21-р бүлэг
Ариун Сүнсний ажил одоо та нарыг шинэ тэнгэр, шинэ газар луу авчирчээ. Бүх зүйл шинэчлэгдэж, бүх зүйл шинээр эхэлж, бүх зүйл Миний гарт байна! Хүмүүс үүнийг өөрсдийн үзлээр ойлгох чадваргүй байдаг, тэдний хувьд энэ нь утгагүй санагддаг боловч ажиллаж байгаа хүн нь Би бөгөөд Миний мэргэн ухаан үүнд бий. Тиймээс та нар бүхий л үзэл, санаа бодлоо орхиж, Бурханы үгийг дуулгавартайгаар идэж, уухад л анхаарах хэрэгтэй; юунд ч эргэлзэх хэрэггүй. Би ийм маягаар ажиллаж байгаа тул ариун хариуцлага үүрнэ. Үнэн хэрэгтээ хүмүүс тодорхой нэг байдалтай байх шаардлагагүй. Харин энд Бурхан гайхамшигтай зүйлсийг хийж, бүхнийг чадагч байдлаа харуулж байгаа юм. Хүмүүс Бурханы талаар л биш юм бол бусдаар онгирох хэрэггүй. Эс бөгөөс, чи хохирол амсана. Бурхан зүдэрсэн хүмүүсийг тоос шорооноос татан гаргадаг бөгөөд даруу хүн өндөрт гарах ёстой. Би орчлон ертөнцийн чуулганыг удирдаж, бүх үндэстэн, ард түмнийг захирахын тулд Өөрийн мэргэн ухааныг бүх хэлбэрээр ашиглана. Ингэснээр тэд бүгд Миний дотор байж, чуулганд харьяалагддаг та нар бүгдээрээ Надад захирагдах болно. Өмнө нь дуулгавартай байгаагүй хүмүүс одоо Миний өмнө дуулгавартай байж, нэг нэгэндээ захирагдаж, нэг нэгийгээ хүлцэн тэвчих ёстой. Та нар амиараа холбогдож, бие биеэ хайрлаж, өөрсдийн сул талыг нөхөхийн тулд бүгд бусдынхаа давуу талаас суралцаж, хамтран үйлчлэх ёстой. Ийм маягаар чуулганыг барих ба Сатанд завших боломж гаргахгүй. Тэр үед л Миний удирдлагын төлөвлөгөө бүтэлгүйтэхээргүй болох юм. Би та нарт өөр нэг зүйлийг энд сануулъя. Энэ, тэр хүний байгаа байдал, эсвэл гаргасан ийм, тийм үйлдлээс нь болж буруу ойлголттой болж, сүнслэг байдлаа доройтуулахыг өөртөө бүү зөвшөөр. Миний харж буйгаар энэ бол зохисгүй бөгөөд үнэ цэнгүй зүйл юм. Чиний итгэдэг Нэгэн, Бурхан биш гэж үү? Энэ бол хэн нэг хүн биш. Чиг үүрэг нь ижил биш. Нэг л бие байдаг. Дор бүрнээ үүргээ биелүүлж, дор бүрнээ өөрийн байрандаа чадлынхаа хэрээр хичээдэг, оч болгонд гэрлийн гялбаа байдаг, амийн төлөвшлийг эрж хайдаг. Тийнхүү Би сэтгэл хангалуун байх болно.
Та нар Миний өмнө амар тайван байхад л анхаарах ёстой. Надтай ойр дотно ярилцаж, ойлгохгүй зүйлээ илүү их эрж хайж, залбирч, Миний цагийг хүлээ. Бүх зүйлийг сүнслэгээр тод хар. Замаа алдахаас сэргийлэхийн тулд хуумгай үйлдэл бүү хий. Ийм маягаар л, Миний үгийг идэж ууж байгаагийн чинь үр жимс бодитоор гарна. Миний үгийг дандаа идэж уу, Миний хэлсэн зүйлийг тунгаан бод, Миний үгийг хэрэгжүүлэхэд анхаар, Миний үгийн бодит байдлыг амьдран харуул; энэ бол гол асуудал. Чуулганыг байгуулах үйл явц нь бас амийн өсөлтийн үйл явц юм. Хэрвээ амь чинь өсөхөө боливол чамайг бүтээн байгуулж болохгүй. Төрөлх байдал, махан бие, урам зориг, хувь нэмэр, хүчин чармайлтад л найддаг бол чи хэчнээн сайн хүн байсан ч бүтээн байгуулагдахгүй. Чи амийн үгэн дотор, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт дотор амьдарч, бодит нөхцөл байдлаа мэдэж, өөрчлөгдсөн хүн болох ёстой. Чи сүнсэндээ адилхан мэдлэг ухаантай, шинэ гэгээрэлтэй байх ёстой бөгөөд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж чаддаг байх ёстой. Чи Надад зогсолтгүй ойртож, Надтай ярилцаж, Миний үгийг өдөр тутмын амьдралынхаа үйлдлийн үндэс болгож, Миний үгэнд үндэслэн бүх төрлийн хүмүүс, үйл явдал, зүйлсийг зохих ёсоор зохицуулж, Миний үгийг өөрийнхөө стандарт болгож, амьдралын бүх үйл ажиллагаандаа Миний зан чанарыг амьдран харуулж чаддаг байх ёстой.
Хэрвээ чи Миний хүслийг ухаж ойлгож, үүнд санаа тавихыг хүсдэг бол Миний үгийг анхаарах ёстой. Аливааг хийхдээ бүү яарч сандар. Миний сайшаадаггүй бүхэн муугаар төгсгөнө. Миний сайшаасан зүйлд л ерөөл ирдэг. Би үг хэлбэл тэр нь биеллээ олно. Би тушаавал тэр бат орших болно. Намайг хилэгнүүлэхээс зайлсхийхийн тулд та нар Миний зөвшөөрөөгүй зүйлийг яавч хийх ёсгүй. Эс бөгөөс, тэр үед гэмшихэд хэтэрхий оройтсон байх болно.