Төгс Хүчитийн санаа алдалт

Чи гэрэлгүй ертөнцөд амьдарсаар ирсэн тул чиний зүрх сэтгэлд асар том нууц байгааг хэзээ ч анзаарч байгаагүй. Зүрх сэтгэл, сүнсийг чинь муу ёрын нэгэн булаан авчихсан. Нүд чинь харанхуйд халхлагдаад тэнгэрийн нарыг ч, шөнийн огторгуйд анивчих тэр одыг ч харж чаддаггүй. Чих чинь хууран мэхэлсэн үгээр дүүрээд Еховагийн нүргэлсэн дуу хоолойг ч, сэнтийгээс урсах их усны чимээг ч сонсдоггүй. Өөрт байх ёстой бүхнээ, Төгс Хүчитийн хайрласан бүхнийг чи алдчихсан. Чи өөрийгөө аврах хүч чадалгүй, амьд гарах найдлагагүйгээр эцэс төгсгөлгүй зовлонгийн далайд орчхоод тэмцэж, тэвдэн гүйхээс өөрийг хийдэггүй… Тэр мөчөөс эхлээд чи ёрын муу нэгэнд хорлогдож, Төгс Хүчитийн ерөөлөөс холдож, Төгс Хүчитийн хангалтаас салж, эргэж буцалтгүй замаар алхах тавилантай болсон. Сая дуудлага ч зүрх сэтгэл, сүнсийг чинь сэрээж бараг чадахгүй. Чамайг зүг чиггүй, замын тэмдэггүй эх захгүй ертөнцөд уруу татаж оруулсан ёрын муу нэгний гарт чи дугжирдаг. Энэ үеэс хойш чи анхдагч гэм зэмгүй, цэвэр байдлаа алдаж, Төгс Хүчитийн халамжаас зайлсхийж эхэлсэн. Ёрын муу нэгэн чиний зүрх сэтгэлд бүх хэрэг явдлыг залж чиглүүлэн, чиний амь болсон. Чи түүнээс айж, зайлсхийж, түүнд эргэлзэхээ больсон; харин ч зүрх сэтгэлдээ түүнийг бурхан мэт үздэг. Чи түүнийг тахиж, шүтэж эхэлсэн бөгөөд та хоёр бие, сүүдэр хоёр шиг салшгүй болж, хамт амьдарч, үхнэ гэж амлажээ. Чи хаанаас ирсэн, яагаад төрсөн, яагаад үхэхээ огт мэддэггүй. Чи Төгс Хүчитийг танихгүй нэгэн мэтээр хардаг; чи Түүний гарал үүслийг мэддэггүй, чиний төлөө хийсэн бүхнийг нь бүр ч мэддэггүй. Түүнээс ирдэг бүхэнд чи хорсох болсон; үүнийг нь нандигнадаггүй, үнэ цэнийг нь ч мэддэггүй. Төгс Хүчитийн хангалтыг хүлээн авсан өдрөөсөө эхлээд чи муу ёрын нэгний хажууд алхдаг. Чи муу ёрын нэгний хамтаар олон мянган жил ширүүн бороо, догшин шуургыг туулсан бөгөөд амийн чинь эх сурвалж байсан Бурханы эсрэг түүнтэй хамт зогсдог. Чи гэмшлийн талаар юу ч мэддэггүй, мөхлийн ирмэгт ирсэн гэдгээ бүр ч мэддэггүй. Муу ёрын нэгэн чамайг уруу татаж, зовоосон гэдгийг чи мартчихаж; эхэн үеэ чи мартчихжээ. Муу ёрын нэгэн өнөөдрийг хүртэл чамайг ингэж алхам алхмаар зовоожээ. Зүрх сэтгэл, сүнс чинь мэдээ алдаж, доройтсон. Чи хүний ертөнцийн гаслан зовлонгийн талаар гомдоллохоо больсон; дэлхий ертөнц бол шударга бус гэж бодохоо ч больсон. Төгс Хүчит оршин байдаг эсэхийг бүр ч тоодоггүй. Яагаад гэвэл, чи муу ёрын нэгнийг аль хэдийн жинхэнэ эцгээ гэж үзчихээд түүнээс хагацаж чаддаггүй. Энэ бол зүрх сэтгэлийн чинь доторх нууц юм.

Үүр цайхад үүрийн цолмон зүүн зүгт гялалзаж эхэлдэг. Энэ бол урьд нь хэзээ ч байгаагүй од бөгөөд тайван амгалан, сүүмэлзсэн тэнгэрийг гэрэлтүүлж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх бөхсөн гэрлийг дахин асаадаг. Энэхүү гэрлийн ачаар хүмүүс ганцаардахаа больж, энэ нь чам дээр ч, бусад дээр ч адилхан тусдаг. Гэсэн ч чи ганцаараа харанхуй шөнө бөх унтсаар үлддэг. Чи ямар ч чимээ сонсдоггүй, ямар ч гэрэл хардаггүй; шинэ тэнгэр газар, шинэ эрин үе ирснийг мэддэггүй, учир нь эцэг чинь чамд “Үр минь, битгий бос, бас л эрт байна. Цаг агаар хүйтэн байгаа болохоор гадаа бүү гар, илд, жад нүдийг чинь сүлбэх вий” гэж хэлдэг. Чи эцгийнхээ сануулгад л итгэдэг, учир нь эцэг чинь чамаас ахмад, мөн чамайг ихэд хайрладаг болохоор чи гагцхүү эцгийн чинь зөв гэдэгт итгэдэг. Ийм сануулга, ийм хайр нь дэлхий ертөнцөд гэрэл байдаг хэмээх домогт итгэхийг чинь болиулдаг; энэ дэлхийд үнэн оршсоор байдаг эсэхийг хайхрахгүй болгодог. Чи Төгс Хүчитээр авруулна гэж горьдож зүрхлэхээ больдог. Чи байгаа байдалдаа сэтгэл ханаж, гэрэл гарч ирэхийг хүлээхээ больж, домогт өгүүлсэнчлэн Төгс Хүчитийн залран ирэхийг харуулдан хүлээхээ больдог. Чиний хувьд гэвэл, үзэсгэлэнтэй сайхан бүхэн дахин сэргэж, оршин тогтнох боломжгүй. Чиний нүдээр бол хүн төрөлхтний маргааш, хүн төрөлхтний ирээдүй зүгээр л үгүй болж, ор мөргүй арилдаг. Чи эцгийнхээ хувцаснаас бүх чадлаараа зуурч, бэрхшээл зовлонг нь хуваалцахад бэлэн байж, замын ханиа болон алсын аяныхаа зүг чигийг алдахаас ихэд айдаг. Өргөн уудам агаад будант хүний ертөнц энэ дэлхийн өөр өөр үүргийг туйлбартай, аймшиггүйгээр биелүүлдэг та нарыг олноор бий болгожээ. Үхлээс огт айдаггүй олон “дайчныг” бүтээжээ. Түүнээс гадна, энэ нь бүтээлийнхээ зорилгыг мэддэггүй, мэдээ алдаж, саажсан хүмүүсийг бөөн бөөнөөр нь бий болгосон юм. Төгс Хүчитийн нүд гүнээ шаналсан хүн нэг бүрийг хардаг. Зовж байгаа хүмүүсийн уйлааныг Тэр сонсож, зовлонд нэрвэгдсэн хүмүүсийн ичгүүргүй байдлыг харж, авралын нигүүлслийг алдсан хүн төрөлхтний аргаа барсан байдал, айдас хүйдсийг мэдэрдэг. Хүн төрөлхтөн Түүний халамжаас татгалзаж, өөрсдийнхөө замаар алхахаар сонгож, Түүний нүдний ажиглалтаас бултахаар оролдож, дайсантай хамт гүн тэнгисийн гашуун амтыг эцсийн ганц дуслыг нь хүртэл амтлахыг илүүд үздэг. Төгс Хүчитийн санаа алдалт хүнд сонсогдохоо больсон; Төгс Хүчитийн гар энэхүү эмгэнэлт хүмүүсийг илбэхийг хүсэхээ больсон. Тэрээр удаа дараа буцаан барьж аваад, удаа дараа дахиад л алддаг, Түүний хийдэг ажил ийнхүү давтагддаг. Тухайн мөчөөс эхлээд Тэр ядарч, залхаж эхэлдэг тул хийж буй ажлаа зогсоож, хүн төрөлхтний дунд алхахаа больдог… Хүн эдгээр өөрчлөлтийн алийг нь ч огт мэддэггүй, Төгс Хүчитийн ирж, явж байгааг, мөн Түүний уйтгар гуниг, гансралыг мэддэггүй.

Энэ ертөнцийн бүх зүйл Төгс Хүчитийн бодлын дагуу, Түүний нүдэн дор хурдан өөрчлөгддөг. Хүн төрөлхтний хэзээ ч сонсож байгаагүй зүйлс гэнэтхэн ирж байхад хүн төрөлхтний эртнээс эзэмшсэн зүйлс мэдэгдэлгүйгээр алга болдог. Төгс Хүчитийн хаана байдгийг хэн ч ухан ойлгож чаддаггүй, Төгс Хүчитийн амийн хүчний ер бусын, агуу байдлыг мэдэрч бүр ч чаддаггүй. Хүмүүсийн ухамсарлаж чадахгүй зүйлийг ухамсарлаж чаддаг болохоороо Тэр ер бусын байдаг. Хүн төрөлхтөнд орхигдсон атлаа хүн төрөлхтнийг авардаг Нэгэн болохоороо Тэр агуу байдаг. Тэрээр амьдрал, үхлийн утга учрыг мэддэг, үүнээс гадна, бүтээгдсэн хүн төрөлхтний дагах ёстой оршин тогтнолын хуулийг мэддэг. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолын суурь, Тэр бол хүн төрөлхтнийг дахин амилуулдаг Золин аврагч юм. Тэрээр Өөрийн ажлын төлөө, Өөрийн төлөвлөгөөний төлөө аз жаргалтай зүрх сэтгэлийг уй гашуугаар дарж, уй гашуутай зүрх сэтгэлийг аз жаргалтай болгодог.

Төгс Хүчитийн амийн хангалтаас холдсон хүмүүс оршин тогтнолын зорилгыг мэддэггүй хэдий боловч үхлээс эмээдэг. Тэд тусламж, дэмжлэггүй байдаг атлаа нүдээ аних дургүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр өөрийн сүнсийг мэдэрдэггүй махан биед өөдгүйгээр оршин тогтнохын тулд өөрсдийгөө хатамжилдаг. Чи ийм маягаар итгэл найдваргүй, тэр ч тийм маягаар зорилгогүй амьдардаг. Зовлонгийнхоо дунд ёолон, Өөрийнх нь ирэхийг цөхрөнгөө баран хүсэн хүлээж байгаа хүмүүсийг үлгэр домгийн Ариун Нэгэн л аварна. Одоог хүртэл, ухаан алдсан хүмүүст ийм итгэл биеллээ олоогүй. Гэсэн ч хүмүүс ингэж хүсэн эрмэлзсээр байдаг. Гүнээ зовсон энэ хүмүүсийг Төгс Хүчит Нэгэн өршөөдөг; үүний зэрэгцээ, хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээх ёстой байсан тул ухаан алдсан энэ хүмүүсээс Тэр залхсан. Тэр эрж хайхыг хүсдэг, зүрх сэтгэл, сүнсийг чинь эрж хайн, чамайг цаашдаа өлсөж, цангахгүй байгаасай гэсэндээ чамд ус, хоол хүнс авчирч, чамайг сэрээхийг хүсдэг. Эцэж ядран, энэ дэлхийн зэврүүн хоосролын заримыг мэдэрч эхлэх үедээ бүү төөрөлд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Харгалзагч, чамайг хэдийд ч ирсэн тэврэн авна. Тэр хажууд чинь чамайг ажиглаж, эргэж буцахыг чинь хүлээж байгаа. Бурханаас ирсэн гэдгээ, мөн хэдийд ч юм зүг чигээ алдаж, хэдийд ч юм замдаа ухаан балартаж, хэдийд ч юм “эцэгтэй” болсон гэдгээ ухаарахыг чинь; түүнчлэн Төгс Хүчит эргэн ирэхийг чинь харуулдан хүлээж байсан гэдгийг ухааран, гэнэтхэн ой санамжаа сэргээх өдрийг чинь Тэр хүлээж байна. Тэрээр цөхөрсөн мөрөөсөлтэйгөөр ажигласаар, хариултгүй хариуг хүлээсээр ирсэн. Түүний ажиглалт, хүлээлт үнэлж баршгүй бөгөөд энэ нь хүний зүрх сэтгэл, сүнсний төлөө байдаг. Энэхүү ажиглалт, хүлээлт тодорхой бус хугацаатай байж магадгүй, мөн төгсгөлдөө хүрсэн байж ч магадгүй. Гэхдээ зүрх сэтгэл болон сүнс чинь яг одоо хаана байгааг чи мэдэх ёстой.

2003 оны 5 дугаар сарын 28

Өмнөх: Бурхан бол хүний амийн эх сурвалж

Дараах: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх