Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Зургаан мянга гаруй жил хийгдсэн бүхий л ажил эрин үе өнгөрөхийн хэрээр аажмаар өөрчлөгджээ. Энэхүү ажлын өөрчлөлт нь дэлхий ертөнцийн ерөнхий нөхцөл байдал болон нийт хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагад үндэслэсээр ирсэн юм; тийнхүү удирдлагын ажил гагцхүү аажмаар өөрчлөгдсөн билээ. Үүнийг бүтээлийн эхэн үед төлөвлөөгүй. Дэлхий ертөнц бүтээгдэхээс өмнө, эсвэл бүтээгдсэний дараахан Ехова, ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат, эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалтын үе шат байна, үүнийг эхлээд Моабын үр удмын зарим хүнээс эхлүүлж, үүгээр дамжуулан бүх орчлон ертөнцийг байлдан дагуулна гэж төлөвлөөгүй. Дэлхийг бүтээснийхээ дараа Тэр эдгээр үгийг огт хэлээгүй, Моабын дараа ч ингэж хэлээгүй; үнэндээ Лотоос өмнө ч Тэр ингэж огт айлдаагүй юм. Бурханы бүх ажил аяндаа хийгддэг. Яг ийм маягаар л Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө хөгжсөн; дэлхий ертөнцийг бүтээхээсээ өмнө Тэрээр “Хүн Төрөлхтний Хөгжлийн Хураангуй Хүснэгт” гэх мэтийн төлөвлөгөө зохиогоогүй. Өөрийнхөө ажлаар Бурхан Өөрийнхөө юу болохыг шууд илэрхийлдэг; Тэр төлөвлөгөө зохиох гэж тархиа гашилгадаггүй. Мэдээж, нэлээд олон эш үзүүлэгч асар олон зөгнөл хэлсэн, гэхдээ Бурханы ажил үргэлж нарийн нягт төлөвлөгдсөөр ирсэн гэж хэлж мөн л болохгүй; тэдгээр зөгнөл нь тухайн үеийн Бурханы ажлын дагуу хэлэгдсэн. Түүний хийдэг бүх ажил нь хамгийн бодитой ажил юм. Тэрээр эрин үе бүрийн хөгжилд нийцүүлэн, аливаа зүйлсийн өөрчлөлтөд үндэслэн ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх гэдэг нь өвчинд тохирсон эм бичихтэй адил; Тэрээр ажлаа хийх зуураа ажигладаг ба ажиглалтынхаа дагуу ажлаа үргэлжлүүлдэг. Ажлынхаа үе шат болгонд Бурхан Өөрийн асар их мэргэн ухаан, чадварыг илэрхийлэх чадвартай; Тэрээр тодорхой нэг эрин үеийн ажлын дагуу Өөрийн үлэмж арвин мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг ба тухайн эрин үеийн турш Өөрийн буцаан авчирсан бүх хүнд бүхий л зан чанараа харуулдаг. Тэрээр эрин үе болгонд хийгдэх хэрэгтэй ажлын дагуу хүмүүсийн хэрэгцээг хангаж, хийх ёстой ажлаа хийдэг. Мөн Сатаны завхруулсан түвшинд үндэслэн хэрэгтэй зүйлээр нь хүмүүсийг хангадаг. Ехова анх Адам, Еваг бүтээх үедээ газар дээр Бурханыг харуулах боломжийг тэдэнд олгосон ба ингэснээр тэд бүтээлийн дунд Бурханд гэрчлэл хийж чадах байв. Гэвч Ева могойд уруу татагдсаныхаа дараа нүгэл үйлдэж, Адам ч мөн адил зүйл хийсэн; тэд цэцэрлэг дэх сайн, мууг мэдүүлэгч модны жимсийг хоёулаа идсэн. Тиймээс, Ехова тэдэн дээр нэмэлт ажил явуулах хэрэгтэй болсон юм. Тэдний нүцгэн байгааг хараад Тэр амьтны арьсаар хийсэн хувцсаар биеийг нь халхалсан. Дараа нь Тэрээр Адамд: “Чи эхнэрийнхээ үгийг сонсож, бүү ид гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир чамаас болж газар хараагдлаа. Чи газар шороондоо буцталаа… учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна” гэжээ. Эмэгтэйд хандан Тэрээр: “Жирэмсний чинь зовлон зүдүүрийг Би улам ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, нөхөр чинь чамайг захирах болно” гэв. Тэр үеэс эхлээд Тэр тэднийг Еден цэцэрлэгээс хөөж, орчин үеийн хүн одоо газар дэлхий дээр амьдардагтай адилаар цэцэрлэгийн гадна амьдруулах болсон юм. Бурхан хүнийг бүр анх бүтээх үедээ, бүтээгдсэнийх нь дараа хүнийг могойгоор уруу татуулаад, дараа нь хүн, могой хоёрыг хараана гэж төлөвлөөгүй байв. Түүнд үнэндээ тийм төлөвлөгөө байгаагүй; ердөө аливаа зүйлийн өрнөл л Түүнд бүтээлүүдийнхээ дунд хийх шинэ ажлыг өгсөн юм. Ехова газар дээр Адам, Евагийн дунд энэ ажлаа гүйцэтгэсний дараа хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш үргэлжлүүлэн хөгжсөн ба “Ехова, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав… Гэвч Ноа Еховагийн мэлмийд тааллыг олжээ.” Өөрийнх нь бүтээсэн хүн төрөлхтөн могойд уруу татагдсаныхаа дараа хэтэрхий нүгэлтэй болсон учраас энэ үед Еховагийн хийх илүү их шинэ ажил гарч ирсэн юм. Энэ нөхцөл байдлаас болоод Ехова бүх хүн төрөлхтний дундаас Ноагийн гэр бүлийг өршөөхөөр сонгож, дараа нь дэлхийг үерээр устгах ажлаа хэрэгжүүлжээ. Яг энэ өдрийг хүртэл хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжиж, улам бүр завхарсан ба хүний хөгжил оргилдоо хүрэх цаг ирэхэд энэ нь хүн төрөлхтний төгсгөл байх болно. Дэлхийн яг эхлэлээс төгсгөл хүртэл Түүний ажлын дотоод үнэн үргэлж ийм байсаар ирсэн бөгөөд үргэлж ийм байна. Энэ нь хүмүүс төрлийнхөө дагуу ангилагдахтай адилхан байх болно; хүн нэг бүр тодорхой ангилалд харьяалагдахаар бүр анхнаасаа урьдчилан тогтоогддог юм огт биш; харин ч хөгжлийн үйл явцыг туулсныхаа дараа л хүн болгон аажмаар ангилагддаг. Эцэст нь, бүрэн аврал хүртэж чадахгүй хэн боловч “өвөг дээдсүүд” рүүгээ буцан очно. Хүн төрөлхтний дундах Бурханы ажлын аль нь ч дэлхий бүтээгдэх үед хэдийнээ бэлтгэгдсэн байгаагүй; харин энэ бол хүн төрөлхтний дундах ажлаа алхам алхмаар илүү бодитой, жинхэнэ байдлаар хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгосон зүйлсийн хөгжил юм. Жишээ нь, Ехова Бурхан эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүй; тэр нь Түүний тусгай төлөвлөгөө байгаагүй, Түүний зориуд урьдчилан төлөвлөсөн зүйл ч байгаагүй. Энэ нь гэнэтийн тохиолдол байсан гэж хэлж болно. Тиймээс, үүнээс болоод Ехова, Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөж, дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг олж мэддэг. Урьд нь Миний хэлсэнчлэн: “Би Сатаны явуулгад үндэслэн мэргэн ухаанаа хэрэгжүүлдэг.” Хүн төрөлхтөн хэчнээн завхарсан ч бай, эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан ч бай, Еховад мэргэн ухаан нь байсаар байдаг; тийм болохоор Тэр дэлхий ертөнцийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан тасралтгүй явуулга хийж, хүн төрөлхтнийг байнга завхруулсаар ирсэн ба Ехова Бурхан Өөрийн ухаалаг ажлыг зогсолтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй, мөн дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш ажиллахаа хэзээ ч болиогүй. Хүмүүсийг Сатан завхруулсны дараа Тэрээр хүн төрөлхтний завхралын эх сурвалж болсон дайсныг ялахын тулд хүмүүсийн дунд ажилласаар байсан юм. Энэхүү тулаан дэлхийн үүслээс эхлэн өрнөсөн ба дэлхий ертөнцийн төгсгөл хүртэл үргэлжилнэ. Энэ бүх ажлыг хийхдээ Ехова Бурхан Сатанаар завхруулагдсан хүмүүст Өөрийн агуу авралыг хүртээгээд зогсохгүй, мөн тэдэнд Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин, эрх мэдлийг харуулсан. Түүнчлэн, эцэст нь Тэрээр тэдэнд зөвт зан чанараа харуулж—хорон мууг шийтгэн, сайныг шагнана. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй. Учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан Сатаны явуулгад үндэслэн хэрэгждэг. Тиймээс Бурхан тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захирагдуулаад зогсохгүй, бас газар дээрх бүх зүйлийг хөлийнхөө гишгүүр дор амраадаг, ялангуяа хүн төрөлхтөн рүү дайран довтолж, зовоодог хорон муу хүмүүсийг Өөрийн гэсгээлтэд унагадаг. Энэ бүх ажлын үр дүн нь Түүний мэргэн ухаанаас үүдэн гардаг. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газар дээр ч, эсвэл бүх орчлон ертөнцийн хаана ч ямар ч дайсан байгаагүй бөгөөд байгаль дээрх ямар нэг зүйлд халдан довтолсон харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлчийг Өөрөөс нь урвасны дараа Тэрээр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн ба хүн төрөлхтнөөс болоод Тэр тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа—ээлж дараалсан үе шат бүрд улам эрчимждэг дайныг албан ёсоор эхлүүлсэн юм. Түүний төгс хүчин болон мэргэн ухаан энэ үе шат болгонд байсан. Тэр үед л тэнгэр, газар дахь бүх зүйл Бурханы мэргэн ухаан, төгс хүчин, ялангуяа Бурханы бодит байдлыг харсан юм. Тэр өнөөдөр ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлсээр байгаа; түүнчлэн, Тэрээр Өөрийн ажлыг хэрэгжүүлэнгээ мэргэн ухаан, төгс хүчээ ч бас илчилдэг. Тэрээр та нарт ажлын үе шат бүрийн дотоод үнэнийг харуулж, Бурханы төгс хүчийг яг яаж тайлбарлахыг харуулахын сацуу Бурханы бодит байдлын тодорхой тайлбарыг харуулдаг.

Иудас Есүсээс урвасан тухайд, энэ нь дэлхий ертөнцийг бүтээхээс өмнө урьдчилан тодорхойлогдсон байсан бус уу гэж зарим хүн гайхдаг. Үнэндээ тухайн үеийн бодит байдалд үндэслэн Ариун Сүнс үүнийг төлөвлөсөн юм. Харин үргэлж мөнгө хөрөнгө завшиж байсан Иудас гэдэг нэртэй хүн тэнд байж таарсан тул уг хүн энэ дүрд тоглож, ийм маягаар үйлчлэхээр сонгогдсон. Энэ нь тухайн үеийн эх сурвалжийг ашигласан жинхэнэ жишээ байлаа. Есүс эхэндээ энэ талаар мэдээгүй; Тэрээр сүүлд нь Иудасыг илчлэгдсэний дараа л энэ тухай мэдсэн. Хэрвээ өөр хэн нэгэн энэ дүрд тоглож чадах байсан бол Иудасын оронд тэр хүн үүнийг хийх байв. Урьдчилан тогтоогдсон зүйл нь үнэндээ тухайн хоромд Ариун Сүнсний хийсэн зүйл байсан юм. Ариун Сүнсний ажил үргэлж аяндаа хийгддэг; Тэр Өөрийн ажлыг хэдийд ч төлөвлөж, хэдийд ч биелүүлж чадна. Ариун Сүнсний ажил бодитой, үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, үргэлж хамгийн шинэхэн байдаг гэж Би яагаад үргэлж хэлдэг вэ? Дэлхий ертөнц бүтээгдэх үед Түүний ажил аль хэдийн төлөвлөгдсөн байгаагүй; ийм зүйл огт болоогүй! Ажлын алхам бүр нь тус тусын цаг хугацаандаа зүй зохистой үр дүндээ хүрдэг ба алхмууд нь нэг нэгэндээ саад болдоггүй. Ихэнхдээ чиний оюун санаан дахь төлөвлөгөө Ариун Сүнсний хамгийн сүүлийн үеийн ажилтай ердөө дүйцдэггүй. Түүний ажил хүний боддог шиг энгийн биш, хүний төсөөлдөг шиг төвөгтэй ч биш—энэ нь хүмүүсийн тухайн үеийн хэрэгцээнд нийцүүлэн хэдийд ч, хаана ч хүмүүсийг хангахаас бүрдэнэ. Хүмүүсийн мөн чанарыг Түүн шиг тодорхой мэддэг хэн ч байхгүй бөгөөд яг энэ шалтгааны улмаас хүмүүсийн бодит хэрэгцээнд Түүний ажил шиг тохирч чадах зүйл юу ч үгүй. Тиймээс хүний үзэл бодлоор бол Түүний ажил хэдэн мянган жилийн өмнөөс урьдчилан төлөвлөгдсөн мэт санагддаг. Одоо та нарын дунд ажиллаж, та нарын байгаа байдлыг ажиглангаа ажиллаж, үг хэлж байх зуураа Тэр янз бүрийн байр байдалтай тулгараад яг оносон үг хэлдэг ба хүмүүст яг хэрэгтэй байгаа үгийг хэлдэг. Түүний ажлын эхний алхам буюу гэсгээлтийн цаг үеийг аваад үз. Үүний дараа, Бурхан хүмүүсийн харуулж байсан зүйл буюу тэдний эсэргүүцэл, тэднээс гарч ирсэн эерэг байдал, сөрөг байдал, түүнчлэн тэдгээр сөрөг байдал тодорхой нэг цэгт хүрэх үед хүмүүсийн унах хамгийн доод хязгаарт үндэслэн ажлаа явуулсан; Тэрээр Өөрийнхөө ажлаар илүү дээр үр дүнд хүрэхийн тулд эдгээр зүйлийг ашигласан. Өөрөөр хэлбэл, Тэрээр тухайн нэг хугацаан дахь хүмүүсийн байгаа байдалд үндэслэн хүмүүсийг хангах ажлаа хийдэг; Тэрээр Өөрийн ажлын алхам бүрийг хүмүүсийн бодит байр байдлын дагуу хэрэгжүүлдэг. Бүх бүтээл Түүний гарт байдаг; Тэр яаж тэднийг мэдэхгүй байж болох юм бэ? Бурхан хүмүүсийн байр байдалд нийцүүлэн, хийгдэх ёстой ажлын дараагийн алхмыг хэдийд ч, хаана ч хэрэгжүүлдэг. Энэ ажил яавч олон мянган жилийн өмнөөс төлөвлөгдөөгүй; энэ нь хүний үзэл юм! Тэрээр Өөрийн ажлын үр нөлөөг ажиглангаа ажилладаг ба Түүний ажил тасралтгүй гүнзгийрч, хөгжиж байдаг; Өөрийн ажлын үр дүнг ажигласныхаа дараа Тэрээр тухай бүрд нь ажлынхаа дараагийн алхмыг хэрэгжүүлдэг. Тэр аажмаар шилжихийн тулд олон зүйлийг ашигладаг ба цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Өөрийн шинэ ажлыг хүмүүст илэрхий болгодог. Ийм байдлаар ажиллах нь хүмүүсийн хэрэгцээг хангаж чадна, учир нь Бурхан хүмүүсийг дэндүү сайн мэддэг билээ. Ийнхүү Тэр Өөрийн ажлыг тэнгэрээс хэрэгжүүлдэг. Үүний адилаар, бие махбодтой болсон Бурхан ийм маягаар ажлаа хийж, бодит нөхцөл байдлын дагуу зохицуулалт хийж, хүмүүсийн дунд ажилладаг. Дэлхий ертөнцийг бүтээхээс өмнө Түүний ажлын аль нь ч зохицуулагдсан байгаагүй, мөн урьдчилан нарийн нямбай төлөвлөгдсөн ч байгаагүй. Дэлхий бүтээгдсэнээс хойш хоёр мянган жилийн дараа хүн төрөлхтөн маш их завхарсныг Ехова харсан болохоор эш үзүүлэгч Исаиагийн амыг ашиглан, Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үед Ехова хүн төрөлхтнийг золин аврах ажлаа явуулна хэмээн зөгнөсөн. Энэ нь Еховагийн төлөвлөгөө байсан, мэдээж энэхүү төлөвлөгөө ч бас тухайн үед Түүний ажигласан нөхцөл байдлын дагуу хийгдсэн; Тэрээр Адамыг бүтээснийхээ яг дараахан энэ тухай бодоогүй нь лавтай. Исаиа ердөө л зөгнөл хэлсэн, харин Ехова Хуулийн эрин үед үүнд зориулаад урьдчилан бэлтгээгүй; харин ч Тэр үүнийг Нигүүлслийн эрин үеийн эхэнд хийж эхэлсэн ба Иосефийн зүүдэнд элч харагдаж, Бурхан махбод болно гэх мэдээгээр түүнийг гэгээрүүлэх үед л Түүний бие махбодтой болох ажил нь эхэлсэн. Хүмүүсийн төсөөлдөг шигээр Бурхан энэ дэлхийг бүтээснийхээ яг дараа бие махбодтой болох ажилдаа бэлтгээгүй; энэ нь хүн төрөлхтний хөгжлийн хэмжээ болон Сатантай хийсэн Түүний дайны төлөв байдлын дагуу л шийдэгдсэн юм.

Бурхан махбод болох үед Түүний Сүнс хүн дээр бууж ирдэг; өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс бие махбодоор хувцасладаг. Тэрээр зарим тодорхой хязгаарлагдмал алхмуудыг авчралгүйгээр Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирдэг; Түүний ажил ямар ч хязгааргүй байдаг. Ариун Сүнсний махбодоор хийдэг ажил мөн л Түүний ажлын үр дүнгээр тодорхойлогддог ба Тэрээр махбодод байхдаа ажлаа хэр удаан хугацаанд хийхээ тодорхойлохын тулд ийм зүйлсийг ашигладаг. Ариун Сүнс ажлынхаа алхам бүрийг шууд илчилдэг ба явахынхаа хэрээр Өөрийн ажлыг шинжилж шалгадаг; энэхүү ажил хүний төсөөллийн хязгаараас даван гарахуйц тийм ч ер бусын биш. Энэ нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Еховагийн ажилтай адилхан; Тэр нэгэн зэрэг төлөвлөж, ажилласан. Тэр гэрлийг харанхуйгаас салгаад, өглөө, орой бий болсон—үүнд нэг өдрийг зарцуулжээ. Хоёр дахь өдөр нь Тэрээр тэнгэрийг бүтээсэн ба үүнд мөн нэг өдрийг зарцуулсан; дараа нь газар дэлхий, далай тэнгис, болон тэдгээрт суурьших бүх бүтээлийг бүтээхэд мөн л нэг өдөр шаардагдсан юм. Энэ нь зургаа дахь өдрийг хүртэл үргэлжилсэн ба тэр үед Бурхан хүнийг бүтээгээд газар дээрх бүх зүйлийг түүгээр удирдуулжээ. Тэгээд долоо дахь өдөр нь Тэр бүх зүйлийг бүтээж дуусаад амарсан юм. Бурхан долоо дахь өдрийг ерөөж, үүнийг ариун өдөр болгон тогтоосон. Тэрээр бүх зүйлийг бүтээхээсээ өмнө биш, харин аль хэдийн бүтээснийхээ дараа энэхүү ариун өдрийг тогтоохоор шийдсэн билээ. Энэ ажил ч бас аяндаа хийгдсэн; бүх зүйлийг бүтээхээсээ өмнө Тэр дэлхийг зургаан өдөрт бүтээгээд долоо дахь өдөр нь амарна гэж шийдээгүй байсан; энэ нь бодит баримттай огтхон ч нийцдэггүй. Тэр ийм зүйл хэлээгүй, ингэж ч төлөвлөөгүй. Бүх зүйлийн бүтээл нь зургаа дахь өдөр дуусаад, долоо дахь өдөр нь амарна гэж Тэр яавч хэлээгүй; харин тухайн үед Өөрт нь юу сайн санагдаж байсны дагуу л бүтээсэн. Тэр бүх зүйлийг бүтээж дуусмагц аль хэдийн зургаа дахь өдөр болсон байв. Хэрвээ бүх зүйлийг бүтээж дуусахад тав дахь өдөр байсан бол Тэрээр зургаа дахь өдрийг ариун өдөр болгон тогтоох байлаа. Гэхдээ Тэр үнэндээ бүх зүйлийг зургаа дахь өдөр бүтээж дууссан ба тийнхүү долоо дахь өдөр нь ариун өдөр болж, өнөөдрийг хүртэл уламжлагдан иржээ. Тиймээс, Түүний одоогийн ажил үүнтэй адилаар хийгдэж байгаа. Тэр та нарын нөхцөл байдлын дагуу хэрэгцээг чинь хангаж, үгээ хэлдэг. Өөрөөр хэлбэл, Сүнс хүмүүсийн нөхцөл байдлын дагуу үг хэлж, ажилладаг; Тэр бүхнийг ажиглан харж, хэдийд ч хаана ч ажилладаг. Миний хийдэг, хэлдэг, та нарт үүрүүлж, та нарт олгож байгаа зүйл бүгд ялгаагүй та нарт хэрэгтэй зүйлс юм. Тиймээс Миний ажлын аль нь ч бодит байдлаас салангид байдаггүй; бүгд бодитой байдаг, учир нь “Бурханы Сүнс бүгдийг ажиглан харж байдаг” гэдгийг та нар бүгд мэднэ. Хэрвээ энэ нь бүгд цагаасаа өмнө шийдэгдсэн байсан бол хэтэрхий төлөвлөгдсөн байх бус уу? Бурхан бүхэл бүтэн зургаан мянган жилийн төлөвлөгөөг гаргасан, дараа нь хүн төрөлхтнийг тэрслүү, эсэргүү, шударга бус, зальжин, махан биеийн завхрал, сатанлаг зан чанар, нүдний шунал тачаал, хувийн дур сонирхолтой байхаар урьдчилан төлөвлөсөн гэж чи боддог. Эдгээрийн алийг нь ч Бурхан урьдчилан төлөвлөөгүй, харин Сатан завхруулснаас болоод энэ бүхэн тохиолдсон юм. Зарим хүн: “Сатан ч бас Бурханы атганд байсан бус уу? Сатан ийм байдлаар хүнийг завхруулна, дараа нь хүмүүсийн дунд Өөрийн ажлыг явуулна гэж Бурхан урьдчилан төлөвлөсөн” хэмээн хэлж магадгүй. Сатан хүн төрөлхтнийг завхруулна гэдгийг Бурхан үнэхээр урьдчилан төлөвлөх үү? Бурхан хүн төрөлхтнийг хэвийн амьдруулахыг л хүсэн эрмэлздэг тул тэдний амьдралыг үнэхээр үймүүлнэ гэж үү? Тэгэх юм бол Сатаныг ялж, хүн төрөлхтнийг аврах нь хий дэмий хичээл чармайлт болох бус уу? Хүн төрөлхтний тэрслүү байдлыг урьдчилан төлөвлөсөн байж яаж болох юм бэ? Энэ нь Сатан үймүүлснээс болж тохиолдсон зүйл юм; үүнийг Бурхан урьдчилан төлөвлөсөн байж яаж болох юм бэ? Та нарын бодож байгаа Бурханы атган дахь Сатан болон Миний ярьж байгаа Бурханы атган дахь Сатан маш өөр. Та нарын “Бурхан төгс хүчтэй бөгөөд Сатан түүний гарт байдаг” гэж хэлдгийн дагуу бол Сатан Түүнээс хэзээ ч урваж чадахгүй. Бурхан төгс хүчтэй гэж чи хэлсэн бус уу? Та нарын мэдлэг хэтэрхий хийсвэр ба бодит байдалтай үл тохирдог; хүн Бурханы бодлыг ухан ойлгож хэзээ ч чадахгүй, Бурханы мэргэн ухааныг ойлгож хэзээ ч чадахгүй! Бурхан бол төгс хүчтэй; энэ нь огтхон ч худлаа биш. Бурхан анх түүнд эрх мэдлийн нэг хувийг өгсөн учраас тэргүүн тэнгэрэлч Бурханаас урвасан юм. Мэдээж энэ нь Ева могойн уруу таталтад автсантай адил гэнэтийн явдал байсан. Гэвч Сатан урвалтаа яаж явуулах нь хамаагүй, тэр Бурхантай адил төгс хүчтэй биш. Та нарын хэлснээр, Сатан ердөө л хүчирхэг; тэр юу хийх нь хамаагүй, Бурханы эрх мэдэл түүнийг үргэлж ялна. Энэ бол “Бурхан төгс хүчтэй бөгөөд Сатан Түүний гарт байдаг” гэсэн үгийн цаана буй жинхэнэ утга билээ. Тиймээс, Сатантай хийх дайн нэг удаад нэг алхмаар явагдах ёстой. Түүнчлэн, Сатаны ов мэхийн хариуд Бурхан Өөрийн ажлыг төлөвлөдөг—өөрөөр хэлбэл, Тэрээр эрин үед тохирсон байдлаар хүмүүст аврал авчирч, төгс хүчин, мэргэн ухаанаа илчилдэг. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх ажлыг Нигүүлслийн эрин үеэс өмнө урьдчилан төлөвлөөгүй юм; урьдчилан төлөвлөлт нь: нэгдүгээрт, хүний гадаад зан чанарыг өөрчилнө; хоёрдугаарт, хүнийг гэсгээлт, шалгалтад өртүүлнэ; гуравдугаарт, хүнээр үхлийн шалгалт туулуулна; дөрөвдүгээрт, Бурханыг хайрлах цаг үеийг хүнээр туулуулж, бүтээгдсэн зүйлийн шийдвэрийг илэрхийлүүлнэ; тавдугаарт, Бурханы хүслийг хүнд харуулж, Бурханыг бүрэн мэдүүлж, эцэст нь хүнийг бүрэн төгс болгоно гэсэн байдлаар эмх цэгцтэйгээр хийгддэггүй. Тэр энэ бүх зүйлийг Нигүүлслийн эрин үед төлөвлөөгүй; харин Тэрээр өнөө үед эдгээрийг төлөвлөж эхэлсэн юм. Сатан ажиллаж байгаа, Бурхан ч мөн адил. Сатан завхарсан зан чанараа илэрхийлдэг байхад Бурхан шууд ярьж, мөн чанарын зарим зүйлийг илчилдэг. Энэ бол өнөөдөр хийгдэж байгаа ажил бөгөөд үүнтэй адил төрлийн ажиллах зарчим дэлхийг бүтээгдсэний дараа аль эртнээс хэрэглэгдэж байсан юм.

Эхлээд Бурхан Адам, Еваг бүтээсэн ба бас могойг бүтээсэн. Бүх зүйлийн дотроос энэхүү могой хамгийн хортой нь байв; үүний бие хор агуулж байсан ба могойг далимдуулан ашиглахын тулд Сатан хорыг нь хэрэглэжээ. Могой Еваг уруу татан нүгэл үйлдүүлсэн юм. Евагийн дараа Адам нүгэл үйлдсэн ба дараа нь тэр хоёр сайн мууг ялган таньж чаддаг болжээ. Могой Еваг уруу татаж, Ева Адамыг уруу татна гэдгийг Ехова мэдэж байсан бол яагаад тэднийг бүгдийг нь цэцэрлэг дотор тавьсан юм бэ? Хэрвээ Тэр эдгээр зүйлийг урьдчилан таамаглаж чадсан бол яагаад могойг бүтээгээд, Еден цэцэрлэг дотор тавьсан юм бэ? Яагаад Еден цэцэрлэгт сайн мууг мэдүүлэгч модны жимс байсан бэ? Тэр тэдэнд жимсийг идүүлэх гээгүй гэж үү? Еховаг ирэхэд Адам ч, Ева ч Түүнтэй нүүр тулж зүрхлээгүй ба тэр үед л, сайн мууг мэдүүлэгч модны жимсийг идэж, могойн арга зальд автсаныг нь Ехова мэдсэн. Эцэст нь Тэр могойг харааж, Адам Ева хоёрыг ч бас хараажээ. Тэр хоёрыг модны жимснээс идэх үед Ехова юу хийж байгааг нь огт мэдээгүй. Хүн төрөлхтөн ёрын муу, садар самуун болох хүртлээ завхарч, тэр ч байтугай зүрх сэтгэлдээ өвөрлөсөн бүхэн нь ёрын муу, зөв шударга бус болохдоо тулсан; энэ нь бүгд бузар байсан. Тиймээс Ехова хүн төрөлхтнийг бүтээсэндээ харамссан юм. Үүний дараа Тэр дэлхийг үерээр устгах ажлаа хэрэгжүүлсэн ба үүнээс Ноа болон түүний хөвгүүд амьд үлдсэн билээ. Зарим зүйл үнэндээ хүмүүсийн төсөөлдөг шиг тийм ч ахисан түвшинтэй, ер бусын байдаггүй. Зарим хүн: “Тэргүүн тэнгэрэлч Өөрөөс нь урвана гэдгийг Бурхан мэдэж байсан байж яагаад үүнийг бүтээсэн юм бэ?” гэж асуудаг. Эдгээр нь бодит баримт: Газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед тэргүүн тэнгэрэлч тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн том нь байсан юм. Энэ нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байв. Бурханыг оролцуулахгүйгээр тэрээр тэнгэрэлчүүдээс хамгийн том нь байсан. Хожим нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараа тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг бүр ч том урвалтыг газар дээр үйлджээ. Энэ нь хүн төрөлхтнийг удирдаж, Бурханы эрх мэдлээс давахыг хүссэн учраас Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Тэргүүн тэнгэрэлч Еваг нүгэлд уруу татсан бөгөөд өөрийн хаанчлалыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэсэн юм. Өөрийг нь дуулгавартай дагаж чадах маш олон зүйл байгааг тэргүүн тэнгэрэлч харсан—тэнгэрэлчүүд, газар дээрх хүмүүс ч бас түүнд дуулгавартай байж чадах байсан. Араатан, шувууд, модод, ой шугуй, уулс, гол болон газар дээрх бүх зүйл хүмүүсийн буюу Адам, Ева хоёрын халамжид байсан, харин Адам, Ева хоёр тэргүүн тэнгэрэлчид дуулгавартай байсан. Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүсжээ. Дараа нь тэр олон тэнгэрэлчийг Бурханы эсрэг тэрслэхэд хүргэсэн ба тэгээд тэд хожим нь янз бүрийн бузар сүнснүүд болсон юм. Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний хөгжил тэргүүн тэнгэрэлчийн завхралаас үүдээгүй гэж үү? Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтнийг завхруулсан учраас л хүмүүс өнөөдөр ийм байдалтай байгаа юм. Энэхүү алхам алхмаар хийгддэг ажил нь хүмүүсийн төсөөлдөг шиг хийсвэр бөгөөд энгийн огт биш. Сатан тодорхой учир шалтгаантайгаар урвасан, гэсэн ч хүмүүс ийм энгийн зүйлийг ойлгож чаддаггүй. Тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээсэн Бурхан яагаад бас Сатаныг бүтээсэн юм бэ? Бурхан Сатаныг маш их үзэн яддаг тул Сатан бол Түүний дайсан, тэгвэл Тэр яагаад Сатаныг бүтээсэн юм бэ? Сатаныг бүтээснээрээ Тэр дайсныг бүтээсэн бус уу? Бурхан үнэндээ дайсныг бүтээгээгүй юм; харин ч Тэрээр тэнгэрэлчийг бүтээсэн ба дараа нь тэнгэрэлч Түүнээс урвасан билээ. Өөрийнх нь байр суурь маш өндөр болсон учраас тэр Бурханаас урвахыг хүсжээ. Энэ нь тохиолдлын хэрэг байсан гэж хэлж болох боловч энэ нь бас зайлшгүй байдал байлаа. Хүн тодорхой хэмжээнд хүртэл өсөж төлөвшсөнийхөө дараа зайлшгүй нас бардагтай энэ нь адилхан; юмс яг тэр үе шат хүртэл хөгжсөн. Зарим хөгийн мунхаг хүмүүс: “Сатан Таны дайсан байхад Та яагаад үүнийг бүтээсэн юм бэ? Тэргүүн тэнгэрэлч Танаас урвана гэдгийг Та мэдээгүй гэж үү? Та мөнхөөс мөнхөд харж чаддаггүй гэж үү? Та тэргүүн тэнгэрэлчийн уг чанарыг мэдээгүй гэж үү? Энэ нь Танаас урвана гэдгийг тодорхой мэдэж байсан байж Та яагаад үүнийг тэргүүн тэнгэрэлч болгосон юм бэ? Энэ нь Танаас урваад зогсохгүй, хүн төрөлхтнийг завхруулахын тулд маш олон тэнгэрэлчийг удирдан мөнх бусын ертөнцөд бууж ирсэн, гэтэл өнөөдрийг хүртэл Та зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө дуусгаж чадаагүй л байна” гэж хэлдэг. Эдгээр үг зөв үү? Ийм маягаар бодох үедээ чи өөртөө дэмий төвөг удаж байгаа бус уу? Бас, “Сатан хүн төрөлхтнийг өнөөдрийг хүртэл завхруулаагүй бол Бурхан хүн төрөлхтөнд ийм аврал авчрахгүй байх байсан. Тэгсэн бол Бурханы мэргэн ухаан, төгс хүчин харагдахгүй байх байсан; Түүний мэргэн ухаан хаана илчлэгдэх юм бэ? Тиймээс Бурхан хүн төрөлхтнийг Сатаны төлөө бүтээсэн, ингэснээр Тэр дараа нь Өөрийн төгс хүчийг илчилж чадах байсан—тэгэхгүй бол хүн Бурханы мэргэн ухааныг яаж олж мэдэж чадах юм бэ? Хэрвээ хүн Бурханыг эсэргүүцээгүй, Түүний эсрэг тэрслээгүй бол Түүний үйл хэрэг илчлэгдэх шаардлагагүй байсан. Хэрвээ бүх бүтээл Түүнд шүтэн мөргөж, дуулгавартай байсан бол Түүнд хийх ажил байхгүй байх байсан” гэж хэлдэг хүмүүс ч бий. Энэ нь бодит байдлаас бүр ч хол хөндий юм, учир нь Бурхан огт бузар биш учраас бузрыг бүтээж чадахгүй. Тэрээр дайснаа ялж, Өөрийн бүтээсэн хүмүүсийг аварч, Өөрийг нь үзэн яддаг, эсэргүүцдэг, Өөрөөс нь урвадаг бөгөөд хамгийн анх Өөрийнх нь ноёрхол дор байж, бүр анхнаасаа Өөрт нь харьяалагдаж байсан чөтгөрүүд болон Сатаныг ялахын тулд л үйл хэргээ илчилдэг. Бурхан эдгээр чөтгөрийг ялахыг хүсдэг ба ингэснээрээ Өөрийн төгс хүчийг бүх зүйлд илчилдэг. Хүн төрөлхтөн болоод газар дээрх бүх зүйл одоо Сатаны эрхшээл дор байдаг ба хорон санаатны эрхшээл дор оршдог. Хүмүүс Өөрийг нь мэдэж, улмаар Сатаныг ялж, Түүний дайснуудыг бүрмөсөн ялан дийлэг гэсэндээ Бурхан Өөрийн үйл хэргийг бүх зүйлд илчлэхийг хүсдэг. Өөрийн үйл хэргийг илчилснээр энэ ажлыг бүхэлд нь гүйцэлдүүлдэг. Өөрийнх нь бүх бүтээл Сатаны эрхшээл дор байдаг тул Бурхан тэдэнд Өөрийн төгс хүчийг илчилж, улмаар Сатаныг ялахыг хүсдэг. Хэрвээ Сатан байгаагүй бол Тэр Өөрийн үйл хэргийг илчлэх хэрэггүй байх байв. Сатан үймүүлээгүй бол Бурхан хүн төрөлхтнийг бүтээгээд Еден цэцэрлэгт амьдруулах байсан юм. Сатаны урвалтаас өмнө Бурхан яагаад Өөрийн бүх үйл хэргийг тэнгэрэлчүүд юм уу тэргүүн тэнгэрэлчид хэзээ ч илчлээгүй юм бэ? Хэрвээ тэнгэрэлчүүд болон тэргүүн тэнгэрэлч Бурханыг мэддэг, Түүнд дуулгавартай байдаг байсан бол Бурхан тэдгээр утга учиргүй ажлыг хэрэгжүүлэх хэрэггүй байх байлаа. Сатан болон чөтгөрүүдийн оршин тогтнолын улмаас хүмүүс ч бас Бурханыг эсэргүүцэж, тэрслүү зан чанараар бялхдаг. Тиймээс Бурхан Өөрийн үйл хэргийг илчлэхийг хүсдэг. Тэр Сатантай дайн хийхийг хүсдэг учраас Сатаныг ялахын тулд Өөрийн эрх мэдэл болон бүх үйл хэргийг ашиглах ёстой; ийм маягаар, хүмүүсийн дунд Түүний явуулдаг авралын ажил нь хүмүүст Түүний мэргэн ухаан, төгс хүчийг харуулна. Бурханы өнөөдөр хийж байгаа ажил утга учиртай бөгөөд “Таны хийдэг ажил зөрчилдөөнтэй бус уу? Ажлын энэ дэс дараалал чинь зүгээр л Өөртөө төвөг удаж буй хэрэг биш үү? Та Сатаныг бүтээсэн, тэгээд Танаас урваж, Таныг эсэргүүцэх боломж олгосон. Та хүмүүсийг бүтээгээд дараа нь тэднийг Сатанд гардуулан өгч, Адам Ева хоёрыг уруу таталтад өртүүлсэн. Та энэ бүх зүйлийг зориуд хийчхээд яагаад хүн төрөлхтнийг жигшсээр байдаг юм бэ? Яагаад Та Сатаныг үзэн яддаг юм бэ? Энэ бүхэн нь Таны хийсэн зүйл биш гэж үү? Танд үзэн ядах юм юу байгаа юм бэ?” гэж зарим хүний хэлдэгтэй яавч адилгүй. Нэлээд олон мунхаг хүн тийм зүйл хэлнэ. Тэд Бурханыг хайрлахыг хүсдэг боловч сэтгэлийнхээ гүнд Бурханы талаар гомдоллодог. Хэчнээн зөрчилдөөнтэй вэ! Чи үнэнийг ойлгодоггүй, хэтэрхий олон ер бусын бодолтой байдаг ба тэр ч байтугай Бурхан алдаа гаргасан гэдэг—чи ямар хөгийн юм бэ! Үнэнээр тоглодог хүн бол чи; харин Бурхан алдаа гаргасан юм биш! Зарим хүн бүр ахин дахин гомдоллож, “Та Сатаныг бүтээсэн, Та Сатаныг хүмүүсийн дунд шидэж, тэднийг Сатанд өгсөн. Хүмүүс сатанлаг зан чанартай болмогц Та тэднийг уучлаагүй; харин оронд нь тодорхой хэмжээнд тэднийг үзэн ядсан. Эхэндээ Та тэднийг тодорхой хэмжээнд хайрласан, гэтэл одоо тэднийг жигшдэг. Та хүн төрөлхтнийг үзэн ядсан, гэхдээ Та бас хүн төрөлхтнийг хайрласан. Яг юу болоод байгаа юм бэ? Энэ нь зөрчилдөөн бус уу?” гэдэг. Та нар үүнийг хэрхэн харахаас үл хамааран, энэ нь тэнгэрт болсон зүйл; ийм байдлаар тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтөн завхарсан ба хүмүүс ингэж өнөөг хүртэл үргэлжлүүлсэн. Та нар үүнийг яаж илэрхийлэхээс үл хамааран бүхий л түүх бол энэ. Гэвч, та нарыг аврахын тулд, Сатаныг ялахын тулд Бурханы өнөөдөр хийж буй ажлын цаад зорилгыг та нар ойлгох ёстой.

Тэнгэрэлчүүд нэн сул дорой, яриад байх ямар ч чадваргүй байсан учраас эрх мэдэл өгөнгүүт биеэ тоож эхэлсэн. Ялангуяа бусад тэнгэрэлчээс өндөр байр суурьтай байсан тэргүүн тэнгэрэлчийн хувьд ийм байсан юм. Тэнгэрэлчүүдийн дундах хаан тэрээр олон сая тэнгэрэлчийг удирдан захирч байсан ба Еховагийн дор түүний эрх мэдэл өөр ямар ч тэнгэрэлчийнхээс давжээ. Тэрээр энэ, тэрийг хийхийг хүсэж, дэлхийг хянахын тулд хүний ертөнц рүү тэнгэрэлчүүдийг удирдан буухыг хүссэн юм. Бурхан Өөрийгөө орчлон ертөнцийг захирдаг Нэгэн гэж хэлсэн; гэтэл тэргүүн тэнгэрэлч өөрийгөө орчлон ертөнцийг захирдаг гэж хэлсэн—тэр үеэс хойш тэргүүн тэнгэрэлч Бурханаас урвасан юм. Бурхан тэнгэрт өөр ертөнцийг бүтээсэн бөгөөд тэргүүн тэнгэрэлч энэ ертөнцийг захирахын сацуу мөнх бусын ертөнцөд буухыг хүссэн. Бурхан ингэхийг нь зөвшөөрч чадна гэж үү? Тиймээс Тэр тэргүүн тэнгэрэлчийг цохиж, агаар луу доош шидсэн юм. Хүмүүсийг завхруулснаас нь хойш тэднийг аврахын тулд Бурхан Сатантай дайтах болсон; Тэр түүнийг ялахын тулд энэ зургаан мянганыг ашигласан юм. Та нарын үзлээр бол Бурхан төгс хүчтэй байдаг бөгөөд Бурханы одоо явуулж байгаа ажилтай нийцдэггүй; энэ нь туйлын бодит бус бөгөөд маш утгагүй! Үнэндээ тэргүүн тэнгэрэлчийг урвасны дараа л Бурхан түүнийг дайснаа гэж зарласан. Урвалтынхаа улмаас л тэргүүн тэнгэрэлч мөнх бусын ертөнцөд ирснийхээ дараа хүн төрөлхтнийг гишгэлсэн ба энэ шалтгааны улмаас хүн төрөлхтөн өдийг хүртэл хөгжсөн билээ. Ийм юм тохиолдсоны дараа Бурхан Сатанд: “Би чамайг ялж, Өөрийн бүтээсэн бүх хүнд аврал авчирна” гэж тангарагласан юм. Сатан эхэндээ үнэмшээгүй ба “Та үнэндээ надад юу хийж чадах юм бэ? Та үнэхээр намайг агаар луу цохиж чадна гэж үү? Та үнэхээр Намайг ялж чадна гэж үү?” хэмээн хариулжээ. Бурхан агаар луу цохисныхоо дараа тэргүүн тэнгэрэлчид цаашид анхаарал хандуулаагүй бөгөөд хожим нь Сатаны байнгын үймээнийг үл хайхран хүн төрөлхтнийг аварч, Өөрийн ажлыг хийж эхэлсэн. Сатан энэ, тэрийг хийж чаддаг байсан ч энэ бүхэн нь урьд нь түүнд Бурханы өгсөн эрх мэдлийн ач байв; тэр эдгээрийг өөртөө аван агаарт гарч, өнөөг хүртэл хадгалсаар ирсэн. Тэргүүн тэнгэрэлчийг агаар луу цохихдоо Бурхан эрх мэдлийг нь буцааж аваагүй тул Сатан хүн төрөлхтнийг үргэлжлүүлэн завхруулжээ. Нөгөө талаар, бүтээгдсэнийх нь дараа Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг Бурхан аварч эхэлсэн. Бурхан тэнгэрт байхдаа Өөрийн үйл хэргийг илчлээгүй; гэхдээ газар дэлхийг бүтээхээсээ өмнө Тэрээр тэнгэрт бүтээсэн дэлхийнхээ хүмүүст Өөрийн үйл хэргийг харуулж, тэгснээрээ тэнгэр дээрх хүмүүсийг удирдан хөтөлсөн. Тэр тэдэнд мэргэн ухаан, оюуны чадамж өгч, тэрхүү дэлхийд амьдруулахаар тэрхүү хүмүүсийг удирдан хөтөлсөн. Мэдээж та нарын хэн ч энэ тухай өмнө нь сонсож байгаагүй. Дараа нь, Бурхан хүмүүсийг бүтээсний дараа тэргүүн тэнгэрэлч тэднийг завхруулж эхэлсэн; газар дээр бүх хүн төрөлхтөн эмх замбараагүй байдалд автсан. Тэр үед л Бурхан Сатаны эсрэг дайнаа эхлүүлсэн ба тэр үед л хүмүүс Түүний үйл хэргийг харж эхэлсэн билээ. Эхэндээ тийм үйл хэрэг хүн төрөлхтнөөс нуугдмал байв. Агаар луу цохигдсоныхоо дараа Сатан өөрийнхөө юмыг хийж, Бурхан ч Өөрийнхөө ажлыг үргэлжлүүлэн хийсэн ба эцсийн өдрүүдийг хүртэл Сатантай тасралтгүй дайтсан билээ. Одоо үе бол Сатан устгагдах ёстой цаг үе. Анх Бурхан түүнд эрх мэдэл өгсөн, дараа нь Тэр үүнийг агаар руу цохисон ч тэр эсэргүүцсэн хэвээр үлдсэн. Дараа нь, тэр газар дээр хүн төрөлхтнийг завхруулсан боловч Бурхан тэнд хүн төрөлхтнийг удирдаж байлаа. Сатаныг ялахын тулд Бурхан хүмүүсийг удирдах Өөрийн удирдлагыг ашигладаг. Хүмүүсийг завхруулснаар Сатан тэдний хувь заяаг эцэслэж, Бурханы ажлыг үймүүлдэг. Нөгөө талаар, Бурханы ажил бол хүн төрөлхтний аврал билээ. Бурханы ажлын аль алхам нь хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаггүй вэ? Аль алхам нь хүмүүсийг цэвэрлэж, тэднийг зөв шударга авирладаг болгож, хайр татам хүмүүсийн дүрийг амьдран харуулдаг болгохын төлөө байдаггүй вэ? Харин Сатан үүнийг хийдэггүй. Тэр хүн төрөлхтнийг завхруулдаг; хүн төрөлхтнийг завхруулах ажлаа орчлон ертөнц даяар тасралтгүй явуулдаг. Мэдээж Бурхан ч бас ажлаа хийн, Сатанд ямар ч анхаарал хандуулдаггүй. Сатан хэчнээн их эрх мэдэлтэй байх нь хамаагүй, тэр эрх мэдлийг Бурхан л өгсөн; Бурхан үнэндээ Өөрийн бүх эрх мэдлийг үүнд ердөө өгөөгүй, тиймээс Сатан юу ч хийсэн бай, Бурханаас давж хэзээ ч чадахгүй ба үргэлж Бурханы атганд байх болно. Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг тэнгэрт байхдаа илчлээгүй. Тэр ердөө л Сатанд багахан хэмжээний эрх мэдэл өгч, бусад тэнгэрэлчийг түүгээр хянуулсан. Тиймээс Сатан юу ч хийлээ гэсэн, Бурханы эрх мэдлээс давж чадахгүй, учир нь анх Бурханы түүнд өгсөн эрх мэдэл хязгаарлагдмал юм. Бурхан ажиллаж байхад Сатан үймүүлдэг. Эцсийн өдрүүдэд Сатаны үймээн самуун дууссан байх болно; үүний нэгэн адил Бурханы ажил ч бас дуусаж, Бурханы бүрэн төгс болгохыг хүсдэг хүмүүс бүрэн төгс болгуулна. Бурхан хүмүүсийг эерэгээр чиглүүлдэг; Түүний амь бол хэмжээлшгүй агаад хязгааргүй амийн ус билээ. Сатан хүнийг тодорхой хэмжээнд завхруулсан; эцэст нь амийн амьд ус хүнийг бүрэн төгс болгоно, тэгээд Сатан хөндлөнгөөс оролцож, өөрийн ажлыг явуулах боломжгүй болно. Тийнхүү Бурхан энэ хүмүүсийг бүрэн олж авч чадна. Сатан одоо ч гэсэн үүнийг хүлээн авахаас татгалзсаар байгаа; тэр байнга Бурханы эсрэг сөрөн зогсдог ч Бурхан түүнд огт анхаарал хандуулдаггүй. “Би Сатаны бүх харанхуй хүчийг, үүний бүх харанхуй нөлөөг ялна” гэж Бурхан хэлсэн. Энэ нь махбодоор хийгдэх ажил бөгөөд энэ нь бас махбод болохын утга учир буюу эцсийн өдрүүдэд Сатаныг ялах ажлын үе шатыг дуусгаж, Сатанд харьяалагддаг бүх зүйлийг арчин хаях явдал юм. Бурхан Сатаныг ялах нь зайлшгүй! Үнэндээ Сатан аль хэдийн бүтэлгүйтсэн. Агуу улаан лууны газар нутаг даяар сайн мэдээ тархаж эхлэх үед, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан ажлаа эхлүүлж, энэ ажлыг явуулж эхлэх үед Сатан бүрмөсөн ялагдсан, учир нь бие махбодтой болохын гол зорилго нь Сатаныг ялан дийлэхийн төлөө байсан билээ. Бурхан дахин нэг удаа махбод болж, ямар ч хүч зогсоож чадахгүй Өөрийн ажлыг хэрэгжүүлж эхлэхийг Сатан хармагцаа энэ ажлын бараанаар мэгдэн сандарч, цаашид гай тарьж зүрхлээгүй. Эхэндээ Сатан өөрт нь ч бас маш их мэргэн ухаан өгөгдсөн гэж бодсон ба Бурханы ажилд саад болж, үймүүлсэн; гэхдээ тэр, Бурхан дахин нэг удаа махбод болж, Өөрийнхөө ажилд хүн төрөлхтний төлөөх илчлэл, шүүлт болгон Сатаны тэрслүү байдлыг ашиглаж, улмаар хүмүүсийг байлдан дагуулж, Сатаныг ялна гэж бодоогүй юм. Бурхан Сатанаас илүү ухаалаг бөгөөд Бурханы ажил түүнээс хамаагүй хол давдаг. Тиймээс өмнө нь Миний хэлж байсанчлан: “Миний хийдэг ажил Сатаны ов мэхний хариуд хэрэгждэг; эцэстээ Би Өөрийн төгс хүчийг болон Сатаны хүчин мөхөс байдлыг илчилнэ.” Бурхан урд талд нь Өөрийн ажлыг хийх үед Сатан араас нь дагах ба эцэстээ бүрмөсөн устгагдана—өөрийг нь юу цохисныг ч тэр мэдэхгүй! Аль хэдийн сүйрэн унаж, няцлуулмагцаа л тэр үнэнийг ухаарна, харин тэр үед аль хэдийн галт нууранд шатчихсан байх болно. Тэгэхэд Сатан бүрэн үнэмшихгүй гэж үү? Учир нь тэр үед түүнд ашиглах арга заль байхгүй байх болно!

Алхам алхмаар хийгддэг энэхүү бодит ажил Бурханы зүрх сэтгэлийг хүн төрөлхтний төлөөх уй гашууд үргэлж автуулдаг тул Сатантай хийсэн Түүний дайн зургаан мянган жилийн турш үргэлжилсэн бөгөөд Бурхан: “Би дахин хэзээ ч хүн төрөлхтнийг бүтээхгүй, тэнгэрэлчүүдэд ч дахин эрх мэдэл олгохгүй” гэж хэлсэн юм. Тэр үеэс эхлээд, тэнгэрэлчүүд газар дээр ажиллахаар ирэхдээ зарим нэг ажил хийхэд нь л Бурханыг дагаж байсан; Тэр тэдэнд дахин хэзээ ч эрх мэдэл өгөөгүй. Израильчуудын харсан тэнгэрэлчүүд ажлаа яаж хийж байсан бэ? Тэд хүмүүсийн зүүдэнд үзэгдэж, Еховагийн үгийг дамжуулж байсан. Есүс цовдлогдсоныхоо дараа гурав хоноод дахин амилах үед тэнгэрэлчүүд бул чулууг хажуу тийш түлхсэн; Бурханы Сүнс энэ ажлыг биечлэн хийгээгүй юм. Тэнгэрэлчүүд иймэрхүү ажил л хийж байсан; тэд туслах дүрд тоглосон боловч ямар ч эрх мэдэлгүй байсан, учир нь Бурхан тэдэнд дахин хэзээ ч эрх мэдэл олгохгүй. Хэсэг хугацаанд ажилласны дараа газар дээр Бурханы ашиглаж байсан хүмүүс Бурханы байр суурийг авч, “Би орчлон ертөнцийг даван гармаар байна! Би гурав дахь тэнгэрт зогсмоор байна! Бид бүрэн эрх мэдэлтэйгээр хаанчлахыг хүсэж байна!” гэж хэлсэн. Тэд хэдэн өдөр ажилласныхаа дараа биеэ тоосон; тэд газар дээр бүрэн эрх мэдэлтэй байж, өөр улс байгуулж, бүх зүйлийг хөлийнхөө дор байлгаж, гурав дахь тэнгэрт зогсохыг хүссэн. Чи ердөө л Бурханы ашигладаг хүн гэдгээ мэдэхгүй гэж үү? Чи яаж гурав дахь тэнгэр лүү гарч чадах юм бэ? Бурхан чимээгүйхнээр, хашхиралгүйгээр газар дээр ажиллахаар ирээд, ажлаа сэмхэн дуусгасныхаа дараа явж оддог. Тэр хэзээ ч хүмүүс шиг хашхирдаггүй, харин ч Өөрийн ажлыг бодитоор хэрэгжүүлдэг. Тэр сүмд ороод, “Би та нарыг бүгдийг арчин хаяна! Би та нарыг харааж, гэсгээнэ!” гэж хэзээ ч хашхирдаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг үргэлжлүүлэн хийдэг ба хийж дуусмагцаа явдаг. Өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөж, индэр дээрээс бусдад зааж сургаж, урт сүржин илтгэл тавьж, бодит бус асуудлыг хэлэлцдэг шашны тэр пасторууд голдоо ортол биеэ тоосон байдаг! Тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам билээ!

Зургаан мянган жилийн ажлаа өнөөдрийг хүртэл хийснийхээ дараа Бурхан олон үйл хэргээ аль хэдийн илчилсэн ба үүний гол зорилго нь Сатаныг ялж, бүх хүн төрөлхтөнд аврал авчрах явдал байлаа. Тэрээр энэ боломжийг ашиглан тэнгэрт байгаа бүх зүйл, газар дээрх бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болон газар дээрх Бурханы бүтээл нэг бүрд Өөрийн төгс хүчийг харуулж, Өөрийн бүх үйл хэргийг үзүүлдэг. Мөн Сатаныг ялах боломжийг шүүрэн авснаараа Тэр хүмүүст Өөрийн бүх үйл хэргийг илчилж, тэднээр Өөрийгөө магтуулж, Сатаныг ялсан мэргэн ухаанаа өргөмжлүүлдэг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай тэнгис доторх бүх зүйл Бурханд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний үйл хэрэг нэг бүрийг магтаж, Түүний ариун нэрийг хашхирна. Энэ нь Тэр Сатаныг ялсны нотолгоо; Сатаныг эрхэндээ оруулсны нотолгоо. Үүнээс ч чухал нь, хүн төрөлхтнийг аварсных нь нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчран, дайснаа ялж, ялгууснаар буцан ирснийх нь төлөө Түүнийг магтах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн шагшин магтана. Түүний зорилго ердөө л Сатаныг ялах явдал биш, иймээс Түүний ажил зургаан мянган жилийн турш үргэлжилсэн юм. Тэр Сатаны ялагдлыг ашиглан хүн төрөлхтнийг авардаг; Сатаны ялагдлыг ашиглан Өөрийн бүх үйл хэрэг, бүх алдар сууг илчилдэг. Тэрээр алдаршина, үй түмэн тэнгэрэлч Түүний бүх алдрыг харна. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харна. Энэ бол Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдар сууг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсныхаа дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтнөөр Өөрийгөө магтуулж, улмаар Өөрийнхөө ажилд давхар ялалт байгуулна. Эцэстээ бүх хүн төрөлхтнийг Тэр байлдан дагуулах ба эсэргүүцэж, тэрсэлдэг хэнийг ч арчин хаяна; өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүнийг Тэр арчин хаяна. Чи одоо Бурханы маш олон үйл хэргийг харж байгаа мөртөө мөн л эсэргүүцэн, тэрсэлдэг ба захирагддаггүй; чи дотроо олон зүйл өвөрлөж, хүссэн бүхнээ хийдэг. Чи өөрийн шунал тачаал, дур сонирхлыг дагадаг; энэ нь бүгд тэрслүү байдал, эсэргүүцэл юм. Махан биеийн төлөө, шунал тачаалынхаа төлөө, түүнчлэн дуртай зүйлс, дэлхий ертөнц, Сатаны төлөө Бурханд итгэх нь бузар заваан юм; энэ нь уг чанартаа эсэргүү, тэрслүү байдаг. Өнөө үед төрөл бүрийн итгэл байдаг: Зарим хүн гай гамшгаас хоргодох газар эрж хайдаг, бусад нь ерөөл хүртэхээр эрэлхийлдэг; зарим нь нууцуудыг ойлгохыг хүсдэг байхад бусад нь мөнгөний араас хөөцөлддөг. Эдгээр нь төрөл бүрийн эсэргүүцэл бөгөөд бүгд доромжлол юм! Хүн эсэргүүцэж, тэрсэлнэ гэдэг нь ийм үйлдлүүдийг хэлдэг бус уу? Өнөө үед олон хүн дургүйцэж, гомдоллож, шүүлт хийдэг. Энэ нь бүгд хорон муу санаатны хийдэг зүйл юм; тэдгээр нь хүний эсэргүүцэл, тэрслүү байдлын жишээ билээ. Тийм хүмүүс Сатанд эзэмдүүлж, эзлэгддэг. Бурханы олж авдаг хүмүүс бол Түүнд бүрэн захирагддаг хүмүүс; тэд Сатанаар завхруулагдсан ч Бурханы одоогийн ажлаар авруулж, байлдан дагуулагдсан, гай зовлон туулж, эцэст нь Бурханаар бүрэн авхуулсан, цаашид Сатаны эрхшээл дор амьдрахаа больж, шударга бус байдлаас ангижирсан, ариун байдлыг амьдран харуулахыг хүсдэг хүмүүс юм—ийм хүмүүс бол хамгийн ариун хүмүүс; үнэхээр ариун хүмүүс юм. Хэрвээ чиний одоогийн үйлдлүүд Бурханы шаардлагын нэгээхэн хэсэгтэй ч тохирдоггүй бол чи таягдан хаягдана. Энэ нь маргаангүй. Бүх зүйл өнөөдрийн хэрэг явдлаас хамаардаг; хэдийгээр чамайг урьдчилан тогтоож, сонгосон ч өнөөдрийн үйлдэл чинь төгсгөлийг чинь тодорхойлно. Хэрвээ чи одоо хөл нийлүүлж чадахгүй бол таягдан хаягдана. Хэрвээ одоо хөл нийлүүлж чадахгүй юм бол чи яаж дараа нь хөл нийлүүлж чадах юм бэ? Одоо чиний өмнө ийм агуу гайхамшиг гарч ирсэн ч чи мөн л итгэдэггүй. Бурхан Өөрийн ажлыг дуусгаад, цаашид дахин ийм ажил хийхгүй бол чи дараа нь яаж Түүнд итгэх юм бэ? Тэр үед чиний хувьд Түүнийг дагах бүр ч боломжгүй байх болно! Хожим нь Бурхан, бие махбодтой болсон Бурханы ажилд хандах хандлага, мэдлэг, туршлагад чинь тулгуурлан нүгэлтэй юу, зөв шударга уу гэдгийг чинь тодорхойлж, төгс болгуулах уу, эсвэл таягдан хаягдах уу гэдгийг чинь тодорхойлно. Чи одоо тодорхой харах ёстой. Ариун Сүнс ингэж ажилладаг: Чиний өнөөдрийн үйлдлийн дагуу Тэр төгсгөлийг чинь тодорхойлдог. Өнөөдрийн үгийг хэн хэлдэг вэ? Өнөөдрийн ажлыг хэн хийдэг вэ? Өнөөдөр таягдан хаягдах уу гэдгийг чинь хэн шийддэг вэ? Чамайг төгс болгохыг хэн шийддэг вэ? Энэ бүхнийг Би Өөрөө хийдэг бус уу? Би бол эдгээр үгийг хэлдэг Нэгэн; Би бол ийм ажлыг хийдэг Нэгэн. Хүмүүсийг харааж, гэсгээж, шүүх нь бүгд Миний ажлын хэсгүүд. Эцэст нь чамайг таягдан хаяхыг ч бас Би шийднэ. Энэ бүх зүйл Миний мэдэх хэрэг! Чамайг төгс болгох нь Миний хэрэг ба чамд ерөөл эдлүүлэх нь ч бас Миний мэдэх хэрэг юм. Энэ нь бүгдээрээ Миний хийдэг ажил. Чиний төгсгөлийг Ехова урьдчилан тогтоогоогүй; үүнийг өнөөдрийн Бурхан тогтоож байгаа. Энэ нь одоо тодорхойлогдож байгаа; харин дэлхий ертөнц бүтээгдэхээс ч өмнө тодорхойлогдоогүй. Зарим хөгийн хүмүүс: “Таны нүд нэг л болохгүй байх шиг байна, Та намайг харах ёстой байдлаараа харахгүй байна. Эцэстээ Сүнс яг юу илчлэхийг Та харах болно!” гэж хэлдэг. Есүс анх Иудасыг шавиа болгон сонгосон. “Өөрөөс нь урвах шавийг Тэр яаж сонгож чадав аа?” гэж хүмүүс асуудаг. Эхэндээ Иудаст Есүсээс урвах санаа байгаагүй; энэ нь ердөө дараа нь тохиолдсон. Тухайн үед Есүс Иудаст нэлээд таатай хандаж байсан; Тэр Иудасаар Өөрийгөө дагуулж, санхүүгийн асуудлаа түүнд хариуцуулсан. Иудас мөнгө завшихыг мэдэж байсан бол Есүс түүнд хэзээ ч тийм асуудал хариуцуулахгүй байсан юм. Энэ хүн шударга бус, зальхай, ах эгч нараа хуурна гэдгийг Есүс анх мэдээгүй гэж хэлж болно. Хожим нь, Иудас хэсэг хугацаанд Өөрийг нь дагасны дараа ах, эгч нараа аргалж, мөн Бурханыг аргалж байхыг нь Есүс харсан. Иудас мөнгөний хүүдийнээс мөнгө авдаг зуршилтай болохыг хүмүүс ч бас олж мэдээд, дараа нь Есүст энэ тухай хэлсэн. Тэр үед л Есүс юу болоод байгааг мэдсэн. Есүс цовдлолын ажлыг явуулах байсан, мөн Өөрөөс нь урвах хүн хэрэгтэй байсан ба Иудас энэ дүрд тоглоход яг тохирох хүн байж таарсан учраас л Есүс: “Бидний дундаас нэг нь Надаас урвана. Хүний Хүү энэхүү урвалтыг ашиглан цовдлогдоод, гурван өдрийн дараа дахин амилна” гэж хэлсэн юм. Тухайн үед Есүс үнэндээ Өөрөөс нь урвана гээд Иудасыг сонгосон юм биш; харин ч эсрэгээрээ Иудасыг үнэнч шавь нь байгаасай гэж Тэр хүссэн. Санаандгүйгээр Иудас Эзэнээс урвасан шунахай дорд амьтан байж таарсан тул Есүс энэ нөхцөл байдлыг ашиглан Иудасыг энэхүү ажилд сонгожээ. Хэрвээ Есүсийн арван хоёр шавь бүгд үнэнч байж, тэдний дундаас нэг нь ч Иудас шиг байгаагүй бол Есүсээс урвах хүн нь эцэстээ шавь нараас нь өөр хүн байх байсан юм. Гэвч тухайн үед тэдний дунд хээл хахууль авах дуртай Иудас гэх нэгэн байж таарсан. Тиймээс Есүс ажлаа гүйцээхийн тулд энэ хүнийг ашигласан юм. Энэ хэчнээн энгийн байсан гээч! Есүс Өөрийнхөө ажлын эхэнд үүнийг урьдчилан тогтоогоогүй; харин бүх зүйл тодорхой цэгт хүртэл өрнөсний дараа л энэ шийдвэрийг гаргажээ. Энэ нь Есүсийн шийдвэр, өөрөөр хэлбэл Бурханы Сүнсний Өөрийн шийдвэр байлаа. Анх Есүс Иудасыг сонгосон; Иудас дараа нь Есүсээс урвасан бөгөөд энэ нь зорилгоо биелүүлэхийн тулд Ариун Сүнсний хийсэн зүйл байв. Энэ нь тухайн үед Ариун Сүнсний хийсэн ажил байсан юм. Есүс Иудасыг сонгох үедээ Өөрөөс нь урвана гэж огт мэдээгүй. Искариотын Иудас гэдгийг л мэдэж байсан. Та нарын төгсгөл ч гэсэн, өнөөдрийн дуулгавартай байдлын чинь түвшин болон амийн өсөлтийн түвшний чинь дагуу тодорхойлогддог болохоос дэлхий ертөнц бүтээгдэх үед та нарын төгсгөл урьдчилан тогтоогдсон гэх хүний үзлээр тодорхойлогддоггүй. Чи эдгээр зүйлийг тодорхой ухамсарлах ёстой. Энэ бүх ажил чиний төсөөлдөг шиг хийгддэггүй юм.

Өмнөх: Хөгшин залуу хүмүүст зориулсан үг

Дараах: Нэршил болон ялгамж чанарын талаар

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх