Бие махбодтой болохын нууц 3
Бурхан ажлаа гүйцэтгэх үедээ ямар нэг бүтээн байгуулалт юм уу хөдөлгөөнүүдэд оролцдоггүй, харин Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхэлдэг. Түүнийг махбод болох болгонд энэ нь зөвхөн ажлын нэг үе шатыг гүйцэлдүүлж, шинэ эрин үеийг нээхийн төлөө л байдаг. Одоо Хаанчлалын эрин үе ирсэн, хаанчлалын сургалт ч бас ирсэн. Ажлын энэ үе шат нь хүний ажил биш, хүнийг тодорхой хэмжээнд боловсруулах явдал биш, харин Бурханы ажлын нэг хэсгийг л гүйцээх явдал юм. Түүний хийдэг зүйл хүний ажил биш, газар дэлхийг орхин явахаасаа өмнө хүнийг боловсруулахдаа тодорхой үр дүнд хүрэхийн төлөө биш; харин Өөрийн үйлчлэлийг биелүүлж, хийх учиртай ажлаа дуусгах явдал буюу газар дээрх ажилдаа зүй зохистой зохицуулалт хийж, улмаар алдрыг олж авах явдал юм. Бие махбодтой болсон Бурханы ажил нь Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийнхтэй адилгүй. Бурхан Өөрийн ажлыг газар дээр хийхээр ирэхдээ зөвхөн Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд л анхаардаг. Түүний үйлчлэлтэй холбоогүй бусад бүх хэрэг явдлын тухайд бол, Тэрээр бараг оролцдоггүй, бүр хараагүй мэт өнгөрүүлэхдээ тулдаг. Тэр зүгээр л хийх ёстой ажлаа хийдэг ба хүний хийх учиртай зүйлд хамгийн бага анхаардаг. Түүний хийдэг ажил нь гагцхүү Түүний байгаа эрин үе болон гүйцэтгэх учиртай үйлчлэлтэй нь хамаатай байдаг бөгөөд бусад бүх хэрэг явдал Түүний үйл ажиллагааны хүрээний гадна оршдог мэт байдаг. Тэрээр хүн төрөлхтний дунд нэг нь болж амьдрах тухай илүү үндсэн мэдлэгээр Өөрийгөө зэвсэглэдэггүй, нийгмийн илүү их ур чадварт ч суралцдаггүй, мөн хүний ойлгодог өөр бусад зүйлээр ч Өөрийгөө зэвсэглэдэггүй. Хүний эзэмших ёстой бүхнийг Тэр огт анхаардаггүй ба Өөрийнх нь үүрэг болох ажлыг л хийдэг. Иймээс, хүний харж байгаагаар бол, бие махбодтой болсон Бурхан маш их дутагдалтай болохоор хүнд байх учиртай олон зүйлд бүр анхаарлаа ч хандуулдаггүй, мөн тийм зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Амьдралын тухай ерөнхий мэдлэг, түүнчлэн биеэ авч явах, бусадтай харилцах зарчим Түүнд ямар ч хамаагүй мэт харагддаг. Гэхдээ чи бие махбодтой болсон Бурханаас өчүүхэн төдий ч хэвийн бус байдлыг мэдэрч чадахгүй. Өөрөөр хэлбэл, Түүний хүн чанар нь хэвийн хүний амьдрал болон уураг тархиных нь хэвийн ухааныг л хадгалан, зөв бурууг ялгах чадварыг Түүнд өгдөг. Гэхдээ Тэр өөр юугаар ч зэвсэглэдэггүй, энэ бүхэн нь гагцхүү хүний (бүтээгдсэн зүйлийн) эзэмших ёстой зүйл юм. Бурхан үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд л махбод болдог. Түүний ажил бүхий л эрин үед чиглэдэг ба ямар нэг хүн юм уу газар луу биш, харин бүх орчлон ертөнцөд чиглэдэг. Энэ бол Түүний ажлын чиглэл, Түүний ажилладаг зарчим билээ. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, хүн үүнд оролцох ямар ч аргагүй. Бурхан махбод болох болгондоо тухайн эрин үеийн ажлыг авчирдаг бөгөөд хүнд Өөрийгөө илүү сайн ойлгуулж, мэдүүлэхийн тулд хүний дэргэд хорь, гуч, дөч, эсвэл бүр дал, наян жил амьдрах ямар ч санаа зорилго байдаггүй. Тэгэх шаардлагагүй! Ингэх нь Бурханы төрөлх зан чанарын талаарх хүний мэдлэгийг яавч гүнзгийрүүлэхгүй; харин ч хүний үзлийг л нэмэгдүүлж, хүний үзэл болон бодлыг хуучинсаг болгох байсан. Тиймээс бие махбодтой болсон Бурханы ажил яг юу болохыг та нар бүгд ойлговоос зохино. “Би хэвийн хүний амьдралыг туулахаар ирээгүй” гэж хэлснийг минь та нар мэдээж ойлгосон байлгүй дээ? “Бурхан хэвийн хүний амьдралаар амьдрахын тулд газар дээр ирээгүй” хэмээх үгийг та нар мартчихсан уу? Та нар Бурхан махбод болохын зорилгыг ойлгодоггүй, мөн “Бурхан яалаа гэж бүтээгдсэн зүйлийн амьдралыг туулах зорилгоор газар дээр ирэх юм бэ?” гэх үгийн утгыг ч мэддэггүй. Бурхан газар дээр гагцхүү Өөрийн ажлыг дуусгах гэж л ирдэг тул газар дээрх Түүний ажил түр зуурынх байдаг. Бие махбодоо чуулганыг удирдах гоц гойд хүн болгон боловсруулахад Бурханы Сүнсийг хүргэх санаа зорилгоор Тэр газар дээр ирдэггүй. Бурханыг газар дээр ирэхэд Үг махбод болдог; харин хүн Түүний ажлыг мэддэггүй ба Түүнд аливааг хүчээр тулгадаг. Гэхдээ, Бурхан бол Үг махбод болсон хэрэг болохоос бус, Бурханы үүргийг хэсэг зуур авахын тулд Бурханы Сүнсний боловсруулсан махан бие биш юм гэдгийг та нар бүгд ухаарах ёстой. Бурхан Өөрөө боловсруулалтын үр дүн биш, харин Үг махбод болсон хэрэг бөгөөд өнөөдөр Тэр та бүхний дунд Өөрийн ажлыг албан ёсоор гүйцэтгэдэг. Бурхан бие махбодтой болсон нь бодит үнэн гэдгийг та нар бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг ч үүнийг ойлгодог мэт авирладаг. Бие махбодтой болсон Бурханы ажлаас эхлээд Бурхан бие махбодтой болохын ач холбогдол, мөн чанарыг хүртэл, та нар эдгээрийг өчүүхэн ч ухаарч чаддаггүй бөгөөд зүгээр л үгийг үнэмшилтэйгээр цээжээр уншихад нь бусдыг дагадаг. Бие махбодтой болсон Бурхан чиний төсөөлдөгтэй адил гэж чи итгэж байна уу?
Бурхан гагцхүү эрин үеийг удирдаж, шинэ ажил явуулахын тулд махбод болдог. Та нар үүнийг ойлгох шаардлагатай. Энэ нь хүний чиг үүргээс ихээхэн өөр бөгөөд энэ хоёрыг эн зэрэгцүүлэн дурдаж болохгүй. Ажил гүйцэтгэхэд хүнийг ашиглахаас өмнө түүнийг удаан хугацааны турш боловсруулж, төгс болгох хэрэгтэй байдаг бөгөөд хүн чанар нь нэн өндөр түвшнийх байх хэрэгтэй байдаг. Хүн хэвийн хүн чанарын эрүүл ухаанаа хадгалж чаддаг байх ёстойгоор үл барам, цаашлаад бусадтай харилцахдаа биеэ авч явах олон дүрэм, зарчмыг ойлгох ёстой, түүнчлэн хүний мэргэн ухаан, ёс зүйн мэдлэгийн талаар бүр ч ихийг сурах ёстой. Энэ бол хүний эзэмших ёстой зүйл. Гэвч махбод болсон Бурханы хувьд тийм биш, учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний ажлыг ч төлөөлдөггүй; харин ч энэ нь Түүний оршихуйн шууд илэрхийлэл бөгөөд Түүний хийх учиртай ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил тохиромжтой цагт хийгддэг болохоос санаандгүйгээр, хааш яаш хийгддэггүй бөгөөд үйлчлэлээ хэрэгжүүлэх цаг болоход энэ нь эхэлдэг.) Тэрээр хүний амьдрал, эсвэл хүний ажилд оролцдоггүй, өөрөөр хэлбэл, Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй (гэхдээ энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Цаг нь болоход Тэр Өөрийн үйлчлэлийг л хэрэгжүүлдэг; Түүний байр суурь ямар ч байсан Тэрээр хийх учиртай ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүн юу мэддэг нь, мөн Түүний тухай ямар бодолтой байх нь Түүний ажилд ердөө нөлөөлдөггүй. Жишээ нь, Есүсийг ажлаа хийх үед Тэр яг хэн байсныг хэн ч мэдээгүй, гэхдээ Тэр зүгээр л ажлаа хийж байсан. Хийх учиртай ажлаа хийхэд нь эдгээрийн аль нь ч Түүнд саад болоогүй. Тиймээс Тэр эхэндээ Өөрийнхөө ялгамж чанарыг илчилж, зарлаагүй ба ердөө л хүнээр Өөрийгөө дагуулсан. Мэдээж энэ нь Бурханы даруу зан төдийгүй, бас махбодод ажилладаг арга зам нь байсан юм. Тэр ийм маягаар л ажиллаж чадах байлаа, учир нь хүн Түүнийг энгийн нүдээр хараад огт таних аргагүй байв. Хүн Түүнийг таньсан ч гэсэн Түүний ажилд тусалж чадахгүй байх байлаа. Үүнээс гадна, Тэрээр хүнд Өөрийнхөө махбодыг мэдэгдэх гэж бус, харин ажлаа хийж, үйлчлэлээ хэрэгжүүлэхийн тулд махбод болсон юм. Энэ шалтгааны улмаас Тэр Өөрийн ялгамж чанарыг зарлахад ямар ч ач холбогдол өгөөгүй. Хийх учиртай бүх ажлаа дуусгасных нь дараа Түүний бүхий л ялгамж чанар, байр суурь хүнд аяндаа тодорхой болчихно. Махбод болсон Бурхан чимээгүй байдаг ба хэзээ ч, юуг ч тунхагладаггүй. Тэрээр хүнд ч, эсвэл хүн Өөрийг нь яаж дагаж байгаад ч анхаарал хандуулдаггүй, харин зүгээр л үйлчлэлээ хэрэгжүүлэн, хийх учиртай ажлаа гүйцэтгэдэг. Түүний ажилд хэн ч саад тотгор учруулж чадахгүй. Түүний хувьд ажлаа дуусгах цаг ирэхэд үүнийг гарцаагүй дуусгаж, төгсгөлд нь аваачих ба хэн ч өөрөөр тушааж чадахгүй. Түүнийг ажлаа дуусгаад хүнийг орхин одсоны дараа л хүн Түүний хийдэг ажлыг ойлгох боловч бүрэн тодорхой ойлгож мөн л чадахгүй. Түүний анх ажлаа хийж эхэлсэн санаа зорилгыг бүрэн ойлгохын тулд хүн урт удаан хугацаа зарцуулна. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы эрин үеийн ажлыг хоёр хэсэгт хувааж болно. Нэг хэсэг нь, Бурханы Өөрийн махбод болсон биеийн хийдэг ажил болон Бурханы Өөрийн махбод болсон биеийн хэлдэг үгээс бүрддэг. Түүний махбодын үйлчлэл бүрэн дуусмагц Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн хийх, ажлын нөгөө хэсэг үлддэг. Энэ үед хүн чиг үүргээ гүйцэтгэх ёстой болдог, учир нь Бурхан аль хэдийн замыг нээчихсэн ба хүн өөрөө алхах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, махбод болсон Бурхан ажлын нэг хэсгийг гүйцэтгээд, дараа нь Ариун Сүнс болон Ариун Сүнсний ашигладаг хүмүүс энэ ажлыг залгамжилна. Тиймээс, энэ үе шатанд, махбод болсон Бурханы голчлон гүйцэтгэдэг ажил юунд хүргэдгийг хүн мэдэх ёстой бөгөөд Бурхан махбод болохын ач холбогдол яг юу болохыг болон Түүний хийх учиртай ажил юу болохыг ойлгох ёстой болохоос хүнд тавьсан шаардлагын дагуу Бурханд шаардлага тавих ёсгүй. Энд хүний алдаа, түүний үзэл, үүнээс ч илүүтэйгээр түүний дуулгаваргүй байдал оршдог.
Бурхан махбод болох нь хүнд Өөрийн махбодыг мэдүүлэх зорилготой биш, эсвэл Бурханы махбод болсон бие болон хүний махан биеийн хоорондох ялгааг таниулах зорилготой биш; Бурхан хүний ялган таних чадварыг дадлагажуулахын тулд ч махбод болдоггүй, тэр ч бүү хэл, Бурханы махбод болсон биеийг шүтэн мөргөх боломжийг хүнд олгож, улмаар асар их алдрыг олж авах зорилгоор тэгдэггүй. Эдгээрийн аль нь ч Бурхан махбод болохын санаа зорилго биш. Бурхан хүнийг яллахын тулд, эсвэл зориуд хүнийг илчилж, түүнд хүндрэл учруулахын тулд махбод болдоггүй. Эдгээр зүйлийн аль нь ч Бурханы санаа зорилго биш. Бурхан махбод болох бүр нь ажлын зайлшгүй хэлбэр юм. Тэрээр хүний төсөөлдөг шалтгаанаар бус, харин Өөрийн илүү агуу ажил, илүү агуу удирдлагын төлөө ийнхүү үйлддэг. Бурхан зөвхөн ажлынхаа шаардлагаар л, хэрэгтэй үед л газар дээр ирдэг. Тэрээр зүгээр л эргэн тойрныг харах зорилгоор биш, харин Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхээр газар дэлхийд ирдэг. Эс бөгөөс Тэр яах гэж энэ ажлыг хийхийн тулд ийм хүнд ачаа үүрч, ийм агуу эрсдэл хүлээх билээ? Бурхан шаардлагатай үедээ л махбод болдог ба үргэлж өвөрмөц ач холбогдолтой байдаг. Хэрэв энэ нь ердөө хүмүүст Өөрийгөө харуулж, тэдний мэдлэгийн хүрээг тэлэхийн төлөө л байсан бол Тэрээр ийм хөнгөхнөөр хүмүүсийн дунд хэзээ ч ирэхгүй байсан нь лавтай. Тэрээр Өөрийн удирдлага болон агуу ажлын төлөө, мөн хүн төрөлхтнөөс илүү олныг олж авахын тулд газар дээр ирдэг. Түүнчлэн эрин үеийг төлөөлж, Сатаныг ялахаар ирдэг ба Сатаныг ялахын тулд махбодоор Өөрийгөө хувцасладаг. Үүнээс ч илүүтэйгээр, бүх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Тэр ирдэг. Энэ бүхэн Түүний удирдлагатай хамаатай, бүх орчлон ертөнцийн ажилтай хамаатай. Хэрвээ Бурхан хүмүүст Өөрийн махбодыг таниулж, хүмүүсийн нүдийг нээхийн тулд л махбод болсон бол яагаад бүх улсаар аялдаггүй юм бэ? Энэ нь туйлын амархан байх бус уу? Гэвч Тэр тэгээгүй, үүний оронд суурьшиж, хийх учиртай ажлаа эхлэхэд тохиромжтой газрыг сонгосон. Энэ махбод ганцаараа л гэхэд үлэмж ач холбогдолтой. Тэрээр эрин үеийг бүхэлд нь төлөөлж, бас бүхий л эрин үеийн ажлыг гүйцэтгэдэг; хуучин эрин үеийг төгсгөл болгохын сацуу шинэ эрин үеийг эхлүүлдэг. Энэ бүхэн нь Бурханы удирдлагатай холбоотой чухал асуудал бөгөөд энэ бүхэн нь газар дээр Бурханы гүйцэтгэхээр ирдэг ажлын нэг үе шатны ач холбогдол юм. Есүс газар дээр ирэхдээ зөвхөн зарим нэг үгийг хэлж, зарим ажлыг хийсэн; Тэр хүний амийн талаар санаа тавиагүй ба ажлаа дуусгамагцаа явсан. Өнөөдөр Би үг хэлж, Өөрийн үгийг та нарт дамжуулж дуусах үед, мөн та нар бүгд ойлгох үед амь чинь ямар байх нь хамаагүй, Миний ажлын энэ алхам дууссан байх болно. Хожим нь, Миний ажил дахь энэ алхмыг үргэлжлүүлж, эдгээр үгийн дагуу газар дээр үргэлжлүүлэн ажиллах зарим хүн байх ёстой; тэр үед хүний ажил болон хүний бүтээн байгуулалт эхэлнэ. Гэхдээ одоогоор, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж, ажлынхаа нэг алхмыг гүйцээхийн тулд Бурхан Өөрийн ажлыг л хийдэг. Бурхан хүнийхтэй адилгүй байдлаар ажилладаг. Хүн цуглаан, чуулга уулзалтад дуртай, баяр ёслолд чухал ач холбогдол өгдөг байхад Бурхан яг хүний цуглаан болон уулзалтуудыг л хамгийн их жигшдэг. Бурхан хүнтэй албан бусаар хэлэлцэж, ярилцдаг; энэ бол ер бусын чөлөөтэй агаад та нарыг чөлөөлдөг Бурханы ажил билээ. Гэхдээ Би та нартай хамт цугларахыг туйлын их жигшдэг ба та нарынх шиг их дэг журамтай амьдралд дасаж чаддаггүй. Би дүрэм журмыг хамгийн их жигшдэг; тэдгээр нь хүнийг үйлдэл хийхээс айж, үг хэлэхээс айж, дуулахаас айж, нүд нь чам руу гөлрөн ширтэх хүртэл хэмжээнд хязгаарладаг. Би та нарын цугларалтын байдлыг туйлаас жигшдэг, мөн томоохон цуглаануудыг үнэхээр жигшдэг. Би ийм маягаар та нартай цугларахаас татгалздаг, учир нь ийм байдалтай амьдрахад дөнгөлүүлсэн мэт санагддаг бөгөөд та нар хэтэрхий их баяр ёслол, хэтэрхий олон дүрэм журмыг мөрддөг. Хэрвээ та нарт хүмүүсийг удирдах боломж олгосон бол та нар бүгдийг нь дүрэм журмын эзэмшил рүү хөтлөх бөгөөд та нарын удирдлага дор хүмүүс дүрэм журмыг хаях ямар ч аргагүй байх байсан; харин шашны уур амьсгал улам бүр эрчимжиж, хүний дадлууд нэмэгдсээр байх байлаа. Зарим хүн цугларах үедээ үг хэлж, ярьсаар байдаг ба хэзээ ч залхдаггүй, зарим нь арав гаруй хоног зогсолтгүй номлож чадна. Эдгээрийг бүгдийг нь хүний томоохон цуглаан, уулзалтууд гэж тооцдог; тэдгээр нь идэж уух болон эдэлж таашаах амьдралтай, эсвэл сүнсийг чөлөөлдөг амьдралтай огтхон ч хамаагүй. Бүгд уулзалт! Хамтран зүтгэгчдийн уулзалт, мөн том, жижиг цуглаанууд чинь бүгд Миний хувьд зэвүүцмээр байдаг бөгөөд Би хэзээ ч тэдгээрийг сонирхож байгаагүй. Энэ бол Миний ажилладаг зарчим: Би цуглааны үеэр номлохыг хүсдэггүй, мөн томоохон олон нийтийн цугларалт дээр ямар нэгэн юм тунхаглахыг ч хүсдэггүй, та бүхнийг хэдэн өдрийн онцгой хуралдаанд хуралдуулахыг бүр ч хүсдэггүй. Та нар цуглаан дээр бүгд ёсорхуу, зөв суух ёстой гэдгийг Би тохиромжтой гэж үздэггүй; ямар нэгэн ёслолын хязгаар дотор амьдарч байгааг чинь Би харах дургүй, үүнээс гадна Би та нарын тийм ёслолд оролцохоос татгалздаг. Та нар хэдий чинээ үүнийг хийнэ, энэ нь Надад төдий чинээ зэвүүцмээр санагддаг. Би та нарын энэ ёслол, дүрэм журмыг өчүүхэн төдий ч сонирхдоггүй; та нар тэдгээрийгээ хэчнээн сайн хийх нь хамаагүй Миний хувьд бүгд зэвүүцмээр байдаг. Та нарын зохицуулалт тохиромжгүй, эсвэл та нар хэтэрхий дорд байгаа юм биш; Би зүгээр л амьдралын хэв маягийг чинь жигшдэг, түүнээс гадна Би үүнд дасаж чаддаггүй. Та нар хийхийг хүсдэг ажлыг минь өчүүхэн ч ойлгодоггүй. Тухайн үед Есүс Өөрийн ажлыг хийж байхдаа, зарим газарт номлож дуусаад шавь нараа дагуулан хотоос гарч, ойлговол зохих замынх нь талаар тэдэнтэй ярилцдаг байв; Тэр ихэвчлэн ийм байдлаар ажилласан юм. Үй олон хүний дундах Түүний ажил ховорхон байлаа. Түүнээс шаарддаг зүйлийн чинь дагуу бол, махбод болсон Бурхан хэвийн хүний амьдралтай байх ёсгүй; Тэрээр ажлаа гүйцэтгэх ёстой ба сууж, зогсож, эсвэл алхаж байсан ч үг хэлэх ёстой. Тэр цаг ямагт ажиллах ёстой ба Өөрийн “үйл ажиллагааг” хэзээ ч зогсоож болохгүй, эс тэгвээс Тэр үүргээ цалгардуулах байсан. Хүний эдгээр шаардлага нь хүний эрүүл ухаанд зохистой юу? Та нарын ёс жудаг хаана байна вэ? Та нар хэтэрхий ихийг шаардаж байгаа бус уу? Ажиллаж байхдаа Би чамаар шалгуулах хэрэгтэй гэж үү? Үйлчлэлээ хэрэгжүүлж байхдаа Би чамаар хянуулах хэрэгтэй гэж үү? Ямар ажил хийх ёстойгоо болон хэзээ хийх учиртайгаа Би сайн мэддэг; бусад хүн хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Би төдийлөн ихийг хийгээгүй мэт чамд санагдаж магадгүй боловч тэр үед Миний ажил дуусаж байдаг. Жишээ нь, Дөрвөн Сайн мэдээн дэх Есүсийн үгийг аваад үз: Тэдгээр нь ч бас хязгаарлагдмал байгаагүй гэж үү? Тухайн үед Есүс синагогт орж, номлол айлдах үедээ хамгийн ихдээ л хэдэн минутын дотор дуусгасан бөгөөд ярьж дууссаныхаа дараа шавь нараа дагуулан завь руу очиж, ямар ч тайлбаргүйгээр явж одсон. Хамгийн ихдээ л синагогт байсан хүмүүс үүнийг өөр хоорондоо хэлэлцсэн боловч Есүс үүнд оролцоогүй. Бурхан хийх учиртай ажлаа л хийдэг, үүнээс илүү юу ч хийдэггүй. Тэгвэл одоо, өдөрт ядаж хэдэн цагийн турш илүү их ярьж, үг хэлэхийг олон хүн Надаас хүсдэг. Та нарын харж байгаагаар, Бурхан үг хэлэхгүй л бол Бурхан байхаа болих бөгөөд үг хэлдэг Нэгэн л Бурхан юм. Та нар бүгд сохор! Бүгд мал адгуус шиг! Бүгд ямар ч эрүүл ухаангүй, мэдлэггүй юмнууд! Та нарт хэтэрхий олон үзэл байдаг! Шаардлага чинь дэндүү их! Та нар хүний үнэргүй! Бурхан юу гэснийг ядаж ойлгодоггүй! Бүх илтгэгч болон уран илтгэгч бол Бурхан, та нарыг үгээр хангахад бэлэн байгаа хэн боловч та нарын эцэг гэж та нар итгэдэг. Надад хэл дээ, сайхан галбиртай, содон дүр төрхтэй та бүхэнд өчүүхэн төдий ч гэсэн эрүүл ухаан байгаа юу? Та нар тэнгэрнарыг одоогоор мэдэх үү! Та нар бүгдээрээ, шунахай агаад авлигад автсан албан тушаалтантай адилхан тул эрүүл ухааныг ойлгож яаж чадах билээ? Зөв бурууг ялгаж яаж чадах билээ? Би та нарт ихийг хайрласан боловч та нарын дундаас хэчнээн нь үүнийг үнэлсэн бэ? Үүнийг хэн бүрэн эзэмшсэн вэ? Өнөөдөр алхдаг замыг чинь хэн нээснийг та нар мэддэггүй тул Надад үргэлжлүүлэн шаардлага тавьж, эдгээр хөгийн, утгагүй шаардлагыг тавьдаг. Ичсэнээсээ болоод нүүр чинь улайхгүй байна уу? Би хангалттай яриагүй гэж үү? Би хангалттай хийгээгүй гэж үү? Та нарын дундаас хэн Миний үгийг үнэт эрдэнэс мэт үнэхээр нандигнадаг вэ? Та нар Миний өмнө Надад долигонодог боловч Миний ардуур худлаа ярьж, хуурдаг! Та нарын үйлдэл хэтэрхий жигшмээр бөгөөд Миний дургүйг хүргэдэг! Та нар амьдралаа өөрчлөхийн тулд биш, харин нүдээ хужирлаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх гэсэндээ л үг хэлж, ажиллахыг Надаас гуйдгийг чинь Би мэднэ. Би та нарт маш ихийг хэлсэн. Та нарын амьдрал аль хэдийн өөрчлөгдчих ёстой байсан, тэгтэл та нар яагаад одоо ч гэсэн хуучин байдлаа давтсаар байдаг юм бэ? Та нар Миний үгийг дээрэмдүүлчхээд, тэдгээрийг хүлээн аваагүй юм гэж үү? Үнэнийг хэлэхэд Би та нар шиг ийм доройтмол хүмүүст өөр юу ч хэлэхийг хүсдэггүй—энэ нь хий дэмий байх болно! Би ийм их үр ашиггүй ажил хийхийг хүсдэггүй! Та нар амийг олж авахыг биш, харин зөвхөн мэдлэгийн хүрээгээ тэлж, эсвэл нүдээ хужирлахыг л хүсдэг! Та нар бүгд өөрсдийгөө хуурч байна! Би та нараас асууя, та нартай нүүр тулан ярьсан зүйлийн минь хэр ихийг та нар хэрэгжүүлсэн бэ? Та нар бусдыг мэхлэхийн тулд заль гаргахаас өөрийг хийдэггүй! Та нарын дунд байгаа, үзэгч мэт харах дуртай хүмүүсийг Би жигшдэг бөгөөд сониуч зан чинь Миний хувьд гүнээ зэвүүцмээр байдаг. Хэрвээ үнэн замыг эрэлхийлэхийн тулд, эсвэл үнэнээр цангасандаа энд ирээгүй бол та нар Миний жигшлийн бай юм! Та нар сониуч зангаа хангахын тулд, эсвэл шуналт хүслийнхээ аль нэгийг биелүүлэхийн тулд л Миний ярихыг сонсдог гэдгийг Би мэднэ. Та нарт үнэний оршин тогтнолыг эрж хайх, эсвэл амь руу орох зөв замыг судалж шинжлэх бодол байдаггүй; эдгээр шаардлага та нарын дунд ердөө оршдоггүй. Та нар Бурханыг судалж, гайхан бишрэх тоглоом мэт үздэгээс цаашгүй. Та нар амийг эрэлхийлэхдээ хэтэрхий бага хүсэл тэмүүлэлтэй байдаг боловч сониуч хүсэл чинь их байдаг! Тийм хүмүүст амийн замын тайлбарлах нь оргүй хоосонтой ярихтай адил; Би огт ярихгүй байсан нь дээр! Би та нарт хэлье! Хэрвээ та нар зүгээр л зүрх сэтгэл дэх хоосон зайгаа дүүргэхээр хичээж байгаа бол Над руу ирэхгүй байсан чинь дээр! Та нар амь олж авахад ач холбогдол өгөх учиртай! Өөрсдийгөө бүү хуур! Та нар сониуч зангаа амийн эрэл хайгуулынхаа үндэс болгож, эсвэл өөрсдөд чинь үгээ хэлэхийг Надаас гуйх шалтаг болгон ашиглахгүй байсан нь дээр. Энэ бүхэн нь та нарын тун сурамгай хийдэг заль мэх юм! Би чамаас дахин асууя: Орохыг шаардсан зүйлийн минь хэр их рүү чи үнэхээр орсон бэ? Чамд хэлсэн бүхнийг минь чи ухаарсан уу? Чамд хэлсэн бүхнийг чи хэрэгжүүлж амжсан уу?
Эрин үе бүрийн ажлыг Бурхан Өөрөө эхлүүлдэг боловч Бурхан ямар ч замаар ажилласан бай, Тэрээр та нарын өмнөөс ямар нэг хөдөлгөөн эхлүүлэх гэж, тусгай хурал хийх гэж, эсвэл ямар нэг байгууллага байгуулах гэж ирдэггүй гэдгийг чи мэдэх ёстой. Тэр Өөрийн хийх учиртай ажлыг гүйцэтгэхийн тулд л ирдэг. Түүний ажил ямар нэг хүний хязгаарлалтад автдаггүй. Тэр Өөрийн ажлыг хүссэнээрээ хийдэг; хүн үүний талаар юу бодож, юу мэдэж байгаагаас үл хамааран Тэрээр Өөрийн ажлыг гүйцэтгэхэд л анхаарлаа хандуулдаг. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл ажлын гурван үе шат байсан; Еховагаас Есүс хүртэл, Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе хүртэл Бурхан хэзээ ч хүмүүст зориулан тусгай хурал зарлаагүй, мөн олон улсын тусгай хурал зарлан хуралдуулж, тэгснээрээ Өөрийн ажлын хүрээг өргөжүүлэхийн төлөө бүх хүн төрөлхтнийг хэзээ ч цуглуулаагүй. Түүний хийдэг бүхэн нь, бүхий л эрин үеийн эхний ажлыг зөв цаг, зүй зохистой орон зайд гүйцэтгэж, улмаар эрин үеийг эхлүүлж, хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх явдал юм. Тусгай хурлууд нь хүний цугларалт юм; хүмүүсийг цуглуулж, баяр тэмдэглэх нь хүний л ажил. Бурхан амралтын өдрүүдийг мөрддөггүй, цаашлаад тэдгээрт зэвүүцдэг; Тэрээр тусгай хурал зарлан хуралдуулдаггүй ба тэдгээрийг ч бас зэвүүцмээр гэж үздэг. Одоо чи бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил яг юу болохыг ойлгосон байх ёстой!