Зам… 1
Амьдрах хугацаандаа ямар бүтэлгүйтэлтэй тулгарахаа хэн ч мэддэггүй, ямар төрлийн цэвэршүүлэлтэд өртөхөө ч мэддэггүй. Энэ нь зарим хүний ажил, заримынх нь хэтийн ирээдүй, заримынх нь төрсөн гэр бүл, мөн заримынх нь гэрлэлтэд тулгардаг. Гэвч тэднээс ялгаатай нь энэ бүлэг хүмүүс бид өнөөдөр Бурханы үгэн дунд зовж байна. Өөрөөр хэлбэл, Бурханд үйлчилдэг хүмүүсийн хувиар бид Түүнд итгэх замдаа бүтэлгүйтэл амссан бөгөөд энэ нь бүх итгэгчийн явдаг зам, бид бүгдийн хөл доорх зам юм. Энэ цэгээс эхлээд бид Бурханд итгэх замналаа албан ёсоор эхэлж, хүний амьдралын хөшгийг албан ёсоор нээж, амьдралын зөв замд хөл тавьдаг. Өөрөөр хэлбэл, энэ үед бид Бурхан хүнтэй хамт амьдардаг зөв замд буюу хэвийн хүмүүсийн явдаг замд хөл тавьдаг. Бурханы өмнө зогсож, Түүнд үйлчилдэг нэгэн—сүмд тахилчийн өмсгөл өмсөж, Бурханы эрхэм чанар, эрх мэдэл, сүр жавхланг эзэмшдэг нэгний хувьд—Би бүх хүнд дараах тунхаглалыг тусгайлан гаргаж байна: Бурханы алдар суут төрх бол Миний алдар суу, Бурханы удирдлагын төлөвлөгөө бол Миний цөм. Махбодод гаргасан өчүүхэн зүтгэлийн минь ачаар Бурхан Өөрийн алдрын нэг жаахан хэсгийг эдлэг гэсэндээ Би, дараа ертөнцөд зуу дахин ихийг олж авахаар бус, энэ ертөнцөд Бурханы хүслийг биелүүлэхээр л эрэлхийлдэг. Энэ бол Миний цорын ганц хүсэл. Миний бодлоор, энэ Миний цорын ганц сүнслэг дэмжлэг юм. Махбодод амьдардаг, сэтгэл хөдлөлөөр дүүрэн нэгний “эцсийн үг” ийм байх ёстой гэж Би бодож байна. Энэ бол өнөөдөр Миний хөл дор байгаа зам. Миний бодлоор, энэ үзэл бодол бол махбод дахь эцсийн үг минь бөгөөд хүмүүс Миний талаар аливаа үзэл, өөр бодолгүй байгаа гэж найдъя. Хэдийгээр Би үүнд бүхнээ зориулсан ч тэнгэр дэх Бурханы хүслийг биелүүлж бас л чадаагүй байгаа. Би хэмжээлшгүй гунигтай байна. Махбодын гол чанар яагаад ийм байдаг юм бэ? Иймээс урьд нь Өөрийн хийсэн зүйлс, мөн Надад хийсэн Бурханы байлдан дагуулалтын ажлын үр дүнд л Би хүн төрөлхтний гол чанарын талаар илүү гүн гүнзгий ойлголттой болсон. Үүний дараа л Би, Бурханы хүслийг л биелүүлэхээр эрэлхийлэх, үүнд бүхнээ зориулах, мөс чанартаа ямар ч сэв суулгахгүй байх гэсэн хамгийн үндсэн стандартыг Өөртөө тавьсан. Бурханд үйлчилдэг бусад хүн өөрсдөөсөө юу шаарддагийг Би огт анхаардаггүй. Товчхондоо Би Бурханы хүслийг биелүүлэхээр сэтгэл шулуудсан. Бурханы өмнө үйлчилдэг бүтээлүүдийнх нь нэг, Бурханы аварч, хайрласан, Бурханы цохилтыг амссан нэгний хувиар өчих өчил минь энэ. Энэ бол Бурханы харж, хамгаалж, хайрлаж, ихээхэн ашигласан хүний өчил юм. Одоогоос эхлээд Би Бурханы даалгасан чухал даалгаврыг биелүүлэх хүртлээ энэ замаар үргэлжлүүлэн явна. Гэвч Миний бодлоор замын төгсгөл айсуй, учир нь Бурханы ажил дууссан бөгөөд хүмүүс өнөөдрийг л хүртэл хийж чадах бүхнээ хийсэн билээ.
Эх газрын Хятад энэхүү сэргэлтийн урсгалд орсноор Ариун Сүнсний ажилд төвлөрсөн орон нутгийн чуулганууд аажмаар бий боллоо. Энэ цаг үеэс төрөн гарсан чуулганууд нуран унасан эзэн хааны гэр бүл дэх Бурханы цөм болсон учраас Бурхан орон нутгийн эдгээр чуулганд зогсолтгүй ажилласан юм. Бурхан ийм гэр бүлд орон нутгийн чуулгануудыг байгуулахдаа магнай тэнэгэр байсан гэдгийг хэлэх нь илүүц юм—Бурханы аз жаргалыг үгээр илэрхийлэх аргагүй байсан билээ. Эх газрын Хятадад орон нутгийн чуулгануудыг байгуулж, энэхүү сайхан мэдээг дэлхий даяар буй орон нутгийн бусад чуулганы ах эгч нарт түгээсний дараа Бурхан маш их догдолж байлаа—энэ нь эх газрын Хятадад Бурханы хийхээр зорьсон ажлын эхний алхам байсан юм. Үүнийг жүжгийн эхний үзэгдэл байсан гэж хэлж болно. Ямар ч хүн, ямар ч зүйл халдашгүй чөтгөрүүдийн ийм цайзад ажлынхаа эхний алхмыг эхлүүлэх чадвар нь Бурханы агуу хүч чадал бус уу? Энэ ажлыг сэргээхийн төлөө тоо томшгүй олон ах эгч тарчилж, диаволын зандалчны хутган дор үхсэн нь тодорхой. Үүнийг одоо сөхөхөд сэтгэл өвдөж, уур хүрч байгаа ч ерөнхийдөө зовлонт өдрүүд ард хоцорлоо. Өнөөдөр Би Бурханы төлөө ажиллаж, өдий хүртэл явж чадсан нь гагцхүү Бурханы үлэмж их хүч чадлын ач юм. Бурханы зовоож тарчлаахаар сонгосон хүмүүсийг Би асар их биширдэг; тэд Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөө өөрсдийгөө золослож чадсан. Үнэндээ Бурханы нигүүлсэл, өршөөл байгаагүй бол Би аль эрт намаг балчигт уначихсан байх байлаа. Бурханд талархъя! Бурханыг амраахын тулд Би бүх алдар сууг Бурханд өгөхийг хүсэж байна. “Та ийм байр суурьтай юм чинь үхэх ёсгүй. Бурхан үхлийг дурдах үед Та яагаад баярладаг юм бэ?” гэж зарим хүн Надаас асуудаг. Би шулуухан хариулахын оронд зүгээр л жаахан инээмсэглээд, “Энэ бол Миний эрэлхийлэх ёстой, заавал дагах ёстой зам” гэж хэлдэг. Хариултад минь хүмүүс будилдаг юм. Тэд Надад бага зэрэг эргэлзэж, ердөө л мэл гайхан өөдөөс ширтэж чаддаг. Гэхдээ энэ бол Миний сонгосон зам, бас Бурханы өмнө гаргасан шийдвэр учраас бэрхшээл хэчнээн их байлаа ч Би урагш зүтгэсээр байх ёстой гэж боддог. Миний бодлоор бол, энэ нь Бурханд үйлчилдэг хүмүүсийн баримтлах ёстой амлалт—тэд хэлснээсээ өчүүхэн ч буцах ёсгүй. Энэ нь бас Бурханд итгэдэг хүний ойлгох учиртай, аль эрт, Хуулийн эрин үед гарсан дүрэм, журам мөн. Би туршлагадаа Бурханы талаар нэг их мэддэггүй, үнэхээр туулсан зүйл минь шалихгүй, яриад байх ухаалаг ойлголтгүй байх хэмжээнд бүр дурдахын ч хэрэггүй боловч Бурханы үгийг баримтлах ёстой бөгөөд зөрчиж болохгүй. Яг үнэндээ Миний бодит туршлага ялихгүй ч Бурхан Надад гэрчлэл хийж, Би гэх хүнд хүмүүс үргэлж сохроор итгэдэг хойно яах ч билээ? Гэхдээ хүмүүс Бурханыг хайрлах тухай үзэл бодлоо засаж залруулна гэж Би найдсаар л байна. Би гэх хүн юу ч биш; учир нь Би ч бас Бурханд итгэх замыг эрэлхийлдэг бөгөөд Миний алхдаг зам мөн л Бурханд итгэх өнөөх зам юм. Хүн сайн байж болох ч шүтлэг мөргөлийн бай болох ёсгүй—тэд зөвхөн дагах үлгэр жишээ л болж болно. Өрөөл бусад юу хийдгийг Би тоодоггүй, гэхдээ Би ч бас Бурханд алдар суу өгдөг гэдгээ хүмүүст тунхагладаг; Би Сүнсний алдар сууг махбодод өгдөггүй. Энэ талаарх сэтгэлийг минь хүн бүр ойлгож чадна гэж найдъя. Би хариуцлагаасаа бултаж байгаа юм биш, зүгээр л бүх түүх энэ. Энэ нь тов тодорхой байх ёстой, тиймээс дахин энэ талаар ярихгүй.
Өнөөдөр Би Бурханы өмнө гэгээрсэн. Газар дээрх Бурханы ажил нь авралын ажил юм. Үүнд өөр юу ч холилдоогүй байдаг. Зарим хүн өөр бодолтой байж болох ч Ариун Сүнс өөр ямар ч ажил бус, авралын ажлын нэг үе шатыг л хийж байгааг Би үргэлж мэдэрч ирсэн. Энэ тодорхой байх учиртай. Эх газрын Хятад дахь Ариун Сүнсний ажил одоо л тодорхой боллоо. Тэгвэл чөтгөрүүд тархсан ийм газарт Бурхан яагаад бүх замыг нээж, ажиллахыг хүсдэг юм бэ? Хамгийн гол нь Бурхан авралын ажил хийж байгааг энэ нь харуулдаг. Илүү нарийндаа бол энэ нь гол төлөв байлдан дагуулалтын ажил юм. Анхнаасаа Есүсийн нэр дуудагдаж ирсэн. (Зарим нь үүнийг мэдрээгүй байх, гэхдээ энэ нь Ариун Сүнсний ажлын нэг алхам байсан гэдгийг хэлье.) Нигүүлслийн эрин үеийн Есүсээс хагацахын төлөө ингэсэн тул хэсэг хүнийг урьдчилан сонгоод, дараа нь тэр сонголтыг хумьсан. Үүний дараа эх газрын Хятадад Витнесс Ли дуудагдсан нь эх газрын Хятад дахь Ариун Сүнсний сэргэлтийн ажлын хоёр дахь хэсэг байсан юм. Ариун Сүнс хүмүүсийг сонгож эхэлсэн ажлын эхний алхам энэ байсан бөгөөд эхлээд хүмүүсийг цуглуулаад, тэднийг хариулах хоньчныг хүлээсэн; тэр үйлчлэлийг хийхэд “Витнесс Ли” гэх нэрийг ашигласан юм. “Хүчит” гэх нэрийг гэрчлэхэд Бурхан ажлаа биечлэн хийсэн бөгөөд үүний өмнө бэлтгэл үе шат байсан. Иймээс тэр нь зөв байсан уу, буруу байсан уу гэдэг нь хамаагүй, энэ бол Бурханы төлөвлөгөөн дэх гол сэдэв биш юм. “Хүчит” гэх нэрийг гэрчилсний дараа Бурхан Өөрийн ажлыг албан ёсоор биечлэн хийж эхэлсэн бөгөөд үүний дараа махбод дахь Бурханы хувиар үйл хэрэг нь албан ёсоор эхэлсэн. “Хүчит Эзэн” гэх нэрээр Тэр тэрслүү, дуулгаваргүй байсан бүх хүнийг хяналтад авсан. Хүмүүс хорин гурав, хорин дөрөв хүрэхээрээ насанд хүрэгчид шиг болж эхэлдгийн адилаар тэд хүний төрхтэй болж эхэлсэн юм; өөрөөр хэлбэл, хүмүүс хэвийн хүний амьдралтай болж дөнгөж эхлээд байлаа. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар Бурханы ажил, бурханлаг ажил хийх үе шатанд аяндаа шилжсэн юм. Ажлын энэ алхам л Бурханы маш их ажлын цөмийг бүрдүүлдэг бөгөөд Бурханы ажил дахь үндсэн алхам гэж хэлж болох юм. Хүмүүс өөрсдийгөө мэдэж, үзэн яддаг. Тэд өөрсдийгөө харааж чаддаг болж, баяртайяа амиа өгөх болж, Бурханы хайр татам байдлыг үл ялиг мэдрэхүйц цэгт хүрсэн бөгөөд энэ суурин дээр хүний оршин тогтнолын жинхэнэ утга учрыг мэдэж авч, улмаар Бурханы хүслийг биелүүлдэг. Эх газрын Хятад дахь Бурханы ажил дуусаж байна. Бурхан энэ бузар булай газарт хэдэн жилийн турш бэлтгэлээ явуулж ирсэн атал хүмүүс одоо хүрсэн цэгтээ урьд нь хэзээ ч хүрч байгаагүй, тэгэхээр өнөөдөр л Бурхан ажлаа албан ёсоор эхэлдэг гэсэн үг юм. Үүнийг илүү нарийн ширийнээр дэлгэрүүлж, тодруулах хэрэггүй. Энэ ажил шууд Бурханы бурханлаг чанараар хийгддэг гэж хэлэх нь бүхэлдээ зөв, гэхдээ энэ нь хүнээр дамжин хийгддэг. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Газар дээрх Бурханы агуу хүч чадлаас үүдэн, садар самуун энэ газар нутгийн хүмүүс дээрх ажил нь өнөөгийн энэ хэмжээнд хүрч чадсан нь лавтай. Энэ ажлын үр өгөөжийг хаана ч аваачин, хүмүүсийг үнэмшүүлж болно. Үүнийг хэн ч хөнгөн хуумгай шүүж, үгүйсгэж зүрхлэхгүй.