Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 4

Төгс болгуулах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдах гэж юу гэсэн үг вэ? Байлдан дагуулагдахын тулд хүмүүс ямар шалгуурыг хангах ёстой вэ? Төгс болгуулахын тулд ямар шалгуурыг хангах ёстой вэ? Байлдан дагуулах, төгс болгох нь хоёулаа хүнийг бүрэн төгс болгох зорилготой, ингэснээр тэр анхдагч төрхөө сэргээж, завхарсан сатанлаг зан чанар болон Сатаны нөлөөнөөс ангижирч болох юм. Энэхүү байлдан дагуулалт нь хүнийг хүн болгох үйл явцын эхэнд болдог; үнэндээ энэ нь ажлын эхний алхам юм. Төгс болгох нь хоёр дахь алхам бөгөөд төгсгөлийн ажил билээ. Хүн бүр байлдан дагуулагдах үйл явцыг туулах ёстой. Тэгэхгүй бол тэд Бурханыг мэдэх ямар ч аргагүй, Бурхан байдаг гэдгийг ч мэдэхгүй, өөрөөр хэлбэл, тэдний хувьд Бурханыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрвээ хүмүүс Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй бол тэдний хувьд бас Бурханаар бүрэн төгс болгуулах боломжгүй байдаг, чи бүрэн төгс болгуулах энэхүү шалгуурыг хангадаггүй. Хэрвээ чи бүр Бурханыг ч хүлээн зөвшөөрдөггүй бол Түүнийг яаж мэдэж чадах юм бэ? Яаж Түүнийг эрэлхийлж чадах юм бэ? Чи Түүнд гэрчлэл хийж ч чадахгүй, тэр ч бүү хэл Түүнийг сэтгэл хангалуун болгох итгэлтэй байж ч чадахгүй. Иймээс бүрэн төгс болгуулахыг хүсдэг хэний ч хувьд эхний алхам нь байлдан дагуулалтын ажлыг туулах явдал байх ёстой. Энэ бол эхний нөхцөл. Гэвч байлдан дагуулах, төгс болгох нь хоёулаа хүмүүсийг хүн болгож, өөрчлөхийн төлөө байдаг бөгөөд аль аль нь хүнийг удирдах ажлын нэг хэсэг юм. Хүнийг бүрэн гүйцэд болгоход энэ хоёр алхам хоёулаа хэрэгтэй бөгөөд алийг нь ч орхигдуулж болохгүй. “Байлдан дагуулагдах” гэдэг нь тийм ч сайхан сонсогддоггүй нь үнэн боловч үнэн хэрэгтээ хэн нэгнийг байлдан дагуулах үйл явц нь түүнийг өөрчлөх үйл явц юм. Байлдан дагуулагдмагц завхарсан зан чанар чинь бүрэн арилаагүй байж болох ч чи ядаж л үүнийг мэдэж авсан байна. Байлдан дагуулалтын ажлаар дамжуулан чи дорд хүн чанараа, мөн ихээхэн дуулгаваргүй байдлаа мэдэж авсан байх болно. Хэдийгээр чи байлдан дагуулалтын ажлын богинохон хугацаанд эдгээр зүйлийг хаяж, эсвэл өөрчилж чадахгүй ч тэдгээрийг мэдэж авах бөгөөд энэ нь төгс болгуулах суурийг чинь тавина. Иймээс байлдан дагуулах болон төгс болгох нь хоёулаа хүмүүсийг өөрчилж, тэднийг завхарсан сатанлаг зан чанараас нь салгахын тулд хийгддэг, ингэснээр тэд өөрсдийгөө Бурханд бүрэн өгч чадна. Байлдан дагуулагдана гэдэг нь ердөө хүмүүсийн зан чанарыг өөрчлөх эхний алхам, мөн хүмүүс өөрсдийгөө Бурханд бүрэн өгөх эхний алхам бөгөөд төгс болгуулах алхмаас доогуур юм. Байлдан дагуулагдсан хүний амь зан чанар төгс болгуулсан хүнийхээс хамаагүй бага өөрчлөгддөг. Байлдан дагуулагдах болон төгс болгуулах нь үзэл баримтлалын хувьд нэг нэгээсээ өөр, учир нь тэдгээр нь ажлын өөр өөр үе шат бөгөөд хүмүүсийг өөр өөр стандартад байлгадаг; байлдан дагуулалт нь хүмүүсийг доогуур стандартад байлгадаг байхад төгс болголт нь илүү өндөр стандартад байлгадаг. Төгс болгуулсан хүмүүс нь зөв шударга хүмүүс, ариун болгуулсан хүмүүс юм; тэд бол хүн төрөлхтнийг удирдах ажлын биелэлт буюу эцсийн бүтээгдэхүүн билээ. Хэдийгээр тэд төгс хүмүүс биш ч утга учиртай амьдралаар амьдрахаар эрж хайдаг хүмүүс юм. Харин байлдан дагуулагдсан хүмүүс Бурханы оршин тогтнолыг үгээрээ л хүлээн зөвшөөрдөг; Бурхан бие махбодтой болж, Үг махбодоор илэрсэн, Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийхийн тулд газар дээр ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн тэд, Бурханы шүүлт болон гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлт нь бүгд хүнд ашиг тустай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэд саяхнаас л бага зэрэг хүний төрхтэй болж эхэлсэн. Тэдэнд амьдралын талаарх зарим нэг ойлголт байдаг ч мөн л бүдэг бадаг хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, тэд хүн чанарыг л эзэмшиж эхэлж байгаа. Энэ нь байлдан дагуулагдахын үр нөлөө юм. Хүмүүс төгс болгуулах замд хөл тавих үед хуучин зан чанараа өөрчлөх чадвартай болдог. Түүнчлэн, тэдний амь өссөөр байдаг ба тэд аажмаар үнэнд илүү гүн гүнзгий ордог. Тэд дэлхий ертөнцийг үзэн ядаж, үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүнийг үзэн ядаж чаддаг. Тэд ялангуяа өөрсдийгөө үзэн яддаг, гэхдээ үүнээс ч илүүтэйгээр өөрсдийгөө тодорхой мэддэг. Тэгээд үнэнээр амьдрахыг хүсэж, үнэнийг эрэлхийлэхийг зорилгоо болгодог. Тэд уураг тархиныхаа бий болгосон бодол дотор амьдрахыг хүсдэггүй бөгөөд хүний өөрийгөө зөвтгөдөг байдал, онгироо, ихэрхүү занг жигшдэг. Тэд ёс зүйн өндөр мэдрэмжтэй ярьдаг, ялган таних чадвар, мэргэн ухаантайгаар аливааг зохицуулж, Бурханд үнэнч, дуулгавартай байдаг. Гэсгээлт, шүүлтийн тохиолдлыг туулбал тэд идэвхгүй, сул дорой болдоггүйгээр үл барам, Бурханы энэхүү гэсгээлт, шүүлтэд талархдаг. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр байж чадахгүй; энэ нь тэднийг хамгаалдаг гэж тэд итгэдэг. Тэд амар амгалан, баяр хөөр, өлсгөлөнгөө дарах талх эрж хайх итгэлийг эрэлхийлдэггүй. Түр зуурын махан биеийн зугаа цэнгэлийн араас ч хөөцөлддөггүй. Энэ нь төгс болгуулсан хүмүүст гардаг зүйл юм. Хүмүүс байлдан дагуулагдсаныхаа дараа Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч тийнхүү хүлээн зөвшөөрсөн нь хязгаарлагдмал байдлаар тэднээс харагддаг. Үг нь махбодоор илэрсэн гэдэг нь үнэндээ юу гэсэн үг вэ? Бие махбодтой болох гэж юу гэсэн үг вэ? Бие махбодтой болсон Бурхан юу хийсэн бэ? Түүний ажлын зорилго, ач холбогдол юу вэ? Түүний маш их ажлыг туулж, махбод дахь Түүний үйл хэргийг туулсны дараа чи юу олж авсан бэ? Энэ бүх зүйлийг ойлгосны дараа л чи байлдан дагуулагдсан хүн болно. Хэрвээ чи, Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг гэж л хэлдэг боловч хаях учиртай зүйлийг хаядаггүй, орхих ёстой махан биеийн зугаа цэнгэлийг орхиж чаддаггүй, харин ч урьдынх шигээ махан биеийн тав тухыг байнга улиглан хүсэж, ах эгч нарын эсрэг атгаг сэжгийг тавьж явуулж чаддаггүй, олон энгийн хэрэгжүүлэлтийг гүйцэтгэхдээ ямар ч төлөөс төлдөггүй бол хараахан байлдан дагуулагдаагүйг чинь тэр нь нотолдог. Тэр тохиолдолд, чи ихийг ойлгодог байлаа ч гэсэн, тэр бүхэн нь ямар ч хэрэггүй байх болно. Байлдан дагуулагдсан хүмүүс нь анхан шатны өөрчлөлт, анхан шатны оролтод хүрсэн хүмүүс юм. Бурханы шүүлт, гэсгээлтийг туулах нь хүмүүст Бурханы талаарх анхан шатны мэдлэг болон үнэний талаарх анхан шатны ойлголтыг өгдөг. Чи илүү гүн гүнзгий бодит байдал, илүү дэлгэрэнгүй үнэн рүү бүрэн орж чадахгүй байж болох боловч махан биеийн зугаа цэнгэл, эсвэл хувийн байр суурьтай чинь холбоотой олон энгийн үнэнийг бодит амьдралдаа хэрэгжүүлж чаддаг. Энэ бүхэн нь байлдан дагуулагдах үйл явцад хүмүүст гардаг үр нөлөө юм. Зан чанарын өөрчлөлтийг ч бас байлдан дагуулагдсан хүмүүсээс харж болно; жишээлбэл, тэдний хувцаслаж, биеэ авч явдаг байдал, амьдардаг байдал бүгд өөрчлөгдөж болно. Бурханд итгэх итгэлийн талаарх тэдний үзэл бодол өөрчлөгдөж, тэд өөрсдийн эрэл хайгуулын зорилгын талаар тодорхой мэдэж, илүү өндөр хүсэл эрмэлзэлтэй болдог. Байлдан дагуулалтын ажлын явцад тэдний амь зан чанарт ч бас холбогдох өөрчлөлт гардаг. Өөрчлөлт гардаг боловч тэдгээр нь өнгөцхөн, анхан шатных бөгөөд төгс болгуулсан хүмүүсийн зан чанар болон эрэл хайгуулын зорилго дахь өөрчлөлтөөс хавьгүй дор байдаг. Хэрвээ байлдан дагуулагдах явцад хүний зан чанар огтхон ч өөрчлөгддөггүй, тэрээр өчүүхэн төдий ч үнэнийг олж авдаггүй бол ийм хүн зүгээр л хог новш бөгөөд огт хэрэггүй! Байлдан дагуулагдаагүй хүмүүс төгс болгуулж чадахгүй! Хэрвээ хүн зөвхөн байлдан дагуулагдахыг л хичээвэл, байлдан дагуулалтын ажлын үеэр зан чанарт нь зарим нэг зохих өөрчлөлт харагддаг ч гэсэн тэрээр бүрэн төгс болгуулж чадахгүй. Тэр өөрийн олж авсан анхны үнэнийг ч бас алдана. Байлдан дагуулагдсан болон төгс болгуулсан хүмүүсийн зан чанарын өөрчлөлтөд үлэмж их ялгаа бий. Гэхдээ байлдан дагуулагдах нь өөрчлөлтийн эхний алхам мөн; энэ нь суурь билээ. Анхны энэ өөрчлөлт дутмаг байгаа нь, тухайн хүн Бурханыг үнэндээ огт мэддэггүй гэдгийн баталгаа юм, учир нь энэхүү мэдлэг шүүлтээс ирдэг бөгөөд ийм шүүлт нь байлдан дагуулалтын ажлын үндсэн хэсэг билээ. Иймээс төгс болгуулсан бүхэн эхлээд байлдан дагуулагдах ёстой; эс бөгөөс тэдний хувьд төгс болгуулах ямар ч аргагүй.

Чи бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг, Үг махбодоор илэрснийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг атлаа Түүний нүднээс далдуур зарим зүйлийг хийж, Түүний шаарддаг зүйлд харшилдаг зүйл хийдэг бөгөөд зүрх сэтгэлдээ Түүнээс ер айдаггүй. Энэ нь Бурханыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Чи Түүний хэлдэг зүйлийг хүлээн зөвшөөрдөг боловч хийж чадах зүйлээ хэрэгжүүлдэггүй, Түүний замыг ч баримталдаггүй. Энэ нь Бурханыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү? Чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч Түүнийг хэзээ ч хүндэлдэггүй ба Түүнээс сэрэмжлэх л сэтгэлтэй байдаг. Түүний ажлыг харж, хүлээн зөвшөөрсөн бөгөөд Тэр бол Бурхан гэдгийг мэддэг хэрнээ хөндий хайнга, огт өөрчлөгдөхгүй хэвээр үлдвэл чи мөн л байлдан дагуулагдаагүй хүн юм. Байлдан дагуулагдсан хүмүүс чадах бүхнээ хийх ёстой бөгөөд илүү өндөр үнэнд орж чадахгүй, эдгээр үнэн нь тэдний хувьд хүршгүй хэдий ч ийм хүмүүс зүрх сэтгэлдээ үүнд хүрэхийг хүсдэг. Учир нь, тэдний хүлээн авч чадах зүйлд хязгаар байдаг ба хэрэгжүүлж чаддаг зүйл нь бас хэмжээ, хязгаартай байдаг. Гэхдээ тэд ядаж л чадах бүхнээ хийх ёстой бөгөөд хэрвээ чи эдгээр зүйлийг хийж чадвал энэ нь байлдан дагуулалтын ажлаас үүдэн гарсан үр нөлөө юм. “Хүний чадахгүй маш олон үгийг Тэр хэлсэн гэдгийг харвал хэрвээ Тэр Бурхан биш юм бол өөр хэн байх вэ?” гэж чи хэллээ гэж үзье. Ийм бодолтой байлаа гээд Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг биш. Хэрвээ чи Бурханыг хүлээн зөвшөөрдөг бол бодит үйлдлээрээ харуулах ёстой. Чуулганыг удирдаж байгаа ч зөв шударга байдлыг хэрэгжүүлж чаддаггүй бол, мөнгө, эд хөрөнгөд шунаж, чуулганы санг өөртөө үргэлж халаасалдаг бол энэ нь Бурхан байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг мөн үү? Бурхан бол төгс хүчит бөгөөд хүндлэл хүртүүштэй. Хэрвээ чи Бурхан байдаг гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг бол яаж айхгүй байж чадах юм бэ? Чи тийм жигшүүртэй үйл хийх чадвартай бол Түүнийг үнэхээр хүлээн зөвшөөрдөг үү? Чи Бурханд итгэдэг гэж үү? Чиний итгэдэг зүйл чинь тодорхойгүй Бурхан; тиймээс чи айдаггүй! Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, мэддэг хүмүүс бүгд Түүнээс айдаг ба Түүнийг эсэргүүцэх, эсвэл өөрсдийн мөс чанарыг зовоох зүйл хийхээс айдаг; тэд ялангуяа, Бурханы хүслийн эсрэг гэдгийг нь мэддэг юуг ч хийхээс айдаг. Үүнийг л Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаад тооцож болно. Эцэг эх чинь Бурханд итгэхийг чинь болиулахаар оролдох үед чи юу хийх ёстой вэ? Үл итгэгч нөхөр чинь чамд сайн хандаж байх үед чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Ах эгч нар чинь чамайг үзэн ядах үед Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Хэрвээ чи Түүнийг хүлээн зөвшөөрдөг бол энэ бүх хэрэг явдал дээр зохих ёсоор үйлдэж, бодит байдлыг амьдран харуулна. Хэрвээ чи бодитой үйлдэл хийж чадахгүй, харин зөвхөн Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөг гэж л хэлбэл зүгээр л хоосон яригч юм! Чи Түүнд итгэж, Түүнийг хүлээн зөвшөөрдөг гэж хэлдэг боловч ямар байдлаар Түүнийг хүлээн зөвшөөрдөг вэ? Ямар байдлаар чи Түүнд итгэдэг вэ? Чи Түүнээс айдаг уу? Түүнийг хүндэлдэг үү? Сэтгэлийнхээ гүнд Түүнийг хайрладаг уу? Чи зовуурилж, түшиж тулах хэн ч үгүй байх үедээ Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг ч дараа нь энэ бүхнээ таг мартдаг. Тэр нь Бурханыг хайрлаж байгаа хэрэг биш, Бурханд итгэж байгаа ч хэрэг биш! Тэгвэл эцсийн эцэст хүн юунд хүрээсэй гэж Бурхан хүсдэг вэ? Өөрийгөө ихэд чухалчилж, юмыг хүлээн авч, ойлгохдоо хурдан гэж бодож, бусдыг хянаж, бусдыг дорд үзэж, харагдах байдлаар нь хүмүүсийг шүүж, гэм зэмгүй хүмүүсийг дээрэлхэж, чуулганы мөнгөнд шунах гэх мэт Миний дурдсан энэ бүх байдал буюу энэ бүх сатанлаг завхарсан зан чанарын нэг хэсгээс салах үед л байлдан дагуулагдсан чинь харагдана.

Байлдан дагуулалтын ажил хүмүүс та нар дээр хийгддэг нь хамгийн гүн гүнзгий ач холбогдолтой: Нэг талаар, энэхүү ажлын зорилго нь бүлэг хүмүүсийг төгс болгох явдал, өөрөөр хэлбэл, тэднийг төгс болгосноор тэд бүлэг ялагч—бүрэн төгс болгуулсан эхний бүлэг хүмүүс буюу анхны үр жимс болж болох юм. Нөгөө талаар, энэ нь бүтээгдсэн зүйлсэд Бурханы хайрыг эдлүүлж, Бурханы бүрэн дүүрэн, хамгийн агуу авралыг хүртээж, хүнд өршөөл, хайр энэрлийг л эдлүүлээд зогсохгүй үүнээс ч чухал нь гэсгээлт, шүүлтийг эдлүүлэхийн төлөө байдаг. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Өөрийнхөө ажлаар Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн ядаагүй хайр билээ. Чиний харсан гэсгээлт, шүүлт ч гэсэн бас хайр, илүү жинхэнэ, илүү бодитой хайр, хүмүүсийг хүний амьдралын зөв зам руу хөтөлдөг хайр юм. Өөр нэг талаар, энэ нь Сатаны өмнө гэрчлэл хийхийн төлөө юм. Дахиад нэг талаас бол, энэ нь ирээдүйн сайн мэдээний ажлыг түгээх суурийг тавихын төлөө байдаг. Түүний хийсэн бүх ажил нь хүмүүсийг хэвийн хүн шиг амьдруулахын тулд хүний амьдралын зөв зам руу хөтлөх зорилготой байсан, учир нь хүмүүс хэрхэн амьдрахаа мэддэггүй бөгөөд энэхүү удирдамжгүйгээр чи хоосон амьдралаар л амьдарна; амьдрал чинь үнэ цэнгүй, утга учиргүй байх ба чи хэвийн хүн байж огт чадахгүй. Энэ нь хүнийг байлдан дагуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол билээ. Та нар бүгд Моабын удам юм; та нар дээр байлдан дагуулалтын ажил хийх нь агуу аврал мөн. Та нар бүгд нүгэлт, завхай газар амьдардаг бөгөөд бүгд завхай, нүгэлтэй. Өнөөдөр та нар Бурханыг хараад зогсохгүй, бүр ч чухал нь гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, үнэхээр гүн гүнзгий авралыг хүртсэн, өөрөөр хэлбэл, Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Өөрийн хийдэг бүхэндээ Бурхан та нарыг үнэхээр хайрладаг. Түүнд ямар ч муу санаа зорилго байхгүй. Та нарын нүглээс болж л Тэр та нарыг шүүдэг, ингэснээр та нар өөрсдийгөө шинжилж, энэхүү үлэмж их авралыг хүлээн авна. Энэ бүхэн нь хүнийг бүрэн төгс болгох зорилгоор хийгддэг. Эхнээсээ эцсээ хүртэл Бурхан хүнийг аврахын тулд чадах бүхнээ хийсээр ирсэн бөгөөд Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсдэггүй. Өнөөдөр Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол та нарыг биечлэн удирдахын тулд ийм их хэмжээний ажлыг мөн л хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй, эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр бол хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүс дуулгаваргүй учраас л Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол хүмүүсийг аврах боломжгүй байх байв. Та нар хэрхэн амьдрахыг мэддэггүй, бүр хэрхэн амьдрах талаар ч ойлгодоггүй учраас, мөн энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба өөрсдөө завхай, бузар диаволууд учраас та нарыг бүр их доройтуулж Тэр тэвчдэггүй, одоогийнх шигээ энэхүү бохир бузар газарт амьдарч, Сатанд хүссэнээр нь гишгэлүүлэхийг чинь харж тэвчдэггүй, та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч тэвчдэггүй. Тэрээр энэ бүлэг хүмүүсийг олж авч, та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулалтын ажлыг хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь гагцхүү авралын төлөө байдаг. Чам дээр хийгддэг бүхэн хайр, аврал юм гэдгийг хэрвээ чи харж чаддаггүй бол, хэрвээ чи энэ нь зүгээр л арга барил, хүнийг тарчлаах зам, итгэхийн аргагүй зүйл гэж боддог бол зовлон, бэрхшээл туулахын тулд өөрийнхөө ертөнц рүү буцсан нь дээр! Хэрвээ чи энэ урсгалд байж, энэ шүүлт, энэ энгүй авралыг эдэлж, хүний ертөнцийн хаанаас ч олдохгүй энэ бүх ерөөлийг эдэлж, энэ хайрыг эдлэхийг хүсэж байгаа бол сайн бай: Байлдан дагуулалтын ажлыг хүлээн авахын тулд энэ урсгалд бай, тэгвэл төгс болгуулж чадна. Өнөөдөр чи Бурханы шүүлтийн улмаас бага зэрэг зовлон шаналал, цэвэршүүлэлт туулж болох ч энэхүү зовлон шаналалд үнэ цэн, утга учир бий. Бурханы гэсгээлт, шүүлт хүмүүсийг цэвэршүүлж, хайр найргүй илчилдэг хэдий ч зорилго нь нүглийнх нь төлөө тэднийг шийтгэж, тэдний махан биеийг шийтгэхийн төлөө байдаг—энэ ажлын юу ч тэдний махан биеийг яллан сүйрүүлэхээр зорьдоггүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв зам руу хөтлөх зорилготой. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу зам руу хөтлөөгүй нь тодорхой! Энэ бүхэн нь чамаар хэвийн хүн чанарыг амьдран харуулуулахын төлөө байдаг бөгөөд энэ бүхэнд хэвийн хүн чанараараа хүрэх боломжтой. Бурханы ажлын алхам бүр нь чиний хэрэгцээнд үндэслэж, сул талын чинь дагуу, бодит биеийн хэмжээний чинь дагуу хийгддэг бөгөөд дааж давшгүй ямар ч ачааг та нарт өгдөггүй. Үүнийг чи одоо тодорхой мэддэггүй бөгөөд Би чамд хатуу хандаж байгаа мэт санагддаг, үнэндээ чамайг өдөр бүр гэсгээж, шүүж, зэмлэдгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддагаас болдог гэж чи үргэлж итгэдэг. Гэхдээ чиний амсдаг зүйл гэсгээлт, шүүлт мөн хэдий ч энэ нь үнэндээ чамайг гэх хайр, хамгийн агуу хамгаалалт билээ. Хэрвээ чи энэ ажлын илүү гүн гүнзгий утга учрыг ухаарч чадахгүй бол чиний хувьд үргэлжлүүлэн туулах боломжгүй болно. Энэхүү аврал чамд тайтгарал авчрах ёстой. Ойлгож ухамсарлахаас бүү татгалз. Өдий хүрсэн болохоор чи байлдан дагуулалтын ажлын ач холбогдлыг тодорхой ойлгосон байх ёстой бөгөөд энэ талаар янз бүрийн үзэл бодол өвөрлөх ёсгүй!

Өмнөх: Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 3

Дараах: Хэрэгжүүлэлт 6

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх