Бурхан бол хүний амийн эх сурвалж
Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс өөрийн үүргийг биелүүлж эхэлдэг. Бурханы төлөвлөгөө болон Түүний томилгооны төлөө чи үүрэг ролио биелүүлж, амьдралын аянаа эхэлдэг. Чиний яаж өсөж торнисон, урд чинь чамайг ямар аян хүлээж байгаа нь хамаагүй, Тэнгэрийн зохион байгуулалт, зохицуулалтаас хэн ч зайлж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь заяаг хянаж чаддаггүй, учир нь бүх зүйлийг захирдаг Тэр л ийм зүйл хийх чадвартай. Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн Бурхан хэзээд ийнхүү ажиллаж, орчлон ертөнцийг удирдан, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулийг болон шилжилт хөдөлгөөнийг нь чиглүүлж ирсэн билээ. Бүх зүйлийн адилаар хүн Бурханы чихэрлэг амт, бороо, шүүдрээр чимээгүйхэн, өөрийн мэдэлгүй тэжээгддэг; бүх зүйлийн адилаар хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдардаг. Хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханы гарт байдаг ба амьдралынх нь бүх зүйлийг Бурханы нүд хардаг. Үүнд итгэх үгүй чинь хамаагүй, амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм.
Шөнийн харанхуй сэмхэн ойртож байхад хүн мэддэггүй, учир нь шөнө хэрхэн нөмөрдгийг ч тэр, хаанаас ирдгийг ч тэр хүний зүрх сэтгэл ухамсарлаж чаддаггүй юм. Шөнө сэмхэн дайжин одоход хүн өдрийн гэрлийг угтан авдаг боловч гэрэл хаанаас ирснийг, шөнийн харанхуйг хэрхэн хөөснийг мэддэг ч үгүй, мэдэрдэг ч үгүй. Ээлжлэн солигдох өдөр, шөнө хүнийг нэг үеэс нөгөөд, түүхийн нэг нөхцөлөөс нөгөөд аваачихын хажуугаар цаг үе болгон дахь Бурханы ажил болон эрин үе бүрд зориулсан Түүний төлөвлөгөөг гүйцэлдүүлж ирсэн. Хүн эдгээр цаг үеийн турш Бурхантай хамт алхаж ирсэн атлаа Бурхан бүх зүйл болон амьд бодгалийн хувь заяаг захирдгийг, мөн Бурхан бүх зүйлийг хэрхэн зохион байгуулж, чиглүүлдгийг мэддэггүй. Балар эртний цаг үеэс өнөөдрийг хүртэл хүн үүнийг ухаараагүй явжээ. Үүний шалтгаан нь, Бурханы үйл хэрэг хэтэрхий нуугдмал байдагт бус, Бурханы төлөвлөгөө биелэх болоогүйдээ ч бус, харин хүний зүрх сэтгэл болон сүнс Бурханаас хэтэрхий хол байдаг учраас, тиймдээ ч хэдий Бурханыг дагаж байсан ч сатанд үйлчилсээр л байдаг бөгөөд үүнийгээ ч хүртэл мэддэггүйд оршиж байгаа юм. Бурханы мөр болон илрэлтийг хэн ч идэвхийлэн эрж хайдаггүй бөгөөд Бурханы халамж, хамгаалалт дор оршихыг хэн ч хүсдэггүй. Харин оронд нь тэд энэ хорвоо, хорон муу хүн төрөлхтний дагадаг оршин тогтнолын дүрэмд дасан зохицохын тулд ёрын муу нэгэн болох сатаны муу нөлөөнд түшиглэхийг хүсдэг. Энэ цаг үед хүн зүрх сэтгэл, сүнсээ Сатанд барих өргөл, Сатаны идэш тэжээл болгосон. Тэр ч бүү хэл хүний зүрх сэтгэл, сүнс нь Сатаны орогнож болох газар, зугаацахад тохиромжтой талбар болсон билээ. Тиймээс, хүн байх зарчим, хүний оршин тогтнолын үнэ цэн, утга учрын талаарх ойлголтоо хүн өөрөө ч мэдэлгүй гээдэг. Бурханы хууль, Бурхан, хүн хоёрын гэрээ хүний зүрх сэтгэлд аажмаар бүдгэрч, хүн Бурханыг эрж хайн, Бурханд анхаарал хандуулахаа больдог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн Бурхан яагаад өөрийг нь бүтээснийг, түүнчлэн Бурханы амнаас гарч байгаа үг болон Бурханаас гаралтай бүхнийг ч бас ойлгохоо больдог. Дараа нь хүн Бурханы хууль, зарлигийг эсэргүүцэж эхэлдэг ба зүрх сэтгэл, сүнс нь мэдээгүй болдог… Бурхан анх бүтээсэн хүнээ алдаж, хүн анх өөрт нь байсан үндсийг алддаг: Энэ бол энэ хүн төрөлхтний уй гашуу билээ. Чухамдаа гэвэл, бүр эхнээсээ өнөөг хүртэл Бурхан хүн төрөлхтөнд зориулан эмгэнэлт жүжиг тайзнаа тавьсан бөгөөд хүн үүний гол дүр төдийгүй хохирогч нь юм. Тэгээд энэхүү эмгэнэлт жүжгийн найруулагч нь хэн болохыг хэн ч хариулж чаддаггүй.
Ертөнцийн өргөн уудам чөлөөнд ахин дахин, далай тэнгис лаг шаварт идэгдэн хээр тал болж, хээр тал үерлэн далай тэнгис болж хувирсаар байна. Бүх зүйлийн дундах бүхнийг захирдаг Нэгнээс өөр хэн ч энэ хүн төрөлхтнийг удирдаж, замчилж чадахгүй. Энэхүү хүн төрөлхтний төлөө хөдөлмөрлөж, бэлтгэл базаах хүчирхэг нэгэн үгүй бөгөөд энэхүү хүн төрөлхтнийг гэрэл гэгээтэй хүрэх газар луу хөтөлж, хүний ертөнцийн шударга бус байдлаас чөлөөлж чадах нэгэн бүр ч байхгүй. Бурхан хүн төрөлхтний ирээдүйд халаглаж, хүн төрөлхтний уналтад гашуудан, хүн төрөлхтөн доройтол руу, эргэж ирэхээргүй зам руу алхам алхмаар урагшилж байгаад шаналдаг. Бурханы зүрх сэтгэлийг эмтрүүлж, Түүнийг хөсөр хаяад ёрын муу нэгнийг эрж хайж буй энэ хүн төрөлхтөн аль чиглэлд явж буйг хэн ч, хэзээ ч бодож үзээгүй. Ийм учраас л Бурханы уур хилэнг хэн ч мэдэрдэггүй, Бурханы таалалд нийцэх замыг хэн ч эрж хайдаггүй, Бурхантай ойртох гэж хэн ч хичээдэггүй, түүнчлэн Бурханы уй гашуу, шаналлыг ойлгох гэж хэн ч эрж хайдаггүй. Бурханы дуу хоолойг сонссоныхоо дараа ч гэсэн хүн өөрийнхөө замаар үргэлжлүүлэн явж, Бурханаас холдон, Бурханы нигүүлсэл, халамжаас зайлсхийж, Түүний үнэнээс зайлж, Бурханы дайсан болох Сатанд өөрийгөө худалдахыг илүүд үздэг. Хүн зөрүүдэлсэн хэвээр байвал Өөрийг нь эргэж ч харалгүй орхисон энэ хүн төрөлхтөнд Бурхан хэрхэн хандах тухай хэн бодож үзсэн бэ? Хүний махан бие, сүнс тэсвэрлэшгүй, урьд хожид үзэгдээгүй гай гамшгийг Бурхан гартаа бэлтгээд байгаа учраас л хүн төрөлхтөнд дахин давтан анхааруулж, сануулаад байгааг хэн ч мэддэггүй. Энэхүү гай гамшиг нь дан ганц хүний махан биеийн бус, бас сүнсний шийтгэл байдаг. Чи үүнийг мэдэх хэрэгтэй: Бурханы төлөвлөгөө бүтэлгүйтэж, Түүний анхааруулга, сануулгад хариулахгүй байх үед Бурхан яаж уурсаж, хилэгнэх бол? Энэ нь ямар ч бүтээгдсэн зүйлийн урьд нь мэдэрч, сонсож байсантай адилгүй байх болно. Иймээс энэхүү гай гамшиг нь урьд үзэгдээгүй бөгөөд хэзээ ч давтагдахгүй гэж Би хэлнэ. Учир нь хүн төрөлхтнийг ганц л удаа бүтээж, мөн хүн төрөлхтнийг ганц л удаа аврах нь Бурханы төлөвлөгөө билээ. Энэ бол эхнийх төдийгүй эцсийнх юм. Тиймээс энэ удаад хүн төрөлхтнийг аварч байгаа Бурханы уйгагүй сэтгэл, яарсан хүлээлтийг хэн ч ойлгож чадахгүй.
Бурхан энэ дэлхийг бүтээж, Өөрийн амь хайрласан амьд бодгаль болох хүнийг дэлхийд авчирсан. Дараа нь хүн эцэг эх, төрөл төрөгсөдтэй болж, ганцаар байхаа больсон юм. Хүн энэхүү материаллаг ертөнцийг анх харснаасаа хойш Бурханы тогтоосноор оршин байх заяатай байв. Бурханаас гарсан амийн амьсгал л амьд оршихуй болгоныг өсөж, нас бие гүйцэх хүртэл нь тэтгэдэг билээ. Энэ явцад, хүн Бурханы халамж дор өсөж байна гэдгийг хэн ч мэдэрдэггүй, харин эцэг эхийнхээ хайр халамж дор өсөж байгаа бахүний амийн зөн совин өсөх үйл явцыг нь чиглүүлдэг хэмээн боддог. Учир нь өөрийнх нь амийг хэн хайрлаж, амь нь хаанаас ирснийг хүн мэддэггүй бөгөөдамийн зөн совин хэрхэн гайхамшгийг бүтээдгийг бүр ч мэддэггүй. Хоол хүнс бол амь амьдралынх нь үргэлжлэлийн үндэс, шийдэмгий байдал бол оршин тогтнолынх нь эх сурвалж бөгөөд оюун санаан дахь итгэл нь амь зуулгынх нь үнэт хөрөнгө гэдгийг л хүн мэддэг. Бурханы нигүүлсэл, хангалтыг хүн огт анзаардаггүй, энэ маягаар өөрт нь Бурханы хайрласан амийг дэмий үрдэг… Бурханы өдөр, шөнөгүй халамжилдаг энэхүү хүмүүсээс ганц нь ч Түүнийг шүтэн мөргөх санаачилга гаргадаггүй. Бурхан төлөвлөсөн ёсоороо, ямар ч найдлагагүй хүн дээр үргэлжлүүлэн ажилласаар л байдаг. Нэг л өдөр хүн зүүднээсээ сэрээд амийн үнэ цэн, утга учир, мөн хүнд өгсөн бүхнийхээ төлөө Бурханы төлсөн төлөөс, хүнийг Өөр лүү нь эргээсэй хэмээн хүлээдэг Бурханы яарсан сэтгэлийг гэнэт ухаарна хэмээн Тэр найддаг. Хүний амийн үүсэл ба үргэлжлэлийн нууцуудыг хэн ч, хэзээ ч судалж үзээгүй. Энэ бүхнийг ойлгодог Бурхан л, Өөрөөс нь бүх зүйлийг хүлээн авсан мөртөө талархдаггүй хүний учруулдаг шаналал, цохилтыг чимээгүйхэн тэвчдэг. Амийн авчирдаг бүхнийг хүн жам ёсны зүйл шиг эдэлдэг ба тийм ч болохоор Бурханаас урваж, Бурханыг мартан, Бурханаас сүрдүүлэн авдаг нь “мэдээжийн хэрэг” билээ. Бурханы төлөвлөгөө үнэхээр тийм чухал юм гэж үү? Хүн гэдэг, Бурханы гараас гарсан энэхүү амьд бодгаль үнэхээр тийм чухал юм гэж үү? Бурханы төлөвлөгөө мэдээж чухал; гэвч Бурханы гараар бүтээгдсэн энэхүү амьд бодгаль Түүний төлөвлөгөөний төлөө оршин тогтнодог. Иймд Бурхан энэ хүн төрөлхтнийг үзэн ядсандаа төлөвлөгөөгөө гаргуунд нь гаргачхаж чадахгүй. Бурхан Өөрийн төлөвлөгөө болон Өөрийн гаргасан амьсгалын төлөө, хүний махан бие бус, хүний амийн төлөө л бүх зовлон шаналлыг тэвчдэг билээ. Тэрээр хүний махан биеийг бус, амьсгалсан амиа буцааж авахын тулд л ингэдэг юм. Энэ бол Түүний төлөвлөгөө юм.
Энэ дэлхийд ирсэн хүн бүхэн амьдрал, үхлийг туулах ёстой бөгөөд тэдний ихэнх нь үхэл, дахин төрөлтийн мөчлөгөөр дамжин өнгөрсөн. Амьдарч байгаа нь удахгүй үхэж, үхсэн нь удахгүй эргэн ирнэ. Энэ бүхэн нь амьд бодгаль болгонд зориулан Бурханы зохицуулсан амийн замнал билээ. Гэвч энэхүү замнал, энэ мөчлөг бол Бурханы хүнд яг харуулахыг хүссэн үнэн юм: Бурханы хүнд хайрласан амь хязгааргүй бөгөөд махан бие, цаг хугацаа, орон зайд баригддаггүй. Энэ бол Бурханы хүнд хайрласан амийн нууц бөгөөд амь Түүнээс ирсэн гэдгийн нотолгоо билээ. Хүний амь Бурханаас ирсэн гэдэгт олон хүн итгэдэггүй байж болох ч Түүний оршин тогтнолд итгэдэг ч бай, үгүйсгэдэг ч бай ялгаагүй, Бурханаас ирдэг бүхнийг хүн зайлшгүй эдэлдэг. Хэрвээ нэг өдөр Бурхан гэнэт бодлоо өөрчилж, дэлхий дээр оршдог бүхнийг эргүүлэн авахыг хүсэж, өгсөн амиа буцаан авбал бүх зүйл үгүй болно. Бурхан өөрийн амиар амьтай, амьгүй бүх зүйлийг хангаж; Өөрийн агуу хүч, эрх мэдлээр бүхнийг дэг журамтай байлгадаг. Энэ бол хэний ч төсөөлж, ойлгож чадахгүй үнэн бөгөөд эдгээр ойлгох аргагүй үнэн бол Бурханы амийн хүчний яг жинхэнэ илрэл, гэрчлэл билээ. Одоо Би чамд нэг нууц хэлье: Бурханы амийн агуу байдал болон Түүний амийн хүч чадлыг ямар ч бүтээл ойлгох аргагүй. Одоо ийм байгаа, урьд нь ийм байсан, мөн хожим ч тийм байх болно. Миний хуваалцах хоёр дахь нууц бол энэ: Бүх бүтээгдсэн зүйлийн хувьд амийн хэлбэр, бүтцээрээ хэчнээн өөр байсан ч хамаагүй, амийн эх сурвалж нь Бурханаас ирдэг; чи ямар ч төрлийн амьд бодгаль байсан ялгаагүй Бурханы тогтоосон амийн замыг зөрчиж чадахгүй. Ямартай ч хүн үүнийг ойлгоосой гэж л Би хүсдэг: Бурханы халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хэчнээн шаргуу зүтгэж, хэчнээн хүч гарган тэмцлээ ч гэсэн хүлээн авах учиртай бүхнээ хүлээн авч чадахгүй. Бурханы амийн хангалтгүйгээр хүн амьдрахын үнэ цэн, амийн утга учрыг алддаг. Амийнх нь үнэ цэнийг дэмий үрдэг хүний ийм санаа амар байдлыг Бурхан яаж зөвшөөрч чадах юм бэ? Өмнө нь Миний хэлсэнчлэн, Бурхан бол чиний амийн эх сурвалж гэдгийг бүү март. Хэрвээ хүн Бурханы хайрласан бүхнийг нандигнаж чадахгүй бол Бурхан анх өгсөн зүйлээ эргүүлэн аваад зогсохгүй, Өөрийнхөө өгсөн бүхний үнийг хүнээр хоёр нугалан төлүүлнэ.
2003 оны 5 дугаар сарын 26