Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (28)

14-р зүйл:Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь цэвэрлэж, хөөх (VII хэсэг)

Удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлага бол “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь цэвэрлэж, хөөх” явдал юм. Өнгөрсөн удаа бид төрөл бүрийн ёрын муу хүмүүсийг хүн чанарт нь үндэслэн ялган таних, гурван илрэлийг хамарсан хоёр дахь шалгуурын талаар нөхөрлөсөн. Энэ гурван илрэлийг унш даа. (Ж. Хэдийд ч урваж чаддаг байх; З. Хэдийд ч орхин явж чаддаг байх; И. Гуйвж дайвах.) Энэ гурван илрэлийн талаар нөхөрлөсний дараа та нар тэдгээрийг ойлгосон уу? (Тийм ээ.) Ийм асуудалтай хүмүүсийн ихэнх нь ерөнхийдөө үнэнийг ухамсарлах чадваргүй байдаг; тэд үнэн гэж юу болохыг ойлгодоггүй, мөн Бурханд итгэнэ гэж юу гэсэн үг болохыг ч ойлгодоггүй. Түүнчлэн, тэдний зарим нь Бурханд итгэнэ гэдэг чухам юу болохыг нэвт харж чаддаггүй. Тэд Бурханд итгэхийг зүгээр л шашны итгэл үнэмшил гэж боддог бөгөөд шашны зан үйлийг сахихад л хангалттай гэж үздэг. Тэд Бурханд итгэхийн утга учрыг ойлгодоггүй, үүргээ гүйцэтгэхийн утга учрыг ч ойлгодоггүй; тэр ч бүү хэл Бурхан оршдог эсэх талаар зүрх сэтгэлдээ тодорхой байр суурьгүй, Бурханыг дагах зам зөв эсэхэд итгэлгүй байдаг. Тэд хэчнээн олон жил итгэсэн, эсвэл хэчнээн олон номлол сонссон ч үнэн замд хэзээ ч үндэс суурьтай болж чаддаггүй. Үр дүнд нь тэд гуйвж дайвдаг бөгөөд хэрвээ сэтгэлд нь нийцгүй зүйл тохиолдвол хэдийд ч чуулганыг орхих юм уу чуулганаас урваж мэднэ. Ийм хэдэн төрлийн хүмүүстэй харьцах тодорхой зарчим Бурханы гэрт бий. Тэдний нөхцөл байдал өөр өөр байдгаас шалтгаалан тэднийг зохицуулах, шийдвэрлэх тодорхой төлөвлөгөө байдаг; цэвэрлэх ёстойг нь цэвэрлэж, хөөх ёстойг нь хөөнө. Хэдийгээр эдгээр хүний зарим нь ёрын муу хүмүүс биш, антихристүүд бүр ч биш боловч тэдний эдгээр илрэлийн уг чанар болон Бурханд итгэх итгэлд хандах хандлагад нь үндэслэн үзвэл тэд Бурханы гэрийн хүмүүс биш, жинхэнэ ах эгч нар ч биш юм. Тэд чуулганд үлдлээ ч гэсэн үнэнийг ойлгоход тэдэнд маш хэцүү байх болно. Тэдний хувьд үнэнийг ойлгоход хэцүү байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд Бурханы үгийг хэзээ ч ухамсарлаж чаддаггүй, үнэнийг хэзээ ч ойлгож чаддаггүй учраас эцсийн эцэст авралд хүрч чадахгүй, Бурханаар авхуулж чадахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, эцэстээ тэд Бурханы гэрийн хүмүүс болж чадахгүй, жинхэнэ бүтээгдсэн зүйлс болж чадахгүй, мөн бүтээгдсэн зүйлсийн үүргийг биелүүлж, Бурханы өмнө буцаж ирж чадахгүй. Түүнчлэн, тэд чуулганд ихэвчлэн сөрөг үүрэг гүйцэтгэдэг. Тэд эерэг нөлөө үзүүлж чаддаггүйгээр үл барам хааяа бас үймээн, сүйтгэл учруулж, зарим хүний байдалд нөлөөлж, үүргээ гүйцэтгэж байгаа зарим хүнийг үймүүлдэг. Тиймээс чуулган тэднийг зохицуулах зохих арга хэмжээ авч, тэднийг ятгаж явуулах, эсвэл цэвэрлэх юм уу хөөх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд, чуулганд саад, үймээн учруулахыг нь тэдэнд зөвшөөрч болохгүй.

Янз бүрийн ёрын муу хүмүүсийг ялган таних стандарт ба үндэслэл

II. Хүн чанарт нь үндэслэх

И. Гуйвж дайвах

Гуйвж дайвдаг хүмүүс Бурхан үнэхээр оршдог эсэхийг хэзээ ч баттай хэлж чаддаггүй бөгөөд өөрсдийнх нь итгэдэг Бурхан жинхэнэ Бурхан мөн эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Өнөөдөр тэд эндээс эрж хайхыг хүсэж, маргааш нь тэнд очиж сонирхохыг хүсдэг ба аль нь үнэн зам болохыг мэддэггүй, үргэлж харзнах хандлага агуулж байдаг. Ийм хүмүүсийн тухайд, тэднийг даруй ятгаж явуулах хэрэгтэй бөгөөд ингэж хэл: “Чи Бурханы ажил бол үнэн зам гэдгийг хэзээ ч баттай хэлж чаддаггүй, бэрхшээлээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй. Ингэж итгээд ямар үр дүнд хүрэх юм бэ? Чи үнэнийг хайрладаггүй, чуулганы амьдралаар амьдрах дургүй юм чинь өөрийн сонголтод үндэслэн сонирхсон газар руугаа явах хэрэгтэй. Чи бусдаас товойж, өндөр амжилт гаргахыг эрэлхийлэхийг хүсдэггүй гэж үү? Тэгвэл чи ертөнцөд очиж, үүнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Магадгүй чи ертөнцөд баяжиж, албан тушаалтан болж, мөрөөдлөө биелүүлж чадах байх. Чи цаашид Бурханы гэрт хоргодох хэрэггүй.” Ийм хүмүүсийг та нар яавч албадаж, эсвэл үлдээхээр ятгаж болохгүй. Хэрвээ тэд чуулганыг орхихыг хүсвэл явуул. Эдгээр үл итгэгчийг байнга ятгаж, үлдээхээр оролдох нь Бурханы санаа зорилгод нийцэхгүй. Бурханы ажил хэзээ ч хүмүүсийг албаддаггүй бөгөөд шийдэмгий бус хүмүүсийг чи чирч гулдарсаар байх үед үүнд албадлагын шинж чанар байдаг. Энэ хүмүүс гадагшаа гарч ажиллаж, мөнгө олж, сайхан амьдрахыг, эсвэл хувьдаа дуртай зүйлсээ эрэлхийлэхийг хүсдэг. Тэдэнд ийм санаа зорилго үргэлж байсаар ирсэн бөгөөд хувийн хүсэл эрмэлзэл, төлөвлөгөө үргэлж байсаар ирсэн. Хэдийгээр хэн ч үүнийг мэдээгүй ч зан авир нь үүнийг аль хэдийн илчилсэн байдаг. Жишээ нь, үүргээ гүйцэтгэхдээ тэд ихэвчлэн үлбэгэр байдаг, эсвэл байнга мартдаг, хааш яаш хандаж, зүгээр л ёс төдий хийдэг. Тэд үүргээ гүйцэтгэхдээ ихэвчлэн тун дурамжхан байдал гаргаж, өөрсдөд нь үргэлж хохирч байгаа мэт санагдаж, үүргээ гүйцэтгэх нь мөнгө олоход нь саад болж байна гэж боддог. Ийм хүмүүсийн хувьд тэднийг ятгаж явуулах хэрэгтэй бөгөөд ингэж хэл: “Чи үүргээ гүйцэтгэхдээ үргэлж үлбэгэр, хааш яаш байдаг тул эцсийн эцэст үнэнийг олж авч чадахгүй, Бурхан чамайг сайшаахгүй—энэ нь ямар их гарз хохирол байх бол! Чи үнэнийг сонирхдоггүй, Бурханы оршин тогтнол болон Түүний дээд эрхийг баттай хэлж чаддаггүй, ертөнцийг үнэхээр сайхан гэж бодож, хэрвээ ертөнцийг эрэлхийлбэл асар их амжилтад хүрч, бусдаас товойж чадна гэж итгэдэг юм чинь ертөнцөд буцаж очоод, тэндээ зүтгэсэн нь дээр. Энд ингэж зовлон туулах ямар хэрэг байна аа?” Ялангуяа ийм хүмүүс өөрсдийгөө тодорхой салбарт мэргэшсэн, ямар нэг ур чадвар, чадамжтай гэж ихэвчлэн боддог бөгөөд хэрвээ нийгэм юм уу ертөнцөд хөл тавивал нэр алдар, эд баялаг хоёуланг нь олж, өндөр байр суурь, цалин хөлс эдэлж магадгүй гэж итгэдэг. Гэвч Бурханд итгэж, хэдэн жил цаг нөхцөөснийхөө дараа тэд ямар ч тушаал дэвшээгүй, ямар ч чухал албан тушаалд сонгогдоогүй байдаг. Бусдаас товойж чадаагүй тул тэд зүрх сэтгэлдээ маш их гомдолтой, дургүйцсэн байдаг. Тэд Бурханд итгэх замаар алхахыг хүсдэггүй, үүргээ гүйцэтгэхийг бүр ч хүсдэггүй. Тэдний зүрх сэтгэл байнга тогтворгүй, бодол санаа нь тэнүүчилж байдаг бөгөөд хийсвэр, туйлбаргүй байдаг. Ангийнх нь хүүхдүүд, найз нөхөд нь яаж ямар сайхан ажилд орж, ямар өндөр албан тушаалд хүрч, бусдаас дээгүүр амьдралаар амьдарч байгааг тэд хааяа боддог. Ялангуяа энэ нь тэднийг Бурханд итгэснээрээ өөрсдийгөө маш их хохироож байна гэж мэдрэхэд хүргэдэг бөгөөд Бурханд итгэснийхээ төлөө өөрсдийгөө хэрэггүй, чадваргүй, бүтэлгүй гэж бодож, эцэг эх, өвөг дээдсийнхээ нүүрийг харахаас ичдэг. Энэ нь тэднийг бүр ч их бухимдаж, дургүйцэхэд хүргэдэг бөгөөд анхнаасаа Бурханд итгэхийг сонгосондоо тэд гашуунаар харамсдаг! Тэгээд тэдний сэтгэл санаа бүр ч их гуйвж дайвдаг. Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэсэн энэ жилүүдэд тэдний итгэл бэхжээгүйгээр үл барам нэгэнтээ байсан анхны урам зоригоо ч бас алдсан байдаг. Та нар ийм хүмүүсийг яаж зохицуулах ёстой гэж бодож байна? (Ятгаж явуулах.) Хэрвээ чи тэднийг ятгаж явуулбал тэд: “Би Бурханд маш олон жил итгэж, боловсрол, гэрлэлт, ирээдүйгээ орхисон. Одоо чи намайг чуулганыг орхи гэж хэлж байна—энэ нь миний энэ олон жил туулсан бүх зовлон дэмий байсан гэсэн үг биш үү? Надад ирээдүйн хүрэх газар огт байхгүй болох биш үү? Тэгвэл хоёр талдаа хоосон хоцорно. Энэ нь амийг минь авч байгаатай адил биш үү?” гэж хэлж магадгүй. Тэднийг ятгаж явуулах нь хэтэрхий харгис хэрэг үү? Ингэх нь зохистой юу? (Ийм хүмүүс анхнаасаа хэзээ ч Бурханд итгэхийг хүсээгүй. Тэд зөвхөн ерөөл хүртэхийн тулд л чуулганд шургалж орсон. Чуулган үргэлж Бурханы үгийг идэж, уух, үнэнийг нөхөрлөхөд төвлөрдгийг хараад тэд эдгээр зүйлд зэвүүцэж, явахыг хүсдэг. Ийм хүмүүсийг ятгаж явуулах хэрэгтэй. Та нар биеийг нь үлдээж болох ч зүрх сэтгэлийг нь үлдээж чадахгүй.) Хэрвээ тэд үүргээ бага зэрэг чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг ч зүгээр л үнэний талаар тодорхой ойлголтгүй, эсвэл саад бэрхшээл, бүтэлгүйтэлтэй тулгарсан юм уу засалт туулснаасаа болоод түр зуур бага зэрэг сөрөг, сул дорой болсон бол ийм тохиолдолд та нар тэдэнд тусалж, дэмжихийн тулд үнэнийг нөхөрлөж болно. Гэвч хэрвээ тэдний сул дорой байдал нь түр зуурынх биш, харин үүргээ гүйцэтгэхдээ байнга хааш яаш хандаж, ёс төдий хийж, үлбэгэр ханддаг, мөн зүгээр л хөөгдөхгүй байхдаа сэтгэл ханадаг бол; мөн хэрвээ тэд үүргээ чин сэтгэлгүй, идэвх зүтгэлгүй гүйцэтгэдэг, эсвэл илүү нарийн хэлбэл, эрэлхийллийн ямар ч зорилгогүй, зүгээр л өдөр хоногийг аргацаадаг бол—хэрвээ тэд ийм төрлийн хүн гэдэг нь тодорхой болбол тэднийг ятгаж явуулж болно.

Зарим хүн үл итгэгч байдаг. Хэрвээ чи тэднийг мөн чанартаа үнэнийг хайрладаггүй, хөдөлмөрлөхөд хүртэл дургүй гэдгийг тодорхой харж байвал тэднийг ятгаж явуулах хэрэгтэй. Тэдний гол илрэл нь гэвэл, тэд хэзээ ч Бурханы үгийг уншдаггүй, магтан дуу сурдаггүй, номлол сонсдоггүй, хэзээ ч үнэнийг нөхөрлөдөггүй, өөрийгөө таньж мэдэх талаар ярьдаггүй. Тэд бас ах эгч нарын туршлагын гэрчлэлийг сонсох дургүй байдаг. Тэд Бурханы гэрийн бүтээсэн кино, магтан дууны видео, эсвэл туршлагын гэрчлэлийн видеог хэзээ ч үздэггүй; хэрвээ үзлээ ч гэсэн зүгээр л зугаацаж, эсвэл сонирхож, энэ тохиолдолд бага зэргийг л дурамжхан үздэг. Энэ нь өөрсдийнх нь амь-оролтын төлөөх ямар нэг ачааны мэдрэмжээс үүдэлтэй бус, харин зүгээр л хөгжилтэй, сонирхолтой болохоор нь л үздэг. Тэд ихэнх цагаа юу хийж өнгөрөөдөг вэ? Чалчиж, хов жив ярьж, эсвэл дуртай зүйлээ үзэхээр интернэтэд ордог. Жишээ нь, зарим нь хувьцаанд дуртай бөгөөд интернэтээс хувьцааны ханшийг байнга шалгадаг; зарим нь машин, электрон бараанд дуртай бөгөөд аль брэнд шинэ загвар гаргасан, ямар шинэ технологи хөгжүүлснийг харахаар байнга интернэтэд ордог; бусад нь цахим орчин дахь хувийн сувгуудын мэдээг үзэх дуртай; зарим нь гоо сайхан, нүүр будалт, эрүүл мэндэд дуртай бөгөөд гоо сайхан, эрүүл мэнд, эсвэл эрүүл байж, урт наслах арга замын талаар уншихаар интернэтэд байнга ордог. Энэ хүмүүс итгэгчдийн аврагдахын тулд орох ёстой төрөл бүрийн үнэнийг, эсвэл ах эгч нарын туршлагын гэрчлэлийг огт сонирхдоггүй. Тэд дурамжхан байдлаар жаахан үүрэг гүйцэтгэдгийг эс тооцвол үл итгэгч ертөнцийн өөрчлөгдөж буй нөхцөл байдал, ертөнцөд ямар шинэ чиг хандлага, чухал мэдээ байгаа, улс оронд нь ямар үйл явдал болж байгаа зэрэгт үргэлж анхаарлаа хандуулдаг. Тэд зөвхөн ийм мэдээллийг л хардаг. Эдгээр зүйлийг байнга хардаг болохоор зүрх сэтгэл нь зөвхөн ийм асуудлаар дүүрч, Бурханд итгэгчдийн хувиар ойлгох ёстой үнэнийг бүрмөсөн үл тоомсорлодог. Хэн ч тэдэнтэй нөхөрлөсөн, тэд бүрэн ойлгодоггүй. Тэд үүргээ гүйцэтгэхдээ ямар зарчим баримтлах, үүргээ гүйцэтгэх явцдаа ямар завхарсан зан чанар харуулж, ямар асуудал гарч байгаа, хүмүүст тавьдаг Бурханы янз бүрийн шаардлагын алийг нь хангаж, алийг нь хангаагүй гэх мэт амь-оролттой холбоотой асуудлыг сонирхдоггүй, тоодог ч үгүй. Тэд үүргээ гүйцэтгэдэг ч зүгээр л ёс төдий хийдэг бөгөөд үнэн-зарчмыг өчүүхэн төдий ч эрж хайдаггүй. Ийм хүмүүс өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж хэлдэг ч дотроо мөнгө, байр суурь, үл итгэгч ертөнцийн чиг хандлагад дурлаж, төвлөрдөг бөгөөд үл итгэгч ертөнцийн чиг хандлагыг дагадаг хүмүүстэй холбогдох дуртай байдаг. Үл итгэгч ертөнцийн хэрэг явдлын талаар ярихдаа тэд маш их бахдалтай, цуцашгүй урам зоригтойгоор, уран яруу, зогсоо зайгүй ярьдаг ч үнэнийг нөхөрлөх дуртай хүмүүстэй уулзахдаа хэлэх үггүй болдог. Нэг ах юм уу эгч: “Маш сайхан магтан дуу байна, би үгийг нь бүгдийг цээжилчихсэн” гэж хэлэхэд тэд: “Чи цээжилчихжээ. Сайн байна” гэж өнгөцхөн хэлдэг. Ах юм уу эгч: “Тэр эгчийн туршлагын гэрчлэл үнэхээр сайн юм байна!” гэхэд тэд: “Одоо маш олон туршлагын гэрчлэлийн видео байгаа шүү дээ, аль нь сайн биш гэж? Бүгд л дажгүй” гэж хэлдэг. Тэд зүгээр л ийм өнгөц байдлаар хариулдаг; үнэн хэрэгтээ тэд үнэнийг сонирхдоггүй бөгөөд ах эгч нартай ярих нийтлэг сэдэв байдаггүй. Хэн нэгэн тэднээс: “Асуудал тулгарах үед чи залбирдаг уу?” гэж асуухад тэд: “Яаж залбирах гэж? Юуны талаар залбирах гэж?” гэж хариулдаг. Тэд залбирдаггүй, Бурханд хэлэх үг ч байдаггүй. Энэ хүмүүс Бурханд итгэхтэй холбоотой юуг ч сонирхдоггүй бөгөөд зүрх сэтгэл нь үл итгэгч ертөнцийн элдэв зүйлээр дүүрэн байдаг. Та нар юу гэж бодож байна—ийм хүмүүст асуудал байна уу? (Байна.) Хэрвээ тэд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж үлбэгэр хандаж, ямар нэг даалгавар өгөхөд маш тэвчээргүй болж, жаахан зовлон эдэлмэгцээ гомдоллож, Бурханд хэдэн жил итгэснийхээ дараа “Би Бурханд итгэснээрээ хохирсон. Хэрвээ би Бурханд итгээгүй бол одоо цалин минь төд болж нэмэгдэх байсан, би тийм байр суурь, тийм тансаг амьдрал эдлэх байсан” гэх мэт бодлыг байнга илчилж байгааг чи харвал ийм хүмүүсийг яах ёстой вэ? (Тэднийг ятгаж явуулах хэрэгтэй.) Ийм хүмүүсийг зүгээр л ятгаж явуул, тэд хөдөлмөрлөх хүсэлгүй байдаг тул цаашид ямар ч үүрэг бүү гүйцэтгүүл. Тэд итгэгчийн хувиар зүгээр л цуглаанд оролцох нь боломжийн, харин үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагах нь агуу үйл хэрэгт нь саад болдог гэж боддог. Тэд үүргээ гүйцэтгэж, Бурханыг дагах нь аз жаргалын эрэл хайгуулд нь томоохон саад тотгор болдог гэж мэдэрдэг. Хэрвээ үүргээ гүйцэтгээгүй байсан бол аль хэдийн бусдаас товойж, ертөнцөд өндөр албан тушаалтан болж, их мөнгө олох байсан гэж тэд итгэдэг. Тэгвэл бид яагаад тэднийг саатуулах ёстой гэж? Тиймээс тэднийг ятгаж явуулах нь хүн бүрд сайн. Тэднийг албадах юм уу үлдээхээр ятгах нь асар том алдаа болно. Чи ийм хүмүүсийг ингэж ятгах хэрэгтэй: “Чи яагаад Бурханд итгэхийг сонгосон юм бэ? Хэрвээ чи үнэнийг сонирхдоггүй, Бурханд үргэлж эргэлздэг бол үнэнийг хэзээ нэгэн цагт олж авч чадах уу? Чи санаа оноотой, дипломтой, авьяастай хүн—хэрвээ чи ертөнцөд шаргуу зүтгэсэн бол компанийн ерөнхийлөгч юм уу гүйцэтгэх захирал, эсвэл саятан, тэрбумтан болж чадах байсан. Бурханы гэрт ингэж цаг нөхцөөснөөрөө нэгдүгээрт, чи бусдаас товойж чадахгүй; хоёрдугаарт, чи агуу амжилтад хүрч чадахгүй; эцэст нь, чи өвөг дээдсээ алдаршуулж чадахгүй. Түүгээр ч барахгүй үүргээ гүйцэтгэхдээ чи үргэлж хааш яаш ханддаг нь засуулахад хүргэж, чамайг үргэлж сэтгэлээр унасан байдалтай үлдээдэг. Яагаад ингэж зовох ёстой гэж? Чи ертөнцөд гарч, улс төр юм уу бизнест орох хэрэгтэй, тэгвэл чи гарцаагүй тодорхой хэмжээний амжилтад хүрнэ. Чи биднээс өөр: Чамд диплом, авьяас хоёулаа бий, чи бол эрхэм дээд хүн—бидэн шиг жирийн хүмүүстэй хамт Бурханд итгэх нь чиний хувьд дорд зүйл биш үү? Үл итгэгчид: ‘Далай уужим тул загас дураараа шумбаж, тэнгэр өндөр тул шувуу дураараа нисдэг’ гэж ярьдаг—чи ертөнцөд цаг хугацаа байсаар байгааг ашиглан, боломжтой байгаа дээрээ нэр алдар, ашиг хонжоо, байр суурь хөөцөлдөх хэрэгтэй. Энд үлдэж өөрийгөө бүү хохироо.” Энэ нь тэднийг ятгах зохистой арга мөн үү? Үг хэллэг нь нэлээд эвлэг байна, тийм үү? (Тийм.) Энэ нь тэднийг гомдоохгүй, бас тэдний сонсохыг хүсэж байгаа зүйлийг хэлж байна. Энэ арга барил тохиромжтой гэж Би бодож байна, энэ нь зөвлөгөөг хүлээж авахад нь тэдэнд амар болгодог бөгөөд тэд ямар ч санаа зовох зүйлгүйгээр зоригтой явж чадна. Ийм төрлийн хүмүүстэй харьцахдаа, хэрвээ чи тэднийг үл итгэгч гэдэгт итгэлтэй байгаа бол, мөн Бурханд итгэх ямар ч урам зориггүй, үүргээ гүйцэтгэхдээ хэзээ ч чин сэтгэлээсээ ханддаггүй, ямар ч амь-оролт олж аваагүй—урт хугацаандаа ч олж авах магадлалгүй гэдгийг нь харж байгаа бол тэднийг ятгаж явуулах хэрэгтэй. Хэрвээ чи тэднийг ятгаж явуулахгүй бол тэд үүргээ гүйцэтгэхдээ үргэлж хааш яаш, хойрго хандлагатай байх бөгөөд хэзээ нэгэн цагт томоохон гай гамшиг тарьж мэднэ.

Й. Хулчгар, сэжигч байх

Бид арав дахь илрэл буюу гуйвж дайвахын талаар нөхөрлөж дууслаа. Одоо дараагийнх нь буюу арван нэг дэх илрэл—хулчгар, сэжигч байхыг авч үзье. Хулчгар хүмүүсийн илрэл юу вэ? (Хулчгар хүмүүс баривчилгаа, хавчлагатай тулгарахдаа айдаг. Тэд үүргээ гүйцэтгэхийг хүсдэг ч зүрхэлдэггүй.) Энэ бол зөвхөн нэг жижиг тал нь. Гол асуудал нь тэдэнд Бурханд итгэх талаар нэг үзэл бодол байдаг: Бурханд итгэгчид энэ ертөнцөд нийцгүй мэт тэдэнд үргэлж санагддаг; тэд Бурханд итгэх итгэлээ ичгүүртэй гэж боддог. Ялангуяа зарим авторитар улс орон юм уу шашны эрх чөлөөгүй улс оронд Бурханд итгэгчид хуулиар хамгаалагдахгүйгээр үл барам хавчлагад өртдөг тул зарим хүн Бурханд итгэдгээ хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй бөгөөд бусад хүн мэдчих вий гэхээс айдаг. Тэд Бурханд итгэх нь ил тод, нэр төртэй зүйл биш гэж боддог. Хэдийгээр тэд жинхэнэ Бурханд итгэдэг гэдгээ мэддэг ч үүгээрээ бахархдаггүй, өөртөө итгэлтэй байдаггүй. Ямар нэг асуудлын шинж тэмдэг илрэх үед, эсвэл засгийн газар итгэгчдийг баривчилж, хавчиж, дарлаж, гадуурхаж байгааг харах үедээ тэд өөрсдөө холбогдож магадгүй гэж онцгой санаа зовдог. Ийм нөхцөл байдалд зарим хүн чуулганаас даруй холбоогоо тасалж, тэр ч бүү хэл Бурханы гэрт номуудыг буцааж өгөхөөр яардаг. Бусад нь баривчлагдахаас айсандаа цаашид цуглаанд оролцож зүрхэлдэггүй, ах эгч нартай тааралдахдаа мэндэлж зүрхэлдэггүй. Ялангуяа, итгэл үнэмшлээрээ харьцангуй танигдсан, эсвэл өмнө нь баривчлагдаж байсан хүмүүстэй тэд бүр ч харьцаж зүрхэлдэггүй—тэд ийм хэмжээнд хүртлээ хулчгар байдаг. Бүр долоон доор зүйл юу гэвэл засгийн газар баривчилгааны томоохон давлагаа эхлүүлснийг сонсмогцоо тэд, өөрсдийгөө аврах цорын ганц зорилготойгоор, эрх баригчид руу гүйж очин, өмнө нь Бурханд итгэдэг байснаа, мөн ямар хүмүүс итгэдгийг мэддэгээ санаачилгаараа хүлээн зөвшөөрч, тэднийг санаачилгаараа худалдаж, Бурханы үгийн ном болон Бурханд итгэх итгэлтэй холбоотой бусад материалыг тушааж, үүнийхээ оронд өршөөл үзүүлэхийг гуйдаг. Надад хэл дээ, эдгээр нь хулчгар байдлын илрэл биш гэж үү? (Мөн.) Ялангуяа зарим хүний хувьд, Бурханд итгэснийхээ дараа итгэл үнэмшлийнх нь талаар бусад хүн олж мэдэх вий гэхээс үргэлж айдаг бөгөөд хэрвээ хэн нэгэн баривчлагдвал өөрсдийг нь худалдах вий гэхээс бүр ч их айдаг. Хэн нэгэн тэднийг Бурханд итгэдгийг мэдмэгц тэд итгэхээ больсон гэж тайлбарлахаар яарч, тэр ч бүү хэл шүтлэггүй хүмүүс өөрсдийг нь итгэгч гэж сэжиглэхийг болиулахын тулд янз бүрийн зүйл хийхээр яардаг. Жишээ нь, тэд шүтлэггүй хүмүүстэй харилцаагаа сайжруулж, хамт хооллож, наргиж, мөрийтэй тоглож, архи уух гэх мэт зүйл хийдэг. Асуудлын өчүүхэн төдий шинж тэмдэг илрэхэд тэд цуглаанд оролцож зүрхэлдэггүй, үүргээ гүйцэтгэхээ больж, өөрсөдтэй нь холбогдох гэж оролдсон хэнийг ч үл тоодог. Бүх зүйл амар амгалан байх үед тэд Бурханд итгэх нь ерөөл авчирч, үхэхгүй байх боломж олгож, диваажинд очиж, сайхан хүрэх газартай болох боломж олгодог талаар боддог—тэр үед тэд Бурханд итгэх эрч хүчээр дүүрэн байдаг. Гэвч бага зэрэг аюултай орчин нөхцөлтэй тулгармагцаа тэд ор мөргүй алга болдог. Тэгээд нөхцөл байдал өнгөрч, бүх зүйл дахин намжих үед тэд буцаж ирдэг. Ийм төрлийн хүн байнга ор сураггүй алга болдог. Тэдэнд даалгасан үүрэг хэчнээн чухал байсан ч хамаагүй, жаахан аюул гармагц тэд ажлаа үргэлжлүүлэх ямар ч зохицуулалт хийлгүйгээр шууд хаяж чаддаг, иймээс үүний дараа хэн ч тэдэнтэй холбогдож чаддаггүй. Бусад хүн үүнтэй адил аюултай орчин нөхцөлтэй тулгарахдаа үр дагаврыг зүй зохистой зохицуулах бүхий л төрлийн аргыг бодож олж чаддаг. Хэрвээ орчин нөхцөл одоогоор хэтэрхий ширүүн, баривчлагдах эрсдэл өндөр байвал тэд ажлаа үргэлжлүүлэхээсээ өмнө аюул өнгөрөхийг хүлээдэг. Эсвэл, хэрвээ тэд итгэгч гэдгээрээ хэтэрхий сайн танигдсан бөгөөд ажил хийхээр ил гарвал амархан баривчлагдаж болзошгүй бол өөр хүнээр хийлгэхээр зохицуулдаг. Харин эдгээр хулчгар хүн өчүүхэн төдий асуудал мэдрэх үедээ нуугдахаар яарч, амиа хоохойлж, арьсаа хамгаалахаар улайран, чуулганы ажил, эд хөрөнгийг бүрмөсөн үл тоож, хайхардаггүй бөгөөд чуулганы ажлыг хамгаалах, эсвэл ах эгч нарыг хамгаалах ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Тэд Бурханд итгэхдээ юунаас хамгийн их айдаг вэ? Нэгдүгээрт, тэд засгийн газар итгэл үнэмшлийнх нь талаар мэдчих вий гэхээс айдаг. Хоёрдугаарт, тэд хөршүүд нь олж мэдчих вий гэхээс айдаг. Гуравдугаарт, тэдний хамгийн их айдаг зүйл бол баривчлагдаж, шоронд хоригдох, эсвэл зодуулж үхэх явдал юм. Тиймээс ямар нэг зүйл болох бүрд тэдний хамгийн түрүүнд боддог зүйл нь баривчлагдах болов уу, эсвэл алагдах болов уу гэдэг байдаг. Хэрвээ аль нэг нь тохиолдох 1 хувийн магадлал байсан ч тэд зугтах арга олдог. Жишээ нь, цуглааны үеэр нэг ах юм уу эгч: “Наашаа ирж байхдаа би ойрхон танихгүй хүн байхыг харлаа. Тэр хүн биднийг мөрдөж байгаа шүтлэггүй хүн байж болох уу?” гэж хэлж магадгүй. Ганцхан энэ үгийг сонсоод л хулчгар хүмүүс дараагийн цуглаанд оролцохгүй бөгөөд хүн бүртэй холбоогоо тасалдаг. Чи үүнийг хянуур байдал гэж нэрлэх үү? (Энэ бол хэвийн хянуур байдал биш, энэ бол хулчгар зан—тэдний зүрх сэтгэлд Бурханы орон зай байхгүй.) Энэ бол хэт туйлширсан хянуур байдал юм. Орчин нөхцөл нь онцгой дайсагнасан улс орон юм уу бүс нутагт итгэгчид хянуур байх ёстой нь үнэн боловч баривчлагдахаас айсандаа үүргээ гүйцэтгэх юм уу цуглаанд оролцохоо больж, зүрх сэтгэлдээ Бурханы орон зайгүй болтлоо тийм хянуур байх ёстой гэсэн үг биш юм. Хулчгар хүмүүсийн хянуур байх зарчим нь юу вэ? Том, жижиг гэлтгүй юу ч тохиолдсон, бүх зүйл Бурханы гарт байдаг гэдэгт тэд огт итгэдэггүй. Тэд хэнийг ч найдвартай биш гэж боддог бөгөөд өөрсдийгөө хамгаалахдаа өөртөө л найддаг. Энэ бол тэдний зарчим. Бүх зүйл Бурханы гарт байдаг; бүх зүйлийг Бурхан зохион байгуулж, зохицуулдаг; хэрвээ ямар нэг зүйл үнэхээр тохиолдвол үүнийг Бурхан зөвшөөрсөн, хэрвээ Бурхан зөвшөөрөхгүй бол хэн ч баривчлагдахгүй гэдэгт тэд итгэдэггүй. Тэдэнд энэ тал дээр ямар ч итгэл байдаггүй. Харин ч зүрх сэтгэл нь зөвхөн хулчгар зангаар дүүрсэн байдаг. Түүнчлэн, тэдний хулчгар занд аминд хүрэхүйц дутагдал байдаг бөгөөд энэ нь бас тэдний хамгийн жигшүүртэй зүйл юм: Өөрсдийгөө хамгаалж, айдас төрүүлэм ямар ч орчин нөхцөлийг зохицуулахын тулд тэд өөрсдийн “дээд мэргэн ухаан” гэж үздэг зүйлээ дагадаг. Энэ нь юу ч тохиолдсон—тэднийг мөрдөж байгаа эсвэл баривчилж, хорьж байгаа эсэхээс үл хамааран—ямар нэг зүйл буруугаар эргэж, аюулгүй байдалд нь заналхийлэл учрах үед нэгдүгээрт, тэд Бурханд итгэдгээ үгүйсгэдэг, хоёрдугаарт, мэддэг бүхнээ юу ч нуулгүйгээр урваж мэдээлдэг. Тэд яагаад ингэдэг вэ? Зүгээр л бие махбодын зовлонгоос өөрсдийгөө хамгаалахын тулд; иймээс тэд мэддэг бүхнээ задруулдаг. Эхлээд тэд чуулганы удирдагчдыг худалдаж, мөн бүсийн удирдагчид болон дүүргийн удирдагчид хэн болох, хаана амьдардгийг задруулж, мэддэг бүхнээ задруулдаг. Тэд эрүү шүүлтэд орохоосоо ч өмнө бүх зүйлээс урвадаг. Түүнчлэн, хэрвээ “Гурван бичиг”-т гарын үсэг зурахыг шаардвал тэд бодох ч үгүйгээр шууд гарын үсэг зурдаг—тэд үүнд анхнаасаа бэлтгэлтэй байсан. Энэ нь шоронд хоригдох, эрүү шүүлтээс зайлсхийж, үхлийн ямар ч аюулаас хол байхын тулд юм. Тэд үнэхээр хулчгар. Тэд Бурханы дээд эрхэд ч итгэдэггүй, амь насаа эрсдэлд оруулж ч чаддаггүй. Оронд нь өөрсдийгөө хамгаалах боломжтой бүх аргыг бодож олдог. Тэдний хувьд хамгийн сайн арга бол бусдыг болон чуулганыг худалдах явдал—энэ бол хамгийн үр дүнтэй арга юм. Тэд өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, ямар нэг зовлон шаналлаас зайлсхийхийн тулд бусдаас урвах явдлыг төлөөс болгон ашигладаг. Энэ бол тэдний эртнээс урьдчилан төлөвлөсөн зүйл—энэ бол тэдний “дээд мэргэн ухаан” юм. Надад хэл дээ, ийм төрлийн хүний хулчгар зан хэвийн хулчгар зан мөн үү? (Биш.) Тэгвэл энд ямар асуудал байна вэ? (Тэд хэтэрхий хулчгар болохоороо Иуда болж, ах эгч нар болон чуулганыг хэдийд ч, хаана ч худалдахад бэлэн байдаг. Ийм хүмүүс жинхэнэ итгэгчид биш.) Тэд жинхэнэ итгэгч үү, хуурамч итгэгч үү гэдгийг түр хойш тавья. Зүгээр л хүн чанарыг нь хар—тэд Бурханд итгэх явдлыг ил тод, нэр төртэй зүйл гэхээсээ илүүтэй нууц далд, ичгүүртэй зүйл гэж боддог бөгөөд Бурханд итгэх ийм ил тод, нэр төртэй, эерэг зүйлийг сөрөг зүйл гэж үздэг—чи тэднийг ямар төрлийн хүмүүс гэж бодож байна? (Мунгинасан, харьцангуй хорон муу хүмүүс.) Аливааг харах үзэл бодол, ухамсарлах арга барил нь хэвийн хүмүүсийнхээс өөр байдаг. Заримдаа тэд цагааныг хар гэж хэлж, зөв бурууг ялгаж чаддаггүй. Бурханд итгэгчид яаж зориудаар нууц далд байх боломжтой байдаг юм бэ? Яагаад гэвэл энэ ертөнц хэтэрхий ёрын муу—хууль нь шашны эрх чөлөөг хамгаалдаггүй, түүгээр ч барахгүй уг сатанлаг дэглэм Бурханыг үзэн ядаж, Бурханы ажилд дайсагнаж ханддаг. Энэ дэглэм эерэг зүйлс оршин тогтнохыг зөвшөөрдөггүй бөгөөд Бурханд итгэдэг хүмүүсийг хавчихын тулд бүхнийг хийдэг. Тиймээс нийгмийн ийм нөхцөл байдалд итгэгчид цугларах, үүргээ гүйцэтгэхдээ хянуур байхаас өөр сонголтгүй байдаг; тэд үүнийг ил тод хийж зүрхэлдэггүй. Гаднаас нь харахад тэд хулгайч шиг нууц далд байгаа мэт харагдаж болох ч үнэн хэрэгтээ энэ нь бүхэлдээ хавчлагад өртөж байгаа нөхцөл байдлаас үүдэлтэй, тийм үү? (Тийм.) Тэгвэл агуу улаан луу Бурханд итгэх, үүргээ гүйцэтгэх үйлдлийг юу гэж тодорхойлдог вэ? “Сэжигтэй зан авир”. Энэ сэжигтэй зан авир мөн үү? (Үгүй.) Энэ бол сэжигтэй зан авир биш—энэ бол өөр сонголтгүй учраас хүмүүсийн хийдэг зүйл юм. Энэ хүмүүс хууль бус ямар нэг зүйл хийсэн үү? (Үгүй.) Тэд хууль бус, эсвэл засгийн газрыг эсэргүүцсэн ямар ч зүйл хийгээгүй, хууль зөрчиж, нийгмийн хэв журмыг бүр ч алдагдуулаагүй. Энэ хүмүүс юу хийж байгаа вэ? Тэд зүгээр л бүтээгдсэн зүйлсийн үүргийг гүйцэтгэж байгаа. Энэ ажил бол ертөнц дэх хамгийн үнэ цэнтэй, утга учиртай, шударга үйл хэрэг юм. Гэвч энэ ертөнц ёрын муу, харанхуй бөгөөд цагааныг хар гэж зарладаг учраас хамгийн шударга, үнэ цэнтэй, утга учиртай үйл хэргийг “сэжигтэй” гэж нэрлэдэг. Энэ бол Сатаны тайлбар. Сатаны тайлбар үнэн үү? Энэ нь эерэг үү? (Үгүй.) Яавч биш. Гэвч хулчгар хүмүүс энэ тайлбарыг сонсохдоо зүрх сэтгэлдээ бүрэн санал нийлээд зогсохгүй Сатаны энэ тайлбарыг хүлээн зөвшөөрдөг. Үр дүнд нь тэд бас Бурханд итгэж, үүргээ нууцаар гүйцэтгэх нь зохисгүй, буруу байж таарна гэж боддог. Тэд хэзээ нэгэн цагт нийгэм болон засгийн газар өөрсдийг нь тарчлаах вий, өөрсдийгөө өмгөөлөх газаргүй, тусалж аврах хэн ч үгүй болох вий гэхээс үргэлж айдаг. Тиймээс тэд Бурханд итгэдгийг нь хүмүүс олж мэдэх вий гэхээс онцгой айдаг. Тэд Бурханы илэрхийлсэн үг үнэн гэдгийг, эсвэл Бурхан хүмүүсийг хөтлөн алхуулдаг зам зөв гэдгийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрдөггүй атлаа Бурханаас ерөөл хүртэхийг хүссэн хэвээр байдаг. Энэ нь зөрчилдөөнтэй биш гэж үү? Эцэст нь тэд ийм орчин нөхцөлд Бурханд итгэж, эдгээр зовлонг туулж байгаадаа маш их гомдолтой байдаг. Тэдэнд яагаад гомдолтой байдаг вэ? Яагаад гэвэл тэд энэ ертөнц дэх ёрын муу дэглэмээс болон диаволууд, Сатануудын ёрын муу хүчнээс асар их айдаг бөгөөд диаволууд, Сатанууд тэднийг тарчлааж, амийг нь авах вий гэхээс үргэлж айдаг. Тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл байхгүй тул тэд онцгой хулчгар авирлаж, бүр үүргээ огт гүйцэтгэхгүй байхад хүрдэг. Хэрвээ ямар ч аюул байхгүй бол тэд цуглаанд оролцож, эсвэл ах эгч нартай харилцаж, эсвэл чуулганы төлөө зарим зүйлийг хийнэ, гэхдээ тэд зүгээр л Бурханд итгэдгээ, чуулганы нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрч зүрхэлдэггүй, эсвэл босож зогсоод Бурханыг гэрчилж, үүргээ гүйцэтгэж зүрхэлдэггүй—тэд гүнээ айдаг. Тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл байхгүй атлаа Бурханаас ерөөл, сайхан хүрэх газар хүртэхийг хүссэн хэвээр байдаг. Энэ нь зөрчилдөөнтэй хэрэг гэж та нар хэлэх үү? (Тийм.) Хувийн ашиг сонирхолд төвлөрсөн байдал нь тэдний ухаан санааг булингартуулсан юм биш үү? (Тийм.) Энэ хүмүүс хувийн ашиг хонжоонд шунах шуналдаа эзэмдүүлсэн байдаг. Тэд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй атлаа Бурханаас ерөөл хүртэхийг хүссэн хэвээр байдаг. Тэд чуулганы ажил болон ах эгч нарын гүйцэтгэж байгаа үүрэг шударга, үнэ цэнтэй, утга учиртай гэдэгт итгэдэггүй. Тэд чухал үүрэг гүйцэтгэхээс, эсвэл удирдагч, ажилчид тэднээс гадагшаа гарч ажил хэрэг зохицуулахыг байнга хүсэх вий гэхээс онцгой айдаг бөгөөд хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэвэл хэрэгт холбогдоно гэж айдаг. Ийм хулчгар хүмүүс аюултай тулгарах үедээ Иуда болж, чуулганыг худалдаж чадна—энэ нь бас нэг төрлийн аюултай хүн юм.

Хулчгар хүмүүст өөр ямар илрэл байдаг вэ? Ийм хүмүүс хэдийд ч Бурханы нэрийг үгүйсгэж, орхиж чадах ба хэдийд ч Бурханаас урваж, хэдийд ч Иуда болж чадна. Хулчгар хүмүүс тэнгэрийн хаанчлалд орох зохисгүй—тийм биз дээ? (Тийм ээ.) Хулчгар хүмүүсийн амин газар юу вэ? (Тэд үхлээс айдаг бөгөөд урваж чадна.) Ийм хүмүүс шившигтэйгээр урсгалаараа амьдардаг, тэд амьдралд шунадаг, үхлээс айдаг. Үхлээс айх нь тэдний амин газар юм. Үхэхгүй л бол тэд юу ч хийхэд бэлэн байдаг—Иуда болох, сүйрлийн хүү болох, эсвэл хараагдах байсан ч хамаагүй—амьд үлдэж л байвал тэд юу ч хийхэд бэлэн байдаг. Амьд явах нь тэдний хамгийн дээд зорилго юм. Хүний амьдрал, үхэл Бурханы гарт байдаг; Бурхан хүний хувь заяаг хянаж, захирч, зохион байгуулдаг; хүмүүс Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой гэж чи хэчнээн нөхөрлөсөн ч тэд эдгээр үгэнд итгэдэггүй, хүлээж авдаггүй. Тэд зүгээр л хүн болж ахин төрөх нь ховор боломж учраас яасан ч үхэж болохгүй гэж боддог; бас нэгэнт үхэж, махбод нь үгүй болбол сүнс нь амьтан болж ахин төрнө, эсвэл тэнэмэл сүнс болно, дахиж хэзээ ч хүн болж ахин төрөх боломж олдохгүй гэж боддог. Тийм учраас тэд үхлээс онцгой айдаг. Тэдний хувьд үхэл бол сүйрлийн гамшиг болохоос биш, дараагийн төрөлдөө төрөх сайхан боломж, эсвэл өөр нэг дахин төрөлтийн шинэ эхлэл биш юм. Тийм учраас тэд амиа авч үлдэхийн тулд юуг ч хайрладаггүй. Бусдыг худалдах, эсвэл чуулганы ажилд ямар ч төрлийн хохирол учруулах байсан ч тэд үүнийг хийхээс буцдаггүй; Бурханы нэрийг орхих байсан ч үр дагаврыг нь тоодоггүй—тэд зөвхөн аюулгүй амьдрахыг л боддог. Энэ нь ямар төрлийн хүмүүс вэ? (Шившигтэй оршихуйг сунжруулдаг хүмүүс.) Тэд бол шившигтэй оршихуйг сунжруулдаг адгийн шаарнууд юм! Тэд нэр төр, ёс жудаггүй амьдардаг, зүгээр л амьд үлдэхийн тулд юу ч хийхэд бэлэн, ямар ч дорд зүйл хийхээс буцдаггүй. Зарим хүн аюултай орчинтой тулгарахаасаа өмнө юу хийхээ зүрх сэтгэлдээ хэдийнээ тооцоолчихсон байдаг: “Хэрвээ баривчлагдвал би зүгээр л бүгдийг хэлнэ. Агуу улаан луу та нарыг тамлаж, заналхийлж, сүрдүүлж, чуулганыг худалдахыг албадах үед та нар бүгд ганц ч үг дуугардаггүй. Харин би ярихын оронд бие махбодын өвдөлтийг тэвчдэг та нар шиг тийм тэнэг биш. Намайг зодож, сүрдүүлэхээс өмнө би бүгдийг хэлнэ—намайг хэчнээн ухаантайг хар! ‘Ухаалаг хүн нөхцөл байдалд захирагддаг’ гэдэг үг байдаг даа. Би чуулганы ах эгч нарыг худалдлаа гээд юу нь тийм муу байна? Хүн бүр аминч байх ёстой биз дээ? Өөрийгөө бодохгүй байх нь зүгээр л тэнэг хэрэг биш үү?” Ямар нэг зүйл болохоос өмнө тэд өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа хэдийнээ бодож олсон байдаг. Тэд үүнийг аль эрт бүгдийг нь бодчихсон. Тэдний биеэ авч явах итгэл үнэмшил нь юу вэ? “Хүн яагаад өөртөө амьдралыг хэцүү болгох ёстой гэж? Яагаад тийм зөрүүд байх ёстой гэж? Өөртөө сайн байж л энэ амьдрал дэмий хоосон өнгөрөхгүй шүү дээ!” Энэ бол тэдний биеэ авч явах итгэл үнэмшил юм. Тэдэнд ёс суртахууны хил хязгаар гэж үгүй. Ийм хүмүүсийг яах ёстой гэж та нар бодож байна? (Хэрвээ ийм хүмүүс илэрвэл мэргэн ухаанаар цэвэрлэх ёстой—тэд бол цагтай тэсрэх бөмбөг.) Яг тийм, тэд бол цагтай тэсрэх бөмбөг. Тэд бол улаан цайм хулчгар бөгөөд аюул ирэх үед чуулганыг худалдана. Хэрвээ хүнд хэвийн хүн чанар байвал аюултай орчинд хариу үйлдэл үзүүлэхдээ мэргэн арга хэрэглэх бөгөөд Бурханд жинхэнэ итгэлтэй байна. Тэд цуглаанд оролцох юм уу үүргээ гүйцэтгэхэд нь саад болохыг зөвшөөрөхгүй бөгөөд биеийн хэмжээ, нөхцөл байдалдаа тулгуурлан Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийнэ. Энэ бол хэвийн хүн чанарын илрэл юм. Гэвч хулчгар хүмүүс амиа онцгой нандигнадаг; тэд амьдралд шунадаг, үхлээс айдаг бөгөөд амиа бүхнээс илүү эрхэмлэдэг. Тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэл байдаггүй бөгөөд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдгийг харж чаддаггүй. Тиймээс хавчлагатай тулгарах үед нь хулчгар хүмүүс гэдэг нь аяндаа илчлэгддэг. Хулчгар хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд Иуда болж чадна. Ийм хүмүүс бол аюултай элементүүд, тэд бол аймшигтай хүмүүс юм. Чуулган тэдэнд ямар ч ажил яав ч даалгаж болохгүй, ямар ч үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрч болохгүй. Эс бөгөөс, хэрвээ тэд урвавал чуулганы ажилд учрах хохирол хэтэрхий их байх болно; энэ нь тус болохоосоо илүү ус болно.

Хулчгар, сэжигч хүмүүсийн сэжигч зан хэрхэн илэрдэг вэ? Зарим хүн Бурханы гэрийн ажлын төрөл бүрийн талыг хэзээ ч тодорхой харж чаддаггүй. Тэд Бурхан яг ямар ажил хийж байгааг, эсвэл Бурханы хэлдэг үг үнэн эсэхийг мэддэггүй. Тэдэнд эдгээр асуудлын талаар зөв ухамсарлал, үзэл бодол байдаггүй тул Бурханы гэрийн ажилд яг юу хийгдэж байгааг, энэ ажил ямар үр дүнд хүрэх зорилготойг, эсвэл үүнийг хүмүүсийг аврахын төлөө хийж байгаа эсэхийг баттай хэлж чаддаггүй. Тэд эдгээр зүйлийн алийг нь ч тодорхой харж чаддаггүй. Тэд бас чуулган гэж юу болох талаар тодорхой ойлголтгүй байдаг. Тэд хэчнээн олон номлол сонссон ч үнэнийг өчүүхэн төдий ч ойлгодоггүй. Тэд үүргээ гүйцэтгэж байгаа ах эгч нарт үргэлж эргэлздэг бөгөөд дотроо “Энэ хүмүүс өдөр бүр ирж очоод л, байнга завгүй байх юм—тэд яг юу хийгээд байна аа?” гэж боддог. Ялангуяа агуу улаан лууны улсад Бурханд итгэж, үүрэг гүйцэтгэж байгаа нөхцөлд удирдагч, ажилчид чуулганы ажлын зарим зүйлийн талаар—тухайлбал захиргааны ажил, боловсон хүчний ажил, аж ахуйн ажил, ялангуяа эрсдэл дагуулдаг зарим ажлын талаар жирийн ах эгч нарт мэдэгдэлгүйгээр нөхөрлөж, хэлэлцдэг. Энэ нь тэднийг хамгаалдаг болохоос хорлодоггүй. Гэвч зарим хүн үүнийг ойлгодоггүй бөгөөд үргэлж эдгээр зүйлийн талаар асууж лавлахыг хүсдэг. Жишээ нь, тэд ном хаана хэвлэгдэж байгаа, эсвэл зарим удирдагч, ажилчин хаана байрлаж байгааг асууж лавладаг. Эдгээр зүйлийг мэдэх нь чамд ашигтай юу? (Үгүй.) Эдгээр зүйлийг мэдэхгүй байлаа гээд чи ямар нэг зүйл алдах уу? (Үгүй.) Эдгээр зүйлийг мэдэхгүй байх нь Бурханы үгийг идэж, уухад чинь нөлөөлөхгүй, үнэнийг олж авахад чинь нөлөөлөхгүй, амь-оролт юм уу зан чанарын өөрчлөлтөд чинь саад болохгүй. Тэгэхээр эдгээр хэрэг явдлын талаар асууж лавлаж, ухаж төнхөх нь чамд хэрэггүй биш үү? Зочлох үүрэг гүйцэтгэдэг зарим хүн үргэлж сэжиглэж байдаг. Удирдагч, ажилчид чуулганы ажлын талаарх нөхөрлөл, хэлэлцүүлэгтээ тэднийг оролцуулахгүй байх үед тэд “Удирдагч, ажилчид яагаад дандаа миний ар хударгаар цугларч, нөхөрлөдөг юм бэ? Тэд ямар үйл ажиллагаа явуулаад байна аа?” гэж боддог. Тэд зарим удирдагч, ажилчны хувийн мэдээллийг мэддэггүй бөгөөд “Яагаад тэд надад үүнийг мэдэгдэхгүй байна вэ? Би тэдний нэр, хаана амьдардаг, бодит нөхцөл байдал нь ямар болохыг мэдэхгүй байна. Энэ хүмүүс намайг Бурханд итгэхэд удирдаж байхдаа намайг мэхлэх юм уу хорлох вий?” гэж гайхаж эхэлдэг. Бас тахилтай холбоотой ажил юм уу зарим аюултай ажил гэх мэт эмзэг төрлийн ажлууд байдаг—эдгээр нь угтаа асуух ёсгүй зүйлс боловч энэ хүмүүс үргэлж тэдгээрийн талаар асууж лавлахыг хүсдэг. Бусад хүн хариулт өгөхгүй бол тэд бүр ч их сэжиглэдэг. Ялангуяа анхнаасаа Бурханд нэг их итгэлтэй байгаагүй зарим хүн байдаг—Бурханд итгэснийхээ дараа гэр бүлийнх нь ажил төрөл дээрдэж, гэрийнхэн нь эрүүл саруул байгааг хараад тэд үүнийг Бурханы нигүүлсэл, ерөөл гэж боддог. Энэ зуурдын баяр хөөрөөсөө болоод тэд жаахан мөнгө өргөдөг ч дараа нь “Миний өргөсөн мөнгө хаашаа орсон бэ? Чуулганы ажилд ашиглагдсан уу? Бизнес хийхэд хөрөнгө оруулсан уу, эсвэл хууль бус үйл ажиллагаанд ашигласан уу?” гэж эргэлзэж эхэлдэг. Тэд үргэлж эдгээр зүйлийн талаар асууж лавлаж, олж мэдэхийг хүсдэг ба үргэлж эдгээр зүйлийн учрыг олохыг хүсдэг. Зарим хүний эргэлзээ бүр ч хүчтэй байдаг. Жишээ нь, ажлын хэрэгцээ шаардлагаар чуулган зарим тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдаж авах үед, эсвэл үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралд зарим халамж, туслалцаа үзүүлэх үед ийм төрлийн сэжигч хүн “Ийм олон янзын салбарт мөнгө зарцуулагдаж байна—энэ мөнгө хаанаас гарч байна вэ? Чуулган бас ямар нэг бизнес хийж байна уу? Ард нь баян ивээн тэтгэгч, эсвэл ямар нэг хүчирхэг ар тал байна уу? Чуулганыг дэмжиж байгаа ямар нэг бүлэг байна уу?” гэж үргэлж сэжиглэдэг. Ялангуяа эрх баригчдын зүгээс чуулганыг гутаан доромжилсон зарим үндэслэлгүй цуу яриа, диаволын үгийг—чуулганы хэн нэгэн хүн алж, хууль зөрчсөн, хэн гэгч нь улсаас эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн, хэн нэгэн их хэмжээний мөнгө аваад гадаад руу зугтсан гэх мэт мэдэгдлийг—сонсох үед чуулган болон Бурханы ажлын талаарх тэдний эргэлзээ бүр ч их нэмэгддэг. Ийм хүмүүст хэвийн сэтгэхүй байна уу? Тэд итгэгчдийн дагах ёстой зарчмыг тодорхой харж чаддаг уу? Ихэнх хүний хувьд, энэ бол Бурханы ажил гэдгийг баттай мэдмэгцээ тэд Бурханд эргэлзэхээ больдог. Чуулганд ямар ч асуудал, ямар ч төрлийн хүн гарч ирсэн, тэд тэдгээрт Бурханы үгийн дагуу хандаж чаддаг. Бүр ёрын муу хүмүүс юм уу антихристүүд үймээн дэгдээсэн ч тэд үүнийг зөвөөр ухамсарлаж чаддаг. Тэд Бурхан юм уу Бурханы ажлын, эсвэл чуулган юм уу Бурханы гэрийн талаар хэзээ ч сэжиглэдэггүй. Сайндаа л, тэдэнд зарим хүний талаар санал бодол, эсвэл Бурханы ажлын талаар зарим нэг үзэл байж болох ч тэд чуулганы амьдралаар амьдрах замаар үүнийгээ аажмаар шийдвэрлэж чаддаг. Гэвч сэжигч хүмүүс өөр байдаг. Бурханд итгэж эхэлсэн цагаасаа л тэд сэжиг, бүх төрлийн үзэл тээдэг. Тэд Бурханы үг үнэн эсэхэд итгэлгүй байдаг, Бурхан эдгээр үгийг илэрхийлж байгаа нь Бурханы ажил мөн эсэхэд итгэлгүй байдаг, цугларч байгаа ах эгч нар нь Бурханы чуулган мөн эсэхэд бүр ч итгэлгүй байдаг. Тэд байнга сэжиг тээж, сэжиг нь зөв болохыг нотлох баримт нотолгоог үргэлж хайж байдаг. Энэ ямархуу хандлага вэ? Ийм хандлагатай хүмүүс Бурханд итгэхдээ үнэнийг ойлгож чадна гэж чи бодож байна уу? (Үгүй.) Тэд хэзээ ч үнэнийг ойлгож чадахгүй. Тэд зүрх сэтгэлдээ юунд хамгийн их анхаардаг вэ? Тэд үргэлж ингэж эргэцүүлдэг: “Энэ хүмүүс хэн бэ? Энэ ямар нэг нийгмийн байгууллага юм болов уу? Хэдийгээр намайг тэднийг зочлох үед Бурханы гэр энэ хүмүүсийн амьжиргааны зардлыг хангадаг ч би тэднийг зочилсноороо эрсдэл үүрч л байна. Тэгэхээр Бурхан миний сайн үйлийг санах болов уу? Хэрвээ Бурхан санахгүй бол миний зочилсон нь дэмий хэрэг болох биш үү?” Тэд зүрх сэтгэлдээ байнга ийм эргэлзээтэй байдаг. Тэд ах эгч нарыг сайн дураараа зочилдог гэж чи бодож байна уу? (Үгүй.) Тэд үүнийг ерөөл хүртэх гэсэн хүслээсээ болж л хийдэг бөгөөд эргэлзээгээр дүүрэн байдаг. Ялангуяа өөрсдийнх нь үзлийн дагуу сөрөг гэж тооцогддог, тодорхой харж чаддаггүй зарим зүйлийг сонсох үед зүрх сэтгэл дэх эргэлзээ нь нэмэгддэг. Жишээ нь, цуглааны үеэр хэн нэгэн агуу улаан лууны дэглэмийн үйлдэл болон диаволын хаадын жигшүүрт төрхтэй холбоотой сэдвийг хөндөх, эсвэл заримдаа үнэний талаарх нөхөрлөл нь агуу улаан лууны явуулдаг дарангуйлал, баривчилгаа болон агуу улаан лууны уг чанар-мөн чанар гэх мэтийг хөндөж магадгүй. Эдгээр сэдэв нь үнэндээ улс төртэй холбоогүй—эдгээр нь зүгээр л хүмүүст агуу улаан лууг ялган таньж, царайг нь тодорхой харахад тусалдаг ба ингэснээр тэд агуу улаан лууг үзэн ядаж, хаяж, Сатаны нөлөөнд цаашид хазаарлагдаж, хүлэгдэхгүй байж чадна. Гэвч сэжигч хүмүүс ийм сэдвийг сонсохдоо хулчийж, айдаг: “Энэ хүмүүс бүр улс төр хэлэлцэж байна! Тэд улс төрийн гэмт хэрэгтнүүд биш үү? Тэд хувьсгалын эсэргүүцэгчид биш үү? Энэ сэдвүүд хэтэрхий эмзэг юм! Хурдан, цонхоо хаа, хаалгаа түгж, интернэт, утасны шугамаа салга! Хэрвээ засгийн газар үүнийг чагнавал бид том асуудалд орж мэднэ! Бид гарцаагүй бүх насаараа хоригдох ял авна!” Тэд ийм сэдвийг сонсох хүсэлгүй байдаг бөгөөд хэлэлцүүлэхгүй байхын тулд нөхөрлөлийг таслах гэж бүх аргыг хэрэглэдэг. Тэд дотроо ингэж боддог: “Энэ хүмүүс яг ямар ажил хийдэг юм бэ? Бурхан хүний улс төрд оролцдоггүй гэдэг, тэгвэл яагаад энэ хүмүүс улс төр яриад байгаа юм бэ? Итгэгчид зөвхөн Бурханд итгэх тухай л ярих ёстой биш үү? Яагаад тэд эдгээр зүйлийг хэлэлцээд байгаа юм бэ? Энэ чинь зүгээр л гай дуудсан хэрэг биш үү? Хэрвээ тэд эдгээр зүйлийн талаар ярихыг хүсвэл хүссэн газраа ярьж болно, харин миний гэрт ярих ёсгүй. Би үүнд ‘чирэгдмээргүй’ байна!” Тэд юуг ч тодорхой харж чаддаггүй. Засгийн газрын зохиосон зарим цуу яриаг сонсохдоо тэд үүнийг ялган таньж чаддаггүйгээр үл барам сэжиг нь бүр ч ихэсдэг. Хэрвээ тэд эрх барьж байгаа ёрын муу чөтгөрүүдийн бүлэгт, эсвэл шашин доторх антихристийн хүч, ёрын муу сүнснүүдийн урсгалыг байнга сэжиглэж, эргэлздэг байсан бол энэ нь үнэндээ өөрсдийгөө хамгаалахад нь туслах байсан. Гэвч Бурханы ажилладаг чуулганд Бурхан маш их үнэнийг илэрхийлсэн атал тэд үүнийг ойлгож чаддаггүй, энэ бол үнэн зам гэдгийг тогтоож чаддаггүй. Ийм удаан хугацаанд номлол сонсож, Бурхан ийм их ярихыг харсан ч тэдний сэжигч зан шийдвэрлэгдээгүй үлдэж, үзэл, төсөөлөл нь арилаагүй байдаг. Тэдний хэв чанар хэтэрхий муу, ухамсарлах чадвар огт байхгүй, мөн үнэнийг эрэлхийлдэг хүмүүс биш гэдэг нь тодорхой байна. Бурханд итгэж эхэлснээсээ хойш тэд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт хэзээ ч итгээгүй, Бурханы бүх үг үнэн гэдэгт хэзээ ч итгээгүй; Бурханы гэрийн ажлыг Ариун Сүнс бүрэн удирддаг гэдэгт бүр ч итгээгүй. Үр дүнд нь бүх зүйл тэднийг эргэлзэхэд хүргэдэг. Жишээ нь, цуглааны үеэр янз бүрийн хүмүүсийг ялган таних талаар нөхөрлөхдөө бид антихристүүд хүмүүсийг хэрхэн төөрөлдүүлдэг тухай; эсвэл зарим хүн хэрхэн Бурханы тахилыг ашиглан хангагддаг бүх зүйлийг хэрэглэж, эдэлдэг хэрнээ ямар ч бодитой ажил хийдэггүй нь чуулганыг шулж амьдрах явдал болдог тухай; эсвэл зарим хүн хэрхэн тахилыг хулгайлдаг юм уу үрэн таран хийдэг тухай; эсвэл чуулган дахь зарим хүн хэрхэн садар самуун үйл ажиллагаа явуулдаг тухай; эсвэл зарим хүн сайн мэдээ номлохдоо Бурханыг гутаах зүйл хэрхэн хийдэг тухай ярьж магадгүй. Хүмүүс бусдыг хэрхэн ялган танихыг сурч, хүн, хэрэг явдлыг Бурханы үг болон үнэн-зарчмын дагуу харж, эдгээр зүйлээс сургамж авч, суралцаж, бусдын төөрөгдүүлүүлэлт, хазаарлалтаас зайлсхийж чаддаг болохын тулд бид эдгээр асуудлыг хэлэлцдэг. Гэвч сэжигч хүмүүс эдгээр зүйлийг сонсоод ингэж хэлдэг: “Өө, үгүй ээ! Энэ чинь Бурханы гэр, Бурханы ажил хийгддэг газар шүү дээ—энд яаж тийм юм болж болдог байна аа? Өмнө нь сэжиглэж байсан минь зөв байж таарлаа. Одооноос би бүр ч болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Хүмүүс дэндүү найдваргүй, Бурханы гэр ч бас найдваргүй юм байна. Тэгвэл Бурхан найдвартай юу? Хэн мэдлээ—Бурхан ч бас найдваргүй байж магадгүй.” Харж байна уу, тэд үнэнийг ойлгодоггүй, ухамсарлаж ч чаддаггүй. Бурханы гэр үнэний ямар ч талыг нөхөрлөсөн бай, тэд эцэст нь ямар дүгнэлтэд үргэлж хүрдэг вэ? Тэр олон жилийн турш сэжиглэж байсан нь зөв байж, энэ нь илүүц зүйл байгаагүй гэсэн дүгнэлтэд хүрдэг. Хэрвээ үнэнийг эрэлхийлдэг, хэвийн хүн чанарын сэтгэхүйтэй хүмүүс эдгээр зүйлийг сонсвол зөвөөр хандаж чадна. Нэг талаар, тэдний мэдлэгийн хүрээ тэлж, эдгээр зүйлээс ялган таних чадвар олж авдаг. Нөгөө талаар, тэд эдгээр зүйлээс сургамж авч, суралцаж, хүмүүс бусад хүнийг дагаж болохгүй гэдгийг, бусдыг ялган таньж, үнэнийг илүү их ойлгох хэрэгтэй гэдгийг, хэрвээ үнэнийг ойлгохгүй бол хүн хэдийд ч, хаана ч төөрөлдөж болно гэдгийг, мөн нэгэнт үнэнийг ойлгож, биеийн хэмжээтэй болбол бусдаар хазаарлуулж, төөрөлдүүлүүлж, хянуулахгүй гэдгийг ойлгож чадна. Харин сэжигч хүмүүс хэзээ ч ингэж бодохгүй. Бурханы гэр янз бүрийн хүмүүс, хэрэг явдлыг ялган таних талаар нөхөрлөх тусам тэд сэжиг нь зөв байж, батлагдлаа гэж боддог: “Харж байна уу, би л ухаантай юм байна! Болгоомжтой байсан минь болж. Хүмүүс намайг сэжигч, итгэлгүй гэж ихэвчлэн хэлдэг ч сэжиглэсэн минь зөв байсныг баримт нотолж байна. Та нар ямар тэнэг болохоо хараач—Бурханд итгэхдээ та нар зөвхөн үүргээ гүйцэтгэж, туршлагаар олсон мэдлэгээ ярихаа л мэддэг. Тэр чинь ямар хэрэгтэй юм бэ? Тэр чамайг хамгаалж чадах уу? Үгүй! Ямар ч нөхцөл байдалтай тулгарсан, илүү болгоомжтой байж, юм бүхэнд эргэлзэж байж л чи өөрийгөө хамгаалж чадна. Чи хүн бүрээс сэрэмжлэх ёстой. Чи хэнд ч, бүр өөрийнхөө эцэг эхэд ч өөртөө итгэдэг шигээ итгэж болохгүй!” Надад хэл дээ, тэд ер нь ямар төрлийн хүмүүс вэ? Тэд Бурханд итгэгчид мөн үү? (Үгүй.) Бурханы гэр ямар төрлийн ажлын талаар нөхөрлөж, ямар төрлийн хүмүүсийг ялган таньж байгаагаас үл хамааран, мөн Бурхан хүмүүст ямар орчин бүрдүүлж байгаагаас үл хамааран, зорилго нь Бурханы сонгосон хүмүүст эдгээр зүйлээс сургамж авхуулах, хаанчлалын сургуулилтыг илүү бодитойгоор хүлээн авхуулах, мөн эдгээр бодит сургамжаар дамжуулан үнэнийг ойлгож, хүмүүсийг ялган таних чадвартай болж, хүмүүс болон янз бүрийн хэрэг явдлыг тодорхой харж, улмаар Бурханы илэрхийлдэг үг, үнэн нь яг ямар бодит хүмүүс, үйл явдал, зүйлд хамаатай болохыг илүү сайн ойлгуулах явдал юм. Гэвч сэжигч хүмүүс эдгээр зүйлээс ямар ч сургамж авч чаддаггүйгээр үл барам, харин ч бүр илүү сэжигч, зальтай болдог.

Зарим сэжигч хүмүүс Бурханы гэрт ямар нэг зүйл хэлж, хийх бүрдээ үргэлж туйлын болгоомжтой байдаг, ах эгч нар юм уу удирдагч, ажилчид өөрсдийг нь засах вий, эсвэл бүр тарчлаах вий гэж байнга айдаг. Тэд “Хэрвээ би бурханд итгэхээ больж, чуулганыг орхивол чуулган надаас өшөө авах болов уу?” гэж хэлдэг. Тэд энэ талаар сэтгэл амар байх хэрэгтэй. Хэрвээ үл итгэгч чуулганыг орхивол энэ нь бүх талын хувьд баяртай үйл явдал юм—энэ нь хүн бүрд ашигтай. Тиймээс, хэрвээ чи чуулганыг орхих юм уу үүргээ хаяад, гэртээ харьж, амьдралаараа амьдрахыг хүсвэл ямар ч санаа зовох зүйлгүйгээр, зоригтойгоор хэлэх хэрэгтэй. Чи бас: “Тэдэн сарын тэдний өдрөөс эхлэн би Төгс Хүчит Бурханы Чуулганыг албан ёсоор орхиж, үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн эгнээнээс гарлаа” гэсэн мэдэгдэл бичиж болно. Үүнийг бүрэн зөвшөөрдөг. Бурханы гэрийн үүд хаалга нээлттэй бөгөөд хэн нэгэн чамаас өшөө авна гэж санаа зоволгүйгээр чи зоригтой явж болно. Айж, сэжиглэх хэрэггүй. Чуулган дахь энэ хүмүүсийн дунд ямар нэг ёрын муу хүн байгааг чи харж байна уу? Яавч үгүй. Ёрын муу хүмүүс байлаа ч гэсэн тэд цэвэрлэгдэх ёстой. Ихэнх хүн нэлээд томоотой бөгөөд амьдралд зөв замаар явах дуртай байдаг. Бусдаас өшөө авах юм уу бусдыг хорлох нь үнэн-зарчмыг зөрчдөг тул тэд хэзээ ч ийм зүйл хийхгүй. Сэжигч хүмүүсийн биеэ авч явах байдалд юу нь буруу гэж та нар бодож байна? Тэдэнд зөвхөн итгэлгүй оюун ухаан байдаг болохоос ухаан байдаггүй. Тэд зальтай, ов мэхтэй, итгэлгүй оюун ухаан бол биеэ авч явах тал дээрх мэргэн ухааны дээд хэлбэр гэж итгэдэг. Тэд үнэн-зарчмыг, эсвэл Бурханы ажил, үгийг сонирхдоггүй—тэд ойлгодоггүй, эрж хайдаг ч үгүй. Оронд нь тэд Сатаны гүн ухааны дагуу л амьдарч, “Надад юу ч тохиолдсон бай, би илүү их эргэлзэх хэрэгтэй. Түүнчлэн, би хэнийг ч сэжиглэсэн бай, тэгэх нь надад үндэслэлтэй санагддаг бөгөөд миний сэжиг баримттай нийцэж байгаа эсэхээс үл хамааран энэ нь зөвтгөгдөхүйц юм. Товчхондоо, нөхцөл байдалтай тулгарах үедээ илүү их сэжиглэх нь надад ашигтай” гэж боддог. Үр дүнд нь, тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч Бурханы үгэн дэх үнэнийг хэзээ ч эрж хайдаггүй, мөн өөрсдөд нь байгаа янз бүрийн асуудал, тээнэгэлзлийг шийдвэрлэхийн тулд Бурханы үгнээс хариулт эрж хайдаггүй. Оронд нь тэд эдгээр хэрэг явдалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэхийн тулд өөрсдийн оюун ухаан, итгэлгүй сэтгэлгээ, ертөнцийн гүн ухаан, эсвэл амьдралын туршлагадаа найддаг. Эцэст нь, тэд янз бүрийн нөхцөл байдалтай тулгарч, янз бүрийн мэдээлэл сонсох тусам сэжигч уг чанар нь өөрчлөгдөхгүй үлдээд зогсохгүй тээнэгэлзэл нь улам бүр нэмэгддэг. Жишээ нь, ийм төрлийн сэжигч хүн Бурханд нэг, хоёр жил итгэчхээд, Бурханы гэрийг гутаан доромжлохын тулд ХКН-ын зохиосон Жаоюаний хэргийн талаар сонсох үедээ ингэж боддог: “Бурханы гэр үүнийг хийсэн байж магадгүй. Бурханы гэр тушаагаагүй байсан ч доорх зарим ах эгч үүнийг хийсэн байж таараа, харин та нар зүгээр л хүлээн зөвшөөрөхгүй байна.” Бурханд гурваас таван жил итгэснийхээ дараа ч тэд үйл явдлын талаарх агуу улаан лууны хувилбарт итгэсээр байдаг. Найм, арван жилийн дараа ч Бурханы гэрийн талаарх тээнэгэлзэл нь шийдвэрлэгдээгүй үлддэг. Тэд агуу улаан луу чуулганыг хэлмэгдүүлж, гутаан доромжилсон гэдэгт итгэдэггүй; зүгээр л Бурханы гэрийн хүмүүс үүнийг хийсэн гэж шууд л үздэг. Чи хар даа, тэд ямар нэг хэрэг явдлыг авч үзэхдээ хэзээ ч Бурханы үг юм уу үнэн-зарчимд үндэслэдэггүй—тэд агуу улаан лууны хувилбарт итгэж, хэрэг явдлыг диаволууд болон Сатаны байр сууринаас хардаг. Сатан Бурханы сонгосон хүмүүсийг яаж ч дарангуйлж, харгисалсан, тэд үүнийг ойлгомжтой гэж боддог боловч Бурханы гэр гэм зэмгүй гэдэгт, эсвэл Бурханд итгэснийхээ төлөө хавчлагад өртөж байгаа ах эгч нар буруугүй гэдэгт хэзээ ч итгэдэггүй. Бурханы гэрийн ах эгч нар бүгд томоотой, ёс журамтай хүмүүс гэдгийг нүдээрээ харсан ч тэд чуулганыг гутаан доромжлох гэж агуу улаан лууны хийсэн зүйлсэд ямар ч эргэлзээгүйгээр зүрх сэтгэлдээ үргэлж итгэдэг. Хэдийгээр Бурханд итгэхдээ ийм хүмүүс хатуу бэрхийг туулж, төлөөс төлж, тэр ч бүү хэл тахил өргөж чаддаг ч эцсийн эцэст үл итгэгч хэвээр байдаг. Үнэндээ сэжигч хүмүүс үнэнийг хайрладаггүй, хүлээн авдаггүй хүмүүсээс илүү төвөгтэй байдаг. Тэд юугаараа илүү төвөгтэй вэ? Үнэнийг сонирхдоггүй хүмүүс чуулганы ажил болон үүргийн гүйцэтгэлд огт хайхрамжгүй хандаж, сонирхдоггүй; итгэгчид Бурханыг хэрхэн дагаж, үүргээ хэрхэн гүйцэтгэх нь тэдэнд чухал биш байдаг. Үр дүнд нь, тэдэнд Бурханд итгэх юм уу үүрэг гүйцэтгэхтэй холбоотой асуудалд тээнэгэлзэл төрдөггүй бөгөөд тэд үндсэндээ чуулганы хэрэг явдлын талаар хэзээ ч асууж лавладаггүй. Харин сэжигч хүмүүс яг эсрэгээрээ байдаг—тэд дам ярианы талаар асууж лавлах дуртай. Тэд яагаад эдгээр зүйлийн талаар асууж лавлахыг хүсдэг вэ? Тэдний зорилгын нэг нь гарцаагүй энэ юм: “Хэрвээ би илүү ихийг асууж лавлаад, илүү ихийг мэдвэл энэ нь ухрах замаа урьдчилан бэлдэж, үлдэх үү, явах уу гэдгээ хэдийд ч шийдэхэд тусална.” Тэд бас тодорхой нэг удирдагч юм уу ажилчны жинхэнэ нэр хэн болох, хаана амьдардаг, шашингүй ертөнцөд ямар ажил төрөл эрхэлдэг, эсвэл яагаад үүргээ гүйцэтгэхийн тулд гэрээ орхисон гэх мэт зарим нэг хэрэг явдлын талаар асууж лавлахад анхаардаг. Тэд бас сайн мэдээ номлож байгаа хүмүүсийн талаар, жишээ нь хэнд номлосон, гэр бүлийнх нь хэн нь Бурханд итгэдэг, хэдэн жил сайн мэдээ номлож байгаа, хэдэн хүнийг олж авсан гэх мэтээр асууж лавлаж магадгүй. Тэд энэ бүх зүйлийн талаар маш нарийн асууж сурагладаг. Сэжигч хүмүүс ийм төрлийн мэдээлэл цуглуулах дуртай бөгөөд цуглуулсныхаа дараа сэтгэл амарч, эдгээр зүйлийг мэдэх нь маш чухал, эгзэгтэй үед энэ мэдээллийг ашиглаж болно гэж боддог. Сэжигч хүмүүс хэтэрхий ихийг мэддэг. Тэд бол “мэдээллийн сан” бөгөөд удирдагч, ажилчдын мэддэггүй зарим зүйлийг, жишээ нь хэн үүргээ гүйцэтгэхээр гадаад руу явсан, аль улс руу явсан гэдгийг ч мэддэг—тэд өөр улс руу явж байгаа хүмүүсийн талаарх эдгээр зүйлийг ч мэддэг. Гэхдээ хэрвээ чи тэднээс хамгийн сүүлд номлолын ямар анги гарсан бэ гэж асуувал тэд чамд хэлж чадахгүй. Тэд амь-оролтын хэрэг явдалд хэзээ ч анхаарал хандуулдаггүй боловч ах эгч нарын хувийн мэдээлэл болон чуулганы зарим нөхцөл байдлын тухайд маш тодорхой мэддэг. Тэдний байнга юм асууж сурагладгийн нэг зорилго нь бүх төрлийн нөхцөл байдлын талаар илүү ихийг мэдэж авах явдал бөгөөд үүний дараа тэд хэдийд ч өөрсдөдөө гарах зам бэлдэж чадна. Тэд гарах замынхаа талаар огт бодохгүй байх нь туйлын тэнэг хэрэг гэж итгэдэг—шүтлэггүй хүмүүсийн үгээр хэлбэл, тэд “бусдад худалдагдчихаад мөнгийг нь тоололцож өгч байгаа” хэрэг болно. Үнэн хэрэгтээ тэд муудсан удсан хоол шиг, сохор зоосны ч үнэгүй атал өөрсдийгөө маш үнэ цэнтэй гэж хардаг. Та нар юу гэж бодож байна, эдгээр хүн сэжигч мөн үү? (Мөн.) Эдгээр нь үнэхээр сэжигч хүмүүс юм. Сэжигч хүмүүс онцгой зальтай, ов мэхтэй хүн чанартай байдаг. Зарим хүн заль мэх, ов мэхтэй байдлыг өндөр оюун ухааны шинж тэмдэг гэж хардаг ч энэ нь буруу юм. Үнэн хэрэгтээ, эдгээр зальтай, ов мэхтэй хүмүүс туйлын тэнэг бөгөөд ямар ч хэв чанаргүй байдаг. Тэдний хэв чанар маш муу бөгөөд үүнийг өөрчлөхөд хэдийнээ хэцүү байдаг; дээр нь бас зальтай байна гэдэг нь тэднийг эмчлэхэд бүр ч хэцүү гэсэн үг. Хэрвээ хүн зүгээр л хэв чанар муутай боловч харьцангуй үнэнч, зальтай биш, мөн үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж чаддаг бол аврагдах өчүүхэн найдвар байж магадгүй. Хэрвээ тэд хэв чанар муутай, бага зэрэг ов мэхтэй боловч үнэнийг хүлээн авч, өөрсдийгөө мэдэж чаддаг бол ов мэхтэй зан чанараа хаях өчүүхэн найдвар байж магадгүй. Хэрвээ тэд үнэнийг ойлгож, аажмаар мэдэж, түүнд орж чадвал сэжигч зан нь бага багаар арилж магадгүй. Гэвч харамсалтай нь энэ хүмүүс хэв чанараар дутмаг төдийгүй ов мэхтэй, зальтай, бас ихээхэн тэнэг байдаг. Энэ нь хараагүй хүн нүдний өвчин туссантай адил—эмчлэх аргагүй, тийм биз дээ? (Тийм.) Ийм хүмүүс засаршгүй. Энэ хүмүүс засаршгүй хэмжээнд сэжигч тул тэдэнд хэрхэн хандах ёстой гэж та нар бодож байна? (Хэрвээ ийм хүмүүс илэрвэл тэднээс сэрэмжлэх ёстой. Тэд өөрсдийгөө хамгаалахын тулд чуулганыг худалдаж чадна; тэд бол аюултай хүмүүс. Бид тэднийг илчилж, цэвэрлэх боломж хайж болно, эсвэл боломж олдохгүй бол мэргэн ухаанаар ятгаж явуулж болно.) Хэн нэгнийг сэжигч хүн гэдэгт итгэлтэй болмогцоо тэдэнтэй бүү харьц. Тэдэнтэй харьцах нь зөвхөн төвөг л авчирна. Хэрвээ чи тэдэнтэй харьцвал тэд үргэлж чамайг тандахыг оролдоно. Хэрвээ чи гадагшаа гарах гэж байгаа бол тэд чамайг анхааралтай ажиглаж, “Чи хаашаа явж байгаа юм бэ? Хэд хоног явах вэ? Юу хийх гэж байгаа юм бэ?” гэж байнга асууна. Чамайг буцаж ирэхэд тэд “Хэнтэй уулзсан бэ? Даалгавраа биелүүлсэн үү? Та нар юу ярьсан бэ?” гэж асууна. Хэрвээ чи тэдэнд хариулахгүй бол тэд: “Тэд надад юу ч хэлэхгүй байна. Тэд надад итгэхгүй байна, тийм үү? Тэд намайг Бурханы гэрийн гишүүн гэж үзэхгүй байна! Тэд чуулганы ажил хийх гэж байна гэж хэлсэн ч яагаад надаас нуугаад байсан юм бэ? Тэд хууль бус зүйл хийхээр гарсан байж таараа” гэж гомдоллоно. Тэд үргэлж чиний ар хударгаар чамайг тагнана. Ийм хүмүүс үнэхээр төвөгтэй. Тэд олон зүйлийн талаар асууж лавлаж, бүхнийг мэдэхийг хүсдэг. Гэвч тэдгээр зүйлийг мэдсэнийхээ дараа тэдгээрийг цэвэр ариунаар ухамсарлаж, зөвөөр хандаж чаддаггүй, мөн тэдгээрээс сэжигтэй хэсгийг хайхыг оролддог нь эргэлзээг нь улам бүр нэмэгдүүлдэг. Чи тэдэнд: “Чамд Бурханд эргэлзэх ийм их эргэлзээ байгаа юм чинь, бас Бурханы үг үнэн гэдэгт, энэ нь хүнийг ариусгаж, аварч чадна гэдэгт итгэхгүй байгаа юм чинь чи зүгээр л Бурханд итгэхээ боль!” гэж зөвлөлөө гэж бодъё. Тэд тэгэхийг хүсэхгүй—тэд итгэхийг хүссэн хэвээр, ерөөл хүртэхийг хүссэн хэвээр байх болно. Энэ хүмүүс төвөгтэй биш гэж үү? (Тийм.) Энэ хүмүүсийг зохицуулахад амархан. Хэрвээ тэд чуулганд томоохон төвөг учруулж чадах бол тэднийг даруй ятгаж явуул. Энэ хүмүүс найдвартай биш, үнэнийг ухамсарлах чадваргүй, хэдийгээр тэд жаахан үүрэг гүйцэтгэж чадах байсан ч Бурханы гэрт ихээхэн төвөг учруулна—тэд тус болохоосоо илүү ус болдог. Тиймээс тэднийг ятгаж явуулах шаардлагатай.

Хулчгар хүмүүс төвөгтэй, сэжигч хүмүүс ч бас төвөгтэй. Гэвч хулчгар бөгөөд сэжигч хүмүүс бүр ч илүү төвөгтэй. Энэ хүмүүс туйлын аймхай хулчгар, үхлээс айдаг, иймээс бүх зүйлд сэжиглэнгүй хандаж, Бурханд итгэснээр мэхлэгдэх вий гэж байнга сэжиглэдэг. Тэд ирээдүйд нь саад учирч магадгүй гэж айдаг бөгөөд баривчлагдаж, хавчигдаад үхэх юм бол энэ нь ямар ч үнэ цэнгүй гэж боддог. Хэрвээ тэд ийм хэмжээнд сэжиглэдэг юм бол тэдний хувьд Бурханд итгэхийн хэрэг юу байна? Энэ нь зүгээр л өөрсдийгөө зовоож байгаа хэрэг биш үү? Тэд ах эгч нар болон Бурханы гэрийн ажлын зохицуулалт бүрээс яг л залилагчдаас сэрэмжилж байгаа мэт, агуу улаан луу юм уу диаволууд болон Сатануудаас сэрэмжилдэг шигээ сэрэмжилдэг. Зарим хүн тэдэнд зөвлөх гэж оролдсон хэвээр: “Зүгээр л Бурханд хичээнгүйлэн итгэж, үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэ, тэгвэл Бурхан чамайг сайшаана” гэж хэлдэг. Гэвч тэд дотроо юу бодож байдаг вэ? “Чи намайг үүргээ зүй зохистой гүйцэтгээсэй гэж хүсэж байна, гэхдээ нэгэнт би олны нүдэнд өртөж, агуу улаан луу намайг баривчилбал би дууслаа гэсэн үг биш үү?” Хэрвээ энэ үнэхээр тэдний бодол санаа юм бол тэдэнд зөвлөх гэж хичээх ямар ч хэрэггүй. Тэд туйлын аймхай хулчгар бөгөөд үхлээс үргэлж айж байдаг. Бурханд итгэгчид баривчлагдсан гэж сонсохдоо тэд айсандаа өмдөндөө дусаадаг. Гэвч бизнес хийхдээ хүмүүсийг залилан мэхлэх тухайд хэчнээн ноцтой асуудалд орсон ч тэд огт айдаггүй—энэ тал дээр тэд нэлээд зоригтой байдаг. Гэтэл Бурханд итгэх хэрэг явдалтай холбогдох үед тэд үнэхээр аймхай хулчгар байдаг. Тэд ах эгч нар, Бурханы гэр, ялангуяа Бурхан болон Бурханы үг, ажлын талаар бүх төрлийн тээнэгэлзлээр дүүрэн байдаг бөгөөд хэчнээн их нөхөрлөл ч эдгээр тээнэгэлзлийг шийдвэрлэж чадахгүй. Хэчнээн олон жил итгэсэн ч тэд Бурханд итгэх нь юу гэсэн үг болохыг, эсвэл яагаад цугларч, үүргээ гүйцэтгэх хэрэгтэйг мэддэггүй хэвээр байдаг. Энэ хүмүүс ухаан муутай, нэлээд зальтай, ов мэхтэй гэдэг нь илэрхий байна. Ийм хүмүүсийг даруй ятгаж явуулах хэрэгтэй. Хэрвээ тэд хулчгар зангаасаа юм уу өөр ямар нэг шалтгаанаас болоод цуглаанд ирэхээ больж, цаашид үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй болбол энэ нь бүр сайн хэрэг—ингэвэл тэднийг цэвэрлэх гэж төвөг удахгүй, асуудлаас зайлсхийнэ. Хэрвээ нэг өдөр тэд Бурханд ахин итгэх сонирхолтой болж, Бурханд буцаж итгэдэг болохыг хүсвэл чи тэдэнд: “Бурханд итгэгчийн хувьд чи хэдийд ч баривчлагдаж, хоригдож болзошгүй бөгөөд амиа алдах эрсдэл ч бий. Харин хэрвээ чи Бурханд итгэхгүй, оронд нь ертөнцөд бизнес хийж, их мөнгө олбол тав тухтай өдрүүдийг эдэлж чадах байх” гэж хэлж болно. Үүнийг сонссоныхоо дараа тэдний зүрх сэтгэл бүрэн амарч, Бурханд итгэх талаар дахин бодохоо болино. Тэд: “Эцэст нь миний олон жилийн санаа зовнил, айдас дууслаа. Би ахиж чуулган, ах эгч нар, эсвэл Бурханы гэрийг дахин сэжиглэх шаардлагагүй боллоо. Би эцэст нь чөлөөлөгдлөө” гэж бодно. Ингээд л эдгээр хулчгар, сэжигч хүмүүс ятгагдан явдаг. Энэ нь томоохон төвгийг шийдвэрлэж байна, тийм үү? (Тийм ээ.) Энэ бол асуудлыг шийдвэрлэх гайхалтай арга юм.

К. Асуудал тарих хандлагатай байх

Дараагийн илрэлийг авч үзье: асуудал тарих хандлагатай байх. Асуудал тарих хандлагатай хүмүүс ямар төрлийн хүмүүс байдгийг та нар мэдэх үү? Чуулганд та нар асуудал тарих хандлагатай ийм төрлийн хүнтэй тааралдаж байсан уу? Нас, хүйс, ертөнцөд ямар мэргэжилтэй нь хамаагүй, хэрвээ тэд үргэлж асуудал тарьж, хууль дүрэм зөрчсөн зүйл хийж, чуулганд сөрөг нөлөө авчирч, сайн мэдээний ажилд асар их саад тотгор учруулж байвал чуулган эдгээр хүнийг даруй шийдвэрлэх хэрэгтэй. Эхлээд тэдэнд сануулга өг, хэрвээ нөхцөл байдал хэт ноцтой байвал тэднийг хөө, эсвэл зайлуул. Тэдэнд огтхон ч найр тавьж болохгүй. Асуудал тарих хандлагатай тэр хүмүүс ямар төрлийн хүмүүс вэ? Жишээ нь, зарим хүн ертөнцөд бизнес хийж, үйлдвэр ажиллуулж байхдаа сэжигтэй хүмүүстэй нийлж, хууль дүрэм зөрчсөн зүйл байнга хийдэг. Өнөөдөр тэд татвараас зайлсхийж, дутуу төлж, маргааш нь луйвар, залилан хийж, эсвэл бүр хүний амь нас хохироосон хэрэгт холбогддог. Эдгээр зүйлээс болж тэд шүүхийн зарлан дуудах хуудас байнга хүлээн авч, өдөр хоногийг заргалдаж өнгөрүүлдэг бөгөөд үргэлж маргаантай байдаг. Тийм хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэж чадах уу? Тэр боломжгүй. Бас Бурханд итгэдэг гэж хэлдэг ч маш хачин, хэвийн бус авирладаг зарим хүн бий. Өнөөдөр тэд эсрэг хүйстнээ оролдож, маргааш нь хэн нэгэнд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, хэрэгт орж магадгүй. Ийм хүмүүсийг асуудал тарих хандлагатай гэж чи хэлэх үү? (Тийм.) Тэгвэл тийм хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэж чадах уу? (Үгүй.) Асуудал тарих хандлагатай эдгээр хүн Бурханд итгэснийхээ дараа ч нийгмийн сэжигтэй хүмүүстэй нийлж, сэтгэл мэдрэмжийн асуудал, санхүү, эд хөрөнгө, эсвэл хувийн ашиг сонирхлын маргаан гэх мэт маргааныг байнга дэгдээж байдаг. Эсвэл харилцаанд нь зөрчил үүсгэсэн ямар нэг хэрэг явдлаас болж, эсвэл хууль бус ашгаа тэнцүү бус хувааснаас болж тэдэнд төвөг удах гэсэн хүмүүс үргэлж байдаг. Ах эгч нар хааяа тэдний гэрт очих үедээ эдгээр сэжигтэй хүнтэй тааралдаж магадгүй. Тэднийг цуглаан хийж, эсвэл үүргээ гүйцэтгэж байх үед ч эдгээр сэжигтэй хүн заримдаа үүдэн дээр нь ирдэг, эсвэл дарамталсан зурвас илгээдэг, тиймээс асуудал тарих хандлагатай ийм хүмүүстэй хамт байгаа хэн боловч тэдний асуудалд татагдан орох магадлалтай; ялангуяа чуулганы ажил, нэр хүнд эдгээр хүнээс болж татагдан орж, хохирох бүр ч их магадлалтай байдаг. Надад хэл дээ, ийм хүмүүс чуулганд үлдэх нь сайн уу? (Үгүй.) Ийм төрлийн хүнийг бас зайлуулж, шийдвэрлэх ёстой.

Нийгэмд ямар мэргэжилтэй нь хамаагүй, засгийн газар, засгийн газрын албан тушаалтнууд, эсвэл нийгмийн тодорхой бүлэг, олны танил хүмүүстэй сөргөлдөхийг үргэлж хүсдэг зарим хүн бас бий. Өнөөдөр тэд засгийн газрын шударга бус үйлдлийг илчилж; маргааш нь ямар нэг бүлэг эсвэл байгууллагыг шүүхэд өгч, хохирлын нөхөн төлбөр шаардаж; нөгөөдөр нь олны танил хүний хувийн амьдралыг илчилж, хүмүүсийг өөрсдийг нь хайж ирэхэд хүргэдэг. Энэ нь асуудал тарьж байгаа хэрэг мөн үү? (Тийм.) Тэд Бурханд итгэдэг болсныхоо дараа ч нийгмийн хэрэг явдалд оролцсоор байхыг хүсдэг. Сэтгэлд нь нийцэхгүй, дургүйцлийг нь хүргэсэн ямар нэг зүйлийг харах үедээ тэд өөрсдийгөө гайхуулахын тулд шударга ёсны төлөө тэмцэхийг хүсдэг, эсвэл тухайн хэргийн зөв бурууг шүүхийн тулд сэтгэгдэл, нийтлэл бичихийг үргэлж хүсдэг. Эцэст нь юу болдог вэ? Тэд юунд ч хүрдэггүй, харин өөрсдөдөө бөөн асуудал тарьж, заргад орооцолдож, нэр хүндээ сүйтгэдэг. Тэгээд нийгмийн сэжигтэй хүмүүс үргэлж тэднийг хайж, өшөө авах юм уу тэдний эсрэг арга хэмжээ авахыг хүсдэг тул тэд туйлын айдаст амьдардаг. Ийм амьдралаас зугтаж, асуудлаас зайлсхийхийн тулд тэд хэд хэдэн байшин худалдаж аваад, “Хүмүүсийн хэлдгээр ‘Мэхт туулай гурван нүхтэй’ гэдэг дээ. Миний гурван байшингийн зөвхөн нэгийг нь л олон нийт мэднэ; нөгөө хоёрыг нь хэн ч мэдэхгүй. Би тэдгээрийг чуулганд ашиглуулж, ах эгч нарыг байлгах гэж хадгалж байгаа юм” гэж тайлбарладаг. Ах эгч нар тэнд байхдаа аюулгүй байна гэж чи бодож байна уу? (Үгүй, аюулгүй байхгүй.) Тэдний үг маш сайхан сонсогдож, үүнийг хийж буй санаа зорилго нь сайн боловч тэдний зан араншин, асуудал тарих хандлагатай байх дутагдлаас нь болоод хэн тэдний гэрт байж зүрхлэх юм бэ? Хэрвээ чи тэнд байвал хүмүүс чамайг тэдний гэр бүлийн нэг хэсэг гэж бодож магадгүй. Хэрвээ хэн нэгэн тэднийг зодох гээд хайж байгаад олж чадахгүй бол оронд нь чамайг зодох биш үү? Зарим хүн асуудал тарих хандлагатай байдаг. Тэднийг жирийн үед машин барьж яваад, алслагдмал газраар дайран өнгөрөхөд нь хэн нэгэн зогсоогоод, машинаас чирч гаргаад, зэрлэгээр зодож, сануулга өгч магадгүй юм. Тэд энэ нь өөрсдөө эхлээд хэн нэгнийг уурыг хүргэж, өөрсдөдөө асуудал дуудсанаас болсон гэдгийг, мөн гомдоосон хүн нь тэднийг тарчлаахыг хүссэн гэдгийг мэддэг. Энэ нь яг тэдний хүртэх ёстой зүйл биш гэж үү? Ийм төрлийн хүн бол асуудал тарих хандлагатай төрлийн хүн юм. Тэд Бурханд итгэж эхэлснийхээ дараа, чуулган ямар асуудал хэлэлцэж байгаагаас үл хамааран үргэлж хөндлөнгөөс оролцохыг хүсдэг; тухайн асуудлаар үгээ хэлж, санал бодлоо илэрхийлэхийг хүсдэг, бас хүмүүсээр өөрсдийгөө сонсуулахыг хичээдэг. Хэрвээ чуулган саналыг нь хүлээж авахгүй бол тэд өөрсдийн чадварыг мэдэхгүйгээр илт дургүйцэж, гомдоллодог. Тэд хэчнээн их хохирол амссан ч хэзээ ч санадаггүй, бүтэлгүйтлээсээ сургамж авдаггүй. Ийм хүмүүс Бурханд итгэх үедээ ч асуудал дагуулдаг. Нэг талаар, тэд үнэнийг ойлгодоггүй ч чуулганы ажилд оролцохыг үргэлж хүсэж, бүх зүйлд хошуу дүрэхийг хичээдэг, үр дүнд нь чуулганы ажилд саад болж, үймүүлдэг. Нөгөө талаар, аль нэг ах эгчтэй их цагийг өнгөрүүлэх бүрдээ тэдэнд бас асуудал авчирдаг. Асуудал тарих хандлагатай ийм төрлийн хүмүүс маш их төвөгтэй. Асуудал тарьдаг хүмүүс бол асуудал үүсгэдэггүй хүмүүс гэж чи бодож байна уу? Тэд байр сууриа мэддэг хүмүүс үү? (Үгүй.) Тэд яавч байр сууриа мэддэг хүмүүс биш. Ерөнхийдөө, аятайхан амьдардаг хүмүүс байр сууриа мэддэг байх хандлагатай байдаг. Нийгмийн хэрэг явдал Бурханд итгэх итгэлтэй нь хамаагүй л бол тэд огт оролцдоггүй, асууж лавладаггүй. Үүнийг ухаалаг байх, цаг үеэ ойлгох, аливаа зүйлийн учир утгыг ойлгох гэдэг. Энэ нийгэм, хүн төрөлхтөн маш хорон муу, ээдрээтэй. Шүтлэггүй хүмүүсийн хэлдгээр “Энэ эмх замбараагүй эрин үе, эмх замбараагүй ертөнцөд хүмүүс өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй.” Түүгээр ч барахгүй, чи нийгмийн хэрэг явдлын талаар үргэлж сэтгэгдэл хэлж, тэрэнд оролцохыг хүсдэг боловч тэр бол амьдралд чиний алхах ёстой зам биш юм. Тэдгээр зүйлийг хийх нь ямар ч үнэ цэнгүй бөгөөд амьдралын зөв зам биш. Чи шударгаар ярьж чаддаг байлаа ч гэсэн тэр нь шударга үйл хэрэгт тооцогдохгүй. Яагаад үгүй гэж? Яагаад гэвэл энэ ертөнцөд шударга ёс гэж байхгүй; ёрын муу хандлага үүнийг зөвшөөрдөггүй. Хэрвээ чи Бурханы гэрт үнэхээр шударга үг, үнэнч шударга үг хэлж чадвал тэр нь үнэ цэн, ач холбогдолтой. Гэвч хэрвээ чи хүний энэ ёрын муу, завхарсан, эмх замбараагүй ертөнцөд шударга үг, үнэнч шударга үг хэлбэл тийм үг амархан асуудал дуудаж, аюул авчирдаг. Тэгвэл тийм үг хэлэх нь маш тэнэг хэрэг биш гэж үү? Ингэх нь чамд үнэ цэнтэй амьдрах боломж олгохгүйгээр үл барам, бас чамд эцэс төгсгөлгүй асуудал авчирна. Тиймээс ухаалаг хүмүүс нийгмийн эдгээр хэрэг явдлыг гамшиг гэж хараад, зайгаа барьж, зайлсхийдэг бол тэнэг хүмүүс түүн рүү зүтгэж, өөрсдөдөө асар их гай дууддаг. Ялангуяа зарим хүн хэд хоног тулааны урлагаар хичээллэснийхээ дараа хэдэн ганган мэх сурч, жаахан нэр хүндтэй болоод, дараа нь шударга ёсны төлөө тэмцэж, баячуудыг дээрэмдэн ядууст туслахыг хүсдэг. Тэд баатар эр юм уу шилийн сайн эрийн дүрд тоглож, энд тэндгүй явж шударга бус байдлыг засахыг хүсдэг бөгөөд шударга бус явдал харах бүрдээ туслахаар явж очдог. Үр дүнд нь энэ нь асуудалд хүргэдэг—тэд нийгэм хэчнээн ээдрээтэй болохыг ухаардаггүй. Надад хэл дээ, туслахаар очих үедээ чи зарим хүний уурыг хүргээд дуусахгүй гэж үү? Чи зарим хүний гаргасан нарийн төлөвлөгөөг сүйтгэхгүй гэж үү? (Тийм.) Тэр хүмүүсийн нарийн төлөвлөгөөг сүйтгэх үед чинь тэд чамайг зүгээр өнгөрөөх үү? (Үгүй.) “Миний хийж байгаа зүйл бол шударга үйл хэрэг” гэж чи хэлж магадгүй ч, тэр нь шударга үйл хэрэг байлаа ч гэсэн болохгүй—энэ ертөнц чамд шударга үйл хэрэг хийхийг зөвшөөрөхгүй. Хэрвээ чи тэгвэл асуудал тарих болно. Мунхаг хүмүүс үүнийг ойлгодоггүй, тэд ертөнцийг нэвт харж чаддаггүй. Тэд өөрсдийгөө шилийн сайн эр учраас бусдад туслахаар гарч ирэх ёстой гэж үргэлж боддог. Гэвч эцэст нь тэд хэн нэгний нарийн төлөвлөгөөг сүйтгэдэг бөгөөд тэр хүн нь тэднээс өшөө авч, зүгээр орхихоос татгалздаг. Ингэж л тэд гамшиг тарьдаг. Нөгөө хүн нь тэдний нэр, хаана амьдардаг, гэр бүлийн байдал нь ямар болох, гэр бүлийн гишүүд нь хэн болох, тэр хавьдаа ямар нэг нөлөөтэй эсэх, тэдний эсрэг яаж арга хэмжээ авах нь дээр вэ гэдгийг нууцаар сураглаж эхэлдэг. Энэ бүхний талаар тодорхой ойлголттой болмогцоо тэд “шилийн сайн эр” рүү дайрч эхэлдэг бөгөөд тэр үеэс хойш амьдрал нь хэцүү болдог. Ийм төрлийн хүмүүс байнга асуудал тарьдаг бөгөөд хэчнээн их хохирол амссан ч хэзээ ч сургамж авдаггүй. Тэд шударга бус гэж үзсэн зүйлтэйгээ тулгарах үедээ шударга ёсны төлөө тэмцэж, туслахаар очихыг хүссэн хэвээр байдаг. Тэд өөрсдөдөө асуудал авчраад зогсохгүй гэр бүлээ ч аюулд оруулж, заримдаа бүр эргэн тойрныхоо найз нөхөд, хамтран ажиллагсдаа ч татан оруулдаг. Хэрвээ тэд Бурханд итгэж, чуулганд орвол ах эгч нар ч бас тэднээс болж аюулд орж болзошгүй. Жишээ нь, хэрвээ тэд нийгэмд асуудалд орооцолдож, хэн нэгэн тэднээс өшөө авахыг хүсвэл, мөн чамайг тэдэнтэй хамт цуглаанд оролцдогийг тэр хүн мэдвэл тэдний хувийн болон гэр бүлийн байдлын талаар мэдээлэл авахаар чам дээр ирж магадгүй. Тэгвэл чи тэр хүнд хэлэх үү, үгүй юу? Хэрвээ чи хэлбэл энэ нь тэднээс урвасантай адил бөгөөд тэдэнд асуудал авчирна; хэрвээ хэлэхгүй бол тэр хүн чамайг тарчлааж магадгүй. Энэ ертөнцөд ёрын муу хүмүүс хэтэрхий олон байдаг бөгөөд ёрын муу хүмүүс бүгд эрүүл ухаангүй байдаг. Хэрвээ хэн нэгэн тэдний уурыг хүргэвэл тэд өшөө авахын тулд ямар ч арга хэрэглэхээс буцахгүй. Тийм биш гэж үү? (Тийм.) Асуудал тарих хандлагатай хүмүүс ямар ч асуудалд орсон бай, энэ нь үүргээ гүйцэтгэхэд нь үргэлж асуудал, үймээн учруулдаг бөгөөд чуулганы ажилд ч янз бүрийн хэмжээгээр нөлөөлж чадна. Хэрвээ хэн нэгэн байнга асуудал тарьдаг бол тэдэнтэй үнэнийг нөхөрлөх нь энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Ийм төрлийн хүмүүс ихэвчлэн цоо эрүүл ухаангүй байдаг. Тэд асуудалд орох үедээ ч үүнийг асуудал гэж хардаггүй; тэд бүр өөрсдийгөө шударга ёсны мэдрэмжтэй гэж бодож магадгүй. Ийм тохиолдолд тэдэнтэй үнэнийг нөхөрлөх нь нэмэргүй, учир нь тэд гажууд ойлголттой хүмүүс, тэд бол утгагүй хүмүүс юм. Утгагүй хүмүүс үнэнийг амархан хүлээж авдаггүй. Зарим хүн: “Тэдэнд бэрхшээл тулгарч байна; бид яаж тэднийг үл тоох юм бэ? Бид яаж тэднийг өрөвдөхгүй байх юм бэ? Бид тэдэнд хайраар хандах ёстой” гэж хэлж магадгүй. Тэдэнд хайраар хандах нь зүгээр ч тэд үүнийг хүлээж авч чадах уу? Хэрвээ тэд үнэнийг огт хүлээж авахгүй, өөрсдийн үзэл бодлыг баримталсаар байвал тэдэнтэй эцэс төгсгөлгүй үнэнийг нөхөрлөх нь чамд тохиромжтой юу? (Үгүй.) Яагаад тохиромжтой биш вэ? (Ийм төрлийн хүмүүс Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй. Тэдний мөн чанар бол үл итгэгчдийнх. Бид тэдэнтэй үнэнийг нөхөрлөлөө ч гэсэн энэ нь асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд тэд чуулганд маш их асуудал авчирсаар байж мэднэ.) Тэгвэл ийм төрлийн хүмүүсийг зайлуулах ёстой юу? (Тийм ээ, тэгэх ёстой.)

Асуудал тарих хандлагатай өөр нэг төрлийн хүмүүс байдаг. Чуулганд тэд үргэлж ах эгч нарыг зарим нэг зүйл хийлгэхээр турхирч байдаг. Жишээ нь, тэд: “Засгийн газрын авсан тэр арга хэмжээ, боловсруулсан бодлого нь үндэслэлгүй байна. Христэд итгэгчдийн хувьд бид зөв шударга байдлыг хэрэгжүүлэх ёстой, бид дуу хоолойгоо хүргэх ёстой болохоос хулчгар амьтад шиг сүүлээ хавчиж болохгүй. Бид ах эгч нар, чуулган болон бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө тэмцэж, лоозон барин гудамжинд жагсаж, эсэргүүцлээ илэрхийлэх хэрэгтэй!” гэж хэлдэг. Үүний үр дүн юу вэ? Тэднийг жагсахаас ч өмнө засгийн газар хэдийнээ мэдчихсэн байх бөгөөд шүүхээс зарлан дуудах хуудас илгээдэг. Надад хэл дээ, ийм хүмүүс чуулганд байх нь чуулганы хувьд аз завшаан уу, эсвэл азгүй явдал уу? (Азгүй явдал.) Зарим хүн: “Манай чуулганд ийм авьяастай хүн байсан юм байна шүү дээ—энэ хүн бол удирдагч болох материалтай! Манай чуулганы хүмүүсийг хар л даа; бүгд номхон дөлгөөн, дэг журмыг дагадаг, нийгэмд ямар ч нөлөөгүй. Тэд хулчгар, ямар ч том ажил хийж зүрхэлдэггүй, асуудал тарихаас маш их айдаг. Энэ хүн бол өөр—зоригтой, гярхай, шийдэмгий; бас нийгэмд нөлөөтэй, чадвартай, шударга бус явдлыг харах үедээ босож зогсоод, урагш гарч ирж зүрхэлдэг. Хуулийн хэрэгтэй тулгарсан ч тэд сандарч, тэвддэггүй. Оюуны чадамж нь тэднийг төрөлхийн албан тушаалтан байхад тохирох хүн болгодог. Хэрвээ энэ хүн улс төрд орсон бол төлөөлөгч, эсвэл ядаж л мужийн захирагч болох байсан. Бид хангалттай сайн биш. Тиймээс чуулган тэднийг удирдагчаар сонгох ёстой. Хэрвээ тэд биднийг удирдвал бид гарцаагүй аврагдана!” гэдэг. Зарим мунхаг хүн нийгэмд асуудал тарих хандлагатай хүмүүсийг онцгойлон дээдэлж, шүтэн биширдэг, тэр ч бүү хэл чуулганы удирдагчаар сонгохыг хүсдэг. Энэ нь тохиромжтой гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Яагаад тохиромжтой биш вэ? Чуулганд ийм “чадварлаг хүмүүс” хэрэггүй гэж үү? (Чуулганд ийм хүмүүс хэрэггүй. Чуулганы удирдагчид Бурханы сонгосон хүмүүсийг цуглаан дээр хамтдаа Бурханы үгийг идэж ууж, үнэнийг эрэлхийлж, сайн мэдээ түгээх үүргээ гүйцэтгэхэд удирдах ёстой. Хэдийгээр ийм хүмүүс гаднаа зориг, гярхай байдал, шийдэмгий чанар гэгчтэй мэт харагдаж болох ч ийм төрлийн ажлыг хийж чадахгүй бөгөөд чуулганд эцэс төгсгөлгүй асуудал авчирна. Тиймээс тэд чуулганы удирдагч байхад тэнцэхгүй.) Чамд хэлье, ийм төрлийн хүн чуулганд үлдэх нь алдаа бөгөөд ийм хүмүүсийг удирдагчаар сонгох нь бүр ч их гай гамшиг болно. Тэд чуулганыг хааш нь удирдах вэ? Тэд чуулганыг шашны бүлэг болгож хувиргана! Учир нь тэд нийгэмд шударга бус явдал гарахыг харах үедээ зарга мэдүүлнэ; ёрын муу хүмүүс ядуусыг дээрэлхэж байгааг харах үедээ тэдний төлөө тэмцэнэ; завхарсан түшмэд ард түмнийг харгисаар хорлож байгааг харах үедээ Тэнгэрийн өмнөөс шударга ёсыг тогтоохыг хүснэ. Үр дүнд нь та нар бүгд аажмаар шударга ёсны төлөө тэмцдэг шилийн сайн эрс болно. Ингэвэл та нар аврагдаж чадах хэвээр байх уу? Асуудал тарих хандлагатай хүмүүс өнгөн дээрээ нэлээд чадварлаг мэт санагдаж болох ч эцэст нь юу болдог вэ? Тэд бүгд чуулганы ажилд саад болж, үймүүлснээсээ болж таягдан хаягддаг, учир нь тэдний дагадаг зам зөв зам биш юм. Тэд ямар ч асуудал тарьсан бай, зөв замаар алхдаггүй, Бурханы хүслийг ч дагадаггүй. Тэдний хийдэг юу ч чуулгантай, Бурханы ажилтай, эсвэл Бурханы санаа зорилготой ямар ч холбоогүй; тэдний хийдэг бүхэн Бурханы санаа зорилгоос холдсон, зөв замаас хазайсан байдаг. Тэдний асуудал тарьдаг уг чанар нь гэвэл тэд диаволуудтай харьцаж, орооцолдож байгаа хэрэг юм; тэднийг диаволууд зовоож байна. Тиймээс Бурханы гэр өөрийгөө ийм хүмүүсээс тодорхой зааглах ёстой. Хэрвээ тэд дахин дахин асуудал тарьж, хэн ч зөвлөх гэж оролдсон сонсохоос татгалзаж, алдаанаасаа суралцахгүйгээр асуудал тарьж, тэр ч бүү хэл ухаангүй муу үйл хийж байвал тэдэнд явахыг ятгах хэрэгтэй. Чи: “Чиний тарьсан бүх асуудлыг, энэ нь чуулганы ажилд хэчнээн их саад тотгор болсныг, хэчнээн олон хүний үүргээ гүйцэтгэхэд нөлөөлснийг хар даа. Чи яаж үүнийг ухаарахгүй байна аа? Чиний сэтгэлийн цараа хэтэрхий өргөн юм—бүх дэлхийг багтаахаар өргөн юм байна. Чам шиг хүн ертөнцөд хөл тавих хэрэгтэй; чи биеэ засаад төрөө засаж, дэлхий ертөнцөд энх тайвныг авчрах ёстой. Чи өндөр албан тушаалтнуудтай нөхөрлөхөд тохирно; тэгж байж л чи эгэл жирийн байдлаас дээгүүр гарч, жигүүрээ дэлгэн дүүлэн нисэж чадна. Өдөржин Бурханд итгэдэг хүмүүстэй хамт байх нь чиний агуу хүсэл тэмүүллийг хойш татаж, жигүүрээ дэлгэн нисэх чадварыг чинь хязгаарлахгүй гэж үү? Биднийг хар—бидний хэнд нь ч агуу хүсэл тэмүүлэл байхгүй. Бид зөвхөн Бурханд итгэж, зарим үнэнийг ойлгохын тулд Бурханы үгийг илүү их уншиж, муу зүйл бага хийж, тэгснээрээ Бурханы сайшаалыг хүртэж магадгүй гэдэгт л анхаардаг—ердөө л энэ. Бид бүгд ертөнцийн хүмүүст гүтгүүлж, доромжлуулдаг, ертөнцөд гологдсон хүмүүс, тиймээс чи бидэн шиг хүмүүстэй нөхөрлөх учиргүй. Чи ертөнцөд буцаж очоод, тэндээ чармайсан нь дээр; магадгүй чи агуу амжилтад хүрч, хүсэл тэмүүллээ биелүүлэх байх” гэж хэлж болно. Тэдэнд ингэж явахыг зөвлөх нь тохиромжтой юу? Энэ нь асуудлыг шийдвэрлэх сайн арга мөн үү? (Тийм.) Чуулган ийм үл итгэгчдийг ингэж шийдвэрлэх ёстой; асуудлыг ингэж шийдвэрлэх нь үнэн-зарчимтай бүрэн нийцдэг.

Асуудал тарих хандлагатай өөр ямар төрлийн хүмүүс байдаг вэ? Эсрэг хүйстэндээ онцгой таалагддаг, сэжигтэй хүмүүстэй үргэлж сээтгэнэж байдаг нэг төрлийн хүн бий. Тэд зүй зохистой хайр сэтгэлийн харилцаа үүсгэдэггүй; харин эсрэг хүйсийн олон хүнтэй маш дотно, зохисгүй харилцаатай байдаг. Тэд эдгээр харилцааг зөв зохицуулж чаддаггүй учраас сээтгэнэдэг хүмүүс нь хардах, эсвэл бүр бие биеэсээ өшөө авах боломжтой. Энэ нь тэдний хувьд асуудал мөн үү? (Тийм.) Энэ нь бас л том асуудал юм. Зарим хүн эдгээр асуудлыг тоохгүй байж магадгүй ч ийм зүйлс нь тэдний хувийн амьдрал болон итгэлд нь ихэвчлэн асуудал авчирдаг бөгөөд бүр хувийн аюулгүй байдалд нь ч нөлөөлж болзошгүй. Эдгээр асуудал тэднийг байнга дагадаг бөгөөд тэдэнтэй байнга харилцдаг хүмүүс ч бас татагдан орохоос аргагүйд хүрдэг. Тэд эсрэг хүйсийн эдгээр хүнтэй жинхэнээсээ хайр сэтгэлийн холбоотой юу, эсвэл зүгээр л сээтгэнэж, бие биеэ ашиглаж байна уу гэдэг нь бидэнд хамаагүй. Бид юунд санаа зовж байна вэ? Тэдний авчирдаг асуудал ах эгч нар юм уу чуулганд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх эсэхэд л бид санаа зовдог. Хэрвээ нөлөөлж байвал чуулган хөндлөнгөөс оролцож, асуудлыг шийдвэрлэж, зохицуулах ёстой бөгөөд эдгээр асуудлаа зөв зохицуулахыг тэдэнд зөвлөх хэрэгтэй. Яаж зохицуулах тухайд бол бид оролцохгүй. Хэрвээ тэдэнд яаж ч зөвлөсөн сонсохоос татгалзаж, эдгээр асуудлыг зохицуулж, шийдвэрлэхгүй бол тэднийг тусгаарлаж, сануулга өгөх хэрэгтэй: “Чи эхлээд хувийн асуудлаа зохицуулах хэрэгтэй. Зохицуулж дууссаныхаа дараа үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж болно. Хэрвээ зөв зохицуулахгүй бол чамайг тусгаарласан хэвээр байх болно.” Хэдийгээр тэд итгэгчид бөгөөд үүргээ, магадгүй чухал үүрэг гүйцэтгэдэг байж болох ч хувийн амьдрал дахь ноцтой асуудлаас нь болж, мөн тэдний тарьдаг асуудал чуулганы ажилд нөлөөлж болзошгүй учраас чуулганы удирдагчид үүнийг үл тоомсорлож болохгүй, учир нь эдгээр асуудал болзошгүй эрсдэл учруулдаг. Жишээ нь, тэдний харилцаа тогтоосон хүмүүс тэднээс чуулганы нөхцөл байдал, эсвэл ах эгч нарын хувийн мэдээллийн заримыг мэдэж авч магадгүй. Хэрвээ тэд энэ мэдээллийг муу санаатай хүмүүс юм уу агуу улаан луунд задруулбал энэ нь чуулган болон ах эгч нарын аль алинд нь хор хөнөөлтэй. Тиймээс чуулганы хувьд эдгээр асуудал юм уу болзошгүй эрсдэлийг бүгдийг нь тэд авчирдаг тул чуулган тэднээр эхлээд хувийн асуудлыг нь шийдвэрлүүлэх ёстой. Хэрвээ тэд асуудлаа бүрэн зохицуулбал Бурханы гэр нөхцөл байдалд нь үндэслэн тэднийг дахин хүлээж авах эсэхээ шийдэж болно. Гэвч хэрвээ тэд асуудлаа шийдвэрлэхгүй хэвээр байж, үүргээ гүйцэтгэхийг хүссэн хэвээр байвал яах ёстой вэ? (Тэдэнд үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрөх ёсгүй.) Тийм тохиолдолд тэдэнд явахыг ятгах, эсвэл зайлуулах ёстой. Товчхондоо, чуулганы удирдагчид ч бай, ах эгч нар ч бай, чуулганд асуудал тарих хандлагатай хүмүүс байгааг олж мэдвэл асуудалд зарчмын дагуу хандаж, даруй шийдвэрлэх ёстой. Тэд эдгээр хүнийг ах эгч нарт аюул учруулах, эсвэл чуулганы ажилд асуудал авчрах хүртэл хүлээлгүйгээр өмнө нь үүнийг шийдвэрлэж, зохицуулах ёстой.

Зарим хүн хэрүүл өдөж, зодоон цохион хийхдээ амархан байдаг. Тэд үргэлж өөрсдийгөө сайн цохиж чадна гэж боддог, дэлхийн бүх хүнийг ялахыг хүсдэг, эсвэл жаахан тулааны урлаг гадарладаг бол бусдын эсрэг хүч хэрэглэхийг үргэлж хүсдэг. Ийм төрлийн хүн бас асуудал тарих хандлагатай биш үү? (Тийм.) Хаа ч очсон байр сууриа мэддэггүй хүмүүс бас бий. Тэд дүрэм дагадаггүй, нийгмийн хэв журмыг сахидаггүй, үргэлж бусдаас онцгойрохыг хүсдэг. Машин барьж байхдаа улаан гэрлээр дайрч гарах гэж зүтгэдэг, эсвэл эргэхийг хориглосон газар зүүн тийш эргэх гэж зүтгэдэг, цагдаа зогсоож торгох үед хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, цагдаагийн эсрэг гомдол гаргахыг хүсдэг. Харж байна уу, тэд хэний ч эсрэг гомдол гаргаж зүрхэлдэг. Цагдаа хуулийн дагуу ажиллаж байхад ч тэд гомдол гаргахыг хүссэн хэвээр байдаг—тэд хуулийг уландаа гишгэдэг. Энэ мунхаг амьтад бас асуудал тарих хандлагатай биш үү? (Тийм.) Асуудал тарих хандлагатай ийм төрлийн хүн Бурханд итгэдэг учраас өөрт нь найдах Бурхан байгаа, чуулган олон хүнтэй, асар их нөлөөтэй гэж боддог тул юунаас ч айдаггүй. Тэд чадвараа гайхуулахын тулд, хэчнээн айхавтар гэдгээ харуулахын тулд хаа сайгүй болчимгүй муу үйл хийдэг. Хуулийн асуудалд орсныхоо дараа ч тэд замаасаа буцахаа мэддэггүй. Эцэст нь тэд юу гэж хэлдэг вэ? “Энэ ертөнц үнэхээр хорон муу юм. Би зүгээр л шударга ёсны төлөө зогссоныхоо төлөө баривчлагдлаа. Энэ ертөнц үнэхээр шударга бус юм!” гэдэг. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хэвээр байдаг. Тэд өөрсдөө өдөөн хатгаж, асуудал дуудчихаад өөрсдөд нь шударга бус байна гэж гомдоллодог. Энэ нь туйлын утгагүй биш үү? (Тийм.) Ертөнц хэчнээн хорон муу, харанхуй байсан ч асуудал өдөөх нь тэдний хувьд ухаалаг хэрэг биш. Бурхан хэзээ ч хэнээс ч асуудал өдөөхийг шаардаагүй, Бурханд итгэх нэр барьж шударга ёсны төлөө тэмцэж, Тэнгэрийн өмнөөс шударга ёсыг тогтоо гэж хэнээс ч шаардаагүй. Зарим хүн: “Энэ ертөнцийн хууль бол үнэн биш, тиймээс дагах шаардлагагүй” гэж хэлдэг. Хууль нь үнэн биш ч гэлээ чи дураараа хууль зөрчиж болно гэж Бурхан чамд хэзээ ч хэлээгүй, хүн алж, гал тавьж болно гэж ч чамд хэлээгүй. Бурхан чамаас хуулийг мөрдөж, нийгмийн хэв журмыг дагахыг, хаа ч явсан ёс суртахууны хэм хэмжээг сахиж, дүрэм дагахыг, өдөөн хатгахгүй, асуудал тарихгүй байхыг шаарддаг. Хэрвээ чи хууль зөрчвөл үр дагаврыг нь өөрөө үүрнэ—Бурханы гэр чиний өмнөөс хариуцлага хүлээнэ гэж бүү найд, учир нь энэ бол хувийн зан авир бөгөөд зөвхөн чамайг хувь хүний чинь хувьд төлөөлдөг; Бурханы гэр чамд хууль бус зүйл хий гэж хэзээ ч зааварлаагүй. Чи аль ч улсад асуудал зохицуулж байсан, Бурханы гэр чамаар хуулийг шалгуулж, хуульчаас зөвлөгөө авхуулдаг. Хуульч юуг тохиромжтой гэж хэлнэ, чи тэрийг л хийх ёстой. Хэрвээ хуульч чамд тодорхой аргаар үйлд гэж зөвлөөгүй байхад чи сохроор үйлдэж, асуудлыг будилуулж, хууль зөрчвөл үр дагаврыг нь өөрөө үүрнэ—Бурханы гэрт асуудал бүү авчир. Хуульчийн санал болгосон арга барил хамгийн сайн сонголт биш байсан ч чи хуульчийн зөвлөгөөг дагах ёстой. Хууль ёсны бөгөөд Бурханы гэрт ноцтой хор хөнөөл учруулахгүй л бол үүнийг хийж болно. Бурханы гэр хүмүүст хуульчаас зөвлөгөө авч, асуудлыг хуулийн дагуу зохицуул гэж үргэлж хэлсээр ирсэн. Гэвч зарим хүн: “Бурханы гэр ертөнцөд харьяалагддаггүй, тиймээс бид ертөнцийн хандлагыг дагах ёсгүй! Хууль бол үнэнийг төлөөлдөггүй—зөвхөн Бурхан л үнэн, Бурхан бол дээд. Бид зөвхөн үнэн болон Бурханыг дуулгавартай дагна!” гэж боддог. Энэ үг зөв боловч чи энэ ертөнцөд амьдарсан хэвээр байгаа бөгөөд олон бодитой асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болдог. Тиймээс чи хууль зөрчиж болохгүй, үнэн-зарчмыг ч зөрчиж болохгүй. Бурханы дээд байдал нь Бурханы ялгамж чанар, байр суурийг хэлдэг; энэ нь чамд хууль бус үйл ажиллагаанд оролцох, эсвэл нийгэмд дураараа авирлаж, хүссэнээ хийж, хаа сайгүй асуудал тарих шалтгаан биш юм. Бурхан хэн нэгнийг аливааг хийхдээ хууль зөрчихийг хэзээ ч урамшуулаагүй, шаардаагүй, харин чамд хуулийг дагаж, нийгмийн дүрмийг мөрдөхийг, хэрвээ чи хууль зөрчиж шийтгүүлбэл шийтгэлийг хүлээж авах ёстойг, мөн асуудал үүсгэж, асуудал тарих ёсгүйг хэлдэг. Хэрвээ чи үргэлж асуудал тарьж, Бурханд итгэдэг учраас Бурхан ард чинь байгаа, тиймээс юунаас ч айхгүй гэж үргэлж боддог бол би чамд хэлье, чи буруу бодож байна! Бүх зүйлийн өмнө чиний гаргадаг аймшиггүй байдлын ард Бурхан байдаггүй бөгөөд Бурханы гэр чиний танхай логикийн төлөөсийг төлөхгүй. Бурханы гэр олон хүнтэй, асар их нөлөөтэй учраас чи юу хүссэнээ хийж болно гэж хэзээ ч бүү бод. Хэрвээ чи ингэж бодож байвал эндүүрч байна. Энэ бол Сатаны логик. Бурханы гэр ийм зүйл хэзээ ч хэлээгүй, Бурхан ч хэлээгүй. Бурханы гэр хэнийг ч ингэж үйлдэхийг урамшуулдаггүй. Бурханы гэр олон хүнтэй нь үнэн боловч хүмүүсийн тоо—олон ч бай, цөөн ч бай—хэн нэгний ар тал болох, хэн нэгнийг зоригжуулах, эсвэл хэн нэгнийг асуудлаас халхалж, байдлыг намжаахад зориулагдаагүй. Бурхан хүмүүсийг Өөрийг нь дагаасай, Өөрийнх нь хүслийг дагаасай гэж, бүтээгдсэн зүйлийн стандартад нийцэж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлээсэй гэж сонгодог. Энэ нь чамайг ертөнцийн эсрэг явж болно гэсэн үг биш, чамаар ертөнцөд том том санаа яриулахын тулд биш, ертөнцөд сургамж өгөхийн тулд бүр ч биш юм. Бурханд итгэх нь урсгал сөрөх тухай биш юм; энэ нь урсгал сөрөх юм уу ертөнцийг жигшихтэй ямар ч хамаагүй. Тиймээс хүмүүсийн талаарх Бурханы санаа зорилгыг бүү буруу ойлго, Бурханд итгэхийн ач холбогдлыг бүү буруу тайлбарла, бүү буруу ойлго. Бурхан хүмүүсийг сонгодгийн зорилго юу вэ? (Хүмүүс Бурханыг дагаж, Бурханы хүслийг дагаж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэхийн тулд.) Бурхан хүмүүсийг олж авахын тулд, жинхэнэ бүтээгдсэн зүйлийг олж авахын тулд, Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг хүмүүсийг олж авахын тулд сонгодог; энэ нь Бурханыг шүтэн мөргөж чадах шинэ хүн төрөлхтнийг гаргаж ирэхийн төлөө юм. Бурхан хүмүүсийг сонгодгийн зорилго нь тэднийг энэ ертөнц юм уу хүн төрөлхтний эсрэг явуулахын тулд биш юм. Тиймээс асуудал тарих хандлагатай хүмүүсийг бусдын үүрэг гүйцэтгэлд нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд чуулганаас болон хүмүүс үүргээ гүйцэтгэдэг газраас аль болох хол байлгах хэрэгтэй.

Асуудал тарих хандлагатай хүмүүсийн тухайд, тэд ямар ч асуудал тарьсан бай, хэрвээ тэр нь чуулганд асуудал авчирч, ах эгч нарын үүрэг гүйцэтгэлд нөлөөлж байвал удирдагч, ажилчид хөндлөнгөөс оролцож, асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүнийг хяналтгүй орхиж огт болохгүй. Тэд нөхцөл байдлыг даруй ойлгож, мэдэж аваад, асуудлын үндсийг тодруулж, дараа нь боломжийн шийдэл олж, үүнийг шийдвэрлэх хэрэгтэй. Яагаад үүнийг шийдвэрлэх ёстой вэ? Нэг талаар, эдгээр асуудал нь чуулганы ажил, чуулганы амьдрал, эсвэл ах эгч нарын үүрэг гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй. Нөгөө талаар, асуудал тарих хандлагатай эдгээр хүнийг бусад хүн авьяастай гэж хардаг уу, эсвэл ажилгүй, танхай этгээд гэж хардаг уу гэдгээс үл хамааран асуудал авчирч л байгаа бол тэднийг цаг тухайд нь шийдвэрлэх ёстой. Тэгвэл тэднийг яаж шийдвэрлэх ёстой вэ? Хамгийн гол нь асуудлыг шийдвэрлэх биш, харин түүнийг авчирсан хүмүүсийг шийдвэрлэх нь чухал юм. Тэднийг чуулганаас зайлуулснаар асуудлын үндэс шийдвэрлэгдэж, асуудал ийнхүү шийдэгдэнэ. Асуудал тарих хандлагатай зарим хүн чиний нүдэнд чадвартай юм уу авьяастай харагдсанаас болж чи хэзээ ч өршөөнгүй хандаж болохгүй. Хэрвээ чи тэдэнд өршөөнгүй хандаж чадаж байвал чи үнэхээр маш мунхаг хүн бөгөөд чуулганы удирдагч байхад тэнцэхгүй, тиймээс ах эгч нар чамайг албан тушаалаас чинь авч хаях ёстой. Хэрвээ чи Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахгүй, ах эгч нарыг хамгаалахгүй, харин оронд нь ёрын муу хүмүүс, асуудал таригчдыг хамгаалж, тэр ч бүү хэл тэднийг хэмжээ хязгааргүй шүтэж, хүндтэй зочин, авьяаслаг хүн шиг харьцаж, тэднийг чуулганд олдошгүй авьяастай хүмүүс гэж бодож, томоохон ажилд ашиглаж, бүр асуудлыг нь зохицуулж өгч байвал—чи чуулганы удирдагчийн үүрэгт огт тэнцэхгүй. Чи бол мунхаг хүн, хуурамч удирдагч бөгөөд чамайг чөлөөлж, таягдан хаях ёстой. Хэрвээ чуулганы удирдагч зөвлөгөөг сонсохоос татгалзаж, асуудал тарих хандлагатай зарим нэг ёрын муу хүнийг хамгаалах, эсвэл томоохон ажилд ашиглахаар зүтгэвэл ах эгч нар тэр удирдагчийг авч хаяад зогсохгүй асуудал тарьдаг тэр хүнтэй нь хамт багцлаад, хоёуланг нь зайлуулах ёстой. Чи асуудал тарьдаг хүнийг шүтдэг биш үү? Тэд ч бас чамаар хамгаалуулж байгаагаа мэдэрдэг, тэгээд та нар хоорондоо маш сайн таардаг—за яах вэ, уучлаарай, гэхдээ та нар хоёулаа явах хэрэгтэй. Бурханы гэрт та нарын хэн нь ч хэрэггүй! Хэрвээ чуулганд асуудал тарих хандлагатай хүмүүс байхад дээд түвшний удирдагчид мэдэхгүй, харин чуулганы удирдагч нь мунхаг, ялган таних чадваргүй байвал үнэнийг ойлгодог ах эгч нар хөндлөнгөөс оролцож, асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэг талаар, тэд энэ хэргийг дээд түвшний удирдагчдад даруй мэдэгдэх ёстой. Түүнчлэн, тэд бусад ах эгчтэй нэгдэж, хуурамч удирдагчийн талаар нөхөрлөж, ялган таних ёстой. Тэднийг хуурамч удирдагч гэдгийг баталмагц тэднийг чөлөөлөх юм уу авч хаях ёстой бөгөөд шинэ удирдагч—Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажил болон чуулганы амьдралыг хамгаалж чадах хэн нэгнийг сонгох ёстой. Ингэж хэрэгжүүлэх нь тохиромжтой юу? (Тийм.) Энэ чуулганы удирдагч болон асуудал тарих хандлагатай хүнийг хамтад нь цэвэрлэ. Тэд ижилхэн өөдгүй чанараасаа болж хоорондоо сайн таарч, бие биедээ атаархаж, бие биеэ шагшин биширдэг хоёр хүн биш гэж үү? Тэгвэл хүслийг нь биелүүлж, тэднийг хамтад нь ертөнц рүү буцаа—Бурханы гэр тэдэн шиг хүмүүсийг хүсдэггүй. Хэрвээ тэд чуулганд үлдвэл зөвхөн асуудал тарьж, үүсгэж, чуулганы ажилд ихээхэн хор хөнөөл учруулна. Тэднийг цэвэрлэх ёстой. Тэд хаашаа явахыг хүсэх нь, хэчнээн их асуудал тарихыг хүсэх нь тэдний өөрсдийн хэрэг. Ямартай ч, энэ нь чуулганд ямар ч хамаагүй бөгөөд чуулганыг татан оролцуулахгүй. Тэгвэл асуудал шийдэгдэх биш үү? (Тийм.) Энэ нэлээд сайн шийдэл байна. Асуудал тарих хандлагатай хүмүүсийн талаарх арван хоёр дахь илрэлийн тухай бидний нөхөрлөл ингээд өндөрлөж байна.

Л. Төвөгтэй нөхцөл байдалтай байх

Дараагийн илрэлийг авч үзье: төвөгтэй нөхцөл байдалтай байх. Ямар төрлийн хүмүүс төвөгтэй нөхцөл байдалтай байдаг гэж та нар бодож байна? (Зарим хүн гэмт хэргийн ертөнц болон хууль ёсны хүрээлэлд хоёуланд нь оролцдог бөгөөд тэдний нийгмийн нөхцөл байдал харьцангуй төвөгтэй байдаг—тэд энэ ангилалд багтах уу?) Бид төвөгтэй нөхцөл байдлын тухай ярихдаа яах аргагүй ертөнцийн явдалд нэвтэрхий хүмүүсийг хэлж байгаа юм. Ертөнцийн явдалд нэвтэрхий хүмүүсийн нийтлэг төрх байдал ямар байдаг вэ? Тэд суугаад, хөлөө ачиж аваад, зогсоо зайгүй ярьж эхэлдэг; тэд хаа хамаагүй бүх зүйлийн талаар чалчиж, дотоод, гадаад хэргийн талаар хэсэг хугацаанд бурж чаддаг ч хэлдэг үгнийх нь нэг нь ч үнэн байдаггүй—бүгд зохиомол юм уу зүгээр л төсөөлсөн том яриа байдаг. Сагсуу хүмүүс нь нийгмийн төвөгтэй нөхцөл байдалтай хүмүүс байх албагүй. Сагсуу хүмүүс зүгээр л ажилгүй залхуучууд, эгэл жирийн хүмүүс байж магадгүй—тэд хаа ч очсон том дуугарч, хүмүүсийг төөрөгдүүлж, бусдаар өөрсдийгөө ихэд бодуулахын тулд хоосон, биелшгүй зүйл ярьдаг бөгөөд удалгүй нэр хүнд нь унадаг. Ямар төрлийн хүмүүс төвөгтэй нөхцөл байдалтай байдаг вэ? Жишээ нь, зарим хүн нийгэмд улс төрийн намд элсдэг ч хэдэн жил зүтгээд ямар ч байр суурь олж авдаггүй. Тэгээд тэд өөр намд элсэж, эцэст нь жижиг удирдагч юм уу жижиг албан тушаалтны байр суурь олж авч дөнгөдөг. Тэд нийгмийн онцгой төвөгтэй холбоо сүлбээтэй байдаг. Тэдний нөхөрлөдөг хүмүүс найз нь уу, дайсан нь уу гэдгийг хэн ч баттай хэлж чаддаггүй—гэр бүлийнхэн нь ч мэддэггүй, зөвхөн тэд өөрсдөө л мэддэг. Тийм хүмүүс төвөгтэй нөхцөл байдалтай байдаг биш үү? (Тийм ээ.) Энэ хүмүүс улс төрийн хувьд төвөгтэй нөхцөл байдалтай байдаг. Өнөөдөр тэд энэ намыг дэмжиж, маргааш тэрийг дэмждэг; өнөөдөр тэд сонгуульд нэг хүнийг дэмжиж, маргааш өөр хүнийг дэмждэг. Товчхондоо, тэдний үнэндээ юу бодож байгааг хэн ч мэддэггүй. Тэд яг хэнийг дэмждэг, эсвэл өөрсдийнх нь улс төрийн байр суурь, улс төрийн зорилго яг юу болохыг жирийн хүмүүст хэлдэггүй; тэд эдгээр зүйлийн талаар онцгой нууцалдаг, иймээс жирийн хүмүүс—тэр ч бүү хэл гэр бүлийнхэн нь ч тэдний талаарх эдгээр зүйлийг мэддэггүй. Гэхдээ тэд улс төрд онцгой дур сонирхолтой байдаг бөгөөд улс төрийн тавцан дахь зарим танилтай, зарим хүнийг мэддэг; зүгээр л одоогоор тэд амбицдаа хүрээгүй байдаг. Ийм төрлийн хүн чуулганд орсныхоо дараа ах эгч нарыг улс төрийг ойлгодоггүй, улс төрд оролцдоггүй жирийн л хүмүүс гэдгийг хараад, Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийг зүрх сэтгэлдээ дорд үздэг. Гэсэн ч тэд шашны ертөнц болон нийгэм дэх чуулганы нэр хүндийг ашиглах, эсвэл хүссэнээ хийх, хэрээс хэтэрсэн хүслээ хангах, эсвэл улс төрийн амбицаа бүрэн хэрэгжүүлэхийн тулд чуулганы нөлөөг ашиглахыг үргэлж хүсдэг—өөрөөр хэлбэл, тэд чуулган дотор нуугдаж, улс төрийн зорилгоо биелүүлэхийн тулд чуулганы хамт олон юм уу чуулган доторх тодорхой хүмүүс, үйл явдал, зүйлсийг ашиглаж болох зөв боломжийг хүлээхийг хүсдэг. Ийм төрлийн хүнийг төвөгтэй нөхцөл байдалтай гэж үзэж болох уу? (Болно.) Улс төрд оролцдог хүмүүсийн бодол санаа, хэрэг явдлыг зохицуулах зарчим, төрөл бүрийн тактик, ярианы стратеги, арга барил нь жирийн хүмүүсийн нэвт харж чаддаггүй зүйлс юм. Ялангуяа залуу хүмүүс, эсвэл нийгмийн туршлагагүй хүмүүс тэднийг огт нэвт харж чаддаггүй. Улс төрийн хувьд төвөгтэй нөхцөл байдалтай эдгээр хүний хувьд улс төрийн мэдлэггүй хүмүүс гарт нь байх тоглоом бөгөөд тэд тийм хүмүүсийг туйлын дорд үздэг. Бүдүүн тоймоор жишээ татахад, амьтны ертөнцөд хамгийн зальтай амьтад бол могой, үнэг, бар юм. Тэдний өнцгөөс харвал хонь, туулай, буга, нохой зэрэг амьтад тэнэг байдаг. Улс төрийн нөхцөл байдалтай хүмүүс ихэнх ах эгч нарыг яг л үнэг, могой зэрэг зальтай амьтад хонь, буга, нохой зэрэг заль мэхгүй амьтдыг хардаг шиг хардаг. Тэд ах эгч нарыг тодорхой хардаг, гэхдээ ах эгч нар тэднийг нэвт харж чаддаггүй. Тэгвэл бид улс төрийн хувьд төвөгтэй нөхцөл байдалтай хүмүүсийг хэрхэн ялган таньж чадах вэ? Улс төрд оролцдог хүмүүсийн зүрх сэтгэл улс төр, эрх мэдэл дээр тогтдог. Тэд эрх мэдэл болон улс төрд оролцох дуртай л бол эрт орой хэзээ нэгэн цагт улс төрд оролцоно; тэд чуулганд үүрд нуугдаж чадахгүй. Тэд өөрсдийгөө илчлэх үед чи: “Тэгэхээр тэд улс төрийн зорилгоор Бурханд итгэдэг байж таарлаа! Тэд улс төрийн нөхцөл байдалтай бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ итгэдэггүй юм байна. Тэдэнд Бурханд итгэх өөр зорилго байж!” гэдгийг ойлгоно. Тэр хүмүүс чуулганд анх орохдоо өөрсдийгөө онцгой сайн нууж, цуглаанд оролцож, үүргээ хэвийн гүйцэтгэдэг. Гэвч цаг нь болоход тэд хүссэнээ хийхийн тулд чуулганыг ашиглах гэж оролдох бөгөөд хэрээс хэтэрсэн хүсэл, үнэн төрх нь аяндаа ил болно. Тэр үед л ах эгч нар тэднийг үл итгэгчид гэдгийг харж чадна. Тэд илчлэгдэх үед ялган танихад маш амархан болдог. Жишээ нь, чоно хонины арьс нөмрөөд сүрэгт нийлэх үед чи чоно уу, хонь уу гэдгийг ялган таньж чадахгүй байж магадгүй ч хонийг идэж эхлэх үед нь чи чоно гэдгийг нь ялган танина. Улс төрд оролцдог хүмүүс бол бүгд чуулганд шургалсан үл итгэгч юм. Энэ хүмүүс ах эгч нарыг ямар нэг улс төрийн намд элсэж, өөрсөдтэй нь хамт улс төрд оролцоход төөрөгдүүлж, татан оролцуулах гэж оролдох үед тэдний Бурханд итгэх итгэл хуурамч, жинхэнэ зорилго нь улс төрд оролцох явдал гэдгийг чи харна—нөхцөл байдал нь хэчнээн төвөгтэй байсан ч энэ нь ил гарч, илчлэгдсэн байх болно. Энэ үед хүмүүс тэднийг ялган таньж чадна. Энэ бол төвөгтэй нөхцөл байдалтай хүний нэг төрөл буюу улс төрийн хувьд төвөгтэй нөхцөл байдалтай хүмүүс юм.

Төвөгтэй нөхцөл байдалтай хүмүүсийн ангилалд багтдаг өөр нэг төрлийн хүн бий. Нийгэмд зарим хүн байр сууриа мэдэж, зөв сайхан амьдрахын оронд сэжигтэй хүмүүстэй нөхөрлөх дуртай байдаг. Энэ хүмүүст жишээ нь, хуурамч бичиг баримт үйлдэж, залилан хийдэг хүмүүс юм уу гэмт хэргийн ертөнцийн гишүүд; нийгэмд байр суурь, нэр хүнд, нэр нөлөөтэй, өнгөн дээрээ төрийн албан хаагч эсвэл бизнес эрхлэгч боловч хөшигний ард үргэлж хууль бус, гэмт хэргийн үйл ажиллагаа явуулж, төрийн хориглосон галт зэвсэг, хар тамхи болон бусад хориотой барааг наймаалахын тулд зарим албан тушаалтан эсвэл гэмт хэргийн ертөнцийн гишүүдтэй хуйвалддаг хүмүүс; түүнчлэн олон удаа ял шийтгүүлж, шоронд орж байсан, булш тонох, хүчирхийлэл, бэлгийн халдлага гэх мэт ёрын муу үйл хийсэн, эсвэл бүр хүний наймаачид, хүн хил давуулагчид багтдаг. Төвөгтэй нөхцөл байдалтай ийм төрлийн хүмүүс иймэрхүү хүмүүстэй нөхөрлөдөг бөгөөд цаашлаад тэдэнтэй онцгой дотно харилцаатай байдаг—тэд бие биеэ “ах дүүс” гэж дуудаж, бие биеэ ашиглаж, бие биеийнхээ төлөө юм хийдэг. Өнгөн дээрээ энэ хүмүүс ямар нэг илэрхий ёрын муу үйл хийдэггүй, хулгай, дээрэм, хүн амины хэрэг, галдан шатаах хэрэг үйлддэггүй ч тэдний нөхөрлөдөг бүлэг, эргэлддэг хүрээлэл нь бүгд эдгээр бүтэхгүй хүмүүсээс бүрддэг. Ийм төрлийн хүн бас нэлээд аймшигтай биш гэж үү? (Тийм ээ.) Тэд бизнест хөрөнгө оруулахын тулд эдгээр хүмүүстэй хамтардаг бөгөөд хамтрагч нь хууль бус зүйл хийгээд тусламж хэрэгтэй болоход тэд тусалдаг. Тэд гол гэмт хэрэгтэн биш байж болох ч хамсаатан мөн. Ийм төрлийн хүн хуулийн ирмэг дээгүүр байнга алхдаг гэж хэлж болно. “Хуулийн ирмэг дээгүүр алхах” гэж юу гэсэн үг вэ? (Энэ нь тэд хууль зөрчиж болзошгүй үйл ажиллагаанд ихэвчлэн оролцдог гэсэн үг.) Энэ бол нэг тал нь. Үүнээс гадна тэд хуулийн цоорхойг ихэвчлэн ашигладаг бөгөөд оролцдог зүйлс нь бүгд томоохон хэрэг явдал байдаг. Хэрвээ тэд хэзээ нэгэн цагт баригдвал хамсаатан байсан ч гэсэн 10 эсвэл 20 жилийн ял авах, эсвэл асар их хэмжээний торгууль төлөх боломжтой. Ийм төрлийн хүн төвөгтэй гэж чи хэлэхгүй гэж үү? (Хэлнэ.) Чи тэднийг илэрхий ёрын муу үйл хийхийг хэзээ ч хараагүй, хүн алж, гал тавьж, хэн нэгнийг мэхэлж, хэлмэгдүүлэхийг нь хараагүй ч гэмт хэргийн ертөнц болон хууль ёсны хүрээлэлд хууль бусаар баяжиж, хууль зөрчдөг хүмүүс асар их ашиг олохын тулд хууль бус үйл ажиллагаа явуулах үед ийм төрлийн хүн бас олзноос хувь хүртэж, хувь хишгээ авдаг. Ийм төрлийн хүн төвөгтэй нөхцөл байдалтайд тооцогдох уу гэж та нар хэлэх үү? (Тийм ээ.) Ийм хүмүүс Бурханы гэрт үлдэх нь сайн хэрэг байх уу? (Үгүй.) Тэд гэмт хэргийн ертөнц болон хууль ёсны хүрээлэлтэй хоёулантай нь холбогддог, түүгээр ч барахгүй хууль бус үйл ажиллагаанд оролцдог—энэ бол төвөгтэй нөхцөл байдал юм. Хэрвээ тэд төрийн зарим албан тушаалтантай холбогдож, тэдэнтэй хэвийн байдлаар харилцаж, нөхөрлөдөг бол энэ нь зөвшөөрч болох зүйл. Гэхдээ хэрвээ тэдний нөхөрлөдөг хүмүүс нь янз бүрийн хууль бус, гэмт хэргийн үйл ажиллагаанд оролцдог сөрөг хүмүүс байвал энэ нь маш төвөгтэй бөгөөд эрт орой хэзээ нэгэн цагт ямар нэг зүйл буруугаар эргэнэ. Ийм төрлийн хүн тэр хүмүүстэй нөхөрлөх дуртай байдаг; тэд мөн л тэдний нэр нөлөөг ашиглан мөнгө олж, баяжиж, сайхан амьдрахаар тэдний далбаан дор явдаг. Тэгвэл тэднийг сайн хүн гэж үзэж болох уу? (Үгүй.) Хүмүүс ихэвчлэн “Ижил шувууд сүргээрээ нисдэг” гэж ярьдаг—тэд гэмт хэргийн ертөнц болон хууль ёсны хүрээлэл дэх гишүүдийн аль алинтай нь нөхөрлөж чаддаг юм чинь тэднийг байр сууриа мэддэг, зөв боловсон хүн гэж чи бодож байна уу? (Үгүй.) Яавч үгүй. Тэд тэр хүмүүстэй нөхөрлөдөг нь нэг талаар тэд тэр хүмүүст хэрэгтэй байж магадгүй учраас тэр—тэд нөхөрлөдөг хүмүүсийнхээ төлөө зарим ажлыг зохицуулж чаддаг. Нөгөө талаар, энэ нь тэд гэмт хэргийн ертөнц болон хууль ёсны хүрээлэл дэх нөхөрлөдөг хүмүүстээ дуртай байдаг учраас тэр юм—тэр хүмүүсийн ур чадвар, чадамж, нэр нөлөө, мөн өөрсдөд нь авчирдаг ашиг тус нь бүгд тэдэнд хэрэгтэй, тэдний дуртай зүйлс байдаг. Тэгэхээр тэд яг ямар төрлийн хүн бэ? (Тэд зөв боловсон хүн биш.) Бид үүнийг ингэж л хэлж чадна. Тэд нөхөрлөдөг хүмүүстэйгээ адил төрлийн хүмүүс юм—тэд бүгд бие биеэ ашигладаг. Энэ ертөнцөд чиний төлөө юм хийж чадах, эсвэл чамд бүрэн сэтгэлээ уудалж, найз чинь байж чадах хүн олон байдаггүй ч тийм хүмүүс байдаг—тийм төрлийн хүмүүстэй нөхөрлөх шаардлагагүй. Ийм төрлийн хүн тэдэнтэй нөхөрлөдөг нь нэг талаар, тэдний олиггүй чанар нь адилхан бөгөөд нэг тэрэгний хоёр дугуй учраас хоорондоо сайн таарч тохирдогт оршино. Нөгөө талаар, энэ хүн өөрийн ашиг сонирхол болон шашнаас ангид ертөнцөд амьд үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй бөгөөд хүмүүстэй нөхөрлөхдөө ямар ч зарчимгүй, хийдэг зүйлдээ ч ямар ч зарчимгүй байдаг учраас тэр юм. Шашингүй хүмүүс хүртэл “Боловсон эр эд баялагт дуртай ч зөв аргаар олж авдаг” гэж хэлдэг бөгөөд үүнийг доод хэмжээний стандарт болгон мөрддөг. Тэд энэ доод хэмжээний стандартад хүрч чадах эсэхээс үл хамааран, ямар ч тохиолдолд, энэ нь хүн төрөлхтний дунд амьд үлдэх харьцангуй эрхэмсэг гүн ухаанд тооцогддог. Гэвч төвөгтэй нөхцөл байдалтай ийм төрлийн хүмүүс өөрсдийн ашиг сонирхол, ашиг хонжоо олохын тулд хүмүүстэй нөхөрлөхдөө увайгүй, ялгаваргүй ханддаг—тэндээс ашиг хүртэж л чадаж байвал тэд хэнтэй ч хамаагүй нөхөрлөнө. Түүгээр ч барахгүй, тэд тэр хүмүүстэй нөхөрлөж чаддагаараа ихэд бахархдаг бөгөөд хүмүүстэй нөхөрлөхдөө ашигладаг арга барилаа гайхалтай гэж боддог. Тэгвэл бид ийм төрлийн хүнийг хэрхэн үзэх ёстой вэ? Тэд гэмт хэргийн ертөнц болон хууль ёсны хүрээлэлд хоёуланд нь оролцдог—энэ бол төвөгтэй нөхцөл байдал юм. Ийм төрлийн хүн үнэхээр аймшигтай! Тэдний харуулдаг төрх жинхэнэ үү? Үгүй, тэд үргэлж баг зүүж байдаг. Чи тэднийг хэзээ ч нэвт харж чадахгүй, эсвэл дотроо юу бодож байгааг нь мэдэж чадахгүй. Тэд чамтай нөхөрлөхдөө баг зүүдэг, тэр ч бүү хэл Бурханд итгэгчдийн дунд нуугдаж байдаг. Энэ нь яг л хүмүүсийн дунд холилдсон диавол, эсвэл хонины сүрэгт шургалсан үнэг юм уу чонотой адилхан. Энэ нь чамд аюулгүй санагддаг уу? (Үгүй.) Чи яагаад тэгж хэлж байна вэ? Энэ нь тэдний зальтай, харгис, хорон муу уг чанарт үндэслэдэг; тэд чиний эсрэг байнга явуулга хийж байдаг—яг л чиний ард хоёр зальтай, хорон муу нүд байнга байж, үйлдэл бүрийг чинь ажиглаж байгаа мэт—тэд чамайг устгаж, залгих боломжийг л хүлээж байдаг. Энэ аймшигтай биш гэж үү? (Тийм ээ.) Ийм төрлийн хүний чамд төрүүлдэг мэдрэмж хэзээ ч аюулгүй байдаггүй, учир нь тэдний уг чанар, нөхцөл байдал нь чамд заналхийлэл болж байна гэсэн мэдрэмжийг чамд үргэлж төрүүлдэг. Ямар төрлийн заналхийлэл вэ? Тэд ойр байхад тэд хэдийд ч, хаана ч чиний эсрэг явуулга хийж, чамаар тоглож, чамд урхи тавьж магадгүй гэж чи байнга мэдэрдэг бөгөөд хэзээ тэдэнд ашиглуулж, хорлогдож, эцэст нь тэдний гарт үхэх, эсвэл тэд чамайг сүйрүүлэхийг хэзээ ч мэддэггүй. Тийм учраас ийм хүмүүсийг ойр байлгаж яавч болохгүй. Надад хэл дээ, юмс ийм байдаг биш үү? (Тийм ээ.) Жишээ нь, хонины сүрэгт чоно оруулбал хонийг хамгаалах уу, эсвэл сүйрүүлэх үү? (Сүйрүүлнэ.) Чонын уг чанарын дагуу бол тэр хэзээ ч хонины хажууд байж, аюулгүй байдлыг нь хамгаалахгүй, учир нь түүний бодлоор хонь бол хоол нь бөгөөд хэзээ ч бай, хаана ч бай чоно өлссөн бол тэднийг иднэ; хонийг өрөвдөхгүй, өршөөхгүй. Чононд нохойн чадвар байдаггүй. Хэрвээ нохой хоньтой хамт өсвөл хонийг хамгаалах зүйл гэж үздэг бөгөөд чоно хонь руу дайрах юм уу идэхээр ирэх үед нохой урагш гарч тулалдан, хонийг хамгаалах хариуцлагыг өөрийн зайлшгүй үүрэг гэж хүлээн авдаг—нохойд зүгээр л ийм төрөлхийн чанар байдаг. Харин чоно бол өөр; хонь идэх хүсэл бол чонын төрөлхийн чанар юм. Төвөгтэй нөхцөл байдалтай ийм төрлийн хүн чуулганд шургалах нь хонины сүрэгт чоно шургалахтай адилхан—чоно өлсөөгүй үедээ хонинд аюул учруулахгүй байж магадгүй ч өлсөх үедээ хонийг иддэг хоолоо болгох нь гарцаагүй бөгөөд хэн ч энэ баримтыг өөрчилж чадахгүй. Үүнийг чонын уг чанар тодорхойлдог. Чоно хонь идэх асуудлыг шийдвэрлэхийн тулд та нар чоныг яаравчлан олж тогтоох ёстой. Хонины арьс нөмөрсөн чоно хэн болохыг олж тогтоомогцоо чоныг даруй зайлуулах ёстой—бүү эргэлз, ямар ч өршөөл бүү үзүүл. Төвөгтэй нөхцөл байдалтай ийм төрлийн хүмүүст болгоомжтой хандах ёстой. Хэрвээ тэд мууг үйлдэж, чуулганыг үймүүлж байгааг олж мэдвэл тэдэнд ямар ч найр тавьж болохгүй. Та нар тэдэнд: “Чи бол ертөнцийн явдалд нэвтэрхий хүн, чи Бурханд итгэхэд тохирохгүй. Чи Бурханы гэрт ирснээрээ буруу газраа сонгожээ; энэ газар чамд тохирохгүй. Чи нийгэмд өөрийн ирээдүйг хөөцөлдөх хэрэгтэй. Бурханд итгэгчид зөвхөн Бурханы үгийг уншиж, үнэнийг нөхөрлөж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ гүйцэтгэдэг; тэд хуйвалдаан, явуулга хийдэггүй, улс төрд оролцдоггүй. Энд чи тушаал дэвшиж, баяжиж, эсвэл бусдаас давуу амьдралаар амьдарч чадахгүй. Чи энд хэчнээн удаан эргэлдлээ ч энэ нь зүгээр л цагийн гарз байх болно” гэж хэлэх ёстой. Ингэвэл тэд явахад ятгагдана биз дээ? (Тийм ээ.) Нийгмийн төвөгтэй холбоо сүлбээтэй зарим хүн заавал ёрын муу хүн байх албагүй, эсвэл ихээхэн ёрын мууг үйлдээгүй байж болох ч тэд үнэнийг огт хүлээн авдаггүй бөгөөд үнэхээр үл итгэгчдийн ангилалд хамаардаг. Ийм хүмүүсийг Бурханд чин сэтгэлээс нь итгүүлж, үнэнийг эрэлхийлүүлнэ гэдэг нь чоныг хонь болгох гэж оролдохтой адилхан—энэ бол боломжгүй зүйл. Чоно хонины арьс хэчнээн удаан нөмөрсөн ч чоно хэвээрээ үлддэг; хэзээ ч хонь болохгүй. Бодит байдал ийм л байдаг. Тиймээс ийм хүмүүс Бурханд итгэх нь зүгээр л наргиан; тэд Бурханд итгэснээрээ буруу мод руугаа хуцаж байна!

Төвөгтэй нөхцөл байдалтай өөр нэг төрлийн хүн бий. Тэд Бурханд итгэдэг ч өөр өөр урсгалын шашны зарим удирдагч, албан тушаалтан, эсвэл байр суурьтай хүмүүстэй дотно харилцаатай байдаг. Тэд энэ хүмүүстэй нөхөрлөх дуртай бөгөөд янз бүрийн урсгалын шашны үйл ажиллагаанд үе үе оролцдог; тэд энэ хүмүүстэй холбоо тогтоож, нөхөрлөж, бие биеэ ашиглаж, бие биеийнхээ төлөө юм хийдэг. Тэд хааяа санаатай эсвэл санамсаргүйгээр чуулганы зарим нэг аж ахуйн ажил юм уу боловсон хүчний ажлыг энэ хүмүүст задруулдаг. Энэ бол маш төвөгтэй асуудал. Хэрвээ чи шашны хүмүүстэй зүгээр л харилцдаг, эсвэл тэр шашны газраас холбоогоо таслах боломжгүй, мөн шашны баярын янз бүрийн үйл ажиллагаа, янз бүрийн шашны ёслолд оролцох дуртай бол энэ нь зөвшөөрч болох зүйл. Гэхдээ чи ийм нөхцөлд чуулганы ажил юм уу ах эгч нарын талаарх мэдээллийг задруулах ёсгүй. Жишээ нь, хэн нэгэн “Зүүний Аянга”-ыг хүлээн авсан эсэх, Төгс Хүчит Бурханы Чуулганд ямар үүрэг гүйцэтгэдэг, хаана амьдардаг, хэнтэй ихэвчлэн нөхөрлөдөг гэх мэт асуудлыг чи задруулах ёсгүй—хэрвээ чи эдгээр зүйлийг задруулбал энэ нь чамайг маш ёс суртахуунгүй гэдгийг харуулж байна. Хэрвээ хэн нэгэн энэ мэдээллийг засгийн газарт мэдээлвэл үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байна. Хэрвээ чи шашны хүмүүстэй их дотно, эсвэл тэдэнтэй нягт хамааралтай ашиг сонирхолтой, эсвэл харилцан тус хүргэсэн бол үүнийг, нарийн яривал, чамайг төвөгтэй нөхцөл байдалтай гэж үзэж болно. Гэхдээ хэрвээ чи Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг задруулах, эсвэл Бурханы гэрийн дотоод хэрэг явдал юм уу ах эгч нарын хувийн мэдээллийг задруулах зэрэг өөр зүйлийг нууцаар хийвэл үүний уг чанар нь урвалт болох бөгөөд яллагдана. Ялангуяа зарим ах эгч өмнө нь баривчлагдаж байсан, эсвэл одоогоор эрэн сурвалжлагдаж байгаа учраас нөхцөл байдлаа бусдад мэдэгдэх юм уу задруулахыг хүсдэггүй ч төвөгтэй нөхцөл байдалтай ийм төрлийн хүн энэ мэдээллийг тодорхой ашиг тусаар солих зүйл гэж үздэг, эсвэл зүгээр л чухал биш гэж үзээд задруулж, тухайн ах эгч нарт төвөг уддаг. Хэрвээ Бурханы гэр ийм хэрэг явдлыг олж мэдвэл тэр хүнийг яавч зүгээр өнгөрөөхгүй; ийм хүмүүсийг даруй цэвэрлэх ёстой. Хүмүүс Бурханд итгэснийхээ төлөө хавчигддаг нийгмийн нөхцөлд итгэгчид үүрэг гүйцэтгэх боломж олж авахад ч хэцүү байдаг бөгөөд хүн бүр үүнийг үнэхээр нандигнадаг. Хэн ч бусдаас болж, эсвэл өөрийнхөө мунхаг байдлаас болж үүргээ гүйцэтгэхэд нь болзошгүй эрсдэл учрахыг хүсдэггүй. Тиймээс хэрвээ хэн нэгэн ах эгч нарын үүргээ гүйцэтгэхэд юм уу хувийн аюулгүй байдалд болзошгүй эрсдэл учруулбал, эсвэл хэн нэгэн бусдын Бурханд итгэх замд саад тотгор учруулбал Бурханы гэр тэднийг толгойг нь илээд өнгөрөөхгүй. Бурханы гэр тэднийг олж мэдмэгц даруй зайлуулах юм уу хөөх болно, яавч найр тавихгүй! Хэрвээ тэд “Би анхааралгүй байснаас болоод санамсаргүй хэл халтирчихсан” гэж хэлэн өөрсдийгөө өмгөөлж, зөвтгөл, шалтаг тоочвол чи үүнд яавч итгэж болохгүй—ийм шалтаг үндэслэлгүй. Тэд яагаад өөрсдийн гэр бүлийн хэргийн талаар хүмүүст хэлээгүй юм бэ? Тэд яагаад оронд нь ах эгч нарын хэрэг явдлын талаар ярьсан юм бэ? Тэд илэрхий муу санаа зорилго өвөрлөж байна. Тэд чуулганы ажил болон ах эгч нарын талаарх мэдээллийг задруулсан; хэрвээ энэ нь ах эгч нарт төвөг удвал тэд хараагдах ёстой! Ийм хүмүүс хараагдах ёстой биш үү? (Тийм ээ.) Чуулган сайн мэдээний ажлаа түгээх явцад иймэрхүү зарим хүн чуулганд элсэх нь зайлшгүй. Тэд чуулганыг худалдах, ах эгч нарыг худалдах, тэр ч бүү хэл Бурханы гэрийн ашиг сонирхлоос урвахаас огт сийхгүй. Тэд хувьдаа бүх төрлийн хүмүүстэй нөхөрлөдөг бөгөөд тэдэнтэй нөхөрлөх зорилго нь ариун биш байдаг. Тэр хүмүүстэй харилцахдаа тэд бүр ам султай байж, өөрийн мэддэг чуулганы бүх дотоод мэдээллийг тэдэнд хэлж, хэлэхгүй үлдээсэн зүйл гэж байдаггүй бөгөөд энэ нь эцэстээ ах эгч нар болон чуулганд төвөг уддаг. Үүний буруу нь ам султай энэ хүмүүст ногдох ёстой. Тэдний зарим нь үүнийг санаатай хийгээгүй гэж хэлж магадгүй ч санаатай байгаагүй байлаа гээд энэ нь зөвшөөрч болох зүйл болохгүй. Хэрвээ санаатай байгаагүй юм бол чи яагаад оронд нь өөрийгөө хорлоогүй юм бэ? Чи яагаад зөвхөн бусдыг хорлосон юм бэ? Чи чуулган болон ах эгч нарт төвөг удсан, энэ бол нотлогдсон баримт. Тиймээс буруу нь чамд ногдох ёстой. Хэрвээ чи хүн алчихаад “Би санаатай тэгээгүй; би тэднийг алах гэж хэзээ ч бодоогүй—надад тийм бодол байгаагүй” гэж хэлбэл хууль тэр үгнээс чинь болоод чамайг гэм буруугүй гэж үзэх үү? (Үгүй.) Чи үнэнийг хэлж байсан ч энэ нь нэмэргүй. Баримт нь гэвэл чи хүн алсан, хуулийн хувьд үүний хөдөлшгүй нотлох баримт байгаа тул баримтад үндэслэн чамайг гэм буруутай гэж зарлах ёстой. Чи хүн амины хэрэг үйлдсэн, тиймээс чи алуурчин бөгөөд өөрийгөө хэчнээн зөвтгөлөө ч чамд тус болохгүй. Зарим хүн үйлдлээрээ чуулганд байнга төвөг уддаг бөгөөд заримдаа энэ төвөг нь ихээхэн ноцтой байж, ах эгч нарыг баривчлагдаж, шоронд ороход хүргээд зогсохгүй чуулганы ажилд ноцтой нөлөөлдөг. Бурханы гэр ийм хүмүүсийг яавч зүгээр өнгөрөөхгүй; барьж авсан нэг бүрийг нь хөөж, хараах болно—Бурханы гэр огтхон ч найр тавихгүй! Хэрвээ эдгээр зүйл Хуулийн эрин үед тохиолдсон бол мууг үйлдэгчдийг чирч гаргаад, саваагаар цохиж алах, эсвэл чулуугаар шидэж алах байсан; ийм хэргийг ингэж шийдвэрлэх ёстой байсан. Одоо энэ нь Бурханы гэрийн захиргааны зарлигт багтахгүй байгаа тул тэднийг хөөж, ах эгч нар хамтдаа хараах болно. Тэд ерөөл юм уу аврал хүртэх ямар ч боломжгүй—тэднийг там руу илгээж, шийтгэх ёстой!

Төвөгтэй нөхцөл байдалтай өөр нэг төрлийн хүн бий; тэд тусгай даалгавар биелүүлэхээр чуулганд ирдэг. Ийм төрлийн зарим хүнийг засгийн газар илгээсэн байдаг бол заримд нь шашны юм уу нийгмийн тодорхой бүлгүүд даалгавар өгсөн байдаг. Жишээ нь, эдгээр даалгаварт ах эгч нарыг тагнах, чуулганыг тагнах, эсвэл чуулганы ажлын янз бүрийн зүйл болон өөр өөр цаг үеийн ажлын зохицуулалтыг тандах зэрэг багтаж болно. Тэдний даалгавар юу байхаас үл хамааран, ямартай ч бидний өнцгөөс харвал ийм төрлийн хүн төвөгтэй нөхцөл байдалтай байдаг. Төвөгтэй нөхцөл байдалтай энэ хүмүүсийн ихэнх нь үл итгэгчид байдаг; тэд бол үнэнийг огт хүлээн авдаггүй хүмүүс юм. Тэд итгэл багатай, хэв чанар муутай, эсвэл олон үзэлтэй хүмүүсээс ялгаатай—тэр хүмүүс чин сэтгэлээсээ итгэдэг бол төвөгтэй нөхцөл байдалтай энэ хүмүүст ноцтой асуудал бий. Эхлээд ийм хүмүүс ямархуу хүн чанартай болохыг авч үзье: (Тэд муу хүн чанартай, хорон муу бөгөөд Сатаны бүлэглэлийн гишүүд юм.) Тэгвэл тэд ямар төрлийн хүмүүс вэ? (Тэд бол диаволууд.) Яг зөв, та нар голыг нь олж хэллээ—тэд бол чуулганд шургалсан диаволууд юм. Тэд бол чуулганд шургалж, янз бүрийн явуулга, зорилго өвөрлөн нуугдаж амьдардаг хүмүүс юм. Ийм хүмүүс бол диаволууд. Энэ хүмүүс чуулганд орж ирэх анхны мөчөөсөө л сайн санаа өвөрлөдөггүй. Тэднийг хэн томилсноос үл хамааран—заримыг нь засгийн газар юм уу тодорхой бүлгүүд томилсон байж магадгүй, харин бусдыг нь хэн ч томилоогүй, зүгээр л өөрсдөө чуулганд шургалахыг хүссэн байж магадгүй—ийм хүмүүс бол ертөнцийн явдалд жинхэнэ нэвтэрхий хүмүүс юм. Тэд өргөн хүрээний хүмүүстэй нөхөрлөдөг бөгөөд хүмүүс хоорондын харилцаа, нийгмийн холбоо сүлбээ нь ээдрээтэй байдаг—тэд төвөгтэй нөхцөл байдалтай. “Төвөгтэй нөхцөл байдал” гэдэг нь тэдний нийгмийн холбоо сүлбээ, хүмүүс хоорондын харилцаа, амьдрах орчин нь онцгой бохир заваан, энгийнээс хол хөндий гэсэн үг; тэд зүгээр л мөнгө олж, сайхан амьдрахыг хичээж буй жирийн хүмүүстэй адилгүй. Нийгэмд энэ хүмүүсийн гүйцэтгэдэг үүрэг нь янз бүрийн хүрээлэл, бүлэг доторх онцгой хүмүүс, удирдагчид, эсвэл харьцангуй гоц хүмүүсийнх байдаг—тэд бол шүтлэггүй хүмүүсийн “чадвартай хүмүүс” эсвэл “мэргэжилтэн” гэж нэрлэдэг төрлийн хүмүүс юм. Тэд хаана ч байсан, томоотой байдаг хүмүүс биш бөгөөд зөв боловсон хүмүүс ч биш. Тэд янз бүрийн бүлэг, хүрээлэл дотор хувийн ашиг хонжоо, эрх мэдэл, эсвэл бусдыг хянах боломжийг эрж хайдаг ч бай, энэ нь тэдний зорилго бөгөөд оршин тогтнолынх нь утга учир юм. Тэд ямар ч чуулганд байсан, сэтгэлгээ нь диаволынх шиг байдаг бөгөөд үргэлж гар хөл нь загтнаж байдаг, нөхцөл байдлыг хянах, хүмүүсийг хянах, мөнгийг хянах, нөлөөгөө ашиглах, эрх мэдлээ ашиглахыг хүсдэг. Эдгээр нь ийм төрлийн хүний илрэл юм. Тиймээс ийм хүмүүс даалгавартай эсэх, эсвэл засгийн газар юм уу нийгмийн ямар нэг бүлгээс томилогдсон эсэхээс үл хамааран чуулганд ирснийхээ дараа томоотой байх боломжгүй. Тэд даалгаваргүй байсан ч, мөн чуулган юм уу ах эгч нар тэдний ашиглах бай биш байсан ч тэд Бурханд чин сэтгэлээсээ итгэхийг хүсдэг хүмүүс биш бөгөөд Бурханы оршин тогтнолд итгэдэг хүмүүс бүр ч биш юм. Чуулганд нэгдэх тэдний зорилго огт ариун биш—хамгийн наад зах нь нэг зүйл тэдний хувьд маш бодитой байдаг, тэр нь “чуулганы далбаанд явж”, өөрсдийн санаархлыг хэрэгжүүлэх боломжийг хүлээх явдал юм. Хэрвээ тэд зорилгодоо хүрч чадахгүй, хүсэл нь талаар болбол хэдийд ч чуулганыг орхиж магадгүй. Тэд хөдлөх тохиромжтой мөчийг хүлээх замаар боломж хайдаг—хэрвээ зорилго, амбиц, эсвэл хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэх боломж олгох хүн, эсвэл тохиромжтой мөч байвал тэд тэр хүн юм уу тэр мөчийг яавч алдахгүй. Хэрвээ тэд боломж олж чадахгүй байсаар байвал урам хугарч, сэтгэл дундуур болж, чуулганыг орхихыг хүсдэг. Тиймээс ийм төрлийн хүн ч бас чуулган доторх аюултай хүнд тооцогдох бөгөөд тэднийг ялган таньж, зай барих ёстой. Өөр нэг илүү чухал зарчим бол, хэрвээ чи тухайн хүний нөхцөл байдал ямар болох талаар эргэлзэж байвал, эсвэл нөхцөл байдал нь маш төвөгтэй гэдгийг бүдэг бадаг мэдэрч байвал удирдагч, ажилчны хувьд ядаж л энэ хүнийг чухал албан тушаалд томилж болохгүй, байр суурь юм уу эрх мэдэлтэй байлгаж болохгүй, эсвэл чуулган дотор ямар нэг чухал ажил гүйцэтгүүлж болохгүй гэдгийг мэдэх ёстой. Хэрвээ чи тэднийг нэвт харж чадахгүй бол ажиглаж болно, гэхдээ яавч яаран, эсвэл эртдэж үйлдэл хийж болохгүй. Хэрвээ чи тэднийг нэвт харахаасаа өмнө тэдэнд байр суурь өгч, тэр ч бүү хэл чухал ажил хариуцуулбал туйлын мунхаг байна! Чи тэднийг нэвт харахгүй байх тусмаа чухал ажил даалгах нь бага байх ёстой, илүү болгоомжтой байж, тэднийг улам нарийн ажиглаж, хатуу хянах ёстой. Үнэндээ тэд даалгавартай эсэхээс үл хамааран, төвөгтэй нөхцөл байдалтай ийм төрлийн хүмүүс эцсийн эцэст чуулганд удаан үлддэггүй. Яагаад гэвэл, эдгээр үл итгэгч зүрх сэтгэлдээ итгэлийн хэрэг явдлыг зэвүүцдэг. Бурхангүй үзэлтнүүд Бурхан оршин байдагт итгэдэггүй бөгөөд Бурхан, Бурханы ажил, эсвэл Бурханы үнэний илэрхийлэлтэй холбоотой юуг ч сонирхдоггүй. Тэд байнга тандаж байдаг: “Бурханд итгэснээр олж авах ашиг байна уу? Би үүнээс их мөнгө хийж, баяжиж чадах уу? Би ертөнцөд ашигладаг шигээ явуулга, заль мэхээ энд ашиглаж чадах уу?” Бурханы гэр эдгээр зүйлийг дэмждэггүй, харин үргэлж үнэнч шударга хүн байх тухай ярьдаг, мөн үүргээ хааш яаш, дутуу дулимаг гүйцэтгэдэг хэн боловч ихэвчлэн засуулдгийг хараад тэд дургүйцдэг, Бурханы гэрт аз жаргалгүй, эрх чөлөөгүй санагддаг тул явах боломжийг үргэлж хайдаг. Хэрвээ үнэхээр Бурханы хонинуудын нэг, Бурханы сонгосон хүмүүсийн нэг мөн бол тухайн хүн Бурханд итгэх явцад байнга хэлэлцдэг үнэнийг 20, 30 жил хэлэлцсэн ч сонсохоос залхахгүй; насан туршдаа сонссон ч тэдэнд шинэлэг хэвээр санагдана. Тэд сонсох тусмаа эдгээр үнэнийг илүү тодорхой ойлгодог; сонсох тусмаа зүрх сэтгэл нь тэжээгддэг; сонсох тусмаа үнэнийг улам их хүсэн эрмэлздэг. Тэд эдгээр үгийг өдөр бүр сонсох байсан ч дуртайяа сонсох болно. Ялангуяа өөрсдөд нь тустай туршлагын гэрчлэл сонсох үедээ тэд яг л тансаг зоог хүртсэн мэт жаргалтай, сэтгэл хангалуун байдаг—алт олсноос ч илүү баяртай байдаг. Харин эдгээр үл итгэгч, эдгээр диаволын хувьд—ялангуяа төвөгтэй нөхцөл байдалтай энэ хүмүүсийн хувьд—үнэний талаарх нөхөрлөлийг сонсох тусмаа улам дургүй нь хүрдэг; сонсох тусмаа дотроо улам цухалдаж, зэвүүцдэг. Тэд эдгээр үгийг сонсохдоо уйтгартай, сонирхолгүй, залхмаар гэж боддог. Хэрвээ чи тэднийг суулгаад номлол сонсговол тэдэнд эрүү шүүлтэд орж байгаа мэт санагддаг. Тэд: “Та нар яагаад эдгээр үгийг сонсохдоо тансаг зоог хүртсэн мэт ингэтлээ их дурладаг юм бэ? Би сонсохоороо яагаад ингэж их зэвүүцдэг юм бэ?” гэж хэлдэг. Удаан хугацаанд сонссоныхоо дараа тэд зүгээр сууж чадахаа больдог. Хэрвээ тэд удирдагч болж чадахгүй бол үүргээ гүйцэтгэх юм уу хатуу бэрхийг туулахыг хүсдэггүй бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ бүхэн утгагүй санагдаж, итгэлээ орхих бодол төрж эхэлдэг. Үл итгэгчид ингэж илчлэгддэг. Төвөгтэй нөхцөл байдалтай энэ хүмүүсийн тухайд, хэрвээ чи тэднийг ажиглах явцдаа хаанаас гаралтай нь сэжигтэй, нөхцөл байдал нь төвөгтэй гэдгийг олж мэдвэл ямар ч аргаар хамаагүй боломж хайж, тэднийг явахыг ятгах хэрэгтэй. Үнэнийг огт хүлээн авдаггүй ийм хүмүүсийн хувьд жаахан мэргэн ухаан гаргах шаардлагатай. Чи тэдэнд: “Чи баяжихыг хүсэж, албан тушаалтан болохыг мөрөөддөг—хэрвээ чи албан тушаалтан болохгүй насаараа явбал бол чамд үнэхээр хохиролтой шүү дээ! Чи албан тушаалтан болж, баяжиж, ертөнцийг хөөцөлдөх хэрэгтэй—тэнд л бодит ашиг тус бий. Чамд бизнесийн ухаан байна, чи албан тушаалтан байхаар заяагдсан хүн—хэрвээ чи ертөнцийг хөөцөлдвөл гарцаагүй баяжиж, албан тушаалтан болж чадна” гэж хэлж болно. Тэд үүнийг сонсоод, ижил санаатай хүнээ оллоо гэж бодоод: “Чиний түмэн зөв! Бурханд итгэх нь утгагүй юм шиг надад санагдаад байсан юм—чиний хэлсэн үг үнэхээр сэтгэлд хүрлээ. Итгэл үнэндээ зүгээр л сэтгэл зүйн нөлөөтэй; итгэсэн ч, итгээгүй ч ялгаагүй. Амьдрал богинохон—нүд ирмэхийн зуур өнгөрөх хэдхэн арван жил шүү дээ. Бурханд итгэдэг хүмүүстэй хамт байнга энд цагаа үрлээ гээд би юу ч олж аваагүй, үргэлж сэтгэл дундуур байдаг. Ингэх нь зүгээр л өөрийгөө хохироож байгаа хэрэг биш үү? Гадагшаа гарч их мөнгө хийх нь л үнэхээр чухал!” гэж хэлнэ. Тэд чиний хэлсэнтэй санал нийлнэ. Санал нийлмэгцээ, магадгүй нэг л өдөр тэд чуулганд үлдэх нь утгагүй гэж санагдсан учраас, дээрээс нь ажил төрөл нь бүтэхгүй, эсвэл ямар нэг бүтэлгүйтэл, саад бэрхшээл, засалт туулсан учраас зүгээр л өөрсдөө явна. Энэ сайхан биш гэж үү? (Тийм ээ. Энэ бол мэргэн арга барил.) Диаволуудыг чуулганаас явуулах амархан: Бодол санааг нь мэдээд авчихвал, тэдний хүсдэг зүйл байвал түүнийгээ хөөцөлдөхөд нь урамшуул. Ингэж чи тэднийг явахыг ятгаж чадна. Тэднийг гаргахын тулд аясаар нь ажилла. Ийм төрлийн үл итгэгчийг ингэж зохицуулна.

Хэрвээ төвөгтэй нөхцөл байдалтай ийм хүмүүс чуулганд олдвол тэднийг явахыг ятгах, эсвэл даруй зайлуулах ёстой; тэднийг үлдэхийг ятгах гэж бүү оролд. Яагаад болохгүй гэж? Нэг талаар, тэд чуулганд ямар ч сайн үүрэг гүйцэтгэдэггүй; нөгөө талаар, тэд Бурханы сонгосон хүмүүсийн тоонд яавч багтдаггүй. Түүнчлэн, тэд чуулганд үлдлээ ч эцсийн эцэст Бурханы үг, Бурханы ажил, эсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авч, авралд хүрэх боломжгүй хэвээр байна. Хэрвээ тэд чуулганд үлдвэл чуулганы ажилд хор хөнөөлтэй байх бөгөөд биеийн хэмжээ багатай зарим ах эгчийг төөрөгдүүлж, нөлөөлж болзошгүй. Бурханы гэрийнхэн тэдэнд дургүйцдэг, харин тэд Бурханы гэрийн ах эгч нарыг мөн адил дургүйцэн хардаг. Тэд зүрх сэтгэлдээ Бурханы гэр, чуулган болон ах эгч нарт үргэлж дайсагнадаг. Тэгвэл Надад хэл дээ, хэрвээ чуулганд ийм дайсан, ийм өрсөлдөгч байвал та нар тавгүйтэх үү? (Тийм ээ.) Тиймээс ийм хүмүүсийг үлдээх гэж оролдохгүй байх нь хамгийн сайн. Тэднийг олж илрүүлмэгцээ даруй явахыг ятгах, зайлуулах, эсвэл хөөх хэрэгтэй. Сайн мэдээ номлох явцад ийм хүмүүстэй таарвал яаж зохицуулах ёстой вэ? (Зүгээр л зай барьж, үл тоо.) Ийм төрлийн хүнтэй таарах үедээ чи тэдэнд сайн мэдээ номлох ёсгүй. Тэд маш их дэгсдүүлж, үндэслэлгүй ярьдаг, нэлээд яриа боловч үнэндээ ямар ч авьяасгүй байдаг. Бурханы гэрт төвөгтэй нөхцөл байдалтай ийм төрлийн хүмүүс хэрэггүй; тэд Бурханы сонгосон хүмүүсийн тоонд багтдаггүй. Тэд одоо итгэлээ ч эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэгдэх л болно. Тиймээс сайн мэдээ номлож буй хүмүүс ийм хүмүүстэй таарахдаа зүгээр л орхих хэрэгтэй. Бурханы гэр ийм хүмүүсийг хүсдэг ч үгүй, таатай хүлээж авдаг ч үгүй. Энэ бол төвөгтэй нөхцөл байдалтай хүмүүсийг зохицуулах арга зам бөгөөд энэ бол зарчим юм. Мэдээж, энэ асуудлыг зохицуулахдаа сүр бадруулах шаардлагагүй; тухайн хүн төвөгтэй нөхцөл байдалтай хүмүүсийн ангилалд багтах эсэхийг чи тодорхой ойлгох ёстой. Хэрвээ илрэл нь ийм төрлийн хүнийхтэй таарч байвал тэднийг энэ бүлгийн эгнээнд оруулах ёстой. Гэхдээ хэрвээ хэн нэгэн хааяа л сайрхаж, дэмий ярьдаг, хэт их сайрхсанаас нь болоод төвөгтэй нөхцөл байдалтай гэж андуурагдсан ч үнэндээ Бурханд итгэх итгэл нь жинхэнэ, энэ ангилалд багтдаггүй бол сайн хүнийг хилсээр буруутгахаас зайлсхийхийн тулд энэ нөхцөл байдалд өөрөөр хандах шаардлагатай.

III. Үүргээ гүйцэтгэх үеийн хандлагад нь үндэслэх

Бид хүмүүсийг хүн чанарт нь үндэслэн ялган таних шалгуурын талаар ерөнхийдөө нөхөрлөж дууслаа. Өөр нэг шалгуур бий—хүмүүсийг үүргээ гүйцэтгэх үедээ гаргадаг хандлагад нь үндэслэн ялган таних. Бид өмнөх номлолуудад энэ шалгуурын талаар нэлээд их ярьсан тул энэ талаар дахиж ярих шаардлагагүй.

За тэгэхээр. Өнөөдрийн нөхөрлөл ингээд өндөрлөж байна. Баяртай!

2024 оны 7 дугаар сарын 6

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (26)

Дараах: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (29)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх