112-р бүлэг

“Үг болон бодит байдал зэрэгцэн явдаг” гэдэг нь Миний зөвт зан чанарын хэсэг юм. Эдгээр үгээс Би Өөрийн зан чанарыг бүгдийг нь хүн бүрд гарцаагүй харуулна. Хүмүүс үүнийг биелүүлэх боломжгүй гэж боддог ч Миний хувьд энэ нь хялбархан, таатай байдаг бөгөөд хүч чармайлт шаарддаггүй. Миний үг амнаас минь гарсан даруйд хүн бүрийн харж чадах бодит байдал бий болдог. Энэ бол Миний зан чанар. Би тодорхой зүйлсийн талаар ярьсан тул эдгээр зүйл заавал гүйцэлдэнэ. Эс бөгөөс Би ярихгүй байх байсан. Хүний үзлээр бол “аврал” гэдэг үгийг хүн бүрд хэлдэг, гэхдээ энэ нь Миний санаа зорилготой нийцдэггүй. Урьд нь Би “Мэдлэггүй агаад зүтгэлтэй эрэлчдийг Би үргэлж авардаг” гэж хэлсэн. Энд буй “аврах” гэдэг нь Надад үйлчлэл үзүүлдэг хүмүүсийг хэлсэн бөгөөд Би ийм үйлчлэл үзүүлэгчдэд онцгой анхаарал тавина гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл, Би тийм хүмүүсийн шийтгэлийг бууруулна. Хэдий тийм ч, шударга бус, ов мэхтэй энэ үйлчлэл үзүүлэгчид нь сүйрлийн бай дунд байдаг, өөрөөр хэлбэл, Би тэдэнд хатуу шийтгэл тулгах болно. (Хэдийгээр тэд сүйрлийн бай дунд байгаа ч устгагдах хүмүүсээс маш өөр: Тэд мөнхийн хатуу шийтгэл хүлээж авах бөгөөд тэр хүмүүсийн хүлээж авах шийтгэл нь диавол Сатаны шийтгэл юм. Мөн, тэр хүмүүс бол агуу улаан лууны үр удам гэж хэлсний минь жинхэнэ утга учир энэ юм.) Гэхдээ Би ууган хөвгүүдийнхээ талаар ийм үг ашигладаггүй; тэдний тухайд бол Би ууган хөвгүүдээ буцаан авч, тэд Сион руу дахин нэгэнтээ буцах болно гэж хэлдэг. Тиймээс, Миний ууган хөвгүүд бол Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс юм гэдгийг Би үргэлж хэлсэн. Миний ууган хөвгүүд анх Надад харьяалагдаж, Надаас үүссэн, иймээс тэд энд Над дээр буцаж ирэх ёстой. Мөн хөвгүүд болон ардуудыг ууган хөвгүүдтэй харьцуулбал үнэхээр тэнгэр газар шиг ялгаатай байдаг: Хэдийгээр хөвгүүд болон ардууд үйлчлэл үзүүлэгчдээс хамаагүй дээр ч гэсэн Надад харьяалагддаг хүмүүс яавч биш юм. Хөвгүүд болон ардуудыг хүн төрөлхтний дундаас нэмж сонгосон гэж хэлж болно. Иймд, Өөрийн эрч хүчийг Би үргэлж ууган хөвгүүд дээрээ төвлөрүүлсэн ба дараа нь ууган хөвгүүдээр энэ хөвгүүд болон ардуудыг бүрэн төгс болгуулах болно. Эдгээр нь Миний ирээдүйн ажлын алхмууд юм. Одоо та нарт хэлээд ямар ч нэмэргүй учраас Би үүнийг хөвгүүд болон ардуудад ховорхон дурдсан, харин зөвхөн ууган хөвгүүдэд л Би эдгээрийг ахин дахин ярьж, удаа дараа дурдсан. Энэ бол Миний ярьж, ажилладаг зам юм. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, ганцхан Би л бүх зүйлийн талаар эцсийн шийдвэр гаргадаг.

Өдөр бүр Би та нарын үзлийн эсрэг тулалдаж, өдөр алгасалгүй та нарыг нэг бүрчлэн задлан шинжилж байна. Намайг тодорхой хэмжээнд ярих үед та нар хуучиндаа орж, Миний хүн чанарыг Миний бурханлаг чанараас дахин салгадаг. Энэ үед, хүмүүсийн илчлэгдэх цаг ирсэн: Хүмүүс Намайг махбодод амьдарсаар байгаа бөгөөд Бурхан Өөрөө огтоос биш, Би бол хүн, Бурхан бол Бурхан, хүн болох Надтай Бурхан ямар ч хамаагүй хэмээн боддог. Энэ хүн төрөлхтөн хэчнээн ялзарсан юм бэ! Би өмнө нь маш олон үг хэлсэн боловч та нар аль эртнээс тэдгээрийг оршин байдаггүй мэт үзсэн, үүнээс болж Би та нарыг голдоо ортол үзэн яддаг! Үнэхээр үүнээс болоод Би та нарыг зэвүүцдэг! Бүрэн гүйцэд Бурхан Өөрөө Надад, хүн чанар болон бүрэн бурханлаг чанартай Надад хэн санаандгүй халдаж зүрхлэх вэ? Хэн Намайг бодолдоо эсэргүүцэж зүрхлэх вэ? Миний аюулт гамшиг бууж эхэлсний дараа Би тэднийг нэг нэгээр нь шийтгэнэ, хэнийг нь ч үлдээхгүй, харин бүгдийг нь хатуу шийтгэнэ. Миний Сүнс биечлэн ажилладаг. Энэ нь Би бол Бурхан Өөрөө биш гэсэн үг биш; харин ч эсрэгээрээ Би бол төгс хүчит Бурхан Өөрөө бүр ч мөн гэсэн утгатай юм. Хүмүүс Намайг мэддэггүй—бүгд Намайг эсэргүүцдэг, Миний үгээс бүхнийг чадагч байдлыг минь олж хардаггүй, харин оронд нь Миний эсрэг ашиглах зүйлийг Миний үгээс олж, Надаас алдаа олохоор оролддог. Нэг л өдөр ууган хөвгүүдийн хамт Сионд гарч ирэхдээ Би эдгээр зүйлтэй харьцаж эхэлнэ. Энэ хугацаанд Би үндсэндээ энэ ажлыг хийж байгаа. Намайг тодорхой хэмжээнд ярих үед олон тооны үйлчлэл үзүүлэгч ухарсан байх ба ууган хөвгүүд ч бас төрөл бүрийн бэрхшээл амссан байх болно. Ажлын энэ хоёр алхмын ахиц дэвшилтэй хамт Миний ажлын үе шат төгсгөлдөө очно. Үүний зэрэгцээ Би ууган хөвгүүдээ Сион руу буцаан аваачна. Эдгээр нь Миний ажлын алхмууд юм.

Миний ууган хөвгүүд бол Миний хаанчлалын салшгүй хэсэг бөгөөд Миний үнэн бие бол үнэн хэрэгтээ хаанчлал—Миний ууган хөвгүүд төрсний дараа Миний хаанчлал бий болсон гэдгийг үүнээс харж болно. Өөрөөр хэлбэл, Миний хаанчлал дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш оршин тогтнож байгаа бөгөөд Өөрийн ууган хөвгүүдийг олж авах (Өөрийн ууган хөвгүүдийг буцаан авах гэсэн үг) гэдэг нь Өөрийн хаанчлалыг сэргээх явдал юм. Үүнээс, ууган хөвгүүд нэн чухал ач холбогдолтой гэдгийг харж болно. Миний ууган хөвгүүд л оршин байвал хаанчлал бий болж, эрх мэдэлтэйгээр хаанчлах бодит байдал биеллээ олж, шинэ амь үүсэж, хуучин эрин үе бүхэлдээ төгсөх болно. Энэ бол зайлшгүй чиг хандлага юм. Ууган хөвгүүд ийм байр сууринд байдаг учраас дэлхийн сүйрэл, Сатаны мөхөл, үйлчлэл үзүүлэгчдийн үнэн дүр төрхийн илчлэл, мөн агуу улаан луу үр удамгүй болж, гал болон хүхэрт нуур луу буух баримтыг бэлгэддэг—тиймээс эрх мэдэл эзэмшдэг хүмүүс болон агуу улаан лууны үр удам бүгд ахин дахин саад хийж, эсэргүүцэж, сүйтгэдэг. Харин Би ууган хөвгүүдээ ахин дахин дэмжиж, гэрчилж, илчилдэг. Учир нь Надаас ирсэн хүмүүс л Миний төлөө гэрчлэл хийх эрхтэй; гагцхүү тэд л Намайг амьдран харуулах шаардлагыг хангадаг, гагцхүү тэд л тулаанд тулалдаж, Миний төлөө сайхан ялалт авчрах суурьтай. Надаас тусдаа байгаа хүмүүс бол Миний гар дахь жаахан шавраас цаашгүй—дор бүрнээ бүтээгдсэн зүйл юм. Хөвгүүд болон ардууд нь бүтээлүүдийн дундаас арай сайн нь гэж сонгогдсоноос цаашгүй, гэхдээ тэд Надад харьяалагддаггүй. Иймд, ууган хөвгүүд болон хөвгүүдийн хооронд үлэмж ялгаа байдаг. Хөвгүүдийг ууган хөвгүүдтэй харьцуулахад огтхон ч тохирохгүй—ууган хөвгүүд тэднийг захирч, ноёлдог. Одоо та нар үүнийг тов тодорхой мэддэг байх ёстой! Миний хэлсэн үг бүр үнэн бөгөөд яавч худал биш. Энэ бүхэн Миний үнэн биеийн илэрхийллийн хэсэг, Миний айлдвар юм.

Би хоосон үг хэлдэггүй гэдгээ хэлсэн ба Би алдаа гаргадаггүй; энэ нь Миний сүр жавхланг хангалттай харуулдаг. Гэтэл хүмүүс сайныг муугаас нь ялгаж чаддаггүй, Миний гэсгээлт өөрсдөд нь тохиолдсоны дараа л бүрэн үнэмшдэг; эс бөгөөс тэд тэрслүү, дур зоргоороо хэвээр үлддэг. Ийм учраас бүх хүн төрөлхтний эсрэг тулалдахдаа Би гэсгээлт ашигладаг. Хүний үзлээр бол, цорын ганц Бурхан Өөрөө байдаг байхад Надаас гарсан ууган хөвгүүд яагаад маш олон байна вэ? Би үүнийг ингэж хэлж чадна: Өөрийнхөө хувийн хэрэг явдлын талаар Би хүссэнээрээ ярьдаг. Хүн Надад юу хийж чадах юм бэ? Би үүнийг ч бас ингэж хэлж чадна: Хэдийгээр ууган хөвгүүд болон Би адилхан дүр төрхтэй биш боловч бид нэг Сүнстэй тул тэд нэгэн сэтгэлээр Надтай хамтран ажиллаж чадна. Миний үнэн биеийн хэсэг бүрийг бүх хүн туйлын тодорхой хараасай гэсэндээ бид адилхан дүр төрхтэй биш байдаг. Ийм учраас Би бүх улс үндэстэн, бүх ард түмнийг Надтай хамт удирдахыг ууган хөвгүүддээ зөвшөөрдөг. Энэ бол Миний захиргааны зарлигийн төгсгөлийн хэсэг юм (Миний ярьдаг энэхүү “төгсгөлийн хэсэг” нь Миний дууны өнгө намдуу зөөлөн бөгөөд Би хөвгүүд, ардуудтайгаа ярьж эхэлсэн гэсэн утгатай). Ихэнх хүмүүс энэ талаар эргэлздэг ч тэд хэт их эргэлзэх шаардлагагүй. Хүмүүсийг ичээж, нүүр хийх газаргүй болгох үүднээс Би хүмүүсийн бүх үзлийг нэг нэгээр нь ил болгоно. Би орчлон ертөнц, газар дэлхийн зах хязгаараар аялж, орчлон ертөнцийг бүхэлд нь ажигладаг. Би төрөл бүрийн хүнийг шалгадаг—Миний хяналтаас зугтаж чадах хэн ч байхгүй. Би бүх төрлийн зүйлд оролцдог, Миний биечлэн зохицуулдаггүй зүйл гэж байхгүй. Хэн Миний бүхнийг чадагч байдлыг үгүйсгэж зүрхлэх билээ? Хэн Надад бүрэн үнэмшихгүй байж зүрхлэх билээ? Хэн Миний өмнө нүүрээрээ газар унан мөргөхгүй байж зүрхлэх билээ? Миний ууган хөвгүүдээс болж бүх тэнгэр өөрчлөгдөнө, үүнээс ч илүүтэйгээр Надаас болон Миний ууган хөвгүүдээс болж бүх газар дэлхий хүчтэй хөдлөх болно. Миний үнэн биеийн өмнө бүх хүн сөхөрч, бүх зүйл өчүүхэн ч алдаа мадаггүйгээр Миний гарын хяналтад орно. Хүн бүхэн бүрэн дүүрэн үнэмшиж, бүх зүйл Миний гэрт ирж, Надад үйлчлэх ёстой. Энэ бол Миний захиргааны зарлигийн сүүлчийн хэсэг юм. Өөр өөр хүмүүсийг онилж байгаа Миний захиргааны зарлигийн заалт бүр одоогоос эхлэн үр дүнд хүрч эхэлнэ (учир нь Миний захиргааны зарлиг олон нийтэд бүрэн ил болж, төрөл бүрийн хүн болон бүх зүйлд тохирох зохицуулалт хийгдсэн. Миний захиргааны зарлигаас болж бүх хүн өөрсдөдөө тохирсон газар байж, төрөл бүрийн хүний үнэн дүр төрх ил болох болно). Ийнхүү жинхэнэ, бодит захиргааны зарлиг ирнэ.

Одоо Би Өөрийн ажлын алхамд нийцүүлэн хэлэхийг хүссэн зүйлээ хэлдэг бөгөөд Миний үгийг хүн бүр ноцтой хүлээн авах ёстой. Эрин үеүдийн туршид, ариун хүн бүрийн ам “Шинэ Иерусалимын” тухай хэлсэн, хүн бүр үүнийг мэддэг боловч хэн ч энэ нэр томьёоны жинхэнэ утгыг ойлгодоггүй. Өнөөдрийн ажил энэ шат хүртэл явагдсан болохоор та нарт ойлгуулах үүднээс Би энэ нэр томьёоны жинхэнэ утгыг илчилнэ. Гэхдээ Миний илчлэлд хязгаар бий—Би үүнийг яаж ч тайлбарласан, яаж ч тодорхой хэлсэн бай, та нар үүнийг хэзээ ч бүрэн ойлгож чадахгүй, учир нь энэ нэр томьёоны бодит байдалд хэн ч хүрч чадахгүй. Урьд нь, газар дээр Миний оршин суудаг газрыг буюу Миний алхаж, явдаг газрыг Иерусалим гэдэг байв. Харин “шинэ” гэх үг энэ нэр томьёог өөрчилдөг бөгөөд энэ нь одоо өмнөхтэйгөө огт адилгүй болсон. Хүмүүс үүнийг өчүүхэн төдий ч ойлгож чадахгүй. Зарим хүн үүнийг Миний хаанчлалыг хэлж байна гэж боддог; зарим хүн энэ бол хүн болох Би гэж боддог; зарим хүн үүнийг шинэ тэнгэр, газар гэж боддог; зарим нь үүнийг, энэ ертөнцийг устгасны минь дараа бий болох шинэ дэлхий ертөнц гэж боддог. Хүний оюун санаа хэтэрхий төвөгтэй, баялаг төсөөлөлтэй хэдий ч тэрээр энэ талаар мөн л юу ч ойлгож чадахгүй. Эрин үеүдийн турш, хүмүүс энэ нэр томьёоны жинхэнэ утгыг мэдэж, эсвэл харах гэж найдсаар ирсэн ч хүслээ биелүүлж чадаагүй—тэд бүгд сэтгэлээр унацгааж, хүсэл эрмэлзлээ орхиод өөд болсон; Миний цаг хараахан ирээгүй учир Би үүнийг хэнд ч амархан хэлж чадаагүй. Миний ажил нэгэнт энэ үе шат хүртэл хийгдсэн тул Би та нарт бүхнийг хэлнэ. Шинэ Иерусалим нь Миний уур хилэн, Миний захиргааны зарлиг, Миний хаанчлал болон ууган хөвгүүддээ хайрладаг Миний хязгааргүй ерөөлүүд гэсэн энэ дөрвөн зүйлээс бүрддэг. “Шинэ” гэдэг нэр томьёо ашигладгийн минь шалтгаан гэвэл энэ дөрвөн хэсэг нуугдмал байдгаас болдог. Миний уур хилэн, Миний захиргааны зарлигийг хэн ч мэддэггүй, Миний хаанчлалыг хэн ч хараагүй, Миний ерөөлүүдийг хэн ч эдлээгүй учраас “шинэ” гэдэг нь нуугдмал зүйлийг хэлдэг. Миний хэлсэн зүйлийг хэн ч бүрэн ойлгож чадахгүй, учир нь Шинэ Иерусалим газарт бууж ирсэн боловч Шинэ Иерусалимын бодит байдлыг хэн ч биеэр туулаагүй. Би үүний талаар хэчнээн бүрэн гүйцэд ярилаа ч хүмүүс бүрэн ойлгохгүй. Хэн нэгэн ойлголоо ч гэсэн, энэхүү ойлголт нь зөвхөн тэдний үг, тэдний оюун ухаан, тэдний үзэл юм. Энэ бол зайлшгүй чиг хандлага; энэ бол цорын ганц зам бөгөөд хэн ч үүнээс салж чадахгүй.

Өмнөх: 111-р бүлэг

Дараах: 113-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх