Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (7)

7-р зүйл: Өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанар, давуу талд нь үндэслэн оновчтой хуваарилж, ашигласнаар хүн бүрийг хамгийн хэрэгтэй газар нь тавих (II хэсэг)

Өнгөрсөн удаагийн нөхөрлөлөөр удирдагч, ажилчдын долоо дахь үүрэг хариуцлага болох “Өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанар, давуу талд нь үндэслэн оновчтой хуваарилж, ашигласнаар хүн бүрийг хамгийн хэрэгтэй газар нь тавих” талаар нөхөрлөсөн. Бид энэ үүрэг хариуцлагын гурван талыг голчлон нөхөрлөсөн. Энэ гурван тал юу вэ? (Нэг нь, өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанарт нь үндэслэн оновчтой ашиглах; нөгөө нь, өөр өөр төрлийн хүмүүсийг давуу талд нь үндэслэн оновчтой ашиглах; гурав дахь нь зарим онцгой төрлийн хүмүүст хэрхэн хандаж, ашиглах.) Гурван тал бол үндсэндээ энэ юм. Энэ гурван талаас харвал, хүмүүсийг ашиглах Бурханы гэрийн зарчим нь хүн бүрийг хамгийн сайн ашиглах явдал мөн үү? (Тийм.) Энэ зарчим үнэн зөв үү? Хүмүүст шударга байна уу? (Шударга.) Оюуны хомсдолтой тэнэгүүдийн хувьд, тэд юу ч хийх чадваргүй, бага ч болов үүрэг гүйцэтгэж чадахгүй. Хэрвээ чи тэдэнд мэргэжлийн, техникийн талын ч бай, эсвэл хүч шаардсан ажил ч бай, ямар ч ажил даалгасан, тэд гүйцэтгэж чадахгүй. Тийм хүмүүсийг яасан ч ашиглаж болохгүй, бүр үйлчлэл үзүүлүүлж ч болохгүй. Оюуны чадамжийн тухайд ийм байдаг. Хүн чанарын тухайд, хүн чанар муутай ёрын муу хүмүүс хэдий зарим ажлыг хийж, зарим үүргийг гүйцэтгэж чаддаг ч хүн чанар нь дэндүү ёрын муу учраас үүргээ гүйцэтгэхдээ саад болж, үймүүлж, нэмэр болохоосоо илүү нэрмээс болж, юуг ч сайн хийж чаддаггүй. Тийм хүмүүс үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй бөгөөд яасан ч ашиглаж болохгүй. Хэрвээ тодорхой давуу талтай хүмүүс байвал стандартад нийцсэн хүн чанартай байсны үндсэн дээр Бурханы гэрийн ажилд шаардагдах бүх нөхцөлийг хангаж л байвал тэднийг оновчтой зохицуулж, ашиглаж болно. Өнгөрсөн удаа бид бас зарим онцгой төрлийн хүмүүст хэрхэн хандаж, ашиглах талаар нөхөрлөсөн. Эхний төрөл нь Иудас шиг, тун хулчгар хүмүүс юм. Тун хулчгар байдлаас нь харахад агуу улаан лууд баригдмагцаа тэд 100% Иудас болох боломжтой; хэрвээ тэдэнд чухал ажил даалгавал ямар нэг юм тохиолдмогц бүхнээс урвана. Энэ нь аюултай хүмүүс биш гэж үү? Мөн үл итгэгчидтэй төстэй төрлийн хүмүүс байдаг бөгөөд тэднийг бид чуулганы найзууд гэж нэрлэдэг. Энэ хүмүүс зүрх сэтгэлдээ Тэнгэр Эцэг байдаг гэдэгт итгэдэг мэт боловч Бурхан үнэхээр оршдог эсэх, Бурхан хаана байдаг, эсвэл Бурхан үнэхээр шинэ ажлаа хийсэн эсэхийг мэддэггүй, Бурханы оршин тогтнолд байнга эргэлздэг. Тэд үнэхээр Бурханд итгэж, Бурханыг дагадаггүй. Тиймээс ийм хүмүүсийг ашиглаж болохгүй, тэд Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй. Үл итгэгч, чуулганы найз битгий хэл, үнэхээр итгэдэг хүмүүс ч үүргээ стандартад нийцсэн байдлаар гүйцэтгэж чадах албагүй! Өөр нэг төрлийн хүмүүс бол чөлөөлөгдсөн хүмүүс; энэ бүлэг ч бас хэд хэдэн нөхцөл байдалд хуваагддаг.

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын долоо дахь зүйлийн талаарх өнгөрсөн удаагийн нөхөрлөлийн агуулга нь үндсэндээ энэ гурван үндсэн зүйлийг хамарсан: Нэг нь, өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанарт нь үндэслэн оновчтой ашиглах; нөгөө нь, өөр өөр төрлийн хүмүүсийг давуу талд нь үндэслэн оновчтой ашиглах; бас зарим онцгой төрлийн хүмүүст хэрхэн хандаж, ашиглах. Энэ гурван үндсэн зүйлийг долоо дахь үүрэг хариуцлагад дурдсан хэд хэдэн талд үндэслэн нөхөрлөж, зарчмуудыг нь бүгдийг нь тодорхой нөхөрлөсөн. Зарим хүн: “Хэдийгээр зарчмуудыг тодорхой нөхөрлөсөн ч тодорхой хэрэг явдал, онцгой нөхцөл байдлын тухайд бид эдгээр зарчмыг хэрхэн хэрэглэхээ, хүмүүст хэрхэн хандахаа, хүмүүсийг хэрхэн дэвшүүлж, ашиглахаа мэдэхгүй хэвээр байна; ихэнхдээ будилсан хэвээр байна” гэж хэлдэг. Ийм асуудал байдаг уу? (Байдаг.) Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ? Хүмүүсийг дэвшүүлж, ашиглахдаа юун түрүүнд Бурханы гэрийн ажлын хэрэгцээг бодолцон үзэх ёстой. Хоёр дахь нь хувь хүнийг ашиглахын үр нөлөө нь Бурханы гэрийн ажилд хор болохоосоо илүү ашиг тустай байх уу, эсвэл эсрэгээрээ байх уу гэдгийг харгалзан үзэх явдал. Хэрвээ тухайн хүний хүн чанар дутагдалтай ч түүнийг ашиглах нь Бурханы гэрийн ажилд хор хөнөөлөөсөө илүү ашиг тустай бол илүү сайн хүн олдох хүртэл тийм хүнийг түр ашиглаж болно. Энэ хүнийг ашиглахад хор хөнөөл нь ашиг тусаасаа их, олсноосоо алдах нь их бөгөөд чуулганы ажлыг нурааж, баллахад л хүргэхээр байвал тийм хүнийг яасан ч ашиглаж болохгүй. Энэ бол тохирох нэр дэвшигч байхгүй нөхцөлд юун түрүүнд эзэмших ёстой ашиг тус, хор хөнөөлийг дэнслэх зарчим, мөн хүмүүсийг түр ашиглах зарчим юм. Тохирох нэр дэвшигч олж чадахгүй, хэн нь харьцангуй дээр болох нь тодорхойгүй, хэн нь ажилд бүрэн тохирох нь илэрхий бус, хүн болгон ердийн санагдаж байх үед яах ёстой вэ? Цорын ганц сонголт бол харьцангуй сүнслэг ойлголттой, өөрөөр хэлбэл үнэнийг цэврээр ухамсарладаг хоёр хүнийг олж, ажил дээр хамтран ажиллуулах явдал юм. Тэднийг үүргээ гүйцэтгэж байх зуур тэдэнд үнэнийг илүү их нөхөрлөж, нөхцөл байдлыг нь ажиглаж, ойлгох ёстой; ингэснээр хэн нь харьцангуй сайн хэв чанартайг тодорхойлох боломжтой болж, тохиромжтой нэр дэвшигчийг олоход амархан болдог. Хэнээр үүрэг гүйцэтгүүлэхээр зохицуулах нь хамаагүй, энэ нь түүний хэв чанар, давуу тал, ёс жудагт үндэслэх ёстой; энэ нь зайлшгүй шаардлагатай. Хэрвээ эдгээр талыг нэвт харж чадахгүй, тухайн хүнд ямар давуу тал байгааг ойлгохгүй бол эхлээд энгийн үүрэг юм уу зарим нэг биеийн хүчний ажил даалгаж, эсвэл сайн мэдээ номлох сайн мэдээний байг хайлгахаар зохицуулах ёстой. Туршилтын хугацааны дараа хянан дагаж, цаашид ажиглавал нөхцөл байдлыг нь үнэн зөв үнэлж, тэр хүнд хамгийн тохирсон үүргийг тодорхойлоход илүү амархан болно. Хэрвээ түүний хэв чанар хэтэрхий муу, давуу талгүй бол биеийн хүчний зарим ажлыг даалгахад л хангалттай. Удирдагч, ажилчид чухал ажлын зааварлагч, сайн мэдээний командлагч, баг болгоны удирдагч, кино продакшн багийн найруулагч гэх мэт хүмүүсийг олон талаас ойлгож авч, энэ хүмүүсийг илүү эрчимтэй ажиглаж, шалгасны дараа тэдний талаар итгэлтэй байж чадна. Тэд ийм маягаар болгоомжтойгоор хүмүүст үүрэг оноож байж л баараггүй зөв зохицуулалт хийж, хүмүүс лавтайяа үүрэгтээ үр дүн гаргаж чадна. Зарим хүн: “Шүтлэггүй хүмүүс хүртэл ‘Ажиллуулж буй хүмүүстээ бүү эргэлз, эргэлзэж буй хүмүүсээ бүү ажиллуул’ гэж хэлдэг. Бурханы гэр яахаараа ингэж хүмүүст итгэдэггүй юм бэ? Тэд бүгд итгэгч; хэр муу байж чадна гэж? Тэд бүгдээрээ сайн хүмүүс биш үү? Бурханы гэр яагаад тэднийг ойлгож, хяналт тавьж, ажиглах ёстой юм бэ?” гэдэг. Энэ үг үндэслэлтэй юу? Асуудалтай юу? (Тийм.) Хэн нэгнийг ойлгож, сайтар ажиглаж, ойроос харилцах нь зарчимд нийцдэг үү? Ингэх нь зарчимд бүрэн нийцдэг. Ямар зарчимд нийцдэг вэ? (Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын 4-р зүйл: “Төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа ажилтнууд болон янз бүрийн ажлын зааварлагч нарын нөхцөл байдалтай байнга танилцаж, тохиромжгүй хүмүүсийг ашигласнаас үүдэн гарах хохирлоос сэргийлж, хохирлыг багасгаж, ажлын үр бүтээлтэй, жигд ахиц дэвшлийг хангахын тулд шаардлагатай үед үүргийг нь даруй солих юм уу халах.”) Энэ нь сайн үндэслэл мөн боловч үүнийг хийхийн бодит шалтгаан юу вэ? Учир нь хүмүүс завхарсан зан чанартай байдаг. Хэдий өнөөдөр олон хүн үүрэг биелүүлдэг ч үнэнийг эрэлхийлдэг хүн цөөхөн. Үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрэлхийлж, бодит байдалд ордог хүмүүс маш цөөн; ихэнх хүний аливааг хийдэг арга зам нь ямар ч зарчимгүй хэвээр бөгөөд тэд Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг хүмүүс биш хэвээр байдаг; тэд үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлэхэд бэлэн, үнэний төлөө чармайхад бэлэн гэж л хэлдэг ч шийдвэр нь хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр байдаг. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс хэдийд ч, хаана ч завхарсан зан чанараа илчлэх магадлалтай байдаг. Тэд ямар ч хариуцлагын мэдрэмжгүй, үргэлж хааш яаш байж, хүссэнээрээ үйлддэг, тэр ч байтугай засалт, харьцалтыг хүлээн авч чаддаггүй. Тэд сөрөг, сул дорой болмогцоо ажлаа орхих магадлалтай байдаг—ийм юм байнга тохиолддог, хамгийн түгээмэл зүйл; үнэнийг эрэлхийлдэггүй бүх хүн ингэж авирладаг. Иймээс хүмүүс үнэнийг хараахан олж аваагүй байх үедээ найдваргүй, итгэл даахааргүй байдаг. Итгэл даахааргүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарах үедээ унаж, сөрөг, сул дорой болох магадлалтай гэсэн үг. Үргэлж сөрөг, сул дорой байдаг хүн итгэл даах хүн мөн үү? Мэдээж үгүй. Харин үнэнийг ойлгодог хүмүүс бол өөр. Үнэнийг үнэхээр ойлгодог хүмүүс Бурханаас эмээдэг сэтгэлтэй, Бурханыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байх нь гарцаагүй бөгөөд Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүмүүс л итгэл даах хүмүүс юм; Бурханаас эмээдэг сэтгэлгүй хүмүүс итгэл даахгүй. Бурханаас эмээдэг сэтгэлгүй хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Мэдээж тэдэнд хайраар тусалж, дэмжих ёстой. Үүргээ гүйцэтгэх явцад нь илүү их хянан дагаж, илүү их тусламж, заавар өгөх ёстой; тэгж байж л тэд үүргээ үр дүнтэй гүйцэтгэж чадах нь баталгаатай. Тэгвэл үүнийг хийхийн зорилго юу вэ? Гол зорилго нь Бурханы гэрийн ажлыг хамгаалах. Хоёр дахь зорилго нь асуудлыг даруй олж тогтоож, цаг тухайд нь тэднийг хангаж, дэмжиж, засаж, гажуудлыг нь залруулж, дутагдал, доголдлыг нь нөхөх юм. Энэ нь хүмүүст ашиг тустай; үүнд ямар ч хорон санаа байхгүй. Хүмүүст хяналт тавьж, тэднийг ажиглаж, ойлгох гэж хичээх—энэ бүхэн нь Бурханд итгэх итгэлийн зөв замд ороход нь тэдэнд тусалж, үүргээ Бурханы шаардсанаар, зарчмын дагуу гүйцэтгэх боломж олгож, ямар нэг саад тотгор, үймээн учруулахаас нь сэргийлж, үр дүнгүй ажил хийлгэхгүй байхын төлөө юм. Үүнийг хийхийн зорилго нь бүхэлдээ тэдэнд болон Бурханы гэрийн ажилд хариуцлагатай хандаж байгаа хэрэг; үүнд ямар ч хорон санаа байхгүй. Хэн нэгэн хүн: “Тэгвэл энэ нь хүмүүст хандах бурханы гэрийн зарчим, тэдний ашигладаг арга зам юм байна. Одоогоос эхлэн би болгоомжтой байх хэрэгтэй. Бурханы гэрт аюулгүй байдлын мэдрэмж алга. Үргэлж хэн нэгэн чамайг харж байгаа; үүргээ гүйцэтгэхэд хэцүү!” гэж хэллээ гэж бодъё. Энэ үг зөв үү? Ямар төрлийн хүмүүс ийм зүйл хэлэх вэ? (Үл итгэгчид.) Үл итгэгчид, утгагүй хүмүүс, сүнслэг ойлголтгүй хүмүүс—тэд үнэнийг ойлголгүйгээр утгагүй дэмий яриа ярих хандлагатай байдаг. Энд ямар асуудал байна вэ? Энэ нь чуулганы ажлыг шүүж, ялладаг үг биш гэж үү? Энэ нь бас үнэн болон эерэг зүйлийг шүүж, яллаж байгаа хэрэг юм. Ийм үг хэлж чаддаг хүмүүс бол гарцаагүй үнэнийг ойлгодоггүй мунгинасан хүмүүс, бүгд үнэнийг хайрладаггүй үл итгэгчид юм.

Бурханы гэр үүрэг гүйцэтгэдэг хүмүүст хяналт тавьж, тэднийг ажигладаг ба ойлгох гэж оролддог. Та нар Бурханы гэрийн энэ зарчмыг хүлээн авч чадах уу? (Тийм.) Хэрвээ чи Бурханы гэрээс хяналт тавьж, ажиглаж, ойлгохоор оролдож байгааг хүлээн авч чадвал энэ нь сайн хэрэг. Энэ нь үүргээ сайн биелүүлж, үүргээ стандартад нийцүүлэн гүйцэтгэж, Бурханы санаа зорилгыг хангахад чинь тустай. Энэ нь ямар ч сөрөг нөлөөгүйгээр чамд ашиг тусаа өгч, чамд тусалдаг. Энэ зарчмыг ойлгомогцоо чи удирдагч, ажилчид болон Бурханы сонгосон хүмүүсийн хяналтыг эсэргүүцэх, сэрэмжлэх сэтгэлтэй байхаа болих ёстой биш үү? Хэдийгээр заримдаа хэн нэгэн чамайг ойлгохыг хичээж, чамайг ажиглаж, ажилд чинь хяналт тавьж байсан ч энэ нь чамд чиглэсэн зүйл биш. Би яагаад ингэж хэлж байна вэ? Учир нь чиний одоогийн даалгавар, биелүүлдэг үүрэг, хийдэг аливаа ажил хэн нэг хүний хувийн хэрэг явдал, амин хувийн ажил биш юм; тэдгээр нь Бурханы гэрийн ажлыг хөнддөг бөгөөд Бурханы ажлын нэг хэсэгтэй хамаатай байдаг. Иймээс хэн нэгэн чамд хяналт тавьж, эсвэл чамайг ажиглахад багахан цаг зарцуулж, илүү гүнзгий түвшинд чамайг ойлгож авч, чамтай илэн далангүй ярилцаж, энэ хугацаанд чиний байдал хэр байсныг олж мэдэхийг хичээхэд, тэр ч байтугай заримдаа арай ширүүн хандаж, чамайг бага зэрэг засаж, сахилгажуулж, зэмлэдэг бол энэ бүхэн нь тэд Бурханы гэрийн ажилд нямбай, хариуцлагатай ханддаг учраас тэр юм. Чи үүнд ямар нэг сөрөг бодол, сэтгэл хөдлөлөөр хандах ёсгүй. Бусдын хяналт тавьж, ажиглаж, чамайг ойлгохоор оролдож байгааг чи хүлээн авч чаддаг бол энэ нь юу гэсэн үг вэ? Чи Бурханы шинжилтийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаг гэсэн үг. Хэрвээ чи хүмүүс чамд хяналт тавьж, чамайг ажиглаж, чамайг ойлгохоор оролдохыг хүлээн авдаггүй бол —энэ бүгдийг няцаадаг бол Бурханы шинжилтийг хүлээн авч чадах уу? Бурханы шинжилт хүмүүс чамайг ойлгохоор оролдохоос илүү нарийвчилсан, гүн гүнзгий, үнэн зөв байдаг; Бурханы шаардлага илүү тодорхой, хатуу чанд, гүн гүнзгий байдаг. Хэрвээ чи Бурханы сонгосон хүмүүсийн хяналт тавихыг хүлээн авч чадахгүй бол Бурханы шинжилтийг хүлээн авч чадна гэж хэлдэг чинь хоосон үг болох бус уу? Бурханы шинжилт, шалгалтыг хүлээн авч чаддаг болохын тулд чи эхлээд Бурханы гэр, удирдагч, ажилчид болон ах эгч нарын хяналт тавихыг хүлээн авч чаддаг болох ёстой. Зарим хүн: “Надад хүний эрх, эрх чөлөө, өөрийн гэсэн ажиллах арга барил бий. Хийж буй бүх зүйлдээ бусдын хяналт, шалгалтад өртөнө гэдэг дэндүү боомилогдсон амьдрал биш гэж үү? Миний хүний эрх хаана байна? Миний эрх чөлөө хаана байна?” гэж хэлдэг. Энэ үг зөв үү? Хүний эрх, эрх чөлөө нь үнэн мөн үү? Эдгээр нь үнэн биш. Хүний эрх, эрх чөлөө бол ердөө л хүний нийгэмд хүмүүст хандах харьцангуй соёлтой, дэвшилтэт арга зам боловч Бурханы гэрт бол Бурханы үг, үнэн бүхнээс дээгүүр байдаг—тэдгээрийг “хүний эрх”, “эрх чөлөө”-тэй зэрэгцүүлэн ярьж болохгүй. Тиймээс Бурханы гэрт хийж байгаа юм бүхэн үл итгэгч ертөнцийн өндөр дээд онол, эрдэм мэдлэгт бус, харин Бурханы үг, үнэнд үндэслэдэг. Тэгвэл зарим хүн хүний эрх, эрх чөлөөг хүсэж байна гэж хэлдэг нь зарчимд нийцэж байна уу? (Нийцэхгүй.) Энэ нь үүргээ гүйцэтгэх зарчимд нийцэхгүй байгаа нь тун тодорхой. Чи нийгэмд мөнгө олохоор ажиллаж байгаа биш, харин Бурханы гэрт бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж байгаа. Тиймээс хүний эрхийг чинь хамгаалахын тулд хэн нэгэн чиний талд зогсох хэрэггүй; тийм зүйл шаардлагагүй. Ихэнх хүн хүний эрх, эрх чөлөөний талаар ялган таних чадвартай байдаг уу? Эдгээр нь хүний бодол санаа, үзэл бодолд хамаарах бөгөөд үнэнтэй зэрэгцүүлэн ярьж болохгүй; ийм санаа Бурханы гэрт хүчинтэй биш. Удирдагч ажилд чинь хяналт тавьж байгаа нь сайн хэрэг. Яагаад? Яагаад гэвэл, энэ нь тэд чуулганы ажилд хариуцлагатай хандаж байна гэсэн үг; энэ бол тэдний үүрэг, хариуцлага. Энэ хариуцлагыг биелүүлж чадаж байгаа нь тэд бол шаардлага хангасан удирдагч, сайн удирдагч гэдгийг нотолдог. Хэрвээ чамд бүрэн эрх чөлөө, хүний эрх олгож, чи хүссэн бүхнээ хийж, хүслээ дагаж, эрх чөлөө, ардчиллыг бүрэн эдэлдэг бөгөөд чамайг юу ч хийж, яаж ч хийлээ гэсэн удирдагч тоохгүй, хяналт тавихгүй, хэзээ ч чамаас асууж шалгаахгүй, ажлыг чинь шалгахгүй, асуудлыг олж илрүүлсэн ч дуугарахгүй, нэг бол чамайг аргадаж, аль эсвэл чамтай тохиролцдог бол тэр сайн удирдагч байх уу? Мэдээж үгүй. Тийм удирдагч чамайг хорлож байна. Тэд муу үйлийг чинь өөгшүүлэн, зарчмыг зөрчиж, хүссэнээ хийхийг чинь зөвшөөрч байна—тэд чамайг галт нүх рүү түлхэж байна. Энэ бол хариуцлагатай, стандартад нийцсэн удирдагч биш. Нөгөө талаар, хэрвээ удирдагч чамд тогтмол хяналт тавьж, ажилд чинь гарсан асуудлыг олж тогтоож, чамд даруй сануулж, эсвэл зэмлэж, ил болгож, үүргээ гүйцэтгэхдээ гаргаж буй буруу эрэлхийлэл, гажилтыг чинь цаг тухайд нь засаж залруулж, тусалж чаддаг бол, мөн тэдний хяналт, зэмлэл, хангалт, тусламж дор үүрэгтээ хандах буруу хандлага чинь өөрчлөгдөж, зарим нэг утгагүй үзэл бодлоо хаяж, чиний өөрийн санаа бодол, адгуу байдлаас үүдэлтэй зүйлс аажмаар багасаж, зөв зүйтэй, үнэн-зарчимд нийцсэн үг яриа, үзэл бодлыг тайвнаар хүлээн авч чаддаг болбол энэ нь чамд ашиг тустай биш гэж үү? Ашиг тус нь үнэхээр асар их!

Бурханы гэр хяналт тавьж, ажиглаж, ойлгох замаар удирдагч, ажилчдадаа ханддаг. Хүмүүст ийм маягаар хандахын үндэс нь юу вэ? Яагаад хүмүүст ийм маягаар ханддаг вэ? Энэ нь үүрэгтээ үнэнч, нухацтай, хариуцлагатай хандах зарчмаас үүдэлтэй арга барил, арга зам биш гэж үү? (Мөн.) Хэрвээ удирдагч үүргээ гүйцэтгэхдээ хариуцдаг хүмүүстээ хэзээ ч хяналт тавьж, тэднийг ажиглаж, гүнзгий ойлгодоггүй бол үүрэгтээ үнэнч удирдагч мөн гэж үзэж болох уу? Мэдээж болохгүй. Танай удирдагч, ажилчид, зааварлагчид ажлыг чинь ер нь шалгаж байсан уу? Ажлын чинь ахицын талаар асууж лавлаж байсан уу? Ажилд чинь гарсан асуудлыг шийдвэрлэж байсан уу? Ажилд чинь гарсан аливаа илэрхий дутагдал, гажилтыг засаж залруулж байсан уу? Хүн чанарын чинь янз бүрийн илрэл, илчлэл болон амь-оролтын эрэлхийлэлд чинь тусламж, хангалт, дэмжлэг үзүүлж, эсвэл засалт хийж байсан уу? Хэрвээ удирдагч нь жирийн үүрэг гүйцэтгэдэг хүмүүст хэзээ ч удирдамж өгдөггүйгээр үл барам, чухал ажил хийдэг хүмүүст хэзээ ч нөхөрлөл, тусламж, дэмжлэг үзүүлдэггүй бол—хяналт, ажиглалт, гүнзгий ойлголтын талаар ярихын ч хэрэггүй—эдгээр илрэл, үйлдэлгүйгээр энэ удирдагчийг бодитой ажил хийдэг удирдагч гэж үзэж болох уу? Тэр удирдагчийн хувьд стандартад нийцэх үү? (Үгүй.) Зарим хүн: “Манай удирдагч долоо хоногт хоёр удаа бидэнд зориулж цуглаан хийж, Бурханы үгийг бага зэрэг нөхөрлөөд, дараа нь Дээрхийн зарим нөхөрлөлийг уншиж өгдөг, заримдаа хувийн туршлагаар олсон ойлголтынхоо талаар нөхөрлдөг. Гэхдээ бидний янз бүрийн байдал, мөн үүргээ гүйцэтгэхэд эсвэл амь-оролтод тулгардаг бэрхшээлийн талаар хэзээ ч, ямар ч зөвлөгөө, хангалт өгч, тусламж үзүүлж байгаагүй” гэдэг. Энэ удирдагч ямар байна? (Тэр стандартад нийцдэггүй, хуурамч удирдагч.) Хэрвээ удирдагч өөрийн ажил, эсвэл удирдлага доорх хүмүүсийнхээ янз бүрийн байдалд санаа тавьдаггүй, хариуцлагаа биелүүлдэггүй бол тэр стандартад нийцсэн удирдагч биш. Тэд хэнд ч хяналт тавьдаггүй, ажигладаггүй, ойлгохоор оролддоггүй. Чиний түүнтэй ярилцах яриа ямагт иймэрхүү байдаг: “Энэ хүн одоо ямархуу байна?” “Би одоогоор ажиглаж байгаа.” “Хэр удаан ажиглаж байгаа вэ? Чи түүнийг сайн таних уу?” “Би нэг, хоёр жил ажиглаж байна. Би одоо ч түүнийг тийм сайн таньдаггүй.” “Тэр хүний хувьд ямар вэ?” “Би түүний талаар сайн мэдэхгүй хэвээр л байна, гэхдээ тэр үүргээ гүйцэтгэхдээ бэрхшээлийг тэвчиж чаддаг, шийдвэртэй, Бурханы төлөө өөрийгөө зарлагадахад бэлэн.” “Энэ бүхэн өнгөцхөн юм. Түүний үнэний эрэлхийлэл ямархуу вэ?” “Би бас тэрийг мэдэх ёстой гэж үү? За, би судлаад үзье.” Түүнийг судлаад үзье гэж хэлсний дараа үр дүнг нь хүлээхэд хэр их хугацаа шаардагдахыг бүү мэд, энэ нь тодорхойгүй байдаг. Ийм хуурамч удирдагч ажилдаа найдваргүй.

Танай чуулганы удирдагч, зааварлагчид та нарын ажилд хариуцлагатай ханддаг уу? Тэд ажилтай холбоотой байдлыг чинь үнэхээр ухамсарлаж, ойлгодог уу? Ажлын энэ талыг зөв зүйтэй зохицуулсан уу? (Үгүй.) Тэдний хэн нь ч энэ талыг зөв зүйтэй зохицуулаагүй; хэн нь ч үүрэгтээ үнэнч, ажилдаа нухацтай, хариуцлагатай байх түвшинд хүрээгүй. Тэгвэл үүнд хүрэх амархан уу? Энэ хэцүү юу? Энэ хэцүү биш. Хэрвээ чи үнэхээр тодорхой хэмжээний хэв чанартай, хариуцлагын цар хүрээндээ мэргэжлийн ур чадварыг үнэхээр ойлгосон, мэргэжлийн бус хүн биш бол нэг үгийг л мөрдөх ёстой, тэгвэл чи үүрэгтээ үнэнч байж чадна. Ямар үг вэ? “Зүрх сэтгэлээ зориул.” Хэрвээ чи аливаад зүрх сэтгэлээ зориулж, хүмүүст зүрх сэтгэлээ зориулбал үүрэгтээ үнэнч, хариуцлагатай байж чадна. Энэ үгийг хэрэгжүүлэхэд амархан уу? Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Энэ нь чихээрээ сонсож, оюун ухаанаараа бодно гэсэн үг биш—энэ бол зүрх сэтгэлээ ашиглана гэсэн үг. Хэрвээ хүн үнэхээр зүрх сэтгэлээ зориулж чаддаг бол хэн нэгэн ямар нэгэн зүйл хийж, ямар нэгэн байдлаар авирлаж, ямар нэгэн зүйлд зарим талаар хариу үйлдэл үзүүлэхийг нүдээрээ харах үедээ, эсвэл хүмүүсийн санал бодол, аргументыг чихээрээ сонсох үедээ эдгээр зүйлийг зүрх сэтгэлээрээ тунгаан бодож, эргэцүүлснээр зарим нэг санаа, үзэл бодол, хандлага санаанд нь орж ирнэ. Эдгээр санаа, үзэл бодол, хандлага нь тэднийг тухайн хүн, юмсын талаар гүнзгий, тодорхой, зөв ойлголттой болгохын зэрэгцээ тохиромжтой, зөв үнэлэмж, зарчимтай болгоно. Хүн зүрх сэтгэлээ зориулах ийм илрэлтэй байх үед л үүрэгтээ үнэнч байна гэсэн үг. Харин чи аливаад зүрх сэтгэлээ зориулдаггүй, үүнд зүрх сэтгэлгүй ханддаг бол нүд чинь юу ч харсан хариу үйлдэл үзүүлэхгүй, чих чинь юу ч сонссон хариу үйлдэл үзүүлэхгүй. Нүд чинь хүмүүс, үйл явдал, зүйлсийг хэзээ ч ажигладаггүй; таарсан мэдээллээ ажигладаггүй. Зүрх сэтгэлдээ чи өөрийн сонссон янз бүрийн дуу хоолой, аргументыг ялган танихгүй, сонссон мэдээллээ ялган таньж чадахгүй. Энэ нь нүдтэй хэр нь сохор байхтай адилхан юм. Хүний зүрх сэтгэл сохор байх үед нүд нь ч бас сохор байдаг. Тэгвэл нүдээрээ юмсыг ажиглаж, чихээрээ мэдээлэл хүлээн авснаас санаа, үзэл бодол, хандлага бий болоход юу хүргэдэг вэ? Энэ бүхэн аливаад зүрх сэтгэлээ зориулж, үнэнийг эрж хайхаас хамаардаг. Хэрвээ чи аливаад зүрх сэтгэлээ зориулдаг бол харсан ч, сонссон ч бай, мэдээлэл хүлээн авах бүрдээ үзэл бодолтой болж, ямар нэг хүн юм уу зүйлийн талаар гүнзгий ойлголттой болж чадна. Харин чи зүрх сэтгэлээ зориулдаггүй бол хэчнээн их мэдээлэл хүлээн авсан ч нэмэргүй; хэрвээ чи зүрх сэтгэлээ зориулан ялган таньж, нэвт хардаггүй бол юу ч олж авахгүй, ямар ч үнэ цэнгүй, хэрэггүй нэгэн болно. Хэрэггүй хүн гэж юуг хэлдэг вэ? Энэ нь үүргээ гүйцэтгэхдээ зүрх сэтгэлээ зориулдаггүй хүнийг хэлдэг—түүнд нүд, чих байдаг ч эдгээр нь ямар ч хэрэггүй. Зүрх сэтгэлгүй хүн үүрэгтээ үнэнч байхгүй, ажилдаа нухацтай, хариуцлагатай хандлагатай болохгүй.

Бурханы гэр бүх түвшний удирдагч, ажилчдад хяналт тавьж, тэднийг гүнзгий түвшинд ажиглаж, ойлгодог нь чуулганы ажлыг сайжруулж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханд итгэх итгэлийн зөв замд аль болох хурдан оруулах зорилготой. Тиймээс удирдагч, ажилчдыг хянаж, ажиглах нь нэн чухал бөгөөд ийм маягаар хэрэгжүүлэх ёстой. Бурханы сонгосон хүмүүсийн хяналтаар удирдагч, ажилчид бодитой ажил хийхгүй байгааг мэдэж авч, тэдэнд даруй арга хэмжээ авч, шийдвэрлэвэл энэ нь чуулганы ажлын ахиц дэвшилд ашиг тустай. Удирдагч, ажилчдад хяналт тавих нь Бурханы сонгосон хүмүүсийн хариуцлага бөгөөд ингэх нь Бурханы санаа зорилгод бүрэн нийцдэг. Удирдагч, ажилчид завхарсан зан чанартай байдаг болохоор хэрвээ тэдэнд хяналт тавихгүй бол тэдэнд хор хөнөөлтэй байгаад зогсохгүй, чуулганы ажилд ч шууд нөлөөлнө. Ямар нөхцөлд удирдагч, ажилчдад Бурханы сонгосон хүмүүсийн хяналт шаардлагагүй болох вэ? Удирдагч, ажилчид үнэнийг бүрэн ойлгож, үнэн-бодит байдалд орж, зарчимтай үйлдэн, Бурханаар төгс болгуулж, ашиглуулдаг хүмүүс болох үед. Ийм тохиолдолд Бурханы сонгосон хүмүүсийн хяналт шаардлагагүй болж, Бурханы гэр энэ явдлыг цаашид онцлохоо болино. Гэхдээ Бурханаар төгс болгуулсан хүн алдаа, гажилтаас бүрэн ангид байх нь баталгаатай юу? Тийм байх албагүй. Иймээс Бурханы шинжилт шаардлагатай, үнэнийг ойлгодог хүмүүсийн хяналт ч шаардлагатай хэвээр байдаг; энэ хэрэгжүүлэлт нь Бурханы санаа зорилгод бүрэн нийцдэг. Бүх хүн завхарсан зан чанартай учраас хяналт тавьснаар л удирдагч, ажилчдыг ажилдаа хариуцлагатай хандаж, үүрэгтээ үнэнч байхад шавдуулж чадна. Хяналт тавихгүй бол ихэнх удирдагч, ажилчин дураараа дургиж, хааш яаш хандана—энэ бол бодит баримт. Хэрвээ чи удирдагч юм уу ажилчин бөгөөд эргэн тойрны чинь ах эгч нар чамд байнга хяналт тавьж, чамайг ажиглаж, үнэнийг эрэлхийлдэг хүн мөн эсэхийг чинь ойлгохоор оролддог бол энэ нь чиний хувьд сайн зүйл. Хэрвээ тэд чиний асуудлыг олж илрүүлж, чи асуудлаа аль болох хурдан шийдвэрлэж чадвал энэ нь үнэний эрэлхийлэл болон амь-оролтод чинь ашиг тустай. Ёрын мууг үйлддэг, нууцаар үй олон ёрын муу зан авир гаргадаг, үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэдгийг чинь олж илрүүлбэл тэд чамайг ил болгож, байр сууринаас чинь чөлөөлөх бөгөөд энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн гай тотгорыг арилгахын сацуу илүү хүнд шийтгэлээс зайлсхийх боломжийг чамд олгоно: Ийм хяналт хэнд ч ашиг тустай. Иймээс удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүсийн хяналтад зөв хандах ёстой. Хэрвээ чи Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн бол Бурханы сонгосон хүмүүсийн хяналт чамд хэрэгтэй, үүнээс ч илүүтэйгээр тэдний тусламж чамд хэрэгтэйг мэдрэх болно. Хэрвээ чи ёрын муу хүн бөгөөд мөс чанар чинь буруутай бол хяналт тавиулахаас айж, үүнээс зайлсхийхийг хичээнэ; энэ бол гарцаагүй. Тиймээс Бурханы сонгосон хүмүүсийн хяналтыг эсэргүүцэж, зэвүүцдэг бүх хүн нуух юмтай бөгөөд үнэнч шударга хүмүүс гарцаагүй биш; ов мэхтэй хүмүүс л хяналт тавиулахаас хамгийн их айдаг. Тэгвэл удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүсийн хяналтад ямар хандлага баримтлах ёстой вэ? Сөрөг болж, сэрэмжилж, эсэргүүцэж, хорсох уу, эсвэл Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, даруухнаар хүлээн авах уу? (Даруухнаар хүлээн авах.) Даруухнаар хүлээн авах гэж юуг хэлдэг вэ? Энэ нь бүхнийг Бурханаас хүлээн авч, үнэнийг эрж хайж, зөв хандлага баримталж, адгуу биш байна гэсэн үг. Хэрвээ хэн нэгэн хүн үнэхээр чиний асуудлыг олж илрүүлээд, чамд хэлж, үүнийг ялган таньж, ойлгоход чинь тусалж, энэ асуудлыг шийдвэрлэхэд чинь дэмжлэг үзүүлбэл тэрээр чамд хариуцлагатай хандаж, Бурханы гэрийн ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод хариуцлагатай хандаж байна гэсэн үг; ингэх нь зөв зүйл бөгөөд тун жам ёсны, үндэслэлтэй. Хэрвээ чуулганы хяналтыг Сатанаас болон хорон санаархлаас үүдэлтэй гэж үздэг хүмүүс байгаа бол тэд диаволууд, Сатанууд юм. Ийм диаволын уг чанартайгаар тэд Бурханы шинжилтийг лавтайяа хүлээн авахгүй. Хэрвээ хүн үнэнийг үнэхээр хайрладаг бол Бурханы сонгосон хүмүүсийн хяналтыг зөв ойлгож, үүнийг хайраас үүдэлтэй, Бурханаас ирсэн гэж үзэж, Бурханаас хүлээн авч чадна. Тэд яасан ч адгуу байхгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр үйлдэхгүй, зүрх сэтгэлд нь эсэргүүцэл, сэрэмжлэл, сэжиг бүр ч төрөхгүй. Бурханы сонгосон хүмүүсийн хяналтад хандах хамгийн зөв хандлага бол энэ: Чамд тустай аливаа үг, үйлдэл, хяналт, ажиглалт, залруулга—тэр ч бүү хэл засалтыг чи Бурханаас хүлээн авах ёстой; адгуу бүү бай. Адгуу байх нь ёрын муу нэгнээс, Сатанаас ирдэг, Бурханаас ирдэггүй бөгөөд энэ нь хүмүүсийн үнэнд хандах ёстой хандлага биш.

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын долоо дахь зүйлийн талаар нэмж нөхөрлөх зүйл энэ юм. Тэгвэл нэмж хэлэх өөр тодорхой агуулга үлдээлгүйгээр энэ үүрэг хариуцлагын талаар бүрэн дүүрэн нөхөрлөсөн гэсэн үг үү? Үгүй, үүрэг хариуцлага болгон илүү тодорхой, нарийн ширийн агуулгыг хамарсан хэвээр байдаг. Миний нөхөрлөсөн зүйл бол ерөнхий зарчмууд; үлдсэн хэсэг буюу тодорхой нарийн ширийн зүйлийг хэрхэн хэрэгжүүлэх, эдгээр зарчмыг хэрхэн хэрэглэж, ашиглах нь та нарын өөрсдийн туршлагаас хамаарна. Хэрвээ та нар эдгээр зарчмыг нэвт харж чадахгүй эсвэл хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй хэвээр байвал хамтдаа эрж хайж, нөхөрлө. Хамтдаа нөхөрлөөд үр дүнд хүрэхгүй хэвээр байвал дээд удирдлагаасаа асууж лавла. Товчхондоо, ямар нэг төрлийн хүнтэй харьцаж байсан ч, эсвэл хэнийг дэвшүүлж, ашиглахаа шийдэж байсан ч бай, бүгд зарчмыг баримтлах ёстой. Зарим авьяастай хүмүүсийн хувьд, хэн ч тэднийг бүрэн нэвт харж, ойлгож чадахгүй нөхцөл байдалд чуулганы ажлын хэрэгцээний дагуу тэднийг урьдчилан дэвшүүлж, ашиглаж болно—ажлыг бүү хойшлуул, хүмүүсийг хөгжүүлэхээ бүү хойшлуул; энэ бол гол түлхүүр. Зарим хүн: “Ашиглагдсаныхаа дараа тэд ажлыг баллавал яах вэ? Хэн хариуцах юм бэ?” гэж асуудаг. Чи хэн нэгнийг ашиглахдаа хэн ч холбоо барих боломжгүй эзгүй арал дээр тавьж байгаа хэрэг үү? Тэдний эргэн тойронд тодорхой ажил хийдэг өчнөөн олон хүн байдаг биш үү? Энэ бүх асуудлыг шийдвэрлэх арга зам бий; тухайлбал, тэдэнд хяналт тавьж, тэднийг ажиглаж, ойлгох, нөхцөл байдал боломжтой бол ойр дотно холбогдох явдал юм. Ойр дотно холбогдох гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энэ нь тэдэнтэй хамт ажиллана гэсэн үг; ажиллах үйл явц нь тэднийг ойлгох үйл явц мөн. Иймэрхүү харилцаагаар дамжуулан тэднийг аажмаар ойлгож авах биш үү? Хэрвээ чамд холбогдох боломж байсан ч холбогдохгүй, зүгээр л утсаар ярьж хэдэн зүйл асуучхаад орхичихвол тэднийг ойлгох боломжгүй. Асуудлыг шийдвэрлэхийн тулд чи холбогдож чадах хүмүүстэйгээ холбогдох ёстой. Тиймээс удирдагч, ажилчид ажилдаа залхуурч болохгүй. Тэгвэл, хэрвээ чи хэн нэгнийг ажиглаж, ойлгохыг хүсвэл яах ёстой вэ? (Тэдэнтэй холбогдох.) Тийм үү? Хамгийн гол нь зүрх сэтгэлээ зориулах хэрэгтэй! Та нарын оюун ухаандаа багтааж чадах мэдээллийг сармагчин эрдэнэ шиш түүдэгтэй адилтгаж болно—сармагчин замаараа эрдэнэ шиш түүж, түүх явцдаа гээсээр эцэст нь ганцхан эрдэнэ шиштэй үлдэж, хамаг хүчин чармайлтаа талаар болгодог. Номлол сонсоод төгсгөлд нь та нар өмнө нөхөрлөсөн агуулгыг санаж чаддаггүй; үүний шалтгаан юу вэ? (Бид зүрх сэтгэлээ зориулдаггүй.) Та нар ихэвчлэн үнэнийг хэрэгжүүлэхэд анхаардаггүй тул зүрх сэтгэл чинь эдгээр хэрэг явдалд төвлөрдөггүй. Хэрхэн үнэнийг ойлгож, бодит байдалд орох, өөрсдийгөө хэрхэн таньж мэдэх, янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлийн мөн чанарыг үнэнийг ашиглан хэрхэн нэвт харах талаар та нарт ямар ч оролт байхгүй; иймээс эдгээр асуудал зүрх сэтгэлд тань ямар ч суурьгүй. Үнэн-бодит байдалд орохтой холбоотой зүйлсийн хувьд та нар үргэлж будилдаг. Одоо та нар номлол сонсохоор долоо хоног бүр цуглаанд оролцсоор байна. Хэрвээ номлол сонсохгүй бол та нарын зүрх сэтгэл дэх Бурханд итгэх өчүүхэн итгэл аажмаар замхарч, бага багаар алга болох биш үү? Энэ бол аюултай дохио! Та нар зүрх сэтгэлээ зориулж чадах уу, үгүй юу? Би та нарт бүх нарийн ширийн зүйлийг хэлсэн; хэрвээ чи үнэхээр зүрх сэтгэлтэй бол зүрх сэтгэлээ зориулж чадна. Хэрвээ чи зүрх сэтгэлгүй бол Би яаж ч ярьсан бай, чи ойлгохгүй. Энэ сэдвийн талаарх бидний нөхөрлөл ингээд дууслаа.

8-р зүйл: Ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх (II хэсэг)

Удирдагч, ажилчид бэрхшээлийг цаг тухайд нь олж илрүүлж, шийдвэрлэх ёстой

Өнөөдөр бид удирдагч, ажилчдын найм дахь үүрэг хариуцлага: “Ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх” тухай нөхөрлөх гэж байна. Бид энэ үүрэг хариуцлагатай холбоотой хуурамч удирдагчдын янз бүрийн илрэлийг ил болгоно. Ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийг даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх нь ажлын нэг хэсэг, удирдагч, ажилчдын үүрэг биш гэж үү? (Тийм.) Удирдагч, ажилчид ажилдаа зарим нэг адармаатай асуудалтай нүүр тулж, чуулганы ажлын цар хүрээнээс давсан бэрхшээлтэй тулгарч, эсвэл үнэн-зарчимд хамаардаггүй онцгой тохиолдолтой тулгарч, эдгээр нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахаа мэдэхгүй байх нь гарцаагүй. Эсвэл хэв чанар муутайгаас болоод зарчмуудыг үнэн зөв ухаарч чаддаггүйн улмаас шийдвэрлэхэд хэцүү зарим төөрөгдөл, бэрхшээлтэй гарцаагүй тулгардаг. Эдгээр төөрөгдөл, бэрхшээл нь боловсон хүчнийг ашиглах асуудал, ажилтай холбоотой асуудал, гадаад орчноос үүдэлтэй асуудал, хүмүүсийн амь-оролттой холбоотой асуудал, ёрын муу хүмүүсийн учруулсан саад тотгор, үймээн, түүнчлэн хүмүүсийг зайлуулах, хөөх асуудал гэх мэттэй холбоотой байж болно. Энэ бүх асуудлын тухайд Бурханы гэрт тодорхой шаардлага, дүрэм журам байдаг, эсвэл зарим нэг аман заавар байдаг. Эдгээр тодорхой дүрэм журмаас гадна дурдагдаагүй зарим онцгой тохиолдол гарцаагүй байдаг. Эдгээр онцгой тохиолдлын тухайд зарим удирдагч Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах, ах эгч нарын аюулгүй байдлыг хангах, чуулганы ажлын саадгүй ажиллагааг хадгалах гэх мэт Бурханы гэрийн шаарддаг зарчмуудыг баримталснаар эдгээрийг зохицуулж чаддаг, цаашлаад маш сайн гүйцэтгэдэг байхад зарим удирдагч ингэж чаддаггүй. Зохицуулж чадахгүй байгаа асуудлыг яах ёстой вэ? Зарим удирдагч, ажилчин мунгинасан байдлаар ажиллаж, асуудлыг олж илрүүлж чаддаггүй, олж илрүүллээ ч шийдвэрлэж чаддаггүй. Тэд Дээрхээс шийдэл эрж хайлгүй зүгээр л аргацааж, ах эгч нарт “Өөрсдөө шийдвэрлэ; шийдэл олохын тулд Бурханд найдаж, Бурханд ханд” гэж хэлээд л бүх юм дууслаа гэж үздэг. Хэчнээн олон асуудал овоорох нь хамаагүй, тэд өөрсдөө шийдвэрлэж чадахгүй хэр нь дээш нь мэдээлдэггүй, шийдвэрлэхээр эрж хайдаггүй бөгөөд Дээрх өөрсдийг нь нэвт шувт харж, өөрсдөө нэр нүүрээ алдана гэж айдаг байх. Бас Дээрхэд хэзээ ч асуудлыг мэдээлдэггүй зарим удирдагч, ажилчин байдаг, яагаад гэдгийг нь Би мэдэхгүй. Дээшээ мэдээлнэ гэхээр заавал Дээрхэд шууд мэдээлэх албагүй; эхлээд мэдээж дүүргийн юм уу бүс нутгийн удирдагчдад мэдээлж болно. Хэрвээ тэд шийдвэрлэж чадахгүй бол чи удирдагч, ажилчдаас гуйж Дээрхэд шууд мэдээлүүлж болно. Хэрвээ чи нэг удирдагч юм уу ажилчнаас уг хэргийг Дээрхэд мэдээлж, нөхцөл байдлыг тодруулж өгөхийг гуйвал тэд хэрэг явдлыг зүгээр л нуун дарагдуулж, үл тоомсорлож чадах уу? Тийм хүмүүс ховор. Ийм удирдагчид үнэхээр байсан ч чи уг хэргийг бусад удирдагч, ажилчинтай хамт тодруулж, асуудлыг нуун дарагдуулдаг, мэдээлдэггүй нэгнийг ил болгож болно. Хэрвээ энэ бусад удирдагч, ажилчид уг хэргийг мэдээлэхгүй хэвээр байвал хамгийн сүүлийн нэг арга байна: Чи Бурханы гэрийн вэбсайт руу шууд бичиж, Дээрхэд үүнийг дамжуулуулж болно, ингэвэл уг асуудал Дээрхэд мэдээлэгдэх нь баталгаатай. Учир нь Дээрх өмнө нь ийм захидлуудтай олон удаа харьцаж байсан бөгөөд дараа нь уг хэргийг зохицуулахыг удирдагч, ажилчдад шууд даалгасан байдаг. Үнэндээ асуудлыг дээшээ мэдээлэх олон арга зам бий; үүнийг хэрэгжүүлэхэд амархан, гагцхүү тухайн хүн асуудлыг үнэхээр шийдвэрлэхийг хүсэж байгаа эсэхээс л хамаарна. Чи тодорхой нэг удирдагч юм уу ажилчинд итгэхгүй байлаа ч Бурхан бол зөвт, Дээрх үнэн-зарчмын дагуу ажилладаг гэдэгт итгэсээр байх ёстой. Бурханд итгэх жинхэнэ итгэл чамд байхгүй, Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдэгт итгэдэггүй бол чи юу ч биелүүлж чадахгүй. Олон хүн үнэнийг ойлгодоггүй, Бурханы гэрт үнэн ноёрхдог гэдэгт итгэдэггүй, Бурханаас эмээдэг сэтгэл байдаггүй. Хорвоогийн түшмэлүүд бүгд нэг нэгнийгээ хамгаалдаг, Бурханы гэр ч адилхан байж таарна гэж тэд үргэлж бодож байдаг. Бурхан бол үнэн, зөвт байдал гэдэгт тэд итгэдэггүй. Тиймээс ийм хүнийг үл итгэгч гэж нэрлэж болно. Гэхдээ цөөн тооны хүмүүс л бодитой асуудлыг мэдээлж чаддаг. Ийм хүмүүсийг Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг, хариуцлагатай хүмүүс гэж хэлж болно. Зарим удирдагч, ажилчид ноцтой асуудал олоод шийдвэрлэж чаддаггүй төдийгүй, дээшээ ч мэдээлдэггүй. Дээрх үүнийг шалгаж шинжлэх үед л тэд уг асуудлын ноцтой байдлыг мэдэрч эхэлдэг. Энэ нь аливааг саатуулдаг. Тиймээс жирийн ах, эгч, эсвэл удирдагч, ажилчин байх чинь хамаагүй шийдвэрлэж чадахгүй, ажлын томоохон зарчимд хамаарах асуудалтай тулгарах болгондоо чи цаг тухайд нь дээшээ мэдээлж, шийдэл эрж хайх ёстой. Төөрөгдөл, бэрхшээлтэй тулгарсан ч шийдвэрлэхгүй бол зарим ажил явагдах боломжгүй болно; хойш тавьж, зогсоох ёстой болно. Энэ нь чуулганы ажлын ахицад нөлөөлдөг. Тиймээс ажлын ахицад шууд нөлөөлж болох асуудал гарах үед үүнийг цаг тухайд нь олж илрүүлж, шийдвэрлэх ёстой. Асуудлыг шийдвэрлэхэд амаргүй бол үнэнийг ойлгодог, тухайн талбартаа мэргэшсэн хүмүүсийг олж, тэдэнтэй хамт суугаад асуудлыг судалж, шийдвэрлэх ёстой. Иймэрхүү асуудлыг хойшлуулж болохгүй! Тэдгээрийг шийдвэрлэхгүй алгуурласан хоног болгоны тоогоор ажлын ахиц саатаж байдаг. Энэ нь нэг хүний ажил хэрэгт саад болж байгаа юм биш; энэ нь чуулганы ажилд төдийгүй Бурханы сонгосон хүмүүс үүргээ гүйцэтгэхэд нөлөөлдөг. Тиймээс иймэрхүү төөрөгдөл, бэрхшээлтэй тулгарвал даруй шийдвэрлэх ёстой, үүнийг хойшлуулж болохгүй. Хэрвээ шийдвэрлэж үнэхээр чадахгүй бол хурдхан Дээрхэд мэдээл. Тэд үүнийг шууд шийдвэрлэнэ, эсвэл чамд замыг хэлж өгнө. Хэрвээ удирдагч юм уу ажилчин иймэрхүү асуудлыг зохицуулж чадахгүй, Дээрхэд мэдээлж, тэднээс шийдэл эрж хайхын оронд асуудлыг хойш тавьдаг бол тийм удирдагч харалган юм; тэд усан тэнэг бөгөөд ямар ч хэрэггүй. Тэднийг чөлөөлж, албан тушаалаас нь огцруулах ёстой. Тэднийг албан тушаалаас нь огцруулахгүй бол чуулганы ажил урагшилж чадахгүй; энэ нь тэдний гарт сүйрнэ. Тиймээс үүнийг нэн даруй шийдвэрлэх ёстой.

Кино продакшны ажил ч бас Бурханы гэрийн ажлын нэг чухал зүйл юм. Кино продакшны багт хүн бүр кино зохиолын талаар санал зөрөлдөх асуудал байнга тулгардаг. Жишээ нь, найруулагч кино зохиолыг бодит амьдралаас зөрүүтэй, ялгаатай, зураг авалт хийх үед бодитой бус санагдана гэж үзэж, өөрчлөлт оруулахыг хүсдэг. Гэтэл кино зохиолч нь эрс зөрж, кино зохиол үндэслэлтэй бичигдсэн гэж үзэн, найруулагчаас яг зохиолын дагуу зураг авалт хийхийг шаарддаг. Жүжигчдэд ч бас өөрсдийн гэсэн эсэргүүцэл байдаг ба кино зохиолч, найруулагч хоёртой санал нийлдэггүй. Нэг жүжигчин: “Хэрвээ найруулагч тэгж зураг авалт хийнэ гэж зүтгээд байвал би тоглохгүй!” гэж хэлдэг. Кино зохиолч: “Хэрвээ найруулагч кино зохиолыг өөрчилбөл ямар нэг асуудал гарах үед та нар бүгдээрээ хариуцлага хүлээнэ шүү!” гэдэг. Найруулагч: “Хэрвээ надаар кино зохиолд заасны дагуу зураг авалт хийлгээд, алдаа гарвал Бурханы гэр надаас хариуцлага нэхнэ. Хэрвээ чи надаар зураг авалт хийлгэхийг хүсэж байвал миний бодсоноор хийх ёстой; тэгэхгүй бол би хийхгүй” гэж хэлдэг. Тэгэхээр гурван тал гурвуулаа мухардалд орсон байгаа биз, тийм үү? Ажил урагшлах боломжгүй болсон нь тодорхой байна. Энэ нь төөрөгдөл үүссэн хэрэг биш гэж үү? Тэгвэл үнэндээ хэнийх нь зөв бэ? Хүн бүр өөрийн гэсэн онол, өөрийн гэсэн аргументтай, хэн ч буулт хийхийг хүсэхгүй. Гурван тал ийм маягаар мухардалд орсноор юу хохирдог вэ? (Бурханы гэрийн ажил.) Бурханы гэрийн ажил саад тотгортой тулгарч, хохирдог. Ийм нөхцөл байдалтай тулгараад та нар түгшиж, санаа зовж байсан уу? Хэрвээ үгүй бол үнэхээр зүрх сэтгэлээ зориулаагүйг чинь энэ нь нотолж байна. Ийм төөрөгдөл, мухардал үүсэх үед зарим хүн маш их түгшсэндээ хооллож, унтаж чадахаа больж, “Яах ёстой вэ? Ингэж маргалдаж, буулт хийхгүй байх нь юунд ч хүргэхгүй. Энэ нь кино зураг авалтын ахицад нөлөөлж байгаа биш үү? Аль хэдийн хэдэн өдөр саатчихлаа, цаашид хойшлуулж болохгүй. Зураг авалтыг саадгүй явуулж, ажлыг хойшлуулахгүйн тулд энэ асуудлыг яаж шийдвэрлэж болох вэ? Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид хэнд хандах ёстой вэ?” гэж боддог. Хэрвээ чи зүрх сэтгэлтэй бол удирдагчдаас шийдэл эрж хайх ёстой, хэрвээ удирдагчид шийдэж чадахгүй бол Дээрхэд даруй мэдээлэх ёстой. Хэрвээ чи Бурханы санаа зорилгыг үнэхээр харгалзан үздэг бол асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой; энэ бол хамгийн чухал зүйл. Харин чи санаа зовохгүй бол яах вэ? Чи тунгаан бодож, “Тэдний буруу. Би өөрийнхөө үзэл бодол дээр бат зогсоно—намайг яаж ч чадахгүй байлгүй. Би хоолоо идчихээд түр дуг хийе, угаасаа үдээс хойш хийх юм байхгүй” гэж бодож магадгүй. Чиний хөл хүндэрч, толгой чинь эргэж, зүрх сэтгэл чинь эрч хүчээ алдаж, чи назгай хойрго болдог. Овоорсон их бэрхшээл байгаа ч чи анхаарал хандуулахгүй, назгайрдаг тул асуудлыг шийдвэрлэх ямар ч арга байхгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, чамд асуудлыг шийдвэрлэх урам зориг, хүсэл байдаггүй, тиймээс чи шийдэл бодож олж чаддаггүй. Чи дотроо: “Бэрхшээл тулгарч, ажил зогсох нь ховор. Энэ боломжийг ашиглаад хэд хоног амарч, жаахан амс хийгээд авъя. Яагаад цаг ямагт ингэж ядарч байх ёстой гэж? Одоо амарвал хэн ч юу ч хэлж чадахгүй. Эцсийн эцэст, би ажилдаа хойрголж, эсвэл хариуцлагагүй хандаж байгаа юм биш. Би хариуцлагатай байхыг хүсэж байгаа ч замд маань ийм бэрхшээл байна—хэн үүнийг шийдвэрлэх юм бэ? Үүнийг шийдвэрлэхгүйгээр бид яаж зураг авалт хийх юм бэ? Хэрвээ зураг авалт хийхэд саад болох бэрхшээл байгаа бол бид зүгээр л завсарлага авах ёстой биш гэж үү?” гэж боддог. Өмнө чинь ийм том асуудал байхад хэрвээ үүнийг цаг тухайд нь шийдвэрлэхгүй бол ямар үр дагавар гарах вэ? Асуудал ар араасаа гарч ирээд, алийг нь ч шийдвэрлэж чадахгүй бол ажил урагшилсаар байж чадах уу? Энэ нь хэлэхийн аргагүй их саатал үүсгэнэ. Ажлын ахицыг урагшлуулж болохоос биш, ухрааж болохгүй, иймээс энэ асуудал бэрхшээл учруулж байгааг мэдэж байгаа болохоор чи цаашид алгуурлах ёсгүй; үүнийг хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Энэ асуудлыг шийдвэрлэмэгцээ дараагийн асуудал гарах үед түүнийг шийдвэрлэхээр яарч, ажлыг саадгүй явуулж, төлөвлөсөн хугацаанд нь дуусгахын тулд цаг үрэхгүй байхаар чармай. Энэ ямар сонсогдож байна? (Сайн.) Зүрх сэтгэлтэй хүмүүс төөрөгдөл, бэрхшээлд ийм хандлагаар ханддаг. Тэд цаг үрдэггүй, өөрсдөдөө шалтаг тоочдоггүй, махан биеийн тав тухад шунадаггүй. Нөгөөтээгүүр, зүрх сэтгэлгүй хүмүүс цоорхойг ашигладаг; тэд шалтаг тоочиж, завсарлага авах боломж хайж, бүхнийг аажуу уужуу хийж, яарах, түгших мэдрэмжгүй, зовлон тэвчиж, төлөөс төлөх ямар ч шийдэмгий байдалгүй байдаг. Тэгээд эцэст нь юу болдог вэ? Төөрөгдөл, бэрхшээлтэй тулгараад хүн бүр олон өдрийн турш мухардалд ордог. Найруулагчид, жүжигчид, кино зохиолчдын хэн нь ч асуудлыг мэдээлдэггүй. Харин удирдагчид сохор бөгөөд энэ бол асуудал гэдгийг таньж чаддаггүй; асуудал гэж таньсан ч өөрсдөө шийдэж чадахгүй бол дээш нь мэдээлдэггүй. Энэ нь шат дамжин Дээрхэд мэдээлэгдэх үед арав хоног, эсвэл хагас сар өнгөрсөн байдаг. Энэ арав хоногоос хагас сар хүртэлх хугацаанд юу хийгдсэн бэ? Хэн нэгэн үүргээ гүйцэтгэж байсан уу? Үгүй, тэд идэж, ууж, зугаацаж цагийг дэмий үрж байсан! Тэд зүгээр л арай ядан аргацааж байгаа хэрэг биш үү? Ажилд нь тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн шийдлийг цаг алдалгүй эрж хайж чаддаггүй бүх зааварлагч бол зүгээр л арай ядан аргацааж, өдөр хоногийг зорилгогүй өнгөрүүлж байгаа. Ийм хүмүүсийг товчхондоо “дэмий сэлгүүцэгчид” гэдэг. Яагаад “дэмий сэлгүүцэгчид” гэж? Яагаад гэвэл, энэ хүмүүс үүрэгтээ нухацтай, хариуцлагатай, нягт нямбай, эсвэл эерэг хандлагаар ханддаггүй, харин хааш яаш, сөрөг, назгай хойрго байдаг бөгөөд үйл ажиллагаагаа зогсоож, ажил хийхээ болих шалтагтай болохын тулд ямар нэг бэрхшээл, эсвэл мухардал гараасай гэж л найдаж байдаг.

Удирдагч, ажилчид ажилд тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийг цаг тухайд нь шийдвэрлээд зогсохгүй, эдгээр асуудлыг цаг алдалгүй шалгаж, олж илрүүлэх ёстой. Яагаад ингэх ёстой вэ? Ингэх нь ганцхан зорилготой: Бурханы ажил болон Бурханы гэрийн ажлыг хамгаалан, ажлын зүйл бүр саадгүй урагшилж, ажлын ердийн хуваарийн хүрээнд амжилттай дуусахыг баталгаажуулах явдал юм. Ажил саадгүй урагшлахыг баталгаажуулахын тулд ямар асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, чуулганы ажлыг үймүүлдэг аливаа бул хар чулуу, саад тотгорыг бүрэн арилгаж, үл итгэгчид болон ёрын муу хүмүүсийг хязгаарлан тэднийг асуудал үүсгэхээс сэргийлэх нэн чухал. Үүнээс гадна, ажлын зүйл бүрийн зааварлагчид болон ах эгч нарыг үнэнийг ойлгож, хэрэгжүүлэлтийн замыг олж, эв найртай хамтран ажиллаж, бие биедээ хяналт тавьж сурахад нь залж чиглүүлэх ёстой. Ийм маягаар л ажлыг хийж дуусгах нь баталгаатай болно. Тулгарсан бэрхшээл, төөрөгдлөөс үл хамааран, хэрвээ удирдагчид, зааварлагчид тэдгээрийг шийдвэрлэж чадахгүй бол Дээрхэд асуудлыг даруй мэдээлж, шийдэл хайх ёстой. Удирдагчид, зааварлагчид ямар ажил хийхээс үл хамааран, асуудлыг шийдвэрлэхийг эн тэргүүнд тавьж, ажилтай холбоотой техникийн болон зарчмын асуудлууд, түүнчлэн хүмүүсийн амь-оролтод тулгардаг янз бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх ёстой. Хэрвээ чи төөрөгдөл, бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй бол ажлаа сайн хийж чадахгүй. Тиймээс шийдвэрлэж чадахгүй онцгой бэрхшээл, төөрөгдөлтэй тулгарах үедээ чи тэдгээрийг Дээрхэд даруй мэдээлэх ёстой. Цаг бүү алд, учир нь гурваас тав хоногийн саатал ажилд хохирол учруулж болох бөгөөд хагас сар юм уу нэг сараар хойшилбол хохирол нь дэндүү их байх болно. Үүнээс гадна, ямар ч асуудал байсан, үнэн-зарчимд үндэслэн шийдвэрлэх ёстой. Ямартай ч асуудлыг шийдвэрлэхийн тулд хүний ертөнцийн гүн ухааныг хэзээ ч бүү ашигла. Ноцтой асуудлыг шалихгүй болгож, өчүүхэн асуудлыг юу ч биш болгож болохгүй, эсвэл зүгээр л асуудалд холбогдсон хоёр талыг загнаж, дараа нь амттан өгч тайвшруулаад, үргэлж тэдэнтэй тохиролцож, аргадан, асуудлыг хурцдатгахаас айж болохгүй. Ингэх нь асуудлыг үндсэндээ шийдвэрлэхгүй орхиход хүргэж, сунжирсан асуудлуудыг үлдээдэг. Энэ нь зүгээр л эв зүйгээр зохицуулах гэсэн арга биш гэж үү? Хэрвээ чи асуудлын боломжит бүх шийдлийг шавхаад, үнэхээр шийдвэрлэж чадахгүй, ажил доторх техникийн асуудлын зарчмыг огт олж чадахгүй байгаа бол хүлээлгүйгээр, хойш тавилгүйгээр эдгээр асуудлыг Дээрхэд даруй мэдээлж, шийдэл хайх ёстой. Шийдвэрлэж чадахгүй аливаа асуудлыг Дээрхэд даруй мэдээлж шийдэл хайх ёстой. Энэ зарчим ямар сонсогдож байна? (Сайн.)

Кино продакшн болон кино зохиолын багууд зураг авалтын асуудлаар мухардалд байнга ордог уу? Тэд тус бүрдээ өөрсдийн гэсэн үндэслэлтэй, зөвшилцөлд хүрч чаддаггүй, үргэлж аман тулаан хийдэг. Ийм асуудал үүсэх үед удирдагчид шийдвэрлэж чадах уу? (Заримдаа чадна.) Удирдагч зарим асуудлыг нөхөрлөлөөр шийдвэрлэж, тэр нь туйлын зохистой, онолын хувьд үндэслэлтэй сонсогдсон ч Бурханы гэрийн шаардлага, эсвэл үнэн-зарчимд нийцэж байгаа эсэхэд нь эргэлзсээр байсан нөхцөл байдалтай та нар урьд нь тулгарч байсан уу? (Тэгсэн.) Та нар ийм нөхцөл байдлыг яаж зохицуулсан бэ? (Заримдаа бид Дээрхээс эрж хайдаг байсан.) Энэ бол зөв арга. Дээрх ах нэлээд завгүй байгааг хараад асуудлын талаар лавлаж асуухаа больж, уг хэрэг явдал онолын хувьд зөв байсан л бол зүгээр гэж үзээд, үнэнд нийцэж байгаа эсэхээс үл хамааран эхлээд зураг авалтаа хийхээр шийдэж байсан нөхцөл байдал та нарт байсан уу? (Урьд нь бид энэ тал дээр ноцтой асуудалтай байсан. Энэ нь юмыг дахин хийхэд хүргэж, ажилд саад тотгор, үймээн учруулсан.) Тэр бол ноцтой нөхцөл байдал! Кино продакшны багт тулгардаг олон асуудал эцэст нь үнэндээ кино зохиолын багийн хариуцлага байдаг. Жишээ нь, хэрвээ нэг кино хоёр цаг хагас үргэлжилсэн, нуршуу зохиолтой болж таарвал кино зохиолчид гол хариуцлагыг хүлээнэ. Гэхдээ найруулагчдын хариуцлага яах вэ? Хэрвээ кино зохиол нуршуу бол найруулагчид үүнийг харж чаддаг байх ёстой юу? Онолын хувьд тэгэх ёстой. Гэхдээ найруулагчид ийм нөхцөл байдалд зураг авалтыг дуусгахын тулд хэдэн сар зарцуулж, нэлээд их хүн хүч, эд материал, санхүүгийн нөөцийг зарцуулж болно. Энэ ямар асуудал вэ? Найруулагчдын хувьд та нарын хариуцлага юу вэ? Кино зохиолыг хүлээж аваад, “Энэ кино зохиол урт, нэлээд баялаг агуулгатай боловч гол санаа, сэдэв дутмаг; бүтэц нь бүхэлдээ сүнсгүй юм байна. Энэ кино зохиолын зураг авалтыг хийж болохгүй; кино зохиолчдод буцааж өгөөд, дахин засуулах ёстой” гэж бодох учиртай. Та нар ингэж чадах уу? Та нар урьд нь кино зохиолыг буцааж өгч байсан уу? (Үгүй.) Асуудлыг харж чадахгүйдээ юу, эсвэл буцааж өгөхөөс айсандаа юу? Аль эсвэл хэн нэгэн чамайг шүүж, “Тэд чамд энэ дууссан кино зохиолыг өгсөн байхад чи ганцхан үгээр голж, буцаан явууллаа—чи хэтэрхий биеэ тоосон юм биш үү?” гэхээс айгаа юу? Та нар яг юунаас айгаад байгаа юм бэ? Асуудлыг харж байгаа юм бол яагаад кино зохиолыг зохиолчдод нь буцааж өгдөггүй юм бэ? (Бид кино продакшны ажилдаа хариуцлага хүлээдэггүй.) Кино продакшны багийн хувьд чуулганы удирдагчдаас гадна найруулагчид шийдвэр гаргаж, эцсийн үгийг хэлдэг зааварлагчид мэт ажиллах ёстой. Нэгэнт чи найруулагч юм бол энэ хэргийг бүрэн хариуцаж, кино зохиолыг хүлээн авсан цагаасаа эхлэн зохих ёсоор нягтлан шалгах ёстой. Чи нэг кино зохиол хүлээж авч эхнээс нь дуустал нь хянаж үзэхэд агуулга нь нэлээд сайн байлаа гэе. Энэ нь гол санаа, сэдэвтэй, үйл явдал нь нэг гол шугамын дагуу өрнөдөг, кино зохиол нь ерөнхийдөө их асуудалгүй—сайн, зураг авалт хийхэд зохистой харагдаж байгаа тул уг кино зохиолыг хүлээн авч болно. Гэхдээ хэрвээ кино зохиол нь урт, нэг хүний түүхийг эхнээс нь дуустал нь хүүрнэсэн атлаа гол санаагүй, сэдэв нь тодорхой бус, кино зохиолоор юу илэрхийлэхийг зорьж байгаа, үзэгчдэд юу хүргэхийг зорьж байгаа, эсвэл гол санаа, сүнслэг утга нь юу болох нь ойлгомжгүй—үндсэндээ зүгээр л нэг нуршуу тэмдэглэл, мунгинасан кино зохиол бол—энэ кино зохиолыг хүлээн авч болох уу? Ийм нөхцөл байдалд найруулагчид юу хийх ёстой вэ? Тэд кино зохиолыг буцааж, кино зохиолчдод дахин засварлах санал дэвшүүлэх ёстой. Кино зохиолын багийн хүмүүс эсэргүүцэж, “Энэ шударга бус байна! Бидний бичсэн кино зохиолыг хянаж шалгадаг тэд хэн юм бэ? Яагаад тэд шийдэх ёстой гэж? Бурханы гэр хүмүүст шударга, зохистой хандах ёстой!” хэмээж магадгүй. Тэгвэл яах ёстой вэ? Хэрвээ найруулагчид кино зохиол дахь асуудлыг олж тогтоож чадвал шийдвэр гаргахаар яарах ёсгүй, харин эхлээд чуулганы удирдагчид болон кино продакшны багийн гишүүдтэй уг хэргийг нөхөрлөх ёстой. Хэрвээ хүн бүр өнгөрсөн жилүүдийн зураг авалтын туршлага, кино зохиолын талаарх ойлголтдоо тулгуурлан уг кино зохиолыг стандартад нийцэхгүй гэж санал нэгтэй үзэж, үүгээр зураг авалт хийх нь кино продакшны ажлыг саатуулаад зогсохгүй, холбогдох бүх хүн хүч, эд материал, санхүүгийн нөөцийг үрэн таран хийнэ, ийм хариуцлагыг хэн ч үүрч чадахгүй гэж үзвэл энэ кино зохиолыг буцаах ёстой. Нуршуу кино зохиолоор зураг авалт хийж яасан ч болохгүй; энэ бол зарчим. Хэрвээ хүн бүр кино зохиолын талаар адилхан бодолтой байвал кино зохиолчид үүнийг болзолгүй хүлээн авч, кино продакшны багаас ирүүлсэн саналын дагуу кино зохиолыг дахин засварлах ёстой. Хэрвээ санал зөрөлдөөн байсаар байвал хоёр талын гишүүд, удирдагчид хамтдаа мэтгэлцэж, хэнийх нь аргумент үнэн-зарчимд нийцэж байгааг харж болно. Хэрэв шийдэлд хүрэхгүйгээр мухардмал байдал хэвээр үргэлжилсээр байвал хамгийн сүүлчийн аргыг хэрэглэх ёстой, энэ нь өнөөдөр нөхөрлөсөн удирдагч, ажилчдын найм дахь үүрэг хариуцлага: “Ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх” юм. Мухардалд орсон, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлыг төөрөгдөл, бэрхшээл гэдэг. Талууд дор бүрнээ өөрсдийнх нь шалтгаан зөв гэж үздэг, хэн ч шийдвэр гаргаж чаддаггүй. Ингэж нааш цааш явуулах нь асуудлыг будилуулж, асуудлын нарийн учир болон явах чиглэлийн талаарх хүн бүхний ойлголтыг бүдгэрүүлдэг. Энэ үед удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа үүрч, ажилд гарсан эдгээр асуудал, төөрөгдлийг даруй мэдээлж, шийдэл эрж хайж, ажлын ахицыг саатуулахаас сэргийлэн цаг алдалгүй шийдвэрлэхээр хичээж, үүнээс ч илүүтэйгээр асуудал хуримтлагдахаас сэргийлэх ёстой. Эдгээр асуудлыг даруй мэдээлж, шийдэл эрж хайх—энэ нь ажил хийж байгаа хэрэг биш үү? Энэ нь ажилдаа нухацтай, хариуцлагатай хандаж буй хэрэг биш үү? Энэ нь үүргээ гүйцэтгэхэд зүрх сэтгэлээ зориулж байгаа хэрэг биш үү? Энэ нь үнэнч байдал бус уу? (Тийм.) Энэ бол үүрэгтээ үнэнч байгаа хэрэг юм.

Ажил хариуцсан удирдагч, ажилчид ажилд гарсан аливаа асуудлыг цаг алдалгүй анзаарч, шийдвэрлэх ёстой, ингэж байж л ажлын саадгүй ахиц дэвшлийг баталгаажуулж чадна. Асуудлыг шийдвэрлэж чаддаггүй бүх удирдагч, ажилчин үнэн-бодит байдалгүй бөгөөд хуурамч удирдагч, ажилчид юм. Асуудал олж илрүүлдэг хэр нь шийдвэрлэж чаддаггүй, харин ч үүнээс зайлсхийж, нуун дарагдуулдаг хэн боловч ажлыг зөвхөн хорлон сүйтгэдэг хэрэггүй амьтан юм. Маргаантай асуудлыг нөхөрлөл, мэтгэлцээнээр шийдвэрлэх ёстой. Хэрэв эдгээр нь зөв үр дүнд хүргэхгүй, харин ч бүр их будилаан таривал гол удирдагч уг хэрэг явдлыг биечлэн хариуцаж, шийдэл, арга барилыг даруй санал болгохын сацуу уг нөхцөл байдлын үр дүнг цаг алдалгүй ажиглаж, ойлгож, дүгнэх ёстой. Зарим асуудал дээр маргаан сунжирч, ямар ч шийдвэрт хүрч чадахгүй бол зүгээр л эв зүйгээр зохицуулахаар оролдож, хүлээж, алгуурлахын оронд, ялангуяа асуудлыг үл тоомсорлохын оронд Дээрхэд даруй мэдээлж шийдэл эрж хайх ёстой. Та нарын одоогийн удирдагч, ажилчид ийм маягаар ажилладаг уу? Тэд ажлын ахицыг цаг тухайд нь хянан дагаж, шавдуулахын зэрэгцээ ажилд гарч буй янз бүрийн зөрчилдөөнийг олж тогтоох ёстой, мөн янз бүрийн жижиг сажиг асуудлыг ч орхигдуулах ёсгүй. Ноцтой асуудлыг олж тогтоох үед үндсэн удирдагч, ажилчид тэдгээрийг шийдвэрлэхэд оролцож, яг юу болоод байгааг үнэн зөв ойлгохын тулд асуудлын нарийн учир, асуудал үүссэн шалтгаан, холбогдох хүмүүсийн үзэл бодлын талаар үнэн зөв ойлголттой болох ёстой. Үүний зэрэгцээ тэд эдгээр асуудлыг нөхөрлөх, мэтгэлцэх, тэр ч бүү хэл маргалдахад оролцох ёстой. Энэ нь зайлшгүй шаардлагатай; оролцоо маш чухал, учир нь энэ нь ажилд гарсан асуудлыг дүгнэж, шийдвэрлэхэд чинь тусалдаг. Хэрэв чи оролцолгүй зөвхөн сонсож, үргэлж гар хумхин хөндлөнгөөс ажиглаж, хичээл дээр сууж байгаа хүн мэт авирлаж, ажил дээр гарсан аливаа асуудал чамд хамаагүй гэж бодож, уг хэрэг явдлын талаар ямар нэгэн тодорхой үзэл бодол, хандлагагүй байвал хуурамч удирдагч гэдэг чинь тодорхой юм. Чи оролцох үедээ ажилд яг ямар асуудал гарсан, юунаас болсон, хэн хариуцлага хүлээх, гол асуудал хаана оршиж байгаа, энэ нь хүмүүсийн үзэл, төсөөллөөс болсон уу, эсвэл техник, мэргэжлийн хувьд хангалтгүй байснаас болсон уу гэдгийг дэлгэрэнгүй мэдэж авна—асуудлыг шударгаар зохицуулж, шийдвэрлэхийн тулд энэ бүхнийг тодруулах ёстой. Чи энэ ажилд оролцож, уг асуудал хүнээс үүдэн гараагүй, эсвэл хэн нэгэн үүнийг санаатайгаар учруулаагүй гэдгийг олж мэдсэн ч асуудлын мөн чанарыг тодорхойлоход чамд хэцүү санагдаж, яаж шийдвэрлэхээ мэдэхгүй, хоёр тал удаан хугацаанд маргалдаж, эсвэл хүн болгон уг асуудалд зүрх сэтгэл, хүчин чармайлтаа зориулсан ч шийдвэрлэж чадахгүй хэвээр байж, зарчмыг олж, чиглэлээ олж чадахгүй, ажлыг зогсонги байдалд оруулж, мөн ийнхүү үргэлжлүүлэх нь цаашдын алдаа, саад тотгор, сөрөг үр дагаварт хүргэнэ гэж айж байвал юу хийх ёстой вэ? Удирдагч, ажилчдын хийх ёстой хамгийн гол зүйл бол хариу арга хэмжээ, шийдлийг хүн бүртэй хэлэлцэхийн оронд уг асуудлыг эн тэргүүнд Дээрхэд мэдээлэх явдал юм. Удирдагч, ажилчид ажил дахь асуудлуудыг нэгтгэн дүгнэж, тэмдэглээд, даруй Дээрхэд мэдээлэх ёстой, алгуурлаж, хүлээж, азанд найдах сэтгэлгээ өвөрлөж, нэг шөнө унтчихвал онгод орох юм уу гэнэтийн ухаарал ирнэ гэж бодох хэрэггүй—энэ нь тохиолдох магадлал багатай ховор тохиолдол юм. Тиймээс хамгийн сайн шийдэл бол уг асуудлыг аль болох хурдан Дээрхэд мэдээлж, шийдэл эрж хайж, асуудлыг цаг алдалгүй, аль болох хурдан шийдвэрлэхийг баталгаажуулах явдал; энэ л үнэхээр ажлаа хийж байгаа хэрэг юм.

Удирдагч, ажилчдын ажилд байнга тулгардаг төөрөгдөл, бэрхшээл

I. Төөрөгдөл

Дөнгөж сая ярилцсан агуулгадаа үндэслэн “төөрөгдөл”, “бэрхшээл” гэж яг юу гэсэн үг болохыг нэгтгэн дүгнэцгээе. Энэ хоёр нь адилхан зүйл биш. Эхлээд Би “төөрөгдөл” гэдэг нэр томьёог тайлбарлая. Төөрөгдөл гэдэг нь ямар нэг хэрэг явдлыг нэвт харж чадахгүй; зарчимд нийцсэн, үнэн зөв байдлаар хэрхэн дүгнэх, ялган танихаа мэдэхгүй байхыг хэлнэ. Чи бага зэрэг нэвт харж чадлаа ч үзэл бодол чинь зөв эсэхэд эргэлзэж, уг хэрэг явдлыг хэрхэн зохицуулж, шийдвэрлэхээ мэдэхгүй, энэ талаар дүгнэлтэд хүрэхэд хэцүү байдаг. Товчхондоо чи энэ талаар эргэлзэж, шийдвэр гаргаж чадахгүй байдаг. Хэрвээ чи үнэнийг өчүүхэн ч ойлгохгүй, уг асуудлыг шийдвэрлэх өөр хэн ч байхгүй бол асуудал шийдвэрлэгдэлгүй үлддэг. Энэ нь хүнд сорилттой тулгарч байгаа хэрэг биш гэж үү? Ийм асуудалтай тулгараад удирдагч, ажилчид уг асуудлыг хурдан шийдвэрлэхийн тулд Дээрхэд мэдээлж, Дээрхээс эрж хайх ёстой. Та нар байнга төөрөгдөлтэй тулгардаг уу? (Тийм ээ.) Байнга төөрөгдөлтэй тулгарах нь өөрөө асуудал юм. Чи нэг асуудалтай нүүр тулж, үүнийг шийдвэрлэх тохиромжтой аргыг мэдэхгүй байлаа гэж үзье. Хэн нэгэн чамд боломжийн санагдсан шийдэл санал болгож, өөр нэг хүн ч бас чиний боломжийн гэж үзсэн өөр нэг шийдлийг санал болгосон бөгөөд хүн бүрийн санал зөрөлдөж, хэн ч уг асуудлын уг үндэс, мөн чанарыг ухаарч чадахгүй байгаа болохоор чи аль шийдэл нь илүү тохиромжтой болохыг тодорхой харж чадахгүй байвал асуудлыг шийдвэрлэхэд алдаа гарах нь дамжиггүй. Тиймээс асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудлын уг үндэс, мөн чанарыг тодорхойлох нь амин чухал байдаг. Хэрвээ удирдагч, ажилчид ялган таних чадваргүй, асуудлын мөн чанарыг ухаарч чадахгүй, зөв дүгнэлтэд хүрч чадахгүй бол уг асуудлыг Дээрхэд даруй мэдээлж, тэднээс шийдэл эрж хайх ёстой; энэ нь зайлшгүй шаардлагатай бөгөөд хэтрүүлэг биш. Шийдвэрлэгдээгүй асуудлууд ноцтой үр дагаварт хүргэж, чуулганы ажилд нөлөөлж чадна—үүнийг сайтар ойлгох ёстой. Хэрвээ чи болгоомжлолоор дүүрч, Дээрх чиний жинхэнэ хэмжээг нэвт харах вий, эсвэл бодитой ажил хийж чадахгүй байгааг чинь нэвт хараад үүргийн хуваарилалтыг чинь өөрчилж, чөлөөлөх вий гэж үргэлж айж, улмаар уг асуудлыг мэдээлж зүрхлэхгүй бол энэ нь хэрэг явдлыг хялбархан хойшлуулах боломжтой. Хэрвээ чи өөрөө шийдвэрлэж чадахгүй төөрөгдөлтэй тулгарсан хэр нь үүнийгээ Дээрхэд мэдээлэхгүй бол энэ нь ноцтой үр дагаварт хүргэж, Дээрх чамаас хариуцлага нэхэх үед чи ихээхэн хүнд байдалд орно. Энэ нь зөвхөн чиний буруу биш гэж үү? Ийм төөрөгдөлтэй тулгарах үедээ удирдагч, ажилчид хариуцлагагүй байж, зүгээр л жаахан хоосон сургаал ярьж, зарим дүрэм журмыг хэрэглэн уг асуудлыг хааш яаш зохицуулбал асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдэж, юмс бахь байдгаараа үлдэж, ажил урагшлах боломжгүй болно. Төөрөгдлийг шийдвэрлэхгүй орхиход яг ийм зүйл тохиолддог; энэ нь аливааг хялбархан хойшлуулдаг.

Төөрөгдөл үүсэх үед зарим удирдагч, ажилчин асуудал гарсныг мэдэрч чаддаг бол зарим удирдагч, ажилчин асуудлыг олж илрүүлж чаддаггүй—сүүлийнх нь хэтэрхий муу хэв чанартай, хөшүүн, мунгинасан хүмүүс юм; тэд ямар ч асуудалд мэдрэмжгүй. Үүссэн төөрөгдөл хэчнээн том байсан ч тэд хөшүүн, мулгуу байдал л харуулдаг; тэд асуудлыг үл тоомсорлож, тойрч гарахыг оролддог—энэ бол бодитой ажил хийдэггүй хуурамч удирдагчид юм. Тодорхой хэмжээний хэв чанар, ажлын чадамжтай удирдагч, ажилчид ийм нөхцөл байдал үүсэхэд ийн ухаарч чаддаг: “Энэ бол асуудал. Би үүнийг тэмдэглэж авах ёстой. Дээрх ийм төрлийн асуудлыг урьд нь хэзээ ч дурдаагүй, бидэнд ч анх удаа тохиолдож байна, тэгвэл ийм төрлийн нөхцөл байдлыг зохицуулах зарчим нь яг юу вэ? Энэ тодорхой асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ? Надад бага зэрэг мэдрэмжтэй бодол байх шиг байгаа ч тодорхойгүй байна, ийм хэрэг явдалд хандах хандлага бага зэрэг байгаа ч дан ганц хандлага байгаад хангалтгүй; асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх нь нэн чухал. Бид энэ хэрэг явдлыг гаргаж тавиад, бүгдээрээ хамтдаа нөхөрлөж, хэлэлцэх хэрэгтэй.” Нэг удаагийн нөхөрлөл, хэлэлцүүлгийн дараа хэрвээ тэд яахаа мэдэхгүй хэвээр, асуудлыг шийдвэрлэх хэрэгжүүлэлтийн нарийн төлөвлөгөөгүй, төөрөгдөл нь арилаагүй хэвээр байвал Дээрхээс шийдэл эрж хайх ёстой. Энэ үед, асуудлын талаарх будилаантай зүйлсийг тэмдэглэж авах нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм, ингэснээр цаг нь ирэхэд тэд төөрөлдсөн асуудал яг юу болох, яг юу эрж хайж байгаагаа тодорхой тайлбарлаж чадна. Энэ бол удирдагч, ажилчдын хийх учиртай зүйл юм.

II. Бэрхшээл

А. Бэрхшээл гэж юу вэ

Дараа нь “бэрхшээл” гэдэг нэр томьёог харцгаая. Шууд утгаар нь авч үзвэл, бэрхшээл нь төөрөгдлөөс илүү ноцтой. Тэгвэл бэрхшээл гэж яг юуг хэлдэг вэ? Нэг нь тайлбарла даа. (Бурхан минь, бидний ойлгож байгаагаар бэрхшээл бол тулгарсан бодитой асуудал бөгөөд хүн шийдвэрлэх гэж оролдсон ч шийдвэрлэж чадахгүй хэвээр байгаа асуудал юм; үүнийг бэрхшээл гэж үздэг.) (Нэг зүйл нэмж хэлэхэд, заримдаа хүн урьд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй маш ээдрээтэй асуудалтай тулгардаг, хүн бүр туршлагагүй, бүрмөсөн будилж самгардаж, ямар ч үзэл бодол, санаагүй байдаг—энэ нь маш адармаатай төрлийн асуудал юм.) Маш адармаатай асуудлыг бэрхшээл гэж нэрлэдэг, тийм үү? Бэрхшээлийн хамгийн энгийн, шууд тайлбар гэвэл тэдгээр нь бодитоор оршдог асуудлууд юм. Жишээ нь, хүний хэв чанар, мэргэжлийн ур чадвар, бие махбодын өвчин эмгэг, түүнчлэн хүрээлэн буй орчны болон цаг хугацааны асуудал гэх мэт эдгээр бодитоор оршдог асуудлыг бэрхшээл гэж нэрлэдэг. Гэвч бидний одоо нөхөрлөж буй удирдагч, ажилчдын найм дахь үүрэг хариуцлага бол тэд ажилд тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх ёстой. Энд дурдсан бэрхшээл нь өргөн хүрээнд тодорхойлогдсон, бодитоор оршдог асуудлууд биш, харин ажилд тулгардаг, зохицуулах боломжгүй, нэн ярвигтай асуудлууд юм. Эдгээр нь ямар төрлийн асуудал вэ? Эдгээр нь үнэн-зарчимтай онцын холбоогүй гадаад хэрэг явдал юм. Хэдийгээр эдгээр асуудал үнэн-зарчмыг хамардаггүй ч ердийн асуудлаас илүү төвөгтэй байдаг. Юугаараа илүү төвөгтэй гэж? Жишээлбэл, эдгээр нь хууль эрхзүй, засгийн газрын дүрэм журмыг хамардаг, эсвэл чуулган доторх зарим хүний аюулгүй байдалд хамаатай байдаг гэх мэт. Эдгээр нь бүгд удирдагч, ажилчдын ажилд тулгардаг бэрхшээл юм. Жишээ нь, хилийн чанадад Бурханд итгэхэд, аль улсад амьдарч байх нь хамаагүй, чуулганы бүх ажил болон ах, эгч нарын амьдрах орчин орон нутгийн засаг захиргааны дүрэм журмыг мөрдөх ёстой бөгөөд орон нутгийн хууль тогтоомж, бодлогыг ойлгох шаардлагатай байдаг. Эдгээр хэрэг явдал нь гадаад ертөнцтэй харилцах, гадаад хэрэг явдлыг зохицуулахтай холбоотой; эдгээр нь чуулганы доторх боловсон хүчний асуудалтай харьцуулахад харьцангуй ээдрээтэй байдаг. Ээдрээтэй байдал нь хаана оршдог вэ? Энэ нь чуулганы хүмүүст зүгээр л Бурханыг дуулгавартай дага, дуулгавартай бай, үнэнийг хэрэгжүүл, үүргээ үнэнчээр гүйцэтгэ, үнэнийг ойлго, хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуул гэж хэлэхтэй адил энгийн биш—зүгээр л эдгээр зүйлийг хэлснээр асуудал шийдэгдэхгүй. Харин тухайн улсын хууль, бодлого, дүрэм журмыг бүх талаар ойлгож, тэр дундаа орон нутгийн ёс заншил, зан үйлийг ойлгох шаардлагатай. Эдгээр гадаад хэрэг явдалд олон хүчин зүйл багтдаг, мөн гэнэтийн асуудал юм уу чуулганы зарчмыг ашиглан шийдвэрлэхэд бэрх асуудал гарах нь элбэг байдаг бөгөөд ийм асуудал гарах нь бэрхшээл үүсгэдэг. Жишээ нь, чуулган доторх зарим хүн үүргээ хааш яаш гүйцэтгэдэг бол үнэнийг нөхөрлөж, засаж, тусалж дэмжсэнээр эдгээр асуудлыг шийдвэрлэж болно. Гэтэл гадаад хэрэг явдал дээр чи эдгээр зарчим, арга барилыг ашиглаж чадах уу? Энэ арга зам тийм асуудлуудыг шийдэж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл яах ёстой вэ? Ийм асуудлуудыг зохицуулж, хариу үзүүлэхийн тулд зарим ухаалаг аргыг ашиглах ёстой. Эдгээр гадаад хэрэг явдлыг зохицуулах явцад Бурханы гэр бас зарим зарчмыг тогтоосон боловч эдгээрийг яаж ч тайлбарласан, элдэв бэрхшээл байнга гарсаар байдаг. Энэ ертөнц, энэ нийгэм, энэ хүн төрөлхтөн хэтэрхий харанхуй, хэтэрхий ээдрээтэйн улмаас, мөн агуу улаан лууны ёрын муу хүчний үймээн самуунаас болж хүмүүс эдгээр гадаад хэрэг явдлыг зохицуулахдаа зарим гэнэтийн, нэмэлт бэрхшээлүүдтэй тулгарна. Эдгээр бэрхшээл үүсэх үед та нарт зөвхөн энгийн нэг зарчим өгч, “Зүгээр л Бурханы зохицуулалтыг дуулгавартай дага; бүх зүйлийг Бурхан зохион байгуулдаг, асуудлыг зүгээр л үл тоо” гэж хэлбэл энэ нь асуудлыг шийдэж чадах уу? (Үгүй.) Хэрэв асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол ах, эгч нарын үүргээ гүйцэтгэдэг орчин, амьдрах орчин үймүүлэгдэж, дарамтлуулж, сүйтгэгддэг. Энэ нь бэрхшээл үүсэхэд хүргэдэггүй гэж үү? Тэгвэл яах ёстой вэ? Адгуу зангаар хандаж болох уу? Мэдээж болохгүй. Зарим хүн: “Тэгвэл хууль эрх зүйн аргаар шийдвэрлэж болох уу?” гэдэг. Хуулиар шийдвэрлэж болохгүй олон зүйл бий. Жишээ нь, агуу улаан луу хөндлөнгөөс оролцож, саад болдог газруудад хууль асуудлыг шийдвэрлэж чадах уу? Тэнд хууль ямар ч нөлөөгүй. Олон газарт хүний эрх мэдэл үргэлж хуулиас давдаг тул хуульд найдаж асуудлыг шийдвэрлэнэ гэж бүү найд. Хүний арга барил, адгуу зан ашиглан шийдвэрлэх нь бас тохиромжгүй. Ийм нөхцөл байдалд удирдагч, ажилчид яах ёстой вэ? Зөвхөн бичиг үсэг, хоосон сургаал чалчихаа л мэддэг хүмүүс ийм асуудал үүсэхэд шийдэж чадах уу? Эдгээр нь тун ярвигтай асуудал биш гэж үү? Хуульч хөлсөлж, шүүхэд хандан асуудлыг шийдвэрлэвэл бүтнэ гэж чи бодож байна уу? Тэр хүмүүс үнэнийг ойлгодог уу? Энэ дэлхий дээр учир зүйгээ ололцох газар гэж үгүй; хууль эрхзүйт улс орны шүүгчид ч гэсэн үргэлж хуулийн дагуу үйлддэггүй, харин ч оролцож буй хүнээс нь хамааруулан шүүлтээ өөрчилдөг, шударга ёс байхгүй. Энэ дэлхийд, хаана ч байсан хүмүүс үгээ бататгахын тулд хүч, эрх мэдэлд найддаг. Тэгвэл Бурханд итгэдэг бид юунд найдах ёстой вэ? Бид Бурханы үгийн дагуу, үнэний дагуу хүмүүст хандаж, хэрэг явдлыг зохицуулах ёстой. Гэвч бид дэлхий ертөнцөд Бурханы үг, үнэнд найдах юм бол бүх зүйл саадгүй явагдаж чадах уу? Үгүй, чадахгүй; үүнд мэргэн ухаан шаардлагатай. Тиймээс удирдагч, ажилчид ийм асуудалтай тулгараад, уг явдал туйлын чухал санагдаж, үүнд зохисгүй хандан, улмаар Бурханы гэрт төвөг учруулж, таагүй нөлөө, үр дагаварт хүргэж магадгүй гэж айж байвал ийм асуудлууд тэдний хувьд бэрхшээл болдог. Шийдэж чадахгүй бэрхшээлтэй тулгарах үедээ тэд даруй Дээрхэд мэдээлж, асуудлыг шийдвэрлэх тохиромжтой аргыг эрж хайх ёстой; энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой зүйл юм.

Б. Бэрхшээлтэй тулгарах үед байх ёстой зөв үзэл бодол, хандлага

Энд та нарт Миний тайлбарлах хэрэгтэй зүйл зөвхөн удирдагч, ажилчдад ч биш, энд байгаа бүх хүнд чиглэсэн—энэ бол хамгийн чухал зарчим юм. Та нар хаана ч чуулганы ажил хийж, үүргээ гүйцэтгэж, эсвэл сайн мэдээ номлож байсан, энэ нь хэзээ ч дардан байхгүй. Бурханы Өөрийнх нь ажил хүртэл бэрхшээлээр дүүрэн байдаг—энэ баримтыг та нар бүгд анзаарсан уу? Хэдийгээр та нар нарийн ширийн зүйлийг мэдэхгүй, тодорхой ойлгохгүй байж болох ч ерөнхий нөхцөл байдлыг бүгд мэддэг. Бурханы сайн мэдээний ажлыг түгээх нь амархан хэрэг биш бөгөөд та нар бүгд сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байж, үүнийг танин мэдэх ёстой. Энэ тогтсон баримт энд байгаа тул эдгээр хэрэг явдалд бид хамгийн зохистой, хамгийн үндэслэлтэй, хамгийн зөв ямар хандлага баримтлах ёстой вэ? Дотроо айж, хулчийх нь зөв үү? (Үгүй.) Айж, хулчийх нь буруу юм бол тэнгэр, газраас ч айхгүй, бүх дэлхийтэй дайсагнаж, эцсээ хүртэл бүх дэлхийг эсэргүүцэж, урсгал сөрдөг хандлага, үзэл бодолтой байх нь зөв үү? (Буруу.) Энэ нь хэвийн хүн чанарын ухаалаг байдал уу, эсвэл адгуу зан уу? Эдгээр буруу үзэл бодол бүгд адгуу зангийн тусгал болохоос жинхэнэ итгэл биш. Тэгвэл ямар үзэл бодол, хандлага зөв бэ? Би та нарт хэдийг нь жагсааж өгье. Нэгдүгээрт, хүмүүс ийм үзэл бодолтой байх ёстой: Хилийн чанадад ч бай, Хятадад ч бай, Бурханы төлөө үнэн сэтгэлээсээ өөрийгөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэх нь эрт дээр үеэс өнөөг хүртэлх бүх хүн төрөлхтний дундах хамгийн шударга үйл хэрэг юм. Бид үүргээ гүйцэтгэж байгаа нь нууц далд биш, харин нээлттэй, шулуун шударга байдаг, учир нь бидний одоо хийж байгаа зүйл бол хүн төрөлхтний дундах хамгийн шударга үйл хэрэг юм. Энэ “шударга” гэдэг нь юуг хэлдэг вэ? Энэ нь үнэнийг, Бурханы хүслийг, Бүтээгчийн зохицуулалт, даалгаврыг хэлдэг; энэ нь хүний ёс суртахуун, ёс зүй, хуулиас бүрэн давж гардаг бөгөөд Бүтээгчийн удирдлага, халамж дор хийгддэг үйл хэрэг юм. Энэ хамгийн зөв үзэл бодол биш гэж үү? Нэг талаар, энэ үзэл бодол нь үнэхээр оршдог баримт; нөгөө талаар хүний гүйцэтгэдэг үүргийн талаарх хамгийн зөв танин мэдэхүй юм. Хоёрдугаарт, хүмүүс ийм үзэл бодолтой байх ёстой: Бурхан бүх зүйл, бүх үйл явдлыг захирдаг. Дэлхийн захирагчид болон дэлхий дээрх аливаа хүчин, шашин, байгууллага, үндэстэн ястныг оролцуулаад бүх зүйлийг Бурханы гар захирч, хянадаг—хэн ч хувь тавилангаа өөрөө хянадаггүй. Бид ч ялгаагүй; бидний хувь тавиланг Бурханы гар захирч, хянадаг бөгөөд бидний хаашаа явах, хаана үлдэх зүг чигийг хэн ч өөрчилж чадахгүй, бидний ирээдүй, хүрэх газрыг ч хэн ч өөрчилж чадахгүй. Яг л Библид хэлдэгчлэн “Хааны зүрх сэтгэл Еховагийн гар дахь усны урсгал мэт байдаг: Тэр түүнийг хаа хүссэн зүгтээ эргүүлдэг” (Сургаалт үгс 21:1). Бидэн шиг ялихгүй хүмүүсийн хувь тавилангийн тухайд бүр хэлэхийн ч хэрэггүй! Бидний амьдарч буй улс орны захирагчийн засаглал, тогтолцоо, түүнчлэн энэ улсын амьдрах орчин бидэнд заналхийлж, дайсагнаж, эсвэл найрсаг байх нь хамаагүй—энэ бүхэн Бурханы дээд эрхийн дор байдаг бөгөөд бидэнд санаа зовох, түгших зүйл байхгүй. Энэ бол хүмүүсийн баримтлах ёстой үзэл бодол, хүмүүст байх ёстой ухамсар, тэдний эзэмшиж, ойлгох ёстой үнэн юм. Энэ нь гурав дахь үзэл бодол бөгөөд мэдээж бас хамгийн чухал юм: Хаана, аль улсад амьдарч байгаа нь хамаагүй, чадвар, хэв чанараасаа үл хамааран бид бол өчүүхэн бүтээгдсэн зүйлсийн нэг хэсэг төдий. Бидний биелүүлэх ёстой цорын ганц үүрэг, хариуцлага бол Бүтээгчийн дээд эрх, зохицуулалт, зохион байгуулалтыг дуулгавартай дагах явдал; өөр юу ч байхгүй, ийм л энгийн. Хэдийгээр бид одоо эрх чөлөөт улсад, эрх чөлөөт орчинд байгаа ч хэрэв нэг л өдөр Бурхан биднийг хавчиж, хорлох дайсны хүчийг босговол бид яасан ч гомдоллох ёсгүй. Яагаад бидэнд гомдол байх ёсгүй вэ? Учир нь бид эртнээс бэлтгэгдсэн; бидний даалгавар, хариуцлага, үүрэг бол Бурханы хийдэг бүхнийг, Бурханы зохион байгуулдаг бүхнийг дуулгавартай дагах явдал юм. Энэ дуулгавартай байдал нь үнэн мөн үү? Энэ нь хүмүүст байх ёстой хандлага мөн үү? (Мөн.) Хэрэв нэг л өдөр бүх хүн төрөлхтөн, хүрээлэн буй орчин бүхэлдээ бидний эсрэг болж, бид үхэлтэй нүүр тулбал бидэнд гомдол байх ёстой юу? (Байх ёсгүй.) Зарим хүн: “Бурхан биднийг Сатаны харгис хавчлагад дахин өртүүлэхгүйн тулд хилийн чанад руу хөтөлсөн биш үү? Биднийг үүргээ чөлөөтэй гүйцэтгэж, эрх чөлөөний агаараар амьсгалаг гэсэн биш үү? Тэгвэл Бурхан яагаад биднийг үхэлтэй нүүр тулуулахаар зорьсон хэвээр байгаа юм бэ?” гэдэг. Энэ үг буруу. Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах нь хандлага бөгөөд энэ нь хүмүүсийн Бурханд болон Бурханы дээд эрхэд хандах ёстой хандлага юм. Энэ бол бүтээгдсэн зүйлд байх ёстой хандлага мөн.

Хүмүүсийн ухаарах ёстой өөр нэг хамгийн чухал зүйл бий: Хилийн чанадад харьцангуй тогтвортой, эрх чөлөөтэй хэдий ч агуу улаан луу байнга залхаахаас зайлсхийхэд хэцүү хэвээр байдаг. Агуу улаан лууны залхаалттай тулгараад зарим хүн: “Агуу улаан лууны хүч дэндүү их юм. Энэ нь дэлхий даяарх чухал хүмүүсийг хахуульдаж, өөртөө үйлчлүүлж, ажлаа хийлгэж чадна. Тиймээс бид хилийн чанад руу дүрвэсэн ч гэсэн бидэнд аюул нүүрлэсэн хэвээр, амь нас эрсдэлд орсон хэвээр байна! Бид яах вэ?” гэж санаа зовдог. Эдгээр мэдээг сонсох болгондоо зарим хүн санаа зовж, айж, буулт хийхийг хүсэж, зугтахыг хүсэж, хаана нуугдахаа ч мэддэггүй. Ийм юм тохиолдох бүрд зарим нь “Дэлхий хэчнээн уудам ч надад байх газар алга! Агуу улаан лууны эрхшээл дор би хавчлагад нь өртдөг, эрх мэдлийнх нь хүрээнээс гадна байхад ч яагаад энэ нь намайг үймүүлсээр байдаг юм бэ? Агуу улаан лууны хүч хэтэрхий их юм; дэлхийн зах хязгаар луу зугтсан ч яагаад энэ нь намайг олж чаддаг хэвээр байгаа юм бэ?” гэж боддог. Хүмүүс өөрийн эрхгүй айж, юу хийхээ мэддэггүй. Энэ нь итгэлтэй байдлын илрэл мөн үү? Энд ямар асуудал байна вэ? (Бурханд итгэх итгэл дутмаг.) Зүгээр л Бурханд итгэх итгэл дутмаг гэж үү? Та нар зүрх сэтгэлийнхээ гүнд өөрсдийгөө бусдаас дорд гэж үздэг үү? Төгс Хүчит Бурханд итгэж, чуулганд үүргээ гүйцэтгэхдээ хулгайч шиг, бага зэрэг нууц далд байдаг гэж та нарт санагддаг уу? Шашны ертөнцийнхнөөс дор мэт санагддаг уу? “Тэдний хүч чадлыг хар л даа; тэдэнд албан ёсны пасторууд, төрийн зөвшөөрөлтэй том сүм байдаг, үнэхээр тансаг! Тэд янз бүрийн улс оронд найрал дуучид, аж ахуйтай. Гэтэл биднийг хар, үргэлж дээрэлхүүлж, хаа ч явсан гадуурхагддаг—бид яагаад тэднээс өөр юм бэ? Хаа явсан газраа яагаад энэ тухайгаа ил тод хэлж чаддаггүй юм бэ? Яагаад ийм өрөвдөлтэй амьдрах ёстой гэж? Ялангуяа онлайнд тэр бүх сөрөг суртал ухуулга байна. Яагаад бусад чуулган ийм юм туулдаггүй, яагаад бид үргэлж эдгээр зүйлд өртөх ёстой юм бэ? Бурханд итгэдэг бусад итгэгчид хаа явсан газраа Христийн шашинд итгэдгээ ил тод тунхагладаг, харин Төгс Хүчит Бурханд итгэдэг бид ил тод ярьж зүрхлэлгүй, муу хүмүүс биднийг мэдээлж, баривчлагдах вий гэж айдаг.” Саяхан, төрийн албан хаагч гэх нэг хүн зарим ах, эгчээс хэдэн асуулт асуусан гэж Би сонссон. Албан тушаалтан асуулт асууж байгааг хараад тэд айж, мэддэг бүхнээ хэлж, асуусан бүхэнд нь хариулжээ. Тэд ингэж авирласанд ямар асуудал байсан бэ? Чи бол Бурханд итгэгч—яагаад албан тушаалтнаас айх ёстой гэж? Хэрвээ чи хууль бус зүйл хийгээгүй бол айх шаардлагагүй. Хэрвээ чамд үнэн байгаа бол яагаад диаволууд, Сатанаас айна гэж? Бурханд итгэх нь зөв зам биш гэж чи бодож байна уу? Чи өөрийгөө хууль бус зүйл хийсэн гэж бодож байна уу? Тэгвэл чи яагаад албан тушаалтнаас айгаад байгаа юм бэ? Ийм хүмүүс тэнэг, мэдлэггүй биш гэж үү? Зарим хүн эх газарт асар их мөшгөгдөж, хавчигдах зовлон амссан; хилийн чанадад ирснийхээ дараа Бурханд итгэдэгтээ гэм буруутай мэт санагддаг уу? Агуу улаан лууд хавчигдсан нь тэдэнд гутамшигтай санагддаг уу? Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэхийн тулд хилийн чанад руу зугтахаас өөр аргагүйд хүрсэн болохоор өвөг дээдэстэйгээ нүүр тулахаас ичиж, нэр нүүрээ алдсан мэт санагддаг уу? Сатанлаг дэглэм болон шашны ертөнц Бурхан болон чуулганд дайсагнан хандаж байгааг хараад тэдэнд өөрсдөө бусдаас дорд, магадгүй бүр гэмт хэрэг үйлдсэнээс ч илүү гутамшигтай мэт санагддаг уу? Та нарт ийм мэдрэмж төрдөг үү? (Үгүй.) Та нар гаднаа толгой сэгсэрч, ийм бодол, мэдрэмж тээхийг хүсэхгүй байж болох ч жинхэнэ нөхцөл байдалтай тулгарах үед хүний сэтгэлгээ, зан байдал, ухамсаргүй үйлдлүүд нь зүрх сэтгэлийнх нь хамгийн гүн, хамгийн нууцлаг талуудыг гарцаагүй ил болгодог. Энд юу болоод байна вэ? Хэрвээ чамд эдгээр зүйл байхгүй бол чи яагаад айгаад байгаа юм бэ? Хууль зөрчөөгүй хүн цагдаагаас айдаг уу? Шүүгчээс айдаг уу? Үгүй. Хууль зөрчсөн хүмүүс л цагдаагаас хамгийн их айдаг, цагдаад байнга дарамтлуулж сурсан хятадууд л тэднээс хамгийн их айдаг, учир нь ХКН-ын цагдаа хууль дүрэмгүй бөгөөд хүссэн бүхнээ хийдэг. Тиймээс хятад хүмүүс хилийн чанадад анх ирэхдээ цагдаа хараад л айдаг. Энэ нь агуу улаан лууны засаглалаас айдгийнх нь үр дүн бөгөөд тэдний далд ухамсраас гардаг зүйл юм. Барууны орнуудад чи хууль ёсны статустай, оршин суух эрхтэй, ямар ч хууль зөрчөөгүй, төрд халдаагүй, ямар ч гэмт хэрэг үйлдээгүй. Итгэл чинь шашны ертөнцөд хэчнээн их маргаан дэгдээж байсан ч нэг баримт тодорхой хэвээр үлдэнэ: Чиний итгэл хуулиар хамгаалагдсан, энэ нь хууль ёсны бөгөөд эрх чөлөөтэй, энэ бол чиний зүй ёсны хүний эрх юм. Чи ямар ч хууль зөрчөөгүй, тиймээс өөрийгөө цагдаа гэх хүн чамаас “Чи Төгс Хүчит Бурханд итгэдэг үү? Бичиг баримтаа үзүүл! Чи хаанаас ирсэн бэ? Хэдэн настай вэ? Чи хэдэн жил итгэсэн бэ? Чи хаана амьдардаг вэ? Хаягаа надад хэл!” гэж асуувал чи яаж хариулах вэ? Эхний асуулт болох “Чи Төгс Хүчит Бурханд итгэдэг үү?” гэдэгт чи яаж хариулах вэ? (Тийм.) Та нар яагаад “тийм” гэж хэлэх вэ? Энэ нь баримтад үндэслэсэн үү? Эсвэл энэ нь иргэний хувьд хүлээх хариуцлага чинь учраас хэн нэгэн асуувал чи “тийм” гэж хэлэх ёстой юу? Эсвэл Бурхан чамд “тийм” гэж хэл хэмээн зааварласан уу? Та нарын үндэслэл юу вэ? Хоёр дахь зүйлийн тухайд, “Бичиг баримтаа үзүүл!” гэвэл та нар үзүүлэх үү? (Үгүй.) Гурав дахь асуулт: “Чи хаана амьдардаг вэ? Хаягаа бичээд өг.” Бичиж өгөх үү? (Үгүй.) Дөрөв дэх асуулт: “Чи Бурханд хэдэн жил итгэсэн бэ? Хэн чамайг итгэлд хөтөлсөн бэ? Чи яагаад итгэдэг юм бэ? Чи хилийн чанадад хэдэн жил болсон бэ?” Эдгээрт хариулах уу? (Үгүй.) Тав дахь асуулт: “Чи энд ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ? Чиний удирдагч хэн бэ?” Үүнд хариулах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Би тэдэнд хэлэх үүрэг хүлээдэггүй.) Тэгвэл эхний асуулт руу буцаж очъё: Хэрвээ Төгс Хүчит Бурханд итгэдэг эсэхийг чинь асуувал та нар бүгд санал нэгтэйгээр “тийм” гэж хариулна гэсэн. Ингэж хариулах нь зөв үү? (Буруу.) Яагаад буруу гэж? (Учир нь итгэл үнэмшил бол хувь хүний эрх чөлөө. Цагдаад хөндлөнгөөс оролцох эрх мэдэл байхгүй. Тиймээс би тэдэнд хэлэхгүй байх эрхтэй.) Тэгвэл чи яагаад тэдэнд хэлэхгүй гэж? (Учир нь би эхлээд тэд яагаад намайг байцааж байгааг, ямар эрх мэдлийн хүрээнд байцааж байгааг, тэдний байцаалт хууль ёсны эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэрэв тэдний зорилго, хэн болох нь тодорхойгүй бол би тэдний асуултад хариулах үүрэг хүлээхгүй.) Энэ үг зөв. Эхэндээ та нар бүгд “тийм” гэж хариулна гэсэн боловч Намайг үргэлжлүүлэн асуухын хэрээр та нар ямар нэг зүйл буруу байгааг мэдэрч эхэлж, хариулт чинь буруу байсныг мэдэрсэн. Асуудал хаана байсныг та нар олж мэдсэн үү? Энэ хэрэг явдал дээр та нарт байх ёстой ойлголт энэ: Бид Бурханд итгэснээрээ ямар ч хууль зөрчөөгүй, бид гэмт хэрэгтнүүд биш, бидэнд хүний эрх, эрх чөлөө бий. Хэн дуртай нь биднийг хүссэнээрээ байцааж, асуулт асууж чадахгүй. Хэн ч асуулт асуусан бид үнэнээр нь хариулах албагүй; бид тийм үүрэг хүлээгээгүй. Энэ үг зөв үү? (Тийм.) Хэн ч байсан хамаагүй, биднийг дур мэдэн байцаах нь хууль бус; бид хуулийг ойлгож, өөрсдийгөө хамгаалахын тулд хуулийг ашиглаж сурах ёстой. Энэ бол Бурханы сонгосон хүмүүст байх ёстой мэргэн ухаан юм. Тэгвэл ирээдүйд чи ийм нөхцөл байдалтай тулгарвал яах ёстой вэ? Хэрвээ хэн нэгэн чамаас Төгс Хүчит Бурханд итгэдэг эсэхийг асуувал чи яаж хариулж, яаж зохицуулах вэ? Эхлээд “Чи хэн бэ? Чи надаас ийм юм асуух ямар эрхтэй юм бэ? Би чамайг таних бил үү?” гэж хэл. Хэрвээ тэд өөрсдийгөө төрийн аль нэг байгууллагын ажилтан гэвэл чи тэднээс албаны үнэмлэхээ үзүүлэхийг шаардах ёстой. Хэрвээ тэд үнэмлэхээ үзүүлэхгүй бол “Чи надтай ярих эрхгүй, би чамд хариулах үүрэг хүлээхгүй. Төрийн албан хаагч олон байдаг; би тэдний бүгдэд нь хариулах ёстой гэж үү? Төрийн тодорхой ажлыг хариуцдаг тусгай хүмүүс байдаг—чи үнэхээр энэ хэргийг хариуцдаг юм уу? Чи хариуцдаг байсан ч би хууль зөрчөөгүй, тэгэхээр би яагаад чамд хариулах ёстой гэж? Яагаад би чамд бүх зүйлийг хэлэх ёстой гэж? Хэрвээ чи намайг ямар нэг буруу зүйл хийж, хууль зөрчсөн гэж бодож байвал нотлох баримтаа гаргаад ир. Харин чи намайг өөрийнхөө асуултад хариулаасай гэж хүсэж байвал миний өмгөөлөгчтэй очиж ярь. Би чамд хариулах үүрэг хүлээгээгүй, чамд ч асуух эрх байхгүй!” гэж хэл. Ингэж хариулах арга ямар байна? Энэ нь нэр төртэй байдлыг илтгэж байна уу? (Тийм.) Тэгвэл та нарын хариулт юуг харуулсан бэ? Нэр төртэй байдлыг илтгэсэн үү? (Үгүй.) Та нарынх шиг хариулах нь хууль мэддэггүйг харуулдаг. Чи бусдын асуусан болгонд л хариулдаг, тэгээд эцэст нь юу болдог вэ? Иудас болдог. Та нар бодлогогүй хариулж чаддаг, үүнд нэг шалтгаан бий: Агуу улаан лууны орны хүмүүс Бурханд итгэгчид бол мэдлэггүй, доод давхаргын, төрд хавчигдсан хүмүүс, энэ улсад хүний эрх, нэр төргүй амьдрах ёстой гэж бодтолоо суртал ухуулгад автаж, тархиа угаалгасан; иймээс итгэгчид өөрсдийгөө дорд давхаргад оруулдаг. Барууны орнуудад ирснийхээ дараа тэд хүний эрх гэж юу болох, нэр төр гэж юу болох, иргэний үүрэг гэж юу болох гэх мэтийг ойлгодоггүй. Тиймээс хэн нэгэн чамаас Бурханд итгэдэг эсэхийг чинь асуухад чи айсандаа яаран хүлээн зөвшөөрч, мэддэг бүхнээ хэлдэг ба ямар ч биеийн хэмжээ харуулдаггүй. Энэ бүхэн хэнээс болсон бэ? Энэ нь агуу улаан лууны суртал ухуулга, засаглалаас болсон. Эх газрын хүн бүрийн далд ухамсарын гүнд, Бурханд итгэмэгц энэ нийгэм болон хүн төрөлхтний дунд хамгийн дорд байр суурьтай болдог; нийгэм, хүн төрөлхтнөөс таслагддаг гэсэн үзэл санаа байдаг. Тиймээс энэ хүмүүст нэр төр, хүний эрх, өөрийгөө хамгаалах ухамсар байхгүй; тэд тэнэг, мэдлэггүй, алсын хараагүй тул бусад хүн дураараа дээрэлхэж, явуулга хийхийг зөвшөөрдөг. Энэ бол та нарын сэтгэлгээ. Бурханы төлөө гэрчлэлдээ бат зогсох нь байтугай чи хэдийд ч Түүнээс урваж, хэдийд ч Иудас болдог. Тэгвэл яаж нэр төртэй авирлах вэ? Чамаас асуулт асуусан танихгүй хүнтэй яаж нүүр тулах ёстой вэ? Эхлээд хэн болохыг нь асуу, дараа нь албаны үнэмлэхээ үзүүлэхийг шаард. Энэ бол хууль ёсны зөв арга хэмжээ юм. Барууны орнуудад цагдаа юм уу төрийн албан хаагчид төрийн нэрийн өмнөөс ажиллаж, олон нийттэй харилцахдаа үргэлж эхлээд албаны үнэмлэхээ үзүүлдэг. Тэдний үнэмлэхэд үндэслэн хэн болохыг нь баталгаажуулсны дараа чи тэдний асуултад хэрхэн хариулах, эсвэл чамд тавьсан шаардлагыг нь хэрхэн зохицуулахаа шийднэ. Мэдээж, энэ хэрэг явдал дээр сонголт хийх боломж чамд гарцаагүй бий, чамд бие даасан байдал гарцаагүй бий, чи утсан хүүхэлдэй биш. Хэдийгээр чи хятад хүн, Төгс Хүчит Бурханы Чуулганы гишүүн боловч өөрийн оршин суугаа улсынхаа хууль ёсны, хүлээн зөвшөөрөгдсөн гишүүн юм. Чамд бие даасан байдал бий гэдгийг бүү март; чи ямар нэг улсын боол, хоригдол биш, энэ улсын хууль, хүний эрх, тогтолцоог эдэлж чадах нэгэн билээ.

Миний нөхөрлөсөн агуулгад үндэслэн та нар гэнэтийн нөхцөл байдал, гэнэтийн үйл явдалтай хэрхэн нүүр тулах ёстой вэ? Энэ бол бидний нөхөрлөх гэж буй дөрөв дэх зүйл—бүү хулчий. Зарим хүн: “Хулчийхгүй байх гэдэг нь зүгээр л тэнэг зоригтой авирлана гэсэн үг үү?” гэж асуудаг. Үгүй ээ, хулчийхгүй байна гэдэг нь ямар ч хүчнээс айхгүй байна гэсэн үг, яагаад гэвэл бид гэмт хэрэгтнүүд биш, боолууд биш; бид бол Бурханы нэр төртэй сонгогдсон хүмүүс, Бүтээгчийн дээд эрх доорх нэр төртэй бүтээгдсэн хүмүүс юм. Энэ явдалд хандахдаа юун түрүүнд бүү хулчий; үүнээс гадна, үүргээ болон үүргээ гүйцэтгэдэг орчноо идэвхтэй хадгалж, янз бүрийн орчин нөхцөл, биднийг онилсон янз бүрийн хүчний үг яриа, үйлдэл болон бусад зүйлтэй идэвх санаачилгатай хандлагаар нүүр тул. Идэвхтэйгээр нүүр тулж, хулчийхгүй байх—ийм хандлагыг та нар юу гэж бодож байна? (Сайн.) Ингэж амьдрах нь нэр төртэй, хүн шиг байдаг; энэ нь зүгээр л арай ядан аргацааж амьдрах явдал биш юм. Бид үүргээ гүйцэтгэхээр хилийн чанадад ирсэн болохоос ходоодоо дүүргэж, амь зуухын тулд ирээгүй; бид ямар ч хууль зөрчөөгүй, аль ч улсад төвөг учруулаагүй, ямар нэг улсын боол мэдээж биш. Бид Бурханы гэрт бүтээгдсэн зүйлсийн үүргийг гүйцэтгэж байгаа; бид бусдаас хамааралгүй, өөрсдийгөө тэжээдэг; энэ нь бүрэн хууль ёсны юм.

Сая бидний ярилцсан энэ дөрвөн зүйл дор бүрнээ маш чухал. Нэг дэх зүйл нь юу вэ? (Хилийн чанадад ч бай, Хятадад ч бай, Бурханы төлөө үнэн сэтгэлээсээ өөрийгөө зарлагадаж, үүргээ гүйцэтгэх нь эрт дээр үеэс өнөөг хүртэлх бүх хүн төрөлхтний дундах хамгийн шударга үйл хэрэг юм. Бид үүргээ гүйцэтгэж байгаа нь нууц далд биш, харин ил тод, илэн далангүй байдаг, учир нь бидний одоо хийж байгаа зүйл бол хүн төрөлхтний дундах хамгийн шударга үйл хэрэг юм.) Хоёр дахь нь? (Бурхан бүх зүйл, бүх үйл явдлыг захирдаг. Дэлхийн захирагчид болон дэлхий дээрх аливаа хүчнийг оролцуулаад бүх зүйлийг Бурханы гар захирч, хянадаг—хэн ч хувь тавилангаа өөрөө хянадаггүй. Бид ч ялгаагүй; бидний хувь тавиланг Бурханы гар захирч, хянадаг бөгөөд бидний хаашаа явах, хаана үлдэх зүг чигийг хэн ч өөрчилж чадахгүй. Бидний амьдарч буй улс орны захирагчийн засаглал, тогтолцоо ямар байх, энэ улсын амьдрах орчин ямар байх, тэдгээр нь бидэнд заналхийлж, дайсагнаж, эсвэл найрсаг байх нь хамаагүй—энэ бүхэн Бурханы дээд эрхийн дор байдаг бөгөөд бидэнд санаа зовох, түгших зүйл байхгүй.) Гурав дахь зүйл нь? (Бид хаана ч байсан, чадвар, хэв чанараасаа үл хамааран, бид бол өчүүхэн бүтээгдсэн зүйлсийн нэг хэсэг төдий. Бидний биелүүлэх ёстой цорын ганц үүрэг, хариуцлага бол Бүтээгчийн дээд эрх, зохицуулалт, зохион байгуулалтыг дуулгавартай дагах явдал юм. Хэдийгээр бид одоо эрх чөлөөт улсад байгаа ч хэрэв нэг л өдөр Бурхан биднийг хавчиж, хорлох дайсны хүчийг босговол бид яасан ч гомдоллох ёсгүй. Учир нь бидний даалгавар, хариуцлага, үүрэг бол Бурханы хийдэг бүхнийг, Бурханы зохион байгуулдаг бүхнийг дуулгавартай дагах явдал юм.) Дөрөв дэх зүйл бол гаднын бүх хүн, үйл явдал, зүйлтэй хулчийлгүйгээр, идэвхтэй нүүр тулах явдал юм. Энэ дөрвөн зүйл бол үүргээ гүйцэтгэдэг хүн бүрд байх ёстой хандлага, ойлголт, мөн үүргээ гүйцэтгэдэг хүн бүрийн ойлгох ёстой үнэн юм. Хэдийгээр энэ дөрвөн зүйл нь өнөөдөр нөхөрлөсөн удирдагч, ажилчдын найм дахь хариуцлагатай нэг их холбоогүй ч бид ажлын бэрхшээлийн талаар ярьж байгаа болохоор эдгээр хэрэг явдлыг хөндөх хэрэгтэй; энэ нь хий дэмий биш.

В. Бэрхшээл тулгарах үед удирдагч, ажилчдын хэрэгжүүлэх ёстой зарчмууд

Зарим удирдагч, ажилчин гадаад хэрэг явдлыг зохицуулахад нэлээд хэцүү асуудалтай тулгараад аргаа барж, асуудлын уг үндсийг нэвт харж чаддаггүй, үүнд яаж хандахаа ч мэддэггүй. Тэд зүгээр л тоохгүй орхиж, хэрэг явдал хойшлогдоход хүргэдэг. Энэ ямар асуудал вэ? Энэ бол хуурамч удирдагчид ажил хийж чаддаггүй, зөвхөн саатал учруулж буй хэрэг юм. Хуурамч удирдагчид хэвийн хүний эрүүл ухаанаар дутмаг байдаг; нэгэнт асуудлыг зохицуулж чадахгүй байж тэд яагаад Дээрхэд мэдээлдэггүй юм бэ? Хэрвээ чи асуудлыг Дээрхэд мэдээлбэл бид хамтдаа нүүр тулж, асуудал эцэстээ шийдвэрлэгдэнэ. Та нарын нэвт харж чаддаггүй зарим зүйл байдаг; Би та нарт дүн шинжилгээ хийхэд тусалъя. Бид хууль, засгийн газрын дүрэм журмыг зөрчихгүй л бол даван туулшгүй том асуудал гэж үгүй. Үнэн-зарчимтай холбоотой асуудлыг бид өөрсдөө шийдвэрлэдэг; хуультай холбоотой асуудлын тухайд бид хуулийн зөвлөгөө тусламж авч, хуулийн аргаар шийдвэрлэж болно. Ямар ч ёрын муу хүчнүүд Бурханы гэрийн ажлыг санаатайгаар үймүүлж, хорлон сүйтгэх нь хамаагүй, нэг зүйлийг санаж яв: Бид хууль зөрчиж, засгийн газрын дүрэм журмыг зөрчөөгүй л бол хэн ч биднийг яаж ч чадахгүй. Яагаад гэвэл, хилийн чанад дахь ихэнх орон ардчилсан, хуулинд захирагддаг; ёрын муу хүчнүүд хууль зөрчлөө ч гэсэн ил болж, хуулийн дагуу шийтгүүлэхээс айдаг. Энэ бол баримт. Агуу улаан лууны бараан гарууд Бурханы гэрийн ажлыг хэрхэн үймүүлж, хорлон сүйтгэж, хэвийн амьдралыг маань хэрхэн залхаах нь хамаагүй, эсвэл муу юм хийлгэхээр хэн нэгнийг хөлсөлсөн ч бай хамаагүй, бид зураг авч, жинхэнэ видео хийж, үнэн зөв тэмдэглэлийг нухацтай хөтөлж, цаг хугацаа, газар, холбогдох хүмүүсийг тодорхой бичиж тэмдэглэх ёстой. Цаг нь болоход бид хуулийн дагуу шийдвэрлэх бөгөөд үүнээс айх шаардлагагүй. Агуу улаан лууны дарангуйлал хэчнээн галзуу байсан ч Бурхан бидний дэмжлэг учраас бид айхгүй, нэг л өдөр Бурхан гамшиг илгээж үүнийг устгана, Бурхан үүнийг шууд залхаан цээрлүүлнэ, бид юу ч хийх шаардлагагүй. Заримдаа та нар зарим асуудлыг нэвт харж чаддаггүй; тийм тохиолдолд хурдхан дээш нь мэдээлэх ёстой, Дээрх та нарт замыг харуулж, том асуудлыг жижиг болгож, жижиг асуудлыг шийдвэрлэнэ. Үнэндээ олон асуудал дээр та нар дүн шинжилгээ хийж чаддаггүй, мөн чанарыг нь нэвт харж чаддаггүй бөгөөд уг нөхцөл байдлыг том, ноцтой гэж боддог, гэвч Дээрх дүн шинжилгээ хийсний дараа та нар энэ нь үндсэндээ юу ч биш гэдгийг ухаарна; айх зүйлгүй, том юм юу ч байхгүй—зүгээр л хөндий хүйтэн, хөндлөнгөөс оролцохгүй байх арга барил ашигла, тэгвэл хэсэг хугацааны дараа аяндаа өөрөө шийдвэрлэгдэнэ. Ёрын муу хүчний үймээн том шуугиан тарьж чадахгүй; тэд олон нийтэд илчлэгдэхээс хамгийн их айдаг тул хил хязгаарыг давж зүрхэлдэггүй. Хэрэв цөөн хэдэн алиа салбадай хил хязгаарыг давж зүрхэлбэл бид хуулийн дагуу шийдвэрлэж, хуулийн арга хэмжээ авч болно. Энэ бол бүх удирдагч, ажилчдын нэвт харах ёстой зүйл юм. Ямар ч нөхцөл байдал тулгарсан бай, яавч мунгинаж, тэнэглэж болохгүй. Хэрвээ чи өөрөө нөхцөл байдлыг нэвт харж, зохицуулж чадахгүй бол дээш нь яаралтай мэдээлж, Дээрхээр өөртөө зөвлөгөө өгүүлж, арга чарга заалгах ёстой. Ганцхан айх зүйл бол, хуурамч удирдагчид асуудлыг нэвт харж, зохицуулж чаддаггүй атлаа Дээрхэд мэдээлдэггүй, эсвэл Дээрхийг мэдээллээр хангадаггүй явдал юм; тэд нөхцөл байдал хурцдаж, ажлыг саатуулсны дараа л дээш нь мэдээлдэг бөгөөд асуудлыг зохицуулах хамгийн сайхан боломжийг алдах магадлалтай байдаг. Энэ нь яг л хорт хавдартай хүн цаг тухайд нь үзүүлж, эмчлүүлэлгүй, хорт хавдрынхаа хожуу үе шатанд хүрээд л эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр очдогтой адил, гэвч тэр үед хэтэрхий оройтсон байдаг тул үхлээ хүлээхээс өөр аргагүйд хүрдэг. Тиймээс хуурамч удирдагчид ажилдаа аливаа хэрэг явдлыг хойшлуулах магадлал хамгийн өндөр байдаг. Хуурамч удирдагчид бол оюуны хомсдолтой, хариуцлага ч хүлээдэггүй, Бурханы гэрийн ажлыг ч хамгаалдаггүй өөдгүй этгээдүүд юм. Яагаад хуурамч удирдагчдыг адгийн шаар, гай дагуулагч, хамгийн эрүүл ухаангүй тэнэгүүд гэж хэлдэг вэ? Яг ийм учраас л тэр. Гаднын хэргийг ч зохицуулж чаддаггүй, ийм муу хэв чанартай аливаа хуурамч удирдагчийг Бурханы гэрийн ажлыг цаашид саатуулахаас сэргийлж, нэн даруй чөлөөлж, таягдан хаяад, хэзээ ч дахин ашиглах ёсгүй. Хуурамч удирдагчдын ажил хамгийн их саад болдог. Ихэвчлэн, асуудал гарах үед цаг тухайд нь бүгдээрээ зөвлөлдвөл шийдвэрлэж болдог; ганцхан санаа зовоодог зүйл бол хариуцсан хуурамч удирдагч нь оюуны хомсдолтой, асуудлыг өөрөө шийдвэрлэж чаддаггүй хэр нь шийдвэр гаргах багтай ярилцдаггүй, Дээрхэд мэдээлдэггүй, хайхрамжгүй хандлага баримталж, асуудлыг нууцалж, дарагдуулах явдал—энэ нь хэрэг явдлыг хамгийн их саатуулдаг. Хэрэв асуудал хойшлогдож, нөхцөл байдал өөрчлөгдвөл асуудлыг зохицуулах санаачилга алдагдаж, идэвхгүй нөхцөл байдалд хүргэж магадгүй. Энэ юуг нотолж байна вэ? Зарим зүйлийг хойшлуулж болохгүй, хурдхан, юун түрүүнд шийдвэрлэх ёстой. Гэвч хуурамч удирдагчид үүнийг мэддэггүй, тиймээс хэт муу хэв чанартай хүмүүс удирдагч болж яасан ч болохгүй. Хуурамч удирдагчид зөвхөн хэдэн бичиг үсэг, хоосон сургаал чалчихаа л мэддэг, ямар ч бодитой асуудлыг шийдвэрлэж чаддаггүй; тэд нэг бол хүмүүсийг хорлодог, аль эсвэл саатал учруулдаг. Зөвхөн эдгээр хуурамч удирдагчийг чөлөөлж, ачаа үүрдэг, хариуцлагын мэдрэмжтэй хүмүүсийг удирдагч, ажилчнаар сонгосноор л чуулганы ажил хэвийн явагдаж чадна. Ямар ч асуудал тулгарсан, үнэнийг эрж хайж чадаж л байгаа бол тэдгээрийг шийдвэрлэх арга зам бий. Гаднын хэрэг явдал, агуу улаан лууны учруулсан үймээнийг шаардлагатай үед хуулийн дагуу шийдвэрлэж болно, энэ бол том зүйл биш. Бид хууль зөрчиж, засгийн газрын дүрэм журмыг зөрчөөгүй л бол хэн ч биднийг яаж ч чадахгүй, ийм итгэлтэйгээр бид Сатан эсвэл диаволуудын ямар ч үймээнээс айх хэрэггүй.

Одоо хуурамч удирдагчдын асуудлыг задлан шинжилж, ойлгох ёстой. Чуулганы ажлыг сайн гүйцэтгэхэд энэ нь нэн чухал! Одоо хэдүүлээ хуурамч удирдагчид өөрсдөө шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгараад яагаад Дээрхэд мэдээлдэггүй талаар нөхөрлөцгөөе. Үүнийг бид хэрхэн үзэх ёстой вэ? Та нар бүгдээрээ үүнд дүн шинжилгээ хийж, үүнээс ашиг тус хүртэж болно. Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй гэдэг асуудал аль хэдийн ноцтой байдаг ч үүнээс ч илүү ноцтой асуудал бий: Чуулганд ёрын муу хүмүүс, антихристүүд үймээн дэгдээх үед хуурамч удирдагчид үүнийг зохицуулдаггүй төдийгүй бүр ч дор зүйл гэвэл, тэд Дээрхэд мэдээлж чаддаггүй, ёрын муу хүмүүс, антихристүүдээр чуулганыг үймүүлүүлдэг—тэд хөндлөнгөөс тайван ажиглаж, хэнийг ч гомдоодоггүй. Чуулганы ажлыг ямар ч хэмжээнд үймүүлсэн бай, хуурамч удирдагчид тоодоггүй. Энд ямар асуудал байна вэ? Ийм хуурамч удирдагчид дэндүү ёс суртахуунгүй биш гэж үү? Зөвхөн энэ баримтад тулгуурлаад л ийм хуурамч удирдагчдыг хөөхөд хангалттай. Хуурамч удирдагчид ёрын муу хүмүүс, антихристүүдэд чуулганыг чөлөөтэй үймүүлэх боломж олгох нь чуулганыг болон Бурханы сонгосон хүмүүсийг энэ ёрын муу хүмүүс, антихристүүдэд тушааж, ёрын муу хүмүүс, антихристүүдийн бамбай болж байгаатай адилхан. Энэ нь чуулганы ажилд хэтэрхий их хохирол учруулдаг! Ганцхан энэ зүйлээс харахад л хуурамч удирдагчдыг чөлөөлөх үү, үгүй юу гэдэг асуудал биш, харин цэвэрлэх үү, үгүй юу гэдэг нь асуудал юм. Хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүй байх, эсвэл хуурамч удирдагчид ёрын муу хүмүүс, антихристүүдээр чуулганыг үймүүлүүлдэг байхын аль нь шинж чанарын хувьд илүү ноцтой вэ? Бодитой ажил хийхгүй байх нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролт болон чуулганы ажлын ахицад нөлөөлж чадна; энэ нь аль хэдийн томоохон хэргийг саатуулдаг. Гэвч хуурамч удирдагчид ёрын муу хүмүүс, антихристүүдэд чуулганыг дур мэдэн үймүүлэх боломж олгож, шийдэл эрж хайхгүй, Дээрхэд мэдээлэхгүй бол үр дагавар нь төсөөлөхийн аргагүй болдог. Ядаж л чуулганы амьдрал ёрын муу хүмүүс, антихристүүдээс болж бүрэн эмх замбараагүй, будлиантай болохоос гадна чуулганы ажил сүйрч, зогсонги байдалд ордог. Энэ нь сайн мэдээний ажил түгэхэд шууд нөлөөлөхгүй гэж үү? Үр дагавар нь үнэхээр ноцтой! Тиймээс хэрвээ хуурамч удирдагчид ийм алдаа гаргавал тэднийг хөөх ёстой. Олон удирдагч, ажилчин Дээрхэд асуудал мэдээлэх талаар үргэлж зөрүүтэй бодол, үзэл тээдэг. Зарим нь: “Асуудлыг Дээрхэд мэдээллээ ч шийдэгдэхгүй байж магадгүй” гэдэг. Энэ бол утгагүй яриа! “Шийдэгдэхгүй байж магадгүй” гэдэг чинь юу гэсэн үг вэ? Чи шийдэж чадахгүй байлаа гээд Дээрх чадахгүй гэсэн үг биш. Хэрвээ Дээрх чамд зам өгвөл асуудал үнэн хэрэгтээ үндсэндээ шийдэгдэнэ; хэрвээ Дээрх зам өгөхгүй бол чи замгүй үлдэнэ. Чи ийм өчүүхэн асуудлыг ч нэвт харж чадахгүй; чи дэндүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг! Зарим хүн бас “Бидэнд бэрхшээл, асуудал тулгарах үед эхлээд хэдэн өдөр тунгаан бодож, үнэхээр шийдэл олж чадахгүй болбол л мэдээлэх хэрэгтэй” гэдэг. Ингэж хэлдэг хүмүүс жаахан эрүүл ухаантай мэт сонсогдож болох ч хэдэн өдөр тунгаан бодох нь саатал учруулах магадлалтай биш гэж үү? Хэд хоног тунгаан бодсоноор асуудлыг шийдвэрлэнэ гэдэгтээ чи итгэлтэй байж чадах уу? Энэ нь улам саатуулахгүй гэсэн баталгаа өгч чадах уу? Бусад хүн: “Хэрвээ бид асуудлыг даруй мэдээлбэл Дээрх биднийг ийм өчүүхэн асуудлыг ч нэвт харж чадахгүй гэж бодох бус уу? Биднийг тэнэг, мэдлэггүй гэж нэрлээд засах бус уу?” гэдэг. Тэдний ингэж хэлдэг буруу—чи асуудлыг мэдээлэх эсэхээс үл хамааран, хэв чанарын чинь чансаа аль хэдийн илэрхий байдаг; Дээрх бүгдийг мэднэ. Хэрвээ чи зарим асуудлыг мэдээлэхгүй бол Дээрх чамайг өндрөөр үнэлнэ гэж бодож байна уу? Хэрвээ чи асуудлыг мэдээлээд, энэ нь чухал хэргийг саатуулаагүй бол Бурханы гэр чамд хариуцлага тооцохгүй. Харин хэрвээ чи мэдээлэлгүй, улмаар сааталд хүргэвэл чамд шууд хариуцлага тооцож, чамайг нэн даруй чөлөөлж, хэзээ ч дахин ашиглахгүй. Бурханы сонгосон хүмүүс ч бас чамайг мэдлэггүй, тэнэг, оюуны хомсдолтой, сэтгэцийн өвчтэй гэж үзэж, чамайг үзэн ядаж, үүрд жигшин зэвүүцнэ. Асуудал мэдээлснийхээ төлөө Дээрхээр засуулж, дорд үзэгдэхээс үргэлж айдаг хүмүүс бол хэв чанар муутай, хамгийн тэнэг юм; тэднийг чөлөөлж, хэзээ ч дахин ашиглах ёсгүй. Ийм муу хэв чанартай атлаа нэр нүүрээ бодсоор байх нь үнэхээр ичгүүр сонжуургүй хэрэг биш гэж үү? Надад хэл дээ, ажлаа муу хийдэг төдийгүй чухал хэргийг саатуулдаг хуурамч удирдагчид жигшүүртэй биш гэж үү? Тэднийг чөлөөлөх ёстой юу? (Тийм.) Хэрэв том асуудалтай тулгараад саатал, ноцтой үр дагавар учруулалгүйгээр цаг тухайд нь мэдээлж чаддаг бол ийм удирдагчдыг хэрхэн үзэх ёстой вэ? Ядаж л тэд эрүүл ухаантай, чуулганы ажлыг хамгаалж чаддагт тооцогдоно. Ийм удирдагчдыг үргэлжлүүлэн ашиглах ёстой юу? Тэгэх ёстой. Хамгийн оюуны хомсдолтой удирдагчид л засуулахаас айсандаа асуудлыг мэдээлэхээс татгалзана. Ийм удирдагчдыг ирээдүйд ашигласаар байж болох уу? Тэднийг цаашид ашиглаж болохгүй гэж Би бодож байна, учир нь тэднийг ашиглах нь хэтэрхий их саатал учруулдаг. Одоо та нар бүгдээрээ иймэрхүү асуудлыг нэвт харж чаддаг байх ёстой, тийм үү? Өөрсдийнхөө зохицуулж чадахгүй асуудалтай тулгарах үедээ шийдвэр гаргах багт яаралтай мэдээлж, шийдэл олохоор нөхөрлө. Хэрэв шийдвэр гаргах баг зохицуулж чадахгүй бол Дээрхэд нэн даруй мэдээл; тэр, энэ зүйлд бүү санаа зов, асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж чаддаг байх нь хамгийн чухал. Дөнгөж сая дурдсан жишээ бүх чуулганд байдаг; ийм бэрхшээл, асуудлууд гарч ирнэ. Чуулганы зарим дотоод бэрхшээлтэй харьцуулахад эдгээр гадаад асуудал нь илүү ноцтой үр дагавартай байдаг. Тиймээс чуулганы дотоод асуудалтай харьцуулахад гадаад асуудлын бэрхшээл нь арай илүү их байдаг. Хэрэв та нар гадаад асуудалтай тулгарвал тэдгээрийг зөвлөлдөх замаар эсвэл Дээрхэд мэдээлэх замаар яаралтай шийдвэрлэх ёстой; энэ нь нэн чухал. Зөвхөн ийм маягаар хэрэгжүүлснээр л чуулганы ажлын хэвийн ахицыг хангаж, хаанчлалын сайн мэдээг саадгүй түгээхийг баталгаажуулж чадна. Чуулганы гадаад асуудлыг зохицуулах зарчмын талаарх бидний нөхөрлөл ингээд дууслаа.

Чуулган бүрд хэв чанар муутай зарим хүн байдаг бөгөөд тэд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж бэрхшээлтэй тулгардаг, тэдэнд үнэнийг яаж ч нөхөрлөсөн хэрэгжүүлэлтийн зарчмыг олж чаддаггүй, ямар ч бодит үр дүнгүйгээр зүгээр л дүрэм журмыг сохроор хэрэгжүүлдэг. Тийм тохиолдолд энэ хүмүүсийн үүргийн хуваарилалтыг тохируулах хэрэгтэй. Ингэж тохируулах нь боловсон хүчнийг дахин хуваарилах явдал юм. Жишээ нь, нэг хүн чухал ажил хариуцдаг ч ажилдаа зарим нэг асуудалтай тулгарч, түүнтэй яаж ч нөхөрлөсөн асуудлыг нь шийдвэрлэж чаддаггүй. Чи асуудлын мөн чанарыг эсвэл энэ хүнийг цаашид ашиглаж болох эсэхийг нэвт харж чаддаггүй, ажиглалт, нэмэлт нөхөрлөл ч ямар нэг үр дүнд хүрдэггүй. Хэдийгээр энэ хүн ажилд хэт их саатал учруулдаггүй ч эгзэгтэй асуудлууд нь хэзээ ч шийдвэрлэгддэггүй, энэ нь чиний сэтгэлийг нэг л тавгүйтүүлж орхидог. Ийм зүйлтэй тулгарах үедээ чи яах ёстой вэ? Энэ бол нэн чухал асуудал. Хэрвээ чи өөрөө шийдвэрлэж чадахгүй бол удирдагч, ажилчдын цуглаан дээр авчирч нөхөрлөж, задлан шинжилж, дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Эцэст нь зөвшилцөлд хүрч чадвал асуудал шийдвэрлэгдэнэ. Хэрэв ийм маягаар хэрэгжүүлээд асуудал шийдэгдэхгүй удааширвал чухал хэргийг саатуулах боломжтой юу? Хэрэв тэгэх боломжтой бол аль болох хурдан Дээрхэд мэдээлж, шийдэл эрж хайх хэрэгтэй. Товчхондоо, ажилд чинь ямар ч төөрөгдөл, бэрхшээл тулгарсан, Бурханы сонгосон хүмүүсийн үүргээ гүйцэтгэхэд нөлөөлж, чуулганы ажлын хэвийн ахицад саад болж л байвал асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх ёстой. Хэрэв чи асуудлыг өөрөө шийдвэрлэж чадахгүй бол үнэнийг ойлгодог хэдэн хүнийг олж, хамтдаа шийдвэрлэ. Хэрэв ингэсэн ч нэмэргүй бол чи асуудлыг гаргаж тавиад, Дээрхэд мэдээлж шийдэл эрж хайх ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын хариуцлага ба хүлээх үүрэг юм. Удирдагч, ажилчид ямар ч бэрхшээл, ямар ч төөрөгдөлтэй тулгарсан нухацтай хандах ёстой бөгөөд асуудал, бэрхшээл олж илрүүлснийхээ дараа зүгээр л хэдэн бичиг үсэг, хоосон сургаал номлож, ах эгч нарыг зоригжуулах гэж уриа лоозон хашхирч, эсвэл тэднийг засаад, болчихлоо гэж үзэж болохгүй. Заримдаа бичиг үсэг, хоосон сургаал ярих нь зарим өнгөцхөн асуудлыг шийдэж болох ч эцсийн эцэст асуудлын үндсийг шийдэж чадахгүй. Уг үндэс, завхарсан зан чанар, хүмүүсийн үзэл, төсөөлөлтэй холбоотой асуудлуудыг Бурханы үгэнд үндэслэн үнэнийг нөхөрлөснөөр шийдвэрлэх ёстой. Мөн хүмүүсийн хувийн бэрхшээл, хүрээлэн буй орчны асуудал, үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэгтэй холбоотой асуудлууд ч бий; эдгээр бодит асуудлыг бүгдийг нь удирдагч, ажилчид шийдвэрлэх шаардлагатай. Эдгээр асуудлын дотроос удирдагч, ажилчдын шийдвэрлэж чадахгүй аливаа төөрөгдөл, бэрхшээлийг удирдагч, ажилчдын цуглаан дээр авчирч задлан шинжилж, дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх юм уу шийдэл олохын тулд үнэнийг эрж хайхаар Дээрхэд шууд мэдээлж болно. Үүнийг бодитой ажил хийх гэж нэрлэдэг бөгөөд ийм маягаар бодитой ажил хийж дадлагажсанаар л хүний биеийн хэмжээ өсөж, үүргээ сайн гүйцэтгэж чадна. Удирдагч, ажилчид хариуцлагын мэдрэмжтэй л бол хэзээ ч, хаана ч асуудлыг олж илрүүлнэ; өдөр бүр тэдний шийдвэрлэх ёстой асуудал гэж байдаг. Жишээ нь, хэн нэгэн хүн Төгс Хүчит Бурханд итгэдэг эсэхийг чинь асуух нэг тохиолдлын талаар Би дурдсан ба та нар бүгд самгардсан. Эхэндээ хүн болгон “тийм” гэж хариулна гэсэн ч дараа нь зарим нь энэ зөв хариулт биш гэсэн, бусад нь мэдэхгүй гэж хэлсэн; янз бүрийн л хариулт байсан. Эцэст нь удирдагч, ажилчид ч бас будилж, “Төгс Хүчит Бурханд итгэдэггүй гэж хэлбэл бусдын өмнө Бурханыг үгүйсгэсэн хэрэг болно, тэгвэл Бурхан биднийг хүлээн зөвшөөрөхгүй—гэхдээ Төгс Хүчит Бурханд итгэдэг гэж хэлбэл үр дагавар нь ямар байх вэ? Аль нь ч буруу юм шиг санагдаж байна” гэж бодсон. Удирдагч, ажилчид үүнийг хэрхэн шийдвэрлэхээ мэдээгүй, шийдвэр гаргаж чадаагүй; тиймээс ах, эгч нар ийм нөхцөл байдалтай дахин тулгарах үедээ зөв үзэл бодол, хандлагагүй хэвээр байх бөгөөд асуудал шийдвэрлэгдэлгүй үлдэнэ, энэ нь удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлээгүй гэсэн үг—тэд хариуцлага алдсан. Хариуцлагаа гүйцэтгэж чадахгүй байх нь ур чадвар, хэв чанарын асуудал боловч ийм асуудал гарах үед шийдвэрлэгдээгүй гэдгийг нь мэдвэл чи яах ёстой вэ? Чи тэдгээрийг үл тоож, эсвэл хэрэг явдлыг дарж намжаан, хүн бүрд дураараа авирлаж, хүссэнээрээ хийх боломж олгох ёсгүй. Үүний оронд чи Дээрхэд мэдээлж, ийм нөхцөл байдалд авах тохиромжтой арга хэмжээ, хэрэгжүүлэлтийн замыг эрж хайх ёстой. Эцэст нь, ийм нөхцөл байдалд Бурханы санаа зорилго юу болох, хүмүүс ямар зарчмыг баримтлах ёстой, ямар хандлага, байр суурьтай байх ёстойг хүн бүрд ойлгуулах ёстой. Тэгвэл ирээдүйд ийм нөхцөл байдалтай дахин тулгарах үедээ тэд үнэн-зарчмыг ойлгож, хэрэгжүүлэлтийн замтай болно. Ийм маягаар удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Тэгвэл Төгс Хүчит Бурханд итгэдэг эсэхийг та нараас асуухад эхэндээ та нар яагаад бүгд “тийм” гэж хариулна гэсэн юм бэ? Үүнд нэг шалтгаан бий: Удирдагч, ажилчид ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар та нартай хэзээ ч нөхөрлөж байгаагүй. Тэд үүнийг ялихгүй хэрэг гэж үздэг, энэ талаар хүн бүр өөрийн гэсэн ойлголттой байдаг, хүн бүр хүссэнээрээ ойлгож, зөв гэж үзсэнээрээ хэрэгжүүлж болно гэж үздэг. Үр дүнд нь, энэ асуултыг та нараас асуухад янз бүрийн хариулт гарч ирсэн. Тэгвэл та нар одоо энэ хэрэг дээр дүгнэлтэд хүрсэн үү? Хэн нэгэн хүн Төгс Хүчит Бурханд итгэдэг эсэхийг чинь асуувал чи яах ёстой вэ? Нэгдүгээрт, тэд хэн болохыг асуу. Хоёрдугаарт, үнэмлэхээ үзүүлэхийг тэднээс хүс. Хэрэв тэд чамаас өөр хувийн мэдээлэл асуувал хариулт бүү өг. Тэд үнэмлэхээ үзүүлсэн ч бүү хэл, учир нь энэ бол чиний хувийн нууц. Чи хэдэн жил Бурханд итгэсэн, хэн чамд сайн мэдээ номлосон, чи хаана үүргээ гүйцэтгэж байсан, итгэл чинь хэр хүчтэй, ирээдүйн замаа хэрхэн сонгох, үнэнийг хэрхэн эрэлхийлж, олж авах—эдгээр хэрэг явдал нь бидний хувьд хэтэрхий үнэ цэнтэй, үүнийг танихгүй хүнтэй хөнгөн хуумгай хуваалцаж болохгүй. Тэдэнд ийм чухал мэдээллийг асууж лавлах эрх байхгүй. Хэрэв удирдагч, ажилчид ийм асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол Дээрхэд даруй мэдээлэн шийдэл эрж хайж, хариулах зохистой аргыг асуух ёстой. Дээрх чамайг шоолохгүй; сайндаа л чамайг хэтэрхий тэнэг гэж хэлнэ. Ямар ч байсан, асуудлыг шийдвэрлэж чадах нь хамгийн сайн үр дүн юм.

Өнөөдөр бид удирдагч, ажилчдын найм дахь үүрэг хариуцлага—ажилд тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, шийдвэрлэхээр эрж хайх тухайд, төөрөгдөл, бэрхшээл гэж юу болох, мөн удирдагч, ажилчид эдгээр асуудалтай тулгарах үедээ хэрхэн зохицуулж, шийдвэрлэх ёстой, эдгээр хэрэг явдалд хэрхэн хандах талаар голчлон нөхөрлөлөө. Хуурамч удирдагчид эдгээр асуудалтай тулгарах үедээ ямар илрэл гаргадаг тухай дараагийн нөхөрлөлөөр ярилцъя.

2021 оны 3 дугаар сарын 27

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (6)

Дараах: Удирдагч, ажилчдын хариуцлага (9)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх