22-р бүлэг
Бурханд итгэх нь амархан хийх зүйл биш. Та нар яахаа мэдэхгүй, бүхнийг идээд, бүгд ямар сонирхолтой, ямар амттай юм бэ гэж боддог! Магтан сайшаасаар байдаг зарим хүн бий—тэдний сүнсэнд ялган таних чадвар ер байдаггүй. Энэ бол нэгд нэггүй дүгнэвээс зохилтой туршлага юм. Эцсийн өдрүүдэд бүх төрлийн сүнснүүд өөрсдийн үүргийг гүйцэтгэхээр гарч ирэн, Бурханы хүүхдүүдийн ахиц дэвшлийг илэрхий эсэргүүцэж, чуулганы бүтээн байгуулалтад санаатайгаар саад хийхэд оролцдог. Хэрэв та нар үүнийг хөнгөхнөөр хүлээн авч, Сатанд ажиллах боломж өгвөл тэрээр чуулганыг эмх замбараагүй болгож, хүмүүс сандарч, цөхрөх бөгөөд бүр цаашилбал хүмүүсийн үзэгдэл нь алга болно. Ингэвэл, олон жилийн турш уйгагүй төлсөн төлөөс маань юу ч биш болно.
Чуулганы бүтээн байгуулалтын цаг үе нь мөн Сатаны хамгийн улангассан байх үе юм. Сатан цөөн тооны хүнээр дамжуулан байнга үймээн, саад тотгор учруулдаг бөгөөд энэ хүмүүс нь Сатаны үүргийг хамгийн амархан гүйцэтгэж чадах сүнсийг мэддэггүй хүмүүс болон шинэ итгэгчид байдаг. Ихэнхдээ хүмүүс Ариун Сүнсний ажлыг ойлгодоггүй учраас өөрийн дураар, яг өөрийн аливааг хийдэг арга зам, үзлийн дагуу дур зоргоороо аягладаг. Дуугүй бай—чамайг хамгаалахын тулд үүнийг хэлж байна. Сайн сонсоод, дуулгавартай дага. Чуулган, нийгэм хоёр ялгаатай. Хүссэн зүйлээ, эсвэл бодсон болгоноо чи шууд хэлчхэж болохгүй. Энэ Бурханы гэр учраас энд тэгж болохгүй. Бурхан хүмүүсийн аливааг хийх арга замыг хүлээн зөвшөөрдөггүй. Чи Сүнсийг дагаж юмсыг хийх ёстой, Бурханы үгийг амьдран харуулах ёстой, тэгвэл бусад хүмүүс чамайг бишрэх болно. Чи Бурханд найдсанаар өөрийн доторх бүх хүндрэлийг юун түрүүнд шийдвэрлэх ёстой. Доройтсон зан чанараа төгсгөл болгож, нөхцөл байдлаа үнэхээр ойлгох чадвартай болж, хэрхэн аяглах ёстойгоо мэддэг бол; ойлгохгүй байгаа аливаа зүйлийнхээ талаар үргэлжлүүлэн нөхөрлө. Хүн өөрийгөө мэдэхгүй байна гэдэг хүлээн зөвшөөршгүй зүйл. Эхлээд өвчнөө илаарьшуул, тэгээд Миний үгийг илүү ойр ойрхон идэж уун, тунгаан бодсоноор Миний үгэнд үндэслэн амьдарч, үйл хэргээ хий; чи гэртээ ч бай, өөр газар ч бай хамаагүй дотор чинь хүч чадлаа хэрэгжүүлэхийг Бурханд зөвшөөрөх хэрэгтэй. Махан бие хийгээд төрөлхийн чанараас татгалз. Бурханы үгийг үргэлж өөрийн дотор ноёрхуул. Амь чинь өөрчлөгдөхгүй байна гэж санаа зовох шаардлагагүй; зан чанар чинь асар их өөрчлөгдсөн болохыг чи цаг хугацаа өнгөрөхөд мэдэрч эхэлнэ. Өмнө нь чи анхаарлын төвд байхын хүслэн болж, хэнийг ч сонсдоггүй, хэрээс хэтэрсэн хүсэлтэй, өөрийгөө зөвтгөдөг, бардам байсан—чи эдгээр зан чанараас аажмаар ангижирна. Хэрэв чи эдгээрийг яг одоо хаяхыг хүсэж байгаа бол энэ боломжгүй! Учир нь хуучны чи бусдыг өөртөө хүргэхгүй, энэ зан чанар дотор чинь ийм л гүн бат суусан байгаа. Тиймээс чи өөрийн зүгээс хүчин чармайлт гаргаж, Ариун Сүнсний ажлыг эергээр, идэвхтэйгээр дуулгавартай дагаж, өөрийн хүслээр Бурхантай хамтран ажиллаж, Миний үгийг хэрэгжүүлэхэд бэлэн байх ёстой. Хэрэв чи нүгэл үйлдвэл Бурхан чамайг сахилгажуулна. Буцаж ирээд ойлгож эхэлбэл дотор чинь тэр дороо амар тайван болно. Хэрэв чи дур зоргоороо яривал нэн даруй дотроос чинь сахилгажуулна. Бурхан иймэрхүү зүйлийг таашаадаггүй гэдгийг хараад чи тэр даруй хийхээ боливол дотоод амар амгаланг мэдэрнэ. Амийн мэдрэмж гэж юу болох, амийн мэдрэмж дотор хэрхэн амьдрах талаар ойлгодоггүй зарим нэг шинэ итгэгчид байдаг. Заримдаа чи юу ч хэлээгүй хэр нь дотроо яагаад ийм тайван бус байна вэ гэж гайхдаг. Энэ үед бодол, оюун санаа чинь буруу байдаг. Заримдаа чамд өөрийн гэсэн сонголт, өөрийн гэсэн үзэл, санал байдаг; заримдаа чи бусдыг өөрөөсөө доогуур үздэг; заримдаа чи хувиа хичээсэн тооцоолол хийдэг бөгөөд залбирч, өөртөө дүн шинжилгээ хийдэггүй. Ийм учраас дотор чинь тайван бус санагддаг. Магадгүй чи асуудал юу болохыг мэдэж байгаа учраас шууд л Бурханы нэрийг зүрх сэтгэлдээ дуудаж, Бурханд ойртдог бол чи сэргэх болно. Зүрх сэтгэл чинь маш их хямарч, тайван бус болсон үед Бурхан ярихыг чинь зөвшөөрч байна гэж огт бодох ёсгүй. Шинэ итгэгчид энэ тал дээр Бурханыг дуулгавартай дагахад онцгойлон анхаарах ёстой. Бурхан хүний дотор амар амгалан, баяр хөөр, тодорхой, баттай мэдрэмжийг өгдөг. Ойлгодоггүй, эх захыг нь алдуулдаг, дур зоргоороо аягладаг хүмүүс байх нь олонтоо—энэ бүхэн нь бүгд саад болдог; үүнийг хичээнгүйлэн анхааралдаа ав. Хэрэв чи ингэх магадлалтай бол үүнээс сэргийлж “урьдчилан сэргийлэх эм” уух хэрэгтэй; эс бөгөөс чи саад болж, Бурхан чамайг цохих болно. Өөрийгөө бүү зөвтгө; бусдын давуу талыг авч, өөрийн дутагдлыг нөх, бусад хүн Бурханы үгээр хэрхэн амьдарч байгааг ажигла, тэдний амьдрал, үйлдэл, үг ярианаас жишээ авах зүйл байгаа эсэхийг хар. Хэрэв бусдыг өөрөөсөө доогуур гэж үздэг бол чи өөрийгөө зөвтгөдөг, ихэрхүү бөгөөд хэнд ч ач тус болдоггүй. Одоо хамгийн чухал нь амьдаа анхаарч, Миний үгийг илүү их идэж уун, Миний үгийг туулж, Миний үгийг мэдэж, Миний үгийг үнэхээр өөрийн амь болгох явдал юм—энэ бол гол зүйл. Бурханы үгээр амьдарч чадахгүй хүний амь нь боловсорч чадах уу? Үгүй, чадахгүй. Чи цаг үргэлжид Миний үгээр амьдарч, Миний үгийг насан туршдаа баримтлах дүрэм журмаа болгох ёстой, ингэснээр энэ дүрмээр аливааг хийвэл Бурханыг баярлуулдаг, өөрөөр аяглавал Бурхан үзэн яддаг гэдгийг чи мэдрэх болно; ингэвэл чи аажимдаа зөв замаар алхаж эхэлнэ. Ямар зүйл Бурханаас гардаг, ямар зүйл Сатанаас гардаг болохыг чи ойлгох ёстой. Бурханаас гардаг зүйл нь чамд улам илүү тодорхой үзэгдэл өгч, Бурханд улам ойр болгодог; ах эгч нартайгаа чин сэтгэлийн хайрыг хуваалцаж, чи Бурханы ачаанд санаа тавих чадвартай болж, Бурханыг хайрлах сэтгэл чинь хэзээ ч багасахгүй. Алхах зам өмнө чинь байна. Сатанаас гарч ирдэг зүйлс үзэгдэл чинь алга болж, өмнө нь байсан бүхнээ алдахад чамайг хүргэдэг; чи Бурханаас холдож, ах эгч нараа гэсэн хайр чинь үгүй болж, үзэн ядах сэтгэлтэй болно. Чи цөхөрч, цаашид чуулганы амьдралаар амьдрах хүсэлгүй болох бөгөөд Бурханыг хайрлах зүрх сэтгэл чинь үгүй болдог. Энэ бол Сатаны ажил бөгөөд мөн ёрын муу сүнсний хийдэг ажлын үр дагавар юм.
Одоо үе бол шийдвэрлэх мөч. Та нар эцсийн ээлжээ хүртэл байрандаа зогсож, сайн мууг ялгахын тулд сүнсний нүдээ тунгалаг болгож, чуулганыг байгуулахын төлөө бүхий л хүчээ дайчлах ёстой. Сатаны зарц нар, шашны саад тотгор, муу ёрын сүнсний ажлыг арилга. Чуулганыг ариусгаж, Миний хүслийг саадгүй хэрэгжүүл, гамшгийн өмнөх энэ маш бага хугацаанд Би та нарыг аль болох хурдан бүрэн төгс болгож, алдарт аваачна.