12-р бүлэг
Хэрвээ чи салхи бороо шиг хувьсамтгай, тогтворгүй зан чанартай бол, хэрвээ чи бүх чадлаараа урагш тэмүүлсээр байж чаддаггүй бол Миний саваа чамаас холдохгүй. Чамтай харьцаж байх үед орчин чинь хэцүү байх тусам, их хавчигдах тусам, Бурханыг гэх хайр чинь улам өсөж, дэлхий ертөнцтэй зууралдахаа болино. Чи өөр замгүйгээр Над дээр ирж, хүч чадал, итгэлээ дахин олж авна. Гэвч, хялбар орчинд чи будилж орхих байсан. Чи эерэг талаас орж, идэвхгүй бус, идэвхтэй байх ёстой. Ямар ч нөхцөлд, хэнд ч, юунд ч ганхахгүй байх учиртай, бас хэний ч үгийн нөлөөнд автаж болохгүй. Чи тогтвортой зан чанартай байх ёстой ба хүмүүс юу ч гэсэн, үнэн гэж мэддэг зүйлээ даруй хэрэгжүүлэх учиртай. Хэнтэй ч нүүр тулж байсан, дотор чинь үргэлж Миний үг ажиллаж байх ёстой; Надад хийсэн гэрчлэлдээ бат зогсож, Миний ачаанд анхаарал хандуулж чаддаг байх ёстой. Чи өөрийн гэх санаа бодолгүйгээр хүмүүстэй сохроор санаа нийлж болохгүй; харин ч бат зогсож, үнэнтэй нийцдэггүй зүйлсээс татгалзах зоригтой байх ёстой. Хэрвээ чи ямар нэг зүйл буруу байгааг тодорхой мэдсэн ч илчлэх зориг хүрдэггүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш. Чи ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэн ч шууд хэлж зүрхэлдэггүй тул тойруулан яриад, дараа нь сэдвийг өөрчилдөг; Сатан дотроос чинь чамд саад хийж, чамайг ямар ч үр нөлөөгүй ярьж, эцсээ хүртэл тууштай байж чадахгүйд хүргэдэг. Чи зүрх сэтгэлдээ айдас тээсээр байгаа нь зүрх сэтгэл чинь Сатаны санаа бодлоор дүүрэн хэвээр байгаагаас болдог биш үү?
Ялагч гэж юу вэ? Христийн сайн цэргүүд сүнсээрээ хүчтэй байхын тулд зоригтой байж, Надад найдах ёстой; тэд дайчин болж, Сатантай үхтэлээ тулалдахын тулд тэмцэх ёстой. Чи үргэлж сэрүүн байх ёстой, ийм учраас Би чамаас хором бүрд Надтай идэвхтэйгээр хамтран ажиллаж, Надад ойртож сурахыг шаарддаг. Хэрвээ чи ямар ч цаг үе, ямар ч нөхцөл байдалд Миний өмнө тайван байж, Миний яриаг сонсож, Миний үг, үйлдэлд анхаарал тавьж чаддаг бол гуйвж, сулрах учиргүй. Надаас хүлээж авдаг бүхэн чинь хэрэгжих боломжтой. Миний үг бүр чиний нөхцөл байдалд чиглэсэн. Тэд чиний зүрх сэтгэлийг сүлбэх ба чи тэдгээрийг амаараа үгүйсгэлээ ч гэсэн зүрх сэтгэлдээ үгүйсгэж чадахгүй. Түүнээс гадна хэрвээ чи Миний үгийг шинжвэл өөрөө шүүгдэнэ. Өөрөөр хэлбэл, Миний үг бол үнэн, амь, зам бөгөөд Сатаныг ялж чадах, хоёр иртэй хурц илд юм. Миний үгийг ойлгодог, хэрэгжүүлэх замтай хүмүүс ерөөгддөг ба хэрэгжүүлдэггүй хүмүүс зайлшгүй шүүгдэнэ; энэ бол үнэхээр бодитой юм. Одоо, Миний шүүдэг хүмүүсийн хүрээ өргөжсөн. Би Өөрийнхөө өмнө Намайг мэддэг хүмүүсийг шүүгээд зогсохгүй, Надад итгэдэггүй, Ариун Сүнсний ажлыг бүх чадлаараа эсэргүүцэж, саад болохыг оролддог хүмүүсийг ч бас шүүх болно. Миний өмнө Миний мөрийг дагаж буй бүх хүн Бурхан бол дүрэлзэж буй гал гэдгийг харна! Бурхан бол сүр жавхлан! Тэр Өөрийн шүүлтийг явуулж, тэдэнд үхэх ял оноож байна. Чуулганд буй, Ариун Сүнсний ажлыг дагахад анхаарал хандуулдаггүй, Ариун Сүнсний ажилд саад учруулдаг, өөрсдийгөө гайхуулдаг, шударга бус санаа зорилготой, Бурханы үгийг идэж уухад хүчин чармайлт гаргадаггүй, будилуу, сэжиглэмтгий, Ариун Сүнсний ажлыг шинждэг хүмүүст—шүүлтийн үг хэдийд ч хамаагүй ирнэ. Хүмүүсийн бүх үйлдэл илчлэгдэнэ. Ариун Сүнс, хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинжилдэг, иймээс бодлогогүй бүү бай; болгоомжтой, хашир бай, битгий өөрөө сохроор үйлд. Хэрвээ үйлдэл чинь Миний үгийг дагадаггүй бол чи шүүгдэнэ. Даган дуурайж, хуурмаг байж, эсвэл үнэхээр ойлгохгүй байж болохгүй; чи Миний өмнө ирж, Надтай байнга ярилцах ёстой.
Миний дотроос авсан юу ч бай, чамд хэрэгжүүлэх зам өгч, Миний хүч чадал чамайг дагаж, дэргэд чинь Би байх болно. Үргэлж Миний үгэн дотор яв, тэгвэл чи хорвоогийн бүх зүйлийг даван гарч, дахин амиллын хүчийг эзэмшинэ. Хэрвээ чиний үг, ааш авир, үйлдэлд Миний үг болон Би байхгүй бол, хэрвээ чи Надаас зайгаа барьж, өөрийнхөө дотор, оюун санааны үзэл, хоосон сургаал, дүрэм дунд амьдарвал оюун ухаанаа нүгэлд автуулсны чинь нотолгоо энэ юм. Өөрөөр хэлбэл, чи хуучин төрхтэйгээ зууралдаж, өөрт чинь жаахан ч гэлээ хор учруулж, сүнсийг чинь гэмтээхийг бусдад зөвшөөрдөггүй. Ийм хүмүүс туйлын тааруу хэв чанартай, нэлээд этгээд бөгөөд Бурханы нигүүлслийг харж, Бурханы ерөөлийг таньж чаддаггүй. Хэрвээ чи цаашид бултсаар байвал, Намайг хэзээ өөрийнхөө дотор ажиллуулж чадах юм бэ? Намайг ярьж дуусахад чи сонслоо ч юу ч тогтоогоогүй байдаг бөгөөд асуудлууд чинь илэрхий болоход чи нэн сул дорой болдог. Ямар биеийн хэмжээ гэхээрээ ийм байдаг юм бэ! Хэрвээ чамайг үргэлж аргадах хэрэгтэй юм бол Би чамайг хэзээ бүрэн төгс болгож чадах юм бэ? Хэрвээ чи хавдаж, шалбарахаас айдаг юм бол бусдадаа “Би хэнийг ч өөртэйгөө харьцахыг зөвшөөрөхгүй, би өөрөө төрөлх хуучин зан чанараасаа ангижирч чадна” гэж анхааруулахаар яарсан чинь дээр. Тэгвэл хэн ч чамайг шүүмжилж эсвэл чамд хүрэхгүй бөгөөд чиний төлөө санаа тавих хүнгүйгээр хүссэн арга замдаа чөлөөтэй итгэж болно. Чи энэ маягаар Миний мөрийг дагаж чадна гэж үү? Намайг өөрийн чинь Бурхан, өөрийн чинь Эзэн гэдэгт итгэлтэй байна гэж хэлэх чинь хоосон үг. Хэрвээ чамд үнэхээр эргэлзээ үгүй бол эдгээр зүйл асуудал болохгүй, тэгээд чи үүнийг өөрт чинь ирсэн Бурханы хайр, Бурханы ерөөл гэж итгэх болно. Би Өөрийн хөвгүүддээ хандаж ярьдаг бөгөөд Миний үгийг талархал, магтаалаар угтан авах хэрэгтэй.