2. Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилго
Холбогдох Бурханы үг:
Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцүүлэн хийгддэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Үүний зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эрхшээл дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гурван үе шатанд хуваагддаг ба Би бүтээгдсэн зүйлсээр Өөртөө гэрчлэл хийлгэж, тэдэнд Өөрийн санаа зорилгыг ойлгуулж, Би бол үнэн гэдгийг мэдүүлэх үр дүнд хүрэхийн тулд ийнхүү ажилладаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын бодитой түүх
Өнөөдөр бид эхлээд хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа, хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн эрин үе албан ёсоор эхлэх хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх болно. Бид дараа нь Бурханы бодол, санааны алийг нь хүн мэдэхгүй байгааг олж мэдэж болох бөгөөд тэндээсээ Бурханы удирдлагын төлөвлөгөөний дэс дарааллыг тодруулж, Бурхан Өөрийн удирдлагын ажлыг бий болгосон орчин нөхцөл, түүний эх сурвалж, хөгжлийн үйл явцыг, мөн түүнчлэн Түүний удирдлагын ажлаасаа гаргахыг хүсдэг үр дүнг—өөрөөр хэлбэл, Түүний удирдлагын ажлын гол цөм болон зорилгыг нэгд нэгэнгүй ойлгож чадна. Эдгээр зүйлийг ойлгохын тулд бид хүн байхгүй байсан тэр алс холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй…
Бурхан анхны амьд хүнийг биечлэн бүтээв
Бурханыг орноосоо өндийхөд нь анх төрсөн бодол нь: амьд хүн—жинхэнэ, амьтай хүнийг, хамт амьдарч, байнгын хань нөхөр нь байх хэн нэгнийг бүтээх явдал байв; энэ хүн Түүнийг сонсож, Тэр түүнд сэтгэлээ дэлгэж, ярилцаж чадах байв. Тэгээд Бурхан, анх удаа атга шороо авч, түүнийгээ ашиглан оюун санаандаа төсөөлсөн дүр төрхийн дагуу хамгийн анхны амьд хүнийг бүтээж, дараа нь энэхүү амьтай бүтээлд Адам хэмээх нэр өгсөн. Энэхүү амьд, амьсгалдаг хүнтэй болчхоод Түүнд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, хань нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Тэрээр мөн эцэг байхын хариуцлага, үүнтэй хамт ирдэг сэтгэлийн зовнилыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгалан авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы бодлоороо, тэр ч бүү хэл үгээрээ биш, харин хоёр гараараа хийсэн анхных нь зүйл байсан юм. Ийм оршихуй—бие махбод, хэлбэр дүрстэй, мах цуснаас бүрдсэн амьд, амьсгалдаг хүн Бурханы өмнө зогсоод Бурхантай ярьж чадаж байхад Тэр урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр хөөрийг мэдэрсэн билээ. Бурхан хариуцлагаа үнэхээр мэдэрч, энэхүү амьд оршихуй зүрх сэтгэлийг нь хөндөөд зогсохгүй, мөн өчүүхэн хөдөлгөөн бүрээрээ Түүний сэтгэлийг хөдөлгөж, зүрх сэтгэлийг нь дулаацуулж байсан. Энэхүү амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед олон ийм хүн олж авъя гэж Тэр анх удаагаа бодсон юм. Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн хэд хэдэн үйл явдлууд нь энэ байсан билээ. Бурханы хувьд энэ бүх үйл явдал нь анх удаа тохиолдсон боловч эдгээр анхны үйл явдал дээр Тэр тухайн үед баяр баясгалан, хариуцлага, сэтгэл зовнил гээд юу ч мэдэрч байсан гэсэн, тэдгээрийг Өөртэй нь хуваалцах хэн ч байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүн Түүний хайр, сэтгэл зовнил, хүнийг гэх санаа зорилгыг нь хүлээн авч, ухаарч ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн учраас Тэр зүрх сэтгэлдээ уйтгар гуниг, шаналлыг мэдэрсээр байсан юм. Хэдийгээр Тэр эдгээр зүйлийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь мэдэхгүй, бас ойлгоогүй. Бурханд хүний авчирсан аз жаргал, баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол, мэдрэмж байв. Бурхан энэ бүх зүйлийг хийж байх зуур Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь шаналал болон хувирч, эдгээр мэдрэмж нь сэтгэлийн түгшүүртэй холилдож байв. Түүний хийхийг хүсэж байсан ганц зүйл нь энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн санаа зорилгыг эртхэн ойлгуулахаар яаравчлах явдал байлаа. Тэгвэл тэд Түүний дагалдагчид болж, Түүнтэй адил бодолтой байж, Түүний санаа зорилгод нийцэж чадах байв. Тэд Бурханы айлдахыг зүгээр л сонсож, хэлэх үггүй хэвээр үлдэхээ болино; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юун түрүүнд тэд Бурханы шаардлагад хайхрамжгүй хандахаа болино. Бурханы хийсэн эдгээр анхны зүйл маш их утга учиртай бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнтэй байдаг.
Бүх зүйл болон хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн удирдлагыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний дундаас ихэд хайрладаг хүмүүсээ олж авах гэж тэсэн ядаж байв.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Хүн төрөлхтнийг удирдах, хүн төрөлхтнийг аврах энэ явдлыг Бурхан өөр юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зүгээр л Өөрийн санаагаар, Өөрийн үгээр хийдэггүй, мэдээж Тэр хааш яаш байдлаар хийдэггүй—Тэр эдгээр зүйлийг санаа зорилготойгоор хийдэг, гэхдээ төлөвлөгөө, зорилго, стандарттай байдаг. Хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын энэ тохиолдол нь Бурхан, хүн хоёрын аль алинд асар их ач холбогдолтой гэдгийг харж болно. Уг ажил хэчнээн хэцүү байсан ч, саад бартаа хэчнээн их байсан ч, хүмүүс хэчнээн сул дорой байсан ч, эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал хэчнээн гүн гүнзгий байсан ч, эдгээрийн аль нь ч Бурханы хувьд хэцүү биш. Бурхан Өөрийгөө завгүй байлгадаг, Тэрээр хөлс хүч, цусаа зарцуулж, хийхийг хүсдэг ажлаа удирдаж байгаа; Тэр бас бүх зүйлийг зохицуулж, Өөрийнхөө ажиллахыг хүсдэг тэр бүх хүнийг болон Өөрийнхөө хийхийг хүсдэг бүх ажлыг захирч байгаа—энэ бүхэн урьд өмнө үзэгдэж байгаагүй. Энэ нь хүн төрөлхтнийг удирдаж, аврах энэ томоохон төсөлд Бурхан эдгээр аргыг хэрэглэж, ийм их төлөөс төлсөн анхны удаа юм. Бурхан энэ бүх ажлыг гүйцэтгэх зуураа Өөрийн хөлс хүч, цус, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин болон Өөрийн зан чанарын бүх талыг хүн төрөлхтөнд бага багаар, юу ч үлдээлгүй илэрхийлж, гаргаж байгаа. Эдгээр арга барилыг илэрхийлж, гаргах нь урьд өмнө тохиолдож байгаагүй. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьдог хүмүүсээс өөр Бурханд ийм ойр, Бурхантай тийм дотно харилцаатай байсан ямар ч бүтээл хэзээ ч байгаагүй. Удирдаж, аврахыг хүсдэг хүн төрөлхтөн нь Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал байдаг, Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас ч илүү үнэлдэг. Хэдийгээр Тэр тэдний төлөө асар их төлөөс төлсөн ч, хэдийгээр тэд Түүнийг тасралтгүй гомдоож, Түүний эсрэг тэрсэлдэг ч Тэр ямар ч гомдол, харуусал тээдэггүй, тэднийг одоо ч гэсэн орхин явж, хаядаггүй, Өөрийн ажлыг зогсолтгүй хийсээр байдаг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс Түүний үгийн дуудлагаар сэрж, Түүний үгэнд сэтгэл нь хөдөлж, Түүнийг бүтээлийн Эзэн хэмээн таньж, Түүний дэргэд буцаж ирнэ гэдгийг Тэр мэддэг…
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III
Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, түүнчлэн хүний төлөө гэсэн Бурханы санаа зорилгыг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж боддог юм бүхнийг Бурханы алхмуудын дагуу хүнд оруулж, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан, Бурханы мөн чанарыг ухааруулах, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагадаг болгох, улмаар хүнийг Бурханаас эмээж, муугаас зайлдаг болгох зорилготой—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явцад хүмүүс аажмаар Сатаны хяналт, буруушаалт, үймээн самуун, дайралтаас ангижирч, эцэст нь Бурханы үг, Бурханы талаарх мэдлэг, Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Бурханаас эмээх байдлынхаа ачаар Сатаны дайралт, буруушаалтуудыг ялан дийлнэ. Зөвхөн тэр үед л тэд Сатаны эрхшээлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Учир нь ийм хүмүүс шулуун шударга, Бурханд итгэлтэй, дуулгавартай байдаг, Бурханаас эмээдэг, Сатанаас бүрмөсөн салдаг. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханыг дуулгавартай дагаж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм.
Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II
Бурханы удирдлага ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд дуулгавартай байх шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны завхралд өртүүлдэг. Дараа нь хүн Бурханд бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогдож магадгүй; мөн ээдрээтэй санагдаж магадгүй. Хүмүүст энэ нь үлгэр домог шиг санагддаг, учир нь өнгөрсөн хэдэн мянган жилд хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг тэд мэддэггүй, сансар, огторгуйд хэчнээн олон үйл явдал тохиосныг бүр ч мэддэггүй. Түүнчлэн, материаллаг ертөнцөөс цааш оршдог, хүний эгэл нүдээр харах аргагүй илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг тэд ойлгож чаддаггүй. Энэ нь хүнд ойлгохын аргагүй санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын утга учрын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсдэгийг хүн ухаардаггүй. Сатанаар огт завхруулагдаагүй Адам, Еватай адил байгаасай гэж хүсдэг үү? Үгүй! Бурханы удирдлагын зорилго нь Бурханд шүтэн мөргөж, Түүнийг дуулгавартай дагадаг бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүмүүсийг Сатан завхруулсан хэдий ч тэд Сатаныг өөрсдийн эцэг гэж үзэхээ больж, Сатаны үзэшгүй муухай царайг таниад түүнийг голдог ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахаар Бурханы өмнө ирдэг. Тэд муу муухай болон ариун зүйлийн хоорондох ялгааг мэдэж авч, Бурханы агуу байдал, Сатаны ёрын мууг таньж мэддэг. Ийм хүн төрөлхтөн цаашид Сатанд үйлчлэхгүй, Сатаныг шүтэхгүй, эсвэл Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханаар үнэхээр авхуулсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна
Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүрэн аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээгдсэн зүйлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээдэг зүрх сэтгэлээ алдаж, бүтээгдсэн зүйлд байх ёстой чиг үүргийг ч алдаж, Бурханы эсрэг тэрсэлдэг дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эрхшээл дор амьдарч, Сатаны явуулгад захирагдсан; тиймээс Бурхан бүтээгдсэн зүйлсийнхээ дунд ажиллах аргагүй болж, тэдний эмээсэн сэтгэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, эцэст нь Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Тэрслүү хөвгүүдийг бүрэн сүйрүүлэх нь ч бас хүмүүсийг Бурханд илүү сайн шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө эцэст нь хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суутай хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь тэрсэлдэг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрийнх нь эсрэг тэрсэлдэг хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай, тэрслүү байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Бурхан өнөөг хүртэл зургаан мянган жилийн ажлаа хийж, олон үйл хэргээ илчилсэн нь гол нь Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын төлөө байсан. Бурхан энэ боломжийг ашиглаад тэнгэр дэх бүх зүйл, газар дээрх бүх зүйл, далай тэнгис доторх бүх зүйл тэр ч бүү хэл газар дэлхий дээрх бүтээл нэг бүрд Өөрийн төгс хүчийг харуулж, Өөрийн бүх үйл хэргийг үзүүлдэг. Сатаныг ялах энэ боломжоо ашиглан Тэрээр Өөрийн бүх үйл хэргийг хүмүүст илчилдэг, ингэснээр тэд бүгд Бурханыг магтаж, Сатаныг ялсан мэргэн ухааныг нь шагшин магтдаг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай тэнгис доторх бүх зүйл Бурханд алдрыг өгч, Бурханы төгс хүчнийг магтаж, Бурханы үйл хэрэг болгоныг магтаж, Түүний ариун нэрийг дуудан хашхирдаг. Энэ бол Тэр Сатаныг ялсны нотолгоо; Сатаныг байлдан дагуулсны нотолгоо. Үүнээс ч илүүтэйгээр, хүн төрөлхтнийг аварсных нь нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдрыг өгч, дайснаа ялж, ялгууснаар буцан ирснийх нь төлөө Түүнийг магтаж, Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн шагшин магтдаг. Түүний зорилго ердөө л Сатаныг ялах явдал биш, иймээс Түүний ажил зургаан мянган жилийн турш үргэлжилсэн юм. Тэр Сатаны ялагдлыг ашиглан хүн төрөлхтнийг авардаг; Сатаны ялагдлыг ашиглан Өөрийн бүх үйл хэрэг, бүх алдар сууг илчилдэг. Тэрээр алдрыг олж авч, үй түмэн тэнгэрэлч Түүний бүх алдрыг харна. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харна. Энэ бол Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдар сууг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсныхаа дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтнөөр Өөрийгөө магтуулж, улмаар Өөрийнхөө ажилд давхар ялалт байгуулна. Эцэстээ бүх хүн төрөлхтнийг Тэр байлдан дагуулах ба эсэргүүцэж, тэрсэлдэг хэнийг ч арчин хаяна; өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүнийг Тэр арчин хаяна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой