Биеэ авч явахад нь хүнд байх ёстой зарчмууд

Бурханд итгэдэг хүмүүс Бурханы үг болон Түүний шаардлагын дагуу итгэлийн замаар алхах ёстой. Итгэгчид үнэний дагуу биеэ авч явах ёстой. Хэрвээ хүмүүс үнэнгүй бөгөөд Сатаны гүн ухаанаар амьдарвал эцэстээ эерэг үр дүн эсвэл төгсгөлд хүрэхгүй. Зөвхөн Бурханы үг л мөнхийн, хувиршгүй үнэн юм. Хэрэв итгэгч Бурханы үгээр амьдрахгүй, эсвэл үнэний дагуу биеэ авч явахгүй бол хорвоо ертөнцийн хүмүүсээс ч илүү харалган, найдваргүй сохор юм. Дэлхий ертөнцийн тодорхой салбаруудад жаахан амжилтад хүрч, алдартай болсон олон хүн алдар нэр, ашиг хонжоонд толгой нь эргэж, өөрсдийгөө өндрөөр үнэлж эхэлдэг. Үнэндээ бусад хүмүүс чамайг биширч, магтаж, бататгаж, хүлээн зөвшөөрч байгаа нь зөвхөн түр зуурын нэр хүнд юм. Тэдгээр нь амийг төлөөлдөггүй, хүн зөв замаар явж байна гэсэн үг бүр ч биш. Тэдгээр нь түр зуурын нэр хүнд, алдар суугаас цаашгүй. Эдгээр алдар суу тэгвэл юу вэ? Бодит уу, эсвэл хоосон уу? (Хоосон.) Тэдгээр нь яг харваж буй од мэт гялсхийгээд алга болдог. Хүмүүс ийм алдар суу, нэр хүнд, алга ташилт, хүндэтгэл, магтаал хүртсэнийхээ дараа бодит амьдралдаа буцан очиж, амьдрах ёстойгоороо амьдрах хэрэгтэй болдог. Зарим хүн үүнийг олж харж чаддаггүй, эдгээр зүйл өөрт нь үүрд үлдээсэй гэж хүсдэг нь бодит бус юм. Хүмүүс энэ мэдрэмжээс болоод ийм орчин, уур амьсгалд амьдрахыг хүсдэг; тэд энэ мэдрэмжийг үүрд таашаахыг хүсдэг. Хэрэв тэд үүнийг таашааж чадахгүй бол буруу замаар явж эхэлдэг. Зарим нь өөрсдийгөө мэдээ алдуулахын тулд архи уух, мансууруулах бодис хэрэглэх зэрэг янз бүрийн арга хэрэглэдэг: Сатаны ертөнцөд амьдарч буй хүмүүс алдар нэр, ашиг хонжоонд ингэж ханддаг. Хүн нэрд гарч, жаахан алдар цуутай болмогцоо зүг чигээ амархан алдаж, хэрхэн авирлах ёстойгоо ч, юу хийх ёстойгоо ч мэдэхээ больдог. Тэд хоосон мөрөөдөлд автаад, доошоо бууж ирж чаддаггүй—ингэх нь аюултай. Та нар хэзээ нэгэн цагт ийм байдалд орж, эсвэл ийм зан авир гаргаж байсан уу? (Тийм.) Энэ юунаас үүдэлтэй вэ? Учир нь хүмүүс завхарсан зан чанартай: Тэд хэт нэрэлхүү, биеэ тоосон, уруу таталт юм уу магтаалыг дааж чаддаггүй бөгөөд үнэнийг эрэлхийлдэггүй, эсвэл ойлгодоггүй. Тэд гаргасан жаахан амжилт, хүртсэн алдар суунаасаа болоод өөрсдийгөө онцгой гэж боддог; өөрсдийгөө агуу хүн юм уу супер баатар болсон гэж боддог. Тэд энэ бүх алдар нэр, ашиг хонжоо, алдар суугийн өмнө өөрсдийгөө өндрөөр үнэлэхгүй байх нь гэмт хэрэг гэж боддог. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс хэдийд ч, хаана ч өөрсдийгөө өндрөөр үнэлэх магадлалтай. Тэд өөрсдийгөө хэтэрхий өндрөөр үнэлж эхлэх үед дахиад доошоо бууж ирэхэд амархан байх уу? (Үгүй.) Жаахан эрүүл ухаантай хүмүүс өөрсдийгөө ямар ч шалтгаангүйгээр өндрөөр үнэлдэггүй. Тэд хараахан юунд ч хүрээгүй, ямар ч өгөх зүйлгүй, мөн бүлгийн хэн нь ч тэдэнд анхаарал хандуулахгүй байх үед хүсээд ч өөрсдийгөө өндрөөр үнэлж чадахгүй. Тэд яльгүй биеэ тоосон, өөрийгөө шүтэх үзэлтэй, эсвэл өөрсдийгөө жаахан авьяастай, бусдаас илүү хэмээн боддог байж болох ч өөрсдийгөө өндрөөр үнэлдэггүй. Ямар нөхцөлд хүмүүс өөрсдийгөө өндрөөр үнэлдэг вэ? Жаахан амжилт гаргасных нь төлөө бусад хүмүүс өөрийг нь магтах үед. Тэд өөрсдийгөө бусдаас илүү гэж бодон, бусад хүмүүс бол эгэл жирийн, ялгарах зүйлгүй, зөвхөн тэд өөрсдөө л байр суурьтай бөгөөд бусадтай адил зиндаа, адил түвшнийх биш, бусдаас илүү өндөрт байдаг гэж боддог. Ингэж тэд өөрсдийгөө хэт үнэлдэг. Мөн тэд өөрсдийгөө өндрөөр үнэлэх нь зөв гэж боддог. Тэд үүнийг хэрхэн боддог вэ? “Би онцгой хүч чадал, хэв чанар, уураг тархитай бөгөөд үнэнийг эрэлхийлэхэд бэлэн. Одоо би амжилтад хүрч чадсан—би нэр хүндтэй болсон, миний нэр төр, үнэ цэн бусад хүмүүсийхээс илүү өндөр. Тиймээс би гарцаагүй бусдаас ялгардаг, бусад хүний хүндэлдэг хүн учраас өөрийгөө өндрөөр үнэлэх нь зөв” хэмээн тэд боддог. Тэд оюун санаандаа ингэж боддог бөгөөд энэ нь эцэстээ өөрсдийгөө өндрөөр үнэлэх ёстой байдаг л нэг, тогтсон зүйл болж хувирна. Тэд үүнийг маргаангүй зөв, логиктой гэж боддог. Хэрвээ тэд өөрсдийгөө өндрөөр үнэлэхгүй бол тэнцвэргүй санагдаж, өөрсдийгөө дутуу үнэлж, бусдын сайшаалыг хүртэхгүй байгаа мэт санагддаг; тиймээс тэд өөрсдийгөө өндрөөр үнэлэх нь зүйн хэрэг гэж боддог. Өөрсдийгөө маш өндрөөр үнэлэхийн үр дагавар юу вэ? (Тэд бусадтай сайн хамтран ажиллахаа больж, бүхнийг өөрийнхөөрөө хийхийг хүснэ.) Энэ бол тэдний зан авирын нэг тал юм. Өөр? (Тэд ул суурьтай байхаа больж, ажлын талбартаа ахиц дэвшлийг эрэлхийлэхээ больж, өөрт аль хэдийн байгаа зүйлсдээ хэтэрхий их найддаг.) (Тэд өөрт таалагдахгүй нөхцөл байдалд захирагдахаас татгалздаг.) Тэд яагаад захирагдахаас татгалздаг вэ? Өмнө нь захирагдаж чаддаг байсан уу? (Өмнө нь тэдэнд биеэ тоох ямар ч хөрөнгө байгаагүй бөгөөд биеэ барьж, дарж чаддаг байсан тул тодорхой хэмжээнд захирагдаж чаддаг байсан. Харин одоо өөрсдөө хөрөнгө, чадвартай, бусдаас ялгаатай хэмээн тэдэнд санагддаг тул өөрсдийн болзлыг тавьж, захирагдахаас татгалзаж болно гэж боддог.) Тэд өөрсдийгөө өмнөхөөсөө өөр, байр суурьтай, олонд танигдсан, бусдад амархан захирагдах ёсгүй гэж боддог. Хэрвээ захирагдвал энэ нь тэдний байр сууринд тохирохгүй, нэр хүндэд нь тохирохгүй байгаа мэт болно. Өөрсдөө “үгүй” гэж хэлэх эрхтэй, бусдад захирагдахаас татгалзах эрхтэй гэж тэдэнд санагдана. Тэд өөр ямар зан авир гаргадаг вэ? (Ноцтой тохиолдолд тэд бүр Паул шиг “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7–8) хэмээн хэлж, Бурхантай тохиролцож эхлэн, бүтээгдсэн зүйл гэдгээ мартана.) Тэд хэн гэдгээ мартана. Хүн өөрийгөө өндрөөр үнэлдэг байх нь сайн хэрэг гэж та нар бодож байна уу? (Үгүй.) Үгүй, тэгвэл хүмүүс яагаад өөрсдийгөө өндрөөр үнэлдэг вэ? (Өөрсдийнх нь доторх сатанлаг зан чанараас болоод.) Сатанлаг зан чанартай байх нь зайлшгүй бөгөөд энэ нь асуудлын учир шалтгаан мэдээж мөн. Өөр ямар шалтгаан байдаг вэ? Бодит шалтгаануудын талаар ярьцгаая. (Хүмүүс өөрсдийн амжилтад хэт их ач холбогдол өгч, амь шиг чухал гэж үздэг. Тиймээс тэд үргэлж амжилтдаа баярлан хөөрч, сэтгэл ханадаг бөгөөд үүнээс зайлж чаддаггүй.) Энэ бол асуудлын гол цөм юм. Энэ нь хүмүүсийн зүрх сэтгэлдээ эрэлхийлж, тэмүүлдэг зүйл, мөн явахаар сонгосон замтай хамаатай. Олон хүн тодорхой хэвшмэл ажлуудыг гүйцэтгэж, техникийн ноу-хау шаардсан тодорхой үүргийг биелүүлж чадаж л байвал өөрсдийгөө биеийн хэмжээтэй байна гэж боддог. Тэдний ажил хэдий чинээ чадварлаг, гоц гойд, боловсронгуй байх тусам тэд бодит байдалтай, Бурханыг хайрладаг, Бурханд дуулгавартай гэдгийг төдий чинээ их нотолно гэж боддог. Тэд үүнийг өөрсдийн амь гэж үздэг. Ийнхүү тэд үүнийг эрхэмлэж, амийн зорилгоо болгон эрэлхийлдэг ч тэдний зорилго, чиглэл буруу, зам нь ч буруу байдаг. Үүнээс гадна, үндсэндээ амь, үнэний эрэл хайгуул, үнэний бодит байдалтай байх гэдэг юу гэсэн үг болох талаарх хүмүүсийн ойлголт алдаа дутагдалтай байдаг. Хүмүүсийн ойлголт алдаа дутагдалтай байх үед аливаа зүйлийн талаарх тэдний мэдлэг болон эцсийн үнэлгээ ч бас алдаа дутагдалтай байна. Хэрвээ чиний ойлголт алдаа дутагдалтай байвал эрэлхийлж байгаа зүйл чинь ч бас алдаа дутагдалтай байх ёстой. Үр дүнд нь чиний сонгодог зам асуудалтай байх бөгөөд чиний амьдралын чиглэл, зорилго ч бас алдаа дутагдалтай байх болно.

Зүгээр л үүргээ гүйцэтгээд тодорхой үр дүнд хүрч чадсаныхаа төлөө өөрийгөө өндрөөр үнэлэх нь сайн зүйл биш гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл яагаад хүмүүс өөрсдийгөө өндрөөр үнэлэх хандлагатай хэвээр байна вэ? Нэг талаас энэ нь хүмүүсийн биеэ тоосон, өнгөц байдлаас үүдэлтэй. Өөр шалтгаан бий юу? (Энэ нь Бурхан өөрсдийг нь ийм үр дүн гаргахад хүргэдэг гэдгийг хүмүүс ухаардаггүйгээс болж байгаа юм. Тэд бүх гавьяаг хүртэж, хөрөнгө эзэмших эрхтэй гэж боддог тул өөрсдийгөө өндрөөр үнэлдэг. Үнэндээ Бурханы ажилгүйгээр хүмүүс юу ч хийж чадахгүй боловч тэд үүнийг харж чаддаггүй.) Энэ үг зөв бөгөөд бас асуудлын гол цөм юм. Хэрвээ хүмүүс Бурханыг мэддэггүй, Ариун Сүнсний гэгээрэлгүй бол өөрсдийгөө юу ч хийж чадна гэж үргэлж бодно. Иймээс хэрвээ тэд хөрөнгөтэй бол биеэ тоож, өөрсдийгөө өндрөөр үнэлэх боломжтой. Та нар үүргээ гүйцэтгэх явцдаа Бурханы удирдамж, Ариун Сүнсний гэгээрлийг мэдэрч чаддаг уу? (Тийм.) Ариун Сүнсний ажлыг мэдэрч чаддаг хэр нь өөрийгөө өндрөөр үнэлж, өөрийгөө бодит байдалтай гэж бодсоор байвал энд юу болоод байгаа хэрэг вэ? (Үүргээ гүйцэтгэж, үр дүнд хүрэх үедээ бид гавьяаны тал нь Бурханых, тал нь биднийх гэж бодож эхэлдэг. Тэгээд өөрсдийн хамтын ажиллагааг хязгааргүй томруулж, бидний хамтын ажиллагаанаас илүү чухал зүйл гэж үгүй, үүнгүйгээр Бурханы гэгээрэл байх боломжгүй байсан гэж боддог.) Тэгвэл Бурхан чамайг яагаад гэгээрүүлсэн юм бэ? Бурхан бусад хүнийг ч бас гэгээрүүлж чадах уу? (Тийм.) Бурхан хүнийг гэгээрүүлэх нь Бурханы нигүүлсэл юм. Харин чиний тэр багахан хамтын ажиллагаа юу вэ? Энэ нь гавьяа зүтгэл үү, эсвэл та нарын үүрэг, хариуцлага уу? (Бидний үүрэг, хариуцлага.) Чи үүнийг өөрийн үүрэг, хариуцлага гэж ухамсарлах үедээ зөв сэтгэлгээтэй байдаг бөгөөд гавьяа хүртэхээр оролдох тухай бодохгүй. “Энэ бол миний хувь нэмэр. Миний хамтын ажиллагаагүйгээр Бурханы гэгээрэл байх боломжтой байсан гэж үү? Энэ ажилд хүмүүсийн хамтын ажиллагаа шаардлагатай; ололт амжилтын ихэнх нь хүмүүсийн хамтын ажиллагаанаас шалтгаалдаг” гэж чи үргэлж боддог бол энэ нь буруу. Ариун Сүнс чамайг гэгээрүүлээгүй, үнэний зарчмыг чамд хэн ч нөхөрлөөгүй бол чи яаж хамтран ажиллаж чадах юм бэ? Чи Бурхан юу шаарддагийг ч, хэрэгжүүлэх замыг ч мэдэхгүй байх байсан. Бурханыг дуулгавартай дагах, хамтран ажиллахыг хүслээ ч яаж тэгэхээ мэдэхгүй байх байсан. Чиний энэ “хамтын ажиллагаа” гэгч зүгээр л хий хоосон үг биш үү? Жинхэнэ хамтын ажиллагаагүй бол чи санаан зоргоороо л авирлана. Ийм тохиолдолд чиний биелүүлдэг үүрэг стандартад нийцэж чадах уу? Яавч үгүй, энэ нь асуудал байгааг илтгэдэг. Ямар асуудал вэ? Хүн ямар үүрэг гүйцэтгэх нь хамаагүй, үр дүнд хүрэх, үүргээ стандартад нийцэхүйц гүйцэтгэх, улмаар Бурханы сайшаалыг олж авах эсэх нь Бурханы үйлдлээс хамаарна. Чи хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэдэг хэдий ч Бурхан ажиллахгүй бол, Бурхан чамайг гэгээрүүлж, замчлахгүй бол чи зам, чиглэл, зорилгоо мэдэхгүй. Үүний эцсийн үр дүн юу байх вэ? Тэр бүх хугацаанд хөдөлмөрлөсний эцэст чи үүргээ зүй зохистой биелүүлээгүй, үнэнийг юм уу амийг ч олж аваагүй байна—бүх зүйл талаар болсон байх болно. Тиймээс үүргээ стандартад нийцэхүйц гүйцэтгэж, ах эгч нараа босгон байгуулж, Бурханы сайшаалыг хүртэх нь бүгд Бурханаас хамаарна! Хүмүүс зөвхөн өөрийнхөө чадах юмыг, хийх ёстой юмыг, төрөлх чадвараараа хийж чадах юмыг л хийж чадна, илүү юм чадахгүй. Тиймээс эцэст нь үүргээ үр дүнтэй байдлаар гүйцэтгэх нь Бурханы үгийн удирдамж, Ариун Сүнсний гэгээрэл, удирдлагаас шалтгаалдаг; тэр үед л чи үнэнийг ойлгож, чамд Бурханы өгсөн зам, Бурханы тогтоосон зарчмын дагуу Бурханы даалгаврыг гүйцэлдүүлж чадна. Энэ бол Бурханы нигүүлсэл, ерөөл бөгөөд үүнийг харж чадахгүй байгаа хүмүүс сохор юм. Хүн Бурханы гэрт ямар ажил хийдгээс үр хамааран үр дүн нь ямар байх ёстой вэ? Нэг талаар, Бурханыг гэрчилж, сайн мэдээ түгээх ёстой, нөгөө талаар ах, эгч нарыг босгон байгуулж, тэдэнд ашиг тусаа өгөх ёстой. Хүн энэ хоёр тал дээр үр дүнд хүрэхээр чармайх ёстой. Чи Бурханы гэрт ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, Бурханы удирдамжгүйгээр үр дүнд хүрч чадах уу? Хэрхэвч үгүй. Бурханы удирдамж байхгүй бол хийж байгаа зүйл чинь үндсэндээ хэрэггүй гэж хэлж болно. Олон жилийн туршид та нар үүргээ биелүүлэх явцдаа эдгээр үүргийг биелүүлэх тусам Бурханы шаардлагад улам ойртож, Бурханы санаа зорилгыг улам ойлгож, зарчмуудыг бүр их ойлгодог болсон. Энэ бүхэнд хэрхэн хүрсэн бэ? (Бурханы удирдамжаар.) Бурханы удирдамж, Ариун Сүнсний гэгээрэлгүй бол хүмүүс үнэндээ ямар “хувь нэмэр оруулж” чадах вэ? Тэдний “хувь нэмэр” гэдэг нь нэг талаар хүний төсөөлөл юм. Хүмүүс заримдаа өөрсдийн төсөөллийн дагуу үүргээ биелүүлж, ингэснээрээ Бурханыг гэрчилж чадна гэж боддог. Гэвч үр дүн нь эсрэгээрээ байдаг. Тэдний бий болгосон зүйл Бурханыг гэрчлэх хүссэн үр дүндээ хүрч чаддаггүйгээр үл барам, харин ч жинхэнэ бус, бодит бус, хүний төсөөлөл, зохиомол бүтээл төдий харагддаг ба энэ нь эцсийн дүндээ Бурханыг гутаадаг. Нөгөө талаар энэ нь хүний үзэл юм. Хүмүүс өөрсдийн үзэлд тулгуурлан үйлдэх дуртай бөгөөд үзэл нь үнэнтэй нийцдэг гэж боддог. Тэд өөрсдийн үзлийн дагуу үйлдэх үедээ бусдаас сайшаал хүртэж, Бурханыг алдаршуулж байна гэж боддог. Үр дүнд нь тэд өөрсдийн үзэлд тулгуурлан олон зүйл хийдэг бөгөөд Бурханд гэрчлэл хийх хүссэн үр дүндээ хүрч чаддаггүйгээр үл барам харин ч бусдыг төөрөлдүүлэн эдгээр үзлийг үнэн гэж хүлээн авахад хүргэдэг. Энэ нь Бурханыг дуулгавартай дагахад тэдэнд саад болоод зогсохгүй, Бурханыг буруу ойлгож, сэжиглэж, яллаж, доромжлоход хүргэдэг. Энэ бол өөрийнхөө үзэлд тулгуурлан үйлдэх, эдгээр үзлийг түгээхийн үр дагавар юм. Хүмүүс үнэний талаар ойлголтгүй байх үедээ үзэл, төсөөлөлдөө тулгуурлан үйлддэг. Төсөөлөл, үзлээс гадна хүмүүсийн “хувь нэмэр оруулдаг” өөр нэг тал бол хүний мэдлэг юм. Янз бүрийн салбарт баялаг мэдлэг олж авсныхаа дараа тэд энэ мэдлэгээ ашиглан Бурханы шаардлагуудыг хэмжиж, үнэн гэж юу болохыг төсөөлж, үүргээ хэрхэн биелүүлэх, Бурханы хүслийг хэрхэн хангахаа шүүн тунгаадаг. Ийм үйлдлийн үр дүн юу вэ? Хүний мэдлэг үнэнтэй зөрчилдөж, үнэнд харшилдаг учраас мэдээж энэ нь Бурханы санаа зорилготой зөрчилддөг. Хүмүүс хүний мэдлэгт тулгуурлан үүргээ гүйцэтгэх үед энэ нь чуулганд ямар нөхцөл байдлыг бий болгодог вэ? Хүмүүс мэдлэгийг шүтэж, хэн нь илүү ихийг мэддэг, хэн нь илүү олон ном уншсан, эсвэл хэн нь илүү өндөр боловсролын зэрэгтэйг харахын тулд нэг хүнийг нөгөөтэй нь харьцуулж эхэлнэ. Эдгээр нь тэдний харьцуулах дуртай зүйлс юм. Чуулган дотор ийм нөхцөл байдал үүсэх үед энэ нь хүмүүс Бурханд үйлчилж, гэрчлэл хийхдээ хүний мэдлэгийг ашигладагтай холбоотой юу? Мэдээж холбоотой. Үүргээ биелүүлэх, Бурханд гэрчлэл хийхийн тулд мэдлэг ашиглахын үр дагавар юу вэ? Энэ нь үнэнийг хайрлахаас илүү хүний мэдлэгийг илүүд үзэхэд хүргэж, хүмүүсийг хүний мэдлэгийг эрэлхийлэх зам руу хөтөлдөг. Энэ нь буруу бөгөөд хүнийг үнэн замаас бүрэн хазайхад хүргэдэг. Бурханыг гэрчилж, Бурханд үйлчлэхийн тулд төсөөлөл, үзэл, эсвэл хүний мэдлэгийг ашиглах нь хамаагүй, эдгээр арга замын аль нь ч Бурханыг мэдэх, Бурханыг дуулгавартай дагахад нь хүмүүст туслах хүссэн үр дүнд хүрч чадахгүй. Үүний оронд хүмүүсийг Бурхан руу хандахад амархан саад болж чадна. Тиймээс Бурханыг гэрчлэхийн тулд төсөөлөл, үзэл, эсвэл хүний мэдлэгийг ашиглах нь бүгд нэг төрлийн Бурханы эсрэг эсэргүүцэл юм. Энэ нь Бурханы ажлыг тасалдуулж, үймүүлдэг ба Бурхан ийм үйлдлийг сайшаадаггүй.

Хүний төсөөлөл, үзэл, мэдлэг нь бүгд бодлын цар хүрээний талууд юм. Хүний үйлдлүүд нэг талаар өөрийн бодол санаа, үзэл бодолд тулгуурладаг, харин нөгөө талаар хамгийн чухал үүрэг роль гүйцэтгэдэг завхарсан зан чанарт тулгуурладаг. Хэрвээ хүмүүс үнэнийг ойлгодоггүй, өөрсдийгөө мэддэггүй, үнэнийг хүлээн авдаггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурхан болон үнэнд дуулгавартай байж чаддаггүй бол өөрсдийн үүргийг гүйцэтгэхдээ юунд үндэслэдэг вэ? Тэд биеэ тоосон, ов мэхтэй, хорон муу, харгис, гөжүүд занд үндэслэн үйлддэг ба эдгээр нь бүгд завхарсан зан чанарын талууд юм. Эдгээр завхарсан зан чанарт тулгуурлан үүргээ гүйцэтгэхийн үр дагавар юу вэ? (Хүмүүс бусадтай эв найртай хамтран ажиллаж чадахгүй, бас чуулганы ажлыг тасалдуулж, үймүүлж чадна.) Эдгээр үр дагаврыг мэдэж байх ёстой. Хүн болгон хүссэнээ хийгээд, үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хүн бүр өөрийн гэсэн зүйлийг хийж, эв зохицолгүй авирлаж, саад тотгор, үймээн үүсгэдэг. Сайн гүйцэтгэж болох байсан ажил эмх замбараагүй, дэг журамгүй болдог. Энэ нь шүтлэггүй хүмүүсийн дунд болдог зүйлсээс ямар ч ялгаагүй. Нийгэмд ч бай, албан ёсны хүрээлэлд ч бай, Сатаны хуаранд ямар уур амьсгал давамгайлдаг вэ? Ямар хэрэгжүүлэлт түгээмэл вэ? Та нар эдгээрийн талаар зарим ойлголттой байх учиртай. Тэдний үйлдлийн зарчим, зааварчилгаа юу вэ? Дор бүрнээ дураараа дургидаг; дор бүрнээ өөрийн замаар явдаг. Тэд өөрсдийн ашиг сонирхлоор үйлдэж, хүссэнээ хийдэг. Эрх мэдэлтэй хүн л эцсийн шийдвэрийг гаргадаг. Тэд бусдыг өчүүхэн төдий ч боддоггүй. Зүгээр л хүссэнээ хийж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө чармайж, дур зоргоороо авирладаг. Тэд эрх мэдэлтэй болмогцоо тэр эрх мэдлээ бусад дээр хурдан ашигладаг. Хэрвээ дургүйг нь хүргэвэл тэд чамайг зовоон шаналгахыг хүсэх бөгөөд чи тэдэнд бэлэг сэлт өгөхөөс өөр юу ч хийж чадахгүй. Тэд хилэнцэт хорхой мэт харгис бөгөөд хууль тогтоомж, засгийн газрын дүрэм журмыг зөрчих, тэр ч бүү хэл гэмт хэрэг үйлдэхэд бэлэн байдаг. Эдгээр нь тэдний хийж чадах бүх зүйл юм. Сатаны хуаран ийм л харанхуй, ёрын муу байдаг. Одоо Бурхан хүн төрөлхтөнийг аварч, хүмүүст үнэнийг хүлээн авах, үнэнийг ойлгох, Сатаны боолчлол, эрх мэдлээс ангижрах боломж олгохоор ирсэн. Хэрвээ та нар үнэнийг хүлээн авдаггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй бол Сатаны нөлөөн дор амьдарсан хэвээр байх бус уу? Энэ тохиолдолд та нарын одоогийн байдал, диавол Сатаныхаас юугаараа ялгаатай юм бэ? Та нар шүтлэггүй хүмүүсийн адилаар өрсөлдөнө. Та нар шүтлэггүй хүмүүсийн тулалддагтай адилаар тулалдана. Өглөөнөөс үдэш хүртэл хуйвалдаж, сүлбэлдэж, атаархаж, маргалдана. Энэ асуудлын үндэс нь юу вэ? Хүмүүс завхарсан зан чанартай бөгөөд эдгээр завхарсан зан чанарын дагуу амьдардгаас энэ бүхэн болж байгаа юм. Завхарсан зан чанарын ноёрхол бол Сатаны ноёрхол юм; завхарсан хүмүүс сатанлаг зан чанар дотор оршиж байдаг, хэн ч үүнээс ангид биш. Тиймээс чи өөрийгөө эрх мэдэл, олз ашгийн төлөө тэмцэхээргүй хэтэрхий сайн, дэндүү номой номхон юм уу хэтэрхий үнэнч шударга гэж бодох хэрэггүй. Үнэнийг ойлгодоггүй, Бурханд хөтлүүлдэггүй бол чи ямар ч ялгаагүй нь гарцаагүй бөгөөд хар муу санаагүй, сайхан сэтгэлтэй, эсвэл залуу насныхаа улмаас алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэхгүй байна гэж яавч үгүй. Үнэн хэрэгтээ чамд боломж нь байгаад, нөхцөл нь бүрдсэн л бол чи ч бас алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрж хайна. Алдар нэр, ашиг хонжоонд шунах нь Сатаны ёрын муу уг чанартай хүмүүсийн өвөрмөц зан авир юм. Хэн ч үүнээс ангид биш. Бүх завхарсан хүн төрөлхтөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө амьдардаг бөгөөд эдгээр зүйлийн төлөө тэмцэхдээ ямар ч төлөөс төлнө. Сатаны эрх мэдэл дор амьдардаг бүх хүн ийм байдаг. Тиймээс үнэнийг хүлээн авдаггүй, ойлгодоггүй, зарчмын дагуу үйлдэж чаддаггүй хүн бол сатанлаг зан чанар дунд амьдарч байгаа хүн юм. Сатанлаг зан чанар аль хэдийн бодол санааг чинь захирч, зан авирыг чинь хянах болсон; Сатан чамайг бүрэн хянаж, хүлсэн бөгөөд хэрвээ чи үнэнийг хүлээн авч, Сатаныг хаяхгүй бол зугтаж чадахгүй. Одоо Бурханы гэрт үүргээ биелүүлж байхдаа чи бага зэрэг дуулгавартай, бага зэрэг хатуужилтай зүрх сэтгэлтэй, бага зэрэг нухацтай, бага зэрэг хариуцлагаа ухамсарласан, эсвэл байр сууринд санаа тавихаа хойш тавьж чаддаг, үргэлж өрсөлдөөнч биш байж чаддаг, бусдад буулт хийж чаддаг, бусадтай эв найртай хамтран ажиллаж чаддаг, мөн ойлгохгүй зүйлтэйгээ тулгарахдаа эрж хайж, хүлээж чаддаг. Та нар ийм хандлага, зан авирт яаж хүрсэн бэ? Энэ нь Бурханы хангалт, удирдамж, усалгаатай шууд холбоотой. Энэ бүхэн бол Бурханы хэлсэн маш олон үгийн үр дүн юм. Эс тэгвээс, хүн сайн чанаруудтай байгаад ч үнэнийг олж илрүүлж, үнэнийг ойлгож чадахгүй. Хэрвээ Бурхан эдгээр үнэнийг илэрхийлэхээр ирээгүй бол хүмүүс үнэнийг олохын тулд хаашаа явах байсан бэ? Хүмүүс багаасаа боловсрол эзэмшиж, олон жил сургуульд сурдаг ч үнэнийг олж мэдсэн үү? Огтхон ч үгүй. Хүмүүс алдартнууд, агуу хүмүүсийг биширч, соёлын мэдлэгийг шагшин магтдаг ч үнэнийг олж мэдсэн үү? Үгүй. Маш олон ном уншсаныхаа дараа ч тэд үнэнийг олж мэдээгүй. Үнэндээ хорвоо ертөнц дээр ямар ч үнэн байхгүй. Бурхан ирж, үнэн болон мөнх амийн замыг авчирсны дараа, мөн Бурханы үгийг хэдэн жилийн турш уншсаны дараа л хүмүүс эцэст нь үнэнийг олж илрүүлсэн. Зөвхөн тэр үед л тэд үнэний үнэ цэн, эрхэм нандин байдлыг ухаардаг. Энэ үед хүмүүс өөрсдийнх нь үг, үйлдэл, биеэ авч явах байдал урьд нь төсөөлөл, үзэл, хүний мэдлэгт тулгуурлаж байсныг ойлгодог. Эдгээр зүйлээс гадна тэд өөрсдийн завхарсан зан чанарт хөтлөгддөг байсан. Хүмүүсийн зүрх сэтгэлийг дүүргэдэг үзэл, хүний мэдлэг, төсөөлөл бол үнэн биш. Тиймээс хүмүүс Сатаны завхарсан зан чанарын янз бүрийн талуудыг амьдран харуулах хандлагатай байдаг. Тэд хүссэн ч гэсэн хүний төрхийг амьдран харуулж чадахгүй, эсвэл худал хэлэхгүй байж чадахгүй бөгөөд хэдхэн сайн зүйл хийх нь ч тэдний хувьд хэцүү байдаг. Сатаны зан чанарын дагуу амьдардаг хүмүүс аяндаа Сатаны төрхийг харуулдаг. Тэдний үг, үйлдэл, зан авир бүгд Сатаны зан чанарын нөлөөнд автдаг, хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Хэрвээ та нар үүнийг танин мэдэж чаддаг бол өөрсдийн үүргийг биелүүлэх явцад тодорхой үр дүнд хүрч, тодорхой хувь нэмэр оруулж, сайн зан авир гаргах юм уу тодорхой өөрчлөлтийг туулах эсэхээс үл хамааран, ямар сэтгэлгээтэй байх ёстой вэ? (Бурханд талархах сэтгэл.) Та нар Бурханд талархах хэрэгтэй. Бүх алдар суу Бурханд харьяалагдана. Бурхан л үүнийг хийсэн бөгөөд хүмүүст сайрхаад байх зүйл үгүй. Хүн бүр өөр өөр түвшний чадвартай байдаг. Жишээлбэл, зарим хүн хэмнэл, дуу хөгжимд төрөлхийн мэдрэмжтэй байдаг бол бусад нь бүжиглэхдээ гаргууд байдаг. Хүмүүс төрөлхийн авьяастай байх нь хамаагүй, бүгдийг нь Бурхан өгдөг бөгөөд хүмүүс сайрхаад байх зүйлгүй. Тэд эдгээр төрөлхийн авьяасыг эцэг эхээсээ өвлөж аваагүй нь лавтай, учир нь эцэг эхчүүд нь өөрсдөө тийм авьяасгүй байх магадлалтай, тийм авьяастай байлаа ч гэсэн хүүхдүүд нь угаасаа төрөлхийн чадваргүй бол тэрийгээ хүүхдүүддээ зааж өгч чадахгүй. Тиймээс хүмүүс авьяас билиг, ур чадвартай байх нь эцэг эхтэй нь ямар ч хамаагүй. Мэдээж эдгээр авьяас нь суралцах замаар олж эзэмшиж болох зүйл биш. Хүмүүсийн төрөлхийн авьяас, чадвар Бурханаас заяагддаг. Бурхан аль эрт эдгээрийг урьдчилан тогтоосон. Хэрвээ Бурхан чамайг мунхаг болгосон бол мунхаглалд чинь утга учир бий; Бурхан чамайг ухаантай болгосон бол ухаалаг байдалд чинь утга учир бий. Бурхан чамд ямар ч авьяас өгсөн бай, давуу тал чинь юу ч бай, IQ чинь хэчнээн ч өндөр бай, Бурханы хувьд бүгд зорилготой байдаг. Энэ бүх зүйлийг Бурхан урьдчилан тогтоосон. Амьдралдаа гүйцэтгэх үүрэг ролийг чинь, биелүүлэх үүргийг чинь Бурхан аль эрт тогтоосон. Бусад хүн өөрт нь байхгүй давуу талтайг хараад зарим хүн сэтгэл дундуур байдаг. Тэд улам ихийг сурч, илүү ихийг үзэж, илүү махран зүтгэснээр байдлыг өөрчлөхийг хүсдэг. Гэхдээ тэдний махран зүтгээд хүрч чадах зүйл хязгаартай бөгөөд тэд авьяас билиг, мэргэжлийн ур чадвартай хүмүүсээс илүү гарч чадахгүй. Чи хэчнээн их тэмцлээ ч нэмэргүй. Чамайг ямар байхыг Бурхан тогтоосон, хэн ч үүнийг өөрчлөх гээд юу ч хийж чадахгүй. Чи юунд сайн байна, түүндээ хичээл чармайлт гаргах ёстой. Ямар үүрэгт тохирч байна, тэр үүргээ гүйцэтгэх ёстой. Ур чадвараас чинь давсан талбарт өөрийгөө хүчлэх гэж бүү зүтгэ, бусдад битгий атаарх. Хүн бүрд өөрийн гэсэн чиг үүрэг бий. Өөрийгөө бүх юмыг сайн хийж чадна, эсвэл бусдаас илүү төгс, илүү сайн гэж бүү бод. Бусдыг орлож, өөрийгөө харуулахыг үргэлж хүснэ гэдэг бол завхарсан зан чанар юм. Өөрсдийгөө юуг ч сайн хийж чадахгүй, ямар ч ур чадваргүй гэж боддог хүмүүс байдаг. Хэрвээ тийм бол чи зүгээр л ул суурьтай сонсож, дуулгавартай дагадаг хүн байх ёстой. Чадах юмаа хий, хамаг чадлаараа сайн хий. Тэгэхэд л хангалттай. Бурхан сэтгэл хангалуун байх болно. Хүн бүрийг давж гарч, юм бүхнийг бусдаас илүү сайн хийж, бүх талаар бусдаас онцгойрох гэж үргэлж бүү бод. Тэр нь ямар төрлийн зан чанар вэ? (Биеэ тоосон зан чанар.) Хүмүүс үргэлж биеэ тоосон зан чанартай байдаг бөгөөд үнэнийг олж авахаар чармайж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг хүслээ ч гэсэн тэгж чаддаггүй. Биеэ тоосон зан чанарт захирагдах нь хүмүүсийг амархан төөрөлдөхөд хүргэдэг. Жишээлбэл, зарим хүн Бурханы шаардлагын оронд сайн санаа зорилгоо илэрхийлснээр онгирч гайхуулахыг үргэлж хүсдэг. Бурхан сайн санаа зорилгын тийм илэрхийллийг магтах уу? Бурханы хүслийг анхаарч үзэхийн тулд чи Бурханы шаардлагыг дагах ёстой, үүргээ биелүүлэхийн тулд Бурханы зохицуулалтад захирагдах ёстой. Сайн санаа зорилго илэрхийлдэг хүмүүс Бурханы хүслийг анхаардаггүй, харин ч шинэ заль гаргаж, сүржин үг хэлэхээр үргэлж хичээдэг. Ийм маягаар анхаарал хандуулахыг Бурхан чамаас шаарддаггүй. Зарим хүн үүнийг өрсөлдөж байгаа хэрэг гэж хэлдэг. Өрсөлдөөнтэй байх нь өөрөө эсрэг зүйл. Энэ нь Сатаны биеэ тоосон зан чанарын илчлэл—илрэл юм. Чи тийм зан чанартай байх үедээ бусдыг доош дарахаар үргэлж хичээж, тэднээс илүүрхэх гэж байнга оролдож, үргэлж махран тэмцэлдэж, хүмүүсээс авах гэж үргэлж хичээж байдаг. Чи дээд зэргээр атаархаж, хэнд ч буулт хийдэггүй бөгөөд олноос онцгойрох гэж ямагт хичээж байдаг. Ингэх нь асуудал үүсгэдэг; Сатан ингэж авирладаг. Хэрвээ чи Бурханы боломжийн бүтээл байхыг үнэхээр хүсвэл мөрөөдлийнхөө араас бүү хөөцөлд. Зорилгодоо хүрэхийн тулд гоц гойд, байгаагаасаа илүү чадварлаг байхаар оролдох нь муу зүйл. Чи Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, өөрийнхөө байранд зогсож сурах ёстой; энэ нь л эрүүл ухааныг харуулдаг.

Та нарын биеэ авч явах зарчим юу вэ? Чи байр байдлынхаа дагуу биеэ авч явж, өөртөө тохирох зөв газрыг олж, гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэх ёстой; зөвхөн энэ л эрүүл ухаантай хүн юм. Жишээ татвал, тодорхой мэргэжлийн ур чадварт дадамгай, зарчмыг ойлгодог хүмүүс байдаг бөгөөд тэд тухайн талбарт тэр хариуцлагыг үүрч, эцсийн шалгалтыг хийх ёстой; санаа бодол, гүн ойлголтоор ханган, бусдад урам зориг оруулж, үүргээ илүү сайн биелүүлэхэд нь тусалдаг хүмүүс байдаг—тэгвэл тэд санаа бодлоо хэлэх ёстой. Хэрвээ чи өөрт тохирох зөв газрыг олж, ах эгч нартайгаа эвтэй ажиллаж чадвал үүргээ биелүүлж байх бөгөөд байр байдлынхаа дагуу биеэ авч явж байх болно. Эхэндээ чи зарим нэг санаа бодлоо л хэлж чаддаг байсан ч өөр зүйл санал болгохоор оролдож, үүнийхээ төлөө маш их хичээж зүтгэсэн ч эцэст нь чадахгүй хэвээр байвал; мөн бусад хүмүүс тэр зүйлийг санал болгох үед чамд таагүй санагдаж, сонсохыг хүсдэггүй бөгөөд зүрх сэтгэл чинь хөндүүрлэж, хязгаарлагдаж, Бурханыг буруутгаж, Бурхан бол зөвт бус гэж хэлдэг бол—энэ нь амбиц юм. Ямар зан чанар хүнийг амбицтай болгодог вэ? Биеэ тоосон зан чанар амбицтай болгодог. Эдгээр байр байдал та нарт мэдээж хэдийд ч гарч ирж болох бөгөөд хэрэв та нар тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайдаггүй, амийн оролтгүй, тэр талаар өөрчлөгдөж чадахгүй байвал үүргээ гүйцэтгэж буй мэргэшил, цэвэр байдлын чинь түвшин доогуур байх болно, бас үр дүн нь тийм ч сайн байхгүй. Энэ нь үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа хэрэг биш бөгөөд Бурхан та нараас алдрыг олж аваагүй гэсэн үг юм. Бурхан хүн бүрд өөр өөр чадвар, билиг авьяас өгсөн. Зарим хүн хоёр юм уу гурван салбарт авьяастай байдаг, зарим нь нэг салбарт авьяастай байдаг байхад зарим нь ямар ч авьяасгүй байдаг. Хэрэв та нар эдгээр асуудалд зөв зүйтэй хандаж чаддаг бол эрүүл ухаантай юм. Эрүүл ухаантай хүн байраа олж, тэр байрынхаа дагуу биеэ авч явж, үүргээ сайн гүйцэтгэж чаддаг. Байраа хэзээ ч олж чадахгүй хүн бол үргэлж амбицтай байдаг хүн юм. Тэд үргэлж байр суурь, ашиг хонжоо эрэлхийлдэг. Тэд байгаа зүйлдээ хэзээ ч сэтгэл ханадаггүй. Илүү их ашиг хонжоо олохын тулд чадах чинээгээрээ ихийг авахыг хичээдэг; тэд үргэлж хэрээс хэтэрсэн хүслээ хангана гэж найддаг. Өөрсдөө билиг авьяастай, хэв чанар сайтай бол Бурханы нигүүлслийг илүү их эдлэх ёстой, хэрээс хэтэрсэн хүсэлтэй байх нь алдаа биш гэж тэд боддог. Ийм хүн эрүүл ухаантай юу? Үргэлж хэрээс хэтэрсэн хүсэлтэй байх нь ичгүүргүй хэрэг биш гэж үү? Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс энэ нь ичгүүргүй хэрэг гэдгийг мэдэрч чадна. Үнэнийг ойлгодог хүмүүс ийм тэнэг зүйл хийдэггүй. Хэрэв чи Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ үнэнчээр биелүүлнэ гэж найддаг бол энэ нь хэрээс хэтэрсэн хүсэл биш юм. Энэ нь хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд нийцэж, Бурханыг баярлуулдаг. Хэрэв чи үүргээ сайн биелүүлэхийг үнэхээр хүсвэл эхлээд зөв байраа олоод, дараа нь бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа чадах зүйлээ хийж, хамаг чадлаараа хичээх ёстой. Ингэх нь хангалттай бөгөөд үүргээ ингэж гүйцэтгэх нь тодорхой хэмжээнд цэвэр байдаг. Жинхэнэ бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл бол энэ. Юун түрүүнд чи жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болохыг ойлгох ёстой: Жинхэнэ бүтээгдсэн зүйл бол супер хүн биш, харин газар дэлхий дээр шулуун шударгаар, бодитой байдлаар амьдардаг хүн юм; тэрээр огтхон ч гоц гойд биш, өчүүхэн төдий ч ер бусын биш, харин эгэл жирийн хүнтэй адилхан. Хэрэв чи үргэлж бусдын дээр гарч, бусдаас дээгүүр эрэмбэлэгдэхийг хүсдэг бол энэ нь биеэ тоосон, сатанлаг зан чанараас чинь үүдэн гардаг бөгөөд чиний амбицаас бий болсон төөрөгдөл юм. Үнэн хэрэгтээ чи үүнд хүрч чадахгүй, чамд үүнийг хийх боломж байхгүй. Бурхан чамд тийм авьяас юм уу ур чадвар өгөөгүй, тийм мөн чанар ч өгөөгүй. Чи бол хүн төрөлхтний эгэл жирийн гишүүн бөгөөд хэдий гадаад төрх, гэр бүл, нийгмийн гарал чинь өөр, ур чадвар, билиг авьяас чинь жаахан ялгаатай байж болох ч бусдаас ерөөсөө өөр биш гэдгээ битгий март. Гэхдээ үүнийг бүү март: Чи хэчнээн онцгой байлаа ч зөвхөн эдгээр өчүүхэн байдлаар л өөр бөгөөд завхарсан зан чанар чинь бусдынхтай адилхан. Чамд байх ёстой хандлага, үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёстой зарчим чинь бусдынхтай адилхан. Ердөө давуу тал, билиг авьяасаараа л хүмүүс ялгардаг. Чуулганд зарим хүн гитар тоглож чаддаг, зарим нь хуучир тоглож чаддаг, зарим нь бөмбөр тоглож чаддаг. Хэрвээ чи эдгээр талбарын аль нэгийг сонирхвол сурч болно. Ямар тодорхой ур чадвар, технологи байхаас үл хамааран, чи сурах дуртай, сурамгай байх л юм бол үүнийг сурч чадна. Чи шинэ ур чадвар сурмагцаа хүмүүст төдийгүй бас Бурханд таалагдах нэмэлт үүрэг гүйцэтгэхэд үүнийгээ ашиглах боломжтой. Илүү их ур чадвар эзэмшиж, Бурханы гэрийн ажилд илүү их хувь нэмэр оруулах нь хамгийн ерөөлтэй зүйл юм. Нас залуу, ой тогтоолт сайтай байхдаа шинэ зүйл сурахад буруу юм байхгүй. Энэ нь зөвхөн ашиг тустай, харин хор хохиролгүй. Энэ нь үүргийн гүйцэтгэл болон Бурханы гэрийн ажилд ашиг тустай. Үүргээ гүйцэтгэх явцдаа янз бүрийн шинэ зүйл сурахад анхаарах нь хичээнгүй, хариуцлагатай гэсэн үг юм; тэд ямар ажил хийхээ мэдэхгүй хүмүүсээс хавьгүй дээр. Харин чи хэсэг хугацаанд ямар нэг зүйл сураад юу ч ойлгохгүй хэвээр байвал тухайн тал дээр ямар ч авьяасгүй гэдгийг чинь энэ нь илтгэдэг. Зарим хүн сайн бүжиглэж чаддаг ч солгой хоолойгоор дуулдаг, эсвэл аягүй байдгийн адилаар энэ нь төрөлхийн зүйл бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй. Тийм нөхцөл байдалд зөв хандлагаар хандах учиртай. Хэрвээ чи бүжиглэж чаддаг бол сайн бүжиглэ. Бурханыг магтах зүрх сэтгэлтэй бол солгой хоолойгоор дуулсан ч Бурхан дургүйцэхгүй. Чи зүрх сэтгэлдээ баяр хөөртэй байгаа л бол тэр нь хангалттай. Хувийн чадвар чинь юу болохоос үл хамааран тэрийгээ ашиглаж л байгаа бол сайн хэрэг. Үүргээ нухацтай гүйцэтгэ, байр байдлынхаа дагуу биеэ авч явах гэдэг нь энэ юм.

Хэн ч өөрийгөө төгс, алдартай, эрхэмсэг, бусдаас онцгой гэж бүү бодог; энэ бүхэн бүгдээрээ хүний биеэ тоосон, мэдлэггүй зан чанараас үүдэлтэй. Өөрийгөө үргэлж онцгойлон авч үзэх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; дутагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, алдаа, бүтэлгүйтэлтэйгээ нүүр тулж огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас болдог; бусдыг өөрөөс нь дээгүүр юм уу өөрөөс нь илүү байхыг зөвшөөрч огт чадахгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдыг өөрөөс нь давуу, эсвэл илүү сайн гэдгийг хэзээ ч зөвшөөрөхгүй байх нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй; бусдын бодол, санал, үзэл бодол өөрийнхөөс нь дээр гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй, бусад хүн өөрөөс нь дээр гэдгийг олж мэдэх үедээ сөрөг болж, ярихыг хүсэлгүй, гонсойж, сэтгэлээр унаж, бухимдаж байгаа бол энэ нь биеэ тоосон зан чанараас үүдэлтэй юм. Биеэ тоосон зан чанар чамайг нэр төрөө хамгаалдаг, бусдын сануулгыг хүлээн авч чадахгүй, дутагдалтайгаа нүүр тулж чадахгүй, өөрийн бүтэлгүйтэл, алдааг хүлээн зөвшөөрч чадахгүй болгодог. Түүгээр ч зогсохгүй хэн нэгэн чамаас илүү дээр байх үед энэ нь зүрх сэтгэлд чинь үзэн ядалт, атаархлыг төрүүлдэг бөгөөд чи хязгаарлагддаг болохоор үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больж, үүргээ гүйцэтгэхдээ хааш яаш болдог. Биеэ тоосон зан чанар чиний дотор эдгээр зан авир, хэрэгжүүлэлтийг бий болгож чадна. Хэрэв та нар энэ бүх нарийн ширийнийг бага багаар илүү гүнзгий ухаж ойлгож, ололт гаргаж, тэдгээрийг ойлгож чаддаг бол; бас эдгээр бодол, эндүү ташаа үзэл, үзэл бодол, бүр зан авирыг ч аажмаар хаяж, тэдгээрт хүлэгдэхгүй байж чаддаг бол; үүргээ гүйцэтгэхдээ өөрт тохирох байраа олж, зарчмын дагуу үйлдэж, өөрийн хийж чадах, гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэж чаддаг бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үүргээ илүү сайн гүйцэтгэж чадна. Энэ нь үнэний бодит байдал руу орох оролтыг бүрдүүлдэг. Хэрэв чи үнэний бодит байдал руу орж чадвал хүний төрхтэй харагдах бөгөөд хүмүүс “Энэ хүн байр байдлынхаа дагуу биеэ авч явдаг бөгөөд үүргээ ул суурьтай гүйцэтгэж байна. Тэрээр төрөлх байдал, адгуу зан юм уу завхарсан, сатанлаг зан чанартаа түшиглэж үүргээ гүйцэтгэдэггүй. Тэд биеэ барьдаг, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлтэй, үнэнийг хайрладаг, зан авир, илэрхийлэл нь өөрийн махан бие, дур сонирхлыг орхисон гэдгийг нь илчилдэг” гэж хэлнэ. Биеэ тийнхүү авч явах нь ямар сайхан гээч! Заримдаа бусад хүн дутагдлыг чинь гаргаж ирэхэд чи хүлээн авч чадахаас гадна өөдрөг байж, алдаа, дутагдалтайгаа тайвнаар нүүр тулдаг. Сэтгэл санааны байдал чинь нэлээд хэвийн, хэт туйлшрал, адгуу зангаас ангид байдаг. Хүний төрхтэй байх гэдэг нь энэ биш гэж үү? Ийм хүмүүс л эрүүл ухаантай байдаг.

Хүмүүс үргэлж дүр эсгэж, бусдад өндрөөр үнэлэгдэхийн тулд үргэлж өөрсдийгөө аятайхан харагдуулж, байнга өөрийгөө дөвийлгөж, алдаа, дутагдлаа олж харж чадалгүй, хүмүүст хамгийн сайн талаа харуулах гэж үргэлж хичээх нь ямар зан чанар вэ? Энэ нь биеэ тоосон, хуурмаг, хоёр нүүртэй байдал, Сатаны зан чанар, ёрын муу зүйл юм. Сатанлаг дэглэмийн гишүүдийг аваад үз: Тэд харанхуйд хэчнээн их тэмцэлдэж, дайсагнаж, алж хядлаа ч тэднийг мэдээлж, илчлэхийг хэнд ч зөвшөөрдөггүй. Хүмүүс чөтгөрлөг царайг нь харна гэхээс айгаад тэд үүнийг нуун дарагдуулахын тулд чадах бүхнээ хийдэг. Олны нүдэн дээр тэд аятайхан харагдахын тулд чадах бүхнээ хийн, ард түмэнд хэчнээн хайртайгаа хэлж, хэчнээн агуу, алдар суутай, алдаа мадаггүй болохоо ярьдаг. Энэ бол Сатаны уг чанар. Сатаны уг чанарын хамгийн алдартай онцлог шинж нь заль, ов мэх юм. Тэгвэл энэхүү заль, ов мэхийн зорилго юу вэ? Хүмүүсийг хуурч, өөрийнх нь мөн чанар, үнэн төрхийг харахад саад хийж, улмаар өөрийнхөө засаглалыг уртасгах зорилгод хүрэх явдал. Эгэл хүмүүс тийм эрх мэдэл, байр суурьгүй байж болно, гэвч тэд ч бас хүмүүс өөрсдийг нь сайнаар бодож, зүрх сэтгэлдээ өндрөөр үнэлж, өндөр байр сууринд тавиасай гэж хүсдэг. Энэ бол завхарсан зан чанар бөгөөд хэрвээ хүмүүс үнэнийг ойлгодоггүй бол үүнийг таньж чадахгүй. Завхарсан зан чанарыг танихад хамгийн хэцүү: Өөрийн алдаа, дутагдлыг таньж мэдэх амархан, харин өөрийн завхарсан зан чанарыг таньж мэдэх нь амаргүй. Өөрийгөө мэддэггүй хүмүүс завхарсан байдлынхаа талаар хэзээ ч ярьдаггүй—өөрсдийгөө зүгээр гэж үргэлж боддог. Тэгээд өөрийн мэдэлгүй гайхуулж эхэлдэг: “Итгэлийнхээ энэ олон жилийн хугацаанд би маш их хавчлага, зовлон зүдүүр амссан. Та нар намайг яаж энэ бүхнийг даван туулсныг мэдэх үү?” Энэ биеэ тоосон зан чанар мөн үү? Өөрсдийгөө харуулах гэдгийнх нь цаад сэдэл нь юу вэ? (Хүмүүст өндрөөр үнэлэгдэх.) Хүмүүст өндрөөр үнэлэгдэх зорилго юу вэ? (Хүмүүсийн оюун санаанд байр суурь эзлэх.) Хэн нэгний оюун санаанд байр суурь эзлэх үед тэд хамт байхдаа чамайг хүндэлж, чамтай ярихдаа тун эелдэг байж, үргэлж чамд хүндлэлтэй хандаж, бүх зүйл дээр чамайг үргэлж эхэнд явуулж, чамд найр тавьж, чамд зусардаж, чамайг дуулгавартай дагадаг. Тэд бүх зүйл дээр чамтай хэлэлцэж, чамаар шийдвэр гаргуулдаг. Чи үүнээс таашаал мэдэрнэ—өөрийгөө өрөөл бусдаас илүү хүчтэй, илүү дээр гэж бодно. Ийм мэдрэмжид хүн бүр дуртай. Энэ нь хэн нэгний зүрх сэтгэлд байр суурь эзлэх мэдрэмж юм; хүмүүс үүнд ташуурахыг хүсдэг. Тийм учраас хүмүүс байр суурийн төлөө тэмцдэг бөгөөд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзэлж, бусдад хүндлэгдэж, шүтэгдэхийг бүгд хүсдэг. Хэрвээ тэд ийм таашаал авч чаддаггүй бол байр суурь эрэлхийлэхгүй байх байсан. Жишээлбэл, хэрвээ чи хэн нэгний сэтгэлд байр суурь эзэлдэггүй бол тэд чамтай ижил түвшинд зогсож, чамд эн тэнцүү хандана. Шаардлагатай үед тэд чамтай зөрчилдөнө, чамд сайхан аашилж, хүндэтгэлтэй хандахгүй, тэр ч байтугай ярьж дуусаагүй байхад чинь яваад өгч магадгүй. Үүнд чиний дургүй хүрэх үү? Хүмүүс чамд ингэж хандахад чи дургүй; тэд хором бүрд чамд зусардаж, чамайг хүндэлж, чамайг шүтэхэд чи дуртай. Чи бүх зүйлийн төвд байж, бүх зүйл чамайг тойрон эргэлдэж, хүн бүр чамайг сонсож, чамайг хүндэлж, чиний зааврыг дуулгавартай дагах нь чамд таалагддаг. Энэ нь хаан болон хаанчилж, эрх барих хүсэл биш гэж үү? Байр суурь эрэлхийлж, олж авах нь чиний үг, үйлдлийг захирдаг бөгөөд чи үүний төлөө бусадтай тэмцэлдэж, зууралдаж, өрсөлддөг. Чиний зорилго бол байр суурь олж авч, Бурханы сонгосон хүмүүсийг үгэндээ оруулж, тэднээр дэмжүүлж, шүтүүлэх явдал. Тэр байр сууринд хүрмэгцээ чи эрх мэдэлтэй болж, байр суурийн ашиг тус, бусдын бишрэл болон тэр байр суурьтай хамт ирдэг бусад бүх давуу талыг эдэлж чадна. Хүмүүс үргэлж дүр эсгэж, бусдад өөрсдийгөө төгс гэж бодогдуулахын тулд бусдын өмнө гайхуулж, дүр үзүүлж, өөрсдийгөө гоёж чимэглэдэг. Үүний зорилго нь байр суурь олж авах явдал, ингэснээр тэд байр суурийн эрх ямбыг эдэлж чадна. Хэрвээ чи итгэхгүй байгаа бол сайн бодоод үз: Яагаад чи үргэлж бусдад өндрөөр үнэлэгдэхийг хүсдэг вэ? Бусад хүнд чамайг шүтэж, чамайг хүндлээсэй гэж чи хүсдэг, ингэснээр чи эцэст нь эрх мэдэлтэй болж, байр суурийн эрх ямбыг эдэлж чадна. Чиний цөхрөнгөө баран эрж хайдаг байр суурь чамд олон ашиг тусыг авчрах бөгөөд эдгээр ашиг тус нь чухамдаа бусдын атаархаж, хүсдэг зүйл юм. Хүмүүс байр суурийн авчирдаг олон ашиг тусыг амтлах үед энэ нь тэднийг согтоож, тэд тэрхүү тансаг амьдралд ташуурдаг. Зөвхөн энэ л дэмий үрэгдээгүй амьдрал гэж хүмүүс боддог. Завхарсан хүн төрөлхтөн эдгээр зүйлд ташуурах дуртай. Тиймээс хүн тодорхой байр сууринд хүрч, янз бүрийн ашиг тусыг нь эдэлж эхэлмэгцээ эдгээр нүгэлт таашаалд эргэлт буцалтгүй шунаж, тэдгээрийг хэзээ ч орхихгүй байхдаа тулна. Мөн чанартаа алдар нэр, байр суурийн эрэл хайгуул нь тодорхой байр суурийг дагалдан ирдэг давуу талд ташуурах, хаан болон хаанчлах, Бурханы сонгосон хүмүүсийг хянах, бүх зүйлийг ноёрхох, байр суурийнхаа эрх дархад тансаглаж, нүгэлт таашаалд умбаж чадах бие даасан хаант улсыг байгуулах хүсэлдээ хөтлөгддөг. Сатан хүмүүсийг мэхэлж, толгойг нь эргүүлж, тэнэгтүүлж, тэдэнд хуурамч сэтгэгдэл төрүүлэхийн тулд элдэв янзын арга барил ашигладаг. Тэр ч бүү хэл, өөрийгөө бишрүүлж, тэднийг айлгахын тулд сүрдүүлэг, заналхийлэл ашигладаг бөгөөд хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгаж, тэдэнд өөрийгөө шүтүүлэх эцсийн зорилготой. Сатан үүнээс таашаал авдаг; бас хүмүүсийг өөртөө татахын тулд Бурхантай тэмцэлддэг Сатаны зорилго энэ юм. Тиймээс та нар бусад хүмүүсийн дунд байр суурь, нэр хүндийн төлөө тэмцэх үедээ юуны төлөө тэмцэж байгаа юм бэ? Энэ үнэхээр алдар нэрийн төлөө юу? Үгүй. Үнэндээ алдар нэрийн авчирдаг ашиг тусын төлөө тэмцэж байгаа юм. Хэрвээ чи үргэлж тэдгээр ашиг тусыг эдлэхийг хүсдэг бол тэдгээрийн төлөө тэмцэх ёстой. Харин тэдгээр ашиг тусыг үнэлдэггүй, “Хүмүүс надад яаж хандах нь хамаагүй. Би зүгээр л эгэл хүн. Надад тэгж сайхан хандах нь зохисгүй, бас би хүнийг шүтэхийг ч хүсдэггүй. Миний үнэхээр шүтэн мөргөж, эмээх ёстой Нэгэн бол Бурхан. Зөвхөн Тэр л миний Бурхан, миний Эзэн. Хүн хэчнээн сайн байлаа ч, хэчнээн их ур чадвартай, хэчнээн их авьяастай, хэчнээн эрхэмсэг, төгс дүр төрхтэй байлаа ч үнэн биш учраас миний хүндэтгэлийн бай биш. Тэр бол Бүтээгч биш; Аврагч биш, бас хүний хувь заяаг зохион байгуулж, захирч чадахгүй. Тэр бол миний шүтлэг бишрэлийн бай биш. Нэг ч хүнийг би шүтэх ёсгүй” гэдэг бол энэ нь үнэнд нийцэх биш үү? Эсрэгээрээ хэрвээ чи бусдыг шүтдэггүй бол бусад хүн чамайг шүтэж эхлэхэд яаж хандах ёстой вэ? Чи тэднийг болиулах арга зам олж, тийм сэтгэлгээнээс салахад нь тэдэнд туслах ёстой. Чи тэдэнд жинхэнэ төрхөө харуулах арга зам олж, үзэшгүй муухай байдал, жинхэнэ уг чанараа тэдэнд харуулах ёстой. Хамгийн гол нь, чи хэчнээн сайн хэв чанартай, хэчнээн өндөр боловсролтой, хэчнээн мэдлэгтэй, хэчнээн ухаантай байх нь хамаагүй, зүгээр л эгэл жирийн хүн хэвээр гэдгээ хүмүүст ойлгуулах ёстой. Чи хэний ч бишрэл, шүтлэгийн бай биш. Юун түрүүнд чи байр сууриндаа бат зогсож, алдаа гаргасныхаа дараа, эсвэл өөрийгөө эвгүй байдалд оруулсныхаа дараа буцаж няцахгүй байх ёстой. Алдаа гаргах юм уу өөрийгөө эвгүй байдалд оруулсныхаа дараа чи үүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй төдийгүй, бас нуун далдалж, халхавчлахын тулд ов мэх ашигладаг бол алдаагаа дордуулж, өөрийгөө бүр ч муухай харагдуулна. Амбиц чинь улам илэрхий болно. Завхарсан хүмүүс дүр эсгэхдээ сайн байдаг. Тэд юу ч хийсэн, ямар ч завхрал харуулсан, үргэлж дүр эсгэх ёстой байдаг. Ямар нэгэн зүйл буруудах юм уу ямар нэг буруу юм хийвэл тэд бурууг бусдад тохохыг хүсдэг. Тэд сайн зүйлийн гавьяаг өөрсдөө хүртэж, муу зүйлийн бурууг бусдад тохохыг хүсдэг. Бодит амьдрал дээр иймэрхүү дүр эсгэлт их байдаг биш гэж үү? Хэтэрхий их байдаг. Алдаа гаргах, эсвэл дүр эсгэх: энэ хоёрын аль нь зан чанартай холбоотой вэ? Дүр эсгэх нь зан чанарын асуудал, үүнд биеэ тоосон зан чанар, ёрын муу, заль мэх багтдаг; Бурхан үүнийг маш их зэвүүцдэг. Үнэн хэрэгтээ чамайг дүр эсгэх үед юу болж байгааг хүн бүр ойлгодог ч чи бусад хүн үүнийг олж харахгүй гэж бодоод, нэр нүүрээ хамгаалж, өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж бусдад бодогдуулахын тулд маргаж, өөрийгөө зөвтгөхөөр бүх хүч чадлаа дайчилдаг. Энэ тэнэг хэрэг биш үү? Бусад хүн энэ талаар юу гэж боддог вэ? Тэдэнд ямар санагддаг вэ? Ой нь гутаж, жигшдэг. Хэрэв чи алдаа гаргачхаад алдаандаа зөв хандаж, мөн энэ талаар ярихыг хүн бүрд зөвшөөрч, санал бодлоо илэрхийлж, ялган танихыг нь зөвшөөрч, энэ талаараа нээлттэй байж, үүндээ дүн шинжилгээ хийж чадвал чиний талаарх хүн бүрийн үзэл бодол ямар байх вэ? Тэд чамайг үнэнч шударга хүн гэж хэлнэ, учир нь чиний зүрх сэтгэл Бурханд нээлттэй байдаг. Чиний үйлдэл, зан авираас тэд зүрх сэтгэлийг чинь харж чадна. Харин чи дүр эсгэж, хүн бүрийг хуурах гэж оролдвол хүмүүс чамайг дорд үзэж, тэнэг, мунхаг хүн гэж хэлнэ. Хэрвээ чи дүр эсгэж, өөрийгөө зөвтгөхөөр оролддоггүй бол, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаг бол хүн болгон чамайг үнэнч шударга, ухаантай гэж хэлнэ. Юу чамайг ухаантай болгодог вэ? Хүн болгон алдаа гаргадаг. Хүн болгон алдаа, дутагдалтай. Үнэндээ, хүн болгон ижилхэн завхарсан зан чанартай. Өөрийгөө бусдаас илүү эрхэмсэг, төгс, сайхан сэтгэлтэй гэж бүү бод; тэгэх нь ямар ч эрүүл ухаангүй байгаа хэрэг. Хүмүүсийн завхарсан зан чанар, завхралын мөн чанар, үнэн төрх чамд тодорхой болмогц чи алдаагаа нуун далдлах гэж оролдохгүй, бусдын алдаан дээр дөрөөлөхгүй—аль алинтай нь зөвөөр нүүр тулж чадна. Тэр үед л чи гярхай болж, тэнэг зүйл хийхгүй бөгөөд энэ нь чамайг ухаалаг болгоно. Ухаалаг биш хүмүүс бол мунхаг хүмүүс бөгөөд багахан алдаагаа үргэлж бодсоор байхын сацуу нүднээс далдуур өөдгүй загнадаг. Үүнийг харахад зэвүүцмээр байдаг. Үнэндээ юу хийж байгаа чинь бусад хүнд даруй илэрхий байдаг боловч чи улайм цайм дүр эсгэсээр байгаа. Бусад хүнд энэ нь алиалагчийн үзүүлбэр шиг харагддаг. Ингэх нь тэнэг хэрэг бус уу? Үнэхээр тэнэг. Тэнэг хүмүүст ямар ч мэргэн ухаан байдаггүй. Тэд хэчнээн олон номлол сонслоо ч үнэнийг ойлгохгүй, аливаа зүйлийн үнэн мөнийг харахгүй л байдаг. Тэд үргэлж хамраа сөхөж, өөрийгөө бусад бүх хүнээс өөр, илүү хүндтэй гэж боддог; энэ бол биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан, энэ бол мунхаглал. Мунхаг хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй, тийм биз дээ? Чи тэнэг, ухаангүй байдаг хэрэг явдлууд дээрээ сүнслэг ойлголтгүй байдаг бөгөөд үнэнийг амархан ойлгож чадахгүй. Асуудлын үнэн мөн ийм л байдаг.

Завхарсан зан чанарын өөрчлөлт ганцхан шөнийн дотор гардаггүй. Хүн бүх зүйл дээр байнга өөрийгөө эргэцүүлж, шинжлэх ёстой. Тэд Бурханы үгийн дагуу үйлдэл, зан авираа шинжилж, өөрсдийгөө ойлгохоор оролдож, үнэнийг хэрэгжүүлэх замыг олох ёстой. Энэ бол завхарсан зан чанарыг шийдвэрлэх арга зам юм. Өдөр тутмын амьдралдаа харуулдаг завхарсан зан чанараа эргэцүүлж, судалж, үнэний талаарх ойлголтдоо тулгуурлан задлан шинжилж, ялган таньж, аажмаар нэвтэрч гарах шаардлагатай, ингэснээр хүн үнэнийг хэрэгжүүлж, бүх үйлдлээ үнэнд нийцүүлж чадна. Тийм эрэл хайгуул, хэрэгжүүлэлт, өөрийнхөө талаарх ойлголтоор дамжуулан эдгээр завхарсан илрэл багасаж эхлэх бөгөөд хүний зан чанар эцэстээ өөрчлөгдөх найдлага бий болдог. Энэ бол зам. Хүний зан чанарын өөрчлөлт нь түүний амийн өсөлтийн асуудал юм. Хүн үнэнийг ойлгож, хэрэгжүүлэх ёстой. Үнэнийг хэрэгжүүлснээр л тэд завхарсан зан чанарын асуудлыг шийдвэрлэж чадна. Хэрвээ завхарсан зан чанар байнга харагдсаар, үйлдэл, үг болгоноос ч харагдахдаа тулбал хүний зан чанар өөрчлөгдөөгүй гэсэн үг юм. Завхарсан зан чанартай холбоотой аливаа асуудлыг нухацтай задлан шинжилж, судлах ёстой. Хүн завхарсан зан чанарын үндсэн шалтгааныг ухан гаргаж, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой. Энэ нь завхарсан зан чанарын асуудлыг бүрэн шийдвэрлэх цорын ганц арга зам юм. Чи энэ замыг олсон л бол зан чанар чинь өөрчлөгдөх найдвар бий. Эдгээр нь хий хоосон зүйл биш; энэ нь бодит амьдралтай холбоотой. Гол нь хувь хүмүүс үнэний бодит байдлыг өөрсдөдөө чин сэтгэлээсээ, махран хэрэглэж чадах эсэх, үнэнийг хэрэгжүүлж чадах эсэхэд оршдог. Тэд үнэнийг хэрэгжүүлж чадаж байгаа цагт завхарсан зан чанараасаа аажмаар ангижирч эхэлж чадна. Тэгээд тэд Бурханы шаардлагын дагуу, байр байдлынхаа дагуу биеэ авч явж чадна. Өөрсдийнхөө байрыг олж, бүтээгдсэн зүйлийн үүрэг рольдоо бат зогсож, Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг, дуулгавартай дагадаг хүн болсноор тэд Бурханы сайшаалыг хүртэнэ.

2020 оны 2 дугаар сарын 20

Өмнөх: Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх