17-р бүлэг

Миний айлдварууд аянга шиг нүргэлж, дөрвөн зүг найман зовхис, даян дэлхийг гэрэлтүүлдэг бөгөөд аянга цахилгаан дунд хүмүүс цохигдон унадаг. Аянга цахилгаан дунд нэг ч хүн бат зогссон нь үгүй; Миний гэрэл ирэхэд ихэнх хүн ухаан алдталаа айж, яах учраа олдоггүй. Зүүн зүгт бүүдгэр гэрэл сүүмэлзэн харагдаж эхлэхэд энэ өчүүхэн гэрэлд сэтгэл хөдөлсөн олон хүн өөрсдийн хий хоосон санаанаас даруй сэрнэ. Гэвч газар дэлхий дээр Миний гэрэл буух өдөр ирснийг хэн ч, хэзээ ч ухаараагүй. Гэрэл гэнэт ирэхэд хүмүүсийн дийлэнх олонх нь мэл гайхаж, цэл хөхрөн, зарим нь сониучирхсан харцаар гэрлийн хөдөлгөөн болон ирж буй зүг чигийг нь ажигладаг байхад зарим нь энэхүү гэрлийн эх сурвалжийг илүү тодорхой ойлгохын тулд гэрэлтэй нүүр тулахад бэлхэн зогсдог. Тэглээ ч гэсэн, өнөөдрийн гэрэл хэчнээн эрхэм нандин гэдгийг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт олж мэдсэн гэж үү? Энэхүү гэрлийн хосгүйг хэн нэгэн, хэзээ нэгэн цагт олж харсан гэж үү? Хүмүүсийн дийлэнх олонх нь ердөө л балмагддаг; гэрэлд нүд нь шархалж, шаварт хаягддаг. Энэ бүүдгэр гэрлийн дор эмх замбараагүй байдалд нэрвэгдэн тэсвэрлэхийн аргагүй өрөвдөлтэй харагдах газар дэлхийг сайтар ажвал дааж давшгүй уй гуниг төрдөг гэж хэлж болно. Гэрэл хамгийн хурц байх үед газар дэлхийн байдал хүн төрөлхтнийг Миний өмнө зогсоож чадахгүй гэдгийг хүн үүнээс ухан ойлгодог. Хүмүүс гэрлийн цацрагт оршдог; мөн бүх хүн гэрлийн авралд оршихын сацуу тэр гэрлийн учруулсан шархан дор оршдог: Гэрлийн үхлийн цохилт дор оршдоггүй хүн байна уу? Энэ гэрэлд шатахаас зайлсхийж чадах хүн байна уу? Газар дээрх бүх хүний сэтгэлийг хөдөлгөхийн тулд Би орчлон ертөнц даяар алхаж, Сүнснийхээ үрийг Өөрийн гараар цацсан. Би тэнгэрийн хамгийн дээд өндөрлөгөөс дэлхийг тэр аяар нь харж, газар дээрх бүтээлүүдийн этгээд сонин, хачин дүр төрхийг ажигладаг. Далайн мандал газар хөдлөлтийн чичиргээнд нэрвэгдсэн мэт санагддаг: Тэнгисийн шувууд залгих загас хайн нааш цааш ниснэ. Харин далайн ёроол үүнийг огтхон ч үл мэднэ, гадаргуу дахь нөхцөл байдал үүнийг сэргээж огт үл чадна, учир нь далайн ёроол гурав дахь тэнгэр мэт амгалан байдаг: Тэнд том, жижиг амьтад хэзээ ч “хэл ам хийлгүй” эв эетэй зэрэгцэн оршдог. Тоо томшгүй хачин, жигтэй нөхцөл байдал дунд Намайг баярлуулах нь хүмүүст л хамгийн хэцүү байдаг. Хүнд Миний өгсөн байр суурь хэтэрхий өндөр, улмаар хүний санаархал дэндүү их бөгөөд харцанд нь тодорхой хэмжээний дуулгаваргүй байдал үргэлж байдаг. Хүнийг сахилгажуулж, хүнийг шүүхэд минь уйгагүй хүчин чармайлт, сайхан сэтгэл асар их байсаар ирсэн ч хүн төрөлхтөн өчүүхэн төдий ч мэддэггүй. Би хэзээ ч, хэнд ч ширүүн хандаагүй; хүн төрөлхтнийг дуулгаваргүй байх үед тохиромжтой залруулга хийж, хүн төрөлхтнийг сул дорой байхад нь тохиромжтой тусламж санал болгосноос цаашгүй. Гэвч хүмүүс Надаас зайгаа барьж, түүнчлэн Миний эсрэг тэрслэхийн тулд Сатаны башир мэхийг ашиглах юм бол Би хүн төрөлхтнийг даруй устган, өмнө минь ур чадвараа гайхуулах боломж олгохгүй, ингэснээр тэд газар дэлхий дээр сүр үзүүлэн, нөхцөл байдлаараа сайрхан бусдыг дээрэлхэхээ болино.

Би газар дээр эрх мэдлээ хэрэгжүүлэн, Өөрийн ажлыг бүхэлд нь өрнүүлдэг. Миний ажилд багтдаг бүхэн газрын гадарга дээр тусгалаа олдог; газар дээрх хүн төрөлхтөн тэнгэр дэх Миний үйл хөдлөлийг ойлгож хэзээ ч чадаагүй, Миний Сүнсний үйл ажиллагааны хүрээ, тойрог замыг иж бүрнээр нь тунгаан бодож ч чадаагүй. Хүмүүсийн дийлэнх олонх нь сүнсний гаднах аар саар зүйлсийг л ухаараад, сүнсний бодит байр байдлыг ойлгох чадалгүй. Хүмүүст тавьдаг Миний шаардлага тэнгэрт байгаа тодорхойгүй Надаас, эсвэл газар дээр байгаа тодорхойлохын аргагүй Надаас гардаггүй; Би газар дээрх хүний биеийн хэмжээнд тохируулан зохих ёсны шаардлага тавьдаг. Би хэнийг ч хүнд байдалд оруулж байсан удаагүй, мөн Миний таалалд нийцэхийн тулд “цусаа шавх” гэж хэнээс ч, хэзээ ч шаардаж байгаагүй—Миний шаардлага ийм нөхцөлүүдээр л хязгаарлагддаг юм гэж үү? Газар дээрх тоо томшгүй олон бүтээлээс аль нь Миний амнаас гардаг үгийн зан чанарт захирагддаггүй вэ? Эдгээр бүтээлээс аль нь Миний өмнө ирээд Миний үг, Миний дүрэлзэх галд үнсэн товрог болдоггүй вэ? Эдгээр бүтээлийн аль нь бардан хөөрчхөөд Миний өмнө “сээхэлзэж” зүрхэлдэг вэ? Аль нь Миний өмнө бөхийдөггүй вэ? Би ердөө бүх бүтээлийг чимээгүй байлгадаг Бурхан юм гэж үү? Бүтээгдсэн үй олон зүйлийн дундаас Миний санаа зорилгыг хангах зүйлсийг Би сонгодог; үй олон хүн төрөлхтний дундаас зүрх сэтгэлийг минь анхаардаг хүмүүсийг Би сонгодог. Бүх одноос хамгийн шилдгийг нь сонгоод, тийнхүү Өөрийн хаанчлалд үл ялиг туяа нэмдэг. Би газар дэлхийгээр алхан, анхилуун үнэрээ хаа сайгүй ханхлуулж, Өөрийн дүрийг газар сайгүй үлдээдэг. Миний дуу хоолой энд тэндгүй цуурайтдаг. Газар газрын хүмүүс өчигдрийн сайхан зураглалыг санан мөрөөсдөг, учир нь бүх хүн өнгөрснийг санаж байна…

Миний царайг харахыг бүх хүн эгээрэн хүсдэг ч Намайг газар дээр биечлэн бууж ирэхэд бүгд ирсэнд минь дургүйцэж, Намайг тэнгэр дэх дайсан нь мэт үзэн, айсуй гэрлийг үлдэн хөөдөг. Хүн Надтай болгоомжилсон харцаар мэндчилж, үргэлж сонор сэрэмжтэй байж, Намайг өөрийнх нь талаар өөр төлөвлөгөөтэй байх вий гэхээс ихэд айдаг. Хүмүүс Намайг танил бус найз шигээ үздэг тул өөрсдийг нь ялгаварлалгүй хөнөөх санаа өвөрлөж байна гэж санадаг. Хүний нүдээр бол Би аминд халтай дайсан. Гай гамшиг дунд халуун сэтгэлийг минь мэдэрснийхээ дараа ч хүн Миний хайрыг мэддэггүй бөгөөд Надаас сэрэмжилж, эсэргүүцсээр байдаг. Ийм нөхцөл байдалтай байгааг нь далимдуулан түүний эсрэг арга хэмжээ авахын оронд харин ч Би хүнийг халуун дотноор тэвэрч, амыг нь амттанаар дүүргэн, хэрэгтэй хоол ундыг ходоодонд нь хийдэг. Гэхдээ Миний уур хилэн уул усыг донсолгох үед хүний хулчгар зангаас үүдэн Би түүнд янз бүрийн тусламж цаашид үзүүлэхгүй. Энэ мөчид Миний уур хилэн бадарч, бүх амьд зүйлд гэмших боломж олгохоос татгалзаж, хүнд тавьсан бүх найдвараа орхиж, зохих залхаан цээрлүүлэлтийг түүнд онооно. Энэ үед далайн давлагаа уурсан догширч буй мэт, олон арван мянган уул нуран унаж буй мэтээр аянга цахилгаан цахилж, нүргэлнэ. Хүн тэрслүү зангийнхаа төлөө аянга цахилгаанд ниргүүлж, бусад бүтээл аянга цахилгааны ниргэлтэд арчигдах бөгөөд бүхий л ертөнц гэнэт эмх замбараагаа алдаж, бүтээлүүд амийн анхны амьсгалыг эргүүлэн олж авч чадахгүй. Тоймгүй олон хүн аянгын нүргээнээс зайлж чадахгүй; аянгын гялбаан дунд хүмүүс түргэн урсгалд түм бумаараа ойчин, уулнаас буух хүрхрээнд хамагдан арчигдана. Гэнэтхэн, хүний “хүрэх газар”-тай “хүмүүсийн” ертөнц нийлдэг. Далайн мандал дээр хүүр цогцос хөвнө. Хүн Миний Сүнсний мөн чанарын эсрэг нүгэл үйлдэж, тэрслүү зангаараа Надад халдсан тул Миний уур хилэнгээс үүдэн бүх хүн Надаас алс хол явдаг. Харин усгүй газруудад инээд хөөр, дуу хөгжим цалгин, Миний өгсөн амлалтыг бусад хүн эдэлсээр байдаг.

Бүх хүн дуугаа хураахад нүднийх нь өмнө Би гэрэл цацруулдаг. Тэгэхэд хүмүүсийн ухаан саруул болж, нүд нь гэрэлтээд чимээгүй байхыг хүсэхээ болино; тэгснээр сүнслэг мэдрэмж тэдний зүрх сэтгэлд даруй хурна. Энэ үед бүх хүн дахин амилдаг. Сэтгэлд бугшсан гомдлоо хаяад бүх хүн Миний өмнө ирж, Миний тунхагладаг үгээр дамжуулан амьд үлдэх дахин нэг боломжийг хүртсэн. Яагаад гэвэл, хүмүүс бүгд газрын гадарга дээр амьдрахыг хүсдэг. Тэгсэн атлаа тэдний дундаас хэн ер нь Миний төлөө амьдрах санаа зорилготой байсан бэ? Тэдний дундаас хэн ер нь Намайг зугаацуулах гайхамшигтай зүйлсийг өөрөөсөө олж илрүүлсэн бэ? Тэдний дундаас хэн ер нь Миний дур булаам үнэрийг олж үнэрлэсэн бэ? Бүх хүн бол бүдүүн хадуун, боловсроогүй зүйлс: Гаднаа гял цал харагдавч мөн чанартаа Намайг чин сэтгэлээсээ хайрладаггүй, учир нь хүний зүрх сэтгэлийн гүнд Миний ямар нэг элемент хэзээ ч байгаагүй. Хүн хэтэрхий дутуу дулимаг: Хүнийг Надтай харьцуулбал тэнгэр, газар шиг их ялгаа харагдана. Гэсэн ч Би хүний сул дорой, эмзэг цэг рүү довтолдоггүй, мөн дутагдлаас нь болж хүнээр доог тохуу хийдэггүй. Миний гар олон мянган жилийн турш газар дэлхий дээр ажилласаар ирсэн бөгөөд энэ бүх хугацаанд Миний нүд бүх хүнийг ажиглаж байлаа. Гэхдээ Би тоглоом шиг үзэн тоглох гэж ганц ч хүний амийг хээв нэг авсан удаагүй. Би хүний гаргасан хүчин чармайлтыг ажиглаж, төлсөн төлөөсийг нь ойлгодог. Өмнө минь зогсоо хүнийг Би гэнэдүүлэн гэсгээхийг хүсдэггүй, мөн түүнд таагүй зүйл өгөхийг ч хүсдэггүй. Харин ч энэ бүх хугацаанд Би гагцхүү хүнийг хангаж, хүнд өгсөн. Иймээс бүх хүн гагцхүү Миний нигүүлсэл, Миний гараас ирдэг өгөөмөр шанг л эдэлдэг. Би газар дээр байгаа учраас хүн өлсөхийн зовлонг хэзээ ч амсах шаардлагагүй байсан. Харин ч Би эдэлж болох зүйлсийг нь Өөрийн гараас хүнд хүртээж, хүн төрөлхтнийг Өөрийн ерөөлд амьдруулдаг. Бүх хүн төрөлхтөн Миний гэсгээлт дор амьдардаг бус уу? Уулсын гүнд элбэг дэлбэг зүйлс байдаг, мөн ус мөрөнд эдлэх зүйлс арвин байдгийн адил өнөөдөр Миний үгэн дотор амьдарч буй хүмүүст өөрсдийнх нь таашааж, амтлах хоол бүр ч их байдаг бус уу? Би газар дээр байж, хүн төрөлхтөн газар дээр Миний ерөөлийг эдэлдэг. Би газар дэлхийг орхин явж, Миний ажил ч бас дуусах үед хүн төрөлхтөн өөрсдийн сул дорой байдлаас болж Надаас ямар ч хүлцлийг хүлээн авахаа болино.

1992 оны 3 дугаар сарын 16

Өмнөх: 16-р бүлэг

Дараах: 18-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх