Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ
Бурханд анх итгэж эхэлснээсээ хойш хүний олж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдэж авсан бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сүнсний аврал болоод махан биеийн сайн сайхны төлөө биш, мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан амьдралаа баяжуулах гэх мэт ч биш гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн сайн сайхны төлөө, эсвэл түр зуурын таашаалын төлөө Бурханыг хайрладаг бол эцэст нь Бурханыг гэсэн хайр чинь оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүмүүс биш, харин амар хялбар амьдралд шунадаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь албадсан, сэтгэлийн баяр хөөрийн төлөөх эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чиний хайр ямар төрлийн хайр нь вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын чинь хайр дээр дурдсантай адил байдаг. Ийм хайр нь зөвхөн тухайн байдлыг л хадгалдаг; энэ нь хувиршгүй байж чаддаггүй, мөн хүнд үндэслэж ч чаддаггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимслэлгүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи нуран унана. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ л Бурханыг хайрлаж, дараа нь амь зан чанар чинь өөрчлөгдөөгүй хэвээр бол чи харанхуйн нөлөөний бүрхүүлээс зугтаж чадахгүй хэвээр байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй байх болно. Тийм ямар ч хүн Бурханаар бүрэн авхуулж чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Бурханаар бүрэн авхуулж чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, өөрөөр хэлбэл, Сатан руу буцан очих бөгөөд Бурханаас ирэх шийтгэлийн дараагийн алхмыг хүлээн авахын тулд гал болон хүхэрт нууранд унана. Бурханаар авхуулсан хүмүүс нь Сатаныг орхиж, эрхшээлээс нь зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардын тоонд оруулна. Ингэж л хаанчлалын ард бий болдог билээ. Чи ийм хүн болохыг хүсэж байна уу? Чи Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Чи Сатаны эрхшээлээс зугтаж, Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу, эсвэл хаанчлалын ардын тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.
Өнгөрсөн үед, олон хүн итгэл найдвараасаа үүдэн жолоогүй санаархал болон үзлээр эрж хайсан. Эдгээр асуудлыг одоохондоо хойш тавъя; гол зүйл нь та бүхнийг Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байлгаж, Сатаны нөлөөллийн дөнгөнөөс аажмаар ангижруулах хэрэгжүүлэлтийн замыг олох явдал, ингэснээр та нар Бурханаар авхуулж, Бурханы та нараас хүссэн зүйлийг газар дээр амьдран харуулж чадах юм. Ийм маягаар л Бурханы санаа зорилгыг биелүүлж чадна. Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханы хүсдэг зүйл юу болохыг, мөн Сатаны хүсдэг зүйл юу болохыг мэддэггүй. Тэд бусдад мунгинуу байдлаар итгэж, зүгээр л урсгал даган явдаг, иймээс хэзээ ч Христэд итгэгчийн хэвийн амьдралтай байдаггүй; үүнээс гадна, тэдэнд Бурхантай харилцах хэвийн харилцаа байх нь бүү хэл, хүн хоорондын ямар ч хэвийн харилцаа байдаггүй. Бурханы хүсэлд саад учруулж чадах хүний хүндрэл бэрхшээл, алдаа дутагдал олон гэдгийг үүнээс харж болно. Хүн Бурханд итгэх зөв замд ороогүй, мөн хүний амьдралын жинхэнэ туршлагад ч ороогүй гэдгийг батлахад энэ нь хангалттай юм. Тэгвэл Бурханд итгэх зөв замд орох гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Зөв замд орно гэдэг нь чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ үргэлж тайван байлгаж, Бурхантай хэвийн ярилцаж, хүнд дутагдаж байгаа зүйлсийг аажмаар мэдэж, Бурханы талаарх гүнзгий мэдлэгийг алгуур олж авна гэсэн үг юм. Үүгээр дамжуулан чиний сүнс өдөр бүр шинэ ойлголт болон гэгээрлийг олж авдаг; чиний хүсэл эрмэлзэл нэмэгдэж, үнэн рүү орохоор эрэлхийлдэг. Өдөр болгон шинэ гэрэл, шинэ ухаарал байдаг. Энэ замаар дамжуулан чи Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирч, амь чинь өсдөг. Ийм хүмүүс зөв замд орчихсон. Өөрийн бодит туршлагаа үнэлж дүгнэн, итгэлдээ эрэлхийлсэн замаа шалга: Дээр дурдсан зүйлстэй эдгээрийг харьцуулаад үзвэл чи зөв замд орсон уу? Ямар зүйлүүд дээр чи Сатаны дөнгө болон нөлөөнөөс ангижирсан бэ? Хэрвээ чи зөв замд хараахан ороогүй бол Сатантай холбогдсон холбоо чинь тасраагүй байна. Ингээд байгаад байвал Бурханыг хайрлахаар эрж хайж байгаа чинь жинхэнэ, үнэнч, ариун хайранд хүргэх болов уу? Бурханы төлөөх чиний хайр бол гуйвшгүй агаад чин сэтгэлийнх гэж чи хэлдэг боловч Сатаны дөнгөнөөс ангижраагүй. Чи Бурханыг хуурахаар оролдож байгаа биш гэж үү? Хэрэв чи Бурханыг гэсэн ариун хайранд хүрч, Бурханаар бүрэн авхуулж, хаанчлалын ардын тоонд орохыг хүсэж байгаа бол эхлээд Бурханд итгэх зөв замд орох ёстой.