2. Яагаад Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ?
Холбогдох Бурханы үг:
Эрин үе бүрд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр яаж өөр өөр эрин үед адилхан ажил хийж чадах юм бэ? Тэр яаж хуучинтай зууралдаж чадах юм бэ? Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. “Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханаа дууддаг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш. Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг боловч, эдгээр нэр Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг л илэрхийлдэг болохоос Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрс нь Миний бүх зан чанарыг болон Би юу болохыг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг дууддаг өөр өөр нэр юм. Иймээс сүүлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөнө. Намайг Мессиа гэх нь байтугай Ехова, Есүс ч гэж нэрлэхгүй, харин хүчирхэг Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэх ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх улс орон Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж зарим нь хэлдэг. Тэгвэл Еховагийн нэр яагаад Есүс болсон юм бэ? Мессиа ирнэ гэж зөгнөсөн атал яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр илүү шинэлэг ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Еховагийн ажлыг Есүсийн ажил үргэлжлүүлж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болдог юм бол Есүсийн нэр ч бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь хачин жигтэй зүйл биш; ердөө хүмүүс л дэндүү бодлогогүй. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэр яаж ч өөрчлөгдсөн бай, зан чанар, мэргэн ухаан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр л нэрлэж болно гэж боддог бол мэдлэг чинь хэтэрхий хязгаарлагдмал юм байна. Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байна, Бурхан үргэлж, үүрд Есүс гэх нэртэй байна, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж чи баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг дуусгасан бөгөөд сүүлчийн эрин үеийг ч бас дуусгана гэж чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг дуусгаж чадна гэж хэн хэлж чадах юм бэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?
Эрин үе бүр дэх Бурханы ажил үргэлж адилхан байж, Түүнийг үргэлж нэг нэрээр нэрлэдэг байсан бол хүн Түүнийг яаж мэдэх юм бэ? Бурханыг Ехова гэж нэрлэх ёстой, Бурханыг Ехова гэж нэрлэхээс бусдаар, өөр ямар нэг нэрээр нэрлэгддэг нэгэн бол Бурхан биш. Аль эсвэл Бурхан зөвхөн Есүс байж болох ба Есүсийн нэрээс өөр ямар ч нэрээр Түүнийг нэрлэж болохгүй; Есүсээс бусад тохиолдолд, Ехова бол Бурхан биш, Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан төгс хүчит гэдэг нь үнэн боловч Бурхан бол хүнтэй хамт байдаг Бурхан, Түүнийг Есүс гэж нэрлэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байдаг гэж хүн итгэдэг. Ингэх нь хоосон сургаал мөрдөж, Бурханыг тодорхой цар хүрээнд хязгаарлаж байгаа хэрэг юм. Иймээс эрин үе бүрд Бурханы хийдэг ажил, Түүнийг нэрлэдэг нэр, Түүний авдаг дүр төрх—өнөөдрийг хүртэлх үе шат болгонд Түүний хийдэг ажил—эдгээр нь ганц ч дэг журмыг дагадаггүй ба ямар ч хязгаарлалтад баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа, Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил алгуур өөрчлөлт туулж, Түүний нэрэнд зохих өөрчлөлт гардаг. Ганц ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд эрин үе бүрд Түүний хийдэг ажил зан чанарыг нь төлөөлдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Есүсийн хийсэн ажил Есүсийн нэрийг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн; Еховагийн хийсэн ажлын тухайд бол энэ нь Еховаг төлөөлсөн бөгөөд Хуулийн эрин үеийг төлөөлсөн. Тэдний ажил бол хоёр өөр эрин үе дэх нэг Сүнсний ажил байсан юм… Хэдийгээр Тэднийг хоёр өөр нэрээр нэрлэж байсан ч ажлын хоёр үе шатыг хоёуланг нь нэг Сүнс хийсэн бөгөөд хийгдсэн ажил нь үргэлжилсэн ажил байв. Нэр нь өөр байсны адилаар ажлын агуулга өөр, эрин үе өөр байсан. Еховаг ирэх үед тэр нь Еховагийн эрин үе байсан бөгөөд Есүсийг ирэх үед Есүсийн эрин үе байв. Иймээс ирэх болгондоо Бурхан нэг нэрээр нэрлэгдэж, нэг эрин үеийг төлөөлж, шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэр авдаг нь Бурхан үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил урагш ахихаа хэзээ ч больдоггүй гэдгийг харуулдаг. Түүх үргэлж урагшилж байгаа ба Бурханы ажил үргэлж урагшилж байгаа. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд ямагт урагшлан ахисаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил болгон Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээж, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ, илүү агуу ажлыг эхлүүлж, эдгээрийн хамтаар шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3