Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (10)

Сүүлийн цуглаан дээр бид “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх ёс суртахууны талаарх үгийг нөхөрлөж, задлан шинжилсэн. Одоо та нар уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх янз бүрийн үг хэллэгийг бодитоор ойлгосон уу? Ёс суртахууны талаарх эдгээр үг үнэнээс юугаараа ялгаатай вэ? Ёс суртахууны талаарх эдгээр үг бол үнэн биш, үнэнийг орлож мэдээж чадахгүй гэдгийг одоо та нар баталгаажуулж чадах уу? (Чадна.) Үүнийг баталгаажуулж чадаж байгаа чинь юунаас харагдах вэ? (Уламжлалт соёлын эдгээр үг үнэндээ юу болохыг би бага зэрэг ялган таньж чадна. Миний зүрх сэтгэлд эдгээр зүйл байсныг урьд нь би ухаараагүй. Бурхан үүнийг хэд хэдэн удаа нөхөрлөж, задлан шинжилсний дараа л, цаг ямагт эдгээр зүйлийн нөлөөнд автаж, үргэлж уламжлалт соёлд үндэслэн хүмүүс, зүйлсийг хардаг байснаа би ухаарсан. Бас уламжлалт соёлын эдгээр зүйл үнэхээр үнэнтэй зөрчилддөг бөгөөд хүмүүсийг завхруулдаг бүх зүйл юм гэдгийг би харсан.) Үүнийг баталгаажуулсны дараа та нар юун түрүүнд уламжлалт соёлын эдгээр зүйлийг бага зэрэг ялган таньдаг болсон. Та нар ойлгоцод хамаарах мэдлэгтэй болоод зогсохгүй, бас онолын үүднээс эдгээр зүйлийн мөн чанарыг ялган таньж чадна. Хоёрдугаарт, уламжлалт соёлын зүйлсийн нөлөөнд автахаа больж, эдгээр зүйлийн нөлөөлөл, хяналт, хүлээсийг зүрх сэтгэл, оюун ухаанаасаа арилгаж чадна. Ялангуяа янз бүрийн зүйлийг харахдаа, эсвэл янз бүрийн асуудлыг шийдвэрлэхдээ эдгээр үзэл санаа, үзэл бодлын нөлөөнд автаж, хязгаарлагдахаа болино. Ерөнхийдөө нөхөрлөлөөр дамжуулан та нар уламжлалт соёлын эдгээр үзэл санаа, үзэл бодлыг бага зэрэг ялган таньдаг болсон нь үнэнийг ойлгосны үр дүн юм. Уламжлалт соёлын эдгээр зүйл нь сатанлаг гүн ухаанаар дүүрэн, хоосон, тааламжтай сонсогдох үг хэллэг, ялангуяа “Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой”, “Бусдыг цохихдоо нүүр лүү нь бүү алгад; бусдыг илчлэхдээ дутагдлыг нь бүү илчил”, “Цаазлах нь хүний толгойг өнхрүүлэхээс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай” гэх зэрэг ёс суртахууны талаарх үг хэллэг юм. Энэ нь бодол санаагаар нь дамжуулан хүмүүст байнга нөлөөлж, тэднийг хянаж, хүлдэг бөгөөд хүмүүсийн ёс суртахуунд идэвх санаачилгатай, эерэг үүрэг гүйцэтгэдэггүй. Хэдийгээр та нар одоо бага зэрэг ялган таних чадвартай ч эдгээр зүйлийн нөлөөллийг зүрх сэтгэлийнхээ гүнээс бүрмөсөн арилгахад хэцүү байдаг. Чи өөрийгөө үнэнээр зэвсэглэж, хэсэг хугацаанд Бурханы үгийн дагуу туулах ёстой. Тэгж байж л чи хоёр нүүртэй эдгээр зүйл хэчнээн их хор хөнөөлтэй, буруу, утгагүй болохыг тов тодорхой харж чадна, тэр үед л энэ асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадна. Хэрвээ чи зарим хоосон сургаалыг ойлгосноор эдгээр эндүү ташаа бодол, санааг орхиж, тэдгээрийн нөлөөлөл, хяналт, хязгаарлалтаас ангижрахыг хүсвэл үүнд хүрэхэд маш хэцүү байх болно. Одоо та нар ёс суртахууны талаарх эдгээр үг яг юу болохыг бага зэрэг ялган таньж чаддаг болсон болохоор ядаж л сэтгэлгээндээ жаахан ойлголттой болж, тодорхой ахиц гаргасан. Үлдсэн хэсэг нь хүн үнэнийг хэрхэн эрж хайж, хүмүүс, зүйлсийг Бурханы үгийн дагуу хэрхэн харж, ирээдүйд хэрхэн туршлагажихаас хамаарна.

Уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэгийг нөхөрлөж, задлан шинжилсний дараа та нар эдгээр үгийн мөн чанарыг тодорхой харж чадах уу? Хэрвээ үнэхээр тодорхой харж чаддаг бол уламжлалт соёлын эдгээр зүйл үнэн биш, үнэнийг орлож ч чадахгүй гэдгийг та нар тогтоож чадна. Энэ бол гарцаагүй бөгөөд ихэнх хүн нөхөрлөлөөр дамжуулан зүрх сэтгэлдээ аль хэдийн баталгаажуулсан байдаг. Тэгвэл хүн ёс суртахууны талаарх янз бүрийн үгийн мөн чанарыг хэрхэн ойлгох ёстой вэ? Хэрвээ хүн Бурханы үг болон үнэний дагуу энэ асуудалтай нүүр тулдаггүй бол үүнийг ялган таньж, ойлгох ямар ч арга байхгүй. Уламжлалт соёлын ёс суртахууны талаарх эдгээр үг цаасан дээр хэчнээн эрхэм, эерэг байх нь хамаагүй, хүмүүсийн үйлдэл, зан авирын шалгуур юм уу биеэ авч явах зарчим үнэхээр мөн үү? (Биш.) Тэдгээр нь биеэ авч явах зарчим, шалгуур биш. Тэгвэл яг юу юм бэ? Ёс суртахууны талаарх үг хэллэг болгоны мөн чанарыг задлан шинжилснээр та нар хүмүүсийн дунд бий болсон ёс суртахууны талаарх эдгээр үгийн үнэн, мөн чанар яг юу болох талаар дүгнэлт хийж чадах уу? Та нар энэ асуултыг хэзээ ч бодож үзэж байгаагүй юу? Эрх баригч ангид зусардаж, тал засдаг, тэдэнд үйлчлэхдээ л дэндүү баяртай байдаг сэтгэгч, ёс суртахууны үзэлтнүүд гэгддэг хүмүүсийн зорилгыг хойш тавиад, хэвийн хүн чанарын өнцгөөс үүнийг задлан шинжилцгээе. Ёс суртахууны талаарх эдгээр үг үнэн биш, үнэнийг орлож бүр ч чадахгүй тул нүд хуурах төдий байж таарна. Тэдгээр нь мэдээж эерэг зүйл биш—энэ бол гарцаагүй. Ийм маягаар та нар тэдгээрийн юу болохыг танин мэдэж чадах юм бол зүрх сэтгэлдээ үнэний талаар тодорхой хэмжээний ойлголттой болж, аль хэдийн бага зэрэг ялган таних чадвартай болсныг чинь энэ нь нотолно. Ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэг бол эерэг зүйл биш, хүмүүсийн үйлдэл, зан авирын шалгуур ч биш, мөн хүмүүсийн баримтлах ёстой биеэ авч явах зарчим бүр ч биш тул үүнд ямар нэг асуудал байна. Үүний учрыг олох нь зүйтэй юу? (Тийм.) Хэрвээ чи зөвхөн “ёс суртахууныг” бодолцон үзээд, эдгээр үг нь зөв үзэл бодол, эерэг зүйл гэж бодвол буруу бөгөөд тэдгээрт хууртаж, мэхлэгдэнэ. Хоёр нүүртэй зүйлс хэзээ ч эерэг байж чадахгүй. Ёс суртахууны янз бүрийн илрэл, үйлдлийн тухайд бол үүнийг үнэн сэтгэлээсээ, чин зүрхнээсээ хийсэн үү гэдгийг ялган салгах ёстой. Хэрвээ дурамжханаар, дүр эсгэж хийсэн бол, эсвэл тодорхой зорилгод хүрэхийн тулд хийсэн бол тийм үйлдэл, илрэл асуудалтай. Та нар ёс суртахууны талаарх эдгээр үг үнэндээ юу болохыг ялган таньж чадах уу? Хэн хэлэх вэ? (Сатан ёс суртахууны талаарх үгийг ашиглан хүмүүсийг будилуулж, завхруулаад, тэднээр Сатаныг шүтүүлж, Сатаныг дагуулж, Бурханаас холдуулах зорилгодоо хүрэхийн тулд эдгээр үгийг даган мөрдөж, хэрэгжүүлэхэд тэднийг хүргэдэг. Энэ нь хүмүүсийг завхруулах Сатаны арга хэрэгсэл, арга барилуудын нэг юм.) Энэ бол ёс суртахууны талаарх үгийн мөн чанар биш, харин тийм үг ашиглан хүмүүсийг хуурснаар Сатаны хүрдэг зорилго юм. Юун түрүүнд та нар ёс суртахууны талаарх ямар ч үг хэллэг үнэн биш, үнэнийг орлож бүр ч чадахгүй гэдгийг тодорхой мэдэх ёстой. Тэдгээр нь бүр эерэг зүйл ч биш. Тэгвэл энэ нь яг юу вэ? Ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэг нь хүмүүсийг хууран мэхэлдэг Сатаны тэрс үзлийн төөрөгдөл гэж баттай хэлж болно. Тэдгээр нь өөрсдөө хүмүүст байх ёстой үнэн-бодит байдал биш, хэвийн хүн чанарын амьдран харуулах ёстой эерэг зүйл ч биш. Ёс суртахууны талаарх эдгээр үг нь хуурамч зүйл, дүр эсгэлт, булхай, заль мэхийг бүрдүүлдэг—тэдгээр нь хиймэл зан авир бөгөөд хүний ​​мөс чанар, эрүүл ухаан юм уу хэвийн сэтгэлгээнээс огт гардаггүй. Тиймээс ёс суртахууны талаарх уламжлалт соёлын бүх үг хэллэг утгагүй, дэмий тэрс үзэл, төөрөгдөл юм. Энэ хэдэн нөхөрлөлөөр ёс суртахууны тухайд Сатаны дэвшүүлсэн үг хэллэгийг өнөөдөр бүхэлд нь цаазын ялаар ялласан. Тэдгээр нь бүр эерэг зүйл ч биш юм бол хүмүүс яагаад хүлээн авч чаддаг юм бэ? Хүмүүс яаж эдгээр үзэл санаа, үзэл бодлоор амьдарч чаддаг юм бэ? Үүний шалтгаан нь гэвэл, ёс суртахууны талаарх эдгээр үг хүмүүсийн үзэл, төсөөлөлд маш сайн нийцдэг. Тэдгээр нь бишрэл, сайшаал төрүүлдэг тул хүмүүс ёс суртахууны талаарх эдгээр үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаг бөгөөд хэрэгжүүлж чадахгүй байлаа ч гэсэн дотроо дуртайяа дэмжиж, шүтдэг. Тиймээс Сатан хүмүүсийг хуурч, зүрх сэтгэл, зан авирыг нь хянахын тулд ёс суртахууны талаарх янз бүрийн үг хэллэгийг ашигладаг, учир нь хүмүүс зүрх сэтгэлдээ ёс суртахууны талаарх элдэв янзын үг хэллэгийг шүтэн биширч, сохроор итгэдэг бөгөөд тэд бүгдээрээ илүү нэр төртэй, эрхэм чанартай, сайхан сэтгэлтэй дүр эсгэж, улмаар өндрөөр үнэлэгдэж, магтагдах зорилгодоо хүрэхийн тулд эдгээр үгийг ашиглахыг хүсдэг. Ёс суртахууны талаарх янз бүрийн үг хэллэг нь товчхондоо, хүмүүс ямар нэгэн зүйл хийхдээ ёс суртахууны цар хүрээн дэх тодорхой нэг зан авир, хүний чанарыг харуулах ёстой гэж шаарддаг. Эдгээр зан авир, хүний чанар нь нэлээд эрхэм харагдаж, хүндлэгддэг тул зүрх сэтгэлдээ бүх хүн тэдгээрийг маш их хүсэн эрмэлздэг. Гэхдээ тэдний бодож үзээгүй зүйл гэвэл, ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэг нь хэвийн хүний дагах ёстой биеэ авч явах зарчим огт биш; харин ч дүр эсгэж болох элдэв янзын хоёр нүүртэй зан авир юм. Тэдгээр нь мөс чанар, эрүүл ухааны стандартаас гажсан, хэвийн хүн чанарын хүслээс холдсон. Сатан ёс суртахууны талаарх худал, дүр эсгэсэн үг хэллэгийг ашиглан хүмүүсийг хуурч, тэднээр өөрийгөө болон гэгээнтэн гэгддэг хоёр нүүртэй хүмүүсийг шүтүүлж, улмаар хэвийн хүн чанар болон хүний биеэ авч явах шалгуурыг эгэл жирийн, энгийн, бүр дорд зүйлс гэж үзэхэд хүргэдэг. Хүмүүс эдгээр зүйлийг жигшиж, басамжлан авч үздэг. Яагаад гэвэл, Сатаны дэмждэг ёс суртахууны талаарх үг хэллэг нүдэнд маш тааламжтай, хүний үзэл, төсөөлөлд маш нийцтэй байдаг. Гэвч үнэн хэрэгтээ ямар ч үг байлаа гэсэн, ёс суртахууны талаарх нэг ч үг хэллэг, биеэ авч явахдаа, эсвэл дэлхий ертөнцтэй харилцахдаа хүмүүсийн дагах ёстой зарчим биш. Бодоод үз—тийм биш гэж үү? Мөн чанартаа ёс суртахууны талаарх үг хэллэг нь зүгээр л гаднаа илүү нэр төртэй, эрхэм амьдралаар амьдрахыг хүмүүсээс шаардаж, бусдад дорд үзэгдэхийн оронд шүтүүлж, магтуулах боломжийг тэдэнд олгодог. Эдгээр нь зүгээр л сайн зан авираар дамжуулан сайн ёс суртахууныг харуулж, улмаар ​​завхарсан хүн төрөлхтний амбиц, хэрээс хэтэрсэн хүслийг нуун дарагдуулах, хязгаарлах, хүний ​ёрын муу, бузар муухай уг чанар-мөн чанар, янз бүрийн завхарсан зан чанарын илрэлийг нуун далдлахыг хүмүүсээс шаарддаг шаардлага юм гэдгийг эдгээр үгийн мөн чанар харуулдаг. Тэдгээр нь өнгөцхөн сайн зан авир, хэрэгжүүлэлтээр дамжуулан тухайн хүний ​​зан төлөвийг сайжруулах, бусдын сэтгэл дэх түүний дүр төрхийг сайжруулах, дэлхий дахины түүнийг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой. Эдгээр зүйлээс харахад ёс суртахууны талаарх үг хэллэг нь хүний дотоод сэтгэлгээ, үзэл бодол, зорилго, санаархал, үзэшгүй муухай царай, уг чанар-мөн чанарыг өнгөцхөн зан авир, хэрэгжүүлэлтээр нуун далдлах тухай байдаг. Эдгээр зүйлийг амжилттай нуун далдалж болох уу? Нуун далдлахаар оролдох нь тэдгээрийг бүр ч ил болгох бус уу? Гэхдээ Сатан үүнийг тоодоггүй. Сатаны зорилго нь завхарсан хүн төрөлхтний үзэшгүй муухай царайг нуун далдлах, хүний завхралын үнэн мөнийг нуун далдлах явдал юм. Тиймээс Сатан ёс суртахууны зан авирын илрэлийг хэрэглэн дүр эсгэхэд хүмүүсийг хүргэдэг, өөрөөр хэлбэл, Сатан ёс суртахууны зан авирын дүрэм журам, зан авирыг ашиглан хүний ​​гадаад төрхийг цэвэрхэн баглаж, хүний ​​​чанар, зан төлөвийг сайжруулдаг, ингэснээр тэд бусдад хүндлэгдэж, магтагдаж чаддаг. Үндсэндээ ёс суртахууны талаарх эдгээр үг нь зан авирын илрэл, ёс суртахууны стандартад нь үндэслэн тухайн хүн эрхэмсэг үү, эсвэл дорд уу гэдгийг тодорхойлдог. Жишээлбэл, хэн нэгэн хүн өглөгч энэрэнгүй эсэхийг хэмжих нь тэрээр бусдын төлөө ашиг сонирхлоо золиосолж байгаагаа харуулахаас хамаарна. Хэрвээ тэр хүн үүнийг сайн харуулж, сайн дүр эсгэж, өөрийгөө тун биширмээр харагдуулж чадвал түүнийг ёс жудагтай, нэр хүндтэй хүн, бусдын нүдээр ёс суртахууны тун өндөр стандарттай хүн гэж үзэх бөгөөд бусад хүний суралцаж, шүтэж, даган дуурайх ёс суртахууны үлгэр жишээ байсных нь төлөө түүнийг улсаас өргөмжлөлөөр шагнана. Тэгвэл эмэгтэй хүн сайн уу, хорон муу юу гэдгийг хүмүүс хэрхэн хэмжих ёстой вэ? Уг эмэгтэйн нийгмийн бүлэг дотроо харуулж буй янз бүрийн зан авир нь “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой” гэх үгтэй нийцэж байгаа эсэхийг харснаар. Хэрвээ тэрээр ариун журамтай, эелдэг, даруу төлөв байж, ахмадуудыг дээд зэргээр хүндэлж, нийтлэг ашиг сонирхлыг бодсондоо бэлхнээ буулт хийж, хүмүүст муу санахгүйгээр, эсвэл бусадтай маргахгүйгээр туйлын тэвчээртэй байж, бэрхшээл зовлонг давж чаддаг, хадам аав, ээжийгээ хүндэлж, нөхөр, үр хүүхдээ сайн халамжилдаг, өөрийгөө огт боддоггүй, хариу тус хайдаггүй, махан биеийн таашаалыг эдэлдэггүй байх замаар энэ үгтэй бүх талаар нийцэж байвал үнэхээр ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай эмэгтэй юм. Хүмүүс эмэгтэйчүүдийн ёс суртахууныг хэмжихдээ гадна талын эдгээр зан авирыг ашигладаг. Хүний үнэ цэн, сайн мууг өнгөц хэрэгжүүлэлт, зан авираар хэмжих нь оновчгүй, бодитой бус. Иймэрхүү баталгаа дэвшүүлэх нь бас хуурамч, ов мэхтэй, утгагүй байдаг. Энэ нь хүмүүсээс илчлэгддэг ёс суртахууны талаарх үг хэллэгийн мөн чанарын асуудал юм.

Дээр дурдсан хэд хэдэн талыг харгалзан үзвэл, уламжлалт соёлын ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэг биеэ авч явах зарчим үнэхээр мөн үү? (Биш.) Тэдгээр нь хэвийн хүн чанарын хэрэгцээг огт хангадаггүй, үүнтэй бүрэн зөрчилддөг. Тэдгээр нь хүн төрөлхтөнд биеэ авч явах зарчмыг өгдөггүй, хүмүүсийн үйлдэл, зан авирын зарчмыг ч өгдөггүй. Эсрэгээрээ, энэ нь биеэ яаж зөв авч явах, эсвэл яаж зөв авирлахыг хүмүүст ойлгуулах биш, харин хүмүүсийг бусдын үзэл, төсөөлөлд илүү нийцэн амьдарч, бусдын магтаал, сайшаалыг хүртэхэд хүргэх зорилгоор өндрөөр үнэлэгдэж, магтуулахын тулд дүр эсгэж, өөрсдийгөө нуун далдалж, бусдын өмнө тодорхой байдлаар үйлдэж, авирлахыг хүмүүсээс шаарддаг. Энэ нь Бурханы шаарддаг зүйл буюу хүмүүс бусдын юу гэж бодохыг тоохгүйгээр, үнэн-зарчмын дагуу биеэ авч явж, үйлдэж, Бурханы сайшаалыг хүртэхэд л анхаарах явдал огт биш. Ёс суртахууны талаарх үг хэллэг нь хүмүүсийн бодол санаа, үзэл бодолтой холбоотой асуудал юм уу хүний уг чанар-мөн чанартай холбоотой асуудыг шийдвэрлэхээс илүүтэйгээр дүр эсгээд ч хамаагүй гаргаж буй зан авир, дадал зуршил, гадна төрхөөрөө боловсон, эрхэм байхыг хүмүүсээс шаардах явдал юм. Өөрөөр хэлбэл, уламжлалт соёлын ёс суртахууны талаарх үг хэллэгийн хүмүүст тавьдаг шаардлага нь хүмүүсийн мөн чанарт үндэслэдэггүй, мөс чанар, эрүүл ухаанаар хүрч болох цар хүрээг бүр ч бодолцон үздэггүй. Үүний зэрэгцээ тэдгээр нь хүмүүс завхарсан зан чанартай, бүгд аминч, жигшүүртэй гэдэг обьектив баримттай зөрчилддөг бөгөөд зан авир, дадал зуршлын хувьд энийг, тэрийг хий гэж хүмүүсийг албаддаг. Тиймээс тэдгээр нь хүмүүст ямар өнцгөөс шаардлага тавих нь хамаагүй, хүмүүсийг завхарсан зан чанарын хүлээс, хяналтаас чөлөөлж үндсэндээ чадахгүй, хүмүүсийн мөн чанарын асуудлыг шийдвэрлэж ч чадахгүй, өөрөөр хэлбэл, хүмүүсийн завхарсан зан чанартай холбоотой асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Үүний улмаас тэдгээр нь хүмүүсийн биеэ авч явах зарчим, зүг чигийг өөрчилж чадахгүй, эерэг талаас биеэ хэрхэн авч явах, бусдад хэрхэн хандах, эсвэл хүн хоорондын харилцааг хэрхэн шийдвэрлэхийг хүмүүст ойлгуулж ч чадахгүй. Нөгөө өнцгөөс нь ярих юм бол ёс суртахууны талаарх үг хэллэг зүгээр л хүмүүст өгсөн нэг төрлийн дүрэм журам, зан авирын хязгаарлалт юм. Хэдийгээр гаднаа бүгд нэлээд сайн харагддаг ч эдгээр зүйл хүмүүсийн сэтгэлгээ, үзэл бодолд өөрийн эрхгүй нөлөөлж, тэднийг хязгаарлаж, хүлж, үр дүнд нь хүмүүс биеэ авч явах байдал, үйлдлийн зөв зарчим болон замыг олж чаддаггүй. Ийм нөхцөл байдалд бүх хүн уламжлалт соёлын үзэл санаа, үзэл бодлын нөлөөллийг дурамжхан хүлээн авч л чадах бөгөөд эдгээр эндүү ташаа үзэл санаа, үзэл бодлын нөлөөлөл дор биеэ авч явах зарчим, зорилго, зүг чигээ өөрийн эрхгүй алддаг. Энэ нь завхарсан хүмүүсийг харанхуйд унаж, гэрлийг алдахад хүргэдэг болохоор тэд худал хуурмаг, дүр эсгэлт, заль мэхэд түшиглэх замаар алдар нэр, хувийн ашиг хонжооны араас хөөцөлдөж л чадна. Жишээлбэл, тусламж хэрэгтэй байгаа хүнийг харсан даруйдаа чи “Биеэ зөв авч явна гэдэг нь бусдад туслаад таашаал авна гэсэн үг. Энэ нь хүмүүсийн биеэ авч явах үндсэн зарчим, ёс суртахууны стандарт” гэж боддог тул өөрийн эрхгүй тэр хүнд тусална. Түүнд тусалсны дараа, биеэ ингэж авч явснаараа эрхэм, бага зэрэг хүн чанартай байгаа мэт чамд санагдаж, тэр ч бүү хэл өөрийгөө эрхэм хүн, эрхэм дээд зан араншинтай, нэр төртэй, жудагтай хүн, мэдээж хүндэлвээс зохистой хүн гэж өөрийн эрхгүй магтана. Хэрвээ чи тэр хүнд туслахгүй бол “Өө хөөрхий, би сайн хүн биш юм. Тусламж хэрэгтэй хүнтэй тааралдаад, гар сунгах тухай бодох бүрдээ би өөрийнхөө ашиг сонирхлыг үргэлж боддог. Би үнэхээр аминч хүн юм!” гэж бодно. Чи өөрийгөө хэмжих, өөрийгөө хязгаарлах, буруу зөвийг үнэлэхдээ “Бусдад туслаад таашаал ав” гэх үзэл баримтлалыг өөрийн эрхгүй ашиглана. Энэ үгийг хэрэгжүүлж чадахгүй бол өөрийгөө жигшиж, дорд үзэж, бага зэрэг сэтгэл тавгүйтнэ. Чи бусдад туслаад таашаал авч чаддаг хүмүүсийг биширч, сайшаасан харцаар харж, тэд чамаас илүү эрхэм, илүү нэр хүндтэй, илүү ёс жудагтай гэж санагдана. Гэсэн хэдий ч тийм асуудлын тухайд бол Бурханы шаардлага өөр байдаг. Бурханы шаардлага бол чи Бурханы үг болон үнэн-зарчмыг даган мөрдөх явдал юм. Ёс суртахууны тухайд хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ? Уламжлалт ёс суртахуун, соёлын үзэл бодлыг баримталснаар уу, эсвэл Бурханы үгийг баримталснаар уу? Хүн бүр ийм сонголттой нүүр тулдаг. Одоо чи хүмүүст Бурханы зааж сургадаг үнэн-зарчмыг тодорхой мэддэг үү? Тэрийг ойлгодог уу? Тэдгээрийг хэр сайн даган мөрддөг вэ? Тэрийг даган мөрдөхөд чамд ямар бодол санаа, үзэл бодол нөлөөлж, саад болдог вэ, ямар завхарсан зан чанар илчлэгддэг вэ? Чи өөрийгөө ингэж эргэцүүлэх ёстой. Уламжлалт соёлын ёс суртахууны талаарх үг хэллэгийн мөн чанарын яг хэр ихийг чи зүрх сэтгэлдээ тодорхой ойлгож чадах вэ? Уламжлалт соёл чиний зүрх сэтгэлд зай эзэлсээр байгаа юу? Эдгээр нь бүгд хүмүүсийн шийдвэрлэх ёстой асуудал юм. Завхарсан зан чанар чинь шийдвэрлэгдэж, чи буулт хийлгүйгээр, дээд зэргээр үнэнийг дуулгавартай дагаж, Бурханы үгийг даган мөрдөж чадах үед чиний хэрэгжүүлдэг зүйл үнэн-зарчимтай бүрэн нийцдэг. Чи завхарсан зан чанарт хязгаарлагдахаа больж, уламжлалт соёлын ёс суртахууны үзэл санаа, үзэл бодолд хүлэгдэхээ больж, Бурханы үгийг зөв хэрэгжүүлж, үнэн-зарчмын дагуу үйлдэж чадна. Энэ нь итгэгчдийн биеэ авч явах байдал болон үйлдэлд байх ёстой зарчим юм. Чи Бурханы үгийн дагуу хэрэгжүүлж, Бурханы үгийг даган мөрдөж, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж чаддаг болох үедээ ёс суртахуун сайтай хүн байгаад зогсохгүй, бас Бурханы замыг дагаж чаддаг хүн байна. Чи биеэ авч явах байдлын зарчим болон үнэнийг хэрэгжүүлэхдээ ёс суртахууны стандартыг эзэмшээд зогсохгүй, бас биеэ авч явах байдал чинь үнэн-зарчимтай байдаг. Үнэн-зарчмыг даган мөрдөх, ёс суртахууны шалгуурыг даган мөрдөх нь хоорондоо ялгаатай юу? (Тийм.) Ямар ялгаатай вэ? Ёс суртахууны шаардлагыг даган мөрдөх нь зөвхөн зан авирын хэрэгжүүлэлт, илрэл, харин үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэх нь гаднаасаа бас л хэрэгжүүлэлт шиг харагддаг ч энэхүү хэрэгжүүлэлт нь үнэн-зарчмыг дагаж мөрддөг. Энэ өнцгөөс авч үзвэл үнэн-зарчмыг даган мөрдөх нь биеэ авч явах байдал болон хүмүүсийн явдаг замтай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлдэг, Бурханы үгэн дэх үнэн-зарчмыг даган мөрддөг бол тэр нь зөв замаар алхаж байгаа хэрэг, харин уламжлалт соёлын ёс суртахууны шаардлагыг дагах нь ердөө л зан авирын илэрхийлэл бөгөөд яг л дүрэм журмыг дуулгавартай дагахтай адилхан. Энэ нь үнэн-зарчимтай хамаагүй, хүмүүсийн алхдаг замтай ч холбоогүй. Миний хэлж байгааг ойлгож байна уу? (Тийм.) Нэг жишээ хэлье. Жишээлбэл, “Бусдын төлөө өөрийн ашиг сонирхлыг золиосол” гэх ёс суртахууны талаарх үг нь хэдийд ч, ямар ч нөхцөл байдалд “жижиг би-гээ орхиж, том би-д хүрэх”-ийг хүмүүсээс шаарддаг. Шүтлэггүй хүмүүсийн дунд энэ нь эрхэм зан араншинтай, тууштай ёс жудагтай байх гэж нэрлэгддэг хэв маяг юм. “Жижиг би-гээ орхиж, том би-д хүрэх”—ямар сүртэй гоё үг вэ! Энэ нь эрхэм зан араншинтай, тууштай ёс жудагтай хэв маяг шиг сонсогддог ч хүмүүсийн даган мөрдөх ёстой үнэн-зарчим биш гэдэг нь харамсалтай. Үнэндээ “Жижиг би-гээ орхиж, том би-д хүрэх” гэх үг болон бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиослоход хүмүүсийг хүргэхийн эцсийн зорилго нь үнэндээ бусдыг өөртөө үйлчлүүлэхийн төлөө юм. Хүмүүсийн зорилго, санаархлын үзэл бодлын үүднээс бол энэ үг сатанлаг гүн ухааныг харуулдаг бөгөөд наймааны шинж чанартай байдаг. Үүнээс чи “Жижиг би-гээ орхиж, том би-д хүрэх” гэх үгэнд үнэн-зарчим байгаа эсэхийг тодорхойлж чадах уу? Огт байхгүй! Энэ нь биеэ авч явах зарчим огт биш, цэвэр сатанлаг гүн ухаан юм, учир нь хүмүүс жижиг би-гээ орхихын зорилго нь том би-дээ хүрэх явдал юм. Тийм хэрэгжүүлэлт эрхэм ч бай, эсвэл бүдүүлэг ч бай хамаагүй, энэ нь зүгээр л хүмүүсийг хүлдэг дүрэм журам. Энэ нь үндэслэлтэй харагддаг ч мөн чанартаа утгагүй, хөгийн байдаг. Чамд юу ч тохиолдлоо гэсэн, бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиослохыг л энэ нь хүмүүсээс шаарддаг. Чи хүссэн ч бай, үгүй ч бай, үүнийг хийж чадах ч бай, чадахгүй ч бай, орчин нөхцөл ямар ч байлаа гэсэн энэ нь чамаас бусдын төлөө ашиг сонирхлоо золиослохыг л шаарддаг. Хэрвээ чи “жижиг би-гээ орхиж” чадахгүй бол “том би-д хүрэх” гэдэг үг хэллэг чамайг уруу татна, ингэснээр чи бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиосолж чадахгүй байлаа ч үүнийг орхихыг мөн л хүсдэггүй. Хүмүүс “том би-д хүрэх” бодолд уруу татагддаг. Тийм нөхцөлд сонголт хийхэд хэцүү байдаг. Тиймээс бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиослох нь биеэ авч явах зарчим мөн үү? Энэ нь эерэг үр дүнд хүрч чадах уу? Хүн бүр өөрсдийгөө маш сайн нуун далдалж, дээд зэргийн эрхэм чанар, нэр хүнд, ёс жудгийг харуулдаг ч эцсийн эцэст үр дүн нь юу байдаг вэ? Энэ нь талаар өнгөрнө гэж л хэлж болно, учир нь үүнийг хийлээ гээд бусад хүмүүсийн сайшаалыг л хүртэхээс биш, Бүтээгчийн сайшаалыг хүртэж чадахгүй. Яаж ийм зүйл болсон бэ? Энэ нь хүн бүр уламжлалт соёлын ёс суртахууны талаарх үг хэллэгийг баримталж, сатанлаг гүн ухааныг дагасны үр дүн мөн үү? Хүн болгон Бурханы үгийг хүлээн авч, зөв үзэл санаа, үзэл бодлыг хүлээн авч, үнэн-зарчмыг баримталж, Бурханы залж чиглүүлсэн амьдралын зүг чигийг эрэлхийлдэг бол хүмүүсийн хувьд амьдралын зөв замаар алхахад амархан байх болно. Бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиосолсны оронд ийм маягаар хэрэгжүүлэх нь дээр биш гэж үү? Ийм маягаар хэрэгжүүлэх нь хоёр нүүртэй замаар Сатаныг дагахын оронд үнэн-зарчмыг баримталж, Бурханы үгийн дагуу гэрэлд амьдрах явдал юм. Сатанлаг гүн ухаан болон уламжлалт соёл дахь ёс суртахууны талаарх үг хэллэгээр илэрхийлэгдсэн янз бүрийн үзэл санааг бүгдийг нь орхиж, үнэнийг хүлээн авч, Бурханы үгийн дагуу амьдарснаар л хүн жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж, Бурханы сайшаалыг хүртэж чадна.

Дээрх нөхөрлөлд үндэслээд та нар ёс суртахууны талаарх үг хэллэгийн мөн чанарын тухайд ямар нэг дүгнэлтэд хүрсэн үү? Ёс суртахууны талаарх энэ бүх үг хэллэг нь зүгээр л хүмүүсийн бодол санаа, үзэл бодол, гаднах зан авирыг хязгаарладаг дүрэм журам, ёс заншил юм. Тэдгээр нь биеэ авч явах зарчим юм уу шалгуур огт биш, төрөл бүрийн хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй тулгарахдаа хүмүүсийн баримтлах ёстой зарчим биш. Тэгвэл хүмүүс ямар зарчмыг баримтлах ёстой вэ? Бид энэ талаар нөхөрлөх ёстой биш үү? Зарим хүн: “Хүмүүсийн баримтлах ёстой үнэн-зарчим болон ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэгийн дүрэм журам, ёс заншил хоорондоо ямар ялгаатай юм бэ?” гэж хэлдэг. Ялгаа байгаа юу, Надад хэл дээ? (Байгаа.) Юугаараа ялгаатай вэ? Ёс суртахууны талаарх үг хэллэг нь зүгээр л хүмүүсийн бодол санаа, үзэл бодол, зан авирыг хязгаарладаг дүрэм журам, ёс заншил юм. Хүмүүст тулгардаг янз бүрийн бүх асуудлын тухайд, тэдгээр нь хүмүүсийн зан авирыг хязгаарлаж, гар хөлийг нь хүлсэн шаардлага тавьж, хүмүүсийг энэ, тэрийг хийхэд хүргэдэг болохоос биш, янз бүрийн хүмүүс, хэрэг явдал, зүйлстэй харилцах зөв зарчим, зөв арга замыг эрж хайхад хүмүүсийг хүргэдэггүй. Харин үнэн-зарчим бол өөр. Бурханы үгийн хүмүүст тавьсан олон талт шаардлага нь дүрэм журам, горим, ёс заншил биш, хүмүүсийн сэтгэлгээ, зан авирыг хязгаарладаг янз бүрийн үг хэллэг бүр ч биш. Харин ч тэр нь бүх төрлийн орчинд болон ямар нэг зүйл тулгарах үед хүмүүсийн ойлгож, баримтлах ёстой үнэн-зарчмыг хүмүүст хэлж өгдөг. Тэгвэл эдгээр зарчим нь яг юу вэ? Зөвхөн Бурханы үг л үнэн буюу үнэн-зарчим гэж Би яагаад хэлдэг вэ? Яагаад гэвэл, Бурханы үгийн хүмүүст тавьдаг янз бүрийн шаардлагад хэвийн хүн чанараар хүрэх боломжтой, учир нь өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох бүрд сэтгэл хөдлөл, хүсэл, санаархал, завхарсан зан чанарынхаа нөлөөнд автаж, хянуулахын оронд Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэхийг тэр нь хүмүүсээс шаарддаг ба энэ бол хүмүүсийн баримталж чадах зарчим юм. Бурханы үгийн үнэн-зарчим нь хүмүүсийн дагах ёстой зөв чиглэл, зорилгыг зааж өгдөг бөгөөд энэ нь бас хүмүүсийн алхах ёстой зам юм. Бурханы үгийн зарчмууд нь хүмүүсийн мөс чанар, эрүүл ухааны хэвийн үйл ажиллагааг хангаад зогсохгүй, бас хүмүүсийн мөс чанар, эрүүл ухааны суурин дээр үнэн-зарчмыг аяндаа нэмдэг. Энэ нь мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн хүрч, биелүүлж чадах ёстой үнэний стандарт юм. Хүмүүс Бурханы үгийн эдгээр зарчмыг баримтлах үедээ олж авдаг зүйл нь ёс суртахуун, ёс жудаг нь сайжирч, хүний ​​нэр төрөө хадгалах явдал биш. Харин тэд амьдралын зөв замаар орсон байдаг. Хүн Бурханы үгийн эдгээр үнэн-зарчмыг дуулгавартай дагах үедээ хэвийн хүний мөс чанар, эрүүл ухаантай байгаад зогсохгүй, мөс чанар, эрүүл ухааныг эзэмшсэний үндсэн дээр, биеэ хэрхэн авч явах ёстой вэ гэдэгтэй холбоотой илүү их үнэн-зарчмыг ойлгож авдаг. Энгийнээр хэлбэл, тэд биеэ авч явах зарчмыг ойлгож, хүмүүс, зүйлсийг харах, биеэ авч явж, үйлдэхдээ аль үнэн-зарчмыг ашиглахаа мэдэж авдаг бөгөөд өөрсдийнхөө сэтгэл хөдлөл, хүсэл, санаархал, завхарсан зан чанарт хянуулж, нөлөөнд нь автахаа больдог. Тийм маягаар тэд хэвийн хүний төрхийг бүрэн дүүрэн амьдран харуулдаг. Бурханы дэвшүүлсэн эдгээр үнэн-зарчим нь завхарсан зан чанар хүмүүсийг хянаж, нүглээс ангижрахад нь саад болдог асуудлыг үндсээр нь шийдвэрлэдэг, ингэснээр хүмүүс сэтгэл хөдлөл, хүсэл, санаархал, завхарсан зан чанартаа хянуулдаг хуучин амиараа амьдрахаа больдог. Энэ бүхнийг юу орлодог вэ? Бурханы үгийн шалгуур болон үнэн-зарчим хүний амь болдог. Ерөнхийд нь яривал хүмүүс хүн төрөлхтний даган мөрдөх ёстой үнэн-зарчмыг даган мөрдөж эхэлмэгцээ махан биеийн янз бүрийн бэрхшээл дунд амьдрахаа больдог. Илүү нарийн яривал, хүмүүс Сатаны ов мэх, хууран мэхлэлт, хяналт дор амьдрахаа больдог. Илүү тодорхой хэлэх юм бол тэд хүмүүст Сатаны суулгадаг үй олон үзэл санаа, үзэл бодол, амьдралын гүн ухааны хүлээс, хяналт дор амьдрахаа больдог. Харин тэд нэр хүнд, ёс жудагтай амьдраад зогсохгүй, бас эрх чөлөөтэй, хүний төрхтэйгөөр амьдардаг, энэ нь Бүтээгчийн ноёрхолд захирагддаг бүтээгдсэн зүйлсийн жинхэнэ төрх юм. Энэ бол Бурханы үг, үнэн болон уламжлалт соёлын ёс суртахууны талаарх үг хэллэгийн үндсэн ялгаа билээ.

Өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв бага зэрэг гүн гүнзгий. Үүнийг сонссоны дараа та нар хэсэг хугацаанд тунгаан бодож, шингээгээд, яригдсан зүйлийг ухамсарласан эсэхээ харах ёстой. Энэ нөхөрлөлд үндэслээд та нар ёс суртахууны талаарх үг хэллэг болон үнэний хоорондох ялгааг бүрэн ойлгосон уу? Хамгийн энгийнээр Надад хэл дээ: Ёс суртахууны талаарх үг хэллэгийн мөн чанар юу вэ? (Ёс суртахууны талаарх үг хэллэг нь зүгээр л хүмүүсийн бодол санаа, зан авирыг хязгаарладаг дүрэм журам, ёс заншил бөгөөд биеэ авч явах зарчим, шалгуур биш.) Сайхан хэллээ. Уламжлалт соёлд Кон Рон[а] том лийрээс татгалзсан тухай нэг түүх байдаг. Та нар юу гэж бодож байна: Кон Рон шиг байж чадахгүй хүн сайн хүн биш үү? Хүмүүс Кон Рон шиг байж чаддаг хэн боловч эрхэм зан араншинтай, тууштай ёс жудагтай, аминч бус өглөгч—сайн хүн гэж боддог байсан. Энэ түүхэн зохиолын Кон Рон хүн бүрийн дагах ёстой үлгэр дуурайл мөн үү? Энэ дүр хүмүүсийн зүрх сэтгэлд тодорхой байр суурь эзэлдэг үү? (Тийм.) Түүний нэр биш, харин бодол, хэрэгжүүлэлт, ёс суртахуун, зан авир хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзэлдэг. Хүмүүс тийм хэрэгжүүлэлтийг хүндэлж, сайшаадаг бөгөөд Кон Роны ёс суртахууныг дотроо биширдэг. Тиймээс хэрвээ чи бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиосолж чаддаггүй, Кон Рон шиг том лийрээс татгалзаж чаддаггүй хүнийг харвал дотроо түүнд дургүйцэж, дорд үзнэ. Тэгвэл дургүйцэж, дорд үзэж байгаа чинь зөвтгөгдөх үү? Тэр нь ямар нэг зүйлд үндэслэх ёстой. Юун түрүүнд чи “Кон Рон маш залуу байсан мөртөө том лийрээс татгалзаж чадсан байхад чи насанд хүрчхээд, ийм аминчхан хэвээр байна шүү дээ” гэж бодон, дотроо тэр хүнийг дорд үзнэ. Тэгвэл дорд үзэж, дургүйцэж байгаа чинь Кон Рон том лийрээс татгалзсан түүхэд үндэслэж байна уу? (Тийм.) Энэ үндсэн дээр хүмүүсийг харах нь зөв үү? (Үгүй.) Яагаад буруу гэж? Учир нь хүмүүс, зүйлсийг харах үндэс суурийн чинь эх сурвалж буруу, эхлэлийн цэг чинь тэр чигтээ буруу. Чиний эхлэлийн цэг бол Кон Рон том лийрээс татгалзсаныг хүмүүс, зүйлсийг хэмжих стандартаа болгосон явдал боловч хэмжилтийн энэ арга зам, арга барил нь буруу юм. Тэдгээр нь юугаараа буруу вэ? Чи Кон Роны түүхийн цаад санааг зөв гэж үзэж, хүмүүс, зүйлсийг хэмжих эерэг үзэл баримтлал болгосон болохоор буруу юм. Ийм маягаар хэмжсэний үр дүнд эцэст нь хүмүүсийн дийлэнх олонх нь сайн хүмүүс биш болж таардаг. Ингэж хэмжсэний үр дүн үнэн зөв байдаг уу? (Үгүй, буруу.) Яагаад буруу байдаг вэ? Учир нь хэмжилтийн стандарт чинь буруу байна. Хэрвээ хүн Бурханы өгсөн арга барил, зарчмыг ашиглавал тийм хүнийг хэрхэн хэмжих ёстой вэ? Тэр хүн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг эсэхийг, Бурханы талд байдаг эсэхийг, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй эсэхийг, хийж байгаа зүйлдээ үнэн-зарчмыг эрж хайдаг эсэхийг бодолцон үзэж хэмжих бөгөөд эдгээр талд үндэслэсэн хэмжилт л хамгийн үнэн зөв байдаг. Хэрвээ энэ хүнд ямар нэг зүйл тохиолдох бүрд тэрээр залбирч, эрж хайж, хүн бүртэй ярилцдаг—заримдаа өглөгч байж чаддаггүй, бага зэрэг аминчхан байдаг ч гэсэн—Бурханы шаардсан талуудаар хэмжиж үзвэл түүний хийдэг зүйл үндсэндээ хангалттай бол тэрээр үнэнийг хүлээн авч чаддаг хүн, зөв хүн юм. Тэгвэл энэ дүгнэлт юунд үндэслэх ёстой вэ? (Энэ нь Бурханы үг болон шаардлагад үндэслэх ёстой.) Тиймээс энэ дүгнэлт үнэн зөв үү? Энэ нь Кон Рон том лийрээс татгалзсан тухай үзэл суртлын өнцгөөс хэмжихээс хамаагүй илүү үнэн зөв юм. Кон Роны түүхийн үзэл суртлын үзэл бодол нь хүмүүсийн түр зуурын зан авир, хэрэгжүүлэлтийг хэмждэг, харин Бурхан хүмүүсээс хүний мөн чанар, үнэн болон Бурханы шаардлагад хандах тухайн хүний хандлага яг ямар болохыг хэмжихийг шаарддаг. Чи ёс суртахууны талаарх үг хэллэгийг ашиглан хүний агшин зуурын зан авир, эсвэл нэг явдлын үеэрх үйлдэл юм уу агшин зуурын илрэлийг хэмждэг. Хэрвээ чи хүний дотоод чанарыг хэмжихдээ ёс суртахууны талаарх үг хэллэгийг ашиглавал оновчтой биш байна, учир нь ёс суртахууны талаарх үг хэллэгийг ашиглан хүний дотоод чанарыг хэмжих нь буруу зарчмаар хэмжиж байгаа хэрэг бөгөөд хүрсэн үр дүн чинь буруу байна. Энэ ялгаа нь тэдний гадна талын зан авирт биш, харин уг чанар-мөн чанарт нь оршдог. Тиймээс ёс суртахууны талаарх үг хэллэгийг ашиглан хүмүүсийг хэмжих нь үндсэндээ буруу юм. Үнэн-зарчмыг ашиглан хүмүүсийг хэмжих нь л оновчтой. Миний хэлсэн зүйл ойлгомжтой байна уу?

Ёс суртахууны талаарх үг хэллэгийн мөн чанар нь хүмүүсийн зан авир, бодлыг хязгаарладаг дүрэм журам, ёс заншил юм. Тэдгээр нь тодорхой хэмжээнд хүмүүсийн сэтгэлгээг хязгаарлаж, хянаж, зарим зөв бодол санаа, хэвийн хүн чанарын хэвийн шаардлагыг хязгаарладаг. Мэдээж энэ нь хэвийн хүн чанарын оршин тогтнох зарим хуулийг тодорхой хэмжээнд зөрчиж, хэвийн хүмүүсийн хүний хэрэгцээ болон эрхийг хасдаг гэж ч хэлж болно. Жишээлбэл, “Эмэгтэй хүн ариун журамтай, эелдэг, зөөлөн, ёс суртахуунтай байх ёстой” гэх сонгодог үг нь эмэгтэйчүүдийн хүний эрхэд хүчээр халдаж, үгүй хийдэг. Нийт хүний нийгэмд эмэгтэйчүүд ямар үүрэг роль гүйцэтгэдэг вэ? Тэд боолчлогдох үүрэг роль гүйцэтгэдэг. Тийм биз дээ? (Тийм.) Энэ үзэл бодлын үүднээс ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэгийн дүрэм журам, ёс заншил нь хүний бодлыг сүйтгэж, хэвийн хүн чанарын янз бүрийн хэрэгцээг үгүй хийхийн зэрэгцээ хүмүүсийн хэвийн хүн чанарын янз бүрийн бодлын илэрхийллийг хорьсон. Ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэг нь үндсэндээ хэвийн хүмүүсийн хэрэгцээнд үндэслэн бий болоогүй, хэвийн хүмүүсийн хүрч чадах стандартад ч үндэслээгүй, харин хүмүүсийн төсөөлөл, хүсэл эрмэлзэлд үндэслэн бий болсон юм. Ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэг нь хүмүүсийн бодлыг хязгаарлаж, хорьж, хүмүүсийн зан авирыг хязгаарлаад зогсохгүй, бас худал хуурмаг, хийсвэр тэдгээр зүйлийг шүтэж, тэдгээрийн араас хөөцөлдөхөд хүмүүсийг хүргэдэг. Гэхдээ хүмүүс тэдгээрт хүрч чадахгүй тул дүр эсгэн өөрсдийгөө цайруулж, нуун далдалж л чадна, ингэснээр өөдтэй, эрхэм амьдрал буюу маш нэр төртэй мэт харагдах амьдралаар амьдарч чадна. Гэвч үнэндээ ёс суртахууны эдгээр үзэл санаа, үзэл бодлын дор амьдарна гэдэг нь хүний бодол гажуудаж, хоригдсон, хүмүүс эдгээр эндүү ташаа үзэл санаа, үзэл бодлын ноёрхол дор хэвийн бус, гажууд байдалтай амьдарч байна гэсэн үг, тийм биз дээ? (Тийм.) Хүмүүс ингэж амьдрахыг хүсдэггүй, үүнийг хийхийг хүсдэггүй ч эдгээр үзэл суртлын дөнгөний хязгаарлалтаас ангижирч чадахгүй. Тэд эдгээр үзэл санаа, үзэл бодлын нөлөөлөл, хязгаарлалт дор дурамжханаар, өөрийн эрхгүй амьдарч л чадна. Үүний зэрэгцээ олон нийтийн санал бодол болон өөрсдийнх нь зүрх сэтгэл дэх эдгээр үзэл санаа, үзэл бодлын дарамтаас үүдэн тэд энэ хорвоод дөнгөн данган амь зууж, хоёр нүүртэй багийг ээлж дараалан зүүхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ бол ёс суртахууны талаарх үг хэллэгийн хүн төрөлхтөнд үзүүлэх үр дагавар юм. Та нар ойлгов уу? (Ойлгосон.) Ёс суртахууны талаарх эдгээр үгийг нөхөрлөж, задлан шинжлэх тусам хүмүүс тэдгээрийг улам тодорхой харж, уламжлалт соёлын эдгээр янз бүрийн үг хэллэг нь эерэг зүйл биш гэдгийг төдий чинээ мэдэрч чадна. Тэдгээр нь хүмүүсийг олон мянган жилийн турш төөрөлдүүлж, хохироосон болохоор хүмүүс Бурханы үгийг сонсож, үнэнийг ойлгож авсныхаа дараа ч уламжлалт соёлын эдгээр үзэл санаа, үзэл бодлын нөлөөнөөс ангижирч чадалгүй, тэдгээрийг эерэг зүйл мэт хүсэн эрмэлзэхдээ тулсан. Тэр ч байтугай олон хүн үүнийг үнэнийг орлуулан ашиглаж, үнэн мэт хэрэгжүүлдэг. Өнөөдрийн нөхөрлөлөөр дамжуулан та нар уламжлалт соёлын ёс суртахууны талаарх эдгээр үг хэллэгийг арай дээр, илүү үнэн зөв ойлгов уу? (Тэглээ.) Одоо энийг бага зэрэг ойлгосон болохоор ёс суртахууны талаарх бусад үгийг үргэлжлүүлэн нөхөрлөцгөөе.

Дараа нь бид “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой” гэх ёс суртахууны талаарх үгийн тухай нөхөрлөнө. Та нарын мэдэж байгаачлан ёс суртахууны талаарх эдгээр үг болгон баатарлаг сэтгэл, агуу хүмүүсийн шинж чанарыг шингээсэн мэт дэндүү хэтрүүлэгтэй, газар доргиом бөгөөд энгийн, эгэл хүн хүрэх боломжгүй. “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой”—ямар их уужим сэтгэлийг шаардана вэ! Үүнийг хийхийн тулд хэчнээн эелдэг зөөлөн, сайхан сэтгэлтэй, агуу зан төлөвтэй байх шаардлагатай гээч! “Дуслын чинээ сайхан сэтгэл” нь “ундрах булаг”-тай дүйцэхийн сацуу энэхүү таарамж нь энэ хоёрын хооронд хэмжээлшгүй том ангал, асар их ялгаа бий гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь чи дуслын чинээ сайхан сэтгэлийг ч хариулах ёстой гэсэн үг, гэхдээ юугаар хариулах вэ? Үүнийг ундрах булгаар хариулах ёстой, мартаж орхихын оронд асар олон тооны үйлдэл, зан авираар, эсвэл чин үнэнч сэтгэл, асар их хүслээр хариулах ёстой. Дуслын чинээ сайхан сэтгэлийг хариулахад ийм их зүйл шаардагддаг бөгөөд арай багаар хариулах юм бол чи мөс чанаргүй байна. Энэ логикоор бол, сайхан сэтгэл харуулсан хүн ч бас эцэст нь шударга бусаар ашиг тус хүртэж байгаа бус уу? Энэ буянтан сайхан сэтгэлээсээ ихээхэн ашиг хүртэх нь гарцаагүй! Тэрээр дусал ус өгч сайхан сэтгэл гаргаад, хариуд нь ундрах булаг авна. Энэ нь маш унацтай наймаа, бусдыг далимдуулаад үлэмж их ашиг тус хүртэх арга зам юм. Тийм биш гэж үү? Энэ амьдралдаа хүн бүр дусал усны чинээ сайхан сэтгэлийг хүлээн авна. Хэрвээ тэд бүгдээрээ үүнийг ундрах булгаар хариулах юм бол бүх насаараа хариулах шаардлагатай болж, амьдралын замаа бодох нь бүү хэл, гэр бүл, нийгмийн хариуцлагаа ч биелүүлж чадахгүйд хүрнэ. Хэрвээ чи дусал усны чинээ сайхан сэтгэлийг эдэлсэн ч ундрах булгаар хариулж чадахгүй бол мөс чанар болон нийгэмдээ буруутгагдаж, өөрийгөө босогч, хорон санаат, хүний ач мэддэггүй, хүн биш гэж үзнэ. Харин хүн тэр сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чадвал яах вэ? Тэрээр “Надаас илүү мөс чанартай хэн ч байхгүй, учир нь би дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чадна. Ингэснээр надад нэгэнтээ тусалж, сайхан сэтгэл гаргасан хүн ямархуу хүн болохыг минь, надад тусалснаар алдсан эсэхээ, надад тусалсан нь зүйтэй байсан эсэхийг харж чадна. Ингэснээр тэд үүнийг хэзээ ч мартахгүй, харин ч бүр ичгэвтэр байдалд орно. Үүнээс надна би тэдэнд хариу барьсаар байх болно. Нэгэнт би дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чаддаг юм чинь эрхэм ёс жудагтай хүн биш гэж үү? Би соёлтой хүн биш гэж үү? Агуу хүн биш гэж үү? Намайг бишрэх нь зохистой биш үү?” гэж хэлнэ. Хүн бүр өөрийг нь магтаж, сайшаадаг нь түүний сэтгэлийг асар их хөдөлгөдөг тул тэрээр “Та нар намайг сайхан сэтгэлтэй, эрхэм ёс жудагтай хүн, хүмүүсийн дундах үлгэр жишээ, хүн төрөлхтний ёс суртахууны үлгэр загвар гэж магтдаг юм чинь намайг нас барсны дараа надад дурсгалын хөшөө босгож, ‘Энэ хүн бол “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой” гэх мэргэн үгийн үлгэр загвар байсан бөгөөд хүн төрөлхтний ёс суртахууны үлгэр дуурайл гэж хэлж болно’ гэсэн эмгэнэлийн бичиг бичих ёстой” гэдэг. Гэхдээ дурсгалын хөшөө байгуулсны дараа ч тэрээр хүмүүс өөрийнх нь дүрээр шавар баримал барьж, сүмд байрлуулаад, үүн дээрээ өөрийнх нь хүндэт нэрийг “Ийм тийм бурханы бунхан” гэж бичээд, үүний доорх тахилын ширээн дээр хүж тавих ёстой, үүн дээр хүн бүр түүнд хүжин өргөл өргөж, хүж нь түүний ашиг тусын төлөө байнга уугиж байх ёстой гэж боддог. Дээр нь нэмээд хүмүүс түүний баримлыг гэртээ залж, хүж уугиулж, түүнд өдөрт гурван удаа бөхийн ёсолж, үр хүүхэд, ач зээ, залуу үеийнхнээ яг түүн шиг болгон хүмүүжүүлж, хөвгүүд, охиддоо түүнтэй адилхан, дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чаддаг хүн—хүн төрөлхний ёс суртахууны үлгэр загвар, үлгэр дуурайлалтай гэрлэх хэрэгтэй гэж хэлэх ёстой. Хятадуудын уламжлалт боловсролын арга барил нь хүүхдүүддээ сайн хүмүүс байхыг зааж сургаж, сайхан сэтгэлийг танин мэдэж, хариу барихаар чармайхад анхаардаг. Хэрвээ чи дусал усны чинээ сайхан сэтгэлийг хүлээн авбал насан туршийн шаргуу ажлаар буюу ундрах булгаар хариулах ёстой. Хүүхдүүд нь өсөж том болоод дараа үеийнхэндээ мөн ийм маягаар зааж сургадаг тул энэ нь үргэлжилсээр, үеэс үе дамжин уламжлагддаг. Тийм хүн дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулж чадах үедээ бас эцсийн зорилгодоо хүрсэн байдаг. Ямар зорилгод хүрсэн бэ? Дэлхий ертөнцийн хүмүүс болон нийгэмд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөх. Мэдээж энэ нь хоёрдогч зүйл. Хамгийн чухал зүйл бол хүмүүс түүний хөргийг ханандаа өлгөж, түүний хөшөөнд тахил өргөж, үеэс үед энэ дэлхийд түүнд зориулан хүж уугиулж, түүний сэтгэл, үзэл санаа энэ дэлхийд уламжлагдаж, хойч үеийнхний магтаалыг хүртэнэ. Эцэст нь энэ дэлхийд уугиулсан хүжийг эдэлж ханасны дараа тэр юу болдог вэ? Тэрээр диаволын хаан болж, зорилго нь эцэстээ биелдэг. Энэ бол Сатан хүн төрөлхтнийг завхруулсны эцсийн үр дагавар юм. Эхэндээ хүмүүс нинжин сэтгэл, зөв шударга байдал, ёс зүйтэй байдал, мэргэн ухаан, итгэл даахуйц байдал гэх мэт ёс суртахууны талаарх уламжлалт соёлын нэг үзэл санааг л хүлээн авдаг. Хожим нь тэд энэ үзэл санааны шаардлагыг даган мөрдөж, энэ үзэл санаа болон энэ шаардлагыг хатуу чанд хэрэгжүүлж, даган мөрдсөнөөр бусдад үлгэр жишээ үзүүлж, үлдсэн хүн төрөлхтний ёс суртахууны үлгэр дуурайл, үлгэр загвар болох зорилгодоо хүрдэг. Дараа нь нас барсныхаа дараа тэд сайн нэр хүндийг ардаа үлдээдэг бөгөөд энэ нь үеэс үе дамжин уламжлагддаг. Эцэст нь тэд хүссэнээ авдаг ба энэ нь олон жилийн турш энэ дэлхийд уугих хүжээр амьсгалж, чөтгөрийн хаан болох явдал юм. Энэ нь сайн зүйл мөн үү? (Биш.) Яагаад үүнийг сайн зүйл биш гэж байгаа юм бэ? Энэ бол шүтлэггүй хүмүүсийн энэ амьдралдаа хүсэн эрмэлздэг эцсийн зорилго юм. Тэд тодорхой нэг ёс суртахууны талаарх үзэл санааг хүлээн зөвшөөрч, дараа нь үлгэр жишээ үзүүлж, ёс суртахууны энэ шаардлагуудыг хэрэглэж эхлэн, эцэст нь түүнийг хүн бүр сайн хүн, сайхан сэтгэлтэй, хүндтэй, эрхэм ёс жудагтай хүн гэж магтах хэмжээнд хүрдэг. Тэдний зан авир, үйл хэргийн талаарх үг бүх хүн төрөлхтөнд түгэж, үе үеийн хүмүүс түүний зан авир, үйл хэргийг судалж, биширч, эцэстээ тэр хүн бүхэл бүтэн нэг үеийн үлгэр дууриал болж, мэдээжийн хэрэг бүхэл бүтэн нэгэн үеийн чөтгөрийн хаан болдог. Энэ нь дэлхий ертөнцийн хүмүүсийн алхдаг зам биш гэж үү? Дэлхий ертөнцийн хүмүүсийн хүсэн эрмэлздэг үр дүн биш гэж үү? Энэ нь үнэнтэй холбоотой юу? Бурханы авралтай холбоотой юу? Ямар ч холбоо байхгүй. Энэ нь ёс суртахууны талаарх үгийн хүмүүст үзүүлдэг эцсийн үр дүн юм. Хэрвээ хүн уламжлалт соёлын янз бүрийн үзэл санааг бүгдийг нь бүрэн хүлээн авч, бүрэн дүүрэн даган мөрддөг бол түүний алхдаг зам чөтгөрүүдийн зам байх нь эргэлзээгүй. Хэрвээ чи чөтгөрүүдийн замд бүрмөсөн орсон бол хүмүүсийг аврах Бурханы ажилтай ямар ч холбоогүй бөгөөд авралтай огт хамаагүй. Тиймээс хэрвээ чи үнэнийг ойлгох суурин дээр уламжлалт соёлын үзэл санаанд хоригдож, нөлөөнд нь автсан хэвээр байхын сацуу эдгээр санааны нөлөөн дор хуулиудыг нь даган мөрдөж, эдгээр шаардлага, үг хэллэгийг даган мөрдөж, тэдгээрийг хаяж, орхиж чаддаггүй, Бурханы шаардлагыг хүлээн авч чадахгүй бол эцэст нь чөтгөрийн замыг дагаж, чөтгөрүүдийн хаан болно. Та нар ойлгож байгаа, тийм үү? Дэлхий ертөнц дээрх ямар ч онол юм уу үг хэллэг хүн төрөлхтөнд Бурханы өгсөн авралын замыг орлож чадахгүй, дэлхий дээрх хамгийн өндөр ёс суртахууны стандарт ч орлож чадахгүй. Хэрвээ хүмүүс зөв замд буюу авралын замд орохыг хүсвэл зөвхөн Бурханы өмнө ирж, Бурханы үгийг даруухнаар, тууштай хүлээн авч, Бурханы янз бүрийн үг, шаардлагыг бүгдийг нь хүлээн авч, Бурханы үгийг шалгуураа болгон биеэ авч явж, үйлдсэнээр л Бурханы сайшаалыг хүртэж чадна. Эс бөгөөс хүмүүс амьдралын зөв замд орох ямар ч аргагүй бөгөөд мөхлийн зам дээр Сатаны гүн ухааныг дагаж л чадна. Зарим хүн: “Дунд талын зам гэж бий юу?” гэдэг. Байхгүй, чи нэг бол Бурханы замыг, эсвэл Сатаны диаволын замыг дагах ёстой. Зөвхөн хоёр л зам бий. Хэрвээ чи Бурханы замыг дагадаггүй бол Сатаны чамд авчирсан янз бүрийн үзэл санаа болон тийм үзэл санаанаас үүдсэн төрөл бүрийн диаволын арга замыг даган мөрддөг нь эргэлзээгүй. Чи дунд талын замаар юм уу гурав дахь замаар явснаар буулт хийхийг хүсвэл тэгэх боломжгүй. Энэ тодорхой байна уу? (Тийм.) Би “Дуслын чинээ сайхан сэтгэлийг ундрах булгаар хариулах ёстой” гэх үгийн талаар цааш нь дэлгэрэнгүй ярихгүй, учир нь энэ нь өмнө нь бидний нөхөрлөсөн “Сайхан сэтгэлийг талархан хариулах ёстой” гэх үгтэй бараг адилхан. Энэ хоёр үгийн мөн чанар нэлээд төстэй учраас нэг их дэлгэрэнгүй ярих шаардлагагүй.

Одоо ёс суртахууны талаарх дараагийн үгийн талаар нөхөрлөе—өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий. Үүнийг ялган танихад маш амархан байх ёстой, тийм биз дээ? Урьд нь ярьж байсан ёс суртахууны талаарх үг хэллэгүүдийн шаардлагатай харьцуулж үзвэл энэ үг ч бас хүмүүсийг хүлдэг уян хатан бус дүрэм журам гэдэг нь ойлгомжтой. Хэдийгээр энэ нь цаасан дээр сүрлэг, сэтгэл хөдөлгөм харагддаг, ямар ч буруу юмгүй, хүмүүстэй харилцах энгийн зарчим мэт харагддаг ч биеэ хэрхэн авч явах болон хүмүүст хэрхэн хандах тухайд энэхүү энгийн зарчим нь ямар ч утгагүй бөгөөд хүний биеэ авч явах байдал юм уу амьдралын эрэл хайгуулд ямар ч нэмэргүй. Энэ нь биеэ авч явах байдал болон зан авиртаа хүмүүсийн даган мөрдөх ёстой зарчим биш, хүмүүсийн хувьд амьдралын зөв чиглэл, зорилгоо эрэлхийлэх зарчим ч биш. Чи энэ шаардлагыг даган мөрдлөө ч гэсэн энэ нь хүмүүстэй харилцахдаа ямар нэг эрүүл ухаангүй зүйл хийхээс чинь л сэргийлдэг боловч чи хүмүүсийг үнэхээр хайрладаг, эсвэл тэдэнд үнэхээр тусалдаг гэсэн үг биш бөгөөд амьдралын зөв замаар явж байгааг чинь бүр ч нотолдоггүй. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг нь шууд утгаараа өөрт таалагдахгүй юм өөрийнхөө хийх дургүй зүйлийг бусад хүнд ч бас бүү тулга гэсэн үг юм. Ингэх нь ухаалаг, эрүүл ухаантай юм шиг санагдаж болох ч нөхцөл байдал болгоныг зохицуулахдаа энэ сатанлаг гүн ухааныг ашиглавал олон алдаа гаргах болно. Чи хүмүүсийг гомдоож, төөрөлдүүлж, бүр хор хүргэх магадлалтай. Зарим эцэг эх өөрсдөө хичээл давтах дургүй ч хүүхдүүдээ хичээл давтуулж, тэдэнд учирлахыг үргэлж оролдож, шаргуу суралц гэж шахдагтай яг адилхан. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх шаардлагыг энд хэрэгжүүлбэл энэ эцэг эхчүүд өөрсдөө дургүй учраас хүүхдүүдээ хичээл давтуулах ёсгүй. Зарим хүн Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй; гэхдээ Бурханд итгэх нь амьдралын зөв зам гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байдаг. Хүүхдүүд нь Бурханд итгэхгүй, буруу замаар явж байгааг харвал тэд Бурханд итгэ гэж хүүхдүүдээ шахдаг. Хэдийгээр өөрсдөө үнэнийг эрэлхийлдэггүй ч хүүхдүүдээ үнэнийг эрэлхийлж, ерөөл хүртээсэй гэж хүсдэг. Энэ нөхцөл байдалд “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх үгийг даган мөрдсөн бол энэ эцэг эхчүүд хүүхдүүдээ Бурханд итгүүлэх ёсгүй байсан. Тэгэх нь энэхүү сатанлаг гүн ухаанд нийцэх байсан боловч хүүхдүүдийнх нь аврагдах боломжийг бас үгүй хийх байсан. Энэ үр дүнг хэн хариуцах вэ? Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй бай хэмээх ёс суртахууны талаарх уламжлалт үг хэллэг нь хүмүүст хор хүргэдэг бус уу? Өөр нэг жишээ хэлье. Зарим эцэг эх үүргээ ухамсарлаж, хуулийг даган мөрддөг амьдралаар амьдрахдаа сэтгэл ханамжгүй байдаг. Тэд гэр бүлээ тэжээхийн тулд газар тариалан эрхлэхийг, эсвэл ажилд явахыг хүсдэггүй. Харин ч тэд чинээлэг амьдралаар амьдарч, зугаацаж, махан биеийн таашаалыг эдлэхийн тулд хуурч, луйвардаж, мөрийтэй тоглож, башир арга ашиглан шударга бусаар баяжих дуртай. Тэд үнэнч шударгаар ажиллах дургүй, эсвэл зөв замыг дагах дургүй. Тэд ингэхийг хүсдэггүй, тийм биз дээ? Энэ нь сайн биш гэдгийг тэд зүрх сэтгэлдээ мэддэг. Ийм нөхцөл байдалд тэд үр хүүхдүүдээ яаж сурган хүмүүжүүлэх ёстой вэ? Хэвийн хүмүүс бол хүүхдүүддээ шаргуу суралцаж, ур чадвар эзэмш гэж зааж сургадаг, ингэснээр хүүхдүүд нь ирээдүйд сайхан ажилтай болж, тэд хүүхдүүдээ зөв замд оруулж чадна. Энэ нь эцэг эхийн хариуцлагаа биелүүлж байгаа хэрэг, тийм биз дээ? (Тийм ээ, мөн.) Зөв. Гэхдээ тэд “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг үгийг даган мөрддөг бол “Хүү минь, намайг хар. Би амьдралдаа идэж ууж, завхайрч, мөрийтэй тоглох гэх мэтийн элдэв янзын зүйл хийдэг. Би сурч боловсорч, ямар нэг чадварт суралцалгүйгээр амь зуусан. Чи ирээдүйд надаас сурна. Сургуульд явж, шаргуу суралцах шаардлагагүй. Хулгай хийж, худлаа хэлж, мөрийтэй тоглож сур. Чи үлдсэн амьдралдаа тав тухтай амьдарч чадна шүү дээ!” гэж хэлнэ. Ингэх нь зөв үү? Хүүхдүүддээ ингэж зааж сургасан хүн байна уу? (Байхгүй.) “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг нь энэ, тийм биз дээ? Эдгээр жишээ нь энэ үгийг бүрэн няцааж байгаа биш үү? Энд зөв зүйл юу ч алга. Жишээ нь зарим хүн үнэнийг хайрладаггүй; тэд махан биеийн тав тухад шунаж, үүргээ гүйцэтгэхдээ хойрголох арга зам хайж олдог. Тэд зовж, төлөөс төлөхийг хүсдэггүй. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг үг үүнийг сайн илэрхийлсэн гэж тэд боддог бөгөөд “Та нар өөрсдийгөө зугаацуулж сурах ёстой. Үүргээ сайн гүйцэтгэж, зовж зүдэрч, төлөөс төлөх хэрэггүй. Хойрголж болохоор байвал хойргол, аргацааж болохоор байвал аргацаа. Өөрсдөдөө битгий их хүндрэл учруул. Хар даа, би ингэж амьдардаг, сайхан байгаа биз дээ? Миний амьдрал үнэхээр төгс! Та нар ингэж амьдраад өөрсдийгөө туйлдуулж байна! Надаас суралцах хэрэгтэй” гэж хүмүүст хэлдэг. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх шаардлагад энэ нь нийцэж байгаа бус уу? Хэрвээ чи ингэж авирладаг бол мөс чанартай, эрүүл ухаантай хүн мөн үү? (Биш.) Хүн мөс чанар, эрүүл ухаанаа алдвал ёс зүйгүй болох бус уу? Үүнийг ёс зүйгүй байх гэж нэрлэдэг. Үүнийг яагаад ингэж нэрлэдэг вэ? Учир нь тэд тав тухад дурлаж, үүргээ гүйцэтгэхдээ аргацааж, бусдыг турхирч, бусдад нөлөөлөн өөрсөдтэй нь адил хааш яаш байж, тав тухад шунахад хүргэдэг. Үүнд ямар асуудал байна вэ? Үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш, хариуцлагагүй байх нь Бурханыг мэхэлж, эсэргүүцэж байгаа үйлдэл юм. Хэрвээ чи хааш яаш хэвээр байж, гэмшихгүй бол илчлэгдэж, таягдан хаягдана. Чуулган дахь олон хүн ийм маягаар цэвэрлэгдсэн. Энэ нь баримт биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Тиймээс энэ үгийг даган мөрдөж, хүн бүрийг өөртэйгөө адилхан байлгахаар турхирч, ингэснээр хүмүүс үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэхгүй, харин ч Бурханыг хуурч, мэхэлбэл энэ нь хүмүүст хохирол учруулж, тэднийг сүйрэлд хүргэж байгаа хэрэг биш үү? Тэд өөрсдөө залхуу, зальжин мөртөө үүргээ биелүүлэхэд нь бусдад саад болдог. Энэ нь чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа хэрэг биш үү? Бурханд дайсагнаж байгаа хэрэг биш үү? Бурханы гэр тийм хүмүүсийг байлгаж чадах уу? Шүтлэггүй хүмүүсийн компанид ажилладаг хүн бусдыгаа өдөөн турхирч, ажлыг нь зохих ёсоор хийлгэсэнгүй гэе. Дарга нь үүнийг олж мэдвэл тэр хүнийг халахгүй гэж үү? Түүнийг гарцаагүй хөөнө. Тэгвэл Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байхдаа ч ийм зүйл хийж чаддаг бол тэрээр Бурханд итгэдэг хүн мөн үү? Энэ бол Бурханы гэрт шургалсан хорон муу хүн, үл итгэгч юм. Түүнийг зайлуулж, таягдан хаях ёстой! Эдгээр жишээг сонссоны дараа та нар “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх ёс суртахууны талаарх үгийн мөн чанарыг бага зэрэг танин мэдэж чадав уу? (Тийм ээ, тэгсэн.) Та нарын гаргасан эцсийн дүгнэлт юу вэ? Энэ шаардлага үнэн-зарчим мөн үү? (Биш.) Мэдээж биш. Тэгвэл юу юм бэ? Энэ нь зүгээр л өнгөн дээрээ сайхан сонсогддог ч үнэндээ ямар ч бодитой утга агуулаагүй будилуу үг юм.

“Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх ёс суртахууны талаарх үгийг та нар дэмждэг үү? Хэрвээ хэн нэгэн энэ үгийг дэмжвэл та нар түүнийг агуу, эрхэм хүн гэж бодох уу? “Хараач, тэд бусдыг хүчилдэггүй, бусдад хүндрэл учруулдаггүй, эсвэл бусдыг хэцүү байдалд оруулдаггүй. Тэд ямар сайн юм бэ? Тэд өөртөө үргэлж хатуу ханддаг мөртөө бусдад хүлээцтэй ханддаг; өөрөө хийхгүй зүйлийг хий гэж хэнд ч, хэзээ ч хэлдэггүй. Тэд бусдад маш их эрх чөлөө олгож, ихээхэн халуун дулаан сэтгэл, хүлээцтэй байдлыг мэдрүүлдэг. Ямар агуу хүн бэ!” гэж хэлэх хүмүүс бий. Үнэхээр тийм гэж үү? “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг үгийн далд утга нь өөрийнхөө дуртай, таашаадаг зүйлийг л бусдад өгөх, ханган нийлүүлэх ёстой гэсэн үг. Гэхдээ завхарсан хүмүүс юунд дуртай, юунаас таашаал авдаг вэ? Завхарсан, учир утгагүй зүйлс, хэрээс хэтэрсэн хүсэл. Ийм сөрөг зүйлсийг хүмүүст өгч, ханган нийлүүлбэл бүх хүн төрөлхтөн улам бүр завхрах бус уу? Эерэг зүйлс улам цөөрнө. Энэ бодит баримт биз дээ? Хүн төрөлхтөн гүнээ завхарсан гэдэг нь бодит баримт. Завхарсан хүмүүс алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, махан биеийн таашаалыг эрэлхийлэх дуртай. Тэд алдартан, хүчирхэг нэгэн, супер хүн байхыг хүсдэг. Тэд тав тухтай амьдралыг хүсэж, хүнд ажлыг үзэн яддаг, бүхнийг өөрсдөдөө өгүүлэхийг хүсдэг. Маш цөөн хэд нь үнэнийг, эерэг зүйлийг хайрладаг. Хүмүүс өөрсдийн завхрал, дур сонирхлыг бусдад өгч, ханган нийлүүлбэл юу болох вэ? Яг л чиний төсөөлснөөр: Хүн төрөлхтөн улам л завхарна. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” хэмээх санааг дэмжигсэд завхрал, дур сонирхол, хэрээс хэтэрсэн хүслээ бусдад өгч, ханган нийлүүлэхийг хүмүүсээс шаардаж, бусад хүнийг ёрын муу, тав тух, хөрөнгө мөнгийг эрэлхийлж, тушаал дэвшихээр хөөцөлдөхөд хүргэдэг. Энэ нь амьдралын зөв зам мөн үү? “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэдэг нь маш асуудалтай үг болох нь харваас илэрхий байна. Өө сэв, цоорхой нь ив илэрхий, задлан шинжилж, ялган танихын ч хэрэггүй. Багахан шинжлэхэд л алдаа мадагтай, утгагүй гэдэг нь илэрхий харагдана. Гэхдээ энэ үгэнд амархан үнэмшиж, нөлөөнд нь автдаг, ялган танихгүйгээр хүлээж авдаг олон хүн та нарын дунд бий. Бусадтай харилцах үедээ чи энэ үгийг үргэлж ашиглан өөртөө сануулж, бусдад сургамжилдаг. Ингэснээрээ чи өөрийгөө тун эрхэм ёс жудагтай, биеэ авч явах байдал чинь маш ухаалаг гэж боддог. Гэвч амьдардаг зарчим, асуудалд ханддаг байр суурийг чинь эдгээр үг өөрийн эрхгүй илчилсэн. Үүний зэрэгцээ чи бусдыг мэхэлж, төөрөлдүүлэн өөртэйгөө адил үзэл бодол, байр сууриар хүмүүс, нөхцөл байдалд хандахад хүргэсэн. Чи жинхэнэ амар тайвныг тогтоогч шиг авирлаж, дундыг баримталжээ. “Ямар ч асуудал байлаа гэсэн, нухацтай авч үзэх шаардлагагүй. Өөрийгөө болон бусдыг бүү хүндрүүл. Бусдыг хүндрүүлбэл өөрийгөө хүндрүүлж байгаа хэрэг. Бусдад эелдэг хандах нь өөртөө эелдэг хандаж буй хэрэг. Бусад хүнд хатуу хандвал өөртөө ч хатуу хандаж байгаа хэрэг. Өөрийгөө хэцүү байдалд оруулах ямар хэрэг байна вэ? Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй байх нь өөрийнхөө төлөө хийж чадах хамгийн сайн, хамгийн хайхрамжтай зүйл” гэж чи хэлдэг. Мэдээж энэ нь ямар ч юманд нямбай хандахгүй байх хандлага юм. Чи аливаа асуудал дээр зөв байр суурь, харах өнцөгтэй байдаггүй, бүх юмны талаарх үзэл бодол чинь будилсан байдаг. Чи нямбай биш, юмыг харсан ч хараагүй царайлдаг. Эцэст нь Бурханы өмнө зогсож, өөрийгөө тайлагнах үед бөөн будилаан үүснэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийх ёсгүй гэж чи үргэлж хэлдэг. Энэ нь чамд асар их тайвшрал, таашаал өгөхийн зэрэгцээ чамд асар их төвөг удаж, олон асуудал дээр тодорхой үзэл бодол, байр суурьтай байж чадахгүй байхад хүргэнэ. Мэдээж бас, ийм нөхцөл байдалтай тулгарахад Бурхан чамд ямар шаардлага, стандарт тавьдгийг, ямар үр дүнд хүрэх ёстойгоо тодорхой ойлгож чадахгүй байхад чамайг хүргэдэг. Чи юунд ч нягт нямбай ханддаггүй учраас ийм зүйл болдог; тэдгээр нь будилуу хандлага, үзэл бодлоос чинь болдог. Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад хийхгүй байх нь хүмүүс, зүйлсэд хандах ёстой хүлээцтэй хандлага мөн үү? Үгүй ээ, биш. Энэ нь гаднаасаа зөв, эрхэм, сайхан сэтгэлтэй харагддаг онол төдий боловч үнэндээ бол тэр чигтээ сөрөг зүйл юм. Мэдээж энэ нь хүмүүсийн дагаж мөрдөх ёстой үнэн-зарчим бүр ч биш. Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий гэж Бурхан хүмүүсээс шаарддаггүй, харин ч өөр өөр нөхцөл байдлыг зохицуулахдаа мөрдөх ёстой зарчмаа сайн мэддэг байхыг хүмүүсээс шаарддаг. Хэрвээ энэ нь зөв бөгөөд Бурханы үгэн дэх үнэнд нийцэж байвал чи салахгүй зуурах ёстой. Чи үүнээс зуурах ёстой төдийгүй бусдад анхааруулж, бусдыг ятгаж, бусадтай нөхөрлөх ёстой, ингэснээр тэд Бурханы хүсэл яг юу болохыг, үнэн-зарчим юу болохыг ойлгоно. Энэ бол чиний хариуцлага, хүлээсэн үүрэг юм. Дундыг баримтал гэж Бурхан чамаас шаарддаггүй, ямар уужуу сэтгэлтэйгээ гайхуул гэж бүр ч шаарддаггүй. Бурханы чамд анхааруулсан, чамд заасан зүйл, Бурханы хэлсэн үгэн дэх шаардлага, шалгуур, хүмүүсийн дагаж мөрдөх ёстой үнэн-зарчмаас чи зуурах ёстой. Чи тэдгээрээс зуурч, үүрд баримтлах ёстой төдийгүй бас үлгэр дуурайл үзүүлэн эдгээр үнэн-зарчмыг хэрэгжүүлж, бас чамтай адил эдгээр үнэн-зарчмаас зуурч, даган мөрдөж, хэрэгжүүлэхэд бусдыг ятгаж, хянаж, тусалж, залж чиглүүлэх ёстой. Үүнийг хий гэж Бурхан чамаас шаарддаг—энэ бол чамд Бурханы даалгасан зүйл. Чи бусдыг үл тоогоод зүгээр л өөртөө шаардлага тавьж болохгүй. Асуудалд зөв байр суурь баримталж, зөв шалгуураас зуурч, Бурханы үгэн дэх шалгуур яг юу болохыг мэдэж, үнэн-зарчим гэж яг юу болохыг олж мэдэхийг Бурхан чамаас шаарддаг. Үүнийг хийж чадахгүй байлаа ч, хүсэхгүй, дургүй байлаа ч гэсэн чамд үзэл байгаа бол, үүнийг эсэргүүцэж байгаа бол чи үүнийг өөрийн хариуцлага, хүлээсэн үүрэг гэж үзэх ёстой. Чи Бурханаас ирдэг эерэг зүйлс болон зөв, зүйтэй зүйлсийн талаар хүмүүстэй нөхөрлөж, тэдгээрийг ашиглан бусдад тусалж, нөлөөлж, залж чиглүүлэх ёстой, тэгвэл хүмүүс ашиг тус хүртэж, босгон байгуулагдаж, амьдралын зөв замаар алхаж чадна. Энэ бол чиний хариуцлага бөгөөд оюун санаанд чинь Сатаны суулгасан “өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх үзэл санаатай гөжүүдлэн зууралдах ёсгүй. Бурханы хувьд энэхүү үг нь зүгээр л амьдралын гүн ухаан; энэ нь Сатаны заль мэхийг агуулдаг нэг төрлийн сэтгэлгээ; энэ нь зөв зам ч биш, эерэг зүйл ч биш. Юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ тодорхой ойлгодог шулуун шударга хүн байхыг л Бурхан чамаас шаарддаг. Бялдууч, энхийг тогтоогч байхыг Тэр чамаас шаарддаггүй. Дундыг баримтал гэж Тэр чамаас шаардаагүй. Хэрэг явдал үнэн-зарчимд хамаатай байх үед чи хэлэх хэрэгтэй зүйлийг хэлж, ойлгох хэрэгтэй зүйлийг ойлгох ёстой. Хэн нэгэн ямар нэгэн зүйлийг ойлгохгүй байгаа ч чи ойлгож байгаа бөгөөд түүнд хэлж өгч, туслах боломжтой бол энэ үүрэг, хариуцлагыг чи заавал биелүүлэх ёстой. Чи хөндлөнгөөс хараад зогсоод байж болохгүй, өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий гэх мэтийн оюун санаанд чинь Сатаны суулгасан гүн ухаантай зууралдаж бүр ч болохгүй. Ойлгов уу? (Ойлголоо.) Зөв, эерэг зүйлд чи дургүй байсан ч, хийх хүсэлгүй байсан ч, хийж чадахгүй, хүрч чадахгүй байсан ч, үүнийг эсэргүүцэж, эсвэл үүний эсрэг үзэл тээсэн ч гэсэн зөв, эерэг л байна. Зүгээр л хүн төрөлхтөн завхарсан зан чанартай, тодорхой сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүсэл, үзэлтэй байдгаас болоод Бурханы үг болон үнэний мөн чанар өөрчлөгдөхгүй. Бурханы үг болон үнэний мөн чанар хэзээ ч, мөнхөд өөрчлөгдөхгүй. Бурханы үг болон үнэнийг мэдэж, ойлгож, туулж, олж авмагцаа өөрийнхөө туршлагын гэрчлэлийг бусдад нөхөрлөх нь чиний хүлээсэн хариуцлага юм. Ингэх нь бүр ч олон хүнд Бурханы хүслийг ойлгох, үнэнийг ухаарах, олж авах, Бурханы шаардлага, стандартыг ойлгох, үнэн-зарчмыг ухамсарлах боломж олгоно. Ингэснээр энэ хүмүүс өдөр тутмын амьдралдаа асуудалтай тулгарах үедээ хэрэгжүүлэлтийн замыг олж авах бөгөөд мунгинахгүй, эсвэл Сатаны янз бүрийн санаа, үзэл бодолд хүлэгдэхгүй. “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх ёс суртахууны талаарх үг нь үнэхээр, жинхэнээсээ хүмүүсийн оюун санааг хянах гэсэн Сатаны зальхай явуулга юм. Хэрвээ чи үүнийг үргэлж баримталдаг бол сатанлаг гүн ухааны дагуу амьдардаг нэгэн, тэр чигтээ сатанлаг зан чанараар амьдардаг хүн мөн. Хэрвээ чи Бурханы замыг дагадаггүй бол үнэнийг хайрладаггүй, үнэнийг эрэлхийлдэггүй юм байна. Юу ч тохиолдлоо гэсэн, чиний дагах ёстой зарчим, хийх ёстой хамгийн чухал зүйл бол чадах чинээгээрээ хүмүүст туслах явдал юм. Чи Сатаны хэлсэн зүйл буюу “өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх үгийг хэрэгжүүлж, “ухаалаг” бялдууч хүн байж болохгүй. Чадах чинээгээрээ хүмүүст туслах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх гэсэн үг юм. Ямар нэгэн зүйл хүлээсэн үүрэг, хариуцлагын чинь нэг хэсэг гэдгийг олж хармагцаа чи Бурханы үг, үнэний талаар нөхөрлөх ёстой. Хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэх гэж үүнийг хэлдэг. Энэ нөхөрлөл “Өөртөө хүсэхгүй зүйлийг бусдад бүү хий” гэх ёс суртахууны талаарх үгийг үндсэндээ ойлгомжтой болгов уу? Та нар ойлгосон уу? (Тийм ээ.) Энэ үгийг ялган танихад харьцангуй амархан бөгөөд нэг их бодож үзэлгүйгээр юу нь буруу болохыг тогтоож болно. Энэ нь дэндүү утгагүй учраас цааш нь дэлгэрэнгүй нөхөрлөх шаардлагагүй.

Одоо ёс суртахууны талаарх дараагийн үг—найзынхаа өмнөөс зовлон туулах гэх үгийн тухай нөхөрлөе. Энэ нь хүн төрөлхтний дунд туйлын өргөн тархсан, харваас сүртэй үг юм. Ялангуяа, уян сэтгэлийг үнэлж, ах дүүгийн барилдлагад ач холбогдол өгдөг хүмүүс олон найз нөхөдтэй болохын тулд энэ үгийг онч мэргэн үг болгон хэрэглэдэг. Аль ч эрин үед юм уу аль ч үндэстэн ястны бүлэгт “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх ёс суртахууны талаарх үг нэлээд үндэслэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд харьцангуй сайн нийцдэг. Илүү нарийн яривал энэ үг мөс чанартаа хүмүүсийн баримталдаг “ах дүүгийн барилдлага” гэх үзэл баримтлалтай нийцдэг. Ах дүүгийн барилдлагыг үнэлдэг хүмүүс найзынхаа өмнөөс зовлон туулахад бэлэн байдаг. Найз нөхөд нь хэчнээн хэцүү, аюултай нөхцөл байдалд байх нь хамаагүй, тэд урагш алхаж, найзынхаа өмнөөс зовлон туулна. Энэ нь бусдын төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиослох сэтгэл юм. “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх ёс суртахууны талаарх үг нь үндсэндээ ах дүүгийн барилдлагыг үнэлэх явдлыг хүмүүст суулгадаг. Энэ үгийн хүн төрөлхтнөөс баримтлахыг шаарддаг стандарт нь хүн ах дүүгийн барилдлагыг үнэлэх ёстой: Тэр нь энэ үгийн охь юм. “Ах дүүгийн барилдлага” гэх үг юу гэсэн утгатай вэ? Ах дүүгийн барилдлагын стандарт юу вэ? Энэ нь найзынхаа төлөө өөрийнхөө ашиг сонирхлыг золиосолж, түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд бүхнийг хийж чаддаг байна гэсэн үг юм. Найзад чинь юу ч хэрэгтэй байсан чи нэр төрийн хэрэг болгон шаардлагатай бүх тусламжийг үзүүлэх ёстой бөгөөд амь насаа эрсдэлд оруулах хэрэгтэй бол амиа эрсдэлд оруулах ёстой. Жинхэнэ найз байхад ийм зүйл шаардагддаг бөгөөд зөвхөн үүнийг л жинхэнэ ах дүүгийн барилдлага гэж тооцож болно. Ах дүүгийн барилдлагын өөр нэг тайлбар нь үхэл, амьдралыг үл хайхран, найзынхаа төлөө амь өрсөж, амиа өгч, амиа эрсдэлд оруулж чаддаг байх явдал юм. Энэ бол амь насанд заналхийлсэн сорилт, үхэл-амьдралын нөхөрлөл, жинхэнэ ах дүүгийн барилдлага мөн. Энэ нь ёс суртахууны зан авирын шаардлагууд дахь найзын тодорхойлолт билээ. Чи жинхэнэ найз гэж тооцогдохын тулд найзынхаа өмнөөс зовлон туулахад бэлэн байх ёстой, энэ нь найзуудтайгаа харилцахдаа хүний даган мөрдөх учиртай ёс суртахууны шалгуур бөгөөд найзууд болохтой холбоотой хүмүүсийн ёс суртахууны шаардлага юм. “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх ёс суртахууны талаарх үг нь тун баатарлаг, шударга, ялангуяа агуу, эрхэм үг шиг санагдаж, хүмүүсийн бишрэл, сайшаалыг төрүүлдэг бөгөөд ийм зүйл хийж чадах хүмүүс нь хадны завсраас үсрэн гарч ирдэг өөр ертөнцийн үхэшгүй мөнх хүмүүс шиг санагдаж, ийм хүмүүс ялангуяа хөлөг баатрууд, сэлэмчид шиг зөв шударга гэж бодоход хүргэдэг. Тийм учраас ийм энгийн, илэн далангүй үзэл санаа, үзэл бодлыг хүмүүс бэлхнээ хүлээн авч, тэдгээр нь хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд амархан нэвтэрдэг. Та нарт “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх үгийн талаар адилхан мэдрэмж төрж байна уу? (Тийм ээ.) Хэдийгээр энэ цаг үед найзынхаа өмнөөс зовлон туулах хүн олон биш боловч ихэнх хүмүүс найзууд нь өөрийнх нь өмнөөс зовлон туулахад бэлэн байна, тэд бол үнэнч хүмүүс, сайн найзууд, хэцүү бэрх үед найзууд нь эргэлзэхгүйгээр, ямар ч болзол тавихгүйгээр тусламжийн гараа сунгаж, өөрийнх нь төлөө юу ч хийж, бүх бэрхшээлийг даван туулна, аюулаас айж шантрахгүй гэж найддаг. Хэрвээ чи найзууддаа үүнтэй төстэй шаардлага тавьдаг бол найзынхаа өмнөөс зовлон туулах гэсэн энэ үзэл санааны нөлөөнд автаж, үүнд хүлэгдсээр байгааг чинь энэ нь харуулах уу? Чи өөрийгөө энэ хуучин, уламжлалт сэтгэлгээгээр амьдарсаар байна гэж хэлэх үү? (Тийм ээ.) Одоо үед хүмүүс “олон нийтийн ёс суртахуун өнөө үед дордож, хүмүүс өвөг дээдэстэйгээ адилхан сэтгэхүйтэй байхаа больж, цаг өөр болж, найзууд урьдынх шиг байхаа больсон, хүмүүс ах дүүгийн барилдлагыг үнэлдэггүй, хүний халуун дулаан байдал алдагдаж, хүн хоорондын харилцаа улам хол хөндий болж байна” гэж үргэлж халагладаг. Хэдийгээр одоо үед найз нөхдийн ах дүүгийн барилдлагыг үнэлдэг хүн маш цөөхөн ч хүмүүс найзынхаа төлөө амиа өгсөн эрт дээр үеийн баатарлаг, халуун дулаан сэтгэлтэй хүмүүсийг дурсан санаж, тэдний гаргасан хэв маягийг хүндэлсээр байна. Жишээлбэл, эрт дээр үед найзынхаа төлөө амиа өгсөн хүмүүсийн талаар түүхэнд бичигдэн үлдсэн зарим түүхийг, ялангуяа тулааны урлагийн ертөнцөд тохиолдсон ах дүүгийн барилдлагыг хамгаалдаг хүмүүсийн тухай түүхийг аваад үз. Өнөөдрийг хүртэл хүмүүс эдгээр түүхийг кино, телевизийн жүжгээс үзэх үедээ зүрх сэтгэлд нь сэтгэл хөдлөл төрж, хүний халуун дулаан сэтгэлээр дүүрэн, хүмүүс ах дүүгийн барилдлагыг үнэлдэг байсан эрин үед эргэн очих найдлага тээдэг. Эдгээр зүйл юуг харуулдаг вэ? Найзынхаа өмнөөс зовлон туулах энэ санаа нь хүмүүсийн оюун ухаанд эерэг зүйл гэж хүндлэгддэг, сайн хүн байх, эсвэл сайн хүн болохыг хүсдэг хүмүүсийн ёс суртахууны өндөр стандарт гэж тооцогддог гэдгийг харуулдаг уу? (Тийм.) Хэдийгээр хүмүүс өнөө үед өөрсдөөсөө ийм зүйл шаардаж зүрхэлдэггүй, өөрсдөө үүнд хүрч чаддаггүй ч нийгмийн бүлэг дотроо тийм хүмүүстэй уулзаж, тэдэнтэй харилцаж, найзууд болно, ингэвэл өөрсдөд нь бэрхшээл тулгарах үед найзууд нь өөрийнх нь өмнөөс зовлон туулна гэж найдсаар байдаг. Ёс суртахууны талаарх энэ үгийн тухай хүмүүсийн хандлага, үзэл бодлыг харвал ах дүүгийн барилдлагыг үнэлдэг ийм үзэл санаа, үзэл бодол хүмүүст гүн гүнзгий нөлөөлдөг нь харваас илэрхий юм. Хүмүүс ах дүүгийн барилдлагын сэтгэлийг хүсэн эрмэлзэж, даган мөрдөхөд өөрсдийг нь зоригжуулсан тийм үзэл санаа, үзэл бодлын нөлөөнд автдагийг харгалзан үзвэл мэдээж хүмүүс тэдгээрийн дагуу амьдрах өндөр магадлалтай. Үүний үр дүнд хүмүүс тийм үзэл санаа, үзэл бодолд хянагдаж, захирагдах хандлагатай байдаг бөгөөд тийм үзэл санаа, үзэл бодлын дагуу хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлдэхийн зэрэгцээ тийм үзэл санаа, үзэл бодлыг ашиглан хүмүүсийг шүүж, “Энэ хүн ах дүүгийн барилдлагыг үнэлдэг үү? Хэрвээ ах дүүгийн барилдлагыг үнэлдэг бол сайн хүн юм; харин үнэлдэггүй бол харилцахад зохисгүй, сайн хүн биш юм” гэж өөрсдөөсөө асуудаг. Мэдээж чи ч бас зан авираа захирах тухайд, өөрийнхөө зан авирыг хязгаарлах, шүүх тухайд ах дүүгийн барилдлагын талаарх эдгээр үзэл санааны нөлөөнд автаж, тэдгээрийг бусадтай харилцах шалгуур, чиглэл болгон авч үзэх хандлагатай байдаг. Жишээлбэл, тийм үзэл санаа, үзэл бодлын гүн суусан нөлөөн дор ах, эгч нартай харилцахдаа чи хийж байгаа юм бүхнээ хэмжихийн тулд мөс чанараа ашигладаг. “Мөс чанар” гэдэг энэ үг юу гэсэн утгатай вэ? Үнэндээ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд энэ нь ах дүүгийн барилдлага гэсэн утгатай байхаас цаашгүй. Заримдаа ах дүүгийн барилдлагаас үүдэн ах, эгч нартаа тусалдаг, заримдаа ах, эгч нарыг өрөвддөг нь ч ах дүүгийн барилдлагаас үүдэлтэй байдаг. Заримдаа Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж, багахан хичээл чармайлт гаргах, зарлагадах, эсвэл түр зуур зарим нэг шийдвэр гаргах гээд бүгд үнэндээ ах дүүгийн барилдлагыг үнэлдэг тийм үзэл санааны ноёрхол дор бий болдог. Хүмүүс ийм үзэл санаа, үзэл бодлын нөлөөнд гүн гүнзгий автаж, тэдгээрт аль хэдийн хүлэгдэж, ууссан гэдгийг эдгээр үзэгдэл тодорхой, ойлгомжтой харуулдаг бус уу? “Хүлэгдэж”, “ууссан” гэдгээр Би юу хэлж байна вэ? Ах дүүгийн барилдлагыг үнэлдэг тийм үзэл санаа, үзэл бодол нь хүмүүсийн зан авирыг хянаж чаддагаар үл барам, мөн аль хэдийн хүмүүсийн оршин тогтнолын гүн ухаан, хүмүүсийн амь болсон бөгөөд хүмүүс тэдгээрээс зуурч, эерэг зүйл мэт үздэг гэж хэлж болох уу? Тэдгээрийг эерэг зүйл мэт үздэг гэж Би яагаад хэлдэг вэ? Энэ нь хүмүүс Бурханы үгийг сонсож, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж, хааш яаш, хайнга байлгүйгээр үүргээ гүйцэтгэж, илүү их төлөөс төлж, Бурханд үнэнч байх үед энэ бүх зан авир нь ах дүүгийн барилдлагын тухай үзэл санаанд ихээхэн захирагддаг, үүнд ах дүүгийн барилдлагын энэ элемент холилдсон байдаг гэсэн үг юм. Жишээлбэл, зарим хүн: “Бид биеэ авч явахдаа мөс чанартай байх ёстой, үүргээ гүйцэтгэхдээ аргацааж болохгүй! Бурхан бидэнд маш их нигүүлсэл хайрласан. Ийм аюултай орчинд, агуу улаан луу ингэж их улангасан дарлаж, хавчиж байхад Бурхан биднийг хамгаалж, Сатаны нөлөөнөөс авардаг. Бид мөс чанараа гээх ёсгүй, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ сайтар гүйцэтгэх ёстой! Бидний амийг Бурхан бидэнд өгсөн тул бид Бурханы хайрыг хариулахын тулд Бурханд үнэнч байх ёстой. Бид талархах сэтгэлгүй байж болохгүй!” гэдэг. Эрсдэл үүрч, төлөөс төлөх шаардлагатай үүрэгтэй тулгараад, “Бусад хүн урагш алхахгүй бол би алхана. Би аюулаас айхгүй!” гэж хэлдэг зарим хүн бий. Хүмүүс тэднээс “Яагаад чи аюулаас айдаггүй юм бэ?” гэж асуухад тэд ингэж хариулдаг: “Чамд биеэ авч явах өчүүхэн төдий ч болов ёс суртахууны жудаг байхгүй гэж үү? Бурханы гэр надад сайн ханддаг, Бурхан надад сайн байдаг. Би Бурханыг дагахаар шийдсэн юм чинь хамаг чадлаа дайчилж, эдгээр эрсдэлийг үүрэх ёстой. Би ах дүүгийн барилдлагын ийм сэтгэлтэй, үүнийг үнэлдэг байх ёстой” гэх мэт. Эдгээр үзэгдэл болон хүмүүсийн эдгээр илчлэлд ах дүүгийн барилдлагыг үнэлдэг ийм үзэл санаа, үзэл бодол тодорхой хэмжээнд ноёрхож байна уу? Тийм үзэл санаа, үзэл бодол ноёрхсоноор хүмүүсийн хийдэг шүүлт болон сонголт, ихэнхдээ харуулдаг зарим зан авир нь үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч хамаагүй байдаг. Тэдгээр нь зүгээр л агшин зуурын түлхэц, түр зуурын сэтгэл санааны байдал, эсвэл агшин зуурын хүсэл юм. Энэ нь үнэн-зарчмыг баримталдаггүй, хүний үүргээ биелүүлэх гэсэн субьектив хүслээс урган гардаггүй, үнэн болон эерэг зүйлийг хайрласнаас үүдэн гардаггүй учраас хүмүүсийн хоорондох ах дүүгийн энэ барилдлага нь тэсэн үлдэж чаддаггүй, цөөн хэдэн удаагаас хэтэрдэггүй, хэтэрхий удаан үргэлжилж ч чаддаггүй. Хэсэг хугацааны дараа хүмүүс хий нь гарсан бөмбөг мэт эрч хүчээ алддаг. Зарим нь “Яагаад би өмнө нь тийм их эрч хүчтэй байсан юм бол? Би яагаад Бурханы гэрийн төлөө тийм аюултай ажил хариуцахад бэлэн байсан юм бол? Тэр бүх эрч хүч яагаад одоо алга болчхов оо?” гэдэг. Тухайн үед чамд түр зуурын түлхэц, хүсэл, шийдэмгий байдал байсан бөгөөд мэдээж үүнд ах дүүгийн барилдлагын элемент холилдсон байсан. Энэ тухай ярихад, “ах дүүгийн барилдлага” гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энгийнээр хэлбэл, энэ нь түр зуурын ааш зан, сэтгэл санааны байдал, өөрөөр хэлбэл, тодорхой орчин болон нөхцөл байдалд хүмүүст бий болдог ааш зан юм. Тийм ааш зан нь маш хөхүүн хөгжилтэй, маш сэргэлэн цовоо, маш эерэг байдаг бөгөөд энэ нь чамайг эерэг дүгнэлт, сонголт хийхэд хүргэдэг, эсвэл зарим нэг сүрлэг үг хэлж, шаргуу ажиллахад бэлэн байхад хүргэдэг ч ийм төрлийн бэлэн байдал нь үнэнийг хайрлах, үнэнийг ойлгох, эсвэл үнэнийг хэрэгжүүлэх жинхэнэ байдал биш. Энэ нь зүгээр л ах дүүгийн барилдлагыг үнэлдэг тийм үзэл санаа, үзэл бодлын ноёрхол дор бий болсон ааш зан юм. Энгийнээр хэлэхэд ийм байдаг. Илүү гүнзгий түвшинд, Миний үзэл бодлоор бол ах дүүгийн барилдлага нь үнэндээ түргэн зангийн илрэл юм. “Түргэн зангийн илрэл” гэдгээр Би юу хэлж байна вэ? Жишээлбэл, хүмүүс түр зуур баяр хөөртэй байх үедээ бүхэл өдөржин шөнөжин хоол унд идэхгүй, унтахгүй байсан ч өлсөхгүй, ядрахгүй явж чаддаг. Энэ нь хэвийн үү? Хэвийн нөхцөлд хүмүүс хоол идэхгүй бол өлсөж, шөнөжин сайн унтахгүй бол үлбийж, назгайрна. Гэхдээ тэд гэнэтхэн ааш зан нь хөхүүн хөгжилтэй болж, өлсөхгүй, нойрмоглохгүй, ядрахгүй бол энэ нь хэвийн бус зүйл биш үү? (Тийм ээ, хэвийн бус.) Энэ нь амь зан чанарын жам ёсны илчлэл мөн үү? (Биш.) Хэрвээ энэ нь хэвийн илчлэл биш бол юу юм бэ? Энэ бол түргэн зан. Түргэн зан гэдэг нь өөр ямар утгатай вэ? Агшин зуурын баяр хөөр, уур хилэн гэх мэт хэвийн бус сэтгэл хөдлөлөөс болоод хүмүүс бодлогогүй байдалтай байхдаа туйлширсан зан авир гаргадаг гэсэн үг юм. Энэ туйлширсан зан авир гэдэг нь юу вэ? Заримдаа тэд баяртай байх үедээ гэртээ байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг бусдад өгдөг, эсвэл заримдаа уурандаа хэн нэгнийг хутгалж хөнөөдөг. Энэ нь түргэн зан биш үү? Эдгээр нь хүмүүсийг бодлогогүй байдалтай байхад үүсдэг, туйлширсан зан авир юм: Энэ нь түргэн зан. Зарим хүн анх үүрэг гүйцэтгэж эхлэхдээ маш баяртай байдаг. Хоол идэх цаг болоход өлсдөггүй, амрах цаг болоход нойр нь хүрдэггүй. Харин тэд “Бурханы төлөө зарлагад, Бурханы төлөө төлөөс төл, ямар ч бэрхшээлийг даван туул!” гэж хашхирдаг. Тэд баяр хөөргүй байх болгондоо юу ч хийхийг хүсдэггүй, харсан хүн бүрдээ дургүйцэж, тэр ч байтугай Бурханд итгэхээ болих талаар боддог. Энэ бүхэн нь түргэн зан юм. Энэ түргэн зан яаж бий болсон бэ? Хүмүүсийн завхарсан зан чанараас бий болсон уу? Үндсэндээ энэ нь хүмүүс үнэнийг ойлгодоггүй, үнэнийг хэрэгжүүлж чадахгүйгээс болдог. Хүмүүс үнэнийг ойлгохгүй байх үедээ янз бүрийн гажууд бодлын нөлөөнд автдаг. Янз бүрийн гажууд, сөрөг бодлын нөлөөн дор хүмүүс элдэв янзын бодлогогүй, хэвийн бус ааш зан гаргадаг. Ийм ааш зантай байх үедээ тэд элдэв янзын түргэн зантай шүүлт, зан авир гаргадаг. Ийм юм болдог, тийм биз дээ? “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх энэ үзэл баримтлалын мөн чанар юу вэ? (Түргэн зан.) Тийм ээ, түргэн зан. Тэгвэл “Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх үг үндэслэлтэй юу? Зарчимд нийцдэг үү? Хүмүүсийн дагаж мөрдөх ёстой эерэг зүйл мөн үү? Мэдээж биш. Найзынхаа өмнөөс зовлон туулах энэ асуудал нь бодлогогүй, ойворгон, түргэн зантай. Энэ асуудалд ухаалгаар хандах ёстой. Чи найзынхаа өмнөөс зовлон туулахуйц хэмжээнд ах дүүгийн барилдлагыг үнэлдэггүй бол зүгээр үү? Чадах чинээгээрээ найзууддаа туслах нь зүгээр үү? Юмыг яаж зөв хийх вэ? Ах дүүгийн барилдлагыг тун их үнэлдэг мэт санагддаг, найзынхаа өмнөөс зовлон туулах гэх мэт үзэл санаа, үзэл бодол нь яагаад бүгд буруу юм бэ? Юу нь буруу юм бэ? Энэ асуудлыг тодорхой болгох шаардлагатай. Энэ асуудлыг тодруулмагц хүмүүс тийм үзэл санаа, үзэл бодлыг бүрмөсөн орхино. Үнэндээ энэ асуудал маш энгийн. Та нар үүнийг тодорхой тайлбарлаж чадах уу? Та нар энэ асуудлын талаар ямар ч үзэл бодолгүй, ямар ч хэлэх үггүй. Энэ нь нэг зүйлийг баталдаг, өөрөөр хэлбэл, Намайг найзынхаа өмнөөс зовлон туулах гэх үгийг задлан шинжлэхээс өмнө та нар бүгдээрээ энэ үгийг баримталж, тун их шүтдэг хүмүүс байсан, мөн найзынхаа өмнөөс зовлон туулдаг хүмүүст бүгд атаархаж, тийм хүнтэй найзалж чадсан хүмүүст ч атаархаж, тийм найзуудтай байх нь баяр хөөртэй, нэр төрийн хэрэг гэж боддог байсан. Тийм биш гэж үү? Та нар энэ асуудлыг хэрхэн харж байна вэ? (Найзынхаа өмнөөс зовлон туулах гэх үгийн дагуу хүмүүстэй харилцах нь зарчимгүй, үнэнд нийцдэггүй гэж би бодож байна.) Энэ хариултыг юу гэж бодож байна? Энэ нь тийм үзэл санаа, үзэл бодлын чамд тавьсан хүлээс, дөнгийг суллаж чадах уу? Тийм хэрэг явдалд хандах чиний арга барил, зарчмыг өөрчилж чадах уу? Тийм асуудлын талаарх эндүү ташаа үзэл бодлыг чинь залруулж чадах уу? Чадахгүй бол энэ хариулт юу вэ? (Хоосон сургаал.) Хоосон сургаал яриад ямар хэрэгтэй юм бэ? Хоосон сургаалын талаар бүү ярь. Хоосон сургаал хэрхэн бий болдог вэ? Чи тийм үзэл санаа, үзэл бодлын мөн чанарыг тодорхой хардаггүй, хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явах, үйлдэхэд чинь тийм үзэл санаа, үзэл бодлын үзүүлдэг сөрөг нөлөө, хор хөнөөлийг бүрэн ойлгодоггүйгээс болдог. Тэрний юу нь буруу болохыг чи мэддэггүй учраас өнгөц хоосон сургаал ашиглан энэ асуудалд хариулт өгч, шийдвэрлэж л чадна. Эцсийн үр дүнд хоосон сургаал асуудлыг чинь шийдвэрлэж чадахгүй бөгөөд чи тийм үзэл санаа, үзэл бодлын ноёрхол, нөлөөн дор амьдарсаар байна.

“Найзынхаа өмнөөс зовлон туулах” гэх мэт үзэл санаа, үзэл бодлын юу нь буруу вэ? Энэ асуулт нь үнэндээ нэлээд энгийн бөгөөд хэцүү биш юм. Дэлхий дээр амьдардаг хэн ч хадан завсраас үсэрч гарч ирээгүй. Хүн бүрд эцэг эх, үр хүүхэд байдаг, хүн болгонд хамаатан садан байдаг бөгөөд хүний энэ ертөнцөд хэн ч дангаараа оршин байдаггүй. Үүгээрээ Би юу хэлж байна вэ? Чи хүний энэ ертөнцөд амьдардаг, чиний гүйцэтгэх ёстой үүрэг даалгавар чамд бий гэж хэлж байгаа юм. Нэгдүгээрт чи эцэг эхдээ дэмжлэг үзүүлэх ёстой, хоёрдугаарт үр хүүхдүүдээ өсгөх ёстой. Энэ нь гэр бүл доторх чиний хариуцлага юм. Нийгэмд ч бас чиний гүйцэтгэх хариуцлага, үүрэг даалгавар гэж бий. Чи нийгэмд ажилчин, тариачин, бизнесмен, оюутан, сэхээтэн гэх мэт үүрэг роль гүйцэтгэх ёстой. Гэр бүлээс нийгэм хүртэл чиний биелүүлэх ёстой олон хариуцлага, үүрэг даалгавар бий. Өөрөөр хэлбэл, хоол хүнс, хувцас хунар, орон байр, унах унаанаас гадна чиний хийх ёстой олон зүйл байдаг, мөн чи олон зүйлийг хийж, олон үүрэг даалгавар биелүүлэх ёстой. Хүмүүсийн алхдаг Бурханд итгэх зөв замыг хойш тавиад, хувь хүнийхээ хувьд чи гэр бүлийн олон хариуцлага болон нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байдаг. Чи бие даан оршин тогтнодоггүй. Чиний мөрөн дээрх хариуцлага зүгээр л найз нөхөдтэй болж, цагийг сайхан өнгөрүүлэх, эсвэл ярилцаж болох, чамд тусалж чадах хэн нэгнийг олох явдал биш. Чиний хариуцлагын дийлэнх нь—хамгийн чухал нь—чиний гэр бүл, нийгэмтэй холбоотой байдаг. Чи гэр бүлийн хариуцлага, нийгэмд хүлээсэн үүргээ сайн биелүүлэх л юм бол хүний хувьд амьдрал чинь бүрэн дүүрэн, төгс гэж тооцогдоно. Тэгвэл гэр бүлдээ биелүүлэх ёстой хариуцлагад чинь юу багтах вэ? Хүүхдийн хувиар чи эцэг эхдээ ачлалтай байж, тэднийг дэмжих ёстой. Эцэг эх чинь өвчин тусах юм уу эцэг эхэд чинь бэрхшээл тулгарвал чи чадах бүхнээ хийх ёстой. Эцэг эхийн хувиар чи гэр бүлийнхнээ бүгдийг нь тэжээхийн тулд хөлсөө урсган чармайж, шаргуу хөдөлмөрлөж, эцэг эх байх хүнд хариуцлагыг үүрч, үр хүүхдүүдээ өсгөж, зөв замыг дагадаг болгон хүмүүжүүлж, биеэ авч явах зарчмыг хүүхдүүддээ ойлгуулах ёстой. Тиймээс чи гэр бүлдээ тоо томшгүй олон хариуцлага үүрдэг. Чи эцэг эхээ дэмжиж, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх хариуцлага үүрэх ёстой. Хийх ёстой тийм зүйл олон байдаг. Нийгэмд чи ямар хариуцлагатай байдаг вэ? Чи хууль, дүрмийг даган мөрдөх ёстой, бусадтай харилцахдаа зарчимтай байх ёстой, ажилдаа чадах бүхнээ хийж, ажил мэргэжлээ сайн удирдах ёстой. Цаг хугацаа, эрч хүчнийхээ наяас ерэн хувийг эдгээр зүйлд зориулах ёстой. Өөрөөр хэлбэл, чи гэр бүлдээ юм уу нийгэмд ямар ч үүрэг роль гүйцэтгэлээ гэсэн, ямар ч замаар алхлаа гэсэн, амбиц, хүсэл эрмэлзэл чинь юу ч байлаа гэсэн, өөрсдийнх нь хувьд маш чухал хариуцлага хүн бүрд байдаг бөгөөд тэр нь бараг бүх цаг хугацаа, эрч хүчийг нь эзэлдэг. Гэр бүл болон нийгмийн хариуцлагын үүднээс авч үзвэл, хүн болох чи болон амьд бие болох чи хүний энэ ертөнцөд ирсний үнэ цэн юу вэ? Энэ нь Тэнгэрээс чамд өгсөн хариуцлага, даалгаврыг биелүүлэх явдал юм. Чиний амь ганцхан чамд харьяалагддаггүй, мэдээж бусдад харьяалагддаггүй. Чиний амь чиний даалгавар, хариуцлагын төлөө, хүний ертөнцөд биелүүлэх ёстой чиний хариуцлага, хүлээсэн үүрэг, даалгаврын төлөө оршин тогтнодог. Чиний амь эцэг эхэд чинь ч, эхнэрт (нөхөрт) чинь ч харьяалагддаггүй, мэдээж үр хүүхдүүдэд чинь харьяалагддаггүй. Үр удамд чинь бүр ч харьяалагдахгүй. Тэгвэл чиний амь хэнд харьяалагддаг вэ? Дэлхий ертөнцийн хүний өнцгөөс ярих юм бол чиний амь Бурханаас чамд өгсөн хариуцлага, даалгаварт харьяалагддаг. Харин итгэгчийн өнцгөөс харвал чиний амь Бурханд харьяалагдана, учир нь Бурхан л чиний бүх зүйлийг зохицуулж, захирч байдаг. Тиймээс дэлхий ертөнцөд амьдарч буй хүний хувиар чи өөрийнхөө амийг бусдад дур зоргоороо амлах ёсгүй, ах дүүгийн барилдлагын төлөө хэн нэгний төлөө амиа дураараа золиослох ёсгүй. Өөрөөр хэлбэл, чи өөрийнхөө амийг дорд үзэж болохгүй. Чиний амь өөр хэн нэгэнд, ялангуяа Сатанд, энэ нийгэмд, энэ завхарсан хүн төрөлхтөнд үнэ цэнгүй ч эцэг эх, хамаатан саданд чинь бол чиний амь туйлын чухал байдаг, учир нь чиний хариуцлага болон тэдний оршин тогтнол хоорондоо салшгүй холбоотой. Мэдээж үүнээс ч илүү чухал зүйл бол чиний амь болон Бурхан бүх зүйлийг, бүх хүн төрөлхтнийг захирдаг гэх баримт нь хоорондоо салшгүй холбоотой. Бурханы захирдаг олон амийн дунд чиний амь зайлшгүй шаардлагатай. Магадгүй чи өөрийнхөө амийг тийм ч өндрөөр үнэлдэггүй, амиа тийм ч өндрөөр үнэлэх ёсгүй байж болох ч үнэн хэрэгтээ чамтай ойр дотно холбоотой, салшгүй харилцаатай эцэг эх, хамаатан саданд чинь чиний амь маш чухал байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Учир нь чи тэдний өмнө хариуцлага хүлээдэг, тэд ч бас чиний өмнө хариуцлага хүлээдэг, чи энэ нийгэмд хариуцлага үүрдэг, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага чинь энэ нийгэм дэх чиний үүрэг рольтой холбоотой байдаг. Хүн бүрийн үүрэг роль, амьд оршихуй бүр Бурханд зайлшгүй шаардлагатай бөгөөд бүгд хүн төрөлхтөн, энэ ертөнц, энэ газар дэлхий, энэ орчлонг захирах Бурханы дээд эрхийн салшгүй элементүүд юм. Бурханы нүдээр бүх амь элсэн ширхгээс ч илүү өчүүхэн, шоргоолжноос ч илүү жигшүүртэй; гэсэн хэдий ч хүн бүр бол амь, амьдарч, амьсгалж буй амь учраас Бурханы дээд эрхийн дотор хүн голлох чиг үүрэг гүйцэтгэдэггүй ч бас зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс эдгээр талаас үүнийг харвал, хэрвээ хүн найзынхаа өмнөөс зовлон туулахад бэлэн бөгөөд зөвхөн ингэж бодоод зогсохгүй, бас хэдийд ч ийнхүү үйлдэж, гэр бүлийн хариуцлага, нийгмийн хариуцлагаа үл хайхран, тэр ч байтугай өөрийн мөрөн дээрх Бурханы өгсөн даалгавар, үүргийг үл хайхран амиа өгөхөд бэлэн байдаг бол тэр нь буруу биш гэж үү? (Тийм.) Энэ бол урван тэрсэлсэн хэрэг! Хүнд Бурханы өгдөг хамгийн эрхэм нандин зүйл бол амь гэж нэрлэгддэг энэхүү амьсгал юм. Хэрвээ чи амиа даатгаж болно гэж боддог найздаа өөрийнхөө амийг хааш яаш амлах юм бол Бурханд тэрсэлж байгаа хэрэг биш гэж үү? Амиа үл хүндэтгэж байгаа хэрэг биш үү? Бурханд дуулгаваргүй хандсан хэрэг биш гэж үү? Бурханы эсрэг тэрслүү байдал биш үү? (Мөн.) Энэ нь гэр бүл болон нийгэмдээ гүйцэтгэх ёстой хариуцлагаасаа илт татгалзаж, Бурханы чамд өгсөн даалгавраас зайлсхийж байгаа хэрэг. Энэ бол тэрслүү явдал. Хүний амьдралд хамгийн чухал зүйл бол энэ амьдралдаа хүний үүрэх ёстой хариуцлага—гэр бүлийн хариуцлага, нийгмийн хариуцлага, Бурханы чамд өгсөн даалгавраас өөр юу ч биш. Хамгийн чухал зүйл бол эдгээр хариуцлага, даалгавар юм. Хэрвээ чи түр зуурын ах дүүгийн барилдлагын мэдрэмж, агшин зуурын түргэн зангийн улмаас өөрийнхөө амийг өөр хэн нэгний төлөө хааш яаш өгснөөр амиа алдвал хариуцлага чинь байсаар байх уу? Тэгвэл чи яаж даалгаврын талаар ярьж чадах юм бэ? Чи мэдээж Бурханы чамд өгсөн амийг хамгийн эрхэм нандин зүйл хэмээн нандигнадаггүй, харин оронд нь үүнийг хааш яаш бусдад амлаж, бусдын төлөө амиа өгч, гэр бүл, нийгмийн хариуцлагаа бүрмөсөн үл тоож, орхидог, энэ нь ёс суртахуунгүй, шударга бус явдал юм. Тэгвэл Би та нарт юу хэлэх гээд байна вэ? Санаандгүй байдлаар амиа бусдад бүү өг, бүү амла. Зарим хүн: “Би эцэг эхдээ амлаж болох уу? Хайртай хүндээ амлавал яах вэ, тэр нь зүгээр үү?” гэдэг. Тэгэх нь зүгээр биш. Яагаад тэр вэ? Бурхан чамд амь хайрлаж, гэр бүл, нийгмийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, Бурханаас чамд даалгасан даалгаврыг биелүүлэхийн тулд амиа үргэлжлүүлэх боломж олгодог. Чи амиа бусдад санаандгүй амлаж, бусдад өгч, бусдын төлөө зарлагадаж, бусдад зориулснаар өөрийнхөө амийг онигоо мэт үзэж болохгүй. Хэрвээ хүн амиа алдвал гэр бүл, нийгмийн хариуцлага, даалгавраа биелүүлж чадах уу? Биелүүлэх боломжтой хэвээр байх уу? (Үгүй.) Хүний гэр бүл, нийгмийн хариуцлага байхгүй болоход тэдний гүйцэтгэдэг нийгмийн үүрэг роль байсаар байх уу? (Үгүй.) Хүний гүйцэтгэдэг нийгмийн үүрэг роль байхгүй болоход тэр хүний даалгавар байсаар байх уу? Үгүй, байхгүй болно. Хүний даалгавар, нийгмийн үүрэг роль байхгүй болоход Бурханы захирдаг зүйл байсаар байх уу? Бурханы захирдаг зүйл бол амьд зүйлс, амьтай хүмүүс бөгөөд хүмүүсийн нийгмийн хариуцлага, амь байхгүй болж, нийгмийн үүрэг роль нь үгүй болоход энэ нь Бурханы захирдаг хүн төрөлхтөн, Бурханы удирдлагын төлөвлөгөөг үгүй болгохоор оролдож байгаа хэрэг мөн үү? Хэрвээ чи ингэх юм бол энэ нь тэрслүү хэрэг биш гэж үү? (Мөн.) Энэ бол үнэхээр тэрслүү явдал. Чиний амь зөвхөн чиний хариуцлага, даалгаврын төлөө оршин тогтнодог бөгөөд амийн чинь үнэ цэн чиний хариуцлага, даалгаварт л тусгагдах боломжтой. Үүнээс гадна найзынхаа өмнөөс зовлон туулах нь чиний хариуцлага, даалгавар биш. Бурханаас амь заяасан хүний хувьд Бурханы чамд даалгасан хариуцлага, даалгаврыг биелүүлэх нь чиний хийх ёстой зүйл юм. Харин найзынхаа өмнөөс зовлон туулах нь Бурханы чамд өгсөн хариуцлага, даалгавар биш. Харин ч чи ах дүүгийн барилдлагын мэдрэмж, өөрийн хүсэл эрмэлзэл, амийн талаарх хариуцлагагүй бодлоор үйлдэж байгаа хэрэг, бас энэ нь мэдээж хүмүүст Сатаны суулгасан, хүний ​​амийг жигших, уландаа гишгэх нэг төрлийн сэтгэлгээ юм. Тиймээс цаг нь хэзээ ч ирсэн бай, чи ямар ч дотнын найзтай болсон бай, түүнтэй найзлаад амь насанд аюултай нөхцөл байдлыг даван туулсан ч бай, түүний өмнөөс зовлон туулна гэж дур зоргоороо амлаж болохгүй, ийм бодлыг хөнгөн хуумгай авч үзэж ч болохгүй, бүх амьдрал, амиа түүнд зориулах тухай ч бодож болохгүй. Чи түүний өмнө ямар ч үүрэг, хариуцлага хүлээгээгүй. Та нар ижилхэн сонирхолтой, төстэй зан араншинтай, адилхан замаар алхаж, бие биедээ тусалж чаддаг, дуртай юм бүхнийхээ талаар өөр хоорондоо ярилцаж чаддаг, ойр дотнын найзууд байж чаддаг ч энэхүү дотно найзын харилцаа нь нэг нэгнийхээ өмнөөс зовлон туулах суурин дээр үндэслэдэггүй, ах дүүгийн барилдлагыг үнэлэх явдалд ч суурилдаггүй. Чи түүний өмнөөс зовлон туулах шаардлагагүй, түүний төлөө өөрийнхөө амийг өгөх хэрэггүй, бүр ганц дусал цусаа ч урсгах шаардлагагүй. Зарим хүн: “Тэгвэл ах дүүгийн барилдлагын мэдрэмж минь ямар хэрэгтэй юм бэ? Би хүн чанартаа, бас зүрх сэтгэлдээ ах дүүгийн барилдлагыг харуулахыг үргэлж хүсдэг, тэгвэл би яах ёстой юм бэ?” гэдэг. Хэрвээ чи ах дүүгийн барилдлагаа харуулахыг үнэхээр хүсвэл өөрийнхөө ойлгож авсан үнэнийг нөгөө хүндээ хэлэх ёстой. Нөгөө хүн чинь сул дорой байхыг харах үедээ түүнийг дэмж. Зүгээр хөндлөнгөөс хараад зогсоод байж болохгүй; түүнийг буруу замаар явах үед сануулж, зөвлөж, тусалж дэмж. Нөгөө хүнийхээ асуудлыг харах үедээ чи түүнд туслах үүрэгтэй боловч түүний өмнөөс зовлон туулах хэрэггүй, өөрийнхөө амийг түүнд амлах шаардлагагүй. Түүний өмнө хүлээсэн хариуцлага бол зөвхөн тусалж, дэмжиж, сануулж, зөвлөж, эсвэл заримдаа жаахан уучилж, хүлээцтэй хандах явдал болохоос түүний төлөө амиа өгөх явдал биш, ах дүүгийн барилдлага гээчийг түүнд үзүүлэх явдал бүр ч биш. Миний хувьд ах дүүгийн барилдлага бол зүгээр л түргэн зан бөгөөд энэ нь үнэнд харьяалагддаггүй. Хүмүүст Бурханы өгсөн амьтай харьцуулбал хүмүүсийн хоорондох ах дүүгийн барилдлага нь хог хаягдал юм. Энэ нь хүмүүст Сатаны суулгасан нэг төрлийн түргэн зан, ах дүүгийн барилдлагын төлөөх сэтгэл хөөрлөөрөө олон зүйл хийхэд хүмүүсийг хүргэдэг зальхай явуулга, хүмүүсийн хаяхаар тэмцэж, насан туршдаа харамсах зүйл юм. Энэ бол болчимгүй явдал. Тиймээс чи ах дүүгийн барилдлагын талаарх энэ санааг орхисон нь дээр. Ах дүүгийн барилдлагын дагуу бүү амьдар, харин оронд нь үнэн болон Бурханы үгийн дагуу амьдар. Ядаж л чи өөрийнхөө хүн чанар, мөс чанар, эрүүл ухааны дагуу амьдарч, хүн бүртэй, бүх зүйлтэй ухаалгаар харьцаж, мөс чанар, эрүүл ухааныхаа дагуу бүхнийг зүй зохистой хийх ёстой.

Хариуцлага болон амийн талаарх маш олон үг хэллэг, санал бодлыг нөхөрлөсний дараа та нар одоо найзынхаа өмнөөс зовлон туулах тухай ёс суртахууны энэ шаардлагыг ялган таньдаг болсон уу? Та нар ялган таньдаг болсон болохоор тийм зүйлтэй харьцах зөв зарчим та нарт байгаа юу? (Байгаа.) Хэн нэгэн хүн чамаас өөрийнх нь өмнөөс зовлон туулахыг үнэхээр гуйвал чи яах вэ? Юу гэж хариулах вэ? “Чиний өмнөөс зовлон туулахыг чи надаас шаардаж байгаа бол миний амийг авахыг хүсэж байгаа юм байна. Хэрвээ чи миний амийг авахыг хүсэж байгаа бол, надаас тийм зүйл шаардаж байгаа бол гэр бүлийн хариуцлагаа биелүүлэх эрх, нийгмийн хариуцлагаа биелүүлэх эрхийг минь хасаж байна. Энэ нь бас хүний эрхийг минь хасаж байна, үүнээс ч чухал нь Бурханы дээд эрхэд захирагдах, үүргээ сайн гүйцэтгэх боломжийг минь үгүй хийж байна. Чи ингэж хүний эрхийг минь хасаж байгаа нь намайг төгсгөл болгоно! Чи маш олон эрхийг минь хасаж, намайг өөрийнхөө төлөө үхүүлж байна. Чи яаж ийм аминч, жигшүүртэй байж чадаж байна аа? Тэгсэн хэр нь миний найз хэвээр гэж үү? Мэдээж чи миний найз биш, харин дайсан” гэж хэлнэ. Ингэж хэлэх нь зөв үү? (Зөв.) Тэгж хэлэх нь үнэндээ зөв юм. Чи тэгж хэлж зүрхлэх үү? Чи үнэхээр ойлгож байна уу? Аль нэг найз чинь чамаас өөрийнх нь өмнөөс зовлон туулахыг гуйж, амийг чинь шаардаад байвал чи боломж гармагц л түүнээс холдох ёстой, учир нь тэр бол сайн хүн биш. Зүгээр л чиний өмнөөс зовлон туулж чаддаг байлаа гээд тэр хүн чиний найз байх ёстой гэж бүү бод. “Миний өмнөөс зовлон туул гэж би чамаас гуйгаагүй, чи өөрөө л сайн дураараа хийсэн. Чи миний өмнөөс зовлон туулж чаддаг байлаа ч гэсэн чиний өмнөөс зовлон туулахыг надаас гуйх тухай бодох ч хэрэггүй. Чи ухаалаг биш, харин би үнэнийг ойлгодог, ухаалаг, бас энэ асуудалд ухаалгаар хандана. Чи миний өмнөөс хэчнээн олон удаа зовлон туулсан нь хамаагүй, би сэтгэл хөөрлөөрөө чиний өмнөөс зовлон туулахгүй. Чамд хэцүү байгаа бол би чадлынхаа хэрээр тусална, гэхдээ ганцхан чиний төлөө амьдрахын тулд би энэ амьдралд Бурханы надад даалгасан хариуцлага, даалгаврыг яасан ч орхихгүй. Миний ертөнцөд хариуцлага, үүрэг, даалгавраас өөр юу ч байхгүй. Хэрвээ чи надтай найз байхыг хүсэж байвал хариуцлагаа биелүүлж, даалгавраа гүйцэлдүүлэхэд минь тусалж, дэмжлэг үзүүлэхийг би чамаас гуйя. Тэгвэл л чи миний жинхэнэ найз. Чиний өмнөөс зовлон туулахыг чи надаас шаардаж, өөрийнхөө амийг чиний төлөө өгөх, амиа чамд амлах гэх мэт иймэрхүү амлалтыг надаар өгүүлсээр байвал чи надаас нэн даруй холдох ёстой, чи бол миний найз биш, би чам шиг хүнтэй найз болохыг хүсэхгүй, чам шиг хүний найз байхыг хүсэхгүй байна” гэж чи хэлнэ. Тэгж хэлэхийг чи юу гэж бодож байна? (Сайн байна.) Юу нь сайн бэ? Иймэрхүү найзгүй болсноор чи дарамтаас ангижирч, санаа зовнилоос ангид байж, бодлын дарамтгүй байх бөгөөд ах дүүгийн барилдлагыг үнэлэх гэх мэт үзэл бодолд баригдахгүй. Хэрвээ хэн нэгэн үнэхээр “Найзынхаа өмнөөс зовлон туулдаггүй чам шиг хүмүүс харилцахад зохисгүй, хэний ч найз болж чадахгүй” гэж хэлсэн бол үүнийг сонсоод чи гуниглах уу? Эдгээр үг чамд нөлөөлөх үү? Чи оршин тогтнолын мэдрэмжгүйгээр, амьдрах ямар ч найдваргүйгээр гуниглаж, сөрөг болж, хүмүүст хаягдсан юм шиг санагдах уу? Ингэх боломжтой ч үнэнийг ойлгох үедээ чи энэ асуудлыг бүрэн дүүрэн ойлгож авах бөгөөд эдгээр үгэнд баригдахгүй. Өнөөдрөөс эхлээд чи уламжлалт соёлын эдгээр зүйлийг орхиж сурах ёстой, эдгээр ачааг үүрэх шаардлагагүй. Ийм маягаар л чи амьдралын зөв замаар алхаж чадна. Үүнийг хэрэгжүүлж чадах уу? (Чадна.) Мэдээж энэ нь тийм амархан орхиж болох зүйл биш. Хүмүүс эхлээд сэтгэл санаагаа бэлдэж, бага багаар тунгаан бодож, үнэнийг бага багаар эрж хайж, бага сагаар ойлгож, үнэн-зарчмын дагуу бага багаар хэрэгжүүлэх ёстой. Энэ нь хүмүүстэй харилцах харилцаа, холбоо сүлбээгээ шийдвэрлэж, зохицуулахдаа үнэн-зарчмыг ашиглаж буй хэрэг юм. Товчхондоо Би та нарт сүүлийн хэдэн үгийг хэлмээр байна: Амь болон хариуцлагаа нандигна; Бурханы чамд өгсөн үүргээ гүйцэтгэх боломжийг нандигна, Бурханы чамд өгсөн даалгаврыг нандигна. Ойлгож байна уу? (Ойлголоо.) Энэ асуудлыг нэгд нэггүй ойлгож авсан чинь баяр хөөртэй хэрэг биш үү? (Тийм ээ.) Чи эдгээр эндүү ташаа үзэл санаа, үзэл бодолд хязгаарлагдаж, хүлэгддэггүй бол сэтгэл чинь тайван байна. Гэхдээ чи одоо үнэндээ тайван биш байгаа. Чи ирээдүйд үнэнийг эрэлхийлэх замаар орж, эдгээр зүйлд санаа зовохоо болимогцоо үнэхээр сэтгэл амарна. Үнэхээр бүхэлдээ Бурханы үгийн дагуу, үнэнийг шалгуураа болгон хүмүүс, зүйлсийг харж, биеэ авч явж, үйлддэг хүмүүс л үнэхээр тайван, сэтгэл амар байдаг, амар амгалан, баяр хөөртэй байж, үнэний дагуу амьдарч, биеэ авч явдаг бөгөөд хэзээ ч харамсахгүй. Өнөөдрийн нөхөрлөлөө ингээд дуусгая.

2022 оны 5 дугаар сарын 7

Тайлбар:

а. Кон Рон нь уламжлал ёсоор хүүхдүүдэд сайхан ааш зан, ахан дүүсийн хайрын үнэ цэнийн талаар сургахад ашигладаг Хятадын алдартай түүхэнд гардаг. Түүний гэр бүл сагстай лийр хүлээн авахад дөрвөн настай Кон том лийрийг нь ах нартаа өгч, хамгийн жижгийг нь өөртөө авчээ гэж уг түүхэнд өгүүлдэг.

Өмнөх: Үнэнийг эрэлхийлэх гэж юу гэсэн үг вэ (9)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх