Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна

Ариун Сүнсний ажил өдрөөс өдөрт өөрчлөгдөж, алхам тутамдаа улам өндөрт дээшилж, маргаашийн илчлэл алхам алхмаар бүр ч өндөрт өгсөн, өнөөдрийнхөөс ч илүү өндөр болдог. Бурхан хүнийг төгс болгодог ажил нь ийм юм. Хүмүүс хөл нийлүүлэн алхаж чадахгүй бол хэдийд ч таягдан хаягдаж магадгүй. Хүмүүст дуулгавартай байх зүрх сэтгэл үгүй бол эцэст нь хүртэл дагаж чадахгүй. Урьдын эрин үе өнгөрчихсөн; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүмүүсийг төгс болгох сүүлчийн эрин үед Бурхан илүү шинэ ажлыг бүр ч хурдан гүйцэтгэнэ. Тийм учраас зүрх сэтгэлд нь дуулгавартай байдал байхгүй бол хүмүүст Бурханы мөрийг дагахад хэцүү байдаг. Бурхан ямар ч дүрэмд баригддаггүй, мөн Өөрийн ажлын аль ч шатыг хувиршгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил хэзээд илүү шинэ, улам өндөр байдаг. Түүний ажил алхам бүрд улам бодитой болж, хүний бодит хэрэгцээнд улам бүр нийцдэг. Хүмүүс ийм ажлыг туулсныхаа дараа л зан чанарынхаа сүүлчийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн тухай хүний мэдлэг улам өндөр түвшинд хүрдэг, иймээс Бурханы ажил ч мөн адил улам өндөр түвшинд хүрдэг. Хүн ийм маягаар л төгс болгуулж, Бурхан ашиглахад тохиромжтой болж чаддаг. Бурхан нэг талаар, хүний үзлийг няцааж, өөрчилж, нөгөө талаар, хүнийг илүү өндөр, илүү бодитой байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд ийм маягаар ажилладаг, тэгснээр Бурханы хүсэл эцэст нь биелж чадна. Дур зоргоороо тэрсэлдэг дуулгаваргүй уг чанартай хүмүүс, Бурханы хурдтай бөгөөд эрчтэй урагшлах ажлын энэ үе шатанд бүгдээрээ таягдан хаягдах болно; сайн дураараа дуулгавартай байдаг, дуртайяа өөрсдийгөө даруу болгодог хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилж чадна. Энэ төрлийн ажилд хэрхэн захирагдахыг, мөн өөрийн үзлийг хэрхэн хаяхыг та нар бүгдээрээ сурах хэрэгтэй. Алхам бүрдээ хянуур байх хэрэгтэй. Хайнга байвал чи Ариун Сүнсэнд гологдож, Бурханы ажлыг үймүүлдэг нэгэн болох нь дамжиггүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучны хууль, дүрэм тоогоо алдаж, хүн учраа олохоо больсон ба үүний уршгаар биеэ тоож, өөрийгөө мартсан. Эдгээр нь цөм Бурханы шинэ ажлыг хүлээж авахаас хүнийг хазаарлаж байдаг саад тотгор юм; тэдгээр нь Бурханы талаарх хүний мэдлэгт дайсагнаж байдаг. Хүмүүс зүрх сэтгэлдээ дуулгавартай биш, бас үнэнийг эгээрэн хүсдэг ч үгүй байх нь аюултай байдаг. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд л захирагддаг, илүү гүн гүнзгий зүйлийг хүлээн авах чадваргүй бол чи хуучнаа баримталдаг, Ариун Сүнсний ажилтай хөл нийлүүлж чадахгүй нэгэн юм. Бурханы хийдэг ажил эрин бүрд ялгаатай байдаг. Чи нэг үе шатанд асар их дуулгавартай байснаа дараагийн үед муу юм уу дуулгавартай байж чадахгүй байвал Бурхан чамайг орхих болно. Бурханыг энэ алхмаар явахад нь чи хөл нийлүүлэн явбал Түүнийг дараачийн алхмаар өгсөхөд үргэлжлүүлэн хөл нийлүүлэн явах ёстой. Гагцхүү тэгсэн цагт л чи Ариун Сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Нэгэнт чи Бурханд итгэдэг тул дуулгавартай байдалдаа тууштай хэвээр байх ёстой. Чи зүгээр л дураа хүрэхээр дуулгавартай байж, дургүйгээ хүрэхээр дуулгаваргүй байж болохгүй. Иймэрхүү маягийн дуулгавартай байдлыг Бурхан сайшаадаггүй. Миний нөхөрлөдөг шинэ ажилтай чи алхаа нийлүүлж чадахгүй, урьдын үгтэй зууралдсаар байвал аминд чинь яаж ахиц гарч чадах юм бэ? Бурханы ажил бол үгээрээ дамжуулан чамайг хангах явдал юм. Чи Түүний үгийг дуулгавартай дагаж, хүлээн авсан цагт Ариун Сүнс чам дээр гарцаагүй ажиллана. Ариун Сүнс яг л Миний ярьсны дагуу ажилладаг. Миний хэлснээр хий, тэгээд Ариун Сүнс даруй чам дээр ажиллана. Би та нарыг хараг гэж шинэ гэрэл гаргаж, та нарыг эдүгээ цагийн гэрэл рүү авчирдаг. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чам дээр нэн даруй ажиллах болно. “Би зүгээр л Таны хэлсэн зүйлийг хийхгүй” гэж зарим хүн гөжүүдлэн хэлж магадгүй. Тэгэхэд нь Би чамд, одоо чи замын төгсгөлд ирж, хатаж хорчийгоод амьгүй болжээ гэж хэлнэ. Тиймээс зан чанарынхаа өөрчлөлтийг туулах үедээ өнөөгийн гэрэлтэй хөл нийлүүлэн алхах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс Бурханы ашигладаг зарим хүн дээр ажиллаад зогсохгүй, мөн чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Одоогоор Тэр чам дээр ажиллаж байж магадгүй бөгөөд чи энэ ажлыг туулна. Дараагийн цаг хугацаанд Тэр өөр хүн дээр ажиллаж болох бөгөөд тэр тохиолдолд чи яаравчлан дагах ёстой; өнөөгийн гэрлийг ойр дагах тусам амь чинь улам их өсөж чадна. Тухайн хүн ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа л бол чи дагах ёстой. Өөрийнхөө туршлагаар дамжуулан түүний туршлагыг мэдэр, тэгээд чи бүр ч өндөр зүйлсийг хүлээж авна. Ингэснээр чи илүү хурдан ахиц гаргана. Энэ бол хүний төгс болгуулах зам, амиа өсгөдөг арга зам юм. Чи Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар төгс болгуулах замд хүрдэг. Чамайг төгс болгохын тулд Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулж ажиллахыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, үйл явдал, эсвэл зүйлээр дамжуулан Тэр чамд юмсыг олж авч эсвэл харах боломж олгохыг ч мэдэхгүй. Хэрвээ чи энэ зөв замд алхан орж чадвал чамд Бурханаар төгс болгуулах асар их найдлага байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь баргар, гэрэлгүй гэдгийг энэ нь харуулдаг. Зөв замд ормогцоо чи бүх зүйл дээр илчлэл олж авна. Ариун Сүнс бусдад юу илчилдэг байх нь хамаагүй, хэрвээ чи тэдний мэдлэгт үндэслэн аливааг өөрөө туулж мэдэрвэл энэ туршлага амийн чинь нэг хэсэг болох ба энэ туршлагаасаа бусдыг хангаж чадна. Үгийг тоть шиг давтаж бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага, мэдлэгийн тухай ярьж эхлэхээсээ өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд илүү их ашиг тустай байх болно. Чи Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагаж ийм маягаар туршлагажих хэрэгтэй. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлээс хичээл сурах хэрэгтэй, тэгвэл чиний амь өснө. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц гаргадаг.

Ариун Сүнс бодит туршлагаар чинь дамжуулан чамайг гэгээрүүлж, итгэлээр чинь дамжуулан төгс болгодог. Чи төгс болгуулахыг үнэхээр хүсэж байна уу? Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол махан биеэ хаях зоригтой, Бурханы үгийг хэрэгжүүлж чаддаг, мөн идэвхгүй эсвэл сул дорой биш байх болно. Чи Бурханаас ирдэг юм бүхэнд дуулгавартай байж чаддаг, ил, далд хийдэг бүх үйлдэл чинь Бурханд харуулахуйц байх болно. Хэрвээ чи үнэнч шударга бөгөөд бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлдэг бол төгс болгуулна. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар авирладаг зальжин хүмүүс төгс болгуулах хүсэлгүй байдаг. Тэд бүгдээрээ мөхөл болон сүйрлийн хүүхдүүд билээ; тэд Бурханд биш, харин Сатанд харьяалагддаг. Тэд бол Бурханы сонгодог төрлийн хүн биш! Хэрвээ чиний үйлдэл, зан авир Бурханы өмнө үзүүлж, Бурханы Сүнс шинжилж болохооргүй бол энэ нь чамд асуудал байгаагийн баталгаа юм. Чи Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, зан чанарынхаа өөрчлөлтөд санаа тавьсан цагт л төгс болгуулах замд хөл тавьж чадна. Бурханаар төгс болгуулж, Бурханы хүслийг гүйцэтгэхийг үнэхээр хүсэж байгаа бол гомдлын ганц ч үг ган хийхгүй, Бурханы ажлыг үнэлэх буюу шүүж зүрхлэхгүйгээр Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах хэрэгтэй. Эдгээр нь Бурханаар төгс болгуулах наад захын шаардлагууд юм. Бурханаар төгс болгуулахаар эрж хайдаг хүмүүсээс шаарддаг хамгийн чухал шаардлага бол бүх зүйлийг Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр үйлдэх юм. “Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр үйлдэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь чиний бүх үйлдэл, зан авир Бурханы өмнө үзүүлж болохуйц байна гэсэн үг. Зөв санаа зорилготой учраас үйлдэл чинь зөв ч бай, буруу ч бай, тэрийгээ Бурханд юм уу ах, эгч нартаа харуулахаас айхгүй байж, чи Бурханы өмнө тангараг өргөж зүрхэлдэг. Чи Бурханаар шинжүүлэхийн тулд санаа зорилго, бодол, санаа болгоноо Түүний өмнө үзүүлэх ёстой; ийм маягаар хэрэгжүүлж, орох юм бол чиний амийн ахиц дэвшил хурдан байх болно.

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлээр үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байх бус уу? Байлдан дагуулах ажил хийх Миний зорилго бол гагцхүү байлдан дагуулалтын төлөө байлдан дагуулах бус, харин зөв шударга байдал ба зөв шударга бус байдлыг илчлэх, хүнийг шийтгэх нотолгоо олж авах, хорон мууг яллах, түүнчлэн дуртайяа дуулгавартай дагадаг хүмүүсийг төгс болгохын төлөө байлдан дагуулах явдал билээ. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ангилагдах бөгөөд төгс болгуулдаг хүмүүсийн бодол, санаа нь ч дуулгавартай байдлаар дүүрдэг. Энэ нь эцэстээ гүйцэлдэх ёстой ажил юм. Харин үйлдэл болгон нь тэрслүү хүмүүс шийтгүүлж, мөнхийн хараалын объект, галд шатаагдахаар хаягдах болно. Тэр цаг ирэхэд өнгөрсөн эрин үеийн “агуу агаад мохошгүй баатрууд” хамгийн адгийн, хамгийн их адлагдсан “үхээнц, сул дорой хулчгарууд” болно. Зөвхөн энэ л Бурханы зөвт байдлын бүх талыг, хүний халдаж чадахгүй Түүний зан чанарыг харуулж чадна. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намдааж чадна. Энэ бүхэн үндэслэлтэй гэдэгтэй та нар санал нийлэхгүй гэж үү?

Ариун Сүнсний ажлыг туулдаг хүн бүр амь олж авч чаддаггүй, энэ урсгалд буй хүмүүс ч бас амь олж авч чаддаггүй. Амь бол бүх хүний хуваалцдаг нийтийн өмч биш бөгөөд зан чанарын өөрчлөлт нь хүн бүхний хялбар хүрдэг зүйл биш билээ. Бурханы ажилд захирагдах нь бодитой байх ёстой бөгөөд амьдран харуулдаг байх ёстой. Дан ганц өнгөн дээрээ захирагдаад Бурханы сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд зан чанараа өөрчлөх гэж эрж хайлгүйгээр Бурханы үгийн өнгөц талуудыг дуулгавартай дагах төдий байх нь Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх биш юм. Бурханд дуулгавартай байх болон Бурханы ажилд захирагдах нь яг адилхан юм. Бурханд л захирагдаад, Түүний ажилд захирагддаггүй хүмүүсийг дуулгавартайд тооцож болохгүй, үнэнээсээ захирагддаггүй атлаа гаднаа зулгуйдан зусарддаг хүмүүсийг бүр ч тооцож болохгүй. Бурханд үнэнээсээ захирагддаг хүмүүс бүгдээрээ ажлаас нь хүртэж, Бурханы зан чанар болон ажлын талаарх ойлголтод хүрдэг. Зөвхөн ийм л хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг. Ийм хүмүүс шинэ ажлаас шинэ мэдлэг олж авч, мөн үүнээс шинэ өөрчлөлтийг туулж чаддаг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан сайшаадаг; ийм хүмүүс л төгс болгуулдаг, зан чанараа өөрчилсөн хүмүүс билээ. Бурханы сайшаадаг хүмүүс нь Бурханд, түүнчлэн Түүний үг болон ажилд баяртайяа захирагддаг хүмүүс юм. Зөвхөн ийм хүмүүс л зөв; ийм хүмүүс л Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж, Бурханыг чин сэтгэлээсээ эрж хайдаг. Аман дээрээ л Бурханд итгэдгээ ярихаас биш, мөн чанартаа Түүнийг хараадаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд нар бол баг зүүж, могойн хор агуулсан, хамгийн хар санаатай хүмүүс юм. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ адгийн амьтдын бузар багийг хуу татаж хаяна. Энэ өнөөдөр хийгдэж буй ажил бус уу? Хорон муу хүмүүс үргэлж хорон муу байх бөгөөд шийтгэлийн өдрөөс хэзээ ч зугтахгүй. Сайн хүмүүс ямагт сайн байх бөгөөд Бурханы ажил төгсгөлдөө ирэхэд илчлэгдэнэ. Хорон муу хүмүүсийн нэг нь ч зөв шударга гэж тооцогдохгүй, зөв шударга хүмүүсийн нэг нь ч хорон муу гэж тооцогдохгүй. Ямар ч хүн хилсээр яллагдан зогсохыг Би зөвшөөрнө гэж үү?

Амь чинь ахиж дэвшихийн хэрээр чи үргэлж шинэ оролттой, илүү өндөр, шинэ мэдлэг ухаантай байх ёстой ба энэ нь алхам бүрд гүнзгийрч байдаг. Энэ нь бүх хүний орох ёстой зүйл юм. Ярилцсанаар, сургаал сонссоноор, Бурханы үгийг уншсанаар, эсвэл тодорхой хэрэг явдлыг зохицуулснаар чи шинэ мэдлэг ухаан, шинэ гэгээрэл олж авч, хуучны дүрмээр, хуучин цагт амьдрахгүй, үргэлж шинэ гэрэлд амьдрах ба Бурханы үгээс гажихгүй. Үүнийг зөв замд орох гэж хэлдэг. Аль нэг өнгөцхөн түвшинд төлөөс төлөөд нэмэргүй. Бурханы үг өдрөөс өдөрт улам өндөр хүрээнд орж өдөр бүр шинэ зүйлс гарч ирдэг. Хүн ч бас өдөр бүр шинэ оролт хийх ёстой. Бурхан ярингаа хэлсэн бүхнээ биелүүлдэг, чи хөл нийлүүлж чадахгүй бол ард хоцорно. Чи залбиралдаа илүү гүн орох ёстой; Бурханы үгийг идэж, уухаа тасалдуулж болохгүй. Хүлээн авдаг гэгээрэл, гэрэлтүүлэлтээ гүнзгийрүүл, тэгвэл үзэл, төсөөлөл чинь аажмаар багасах ёстой. Чи шүүмжээ сайжруулах ёстой, чамд юу ч тулгарсан бай, энэ талаар өөрийн гэсэн бодол, үзэл бодолтой байх ёстой. Сүнсэн дэх зарим зүйлийг ойлгосноор чи гадаад зүйлсийн талаар мэдэж авч, аливаа асуудлын мөн чанарыг ухаж ойлгох ёстой. Хэрвээ чи эдгээрээр зэвсэглээгүй бол чуулганыг яаж удирдаж чадах юм бэ? Хэрвээ чи ямар ч бодит байдал, хэрэгжүүлэлтийн замгүйгээр зөвхөн бичиг үсэг, хоосон сургаалын талаар ярьдаг бол хэсэгхэн хугацаанд л хийж дөнгөнө. Шинэ итгэгчдэд ярихад энэ нь бага зэрэг боломжийн байж магадгүй боловч хэсэг хугацааны дараа шинэ итгэгчид зарим нэг бодит туршлагатай болох үед чи тэднийг хангаж чадахаа болино. Тэгэхээр чи Бурханаар ашиглуулахад яаж тохирох юм бэ? Шинэ гэгээрэлгүйгээр чи ажиллаж чадахгүй. Шинэ гэгээрэлгүй хүмүүс нь яаж туршлагажихаа мэддэггүй хүмүүс бөгөөд ийм хүмүүс хэзээ ч шинэ мэдлэг, шинэ туршлага олж авдаггүй. Мөн амийг хангах асуудлын тухайд гэвэл, тэд өөрсдийн үүргийг хэзээ ч гүйцэтгэж чадахгүй, бас Бурхан ашиглахад тохиромжтой болж ч чадахгүй. Ийм төрлийн хүн бол ямар ч хэрэггүй, гологдол төдий юм. Үнэндээ ийм хүмүүс ажил дахь үүргээ огт гүйцэтгэх чадваргүй, бүгд ямар ч хэрэггүй амьтад байдаг. Тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаад зогсохгүй, үнэндээ чуулганд ихээхэн хэрэггүй дарамт учруулдаг. Энэ “эрхэм өвгөдийг” яаравчлан чуулганаас яв, тэгвэл бусад хүн чамайг харах хэрэггүй болно гэж Би шавдуулдаг. Ийм хүмүүс шинэ ажлын талаар ямар ч ойлголтгүй боловч тоймгүй их үзлээр дүүрэн байдаг. Тэд чуулганд ямар ч үүрэг гүйцэтгэдэггүй; харин ч хутган үймүүлж, газар сайгүй сөрөг байдлыг түгээж, тэр ч байтугай элдэв төрлийн буруу хэрэг хийж, чуулганд үймээн тарьж, тэгснээр ялган таних чадвар дутмаг хүмүүсийг төөрөлдүүлж, будилуулдаг. Энэ амьд диаволууд, энэ ёрын муу сүнснүүд чуулганаас аль болох хурдан явах ёстой, чамаас болж чуулган сүйдэх вий. Чи өнөөдрийн ажлаас айдаггүй байж болно, гэхдээ маргаашийн зөвт шийтгэлээс айхгүй байна гэж үү? Чуулганд бусдыг сорон мөлждөг маш олон хүн, бас Бурханы хэвийн ажилд саад хийх гэж оролддог асар олон чоно бий. Эдгээр нь бүгдээрээ чөтгөрийн хааны явуулсан чөтгөрүүд, мэдлэггүй хургануудыг залгих гэж оролддог хэрцгий чононууд юм. Эдгээр хүн гэгчийг хөөн зайлуулахгүй бол тэд чуулган дахь шимэгч хорхой, тахил цөлмөдөг хивэн хорхой болно. Энэ жигшмээр, мунхаг, адгийн, ой гутам өт хорхойнууд шийтгэгдэх өдөр эрт орой хэзээ нэг цагт ирэх л болно!

Өмнөх: Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог

Дараах: Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх