг минь хулгайлж, бэлтрэг, зулзагануудыг тэжээхийн тулд Миний тахилын ширээн дээрх өргөлийг чонын үүрэн дэх гэртээ аваачиж; хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэж, ууртай харц, сэлэм жадтайгаар бие биетэйгээ нүүр тулж, баас шиг бохир заваан болгох гэж Төгс Хүчит Миний үгийг жорлон руу чулууддаг. Ёс жудаг чинь хаана байна? Хүн чанар чинь зэрлэг догшин болжээ! Зүрх сэтгэл чинь аль эрт чулуу болон хувирчээ. Миний уур хилэнгийн өдөр ирэх үе бол Төгс Хүчит Миний эсрэг өнөөдөр үйлддэг муу муухайг чинь шүүх үе байх болно гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Ийм маягаар Намайг хууран, Миний үгийг шавар шавхайд хаяж, сонсохгүй байснаар—Миний ар хударгаар ингэж авирласнаар Миний хилэнт харцнаас зайлсхийж чадна гэж та нар бодож байна уу? Миний тахилыг хулгайлж, Миний эд хөрөнгөд санаархахдаа та нар Ехова Миний нүдэнд аль хэдийн харагдсан гэдгээ мэдэхгүй байна уу? Миний тахилыг хулгайлах үедээ тахил өргөдөг тахилын ширээний өмнө хулгайлсан гэдгээ та нар мэдэхгүй байна уу? Намайг ийм маягаар хуурч чадахуйц ухаалаг гэдэгтээ та нар яаж итгэж чадав аа? Миний уур хилэн та нарын жигшүүрт нүглийг зүгээр орхиж яаж чадах юм бэ? Миний догшин уур омог муу ёрын үйлийг чинь зүгээр өнгөрөөж яаж чадах юм бэ? Өнөөдөр үйлддэг муу муухай чинь та нарт гарах гарц нээж өгөхгүй, харин маргаашийн гэсгээлтийг чинь хуримтлуулдаг; энэ нь Төгс Хүчит Миний гэсгээлтийг та нар луу өдөөдөг. Та нарын муу үг, муу үйл Миний гэсгээлтээс зайлж яаж чадах юм бэ? Залбирал чинь яаж Миний чихэнд хүрч чадах юм бэ? Та нарын зөв шударга бус байдалд Би гарах гарц нээж өгч яаж чадах юм бэ? Намайг эсэргүүцдэг муу үйлийг чинь Би яаж зүгээр өнгөрөөж чадах юм бэ? Могойнх шиг хорт хэлийг чинь Би яаж таслахгүй байж чадах юм бэ? Зөв шударга байдлынхаа төлөө та нар Намайг дууддаггүй, харин зөв шударга бус байдлынхаа үр дүнд уур хилэнг минь хуримтлуулдаг. Би та нарыг яаж уучилж чадах юм бэ? Төгс Хүчит Миний нүдэнд үг, үйлдэл чинь бузар заваан байдаг. Төгс Хүчит Миний нүд та нарын зөв шударга бус байдлыг өршөөлгүй гэсгээлт гэж хардаг. Миний зөвт гэсгээлт, шүүлт та нарыг орхиж яахан чадах билээ? Та нар Надад ингэж хандан, Намайг уйтгар гунигтай, уур хилэнтэй болгодог учраас Ехова Би та нарыг гараасаа бултуулж, та нарыг гэсгээж, хараах өдрөө орхиж яахан чадах билээ? Бүх муу үг, яриа чинь аль хэдийн Миний чихэнд хүрснийг та нар мэдэхгүй гэж үү? Та нарын зөв шударга бус байдал Миний зөвт байдлын ариун өмсгөлийг аль хэдийн буртагласныг мэдэхгүй гэж үү? Дуулгаваргүй байдал чинь аль эрт дүрсхийх уурыг минь хүргэсэн гэдгийг мэдэхгүй гэж үү? Аль хэдийнээс та нар Намайг хилэгнүүлж, тэвчээрийг минь барснаа мэдэхгүй гэж үү? Та нар Миний махбодыг аль хэдийн сүйдэлж, навсайлгаж орхисноо мэдэхгүй гэж үү? Би өнөөг хүртэл тэвчсэн, тийм болохоор Би уураа гаргаж, цаашид та нарт хүлээцтэй хандахгүй. Та нарын муу үйл аль хэдийн нүдэнд минь өртөж, Миний хашхираан аль хэдийн Эцэгийн минь чихэнд хүрсэн гэдгийг та нар мэдэхгүй байна уу? Надад ингэж хандахыг чинь Тэр яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нарт Миний хийдэг аливаа ажил та нарын төлөө байдаг бус уу? Гэтэл та нараас хэн чинь Ехова Миний ажлыг илүү их хайрлах болсон бэ? Би сул дорой учраас, мөн зовлон зүдүүр туулсан учраас Эцэгийнхээ хүсэлд үнэнч бус байдаг гэж үү? Та нар Миний зүрх сэтгэлийг ойлгохгүй байна уу? Би та нартай Еховагийн адилаар ярьж байна; Би та нарын төлөө өчнөөн ихийг орхиогүй гэж үү? Эцэгийнхээ ажлын төлөө энэ бүх зовлонг туулахад Би бэлэн байгаа хэдий ч Өөрийнхөө зовлонгоос үүдэн өөрсдөд чинь авчрах гэсгээлтээс та нар яаж чөлөөлөгдөж чадах юм бэ? Та нар Надаас маш ихийг эдлээгүй гэж үү? Өнөөдөр, Миний Эцэг Намайг та нарт хайрласан; та нар Миний элбэг дэлбэг үгээс хавьгүй ихийг эдэлсэн гэдгээ мэдэхгүй байна гэж үү? Миний амийг та нарын амиар болон эдэлдэг зүйлсээр чинь сольсон гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Миний Эцэг Сатантай тулалдахын тулд Миний амийг ашиглаж, бас та нарт Миний амийг хайрлаж, та нарт зуу дахин ихийг хүртээж, маш олон уруу таталтаас зайлсхийх боломж олгосныг мэдэхгүй гэж үү? Миний ажлаар л дамжуулан олон уруу таталт, олон ширүүн гэсгээлтээс чөлөөлөгдсөн гэдгээ та нар мэдэхгүй гэж үү? Надаас болж л Миний Эцэг та нарыг өнөөг хүртэл баясуулан цэнгүүлдэг гэдгийг мэдэхгүй гэж үү? Зүрх сэтгэлд чинь эвэр ургачихсан мэт та нар өнөөдөр яаж ийм хатуу, нугаршгүй хэвээр үлдэж чадна вэ? Намайг газар дэлхийгээс явсны дараа болох уур хилэнгийн өдрөөс өнөөдөр үйлдэж буй муу муухай чинь яаж мултарч чадах юм бэ? Ийм хатуу, нугаршгүй хүмүүсийг Би яаж Еховагийн уур хилэнгээс зугтаалгаж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

669. Өнгөрснийг бодоод үз: Та нар луу чиглэсэн харц минь хэзээ ууртай, дуу хоолой минь хэзээ ширүүн байсан юм бэ? Би хэзээ өчүүхэн зүйлээс болж та нартай маргалдаж байсан бэ? Би хэзээ та нарыг үндэслэлгүйгээр зэмлэж байсан бэ? Би хэзээ та нарыг нүүрэн дээр чинь зэмлэсэн бэ? Би ажлынхаа төлөө л, та нарыг уруу таталт болгоноос хамгаалахын тулд л Эцэгийгээ дууддаг бус уу? Яагаад та нар Надад ингэж ханддаг юм бэ? Та нарын махан биеийг цохиж унагахын тулд Би эрх мэдлээ ер нь ашигласан гэж үү? Та нар яагаад Миний ачийг ингэж хариулдаг юм бэ? Надад яаж хандах гэж байгаа нь мэдэгдэхгүй байсныхаа дараа та нар халуун ч биш, хүйтэн ч биш байдаг, тэгснээ Намайг аргалахаар оролдож, Надаас юм нуудаг ба ам чинь зөв шударга бус шүлсээр дүүрэн байдаг. Та нарын хэл Миний Сүнсийг хуурч чадна гэж бодож байна уу? Хэл чинь Миний уур хилэнгээс зугтаж чадна гэж бодоо юу? Хэл чинь Ехова Миний үйл хэргийг хүссэнээрээ шүүмжилж болно гэж бодоо юу? Би хүнээр шүүгддэг Бурхан гэж үү? Өчүүхэн өт хорхой Намайг ингэж доромжлохыг Би зөвшөөрч чадна гэж үү? Ийм дуулгаваргүй хөвгүүдийг Би мөнхийн ерөөлдөө байлгаж яаж чадах юм бэ? Та нарын үг, үйлдэл аль хэдийн ил болж, та нарыг ялласан. Би тэнгэрийг дэлгэж, бүх зүйлийг бүтээхдээ ямар ч бүтээлд дураараа оролцохыг зөвшөөрөөгүй, Миний ажлыг, Миний удирдлагыг хүссэнээрээ тасалдуулахыг ямар ч зүйлд бүр ч зөвшөөрөөгүй. Би хэнийг ч, юуг ч тэвчээгүй; Надад хүнлэг бус, харгис ханддаг тэднийг Би яаж өршөөж чадах юм бэ? Миний үгийн эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Би яаж уучилж чадах юм бэ? Надад дуулгаваргүй байдаг хүмүүсийг Би яаж өршөөж чадах юм бэ? Хүний хувь заяа Төгс Хүчит Миний гарт байдаг бус уу? Би чиний зөв шударга бус, дуулгаваргүй байдлыг яаж цэвэр ариун гэж үзэж чадах юм бэ? Нүгэл чинь Миний ариун байдлыг бузарлаж яаж чадах юм бэ? Би зөв шударга бус хүмүүсийн хольцоор бохирдохгүй, зөв шударга бус хүмүүсийн өргөлийг ч таалахгүй. Хэрвээ чи Ехова Надад үнэнч байсан бол Миний тахилын ширээн дээрх тахилуудыг өөртөө авч чадах байсан уу? Миний ариун нэрийг доромжлохын тулд хорт хэлээ ашиглаж чадах байсан уу? Ийм маягаар чи Миний үгийн эсрэг тэрсэлж чадах байсан уу? Миний алдар суу, ариун нэрийг чи муу ёрын нэгэн болох Сатанд үйлчлэх хэрэгсэл мэтээр үзэж чадах байсан уу? Ариун хүмүүсээр эдлүүлэхийн тулд Миний амь өгөгдсөн. Амиар минь хүссэнээрээ тоглож, өөр хоорондох зөрчилдөөнийхөө хэрэгсэл болгон ашиглахыг чинь Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нар яаж ийм харгис цэвдэг байж, сайны зам болон Надад хандах хандлагадаа яаж ийм дутуу дулимаг байж чадна вэ? Эдгээр амийн үгэнд Би ёрын муу үйлийг чинь аль хэдийн бичсэн гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Египетийг гэсгээх үеийн минь уур хилэнгийн өдрөөс та нар яаж зугтаж чадах юм бэ? Та нар ийм маягаар ахин дахин Намайг эсэргүүцэж, Надад тэрслэхийг Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Би та нарт илэн далангүй хэлье, цаг нь ирэхэд та нарын гэсгээлт Египетийнхээс илүү тэсвэрлэшгүй байх болно! Та нар Миний уур хилэнгийн өдрөөс яаж зугтаж чадах юм бэ? Би үнэнээр та нарт хэлье: Миний тэвчээр ёрын муу үйлийн чинь төлөө бэлтгэгдсэн ба тэр өдрийн гэсгээлтийн чинь төлөө оршдог. Намайг тэсгэл алдах үед уур хилэнт шүүлт амсах хүмүүс нь та нар бус уу? Бүх зүйл Төгс Хүчит Миний гарт байдаг бус уу? Тэнгэрийн дор Надад ингэж дуулгаваргүй хандахыг чинь Би яаж зөвшөөрч чадах билээ? Ирнэ гэгдэж байсан атлаа хэзээ ч ирээгүй Мессиатай уулзсан учраас та нарын амьдрал маш хэцүү байх болно. Та нар Түүний дайснууд биш үү? Есүс та нарын анд нөхөр байсан ч та нар Мессиагийн дайсан юм. Та нар Есүстэй анд нөхөр ч гэсэн, ёрын муу үйл чинь жигшүүрт хүмүүсийн савыг дүүргэсэн гэдгийг мэдэхгүй гэж үү? Та нар Еховатай маш ойр дотно байдаг ч ёрын муу үг чинь Еховагийн чихэнд хүрч, уур хилэнг нь бадраасан гэдгийг мэдэхгүй гэж үү? Тэр яаж чамтай ойр дотно байж, муу үйлээр дүүрэн савыг чинь шатаахгүй байж чадах юм бэ? Тэр яаж чиний дайсан биш байх юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Махан биетэй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй

670. Та нар бүгд дэгжин суудалд сууж, өөрсөдтэйгээ адил төрлийн залуу үеийнхэнд зааж сурган, тэднийг бүгдийг нь өөртэйгээ хамт суулгадаг. “Үр удам” чинь аль хэдийн амьсгаагүй болж, Миний ажлыг алдсан гэдгийг та нар огт мэддэггүй. Миний алдар суу Зүүн зүгийн газар нутгаас баруун зүгийн газар нутаг хүртэл гялбуулдаг боловч ертөнцийн зах хязгаар хүртэл тархаад, урган гарч, гэрэлтэж эхлэх үед нь Би Зүүний алдраа буцаан авч, баруун зүгт аваачна, ингэснээр Зүүн зүгт Намайг орхисон, харанхуйн хүмүүс тэр цагаас эхлээд гэрэлтүүлэлтээс хагацна. Тэр үед та нар сүүдэрт хөндийд амьдарна. Хэдийгээр өнөөгийн хүмүүс өмнөхөөсөө зуу дахин илүү дээр боловч Миний шаардлагад нийцэж чадахгүй хэвээр байгаа ба Миний алдрын гэрчлэл биш хэвээр байгаа. Та нар урьдынхаасаа зуу дахин илүү дээр байж чадаж байгаа нь бүхэлдээ Миний ажлын үр дүн юм; энэ нь газар дээрх Миний ажлаас бий болсон үр жимс билээ. Гэвч Би та нарын үг, үйл хэрэг, түүнчлэн ёс жудгийг үзэн ядсаар байдаг бөгөөд Миний өмнө гаргаж байгаа үйлдэлд чинь туйлын их дургүйцдэг, учир нь та нарт Миний талаар ямар ч ойлголт байдаггүй. Тэгвэл та нар яаж Миний алдрыг амьдран харуулж, яаж Миний хожмын ажилд туйлын үнэнч байж чадах юм бэ? Та нарын итгэл маш сайхан; та нар бүх амьдралаа Миний ажлын төлөө зарлагадаж, үүний төлөө амьдралаа золиослоход бэлэн гэж хэлдэг боловч зан чанар чинь тийм ч их өөрчлөгдөөгүй. Бодит ааш авир чинь тун өөдгүй гэх баримтыг үл харгалзан та нар биеэ тоосон байдлаар ярьдаг. Хүмүүсийн хэл болон уруул тэнгэрт байдаг хэдий ч хөл нь хаа хол газар дээр байгаа мэт байдаг бөгөөд үүний үр дүнд тэдний үг, үйл хэрэг, нэр төр гутамшигтай хэвээр байдаг. Та нарын нэр төр сүйрч, намба төрх чинь доройтсон, ярьж байгаа байдал чинь дорд, амьдрал чинь жигшүүртэй, тэр ч бүү хэл, хүн чанар чинь тэр чигтээ олиггүй дорд болсон. Та нар бусдад явцуу сэтгэлээр ханддаг бөгөөд жижиг сажиг юм бүр дээр маргалддаг. Та нар нэр төр, байр сууриасаа болж там руу, галт нуур луу унахад ч бэлэн байх хэмжээнд хүртлээ хэрэлдэж муудалцдаг. Одоогийн үг болон үйл хэрэг чинь та нарыг нүгэлтэй гэж тодорхойлоход минь хангалттай. Миний ажилд хандах хандлага чинь та нарыг зөв шударга бус хүмүүс гэж тодорхойлоход минь хангалттай бөгөөд жигшил зэвүүцлээр дүүрэн бузар сүнснүүд гэдгийг чинь харуулахад зан чанар чинь хангалттай. Та нарын харуулж, илчилж байгаа зүйл та нарыг бузар сүнсний цусыг ханатлаа уусан хүмүүс гэж хэлэхэд хангалттай байдаг. Хаанчлалд орох тухай дурдах үед та нар мэдрэмжээ илчилдэггүй. Одоо байгаа байдал чинь Миний тэнгэрийн хаанчлалын хаалгаар ороход хангалттай гэж та нар бодож байна уу? Үг болон үйл хэрэг чинь эхлээд Миний туршилтыг туулахгүйгээр та нар Миний ажил болон үгийн ариун газарт орж чадна гэж итгэж байна уу? Миний хоёр нүдийг хэн хууран мэхэлж чадах юм бэ? Та нарын жигшүүртэй, дорд ааш авир болон яриа яаж Миний харцнаас зайлж чадах юм бэ? Та нарын амьдралыг Би тэдгээр бузар сүнсний цусыг ууж, махыг идэх амьдрал хэмээн тодорхойлсон, учир нь та нар Миний өмнө өдөр бүр тэднийг дуурайдаг. Миний өмнө та нарын зан авир тун муу байсаар ирсэн болохоор Би яаж зэвүүцэхгүй байж чадах юм бэ? Та нарын үг бузар сүнсний хольцыг агуулдаг: Та нар хар шид хийдэг хүмүүсийн адилаар, мөн тэрслүү агаад зөвт бусын цусыг уудаг хүмүүсийн адилаар аргалж, нуун далдалж, зусарддаг. Хүний бүх илэрхийлэл туйлын зөв шударга бус байдаг тул зөв шударга хүмүүсийн байдаг ариун газарт яаж бүх хүнийг байрлуулж болох юм бэ? Жигшүүртэй зан авир чинь чамайг зөвт бус хүмүүстэй харьцуулахад ариун хэмээн ялгаж чадна гэж чи бодож байна уу? Могойнх шиг хэл чинь, сүйрэл учруулж, зэвүүцэл төрүүлдэг энэ махан биеийг чинь эцэст нь мөхөөх бөгөөд бузар сүнсний цусаар хучигдсан гар чинь ч бас эцэст нь чиний сүнсийг там руу чангаана. Тэгвэл чи бузраар хучигдсан гараа цэвэрлэхийн тулд яагаад энэ боломжийг шүүрэн авахгүй гэж? Зөв шударга бус үг хэлдэг хэлээ таслахын тулд чи яагаад энэ боломжийг ашиглахгүй гэж? Өөрийнхөө хоёр гар, хэл болон уруулын төлөө чи тамын галд зовоход бэлэн байгаа юм гэж үү? Хүн төрөлхтнийг бүтээхээсээ хавьгүй өмнө зүрх сэтгэлийг нь гартаа атгаж байсан учраас Би хүн бүрийн зүрх сэтгэлийг хоёр нүдээрээ ажигладаг. Би хүмүүсийн зүрх сэтгэлийг аль эртнээс нэвт шувт харсан тул тэдний бодол санаа Миний харцнаас зайлж яахан чадах билээ? Тэд Миний Сүнсний шатаалтаас зугтаж яахан амжих билээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!

671. Би та нарын дунд байж, хэд хэдэн хавар, намрын турш та нартай харилцсан; Би та нарын дунд удаан хугацаанд амьдарч, та нартай хамт амьдарсан. Та нарын жигшүүртэй зан авирын хэр их нь яг Миний нүдний өмнүүр бултсан бэ? Та нарын үнэн сэтгэлийн үг Миний чихэнд тасралтгүй цуурайтаж байна; та нарын сая сая хүсэл эрмэлзэл Миний тахилын ширээн дээр тавигдсан—бүр тоолохын ч аргагүй дэндүү олон. Гэсэн ч та нарын зориулалт болон зарлагадсан зүйл өчүүхэн төдий ч байдаггүй. Миний тахилын ширээн дээр та нар жаахан ч болов чин сэтгэл тавьдаггүй. Надад итгэх итгэлийн чинь үр жимс хаана байна вэ? Та нар Надаас эцэс төгсгөлгүй нигүүлсэл хүлээн авч, тэнгэрийн эцэс төгсгөлгүй нууцуудыг харсан; тэр ч байтугай Би та нарт тэнгэрийн гал дөлийг харуулсан боловч та нарыг шатаах сэтгэл Надад байгаагүй. Гэсэн ч хариуд нь та нар Надад хэр ихийг өгсөн бэ? Надад хэр ихийг өгөхөд бэлэн байна вэ? Миний чамд өгсөн хоолыг гартаа бариад чи эргэж, үүнийгээ Надад өргөдөг, тэр ч бүү хэл шаргуу ажлынхаа хөлсөнд олсон зүйл чинь энэ бөгөөд байгаа бүхнээ Надад өргөн барьж байна гэж ч хэлдэг. Надад өгч буй “хувь нэмэр” чинь бүгд Миний тахилын ширээнээс хулгайлагдсан зүйл гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Түүнчлэн, одоо үүнийг Надад өргөн барьж байгаа чинь Намайг мэхэлж байгаа хэрэг бус уу? Өнөөдөр Би, шаргуу ажлынхаа хариуд чиний олж, Надад өргөн барьсан зүйлийг биш, харин Өөрийн тахилын ширээн дээрх бүх тахилыг эдэлдэг гэдгийг чи яаж мэдэхгүй байх юм бэ? Та нар үнэндээ ийм маягаар Намайг хуурч зүрхэлдэг тул Би яаж та нарыг өршөөж чадах юм бэ? Би үүнийг цаашид яаж тэвчиж чадах юм бэ? Би бүхнийг та нарт өгсөн. Би та нарт бүхнийг нээж, хэрэгцээг чинь хангаж, нүдийг чинь нээсэн атал та нар Намайг ийм маягаар мэхэлж, мөс чанараа үл ойшоодог. Би амь биеэ үл хайрлан бүх зүйлийг та нарт хайрласан болохоор хэдий та нар зовдог ч тэнгэрээс Миний авчирсан бүхнийг Надаас мөн л олж авсан. Гэсэн ч та нарт ямар ч зориулалт байхгүй бөгөөд өчүүхэн жаахан хувь нэмэр оруулсан ч гэсэн дараа нь та нар Надтай “тооцоо хийхээр” оролддог. Чиний хувь нэмэр юу ч үгүйтэй адил биш гэж үү? Надад өгсөн зүйл чинь элсний ширхэг төдий боловч Надаас гуйсан зүйл чинь нэг тонн алт юм. Чи зүгээр л бодлогогүй байгаа бус уу? Би та нарын дунд ажилладаг. Өөр нэмэлт тахил байтугай, Надад өгөх ёстой аравны нэгийн ул мөр ч огт байдаггүй. Үүнээс гадна, үнэн сүсэгт хүмүүсийн өргөсөн аравны нэгийг ч хорон муу нэгэн булаан авдаг. Та нар бүгд Надаас холдон тараагүй гэж үү? Та нар бүгд Надтай дайсагнадаггүй гэж үү? Та нар бүгд Миний тахилын ширээг сүйтгэж байгаа биш үү? Ийм хүмүүс яаж Миний нүдэнд эрдэнэс шиг харагдаж чадах юм бэ? Тэд Миний үзэн яддаг гахай, нохой биш гэж үү? Та нарын муу үйлийг Би яаж эрдэнэс гэж хэлж чадах юм бэ? Миний ажил үнэндээ хэний төлөө хийгддэг вэ? Өөрийн эрх мэдлийг илчлэхийн тулд та нарыг бүгдийг нь цохин унагах л зорилготой байдаг юм гэж үү? Та нарын амьдрал бүгд Надаас гарах ганцхан үгэн дээр тогтдоггүй гэж үү? Яагаад Би та нарт зааварлахын тулд үгийг л ашиглаад, та нарыг аль болох хурдан цохин унагаахын тулд үгийг бодит баримт болгон хувиргахгүй байгаа юм бэ? Миний үг болон ажлын зорилго ердөө хүн төрөлхтнийг цохин унагаахын төлөө байдаг уу? Би гэмгүй хүнийг ялгаварлахгүйгээр хөнөөдөг Бурхан гэж үү? Яг одоо хүний амьдралын зөв замыг эрж хайхын тулд та нарын хэчнээн нь бүхий л оршихуйгаараа Миний өмнө ирж байна вэ? Миний өмнө та нарын бие л байдаг; зүрх сэтгэл чинь мөн л эрх дураараа, Надаас холын холд байдаг. Миний ажил үнэндээ юу болохыг мэддэггүй учраас та нарын зарим нь Намайг орхин одож, өөрсдийгөө Надаас холдуулж, ямар ч гэсгээлт, шүүлт байдаггүй диваажинд амьдрахаар найддаг. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлдээ хүсдэг зүйл биш гэж үү? Би мэдээж чамайг албадахаар оролдоогүй. Ямар замаар явах чинь чиний өөрийн сонголт. Өнөөдрийн зам нь шүүлт, хараал дагалддаг зам боловч та нарт Миний хайрласан бүхэн—шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай хамаагүй, Миний өгч чадах хамгийн сайхан бэлэг бөгөөд та нарт яаралтай хэрэгтэй бүх зүйл юм гэдгийг та нар бүгд мэдэх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар бүгд маш жудаггүй!

672. Сатаны завхруулсан бүх сүнс Сатаны эзэмшилд олзлогдсон байдаг. Христэд итгэдэг хүмүүс л тусгаарлагдаж, Сатаны баазаас аврагдаж, өнөөдрийн хаанчлалд хүргэгдсэн. Энэ хүмүүс цаашид Сатаны нөлөөн дор амьдрахгүй. Тэгсэн ч гэсэн, хүний уг чанар махан биед нь үндэслэсэн хэвээр байдаг, өөрөөр хэлбэл, та нарын сүнс аврагдсан ч уг чанар чинь урьдынх шигээ хэвээр байдаг бөгөөд Надаас урвах магадлал чинь зуун хувь хэвээр үлдэнэ. Тийм учраас, та нарын уг чанар хэтэрхий гуйвшгүй тул Миний ажил ийм удаан үргэлжилдэг. Одоо та нар үүргээ биелүүлэхдээ чадлынхаа хэрээр зовлон бэрхшээл туулж байгаа ч дор бүрнээ Надаас урваж, Сатаны эзэмшил рүү, түүний бааз руу буцаж, хуучин амьдралдаа эргэн орж чадна—энэ бол үгүйсгэхийн аргагүй баримт юм. Тэр үед та нар одоогийнх шигээ бага зэргийн хүн чанартай, хүний төрхтэй байх боломжгүй болно. Ноцтой тохиолдолд, та нар устгагдана, түүнээс гадна хэзээ ч дахин төрлөө олохгүйгээр үүрд мөхөж, хатуу шийтгүүлнэ. Энэ бол та нарын өмнө тулгарсан асуудал юм. Би нэгдүгээрт, ажлаа талаар болгохгүйн тулд, хоёрдугаарт, та нарыг бүгдийг нь гэрэл гэгээтэй өдрүүдэд амьдруулахын тулд ийм маягаар та нарт сануулж байна. Үнэн хэрэгтээ Миний ажил талаар болох эсэх нь гол асуудал биш. Та нар аз жаргалтай амьдрал, гайхалтай сайхан ирээдүйтэй байж чадах нь гол чухал юм. Миний ажил бол хүмүүсийн сүнсийг аврах ажил. Хэрвээ чиний сүнс Сатаны гарт орвол, бие чинь амар тайван амьдрахгүй. Хэрвээ Би чиний биеийг хамгаалж байгаа бол сүнс чинь Миний халамжин дор байх нь гарцаагүй. Хэрвээ Би чамайг үнэхээр үзэн ядвал чиний сүнс болон бие тэр даруй Сатаны гарт орно. Тэр үед нөхцөл байдал чинь ямар байхыг чи төсөөлж чадах уу? Хэрвээ нэг л өдөр та нар Миний үгийг ойлгохгүй байвал Би уураа бүрэн гартал бүгдийг чинь Сатанд гардуулан өгч, шаналгаат тарчлаанд өртүүлнэ, эсвэл Надаас урвадаг зүрх сэтгэл чинь хэзээ ч өөрчлөгдөөгүй байх учраас засаршгүй хүмүүс та нарыг Би биечлэн шийтгэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2

673. Миний ажлын сүүлийн үе шатанд та нар үүргээ гойд сайн биелүүлж чадах ба хайнга хандахаа болиод үнэн сэтгэлээсээ өөрсдийгөө зориулна гэж л Би найддаг. Мэдээж, та нар бүгд сайхан хүрэх газартай байна гэж ч найддаг. Гэсэн хэдий ч, Надад цорын ганц, эцсийн үнэнч байдлаа өргөх хамгийн сайн шийдвэрийг та нараар гаргуулах Өөрийн гэсэн шаардлага Надад байсаар байгаа. Хэрвээ хүнд тийм цорын ганц үнэнч байдал байхгүй бол тэр хүн мэдээж Сатаны нандин эзэмшил бөгөөд Би түүнийг ашиглана гэж хадгалахаа болиод, харин эцэг эхээр нь асруулахаар гэр лүү нь явуулна. Миний ажил та нарт маш их ач тустай; Би та нараас үнэнч, өөдөө тэмүүлдэг зүрх сэтгэлийг л авна гэж найддаг ч одоог хүртэл Би гар хоосон байсаар байна. Энэ тухай бодоод үз: Нэг өдөр Би мөн л үгээр хэлэхийн аргагүй их гомдвол та нарт хандах хандлага минь тэр үед ямар байх вэ? Би одоогийнх шигээ эелдэг байх уу? Миний зүрх сэтгэл тэр үед одоогийнх шигээ амар амгалан байх уу? Тариалангийн талбайгаа уйгагүй хагалчхаад ганц ч үр тариа хурааж чадаагүй хүний мэдрэмжийг та нар ойлгож байна уу? Хүнд цохилтод орох үедээ хүний зүрх сэтгэл хэчнээн их шархалдгийг ойлгож байна уу? Нэгэн цагт итгэл найдвараар тун дүүрэн байсан ч хэн нэгэнтэй муудалцан салах ёстой болсон хүний гашуун зовлонг та нар амсаж чадах уу? Уур нь хүрсэн хүний гаргасан уур хилэнг та нар харж байсан уу? Дайсагнал амсаж, хууртагдаж байсан хүний өс хонзонгоо авах эрмэлзэл ямар байдгийг та нар мэдэх үү? Хэрвээ та нар энэ хүмүүсийн сэтгэхүйг ойлгож байвал залхаан цээрлүүлэлтийнхээ үеэр Бурхан ямар хандлагатай байхыг төвөггүй ойлгоно гэж Би бодож байна! Эцэст нь, та нар бүгд хүрэх газрынхаа төлөө нухацтай хичээл чармайлт гаргана гэж Би найдаж байна, гэхдээ хичээл чармайлтдаа овжин арга ашиглахгүй байсан чинь дээр, эс бөгөөс Би зүрх сэтгэлдээ та нарт урам хугарсан хэвээр байх болно. Тэгвэл энэ урам хугарсан байдал юунд хүргэх вэ? Та нар өөрсдийгөө хуурч байгаа бус уу? Хүрэх газрынхаа тухай боддог атлаа үүнийгээ сүйтгэдэг хүмүүс бол хамгийн аврагдах боломжгүй хүмүүс юм. Ийм хүн уурлаж, унтууцсан ч гэсэн хэн түүнийг өрөвдөх билээ? Товчхондоо, Би та нарыг тохиромжтой, бас сайн хүрэх газартай байгаасай гэж хүссэн хэвээр байгаа бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, та нарын нэг нь ч гамшигт унахгүй гэж найдаж байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай

674. Миний сүүлчийн ажил хүнийг шийтгэхийн төлөө төдийгүй, мөн хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө байдаг. Түүнчлэн энэ нь бүх хүнд Миний үйл хэрэг, үйлдлийг хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө байдаг. Миний хийсэн бүхэн зөв, мөн Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл, харин хүний үйл хэрэг биш бөгөөд хүн төрөлхнийг бий болгосон нь байгаль бүр ч биш, харин бүтээлийн амьд зүйл бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм гэдгийг хүн нэг бүрд харуулахыг Би хүсдэг. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн мөхөж, гай зовлонгийн дайралтад л өртөнө. Үзэсгэлэнт нар, сарыг, эсвэл ногоон дэлхийг нэг ч хүн дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн гагцхүү хүйтэн шөнө, туулахын аргагүй үхлийн харанхуйн хөндийтэй л тулгарна. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, түүнчлэн Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн билээ. Надгүйгээр хүн төрөлхтөн дорхноо зогсонги байдалд орно. Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрлийн гай зовлон амсаж, төрөл бүрийн сүнсний хөлд гишгэлэгдэнэ, гэхдээ хэн ч Намайг анхаардаггүй. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн бөгөөд хүн зарим нэг сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэж л найддаг. Тун цөөхөн хүн Миний ачийг хариулж чадсан хэдий ч Би хүний ертөнц дэх аянаа ямар ч атугай дуусгаж, ажлынхаа дараагийн алхмыг эхлүүлнэ, учир нь энэ олон жилийн турш хүмүүсийн дунд ийш, тийш гүйсэн минь бүгд үр дүнтэй байсан бөгөөд Би тун сэтгэл хангалуун байна. Би хүмүүсийн тоог биш, харин тэдний сайн үйлийг л анхаардаг. Товчхондоо, та нар өөрсдийн хүрэх газарт зориулан хангалттай сайн үйл бэлдэнэ гэж Би найддаг. Тэгвэл Би сэтгэл хангалуун болно; эс бөгөөс та нарт тохиолдох гамшгаас хэн ч зугтаж чадахгүй. Гамшиг Надаас үүдэлтэй бөгөөд мэдээж Би зохион байгуулдаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайн харагдаж чадахгүй бол гай гамшгийн зовлон амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд, та нарын үйлдэл, үйл хэрэг чинь бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл, хайр хий хоосон бөгөөд хулчгар юм уу хатуужилтай гэдгээ л та нар харуулсан. Энэ тухайд Би зөвхөн сайн, муу гэдгийг шүүнэ. Та нарын тус тусын бүх үйлдэл, бүх илэрхийллийг Би анхаарсаар байдаг бөгөөд үүний үндсэн дээр төгсгөлийг чинь тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Тайлбар:

а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.

б. Эх бичвэрт “Ийнхүү” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 13.2. Хүнд хандсан Бурханы ятгалга, тайтгарал

Дараах: 14. Хүний үр дүнг тодорхойлох Бурханы стандартын тухай болон төрөл бүрийн хүний төгсгөлийн тухай үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх