Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (26)

14-р зүйл: Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулж, хөөх (V хэсэг)

Чуулганыг цэвэрлэх ажилд удирдагч, ажилчдын баримтлах ёстой хандлага

Энэ жил бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага болон холбогдох бүх төрлийн хүмүүсийн илрэлийн талаар тасралтгүй нөхөрлөсөн. Нөхөрлөлийн сэдвүүд улам дэлгэрэнгүй, тодорхой болж, бүх төрлийн хүмүүсийн янз бүрийн асуудлыг хамарсан ба энэ хүмүүсийн тодорхой илрэл болон тэдний ангиллын талаарх нөхөрлөл ч бас маш тодорхой, ойлгомжтой байсан. Эдгээр нарийн ширийн асуудлыг хэдий чинээ тодорхой, ойлгомжтой нөхөрлөнө, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг төдий чинээ эерэг тусламж, удирдамжаар хангаж, удирдагч, ажилчдад ажиллаж, үүргээ гүйцэтгэхэд нь төдий чинээ их удирдамж, туслалцаа үзүүлэх ёстой. Гэсэн хэдий ч нөхөрлөл хэрхэн явагдсанаас үл хамааран, нөхөрлөл хэчнээн тодорхой байснаас үл хамааран зарим удирдагч, ажилчин чуулган дахь янз бүрийн төрлийн хүмүүс, асуудлыг зохицуулж, шийдвэрлэх талаар тодорхой ойлгоогүй хэвээр байдаг. Бүх төрлийн хүмүүсийн асуудлыг маш тодорхой нөхөрлөсөн атал зарим удирдагч, ажилчин өөр өөр төрлийн хүмүүсийг хэрхэн ялган таньж, тэдэнд хэрхэн хандахаа ойлгож чадахгүй хэвээр байна. Тэд үнэн-зарчмын дагуу үйлдэж чадахгүй хэвээр байгаа бөгөөд чуулган дахь янз бүрийн хүмүүс, асуудлыг зохицуулахдаа үнэнийг ашиглаж ч чадахгүй байна. Үүний шалтгаан юу вэ? Ийм хүмүүст үнэн-бодит байдал дутмаг байдаг. Бүх төрлийн хүмүүсийн илрэлийн талаарх нөхөрлөлөөр дамжуулан хүн, чуулганд үүргээ гүйцэтгэдэг болон гүйцэтгэдэггүй хүмүүс, үнэнийг эрэлхийлдэг болон эрэлхийлдэггүй хүмүүс, дуулгавартай дагаж, захирагддаг болон саад, үймээн учруулдаг хүмүүсийн талаар наад захын ялган таних чадвартай болж, оновчтой зохицуулалт хийх ёстой. Гэвч чуулган дахь бүх төрлийн хүмүүсийн нөхцөл байдлыг харахад илт ёрын муу хүмүүсийг л зайлуулсан; олон үл итгэгчийг нэгд нэггүй зайлуулаагүй байна. Чуулганыг цэвэрлэх ажилд удирдагч, ажилчид идэвхгүй хандаж, бялдууч авир гаргаж, эсвэл зөвхөн илт ёрын муу хүмүүсийг зайлуулчихвал бүх зүйл шийдэгдэж, зүгээр болно гэсэн үг гэж бодохын оронд Бурханы ажилтай хамтран ажиллаж, ёрын муу хүмүүс болон үл итгэгчдийг аль болох хурдан зайлуулах ёстой. Удирдагч, ажилчид баг бүрийн ажлыг идэвхтэй шалгаж, багийн гишүүдийн нөхцөл байдлыг нягталж, тэнд зүгээр л тоо бөглөж байгаа үл итгэгчид, эсвэл чуулганы ажлыг үймүүлэхийн тулд сөрөг байдал, үзэл тарааж буй үл итгэгчид байгаа эсэхийг магадлах ёстой бөгөөд энэ хүмүүсийг олж илрүүлмэгцээ бүрэн ил болгож, зайлуулах ёстой. Энэ бол удирдагч, ажилчдын хийх ёстой ажил; тэд идэвхгүй байх ёсгүй, үйлдэл хийхдээ Дээрхийн тушаал, шавдуулалтыг хүлээх ёсгүй, ах эгч нар бүгд шаардах үед л бага зэрэг зүйл хийх ч ёсгүй. Ажилдаа удирдагч, ажилчид Бурханы санаа зорилгыг бодолцон үзэж, Түүнд үнэнч байх ёстой. Тэдний авирлах хамгийн сайн арга зам бол асуудлыг идэвх санаачилгатайгаар олж харж, шийдвэрлэх явдал юм. Ялангуяа одоогийн эдгээр үг, нөхөрлөл үйлдлийнх нь үндэс болж байхад тэд идэвхгүй хэвээр үлдэж болохгүй. Харин ч тэд санаачилга гарган, үнэнийг нөхөрлөх замаар бодитой асуудал, бэрхшээлийг бүрэн шийдвэрлэж, ажлаа яг хийх ёстойгоороо хийх хэрэгтэй. Тэд ажлын явцыг даруй, санаачилгатайгаар хянан дагаж байх ёстой; тэд Дээрхийн тушаал, шавдуулалтыг үргэлж хүлээж, дараа аргагүйн эрхэнд үйлдэж болохгүй. Хэрвээ удирдагч, ажилчид үргэлж сөрөг, идэвхгүй байдаг, бодитой ажил хийдэггүй бол удирдагч, ажилчнаар үйлчлэхэд зохисгүй бөгөөд тэднийг чөлөөлж, үүргийн хуваарилалтыг нь тохируулах ёстой. Одоо ажилдаа маш идэвхгүй ханддаг олон удирдагч, ажилчин бий. Тэд Дээрх тушаал илгээж, шахсаны дараа л жаахан ажил хийдэг; үгүй бол тэд хойрголж, алгуурладаг. Зарим чуулганы ажил нэлээд эмх замбараагүй, тэнд үүрэг гүйцэтгэдэг зарим хүн үнэхээр хойрго, хааш яаш байдаг бөгөөд ямар ч бодитой үр дүнд хүрдэггүй. Эдгээр асуудал аль хэдийн маш ноцтой болсон бөгөөд уг чанартаа аймшигтай боловч тэр чуулгануудын удирдагч, ажилчид албан тушаалтан, ноёдууд шиг авирласаар байна. Тэд ямар ч бодитой ажил хийж чаддаггүйгээр үл барам асуудлыг олж харж, шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь чуулганы ажлыг саажилттай болгож, зогсонги байдалд оруулдаг. Чуулганы ажил аймшигтай замбараагүй, ямар ч дэг журамгүй байгаа газар бүрд хуурамч удирдагч юм уу антихрист эрх мэдлийг атгаж байгаа нь гарцаагүй. Хуурамч удирдагч эрх мэдэл эзэмшиж байгаа чуулган бүрд чуулганы ажил нуранги, бүрэн эмх замбараагүй байдаг—үүнд эргэлзэх зүйлгүй. Жишээ нь, Америкийн чуулганууд дахь олон асуудлыг Би Өөрийн чихээр сонсож, нүдээр харсан. Миний харсан ихэнх асуудал газар дээрээ шийдвэрлэгдсэн; заримыг нь шийдвэрлэхийг Би Америкийн чуулгануудын удирдагчдад даалгасан. Гэсэн хэдий ч удирдагч, ажилчдын ихэнх ажил маш идэвхгүй хийгддэг, ажлын явцыг хянан дагах нь хэтэрхий удаан, үр ашиг хэтэрхий бага, өдөр тутмын ихэнх ажил нь Дээрх тушааж, шавдуулсны дараа л хэрэгждэг. Дээрхээс ажил зохицуулсны дараа тэд хэсэг зуур завгүй байдаг ч тэр жаахан ажил дуусмагц дараа нь юу хийхээ мэддэггүй, учир нь тэд ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо ойлгодоггүй. Тэд өөрсдийн гүйцэтгэх ёстой удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагын цар хүрээнд багтдаг ажлын талаар хэзээ ч тодорхой мэддэггүй; тэдний нүдээр бол хийх шаардлагатай ажил гэж байдаггүй. Хүмүүс хийх шаардлагатай ажил байхгүй гэж бодож байгаа нь ямар учиртай вэ? (Тэд ачаа үүрдэггүй.) Тодруулж хэлбэл, тэд ачаа үүрдэггүй; тэд бас маш залхуу, тав тухад шунадаг, боломж гарах болгонд аль болох их амарч, аливаа нэмэлт ажлаас зайлсхийхээр оролддог. Энэ залхуу хүмүүс үргэлж “Би яагаад ингэж их санаа зовох ёстой юм бэ? Хэтэрхий их санаа зовбол хурдан л хөгширнө. Үүнийг хийж, ингэж их ийш тийш гүйж, өөрийгөө маш их ядраалаа гээд надад ямар ашигтай юм бэ? Би эцэж туйлдаад, өвдчихвөл яах вэ? Эмчлүүлэх мөнгө надад байхгүй. Тэгээд намайг хөгшрөхөд хэн халамжлах юм бэ?” гэж боддог. Энэ залхуу хүмүүс ердөө л ийм идэвхгүй, хоцрогдсон бүдүүлэг. Тэд өчүүхэн төдий ч үнэнгүй, юуг ч тодорхой харж чадахгүй. Тэд бол бөөн мунгинуу хүмүүс гэдэг нь тодорхой байна, тийм биз дээ? Тэд бүгд мунгинуу; тэд үнэнийг хайхардаггүй, огт сонирхдоггүй тул яаж аврагдаж чадах юм бэ? Хүмүүс яагаад үргэлж сахилга батгүй, залхуу, яг амьд үхдэл шиг байдаг юм бэ? Энэ нь тэдний уг чанарын асуудлыг хөнддөг. Хүний уг чанарт нэг төрлийн залхуу зан байдаг. Хүмүүс ямар ч даалгавар гүйцэтгэж байсан, тэдэнд хяналт тавьж, шавдуулах хүн үргэлж хэрэгтэй байдаг. Заримдаа хүмүүс махан биеэ бодолцож, махан биеийн тав тухад шунаж, үргэлж өөрсдөдөө ямар нэг зүйл нөөж үлддэг—ийм хүмүүс диаволын санаархал, заль мэхээр дүүрэн байдаг; тэд үнэхээр сайн хүмүүс биш. Тэд ямар ч чухал үүрэг гүйцэтгэж байсан, хэзээ ч чадах чинээгээрээ хийдэггүй. Тэд хариуцлагагүй, ямар ч үнэнч байдалгүй. Ажилдаа идэвхгүй байж болохгүйг та нарт сануулахын тулд Би өнөөдөр эдгээр зүйлийг хэллээ. Та нар Миний хэлсэн бүхнийг дагаж чаддаг байх ёстой. Би янз бүрийн чуулганд очоод, та нарыг их ажил хийсэн, маш үр ашигтай ажилласан, ажил маш хурдан явагдаж байгаа, сэтгэл ханамжтай түвшинд хүрсэн, хүн бүр чадлаараа хийсэн гэдгийг олж мэдэх юм уу харвал нэлээд сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ Би янз бүрийн чуулганд очиж, ажлын ахиц бүх талаар удаан байгааг харвал энэ нь үүргээ сайн гүйцэтгээгүй, сайн мэдээ түгээх хэвийн хурдтай хөл нийлүүлээгүйг чинь нотолж байна, тэр үед Миний сэтгэл санаа ямар байна гэж та нар бодож байна? Би та нарыг хараад баяртай байх уу? (Үгүй.) Би тэгэхгүй. Энэ ажлыг та нарт даалгасан бөгөөд хэлэх хэрэгтэй бүхнийг Би хэлсэн; хэрэгжүүлэлтийн тодорхой зарчим болон замыг ч бас та нарт хэлж өгсөн. Гэсэн ч та нар үйлдэхгүй, ажиллахгүй, гагцхүү Намайг биечлэн хяналт тавьж, шавдуулж, та нарыг засаж, эсвэл бүр тушаал өгөхийг л хүлээж байна. Энд ямар асуудал байна вэ? Үүнийг задлан шинжлэх ёстой биш үү? Хийх ёстой илэрхий ажлыг та нар хийхгүй, үүрч чадахгүй байхад—Би та нарт сайн хандлагаар хандаж чадах уу? (Үгүй.) Яагаад Би та нарт сайнаар хандаж чадахгүй гэж? (Бид үүргээ гүйцэтгэхдээ хэтэрхий хариуцлагагүй байна.) Яагаад гэвэл, та нар үүргээ бүх зүрх сэтгэл, хүч чадлаараа гүйцэтгэхгүй, харин зүгээр л хааш яаш гүйцэтгэж байна. Үүрэгтээ үнэнч хүн ядаж бүх хүчээ дайчлах ёстой, гэтэл та нар үүнд ч хүрч чадахгүй байна; та нар хэтэрхий их дутуу дулимаг! Та нарын хэв чанар дутмаг байгаа юм биш; харин сэтгэлгээ чинь буруу, та нар хариуцлагагүй байна. Та нарын зүрх сэтгэлд үүргээ гүйцэтгэхээс чинь сэргийлдэг зарим утгагүй зүйл байна. Түүнчлэн, бялдууч байх сэтгэлгээ чуулганыг цэвэрлэх ажлыг хийхэд чинь саад болж байна. Чуулганыг цэвэрлэхийн ач холбогдол юу болохыг та нар мэдэх үү? Бурхан яагаад чуулганыг цэвэрлэхийг хүсдэг вэ? Чуулганыг цэвэрлэхгүй байхын үр дагавар юу вэ? Та нар эдгээр хэрэг явдлын талаар тодорхой ойлгодоггүй, үнэнийг эрж хайдаггүй нь Бурханы санаа зорилгыг бодолцон үздэггүйг чинь нотолж байна. Та нар албан тушаалынхаа жирийн, тогтмол ажлыг л бага зэрэг хийхийг хүсдэг бөгөөд онцгой ажлаас, ялангуяа бусдыг гомдоож болзошгүй ажлаас зайлсхийдэг. Та нар бүгд эдгээр ажлыг өөр хэн нэгэнд шилжүүлэхийг илүүд үздэг. Та нар ингэж боддоггүй гэж үү? Энэ нь шийдвэрлэх учиртай асуудал биш гэж үү? Та нар үргэлж “Миний хэв чанар муу, үнэний талаарх ойлголт хязгаарлагдмал, ажлын туршлага хангалтгүй. Би хэзээ ч чуулганы удирдагч байж үзээгүй, чуулган цэвэрлэх ажил хийж ч байгаагүй” гэж хэлдэг. Энэ нь шалтаг тоочиж байгаа хэрэг биш үү? Чуулганыг цэвэрлэх ажлын талаар маш тодорхой нөхөрлөсөн. Антихристүүд, ёрын муу хүмүүс, үл итгэгчдийг цэвэрлэх нь маш энгийн хэрэг. Тэр хэдхэн зарчмыг ойлгоход үнэхээр тийм хэцүү байна уу? Ийм энгийн асуудлыг ингэж тодорхой тайлбарлаад байхад хүмүүс ойлгохгүй хэвээр байвал энэ юуг илтгэж байна вэ? Энэ нь, тэдний хэв чанар хүний хэл ойлгохооргүй хэтэрхий дорд, эсвэл тэд зүгээр л зөв ажилд анхаардаггүй өөдгүй амьтад гэдгийг илтгэж байна. Удирдагч, ажилчдын дунд хэв чанар муутай хүмүүс гарцаагүй байгаа, бодитой ажил хийдэггүй бялдууч нар ч байгаа; зөв ажлыг цалгардуулж, болчимгүй авирлан бурууг үйлддэг өөдгүй амьтад ч бас гарцаагүй байгаа—энэ бүх нөхцөл байдал оршиж байгаа. Нэгдүгээрт, зөв ажлыг цалгардуулдаг энэ өөдгүй амьтдыг цэвэрлэх хэрэгтэй. Бодитой ажил хийж чадах хэнийг ч болов ашиглах ёстой, удирдагчаар ажиллаж буй бялдууч нарыг гарцаагүй чөлөөлөх ёстой, харин хүний хэл ойлгодог, бага зэрэг бодитой ажил хийж чаддаг, хэв чанар муутай хүмүүсийг авч үлдэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг ийм байдлаар шийдвэрлэх ёстой. Хэрвээ Бурханыг нөхөрлөсний дараа удирдагч, ажилчдын шийдвэрлэх ёстой чуулганы ажил дахь асуудлуудыг чи тодорхой харж чадаж байвал цаашид хойшлуулалгүйгээр даруй шийдвэрлэх ёстой. Дээрхээс биечлэн даалгавар өгөх, эсвэл тушаал буулгахыг хүлээх шаардлагагүйгээр чи санаачилга гарган үйлдэж чаддаг байх ёстой. Ямар ч асуудал гарсан, ажилд нөлөөлөхөөс нь өмнө шийдвэрлэх ёстой. Дээрх асуудлыг шалгаж эхлэхээс ч өмнө чи асуудлын талаарх ойлголт, шийдэл, тэдгээрийг зохицуулах зарчим, зохицуулалтын үр дүнгээ аль хэдийн тайлагнасан байх ёстой. Тэгвэл ямар сайхан байх билээ! Тэр үед Дээрх чамд сэтгэл дундуур байсаар байх уу? Удирдагч, ажилчны хувиар хэрвээ чи өөрийн үүрэг хариуцлагын цар хүрээн дэх ажлыг байнга олж харж чадахгүй, эсвэл чамд зарим нэг ойлголт, санаа байлаа ч үргэлж хойшлуулж, юм хийхгүй, Дээрх ажил зохицуулж өгөхийг үргэлж хүлээгээд байвал энэ нь хариуцлагаа цалгардуулсан хэрэг биш үү? (Тийм.) Энэ бол хариуцлагаа ноцтой цалгардуулсан хэрэг! Чи удирдагч, ажилчны хувиар үүрэгтээ хандах ёстой хандлага, хариуцлагаа гээсэн байна. Ажил дээрээ удирдагч, ажилчид Дээрхийн шаардлагыг нягт дагах ёстой; Дээрх юу нөхөрлөсөн, тэрийг л хэрэгжүүлэх ёстой бөгөөд ойлгомогцоо хурдан үйлдэж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Асуудлыг үнэнээр шийдвэрлэх нь удирдагч, ажилчдын хамгийн чухал хариуцлага бөгөөд ямар нэг зүйл хийхээсээ өмнө Дээрх ажил зохицуулахыг идэвхгүйгээр хүлээх ёсгүй. Хэрвээ чи үргэлж идэвхгүйгээр хүлээж байгаа бол удирдагч, ажилчин байхад тэнцэхгүй, энэ ажлыг хариуцаж чадахгүй, харин хариуцлагаа хүлээж, огцрох нь л цорын ганц ухаалаг зүйл байх болно.

Бурханд итгэдэг гурван төрлийн хүний илрэл ба төгсгөл

I. Хөдөлмөрчид

Удирдагч, ажилчдын нийт арван таван үүрэг хариуцлага байдаг бөгөөд бид аль хэдийн арван дөрөв дэх хүртэл нь нөхөрлөсөн. Удирдагч, ажилчдын шийдвэрлэх хэрэгтэй чуулган доторх асуудлууд, түүнчлэн эдгээр асуудалтай холбоотой бүх төрлийн хүмүүсийн асуудлын наяас ерэн хувийг нөхөрлөсөн. Эдгээр нь бүгд удирдагч, ажилчдын хариуцах хэрэгтэй ажил, шийдвэрлэх хэрэгтэй асуудал юм. Үүнд олон асуудал багтдаг. Нэг талаар, энэ нь удирдагч, ажилчдын биелүүлэх ёстой үүрэг хариуцлагыг хөнддөг; нөгөө талаар, энэ нь бас чуулган дахь бүх төрлийн хүмүүсийн янз бүрийн асуудлыг хамардаг. Хэдийгээр энэ хугацаанд бидний нөхөрлөлийн сэдэв удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага болон хуурамч удирдагчдыг ил болгох явдал байсан ч бид бас энэ сэдвээр хөндөгдсөн янз бүрийн хүмүүсийн асуудлын талаар—янз бүрийн хүмүүсийн байдал болон мөн чанарын талаар—ихээхэн нөхөрлөсөн. Мэдээж энэ тодорхой агуулга нь чуулганд Бурханыг дагадаг бүх төрлийн хүмүүст өөр өөр нөлөө үзүүлдэг. Тэдний дунд, энэ бүх нөхөрлөлийг сонссоныхоо дараа ч “Би хүн чанар сайтай, би Бурханд үнэхээр итгэдэг, би Бурханд итгэхдээ аливааг орхиход бэлэн, би үүргээ гүйцэтгэхийн тулд төлөөс төлж, бэрхшээл туулахад бэлэн” гэсэн хандлага баримталсаар байдаг нэг төрлийн хүн бий. Тэд энэ хугацаанд нөхөрлөсөн бүх төрлийн хүмүүсийн янз бүрийн байдал, янз бүрийн байдалтай холбоотой үнэн, эсвэл хүмүүсийн эзэмших ёстой үнэн-зарчмыг тоодоггүй. Энэ нэг төрлийн хүн биш гэж үү? Энэ төрлийн хүн маш их төлөөлөлтэй биш үү? (Тийм.) Энэ төрлийн хүн үргэлж тодорхой нэг үзэл бодол баримталдаг. Энэ үзэл бодол голчлон юунаас бүрддэг вэ? Миний дөнгөж сая дурдсан гурван зүйл: Нэгдүгээрт, тэд өөрсдийнх нь хүн чанар муу биш, тэр ч бүү хэл сайн гэж үздэг. Хоёрдугаарт, тэд өөрсдийгөө Бурханд үнэхээр итгэдэг гэж боддог, өөрөөр хэлбэл тэд Бурханы оршин тогтнолд болон бүх зүйлийг захирдаг Бурханы дээд эрхэд чин сэтгэлээсээ итгэдэг бөгөөд хүний хувь заяаг Бурхан хянадаг, энэ нь Бурханы дээд эрх дор байдаг гэж итгэдэг, энэ нь “Бурханд үнэхээр итгэх” гэдгийн өргөн утгаарх тайлбар юм. Гуравдугаарт, тэд Бурханд итгэх итгэлдээ аливааг орхиж, үүргээ гүйцэтгэхийн тулд бэрхшээл туулж, төлөөс төлж чадна гэж үздэг. Энэ гурван зүйл бол энэ хүмүүсийн Бурханд итгэх итгэлдээ баримталдаг хамгийн үндсэн, анхдагч, гол элементүүд гэж хэлж болно. Мэдээж эдгээр зүйлийг бас тэдний Бурханд итгэх хөрөнгө, түүнчлэн тэдний эрэлхийлдэг зорилго, үйлдэх сэдэл, чиглэл гэж үзэж болно. Энэ гурван зүйлийг эзэмшсэнээр аврагдах гурван үндсэн нөхцөлийг хангаж, Бурханд хайрлагдсан, Бурханаар хүлээн авхуулсан хүмүүс болдог гэж тэд үздэг. Энэ бол ноцтой алдаа; энэ гурван зүйлтэй байна гэдэг нь ердөө жаахан хүн чанартай гэдгийг л илтгэдэг. Зүгээр л жаахан хүн чанартай байлаа гээд Бурханы сайшаалыг хүртэж чадах уу? Яавч үгүй; Бурхан Өөрөөс нь эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг сайшаадаг. Энэ гурван зүйл нь үнэн-бодит байдлын стандартад нийцдэггүй; эдгээр нь ердөө хөдөлмөрчид байх гурван стандарт юм. Дараа нь Би та нарт тодорхой ойлгуулахын тулд энэ гурван зүйлийг дэлгэрэнгүй нөхөрлөе. Эхний зүйл бол хүн чанар сайтай байх явдал юм. Мууг үйлдэхгүй, саад, үймээн учруулахгүй, Бурханы гэрийн ашиг сонирхолд хор хөнөөл учруулахгүй байх нь хангалттай бөгөөд энэ нь Бурханы санаа зорилгыг хангаж, зарчмын дагуу үйлдэж чадна гэсэн үг гэж тэд үздэг. Хоёр дахь зүйл бол “Бурханд үнэхээр итгэх” явдал юм. Тэдний хувьд “Бурханд үнэхээр итгэх” гэдэг нь Бурханы оршин тогтнолд, эсвэл Тэр бүхнийг захирдаг гэсэн баримтад хэзээ ч эргэлзэхгүй байх, хүний хувь заяа Бурханы гарт байдаг гэдэгт итгэх явдал бөгөөд ингэснээр Бурханыг эцсээ хүртэл дагаж чадна гэж тэд боддог. Бурханд үнэхээр итгэж байгаа л бол Түүний сайшаалыг хүртэнэ гэж тэд үздэг. Тиймээс Бурхан хэрхэн залж чиглүүлж, үйлдэх нь хамаагүй, эсвэл ямар ч асуудалтай тулгарсан тэд: “Зүгээр л Бурханыг хайрла, Бурханыг дага, Бурханд дуулгавартай бай” гэж хэлдэг. Тэдний асуудал шийдвэрлэх арга барил хэтэрхий энгийн; ийм ерөнхий үг ямар асуудал шийдвэрлэж чадах юм бэ? Гурав дахь зүйл бол Бурханд итгэхдээ аливааг орхиж чаддаг байх, мөн үүргээ гүйцэтгэхийн тулд бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг байх явдал юм. Тэд үүнийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Тэд Бурханд үнэхээр итгэдэг учраас чуулганы ажилд хэрэгцээ гарах үед, эсвэл Бурханы яаралтай санаа зорилгыг мэдрэх үедээ гэр бүл, гэрлэлт, ажил мэргэжлээ санаачилгатайгаар орхиж, ертөнцийн хэтийн ирээдүйгээ хойш тавьж, гуйвшгүй шийдэмгий байдлаар Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэж чаддаг бөгөөд хэзээ ч харамсдаггүй. Бурханы гэр тэдэнд ямар ч үүрэг зохицуулж өгсөн, бага идэж, бага унтах байсан ч хамаагүй тэд бэрхшээл туулж, төлөөс төлж чаддаг. Амьдралын нөхцөл хэчнээн хэцүү байсан ч, эсвэл бүр зарим таагүй орчинд ч тэд үүргээ цөхрөлтгүй гүйцэтгэж чаддаг. Энэ гурван зүйлээс гадна, үнэнтэй холбоотой бусад бүх талын хэрэгжүүлэлт тэдэнд хамаагүй мэт санагддаг. Тэд өөрсдөд нь сайн эсвэл зөв гэж санагдсаныг хийдэг. Бурханы хүнд хэлж өгсөн хэрэгжүүлэлтийн янз бүрийн зарчим, түүнчлэн Бурханы ил болгосон хүмүүсийн янз бүрийн завхарсан зан чанарын байдал, илрэл, мөн чанарын тухайд тэд бага зэрэг мэдэхэд, эсвэл огт мэдэхгүй байхад зүгээр гэж боддог; тэд өөрсдийн завхралыг шинжилж, дутагдлаа нөхөхийн тулд янз бүрийн зарчмыг тусгайлан, нарийвчлан хайх шаардлагагүй, эсвэл бусдын янз бүрийн туршлагын гэрчлэлээ нөхөрлөхийг сонсож, өөрийгөө өөрчлөх гэх мэтэд хүрэхийн тулд цуглаанд байнга оролцох шаардлагагүй гэж тэд боддог. Ийм маягаар Бурханд итгэх нь хэтэрхий төвөгтэй, шаардлагагүй гэж тэдэнд санагддаг. Тэд Бурханд итгэх итгэл болон зан чанарын өөрчлөлтийн талаарх өнгөц ойлголттойгоор, Бурханы ажлын талаарх янз бүрийн үзэл, төсөөлөлтэйгөөр Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэдэг. Энэ төрлийн хүн нэлээд төлөөлөлтэй биш үү? (Тийм.) Тэд өөрсдөдөө хамгийн үндсэн шаардлага тавьж, Бурханд итгэхдээ хамгийн үндсэн хандлага баримталдаг. Үүнээс гадна тэд үнэнийг, Бурханы шүүлт ба ил болголтыг, засалтыг, түүнчлэн хүмүүсийн янз бүрийн завхарсан зан чанар, янз бүрийн байдал, илрэл гэх мэтийг үл тоомсорлодог. Тэд эдгээр асуудлыг хэзээ ч дэнсэлж, тунгаан боддоггүй. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүс өөрсдийгөө хүн чанар сайтай, сайн хүмүүс, Бурханд үнэхээр итгэдэг гэж үздэг; хүмүүс завхарсан зан чанартай гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг ч Бурханы ил болгосон хүмүүсийн янз бүрийн завхарсан зан чанарын тодорхой байдал, илрэлийг хайхардаггүй бөгөөд эдгээр зүйлийг шинжлэхэд ямар ч хүчин чармайлт гаргадаггүй. Энэ нэг төрлийн хүн биш гэж үү? Энэ төрлийн хүний Бурханд итгэх итгэл дэх үзэл бодол, тодорхой илрэл нь нэлээд төлөөлөлтэй биш гэж үү? (Тийм.) Энэ хүмүүсийн Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл бодол, аврагдах талаарх ойлголт, хүмүүсийн янз бүрийн завхарсан зан чанарыг ил болгодог Бурханы үгэнд хандах хандлагыг нь бодолцон үзвэл энэ хүмүүсийг ямар ангилалд оруулах ёстой вэ? (Мунгинуу итгэлтэй, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс.) Энэ бол зөвхөн гаднах өнгөц байдал; энэ хүмүүсийг үнэндээ хэрхэн ангилах ёстой вэ? Чуулганд ийм хүмүүс олон байдаг уу? (Тийм.) Тодорхой асуудлыг хэлэлцэж, холбогдох үнэнийг нөхөрлөх бүрд тэд нойрмоглож, зүүрмэглэж эхэлдэг, эсвэл будилж, ямар ч сонирхолгүй болдог. Хэрвээ тэдэнд ямар нэг ажил, даалгавар оноовол тэд ханцуй шамлан орж, бэрхшээл, ядаргаанаас хойш суудаггүй. Хэрвээ Бурханд итгэх нь ийм төрлийн ажил хийхтэй адилхан байсан бол сайхан байх сан гэж тэд боддог—тэгвэл тэд урам зоригтой байх байсан. Бэрхшээл туулж, төлөөс төлж, ажилд хүчин чармайлт гаргах цаг ирэхэд тэд жинхэнэ чин сэтгэл гаргадаг. Гэхдээ энэ жинхэнэ чин сэтгэл, урам зориг нь үнэнч байхтай адилхан уу? Энэ нь үнэн-зарчмыг ойлгосны дараа хүнд байх ёстой илрэл мөн үү? (Үгүй.) Миний нөхөрлөлөөр дамжуулан энэ хүмүүсийг ямар ангилалд оруулах ёстойг та нар харж чадаж байна уу? (Хөдөлмөрчид.) Тийм ээ. Энэ хүмүүс бол хөдөлмөрчид бөгөөд хөдөлмөрчид Бурханд ингэж итгэдэг.

Бид антихристүүдийн уг чанар-мөн чанар болон янз бүрийн илрэл, түүнчлэн антихристийн зан чанартай боловч үнэндээ антихрист биш хүмүүсийн янз бүрийн илрэлийн талаар эхлээд нөхөрлөсөн. Одоо бид удирдагч, ажилчдын үүрэг хариуцлагад хөндөгдсөн янз бүрийн хүмүүсийн илрэлийн талаар нөхөрлөж байна. Хэдийгээр нөхөрлөсөн сэдвүүд антихристүүд болон хуурамч удирдагчдын тухай байсан ч зүйл бүрд хөндөгдсөн тодорхой асуудал, илрэл нь завхарсан хүн төрөлхтний завхарсан зан чанар, түүнчлэн завхарсан зан чанарын ноёрхол дор бий болдог янз бүрийн байдал, илрэлтэй холбоотой. Хэдийгээр хуурамч удирдагч, антихристүүд зөвхөн цөөнх боловч хуурамч удирдагч, антихристүүдийн зан чанар, түүнчлэн тэдний янз бүрийн байдал, илрэлүүд хүн бүрд өөр өөр хэмжээгээр оршдог. Одоо эдгээр асуудлыг ийм дэлгэрэнгүй нөхөрлөсөн тул үнэнийг эрэлхийлдэг хүмүүс дараа нь үнэнийг эрэлхийлэх, үнэнийг хэрэгжүүлэх, үнэн-зарчмыг ойлгох, үнэн-бодит байдалд орохдоо илүү их зам, чиглэлтэй, илүү тодорхой зорилготой болно. Энэ нь тэдний хувьд сайн хэрэг, баярлууштай зүйл юм. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд итгэх итгэлийнхээ шинэ үе шатыг эхлүүлж байна. Тэд цаашид дүрэм журам, шашны зан үйл, эсвэл бичиг үсэг, хоосон сургаал, уриа лоозон дор амьдрахаа болино. Оронд нь тэд хэрэгжүүлэлтийн илүү бодитой чиглэл, зорилготой, мэдээж дагах илүү тодорхой зарчимтай болно. Тодорхой нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэх, үүнд хамаатай үнэн-зарчим юу болох, эсвэл хүмүүст ямар байдал, завхрал байдаг, тэдгээрт хэрхэн хандах ёстой, түүнчлэн тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг хэрхэн эрж хайх вэ гэх мэт—антихристүүд болон хуурамч удирдагчдын талаар нөхөрлөсөн хоёр гол сэдэв нь эдгээр агуулгыг ихэвчлэн хөнддөг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн хувьд үнэнийг хэдий чинээ нарийвчлан нөхөрлөнө, тэд төдий чинээ хэрэгжүүлэлтийн замтай болно. Үнэнийг хэдий чинээ тодорхой нөхөрлөнө, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ саруул, тодорхой болж, тэд өөрсдийгөө төдий чинээ их мэдэж, ойлгож чадах бөгөөд дараа нь юунд орох ёстойгоо, ямар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйгээ төдий чинээ их ухамсарлана. Дөнгөж сая хөдөлмөрчид гэж дурдсан төрлийн хүмүүсийн тухайд, бид хүн төрөлхтний завхарсан зан чанараас үүдэлтэй янз бүрийн байдал болон шийдвэрлэх шаардлагатай завхралын янз бүрийн асуудлын талаар өргөн хүрээнд нөхөрлөсний дараа ч тэд сэтгэл нь хөдлөхгүй хэвээр үлддэг. Сэтгэл нь хөдлөхгүй хэвээр үлддэг гэж юу гэсэн үг вэ? Энэ нь тэд үнэнийг эрэлхийлэх явдал болон Бурханы ярьсан авралын замын талаар тодорхой мэдэхгүй, ухаарч чадахгүй хэвээр байдаг гэсэн үг юм. Илүү ноцтой нь, бодитой маш олон илрэл, асуудлын талаар нөхөрлөсний дараа ч тэд: “Би хүн чанар сайтай, би Бурханд үнэхээр итгэдэг, би Бурханд итгэхдээ аливааг орхиход бэлэн, би үүргээ гүйцэтгэхийн тулд төлөөс төлж, бэрхшээл туулахад бэлэн; энэ нь хангалттай” гэж бодсоор байдаг. Нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд өөрсдийгөө шинжилдэггүй, Бурханы үгтэй харьцуулж ч үздэггүй, харин зөвхөн өөрсдийн сайхан сэтгэл юм уу өөрсдөд нь байгаа жаахан мөс чанар, эрүүл ухаанд үндэслэн асуудлыг шийдвэрлэхээр оролддог. Мэдээж зарим хүн биеэ барих, тэвчээртэй байхад найдаж, ахин дахин тэвчдэг бол бусад нь ертөнцийн гүн ухаанд найдаж, том асуудлыг жижиг болгож, жижиг асуудлыг байхгүй болгодог. Тэдний эрэлхийлдэг зорилго бол энэ: “Бурханы ажил дуусах өдөр би чуулганд үүргээ гүйцэтгэсээр, зайлуулагдаагүй байвал тэр л хангалттай. Би өөрийнхөө талаар жинхэнээсээ ойлгодог эсэх, миний завхарсан зан чанар шийдвэрлэгдсэн эсэх, би Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг эсэх, Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн эсэх—эдгээр нь жижиг асуудал, дурдахын ч хэрэггүй. Чи бүх зүйл дээр сүр бадруулж, үнэнийг ийм дэлгэрэнгүй нөхөрлөж, хамгийн жижиг асуудлыг ч эцэс төгсгөлгүй нөхөрлөж, биднийг үргэлж ялган танихад хүргэдэг; би үнэний талаарх эдгээр нөхөрлөлийг зүгээр л сонсохыг хүсэхгүй байна, надад ямар ч сонирхол алга. Бурханы өдөр ирэх үед бид хаанчлал руу шууд орж чадвал ямар сайхан байх билээ!” Хүн бүрийн тэвчээрт хязгаар байдаг нь үнэн боловч ийм хүмүүсийн тэвчээр хязгааргүй байдаг. Яагаад? Яагаад гэвэл, тэд өөрсдийгөө хүн чанар сайтай, Бурханд үнэхээр итгэдэг, Бурханд итгэгчийн хувиар аливааг орхих чадвартай, үүргээ гүйцэтгэхийн тулд төлөөс төлж, бэрхшээл туулахад бэлэн гэж үздэг; ямар ч зүйлтэй тулгарсан тэд өөрсдийн гэсэн шийдэлтэй байдаг бөгөөд эцсийн эцэст үүргээ тууштай гүйцэтгэж, бат зогсож чаддаг. Гэсэн хэдий ч тэд үүргээ гүйцэтгэхдээ хэчнээн цөхрөлтгүй байдаг ч бай, эсвэл ямар арга замаар эцсээ хүртэл тэвчдэг ч бай, сэдэл нь ямар ч байдаг бай хамаагүй, нэг зүйл тодорхой байна: Тэд Бурханыг жинхэнээсээ дуулгавартай дагадаггүй бөгөөд өөрсдийн завхарсан зан чанарыг хэзээ ч ойлгодоггүй. Илүү оновчтой хэлбэл, энэ хүмүүс завхралтай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй, мөн Бурханы ил болгосон хүмүүсийн завхарсан зан чанараас үүдэлтэй янз бүрийн байдал, асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд хааяа өөрсдийгөө эдгээр байдал, асуудалтай тулгаж үзлээ ч гэсэн үүнд хүйтэн хандлагаар хандаж, “Хүн бүр адилхан завхарсан. Бүгдийн уг чанар-мөн чанар бол диавол, Сатаных; бид бүгд Бурханы дайснууд. Энэ бол хэний ч өөрчилж чадахгүй баримт. Гэхдээ хүн үүргээ цөхрөлтгүй гүйцэтгэж л байвал Бурхан тэднийг гарцаагүй сайшаана, эцсээ хүртэл цөхрөлтгүй байсан хүмүүс ялагчид болно” гэж хэлдэг. Тэдний үзэл бодлоос авч үзвэл тэд Бурханд итгэх итгэлдээ нэлээд эрч хүчтэй боловч туршлагын гэрчлэл хуваалцах тухайд таг дуугүй болж, ганц ч үг хэлж чаддаггүй. Цуглаан дээр үнэнийг нөхөрлөх цаг болоход тэд нойрмоглоод, ойлгож авч чаддаггүй. Хэрвээ чи тэднээс “Чи өдөр бүр үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулдаг вэ?” гэж асуувал тэд: “Чуулган надаар юу хийлгэхээр зохицуулна, би тэрийг л хийдэг. Үүнийг туулах шаардлагатай гэж үү?” гэдэг. Тэд ойлгохгүй байгаа мэт санагддаг. Хэрвээ чи дараа нь тэднээс “Чи ямар нэг завхрал харуулж байна уу? Чи өөрийгөө хэрхэн ойлгодог вэ?” гэж асуувал тэд: “Би зүгээр л Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрладаг; тэнд ямар асуудал байх билээ?” гэж хэлдэг. Тэдний бодол ийм энгийн. Тэдний үзэл бодол ийм байдаг: “Бурханд итгэх нь ийм л байх ёстой. Яагаад ийм олон жижиг сажиг асуудлыг тоох хэрэгтэй гэж? Та нар аливааг хэтэрхий төвөгтэй болгож байна!” Тиймээс тэд үүргээ гүйцэтгэж, даалгавар биелүүлэхдээ үнэн-зарчмыг хэзээ ч эрж хайдаггүй, харин сайн санаархал, урам зоригоор үйлддэг. Илүү оновчтой хэлбэл, тэд мөс чанар, эрүүл ухааны ноёрхол дор үйлдэж, “Би аль хэдийн асар их зовж, төлөөс төлсөн; би аль хэдийн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг маш их сэтгэл хангалуун болгосон; надаас илүү ихийг бүү шаард. Би байгаагаараа зүгээр, би сайн хүн, би Бурханд үнэхээр итгэдэг” гэж боддог. Мэдээж энэ хүмүүс өөрийн эрхгүй бухимдлаа гаргах үе байдаг бөгөөд тэр үед үнэн төрх нь ил болдог. Тэд олон бичиг үсэг, хоосон сургаал чалчиж чаддаг ч ямар ч бодитой биеийн хэмжээгүй байдаг; өөрөөр хэлбэл, тэдэнд амь байхгүй. Амьгүй байна гэдэг нь яг юуг хэлж байна вэ? (Тэдэнд үнэн байхгүй.) Үнэнгүй байх нь хэрхэн бий болдог вэ? (Тэд үнэнийг хайрладаггүй, эрэлхийлдэггүй.) Энэ нь тэд үнэнийг хайрладаг эсэх тухай ч биш; нарийн яривал тэд үнэнийг хүлээн авдаггүй. Зарим хүн: “Тэд үнэнийг хүлээн авдаггүй гэж Та яаж хэлж чадаж байна аа? Тэд үүргээ гүйцэтгэхийн тулд маш их бэрхшээл туулж, асар их төлөөс төлж, өдөр бүр үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл шаргуу ажилладаг; Та яаж тэднийг үнэнгүй гэж хэлж чадаж байна аа?” гэж хэлж магадгүй. Ингэж хэлэх нь тэднийг хэлмэгдүүлж байгаа хэрэг үү? Гэхдээ хэрвээ чи энэ хүмүүсийг харвал, зовж, төлөөс төлж байгаагийнх нь цаана тэдний хийдэг бүхэн үнэн-зарчмын цар хүрээн дотор байна уу? Тэд хийдэг бүхэндээ зарчмыг эрж хайдаг уу? Тэд Бурханаас эмээдэг сэтгэлээр Бурханы өмнө ирж, Бурханы үг болон Бурханы гэрийн шаарддаг зарчмын дагуу аливааг хийдэг үү? Үгүй; энэ нь бүгд хүний үйлдэл, хүний биеэ барих байдал юм. Тэд үнэнийг хүлээж авдаггүйн гол илрэл юу вэ? Тэд аливааг хийхээсээ өмнө хэзээ ч үнэнийг идэвхтэйгээр эрж хайдаггүй, үнэний зарчим юу болохыг хэзээ ч нухацтай тунгаан боддоггүй, дараа нь Бурханы үгийн дагуу чанд хэрэгжүүлдэггүй. Тэдэнд ийм бодол, хандлага байдаг уу? Бурханы ил болгосон хүн төрөлхтний завхарсан зан чанарын янз бүрийн илрэлд хандах тэдний хандлага ямар байдаг вэ? Тэд эдгээр үгийг хүлээн авдаг уу? Эдгээр үг бол баримт гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг үү? Эдгээр тодорхой илрэл нь завхрал харуулж байгаа хэрэг гэдгийг тэд хүлээн зөвшөөрдөг үү? Тэд гаднаа санал нийлэн толгой дохих юм уу хүлээн зөвшөөрч магадгүй ч зүрх сэтгэлдээ үүнийг хүлээн авдаггүй; тэд үл тоомсорлодог. Үл тоомсорлоно гэж юу гэсэн үг вэ? Тодорхой хэлбэл, энэ нь хүлээн авахгүй байх, тодорхой хандлагагүй байх, илэрхий эсэргүүцэж, зөрөхгүй байх, харин Бурханы хэлсэн эдгээр үгэнд хүйтэн хөндий хандлагаар хандахыг хэлнэ. “Хүйтэн хөндий хандлага” гэж хэлэх нь бага зэрэг хийсвэр байна; тодорхой хэлбэл, тэд “Хүмүүс биеэ тоосон, ов мэхтэй гэж Та хэлж байна, гэхдээ ов мэхгүй хэн байдаг юм бэ? Жаахан заль мэхгүй хэн байна? Хэн жаахан биеэ тоосон, ихэрхүү зан гаргадаггүй юм бэ? Сүртэй юу байгаа юм бэ? Хүн бэрхшээл туулж, төлөөс төлж чадаж л байвал тэгээд хангалттай” гэж боддог. Энэ нь хүлээн авахгүй байгаагийн тодорхой илрэл, хандлага биш гэж үү? (Тийм.) Энэ бол үнэнийг хүлээн авахгүй байгаа хэрэг. Бурханы шүүлт, ил болголтын үгэнд хандах тэдний хандлага бол үл тоомсорлох, хүлээн авахгүй байх явдал юм. Тэгвэл ах эгч нарын тэдэнд өгдөг үнэлгээ, сануулга, тэр ч бүү хэл завхарсан зан чанарынх нь талаар ах эгч нарын өгдөг зааварчилгаа, тусламжийн тухайд, тэд эдгээр зүйлийг хүлээн авч чадах уу? (Үгүй.) Тэгвэл Надад хэл дээ, тэдний тодорхой илрэл юу вэ? Яагаад тэд эдгээр зүйлийг хүлээн авч чаддаггүй вэ? Ингэж хэлэх нотолгоо чинь хаана байна? Жишээ нь, чи тэдэнд “Чи үүргээ ийм хайнга байдлаар гүйцэтгэж болохгүй; энэ бол хааш яаш хандаж байгаа хэрэг” гэж хэлэх үед тэдний ямар илрэл үнэнийг хүлээн авдаггүйг нь нотолдог вэ? (Тэд: “Би аль хэдийн зүрх сэтгэлээ зориулсан. Би аль хэдийн зовж, төлөөс төлсөн. Чи намайг хааш яаш хандаж байна гэж яаж хэлж чадаж байна аа?” гэнэ.) Энэ бол тэд өөрсдийгөө зөвтгөж байгаа хэрэг. Тэд заримдаа шалтаг тоочдог уу? Тэд зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрсөн ч гэсэн “Би хааш яаш хандсан л биз, тэгээд юу гэж? Бүтэлгүй өдрүүдгүй хэн байна вэ? Хэвийн сэтгэл хөдлөлгүй хэн байна вэ? Гэхдээ би хааш яаш хандсанаа хүлээн зөвшөөрч болохгүй; би үүнийг халхавчлах шалтаг олох хэрэгтэй. Би нэр нүүрээ барж болохгүй” гэж боддог. Тиймээс тэд үг мушгин өөрсдийгөө өмгөөлөх олон шалтгаан, шалтаг олж, хааш яаш хандаж байсан гэх баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, энэ тал дээрх өөрсдийн асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй, бусад хүний зааварчилгааг хүлээж авдаггүй. Энэ бол үнэнийг хүлээн авахгүй байгаагийн тодорхой илрэл юм. Бодитой нөхцөл байдалтай тулгараагүй үедээ тэд өөрсдийгөө “Бурханд үнэхээр итгэдэг, сайн хүн” гэж үздэг. Нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд үүнийг бамбай болгон ашиглаж чадахаа больдог ч өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлөх, асуудлыг булзааруулж, нэг тийш болгох хангалттай шалтгаан олсоор байдаг бөгөөд дараа нь өөрсдийгөө “хүн чанар сайтай, сайн хүн, Бурханд үнэхээр итгэдэг, аливааг орхих чадвартай, үүргээ гүйцэтгэхийн тулд бэрхшээл туулж, төлөөс төлөх чадвартай” гэж үзсээр байдаг. Нарийн яривал, ийм хүмүүсийн илрэл, мөн чанар нь хөдөлмөрчдийнх юм. Энэ бүлэг чуулганд нэлээд хувь эзэлдэг. Эзлэх хувь нь ямар байхаас үл хамааран, эцэст нь хэрвээ энэ хүмүүс үнэхээр зовж, төлөөс төлж, ямар нэг томоохон гэм буруу үйлдэлгүйгээр, Бурханы захиргааны зарлигийг зөрчихгүйгээр, эсвэл Бурханы зан чанарт халдахгүйгээр эцсээ хүртэл тэвчиж, цөхрөлтгүй байж чадвал тэд үнэнч хөдөлмөрчид, үлдэж болох хөдөлмөрчид юм. Энэ бол үлэмж их ерөөл! Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, Бурханы хүслийг дагаж, Бурханыг гэрчилж, эсвэл Бурханы үг болон ажлын гэрч болж чадахгүй—энэ ерөөлийг хүртэх нь аль хэдийн нэлээд сайн хэрэг. Үнэнийг эрэлхийлэхгүйгээр хүн юу олж авна гэж найдах юм бэ? Үнэнч хөдөлмөрчин байх нь аль хэдийн муугүй хэрэг. Зарим хүн: “Энэ хүмүүс Бурханы ардууд болох боломжтой юу?” гэж асуудаг. Боломжтой. Цорын ганц боломж нь, хэрвээ энэ хүмүүс аливааг орхиж, зовж чаддаг байхын үндсэн дээр үнэнийг хүлээн авч, өөрсдийн завхралыг хүлээн зөвшөөрч, үүнтэй зөвөөр нүүр тулж, дараа нь үүнийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж, хүний сайхан сэтгэл юм уу хүний биеэ барих явдал, тэвчээр, цөхрөлтгүй байдалд үндэслэн үйлдэх бус, харин үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж, ингэснээр эцэст нь зан чанарт нь зарим нэг өөрчлөлт гарч чадвал тэдэнд Бурханы ардууд болох зарим боломж бий. Гэсэн хэдий ч, хэрвээ тэдний үйлдэл, зан авир зан чанарын өөрчлөлттэй хамаагүй, үнэнийг хүлээн авах болон аврагдахтай хамаагүй байвал Бурханы ард болох боломж нь тэг байна; энэ бол баримт. Үнэнч хөдөлмөрчдөд хандах зарчим юу вэ? Энэ нь энэ хүмүүсийг сэрээхийн тулд хамгийн их хүчин чармайлт гаргах явдал юм. Тэднийг сэрээхийн зорилго юу вэ? Тэднийг хоосон мөрөөдөлд автахаас сэргийлэхийн тулд юм. Зарим хүн: “‘Хоосон мөрөөдөлд автах’ гэж юуг хэлж байна вэ?” гэж асууж магадгүй. Энэ нь хүмүүс өөрсдийгөө “хүн чанар сайтай, Бурханд үнэхээр итгэдэг, аливааг орхих чадвартай, төлөөс төлөх хүсэлтэй” гэж үзээд, Бурханаар авруулна гэж найдах явдал юм; гэхдээ энэ нь боломжгүй. “Хүн чанар сайтай, Бурханд үнэхээр итгэдэг, аливааг орхих чадвартай, төлөөс төлөх хүсэлтэй байх нь Бурханы авралыг хүртэхэд хүргэнэ” гэсэн үзэл бодлыг баримтлах нь буруу, тэнэг хэрэг гэдгийг тэдэнд тодорхой ойлгуулах ёстой. Ийм чанаруудтай байлаа гээд хүн завхарсан зан чанараа хаясан гэсэн үг биш, жаахан сайн зан авиртай байлаа гээд хүн аврагдаж чадна гэсэн үг биш, үнэнийг олж авсан гэсэн үг бүр ч биш бөгөөд тэдний үзэл бодол утгагүй, хөгийн, Бурханы илэрхийлсэн үнэнтэй зөрчилддөг, огт нийцдэггүй гэдгийг тэдэнд тодорхой ойлгуулах хэрэгтэй. Шашны үзлийг зөрүүдлэн баримталдаг энэ хүмүүст туслах ёстой; тэдэнд Бурханы үгийг уншиж өгч, үнэнийг нөхөрлө. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авч чадахгүй хэвээр байж, үнэнийг хэчнээн их нөхөрлөсөн ч гэгээрэхгүй, эрж хайх санаагүй хэвээр байвал тэднийг албадах шаардлагагүй. Тэд эцсээ хүртэл хөдөлмөрчний хувиар л үйлчилж чадна.

II. Бурханы хүмүүс

Үнэнч хөдөлмөрчдийн илрэлийг нөхөрлөсний дараа өөр нэг төрлийн хүмүүсийн илрэлийн талаар ярилцъя. Бүх төрлийн хүмүүсийн завхарсан зан чанарын талаарх Бурханы янз бүрийн ил болголт, шүүлтийг сонссоныхоо дараа энэ хүмүүс урьд нь харуулсан янз бүрийн завхарсан зан чанараа, мөн завхарсан зан чанарынх нь эрхшээл дор бий болдог Бурханд болон үнэнд хандах янз бүрийн хандлагаа үүнтэй харьцуулан илүү их боддог—тэд янз бүрийн илрэлээ эргэцүүлж, танин мэдэж, өөрсдийгөө Бурханы үгтэй тулган үзэж, үүрэгтээ хандах хандлагаа шинжилж, үүргээ гүйцэтгэх явцдаа болон Бурханы бүрдүүлсэн янз бүрийн хүмүүс, үйл явдал, зүйлсийн дунд илчилдэг янз бүрийн завхралаа шинжилдэг. Тэд Бурханы шүүлт, ил болголт, сахилгажуулалтыг хүлээн авахыг хичээхийн зэрэгцээ өөрсдийгөө нарийн ширийн зүйл бүрээр нь шинжилж, таньж мэддэг. Энэ хүмүүс хөдөлмөрчдөөс юугаараа дээр вэ? Тэд үнэн, Бурханы үг болон Бурханы ил болгосон завхарсан зан чанар бүрийг санаачилгатайгаар, эергээр хүлээн авч чаддаг. Хэдийгээр заримдаа тэд сөрөг болж, зайлсхийж, тэр ч бүү хэл бууж өгөх талаар бодож магадгүй ч юу ч боллоо гэсэн үнэнийг хүлээн авахад өөрсдийгөө хүчлэх эрмэлзэлтэй хэвээр байдаг. Энэ ямар эрмэлзэл вэ? Энэ нь: “Бурханы үг хүмүүсийг өөрчилж чадна. Хүн үнэнийг хүлээн авч байгаа цагт энэ бүх асуудал, завхарсан зан чанарыг шийдвэрлэж чадна, тэгээд хүн аврагдаж чадна. Хэрвээ би аврагдахыг хүсвэл Бурханы ажилтай хамтран ажиллаж, үнэнийг хүлээн авах ёстой” гэсэн эрмэлзэл юм. Жишээ нь, үнэнч шударга хүн байх тухай үнэнийг сонсоод зарим хүн өөрийгөө эргэцүүлж эхэлдэг бөгөөд өөрсдийнхөө гаргадаг ов мэхтэй байдал, заль, түүнчлэн дотуур тамиртай, хорон муу талуудаа илүү тодорхой хардаг. Тэд зүрх сэтгэл юм уу санаанд нь үлдсэн өнгөрсөн үеийн худал хуурмаг, хуурч мэхлэх арга замаа эргэн санадаг бөгөөд энэ нь киноны хэсэг шиг оюун санаанд нь ахин дахин тоглогдож, тэднийг улам их ичээж, шаналгаж, гуниглуулдаг. Тасралтгүй өөрийгөө шинжилж, өөрийгөө эргэцүүлснийхээ дараа тэдэнд гэмт хэрэгтэн шиг санагдаж, тэр даруй бүх бие нь хөшөөд, босож чаддаггүй. Тэдэнд өөрсдөө сайн хүн биш, харин ёрын муу хүн гэж санагддаг бөгөөд Бурханыг шууд эсэргүүцээгүй нь азтай хэрэг, үнэхээр аюулаас арай гэж мултарлаа гэж боддог! Тэгээд тэд сэрж эхлэн, хүн гэдэг утгаараа ингэж бүтэлгүйтэхийг хүсдэггүй бөгөөд “Би шинээр эхэлж, үнэнч шударга хүн байх ёстой, үгүй бол Бурханаар авруулж чадахгүй. Аврагдахын тулд би үнэнч шударга хүн байх ёстой. Би одоо яавч бууж өгч болохгүй!” гэсэн шийдвэр гаргадаг. Энэ хүмүүс үнэнийг эрт хүлээн авсан уу, хожуу хүлээн авсан уу гэдэг нь хамаагүй, Бурханы үгийг гүн гүнзгий ухамсарласан уу, өнгөц ухамсарласан уу гэдэг нь хамаагүй, Бурханы үгэнд хандах тэдний хандлага басамжилсан хандлага биш, зэвүүцсэн юм уу эсэргүүцсэн хандлага бүр ч биш. Харин ч тэд Бурханы үгийг идэвхтэй хүлээн зөвшөөрч, хүлээн авдаг бөгөөд дараа нь хэрэгжүүлэхэд үргэлж бэлэн байдаг. Тэд үйлдэл хийх юм уу үүргээ гүйцэтгэхдээ Бурханы үгээс зарчим эрж хайхыг бүх чадлаараа хичээдэг бөгөөд дараа нь ухамсартайгаар эдгээр зарчмын дагуу үйлддэг. Заримдаа тэд тодорхой зарчмыг олж чадахгүй, эсвэл чиглэлийг ухаарч чадахгүй байлаа ч гэсэн тэдний санаа зорилго нь үүргээ сайн гүйцэтгэх, Бурханы санаа зорилгын дагуу, үнэн-зарчимтай нийцүүлэн гүйцэтгэх явдал байдаг. Энэ хүмүүсийн хүн чанар болон хөдөлмөрчдийн хүн чанар ихэнхдээ адилхан; дээд доод, эсвэл эрхэмсэг, дорд гэсэн ялгаа байхгүй. Мэдээж энэ төрлийн хүмүүсийн дундаас олон хүн өөрсдийгөө “сайн хүн чанартай, Бурханд үнэхээр итгэдэг, Бурханд итгэгчийн хувиар орхих чадвартай, үүргээ гүйцэтгэхийн тулд төлөөс төлж, бэрхшээл туулах хүсэлтэй” гэж үздэг. Гэхдээ энэ хүмүүс болон хөдөлмөрчдийн хооронд ямар ялгаа байдаг вэ? Хүмүүсийг шүүж, ил болгосон Бурханы үгийг сонссоны дараа тэдний хандлага нь үл тоомсорлох, зайлсхийх биш, харин идэвхтэйгээр, чин сэтгэлээсээ хүлээн авах явдал байдаг. Эдгээр үгийг сонссоныхоо дараа тэд шаналж, сэтгэлээр унадаг, тэр ч бүү хэл өөрсдийнхөө харуулсан завхралд уурсаж бухимдсанаа илэрхийлдэг ч гэсэн, эцсийн эцэст тэдгээртэй зөв нүүр тулж, идэвхтэй хүлээн авч, санаачилгатайгаар хэрэгжүүлж, орж чаддаг. Энэ бас нэг төрлийн хүн биш гэж үү? (Мөн.) Энэ хүмүүс тодорхой хэмжээнд төлөөлөгч мөн биз дээ? (Тийм ээ.) Ийм хүмүүс олон байдаг уу? (Олон биш.) Одоогоор олон биш байгаа ч тоо нь өсөх найдвар бий. Тэгвэл энэ хүмүүсийг ямар ангилалд оруулах ёстой вэ? Эдгээр тодорхой илрэл нь энэ хүмүүс үнэнийг хайрладаг, үнэнийг хүлээн авч чаддаг гэдгийг илтгэж чадах уу? (Тийм ээ.) Чадна. Хэдийгээр ухамсарлах чадвар муутай зарим хүн үнэнийг арай удаан хүлээн авдаг ч зүрх сэтгэлийн гүндээ үнэнийг хүлээн авдаг бөгөөд үнэн рүү идэвхтэй орох сэтгэлгээтэй байдаг. Хэн нэгэн үнэн-зарчимд нийцсэн шинэ гэрэл юм уу хэрэгжүүлэлтийн замыг нөхөрлөх бүрд тэдний нүд нь гэрэлтэж, зүрх сэтгэл нь цэлмэж, баяр хөөртэй болж, “Эцэст нь хэн нэгэн энэ гэрлийг нөхөрлөлөө. Энэ бол надад дутагдаж байгаа зүйл” гэж боддог. Тэд өөрсдөд нь юу дутагдаж байгааг үргэлж ухаарч, өөрсдөд нь зайлшгүй хэрэгтэй, дутагдаж байгаа гэрэл, гэгээрлийг олж авч, ах эгч нарынхаа нөхөрлөсөн жинхэнэ туршлагын ойлголтоос өөрсдөдөө хэрэгтэй үнэн-зарчмыг олж чаддаг. Эдгээр тодорхой илрэлд үндэслэн үзвэл тэдний зүрх сэтгэл үнэнийг хүсэмжилдэг биш үү? (Тийм.) Хэрвээ бид энэ хүмүүсийг үнэнийг хайрладаг гэж хэлбэл энэ мэдэгдэл тийм ч объектив юм уу оновчтой биш. Гэвч тодорхой илрэлд нь үндэслэн үзвэл энэ хүмүүс үнэнийг үнэхээр хүсэмжилдэг. Ингэж хүсэмжлэх нь хаанаас гардаг вэ? Энэ нь завхарсан зан чанараа шийдвэрлэх найдвар, амь-оролтод нь тулгардаг янз бүрийн асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх найдвар, үнэний тал дээр ахиц дэвшил гаргаж, гүнзгийрүүлэх найдвар, түүнчлэн зарчмын дагуу үнэхээр үйлдэж, замтайгаар хэрэгжүүлж, завхарсан зан чанарынхаа илчлэлээс завхарсан зан чанарынх нь мөн чанар юу болох, түүнийг хэрхэн шийдвэрлэж, хаяхыг илүү оновчтой таньж мэдэж чаддаг болох найдвараас гардаг. Хэдийгээр энэ хүмүүс байр суурийн төлөө өрсөлдөх, зөрүүдлэн өөрийнхөөрөө зүтгэх, өөрийгөө зөвтгөх, биеэ тоох, ов мэх гаргах, тэр ч бүү хэл гөжүүдлэх гэх мэт завхарсан зан чанар дотор ихэвчлэн амьдардаг ч Бурханы үгийг тасралтгүй идэж, ууж, Бурханы ажлыг туулснаар эдгээр илэрхий асуудал аажмаар шинжлэгдэж, тодорхойлогддог. Тэгээд тэд эдгээрийг асуудал, завхарсан зан чанарын илчлэл, үнэнд нийцэхгүй, Бурханы үзэн яддаг зүйл гэдгийг таньж мэднэ. Завхарсан зан чанараа мэддэг болсныхоо дараа тэд үүнийг шийдвэрлэж, хаяхыг бүр ч их хүсэмжилдэг. Энэ бол үнэнийг хүсэмжлэх тэдний эх сурвалжийн нэг юм. Өөрөөр хэлбэл, тэдэнд завхарсан зан чанараа шийдвэрлэх хэрэгцээ, завхарсан зан чанараа хаях яаралтай сэтгэлгээ байдаг. Үүний зэрэгцээ, ямар төрлийн завхарсан зан чанар харуулснаа олж мэдсэн ч, эсвэл ямар нэг асуудал, бэрхшээлтэй тулгарсан ч тэд Бурханы үгээс оновчтой хариулт олж, Бурхан хүнээс юу шаарддагийг, тэдгээрийг шийдвэрлэхэд ямар үнэн, Бурханы ямар үгийг ашиглах ёстойг ойлгохыг илүү их эрмэлздэг. Үнэнийг хүсэмжлэх тэдний тодорхой илрэл болон эх сурвалж нь эдгээр юм. Энэ объектив мэдэгдэл үү? (Тийм ээ.) Энэ хүмүүсийг үнэнийг хайрладаг гэж хэлж болохгүй. Хэрвээ тэд үнэнийг хайрладаг байсан бол маш санаачилгатай байх байсан бөгөөд янз бүрийн илрэл нь илүү эерэг байх байсан. Гэвч энэ хүмүүсийн янз бүрийн илрэл болон бодит биеийн хэмжээнд үндэслэн үзвэл тэд үнэнийг хайрлах хэмжээнд хүрээгүй, зүгээр л үнэнийг хүсэмжилдэг. Энэ мэдэгдэл аль хэдийн нэлээд объектив юм. Тэгвэл энэ хүмүүсийн янз бүрийн илрэлийг хараад тэднийг ямар ангилалд оруулах ёстой вэ? Оновчтой хэлбэл, энэ хүмүүс Бурханы ардууд гэдэг ангилалд хамаарна. Энэ нотолгоо үндэслэлтэй. Ямар үндэслэл вэ? Энэ хүмүүсийн завхарсан зан чанар бусдынхтай адилхан. Хүн чанарын хувьд тэдний хүн чанарыг сайн гэж хэлж болохгүй, Бурханы нүдэнд тэд төгс гэж ч хэлж болохгүй; тэдний ихэнх нь дундаж хүн чанартай. Энд “дундаж” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тодорхой түвшний мөс чанар, эрүүл ухаантай байна гэсэн үг. Гэхдээ энэ нь хамгийн чухал тал биш. Юу хамгийн чухал вэ? Хамгийн чухал нь тэд Бурханы үг болон Бурханы шаардлагыг сонссоныхоо дараа, Бурханы үгээр ил болсон бүх төрлийн хүмүүсийн завхарсан зан чанарын тухай сонссоныхоо дараа тоомжиргүй ханддаггүй, харин сэтгэл нь хөдөлж, үйлдэл хийнэ. Үйлдэл хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы эдгээр үг болон эдгээр үнэнийг сонссоныхоо дараа тэд цаашид завхарсан зан чанар дотор амьдарч, өмнөх амьдралын хэв маягаа үргэлжлүүлэх хүсэлгүй болдог гэсэн үг. Харин тэд өмнө нь найдаж байсан янз бүрийн бодол, үзэл бодол, оршин тогтнох арга зам, амьдралын хэв маягаа өөрчлөхийг хичээдэг. Үүний зэрэгцээ тэд үүргээ гүйцэтгэхдээ болон Бурханы зохион байгуулсан янз бүрийн нөхцөл байдалд болчимгүй, дураараа байхын оронд Бурханы үгийг хэрэгжүүлэлтийн үндэс, зарчим болгон ашиглаж, идэвхтэйгээр үнэнийг эрж хайдаг. Хүн чанар, хэв чанар болон Бурханы үг, Бурханы ажил, Бурханы шаардлагад хандах хандлага, үзэл бодлоос нь харахад энэ хүмүүс бол чухамдаа Бурханы аврахаар зорьдог хүмүүс юм. Тэдэнд хөдөлмөрчдийг бодвол завхарсан зан чанараа хаяж, аврагдах найдвар илүү их бий. Үнэнийг хүлээн авч, завхарсан зан чанараа хаяж, аврагдаж чадах хүмүүс л Бурханы ардууд гэж тооцогддог. Энэ тодорхойлолт нэлээд тохиромжтой биш гэж үү? (Тийм ээ.) Энэ хамгийн тохиромжтой. Аврагдана гэдэг нь зүгээр л үлдэж чадахын тулд бага зэрэг хүчин чармайлт гаргаж, бага зэрэг төлөөс төлөөд, бүх зүйл шийдэгдэнэ гэсэн үг биш. Аврагдаж чадах хүмүүсийн байр суурь юу вэ? Энэ нь Бурханы үг, ажлыг хүлээн авч, туулснаар завхарсан зан чанараа шийдвэрлүүлдэг байр суурь юм. Энэ үйл явцад тэд Бурханыг мэдэж авч, өөрсдийн завхарсан зан чанарыг ойлгож, Бурханы үгийн талаар жинхэнэ, бодитой туршлагатай болж, улмаар Бурханд гэрчлэл хийж чаддаг—тэд Бурханд гэрчлэл хийж чаддаг. Тэд Бурханы ямар талуудад гэрчлэл хийдэг вэ? Тэд Бурханы санаа зорилго, Бурханы зан чанар, Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Бурханы ялгамж чанар, мөн Бурхан бол Бүтээгч гэдгийг гэрчилдэг. Энэ бол авралд хүрсний дараа хүнээс харагддаг зүйл юм. Хүмүүс аврагдсаныхаа дараа яагаад ийм үр дүнд хүрч чаддаг вэ? Тэд өөрсдийгөө “сайн хүн чанартай, Бурханд үнэхээр итгэдэг, Бурханд итгэгчийн хувиар орхих чадвартай, үүргээ гүйцэтгэхийн тулд төлөөс төлөх хүсэлтэй” гэж үздэг учраас үүнд хүрдэг юм биш. Цорын ганц шалтгаан—хамгийн чухал зүйл бол—тэд Бурханы үгийг өөрсдийн амь болгон хүлээн авч чаддаг, завхарсан зан чанараа хаяхын тулд үнэнийг хэрэгжүүлж чаддаг, анхны, хуучин амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзлээ хойш тавьж, Бурханы үгийг шинэ амь болгон авч чаддаг. Тэд биеэ авч явах, аливааг хийх, Бурханыг дагах, Бурханд дуулгавартай байх, Бурханыг сэтгэл хангалуун байлгахдаа Бурханы үгийг үндэс болгон ашигладаг. Энэ бол ийм хүмүүст хүрч болох үр дүн юм. Авралд хүрэхэд хамгийн чухал тал нь юу вэ? (Үнэнийг хүлээн авч чаддаг байх.) Зөв. Үнэнийг хүлээн авч чаддаг байх нь гол түлхүүр юм.

Зарим хүн: “Хэрвээ би эцсээ хүртэл өөрийгөө Бурханы төлөө зарлагадвал Бурхан намайг асар их ерөөх үү?” гэдэг. Хэрвээ чи үнэнийг хүлээж авдаггүй ч эцсээ хүртэл Бурханыг цөхрөлтгүй дагаж, эцсээ хүртэл хөдөлмөрлөж чадвал, мөн энэ хугацаанд ямар ч ноцтой гэм буруу үйлдэхгүй, Бурханы зан чанарт халдахгүй бол ийм нөхцөлд Бурхан чамайг үлдэж болох үнэнч хөдөлмөрчин гэж үзнэ. Зарим хүн: “Үлдэх нь ямар төрлийн ерөөл вэ?” гэж асуудаг. Энэ бол багахан ерөөл биш! Хэрвээ боломж, бололцоо байвал чи Бурханы үнэн төрхийг харж магадгүй бөгөөд энэ нь дараагийн эрин үед Бурхан юу хийхээс шалтгаална. Хэрвээ үлдэж, дахиад хэдэн арван жил амьдрах боломж олдвол тэр ерөөл нэлээд чухал юм. Энэ ерөөл хэрхэн бий болдог вэ? Энэ нь “Би сайн хүн чанартай, Бурханд үнэхээр итгэдэг, би орхиж чадна, үүргээ гүйцэтгэхийн тулд төлөөс төлөх хүсэлтэй, бэрхшээл туулж чадна” гэсэн үзэл бодлыг баримтлангаа үнэнчээр хөдөлмөрлөснөөр бий болдог. Хөдөлмөрчид хэрхэн сэтгэл хангалуун байхаа мэдэх ёстой биш үү? (Тийм ээ.) Тэд энэ ерөөлийг хүртсэндээ сэтгэл хангалуун байх ёстой. Чи Бурханы үгийг ч хүлээж авдаггүй хэр нь энэ хугацаанд оргож зугталгүй, Бурханы зан чанарт халдалгүй, Түүний захиргааны зарлигийг зөрчилгүй, ноцтой гэм буруу үйлдэлгүйгээр эцсээ хүртэл үнэнч байж, хөдөлмөрлөх чадварыг чинь Бурхан хардаг учраас чамд энэ ерөөл, нигүүлслийг хайрладаг—хүн төрөлхтнийг бүтээснээс хойш энэ бол зөвхөн үнэнчээр хөдөлмөрлөсөн ч авралд хүрээгүй завхарсан хүмүүст Бурханы өгдөг хамгийн агуу бэлэг юм. Чи зүгээр л бага зэрэг хүчин чармайлт гаргасан, Бурханы үгийг ч хүлээж авдаггүй хэр нь ийм агуу ерөөл хүртэж чадна гэдэг бол аль хэдийн нэлээд сайн хэрэг; энэ бол Бурханы асар их нигүүлсэл юм. Өөр нэг ангилал бол бидний дөнгөж сая ярьсан Бурханы ардууд юм. Бурханы ард түмний хүртдэг ерөөл хөдөлмөрчдийнхөөс гарцаагүй илүү агуу. Тэгвэл Бурханы ард түмний ерөөл юу вэ? Мэдээж энэ нь зүгээр л үлдэж чадах, эсвэл Бурханы үнэн төрхийг харж чаддаг байх шиг энгийн зүйл биш. Үүнээс хавьгүй олон ерөөл бий боловч бид энд хэлэлцэхгүй. Тэрийг ярих нь бодитой биш, тэгээд ч Би та нарт хэллээ гэхэд та нар яг одоо ойлгохгүй, эсвэл тэдгээрийг хүртэхгүй. Бурханы ардууд бол Бурханы аврахаар зорьдог хүмүүс бөгөөд бүх хүн төрөлхтний дундаас хамгийн агуу ерөөлийг хүртдэг; энэ нь огтхон ч хэтрүүлэг биш. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, Бурханы ажилд, хүн төрөлхтнийг аврах Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ажилд Бурханы ардууд Бурханы үгийг хүлээн авч чадсанаар, Бурханы үгийг үнэн болон өөрсдийнх нь оршин тогтнолын зарчим гэж үзэж чадсанаар, мөн Бурханы үгийг өөрсдийн амь болгосноор Сатаны завхарсан зан чанарыг хаяж, Бурханы үгийг амьдран харуулж, Бурханд хүчтэй, цангинасан гэрчлэл хийсэн. Тэд амьдран харуулж буй зүйл болон амиа ашиглан Сатанд хариу цохилт өгч, Сатаныг шившиглэж чаддаг, хүн төрөлхтний дунд Бурханд гэрчлэл хийж чаддаг, ингэснээрээ Бурханд алдар суу авчирдаг. Тиймээс Бурханы ардууд бол Бурханы аврахаар зорьж буй хүмүүс, аврал хүртдэг хүмүүс юм. Зарим хүн: “Энэ хүмүүс Бурханы үгийг амиа болгож, Бурханы үгийг амьдран харуулж, Бурханд гэрчлэл хийж чаддаг юм чинь тэд Бурханы хайртай хөвгүүд, Бурханыг баярлуулдаг хүмүүс биш гэж үү?” гэдэг. Чи хэтэрхий их бодож байна; Бурханы ардуудын нэг байх нь хангалттай сайн хэрэг. Хэрвээ Бурхан чамайг Өөрийн хүү, Өөрийн хүүхэд, эсвэл Өөрийн хайртай хүү гэж дуудвал энэ нь Бурханы хэрэг, гэхдээ чи хэдийд ч өөрийгөө Бурханы хайртай хүү, Бурханы хүү, эсвэл Бурханы хонгор гэж хэлэх ёсгүй. Өөрийнхөө талаар ийм зүйл бүү ярь, өөрийгөө тэгж бүү үз; чи бол бүтээгдсэн зүйл—энэ нь зөв юм. Нэг л өдөр чи Бурханы ард түмний дунд дуудагдсан ч гэсэн, эсвэл аврагдах замд хэдийнээ орсон ч гэсэн чи зүгээр л бүтээгдсэн зүйл хэвээрээ. Хэрвээ чи ингэж боддог бол энэ нь чиний явж байгаа зам зөв гэдгийг нотолж байна. Хэрвээ чи үргэлж Бурханы хайртай хүү байхыг, Бурханаар хайрлуулахыг, Бурханд таалагдахыг эрж хайдаг бол чиний явж байгаа зам буруу байна; энэ зам мухардалд хүргэх бөгөөд чи ийм хоосон мөрөөдөл тээх ёсгүй. Бурхан ийм үг хэлж байсан эсэх, эсвэл хүмүүст ийм амлалт өгч байсан эсэхээс үл хамааран чи өөрийгөө ингэж үзэх ёсгүй; энэ нь чиний хүрэхийг хичээх ёстой зүйл биш. Бурханы ард түмний нэг байх нь аль хэдийн хангалттай сайн хэрэг; Бурханы ардууд бүтээгдсэн зүйлийн хувьд аль хэдийн стандартад нийцсэн—харамсалтай нь чи хараахан тэдний нэг болоогүй. Тиймээс тэр тодорхойгүй, хуурмаг, хоосон зүйлсийг бүү эрэлхийл. Аврагдахаар эрэлхийлж чадна гэдэг нь тодорхой хэмжээнд аврагдах замд хэдийнээ орсон гэсэн үг юм. Бурханы ард түмний үндсэн шинж чанар нь тэд үнэнийг хүлээн авч чаддаг, үнэнийг хайрладгаа харуулдаг явдал юм. Бурханы ажлыг туулж, авралыг эрэлхийлэх явцад тэдний завхарсан зан чанар, хуучин бодол, завхарсан зан чанартай нь холбоотой янз бүрийн сөрөг байдал, илрэлүүд өөр өөр хэмжээнд шийдвэрлэгдэж, хаягдаж, өөрчлөгдөж чаддаг. Тэгээд тэд үнэнч шударга хүн, үнэн-зарчмыг ойлгодог хүн, үнэнч зан болон дуулгавартай байдалтай хүн, Бурханаас эмээж, муугаас зайлж чаддаг хүн байх Бурханы шаардлагыг амьдран харуулж чадна. Стандартад нийцсэн, шалгуур хангасан Бурханы ард түмний нэг хэрхэн байх тухайд бид энд дэлгэрэнгүй ярихгүй; энэ нь бидний өнөөдрийн нөхөрлөлийн сэдэв биш.

III. Хөлсний ажилчид

Хөдөлмөрчид болон Бурханы ардуудаас гадна өөр нэг ангиллын хүмүүс байдаг бөгөөд тэд Бурханы сонгосон хүмүүсийн дундаас хамгийн өрөвдөлтэй нь юм. Бурханы илэрхийлсэн янз бүрийн үнэн болон хүн төрөлхтнийг ил болгосон Түүний янз бүрийн үгийг сонссоны дараа тэдний зан авир, амьдран харуулж буй зүйл, эрэлхийлэлд нь ямар ч өөрчлөлт гардаггүй. Чи тэдэнтэй үнэний талаар яаж ч нөхөрлөсөн тэд тоомжиргүй хэвээр байдаг: “Би өөрчлөгдөхийг хүсэхгүй байна. Би хүссэнээрээ амьдарна, хэн ч намайг хянаж чадахгүй. Та нар хүссэнээ хий, надад хамаагүй! Одоо би ааш муутай байна, тиймээс та нарын хэн нь ч намайг өдөж болохгүй. Хэрвээ өдвөл би эелдэг хандахгүй шүү!” Тэд “би сайн хүн чанартай, Бурханд үнэхээр итгэдэг, би орхиж чадна, бэрхшээл туулж, төлөөс төлөх хүсэлтэй” гэсэн тодорхой хандлага юм уу үзэл бодлоор өөрсдийгөө хардаггүй, харин ах эгч нарын дунд илүү тодорхой хандлага гаргадаг. Энэ ямар хандлага вэ? Энэ нь: “Би хүссэнээрээ авирлаж, хүссэнээ хийнэ. Хэн ч намайг үнэнийг хүлээж ав гэж шахах ёсгүй, хэн ч намайг өөрчлөхөөр оролдох ёсгүй. Намайг үнэнийг хүлээж ав гэж шахахыг оролдсон хэн боловч зүгээр л гай дуудаж байгаа хэрэг, хэрвээ хэн нэгэн намайг засахаар оролдвол би амь хайрлалгүй тэмцэнэ!” гэсэн хандлага юм. Тэд Бурханы хэлсэн нэг ч өгүүлбэрийг, Бурханы хийдэг ямар ч ажлыг өчүүхэн төдий ч сонирхдоггүй. Мэдээж хүмүүсийн завхарсан зан чанар, аливааг хийх зарчим, түүнчлэн хүмүүсийн Бурханд хандах ёстой хандлага, хүмүүс хоорондын харилцаанд баримтлах ёстой зарчмын тухайд—эдгээрийг ах эгч нар цуглааны үеэр юм уу үүргээ гүйцэтгэж байхдаа дурдах үед—тэд басамжилсан хандлагаар ханддаг. Зарим хүн үүрэг гүйцэтгэдэг ч Бурханы гэрээс шаарддаг зарчмыг огт тоодоггүй, өөрсдийнхөө төлөвлөснөөр л хийдэг. Чамайг тэдэнтэй зарчмын талаар нөхөрлөж дуусмагц тэд нүүрэн дээр чинь зөвшөөрдөг ч дараа нь эргэж хараад болчимгүй, дураараа авирлаж эхлэн, чөтгөрлөг талаа харуулдаг. Бас гаднаа дажгүй хүн шиг харагддаг ч ярьж хөөрөх үед үзэл бодол нь буруу, өнгө аяс нь буруу, хамгийн ноцтой нь зан чанар нь буруу байдаг тул ярилцахын аргагүй хүмүүс ч байдаг. Чамайг тэднээс “Ертөнцөд Бурхан оршдог уу?” гэж асуухад тэд: “Мэдэхгүй” гэж хэлдэг. Чамайг “Үүнийг ингэж хийх ёстой, энэ бол Бурханы санаа зорилго” гэхэд тэд: “Чи намайг тааламжгүй гэж бодож байна уу? Чи надад гай болох гээд байна уу? Чи намайг хөөх гэж оролдож байна уу?” гэж хариулдаг. Чамайг “Ингэж авирлах нь үзэл тарааж, сөрөг байдлаа илэрхийлж байгаа хэрэг, энэ нь зарим шинэ итгэгчийг бүдрүүлэхэд хүргэж болзошгүй. Бид Бурханы гэрийн дүрэм журмыг мөрдөх ёстой, мөн хүмүүс хоорондын харилцаа, холбоонд баримтлах ёстой зарчмыг тодорхой ойлгох ёстой. Хэрвээ хэлж, хийж байгаа зүйл бусдыг босгон байгуулж, тусалж чадахгүй бол ядаж л бусдад сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй. Энэ бол хэвийн хүн чанартай хүнд байх ёстой эрүүл ухаан юм” гэхэд тэд: “Надад хэвийн хүн чанарын талаар ярьж, дүрэм журмын талаар сургамжлаад чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Би сөрөг байдлаа гаргахад юу нь буруу байна? Шинэ итгэгч бүдрэх бүрд нэг ч гэсэн шинэ итгэгч цөөрнө—тэднийг харж уур хүрэхгүй амар л биз!” гэж хэлдэг. Тэдэнтэй дүрэм журмын талаар ярих нь дэмий хэрэг, хүн чанарын талаар ярилцах ч ялгаагүй. Үнэнийг нөхөрлөх, Бурханы үгийг нөхөрлөх тухайд ямар вэ? Тэд Бурханы үгийн нөхөрлөлийг ч бас сонсдоггүй. Хэн ч тэднийг шүүмжилж зүрхэлдэггүй, хэн ч тэдэнд төвөг удаж, өдөж зүрхэлдэггүй. Чуулганд ийм хүмүүс байдаг уу? (Байдаг.) Чуулганаас зайлуулагдсан хүмүүсийн дунд ийм хүмүүс үнэхээр байдаг. Энэ хүмүүс хөдөлмөрчид үү, Бурханы ард уу, эсвэл юу вэ? (Тэд таягдан хаягдсан хүмүүс.) Тэд яагаад таягдан хаягдсан бэ? (Үнэнийг хүлээж аваагүй учраас; үнэнийг зэвүүцдэг байсан учраас.) Энэ бол асуудлын мөн чанар юм. Тэгвэл тэд яагаад үнэнийг хүлээж авдаггүй вэ? Тэд яагаад үнэнийг зэвүүцдэг вэ? Үндсэн шалтгаан нь юу вэ? (Энэ хүмүүсийн мөн чанар үл итгэгчдийнх.) Зөв, тэдний мөн чанар үл итгэгчдийнх. Чуулганд цөөнгүй үл итгэгч байдаг ч бүх үл итгэгч ийм байдаг уу? (Үгүй.) Хүний хамгийн наад захын ёс суртахуунгүй, хүмүүжилгүй энэ хүмүүс зүгээр л үл итгэгч учраас таягдан хаягддаг уу? Тэд яагаад таягдан хаягддаг вэ? Угтаа энэ нь хүн чанарын асуудал юм; энэ хүмүүс муу, хорлонтой хүн чанартай. Нарийн яривал, тэд хүн чанаргүй. Нэгэнт тэд хүн чанаргүй тул юу юм бэ? Тэд бол чөтгөрлөг уг чанартай хүмүүс юм. Чөтгөрлөг уг чанартай хүмүүс адгуустай харьцуулахад ямар вэ? Миний бодлоор тэд адгууснаас ч дор; зарим адгуус дуулгавартай байж, буруу зүйл хийхээс зайлсхийж чаддаг. Жишээ нь, нохой нэлээд сайн байж чаддаг; зарим нохой үнэхээр сайн тэжээвэр амьтан болж, хүнтэй гойд сайн таарч тохирдог! Тэд онцгой дуулгавартай, ухаалаг, хүний хэлсэн бүхнийг ойлгодог, гэрт тэжээхэд тохиромжтой байдаг. Ийм нохой дуулгаваргүй хүмүүсээс хавьгүй дээр. Сайн нохойноос ч дор олон хүн бий. Тэгвэл тэд хүн хэвээр гэж үү? Үгүй, тэд хүн биш; тэд хүн-бус. Олон хүн хүний хэл ойлгодоггүй; тэдэнтэй ярилцах боломжгүй. Үнэнийг яаж ч нөхөрлөсөн тэд хүлээж авдаггүй, засуулах үедээ гомдоллодог, таягдан хаягдах үедээ хараал урсган хилэгнэж, хэчнээн олон жил итгэсэн ч ямар ч өөрчлөлт харуулдаггүй. Ийм хүмүүсийг Бурханы гэрт байлгасаар байж болох уу? (Үгүй.) Тэднийг байлгаж болохгүй. Ийм хүмүүсийг ямар ангилалд оруулах ёстой вэ? Юуны өмнө, энэ хүмүүсийг Бурханы сонгосон хүмүүсийн ангилалд оруулах ёстой юу? (Үгүй.) Хэрвээ тэд Бурханы сонгосон хүмүүсийн дунд байхгүй бол тэднийг ямар ангилалд оруулах ёстой вэ? Бурханы сонгосон хүмүүсийн дунд байхгүй гэдгийг хэрхэн тайлбарлах ёстой вэ? Тэдний харуулж, амьдран харуулж буй хүн чанарын өнцгөөс харвал энэ нь зүгээр нэг үл итгэгч байх асуудал биш; тэдний мөн чанар хүн биш гэсэн үг. Үл итгэгчид олон байдаг—тэд бүгд энэ хүмүүс шиг муу, хорлонтой юу? Үгүй. Шүтлэггүй хүмүүсийн дунд ч гэсэн хүн бүр тийм муу биш; зарим хүн ёс суртахууны хамгийн наад захын стандарттай байдаг. Тэгвэл энэ хүмүүс ямар вэ? Тэдэнд шүтлэггүй хүмүүст байдаг хамгийн наад захын ёс суртахуун, хүмүүжил ч байдаггүй; тодруулж хэлбэл, тэдний илчлэл болон амьдран харуулдаг зүйл нь хүний ёс суртахууны стандартад нийцдэггүй. Энэ хүмүүсийн мөн чанар бол чөтгөрлөг байдал юм. Тэгвэл мөн чанарынх нь өнцгөөс харвал Бурхан тэднийг авардаг уу? (Үгүй.) Бурхан тэднийг авардаггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл тэдний хүн чанар муу, хорлонтой, чөтгөрлөг уг чанартай, тиймээс тэд үнэнд зэвүүцэж, үнэнийг эсэргүүцдэг. Үнэндээ ингэж хэлэх нь тэднийг дөвийлгөж байгаа хэрэг; нарийн яривал, энэ хүмүүс эерэг зүйлсийг зэвүүцэж, үзэн яддаг бөгөөд үнэнд зэвүүцэж, үнэнийг хүлээж авахгүй байх түвшинд хүрдэггүй. Тэд хамгийн наад захын эерэг зүйлсийг ч зэвүүцэж, үзэн ядаж, эсэргүүцдэг; хэвийн хүн чанартай хүний дагах ёстой дүрэм журам болон тэдэнд байх ёстой хүмүүжил нь бүгд тэдний зэвүүцлийг төрүүлдэг зүйлс юм. Тэд үнэнийг хүлээж авч чадах уу? (Тэд үнэнийг хүлээн авахаас хол дутна.) Зөв, тэд үнэнийг хүлээн авахаас хол дутна; тэд бүр хөдөлмөрчид ч биш. Зарим хүн: “Тэд хөдөлмөрчид ч биш юм бол Бурханы гэрт юу гэж тооцогддог вэ? Тэд яаж Бурханы гэрт орсон юм бэ?” гэдэг. Хэрвээ бид тэднийг тайлбарлаж, ямар нэг ангилалд оруулах болбол, нарийн яривал энэ хүмүүс шүтлэггүй хүмүүсийн дундаас авчирсан хөлсний ажилчид юм уу түр ажилчидтай адилхан. Үүний утга нь тодорхой байна уу? Энэ бол тэдний ангилал, мөн Бурханы гэрт гүйцэтгэдэг үүрэг роль нь юм. Тэд хөдөлмөрчид ч биш; Би тэднийг хөдөлмөрчид гэж үздэггүй, тэд зохисгүй! Хөдөлмөрчид сайн хүн чанартай, Бурханд үнэхээр итгэдэг, төлөөс төлөх хүсэлтэй, бэрхшээл туулах чадвартай зэрэг шинж чанартай байдаг бөгөөд эдгээр зүйлийг амьдран харуулдаг. Энэ хүмүүст ийм шинж чанар ч байхгүй тул тэднийг хөлсний ажилчид гэж ангилах нь аль хэдийн дээд зэргийн сайхан сэтгэл харуулж, маш эелдэг хандаж байгаа хэрэг юм. Хөлсний ажилчин юм уу түр ажилчин байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь тодорхой хугацааны онцгой хэрэгцээ шаардлагаас болж Бурханы гэр аврагдахтай ямар ч хамаагүй зарим хүнийг элсүүлж, тодорхой ажил гүйцэтгүүлдэг гэсэн үг. Эдгээр ажил дууссаны дараа энэ хүмүүсийн үнэн төрх илчлэгддэг. Бурханы сонгосон хүмүүс тэдэнтэй харилцсанаас болж хангалттай зовж, тэвчихийн аргагүй болтлоо тэднээс залхаж, тэдний талаар хангалттай ялган таних чадвартай болсон байдаг. Ийм нөхцөлд энэ хүмүүсийг зайлуулах ёстой; энэ бол ийм арга хэмжээ авахад хамгийн тохиромжтой цаг үе юм. Энэ хүмүүс хаанаас гарч ирснийг дөнгөж сая тодорхой тайлбарласан уу? (Тийм ээ.) Тэд аврагдахтай ямар ч холбоогүй хөлсний ажилчид, тэднийг чуулганы ажлын онцгой үед авчирсан юм. Энэ хүмүүс хэсэг хугацаанд ойр зуурын ажил хийж, үйлчлэл үзүүлснийхээ дараа Бурханы гэрт болчимгүй муу үйл хийж, олон тооны саад, үймээн учруулдаг. Тэд эсрэг талын дүрд тоглодог. Тэд Сатан болон диаволуудын үнэн төрхийг бүрэн тусгаж, чуулганы ажлыг үймүүлж, чуулганы амьдралын дэг журмыг устгадаг. Илүү тодорхой хэлбэл, энэ хүмүүс Бурханы гэрийн ашиг сонирхлыг ихээхэн хохироодог, жишээ нь Бурханы гэрийн тоног төхөөрөмж, машин механизм, үнэт зүйлс гэх мэтийг их сүйтгэдэг гэж хэлж болно. Энэ хүмүүсийн үйлдэл, зан авир нь олон нийтийн уурыг хүргэсэн гэж хэлж болно. Мэдээж тэд бас илүү олон хүнд сургамж авч, ялган таних чадвартай болж, диавол гэж юу болох, хүн чанаргүй байна гэж юу болохыг мэдэж авч, үл итгэгчдийн үнэн төрхийг тодорхой харах боломж олгосон; тэд хүмүүст үл итгэгчдийн бодол санаа, үзэл бодол юу болох, тэд юуг эрэлхийлдэг, зүрх сэтгэлийнхээ гүнд юуг эрмэлздэг, Бурхан болон үнэнд ямар хандлага өвөрлөдөг, үүрэгтээ болон эерэг зүйлсэд ямар хандлага өвөрлөдөг, тэр ч бүү хэл Бурханы гэрээс гаргасан тодорхой дүрэм журамд энэ хүмүүс ямар хандлага өвөрлөдөг гэх мэтийг илүү тодорхой, илүү бодитоор харах боломж олгосон. Ийм тодорхой болох үед энэ хүмүүс хүн чанараа хэрхэн амьдран харуулдаг, тэдний хүн чанар-мөн чанар, юуг эрэлхийлдэг нь бүгд бүрэн ил болдог. Тэгэхээр энэ хүмүүсийг чуулганд байлгах нь илүүц санагдана; энэ нь Бурханы сонгосон хүмүүст асар их хор хөнөөл учруулж, тэдэнд огт ашиг тусгүй байх болно. Энэ бол тэдний явах цаг юм. Тэгвэл Бурханы гэр тэдэнд үнэнийг хүлээн авч, Бурханыг шүтэн мөргөх хангалттай цаг хугацаа, боломж олгосон гэж хэлбэл энэ үг зөв үү? (Үгүй.) Тэгвэл үүнийг хэрхэн хэлэх ёстой вэ? Бурханы гэр тэдэнд буцаж эргэх хангалттай боломж, хангалттай цаг хугацаа олгосон боловч эцсийн үр дүн нь нэг баримтыг илчилдэг: Диавол хэзээд диавол байдаг бөгөөд хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй. Энэ бол баримт. Агуу улаан луугаар Бурханы байр суурь, ялгамж чанарыг хүлээн зөвшөөрүүлэх боломжтой юу? Чөтгөрлөг уг чанартай энэ хүмүүсийг өөрчилж, зарим дүрэм журмыг дагуулна гэдэг нь бүтэх зүйл үү? (Үгүй.) Тэд үүнийг хийж чадахгүй. Тэдэнд боломж олгож байгаа нь тэднийг үнэнийг хүлээн авч, Бурханы хийсэн ажлыг хүлээн зөвшөөрч, эсвэл үнэн-зарчмын дагуу үйлддэг болгохын төлөө биш, харин тэдэнд буцаж эргэх боломж өгөхийн төлөө байдаг. Хэрвээ тэдэнд буцаж эргэсэн өчүүхэн төдий ч шинж тэмдэг байсан бол эцсийн төгсгөл нь өөрчлөгдөж магадгүй байсан. Гэвч энэ хүмүүс өөрсдөд нь юу сайн болохыг мэддэггүй; тэдний чөтгөрлөг уг чанар хэзээд тийм л байна. Тэдэнд хэчнээн их цаг хугацаа, хэчнээн олон боломж олгосон ч тэдний амьдран харуулж буй зүйл болон мөн чанар нь өөрчлөгдөхгүй; энэ бол баримт. Тиймээс энэ хүмүүсийг зохицуулах эцсийн арга зам бол үүргээс нь чөлөөлж, чуулганаас явуулж, Бурханы гэртэй цаашид ямар ч холбоо сүлбээгүй, харилцаагүй болгох явдал юм. Тэднийг явуулахдаа дургүйцэж, өрөвдөн, “Энэ хүмүүс одоо ч залуухан байна; хугацаа өгвөл тэд мундаг болно доо. Тэд ийм сайн хэв чанартай, ийм их билиг авьяас, чадвартай—үнэнийг хүлээж авч чаддаг байсан бол хэчнээн сайхан байх билээ! Хэрвээ Бурханы гэр илүү их хайраар хандаж, тэвчиж, гэмших илүү их боломж олгож чадвал тэднийг нас нэмэх үед эцсийн үр дүн магадгүй өөр байх байсан” гэж хэлэх хүмүүс байдаг уу? Ямар төрлийн хүмүүс ингэж боддог вэ? (Мунгинасан хүмүүс, будилсан хүмүүс.) Зөв. Тэд бүгд мунгинасан, будилсан хүмүүс—зүгээр л адгийн шаарнууд! Бурхан ийм хүмүүсийг авардаггүй, Бурханы гэр тэднийг үлдээдэггүй—тэдний юуг нь өрөвдөх юм бэ? Бурхан ийм хүмүүсийг аврахгүй гэж хэлж байхад чи тэдэнд гэмших боломж олгохыг санал болгодог. Чи хүмүүсийг аварч чадах уу? Энэ нь Бурханыг сөрж байгаа хэрэг биш үү? Чи бусдад өөрийгөө Бурханаас илүү хайр энэрэлтэй гэж бодуулах гээд байна уу? Чи үнэн-бодит байдалтай юу? Чи хүний мөн чанарыг нэвт харж чадах уу? Хүмүүсийг хэн аварч чадах вэ, Бурхан уу, эсвэл чи юу? Бурханыг сөрж зүрхлэх нь дэндүү биеэ тоосон, өөрийгөө зөвтгөсөн, эрүүл ухаангүй хэрэг биш үү? Энэ асар их тэрслүү явдал биш үү? Энэ нь Сатан болон муу ёрын сүнснүүд дахин төрж, Бурханыг сөрөхдөө үргэлж баярлаж байгаа хэрэг биш үү? Дөнгөж сая дурдсан үл итгэгчид бол адгууснаас дор юм. Тэдэнд үнэнийг яаж ч нөхөрлөсөн бай, ямар ч нэмэргүй; тэднийг засах нь ч дэмий хэрэг. Тэд Сатаны уг чанартай бөгөөд хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж хэлж болно. Хэрвээ хэн нэгэн хүн Сатаны төрлийн тэр хүмүүст гэмших боломж олгохыг хүсвэл өөрөө тэр хүмүүсийг тэжээг; тэдэнд үнэхээр хайр байгаа эсэхийг харцгаая. Үнэнийг огт хүлээж авдаггүй тэр үл итгэгчид бол чуулган дахь хамгийн муу хүмүүс; тэд бүгд адгуус шиг, эрүүл ухаангүй, аврагдаж чадахгүй. Өнгөрсөн үед ч, одоо ч чуулган тэдэнд хамгийн тохиромжтой хандаж ирсэн; чуулган тэдэнд асар их тэвчээр, хүлээцтэй байдал үзүүлж, хангалттай боломж олгосон. Гэвч одоог хүртэл тэд огт өөрчлөгдөөгүй, харин ч улам дордсон. Эхэндээ, энэ хүмүүс үзэл, төсөөлөл, ерөөл хүртэх хүсэлтэйгээр Бурханд итгэхээр ирэхдээ биеэ бага зэрэг барьж, үүргээ бага зэрэг урам зориг, зүтгэлтэйгээр гүйцэтгэж чаддаг. Гэвч эцэст нь тэд “Бурханд итгэх гэдэг нь үнэнийг эрэлхийлж, Бурханы ажлыг мэдэж, Бурханыг дуулгавартай дагах явдал, тэгээд л тэр” гэдгийг харах үед Бурхан болон үнэнд хандах хандлага, мөн үнэн төрх нь бүрэн ил болдог. Юу ил болдог вэ? Тэд хүн чанар, мөс чанар, эрүүл ухаангүйгээр үл барам, туйлын харгис, хорон муу, зэрлэг балмад байдаг. Тэд Бурхан болон үнэнийг басамжилдаг, тэр ч бүү хэл Бурханы гэрийн шаардлага, дүрэм журамд—мөн Бурханы захиргааны зарлигт—дайсагнаж, эсэргүүцсэн хандлагаар ханддаг. Тэдний эдгээр илрэл нь Бурханы сонгосон хүмүүсийн тэдэнд хандах зэвүүцэл, жигшлийг улам нэмэгдүүлж, мөн Бурханы гэрийн тэднийг цэвэрлэх хурдыг түргэсгэж, эцэст нь тэдний үлдэх эсвэл явахыг хурдан тодорхойлж, төгсгөл, хувь заяаг нь шийддэг. Тэд төгсгөл, хувь заяагаа өөрсдөө дуудсан, хэн нэгний өдөөн хатгалга, турхиралтаас болж, эсвэл хэн нэгэн энэ хүмүүсийг албадаж, уруу татсанаас болж энэ нь бий болоогүй, мэдээж объектив нөхцөл байдлаас болж бий болоогүй; тэдний төгсгөл, хувь заяа өөрсдөөс нь болсон, өөрсдийнх нь сонголтоос үүдэн бий болсон бөгөөд уг чанар-мөн чанар болон явсан замаар нь тодорхойлогдсон. Энэ хүмүүсийн төгсгөл, хувь заяа тогтоогдсон; тэднийг үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн эгнээнээс зайлуулмагц тэд хөдөлмөрчид ч байхаа болино. Тэд ямар хувь заяатай байхыг та нар төсөөлж байгаа байх—тэд зохисгүй учраас энд дурдахын ч хэрэггүй.

Илчлэгдэж, таягдан хаягддаг төрлийн хүмүүсийн тухайд, тэдний өдөр тутмын амьдралдаа гаргадаг янз бүрийн ёрын муу үйлийн илрэл, хорлонтой үг, яриа нь харахад илэрхий байдаг. Гэтэл зарим удирдагч, ажилчин энэ ёрын муу хүмүүсийг үнэндээ хэн болохыг ялган таних юм уу уг чанар-мөн чанарыг нь нэвт харж чаддаггүй. Эдгээр удирдагч, ажилчин тэднийг ёрын муу хүмүүс, үл итгэгчид гэдгийг мэддэггүй юм шиг санагддаг тул тэднийг чуулганаас цэвэрлэх, эсвэл зохих ёсоор шийдвэрлэх ямар ч төлөвлөгөөгүй байдаг. Энэ бол удирдагч, ажилчдын хувьд үүрэг хариуцлагаа ноцтой цалгардуулсан хэрэг юм. Чөтгөрлөг уг чанартай энэ хүмүүс Бурханы гэрийн ямар ч дүрэм журмыг мөрдөхгүй, улангасан гүйж, чуулганы ажлыг болон чуулганы амьдралын дэг журмыг дураараа үймүүлж, хорлон сүйтгэж байхад тэд нүдээ бүлтийлгэн харж суудаг; тэр ч бүү хэл энэ хүмүүс үүргээ гүйцэтгэх нэрийдлээр зоригтой, болчимгүй үйлдэж, хууль бус авирлаж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироож байхад тэднийг өөгшүүлдэг. Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироох нь олон зүйлийг хамардаг: Бурханы гэрийн техник хэрэгсэл, янз бүрийн тоног төхөөрөмжийг эвдэх, албан тасалгааны төрөл бүрийн хэрэгсэл, хангамжийг сүйтгэх, тэр ч бүү хэл Бурханы өргөлийг хүссэнээрээ үрэн таран хийх гэх мэт. Илүү ноцтой нь, тэд янз бүрийн тэрс үзэл, төөрөгдлийг дураараа тарааж, Бурханы сонгосон хүмүүсийг үүргээ тайван гүйцэтгэж чадахгүй болтол нь үймүүлдэг бөгөөд сул дорой, сөрөг хүмүүс үүргээ орхиж, Бурханыг дагах итгэлээ алдахад хүргэхүйц үймээн тарьдаг. Энэ ёрын муу хүмүүс энэ бүх муу зүйлийг хийж, чуулганы ажлыг үймүүлж, саад болдог, ах эгч нарыг хорлодог энэ бүх ёрын муу үйлийг үйлддэг атал удирдагч, ажилчид нүдэн балай, чихэн дүлий өнгөрдөг; зарим нь бүр: “Би мэдээгүй, хэн ч надад хэлээгүй!” гэдэг. Тэр бүлэг адгуус, диаволууд чуулганд үймээн дэгдээж, эмх замбараагүй байдал үүсгэж байхад удирдагч, ажилчид энэ талаар огт мэдээлэлгүй, мэдэхгүй байдаг! Тэд өөдгүй амьтад биш гэж үү? Тэдний зүрх сэтгэл хаана байна вэ? Тэд юу хийж байна вэ? Тэд зүгээр л дэмий чалчиж байгаа биш үү? Тэд зүй зохистой ажлаа цалгардуулахгүй байна гэж үү? Ийм хуурамч удирдагчид ажил дээрээ байгаа өдөр бүр нь бүх төрлийн ёрын муу хүмүүс чуулганыг болчимгүйгээр үймүүлж, Бурханы сонгосон хүмүүсийг хорлох өөр нэг өдөр болдог. Хуурамч удирдагчид хариуцлагаа биелүүлдэггүйгээс л болж тэр бүлэг адгуус өдөржин зүгээр сэлгүүцэж, ямар ч үүрэг гүйцэтгэхгүй, ямар ч дүрэм журам дагахгүй, Бурханы гэрийг шулж, Бурханы гэрийн янз бүрийн материаллаг ашиг тус, халамжийг чөлөөтэй эдэлдэг—тэд бүр чуулганы ажлыг санаатайгаар үймүүлж, Бурханы гэрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг эвддэг. Тэд ингэж авирладаг мөртөө Бурханы гэрт тааваараа амьдарч, хүссэнээ хийхээр санаархдаг ба хэн ч тэдэнд төвөг удаж, өдөөн хатгах ёсгүй байдаг. Энэ бол үнэхээр ноцтой асуудал атал удирдагч, ажилчид үүнийг үл тоомсорлож, бусад хүн үүнийг мэдээлэхэд ч шийдвэрлэдэггүй—тэд бодитой ажил хийдэггүй хог шаарнууд биш гэж үү? Энэ нь хариуцлагаа ноцтой цалгардуулсан хэрэг биш үү? (Мөн.) Зарим хүн: “Би өөр ажилтай завгүй байсан болохоор асуудлыг шийдвэрлээгүй. Би зүгээр л амжаагүй!” гэж хэлдэг. Энэ үг үндэслэлтэй юу? Хэрвээ чи ийм ноцтой асуудлыг шийдвэрлэхгүй юм бол юундаа тэгтлээ завгүй байгаа юм бэ? Чиний завгүй хийгээд байгаа тэр хэрэг явдал үнэ цэнтэй юу? Чи ажлаа эрэмбэлж чадах уу? Чи ажилдаа хэчнээн завгүй байсан ч асуудлыг шийдвэрлэх нь эн тэргүүнд тавигдах ёстой биш үү? Чуулганы ажилд саад болж, үймүүлдэг янз бүрийн хүмүүсийг даруй ойлгож, шийдвэрлэх нь удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Хэрвээ чи бодитой асуудлыг хойш тавьж, өөр хэрэг явдлаар завгүй байгаа бол бодитой ажил хийж байна уу? Хэрвээ чи асуудал олж илрүүлбэл, эсвэл хэн нэгэн чамд асуудлыг мэдээлбэл чи хийж байгаа ажлаа хойш тавьж, тэр даруй газар дээр нь очиж, асуудлын эх сурвалж юу болохыг харах ёстой. Хэрвээ ямар нэг ёрын муу хүн чуулганы ажилд саад болж, үймүүлж байгаа бол эхлээд энэ ёрын муу хүнийг цэвэрлэх ёстой. Түүний дараа бусад асуудлыг шийдвэрлэхэд амархан байх болно. Хэрвээ чи асуудал олж илрүүлсэн ч хэтэрхий завгүй байна гэж шалтаглаад асуудлыг засахгүй бол үнэн хэрэгтээ чи зүгээр л торонд байгаа хэрэм шиг хий дэмий гүйж байгаа хэрэг биш үү? Ер нь чи юундаа тэгтлээ завгүй байгаа юм бэ? Энэ бодитой ажил мөн үү? Чи үүнийг тодорхой тайлбарлаж чадах уу? Чиний шалтгаан, шалтаг үндэслэлтэй юу? Яагаад чи асуудал шийдвэрлэхийг чухал биш гэж үздэг юм бэ? Яагаад асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхгүй байна вэ? Яагаад шалтаг тоочиж, бултаж, хэтэрхий завгүй байгаа тул зохицуулж чадахгүй гэж хэлдэг юм бэ? Энэ нь хариуцлагагүй байгаа хэрэг биш үү? Чуулганы удирдагчийн хувьд асуудал шийдвэрлэхийг эн тэргүүнд тавихгүй, янз бүрийн жижиг сажиг хэрэг явдалд сатаарч, ноцтой асуудал байгааг таньж мэдэхгүй, ажил дээрээ чухал, яаралтайг нь ялгаж, гол зүйлийг ухаарч чадахгүй байх нь—гойд муу хэв чанарын илрэл бөгөөд ийм хүн бол мунгинасан хүн юм. Чи хэдэн жил удирдагч байсан нь хамаагүй, чуулганы ажлыг сайн гүйцэтгэж чаддаггүй. Чи хариуцлагаа хүлээгээд, огцрох ёстой. Хэрвээ удирдагч хэтэрхий муу хэв чанартай бол ямар ч сургалт нэмэргүй; тэд гарцаагүй ямар ч ажлыг гүйцэлдүүлж чадахгүй—тэд бол хуурамч удирдагч бөгөөд тэднийг чөлөөлж, үүргийг нь тохируулах ёстой. Хуурамч удирдагчид ажиллаж байх үед ямар үр дагавар гардаг вэ? Объектив байдлаар хэлбэл, хуурамч удирдагчдын хийдэг бүхэн чуулганд олон талаар хохирол учруулдаг. Нэгдүгээрт, чуулганы мөн чанарын ажил сайн хийгдэлгүй, чуулганы янз бүрийн ажлын үр дүнд шууд саад болдог. Үүний зэрэгцээ энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг хохироож, нөлөөлдөг. Хамгийн чухал нь, энэ нь хаанчлалын сайн мэдээ түгэхэд нөлөөлдөг. Эдгээр үр дагавар бүгд хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүйтэй шууд холбоотой. Илүү тодорхой хэлбэл, энэ бүхэн нь хуурамч удирдагчид бодитой ажил хийдэггүйгээс үүдэлтэй. Хэрвээ бусад удирдагч, ажилчид зарим бодитой ажлыг идэвхтэй хийж, асуудал шийдвэрлэх хурдаа нэмж, хугацааг нь богиносгож чадвал хуурамч удирдагчдын Бурханы гэрт учруулсан янз бүрийн хохирол тодорхой хэмжээнд багасах бус уу? Ядаж л багасах боломжтой. Бурханы гэр чамаас асуудлыг гарч ирэнгүүт нь нэн даруй шийдвэрлэхийг шаарддаггүй байлаа ч гэсэн хамгийн наад зах нь асуудлыг мэдээлмэгц чи тэр даруй шийдвэрлэж эхлэх ёстой: Ах эгч нараас нөхцөл байдлыг лавлаж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бусад удирдагч, ажилчидтай хэлэлцэж, нөхөрлө. Хэрвээ асуудал ноцтой бөгөөд чи хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байгаа бол дээшээ цаг алдалгүй мэдээлж, шийдэл эрж хайх ёстой. Энэ бол бүх удирдагч, ажилчны хийх ёстой зүйл юм. Гэвч одоогийн асуудал гэвэл, эдгээр удирдагч, ажилчин асуудлыг шийдвэрлэж чадахгүй байлаа ч гэсэн дээшээ мэдээлдэггүй. Тэд чадваргүй байдал, хэтэрхий муу хэв чанар, бодитой ажил хийх чадваргүйгээ илчлэхээс эмээсэндээ дээш нь мэдээлэхээс маш их айдаг; тэд чөлөөлөгдөх вий гэж санаа зовдог. Тэгсэн хэр нь тэд санаачилга гарган ажилладаггүй; тэд дүйнгэ, хөшүүн, үйлдэл хийхдээ удаан байдаг. Асуудлыг шийдвэрлэх замгүйгээр тэд зүгээр л аргацааж, хэтэрхий олон шийдвэрлэгдээгүй асуудал хуримтлагдахад хүргэж, улмаар ёрын муу хүмүүст боломж олгодог. Энэ үед хуурамч удирдагчид ямар ч хэрэггүй амьтад болохыг хараад тэр ёрын муу хүмүүс болон амбицтай хүмүүс боломжийг ашиглан дураараа ёрын муу үйл хийж, чуулганыг эмх замбараагүй, дэг журамгүй байдалд автуулж, ажлыг бүх талаар саатуулдаг. Хэдийгээр хуурамч удирдагчид үндсэн хариуцлагыг үүрэх ёстой ч бусад удирдагч, ажилчид ч бас хариуцлагаа биелүүлээгүй. Энэ нь удирдагч, ажилчид үүрэг хариуцлагаа ноцтой цалгардуулсан хэрэг биш үү? Үнэндээ чуулганд гардаг ихэнх асуудал ёрын муу хүмүүс болон үл итгэгчдийн учруулсан үймээнтэй шууд холбоотой байдаг. Хэрвээ удирдагч, ажилчид асуудлын уг үндсийг цаг тухайд нь олж тогтоож чадахгүй, асуудал үүсгэж байгаа гол буруутнуудыг олж чадахгүй, үргэлж өөр газраас шалтгаан хайвал асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадахгүй бөгөөд ирээдүйд асуудал гарч ирсээр байх болно. Хэрвээ үймээн дэгдээгчид юм уу хөшигний ард асуудал үүсгэдэг хүмүүсийг барьж, шууд хариуцлага тооцвол асуудлыг шийдвэрлэх энэ арга барил хамгийн үр дүнтэй байдаг. Хамгийн наад зах нь, тэр үл итгэгчид болон ёрын муу хүмүүс үргэлжлүүлэн улангасан гүйж, саад тотгор, үймээн учруулж зүрхлэхгүй байхыг энэ нь баталгаажуулдаг. Энэ нь удирдагч, ажилчдын хийх ёстой зүйл биш гэж үү? (Мөн.) Чуулганы асуудал олширч, цаг тухайдаа шийдвэрлэгдэхгүй байгаагийн гол шалтгаан нь удирдагч, ажилчдын хариуцлагагүй байдлаас, эсвэл хуурамч удирдагчид үнэн-бодит байдалгүй, бодитой ажил хийж чаддаггүйгээс болдог гэж баттай хэлж болно. Хэрвээ удирдагч, ажилчид чуулганд гардаг янз бүрийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол албан тушаалд нь хамаатай ажлыг гүйцэтгэж чадахгүй нь лавтай. Энд тодорхой ойлгох ёстой хэд хэдэн нөхцөл байдал, шалтгаан бий: Хэрвээ удирдагч, ажилчид туршлагагүй шинэ хүмүүс бол тэдэнд тэвчээртэйгээр тусалж, асуудал шийдвэрлэхэд нь чиглүүлэх ёстой бөгөөд асуудал шийдвэрлэх явцдаа тэд зарим зүйлийг сурч, үнэн-зарчмыг ухамсарлана. Ийм маягаар тэд аажмаар асуудал шийдвэрлэж сурна. Хэрвээ удирдагч, ажилчид зөв хүмүүс биш, үнэнийг хүлээн авахаас эрс татгалздаг, харин ч асуудлыг шийдвэрлэхдээ шүтлэггүй хүмүүсийн үзэл бодол, арга барилыг ашигладаг бол энэ нь үнэн-зарчимд нийцэхгүй. Ийм хүмүүс удирдагч, ажилчин байхад тохирохгүй бөгөөд тэднийг цаг алдалгүй чөлөөлж, таягдан хаях ёстой; дараа нь тохиромжтой удирдагч, ажилчдыг сонгохын тулд дахин сонгууль явуулах ёстой. Зөвхөн ийм аргаар л асуудлыг бүрэн шийдвэрлэж чадна. Чуулганы удирдагч байх амар ажил биш бөгөөд зарим асуудлыг зохицуулж чадахгүй байх нь гарцаагүй. Гэвч хэрвээ хүн эрүүл ухаантай бол өөрийнхөө шийдвэрлэж чадахгүй асуудалтай тулгарах үедээ асуудлыг нууж, эсвэл дарж, үл тоомсорлох ёсгүй. Харин үнэнийг ойлгодог хэд хэдэн хүнтэй зөвлөлдөж, хамтдаа шийдэл олох ёстой, энэ нь асуудлын дал, наян хувийг шийдвэрлэж, ядаж л томоохон асуудал үүсэхээс түр зуур сэргийлж магадгүй. Энэ нь боломжийн арга зам юм. Хэрвээ асуудлыг үнэхээр шийдвэрлэж чадахгүй бол Дээрхээс шийдэл эрж хайх ёстой, энэ бол ухаалаг сонголт. Хэрвээ чи нэр нүүрээ алдахаас айсандаа, эсвэл чадваргүйгээсээ болж Дээрхээр засуулахаас айсандаа асуудлыг нуун дарагдуулж, мэдээлдэггүй бол энэ нь тэр чигтээ идэвхгүй байгаа хэрэг. Хэрвээ чи хөшүүн, дүйнгэ тэнэг хүн шиг авирлаж, яахаа мэдэхгүй байвал энэ нь хэрэг явдлыг хойшлуулах болно. Ийм нөхцөл байдал нь ёрын муу хүмүүс болон антихристүүдэд амархан боломж олгож, эмх замбараагүй байдлыг далимдуулахад хүргэдэг. Тэд эмх замбараагүй байдлыг далимдуулдаг гэж яагаад хэлж байна вэ? Яагаад гэвэл, тэд яг энэ боломжийг хүлээж байдаг. Удирдагч, ажилчид ямар ч асуудлыг зохицуулж чадахгүй, Бурханы сонгосон хүмүүс түгшиж, тавгүйтэж, тэдэнд итгэх итгэлээ аль хэдийн алдсан үед ёрын муу хүмүүс болон антихристүүд энэ сиймхийг ашиглахыг эрмэлздэг. Тэд чуулган удирдлага, менежментгүй байдалд байна гэж боддог. Тэд энэ боломжийг ашиглан чадвараа гайхуулж, Бурханы сонгосон хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, дэмжүүлж, удирдагч, ажилчидтай харьцуулахад илүү хэв чанартай, асуудлыг шийдвэрлэж, удирдан чиглүүлж чаддаг, эмх замбараагүй байдал дунд нөхцөл байдлыг эргүүлж илүү сайн чадна гэж бодуулахыг хүсдэг. Энэ нь ёрын муу хүмүүс болон антихристүүдийн хийхийг хамгийн их хүсдэг зүйл биш гэж үү? Энэ үед удирдагч, ажилчид хүч мөхөстөж, ёрын муу хүмүүс болон антихристүүд өндийн босож, асуудлыг шийдвэрлэж, тэр ч бүү хэл удирдан чиглүүлэх үед Бурханы сонгосон хүмүүс хэнд итгэх вэ? Мэдээж тэд ёрын муу хүмүүс болон антихристүүдийн хүчинд итгэнэ. Энэ юуг харуулж байна вэ? Энэ нь удирдагч, ажилчид хэрэггүй амьтад бөгөөд юу ч бүтээдэггүй, чухал мөчид бүтэлгүйтдэг гэдгийг харуулж байна. Ийм хүмүүс удирдагч, ажилчин байхад зохистой хэвээр байх уу? Хэдийгээр антихристүүд үнэн-бодит байдалгүй, бодит ажил хийж чаддаггүй ч бүгд янз бүрийн хэмжээнд жаахан билиг авьяастай, гаднах хэрэг явдалд харьцангуй илүү овсгоотой байдаг нь чухамдаа тэдний давуу талыг бүрдүүлдэг бөгөөд үүгээрээ тэд хүмүүсийг төөрөлдүүлж чаддаг. Гэвч хэрвээ тэд удирдагч, ажилчин болбол үнэнийг үнэхээр ашиглан Бурханы сонгосон хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж чадах уу? Тэд Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы үгийг идэж ууж, үнэнийг ойлгож, үнэн-бодит байдалд ороход үнэхээр хөтөлж чадах уу? Яавч үгүй. Хэдийгээр тэд жаахан билиг авьяастай, уран яруу ярьдаг ч тэдэнд ямар ч үнэн-бодит байдал байдаггүй. Тэд чуулганы удирдагч, ажилчин байхад тохирох уу? Огтхон ч үгүй! Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн нэвт харах ёстой зүйл юм; тэд ёрын муу хүмүүс болон антихристүүдэд хэзээ ч төөрөлдөж, хууртаж болохгүй. Үл итгэгчид, ёрын муу хүмүүс, антихристүүд үнэнийг огт эрэлхийлдэггүй, тэдэнд үнэн-бодит байдал өчүүхэн төдий ч байдаггүй. Тэгвэл Надад хэл дээ, тэд мөс чанар, эрүүл ухаантайгаар “Одоо чуулганыг хариуцах хүн байхгүй байгаа ч бид санаачилга гарган үйлдэх ёстой. Бурханы гэрийн дүрэм журмыг зөрчиж болохгүй, Бурханы гэрийн шаарддаг зарчмыг өөрчилж болохгүй. Бид хийх учиртай зүйлээ хийх ёстой; хүн бүр гүйцэтгэх учиртай үүргээ баримталж, хариуцлагаа биелүүлж, дэг журмыг үймүүлэхгүй байх ёстой” гэх мэт зүйл хэлж чадах уу? Тэд ийм зүйл хэлж чадах уу? (Үгүй.) Яавч үгүй! Энэ үл итгэгчид болон ёрын муу хүмүүс ямар үйлдэл хийх вэ? Хэн ч тэдэнд хараа хяналт тавихгүй болохоор тэд үүргээ ч гүйцэтгэдэггүй, идэж уух, тоглож наадахад ташуурч, зугаацаж, дэмий чалчиж, тоглоом шоглоом хийж, тэр ч бүү хэл сээтэгнэдэг. Зарим нь шөнөжингөө үл итгэгч ертөнцийн видео үзэж, дараа нь үүргээ гүйцэтгээд шөнө дүл болтол суусан гэдгээр шалтаглан хойрголж, хэт их унтдаг. Энэ бол диаволд харьяалагддаг ёрын муу хүмүүсийн үйлдэл юм. Тэд эдгээр муу үйлийг хийх үедээ буруутайгаа мэдэрдэг үү? Тэдний мөс чанар гэнэт сэрж, хүний зарим хариуцлагыг биелүүлж, Бурханы гэр, чуулган болон ах эгч нарт ашиг тустай зүйл хийх санаачилга гаргах уу? Яавч үгүй. Хэн нэгэн харж байх үед тэд зүгээр л амьжиргаагаа залгуулахын тулд өөрсдийгөө аятайхан харагдуулах зарим ажлыг дурамжхан хийдэг. Энэ бол тэдний хийж чадах цорын ганц зүйл; үүнээс гадна энэ хүмүүст гэмээ цайрууулсан шинж чанар ганц ч байхгүй. Тэгвэл энэ хүмүүс Бурханы гэрт байх нь ямар нэг утга учиртай юу? Ямар ч утгагүй. Ийм хүмүүс илүүц бөгөөд тэднийг цэвэрлэх ёстой.

Хэн нэгэн хүн үнэнийг хайрладаг эсэхийг хэрхэн хэмжих вэ? Та нарт ойлгуулахын тулд Би нэг жишээ хэлье. Зарим хүн мэргэжилтэй байдаг бөгөөд суралцах тусмаа, мэдлэгээ дээшлүүлэх тусмаа, ойлгох тусмаа тухайн мэргэжлээрээ ажиллах хүсэл нь улам нэмэгдэж, мэргэжлээ орхих хүсэл нь улам багасдаг. Энэ ямар төрлийн илрэл вэ? Тэд энэ мэргэжилдээ үнэхээр дуртай гэсэн үг үү? (Тийм.) Тэд хэчнээн их бэрхшээл туулсан ч, ямар ч төлөөс төлсөн ч, хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч харамсахгүйгээр, шантрахгүйгээр мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажилладаг. Энэ бол жинхэнэ сэтгэл татагдалт, зүрхний гүнээс гарсан дур сонирхол юм. Нэг хүн тодорхой нэг ажилд дуртай гэж хэлдэг ч мэргэжлийн ур чадварт суралцах явцдаа бэрхшээл туулах юм уу төлөөс төлөх хүсэлгүй, ажил дээр олон асуудал гарах үед төвөгшөөсөндөө шийдэл хайдаггүй, тэр ч бүү хэл энэ мэргэжлээр ажиллах нь дарамт, ачаа гэж байнга боддог гэе. Гэхдээ мэргэжлээ солих амар биш бөгөөд энэ мэргэжлийн авчирч чадах материаллаг ашиг тусыг бодолцон үзээд тэр хүн дурамжхан ажилладаг ч энэ мэргэжлээрээ хэзээ ч шилдэг нь болохгүй. Тэгвэл тэд энэ мэргэжилдээ үнэхээр дуртай юу? (Үгүй.) Тэд илт дургүй. Бас өөр төрлийн хүн бий, тэд тодорхой нэг мэргэжилд дуртай гэдгээ амаараа илэрхийлж, түүгээрээ ажилладаг ч мэргэжлийн ур чадварыг сайн эзэмшихийн тулд хэзээ ч бэрхшээл туулдаггүй, төлөөс төлдөггүй. Тэд бүр суралцах явцдаа тухайн мэргэжилдээ дургүйцэж, зэвүүцэж, суралцах хүсэл нь улам бүр буурч ч магадгүй. Дургүйцэл нь тодорхой түвшинд хүрэх үед тэд карьераа сольж, дараа нь тэр мэргэжлээр ажиллаж байх үеийнхээ аливаа үйл явц, түүх, эсвэл бусад зүйлийг дурдахыг ч хүсдэггүй. Ийм хүмүүс мэргэжилдээ үнэхээр дуртай юу? (Үгүй.) Тэд дургүй. Тэд тэр мэргэжлийг амархан орхиж чаддаг, үүнийг жигшиж, тэр ч бүү хэл карьераа сольж чаддаг нь тэр мэргэжилд үнэхээр дургүй гэдгийг нь нотолдог. Тэд мэргэжлээ орхиж чаддагийн шалтгаан нь, их цаг хугацаа, эрч хүч, зардал гаргасны дараа тэр мэргэжил нь тэднийг хүссэн баян тансаг амьдралаар нь амьдруулж, эсвэл материаллаг сайн хангамж эдлүүлээгүйд оршдог. Тэд зүрх сэтгэлдээ тэр мэргэжилдээ дургүйцэж, харааж зүхэж, тэр ч бүү хэл бусдыг энэ талаар дурдахыг хориглож, өөрсдөө ч дахин дурддаггүй бөгөөд урьд нь энэ мэргэжлээр ажиллаж, үүнийг амьдралынхаа хүсэл тэмүүлэл, эрэлхийлэх дээд зорилго гэж үзэж байсандаа ичдэг. Тэр мэргэжилдээ хэр зэрэг дургүйцэж байгааг нь харгалзан үзвэл, анх тэр мэргэжилд жинхэнээсээ дуртай байсан уу? (Үгүй.) Мэргэжилдээ үнэхээр дуртай ганцхан төрлийн хүн байдаг—тэр мэргэжил нь тэднийг материаллаг сайн амьдрал, эсвэл ихээхэн ашиг тусаар хангаж байгаа эсэхээс үл хамааран, мөн энэ мэргэжлээр ажиллахдаа хэчнээн их бэрхшээлтэй тулгарч, хэчнээн их зовлон эдэлж байгаагаас үл хамааран тэд шантралгүйгээр эцсээ хүртэл тууштай байж чаддаг. Энэ бол жинхэнэ дуртай байдал юм. Хүн үнэнийг хайрладаг эсэх ч мөн адил. Хэрвээ чи эерэг зүйлийг үнэхээр хайрладаг бол, эерэг зүйлийг хайрлахаас үнэнийг хайрладаг болж ахиц гаргавал ямар ч нөхцөл байдалтай тулгарсан бай, амьдралынхаа зорилгыг өөрчлөхгүйгээр үнэнийг эрж хайж, эрэлхийлэхдээ тууштай байна. Хэрвээ чи явцын дунд Бурханд итгэхээ больж, авралын замыг орхиж чадаж байвал энэ нь үнэнийг үнэхээр хайрлаж байгаа хэрэг биш. Үнэнийг эрэлхийлдэггүй мөртөө бас орхидоггүй хүмүүсийн тухайд бол, тэдний тууштай байдалд цорын ганц шалтгаан бий: Тэд сайн төгсгөл, хүрэх газар, сайн ирээдүйн талаар өчүүхэн төдий найдвар байгаа л бол бооцоо тавих нь зохистой бөгөөд эцсээ хүртэл тууштай байх ёстой гэж боддог. Тэд энэ тууштай байдлыг шаардлагатай гэж үздэг; гамшиг улам нэмэгдэж, өөр очих газар байхгүй байгаа тул эндээ тэсэж үлдэж, азаа үзсэн нь дээр гэж боддог. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэнийг гэх хайр өчүүхэн төдий ч болов бий юу? (Үгүй.) Байхгүй. Бурханд итгэж эхлэх үедээ энэ хүмүүс бас ертөнцийг үзэн ядах, Сатаныг үзэн ядах, сөрөг зүйлийг үзэн ядах, эерэг зүйлийг хайрлах, гэрлийг хүсэмжлэх тухай ярьдаг. Гэхдээ Бурханы гэрт, чуулганд хөл тавих үедээ тэд ямар зан авир гаргадаг вэ? Хөдөлмөрчид гэдгээ олж мэдэх үедээ, үйлдэл, зан авир, уг чанар нь Бурханд таалагддаггүйг ухаарах үедээ тэд ямар хандлага гаргадаг вэ? Тэд ямархуу зан авир харуулдаг вэ? Тэд Бурханы гэрт таалагдахаа больсноо, таягдан хаягдах гэж байгаагаа мэдэрч, ухаарч, бодох үедээ зарим нь явахаар сонгодог гэж хэлж болно. Бусад нь чуулганд дурамжхан үлддэг ч цөхрөлд автаж, эцэст нь явахаас өөр аргагүйд хүрдэг. Ийм хүмүүс үнэнийг огт хайрладаггүй; ерөөл хүртэх хүсэл нь нурах үед тэд Бурханаас урваж, Түүнээс нүүр буруулж чаддаг. Эдгээр янз бүрийн илрэл нь өөр өөр хүмүүсийн үнэнд хандах хандлагыг харуулдаг.

IV. Энэ гурван төрлийн хүний өөр өөр төгсгөл

Дөнгөж сая бид хөдөлмөрчид, хөлсний ажилчид, Бурханы ардууд гэсэн гурван төрлийн хүмүүсийн онцлогийн талаар нөхөрлөлөө. Тэдний онцлог шинжээс харахад, эцсийн төгсгөл нь объектив орчин юм уу нөхцөл байдлаас бус, харин өөрсдийнх нь эрэлхийлэл, уг чанар-мөн чанараас шалтгаалдаг нь тодорхой байна. Мэдээж объектив байдлаар яривал, хүмүүсийн хувь заяаг Бурхан тодорхойлдог боловч хүмүүс үнэнийг хайрладаг эсэх, үнэнийг хүлээн авч чаддаг эсэхэд үндэслэн Бурхан эдгээр шийдвэрийг гаргадаг. Хөдөлмөрчид бас өөрсдийгөө үнэнийг болон эерэг зүйлийг хайрладаг гэж зарладаг ч эцэст нь Бурханы ажил дуусах үед Бурханы талаарх тэдний үзэл, төсөөлөл, Бурханд тавьдаг хэрээс хэтэрсэн шаардлага, Бурханаас урвах урвалт нь өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг. Учир нь Бурханы ажлын үеэр, Бурханыг дагаж, үүргээ гүйцэтгэх явцдаа тэд завхарсан зан чанараа хэзээ ч шийдвэрлээгүй. Тэд завхарсан зан чанараа шийдвэрлэдэггүйн гол шалтгаан нь үнэнийг үндсэндээ хүлээн авдаггүйд оршдог. Хэдийгээр тэдэнд Бурханд дуулгавартай байх хүсэл байдаг ч тэдний үнэхээр харуулдаг зүйл нь зөвхөн хаях чадвар, төлөөс төлөх хүсэл бөгөөд үнэн-зарчмыг, эсвэл Бурханыг дуулгавартай дагах замыг хэзээ ч эрж хайдаггүй. Эцсийн үр дүн нь, тэд маш их хүчин чармайлт гаргасан ч Бурханы талаар өчүүхэн төдий ч мэдлэггүй байдаг. Тэд бусад хүн болон Сатаны өмнө Бурханаас урваж, Бурханы талаарх үзэл, төсөөллөө, Түүнд тавьдаг үндэслэлгүй шаардлагаа илэрхийлж чаддаг хэвээр байдаг. Бурханы ажил дуусах үед тэд өөрсдийгөө “сайн хүн чанартай, Бурханд үнэхээр итгэдэг, хаяж, бэрхшээл туулж чаддаг, гарцаагүй аврагдаж чадна” гэж үзсээр байдаг бөгөөд үүндээ сэтгэл амар байдаг. Үнэн хэрэгтээ тэд үнэнийг огт эрэлхийлэлгүйгээр үргэлж хөдөлмөрчний замаар алхсан; тиймээс тэд үргэлж хөдөлмөрчний ялгамж чанартай байдаг. Хөлсний ажилчид гэх өөр нэг ангиллын хүмүүсийн тухайд, бид тэднийг хэлэлцэхгүй. Бас нэг ангилал нь бидний дөнгөж сая дурдсан Бурханы ардууд юм. Бурханыг дагах явцдаа тэд хөдөлмөрчид шиг Түүний төлөө өөрсдийгөө зарлагадаж, цаг хугацаа, эрч хүч, тэр ч бүү хэл залуу насаа зориулж, маш их зовлон туулж, ихээхэн төлөөс төлдөг. Энэ нь хөдөлмөрчидтэй адилхан. Тэгвэл юу нь өөр вэ? Бурханы ажил дуусах үед Бурханы талаарх тэдний олон үзэл, төсөөлөл, хэрээс хэтэрсэн шаардлага шийдвэрлэгдсэн байх болно. Тэдний завхарсан зан чанар доторх Бурханыг илт эсэргүүцдэг илрэл, байдал, завхралын илчлэлүүд хаягдсан байх болно. Хараахан шийдвэрлэгдээгүй байгаа зүйлс нь туршлагаар дамжуулан үнэнийг аажмаар ойлгохын хэрээр арилах болно. Хэдийгээр тэдний завхарсан зан чанар бүрэн хаягдаагүй ч амь зан чанарт нь зарим өөрчлөлт гарсан байх болно. Ихэнхдээ тэд өөрсдийн ойлгосон үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж чадна, завхарсан зан чанарын илчлэл нь мэдэгдэхүйц багассан байх болно. Хэдийгээр тэд ямар ч орчинд завхарсан зан чанараа илчлэхгүй гэсэн үг биш боловч энэ хүмүүс нэг үндсэн шаардлагыг хангасан байх болно: Тэд үнэнч шударга байх гэсэн Бурханы шаардлагыг хангасан байх болно; тэд үндсэндээ үнэнч шударга хүмүүс байх болно. Түүнчлэн, энэ хүмүүс завхарсан зан чанараа илчлэх, гэм буруу үйлдэх, эсвэл Бурханы эсрэг үзэл, тэрслүү байдал өвөрлөх үедээ ямар орчинд байхаас үл хамааран гэмшсэн хандлагатай байх болно. Бас хамгийн чухал өөр нэг зүйл бий: Эцсийн өдрүүдийн шүүлтийн ажилд Бурхан ямар тодорхой үйлдэл хийж, хэрхэн үйлдэх нь хамаагүй, ирээдүйд Тэр юу хийхээр зорьж байгаа нь хамаагүй, хүн төрөлхтний хувь заяаг Тэр хэрхэн зохицуулах нь хамаагүй, Түүний зохицуулсан орчинд тэд өөрсдөө хэрхэн амьдрах нь хамаагүй, тэд бүгд хувийн сонголтгүй, хувийн төлөвлөгөө, санаархалгүйгээр дуулгавартай зүрх сэтгэл, дуулгавартай хандлагатай байх болно. Эдгээр янз бүрийн эерэг илрэлийн улмаас тэд Бурханы шаарддаг төрлийн хүн буюу Бурханы замыг дагадаг, өөрөөр хэлбэл Түүнээс эмээж, муугаас зайлдаг хүн аль хэдийн болсон байх болно. Хэдийгээр тэд Бурханы хэлсэн “Бурханаас эмээх, муугаас зайлах, төгс хүн байх” гэсэн жинхэнэ стандартаас хол хэвээр байх боловч Бурханы шалгалт өөрсөд дээр нь ирэх үед тэд эрж хайж, дуулгавартай дагаж чадах бөгөөд энэ нь хангалттай юм. Тэдэнд ямар ч гомдол байхгүй; тэд зөвхөн хүлээж, дуулгавартай дагана. Хэдийгээр та нарын одоогийн нөхцөл байдал ийм үр дүнгээс хол хэвээр байж магадгүй ч, зарим хүний хувьд энэ нь маш хол, хүршгүй санагдаж магадгүй ч хэрвээ та нар үнэнийг хүлээн авч, Бурханы үгийг оршин тогтнолынхоо зарчим, үндэс суурь хэмээн авч үзэж чадвал нэг л өдөр чи, эсвэл та нар бүгдээрээ Бурханы хайрладаг Бурханы жинхэнэ ардууд болохоос хол байхаа болино гэдэгт итгэ—тэр өдөр ойрхон байна гэдэгт итгэ. Энэ нь одоогоор зөгнөгдсөн үү, эсвэл биелэхэд ойрхон байна уу гэдгээс үл хамааран эцсийн үр дүн нь аль ч тохиолдолд уран зөгнөл биш, харин биелж, гүйцэлдэх гэж буй баримт юм. Энэ баримт яг хэн дээр биелэх, ямар хүмүүс дээр биелэх нь та нар үнэнийг бодитоор хэрхэн эрэлхийлэхээс хамаарна. Өөрөөр хэлбэл, чи үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлж чадах хэмжээнд үнэнийг үнэхээр хайрладаг уу, эсвэл үнэнийг жаахан хайрладаг ч бүрэн хүлээн авч, хэрэгжүүлж чаддаггүй юу гэдэгт эцсийн үр дүн чамд хариулт өгөх болно. За, энэ сэдвийн талаарх нөхөрлөлөө ингээд дуусгая.

Янз бүрийн ёрын муу хүмүүсийг ялган таних стандарт ба үндэслэл

II. Хүн чанарт нь үндэслэх

Дараа нь удирдагч, ажилчдын арван дөрөв дэх үүрэг хариуцлагын талаар үргэлжлүүлэн нөхөрлөе: “Бүх төрлийн ёрын муу хүмүүс болон антихристүүдийг даруй ялган таньж, дараа нь зайлуулах юм уу хөөх.” Бүх төрлийн ёрын муу хүмүүсийг ялган таних шалгуур нь гурван үндсэн ангилалд хуваагддаг. Бид өмнө нь хүний Бурханд итгэх зорилгын талаар нөхөрлөсөн бөгөөд дараа нь тэдний хүн чанарыг ярилцсан. Хүн чанарын тухайд бид бас олон өөр илрэлийг ангилсан. Бидний хэдийнээ нөхөрлөсөн хэд хэдэн илрэл юу вэ? Унш даа. (Бүх төрлийн ёрын муу хүмүүсийг ялган таних хоёр дахь зүйл нь хүний хүн чанартай холбоотой. Нэгдүгээрт, хов жив ярих дуртай; хоёрдугаарт, завшааныг далимдуулах дуртай; гуравдугаарт, цадиггүй, биеэ барьдаггүй байх; дөрөвдүгээрт, өшөө авах хандлагатай байх; тавдугаарт, хэл амаа захирч чадахгүй байх.) Бид хэл амаа захирч чадахгүй байх тухай тав дахь зүйл хүртэл нөхөрлөсөн. Бид хүн чанарын тодорхой илрэлийн талаар нөхөрлөж байна уу, эсвэл өөр зүйлийн талаар нөхөрлөж байна уу гэдгээс үл хамааран, Миний хэлсэнчлэн, энэ нь өөр өөр төрлийн хүмүүст өөр өөр нөлөө үзүүлнэ. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс сонссоныхоо дараа өөрсдийгөө шинжлэхэд анхаарна; тэд өөрсдийгөө Миний нөхөрлөлтэй тулгаж үзээд, идэвх санаачилгатай, эерэг оролттой байдаг. Гэвч хөдөлмөрчид мэтийн үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс зүгээр л сонсоод л өнгөрнө. Тэд үүнийг зүрх сэтгэлдээ авч үздэггүй, эсвэл зүрх сэтгэлээ зориулан сонсдоггүй. Заримдаа тэд бүр номлол сонсож байхдаа унтаж ч мэднэ. Тэд үүнийг шингээж чаддаггүй, тэр ч бүү хэл “Эдгээр жижиг сажиг асуудлыг сонсох ямар хэрэгтэй юм бэ? Цагийн гарз—би гар дээрх ажлаа ч дуусгаагүй байна шүү дээ!” гэж боддог. Тэд шаргуу хөдөлмөрлөх шаардлагатай ажлуудад л үргэлж санаа тавьдаг. Тэд шаргуу хөдөлмөрлөх, үнэнч байдлаа харуулахдаа онцгой урам зоригтой, зүтгэлтэй байдаг ч үнэнтэй холбоотой хэрэг явдал дээр эрч хүчээ дайчилж ер чаддаггүй. Энэ нь ийм хүмүүс үнэнийг сонирхдоггүй; тэд шаргуу хөдөлмөрлөх төдийд л сэтгэл ханадаг гэдгийг тодорхой илчилдэг. Бурханы гэр үнэнийг хэрхэн нөхөрлөхөөс үл хамааран нэгэн хэвийн хандлагатай байдаг өөр бүлэг хүмүүс бий: “Би зүгээр л эсэргүүцэж, сөргөлддөг. Чи миний асуудлыг зааж хэлж, миний илрэл, илчлэл, зан чанарыг ил болголоо ч би анхаарал хандуулахгүй, нухацтай авч үзэхгүй. Намайг ил болгуулж байгааг бусад хүн мэдлээ гээд яах юм бэ?” Тэд зүгээр л ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэн тэрсэлж, эсэргүүцдэг бөгөөд энэ нь засаршгүй юм. Ямартай ч, өөр өөр төрлийн хүмүүсийн илрэл ялгагдахуйц байдаг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс, хөдөлмөрлөх хүсэлтэй ч үнэнийг хайрладаггүй хүмүүс, эсвэл үнэнийг зэвүүцэж, жигшдэг хүмүүсийн хэний ч хувьд үнэн нь хоёр иртэй сэлэм, билүү чулуу болдог. Энэ нь хүмүүсийн үнэнд хандах хандлага, мөн тэдний алхаж буй замыг хэмжиж чаддаг.

Е. Бодлогогүй, зориуд төвөг уддаг, хэн ч дургүйг нь хүргэж зүрхэлдэггүй байх

Өмнө нь бид янз бүрийн ёрын муу хүмүүсийн таван илрэлийг ялган таних талаар нөхөрлөсөн. Өнөөдөр бид зургаа дахь илрэлийн талаар үргэлжлүүлэн нөхөрлөнө. Зургаа дахь нь ч бас нэг төрлийн ёрын муу хүний илрэл, эсвэл хүмүүс энэ төрлийг ёрын муу гэж үздэггүй байлаа ч гэсэн хүн бүр тэдэнд дургүй байдаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, энэ хүмүүс мөс чанар, эрүүл ухаангүй, хэвийн хүн чанаргүй, тэдэнтэй харилцахад тун төвөгтэй, хэцүү байдаг бөгөөд зэвүүцэл төрүүлдэг. Энэ хүмүүсийн тодорхой илрэл юу вэ? Энэ нь бодлогогүй, зориуд төвөг уддаг явдал бөгөөд хэн ч тэдний дургүйг хүргэж зүрхэлдэггүй. Чуулганд ийм хүмүүс бий юу? Олон биш ч гарцаагүй бий. Тэдний тодорхой илрэл юу вэ? Жирийн нөхцөлд энэ хүмүүс үүргээ хэвийн гүйцэтгэж, бусадтай нэлээд хэвийн харилцаж чаддаг; чи тэднээс харгис зан чанар олж харахгүй. Гэвч үнэн-зарчмын эсрэг үйлдэл хийгээд, засуулах үедээ тэд дэлбэртлээ уурладаг бөгөөд үг мушгин шалтаг тоочихын зэрэгцээ үнэнийг бүрмөсөн голдог. Гэнэт чи тэднийг өргөсөөр хучигдсан зараа, хүрч болохгүй бар гэдгийг ухаарна. Чи “Би энэ хүнтэй ийм удаан харилцахдаа сайн хүн чанартай, юм ойлгодог, ярилцахад амар гэж бодож, үнэнийг хүлээн авч чадна гэж үзэж байсан. Түүнийг бодлогогүй, зориуд төвөг уддаг хүн гэж санасангүй. Би цаашдаа түүнтэй харилцахдаа илүү болгоомжтой байж, шаардлагагүй бол харилцаагаа багасгаж, түүний дургүйг хүргэхээс зайлсхийхийн тулд зайгаа барих ёстой юм байна” гэж боддог. Та нар бодлогогүй, зориуд төвөг уддаг ийм хүмүүсийг харж байсан уу? Ерөнхийдөө тэднийг ойлгодог хүмүүс тэд ямар аймшигтай болохыг мэддэг бөгөөд тэдэнтэй онцгой эелдэг, болгоомжтой ярьдаг. Ялангуяа чи тэдэнтэй ярихдаа тэднийг яавч гомдоож болохгүй, эс бөгөөс тэдэнтэй эцэс төгсгөлгүй асуудалтай болоход хүрнэ. Зарим хүн: “Энэ хүмүүжилгүй хүмүүс яг хэн юм бэ? Бид тэдэнтэй хараахан тааралдаагүй байна” гэж хэлдэг. Тийм бол бид үүний талаар ярилцах үнэхээр хэрэгтэй. Жишээ нь, ах эгч нар туршлагаа нөхөрлөж байхдаа зарим нь завхарсан байдал юм уу хувийн бэрхшээлээ дурдах үед бусад нь ижил төстэй туршлага, мэдрэмжтэй байсан тул өөрийн эрхгүй ойлгож мэдэрдэг. Энэ бол нэлээд хэвийн зүйл. Сонссоныхоо дараа хүн “Надад ч бас ийм туршлага байгаа, тиймээс энэ сэдвээр хамтдаа нөхөрлөе. Үүнийг хэрхэн туулсныг чинь би сонсмоор байна. Хэрвээ чиний нөхөрлөл гэрэлтэй байвал, надад байгаа асуудалтай холбоотой байвал би үүнийг хүлээн авч, чиний туршлага, замын дагуу хэрэгжүүлээд ямар үр дүн гарахыг харна” гэж бодож магадгүй. Бусад хүн өөрийгөө танин мэдэх тухай нөхөрлөж, өөрсдийн завхрал, муухай байдлыг илчилж байхыг сонсоод, энэ нь өөрийг нь шууд бусаар ил болгож, шүүж байна хэмээн үзсэндээ өөрийн эрхгүй ширээ цохиж, дэлбэртлээ уурладаг ганц л төрлийн хүн байдаг: “Хэнд завхрал байхгүй гэж? Хэн вакуум орчинд амьдардаг юм бэ? Миний харж байгаагаар, та нарын завхрал минийхээс долоон дор! Та нар бүгдээрээ намайг онилж, намайг ил болгох ямар эрхтэй юм бэ? Миний харж байгаагаар, та нар зүгээр л надад хүндрэл учруулж, намайг гадуурхахыг хүсэж байна! Би хөдөөнөөс ирсэн, та нарт тал засаж сайхан үг хэлж чаддаггүй болохоор л тэгж байгаа юм биш үү? Миний боловсрол та нарынх шиг өндөр биш болохоор тэгж байгаа юм биш үү? Бурхан хүртэл намайг дорд үздэггүй байхад та нар намайг дорд үзэх ямар эрхтэй юм бэ!” Бусад нь: “Энэ бол хэвийн нөхөрлөл, чам руу чиглээгүй. Хүн бүрийн завхарсан зан чанар адилхан биш гэж үү? Хэн нэгэн ямар нэг сэдвээр нөхөрлөж, өөрийнхөө завхарсан байдлыг дурдах үед бусад нь ижил төстэй байдалд байгаагаа өөрийн эрхгүй олж хардаг. Хэрвээ ижил байдалтай байгаа юм шиг санагдвал чи бас туршлагаа нөхөрлөж болно шүү дээ” гэж хэлдэг. Тэгэхэд тэр: “Тийм гэж үү? Би нэг хүнээс ийм нөхөрлөл сонсохыг тэвчиж чадна, гэхдээ та нар яагаад хоёр гурваараа нийлж намайг дээрэлхээд байгаа юм бэ? Намайг дээрэлхэхэд амархан гэж бодоо юу?” гэж хариулдаг. Юм ярих тусам түүний үг улам хэрээс хэтэрч байгаа биш үү? (Тийм.) Ийм хүмүүс ингэж хэлэхдээ эрүүл ухаантай байна уу? (Үгүй.) Хэрвээ чи бусдын нөхөрлөлийн сэдэв чам руу чиглэсэн гэж үнэхээр бодож байвал энэ сэдвээр ярилцаж, эсвэл нөхөрлөж болно; өөрийнхөө тариачин гарал үүсэл, доогуур боловсрол, эсвэл хүмүүс чамайг дорд үздэг гэдгийг хутгахын оронд энэ нь чам руу чиглэсэн эсэхийг шууд асуу. Тэдгээр зүйлийг хэлэх ямар хэрэгтэй юм бэ? Энэ нь зөв буруугийн талаар дэмий чалчиж байгаа хэрэг биш үү? Энэ нь бодлогогүй, зориуд төвөг удаж байгаа хэрэг биш үү? (Мөн.) Та нар ийм хүмүүсийг аймшигтай гэж бодохгүй байна уу? (Тийм ээ.) Түүнийг ингэж авирласны дараа хүн бүр ямар хүн болохыг нь мэддэг бөгөөд дараагийн цуглаан дээр нөхөрлөхдөө үргэлж болгоомжтой ярьж, нүүрнийх нь хувирлыг ажиглах хэрэгтэй болдог. Хэрвээ царай нь барайвал бусад нь ярихаас тээнэгэлзэж, цуглаан дээрх нөхөрлөлийн үеэр хүн бүр биеэ барьдаг. Энэ нь түүний бодлогогүй байж, зориуд төвөг удсанаас үүдэлтэй хазаарлалт, үймээн биш гэж үү? (Мөн.) Бодлогогүй, зориуд төвөг уддаг хүмүүс бүгд учирлаад нэмэргүй байдаг; ийм хүмүүс үнэнийг хүлээн авахгүй бөгөөд аврагдах боломжгүй.

Бодлогогүй, зориуд төвөг уддаг энэ төрлийн хүнд өөр нэг илрэл байдаг. Зарим хүн цуглааны үеэр “Би дахиж хааш яаш үйлдэж болохгүй. Би үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй; би төгс болгуулахаар эрэлхийлэх хэрэгтэй. Би угаасаа гойд сайн байхаар чармайдаг. Би юу ч хийсэн, сайн хийх ёстой” гэж үргэлж хэлдэг. Аман дээрээ сайхан ярьдаг ч бодит байдал дээр үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш үйлдсээр байдаг бөгөөд гүйцэтгэж байгаа үүрэгт нь олон асуудал байдаг тул Бурханд гэрчлэл хийх үр дүнд огт хүрдэггүй. Удирдагчид үүргийн гүйцэтгэл дэх асуудлыг нь зааж өгөөд засах үед тэд тэр даруй уурлаж, “Би мэдээд байсан юм аа. Та нар бүгдээрээ миний ар хударгаар намайг шүүж, мэргэжлийн ур чадвар муутай гэдэг. Та нар бүгдээрээ намайг дорд үздэг болохоор л тэгж байгаа юм биш үү? Зүгээр л жижиг алдаа байсан шүү дээ. Намайг ингэж засах шаардлагатай юм уу? Тэгээд ч алдаа гаргадаггүй хэн байна? Намайг хааш яаш үйлддэг гэчхээд чи ч бас өмнө нь ажилдаа хааш яаш хандаж байгаагүй гэж үү? Чи намайг шүүмжлэхэд тэнцэх үү? Миний хамтын ажиллагаагүйгээр та нараас хэн чинь энэ ажлыг хариуцаж чадах юм бэ?” гэж хэлдэг. Та нар ийм хүмүүсийг юу гэж бодож байна? Тэд юу ч хийсэн, дутагдлыг нь хэлж өгөх юм уу зөвлөгөө өгөхийг бусдад зөвшөөрдөггүй; тэд үндэслэлтэй засалтыг ч хүлээн авдаггүй. Юм хэлсэн хэнийг ч тэд сөрж, эсэргүүцэж, утгагүй үг хэлж, тэр ч бүү хэл өөрсдийг нь дорд үзлээ, эсвэл ганцаардмал, хүч чадалгүй болохоор нь дээрэлхлээ гэх мэт зүйл хэлдэг. Энэ нь цадиггүй, бодлогогүй, зориуд төвөг удаж байгаа хэрэг биш үү? Засуулсныхаа дараа үүргээ орхидог зарим хүн ч байдаг: “Би энэ ажлыг дахиж хийхгүй. Хэрвээ та нар чаддаг юм бол хий л дээ. Надгүйгээр та нар ажлаа үргэлжлүүлж чадах эсэхийг харъя!” гэдэг. Ах эгч нар тэднийг ятгахыг оролддог ч тэд сонсдоггүй. Удирдагч, ажилчид тэдэнд үнэнийг нөхөрлөсөн ч тэд хүлээж авахаас татгалздаг; тэд биеэ тоож, үүргээ орхиж эхэлдэг. Цуглааны үеэр тэд муухай аашилж, Бурханы үгийг уншдаг ч үгүй, нөхөрлөдөг ч үгүй, үргэлж хамгийн сүүлд ирж, хамгийн түрүүнд явдаг. Явахдаа тэд хөлөө дэвсэлж, хаалга савдаг бөгөөд ихэнх хүн тэдэнтэй хэрхэн харьцахаа мэддэггүй. Ийм хүмүүст ямар нэг зүйл тохиолдох үед тэд утгагүй тайлбар тавьж, дэмий чалчдаг; тэд цадиггүй аашилж, тэр ч бүү хэл эд зүйл шидэлж, учирлаад нэмэргүй болдог. Заримд нь бүр ч ноцтой илрэл байдаг—хэрвээ ах эгч нар өөрсөдтэй нь мэндлэхгүй бол тэд дургүйцэж, цуглааны үеэр боломжийг ашиглан “Та нар бүгдээрээ намайг дорд үздэгийг би мэднэ. Цуглааны үеэр та нар зүгээр л бурханы үгийг нөхөрлөж, өөрсдийн туршлагын ойлголтыг хэлэлцэхэд анхаардаг. Хэн ч надад санаа тавьдаггүй, хэн ч над руу инээмсэглэдэггүй, намайг явахад хэн ч үддэггүй. Та нар ямар гээчийн итгэгчид вэ? Та нарт хүн чанар үнэхээр алга!” гэж уйлж унждаг. Тэд чуулганд ийм ааш гаргадаг. Тэд ялихгүй зүйл дээр ч уурлаж, хуримтлагдсан бүх гомдлоо гаргадаг. Мэдээж тэд өөрсдийн завхарсан зан чанарыг илчилж байгаа боловч өөрсдийгөө эргэцүүлдэггүй, өөрсдийгөө мэддэггүй бөгөөд өөрчлөлт юм уу үнэнийг эрэлхийлэх ямар ч хүсэлгүй байдаг. Харин ч тэд бусдаас асуудал хайж, өөрсдийн сэтгэл зүйг тэнцвэржүүлэхийн тулд янз бүрийн шалтаг олдог—ингэх зуураа гомдлоо гаргах боломжийг эрж хайдаг. Хамгийн чухал нь, тэд хүмүүсийн дунд нэр хүндтэй болж, тэдний анхаарлыг татахын тулд илүү олон хүнээр өөрсдийгөө анзааруулж, өөрсдөөсөө айлгахыг зорьдог. Ийм хүмүүс маш төвөгтэй! Тэд юу ч хэлсэн, хэн ч “үгүй” гэж хэлж зүрхэлдэггүй; хэн ч тэднийг хөнгөн хуумгай үнэлж зүрхэлдэггүй; хэн ч тэдэнтэй сэтгэлээ нээж, нөхөрлөж зүрхэлдэггүй. Тэдний зарим дутагдал, завхарсан зан чанарыг ажигласан ч хэн ч тэдэнд хэлж өгч зүрхэлдэггүй. Цуглааны үеэр хүн бүр хувийн туршлага, Бурханы үгийн талаарх ойлголтоо нөхөрлөхдөө энэ хүн гэх “зөгийн үүр”-нээс болгоомжтой зайлсхийдэг бөгөөд тэдний дургүйг хүргэж, асуудал үүсгэхээс айдаг. Зарим хүн гэртээ юм уу ажил дээрээ зүй бус харьцаанд өртөж, таагүй байдалтай тулгарсны дараа цуглааны үеэр уураа гаргадаг. Тэд ах эгч нарыг уураа гаргах бай, цохиурын уут болгож байгаа нь тодорхой. Тэд уурлах үедээ утгагүй маргаан үүсгэж, уйлж, аашаа гаргадаг. Тэгвэл хэн тэдэнтэй үнэнийг нөхөрлөж зүрхлэх юм бэ? Хэрвээ тэдэнтэй нөхөрлөөд, зарим үг эмзэг цэгийг нь хөндвөл тэд амиа хорлоно гэж сүрдүүлнэ. Тэгвэл бүр ч төвөгтэй болно. Ийм хүмүүстэй хэвийн нөхөрлөөд нэмэргүй; хэвийн ярилцаад нэмэргүй; хэт халуун дотно юм уу хэт хүйтэн хөндий байх нь нэмэргүй; тэднээс зайлсхийгээд нэмэргүй; хэт ойртоод нэмэргүй; хэрвээ ах эгч нар тэдний аз жаргалтай нийцүүлэн аз жаргалаа илэрхийлэхгүй бол болохгүй; энэ хүмүүст ямар нэг бэрхшээл тулгарах үед ах эгч нар тэдний гай зовлонг хуваалцахгүй бол бас л болохгүй. Тэдэнтэй юу ч хийгээд нэмэргүй. Юу ч хийсэн, тэднийг унтууцуулж, уурлуулж мэднэ. Тэдэнд яаж ч хандсан, хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тодорхой хүмүүсийн байдлын талаарх Миний номлол, нөхөрлөл хүртэл тэдний дургүйг хүргэж мэднэ. Энэ нь яаж тэдний дургүйг хүргэдэг вэ? Тэд “Энэ намайг ил болгож байгаа юм биш үү? Чи надтай харилцаагүй, би хувьдаа юу хийснээ чамд хэлээгүй шүү дээ. Чи яаж мэдэж байгаа юм бэ? Хэн нэгэн ховлосон байж таарна. Хэн чамтай холбоо барьсан, хэн ховлосон, хэн намайг мэдээлснийг би олж мэдэх хэрэгтэй; би зүгээр өнгөрөөхгүй дээ!” гэж боддог. Бодлогогүй, зориуд төвөг уддаг энэ төрлийн хүн юуны ч талаар гажууд бодолтой байж чадах бөгөөд юунд ч зөв хандаж чаддаггүй. Тэд эрүүл ухаангүй! Ухаалаг байдал тэднээс бүрмөсөн ангид бөгөөд тэд үнэнийг бүр ч хүлээн авч чадахгүй. Тэднийг чуулганд байлгах нь ямар ч ашиггүй, зөвхөн хор хөнөөл учруулна. Тэд бол зүгээр л дарамт, хурдан сэгсэрч хаях ёстой ачаа юм; тэднийг даруй цэвэрлэх ёстой!

Хятадад Бурханд итгэх нь агуу улаан лууны дарангуйлал, хавчлагад хүргэдэг бөгөөд мөшгөгдөн мөрдөгдөж, гэртээ харьж чадахгүй байгаа маш олон хүн бий. Гэвч зарим хүн хавчигдаж, гэртээ харьж чадахгүй байх үедээ өөрсдийгөө гавьяа байгуулсан, эсвэл шалгуур хангасан гэж үздэг. Тэд зочин хүлээн авагч айлд амьдардаг бөгөөд хүмүүсийг өөрсдөдөө үйлчлүүлээд зогсохгүй, хэрвээ ямар нэг зүйл хүссэнээр нь болохгүй бол, эсвэл гэрээ санаж эхэлбэл шуугиан тарьж эхэлдэг ба бусад нь тэднийг аргадаж, тэвчих хэрэгтэй болдог. Ийм хүмүүс бодлогогүй, зориуд төвөг уддаг биш гэж үү? Маш олон хүн хавчигдаж байгаа бөгөөд зочин хүлээн авдаг айл олон биш. Ах эгч нар гэртээ харьж чадахгүй хүмүүсийг хайрласандаа л гэртээ байлгадаг. Тэд тэднийг гудамжинд гаргахгүйгээр, гэртээ амьдруулдаг. Энэ нь Бурханы нигүүлсэл биш гэж үү? Гэтэл зарим нь Бурханы нигүүлсэлд талархаж чаддаггүйгээр үл барам, ах эгч нарын хайрыг ч харж чаддаггүй. Харин ч тэд гомдоллож, тэр ч бүү хэл дургүйцэж, цадиггүй авирлана. Ах эгч нарын гэрийн амьдрах нөхцөл үнэндээ өөрсдийнх нь гэрээс арай дээр байдаг. Ялангуяа Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэх тухайд ах эгч нарын гэрт байх нь өөрийн гэрт байхаас ч илүү дээр бөгөөд эв найртай хамтран ажиллах ах эгч нартай байх нь цор ганцаараа байхаас хавьгүй дээр байдаг. Зарим бүс нутгийн амьдрах нөхцөл бага зэрэг дутмаг байсан ч гэсэн амьдралын дундаж стандартад хүрдэг. Хамгийн чухал нь, тэд ах эгч нартай хамт амьдарч, байнга цугларч, Бурханы үгийг идэж ууж, илүү олон үнэнийг ойлгож, эрэлхийллийнх нь зорилго юу болохыг мэдэж авч чадна. Тиймээс үнэнийг эрэлхийлдэг хүмүүс тэр төлөөсийг төлж, тэр зовлонг туулж чаддаг. Ихэнх хүн үүнд зөв хандлагаар ханддаг; тэд энэ зовлон үнэ цэнтэй, өөрсдийнх нь туулах ёстой зүйл гэдгийг мэддэг учраас үүнийг Бурханаас хүлээн авч чаддаг. Тэд үүнд зөв хандаж чаддаг. Гэвч бодлогогүй, зориуд төвөг уддаг, цадиггүй зарим хүн зүгээр л юмыг ингэж ухамсарлаж чаддаггүй. Тэд долоо хоног гэртээ харьж чадахгүй байхыг арай ядан тэвчиж магадгүй ч хоёр долоо хоногийн дараа бухимдаж, нэг хоёр сар болоход цадиггүйрхэж, “Яагаад танай гэр бүл хамтдаа жаргалтай байж болоод, би гэртээ харьж болдоггүй юм бэ? Яагаад би эрх чөлөөгүй байхад та нар бүгдээрээ хүссэнээрээ ирж, очиж болдог юм бэ?” гэдэг. Бусад нь: “Энэ нь агуу улаан лууны хавчлагаас болсон биш үү? Бурханыг дагагчдын хувьд бид ийм зовлонг тэвчих нь зөв биш үү? Энэ жаахан зовлон юу нь сүртэй байгаа юм бэ? Нөхцөл байдлыг бодоод үзвэл гоочлох юм юу байна? Бусад хүн энэ зовлонг тэвчиж чадаж байгаа бол чи яагаад чадахгүй гэж?” хэмээн хариулдаг. Бодлогогүй, зориуд төвөг уддаг хүмүүс огт зовохыг хүсдэггүй. Хэрвээ тэд баригдаж, шоронд орвол гарцаагүй Иудас болно. Зочин хүлээн авагч айлд амьдрахад хэр их зовлон байна гэж? Нэгдүгээрт, хоол унд нь хүний иддэг л зүйл; хоёрдугаарт, хэн ч чамд хүндрэл учруулдаггүй; гуравдугаарт, хэн ч чамайг дээрэлхдэггүй. Зүгээр л чи гэртээ харьж, гэр бүлтэйгээ уулзаж чадахгүй байгаа—тэр жаахан зовлон бодлогогүй, зориуд төвөг уддаг хүмүүст ер хүлээн зөвшөөрөх аргагүй байдаг. Бусад хүн тэдэнд үнэнийг нөхөрлөхөд тэд сонсохоос татгалзаж, харин “Тэр сүржин хоосон сургаалаа надад бүү номло. Би чамаас дутахгүй ойлгодог; би энэ бүхнийг мэднэ! Зүгээр л надад хэл, би хэзээ гэртээ харьж болох вэ? Агуу улаан луу хэзээ манай гэрийг цагдахаа болих вэ? Би хэзээ агуу улаан лууд баривчлагдахгүйгээр гэртээ харьж чадах вэ? Би хэзээ гэртээ харьж чадахаа мэдэхгүй бол амьдраад яах юм бэ!” гэх мэт зүйл хэлдэг. Тэд дахиад л шуугиан тарьж, цааш нь үргэлжлүүлэн газар суугаад хөлөө тийчилдэг—тийчлэх тусмаа улам уурлаж, уйлж унжин, цадиггүй авирладаг. Бусад нь: “Дуугаа намсга. Хэрвээ чамайг ингээд байвал хөршүүд сонсож, энд гаднын хүн амьдарч байгааг мэдвэл бид илчлэгдэнэ шүү дээ?” гэдэг. Тэд: “Надад хамаагүй, би зүгээр л шуугиан таримаар байна! Та нар бүгдээрээ гэртээ харьж чадна, харин би чадахгүй. Энэ шударга биш! Би та нарыг ч бас яг над шиг гэртээ харьж чадахгүй болтол шуугиан тарина даа!” гэж хариулдаг. Тэдний цадиггүй ааш авир намждаггүй бөгөөд хорсол нь ил гардаг; хэн ч тэднийг үгэндээ оруулж чаддаггүй, хэн ч тэднийг ятгаж чаддаггүй. Ааш зан нь бага зэрэг дээрдэх үедээ тэд тайвширч, шуугиан тарихаа больдог. Гэхдээ хэн мэдэх билээ—тэд хэзээ ч хамаагүй дахиад л цадиггүй аашилж, шуугиан тарьж мэднэ: Тэд гадуур зугаалж, эрх чөлөөтэй байхыг хүсэж, гэр дотор чанга ярьдаг; тэд байнга гэртээ харих гэж төлөвлөнө. Ах эгч нар тэдэнд “Гэртээ харих нь хэтэрхий эрсдэлтэй; тэнд цагдаа нар отолт хийж, цагдаж байгаа” гэж анхааруулдаг. Тэд: “Надад хамаагүй, би буцмаар байна! Тэд нар намайг баривал барина л биз! Юу нь сүртэй юм бэ? Хамгийн муудаа л би Иудас болно биз!” гэж хариулдаг. Энэ солиорол биш гэж үү? (Тийм.) Тэд Иудас болоход бэлэн гэдгээ ил тод хэлдэг. Хэн тэднийг гэртээ байлгаж зүрхлэх юм бэ? Иудасыг гэртээ байлгахыг хүсэх хүн байна уу? (Байхгүй.) Ийм хүн Бурханд итгэгч мөн үү? Ах эгч нар тэднийг Бурханд итгэгчийн хувиар гэртээ байлгадаг. Хэрвээ бага зэрэг хүн чанаргүй байвал тэвчиж болно; үнэнийг эрэлхийлдэггүй байсан ч тэвчиж болно. Гэвч тэд чуулганаас урваж, Иудас болсноор ах эгч нарыг хорлож, улмаар олон хүнийг гэртээ харьж чадахгүй, эсвэл үүргээ хэвийн гүйцэтгэж чадахааргүй болгож чадна—энэ үр дагаврын бурууг хэн үүрч чадах юм бэ? Чи ийм дайсныг гэртээ байлгаж зүрхлэх үү? Тэднийг гэртээ байлгах нь өөртөө гай дуудаж байгаа хэрэг биш үү?

Бодлогогүй, зориуд төвөг уддаг хүмүүс үйлдэл хийхдээ зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг л бодож, таалагдсан бүхнээ хийдэг. Тэдний үг утгагүй тайлбар, тэрс үзэл төдийхөн бөгөөд тэдэнд учирлаад нэмэргүй байдаг. Тэд харгис зан чанараар бялхаж байдаг. Өөрсдөдөө гай удахаас айсандаа хэн ч тэдэнтэй харилцаж зүрхэлдэггүй, хэн ч тэдэнтэй үнэнийг нөхөрлөхийг хүсдэггүй. Бусад хүн тэдэнд санаа бодлоо ярих болгондоо түгшиж, тэдэнд таалагдахгүй, хүсэлд нь нийцэхгүй үг хэлбэл тэрийг нь шүүрч аваад, хорсолтойгоор буруутгах вий гэж айдаг. Ийм хүмүүс ёрын муу бус уу? Тэд амьд чөтгөрүүд биш үү? Харгис зан чанартай, эрүүл бус ухаантай хүмүүс бол бүгд амьд чөтгөрүүд. Хүн амьд чөтгөртэй харилцах үедээ агшин зуурын хайхрамжгүй байдлаас өөртөө гай гамшиг авчрах боломжтой. Ийм амьд чөтгөрүүд чуулганд байвал том асуудал үүсгэх биш үү? (Тэгнэ.) Энэ амьд чөтгөрүүд муухай аашилж, уур хилэнгээ гаргасныхаа дараа хэсэг зуур хүн шиг ярьж, уучлал гуйж болох ч дараа нь өөрчлөгдөхгүй. Хэзээ ааш муутай болж, дахиад бухимдлаа гаргаж, утгагүй тайлбараа чалчихыг хэн мэдэх билээ. Тэдний бухимдал, уур хилэнгийн бай тухай бүрдээ өөр өөр байдаг, уур хилэнгийнх нь эх үүсвэр, нөхцөл байдал ч мөн адил. Өөрөөр хэлбэл, юу ч тэднийг өдөөн хатгаж, юу ч тэдний сэтгэл ханамжгүй байдлыг төрүүлж, юу ч тэднийг бухимдаж, цадиггүй авирлахад хүргэж чадна. Ямар аймшигтай юм бэ! Ямар төвөгтэй юм бэ! Энэ мэдрэл муутай ёрын муу хүмүүс хэзээ ч галзуурч мэднэ; тэдний юу хийж чадахыг хэн ч мэдэхгүй. Би ийм хүмүүсийг хамгийн их үзэн яддаг. Тэднийг нэг бүрчлэн цэвэрлэх ёстой—тэднийг бүгдийг нь зайлуулах ёстой. Би тэдэнтэй орооцолдохыг хүсэхгүй байна. Тэд мунгинасан бодолтой, балмад зан чанартай, утгагүй тайлбар, диаволын үгээр дүүрэн байдаг бөгөөд өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох үед адгуу байдлаар уураа гаргадаг. Зарим нь уураа гаргахдаа уйлдаг, зарим нь хашхирдаг, бусад нь хөлөө дэвсэлдэг, тэр ч бүү хэл толгойгоо сэгсэрч, гар хөлөө савчдаг хүмүүс ч бий. Тэд зүгээр л араатан болохоос хүн биш. Зарим тогооч уурлахаараа сав суулга, аяга тавгаа шиддэг; гахай юм уу нохой тэжээдэг бусад хүн уурлахаараа эдгээр амьтныг өшиглөж, цохиж, хамаг уураа тэдэнд гаргадаг. Энэ хүмүүс юу ч тохиолдсон, үргэлж уурлаж хариу үйлдэл үзүүлдэг; тэд өөрсдийгөө тайвшруулж эргэцүүлдэггүй, үүнийг Бурханаас ч хүлээн авдаггүй. Тэд залбирдаггүй, үнэнийг эрж хайдаггүй, бусадтай нөхөрлөхийг ч эрж хайдаггүй. Өөр сонголтгүй байх үедээ тэд тэвчдэг; тэвчих хүсэлгүй үедээ тэд галзуурч, утгагүй тайлбар тавьж, бусдыг буруутгаж, ялладаг. Тэд ихэвчлэн “Та нар бүгдээрээ боловсролтой болохоор намайг дорд үздэгийг би мэднэ”; “Та нарын гэр бүл баян болохоор намайг ядуу гэж басамжилдгийг би мэднэ”; эсвэл “Надад итгэлийн суурь байхгүй болохоор та нар намайг басамжилдаг, би үнэнийг эрэлхийлдэггүй болохоор та нар намайг басамжилдгийг би мэднэ” гэх мэт зүйл хэлдэг. Тэд өөрсдийнхөө олон асуудлыг илт мэдэж байгаа хэр нь тэдгээрийг шийдвэрлэхийн тулд хэзээ ч үнэнийг эрж хайдаггүй, бусадтай нөхөрлөхдөө өөрийгөө мэдэх тухай ярилцдаг ч үгүй. Өөрсдийнх нь асуудлыг дурдах үед тэд булзааруулж, худал сөрөг буруутгал хийж, бүх асуудал, хариуцлагыг бусад руу чихдэг, тэр ч бүү хэл өөрсдийнх нь зан авирын шалтгаан нь бусад хүн өөрсдөд нь зүй бус хандсанаас болсон гэж гомдоллодог. Тэдний муухай ааш, мэдрэмжгүй төвөг уддаг нь бусдаас болсон мэт, бусад бүх хүн буруутай мэт, тэдэнд ингэж авирлахаас өөр сонголт байгаагүй мэт, мөн тэд өөрсдийгөө зүй ёсоор хамгаалж байгаа мэт байдаг. Тэд сэтгэл ханамжгүй байх болгондоо хорслоо гаргаж, дэмий зүйл ярьж эхэлдэг бөгөөд бусад бүх хүн буруутай мэт, ганцхан өөрөө л сайн хүн, бусад бүх хүн хорон санаатан мэт утгагүй тайлбар тавьдаг. Тэд хэчнээн муухай аашилж, утгагүй тайлбар тавьсан ч өөрсдийнхөө талаар сайнаар яриулах гэж шаарддаг. Тэд буруу зүйл хийх үедээ ч бусад хүн өөрсдийг нь ил болгох юм уу шүүмжлэхийг хориглодог. Хэрвээ чи тэдний өчүүхэн төдий асуудлыг ч хэлбэл тэд чамайг эцэс төгсгөлгүй маргаанд хутгах бөгөөд тэр үед чи амар тайван амьдрах тухай мартаж болно. Энэ ямар гээчийн хүн бэ? Энэ бол бодлогогүй, зориуд төвөг уддаг хүн бөгөөд ийм хүмүүс бол ёрын муу хүмүүс юм.

Бодлогогүй, зориуд төвөг уддаг хүмүүс ерөнхийдөө ямар нэг томоохон урвалт юм уу ёрын муу үйл хийхгүй байж магадгүй ч ашиг сонирхол, нэр хүнд, нэр төр нь хөндөгдмөгц тэр даруй дэлбэртлээ уурлаж, муухай аашилж, цадиггүй авирлаж, тэр ч бүү хэл амиа хорлоно гэж сүрдүүлдэг. Надад хэл дээ, хэрвээ ийм утгагүй, эрүүл ухаангүй бүдүүлэг хүн гэр бүлд гарч ирвэл бүхий л гэр бүлийнхэн зовохгүй гэж үү? Тэгвэл тэр айл үймээн самуунд автаж, уйлаан майлаанаар дүүрч, тэвчиж амьдрахааргүй болно. Зарим чуулганд ийм хүмүүс байдаг; хэдийгээр бүх зүй хэвийн үед анзаарагдахгүй байж болох ч тэд хэзээ тэсэрч, өөрсдийгөө илчлэхийг чи хэзээ ч мэдэхгүй. Ийм хүмүүсийн гол илрэлд муухай аашлах, утгагүй тайлбар тавих, олон нийтийн өмнө хараал хэлэх зэрэг багтдаг. Эдгээр зан авир сард нэг удаа, эсвэл хагас жилд нэг удаа гардаг байсан ч ихээхэн зовлон, бэрхшээл учруулж, ихэнх хүний чуулганы амьдралд янз бүрийн түвшний үймээн авчирдаг. Хэрвээ хэн нэгэн энэ ангилалд багтдаг нь үнэхээр батлагдвал түүнийг даруй шийдвэрлэж, чуулганаас зайлуулах ёстой. Зарим хүн: “Энэ хүмүүс ямар ч муу зүйл хийдэггүй. Тэднийг ёрын муу хүмүүс гэж үзэж болохгүй; бид тэдэнд хүлээцтэй, тэвчээртэй хандах ёстой” гэж хэлж магадгүй. Надад хэл дээ, ийм хүмүүсийг шийдвэрлэхгүй байх нь зүгээр үү? (Үгүй, зүгээр биш.) Яагаад үгүй гэж? (Яагаад гэвэл тэдний үйлдэл ихэнх хүнд ихээхэн төвөг удаж, бухимдал төрүүлж, мөн чуулганы амьдралд үймээн учруулдаг.) Энэ үр дүнд үндэслэн үзвэл, чуулганы амьдралыг үймүүлдэг хүмүүс ёрын муу хүмүүс юм уу антихристүүд биш байсан ч гэсэн чуулганд үлдэх ёсгүй нь тодорхой байна. Учир нь ийм хүмүүс үнэнийг хайрладаггүй, харин зэвүүцдэг бөгөөд Бурханд хэчнээн олон жил итгэсэн ч, хэчнээн олон номлол сонссон ч үнэнийг хүлээн авахгүй. Тэд ямар нэг муу зүйл хийгээд засуулмагцаа муухай аашилж, дэмий зүйл чалчдаг. Хэн нэгэн тэдэнд үнэнийг нөхөрлөх үед ч тэд хүлээж авдаггүй. Хэн ч тэдэнд учирлаж чаддаггүй. Би тэдэнд үнэнийг нөхөрлөх үед ч гэсэн тэд гаднаа дуугүй байж болох ч дотроо хүлээж авдаггүй. Бодит нөхцөл байдалтай тулгарах үедээ тэд урьдын адил үйлдсээр байдаг. Тэд Миний үгийг сонсдоггүй, тиймээс та нарын зөвлөгөөг бүр ч хүлээж авахгүй. Хэдийгээр энэ хүмүүс томоохон муу үйл хийхгүй байж магадгүй ч үнэнийг өчүүхэн төдий ч хүлээж авдаггүй. Тэдний уг чанар-мөн чанарыг харахад, тэд мөс чанар, эрүүл ухаангүйгээр үл барам, бодлогогүй, зориуд төвөг уддаг, учирлаад нэмэргүй байдаг. Ийм хүмүүс Бурханы авралыг хүртэж чадах уу? Яавч үгүй! Үнэнийг огт хүлээж авдаггүй хүмүүс бол үл итгэгчид, Сатаны зарц нар юм. Юм санаснаар нь болохгүй үед тэд муухай аашилж, утгагүй тайлбар тавьсаар байдаг бөгөөд үнэнийг яаж ч нөхөрлөсөн бай, сонсдоггүй. Ийм хүмүүс бодлогогүй, зориуд төвөг уддаг, цэвэр диавол, муу ёрын сүнснүүд юм; тэд араатнаас ч долоон дор! Тэд эрүүл ухаангүй, сэтгэцийн асуудалтай хүмүүс бөгөөд хэзээ ч жинхэнээсээ гэмшиж чадахгүй. Тэд чуулганд удах тусмаа Бурханы талаар илүү олон үзэлтэй болж, Бурханы гэрт илүү олон үндэслэлгүй шаардлага тавьж, чуулганы амьдралд илүү их үймээн, хор хөнөөл учруулдаг. Энэ нь Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролт болон чуулганы ажлын хэвийн ахиц дэвшилд нөлөөлдөг. Тэдний чуулганы ажилд учруулдаг хор хөнөөл нь ёрын муу хүмүүсийнхээс дутахгүй; тэднийг чуулганаас эртхэн зайлуулах ёстой. Зарим хүн: “Тэд зүгээр л бага зэрэг цадиггүй юм биш үү? Тэд ёрын муу байх хэмжээнд хүрээгүй, тиймээс тэдэнд хайраар хандах нь дээр биш үү? Хэрвээ бид тэднийг үлдээвэл тэд өөрчлөгдөж, аврагдаж магадгүй” гэж хэлдэг. Би чамд хэлье, энэ боломжгүй! Үүнд ямар ч “магадгүй” гэсэн зүйл байхгүй—энэ хүмүүс яавч аврагдаж чадахгүй. Учир нь тэд үнэнийг ойлгож чадахгүй, хүлээж авч бүр ч чадахгүй; тэд мөс чанар, эрүүл ухаангүй, сэтгэх үйл явц нь хэвийн бус, тэр ч бүү хэл биеэ авч явахад шаардлагатай хамгийн наад захын суурь мэдлэг ч тэдэнд байхгүй. Тэд бол эрүүл ухаангүй хүмүүс. Бурхан ийм хүмүүсийг яасан ч авардаггүй. Арай хэвийн сэтгэхүйтэй, илүү сайн хэв чанартай хүмүүс ч гэсэн үнэнийг огт хүлээж авахгүй бол аврагдаж чадахгүй байхад эрүүл ухаангүй хүмүүсийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм хүмүүст хайраар хандаж, найдвар тээсээр байх нь хэтэрхий тэнэг, мэдлэггүй хэрэг биш үү? Би одоо та нарт хэлье: Бодлогогүй, зориуд төвөг уддаг, учирлаад нэмэргүй хүмүүсийг чуулганаас цэвэрлэх нь туйлын зөв. Энэ нь тэдний чуулган болон Бурханы сонгосон хүмүүсийг дарамтлах явдлыг үндсээр нь тасалдаг. Энэ бол удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага юм. Хэрвээ аль нэг чуулганд ийм үндэслэлгүй хүмүүс байвал Бурханы сонгосон хүмүүс тэднийг мэдээлэх ёстой бөгөөд удирдагч, ажилчид ийм мэдээлэл авмагцаа даруй шийдвэрлэх ёстой. Энэ бол зургаа дахь төрлийн хүмүүс буюу бодлогогүй, зориуд төвөг уддаг хүмүүсийг шийдвэрлэх зарчим юм.

Ё. Байнга садар самуун үйлдэх

Долоо дахь төрөл бол садар самуун үйлддэг хүмүүс буюу нийтлэг дурдагддаг бүлэг юм. Хэдийгээр тэдний хүн чанарын илрэл тийм ч ёрын муу биш—хагарал үүсгэх, эсвэл муу үйл үйлдэж, үймээн дэгдээхтэй адилгүй ч гэсэн—тэдэнд нэг нийтлэг шинж байдаг нь эсрэг хүйстэнтэй харилцах харилцаанд нь асуудал, хэрэг явдал үргэлж гарч ирдэг явдал юм. Боломж олдох эсэхээс үл хамааран тэдэнд ийм асуудал үргэлж гардаг бөгөөд хэрвээ боломж байхгүй бол тэд боломжийг бий болгодог, ингэснээр ямар ч байсан ийм “түүх” өрнөнө. Нөхцөл байдал ямар байх, нөгөө хүн нь хэн байх, эсвэл тэр хүн тэднээс хэр хол байхаас үл хамааран ийм хэрэг явдал тэдэнд үе үе тохиолддог. Ямар хэрэг явдал вэ? Тэд хэн нэгэнтэй болздог, эсвэл хэн нэгэнтэй дотносохыг үргэлж хүсдэг, эсвэл хэн нэгэнд сэтгэлтэй болдог, эсвэл хэн нэгэнд нүд унагадаг гэх мэт. Тэд хэвийн амьдарч, үүргээ хэвийн гүйцэтгэж үргэлж чаддаггүй, тачаангуй хүсэлдээ үргэлж автдаг. Өөрөөр хэлбэл, хэвийн хүмүүс ийм асуудалтай орооцолдохооргүй ердийн нөхцөл байдалд тэд байнга орооцолддог. Тэдэнд ямар нэг онцгой нөхцөл байдал шаардлагагүй, эсвэл хэн нэгэн боломж бүрдүүлж өгөх шаардлагагүй; эдгээр хэрэг явдал зүгээр л аяндаа тохиолддог. Ийм хэрэг гарсны дараа үр дагавар нь ямар байхаас үл хамааран нэг бүлэг хүн, эсвэл тодорхой нэг хүн үргэлж үүний төлөөсийг төлөхөд хүрдэг. Тэд ямар төлөөс төлдөг вэ? Тэдний үүргийн гүйцэтгэлд нөлөөлдөг; чуулганы ажил саатаж, саад учирдаг; зарим залуусын сэтгэл нь үймэрч, уруу татагдаж, Бурханд итгэх болон үүргээ гүйцэтгэх сонирхолгүй болдог; зарим хүн бүр үүргээ алдах юм уу орхидог. Садар самуун үйлддэг хүмүүс дэндүү төвөгтэй. Алхам тутамд нь эсрэг хүйстнүүд тэднийг тойрон эргэлдэж, тэдэнд ойртож, тэдэнтэй сээтэгнэж, тэр ч бүү хэл тоглоом шоглоом хийдэг. Хэдийгээр мөн чанарын ноцтой асуудал үүсэхгүй байж болох ч тэд Бурханы сонгосон хүмүүсийг хэвийн байдлаар үүргээ гүйцэтгэхэд нь ноцтой үймүүлдэг. Тэд хаашаа ч явсан бусдад, ажилд, чуулганд төвөг, үймээн авчирдаг бөгөөд боломж л гарвал өөрсдөдөө аятайхан санагдсан эсрэг хүйстнээ уруу татаж, харилцаа тогтоодог. Энэ нь дэндүү их чирэгдэлтэй. Тэд хэн нэгэнд сэтгэл алдармагц уг хүн азгүйтэж, цаашид Бурханд хэвийн итгэж, үүргээ хэвийн гүйцэтгэж чадахаа больдог. Үр дагавар нь төсөөлөхийн аргагүй. Тэр хүн уруу татагчтай холбоо барихгүй, уулзахгүй байж чаддаггүй бөгөөд үүргээ завгүй гүйцэтгэх зуураа гэрлэж, суурьшиж чаддаггүй, харилцаа нь салшгүй хэвээр байдаг. Эцэст нь юу болдог вэ? Тэд аймшигтай их зовж эхэлдэг, маш их шаналдаг! Хэрвээ тэд гамшигт шийтгүүлэх хүртлээ тэсвэл бүх зүйл нь бүрмөсөн дуусаж, аврагдах найдвар нь тасардаг. Зарим нь нэг удаа зөрчил гаргаад, засалт туулах үедээ гэмшдэггүй, харин хоёр, бүр гурав дахь удаагаа зөрчил гаргаж, хоёр гурван жилийн дотор гурав дөрвөн харилцаа үүсгэдэг нь Бурханы сонгосон хүмүүс болон чуулганы амьдралыг үймүүлж, Бурханы сонгосон хүмүүст жигшигдэхэд хүрдэг. Энэ нь насан туршдаа харамсах толбо үлдээдэг.

Зарим хүн бага зэрэг царайлаг, тодорхой хэмжээнд дэгжин, зарим нэг билиг авьяастай, эсвэл зарим чухал ажлыг гүйцэтгэж байгаагаас болоод эсрэг хүйстнүүд нь үргэлж ялаа шиг тэдэнд наалдаж, тэднийг тойрон хүрээлж байдаг. Зарим нь тэдэнд хоол зөөж, зарим нь орыг нь засч, зарим нь хувцсыг нь угааж, зарим нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн авч өгч, жижиг бэлэг сэлт өгдөг гэх мэт. Тэд ирсэн бүхнийг угтан авч, бусдын ийм зан авир зохисгүй гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байсан ч огт татгалздаггүй бөгөөд эсрэг хүйсийн хэд хэдэн хүнийг нэгэн зэрэг уруу татдаг. Тэр хүмүүс тэдэнд үйлчлэх боломжийн төлөө хоорондоо өрсөлдөж, бие биетэйгээ тэмцэлдэж, атаархдаг бол садар самуун хүн тэр мэдрэмжээс таашаал авч, өөрийгөө маш дур булаам гэж үздэг. Үнэндээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн явдлыг насанд хүрэгчид сайн ойлгодог, зарим насанд хүрээгүй хүүхэд ч ойлгодог; зөвхөн тэнэгүүд, оюуны хомсдолтой, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс л ойлгодоггүй. Энэ хүмүүс яагаад эсрэг хүйстэндээ үйлчилж, таалагдахын төлөө ингэтлээ ширүүн өрсөлддөг вэ? Энэ нь зүгээр л уруу татахыг хүсэж байгаа хэрэг биш гэж үү? Үүнийг тайлбарлах шаардлагагүй; юу болж байгааг хүн бүр мэднэ. Энэ бол хүмүүсийн сайн мэддэг, илт зохисгүй зүйл боловч тэр хүн татгалздаггүй, харин чимээгүйхэн зөвшөөрдөг—үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Үүнийг сээтэгнэх гэж нэрлэдэг. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох сээтэгнэл гэдгийг тэд мэддэг ч махан биеийн тачаангуй хүслээ хангахаас үүдэх сэтгэл ханамжийн төлөө татгалзахыг хүсдэггүй. Тэд энэ мэдрэмжийг нэг төрлийн таашаал, дэлхий дээрх ямар ч амтат хоолноос илүү сайхан зүйл гэж үздэг тул татгалздаггүй. Тухайн хүн татгалзахгүй байх үед тэднийг уруу татаж байгаа хүмүүс бүр ч их баярлаж, өөрсдийгөө тэр хүнд таалагддаг гэж бодон, дотроо энэ нөхцөл байдлыг таашаадаг. Тэр хүн бодитой харилцаа үүсээгүй цагт энэ нь ноцтой зүйлд тооцогдохгүй, үл итгэгчдийн дундах садар самуун явдал хамаагүй дор, энэ бол сайндаа л уруу таталт гэж тооцогддог, жирийн болзоотой адилхан гэж боддог. Гэхдээ болзоо ийм байх ёстой гэж үү? Өнөөдөр нэг хүнтэй, маргааш өөр хүнтэй, хэнтэй ч хамаагүй ахин дахин хөнгөмсгөөр болзож, уруу татдаг. Ийм садар самуун хүмүүс хаа ч явсан тачаангуй хүслээ гаргах, гайхуулах, уруу татахыг урьтал болгодог. Тэд хэдий чинээ олон хүнийг уруу татна, төдий чинээ аз жаргалтай байдаг. Эцэст нь юу болдог вэ? Ахин дахин гайхуулсны дараа зарим ах эгч тэдний зан авирыг ялган таньж, дээд түвшний удирдагчдад хамтдаа захидал бичдэг. Мөрдөн шалгалтаар тэдний мэдээллийг баталгаажуулж, садар самуун хүнийг чуулганаас цэвэрлэдэг. Юу болдгийг харав уу? Тэдний Бурханд итгэх зам ингээд дуусаж байгаа биш үү? Тэдний төгсгөл илчлэгдсэн. Хүмүүсийн тэвчишгүй гэж үздэг тэдний үйлдэл, зан авир Бурханд бүр ч жигшүүртэй байдаг. Энэ хүмүүсийн гаргадаг зан авир нь хүмүүсийн хоорондох зүй зохистой харилцааг төлөөлдөггүй, хэвийн хүний хэрэгцээг ч тусгадаггүй. Тэдний үйлдлийг гуравхан үгээр тодорхойлж болно: “садар самуун явдал.” Садар самуун явдал гэж юуг хэлдэг вэ? Энэ нь эсрэг хүйстэнтэйгээ замбараагүй харилцаа тогтоож, бусдыг хүссэнээрээ хариуцлагагүйгээр уруу татаж, эсрэг хүйстнээ өдөж, дарамтлахыг хэлнэ. Энэ бол хуял тачаалаар наадаж, ингэхдээ төлөөс юм уу үр дагаврыг бодолцохгүй байгаа хэрэг юм. Хэрвээ эцэст нь хэн нэгэн өгөөш үмхэж, тэдэнтэй романтик байдлаар сээтэгнэвэл тэд үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, “Би зүгээр л тоглож байсан юм. Чи нухацтай авч үзээ юу? Би үнэндээ тийм утгаар хэлээгүй; чи хэтрүүлж бодоод байна” гэдэг. Энэ нь хүмүүсийг уруу татаж байгаа диавол биш гэж үү? Нэг хүнийг уруу татсаныхаа дараа тэд дараагийнхаа байг хайж, бусдыг уруу татдаг. Тэд ямар муухай, хорлонтой юм бэ! Хэн нэгнийг уруу татсаныхаа дараа тэд хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Хэрвээ хэн нэгэн ийм хүнд төөрөлдөж, орооцолдвол энэ нь жигшүүртэй биш гэж үү? (Тийм ээ.) Бусдыг хөнгөмсгөөр уруу татдаг хүмүүс үзэн ядмаар уу? (Тийм.) Хэрвээ хүн гэрлэх насанд хүрч, насанд хүрсэн бол Бурханы гэр тэднийг хэвийн болзож, эсвэл гэрлэж, хамтдаа хэвийн байдлаар амьдрахыг нь эсэргүүцдэггүй бөгөөд үүнийг нь зөвшөөрч, ийм юм хийх эрх чөлөө олгодог гэдгийг Бурханы гэр анхнаасаа мэдэгдсэн. Гэхдээ хэд хэдэн нөхцөл бий: Садар самуун үйлдэхийг зөвшөөрөхгүй; эсрэг хүйстнээ хөнгөмсгөөр уруу татаж, сээтэгнэж, дураараа дарамтлахыг зөвшөөрөхгүй. Бурханы гэр болзохыг хязгаарладаггүй ч хөнгөмсгөөр уруу татахыг зөвшөөрдөггүй. Хөнгөмсгөөр уруу татах гэж юу гэсэн үг вэ? Энэ нь эсрэг хүйстнээ дарамталж, дараа нь тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй байхыг хэлнэ. Тэдний дарамталдаг хүмүүс чин сэтгэлээсээ хайрладаг хүн нь биш; тэд урт хугацааны харилцаа тогтоох, эсвэл гэрлэх бодолгүй, харин зүгээр л уруу татаж, нөгөө хүнээрээ тоглож, тэднээс таашаал авч, сэтгэлийн хөөрөл эрэлхийлж, хэд хэдэн хамтрагчтай орооцолдож, шалиг хүн шиг авирлахыг хүсдэг—үүнийг садар самуун явдал гэж нэрлэдэг. Чуулганд садар самуун явдлыг зөвшөөрдөггүй бөгөөд хэрвээ ийм зүйл гарвал холбогдох талуудыг хүмүүсийг зайлуулах зарчмын дагуу шийдвэрлэх ёстой. Мэдээж сайн мэдээний багууд дотор, бүтэн цагийн үүрэгтэй чуулганы ч бай, жирийн чуулганы ч бай, сайн мэдээ номлодог хүмүүст ийм нөхцөл байдал гарахыг зөвшөөрөхгүй. Хэрвээ хэн нэгэн хүн сайн мэдээ түгээх нэрийдлээр бусдыг хөнгөмсгөөр уруу татаж, хамтран ажиллахдаа зөвхөн эсрэг хүйстнээ сонгож, эсвэл зөвхөн эсрэг хүйстэндээ сайн мэдээ номлож, улмаар зохисгүй харилцаа тогтоох боломжийг ашиглавал энэ нь Бурханы сайн мэдээний ажлыг үймүүлж, саад болдог. Удирдагч, ажилчид ийм хүмүүсийг даруй цэвэрлэх ёстой.

Зарим хүн эсрэг хүйстнээ олж, садар самуун үйлдэхийн тулд насыг үл тоодог бөгөөд насны хязгаар тавьдаггүй. Тэд ичих нүүргүйгээр чадах чинээгээрээ олон хүн уруу татахыг л хичээдэг. Зарим нь эсрэг хүйстнээ уруу татахдаа зөвхөн махан биеийн тачаангуй хүслээ хангаад зогсдоггүй—тэд нөгөө хүнээсээ амьжиргааны зардлаа төлүүлэх, юм авхуулах гэх мэт зүйл шаарддаг. Хэрвээ та нар ийм хүмүүсийг олж илрүүлбэл, эсвэл хэн нэгэн хүн ийм явдлыг мэдээлбэл тэднийг даруй шийдвэрлэх ёстой. Цорын ганц шийдэл нь энэ хүмүүсийг зайлуулах, бүрмөсөн зайлуулах явдал юм. Учир нь ийм асуудалтай хүмүүсийн хувьд энэ нь яавч түр зуурын асуудал биш. Ялангуяа гэрлэсэн хүмүүсийн хувьд бүр ч тийм байдаг—гэртээ хань ижилтэй хэр нь сайн мэдээ түгээх нэрийдлээр эсрэг хүйстнээ тусгайлан онилсоор байдаг. Тэд баян, ядуу ямар ч хамаагүй хүн хайдаг бөгөөд хэрвээ таалагдсан хүнээ олбол сайн мэдээ ч түгээхээ болиод тэр хүнтэй хамт зугтаж—зүгээр л Бурханд итгэхээ больж ч мэднэ. Хэрвээ ийм хүмүүсийг эртхэн олж илрүүлж чадвал өөр боломж олгохгүйгээр, цаашид ажиглах шаардлагагүйгээр сайн мэдээ номлодог хүмүүсийн эгнээнээс хурдан, бүрмөсөн зайлуулах ёстой. Ойлгож байна уу? Зарим хүн: “Зарим хүний амьдрал хэцүү байдаг. Хэрвээ тэд гэр бүл зохиохын тулд эсрэг хүйстнээ уруу татаад, нөгөө хүн нь Бурханд итгэж, тэднийг дэмжиж чадвал энэ нь хоёуланд нь ашигтай нөхцөл байдал биш гэж үү?” гэж хэлдэг. Би чамд хэлье, ийм хүмүүсийг аль болох эртхэн зайлуулах хэрэгтэй; тэд гэр бүлийн амьдралын төлөө бус, харин садар самуун үйлдэхийн төлөө л байдаг. Би яагаад ийм итгэлтэй байна вэ? Хэрвээ тэд садар самуун үйлддэг төрлийн хүн биш байсан бол Бурханд итгэснийхээ дараа тийм зан авираа яавч үргэлжлүүлэхгүй, харин жигшмээр гэж үзэх байсан, ялангуяа гэрлэсэн бол бүр ч тэгэх байсан. Одоо дэлхий даяарх чиг хандлага садар самуун, хорон муу байна; хүмүүс тачаангуй хүсэлдээ автаж, ямар ч бие барих шаардлагагүйгээр хэн нь илүү олон эсрэг хүйстнээ уруу татаж чадахаа үзэн өрсөлддөг, учир нь энэ нийгэм, энэ хүн төрөлхтөн эдгээр үйлдлийг яллаж, шоолдоггүй. Тиймээс хүмүүс садар самуун үйлдэж, биеэ үнэлж мөнгө олж чадвал энэ нь ур чадвар, чадамжийн тэмдэг гэж боддог. Тэд үүнийг бахархах зүйл гэж үздэг. Гэвч Бурханд итгэсний дараа эдгээр явдлын талаарх хүмүүсийн үзэл бодол бүрэн өөрчлөгддөг. Тэд махан биеийн тачаангуй хүсэлд хандах зөв арга замыг олдог бөгөөд энэ нь юуны түрүүнд биеэ барихыг шаарддаг. Хүн яаж биеэ барьж болох вэ? Хүмүүс ичгүүр сонжуурыг мэддэг байх хэрэгтэй, ичих мэдрэмжтэй байх хэрэгтэй. Үүнийг л хэвийн хүн чанар гэж нэрлэдэг. Хүн бүрд тачаангуй хүсэл байдаг ч хүмүүс биеэ барьж, ичих мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тэдэнд иймэрхүү бодол төрсөн ч гэсэн Бурханд итгэдэг, мөс чанар, эрүүл ухаантай учраас биеэ барих ёстой. Тэд оюун санаанд нь байгаа зохисгүй бодлыг яавч дагах ёсгүй, тэр тусмаа дураар нь тавьж болохгүй. Тэд эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Үнэнийг ойлгодоггүй шинэ итгэгчид байлаа ч гэсэн хүний ёс суртахууны хамгийн наад захын стандартаар өөрсдийгөө хэмжих ёстой. Хэрвээ чамд ийм түвшний биеэ барих чадвар ч байхгүй бол чамд хэвийн хүн чанар, хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаан дутагдаж байна. Бүх төрлийн амьтан энэ тал дээр тодорхой дэг журмыг дагаж, дүрмийг баримталдаг, цадиггүй авирладаггүй; хүмүүсийн хувьд цадиггүй авирлах магадлал бүр ч бага байх ёстой бөгөөд бүр ч их биеэ барих ёстой. Хэрвээ чамд ийм түвшний биеэ барих, өөрийгөө хянах чадвар ч байхгүй бол чи яаж үнэнийг эрж хайж, хэрэгжүүлнэ гэж найдаж чадах юм бэ? Хэрвээ чи хорон муу тачаалаа ч шийдвэрлэж чадахгүй бол завхарсан зан чанараа яаж шийдвэрлэж чадах юм бэ? Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвадаг уг чанарыг чинь шийдвэрлэх бүр ч боломжгүй байх бус уу? (Тийм.) Хэрвээ чи махан биеийн тачаангуй хүслийг ч шийдвэрлэж чадахгүй бол завхарсан зан чанараа шийдвэрлэнэ гэж яаж найдах юм бэ? Энэ талаар бодоод ч хэрэггүй. Чи үүнд хүрч чадахгүй.

Зарим хүн сайн мэдээ номлох зуураа болзох боломжийг үргэлж хайдаг бөгөөд ийм явдал байнга тохиолддог. Хийвэл зохих ажлаа үл тоомсорлон хайр дурлалын харилцаанд зуршмал байдлаар оролцдог хүмүүс зайлуулагдаж, шийдвэрлэгдсэн, харин хааяа зөрчил гаргадаг хүмүүс анхааруулга авдаг. Хорон муу зан чанартай энэ хүмүүс тохиромжтой нөхцөл байдлыг олж, амраг гэж тооцогдох хүнтэйгээ учирмагцаа уруу таталтад автдаг. Ийнхүү Бурханд итгэснээр ерөөл хүртэх санаархал нь хорон муу тачаал дунд нь замхардаг. Тэд хайр дурлалын харилцаанд ормогцоо бусад бүх зүйлийг үл тоомсорлож, тэр ч бүү хэл ерөөгдөх санаархлаа орхиж, зөвхөн махан биеийн аз жаргалыг хөөцөлддөг. Нэг хоёр удаа зөрчил гаргасны дараа тэд өөрсдийгөө бага зэрэг буруутгаж, шаналж магадгүй ч гурав дөрвөн удаагийн зөрчлийн дараа энэ нь садар самуун явдал болдог. Садар самуун явдал тогтмогц тэд өөрсдийгөө буруутгах юм уу шаналахаа больдог, учир нь хүний хүн чанарын хамгийн наад захын суурь болох ичгүүрийн давхарга хэдийнээ цоорсон байдаг. Тэд садар самуун явдлыг ичгүүртэй гэж үзэхээ больж, улмаар үргэлжлүүлэн үйлддэг. Садар самуун явдлаа үргэлжлүүлэн үйлдэж чаддаг хүмүүс тачаангуй хүсэлдээ тун их автсан байдаг бөгөөд биеэ барьж чаддаггүй. Ийм хүмүүсийг чуулганд зөвшөөрдөггүй бөгөөд цэвэрлэх ёстой; тэднийг бүү өөгшүүл, тэднийг үлдээх гэж ямар ч шалтаг бүү тооч. Бурханы гэрт сайн мэдээ номлох хүмүүс дутаагүй; суудал дүүргэх ийм шалиг хүмүүс хэрэггүй, учир нь энэ нь Бурханы нэрийг ноцтой гутаадаг. Тиймээс хэрвээ хэн нэгэн мэдээлбэл, эсвэл чи сайн мэдээний баг доторх ийм хүмүүсийг өөрөө олж илрүүлбэл юу хийхээ мэдэж байх ёстой. Хэрвээ зарим шинэ итгэгч ийм асуудалтай байвал та нар эхлээд энэ асуудлын талаарх үнэнийг нөхөрлөж, садар самуун үйлддэг хүмүүст хандах чуулганы зарчим, хандлага ямар болохыг хүн бүрд мэдэгдэх ёстой. Хамгийн наад зах нь, тэднийг үүнд автахаас сэргийлэх, мөн сайн мэдээ номлох явдлыг ийм зан авир гаргах боломж болгон ашиглаад, эцэст нь хариуцсан хүмүүс юм уу удирдагч, ажилчдыг холбогдох үнэн-зарчмыг урьдчилан нөхөрлөөгүй гэж буруутгахаас сэргийлэхийн тулд тэдэнд урьдчилсан анхааруулга өгөх ёстой. Тиймээс ийм хэрэг гарахаас өмнө, зарим хүн ийм хүмүүс болон хэрэг явдалд хандах Бурханы гэрийн хандлагыг мэдэхээс өмнө, хүмүүс эдгээр асуудлын талаар тодорхой мэдэхгүй байх үед удирдагч, ажилчид эдгээр зарчмыг тэдэнд тодорхой, ойлгомжтой нөхөрлөх ёстой, ингэснээр тэд эдгээр хэрэг явдал ямар зан авир, уг чанарт хамаарахыг болон ийм асуудал, хүмүүст хандах Бурханы гэрийн хандлага ямар болохыг мэдэх болно. Эдгээр зарчмыг сайтар нөхөрлөсний дараа хэрвээ тэд эдгээр зарчмыг мэдсээр байж өөрийнхөөрөө зүтгэж, замаасаа буцахгүй бол тэднийг шийдвэрлэж, арга хэмжээ авах ёстой, тэднийг зайлуулах ёстой. Хэрвээ ийм хүмүүс чуулганд гарч ирж, бусдыг уруу татах замаар байнга хэрэг тарьж, эсвэл эсрэг хүйстнээ байнга дарамталж байвал тэдэнд гарцаагүй асуудал байна. Бодитой асуудал гараагүй байсан ч удирдагч, ажилчид энэ хүмүүст анхааруулж, тэднийг шийдвэрлэх ёстой, эсвэл тэднийг хүмүүс үүргээ гүйцэтгэж буй газраас холдуулах ёстой; ноцтой тохиолдолд шууд зайлуулах ёстой. Хүмүүсийн хүн чанарын илрэлийн долоо дахь талын тухай бидний нөхөрлөл ингээд өндөрлөж байна.

2021 оны 12 дугаар сарын 18

Өмнөх: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (25)

Дараах: Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага (28)

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх