Ажил ба оролт 1
Хүмүүс Бурханд итгэх зөв замаар алхаж эхэлсэн цагаас хойш олон зүйл тэдний хувьд ойлгомжгүй хэвээр үлдсэн. Тэд Бурханы ажлын талаар болон өөрсдийн хийх ёстой ихээхэн ажлын тухайд бүрэн самуурч будилсаар байдаг. Нэг талаар энэ нь, тэдний туршлага дахь гажуудал болон тэдний хүлээн авах чадварын хязгаараас болдог; нөгөө талаар, Бурханы ажил хүмүүсийг хараахан энэ үе шатанд хүргээгүйгээс болдог. Иймээс хүн бүрийн хувьд ихэнх сүнслэг асуудал тодорхойгүй байдаг. Та нар юунд орох ёстойгоо тодорхой мэддэггүйгээр үл барам, Бурханы ажлын талаар бүр ч мэддэггүй. Энэ нь та нарын дотор оршдог дутагдалтай асуудал төдийхөн биш: Харин шашны ертөнц дэх бүх хүнд нийтлэг байдаг асар том өө сэв юм. Хүмүүс яагаад Бурханыг мэддэггүйн гол түлхүүр энд оршдог тул энэхүү өө сэв нь Түүнийг эрж хайдаг бүх хүний нийтлэг дутагдал билээ. Хэн ч, хэзээ ч Бурханыг мэдээгүй, хэзээ ч Түүний үнэн царайг хараагүй. Үүнээс болоод Бурханы ажил, уулыг хөдөлгөж, тэнгис далайг ширгээх мэт хэцүү бэрх болдог. Маш олон хүн Бурханы ажлын төлөө амиа золиосолсон; маш олон хүн Түүний ажлаас үүдэн хаягдсан; Түүний ажлын төлөө маш олон хүн үхтлээ тарчилсан; маш олон хүний нүд Бурханыг гэх хайрын нулимсаар дүүрч, хилсээр нас барсан; маш олон хүн харгис хэрцгий, зэрлэг балмад хавчлагатай тулгарсан… Энэ бүх эмгэнэлт үйл явдал болоод өнгөрдөг—энэ бүхэн нь Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хомс байдгаас болдог бус уу? Бурханыг мэддэггүй хүн яаж Түүний өмнө очих нэр нүүртэй байж чадах юм бэ? Бурханд итгэдэг мөртөө Түүнийг хавчдаг хүн яаж Түүний өмнө очих нэр нүүртэй байж чадах юм бэ? Эдгээр нь гагцхүү шашны ертөнц дэх хүмүүсийн хангалтгүй байдал биш, харин та нарт ч, тэдэнд ч аль алинд нь нийтлэг байдаг. Хүмүүс Бурханыг мэдэлгүйгээр Түүнд итгэдэг; ганцхан энэ шалтгааны улмаас тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлдэггүй ба зүрх сэтгэлдээ Түүнээс айж эмээдэггүй. Энэ урсгал дотор өөрсдийн төсөөлсөн ажлыг ил тод, ичгүүр сонжуургүй хийж, Бурханы даалгасан ажлыг өөрсдийн шаардлага, хэрээс хэтэрсэн хүслийн дагуу хийж эхэлдэг хүмүүс ч бий. Олон хүн дураараа аашилж, Бурханыг огт хүндлэхгүйгээр өөрсдийн хүслийг л дагадаг. Эдгээр жишээ нь хүмүүсийн аминчхан зүрх сэтгэлийн төгс илрэл биш гэж үү? Эдгээр жишээ нь хүмүүст байдаг хэт их хууран мэхлэлтийн элементийг харуулдаггүй гэж үү? Хүмүүс үнэндээ гоц ухаантай байж болох ч тэдний авьяас билиг Бурханы ажлыг яаж орлож чадах юм бэ? Хүмүүс үнэндээ Бурханы ачаанд санаа тавьж болох боловч хэтэрхий аминчхан авирлаж болохгүй. Хүмүүсийн үйл хэрэг үнэхээр Бурханлаг гэж үү? Хүн зуун хувь итгэлтэй байж чадах уу? Бурханд гэрчлэл хийж, Түүний алдрыг өвлөн авах—энэ бол Бурхан хүмүүсийг онцгойлон үзэж, өргөж байгаа хэрэг; хүмүүс яаж үнэ цэнтэй байж чадах юм бэ? Бурханы ажил дөнгөж эхэлсэн ба Түүний үг дөнгөж л хэлэгдэж эхэлсэн. Энэ үед хүмүүс өөрсдийгөө сайнаар боддог ч энэ нь ердөө л өөрсдөдөө гутамшиг дуудаж байгаа хэрэг биш үү? Тэд дэндүү багыг ойлгодог. Хамгийн чадварлаг онолч, хамгийн уран үгтэй илтгэгч хүртэл Бурханы бүхий л элбэг дэлбэг байдлыг дүрсэлж чаддаггүй, тэгвэл та нар үүнээс хэчнээн дор байх билээ? Та нар өөрсдийн үнэ цэнийг тэнгэрээс өндөрт тавих ёсгүй, харин ч өөрсдийгөө, Бурханы хайрыг эрж хайдаг тэр ухаалаг хүмүүсийн алинаас ч илүү дорд хэмээн үзэх ёстой. Өөрсдийгөө бусад бүх хүнээс нэлээд доогуур гэж үзэх нь та нарын орох ёстой зам юм. Яагаад өөрсдийгөө тийм өндөрт тооцно гэж? Яагаад өөрийгөө тийм өндрөөр үнэлнэ гэж? Амийн урт аянд та нар эхний хэдхэн алхмаа л хийсэн. Та нар бүхэл бүтэн Бурханыг биш, Бурханы гарыг л харсан. Дэндүү бага өөрчлөгдсөн учраас та нар Бурханы ажлаас илүү ихийг харж, орох ёстой зүйлээ илүү их олж мэдвэл зохино.
Хүнийг төгс болгож, зан чанарыг нь өөрчлөх Бурханы ажил хэзээ ч зогсдоггүй, учир нь хүн хэтэрхий олон талаар дутуу дулимаг бөгөөд Түүний тогтоосон стандартаас хавьгүй хол байдаг. Иймээс Бурханы нүдэнд та нар үүрд, Түүнд таалагдах маш цөөхөн элемент агуулдаг нярай хүүхдүүд байх болно, учир нь та нар бол ердөө Бурханы гар дахь бүтээлүүд билээ. Хэрвээ хүн маадгар зантай болбол Бурхан зэвүүцэхгүй гэж үү? Өнөөдөр та нар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна гэдэг нь махан биеийн чинь хязгаарлагдмал өнцгөөс хэлэгдсэн байдаг; хэрвээ та нар үнэхээр Бурханы эсрэг тэмцэлдсэн бол дэвжээн дээр үүрд ялагдах байсан. Хүний махан бие хэзээ ч ялалтыг мэдээгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлаар л дамжуулан хүн засаж залруулдаг чанартай байх боломжтой. Үнэн хэрэгтээ Бурханы бүтээл дэх үй олон зүйлээс хүн хамгийн дорд юм. Хэдий хүн бүх зүйлийн эзэн нь боловч тэдгээрийн дундаас ганцхан хүн л Сатаны заль мэхэнд автдаг бөгөөд ганцхан хүн л Сатаны завхралд эцэс төгсгөлгүй урхидуулдаг билээ. Хүн хэзээ ч өөрийгөө захирч байгаагүй. Ихэнх хүн Сатаны балиар заваан газарт амьдарч, түүний доог тохууг амсдаг; Сатан тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүт байдалтай болтол нь ийм, тийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан хувь заяаг нь төгсгөл болгодог. Иймээс хүмүүс бүхий л амьдралынхаа турш эргэлзээн дунд мэгдэн гайхширч, өөрсдөд нь зориулан Бурханы бэлдсэн сайхан зүйлсийг нэг ч удаа эдлэлгүй, харин Сатанд хорлогдож, навсайн салбарч үлддэг. Өнөөдөр тэд Бурханы ажлыг анхаарах сөхөөгүй маш сул дорой, үлбэгэр болжээ. Хэрвээ хүмүүс Бурханы ажлыг анзаарах сөхөөгүй бол тэдний туршлага үүрд хагас дутуу, бүрэн бус хэвээр үлдэх тавилантай ба тэдний оролт үүрд хоосон байх болно. Бурхан дэлхийд ирснээс хойших хэдэн мянган жилд, өндөр дээд туйлын хүслэнтэй олон тооны хүн, Бурханы төлөө ажиллахын тулд олон жилийн турш Түүнд ашиглагдсаар ирсэн; гэхдээ Түүний ажлыг мэддэг хүмүүс маш цөөхөн, бараг байдаггүй. Энэ шалтгааны улмаас тоймгүй олон хүн Бурханы төлөө ажиллахын зэрэгцээ Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг, учир нь Түүний ажлыг хийхийн оронд тэд үнэндээ Бурханы олгосон байр суурин дээр хүний ажлыг хийдэг. Үүнийг ажил гэж нэрлэж болох уу? Тэд яаж орж чадах юм бэ? Хүн төрөлхтөн Бурханы нигүүлслийг аваад, булж орхисон. Үүнээс болж үеэс үед Түүний ажлыг хийдэг хүмүүс өчүүхэн бага оролттой байдаг. Тэд Бурханы ажлыг мэдэх талаар ердөө ярьдаггүй, учир нь тэд Бурханы мэргэн ухаанаас хэтэрхий багыг ойлгодог. Хэдийгээр Бурханд үйлчилдэг хүн олон байдаг ч Түүний хэр агуу болохыг харж чаддаггүй, ийм учраас л тэд бусдаар шүтүүлэхийн тулд өөрсдийгөө Бурхан мэт өргөмжилдөг.
Маш олон жилийн турш Бурхан бүтээл дотор нуугдмал байсан; маш олон хавар, намар манангийн араас ажигласан; маш олон өдөр, шөнийн турш гуравдагч тэнгэрээс доош харсан; маш олон сар, жилийн турш хүмүүсийн дунд алхсан. Тэрээр бүх хүний дээр суун, маш олон хүйтэн өвлийн турш чимээгүйхэн хүлээсэн. Тэр Өөрийгөө хэнд ч, хэзээ ч ил тод харуулаагүй, ганц ч чимээ гаргаагүй бөгөөд тэмдэг дохиогүйгээр явж, чимээгүйхэн буцан ирдэг. Хэн Түүний үнэн нүүр царайг мэдэж чадах билээ? Тэр хэзээ ч хүнтэй ярьж байгаагүй, хэзээ ч хүнд харагдаагүй. Бурханы даалгасан ажлыг хийх нь хүмүүст хэр амархан байдаг вэ? Бурханыг мэдэх нь бүх зүйлийн дотроос хамгийн хэцүү нь гэдгийг тэд ухаардаггүй. Өнөөдөр Бурхан хүнтэй ярьсан боловч хүн хэзээ ч Түүнийг мэдээгүй, учир нь хүний амийн оролт хэтэрхий хязгаарлагдмал бөгөөд өнгөцхөн. Түүний өнцгөөс харахад, хүмүүс Бурханы өмнө гарч ирэхэд огтхон ч тохирохгүй. Тэд Бурханы талаар дэндүү бага ойлгодог бөгөөд Түүнээс хэтэрхий их холдсон. Түүнчлэн Бурханд итгэх зүрх сэтгэл нь хэтэрхий ярвигтай, мөн тэд Бурханы дүрийг сэтгэлийнхээ гүнд ер хадгалдаггүй. Үүний үр дүнд Бурханы хичээнгүй чармайлт болон ажил нь яг л элсэнд булагдсан алт мэтээр хурц гэрэл цацруулж чаддаггүй. Бурханы хувьд, энэ хүмүүсийн хэв чанар, далд сэдэл, үзэл бодол нь туйлын жигшүүртэй байдаг. Хүлээн авах чадвар нь муудаж, туйлын мэдрэлгүй болж, доройтон дордож, хэтэрхий боол шиг, сул дорой, сэтгэлийн тэнхээгүй болсон тэднийг морь малыг хөтөлдөг шигээр л дөрлөх ёстой. Өөрсдийнхөө сүнсний оролт юм уу Бурханы ажилд орох оролтын тухайд тэд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй ба үнэний төлөө зовох өчүүхэн ч шийдвэр байдаггүй. Ийм төрлийн хүний хувьд Бурханаар бүрэн төгс болгуулах нь яаж амархан байх юм бэ? Тиймээс та нар энэ өнцгөөс өөрсдийн оролтыг эхлэх нь чухал—өөрсдийн ажил болон оролтоор дамжуулан та нар Бурханы ажлыг мэдэж авч эхэлдэг.