10.2. Хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг ойлгож, бодит байдалд орох тухай

344. Одоо бол Хаанчлалын эрин үе. Энэхүү шинэ эрин үед орсон эсэх чинь Бурханы үгийн бодит байдалд орсон эсэхээр чинь, мөн Түүний үг чиний амь-бодит байдал болсон эсэхээс хамаардаг. Бурханы үг хүн бүрд мэдэгддэг болохоор эцэстээ бүх хүн үгийн ертөнцөд амьдарч, Бурханы үг хүн бүрийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлнэ. Хэрвээ чи энэ хугацаанд Бурханы үгийг уншихдаа хайхрамжгүй байж, Түүний үгийг огт сонирхдоггүй бол байр байдал чинь буруу байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Үгийн эрин үед орж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллахгүй; хэрвээ чи энэ эрин үед орсон бол Тэр Өөрийн ажлыг хийнэ. Ариун Сүнсний ажлыг олж авахын тулд чи Үгийн эрин үеийн эхлэлд юу хийж болох вэ? Энэ эрин үед Бурхан дараах баримтыг та нарын дунд гүйцэлдүүлнэ: хүн бүр Бурханы үгийг амьдран харуулаад, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байж, Бурханыг чин сэтгэлээсээ хайрлана; бүх хүн Бурханы үгийг үндэс суурь, бодит байдлаа болгон ашиглаж, Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй болно; Бурханы үгийг хэрэгжүүлснээр хүн Бурхантай хамт хааны эрх мэдлийг эзэмшинэ. Энэ бол Бурханы биелүүлэх ажил юм. Чи Бурханы үгийг уншихгүй байж чадах уу? Өнөөдөр, Бурханы үгийг уншихгүйгээр ганц, хоёр хонож ч чадахгүй мэт санадаг олон хүн бий. Тэд Түүний үгийг өдөр бүр унших хэрэгтэй байдаг бөгөөд цаг зав гарахгүй бол Түүний үгийг сонсох нь хангалттай байдаг. Энэ бол хүмүүст Ариун Сүнсний өгдөг мэдрэмж бөгөөд тэдний зүрх сэтгэлийг хөдөлгөж эхэлдэг Түүний арга зам юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүмүүсийг үгээр захирдаг, ингэснээр тэд Бурханы үгийн бодит байдалд орж чаддаг. Хэрвээ Бурханы үгийг идэж, уулгүй ганц хоносны дараа дотор чинь харанхуйлж, цангаж, тэсэхийн аргагүй санагдаж байвал Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд Тэр чамаас нүүр буруулаагүйг энэ нь харуулдаг. Тэгвэл чи энэ урсгалд байгаа нэгэн юм. Харин Бурханы үгийг идэж, уулгүйгээр ганц хоёр хоносны дараа чамд юу ч мэдрэгдэхгүй, огт цангахгүй байвал, мөн сэтгэл чинь огтхон ч хөдлөхгүй бол Ариун Сүнс чамаас нүүр буруулсныг энэ нь харуулдаг. Тэгвэл чиний дотоод байдалд ямар нэг юм буруу байна гэсэн үг; чи Үгийн эрин үед ороогүй бөгөөд хоцорч үлдсэн хүмүүсийн нэг юм. Бурхан хүмүүсийг захирахдаа үг ашигладаг; Бурханы үгийг идэж, уувал чамд сайхан санагддаг ба хэрвээ идэж уухгүй бол чамд дагах ямар ч зам байдаггүй. Бурханы үг нь хүмүүсийн хоол, мөн тэднийг хөдөлгөгч хүч болдог. Библид “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” (Матай 4:4) гэсэн байдаг. Бурхан өнөөдөр энэ ажлыг биелүүлж, энэ баримтыг та нар дээр гүйцэлдүүлнэ. Урьд нь хүмүүс Бурханы үгийг уншилгүй олон өдөр явсан ч ердийнхөөрөө хооллож, ажиллаж чаддаг байсан мөртөө яагаад өнөөдөр тэгдэггүй юм бэ? Энэ эрин үед Бурхан бүхнийг захирахын тулд голчлон үг ашигладаг. Бурханы үгээр дамжуулан хүн шүүгдэж, төгс болгуулж, эцэстээ эдгээр үгээр хаанчлал руу хүргэгддэг. Ялангуяа Хаанчлалын эрин үед зөвхөн Бурханы үг л хүний амийг хангаж чадна, Бурханы үг л хүнд гэрэл болон хэрэгжүүлэлтийн замыг өгч чадна. Чи Бурханы үгийн бодит байдлаас холдолгүйгээр өдөр бүр Түүний үгийг идэж, ууж байгаа цагт Бурхан чамайг төгс болгоно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

345. Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм. Тиймээс үнэнтэй байхад чи хаа ч хүрж чадах боловч дотор чинь үнэн байхгүй бол шашны хүмүүс байтугай, гэр бүлийн гишүүдээ ч итгүүлэх гэж оролдох талаар бодох хэрэггүй. Үнэн байхгүй бол чи будрах цасан ширхэгтэй л адил байх болно, харин үнэнтэй бол аз жаргалтай, эрх чөлөөтэй байж чадах бөгөөд хэн ч чам руу дайрч чадахгүй. Онол хэр баттай байх нь хамаагүй, үнэнийг даван гарч чадахгүй. Үнэнтэй байхад дэлхийг ч хөдөлгөж, уулс хийгээд тэнгис далайг ч нүүлгэж болно, харин үнэн дутмаг бол хотын бат бэх хана хэрэм өтөнд идэгдэж юу ч үгүй болоход хүрнэ. Энэ бол илэрхий бодит байдал.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой

346. Бурхан хүмүүсээс бодит байдлын тухай зүгээр нэг ярьж чаддаг байхыг шаарддаггүй. Тийм байсан бол хэтэрхий хялбар байх бус уу? Тэгвэл Бурхан яагаад амийн оролтын тухай ярьдаг вэ? Тэр яагаад өөрчлөлтийн талаар ярьдаг вэ? Хэрвээ хүн бодит байдлын тухай хоосон ярьж л чаддаг бол зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах уу? Хаанчлалын сайн цэргүүд зөвхөн бодит байдлын тухай л ярих буюу сайрхдаг бүлэг хүн болоход бэлтгэгддэггүй, харин цаг ямагт Бурханы үгийг амьдран харуулж, ямар ч саад бартаа тулгарсан гуйвшгүй байж, ямагт Бурханы үгийн дагуу амьдарч, дэлхий рүү буцахгүй байхаар бэлтгэгддэг. Энэ нь Бурханы ярьдаг бодит байдал бөгөөд хүнд тавьдаг Бурханы шаардлага мөн. Тиймээс Бурханы ярьсан бодит байдлыг дэндүү энгийн гэж бүү бод. Ариун Сүнснээс ирсэн гэгээрэл төдийхөн нь бодит байдалтай болохтой адилгүй: Энэ бол хүмүүсийн биеийн хэмжээ бус—энэ бол Бурханы нигүүлсэл бөгөөд хүн үүнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн бүр Петрийн зовлонг туулах ёстой, тэр ч бүү хэл Петрийн алдрыг олж авах ёстой бөгөөд үүнийгээ Бурханы ажлыг олж авсныхаа дараа амьдран харуулдаг. Үүнийг л бодит байдал гэж нэрлэж болно. Бодит байдлын тухай ярьж чаддаг учраас бодит байдлыг олж авсан гэж бүү бод. Тэр чинь эндүүрэл. Ингэж бодох нь Бурханы хүсэлтэй нийцдэггүй бөгөөд үүнд ямар ч бодит ач холбогдол байхгүй. Цаашид ийм зүйл бүү ярь—ийм үг хэллэгийг үгүй болго! Бурханы үгийн тухай худал ойлголттой бүх хүн үл итгэгч юм. Тэдэнд ямар ч бодит мэдлэг байдаггүй, бодит биеийн хэмжээ бол бүр ч байдаггүй; тэд бол бодит байдалгүй мэдлэггүй хүмүүс юм. Өөрөөр хэлбэл Бурханы үгийн мөн чанарын гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүмүүсийн үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс нь Бурханы нүдэнд араатнууд бөгөөд үл итгэгчид хэмээн Бурханы үздэг хүмүүс нь Бурханы үгийг амиа болгоогүй хүмүүс юм. Тиймээс Бурханы үгийн бодит байдал байхгүй, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй хүмүүсийг үл итгэгчид гэж хэлж болно. Бурханы санаа зорилго нь хүн бүрийг Өөрийн үгийг амьдран харуулахад хүргэх—хүн бүрээр бодит байдлын тухай зүгээр нэг яриулах бус, харин бүр цаашлаад хүн бүрд Өөрийн үгийн бодит байдлыг амьдран харуулах боломж олгох юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг

347. Бурханы үгийг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. “Би Бурханы үгийн үгчилсэн утгыг тайлбарлаж чадна, миний тайлбарыг хүн бүр сайн байна гэцгээн, намайг сайшаадаг тул би Бурханы үгийг ойлгодог гэсэн үг” гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрэв чи Бурханы айлдварууд дотроос гэрэл олж авч, Түүний үгийн жинхэнэ утга учрыг мэдэрсэн бол, Бурханы үгийн ар дахь санаа зорилго болон тэдгээр нь эцэстээ ямар үр нөлөөнд хүрэхийг илэрхийлж чаддаг бол, энэ бүх зүйлийг тодорхой ойлгодог бол Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой гэж тооцож болно. Тиймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш. Чи Бурханы үгийн үгчилсэн утгыг уран яруу тайлбарлаж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Үгчилсэн утгыг нь хэчнээн их тайлбарлаж чаддаг ч бай, чиний тайлбар мөн л хүний төсөөлөл, хүний сэтгэлгээнд суурилдаг. Энэ нь ямар ч хэрэггүй! Бурханы үгийг чи хэрхэн ойлгож болох вэ? Гол түлхүүр нь тэдгээрийн дотроос үнэнийг эрж хайх явдал юм. Ийм маягаар л чи Бурханы үгийг үнэхээр ойлгож чадна. Бурхан хэзээ ч хоосон үг хэлдэггүй. Бурханы айлддаг өгүүлбэр бүр нь Бурханы үгэнд цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг өөрөөр илэрхийлж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ухан ойлгож чадахгүй. Бурханы айлдварууд маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр амархан ухан ойлгох боломжгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний тал бүрийн бүхий л утга учрыг ойролцоогоор олж илрүүлж чадна. Үлдсэн нарийн ширийн зүйлийг нь дараагийн туршлагынхаа явцад Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан олох ёстой. Нэг талаар, Бурханы үгийг тунгаан бодож, ойлгож, тэдгээрийг уншсанаар тодорхой агуулгыг нь эрж хайх ёстой. Нөгөө талаар, Бурханы үгийг туулснаар утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Энэ хоёр талын байнгын ахиц дэвшлээс чи Бурханы үгийг ойлгож авч чадна. Хэрвээ чи үүнийг үгчилсэн, үсэгчилсэн түвшинд юм уу өөрийнхөө бодол, төсөөллөөр тайлбарлавал гоёмсог, уран яруу тайлбарлалаа ч гэсэн үнэнийг үнэхээр ойлгохгүй хэвээр байгаа бөгөөд энэ нь бүгд хүний бодол, төсөөлөлд үндэслэсэн хэвээр байдаг. Үүнийг Ариун Сүнсний гэгээрлээс олж авдаггүй. Хүмүүс өөрсдийн үзэл, төсөөлөлд үндэслэн Бурханы үгийг тайлбарлах магадлалтай, тэд бүр Бурханы үгийг агуулгаас нь гажуудуулан тайлбарлаж, Бурханыг буруугаар ойлгож, шүүх магадлалтай бөгөөд энэ нь төвөгтэй юм. Тиймээс голчлон Бурханы үгийг ойлгож, Ариун Сүнсний гэгээрлийг хүртсэнээр үнэнийг олж авдаг. Бурханы үгийн үгчилсэн утгыг ойлгож, тайлбарлаж чаддаг байх нь үнэнийг олж авсан гэсэн үг биш. Бурханы үгийн үгчилсэн утгыг ойлгох нь үнэнийг ойлгосон гэсэн үг мөн бол чамд багахан боловсрол, мэдлэг л хэрэгтэй болно, тэгвэл чамд Ариун Сүнсний гэгээрэл яагаад хэрэгтэй гэж? Бурханы ажил нь хүний оюун санаагаар ойлгож болох зүйл мөн үү? Тиймээс үнэнийг ойлгох нь хүний үзэл, төсөөлөлд үндэслэдэггүй. Бодит туршлага, мэдлэгтэй байхын тулд чамд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт, удирдамж хэрэгтэй. Энэ нь үнэнийг ойлгож, олж авах үйл явц, мөн зайлшгүй нөхцөл юм.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ

348. Бурханы маш олон үгийг уншсан ч та нар бичвэрийн утгыг нь л ойлгодог бөгөөд бодит туршлагаар олж авсан Бурханы үгийн талаарх шууд мэдлэг чинь хангалтгүй байвал Бурханы үгийг чи мэдэж авахгүй. Чиний хувьд, Бурханы үг амь биш, ердөө л амьгүй үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй үсэг дагаж амьдарвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Бодит туршлагаараа Бурханы үгийг туулсан үед л Түүний үгийн сүнслэг утга чамд илчлэгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон үсэг, сургаал байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр эрж хайхгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. Үнэндээ Бурханд итгэх үйл явц бол та нар Түүний үгийг туулж, Түүгээр авхуулах үйл явц бөгөөд үүнийг илүү тодорхой байдлаар хэлбэл Бурханд итгэх гэдэг нь Түүний үгийн талаар мэдлэг болон ойлголттой байж, Түүний үгийг туулж, амьдран харуулах явдал; энэ бол Бурханд итгэх итгэлийн чинь цаадах бодит байдал юм. Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд орохоор эрж хайлгүйгээр зөвхөн мөнх амь горьддог бол та нар мунхаг байна. Энэ нь найрт очоод өөрөө огт амсаж үзэлгүйгээр хоолыг нь л харж, амттай зүйлсийг нь цээжилж авахтай адил, тэндхийн юуг ч идэж, уухгүй байгаатай адил юм. Ийм хүн тэнэг биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой

349. Хүмүүст тавих Бурханы шаардлага тийм ч өндөр биш. Хүмүүс хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ хэрэгжүүлж байгаа цагт “тэнцсэн үнэлгээ” авах болно. Үнэнийг хэлэхэд, үнэнийг ойлгож, мэдэж, ухаарах нь үнэнийг хэрэгжүүлэхээс илүү нарийн төвөгтэй. Эхлээд ойлгосон хэмжээгээрээ хэрэгжүүл, ухаарсан зүйлээ хэрэгжүүл. Ингэснээр чи аажмаар үнэнийг жинхэнээсээ мэдэж, ухаарч чадна. Эдгээр нь Ариун Сүнсний ажилладаг алхам, арга барил юм. Хэрвээ чи ийм маягаар дуулгавартай байдлыг хэрэгжүүлж чадахгүй бол юунд ч хүрэхгүй. Хэрвээ чи үргэлж өөрийн дураар үйлдэж, дуулгавартай байдлыг хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнс дотор чинь ажиллах уу? Ариун Сүнс хүссэнээр чинь ажилладаг уу? Эсвэл Тэр чамд дутагдаж байгаа зүйлийн дагуу, Бурханы үгэнд үндэслэн ажилладаг уу? Хэрвээ үүнийг тодорхой мэдэхгүй бол чи үнэн-бодит байдалд орж чадахгүй. Яагаад ихэнх хүн Бурханы үгийг уншихад ихээхэн чармайлт зарцуулсан мөртөө мэдлэг төдийхөн л эзэмшиж, бодитой замын талаар дараа нь юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхэг шиг их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг. Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ Бурханд тэрсэлж, эсэргүүцэхэд чамайг хүргэдэг. Сүнслэг онолыг бүү эрхэмлэ, тэгээд хэрэггүй! Зарим хүн сүнслэг онолын талаар хэдэн арван жил яриад сүнслэг үзлийн суут хүмүүс болсон ч эцэст нь үнэн-бодит байдалд орж мөн л чаддаггүй. Бурханы үгийг хэрэгжүүлж, туулаагүй учраас тэдэнд хэрэгжүүлэлтийн зарчим, зам байхгүй. Ийм хүмүүс өөрсдөө үнэн-бодит байдалгүй учраас бусад хүнийг яаж Бурханд итгэх итгэлийн зөв замд оруулж чадах юм бэ? Тэд хүмүүсийг төөрүүлж л чадна. Ингэх нь бусдыг болон өөрийгөө хохироож байгаа хэрэг бус уу? Чи ядаж л яг урд чинь байгаа бодит асуудлыг шийдвэрлэж чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Зөвхөн энэ л Бурханд дуулгавартай байдал. Чи амь руу орсон цагт л Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ, Бурханы төлөө чин сэтгэлээсээ зарлагадаж байгаа цагт л Бурхан чамайг сайшаана. Үргэлж бүү том мэдэгдэл хийж, гоёмсог онолын тухай ярь; ингэх нь жинхэнэ биш. Хүмүүсээр бишрүүлэхийн тулд сүнслэг онолын тухай номлох нь Бурханыг гэрчилж байгаа хэрэг биш, харин ч сайрхаж байгаа хэрэг. Ингэх нь хүмүүст ямар ч ашиг тусгүй, тэднийг босгон байгуулахгүй, сүнслэг онолыг шүтээд, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарахгүй байхад хялбархан хүргэж чадна, ингэх нь хүмүүсийг төөрөлдүүлж байгаа хэрэг бус уу? Ийм маягаар үргэлжлүүлбэл хүмүүсийг баригдмал болгож, урхидах олон тооны хоосон онол, дүрэм журмыг нэмэгдүүлнэ; энэ нь үнэхээр ичгүүртэй хэрэг. Тиймээс бодитой зүйлийг илүү их хэлж, үнэхээр байдаг асуудлын талаар илүү их ярьж, бодит асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхад илүү их цаг зарцуул; энэ л хамгийн чухал. Даруйхан үнэнийг хэрэгжүүлж сур: Энэ нь бодит байдалд орох зам юм. Бусад хүмүүсийн туршлага, мэдлэгийг өөрийн өмч мэт аваад, бусдаар бишрүүлэхийн тулд бүү өндөрт өргө. Чи өөрийн гэсэн амийн оролттой байх ёстой. Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж байж л амийн оролттой болно. Үүнийг хүн болгон хэрэгжүүлж, анхаарах ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдалд илүү анхаар

350. Үнэний талаарх ойлголт чинь та нарын байр байдалтай нийлж байна уу? Бодит амьдрал дээр аль үнэн нь чамтай учирсан хүмүүс, үйл явдал, зүйлстэй холбоотой байгааг чи эхлээд бодох ёстой; эдгээр үнэний дундаас л чи Бурханы санаа зорилгыг олж, өөртөө тулгарсан зүйлийг Түүний санаа зорилготой холбож чадах юм. Үнэний аль тал нь чамд учирсан зүйлстэй холбоотой болохыг мэдэлгүйгээр шууд Бурханы санаа зорилгыг эрж хайхаар явбал энэ нь үр дүнд хүрч чадахгүй харалган хандлага юм. Хэрэв чи үнэнийг эрж хайж, Бурханы санаа зорилгыг ойлгохыг хүсэж байгаа бол эхлээд чамд ямар зүйлс тохиолдсон, тэдгээр нь үнэний ямар талтай холбоотой болохыг харж, чиний туулсан зүйлтэй холбоотой зарим үнэнийг Бурханы үгээс хайх хэрэгтэй. Дараа нь өөртөө тохирох хэрэгжүүлэлтийн замыг тэрхүү үнэнээс хай; ийм маягаар чи Бурханы санаа зорилгыг шууд бусаар ойлгож чадна. Үнэнийг хайж, хэрэгжүүлэх нь эргэцүүлж бодолгүй шууд л нэг сургаалыг хэрэглэх, эсвэл нэг хэв загварыг дагах явдал биш юм. Үнэн бол нэгэн хэвийн зүйл ч биш, хууль ч биш. Энэ нь үхмэл биш—энэ бол амь өөрөө, энэ бол амьд зүйл бөгөөд бүтээгдсэн зүйлийн амьдралдаа дагах ёстой дүрэм, өөрийнхөө амьдралд байлгах ёстой дүрэм юм. Энэ бол туулсан туршлагаараа аль болох их ойлгох ёстой зүйл билээ. Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа, Тэр юу болохыг тод томруун болгож, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг тодорхой илэрхийлдэг; энэ нь Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсдэг, Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг, ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илэрхийлэл юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгээс зан чанарыг нь ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой туршлагаар энэхүү ойлголтод хүрэх шаардлага юм. Хэрвээ хүн Бурханыг мэдэхийн тулд бодит амьдралаас холдвол үүнийгээ биелүүлж чадахгүй. Бурханы үгээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн тэдний ойлголт нь онол болон үгээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан Өөрөө яг ямар вэ гэдгээс зөрүүтэй байдаг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

351. Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш хүмүүс олон буруу санаа бодол өвөрлөж ирсэн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх санаа бодол чинь зөв мэт чамд санагддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход чамд маш олон буруу санаа бодол байгааг чи харах болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгохдоо Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл тэдэнд байгааг ойлгуулдаг. Санаа бодол чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон санаа бодлын дагуу хэрэгжүүлэхээ больж чаддаг, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг эсэргүүцсэнийг чинь энэ нь нотолдог. Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулах гэж оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулах гэж оролддог—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлсийг засаж, Бурханы санаа зорилгын дагуу байдаггүй бодол болон үзлийг нь засахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн санаа бодлын ихэнх нь буруу, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед нүднээс далд асар их тэмцэл болж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур уйтгар гунигийн нулимсыг хэмжээлшгүй их урсгасан байх болно. Энэхүү тэмцлээс болж хүмүүс зовлон зүдүүр, цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тэмцэл чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсож чаддаг бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад хүн дотроо зовох нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед хүмүүсийн доторх бүх зүйл зөв байдаг байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй, мөн ямар ч тэмцэл болохгүй, тэд зовж зүдрэхгүй байх байсан. Бурхан ашиглахад тохирохгүй олон зүйл хүмүүст байдаг, махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биеийг эсэргүүцэх хичээлийг илүү гүн гүнзгий сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан зовлон гэж нэрлэдэг бөгөөд Өөртэй нь хамт үүнийг туулахыг хүнээс Тэр хүссэн. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи яаран Бурханд залбирдаг: “Өө, Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон бэрхшээлийг туулахыг хүсэж байна, надад тулгарах саад бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй, би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Амиа бүхэлд нь өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой!” Ийм шийдэмгий байдалтайгаар, ингэж залбирахдаа чи гэрчлэлдээ бат зогсож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх болгондоо, цэвэршүүлэлт туулах бүрдээ, шалгуулах болгондоо, мөн Бурханы ажил өөрсөд дээр нь ирэх бүрд хүмүүс асар их шаналал амсах ёстой болдог. Энэ бүхэн нь хүмүүст зориулсан туршилт учраас тэдний бүгдийнх нь дотор тэмцэл болж байдаг. Энэ бол тэдний төлдөг бодит төлөөс юм. Бурханы үгийг илүү их уншиж, илүү их гүйх нь тодорхой хэмжээний төлөөс мөн. Үүнийг хүмүүс хийх учиртай, энэ бол тэдний үүрэг, тэдний биелүүлэх ёстой хариуцлага мөн боловч хүмүүс дотроо байгаа хаях хэрэгтэй зүйлсээ хаях ёстой. Тэгэхгүй бол гадаад зовлон зүдүүр чинь хэчнээн их байх, хэчнээн их гүйх чинь хамаагүй бүх зүйл хий дэмий болох болно! Өөрөөр хэлбэл, чиний дотоод өөрчлөлтүүд л гадаад зовлон зүдүүр чинь үнэ цэнтэй байх эсэхийг тодорхойлдог. Чиний дотоод зан чанар өөрчлөгдөж, үнэнийг хэрэгжүүлэх үед гадаад бүх зовлон зүдүүр чинь Бурханы сайшаалыг хүртэнэ; хэрвээ чиний дотоод зан чанарт ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол гаднаа хэчнээн их зовлон зүдүүр амсаж, хэр их гүйх чинь хамаагүй Бурханы сайшаал хүртэхгүй—Бурханы баталгаажуулаагүй зовлон бэрхшээл хий дэмий байдаг. Тиймээс чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь чамд өөрчлөлт гарсан эсэх, мөн Бурханы санаа зорилгыг хангаж, Бурханы тухай мэдлэгтэй болж, Бурханд үнэнч байхын тулд үнэнийг хэрэгжүүлж, өөрийн санаа бодол болон үзлийг эсэргүүцдэг эсэхээр чинь тодорхойлогддог. Хэчнээн их гүйх чинь хамаагүй, хэрвээ чи өөрийн санаа бодлыг эсэргүүцэхийг хэзээ ч мэдэхгүй зөвхөн гаднаа үйлдэж, омголон байхыг л эрж хайж, өөрийн аминд хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй бол зовлон бэрхшээл чинь хий дэмий байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг

352. Тодорхой хэлбэл, итгэлдээ Петрийн замаар явах гэдэг нь үнэнийг эрэлхийлэх замаар алхах явдал бөгөөд энэ нь бас өөрийгөө үнэхээр мэдэж авч, зан чанараа өөрчлөх зам юм. Петрийн замаар алхсанаар л хүн Бурханаар төгс болгуулах зам дээр байх болно. Хүн, Петрийн замаар яг хэрхэн явах болон үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар тун тодорхой мэдэж байх ёстой. Нэгдүгээрт, хүн өөрийнхөө санаа зорилго, зохисгүй эрэл хайгуул, тэр ч бүү хэл гэр бүл, махан биеийн бүх зүйлийг хойш тавих ёстой. Тэрээр бүх зүрх сэтгэлээ зориулах ёстой; өөрөөр хэлбэл, Бурханы үгэнд өөрийгөө бүрэн зориулж, Бурханы үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлэн, Бурханы үгээс үнэнийг болон Бурханы хүслийг хайхад төвлөрч, бүх зүйл дээр Бурханы санаа зорилгыг ухамсарлахаар хичээх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн хамгийн үндсэн, хамгийн чухал арга юм. Энэ нь Есүсийг харсныхаа дараа Петрийн хийсэн зүйл бөгөөд ийм маягаар хэрэгжүүлснээр л хүн хамгийн сайн үр дүнд хүрч чадна. Бурханы үгэнд үнэн сэтгэлээ зориулна гэдэг нь үндсэндээ Бурханы үгээс үнэн болон Бурханы хүслийг эрж хайх, Бурханы санаа зорилгыг ухамсарлахад анхаарлаа төвлөрүүлэх, Бурханы үгээс илүү их үнэнийг ойлгож, олж авах явдлыг агуулдаг. Бурханы үгийг уншиж байхдаа Петр хоосон сургаалыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлээгүй, теологийн мэдлэг олж авахад бүр ч анхаараагүй. Харин ч үнэнийг ойлгож, Бурханы санаа зорилгыг ухамсарлаж, Бурханы зан чанар болон хайр татам байдлыг ойлгоход анхаарлаа төвлөрүүлж байлаа. Петр бас хүний янз бүрийн завхарсан байдал, мөн түүнчлэн хүний уг чанар-мөн чанар, бодит дутагдлыг Бурханы үгээс ойлгохоор оролдож, улмаар Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханы шаардлагыг хялбархан хангасан юм. Петрт Бурханы үгийг баримталсан маш олон зөв хэрэгжүүлэлт байв. Энэ нь Бурханы санаа зорилготой хамгийн их нийцэж байсан бөгөөд энэ бол хүн Бурханы ажлыг туулах зуураа хамтран ажиллах хамгийн сайн арга зам билээ. Бурханы илгээсэн хэдэн зуун шалгалтыг туулах үедээ Петр, хүнийг шүүсэн, ил болгосон Бурханы үг болгонтой, хүнд тавих Бурханы шаардлагын үг бүртэй өөрийгөө чанд харьцуулан шалгаж, тэдгээр үгийн утга учрыг үнэн зөв ухан ойлгохоор чармайсан юм. Тэрээр Есүсийн өөрт нь хэлсэн үг бүрийг тунгаан бодож, цээжлэхээр үнэн сэтгэлээсээ хичээж, тун сайн үр дүнд хүрчээ. Ийм маягаар хэрэгжүүлснээр тэрээр Бурханы үгээс өөрийнхөө тухай ойлголтод хүрч чадсан бөгөөд хүний янз бүрийн завхарсан байдал, дутагдлыг ойлгож аваад зогсохгүй, мөн хүний мөн чанар, уг чанарыг ойлгож авсан. Өөрийгөө үнэхээр ойлгох гэдэг нь энэ юм. Бурханы үгээс Петр өөрийгөө үнэхээр ойлгож аваад зогсохгүй, Бурханы зөвт зан чанар, Бурханд юу байгаа, Бурхан юу болох, Бурханы ажлын талаарх Бурханы санаа зорилго, хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагыг бас харсан. Эдгээр үгээс тэрээр Бурханыг үнэхээр мэдэж авсан юм. Тэрээр Бурханы зан чанар, мөн чанарыг мэдэж авсан; бас Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, түүнчлэн Бурханы хайр татам байдал, хүнд тавих Бурханы шаардлагыг мэдэж, ойлгож авчээ. Хэдийгээр Бурхан тэр үед өнөөдрийнх шигээ их яриагүй ч Петр ямартай ч эдгээр тал дээр үр дүнд хүрсэн юм. Энэ нь ховор, эрхэм нандин зүйл байлаа. Петр хэдэн зуун шалгалт туулсан боловч хий дэмий зовоогүй. Тэрээр Бурханы үг болон ажлаас өөрийгөө ойлгож аваад зогсохгүй, бас Бурханыг мэдэж авсан билээ. Үүнээс гадна тэрээр Бурханы үгэнд байсан хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагад онцгой анхаарал хандуулжээ. Бурханы санаа зорилготой нийцэлтэй байхын тулд хүн Бурханыг хангалуун байлгах ёстой аль ч талуудад Петр асар их хичээл чармайлт гаргаж, тов тодорхой ойлгож чадсан юм. Энэ нь түүний амийн оролтод туйлын ашиг тустай байв. Бурхан юу ч ярьсан бай, тэдгээр үг амь болж чаддаг, үнэн байх л бол Петр тэдгээрийг байн байн тунгаан бодож, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ шингээж чаддаг байлаа. Есүсийн үгийг сонсоод тэрээр тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэж чаддаг байсан нь Бурханы үгэнд анхаарлаа төвлөрүүлдэг байсныг нь ялангуяа харуулдаг бөгөөд тэрээр эцэст нь үнэхээр үр дүнд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл, тэрээр Бурханы үгийг чөлөөтэй хэрэгжүүлж, үнэнийг үнэн зөв хэрэгжүүлж, Бурханы санаа зорилгод нийцэлтэй байж, бүхэлдээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэж, хувийн санал бодол, төсөөллөө орхиж чаддаг байлаа. Ийм маягаар Петр Бурханы үгийн бодит байдалд орсон юм. Петр үндсэндээ ингэж хийсэн учраас үйлчлэл нь Бурханы хүсэлд нийцэж байлаа.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Петрийн замаар хэрхэн алхах вэ

353. Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавиад, Түүнд бүрэн дуулгавартай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө Түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурханы үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийн үйлдсэнээр санаа зорилго, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно. Бурханы дуртай хүмүүс бол Түүнд туйлын ханддаг хүмүүс юм; тэд бол ганцхан Түүнд үнэнч байж чаддаг хүмүүс билээ. Бурханы үзэн яддаг хүмүүс бол Түүнд хайхрамжгүй ханддаг, Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүс юм. Түүнд итгэдэг, Түүнийг үргэлж таашаахыг хүсдэг мөртөө өөрсдийгөө Түүний төлөө бүрэн зарлагадаж чаддаггүй хүмүүсийг Тэр үзэн яддаг. Түүнд хайртай гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Тэр үзэн яддаг; хууран мэхлэхийн тулд цэцэг цэлмэг, чихэнд чимэгтэй үг ашигладаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Бурханд үнэхээр зориулдаггүй, эсвэл Түүний өмнө үнэхээр захирагдаагүй хүмүүс урвамтгай бөгөөд уг чанартаа хэтэрхий биеэ тоосон байдаг. Хэвийн агаад бодитой Бурханы өмнө чин сэтгэлээсээ дуулгавартай байж чаддаггүй хүмүүс бол бүр ч их биеэ тоосон байдаг бөгөөд тэд ялангуяа тэргүүн тэнгэрэлчийн ачлалт үр удам юм. Өөрсдийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагаддаг хүмүүс бүхий л оршихуйгаа Түүнд зориулж, өөрсдийгөө Түүний өмнө тавьдаг; тэд Түүний бүх үг, ажилд чин сэтгэлээсээ захирагдаж чаддаг ба Түүний үгийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханы үгийг хүлээн авч, оршин тогтнолынхоо суурь болгож чаддаг бөгөөд Бурханы үгэн дотроос аль хэсгийг нь хэрэгжүүлэхээ олж мэдэхийн тулд чин сэтгэлээсээ хайж чаддаг. Тэд бол үнэхээр Бурханы өмнө амьдардаг хүмүүс юм. Чи ийм маягаар хэрэгжүүлэх юм бол энэ нь аминд чинь ашиг тустай байх бөгөөд Бурханы үгийг идэж, ууснаар өөрийнхөө дотоод хэрэгцээ, дутагдлыг хангаж, улмаар амь зан чанар чинь өөрчлөгдвөл энэ нь Бурханы хүслийг хангалуун байлгана. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлддэг бол, мөн махан биеийг хангахын оронд Түүний хүслийг хангалуун байлгадаг бол үүгээрээ Бурханы үгийн бодит байдалд орсон байх болно. Бурханы үгийн бодит байдалд орох гэдэг нь чи үүргээ биелүүлж, Бурханы ажлын шаардлагыг хангаж чадна гэсэн үг юм. Иймэрхүү бодитой үйлдлүүдийг л Түүний үгийн бодит байдалд орох гэж нэрлэж болно. Хэрвээ чи энэ бодит байдалд орж чаддаг бол чамд үнэн байна. Энэ нь бодит байдалд орохын эхлэл юм; чи эхлээд энэ сургуулилтыг хийх ёстой ба тэр үед л бүр илүү гүн гүнзгий бодит байдалд орж чадна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм

354. Бурхан бол бодит Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний хэлдэг бүх үг бодитой, мөн Түүний илэрхийлдэг бүх үнэн бодитой. Түүний үг биш бүхэн хий хоосон, оршин байдаггүй, үндэслэлгүй байдаг. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үгэнд ороход нь хүмүүсийг залж чиглүүлэх гэж байгаа. Хэрвээ хүмүүс бодит байдал руу орохоор эрэлхийлж байгаа бол бодит байдлыг эрж хайж, бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажиж, бодит байдлыг амьдран харуулах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, бусдын үг бодитой эсэхийг төдий чинээ их таньж чаддаг; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, төдий чинээ бага үзэлтэй байдаг; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их туулж мэдэрнэ, бодит Бурханы үйл хэргийг төдий чинээ их мэддэг ба завхарсан, сатанлаг зан чанараасаа салах нь тэдний хувьд төдий чинээ амархан байдаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханыг төдий чинээ их мэдэж, махан биеийг төдий чинээ их жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханы шаардлагын стандартад төдий чинээ дөхөж очдог. Бурханаар авхуулдаг хүмүүс бол бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг, бодит байдлыг туулж мэдэрснээр Бурханы бодит үйл хэргийг мэдэж авсан хүмүүс юм. Бурхантай бодитоор хамтран ажиллаж, биеэ сахилгажуулах тусмаа чи Ариун Сүнсний ажлыг төдий чинээ олж авч, бодит байдлыг төдий чинээ олж авч, мөн Бурханаар улам их гэгээрүүлэгдэж, улмаар Бурханы бодит үйл хэргийн талаарх мэдлэг чинь төдий чинээ ихэснэ. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдарч чаддаг бол өнөөгийн хэрэгжүүлэлтийн зам чамд улам тодорхой болж, өнгөрсөн үеийн шашны үзэл болон хуучин хэрэгжүүлэлтээс өөрийгөө илүү сайн салгаж чадна. Өнөөдөр үнэн бодит байдал бол анхаарлын төв юм: Хүмүүс хэдий чиний бодит байдалтай байна, үнэний тухай мэдлэг нь төдий чинээ тодорхой болж, Бурханы санаа зорилгын талаарх ойлголт нь төдий чинээ нэмэгддэг. Бодит байдал нь бүх бичиг үсэг, хоосон сургаалыг даван гарч чаддаг, бүх онол болон мэдлэгээс давж чаддаг ба хүмүүс бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэх тусам, Бурханыг төдий чинээ чин сэтгэлээсээ хайрлаж, Түүний үгээр өлсөж, цангадаг. Хэрвээ чи үргэлж бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэг бол амьдралын гүн ухаан, шашны үзэл болон төрөлхийн зан авир чинь Бурханы ажлыг даган аяндаа арилна. Бодит байдлыг эрэлхийлдэггүй, бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс ер бусын зүйлсийн араас хөөцөлдөх талтай байдаг ба амархан мэхлэгдэнэ. Ариун Сүнс ийм хүмүүс дээр ажиллах ямар ч аргагүй байдаг тул тэдэнд хий хоосон, амьдрал нь ямар ч утгагүй санагддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай

355. Бурханыг хайрладаг хүмүүс бол үнэнийг хайрладаг хүмүүс бөгөөд үнэнийг хайрладаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх тусмаа улам их үнэнтэй болдог; үнэнийг хэрэгжүүлэх тусмаа Бурханы хайрыг төдий чинээ хүртдэг; үнэнийг хэрэгжүүлэх тусмаа Бурханаар төдий чинээ ерөөгддөг. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл яг л Петр Бурханыг мэдэж авсантай адилаар чамайг гэх Бурханы хайр чамд аажмаар харуулна: Бурханд тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээх мэргэн ухаан байгаад зогсохгүй, бас хүмүүст бодит ажил хийх мэргэн ухаан бий гэж Петр хэлсэн. Петр хэлэхдээ, Тэр зөвхөн тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснийхээ төлөө төдийгүй, цаашлаад хүмүүсийг бүтээх, аврах, төгс болгох, Өөрийн хайрыг хүмүүст өвлүүлэх чадварынхаа улмаас хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэсэн. Мөн хүний хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл Түүнд байдаг хэмээн Петр хэлсэн. Петр Есүст хэлэхдээ: “Та тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн болохоор л хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэж үү? Танд илүү их хайр татам зүйл бий. Та бодит амьдрал дээр үйлдэж, хөдөлдөг, Таны Сүнс сэтгэлийг минь хөдөлгөж, Та намайг сахилгажуулж, зэмлэдэг—эдгээр зүйл чинь хүмүүсийн хайрыг бүр ч илүү хүртэх эрхтэй” гэсэн. Хэрвээ чи Бурханы хайрыг харж, мэдрэхийг хүсвэл, бодит амьдрал дээр эрж хайж, судлах ёстойн дээр махан биеэ хаяхад бэлэн байх хэрэгтэй. Чи ийм шийдвэр гаргах ёстой. Чи залхуурч, махан биеийн зугаа цэнгэлд шуналгүйгээр, махан биеийн төлөө бус харин Бурханы төлөө амьдарч бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах шийдэмгий хүн байх ёстой. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй үе байж болно. Яагаад гэвэл чи Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй; дараагийн удаа, чамаас илүү их хүчин чармайлт шаардах байсан ч гэсэн чи махан биеийг бус Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой. Ийм маягаар туршлагажвал чи Бурханыг мэдэж авах болно. Бурхан тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээж чадсан, хүмүүс Түүнийг үнэхээр, бодитоор харж, Түүнтэй бодитоор харилцаж чадаасай гэсэндээ Тэр махбод болсон, Тэр хүмүүсийн дунд алхаж чаддаг, Түүний Сүнс бодит амьдрал дээр хүмүүсийг төгс болгож, Түүний хайр татам байдлыг харж, Түүний сахилгажуулалт, цээрлүүлэлт болон ерөөлийг мэдрэх боломж олгодгийг чи харна. Хэрвээ чи үргэлж ийм маягаар туршлагажвал бодит амьдрал дээр Бурханаас салшгүй байх ба хэзээ нэг өдөр Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байхаа боливол чи зэмлэл хүртэж, гэмшиж чаддаг болно. Бурхантай хэвийн харилцаатай байхдаа чи Бурханыг орхихыг хэзээ ч хүсэхгүй бөгөөд хэрвээ нэг өдөр л Бурхан чамайг орхино гэдгээ хэлбэл чи айж, Бурханд хаягдсанаас үхсэн нь дээр гэж чи хэлнэ. Чамд ийм сэтгэл хөдлөл төрмөгц Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрнэ, ийм маягаар чи үндэс суурьтай болж, Бурханы хайрыг жинхэнээр нь эдэлнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна

356. Хүмүүсийн Бурханд итгэхдээ гаргадаг хамгийн том алдаа нь тэд аман дээрээ л итгэдэг бөгөөд өдөр тутмын амьдралд нь Бурхан огт байдаггүй. Бүх хүн Бурханы оршихуйд үнэхээр итгэдэг хэр нь Бурхан өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг биш байдаг. Бурханд хандсан олон залбирал хүмүүсийн амнаас гардаг боловч зүрх сэтгэлд нь Бурхан маш бага зай эзэлдэг учраас Бурхан тэднийг ахин дахин шалгадаг. Хүн цэвэр ариун биш болохоор хүмүүсийг шалгахаас өөр сонголт Бурханд байдаггүй, ингэснээр шалгалтын дунд тэд ичгүүрийг мэдэрч, өөрсдийгөө мэдэж авч болох юм. Эс бөгөөс хүн төрөлхтөн тэргүүн тэнгэр элчийн үр удам болж, улам бүр завхардаг. Хүн бүр Бурханд итгэх явцдаа Бурханаар тасралтгүй цэвэрлэгддэг учраас хувийн олон сэдэл, зорилгоо хөсөр хаядаг. Эс бөгөөс, Бурхан хэнийг ч ашиглах аргагүй, хийх ёстой ажлаа хүнд хийх ямар ч аргагүй болно. Бурхан эхлээд хүмүүсийг цэвэрлэдэг. Ийнхүү цэвэрлэх явцад хүмүүс өөрсдийгөө мэдэж авч, Бурхан тэднийг өөрчилж болох юм. Үүний дараа л Бурхан Өөрийн амийг тэдэн рүү оруулдаг бөгөөд ингэж байж л зүрх сэтгэл нь Бурхан руу бүрэн эргэж чадна. Тиймээс Бурханд итгэх нь хүмүүсийн хэлдэг шиг энгийн зүйл биш гэж Би хэлдэг. Бурханы харж байгаагаар чи зөвхөн мэдлэгтэй атлаа Түүний үгийг амиа болгоогүй бол; чи зөвхөн мэдлэгээр хязгаарлагдаад, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй бол, энэ нь чамд одоог хүртэл Бурханыг хайрладаг зүрх сэтгэл байхгүй гэдгийн баталгаа бөгөөд зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ хүн Түүнийг мэдэж авч чадна: Энэ бол хүний эрж хайх учиртай эцсийн зорилго юм. Бурханы үгийг өөрийн биеэр хэрэгжүүлэхийн тулд чи тэдгээрийг амьдран харуулахад хүчин чармайлт гаргах ёстой. Хэрвээ чи зөвхөн хоосон сургаалын талаар мэддэг бол Бурханд итгээд ямар ч үр дүнгүй. Түүний үгийг бас хэрэгжүүлж, амьдран харуулж байгаа цагт л итгэл чинь бүрэн дүүрэн агаад Бурханы санаа зорилгод нийцэж байна гэж үзэх боломжтой. Энэ зам дээр их мэдлэгийн талаар олон хүн ярьж чадах хэдий ч үхэх цаг нь ирэхэд нүдэнд нь нулимс цийлгэнэн, нэг насны амьдралаа дэмий үрж, насан өндөр болтлоо хий дэмий амьдарсандаа өөрсдийгөө үзэн яддаг. Тэд сургаалыг л ойлгодог болохоос үнэнийг хэрэгжүүлж, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; зүгээр л гаднаа хаа сайгүй гүйж, зөгий шиг завгүй өнгөрүүлдэг; үхлийн ирмэгт ирэхдээ л өөрт нь жинхэнэ гэрчлэл байхгүй, Бурханыг огт мэддэггүй гэдгээ олж хардаг. Тэр үед хэтэрхий хожимдсон байх бус уу? Яагаад чи өнөөдрийг ашиглан, өөрийн хайрладаг үнэнийг эрж хайж болохгүй гэж? Яагаад маргааш хүртэл хүлээх гэж? Амьдрах хугацаандаа чи үнэний төлөө зовдоггүй, үүнийг олж авахаар эрэлхийлдэггүй бол үхэх мөчдөө харууслыг мэдэрмээр байна уу? Хэрэв тийм бол яагаад Бурханд итгэнэ вэ? Үнэндээ, хүмүүс олон хэрэг явдал дээр өчүүхэн төдий л чармайлт гаргавал үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Хүмүүсийн оюун ухаан үргэлж будилдаг учраас л тэд Бурханы төлөө үйлдэж чадахгүй, махан биеийн төлөө байнга нааш цааш гүйсээр, эцэстээ юунд ч хүрдэггүй. Ийм учраас хүмүүс байнга санаа зовнил, бэрхшээлд өртөж байдаг. Сатаны тамлалт энэ бус уу? Махан биеийн ялзрал энэ бус уу? Чи ам хэлээрээ л дагаж Бурханыг хуурах гэж оролдох хэрэггүй. Харин бодитой үйлдэл хийх хэрэгтэй. Өөрийгөө бүү хуур; тэгэх ямар хэрэг байна? Махан биеийнхээ төлөө амьдарч, нэр алдар, ашиг хонжооны төлөө тэмцсэнээр чи юу олж авч чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах учиртай

357. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс юм. Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсож үнэхээр чаддаг хүмүүс нь бас Түүний үгийг хэрэгжүүлэх хүсэлтэй, үнэний талд жинхэнээсээ зогсож чадах хүмүүс юм. Заль мэх хэрэглэж, шударга бусыг үйлддэг хүмүүс бүгд үнэнгүй бөгөөд бүгдээрээ Бурханд шившиг авчирдаг. Чуулганд хэрүүл маргаан үүсгэдэг хүмүүс нь Сатаны боолууд, Сатаны биелэл юм. Ийм хүмүүс маш хорлонтой. Ялган таних чадваргүй, үнэний талд зогсох чадваргүй хүмүүс бүгд хорон муу санаа өвөрлөж, үнэнийг гутаадаг. Түүгээр ч барахгүй тэд бол Сатаны ердийн төлөөлөгч юм. Тэднийг аврахын аргагүй бөгөөд аяндаа таягдан хаягдана. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг Бурханы гэр бүл үлдэхийг зөвшөөрдөггүй, чуулганыг санаатайгаар нураадаг хүмүүст ч үлдэхийг зөвшөөрдөггүй. Гэвч одоо бол хөөн зайлуулах ажил хийх цаг биш; тийм хүмүүс эцэст нь зүгээр л илчлэгдэж, таягдан хаягдана. Энэ хүмүүс дээр дахин ямар ч хэрэггүй ажил зарлагадахгүй; Сатанд харьяалагддаг хүмүүс үнэний талд зогсож чаддаггүй байхад үнэнийг эрж хайдаг хүмүүс чаддаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс үнэний замыг сонсож, үнэнийг гэрчлэх эрхгүй. Үнэн ердөө л тэдний чихэнд зориулагдаагүй; харин ч хэрэгжүүлдэг хүмүүст хандсан байдаг. Хүн бүрийн төгсгөл илчлэгдэхээс өмнө чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүсийг одоохондоо эхлээд хойш тавьж, дараа нь зохицуулна. Ажил дуусмагц энэ хүмүүсийг нэг нэгээр нь ил болгож, дараа нь таягдан хаяна. Одоохондоо, үнэнээр хангаж байх үед тэднийг үл ойшооно. Үнэн бүхэлдээ хүнд илчлэгдэх үед тэр хүмүүс таягдан хаягдах ёстой; тэр цаг үе нь бүх хүнийг төрлийнх нь дагуу ангилах цаг үе байна. Ялган таних чадваргүй хүмүүс ялихгүй заль мэхнийхээ улмаас диаволын гарт сүйрч, уруу татагдан, хэзээ ч эргэж ирэхгүй. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэний талд зогсох чадваргүй, муу хүмүүсийг дагаж, тэдний талд зогсдог, муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэдэнд ингэж хандвал зохино. Муу хүмүүс ёрын мууг ялгаруулдаг гэдгийг тэд маш сайн мэддэг атлаа зүрх сэтгэлээ чангалан, үнэнээс нүүр буруулж тэднийг дагадаг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртөө хөнөөлтэй, ой гутам зүйлсийг хийгч энэ хүмүүс бүгд мууг үйлдэж байгаа бус уу? Тэдний дунд өөрсдийгөө хаан гэж нэрийддэг, мөн тэднийг дагадаг бусад хүн байгаа хэдий ч Бурханыг эсэргүүцдэг уг чанар нь бүгд адил бус уу? Бурхан өөрсдийг нь авардаггүй гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм бэ? Бурханыг зөвт бус гэж хэлэх ямар шалтаг тэдэнд байх юм вэ? Өөрсдийнх нь ёрын муу байдал тэднийг сүйрүүлж байгаа бус уу? Өөрсдийнх нь тэрслүү байдал там руу чирч байгаа бус уу? Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс эцэст нь үнэний улмаас аврагдаж, төгс болгуулна. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцэстээ үнэний улмаас өөртөө сүйрэл авчрах болно. Үнэнийг хэрэгжүүлдэг болон хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж буй төгсгөл ийм билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга

Өмнөх: 10.1. Бурханд итгэх гэж юу болохыг илчилсэн үгс

Дараах: 10.3. Хэрхэн өөрийгөө мэдэж, жинхэнэ гэмшилд хүрэх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх