2.3. Хүн төрөлхтний шашны үзэл, тэрс үзэл, төөрөгдлийг илчлэх тухай үгс

135. Бурханд итгэхдээ хүн Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Хүн гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг, ажилд үндэслэн Бурханыг мэдэж авах ёстой ба юун түрүүнд Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх суурь юм. Бурханы үгийг хольцгүйгээр ойлгодоггүй тэр бүх олон янзын гажууд онол бол шашны үзэл юм; тэдгээр нь гажууд, эндүү ташаа ойлголт билээ. Шашны хүмүүсийн хамгийн агуу ур чадвар бол урьд нь ойлгосон Бурханы үгийг авч, өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдрийн Бурханд үйлчилж байхдаа чи Ариун Сүнсний урьдын гэгээрлээр илчлэгдсэн зүйлстэй зууралдвал үйлчлэл чинь саад учруулж, хэрэгжүүлэлт чинь хоцрогдож, шашны зан үйлээс цаашгүй болно. Бурханд үйлчилдэг хүмүүс бусад чанаруудын дундаас гаднаа даруухан, тэвчээртэй байх ёстой гэж чи итгэдэг бөгөөд ийм төрлийн мэдлэгийг өнөөдөр хэрэгжүүлдэг бол тийм мэдлэг нь шашны үзэл; тийм хэрэгжүүлэлт нь хоёр нүүртэй гүйцэтгэл болжээ. “Шашны үзэл” гэх хэллэг нь хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн зүйлсийг (урьд нь Бурханы хэлсэн үг болон Ариун Сүнсний шууд илчилсэн гэрлийн тухай ойлголтыг оролцуулаад) хэлдэг бөгөөд хэрвээ тэдгээрийг өнөөдөр хэрэгжүүлбэл Бурханы ажлыг тасалдуулах ба хүнд ямар ч ашиг тус авчрахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийн дотор байгаа, шашны үзэлд хамаарах тэдгээр зүйлээс ангижирч чадахгүй бол эдгээр зүйл Бурханд үйлчлэх үйлчлэлд нь асар их саад болно. Шашны үзэлтэй хүмүүс Ариун Сүнсний ажлын алхамуудтай хөл нийлүүлэх ямар ч аргагүй—тэд эхлээд нэг, дараа нь хоёр алхмын хойно хоцордог. Яагаад гэвэл, эдгээр шашны үзэл нь хүнийг ер бусын ихээр өөрийгөө зөвтгөдөг, биеэ тоосон зантай болгодог. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; ямар нэг зүйл хоцрогдсон л бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийнхөө үзлийг үнэхээр орхиж чадахгүй гэж үү? Хэрвээ чи урьд нь Бурханы хэлсэн үгтэй зууралдвал Бурханы ажлыг мэддэг гэдгийг чинь энэ нь нотлох уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадалгүй, оронд нь өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, Бурханы мөрийг дагадгийг чинь энэ нь баталж чадах уу? Чи шашны үзлийг орхиж чадахгүй л байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно

136. Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагдаж байдаг учраас шинэ ажил гарч ирэхэд хоцрогдож, хуучирдаг ажил гэж бий. Хуучин ба шинэ эдгээр өөр өөр төрлийн ажил нь нэг нэгтэйгээ зөрчилддөггүй, харин харилцан бие биеэ нөхдөг; алхам бүр нь сүүлийн алхмаасаа үргэлжилдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, аль эртнээс хэвшиж тогтсон хүний зарим хэрэгжүүлэлт болон дадал болсон үгс нь хүний олон жилийн туршлага, сургаалтай хослон хүний сэтгэлд элдэв янзын үзлийг бий болгожээ. Бурхан Өөрийн жинхэнэ царай болон төрөлх зан чанарыг хүнд хараахан бүрэн илчлээгүй нь эрт цагийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн дэлгэрсэнтэй хавсран хүний тийм үзэл бүрэлдэхэд илүү тааламжтай байсаар ирсэн юм. Бурханд итгэх хүний итгэлийн явцад янз бүрийн үзэл нөлөөлснөөр Бурханы талаарх элдэв янзын үзэл бүхий ойлголт хүмүүст тасралтгүй бий болж, хувьсан өөрчлөгдөхөд хүрсэн бөгөөд үүний үр дүнд Бурханд үйлчилдэг шашны олон хүн Түүний дайсан болсон гэж хэлж болох юм. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хүчтэй байх тусам Бурханыг улам эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй; энэ нь хэзээ ч хоосон сургаалыг бий болгодоггүй, харин их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Ийм маягаар ажиллах нь Бурханы Өөрийн төрөлх зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь бас Бурханы ажлын угийн зарчим бөгөөд Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг Бурханы арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол хүн өөрчлөгдөхгүй, эсвэл Бурханыг мэдэж чадахгүй, Сатан ялагдахгүй байх байсан. Тиймээс, замбараагүй харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй тасралтгүй өөрчлөлтүүд Түүний ажилд гарч байдаг. Гэхдээ хүний Бурханд итгэдэг байдал нэлээд өөр. Хүн хуучны, танил сургаал болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хуучных байх тусам, төдий чинээ таатай байдаг. Хүний хад чулуу мэт өөрчлөгдөшгүй, мунхаг ухаан санаа Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил, үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах билээ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн үзэн яддаг; тэрээр хөгшин хөвөө, буурал үстэй, хөдөлгөөнгүй, хуучин Бурхандаа л дуртай. Тиймээс, Бурхан, хүн хоёрын аль алинд өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болжээ. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жилийн турш хийсээр ирсэн үе буюу өнөөдөр ч гэсэн энэ олон зөрчилдөөн оршсоор л байна. Тэгэхээр тэдгээр нь засаршгүй ажээ. Магадгүй энэ нь хүний зөрүүд зангаас, эсвэл Бурханы захиргааны зарлигийг хэн ч зөрчих аргагүйгээс болдог байх—гэхдээ тэдгээр шашны албан тушаалтнуудыг өгөршсөн хуучин ном, цаастай зууралдсаар байхад Бурхан дэргэд нь хэн ч байхгүй мэт дуусаагүй удирдлагын ажлаа хийдэг. Эдгээр зөрчилдөөн нь Бурхан, хүн хоёрыг дайснууд болгодог ба эвлэрэхийн аргагүй байдаг ч гэсэн Бурхан тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй, тийм зүйл байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг ханддаг. Харин хүн итгэл, үзэлтэйгээ зууралдсаар, тэдгээрийгээ хэзээ ч орхидоггүй. Гэхдээ нэг зүйл илэрхий: Хэдий хүн байрнаасаа хазайдаггүй ч Бурханы хөл үргэлж хөдөлж, нөхцөл байдлаас хамааран байраа үргэлж өөрчилж байдаг. Эцэст нь хүн л ямар ч тэмцэлгүйгээр ялагдана. Харин Бурхан бол ялагдсан дайснуудынхаа хамгийн том дайсан нь, бас ялагдсан болон ялагдаагүй хүн төрөлхтний бүгдийнх нь аварга юм. Хэн Бурхантай тэмцэж, ялалт байгуулж чадах юм бэ? Хүний үзлийн ихэнх нь Бурханы ажлаас үүдэн гарсан учраас Бурханаас үүсэлтэй мэт санагддаг. Гэсэн ч үүнээс болоод Бурхан хүнийг уучилдаггүй, түүнчлэн Бурханы ажлаас үүдэн Бурханы ажилд хамааралгүй бүтээгдэхүүнийг багц багцаар нь “Бурханы төлөө” бүтээсэнд нь хүнийг магтаалаар булдаг ч үгүй. Харин ч Тэрээр хүний үзэл болон хуучин сүсэг бишрэлийг туйлын их зэвүүцдэг ба эдгээр үзэл анх гарч ирсэн хугацааг ч хүлээн зөвшөөрөх бодолгүй байдаг. Хүний үзлийг хүн түгээдэг учраас Өөрийнх нь ажлаас үүдэн эдгээр үзэл бий болсон гэдгийг Бурхан огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй; тэдгээрийн эх сурвалж нь хүний бодол, оюун ухаан бөгөөд Бурхан биш, харин Сатан юм. Бурханы санаа зорилго нь үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш, харин шинэлэг, эрч хүчтэй байлгахын төлөө байсаар ирсэн ба хүнээр баримтлуулдаг зүйлс нь үүрд мөнхийн, хувиршгүй биш, харин эрин үе, цаг хугацааны хамтаар өөрчлөгддөг. Учир нь Тэр бол хүнийг үхүүлж, хуучинсаг байлгадаг диавол биш, харин амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан билээ. Та нар үүнийг ойлгоогүй л байна уу? Хуучинсаг үзэл бодолтой учраас чи Бурханы тухай үзэлтэй байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүй. Энэ нь, Бурханы ажилд эрүүл ухаан бараг байдаггүй, эсвэл Бурханы ажил хүний хүслээс зөрдгөөс болдог юм биш, түүнчлэн Бурхан үүргээ үргэлж цалгардуулдгаас ч болдог юм биш. Харин чи хэтэрхий дуулгаваргүй учраас, мөн чамд Бурханы бүтээлийн төрх өчүүхэн төдий ч байдаггүй учраас үзлээ орхиж чаддаггүй; Бурхан чамд хүндрэл учруулаад байдаг юм биш. Энэ бүхэн чамаас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон, золгүй явдлыг хүн бий болгодог. Бурханы бодол үргэлж сайн байдаг: Тэр чамайг үзэл бий болгоосой гэж хүсдэггүй, харин эрин үе өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч чи өөрт чинь юу сайн болохыг мэддэггүй, үргэлж шинжлэн шалгаж, аль эсвэл нягтлан үзэж байдаг. Бурхан чамд хүндрэл учруулаад байгаа юм биш, харин чи Бурханыг огт хүндэлдэггүй, мөн дуулгаваргүй байдал чинь дэндүү их. Өчүүхэн жаахан бүтээгдсэн зүйл урьд нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй бага хэсгийг авч зүрхэлдэг, дараа нь эргээд үүнийгээ ашиглан Бурхан руу дайрч давшилдаг—энэ нь хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүмүүст өөрсдийн үзэл бодлыг Бурханы өмнө илэрхийлэх эрх огт байхгүй, үнэ цэнгүй, олиггүй, илжирсэн, уран цэцэн үг хэлээ хүссэнээрээ гайхуулах эрх бүр ч байхгүй—өнөөх илжирсэн үзлүүдийг бол дурдахын ч хэрэггүй гэж хэлж болно. Тэдгээр нь бүр ч үнэ цэнгүй бус уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно

137. Бурханы ажил үргэлж урагшилж байгаа бөгөөд Түүний ажлын зорилго өөрчлөгддөггүй хэдий ч ажилладаг арга барил нь ямагт өөрчлөгдөж, улмаар Бурханыг дагадаг хүмүүс ч бас байнга өөрчлөгдөж байдаг. Бурхан илүү их ажил хийх тусам Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ бүрэн гүйцэд болдог. Бурханы ажлын үр дүнд хүний зан чанарт ч бас зохих өөрчлөлт гардаг. Гэвч Бурханы ажил үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс болон үнэнийг мэддэггүй мулгуу хүмүүс Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болдог. Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй, учир нь Бурханы ажил үргэлж шинэ байдаг, хэзээ ч хуучин байдаггүй бөгөөд Тэр хуучин ажлыг хэзээ ч давтдаггүй, харин өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийдэг. Бурхан ажлаа давтдаггүй, харин хүн урьдын хийсэн ажилд нь үндэслэн Бурханы одоогийн ажлыг байнга шүүдэг болохоор шинэ эрин үеийн ажлын үе шат болгоныг хэрэгжүүлэхэд Бурханд маш хэцүү байдаг. Хүн хэтэрхий олон бэрхшээлтэй! Бодол санаа нь дэндүү хуучинсаг! Бурханы ажлыг хэн ч мэддэггүй мөртөө хүн бүр үүнийг хязгаарладаг. Бурханаас холдох үедээ хүн амь, үнэн болон Бурханы ерөөлийг алддаг атлаа амийг ч, үнэнийг ч хүлээн зөвшөөрдөггүй, хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг илүү агуу ерөөлийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг хэр нь Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол хувиршгүй бөгөөд үүрд зогсонги байдалтай байдаг хэмээн итгэдэг. Тэдний бодлоор бол Бурханаас мөнхийн аврал хүртэхийн тулд хуулийг л мөрдөх хэрэгтэй бөгөөд гэмшиж, нүглээ улайж л байвал Бурханы хүсэл үргэлж хангалуун байна. Бурхан бол хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан л байж чадна гэж тэд боддог; тэд бас Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч ч чадахгүй гэж боддог. Яг ийм санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлж, үхмэл дүрэм журмуудад хүлсэн юм. Бурханы шинэ ажил ямар ч байлаа гэсэн, зөгнөлөөр баталгаажих ёстой, мөн ийм ажлын үе шат болгонд Түүнийг “чин” сэтгэлээсээ дагадаг бүх хүнд бас илчлэл үзэгдэх ёстой; эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэж бүр ч олон хүн боддог. Хүний хувьд Бурханыг мэдэж авах нь угаасаа хялбар ажил биш. Үүнээс гадна, хөгийн зүрх сэтгэл, өөрийгөө чухалчилдаг, ихэрхүү тэрслүү уг чанарыг нь харгалзан үзвэл Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь хүний хувьд бүр ч хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай шинжилдэггүй, төлөв даруухнаар хүлээн зөвшөөрдөг ч үгүй; харин ч Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээнгээ басамжилсан хандлага баримталж байдаг. Энэ нь Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг хүмүүсийн зан авир биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы сайшаалыг хүртэж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өөрийн үзлээр Бурханыг хязгаарласан хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахан чадах билээ?

138. Хүн Бурханд итгэдэг тул Бурханы мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; мөн “Хургыг хаашаа ч явсан дагах” ёстой. Зөвхөн энэ хүмүүс л үнэн замыг эрж хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажил эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн ганцхан эрин үед хэрэглэгддэг “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн үнэнийг л дагадаг бол хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй, үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажилладгаас үл хамааран, хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр, ойрхон дагадаг. Ингэвэл Ариун Сүнс яаж хүнийг таягдан хаяж чадах юм бэ? Бурхан юу ч хийдэг бай, хүн энэ нь Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд эргэлзэлгүйгээр хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал яалаа гэж шийтгүүлэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад Бурханыг ямар нэг модон хүн мэт даруй тодорхойлж, Бурхан үүрд өөрийнх нь хардаг шиг төрхтэй байна, өнгөрсөнд ямар байсан, ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, ердөө оршин байдаггүй Бурханы зан чанар болон оршихуйг дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг мэддэг болчихоод, ямар хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байгаа нь хамаагүй, хүн үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс билээ. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч бас Бурханыг голдог. Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэж байсан” нь буруу байсан гэж хүн итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг ч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тэгэхээр хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байж, Бурханы ерөөлийг мөн л хүлээн авдаггүйд гайхах юмгүй. Энэ нь хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажилтай хөл нийлүүлээгүй, дэлхий даяарх Христийн шашны хүмүүс бүгд ѳѳрсдийгѳѳ азтай байх болно гэж найдан, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлнэ гэж боддог. Гэсэн атлаа, Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэх талаар ч бат итгэлтэй байж чаддаггүй, түүгээр ч үл барам төсөөлсөн тэр өдөр нь Есүс үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэддэггүй; урсгал бүрээс ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсийг Бурхан нэг бүрчлэн авах эсэхийг ч мэддэггүй. Бурханы одоо хийдэг ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—эдгээрийн алийг нь ч тэд ухаардаггүй бөгөөд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чаддаггүй. Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг харж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасалдаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагаж, Бурханы үгийг сахидаг” болохоор Бурхан өөрсдийг нь тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд Бурханы хэлсэн үгэнд “чин үнэнч” ханддаг ч Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, ёрын мууг үйлддэг учраас үг, үйлдэл нь маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадахаагүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болж, шинэ эринд гологдон, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг бүх хүн мөс чанаргүй гэж олонх нь итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлыг мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь хэтийн ирээдүйг сүйрүүлэх болно. Бурханы ажил дүрэм журам мөрддөггүй, Өөрийнх нь ажил байлаа ч гэсэн Бурхан мөн л үүнтэй зууралддаггүй. Үгүйсгэх ёстой зүйлийг үгүйсгэж, таягдах ёстой зүйлийг таягдан хаях ёстой. Гэсэн ч хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурч, өөрийгөө Бурхантай дайсагнасан байр сууринд тавьдаг. Энэ нь хүний утгагүй байдал биш гэж үү? Хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байх вий гэж эмээж, болгоомжлох тусам хүмүүс илүү их ерөөл олж авч чадахгүй бөгөөд эцсийн ерөөлийг хүртэж бүр чадахгүй. Хуулийг боол мэт сахидаг хүмүүс бүгд хуулинд туйлын үнэнч болохоо харуулдаг ба хуулинд үнэнч байдлаа харуулах тусмаа төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо үе бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг урьдын ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж ч болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч бас өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмай үүрэх явдал биш, тиймээс хууль болон загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы сайшаалыг хүртэхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

139. Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

140. Хэрвээ та нар өөрсдийн үзлээр Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө аятай хэмжиж, хязгаарладаг бол, Бурханыг тэр чигт нь Библийн хэмжүүрээр хязгаарлаж, хязгаарлагдмал цар хүрээний ажлаар хайрцагладаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ нь баталдаг. Хуучин Гэрээний эрин үед иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэт, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байж болох юм шиг Бурханыг өөрсдийнхөө зүрх сэтгэлдээ тээдэг тогтсон хэлбэртэй шүтээн шигээ бодсон учраас, мөн хүн төрөлхтөн Бурханд (амьгүй) шавар хөшөө мэт үйлчилж, шүтэн мөргөдөг байсан учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноосон бөгөөд гэмгүй Есүсийг тийнхүү үхлээр ялласан юм. Бурхан ямар ч гэм буруугүй байсан атал хүн Түүнийг өршөөхөөс татгалзаж, үхлийн ял оноохоор зүтгэсэн болохоор Есүс цовдлогдсон билээ. Хүн Бурханы удирдлагад төгс нэвтэрсэн мэт, Бурханы хийдэг бүхнийг гарын арван хуруу шигээ мэддэг юм шиг Бурханыг өөрчлөгдөшгүй гэж үргэлж боддог бөгөөд ганцхан ном буюу Библийн үндсэн дээр Түүнийг тодорхойлдог. Хүмүүс дэндүү утгагүй, дээд зэргээр биеэ тоосон байдаг ба бүгдээрээ дэгсдүүлэх чадвартай. Бурханы тухай мэдлэг чинь хэр их байх нь хамаагүй, Би чамайг бас л Бурханыг мэддэггүй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүн, мөн Бурханыг ялласан гэж хэлдэг, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагах, Бурханаар төгс болгуулах замаар алхах ямар ч чадваргүй. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн хэтэрхий их үзэлтэй болохоороо Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы тухай мэдлэг нь бодит байдалтай өчүүхэн ч нийцдэггүй, харин нэг сэдвийг өөрчлөлтгүйгээр, нэгэн хэмээр давтаж, нөхцөл байдал болгонд нэг аргаа ашигладаг. Иймээс өнөөдөр Бурхан газар дээр ирээд хүнээр дахин нэг удаа загалмайд цовдлуулсан.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ

141. Аврагчийн ирэхийг нүдээр үзэж чадах юм сан хэмээн хүн хэдэн мянган жилийн туршид эгээрэн хүссэн. Мянга мянган жилийн турш Өөрийг нь санан бэтгэрч, хүсэн мөрөөссөн хүмүүсийн дунд Аврагч Есүс цагаан үүл хөлөглөн, Өөрийн биеэр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Хүн бас Аврагч эргэн ирж, бидэнтэй эргэн нэгдээсэй гэж хүсэн хүлээж байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн мянган жилийн туршид хүмүүсээс алс байсан Аврагч Есүсийг буцаад ирээсэй, иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаасай, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгээсэй хэмээн хүн хүсэмжилдэг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил хайр татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, хариуцлагыг нь үүрч, бүр хүний төлөө өмнөх шигээ загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөнгөө баран Түүнийг санан бэтгэрч, хүлээсээр ирсэн юм. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүн Аврагч Есүс цагаан үүлэн дээр буун ирж, бүх хүний дунд гарч ирэх эцсийн өдрүүд дэх тэр нэгэн баярт өдрийг хүсэмжилсээр байна. Мэдээж энэ бол мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа бүх хүний хамтын хүсэл юм. Есүс Христ газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр гэнэт ирэхийг нь орчлон ертөнц даяарх Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүн цөхрөнгөө баран хүсэн хүлээсээр ирлээ. Цовдлуулж, дахин амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Есүс Өөрийг нь хэдэн мянган жилийн турш цөхрөнгөө баран хүсэн хүлээсэн хүмүүсийн дунд дахин, цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэр лүү буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) бууж ирэх ба иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байх юм. Тэрээр хүний өмнө гарч ирснийхээ дараа тэдэнд хоол хүнс хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулаад, хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд, бодитоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс ингээгүй; Тэр хүний төсөөлснөөс эсрэг зүйл хийсэн. Эргэн ирэхийг нь хүсэн хүлээж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй, бас цагаан үүл хөлөглөж бүх хүнд харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн мэддэггүй бөгөөд мэдлэггүй хэвээр үлддэг. Хүн Түүнийг зүгээр л зорилгогүй хүлээж байгаа бөгөөд Түүнийг аль хэдийн “цагаан үүлэн” дээр (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр юу болох юм) бууж ирчхээд, одоо эцсийн өдрүүдэд бий болгох бүлэг ялагчдынхаа дунд байгаа гэдгийг мэддэггүй. Хүн үүнийг мэдэхгүй: Ариун Аврагч Есүс хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн боловч бузар буртаг, ариун бус сүнснүүдийн амьдран суудаг “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Түүний ирэхийг хүн хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг, Түүнд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж сүрдүүлдэг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Хүн Аврагч Есүсийг хайраар дүүрч, энэрэл ундарсан бөгөөд золин авралаар дүүрэн нүглийн тахил юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бас зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхаж, эрх мэдлийг эзэмшсэн, эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэн хүлээж, мөрөөсөл болдог бөгөөд “Тэнгэр” хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн, Өөрт нь итгэдэг ч Өөрийг нь мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагддаггүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн

142. Хэрвээ хүний төсөөлдгөөр Есүс дахин ирж, эцсийн өдрүүдэд Есүс гэж нэрлэгдсэн хэвээр байж, Есүсийн дүрээр хүмүүсийн дунд цагаан үүл хөлөглөн бууж ирсэн бол Түүний ажил давтагдсан хэрэг болох бус уу? Ариун Сүнс хуучин зүйлтэй зууралдаж чадах уу? Хүний боддог бүхэн нь үзэл бөгөөд хүний ойлгодог бүхэн нь үгчилсэн утгын дагуу, бас өөрсдийнх нь төсөөллийн дагуу байдаг; тэр нь Ариун Сүнсний ажлын зарчимтай тохирдоггүй бөгөөд Бурханы санаа зорилгод нийцдэггүй. Бурхан тийм маягаар ажиллахгүй; Бурхан тийм ч мунхаг, тэнэг биш бөгөөд Түүний ажил чиний төсөөлдөг шиг тийм энгийн биш. Хүмүүсийн төсөөлдөг бүхэнд үндэслэвэл Есүс үүл хөлөглөн ирж, та нарын дунд бууна. Үүл хөлөглөсөн Тэрээр Өөрийгөө Есүс мөн гэж хэлэхийг та нар харна. Та нар бас Түүний гар дахь хадаасны сорвийг олж хараад, Есүс мөн гэдгийг нь мэднэ. Тэрээр та нарыг дахин аварч, та нарын хүчирхэг Бурхан байх болно. Тэр та нарыг аварч, та нарт шинэ нэр хайрлаж, дор бүрд чинь цагаан чулуу өгнө, үүний дараа та нар тэнгэрийн хаанчлалд орох боломжтой болж, диваажин руу хүргэгдэнэ. Ийм итгэл нь хүний үзэл биш гэж үү? Бурхан хүний үзлийн дагуу ажилладаг уу, эсвэл хүний үзлийн эсрэг ажилладаг уу? Хүний бүх үзэл Сатанаас үүдэн гардаггүй гэж үү? Бүх хүнийг Сатан завхруулаагүй гэж үү? Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг хүний үзлийн дагуу хийсэн бол Сатан болчихгүй гэж үү? Тэр Өөрийнхөө бүтээлүүдтэй адил төрлийнх байх бус уу? Түүний бүтээлүүдийг одоо Сатан маш их завхруулж, хүн Сатаны биелэл болсон тул хэрвээ Бурхан, Сатаны зүйлсэд нийцүүлэн ажилласан бол Сатантай хуйвалдаж байгаа хэрэг болох бус уу? Хүн Бурханы ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Тиймээс Бурхан хэзээ ч хүний үзлийн дагуу ажиллахгүй, хэзээ ч чиний төсөөлдөг шигээр ажиллахгүй. Үүлэн дээр ирнэ гэж Бурхан Өөрөө хэлсэн гэцгээдэг хүмүүс бий. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг нэг ч хүн ухан ойлгож чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурханы үгийг нэг ч хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлсэн гэдэгт чи өчүүхэн ч эргэлзэхгүйгээр итгэж байна уу? Мэдээж Ариун Сүнс чамд тийм шууд байдлаар харуулаагүй биз дээ? Үүнийг Ариун Сүнс зааварласан уу, эсвэл өөрийн чинь үзэл чамайг ингэж бодоход хүргэсэн үү? Чи: “Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн” гэсэн. Гэхдээ Бурханы үгийг хэмжихдээ бид өөрсдийн үзэл, оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн хэлсэн үгийн тухайд гэвэл, чи түүний үгийг туйлын итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Чи түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Чи Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яагаад Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлдэг юм бэ? Есүс, Исаиа хоёрын хэн нь илүү өндөр дээд вэ? Хариулт нь Есүс байхад чи яагаад Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг юм бэ? Бурхан Өөрийнхөө ажлын талаар чамд урьдчилан хэлэх үү? Ганц ч бүтээгдсэн зүйл, бүр тэнгэр дэх элчүүд, хүний Хүү ч мэдэж чадахгүй, тэгвэл чи яаж мэдэж чадах юм бэ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3

143. Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь-үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Энэ итгэл нь учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас цааш нь асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүй юм чинь эрт үеийн фарисайчуудын алдааг гаргах нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялган таньж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, голж, гүжирдэх чадвартай байсан. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг голж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба махбодоор эргэн ирсэн Есүсийг илүү олон хүн яллах болно. Энэ бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг голох явдалтай та нар нүүр тулна. Та нар ийм мунгинуу байвал Есүсээс юу олж авч чадах юм бэ? Хэрвээ та нар алдаагаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүсийг цагаан үүлэн дээр махбодоор эргэн ирэх үед Есүсийн ажлыг яаж ойлгож чадах юм бэ? Би та нарт үүнийг хэлье: Үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй атлаа Есүс цагаан үүлэн дээр ирэхийг сохроор хүлээдэг хүмүүс Ариун Сүнсийг гарцаагүй доромжлох бөгөөд тэд бол устгагдах төрөл мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, тэнгэрийн жаргалтай ертөнцөд жаргахыг хүсдэг, гэсэн атлаа Есүсийн хэлсэн үгийг хэзээ ч дуулгавартай дагаж байгаагүй, махбодоор эргэн ирэх үедээ хэлсэн үнэнийг нь хэзээ ч хүлээн аваагүй. Есүс цагаан үүлэн дээр эргэн ирэх тухай баримтын хариуд та нар юу өргөн барих вэ? Удаа дараа нүгэл үйлдэж, үүнийгээ ахин дахин улайх чин сэтгэл үү? Цагаан үүлэн дээр эргэн ирэх Есүст та нар юуг тахил болгон өргөх вэ? Өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажлаа юу? Эргэн ирсэн Есүсийг өөрсдөдөө итгүүлэхийн тулд та нар юу өргөн барих вэ? Ямар ч үнэнийг дуулгавартай дагадаггүй, биеэ тоосон уг чанараа юу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

144. Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг ердөө л оюун ухаан, үзэл баримтлалынх байдаг, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олж авахын төлөө байдаг, тэгвэл итгэл чинь ямар болж таарах вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэддэггүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэддэггүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэддэггүй, Бурханы Өөрийн ажил болон хүний мэхлэлтийг хэрхэн ялгахаа мэддэггүй. Чи Бурханы илэрхийлсэн, бодолтой чинь нийцдэггүй үнэний үгийг яллахаа л мэддэг. Даруу байдал чинь хаана байна вэ? Дуулгавартай байдал чинь хаана байна вэ? Үнэнч байдал чинь хаана байна вэ? Үнэнийг эрж хайх хүсэл чинь хаана байна вэ? Бурханыг хүндлэх хүндлэл чинь хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэдэг хүмүүс бол гарцаагүй устгагдах ангилалд багтдаг. Махбодоор эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол гарцаагүй тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн сүйрэлд өртөх ангилал юм. Олон хүн Миний хэлсэн зүйлийг тоохгүй байж магад, гэвч Есүс тэнгэрээс цагаан үүлэн дээр бууж ирэхийг хоёр нүдээрээ харах үед чинь зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэгддэг хүн бүрд хэлэхийг хүсэж байна. Есүс тэнгэрээс буун ирж буйг нүдээр үзэх тэр үе чамд маш сэтгэл догдлом мөч байж болох ч энэ үе бас шийтгүүлэхээр там руу буух үе чинь гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн цаг үе байх бөгөөд Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө, үнэний илэрхийлэл л байх үед Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн авдаг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж, Бурханы сэнтийн өмнө эргэн ирж, Бүтээгчийн тэвэрт орсон байх болно. “Цагаан үүл хөлөглөн ирээгүй Есүс бол хуурамч Христ” хэмээн муйхарлан итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ, учир нь тэд тэмдэг үзүүлдэг Есүст л итгэдэг, харин хатуу шүүлт зарлан, амийн үнэн замыг гаргадаг Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр Есүс цагаан үүлэн дээр ил тодоор эргэн ирэх үедээ л үүнийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Иймэрхүү өөдгүй хүмүүс яаж Есүсээр шагнуулж чадах билээ? Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус, харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн, Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, бодлогогүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад хүндлэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэр нь хямсганадаг хүмүүс бол ухаангүй, мэдлэггүй хүмүүс юм. Үнэнийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бардамналд идэгдсэн байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг хүлээн авдаг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгээс ганц нь л чиний бодол санаа болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас зөвлөе. Бурханыг өчүүхэн төдий хүндэтгэх зүрх сэтгэлтэй бол чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч Христ байна” гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илэрдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, залилуулахаас айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар том эмгэнэл болох бус уу? Ихээхэн судалж шинжилснийхээ дараа ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал эцэстээ шийтгүүлж, ямар ч ерөөлгүй хоцорно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

145. Чи Бурханд тийм ч удаан итгээгүй атлаа Түүний талаар ихээхэн үзэл өвөрлөн, израильчуудын Бурхан Өөрийн биеэр та нарыг нигүүлсэнэ гэдгийг нягтлан бодохгүй байж зүрхлэхдээ тулдаг. Өөрсдөө тэвчихийн аргагүй бохир болохоор та нар Бурхан биечлэн гарч ирэхийг хэрхэн харах талаар бодохгүй байж зүрхлэхдээ ч тулдаг. Бас Бурхан Харь үндэстний нутагт хэрхэн биечлэн бууж ирэх талаар хэзээ ч бодож байгаагүй. Тэр Синаи Уул, эсвэл Чидун Уулан дээр буун ирж, израильчуудад харагдах учиртай. Харь үндэстнүүд (өөрөөр хэлбэл, Израилийн гаднах хүмүүс) нь бүгд Түүний жигшил зэвүүцлийн бай биш гэж үү? Тэр яаж тэдний дунд биечлэн ажиллаж чадах юм бэ? Энэ бүхэн нь олон жилийн туршид та нарын бий болгосон, гүн үндэслэсэн үзэл юм. Та нарыг өнөөдөр байлдан дагуулахын зорилго нь эдгээр үзлийг чинь эвдэх явдал. Тиймээс Бурхан Синаи Уулан дээр, эсвэл Чидун Уулан дээр биш, харин урьд нь хэзээ ч удирдаж байгаагүй хүмүүсийнхээ дунд—та нарын дунд биечлэн илрэхийг та нар хардаг. Бурхан Өөрийн ажлын хоёр үе шатыг Израильд хийсний дараа израильчууд болон бүх Харь үндэстний аль аль нь, Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь үнэн боловч Харь үндэстнүүдийн Бурхан биш, зөвхөн израильчуудын Бурхан байхыг л хүсэж байгаа гэх үзэлтэй болсон. Израильчууд, Бурхан зөвхөн бидний Бурхан байж болно, харин Харь үндэстнүүд та нарын Бурхан биш, та нар Еховаг хүндэлдэггүй учраас бидний Бурхан—Ехова та нарыг жигшдэг гэж итгэдэг. Иудей хүмүүс ч бас ингэж итгэдэг: Эзэн Есүс иудей хүмүүс бидний дүр төрхийг авсан бөгөөд иудей хүмүүсийн тэмдгийг тээдэг Бурхан юм. Бидний дунд л Бурхан ажилладаг. Бурханы дүр төрх болон бидний дүр төрх адилхан; бидний дүр төрх Бурханыхтай төстэй. Эзэн Есүс бол иудейчүүд бидний Хаан; Харь үндэстнүүд тийм агуу авралыг хүлээн авах эрхгүй. Эзэн Есүс бол иудейчүүд бидний төлөөх нүглийн тахил. Ажлын тэр хоёр үе шатны үндсэн дээр л израильчууд болон иудей хүмүүс энэ бүх үзлийг бий болгосон. Тэд Бурханыг өөрсдийнх нь гэж түрэмгийлэн зарладаг ба Бурхан бол Харь үндэстнүүдийн ч Бурхан мөн гэдгийг зөвшөөрдөггүй. Ийм маягаар Харь үндэстнүүдийн зүрх сэтгэлд Бурхан хоосон зай болсон. Учир нь, Бурхан Харь үндэстнүүдийн Бурхан байхыг хүсдэггүй, Тэр зөвхөн израильчуудад буюу Өөрийн сонгосон хүмүүст л дуртай ба ялангуяа Өөрийг нь дагаж байсан шавь нар болох иудейчүүдэд л дуртай гэж хүн бүр итгэх болсон юм. Ехова, Есүс хоёрын хийсэн ажил бүх хүн төрөлхтнийг амьд үлдээхийн төлөө гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Бурхан бол Израилийн гадна төрсөн та бүхний Бурхан юм гэдгийг чи одоо хүлээн зөвшөөрч байна уу? Бурхан өнөөдөр яг энд та нарын дунд байгаа бус уу? Энэ нь зүүд байж болохгүй биз дээ? Та нар энэ бодит байдлыг хүлээн зөвшөөрдөггүй юу? Та нар үүнд итгэж, эсвэл энэ талаар бодож зүрхэлдэггүй. Үүнийг яаж харахаас чинь үл хамааран, Бурхан яг энд та нарын дунд байгаа бус уу? Та нар энэ үгэнд итгэхээс мөн л айж байна уу? Энэ өдрөөс эхлээд бүх байлдан дагуулагдсан хүмүүс болон Бурханы дагагчид болохыг хүсдэг бүхэн Бурханы сонгосон хүмүүс биш гэж үү? Өнөөдрийн дагагчид та бүхэн, Израилийн гаднах сонгогдсон хүмүүс биш гэж үү? Та нарын байр суурь израильчуудынхтай адилгүй гэж үү? Та нарын танин мэдэх ёстой зүйл чинь энэ бүхэн биш үү? Энэ нь та нарыг байлдан дагуулах ажлын зорилго биш гэж үү? Нэгэнт та нар Бурханыг харж чадах учраас Тэр эхнээсээ аваад ирээдүйд ч үүрд та нарын Бурхан байх болно. Та нар бүгд Түүнийг дагаж, Түүний үнэнч дуулгавартай бүтээл байхыг хүссээр байгаа цагт Тэр та нарыг орхихгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн 3

146. Хуучин үзлээ хойш тавьснаар л чи шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь хуучин үзэлтэй заавал адил байх албагүй. “Үзэл” гэдэг нь хүний төсөөлсөн, бодит байдалтай нийцэхгүй зүйлсийг хэлдэг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон бөгөөд хүнийг шинэ ажилд ороход нь саад болдог бол ийм мэдлэг ч бас үзэл юм. Хүн ийм мэдлэгт зөв хандлага баримталж чадвал, мөн хуучин, шинэ хоёрыг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болж, шинэ эрин үед орох үндэс суурь нь болдог. Бурханыг мэдэх хичээл нь, Бурханы шинэ ажлын бүх зохицуулалтад захирагдахын тулд Бурханыг мэдэх замд хэрхэн орох, Бурханыг мэдэхийн тулд ямар үнэнийг ойлгох ёстой, өөрийн үзэл болон хуучин зан чанараас хэрхэн ангижрах зэрэг олон зарчмыг эзэмшихийг чамаас шаарддаг. Хэрвээ чи эдгээр зарчмыг Бурханыг мэдэх хичээлд орох суурь болгон ашиглавал мэдлэг чинь улам бүр гүн гүнзгий болно. Хэрвээ чи ажлын гурван үе шатны талаар, өөрөөр хэлбэл, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөний ажлын талаар тодорхой мэдлэгтэй бол, мөн хэрвээ чи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханы хийсэн ажил юм гэдгийг харж чадвал хамгийн бат бэх суурь чинь энэ болно… Хэрвээ хүн ажлын гурван үе шатнаас, эдгээр нь өөр өөр цаг үед, өөр өөр газарт, өөр өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал; мөн ажил нь өөр байсан ч энэ бүгдийг нэг Бурхан хийсэн ба энэ нь нэг Бурханы хийсэн ажил тул алдаа мадаггүй зөв байж таарна, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь нэг Бурханы хийсэн ажил мөн гэдгийг үгүйсгэх аргагүйг харж чадвал; хэрвээ хүн, энэ нь нэг Бурханы ажил мөн гэдгийг баттай хэлж чадвал хүний үзэл дурдахын ч хэрэггүй, ердөө ялихгүй зүйл болох болно. Хүний үзэгдэл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг Бурхан, Есүсийг Эзэн гэж л мэдэн, өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы тухайд сэтгэл нь хоёрддог учраас олон хүн Ехова болон Есүсийн ажлаас салж ядан, өнөөдрийн ажлын талаар олон үзэлд баригддаг ба ихэнх хүн үргэлж эргэлзэн, өнөөдрийн ажлыг нухацтай авч үздэггүй. Ажлын үл үзэгдэх өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй, учир нь хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүй юм. Ажлын энэ үе шатуудыг харж чадахгүй учраас хүн хүссэнээрээ төсөөлдөг; хүн юу ч төсөөллөө гэсэн ийм төсөөллийг батлах баримт байдаггүй, мөн засаж залруулах хүн ч байдаггүй. Хүн зан аашаа зоргоор нь тавьж, сэрэмж болгоомжоо салхинд хийсгээд, төсөөлөлдөө умбадаг, мөн энэ төсөөллийг батлах ямар ч баримт байхгүй учраас ямар нэг үндэслэл бий эсэхээс үл хамааран хүний төсөөлөл нь “баримт” болдог. Тиймээс хүн ой ухаандаа өөрийн төсөөлсөн Бурханд итгэн, бодит байдлын Бурханыг эрж хайдаггүй. Нэг хүнд нэг төрлийн итгэл байвал зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээр сонссоноос биш, нүдээр үзээгүй. Хүн үлгэр, домог сонссон байдаг боловч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг сонссон байх нь ховор. Тиймээс нэг жил итгэсэн хүмүүс өөрсдийн үзлээр Бурханд итгэдэг. Насан туршдаа Бурханд итгэсэн хүмүүс ч бас тэгдэг. Баримтыг харж чаддаггүй хүмүүс Бурханы талаарх үзэл бүхий итгэлээсээ хэзээ ч мултарч чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээсээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл, цуурхал л төдий гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Хүн өөрийнхөө үзлийг алдаа мадаггүй зөв гэж бодон, эдгээр үзэл Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ зоргоор нь тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, санаа нь энэ үе шатны ажилд саад болсон ба ийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү болсон. Алхам алхмаар явагдах энэ ажлын тухайд бол, өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүний үзэл улам бүр ноцтой болсон бөгөөд энэ хүмүүст бие махбодтой болсон Бурханы эсрэг эвлэршгүй үзэн ядалт аажмаар үүссэн. Энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөлөлд оршдог. Хүний үзэл, төсөөлөл нь өнөөдрийн ажил буюу хүний үзэлтэй нийцдэггүй ажлын дайсан болжээ. Баримт нь хүнд төсөөлөлдөө умбах боломж олгодоггүй, түүнчлэн хүн дураараа няцаахыг зөвшөөрдөггүй, мөн хүний үзэл, төсөөлөл нь баримт байгааг тэвчдэггүй, цаашлаад хүн баримтын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг дураар нь тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг учраас л ийм зүйл болсон юм. Үүнийг хүний үзлийн алдаа л гэж хэлж болохоос биш, Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

147. Бурхан бол зөвт Бурхан бөгөөд хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр хүнийг алагчлахгүй нь гарцаагүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж үү? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг зөвт зан чанараараа шүүдэг ч хүнд тавьдаг шаардлагуудад минь тохиромжтой нөхцөл байдаг бөгөөд хэн байхаас үл хамааран, Миний шаарддаг зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой. Чиний чадвар хэр болох нь, хэр удаан ийм чадвартай байсан чинь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн байхгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагадаг бол тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр, хэрвээ чи Миний хэлсэн үгийг мөрдсөн бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа үргэлж зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож үзээгүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэр нь шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч хольцоор сэвтээгүй: Үүнд хүний ямар ч хүсэл байдаггүй ба махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн: “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгэхэд Би чамаас “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал арилжаа наймаанд үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас л Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг хүртэнэ гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдана” гэх Миний үгэнд далд утга бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Надаар бүрэн авхуулах хүмүүс юм, тэд бол Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, гэхдээ өөр яасан гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа зорилго чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олоод, азтай болно гэж найдсан хандлагаар л энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгч бүхний зөвт шийтгэл энэ юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ. Энэхүү зөвт зан чанар хүний шийтгэлд илэрхийлэгдэх үед хүн цочирдож, Бурханыг дагах зуураа Түүний замаар алхаагүйдээ харамсана. “Тухайн үед Бурханыг дагах зуураа би бага зэрэг зовсон боловч Бурханы замаар алхаагүй. Энд ямар шалтаг байх билээ? Гэсгээгдэхээс өөр сонголт байхгүй!” Гэсэн ч оюун санаандаа хүн: “Ямартай ч би эцэст нь хүртэл дагасан, иймээс Та намайг гэсгээсэн ч гэсэн, тийм ч хатуу гэсгээлт байж таарахгүй, тэгээд энэ гэсгээлтийг тулгасныхаа дараа Та намайг хүссээр байх болно. Та зөвт бөгөөд надад үүрд тэгж хандахгүй гэдгийг би мэднэ. Эцсийн эцэст би устгагдах хүмүүстэй адилгүй; устгагдах хүмүүс хүнд гэсгээлт хүлээн авна, харин миний гэсгээлт хөнгөн байна” гэж боддог. Зөвт зан чанар чиний хэлдэг шиг биш. Өөрсдийн нүглийг улайхдаа сайн хүмүүстэй зөөлөн харьцдаг гэсэн зүйл байхгүй. Зөвт байдал бол ариун байдал, энэ нь хүний халдлагыг тэвчдэггүй зан чанар бөгөөд бохир заваан, өөрчлөгдөөгүй бүхэн бол Бурханы зэвүүцлийн бай юм. Бурханы зөвт зан чанар нь хууль биш, харин захиргааны зарлиг юм: Энэ нь хаанчлалын доторх захиргааны зарлиг бөгөөд үнэнийг эзэмшдэггүй, өөрчлөгдөөгүй хэний ч хувьд энэ захиргааны зарлиг нь зөвт шийтгэл, энд ямар ч аврал үгүй. Хүн болгон төрлийнхөө дагуу ангилагдах үед сайн нь шагнагдаж, муу нь шийтгүүлнэ. Энэ нь хүний хүрэх газар тодорхой болох үе; авралын ажил төгсгөл болж, хүнийг аврах ажил хийгдэхээ больж, мууг үйлддэг хүн нэг бүрд залхаан цээрлүүлэлт очих үе юм. Зарим хүн: “Бурхан Өөрийнх нь хажууд үргэлж байдаг хүн нэг бүрийг санадаг. Тэрээр бидний хэнийг ч мартахгүй. Бид гарцаагүй Бурханаар төгс болгуулна. Тэрээр доор байгаа хүмүүсийн хэнийг ч санахгүй, тэдний дундаас төгс болгуулах хүмүүс нь Бурхантай байнга уулздаг биднээс цөөхөн байх нь лавтай; бидний дундаас хэнийг ч Бурхан мартахгүй, бид бүгдээрээ Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн ба Бурханаар төгс болгуулах нь гарцаагүй” гэж хэлдэг. Та нар бүгдээрээ ийм үзэлтэй байдаг. Энэ нь зөвт байдал мөн үү? Чи үнэнийг хэрэгжүүлсэн үү, үгүй юу? Чи үнэндээ иймэрхүү цуу яриа түгээдэг—чамд ямар ч ичгүүр сонжуур алга!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

148. Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хөнгөн хуумгай ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх хөрөнгө бөгөөд ёс суртахуун нь завхарсан, хэв чанар нь өөдгүй, хүн чанар нь дорд болох тусмаа чи төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзлийг залруулахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

149. Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн тэнгэрт Эцэг байдгаар үл барам, мөн Хүү, бүр Сүнс ч байдаг. Тэнгэрт ийм Бурхан буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс гэх гурвал Бурхан байдаг гэдэг нь хүний уламжлалт үзэл юм. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан, гэхдээ гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд ноцтойгоор заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс юм. Энэ гурван хэсгийг нийлүүлсэн нь л Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр Бурхан мөн л бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлд хүмүүс Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй хэмээн итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо шашны бүх итгэгч, бүр та нарын дундах дагалдагч болгон энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг учраас энэхүү итгэл зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй. Хэдий эдгээр нь үзэл боловч та нар зөв, буруу эсэхийг нь мэддэггүй, учир нь шашны үзэл та нарт хэтэрхий ноцтойгоор халдварласан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүн гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор дотор чинь дэндүү гүн нэвчсэн. Тиймээс энэхүү асуудал дээр ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь гурвал Бурхан ердөө оршин байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл, хүний эндүү ташаа ойлголт билээ. Олон зууны туршид, хүний оюун санаан дахь үзлээс бий болсон, хүний зохиосон, урьд нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан Библийн тайлбарлагчид олон байсан боловч гурвал Бурханыг гурван өөр нэгдмэл бодгаль хэмээсэн тийм тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба хүмүүс бүгд Бурханы “бүтцийн” талаар будилдаг. Ямар ч агуу хүн бүрэн гүйцэд тайлбар өгч огт чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон бичиг цаасан дээр шаардлага хангадаг боловч нэг ч хүн үүний утга учрыг тов тодорхой ойлгодоггүй. Яагаад гэвэл, хүний зүрх сэтгэлдээ хадгалдаг агуу Гурвал ердөө оршин байдаггүй…

Хэрвээ ажлын гурван үе шатыг Гурвалын тухай энэхүү ухагдахууны дагуу үнэлбэл тус бүрийнх нь хийсэн ажил адилхан байгаагүй болохоор гурван Бурхан байх учиртай. Хэрвээ та нарын дундаас хэн нэг нь Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бодгаль дахь энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тухайн үеийн Еховагийн ажлыг ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнс хийгээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбараар бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бодгаль нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг. Тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи цорын ганц Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр яаж хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Цорын ганц Бурхан байдаг, энэ Бурханд цорын ганц үнэн бие байдаг, цорын ганц Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдарч, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байж чаддаг. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэрээр махбодод, орчлон ертөнцөд, орчлон ертөнцийн дээр нэгэн зэрэг оршиж чадна. Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж бүх хүн хэлдэг тул хэний ч хүслээр хуваагдашгүй ганцхан Бурхан байдаг! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бодгаль; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ чиний хэлдгээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол Тэд гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэдний бодгаль өөр, бас мөн чанар нь ялгаатай тул Тэд яаж ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс юм. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй, хэзээ ч махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд Сүнс мөн гэдэг нь гарцаагүй. Тэгвэл Ариун Сүнс, Тэр хоёрын хоорондох харилцаа юу вэ? Эцэг, Хүүгийн хоорондох харилцаа юу? Эсвэл Ариун Сүнс болон Эцэгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцэгийн хэрэгсэл юм уу? Үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондох харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондох харилцаа юу, эсвэл хүн, Сүнс хоёрын хоорондох харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван бодгалийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр бодгалиуд байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай энэ үзэл баримтлал хамгийн утгагүй! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бодгаль болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Надад хэл дээ, тэнгэр, газар болон бүх зүйлийг Эцэг бүтээсэн үү, Хүү бүтээсэн үү, эсвэл Ариун Сүнс бүтээсэн үү? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн золин аварсан бэ? Ариун Сүнс үү, Хүү юү, эсвэл Эцэг үү? Хүү хүн төрөлхтнийг золин аварсан гэж зарим нь хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбодтой болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнснээс олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн бай, Тэрээр тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү үзэл санаа зүгээр л худал юм. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Бурханы Сүнс гэж хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол Түүний ажил Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах байсан уу? Есүс залбирахдаа тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудаж байсан нь зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс эгэл, хэвийн махбод өмсөж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй болсон учраас л тэгсэн юм. Түүний дотор Бурханы Сүнс байсан ч гэсэн гадаад төрх нь хэвийн хүнийх байсан; өөрөөр хэлбэл, Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон байлаа. Хүний Хүү гэж дуудагдаж байсныг нь харгалзан үзвэл, Тэрээр эгэл жирийн хүмүүсийн хэвийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, ямартай ч хүний гадаад төрхтэй) байсан юм. Тиймээс Есүс тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг Эцэг гэж дуудсантай адил; Тэрээр бүтээгдсэн хүний өнцгөөс ингэсэн. Та нарт цээжлүүлэх гэж Есүсийн заасан Эзэний Залбирлыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа…” Тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс шаардсан. Тэр ч гэсэн Бурханыг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил байр сууринд зогсож байгаа хүний өнцгөөс ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцэгийн нэрээр дууддаг учраас Есүс Өөрийгөө та нартай адил байр сууринд байгаагаар, мөн Бурханы сонгосон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзжээ. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь бүтээгдсэн зүйл гэдгээс чинь болж байгаа бус уу? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурханаар) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр Өөрийн ажлыг хараахан биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдал байлаа. Тэрээр Бурханыг (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсийг) тийм байдлаар дуудаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг нотолдоггүй. Харин ч Тэр өөр бодгаль байсан юм биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр бодгалийн оршин тогтнол гэдэг нь гажууд онол юм! Цовдлогдохоосоо өмнө Есүс махан биеийн хязгаарлалтад баригдсан хүний Хүү байсан бөгөөд Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй. Тийм учраас Тэр бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайж л чадсан юм. Тэрээр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” хэмээн гурвантаа залбирсантай адил. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр иудейчүүдийн Хаан байсан; Тэрээр алдрын бие биш, харин Христ, хүний Хүү байлаа. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэрээр Бурханыг Эцэг гэж дуудсан юм. Тэгэхээр чи, Бурханыг Эцэг хэмээн дууддаг бүхэн нь Хүү юм гэж хэлж болохгүй. Хэрвээ тийм байсан бол Есүс та нарт Эзэний Залбирлыг заамагц та нар бүгдээрээ Хүү болох бус уу? Хэрвээ та нар одоо ч үнэмшихгүй байгаа бол Надад хэл дээ, та нарын Эцэг гэж дууддаг нэгэн чинь хэн бэ? Хэрвээ та нар Есүсийг хэлж байгаа бол Есүсийн Эцэг та нарын хувьд хэн бэ? Есүсийг явж одсоны дараа Эцэг, Хүү гэх энэ санаа байхаа больсон. Энэхүү санаа нь Есүсийг махбод болсон байх тэр жилүүдэд л тохиромжтой байв; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа байдаг. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын тухай энэхүү санаа хэзээ ч байж болохгүй; энэ нь эрин үеүдэд ховорхон харагддаг гажууд онол бөгөөд оршин байдаггүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?

150. Библийн Хуучин Гэрээнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар огт дурддаггүй, зөвхөн цорын ганц жинхэнэ Бурхан, Ехова Өөрийн ажлыг Израильд хийж буй тухай дурддаг. Эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Тэр өөр өөр нэрээр нэрлэгдсэн, гэхдээ нэр бүхэн нь өөр бодгалийг хэлдэг гэдгийг энэ нь нотолж чадахгүй. Хэрвээ тийм байсан бол Бурханд тоо томшгүй олон бодгаль байх байсан бус уу? Хуучин Гэрээнд бичигдсэн зүйл бол Еховагийн ажил, Хуулийн эрин үед эхлүүлсэн Бурханы Өөрийн ажлын үе шат юм. Энэ нь Бурханы ажил байсан ба Түүнийг ярих үед бий болж, Түүнийг тушаах үед биелж байсан. Тэр бол ажлаа гүйцэтгэхээр ирсэн Эцэг гэж Ехова хэзээ ч хэлээгүй, эсвэл хүн төрөлхтнийг золин аврахын тулд Хүү ирэх тухай хэзээ ч зөгнөөгүй. Есүсийн цаг үеийн тухайд гэвэл, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан махбод болсон гэж л хэлсэн байдаг, харин Хүү ирсэн гэж хэлээгүй. Эрин үеүд адилгүй бөгөөд Бурханы Өөрийн хийдэг ажил ч бас ялгаатай байдаг учраас Тэр Өөрийн ажлыг өөр өөр хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг. Ийм маягаар, Түүний төлөөлдөг ялгамж чанар ч бас ялгаатай байдаг. Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ үнэндээ үүнийг Есүс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; тэнгэр дэх Эцэг Бид хоёр нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцэгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцэгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Эцсийн эцэст, Эцэг ч бай, эсвэл Хүү ч бай Тэд нэг Сүнс бөгөөд тусдаа бодгаль болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдмогц, өөр өөр бодгалийн тухай санаа, мөн түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцаа нь асуудлыг төвөгтэй болгодог. Хүн тусдаа бодгалиудын тухай ярих үед, энэ нь Бурханыг материаллаг болгож байгаа бус уу? Хүн бодгалийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний төсөөлөл, лавлагаа болох ямар ч үнэ цэнгүй бөгөөд туйлын бодит бус! Хэрвээ чи түүнээс: “Хэдэн Бурхан байдаг вэ?” гэж асуувал тэр, Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал буюу ганц жинхэнэ Бурхан юм гэж хэлэх болно. Хэрвээ чи цааш нь: “Эцэг хэн бэ?” гэж асуувал тэрээр: “Эцэг бол тэнгэр дэх Бурханы Сүнс; Тэр бүхнийг хариуцдаг ба тэнгэрийн Эзэн юм” гэж хэлнэ. “Тэгвэл Ехова Сүнс мөн үү?” гэхэд тэрээр “Тийм!” гэж хариулна. Хэрвээ дараа нь чи түүнээс “Хүү хэн бэ?” гэж асуувал мэдээж Есүс бол Хүү гэх болно. “Тэгвэл Есүсийн түүх юу вэ? Тэр хаанаас ирсэн бэ?” гэхэд тэр ингэж хэлнэ: “Есүс Ариун Сүнснээс олдож Мариагаас төрсөн.” Тэгвэл Түүний мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Түүний ажил ч бас Ариун Сүнсний ажлын төлөөлөл биш гэж үү? Ехова бол Сүнс, Есүсийн мөн чанар ч бас адилхан. Одоо эцсийн өдрүүдэд, энэ нь мөн л Сүнс юм гэдгийг хэлэх бүр ч шаардлагагүй; Тэд яаж өөр өөр бодгаль байх юм бэ? Ердөө л Бурханы Сүнс өөр өөр өнцгөөс Сүнсний ажлыг хэрэгжүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тийм болохоор бодгалиудын хооронд ялгаа байдаггүй. Есүс Ариун Сүнснээс олдсон, Түүний ажил яг тэр Ариун Сүнснийх байсан нь маргаангүй. Гүйцэтгэсэн ажлынхаа эхний үе шатанд Ехова махбод болоогүй, бас хүнд ч харагдаагүй. Иймээс хүн хэзээ ч Түүний гадаад төрхийг хараагүй. Тэр хэчнээн агуу, хэчнээн өндөр байсан нь хамаагүй, хүнийг анх бүтээсэн Бурхан Өөрөө буюу Сүнс хэвээр байсан. Өөрөөр хэлбэл, Тэрээр Бурханы Сүнс байлаа. Үүлэн дундаас хүнтэй ярих үедээ Тэр ердөө л Сүнс байсан ба Түүний гадаад төрхийг хэн ч нүдээр үзээгүй; зөвхөн Нигүүлслийн эрин үед Бурханы Сүнс махбодод ирж, Иудейд бие махбодтой болоход л хүн бие махбодтой болсон Бурханыг иудей хүний дүрээр анх харсан. Түүнд Еховагийн гэх юу ч байгаагүй. Гэсэн ч Тэр Ариун Сүнснээс олдсон, өөрөөр хэлбэл, Еховагийн Өөрийн Сүнснээс олдсон бөгөөд Есүс мөн л Бурханы Сүнсний биелэл болон төрсөн билээ. Ариун Сүнс Есүс дээр тагтаа мэт буухыг л хүн анх харсан; энэ нь ганцхан Есүсийн Сүнс байгаагүй, харин ч Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Есүс, Хүү бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс юм бол Тэд яаж нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байв. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс их ажил гүйцэтгэж чадна. Тэр дэлхийг бүтээж, бас үерээр газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварч чадна, түүнчлэн бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж, бас устгаж чадна. Энэ ажлыг бүгдийг нь Бурхан Өөрөө хийдэг бөгөөд Түүний оронд Бурханы өөр ямар ч бодгаль хийж чадахгүй байх байв. Түүний Сүнсийг Ехова, Есүс, түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр бас хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, бас газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээш өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн билээ! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажлыг Бурханы Өөрийн Сүнс хийсээр ирсэн. Тэнгэр дэх ажил ч бай, эсвэл махбод дахь ажил бай бүгдийг нь Түүний Сүнс хийдэг. Тэнгэр дэх ч бай, эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс, бас Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол махбод, гэхдээ Бурхан Өөрөө хэвээр үлддэг. Хэдэн зуун мянган нэрээр нэрлэж болох ч Тэр Өөрөө хэвээр бөгөөд Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтний золин аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч бас Түүний Сүнсний шууд ажил юм. Бурханыг цаг ямагт төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж л нэрлэж болно. Тусдаа бодгалиуд оршин тогтнодоггүй, Эцэг, Хүү, Ариун Сүнс хэмээх санаа бүр ч оршдоггүй. Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?

151. Гэсэн ч зарим хүн: “Эцэг бол Эцэг; Хүү бол Хүү; Ариун Сүнс бол Ариун Сүнс бөгөөд эцэстээ Тэд нэг болно” хэмээн хэлсээр байж магадгүй. Тэгвэл чи Тэднийг хэрхэн нэг болгох ёстой вэ? Эцэг, Ариун Сүнс хоёрыг яаж нэг болгож чадах вэ? Хэрвээ Тэд угаасаа хоёр байсан бол Тэднийг яаж ч нийлүүлсэн хамаагүй хоёр хэсэг хэвээр үлдэхгүй гэж үү? Тэднийг нэг болгох тухай ярих нь, нэг бүхэл болгохын тулд хоёр тусдаа хэсгийг нийлүүлж байгаа хэрэг биш гэж үү? Гэхдээ бүхэл болгуулахаасаа өмнө Тэд хоёр хэсэг байгаагүй гэж үү? Сүнс бүрд өөр өөр мөн чанар байдаг бөгөөд хоёр Сүнсийг ганц болгож болохгүй. Сүнс бол материаллаг зүйл биш, материаллаг ертөнц дээрх юутай ч адилгүй. Хүний үздэгээр, Эцэг нь нэг Сүнс, Хүү өөр Сүнс, Ариун Сүнс бас нэг Сүнс юм, тэгээд нэг бүхэл болгохын тулд гурван Сүнсийг гурван аягатай ус шиг хольж болно. Тэгвэл энэ гурав нэг болох бус уу? Энэ бол гарцаагүй эндүү ташаа, утгагүй тайлбар юм! Энэ нь Бурханыг хувааж байгаа хэрэг биш үү? Яаж Эцэг, Хүү, Ариун Сүнсийг нэг болгож болох юм бэ? Тэд бол тус бүрдээ өөр шинж чанартай гурван хэсэг биш гэж үү? “Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?” хэмээн хэлдэг хүмүүс бий. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон удирдлагын төлөвлөгөөнийх нь ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр ч бас өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Ехова гэж нэрлэгддэг, израильчуудын хоньчин байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод өмссөн байсан учраас махбодын өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би энэ дэлхийд ирэхийн тулд махбод өмссөн тул тэнгэрээс холын хол байна” гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байв. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы Сүнсний эзэмших ёстой зүйл байлаа. Махбодын өнцгөөс Эцэгт залбирч байснаас нь болоод Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурвал оршин байдаг уу?

Өмнөх: 2.2. Завхарсан хүн төрөлхтний сатанлаг зан чанар, уг чанар-мөн чанарыг илчлэх тухай сонгодог үгс

Дараах: 2.4. Үнэн гэж юу болохыг илчилсэн үгс

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх