38-р бүлэг

Хүний туулсан зүйлд Миний ямар нэг ул мөр хэзээ ч байгаагүй, Миний үгийн удирдамж хэзээ ч байгаагүй. Үүний үр дүнд Би хүнийг үргэлж хол байлгасан ба дараа нь түүнийг орхиж явсан. Би хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг жигшдэг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй; Би анхнаасаа хүнийг үзэн ядсан мэт санагддаг боловч тэднийг ихэд өрөвддөг. Тиймээс хүмүүс Надад үргэлж хоёр янзаар хандаж ирсэн—учир нь Би хүнийг хайрладаг, бас үзэн яддаг. Хүмүүсийн дундаас хэн Миний хайрыг үнэхээр хайхардаг вэ? Хэн Миний үзэн ядалтыг үнэхээр хайхардаг вэ? Миний нүдэнд хүн бол бүх зүйлийн дундах нэг шавар баримал мэт амьгүй, үхмэл зүйл. Хүн дуулгаваргүй байдлаасаа болж Миний уурыг байн байн хүргэдэг. Хүмүүсийн дунд амьдарч байхад, тэд Намайг үргэлж зориуд “эрж хайдаг” учраас гэнэт ирэх үед минь үл ялиг инээмсэглэн, Би газар дээр хүмүүстэй тоглож байгаа мэт байдаг. Тэд хэзээ ч Намайг нухацтай авч үздэггүй ба Надад хандах хандлагаас нь болоод Би хүн төрөлхтний “ажлын хэсгээс” “тэтгэвэрт гарахаас” өөр аргагүй болдог. Гэхдээ, Би “тэтгэвэрт гарсан” хэдий ч Миний “тэтгэврээс” ганц ч зоос дутаж болохгүй гэдгийг Би хэлмээр байна. Хүн төрөлхтний “ажлын хэсэгт” “ажилласан жил”-ээсээ үүдэн Би тэднээс Надад өгөх ёстой төлбөрийг шаардсаар байдаг. Хэдийгээр тэд намайг орхисон ч Миний гараас зугтаж яаж чадах юм бэ? Би нэгэнтээ хүмүүсийг барих барьцаа тодорхой хэмжээнд сулруулж, махан биеийнхээ хүсэлд дураараа ташуурах боломж олгосон—үүнээс болоод тэд эрээ цээргүй цадиггүй авирлаж зүрхэлсэн ба бүгд махан биед амьдарч байгаа учраас Намайг үнэхээр хайрладаггүй гэдгийг үүнээс харж болно. Жинхэнэ хайрыг махан биеийн хариуд өгдөг юм гэж үү? Хүнээс Миний шаарддаг бүхэн махан биеийн “хайр” төдий юм гэж үү? Хэрвээ үнэхээр тийм байсан бол хүнд ямар үнэ цэн байх юм бэ? Хүмүүс бүгд хэрэггүй новш! Надад тэвчээрийн “онцгой хүч” байгаагүй сэн бол Би хүнийг аль хэдийн орхих байсан юм—“дээрэлхүүлэхийн” тулд тэдэнтэй хамт үлдэж яах сан билээ? Гэсэн ч Би тэвчдэг. Би хүний “бизнес”-ийн учрыг олохыг хүсдэг. Газар дээрх Миний ажил дуусмагц Би бүх зүйлийн “эзэн”-ийг шүүхийн тулд тэнгэр өөд өндөрт гарна; энэ бол Миний үндсэн ажил, учир нь хүнийг жигших жигшил минь аль хэдийн тодорхой хэмжээнд хүрсэн. Дайснаа үзэн яддаггүй хэн байх билээ? Дайснаа устгахгүй хэн байх билээ? Тэнгэрт Сатан Миний дайсан; газар дээр хүн Миний өстөн. Тэнгэр, газрын хоорондох нэгдлээс үүдэн Би тэднийг ес дэх үеэ хүртэл бүгд буруутай гэж үздэг бөгөөд ганц нь ч өршөөгдөхгүй. Намайг эсэргүүц гэж хэн тэдэнд хэлсэн юм бэ? Надад дуулгаваргүй бай гэж хэн тэдэнд хэлсэн юм бэ? Хүмүүс яагаад хуучин уг чанарынхаа ужиг хүлээсийг тастах чадваргүй байдаг юм бэ? Яагаад тэдний махан бие дотроо үргэлж томорч байдаг юм бэ? Энэ бүхэн нь хүнийг шүүх шүүлтийн минь нотолгоо юм. Бодит баримтад бууж өгөхгүй байж хэн зүрхлэх билээ? Миний шүүлт сэтгэл хөдлөлд автдаг гэж хэн хэлж зүрхлэх билээ? Би хүнээс өөр тул түүнийг орхидог, учир нь Би бол зүгээр л хүн төрөлхтний нэг биш.

Миний хийдэг бүхэнд үндэслэл, суурь байдаг; хүн Надад “үнэн баримтуудыг” өөрийн амаар “илчлэх” үед хүн төрөлхтний гэмт хэрэг Миний гэсгээлтийг хүртэхэд хангалттай болохоор Би тэднийг “цаазын тавцан” руу дагалдан явдаг. Иймээс Би хүмүүст сохроор гэсгээлт оноодоггүй, харин гэмт хэргийнх нь жинхэнэ нөхцөл байдалд нийцүүлэн хүмүүсийг гэсгээдэг. Тэгэхгүй бол тэрслүү байдлынхаа улмаас хүмүүс хэзээ ч Надад бөхийн ёсолж, буруугаа хүлээхгүй байх байсан. Өнөөгийн нөхцөл байдлаас болоод хүмүүс бүгд дурамжхан толгой бөхийдөг боловч зүрх сэтгэлдээ үнэмшээгүй хэвээр үлддэг. Би хүмүүст уулгахаар “барийн хоол” өгсөн тул тэдний дотор эрхтэн “дурангийн” өмнө тодорхой харагддаг. Хүмүүсийн гэдсэн доторх бузар заваан юм арилаагүй; тэдний венийн судсаар элдэв янзын бохир зүйл урсдаг тул тэдний бие доторх хор улам ихэсдэг. Хүмүүс ийм нөхцөл байдалд маш олон жил амьдарсан учраас тэд үүнд дасаж, үүнийг хачин гэж үзэхээ больсон. Үүний үр дүнд тэдний бие доторх нян боловсорч гүйцэн, уг чанар нь болдог ба хүн бүр тэдгээрийн эрхшээл дор амьдардаг. Ийм учраас хүмүүс зэрлэг адуу мэт хаа сайгүй гүйлддэг. Гэсэн ч тэд үүнийг хэзээ ч бүрэн хүлээн зөвшөөрдөггүй; зүгээр л үг дуугүй хүлээн зөвшөөрснөө илэрхийлэхийн тулд толгой дохидог. Үнэндээ хүн Миний үгийг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Хэрвээ тэд Миний үгийг сайн эм гэж үзсэн бол “эмчийн зааврыг дагаж”, доторх өвчнөө энэ эмээр эдгээх байсан юм. Гэхдээ Миний оюун ухаанд, тэдний авирладаг байдал энэ хүслийг биеүүлж чадахгүй тул Би зөвхөн “шантрахгүй байж”, сонссон ч бай, үгүй ч бай тэдэнтэй үргэлжлүүлэн ярьж л чадна: Би үүргээ л биелүүлж байгаа. Хүн Миний ерөөлийг эдлэхийг хүсдэггүй, харин тамын тарчлааныг туулахыг илүүд үздэг—иймээс Би тэдний хүсэлтийг зөвшөөрч л чадна. Гэвч, Өөрийн нэр болон Өөрийн Сүнсийг тамд шившиглэхгүйн тулд Би эхлээд тэднийг сахилгажуулж, дараа нь тэдний хүсэлтийг “дуулгавартай дагаж”, тэднийг “баяр хөөрөөр дүүргэнэ.” Миний далбаан дор явангаа хаана ч, хэдийд ч Намайг шившиглэхийг Би хүнд зөвшөөрөхийг хүсдэггүй, ийм учраас Би түүнийг ахин дахин сахилгажуулдаг. Миний хатуу чанд айлдварын хязгаарлалт байгаагүй бол хүн өнөөдрийг хүртэл Миний өмнө зогссоор байж яаж чадах юм бэ? Хүмүүс Намайг явна гэж айсандаа л нүглээс татгалздаг бус уу? Тэд гэсгээлтээс айсандаа л гомдоллодоггүй гэдэг нь үнэн бус уу? Гагцхүү Миний төлөвлөгөөний төлөө шийдвэр гаргадаг хүн байна уу? Хүмүүс бүгд Намайг “оюуны чадавх” дутмаг бурханлаг чанартай гэж боддог боловч хүн чанараараа бүх зүйлийг нэвт шувт харж чадна гэдгийг минь хэн ухаарч чадах билээ? Хүмүүсийн хэлдгээр “Хадаас хадахад яах гэж лантуу ашиглана гэж?” Хүмүүс төрөлхөөсөө Намайг хайрладаг юм биш, харин гэсгээлтээс айсандаа Намайг “хайрладаг”. Хүмүүсийн дундаас хэн Намайг хайрладаг төрсөн бэ? Намайг өөрсдийнхөө зүрх сэтгэл шиг үздэг хэн байна вэ? Иймээс Би үүнийг хүний ертөнцийн онч үгээр нэгтгэн дүгнэж хэлье: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй.

Хүмүүс Надаар хол шидэгдэж, зах хязгааргүй далайд унах вий гэсэндээ Би газар дээрх Өөрийн ажлыг төгсгөлд нь аваачихыг хүсдэг учраас л ажлынхаа хурдыг ийнхүү түргэсгэсэн. Би тэдэнд аливаа хэрэг явдлын үнэн мөнийг урьдчилан хэлсэн болохоор л тэд бага зэрэг сэрэмжтэй байдаг. Хэрвээ ингээгүй бол тэнгэр муухайрах гэж байхад хэн дарвуулаа өргөх юм бэ? Хүн бүр сэрэмжлэн ажиллаж байгаа. Тэдний зүрх сэтгэлд Би дээрэмчин болсон мэт байдаг. Би гэрээс нь бүх зүйлийг хураан авна гэдгээс тэд айдаг тул бүх хүч чадлаа дайчлан “хаалгаа” түлхэж, Намайг гэнэт эвдээд ороод ирэх вий гэдгээс үхтлээ айдаг. Хулчгар хархнууд шиг авирлахыг нь харах үедээ Би чимээгүйхэн орхин явдаг. Хүмүүсийн төсөөллөөр ертөнц сөнөх гэж байгаа мэт санагддаг тул бүгд сандран зугтаж, ухаан алдталаа айдаг. Тэр үед л Би хий үзэгдлүүд газар дээр хаа сайгүй хэрэн тэнүүчилж байгааг хардаг. Би өөрийн эрхгүй инээдэг бөгөөд Миний инээх дуунд хүн мэл гайхаж, балмагддаг. Тэр үед л Би хэрэг явдлын үнэн мөнийг ухаардаг тул Өөрийн инээмсэглэлээ барьж, газар дээр тохиолдож буй зүйлийг харахаа болиод, үүний оронд Өөрийн анхдагч төлөвлөгөөний дагуу ажилдаа буцан ордог. Хүмүүс хог хаягдлаас цаашгүй учраас Би хүмүүсийг Миний судалгааны загвар болон үйлчлэх үлгэр дуурайл хэмээн үзэхээ больсон. Намайг хаямагц тэд ямар ч хэрэггүй болно—тэд бол хэсэг хаягдал. Энэ удаа Би тэднийг үндсээр нь устгаж, гал руу шиднэ. Хүмүүсийн оюун ухаанаар бол, Миний шүүлт, сүр жавхлан, уур хилэн дотор Миний өршөөл, хайр энэрэл агуулагддаг. Гэхдээ Би тэдний сул талуудыг хэдийнээ үл тоомсорлож, Өөрийн өршөөл, хайр энэрлийг аль хэдийн буцаан авсан гэдгийг тэд мэддэггүй, тийм ч учраас тэд одоогийн энэ байдалдаа байгаа юм. Нэг ч хүн Намайг мэдэж чадахгүй, мөн Миний үгийг ойлгож, Миний царайг харж, эсвэл Миний хүслийг ухан ойлгож ч чаддаггүй. Энэ нь хүний одоогийн байгаа байдал биш гэж үү? Тэгвэл Намайг өршөөл, хайр энэрэлтэй гэж хэлж яаж болох юм бэ? Би хүний сул талуудыг тоодоггүй ба хангалтгүй байдлыг нь “анхааралдаа авдаггүй.” Энэ нь мөн л Миний өршөөл, хайр энэрэл юм гэж үү? Эсвэл хүмүүсийг гэх Миний хайр юм гэж үү? Хүмүүс бүгд Намайг “хий дэмий эелдэг үг” хэлдэг гэж боддог тул Миний хэлсэн үгэнд итгэдэггүй. Гэхдээ, “Энэ нь өөр эрин тул Миний өршөөл, хайр энэрэл одоо байдаггүй; гэвч Би бол үүрд хэлснээ хийдэг Бурхан” гэдгийг мэддэг хүн байна уу? Хүн төрөлхтний дунд байхад минь хүмүүс оюун ухаандаа Намайг Хамгийн Дээд гэж үздэг тул Намайг мэргэн ухаанаараа ярих дуртай гэж боддог. Үүнээс болоод тэд Миний үгэнд үргэлж хагас хугас итгэдэг. Гэхдээ Миний үгийн ар дахь дүрэм журмыг ухаарч чадах хүн байна уу? Эсвэл Миний үгийн эх сурвалжийг ухаарч чадах хүн байна уу? Үнэндээ юу биелүүлэхийг хүсэж байгааг минь ухан ойлгож чадах хүн байна уу? Эсвэл Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн нарийн учрыг нэвт харж чадах хүн байна уу? Хэн Миний итгэмжит хүн болж чадах вэ? Бүх зүйлийн дотроос Надаас өөр хэн яг юу хийж байгааг минь мэдэж чадах вэ? Мөн хэн Миний эцсийн зорилгыг мэдэж чадах вэ?

1992 оны 4 дүгээр сарын 30

Өмнөх: 37-р бүлэг

Дараах: 39-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх