Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна

Зөвхөн үнэнийг эрэлхийлснээр л зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна: Энэ бол хүмүүсийн ухамсарлах ёстой, нэгд нэггүй ойлгох ёстой зүйл юм. Хэрэв чи үнэнийг хангалттай ойлгодоггүй бол амархан бүдэрч, замаа алдана. Хэрэв чи амиа өсгөхийг хүсвэл бүх зүйл дээр үнэнийг эрж хайх ёстой. Чи юу ч хийж байлаа гэсэн, үнэнтэй нийцэлтэй байхын тулд хэрхэн авирлах талаар эрэлхийлэх ёстой, үнэнийг зөрчдөг ямар хольц дотор чинь оршиж байгааг олж мэдэх ёстой; чи эдгээр зүйлийг тодорхой ойлгох ёстой. Юу хийж байгаагаас үл хамааран чи үнэнтэй нийцдэг эсэхийг нь, үнэ цэнтэй, утга учиртай эсэхийг нь бодолцон үзэх ёстой. Чи үнэнтэй нийцдэг зүйлсийг хийж болох боловч нийцдэггүй зүйлсийг хийх ёсгүй. Хийж ч болох, хийхгүй ч байж болох зүйлсийн тухайд гэвэл орхих боломжтой бол орхих ёстой. Эс бөгөөс, тэдгээр зүйлийг хэсэг хугацаанд хийж байгаад хожим нь болих хэрэгтэй гэж санагдвал шийдвэрээ хурдан гаргаж, даруй орхи. Энэ бол хийж байгаа бүх зүйлдээ чиний баримтлах ёстой зарчим юм. Зарим хүн ийм асуулт тавьдаг: Үнэнийг эрж хайж, хэрэгжүүлнэ гэдэг урсгал сөрж завиа сэлүүрдэх мэт, урагш сэлүүрдэхээ больчихвол арагш хөвөх мэт яагаад тийм их хэцүү байдаг юм бэ? Гэтэл ёрын мууг юм уу утга учиргүй зүйл хийх нь завиараа урсгал даган явж байгаа мэт яагаад үнэндээ хавьгүй илүү амархан байдаг юм бэ? Яагаад тэгдэг юм бэ? Учир нь хүн төрөлхтөн Бурханаас урвадаг уг чанартай. Сатаны уг чанар хүмүүсийн дотор зонхилох үүрэгтэй болсон бөгөөд энэ нь дайсагнагч хүчин юм. Бурханаас урвадаг уг чанартай хүмүүс мэдээж, Бурханаас урвах зүйлийг хийх тун магадлалтай бөгөөд эерэг үйлдэл хийх нь тэдэнд угаасаа хэцүү байдаг. Энэ нь хүн төрөлхтний уг чанар-мөн чанараар бүрэн шийдэгддэг. Үнэнийг үнэхээр ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж эхэлмэгц үнэнд нийцэлтэй зүйлийг хийхэд амархан санагдах болно. Чи хэвийн байдлаар бүр ядах юмгүйгээр, баяртайгаар үүргээ гүйцэтгэж, үнэнийг хэрэгжүүлэх бөгөөд ямар нэг сөрөг зүйлийг хийхэд асар их хүчин чармайлт шаардагдах мэт чамд санагдана. Яагаад гэвэл, үнэн чиний зүрх сэтгэлд зонхилох үүрэгтэй болсон. Хэрэв чи хүний амьдралын тухай үнэнийг үнэхээр ойлговол ямархуу хүн байх, хэрхэн ний нуугүй, шулуун шударга, үнэнч хүн байх, хэрхэн Бурханд гэрчлэл хийж, Түүнд үйлчилдэг хүн байх тухайд дагах замтай болно. Эдгээр үнэнийг ойлгомогцоо чи Бурханыг эсэргүүцдэг муу үйл дахин хэзээ ч үйлдэж чадахгүй, мөн хуурамч удирдагч, хуурамч ажилчин, антихристийн үүргийг ч хэзээ ч гүйцэтгэхгүй. Сатан чамайг мэхэлж, муу хүн чамайг өдөөн хатгасан ч гэсэн, чи үүнийг хийхгүй; хэн чамайг албадахаар оролдох нь хамаагүй, чи мөн л тийнхүү авирлахгүй. Хүмүүс үнэнийг олж авч, амиа болгох үедээ ёрын мууг үзэн ядаж, сөрөг зүйлийг дотроо зэвүүцэж чаддаг болно. Амь зан чанар нь өөрчлөгдөж, Бурханаар төгс болгуулсан тул тэдний хувьд мууг үйлдэх нь хэцүү байх болно.

Хэрэв чи зүрх сэтгэлдээ үнэнийг үнэхээр ойлгодог бол хэрхэн үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагахаа мэдэх бөгөөд үнэнийг эрэлхийлэх замд аяндаа хөл тавина. Алхдаг зам чинь зөв, Бурханы хүсэлд нийцэлтэй бол Ариун Сүнсний ажил чамайг орхихгүй. Энэ тохиолдолд Бурханаас урвах магадлал чинь улам багасна. Үнэн байхгүй бол мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ чи биеэ тоосон, ихэрхүү зан чанартай бол Бурханыг битгий эсэргүүц гэж чамд хэлээд ямар ч нэмэргүй, чи яаж ч чадахгүй, үүнийг хянахын аргагүй байдаг. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрнэ; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулахад хүргэнэ; эдгээрээс болж чи бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ гагцхүү өөрийгөө л тээнэ; эдгээр нь чиний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг булааж аваад, эцэстээ чамайг Бурханы тэр байр сууринд суулгаж, хүмүүсийг өөртөө захирагд гэж шаардаж, өөрийнхөө бодол, санаа, үзлийг үнэн гэж дээдлэхэд хүргэнэ. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээл дор хүмүүс маш их ёрын муу үйл хийсэн байдаг! Ёрын мууг үйлддэг асуудлаа шийдэхийн тулд тэд эхлээд уг чанараа шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй. Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үед, мөн өөрийн завхралыг харж, биеэ тоосон, ихэрхүү зангийн жигшүүртэй, муухай байдлыг таних үед чамд зэвүүцмээр, ой гутмаар, гансрам санагдана. Бурханыг сэтгэл хангалуун болгох зүйлийг чи ухамсартайгаар хийж чаддаг байх бөгөөд ингэснээр амар амгаланг мэдэрнэ. Чи ухамсартайгаар Бурханы үгийг уншиж, Бурханыг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийж чаддаг болж, зүрх сэтгэлдээ таашаалыг мэдэрнэ. Чи ухамсартайгаар багаа хуулж, булай муухайгаа ил болгоно, ингэснээр дотор чинь сайхан санагдаж, сэтгэл санааны байдал чинь дээрдсэнийг мэдэрнэ. Зан чанараа өөрчлөхөөр эрж хайх эхний алхам нь Бурханы үгийг ойлгож, үнэнд орохоор эрж хайх явдал юм. Зөвхөн үнэнийг ойлгосноор л чи ялган таних чадвартай болж чадна; ялган таних чадвартай болсноор л юмыг нэгд нэггүй ойлгож чадна; юмыг бүрэн дүүрэн ойлгосноор л чи өөрийгөө үнэхээр мэдэж чадна; өөрийгөө үнэхээр мэдсэнийхээ дараа л чи махан биеэ хаяж, улмаар үнэнийг хэрэгжүүлж, аажмаар Бурханыг дуулгавартай дагадаг болж, Бурханд итгэх итгэлийн зөв замд алхам алхмаар орж чадна. Хүмүүс үнэнийг эрэлхийлэхдээ хэр зэрэг шийдэмгий байхаас энэ нь хамаардаг. Хүн үнэхээр шийдсэн бол зургаан сар юм уу жилийн дараа зөв замд орж эхэлнэ. Гурав юм уу таван жилийн дотор тэд үр дүн харж, аминдаа ахиц гаргаж байгаагаа мэдэрнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй, үнэнийг хэрэгжүүлэхэд хэзээ ч анхаарлаа төвлөрүүлдэггүй бол ямар ч өөрчлөлт гаргалгүй арав, хорин жил ч итгэх боломжтой. Эцэст нь тэд Бурханд итгэх гэдэг нь энэ юм байна гэж бодно; өмнө нь хорвоо ертөнцөд амьдарч байсантай нь бараг л адилхан юм, амьд байна гэдэг утга учиргүй юм гэж тэд бодно. Үнэн байхгүй бол амьдрал хоосон гэдгийг энэ нь үнэхээр харуулдаг. Тэд хоосон сургаалын хэдэн үг хэлж чаддаг байж магадгүй ч чамд тайван бус, түгшүүртэй санагдсаар байх болно. Хүмүүс Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрахыг мэддэг, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд зарим зүйлийг хийж чаддаг бол жинхэнэ амьдрал энэ юм, ингэж амьдарч байж л амьдрал утга учиртай болно, Бурханыг сэтгэл хангалуун болгож, Бурханы ачийг хариулж, сэтгэл амар байхын тулд ингэж амьдрах ёстой гэж тэдэнд санагдана. Хэрэв тэд ухамсартайгаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө хаяж, санаа бодлоо орхиж, Бурханы хүслийг дуулгавартай дагаж, санаа тавьж чадвал—энэ бүхнийг ухамсартайгаар хийж чаддаг бол—үнэнийг яг таг хэрэгжүүлнэ, жинхэнээсээ үнэнийг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлэх бөгөөд урьдын адилаар зүгээр л төсөөлөлд найдаж, дүрэм журмыг дагаж, энэ нь үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг гэж бодохтой адилгүй. Үнэндээ төсөөлөлд найдаж, дүрэм журмыг дагах нь маш ядаргаатай, үнэнийг ойлгохгүй байж, аливааг зарчимгүй хийх нь ч бас маш ядаргаатай, юмыг зорилгогүйгээр, сохроор хийх нь бүр ч ядаргаатай байдаг. Үнэнийг ойлгох үедээ чи хэн нэгэнд, эсвэл ямар нэг зүйлд хязгаарлагдахгүй, үнэхээр чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй байх болно. Чи зарчимч байдлаар үйлдэж, тайван, баяр баясгалантай байх бөгөөд энэ нь хэтэрхий их хичээл чармайлт шаардаж, дэндүү их зовлон учруулдаг гэж бодохгүй. Чи ийм байдалтай байвал үнэнтэй, хүн чанартай байх бөгөөд зан чанар нь өөрчлөгдсөн хүн мөн.

Амийн туршлагын явцад юу ч тохиолдлоо гэсэн чи үнэнийг эрж хайж, Бурханы үг болон үнэний дагуу хэрэг явдлыг нэгд нэггүй тунгаан бодож сурах ёстой. Аливааг яаж Бурханы хүсэлд бүрэн нийцүүлэн хийхээ мэдэх үедээ чи өөрийнхөө хүслээс үүдэн гарсан зүйлсийг орхиж чаддаг болно. Бурханы хүсэлд нийцүүлэн хэрхэн үйлдэхээ мэдмэгцээ чи зүгээр л урсгалаараа явж байгаа мэт тийм маягаар үйлдэнэ. Аливааг ингэж хийхэд маш хөнгөн, амар хялбар байдаг бөгөөд үнэнийг ойлгодог хүмүүс юмыг ингэж хийдэг. Үүргээ гүйцэтгэхдээ үнэхээр үр дүнтэй, аливааг хийдэг арга зам чинь зарчимтай, амь зан чанар чинь үнэхээр өөрчлөгдсөн, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө олон сайн зүйл хийсэн гэдгээ хүмүүст харуулж чадвал чи үнэнийг ойлгодог хүн бөгөөд гарцаагүй хүний төрхтэй юм; мэдээж Бурханы үгийг идэж, ууж байгаа чинь ч үр дүнтэй байдаг. Хүн үнэнийг үнэхээр ойлгомогцоо янз бүрийн байдлаа ялган таньж чаддаг болж, ээдрээтэй асуудлыг тодорхой харж чадах учраас хэрхэн зөв хэрэгжүүлэхээ мэддэг болно. Хэрвээ хүн үнэнийг ойлгодоггүй, өөрийнхөө байдлыг ялган таньж чаддаггүй бол өөрийгөө хаяхыг хүсэх үедээ юуг, яаж хаяхаа мэдэхгүй. Хэрвээ тэр хүн өөрийнхөө хүслийг орхихыг хүсвэл өөрийнх нь хүслийн юу нь бурууг мэдэхгүй, өөрийнх нь хүсэл үнэнтэй нийцдэг гэж бодох бөгөөд өөрсдийнхөө хүслийг бүр Ариун Сүнсний гэгээрэл гэж авч үзэж ч магадгүй. Тийм хүн яаж өөрийнхөө хүслийг орхих вэ? Орхиж чадахгүй, махан биеэ хаяж бүр ч чадахгүй. Тиймээс үнэнийг ойлгохгүй байх үедээ чи өөрийнхөө хүслээс төрөн гарсан зүйлийг буюу хүний үзэлд нийцдэг зүйлс, өөрийнхөө сайхан сэтгэл, хайр, зовлонг, мөн төлөөс төлж буй байдлаа зөв зүйл, үнэнтэй нийцдэг гэж амархан эндүүрэх боломжтой. Тэгвэл чи яаж эдгээр хүний зүйлийг хаяж болох вэ? Чи үнэнийг ойлгодоггүй, үнэнийг хэрэгжүүлэх гэж юу болохыг мэддэггүй. Чи юу ч мэдэхгүй, юу хийхээ мэдэх бараг боломжгүй учраас өөрийнхөө сайн гэж боддог зүйлийг л хийж чадах бөгөөд үүний үр дүнд зарим зүйл дээр гажуудал гаргана. Эдгээрийн зарим нь дүрэм журмыг дагадгаас, зарим нь урам зоригоос, зарим нь Сатаны үймээнээс үүдэлтэй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс ийм байдаг. Тэд юм хийх үедээ асар замбараагүй, байнгын гажууд, огтхон ч оновчтой биш байдаг. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс яг л шүтлэггүй хүмүүсийн адилаар аливааг утгагүй байдлаар хардаг. Тэд яаж үнэнийг хэрэгжүүлж чадах юм бэ? Тэд яаж асуудлыг шийдвэрлэж чадах юм бэ? Үнэнийг ойлгох нь энгийн хэрэг биш. Хүний хэв чанар хэчнээн өндөр, эсвэл дорд байх нь хамаагүй, насан туршийн туршлагын дараа ч тэдний ойлгодог үнэний хэмжээ хязгаарлагдмал, тэдний ойлгодог Бурханы үгийн хэмжээ ч хязгаарлагдмал байдаг. Харьцангуй илүү туршлагатай хүмүүс бол зарим үнэнийг ойлгодог хүмүүс бөгөөд сайндаа л тэд Бурханыг эсэргүүцэх зүйл хийхээ больж, илт ёрын муу зүйл хийхээ больж чадна. Тэдний үйлдэлд хувийн санаа зорилго огт холилдохгүй байх боломжгүй. Хүмүүс хэвийн сэтгэлгээтэй байдаг бөгөөд бодол санаа нь Бурханы үгтэй үргэлж нийцэхгүй байж болох учраас өөрсдийнх нь хувийн хүсэл холилдох нь гарцаагүй. Хамгийн чухал нь өөрийнх нь хүслээс үүдэлтэй, Бурханы үг, үнэн, Ариун Сүнсний гэгээрэлд харшилдаг зүйлийг ялган таньдаг байх явдал юм. Ингэхийн тулд Бурханы үгийг ойлгохоор шаргуу ажиллах шаардлагатай; үнэнийг ойлгох үедээ л чи ялган таних чадвартай болно, тэр үед л ёрын мууг үйлдэхгүй байх чинь баталгаатай болно.

Зан чанараа өөрчлөхөөр эрж хайхдаа чи өөрийгөө мэдэж авахаар хичээл чармайлт гаргаж, дараа нь тодорхой гүнд хүрэх ёстой бөгөөд ингэснээр уг чанарын чинь дотор оршдог сатаны хорыг олж илрүүлж чадна. Чи Бурханыг эсэргүүцэх, Бурханы эсрэг тэрслэх гэж юу гэсэн үг болохыг мэдэх ёстой, мөн бүх хэрэг явдал дээр ямар төрлийн хэрэгжүүлэлт үнэнд нийцэхийг мэдэж авах ёстой. Түүнчлэн Бурханы хүсэл, хүнд тавьдаг Түүний шаардлагын талаар зарим нэг ойлголт авах ёстой. Бурханы өмнө мөс чанар, эрүүл ухаан эзэмшсэн байх ёстой бөгөөд онгироо байдлаар ярьж, Бурханыг хуурах ёсгүй, мөн Бурханыг эсэргүүцэх зүйл хийхээ болих ёстой. Тийнхүү зан чанар чинь өөрчлөгдсөн байх болно. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс Бурханаас эмээдэг болж, Бурханы эсрэг тэрслүү байдал нь аажмаар багасдаг. Түүнчлэн тэднийг үүргээ биелүүлэхэд нь бусад хүн санаа зовох шаардлагагүй болж, Ариун Сүнс ч тэдэн дээр үргэлж сахилгажуулах ажил хийх хэрэггүй болдог. Тэд үндсэндээ Бурханд дуулгавартай байж чаддаг бөгөөд аливаа зүйлийн талаарх үзэл бодол нь үнэнтэй нийцдэг. Энэ бүхэн нь Бурхантай нийцэлтэй болсонтой дүйцнэ. Хэн нэгэн чамд ямар нэг ажил даалгасан гэж бодъё. Хэн ч чамайг удирдах, хянах шаардлагагүй. Чи энэ ажлыг Бурханы үг болон залбирлаар л гүйцэлдүүлж чадна. Энэ ажлын үеэр чи хааш яаш, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан гаргахгүй, бас юмыг өөрийнхөөрөө хийхгүй; өөр хэнийг ч хязгаарлахгүй, харин бусдад хайраар тусалж чадна. Чи хангалт, ашиг тус олж авахад нь хүн бүрд тусалж, хүмүүсийг Бурханд итгэх зөв замд ороход нь хөтөлж чадна. Үүнээс гадна, энэ ажлын явцад чи өөрийнхөө байр суурь, ашиг сонирхлыг эрж хайдаггүй, өөрийнхөө олоогүй зүйлийг өөртөө авдаггүй, өөрийгөө өмөөрдөггүй, хүн чамд яаж ч хандсан, түүнд зөв зохистой ханддаг. Тэгвэл чи харьцангуй том биеийн хэмжээтэй хүн байх болно. Хүн ямар нэгэн ажил хариуцан хийж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханы үгийн бодит байдал руу аваачих нь хялбар хэрэг биш. Үнэн-бодит байдалгүйгээр үүнийг хийх боломжгүй. Их авьяас билигт найдаж ажиллаад унаж, бүтэлгүйтдэг хүн олон бий. Үнэнгүй хүмүүс туйлын найдваргүй, зан чанараа өөрчлөөгүй бол бүр ч найдваргүй байдаг. Чиний биеийн хэмжээ одоо ямар байна вэ? Чамд зусарддаг хүнд чи хэрхэн хандах ёстой вэ? Хэн нэгэн хүн чиний талаар санал бодолтой, эсвэл чамайг шүүмжилсэн байдлаар хардаг бол чи тэдэнд яаж шударга, ухаалаг хандах вэ? Чи сэтгэл хөдлөлдөө автахгүйгээр, гагцхүү Бурханы шаардлагын дагуу хүмүүсийг дэвшүүлж, сонгож чадах уу? Чи одоо байгаа биеийн хэмжээгээрээ эдгээр зүйлийг үнэхээр хийж чадах уу? Тухайн газарт хэдэн жил ажилласны чинь дараа ихэнх хүмүүс чамайг төдийлөн сайн үнэлдэггүй бол чи үүргээ хангалттай сайн биелүүлдэггүй, Бурхан ашиглахад тохирохгүй гэсэн үг юм. Хэрвээ ихэнх хүмүүс чиний хийдэг зүйлийг сайн, зохистой гэж үздэг бол чи үндсэндээ ашиглагдахад тохирно. Чамд үнэн байхгүй бол Бурханд ашиглагдахад тохирох шатанд хүрэх боломжгүй; чи тохиромжтой болохын тулд үнэнийг олж авах ёстой.

Амийг эрэлхийлэхдээ хоёр зүйлд анхаарах ёстой: нэгдүгээрт, Бурханы үгэн дотроос үнэнийг ойлгох; хоёрдугаарт, Бурханы үгэн дотроос өөрийгөө ойлгох. Энэ нь хамгийн үндсэн хоёр зүйл юм. Бурханы үгийн гадна ямар ч амь, ямар ч үнэн байхгүй. Хэрвээ чи Бурханы үгэн дотроос үнэнийг эрж хайдаггүй бол хаанаас эрж хайж болох вэ? Дэлхий ертөнцийн хаана үнэн байна вэ? Дэлхийн сонин, хэвлэл мэдээлэл Бурханы үгийг мэдээлдэг үү? Дэлхийн улс төрийн намууд Бурханд гэрчлэл хийдэг үү? Дэлхийн аль ч улс оронд Бурханы үгийг ил тод түгээх нь хийж болмоор зүйл үү? Огт үгүй. Ийм учраас энэ дэлхийд үнэн байдаггүй, диавол Сатан дэлхий дээр ноёрхож, дэлхий ертөнц харанхуй, ёрын муу байдаг. Ганц ч болов хумсын чинээхэн үнэн хаана байна вэ? Бурханы үгээс үнэнийг ойлгохын хамгийн чухал хэсгүүд бол: Бурханы үгэн дотроос Бурханыг ойлгох, Бурханы үгэн дотроос хүний амьдралыг ойлгох, Бурханы үгэн дотроос өөрийгөө үнэхээр ойлгож, хүний оршин тогтнолын утга учир болон үнэний бусад талыг олж илрүүлэх явдал юм. Бүх үнэн Бурханы үгэн дотор байдаг. Бурханы үгээр дамжихгүйгээр үнэнд орж чадахгүй. Бурханы үгийг туулж, хэрэгжүүлснээр л чи үнэний талаарх ойлголтод хүрч чадна, үнэнийг үнэхээр ойлгох гэдэг нь Бурханы үгийг ойлгоно гэсэн үг юм. Энэ бол хамгийн үндсэн зүйл. Зарим хүн ажиллаж, номлодог ч гаднаа Бурханы үгийн талаар нөхөрлөж байгаа мэт харагддаг мөртөө Бурханы үгийн үгчилсэн утгыг л яриад, ямар ч мөн чанарын зүйл дурддаггүй. Тэдний номлол нь хэлний сурах бичгээс зааж байгаа мэт, төрөл төрлөөр нь, тал бүрээр нь эмхэлсэн байдаг бөгөөд тэднийг ярьж дуусах үед хүн бүхэн магтаж, “Энэ хүн бодит байдалтай юм. Тэр маш сайн, ийм дэлгэрэнгүй номлолоо” гэдэг. Номлож дууссаныхаа дараа тийм хүмүүс өөрсдийнх нь номлолыг эмхэтгэж, чуулган дотор тараа гэж бусдад хэлдэг. Ингэснээрээ тэд хүмүүсийг мэхлэгч болдог. Тэд номлолдоо Бурханы үгээс эш татдаг, тэдний номлол үнэнд нийцдэг мэт сонсогддог боловч тэд аливааг агуулгаас нь гажуудуулан эш татаж, зарчимд харшилсан зөрүү буруу тайлбар хийдэг. Илүү анхааралтай ялган салгавал тэдгээр нь бичиг үсэг, хоосон сургаалын үг, хүний төсөөлөл, үзэл, түүнчлэн Бурханыг хязгаарладаг зарим зүйл төдий гэдгийг чи харна. Ийм нөхөрлөл, номлол нь Бурханы ажилд саад болохтой адил биш үү? Энэ бол Бурханыг эсэргүүцдэг үйлчлэл юм. Эрүүл ухаантай хүн үг ярианыхаа цар хүрээг хязгаарлах ёстой—тэд ямар үг хэлэх ёстой, үүргээ гүйцэтгэхэд аль нь таарах, ямар үгийг зөвхөн Бурхан л хэлж чадахыг мэдэх учиртай. Хүн Бурханы байранд зогсож, үг хэлж болохгүй. Бурхан яаж ажилладгийг хэн ч ухан ойлгож чадахгүй, тэгвэл хэн Бурханыг тодорхойлж чадах юм бэ? Хүн Бурханыг тодорхойлох шалгуурт тэнцэхгүй. Эрүүл ухаангүй юм хийхээс зайлсхийхийн тулд үүнийг ойлгох ёстой. Эрүүл ухаантай хүний хувьд чи өөрийнхөө байрыг мэдэж, юу хэлэх нь зөв болохыг мэдэх ёстой, мөн хэлэх ёсгүй юуг ч хэлж болохгүй. Бурхан чамд урьд нь ямар нэг зүйл хэлсэн байсан ч бусдад давтан хэлж болохгүй. Хэрвээ чи итгэлтэй бол, Бурханы үг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг бол үүнийг хэрэгжүүлэх ёстой. Зүгээр л энэ талаар ярих нь нэмэргүй. Бусдыг үгэндээ оруулж, хэлсэн зүйлдээ дуулгавартай байлгахыг үргэлж хүсэх нь биеэ тоосон зан биш үү? Бурханы хэрэг явдлын тухайд гэвэл, хэрвээ чи тэдгээрийг ойлгодоггүй бол зүгээр л ойлгодоггүй бай. Ойлгодог дүр хэзээ ч бүү эсгэ, бүү мэдэмхийр—тэгэх нь дэндүү жигшүүртэй! Чи бүхнийг ойлгосон мэт, Бурханы байранд зогсож, гайхуулахыг үргэлж хүсэж, анхаарлын төвд байхыг хүсдэг. Бас энэ тэрийг хийнгээ Бурханы далбааг намируулахыг хүсдэг. Энэ нь хэвийн хүний ухаалаг зан мөн үү? Үнэнийг хэрэгжүүлж байгаа нь энэ үү? Чи Бурханы бодлыг мэдэх үү? Бурханы мэргэн ухаан чамд бий юу? Хүмүүс үнэнээр зэвсэглэх нь бүү хэл, өөрсдөө үнэнийг ойлгодоггүй. Тэд Бурханд гэрчлэл хийж ч чаддаггүй, Бурханд дуулгавартай байж ч чаддаггүй. Тэгсэн мөртөө Бурханы далбааг намируулангаа үг хэлж, үйлдэхийг хүсдэг. Хүн бүр ийм амбицтай, энэ бол хамгийн ичгүүртэй, ухаангүй зүйл юм.

Одоо дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс үнэн замыг эрж хайхаар ирж байна, тэгэхээр чи яаж Бурханд гэрчлэл хийх ёстой вэ? Чи эрүүл ухаангүй бол, биеэ тоосон, ихэрхүү, олон ааштай, цадиггүй бол Бурханыг эсэргүүцэж, Бурханыг доромжилж байгаа биш үү? Энэ нь үүргээ гүйцэтгэж буй хэрэг биш, Бурханыг гэрчилж байгаа хэрэг бүр ч биш. Энэ нь үнэндээ сатанлаг төрхийг чинь илчилж байна. Үнэхээр байлдан дагуулагдсан хүмүүс чин сэтгэлээсээ ярьж, бодит гэрчлэл хийж сурах ёстой. Амийн туршлагаа хуваалцах нь өөр юунаас ч илүү дээр. Сайрхаж, том онол ярих нь ямар хэрэгтэй юм бэ? Бурханы ажлыг хэдэн жил туулчхаад хүмүүс хүмүүжилгүй хэвээр байдаг. Ялгамж чанарт нь үндэслэвэл хүмүүс Бурханд гэрчлэл хийх нь зохисгүй. Эрүүл ухаангүй, биеэ тоосон хүмүүс Бурханд гэрчлэл хийхийг хүссээр байдаг—чи Бурханыг шившиглэж, доромжилж байгаа биш үү? Чи Бурханыг ойлгодоггүй. Түүнчлэн зан чанар чинь Бурханыг эсэргүүцсээр байдаг. Гэрчлэл хийнэ гэдэгт чинь жигшмээр шинж байдаг бус уу? Тиймээс хүн Бурханд гэрчлэл хийх нь зохисгүй. Хэрвээ хэн нэгэн: “Чи Хятадын эх газар дахь Бурханы ажлын тухай бидэнд гэрчилж чадах уу?” гэвэл чи: “Бид Бурханы ажлыг хэдэн жил туулсан учраас Бурханд гэрчлэл хийх шалгуурыг хангасан гэж би бодож байна” гэнэ, энэ чинь асуудал биш үү? Дахин хэлэхэд энэ нь эрүүл ухаангүй хэрэг. Хүн Бурханд гэрчлэл хийхэд зохисгүй. Чи зүгээр л “Бид Бурханд гэрчлэл хийхэд зохисгүй. Гэхдээ Бурхан биднийг аварч, бидэнд нигүүлсэл хайрласан. Бид жаахан нигүүлсэл хүртэж, Бурханы ажлын заримыг туулсан учраас нөхөрлөл хийж чадна, харин Бурханд гэрчлэл хийх тухайд бол үнэндээ ярьж чадахгүй. Бид өөрсдийнхөө туршлагыг л ярьж чадна” гэж хэлэх ёстой. Чи Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсан, тухайн үед ямар завхрал харуулсан, яаж биеэ тоосон, байлдан дагуулагдсаны дараа эцэст нь ямар үр дүн гарсан, ямар шийдвэр гаргасан талаараа нөхөрлөж болно. Үнэн хэрэгтээ Бурханы төлөө гэрчлэл хийхийн тулд бодит туршлагын талаар ярих нь Бурханы хүсэлд хамгийн их нийцдэг бөгөөд энэ бол Бурханы шаарддаг зүйл. Бурханы төлөө гэрчлэл хийхийн тулд байр суурь эзлэхийг хүсэх нь асар том алдаа—чи эрүүл ухаангүй, бас биеэ тоосон зантай юм. “Би өөрийнхөө зарим туршлагыг ярья, харин би Бурханы төлөө гэрчлэл хийхэд тохирохгүй. Би эхлээд өөр зүйлийн талаар нөхөрлөе. Бурхан яагаад Хятадад бие махбодтой болсон бэ? Та нар үүнийг сайн ойлгохгүй байгаа байх. Бид Бурханы ажлаас үүнийг ойлгосон. Хятадууд бид агуу улаан лууны цагариглан хэвтэж буй газар төрж, бузар заваан газар өссөн. Биднийг Сатан хамгийн гүн завхруулсан, бид хэнээс ч илүү худал ярьдаг, хүн чанар хамгийн муутай, хамгийн дорд ёс жудагтай, огтхон ч хүний төрхгүй. Бусад бүх улс орон, бүс нутгаас Бурханы сонгосон хүмүүстэй харьцуулахад бид хамгийн дорд, хамгийн бузар, хамгийн их завхарсан хүмүүс. Тийм учраас бид Бурханы төлөө гэрчлэл хийх нь зохисгүй, гэхдээ бид Бурханы агуу авралд хүргэгдэж, Бурханы агуу хайрыг олж авсан учраас хувийн туршлагын гэрчлэлийнхээ тухай ярих ёстой. Бид Бурханы нигүүлслийг дарж болохгүй” гэж хэлэх ёстой. Иймэрхүү зүйл хэлэх нь илүү ухаалаг юм. Хүмүүс Бурханаар байлдан дагуулагдсаныхаа дараа ядаж л биеэ тоосон байдлаар яасан ч ярихгүй байх эрүүл ухаантай байх ёстой. Тэд “газар дээрх өтөг баас” мэт дорд байр суурь эзэлж, зарим нэг үнэн юм хэлсэн нь дээр. Ялангуяа Бурханд гэрчлэл хийх үед хэрвээ чи хэтрүүлэгтэй, хий дэмий яриагүйгээр, худал хуурмаг, хууран мэхлэлтгүйгээр чин сэтгэлээсээ үнэхээр бага зэрэг үнэн үг ярьж чаддаг бол зан чанар чинь үнэхээр өөрчлөгдсөн байх болно; энэ бол Бурханаар байлдан дагуулагдмагц гарах ёстой өөрчлөлт юм. Хэрвээ чи ийм хэмжээний ч эрүүл ухаантай байж чадахгүй бол огт хүнтэй төстэй биш. Ирээдүйд бүх улс орон, бүс нутгаас Бурханы сонгосон хүмүүс Бурханы өмнө эргэн ирж, Бурханы үгээр байлдан дагуулагдах үед Бурханыг магтсан томоохон цуглаан дээр чи дахиад л биеэ тоон авирлаж эхлэн, байнга сайрхаж, онгирох юм бол бүрмөсөн хаягдаж, таягдуулна. Хүмүүс үргэлж зөв зүйтэй авирлаж, ялгамж чанар, байр сууриа танин мэдэх ёстой, бахь байдагтаа буцаж орох ёсгүй. Хүний биеэ тоосон, ихэрхэг зан бол Сатаны нийтлэг дүр юм. Өөрийнхөө энэ талыг өөрчлөхгүйгээр чи хэзээ ч хүн шиг харагдахгүй ба үргэлж Сатаны зүс царайтай байна. Биеэ тоосон, ихэрхүү занг шийдвэрлэх нь хамгийн хэцүү зүйл бөгөөд биеэ тоосон, ихэрхүү зангийнхаа талаар багахан мэдлэгтэй байлаа гээд бүрэн өөрчлөгдөх боломжгүй; чи бас олон удаагийн цэвэршүүлэлтийг туулах хэрэгтэй. Шүүлт, гэсгээлт, засалт, харьцалт амсахгүйгээр чи алсдаа аюулд өртсөөр байх болно. Ирээдүйд дэлхий дахинаас Бурханы сонгосон хүмүүс Бурханы ажлыг хүлээн авч, “Бурхан Хятадад бүлэг ялагчийг олж авсан талаар биднийг аль хэдийн гэгээрүүлсэн” хэмээн хэлэх үед үүнийг сонсоод та нар: “Бидэнд бардамнах юм юу ч үгүй, бүгд Бурханы нигүүлслээр өгөгдсөн. Бид ялагчид гэж нэрлэгдэх эрхгүй” гэж бодно. Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи өөрийгөө ямар нэг зүйл хэлж чаддаг, бага зэрэг бодит байдалтай гэж үзэж эхлэх үедээ “Гадаадынхан Ариун Сүнсний гэгээрлийг олж авч, Бурхан Хятадад бүлэг ялагчдыг бий болгосон гэж хэлдэг тул бид ялагчид хэмээн нэрлэгдэх ёстой!” хэмээн бодолхийлнэ. Чи одоо зүрх сэтгэлдээ үүнийг чимээгүйхэн зөвшөөрөх бөгөөд эцэст нь зүгээр л ил тод хүлээн зөвшөөрнө. Хүмүүс магтаал, байр суурийн туршилтыг давж чаддаггүй. Хүмүүс чамайг үргэлж магтдаг бол чи аюулд орно. Зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй.

Завхарсан хүн төрөлхтний шийдвэрлэхэд хамгийн хэцүү асуудал нь улиг болсон алдаагаа гаргадаг асуудал юм. Үүнээс сэргийлэхийн тулд хүмүүс эхлээд, үнэнийг хараахан олж аваагүй, амь зан чанарт нь өөрчлөлт гараагүй, хэдийгээр Бурханд итгэдэг ч Сатаны эрхшээл дор амьдарсаар байгаа, аврагдаагүй гэдгээ мэддэг байх ёстой; тэд хэдийд ч Бурханаас урваж, Бурханаас холдох магадлалтай. Хэрвээ тэдний зүрх сэтгэлд хямралын ийм мэдрэмж байдаг бол—хүмүүсийн үргэлж хэлдгээр, энхийн цагт аюулд бэлдэж байдаг бол тодорхой хэмжээнд биеэ барьж чадах бөгөөд өөрт нь ямар нэгэн зүйл үнэхээр тохиолдвол Бурханд залбирч, Бурханд найдаж, улиг болсон алдаагаа гаргахаас зайлсхийж чадна. Чи зан чанар чинь өөрчлөгдөөгүй, Бурханаас урвадаг уг чанар чинь арилаагүй, гүн шингэсэн хэвээр байгаа, Бурханаас урвах эрсдэлтэй, мөхөж, устгагдах боломж байсаар байгаа гэдгийг тодорхой харах ёстой. Энэ бол бодитой учраас чи болгоомжтой байх ёстой. Санаж явах ёстой хамгийн чухал гурван зүйл бий: Нэгдүгээрт, чи Бурханыг мэдэхгүй хэвээр байгаа; хоёрдугаарт, зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй; гуравдугаарт, чи хүний жинхэнэ төрхийг хараахан амьдран харуулаагүй. Энэ гурван зүйл баримттай нийцдэг, бодитой, тэдгээрийг чи тодорхой мэдэх ёстой. Өөрийгөө мэддэг байх ёстой. Хэрвээ чамд энэ асуудлыг шийдэх хүсэл байвал өөрийн гэсэн уриагаа сонгох ёстой: Жишээ нь, “Би бол газар дээрх өтөг баас”, “Би бол диавол”, “Би үргэлж хуучин замдаа буцаад ордог”, “Би үргэлж аюулд байдаг.” Эдгээрийн аль нь ч чиний хувийн уриа болоход тохирно, үүнийг чи өөртөө цаг үргэлж сануулж байвал тустай. Өөртөө дахин давтан хэлж, энэ талаар эргэцүүл, тэгвэл чи арай цөөхөн алдаа гаргаж, эсвэл алдаа гаргахаа больж магадгүй. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, уг чанараа мэдэж, завхарсан зан чанараасаа ангижрахын тулд илүү их цаг гарган Бурханы үгийг унших нь хамгийн чухал. Тэгсэн цагт л чи аюулгүй байна. Өөр нэг зүйл бол, “Бурханыг гэрчлэгчийн” байр сууринд хэзээ ч бүү зогс, өөрийгөө Бурханыг гэрчлэгч гэж хэзээ ч бүү нэрлэ. Зөвхөн хувийн туршлагаа л ярьж болно. Бурхан та нарыг хэрхэн аварсан тухай ярьж, Бурхан та нарыг хэрхэн байлдан дагуулсан тухай нөхөрлөж, өөрсдөд чинь Бурханы хайрласан нигүүлслийн талаар ярьж болно. Та нар хамгийн гүн гүнзгий завхарсан хүмүүс; та нар бол өтөг бууц, хог хаягдал. Бурхан та нарыг өргөсний ачаар л та нар одоо Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч чадсан. Та нар хамгийн завхарсан, хамгийн бузар булай хүмүүс учраас, бие махбодтой болсон Бурхан та нарыг аварч, ийм үлэмж их нигүүлсэл хайрласан учраас л ингэсэн. Иймээс та нарт бардамнах зүйл юу ч байхгүй бөгөөд Бурханыг магтаж, Түүнд талархахаас өөр аргагүй. Та нар Бурханы нигүүлслийн ачаар л аврагддаг. Та нарыг яагаад хамгийн азтай хүмүүс гэдэг вэ? Та нарыг зарим нэг давуу талтай, эсвэл сайн чанартай учраас азтай гэдэггүй, харин Хятадад төрж, Сатанаар хамгийн их завхруулагдаж, бузарлагдсан учраас л азтай гэдэг. Бурхан Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөгний дагуу агуу улаан лууны цагариглан хэвтэж буй газар нутгийн хамгийн бузар, хамгийн завхарсан хүмүүсийг эхлээд аварч, нэг багц үлгэр дуурайл, загварыг эхлээд бий болгосон. Тийм учраас Бурхан та бүхнийг сонгосон; та нар бол Бурханы урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс юм. Хэрвээ Бурханд ийм төлөвлөгөө байгаагүй бол та нар үүрд мөхөх байлаа. Тиймээс та нарыг хамгийн азтай хүмүүс гэж хэлж болно. Гэсэн хэдий ч та нарт бахархаад байх юм үгүй, та нар яасан ч сайрхаж болохгүй.

Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар ямар нэг зүйл олж авч, жинхэнэ туршлагатай болдог учраас чи Бурханыг гэрчлэх ёстой. Бурханд гэрчлэл хийхдээ Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай голчлон ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал харуулсан, хэр их зовсон, Бурханыг эсэргүүцэх зүйл хэр ихийг хийсэн, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой. Мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж аливааг туулах ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар бодит туршлагаасаа бодитой зүйлсийн талаар ярьж, илүү үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм. Та нар Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, Бурханыг дуулгавартай дагахдаа хамгийн тааруу хүмүүс байсан боловч одоо байлдан дагуулагдсан—үүнийг хэзээ ч бүү март. Энэ асуудлуудыг та нар илүү их эргэцүүлж, бодох ёстой. Хүмүүс үүнийг тодорхой ойлгомогцоо хэрхэн гэрчлэл хийхээ мэдэх болно; эс бөгөөс тэд ичгүүргүй, эрүүл ухаангүй үйлдэл хийж болзошгүй. Энэ нь Бурханд гэрчлэл хийж байгаа биш, харин Бурханыг гутааж байгаа хэрэг. Үнэнийг жинхэнээсээ туулж, ойлгохгүйгээр Бурханд гэрчлэл хийх боломжгүй. Бурханд итгэх итгэл нь мунгинаж, будилсан хүмүүс Бурханыг гэрчилж хэзээ ч чадахгүй.

1999 оны хавар

Өмнөх: Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ

Дараах: Хүн төрөлхтнийг гэх Бурханы хайрыг чи ойлгодог уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх