14. Хүний үр дүнг тодорхойлох Бурханы стандартын тухай болон төрөл бүрийн хүний төгсгөлийн тухай үгс
675. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Бурханаар эцэст нь авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; эс бөгөөс хүн төрөлхтний нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний тэрслүү элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, газар дээр хүн төрөлхтний илүү өндөр байдалд орж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдөрт орж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэхийг нь цаашид зөвшөөрөхгүй. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд ёрын муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханы төлөө хөдөлмөрлөсөн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд ёрын муу байдлынхаа улмаас, тэрслүү байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй. Хүн төрөлхтний дундах ариун хүмүүс амралтад ормогц сүнс ч бай, махан биед амьдарсаар байгаа хүмүүс ч бай хамаагүй, мууг үйлдэгчид болон аврагдаагүй хүмүүс бүгд устгагдана. Мууг үйлдэгч энэ сүнснүүд болон хүмүүс, зөв шударга хүмүүсийн сүнс болон зөв шударгыг үйлдэгч хүмүүсийн тухайд гэвэл, ямар эринд байгаагаас үл хамааран ёрын муу хүмүүс эцэстээ бүгд устгагдаж, зөв шударга бүх хүн амьд үлдэнэ. Хүн, эсвэл сүнс аврал хүртэх эсэх нь тэр чигтээ сүүлийн эрин үеийн ажилд үндэслэн шийдэгддэггүй; харин тэд Бурханыг эсэргүүцсэн үү, эсвэл Бурханы эсрэг тэрсэлсэн үү гэдэгт үндэслэн тодорхойлогддог. Өмнөх эринд мууг үйлдээд, аврал хүртэж чадаагүй хүмүүс эргэлзээгүй шийтгэлийн бай болох бөгөөд одоогийн эринд мууг үйлддэг, аврагдаж чадахгүй хүмүүс ч бас шийтгэлийн бай болох нь гарцаагүй. Хүмүүсийг амьдардаг эринийх нь дагуу биш, харин сайн муугийн үндсэн дээр ангилдаг. Ийнхүү ангилмагцаа тэднийг тэр даруй шийтгэж, шагнадаггүй; харин Бурхан эцсийн өдрүүд дэх байлдан дагуулалтын ажлаа хийж дууссаныхаа дараа л мууг шийтгэх, сайныг шагнах ажлаа гүйцэтгэнэ. Үнэндээ Тэрээр хүн төрөлхтнийг аврах ажлаа хийж эхэлснээсээ хойш хүмүүсийг сайн муугаар нь ангилсаар ирсэн. Гэхдээ Өөрийнх нь ажил дууссаны дараа л Тэрээр зөв шударга хүмүүсийг шагнаж, ёрын мууг шийтгэнэ; ажлаа дуусгаад Тэр тэднийг ангилж, дараа нь мууг шийтгэж, сайныг шагнах ажлаа нэн даруй эхэлдэг юм биш. Харин ч Өөрийнх нь ажил бүрэн дуусах үед л үүнийг хийнэ. Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь ганцхан зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр бүрэн ариусгагдсан хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
676. Хүн төрөлхтөн амралтад орохоос өмнө төрөл бүрийн хүн шийтгэгдэх үү, шагнагдах уу гэдэг нь үнэнийг эрж хайсан эсэх, Бурханыг мэддэг эсэх, нүдэнд үзэгддэг Бурханд дуулгавартай байж чаддаг эсэхээр тодорхойлогдоно. Нүдэнд үзэгддэг Бурханы төлөө хөдөлмөрлөсөн боловч Түүнийг мэддэггүй, дуулгавартай дагадаггүй хүмүүст үнэн байдаггүй. Энэ хүмүүс бол мууг үйлдэгчид бөгөөд мууг үйлдэгчид гарцаагүй шийтгэлийн бай болно; түүнчлэн тэд ёрын муу үйл хэргийнхээ дагуу шийтгүүлнэ. Хүмүүс Бурханд итгэж, бас Түүнийг дуулгавартай дагаваас зохино. Тодорхойгүй, үл үзэгдэх Бурханд л итгэдэг хүмүүс бол Бурханд итгэдэггүй, Бурханд захирагдаж чаддаггүй хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс, Бурханы байлдан дагуулалтын ажил дуусах үед нүдэнд үзэгддэг Бурханд мөн л итгэж чадахгүй, махбод дахь нүдэнд үзэгддэг Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцсээр байх юм бол энэ “тодорхойгүй үзэлтнүүд” эргэлзээгүй сүйрлийн бай болно. Та нарын дунд буй зарим хүн—бие махбодтой болсон Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрдөг ч бие махбодтой болсон Бурханд дуулгавартай байх үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бүх хүн эцэстээ таягдан хаягдаж, устгагдана. Түүнчлэн, нүдэнд үзэгддэг Бурханыг үгээрээ хүлээн зөвшөөрч, Түүний илэрхийлсэн үнэнийг идэж, уудаг мөртөө тодорхойгүй, үл үзэгдэх Бурханыг ч бас эрэлхийлдэг бүх хүн бүр ч илүүтэйгээр мөхлийн бай болно. Энэ хүмүүсийн аль нь ч Бурханы ажил дууссаны дараа амралтын цаг ирэх хүртэл үлдэж чадахгүй, амралтын цаг ирэх хүртэл ийм хүмүүстэй төстэй ганц ч хүн үлдэж чадахгүй. Чөтгөрийн хүмүүс үнэнийг хэрэгжүүлдэггүй; Бурханыг эсэргүүцэж, тэрслэх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханыг дуулгавартай дагах санаа зорилго тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдана. Чамд үнэн байгаа эсэх, чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, хааяа яаж ярьж, үйлддэгээс биш, харин мөн чанараас чинь хамаардаг. Хүн устгагдах уу, үгүй юу гэдэг нь мөн чанараар нь тодорхойлогддог; энэ нь хүний зан авир, үнэний эрэлхийллээр илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Бүгд ажил хийдэг, ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас хүн чанарын мөн чанар сайтай, үнэнийг эзэмшдэг хүмүүс бол үлдэх хүмүүс, харин хүн чанарын мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгддэг Бурханы эсрэг тэрсэлдэг хүмүүс бол сүйрлийн бай болох хүмүүс юм. Хүн төрөлхтний хүрэх газартай хамаатай Бурханы бүх ажил юм уу үг нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцана; өчүүхэн ч эндүүрэл тохиолдохгүй, үүнээс ч илүүтэйгээр ганц ч алдаа мадаг гарахгүй. Хүмүүс ажил хийх үед л хүний мэдрэмж, утга санаа үүнд холилддог. Бурханы хийдэг ажил хамгийн зохистой; Тэрээр аливаа бүтээгдсэн зүйлийг огтхон ч хилсээр буруутгадаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
677. Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол ёрын муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, ёрын муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн боддог; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний ёрын муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Өөрийнх нь төлөө зарлагадан тодорхой цаг хугацааг өнгөрүүлснээс нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Ёрын муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байдаг, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алддаг бол мөн нэгэнтээ Бурханы төлөө үнэнчээр хөдөлмөрлөж байсан энэ хүмүүс эцэстээ Бурханд гэрчлэл хийж чадахгүй, оногдсон үүргээ биелүүлж чадахгүй хэвээр байдаг бол тийм хүмүүс сүйрлийн бай хэвээр байх болно. Товчхондоо бол ёрын муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
678. Хүн ерөөл хүртэх, зовлон амсах эсэх нь тухайн хүний мөн чанарын дагуу тодорхойлогддог болохоос бусдынхтай адил нийтлэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддоггүй. Хаанчлалд иймэрхүү хэллэг, эсвэл дүрэм журам огт байдаггүй. Хүн эцэстээ амьд үлдэж чадвал Бурханы шаардлагыг хангаснаас болж байгаа бөгөөд эцэстээ амралтын үе хүртэл үлдэж чадахгүй бол Бурханы эсрэг тэрсэлж, Бурханы шаардлагыг хангаагүйгээс болж байгаа юм. Хүн бүрд тохирох хүрэх газар гэж бий. Энэ хүрэх газар нь хувь хүн бүрийн мөн чанарын дагуу тодорхойлогддог бөгөөд бусад хүмүүстэй ямар ч хамаагүй. Хүүхдийн ёрын муу үйлдлийг эцэг эхэд нь тохож болохгүй, зөв шударгыг нь ч эцэг эхтэй нь хуваалцаж болохгүй. Эцэг эхийнх нь ёрын муу үйлдлийг үр хүүхдэд нь тохож болохгүй, мөн эцэг эхийнх нь зөв шударгыг үр хүүхдүүдтэй нь хуваалцаж болохгүй. Хүн бүр өөрсдийн нүглийг үүрч, хүн бүр тус тусын ерөөлийг эдэлдэг. Хэн ч өөр хүнийг орлож чадахгүй; энэ нь зөвт байдал юм. Хүний өнцгөөс бол хэрвээ эцэг эх нь ерөөл хүртвэл үр хүүхдүүд нь ч бас хүртэж чадах бөгөөд үр хүүхдүүд нь мууг үйлдвэл эцэг эх нь тэдний нүглийг нөхөн төлөх ёстой байдаг. Энэ бол хүний үзэл бодол, аливааг хийх хүний арга зам юм; энэ нь Бурханы үзэл бодол биш. Хүн бүрийн төгсгөл, үйлдлээс нь гардаг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог ба энэ нь үргэлж зүй зохистойгоор тодорхойлогддог. Хэн ч өрөөл бусдын нүглийг үүрч чадахгүй; тэр тусмаа хэн ч өөр хүний оронд шийтгэл хүлээж чадахгүй. Энэ нь маргаангүй. Үр хүүхдээ гэх эцэг эхийн хайр халамж байлаа гээд үр хүүхдийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш, мөн эцэг эхээ гэсэн үр хүүхдийн ачлалт хайр байлаа гээд эцэг эхийнхээ оронд зөв шударга үйл хийж чадна гэсэн үг биш. “Тэр үед хоёр хүн талбайд байна; нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. Хоёр эмэгтэй тээрэм дээр тээрэмдэж байна; нэгийг нь авч, нөгөөг нь орхино” гэх үгийн жинхэнэ утга учир энэ юм. Үр хүүхдээ гэх их хайрандаа үндэслэн мууг үйлдэгч хүүхдүүдээ амралтад аваачиж хэн ч чадахгүй, мөн өөрийн зөв шударга үйлдлийн үндсэн дээр эхнэрээ (эсвэл нөхрөө) амралтад аваачиж хэн ч чадахгүй. Энэ бол захиргааны дүрэм; хэн ч үүнээс ангид байж чадахгүй. Эцсийн эцэст, зөв шударгыг үйлдэгчид нь зөв шударгыг үйлдэгчид, мууг үйлдэгчид нь мууг үйлдэгчид юм. Зөв шударгыг үйлдэгсэд эцэстээ амьд үлдэнэ, харин мууг үйлдэгчид устгагдана. Ариун хүмүүс бол ариун; тэд бузар биш. Бузар хүмүүс бол бузар, тэдэнд ганц ч ариун хэсэг байдаггүй. Ёрын муу хүмүүсийн үр хүүхдүүд зөв шударга үйл хийлээ ч гэсэн, зөв шударга хүний эцэг эх ёрын муу үйл хийлээ ч гэсэн, бүх ёрын муу хүн устгагдаж, бүх зөв шударга хүн амьд үлдэнэ. Итгэдэг нөхөр, шүтлэггүй эхнэрийн хооронд ямар ч холбоо байхгүй ба итгэдэг үр хүүхэд, шүтлэггүй эцэг эх хоорондоо ямар ч холбоогүй байдаг; тэд бол огт таарахгүй хоёр төрлийн хүмүүс юм. Амралтад орохоос өмнө хүмүүс махан биеийн, гэр бүлийн сэтгэл татагдалт байдаг ч амралтад ормогц яриад байх махан биеийн, гэр бүлийн сэтгэл татагдалт байхаа болино. Үүргээ биелүүлдэг хүмүүс бол биелүүлдэггүй хүмүүсийн дайсан; Бурханыг хайрладаг хүмүүс болон Бурханыг үзэн яддаг хүмүүс бол өөр хоорондоо эсрэг хүмүүс. Амралтад орох хүмүүс болон устгагдсан байх хүмүүс нь хоорондоо таарамжгүй хоёр төрлийн бүтээгдсэн зүйл юм. Үүргээ биелүүлдэг бүтээгдсэн зүйл амьд үлдэж чадна, харин үүргээ биелүүлдэггүй бүтээл сүйрлийн бай болно; үүнээс гадна, энэ нь мөнхөд үргэлжилнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
679. Мууг үйлдэгчид болон зөв шударга үйл үйлддэг хүмүүс нь бүгд эцсийн эцэст бүтээгдсэн зүйлс юм. Ёрын мууг үйлддэг бүтээгдсэн зүйлс эцэстээ устгагдаж, зөв шударга үйл хийдэг бүтээгдсэн зүйлс амьд үлдэнэ. Энэ хоёр төрлийн бүтээгдсэн зүйлд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт энэ юм. Мууг үйлдэгчид тэрслүү байдлаасаа болоод Бурханы бүтээгдсэн зүйл гэдгээ үгүйсгэж чаддаггүй ч Сатанд олзлогдсон тул аврагдаж чадахгүй. Зөв шударгаар биеэ авч явдаг бүтээгдсэн зүйлс нь, амьд үлдэнэ гэх баримтдаа үндэслэн Бурханаар бүтээгдсэн ч Сатанаар завхруулагдсаныхаа дараа аврал хүлээн авсан гэдгээ үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид бол Бурханы эсрэг тэрсэлдэг бүтээгдсэн зүйлс; тэд аврагдаж чадахгүй, Сатанд аль хэдийн бүрэн олзлогдсон бүтээгдсэн зүйлс юм. Мууг үйлддэг хүмүүс ч бас хүмүүс; тэд бол туйлын их завхарсан, аврагдаж чадахгүй хүмүүс юм. Зөв шударгыг үйлддэг хүмүүс ч бас бүтээгдсэн зүйлс учраас мөн л завхарсан, гэхдээ тэд бол завхарсан зан чанараасаа ангижрахыг хүсдэг хүмүүс бөгөөд Бурханыг дуулгавартай дагах чадвартай болсон. Зөв шударга үйлдэлтэй хүмүүс зөв шударга байдлаар бялхдаггүй; харин ч тэд аврал хүртэж, завхарсан зан чанараасаа ангижирсан; мөн Бурханд дуулгавартай байж чаддаг. Эцэстээ тэд бат зогсоно, гэхдээ энэ нь, тэднийг Сатан завхруулаагүй гэсэн үг биш юм. Бурханы ажил дууссаны дараа бүх бүтээгдсэн зүйл дунд устгагдах хүмүүс, амьд үлдэх хүмүүс гэж байх болно. Энэ нь Түүний удирдлагын ажлын зайлшгүй чиг хандлага юм; хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Мууг үйлдэгчид амьд үлдэхгүй; Бурханд дуулгавартай байж, эцсээ хүртэл дагадаг хүмүүс амьд үлдэх нь тодорхой. Энэ ажил нь хүн төрөлхтний удирдлагын ажил тул үлдэх хүмүүс ба таягдан хаягдах хүмүүс гэж байх болно. Эдгээр нь өөр өөр төрлийн хүмүүсийн өөр өөр төгсгөл бөгөөд бүтээгдсэн зүйлд зориулсан хамгийн тохиромжтой зохицуулалт юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
680. Дагалдагчаа болгохын тулд Би газар дэлхий дээр олон хүнийг хайсан. Энэ бүх дагалдагч дунд тахилчид, удирдагчид, Бурханы хөвгүүд, Бурханы ардууд болон үйлчлэл үзүүлдэг хүмүүс бий. Надад үзүүлдэг үнэнч байдалд нь үндэслэн би тэднийг ангилдаг. Бүгд төрлөөрөө ангилагдах үед, өөрөөр хэлбэл, төрөл бүрийн хүний уг чанар тодорхой болох үед Би хүн төрөлхтнийг аврах зорилгодоо хүрэхийн тулд хүн болгоныг зөв ангилалд нь тоолж, тус бүрийг нь тохирох газарт нь тавина. Би аврахыг хүссэн хүмүүсээ бүлэг бүлгээр нь Өөрийн гэрт дуудаж, дараа нь эцсийн өдрүүдийн ажлаа тэднээр бүгдээр нь хүлээн авхуулдаг. Үүний зэрэгцээ, Би тэднийг төрлөөр нь ангилж, дараа нь үйлдэлд нь үндэслээд хүн бүрийг шагнах юм уу шийтгэдэг. Энэ бол Миний ажлыг бүрдүүлдэг алхмууд юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн
681. Одоо чи Надад яагаад итгэдгээ үнэхээр мэдэх үү? Миний ажлын зорилго болоод ач холбогдлыг чи үнэхээр мэдэх үү? Үүргээ үнэхээр мэдэх үү? Миний гэрчлэлийг үнэхээр мэдэх үү? Чи Надад зүгээр л итгэдэг боловч Миний алдар болон гэрчлэл чамаас харагддаггүй бол Би чамайг аль эрт таягдан хаячихсан. Их мэдэгчид бол харин Миний нүдэнд бүр ч том өргөс, гэрт маань тэд Миний замын садаа л байдаг, тэд бол Миний ажлаас бүрмөсөн шигшигдэх өчүүхэн ч хэрэггүй, ямар ч үнэ цэнгүй үрийн сүүлнүүд бөгөөд Би тэднийг аль эртнээс жигшсэн юм. Миний уур хилэн ихэнхдээ гэрчлэлгүй хүмүүс дээр бууж, Миний саваа тэднээс ер холдож байгаагүй. Би аль эрт тэднийг муу ёрын нэгний гарт шилжүүлсэн бөгөөд тэдэнд Миний ерөөл огтхон ч байхгүй. Цаг нь ирэх үед тэдний гэсгээлт мунхаг эмэгтэйчүүдийнхээс илүү гашуун байх болно. Одоо Би Өөрийн хийх үүрэгт ажлаа л хийж байгаа; Би эдгээр үрийн сүүлийн хамтаар бүх буудайг багцалж бооно. Энэ бол Миний одоогийн ажил юм. Намайг шигших үед эдгээр үрийн сүүл бүгд шигшигдэнэ, тэгээд буудайн үр тариаг агуулахад хурааж, шигшигдсэн үрийн сүүлийг үнс нурам болтол нь шатаахаар галд хийх болно. Одоо Миний ажил бол зүгээр л бүх хүнийг багцлан боох буюу бүрэн байлдан дагуулах явдал юм. Дараа нь Би бүх хүний төгсгөлийг илчлэхийн тулд шигшиж эхлэх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?
682. Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай ч үнэн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс олон зовлон бэрхшээл тууллаа ч гэсэн мөн л устгагдана. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж тэвчдэггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд бүгдээрээ сүйрлийн бай болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм! Сатан гэж хэн бэ, чөтгөрүүд гэж хэн бэ, Бурханы дайснууд гэж хэн бэ, Бурханд итгэдэггүй эсэргүүцэгчид биз дээ? Тэд Бурханы эсрэг тэрсэлдэг хүмүүс биш гэж үү? Тэд амаараа л Бурханд итгэдэг гэдэг ч үнэнгүй хүмүүс биш гэж үү? Тэд Бурханд гэрчлэл хийж чадахгүй атлаа ерөөл олж авахаар л эрэлхийлдэг хүмүүс биш гэж үү? Чи өнөөдөр тэр чөтгөрүүдтэй холилдож, тэдэнд мөс чанар, хайраар хандсаар байгаа, гэхдээ энэ тохиолдолд чи Сатанд сайхан сэтгэл гаргаж байгаа бус уу? Чөтгөрүүдтэй сүлбэлдсэн бус уу? Хүмүүс өнөө үед сайн, мууг ялган салгаж чадахгүй хэвээр, Бурханы санаа зорилгыг эрж хайх ямар ч хүсэлгүйгээр сохроор хайрлаж, өршөөсөөр байж, Бурханы санаа зорилгыг өөрсдийнх мэт үзэж чадахгүй байхдаа тулбал тэдний төгсгөл бүр ч золгүй байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
683. Өөрийг нь доромжилж, эсэргүүцдэг хүмүүс, эсвэл бүр Түүнийг гүтгэдэг хүмүүс—Түүнийг санаатайгаар дайрч давшилж, гүтгэж, хараадаг хүмүүстэй харьцахдаа—Бурхан нүдэн балай чихэн дүлий байдаггүй, харин ч тэдэнд хандах Түүний хандлага тодорхой байдаг. Тэрээр зүрх сэтгэлдээ энэ хүмүүсийг үзэн ядаж, ялладаг. Тэр ч байтугай тэдний үр дүн ямар байхыг ил тод зарладаг, ингэснээр Түүнийг доромжилдог хүмүүст хандах Түүний хандлага тодорхой гэдгийг хүмүүс мэдэж, өөрсдийнх нь үр дүнг Тэр хэрхэн тодорхойлохыг мэдэж авна. Гэвч Бурхан эдгээр зүйлийг хэлсний дараа ч тэр хүмүүсийг Бурхан хэрхэн зохицуулах тухай үнэнийг хүмүүс тун бага ойлгодог ба тэдэнд Бурханы өгсөн төгсгөл болон ялын тогтоолын цаад зарчмыг ойлгож чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс өөрсдийг нь зохицуулах Бурханы тодорхой хандлага болон арга барилыг харж чаддаггүй. Энэ нь аливааг хийх Бурханы зарчимтай холбоотой. Бурхан зарим хүмүүсийн ёрын муу үйлд арга хэмжээ авахдаа бодит баримтуудыг ашигладаг. Өөрөөр хэлбэл, Тэр тэдний нүглийг зарладаггүй, тэдний төгсгөлийг тодорхойлдоггүй, харин тэдэнд тохирох шийтгэл, шударга цээрлүүлэлтийг оноохын тулд бодит баримтуудыг шууд хэрэглэдэг. Эдгээр баримт гарч ирэх үед хүмүүсийн махан бие шийтгэл хүртдэг, өөрөөр хэлбэл, уг шийтгэл нь хүний нүдээр харж болох зүйл байдаг. Зарим хүний муу үйлдэлд арга хэмжээ авахдаа Бурхан тэднийг үгээр л хараадаг, бас Бурханы хилэгнэл тэдэн дээр буудаг боловч тэдний хүлээн авах шийтгэл нь хүмүүсийн харж чадахгүй зүйл байж магадгүй. Гэсэн хэдий ч иймэрхүү төгсгөл нь шийтгүүлэх, алуулах гэх мэт хүмүүсийн харж чадах төгсгөлөөс ч илүү ноцтой байж болно. Яагаад гэвэл, Бурхан энэ төрлийн хүнийг аврахгүй, цаашид өршөөл үзүүлэхгүй, эсвэл тэднийг тэвчихгүй, тэдэнд өөр боломж олгохгүй гэж шийдсэн тохиолдолд тэдэнд хандах Түүний хандлага нь тэднийг хойш тавих явдал юм. Энд буй “хойш тавих” гэдгийн утга юу вэ? Энэ нэр томьёоны үндсэн утга нь ямар нэг зүйлийг хойш тавиад, үл тоож, анхаарал хандуулахаа болих гэсэн үг. Гэвч Бурхан хэн нэг хүнийг хойш тавих үед үүний утга учрын талаар хоёр өөр тайлбар байдаг: Эхний тайлбар нь Тэр тухайн хүний амь, тухайн хүний бүх зүйлийг Сатанд хариуцуулан өгдөг бөгөөд Бурхан тэр хүнийг цаашид хариуцахгүй, цаашид удирдахгүй. Тэр хүн нь галзуу, тэнэг байна уу, амьд байна уу, үхсэн байна уу, эсвэл шийтгүүлээд тамд унасан байна уу гэдгийн аль нь ч Бурханд хамаагүй. Тийм бүтээгдсэн зүйл Бүтээгчтэй ямар ч хамаагүй байна гэсэн үг. Хоёр дахь тайлбар нь гэвэл, Бурхан Өөрөө тухайн хүнд Өөрийн гараар ямар нэг зүйл хийхийг хүсэж байна гэж шийдсэн гэсэн үг. Тэр иймэрхүү хүний үйлчлэлийг ашиглах юм уу ийм хүнийг товойлгогч болгон ашиглаж болзошгүй. Ийм төрлийн хүнтэй харьцах тусгай арга, тэдэнд хандах тусгай арга Түүнд байх боломжтой, жишээ нь яг Паул шиг. Энэ бол ийм төрлийн хүнтэй харьцахаар шийдсэн Бурханы зүрх сэтгэл дэх зарчим ба хандлага юм. Иймээс хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Түүнийг гүтгэж, доромжлохдоо Түүний зан чанарыг өдөөн хатгавал, эсвэл Бурханы тэвчээрийн хязгаарыг давбал үр дагавар нь төсөөлөхийн ч аргагүй байдаг. Хамгийн хатуу ширүүн үр дагавар нь Бурхан тэдний амийг болон тэдний бүх зүйлийг Сатанд бүрмөсөн шилжүүлэн өгөх явдал юм. Тэд үүрд мөнхөд уучлагдахгүй. Энэ нь тэр хүн Сатаны аманд орсон хоол, түүний гар дахь тоглоом болно гэсэн үг бөгөөд тэр үеэс хойш тухайн хүн Бурханд ямар ч хамаагүй болно.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
684. Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг боловсруулж эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан замналыг, тэдний төрөлх ангиллыг болон тэдний эцсийн илрэлийг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас зугтаж чадахгүй, Миний хуваарилсны дагуу бүгд төрлөөрөө ангилагдана. Би хүний нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа хэчнээн өрөвдөлтэй байгаад нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй хүмүүс бүгд ялгаагүй шийтгүүлнэ гэдгийг та нар ойлгох ёстой. Энэ бол ямар ч хүний өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ хариуг амсдаг юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд
685. Чи одоо шүүлт гэж юу болох, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Ойлгосон бол Би чамд шүүлтийг дуулгавартай дага гэж зөвлөе, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдах, Бурханаар хаанчлалд нь хүргүүлэх боломжийг хэзээ ч олж авахгүй. Зөвхөн шүүлтийг л хүлээн авдаг боловч хэзээ ч ариусгагдаж чадахгүй хүмүүс буюу шүүлтийн ажлын ид дундуур зугтдаг хүмүүс үүрд Бурханд жигшигдэн гологдоно. Тэдний нүгэл фарисайчуудынхаас хавьгүй илүү ноцтой, илүү их байдаг, учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Хөдөлмөрлөхөд ч зохисгүй энэ хүмүүс илүү хүнд шийтгэл буюу цаашлаад мөнхийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээр харуулсан боловч дараа нь Өөрөөс нь урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, сэтгэл, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь чухамдаа Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Хүнийг шүүж, илчлэх Бурханы зорилго яг энэ биш гэж үү? Шүүлтийн цаг үед элдэв янзын ёрын муу үйл хийсэн хүмүүсийг Бурхан муу ёрын сүнснүүд язганасан газар луу явуулж, тэр муу ёрын сүнснүүдийн зоргоор махан биеийг нь устгуулдаг бөгөөд тэр хүмүүсийн биеэс хүүрийн өмхий үнэр ханхалдаг. Энэ нь тэдний зүй ёсны цээрлүүлэлт юм. Бурхан тэдгээр үнэнч бус хуурамч итгэгч, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг бүртгэлийн номд нь бичдэг бөгөөд цаг нь ирэхэд Тэр тэднийг бузар сүнснүүдийн дунд хаяж, бүхий л биеийг нь эдгээр бохир сүнсээр хүссэнээр нь бузарлуулдаг, ингэснээр тэр хүмүүс хэзээ ч дахин төрөхгүй, дахин хэзээ ч гэрэл үзэхгүй. Нэгэн цагт үйлчлэл хийсэн боловч эцсээ хүртэл үнэнч хэвээр үлддэггүй эдгээр хоёр нүүртнийг Бурхан ёрын муу хүмүүсийн дунд жагсааж, тэднийг ёрын муу хүмүүстэй хамт намагт хөлбөрөн, тэдэнтэй хамтдаа зүсэн зүйлийн өөдгүй этгээдүүдийн бүлэглэл үүсгэхэд хүргэх ба эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгана. Христэд хэзээ ч үнэнч байгаагүй, эсвэл хүч чадлаасаа ямар ч хувь нэмэр оруулаагүй хүмүүсийг Бурхан хаяж, огт анзаарахгүй бөгөөд эрин үе солигдоход тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалд орж чадах нь байтугай, газар дээр ч оршин байхаа болино. Бурхан хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй, харин Бурхантай хааш яаш харьцахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүсийг Бухан Өөрийнх нь ардуудад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийн дунд жагсаадаг. Ийм хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж чадна, харин ихэнх нь хөдөлмөр нь стандартад ч нийцэхгүй хүмүүсийн хамтаар устгагдана. Эцэст нь Бурхан Өөртэй нь адилхан зүрх сэтгэл, оюун санаатай хүмүүс, Бурханы ардууд, хөвгүүд болон тахилч болгохоор Бурханы урьдчилан тогтоосон хүмүүсийг бүгдийг нь хаанчлалдаа аваачна. Тэд бол Бурханы ажлын биелэлт. Бурханы хуваасан ангиллын алинд нь ч багтаж чадахгүй хүмүүсийн тухайд гэвэл, тэд шүтлэггүй хүмүүсийн эгнээнд жагсах бөгөөд тэдний төгсгөл ямар байхыг та нар лавтайяа төсөөлж чадна. Та нарт хэлэх ёстой бүхнээ Би аль хэдийн хэлсэн; ямар замыг сонгох нь ганцхан та нарын л сонголт. Та нарын ойлгох ёстой зүйл бол энэ: Бурханы ажил Бурхантай хөл нийлүүлж чадахгүй хэнийг ч, хэзээ ч хүлээдэггүй, Бурханы зөвт зан чанар ямар ч хүнд өршөөл үзүүлдэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг