Бие махбодтой болсны ач холбогдлын хоёр дахь тал

Бие махбодтой болсон Бурханы эгэл жирийн, хэвийн байдлын утга учир юу вэ? Эдгээр нь Тэр ажиллаж чаддаг байхын тулд л оршдог зүйлс гэж үү? Тэр бол Христ гэдгийг нотлохын тулд байдаг гэж үү? Зарим хүн: “Бие махбодтой болсон Бурхан мэдээж эгэл жирийн, хэвийн махан биетэй байх ёстой” гэж хэлдэг. Энэ зөвхөн ийм л утгатай юу? “Хэрэв Тэр Христ мөн юм бол мэдээж эгэл жирийн, хэвийн махан биетэй байх ёстой” гэж хэлснээрээ Бурханыг хязгаарладаггүй гэж үү? “Мэдээж” гэдэг нь юу гэсэн үг вэ? Зарим хүн: “Энэ нь Бурханы үгийг илэрхийлэхийн төлөө байдаг, ингэснээр хүн Бурхантай амархан харилцаж чадна” гэж хэлдэг. Энэ цорын ганц зорилго мөн үү? Үүнийг Христийн мөн чанарын үүднээс авч үзвэл, Христийн мөн чанар бол бүрэн дүүрэн Бурхан Өөрөө юм. Бурханы хийдэг бүхэн утга учиртай. Тухайлан оноосон дүр төрх, тухайлан оноосон гэр бүл, тухайлан оноосон амьдрах орчинтой тухайлан оноосон махан бие—Бурханы хийдэг эдгээр зүйл бүгд утга учиртай. Зарим хүн: “Бурхан эгэл жирийн, хэвийн махбод өмссөний ар дахь агуу ач холбогдлыг би яагаад харж чаддаггүй билээ? Түүний махбод ердөө л гадаад бүрхүүл биш үү? Бурхан ажлаа дуусгасны дараа энэ гадаад бүрхүүл хэрэггүй болохгүй гэж үү?” гэж асуудаг. Төсөөлөл, ухамсартаа хүмүүс энэ эгэл жирийн, хэвийн махбодын гадаад бүрхүүл нь нэг их нэмэргүй, Бурханы ажилд, мөн Түүний удирдлагын төлөвлөгөөнд их ашиг тус болдоггүй бөгөөд зөвхөн ажлын энэ үе шатыг дуусгахын тулд оршдог гэж боддог. Хүмүүс Бурхантай амархан харилцаж, Бурханы үгийг сонсож, Бурханыг харж, мэдрэг гэж гаднах бүрхүүл оршдог, өөр ямар ч ашиггүй гэж хүмүүс боддог. Урьд нь хүмүүс, бие махбодтой болохын ач холбогдлыг ингэж ойлгодог байсан. Гэвч үнэн хэрэгтээ, эгэл жирийн, хэвийн махбодын ажлын явцад болон бие махбодтой болох хугацаандаа Бурхан Өөрийн ажлыг хариуцахаас гадна хэн ч хараахан бодож үзээгүй ажлыг хийдэг. Энэ ямар ажил вэ? Бурханы Өөрийн ажлыг хийхээс гадна Тэрээр мөн хүний зовлонг туулахаар ирдэг. Урьд нь хүмүүс үүнийг мэддэггүй байсан.

Бие махбодтой болсон Бурхан яагаад үргэлж өвчнөөр шаналж байдгийг, эсвэл энэ зовлон юуны төлөө байдгийг урьд нь хүмүүс хэзээ ч ойлгодоггүй байсан. Зарим хүн: “Бурхан даруу бөгөөд нуугдмал, Бурхан хүнийг аврахын тулд энэ зовлонг туулдаг, Бурхан хүнийг хайрладаг…” гэж хэлсэн. Энэ бол тэдний өгдөг будилуу тайлбар юм. Хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан эдгээр зовлонг амсах нь зайлшгүй шаардлагатай юу? Хэрэв бие махбодтой болсон Бурхан энэ зовлонг амсаагүй бол Бурхан Өөрөө үүнийг хийж чадах уу? Чадна. “Нигүүлслийн эрин үед бид зөвхөн Бурханд залбирах хэрэгтэй, тэгвэл ямар ч өвчнийг туссан даруйдаа эдгээх боломжтой. Бид хэзээ ч эм уудаггүй байсан, зарим хүн залбирч, бүр хорт хавдраа эдгээсэн. Тэгтэл бие махбодтой болсон Бурхан яагаад үргэлж өвчнөөр шаналдаг юм бэ? Тэр яагаад ерөөсөө эрүүл саруул байдаггүй юм бэ? Бие махбодтой болсон Бурхан яагаад хүн шиг их нигүүлслийг олж аваагүй юм бэ?” гэж зарим хүн хэлдэг. Энэ нь хүн төрөлхтний хувьд үргэлж нууцлаг байсаар ирсэн. Энэ бол хүний зүрх сэтгэл дэх зангилаа боловч хүмүүс энэ асуудалд нэг их нухацтай ханддаггүй. Үүний оронд тэд Бурхан хүнийг хайрладаг, Бурхан хүн төрөлхтний төлөө зовдог гэсэн мунгинуу тайлбар хийдэг. Одоо ч гэсэн хүмүүс үүнийг бас л зөв ойлгодоггүй. Ертөнцийн зовлонг туулах нь бие махбодтой болсон Бурханы хариуцлага юм. Ертөнцийн зовлонг туулах нь ямар зорилготой вэ? Энэ нь гэхдээ өөр асуудал юм. Бурхан ертөнцийн зовлонг туулахаар ирдэг бөгөөд энэ нь Сүнсний яавч хүрч чадахгүй зүйл билээ. Эгэл жирийн, хэвийн, бүрэн махан биетэй, бүхэлдээ хүн болсон бие махбодтой Бурхан л ертөнцийн зовлонг бүрэн дүүрэн туулж чадна. Хэрэв Сүнс энэ ажлыг хийсэн бол Тэр ямар ч зовлон туулж огт чадахгүй байх байсан. Тэр зөвхөн харж, ойлгож л чадах байсан. Харах, ойлгох, туулах нь бүгд нэг, адилхан зүйл үү? Үгүй, тийм биш. Өмнө нь Бурхан: “Би ертөнцийн хоосон байдлыг мэднэ, хүний амьдралд оршдог бэрхшээлийг мэднэ. Би ертөнцийн үүгээр түүгээр явж, туйлын өрөвдөлтэй байдлыг харсан. Би хүний амьдралын бэрхшээл, зовлон, хоосон байдлыг харсан” гэж хэлсэн. Харин Тэр үүнийг туулсан эсэх тухай асуултын хувьд энэ бол тэс өөр хэрэг юм. Жишээлбэл, амь зуухын төлөө тэмцэж буй нэг гэр бүлийг авч үзье. Чи үүнийг харж, зарим талаар ойлгож байвч өөрөө тэдний нөхцөл байдлыг туулж үзсэн үү? Чи тэдний бэрхшээл, зовлонг мэдэрч, ийм мэдрэмжийг мэдэрч байсан уу, эсвэл ийм зүйлийг туулж байсан уу? Үгүй, тэгээгүй. Өөрөөр хэлбэл, харах болон туулах нь хоёр өөр зүйл юм. Энэ зүйлийг, энэ ажлыг бие махбодтой болсон Бурхан хийх ёстой гэж хэлж болно. Ийм хэрэг явдал дээр Сүнс ямар ч чадваргүй байдаг. Энэ бол Бурхан бие махбодтой болохын ач холбогдлын өөр нэг тал юм: Бурхан ертөнцийн зовлон болон хүний амсаж эдэлдэг зовлонг туулахаар ирдэг. Бурхан ямар зовлон туулдаг вэ? Тэрээр хүний амьдралд байдаг бэрхшээл, гэр бүлийн золгүй явдал, хүний хууран мэхлэлт, хаялт, хавчлага, түүнчлэн биеийн өвчин эмгэгийг туулдаг—энэ бүхэн нь ертөнцийн зовлон зүдүүртэй тэнцэнэ. Өвчний зовуурь, эргэн тойрны хүмүүс болон зүйлсийн дайралт, гэр бүлийн золгүй явдал, хүмүүсийн хаялт, доромжлол, гүтгэлэг, эсэргүүцэл, тэрслүү явдал, гутамшиглал, үл ойлголцол гэх мэт—бие махбодтой болсон Бурхан энэ бүх дайралтыг туулдаг. Энэ бүхнийг амсдаг хүмүүсийн хувьд энэ нь бас дайралт юм. Агуу хүн ч бай, ер бусын хүн ч бай, эсвэл уужуу ухаантай хүн ч бай энэ зовлон, эдгээр зүйл нь тэдний хувьд дайралт юм. Бурхан толгой хоргодох газаргүй, орох оронгүй, итгэлт хүнгүйгээр хорвоо ертөнцийн хавчлагыг амсдаг… Энэ бүх зүйл шаналгаатай. Хэдийгээр эдгээр зүйл нь зовлонгийн туйлд хүрэхгүй байж болох ч Тэр бүгдийг нь туулдаг. “Бие махбодтой болсон Бурханы ажлаас Бурхан эдгээр өвчнийг арилгаж чадахгүй гэж үү? Ажлаа хялбархан хийх боломжийг Өөртөө олгох, Өөрийнх нь эсрэг босож, эсэргүүцэх боломжийг хүмүүст олгохгүй байх—Тэр эдгээр зүйлийг хийж чадахгүй гэж үү? Хэрэв Тэр хүмүүсийг шийтгэсэн бол хүмүүс Түүнийг эсэргүүцэж зүрхлэхгүй байсан. Бурханд эрх мэдэл бий, гэтэл Тэр яагаад Өөрийгөө өвдөхийг зөвшөөрнө гэж? Хэрэв хүн өвчин тусвал зөвхөн залбирах хэрэгтэй, тэгээд эдгэрнэ, гэтэл Бурхан яагаад Өөрөө өвчин тусдаг юм бэ?” гэж зарим хүн гайхдаг байсан. Тэрээр ертөнцийн зовлонг туулахын тулд үүнийг хийдэг. Өөрийнхөө махбод болсон биеэс Тэр өвчний бэрхшээл болон зовуурийг арилгадаггүй, хүнд хаягдахын зовлонг ч арилгадаггүй. Тэр энэхүү хүнд хэцүү орчинд ерийн байдлаар өсөж, ажилладаг. Ийм маягаар Тэр ертөнцийн зовлонг туулж чадна. Хэрэв эдгээр зүйлийн аль нь ч байгаагүй бол Тэр энэ зовлонг амсахгүй байх байлаа. Хэрэв Түүнд өвчин хүрээгүй бол, эсвэл Тэр энгийн хүмүүсийг шаналгадаг ямар ч өвчин эмгэг тусаагүй бол Түүний зовлон бага байх биш үү? Бусад хүмүүс тархиа хэт их ажиллуулсныхаа дараа толгой нь өвддөг, Тэрээр ерөөсөө толгой нь өвддөггүй, эсвэл ядардаггүй байхаар зохицуулж болох байсан уу? Тийм ээ, тэгж зохицуулж болох байсан; гэхдээ энэ удаа юмс өөрөөр хийгдэж байна. Өөрийнхөө ажиллаж байсан эрин үед Есүс 40 өдөр, шөнийн турш хоол, ундгүй, өлсөхгүй явж чадсан. Харин одоогийн эрин үед бие махбодтой болсон Бурхан ганц хоол алгасахад л өлсдөг. Зарим хүн: “Бурхан төгс хүчит биш гэж үү? Миний харж байгаагаар Тэр тийм биш. Тэр иймхэн жижиг зүйл ч хийж чадахгүй. Бид Түүний ярианаас Тэр бол Бурхан гэдгийг хардаг, тэгвэл Тэр яагаад эдгээр зүйлд хүрч чадахгүй байна вэ?” гэдэг. Бурхан эдгээр зүйлд хүрч чадахгүйдээ биш, харин Тэр тэдгээрийг ийм байдлаар хийдэггүйд учир нь байгаа юм. Бурхан бие махбодтой болохын зорилго нь Бурхан хийж чадна гэж хүмүүсийн боддог зүйлийг хийх явдал биш. Тэрээр ертөнцийн зовлонг туулдаг бөгөөд Түүний ингэж байгаа нь ач холбогдолтой. Тэгвэл “Бурхан минь, ертөнцийн зовлонг туулах Танд ямар хэрэгтэй юм бэ? Та хүний оронд зовж чадах уу? Хүмүүс одоо ч зовж байгаа биш үү?” гэж асуудаг хүмүүс бий. Бурхан юуг ч санамсаргүй байдлаар хийдэггүй. Тэрээр ертөнцийн зовлонг амсмагцаа, ертөнц ямар гэдгийг үзэж, харсныхаа дараа яваад өгдөггүй. Үүний оронд Тэр бие махбодтой болсон Өөрийн хийх шаардлагатай бүх ажлыг нэгд нэггүй гүйцэлдүүлэхээр ирдэг. Бурхан зүгээр л амар тайван, тав тухтай амьдрал эдэлж дэндүү дассан байх, Тэр зүгээр л бага зэрэг зовохыг хүсдэг, аз жаргалтай амьдардаг, зовлонгийн амтыг мэддэггүй, тиймээс зүгээр л зовлонгийн амтыг мэдэхийг хүсдэг гэж зарим хүн боддог. Энэ бүхэн зөвхөн хүмүүсийн төсөөллийн үр дүн юм. Ертөнцийн зовлонг одоо амсах нь гагцхүү бие махбодтой болсон үед л хийж болох зүйл. Хэрэв бие махбодтой болсон Бурханы ажил аль хэдийн бүрэн дуусчхаад, ажлын дараагийн үе шат аль хэдийн эхэлчихсэн бол “ертөнцийн зовлонг туулах” гэсэн юм байх ёсгүй. Тэгвэл Бурхан яг ямар шалтгаанаар ертөнцийн зовлонг туулдаг вэ? Мэддэг хүн байна уу? Хүн нулимс унагахгүй, уйлахгүй, зовохгүй, мөн дэлхий ертөнцөд өвчин эмгэг байхаа болино гэж зөгнөсөн байдаг. Бие махбодтой болсон Бурхан одоо энэ зовлонг туулж байгаа бөгөөд дууссаныхаа дараа хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газарт авчирч, урьдын бүх зовлон байхаа болино. Зовлон яагаад цаашид байхаа болих вэ? Бие махбодтой болсон Бурхан Өөрөө энэ бүх зовлонг аль хэдийн туулсан байх бөгөөд хүн төрөлхтнийг энэ зовлонгоос ангижруулсан байх учраас энэ зовлон цаашид байхаа болино. Бурхан ийм зорилгоор хүний зовлонг туулдаг.

Бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг илүү сайн бэлдэж, илүү сайхан, илүү төгс болгохын тулд ертөнцийн зовлонг туулдаг юм. Энэ бол бие махбодтой болсон Бурханы хамгийн чухал тал бөгөөд бие махбодтой болсон Бурханы ажлын нэг хэсэг юм. Энд өөр нэг асуудал бий. Махан бие болж, энэ зовлонг туулснаар Бурхан хожим хүн төрөлхтнөөс энэ зовлонг арилгах болно. Харин Бурхан бие махбодтой болох, туулах гэж байхгүй бол, энэ зовлонг арилгах боломжтой байсан уу? Тийм ээ, тэгсэн ч арилгах боломжтой байсан. Нигүүлслийн эрин үед Есүс загалмайд цовдлогдохдоо Тэрээр нүгэлт махан биеийн төрх болж, Өөрийгөө нүглийн тахил болгосон зөв шударга хүн байсан, ингэснээр бүх хүн төрөлхтнийг золин аварч, Сатаны савраас чөлөөлсөн. Энэ бол Есүс цовдлогдсоны зорилго, ач холбогдол байсан: Тэрээр хүн төрөлхтний нүглийг өршөөлгөхийн тулд Өөрийн үнэт цусаараа хүн төрөлхтнийг золин аварч байсан юм. Одоо Бурхан хүний зовлонг туулдаг, энэ нь Тэр бүгдийг хүний оронд туулдаг гэсэн үг бөгөөд үүний дараа хүн дахин хэзээ ч зовох шаардлагагүй. Чи дараах үгсийг мартаж болохгүй: Ажлынхаа үе шат бүр дээр Бурхан Сатантай дайтдаг, Бурханы ажлын үе шат бүр Сатантай хийж буй энэ дайнтай ямар нэг байдлаар холбоотой байдаг. Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үе шатанд хүн төрөлхтний бүх нүгэл өршөөгдсөн—тэд уг цовдлолоор дамжуулан золин аврагдсан. Хэрэв энэ баримт, цовдлолын баримт байгаагүй бол, үүний оронд хүний нүглийн уучлал зөвхөн үгэнд тулгуурласан байсан бол Сатан үнэмшихгүй байх байсан. “Чи яаж ч зовоогүй бөгөөд хүний нүглийг үүрээгүй. Нэг үгээр л хүн төрөлхтний нүгэл уучлагдчихаж байгаа юм уу? Энэ чинь хүлээн зөвшөөрч болшгүй зүйл! Хүн төрөлхтнийг чи бүтээсэн тул хүн төрөлхтний оронд чи нүгэл үүрэхгүй бол тэдний нүглийг уучилж болохгүй” гэж Сатан хэлэх байсан. Одоо, ажлын өнөөгийн үе шатанд аврагдсан бүх хүмүүсийг сайхан хүрэх газар, дараагийн эрин үед аваачих ёстой. Хүн төрөлхтөн цаашид зовохгүй, өвчин зовлонд ахин нэрвэгдэхгүй. Гэхдээ ямар үндэслэлээр хүн өвчний зовлонг ахин амсахгүй байх вэ? Ямар үндэслэлээр ертөнцөд ахин зовлон байхгүй байх вэ? Хүмүүс завхарсан зан чанартай бөгөөд Бурханыг эсэргүүцэх чадвартай учраас тэд энэ зовлонг туулах ёстой гэж хэлэх үндэслэлтэй юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Иймээс, энэ удаад бие махбодтой болсон Бурхан бас хамгийн чухал ач холбогдолтой зүйлийг хийж байгаа нь хүн төрөлхтний оронд орж, тэдний бүх зовлонг туулах явдал юм. Бурхан махан бие болж, хүний зовлонг туулах энэхүү “туршлага” нь Тэрээр хүн төрөлхтний оронд зовж шаналж буй хэрэг юм. Зарим хүн: “Одоо Бурхан хүн төрөлхтний оронд зовж байхад бид яагаад зовсон хэвээр байгаа юм бэ?” гэж хэлдэг. Чи одоогоор Бурханы ажлыг туулж байгаа. Чи хараахан бүрэн төгс болоогүй, дараагийн эрин үед бүрэн ороогүй байгаа бөгөөд зан чанар чинь завхарсан хэвээр байна. Бурханы ажил хараахан эцэс төгсгөлдөө хүрээгүй ба одоо ч үргэлжилж байна. Иймээс хүмүүс зовлонгийнхоо талаар гомдоллох ёсгүй; хүн битгий хэл Бие махбодтой болсон Бурхан ч зовсоор байна. Бурхан хүний зовлонг туулах нь асар их ач холбогдолтой биш үү? Бие махбодтой болсон Бурхан хэдхэн жаахан ажил хийчхээд, явахаар ирээгүй. Хүмүүсийн ойлголт хэтэрхий өнгөцхөн байдаг—тэд бие махбодтой болсон Бурхан нь Бурханы Өөрийн ажлыг хийхээр ирсэн, энэ махан бие нь зүгээр л Бурханы үгийг илэрхийлж, Бурханы өмнөөс ажиллахаар ирсэн гэж үздэг. Энэ махан биеийг зүгээр л гаднах хэлбэр гэж боддог зарим хүн байдаг, гэхдээ энэ нь тун ташаа үзэл бодол бөгөөд бие махбодтой болсон Бурханы эсрэг цэвэр доромжлол юм. Махан биеийн ажил гэдэг нь Бурхан Өөрөө ирж, хүний зовлонг туулахын тулд махбод болсон гэсэн үг; энэ нь Бурхан хүний зовлонг туулахаар нэг хүн болсон гэсэн үг юм. Хүмүүс Бурханы махбодын гаднах хэлбэр нь энэхүү зовлонг туулах гэж ирсэн бөгөөд Түүний Сүнс дотроо зовоогүй гэж боддог нь зөв үү? Бурханы Сүнс махан бие зовдог шиг зовдог. Есүс цовдлогдох гэж байхдаа “Өө Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” (Матай 26:39) гэж залбирсан. Тэр үүнийг хүссэн, учир нь Түүний махан бие зовж байсан шиг Түүний Сүнс ч бас махан бие дотор зовж байсан. Хэрвээ чи махан биеийн гаднах бүрхүүл л зовдог, Бурхан Өөрийн бурханлаг чанартаа огтхон ч зовдоггүй, Тэр огт тарчилдаггүй гэж хэлдэг бол эндүүрч байна. Хэрвээ чи үүнийг ингэж ойлгож байгаа бол энэ нь бие махбодтой болсон Бурханы мөн чанарын талыг хараагүй гэдгийг чинь нотолж байна. Яагаад Бурхан одоо махан бие дотор биеллээ олсон гэж хэлдэг вэ? Бурхан хүссэн үедээ ирж, явж чадна, гэхдээ Тэр тэгдэггүй. Тэрээр энэ зовлон буюу бодитой, мэдрэгдэхүйц зовлонг туулахын тулд хүн болсон, ингэж гэмээ нь хүмүүс үүнийг болж байгааг харж, мэдрэх болно. Тэр амсаж буй зовлонгоо мэдэрч чаддаг, Өөрийнхөө төлөө туулдаг. Түүний махан биеийн мэдэрсэн аливаа зовлон, тарчлалыг Сүнс нь мэдрээгүй удаа нэгээхэн ч үгүй—Түүний махан бие болон Сүнс хоёр нь зовлонг мэдэрч, тэвчихийн хувьд нэг юм. Энэ нь ойлгоход амархан уу? Амар биш юм. Бүх хүний харж чадах зүйл бол махан бие бөгөөд махан бие зовох үед Сүнс ч гэсэн зовж байгааг тэд харж чадахгүй учраас энэ нь амаргүй байдаг юм. Хүн зовж шаналах үед сүнс нь ч бас зовдог гэдэгт чи итгэдэг үү? Хүмүүс яагаад иймэрхүү мэдрэмжийг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрдэг гэж ярьдаг вэ? Хүний махан бие, сүнс хоёр нэг болохоор тэр. Хүн бүрийн сүнс ба махан бие нь нэг бөгөөд адилхан; Тэд адилхан зовж, баяр баяслыг адилхан мэдэрдэг. Бодит өвдөлтөөр зовж байх үедээ үүнийг зөвхөн махан биедээ мэдрээд, энэ зуур зүрх сэтгэл нь баясан хөөрдөг нэг ч хүн үгүй; мөн зүрх сэтгэл нь зовж байхад махан бие нь огтхон ч зовдоггүй гэж хэлэх хүн байдаггүй. Зүрх сэтгэлд мэдрэмж, өвдөлтийг төрүүлдэг зүйлс, эсвэл зүрх сэтгэлдээ мэдэрч болох зүйлс—эдгээр зүйлийг махан бие ч бас мэдэрч чаддаг.

Бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр—ертөнцийн зовлонг туулахаар—хүний бүх зовлон шаналлыг Өөр дээрээ авахаар ирсэн. Нэгэнт Тэрээр энэ зовлонг дуусах хүртэл нь тэвчсэн бол дараагийн ажлын үе шатанд ийм төрлийн ажлыг дахин хийх шаардлагагүй юм. Үүний оронд хүн төрөлхтнийг сайхан хүрэх газарт аваачиж чадна. Хүний оронд ийм зовлон амссан учраас Тэрээр хүнийг сайхан хүрэх газарт аваачих чадвартай—энэ бол Түүний төлөвлөгөө юм. Зарим утгагүй хүн: “Би яагаад бие махбодтой болсон Бурханыг энэ бүх зовлонг тэвчихийг хараагүй юм бэ? Бүх зовлонг нийтэд нь туулаагүй байна. Бүх төрлийн зовлонг туулах ёстой, Тэр наад зах нь цовдлогдох ёстой” гэдэг. Цовдлогдох зовлонг өмнө нь туулсан учраас, ахин амсах шаардлагагүй юм. Түүнээс гадна хүмүүс ийм зүйл ярих ёсгүй. Эдгээр жилүүдэд бие махбодтой болсон Бурхан маш их зовоогүй гэж үү? Зөвхөн утгагүй хүмүүс л ингэж боддог. Бие махбодтой болсон Бурханы туулж чадах зовлонгийн хүрээнд үндсэндээ хүн төрөлхтнийг зовоож буй бүх зовлон Түүнд тохиолдож болно. Хэтэрхий их зовлонгийн тухайд, мянган хүн тутмын нэг нь л тэвчиж чадах зовлонгийн хувьд Бурхан үүнийг амсах шаардлагагүй, учир нь энэ бүх зовлон аль хэдийн төлөөлөл болсон. Бурхан ийм төрлийн зовлон туулж чаддаг ба энэ нь Тэрээр хэвийн хүмүүсээс өөрцгүй, Түүнийг хүмүүсээс ялгах ямар ч зүйл байхгүй, Түүний болон хүмүүсийн хооронд ямар ч ялгаа байхгүй, Тэрээр хүмүүстэй адил зовдог гэдгийг нотолж байна. Хүмүүс зовох үед Бурхан ч гэсэн зовдог. Хүмүүс үе үе өвчин олж, өвдөж зовдог ба Бурхан үүнийг биечлэн туулдаг—Тэр энэ бүх зовлонг амссан. Энэ удаад бие махбодтой болсон Бурханы зовлон нь загалмай дээр үхэхийг амсах ёстой байсан өмнөх үеийнхтэй адилгүй. Үүнийг аль хэдийн туулсан тул ингэх шаардлагагүй. Энэ удаад бол зөвхөн хүний зовлонг туулж, хүний зовлонг Өөр дээрээ авах нь гол юм. Өмнө нь Ехова Сүнсээр ажилладаг байсан бөгөөд үүнээс хүн зарим зүйлийг олж авч чаддаг байсан. Харин бие махбодтой болсон Бурханы ажлыг хүмүүс харж, мэдэрч чаддаг нь үүнийг хүмүүст Сүнсний ажлаас илүү тохиромжтой, илүү ойр дөхөм болгодог. Энэ бол нэг тал нь. Нөгөө тал нь бие махбодтой болсон Бурхан ертөнцийн зовлонг туулж чаддаг. Үүнд Сүнсний ажлаар үнэхээр хүрч чадахгүй; шаардлагатай бол зөвхөн бие махбодтой болсноор л хүрч чадна. Хэрэв Сүнс ажиллаж байсан бол Сүнс хэлэх ёстой зүйлээ хэлээд дараа нь явах байсан. Тэр хүмүүстэй харьцаж байсан ч ертөнцийн зовлонг туулж чадахгүй. “Хэрэв бие махбодтой болсон Бурхан зовдог бол Сүнс бас зовдоггүй гэж үү? Сүнс ч бас үүнийг туулж чадахгүй гэж үү?” гэж зарим хүн асуумаар байгаа байх. Энэ санаа бас утгагүй зүйл биш үү? Сүнс Өөрийгөө махан биеэр хувцасласны дараа л зөвхөн зовлонг туулж чадна. Сүнс, махан бие хоёр нь салшгүй; Сүнс ч гэсэн махан биеийн зовлонг туулдаг. Хэрэв Өөрийгөө махан биеэр хувцаслаагүй байсан бол Сүнс үүнийг туулж чадахгүй байх байсан. Махан биеийн зовлонгийн мэдрэмж нь илүү нарийн, илүү бодитой, илүү тодорхой байдаг. Эд бол Сүнсний хүрч чадахгүй зүйл юм. Материаллаг ертөнцөд Сүсний ажил орлож чадахгүй зарим зүйл байдаг. Энэ бол Бурхан бие махбодтой болохын хамгийн чухал ач холбогдол юм.

Христ дэлхий дээрх гэр бүлийн аз жаргалд оролцоогүй гэж өмнө нь хэлдэг байсан. “Христийг хаана ч явсан сайхан хүлээж авсан. Зарим хүн бүр Түүнд сайхан зүйл худалдаж авч өгч байсан бөгөөд Тэрээр хаа сайгүй ихэд хүндлэгдсэн. Тэр үүнээс таашаал авч байсан байж таарна, Тэр нэг их зовоогүй, тиймээс Тэр үүнд оролцоогүй гэж яаж хэлж болох билээ?” гэж зарим нь хэлдэг. Энэ үгийг юу гэх вэ? Тэр үүнд оролцоогүй гэж хэлэх нь Тэр эдгээр зүйлээс таашаал аваагүй гэсэн үг биш, харин ч эдгээр зүйлээс болж илүү бага зовсон юм биш гэсэн утгатай. “Тэр үүнд оролцоогүй” гэдэг ийм утгатай ажээ. Жишээлбэл, чи ямар нэгэн өвчин тусч, гэтэл хүн чамд сайхан хувцас өгсөн гэж бодъё. Хувцас өглөө гээд чиний өвчин намдах уу? Үгүй. Чиний зовлон огтхон ч нимгэрэхгүй. Чи зовж шаналахаараа зовж шаналах ёстой бөгөөд “үүнд оролцохгүй байх” гэдэг нь ийм утгатай юм. Жишээлбэл, өвчний улмаас үүсдэг зовлон шаналал эсвэл орчны дарамт шахалтыг биеийн таашаалаар хөнгөвчлөх боломжгүй бөгөөд Христ эдгээр зүйлийг таашаагаагүй. Тиймээс л “Тэрээр үүнд оролцоогүй” гэж хэлдэг юм. Зарим утгагүй хүн: “Хэрэв Бурхан дэлхийн гэр бүлийн аз жаргалд огтхон ч оролцдоггүй бол бид Түүнийг хэрхэн хүлээж авах нь хамаагүй, учир нь Бурхан бидний юу хийж байгаагаас үл хамааран зовох болно” гэж боддог. Энэ ойлголт нь үнэхээр утгагүй бөгөөд энэ нь тэдний зүрх сэтгэлд хорон санаа байгааг харуулж байна. Хүмүүс зүрх сэтгэлээ хамгийн сайнаар ашиглах ёстой, хүмүүс үүргээ хамгийн сайн чадахаараа хийх ёстой. Бас ингэж ойлгодог хүмүүс байдаг. “Бурхан урьд нь туйлын аз жаргалыг эдэлдэг байсан бол одоо өөр зүйл буюу ертөнцийн зовлонг туршиж үзэхээр ирсэн.” Энэ ийм энгийн гэж үү? Бурхан яагаад ертөнцийн зовлонг туулахаар ирдгийг чи ойлгох ёстой. Бурханы хийдэг юм бүхэн гүн гүнзгий утга учиртай. Жишээ нь, Есүсийн цовдлолыг аваад үз. Есүс яагаад цовдлогдох ёстой байсан бэ? Бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан бус уу? Тиймээс Бурхан одоо бие махбодтой болж, хорвоо дэлхийн зовлонг туулж байгаа нь ч бас асар утга учиртай—энэ нь хүн төрөлхтний үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрын төлөө байдаг. Өөрийнхөө ажилд Бурхан үргэлж яг хамгийн бодитой зүйлийг хийдэг. Бурхан яагаад хүнийг нүгэлгүй, Бурханы өмнө ирэх сайн хувьтай гэж үздэг вэ? Учир нь Есүс загалмайд цовдлогдож, хүний нүглийг үүрч, хүн төрөлхтнийг золин аварсан. Тэгвэл хүн төрөлхтөн яагаад дахиж зовохгүй, гунихгүй, нулимс унагахгүй, санаа алдахгүй байх вэ? Учир нь одоогийн бие махбодтой болсон Бурхан энэ бүх зовлонг Өөртөө үүрч, хүний өмнөөс энэ зовлонг туулсан. Яг л хүүхдээ өвдөхийг хараад Тэнгэрт залбирч, хүүхэд нь эдгэрч л байвал өөрийнх нь нас богиноссон ч яахав гэж хүсэх ээжтэй адил юм. Бурхан ч бас ийм маягаар ажиллаж, Өөрийнхөө зовлон зүдүүрийн хариуд ирээдүйд хүн төрөлхтний очих үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг авчирна. Дахиж уй гашуу, нулимс, санаа алдалт, зовлон гэж байхгүй. Бурхан хүн төрөлхтөнд үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг авчрахын тулд хариуд нь хорвоо дэлхийн зовлонг биечлэн амсах төлөөс төлдөг. Үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрын “хариуд” хийдэг гэдэг нь хүн төрөлхтөнд үзэсгэлэнтэй сайхан хүрэх газрыг өгөх хүч чадал, эрх мэдэл Бурханд байхгүй гэсэн үг биш, харин Бурхан хүмүүсийг бүрэн үнэмшүүлэхийн тулд илүү бодитой, хүчирхэг нотолгоо олохыг хүсдэг. Бурхан энэ зовлонг аль хэдийн туулсан учраас хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар аваачиж, хүн төрөлхтөнд энэ үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар болон амлалтыг өгөх шаардлага хангасан, хүч чадалтай, үүнээс ч илүүтэйгээр эрх мэдэлтэй. Сатан бүрмөсөн үнэмшинэ; орчлон ертөнцийн бүх бүтээл бүрэн үнэмшинэ. Эцэст нь Бурхан хүн төрөлхтөнд Бурханы амлалт, хайрыг хүлээн авахыг зөвшөөрнө. Бурханы хийдэг юм болгон бодитой бөгөөд Түүний хийдэг юу ч хоосон биш, Тэр энэ бүхнийг Өөрөө туулдаг. Хүн төрөлхтний хүрэх газрын хариуд Өөрөө зовлон зүдүүр туулах төлөөсийг Бурхан төлдөг. Энэ бодитой ажил биш гэж үү? Эцэг эх нь үр хүүхдүүдийнхээ төлөө үнэн сэтгэлийн төлөөс төлж болох бөгөөд энэ нь үр хүүхдээ гэсэн хайрыг нь төлөөлдөг. Мэдээж, үүнийг хийснээрээ бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтөнд хамгийн чин үнэнч, итгэмжит байгаа юм. Бурханы мөн чанар итгэмжит байдаг; Тэр хэлснээ хийдэг бөгөөд хийсэн болгоноо гүйцээдэг. Хүний төлөө Түүний хийдэг бүхэн чин сэтгэлийнх байдаг. Тэр зүгээр л үг айлддаггүй; Тэр төлөөс төлнө гэж хэлэх үедээ бодитоор төлөөс төлдөг. Хүн төрөлхтний зовлон зүдүүрийг үүрч, тэдний оронд зовно гэж хэлэх үедээ Тэр үнэхээр тэдний дунд амьдрахаар ирж, энэ зовлон зүдүүрийг биечлэн мэдэрч, туулдаг. Үүний дараа, Бурханы хийдэг бүхэн зөв зүйтэй агаад зөвт, Бурханы хийдэг бүхэн бодитой гэдгийг орчлон ертөнц дэх бүх зүйл хүлээн зөвшөөрнө: Энэ бол хүчирхэг нотолгоо юм. Мөн түүнчлэн, хүн төрөлхтөн ирээдүйд сайхан хүрэх газартай болох бөгөөд үлдэх бүх хүн Бурханыг магтана; үнэхээр хүн төрөлхтнийг гэх хайраас үүдэн Бурханы үйл хэрэг хийгдсэн гэдгийг хүмүүс магтан дуулна. Бурхан хүмүүсийн дунд эгэл хүн болон даруухнаар ирдэг. Тэгээд зүгээр ч нэг ажил хийж, хэдэн үг хэлчхээд явчихдаггүй; харин дэлхий ертөнцийн зовлон шаналлыг туулангаа үнэхээр үг хэлж, ажилладаг. Энэ зовлон шаналлыг туулж дууссаныхаа дараа л Тэр явна. Бурханы ажил ийм л үнэн, бодитой байдаг; үлдэх бүх хүн үүнээс үүдэн Түүнийг магтаж, Бурханы хүнд итгэмжтэй байдал, сайхан сэтгэлийг харна. Бурханы гоо үзэсгэлэн, сайн сайхны мөн чанарыг бие махбодтой болсных нь ач холбогдлоос харж болно. Түүний хийдэг юу ч чин сэтгэлийнх байдаг; Түүний хэлдэг юу ч үнэн сэтгэлийнх бөгөөд итгэмжит байдаг. Тэрээр хийхийг зорьдог бүхнээ үнэхээр хийдэг; төлөөс төлөх ёстой байвал үнэхээр төлдөг; Тэр зүгээр л үг айлддаггүй. Бурхан бол зөвт Бурхан; Бурхан бол итгэмжит Бурхан билээ.

1997 оны хавар

Өмнөх: Хаанчлалын эрин үе дэх Бурханы захиргааны зарлигийн тухай

Дараах: Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх