Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой

Бурханы ажил болон үг нь та нарын зан чанарт өөрчлөлт авчрахын төлөө юм; Түүний зорилго нь Өөрийн ажил болон үгийг та нарт ойлгуулж, мэдүүлэх төдий биш. Ингэх нь хангалтгүй юм. Бурханы үгийн ихэнх нь хүний хэлээр бичигдсэн бөгөөд Тэр тун ойлгомжтой ярьдаг болохоор ухаарч ойлгох чадвартай хүн чамд үүнийг ойлгох нь хэцүү байх учиргүй. Жишээ нь, Бурхан чамайг юуг ойлгож, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байгааг чи олж мэдэх бүрэн чадамжтай; энэ бол ухаарч ойлгох чадвартай хэвийн хүний хийж чадах ёстой зүйл. Ялангуяа одоогийн үе шатанд Бурханы хэлж байгаа үгс маш тодорхой, ил тод бөгөөд хүмүүсийн бодож үзээгүй олон зүйлээс гадна хүний бүх төрлийн байдлыг Бурхан онцолж байдаг. Түүний үг бүхнийг хамардаг бөгөөд тэргэл сарны гэрэл шиг тод байдаг. Тиймээс хүмүүс одоо олон асуудлыг ойлгодог боловч тэдэнд одоо ч дутагдсаар байгаа зүйл бол Түүний үгийг хэрэгжүүлэх явдал юм. Хүмүүс зүгээр л бэлэн өгсөн зүйлийг ойлгож авах гэж хүлээх бус, үнэний бүх талыг нарийвчлан туулж, илүү нарийн судалж, эрж хайх ёстой; эс бөгөөс тэд шимэгчээс нэг их дээрдэхгүй. Тэд Бурханы үгийг мэддэг боловч хэрэгжүүлдэггүй. Ийм хүн үнэнийг хайрладаггүй бөгөөд эцсийн дүнд таягдан хаягдах болно. 90-ээд оны Петр шиг байна гэдэг нь та нарын хүн нэг бүр Бурханы үгийг хэрэгжүүлж, өөрсдийн туршлагад жинхэнэ оролттой байж, Бурхантай хамтран ажиллахдаа улам илүү, бүр их гэгээрлийг олж авах ёстой бөгөөд энэ нь аминд чинь байнга нэмэгдэх дэмжлэг болно гэсэн үг юм. Бурханы маш олон үгийг уншсан ч та нар бичвэрийн утгыг нь л ойлгодог бөгөөд бодит туршлагаар олж авсан Бурханы үгийн талаарх шууд мэдлэг чинь хангалтгүй байвал Бурханы үгийг чи мэдэж авахгүй. Чиний хувьд, Бурханы үг амь биш, ердөө л амьгүй үсэг юм. Хэрэв чи зөвхөн амьгүй үсэг дагаж амьдарвал Бурханы үгийн мөн чанарыг ухаарч чадахгүй, Түүний хүслийг ч ойлгохгүй. Бодит туршлагаараа Бурханы үгийг туулсан үед л Түүний үгийн сүнслэг утга чамд илчлэгдэх бөгөөд зөвхөн туршлагаараа чи олон үнэний сүнслэг утгыг ухаарч, Бурханы үгийн нууцыг тайлж чадна. Хэрэв чи үүнийг хэрэгжүүлдэггүй бол Түүний үг хэдий тодорхой байсан ч чиний ухаарч авсан ганц зүйл нь хоосон үсэг, сургаал байх бөгөөд энэ нь чиний хувьд шашны дүрэм болсон байдаг. Энэ нь фарисайчуудын хийсэн зүйл бус уу? Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр эрж хайхгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. Үнэндээ Бурханд итгэх үйл явц бол та нар Түүний үгийг туулж, Түүгээр авхуулах үйл явц бөгөөд үүнийг илүү тодорхой байдлаар хэлбэл Бурханд итгэх гэдэг нь Түүний үгийн талаар мэдлэг болон ойлголттой байж, Түүний үгийг туулж, амьдран харуулах явдал; энэ бол Бурханд итгэх итгэлийн чинь цаадах бодит байдал юм. Бурханд итгэхдээ Бурханы үгийг хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд орохоор эрж хайлгүйгээр зөвхөн мөнх амь горьддог бол та нар мунхаг байна. Энэ нь найрт очоод өөрөө огт амсаж үзэлгүйгээр хоолыг нь л харж, амттай зүйлсийг нь цээжилж авахтай адил, тэндхийн юуг ч идэж, уухгүй байгаатай адил юм. Ийм хүн тэнэг биш гэж үү?

Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм. Тиймээс үнэнтэй байхад чи хаа ч хүрж чадах боловч дотор чинь үнэн байхгүй бол шашны хүмүүс байтугай, гэр бүлийн гишүүдээ ч итгүүлэх гэж оролдох талаар бодох хэрэггүй. Үнэн байхгүй бол чи будрах цасан ширхэгтэй л адил байх болно, харин үнэнтэй бол аз жаргалтай, эрх чөлөөтэй байж чадах бөгөөд хэн ч чам руу дайрч чадахгүй. Онол хэр баттай байх нь хамаагүй, үнэнийг даван гарч чадахгүй. Үнэнтэй байхад дэлхийг ч хөдөлгөж, уулс хийгээд тэнгис далайг ч нүүлгэж болно, харин үнэн дутмаг бол хотын бат бэх хана хэрэм өтөнд идэгдэж юу ч үгүй болоход хүрнэ. Энэ бол илэрхий бодит байдал.

Одоогийн үе шатанд эхлээд үнэнийг мэдээд, дараа нь үүнийгээ хэрэгжүүлэх, мөн цаашид үнэний жинхэнэ утгаар өөрийгөө зэвсэглэх нь нэн чухал юм. Та нар үүнд хүрэхээр эрж хайх ёстой. Бусдыг үгээрээ дагуулах төдий бус, харин хэрэгжүүлэлтээрээ дагуулах ёстой, ингэж байж л чи утга учиртай зүйлийг олж чадна. Чамд юу тохиолдох нь хамаагүй, ямар хүнтэй учрах нь хамаагүй чамд үнэн байгаа цагт бат зогсож чадна. Бурханы үг хүнд үхэл бус, амь авчирдаг зүйл. Хэрэв Бурханы үгийг уншсаныхаа дараа чи амь орж сэргэхгүй, харин үхмэл хэвээр байвал чиний ямар нэгэн зүйл буруу байна. Хэрэв чи хэсэг хугацааны дараа Бурханы үгийг нэлээд уншиж, олон бодитой номлол сонссон ч үхмэл байдалтай хэвээр байгаа бол чи үнэнийг нандигнадаг нэгэн биш, үнэнийг эрэлхийлдэг хүн ч биш гэдгийг энэ нь нотолдог. Хэрэв та нар Бурханыг олж авахаар үнэхээр эрж хайсан бол хоосон сургаалаар өөрсдийгөө зэвсэглэж, сүртэй сургаал ашиглаж бусдад заахад анхаарахын оронд Бурханы үгийг туулж, үнэнийг хэрэгжүүлэхэд төвлөрөх байсан. Энэ чинь одоо та нарын орохоор эрж хайх ёстой зүйл биш гэж үү?

Өөрийн ажлыг хүнд хийхэд зарцуулах цаг Бурханд хязгаарлагдмал байдаг учраас чи Түүнтэй хамтран ажиллахгүй бол ямар үр дүн гарах билээ? Түүний үгийг ойлгомогцоо хэрэгжүүлэхийг Бурхан та нараас яагаад үргэлж хүсдэг вэ? Учир нь Бурхан Өөрийн үгийг та нарт илчилсэн бөгөөд та нарын дараагийн алхам бол тэдгээрийг хэрэгжүүлэх явдал юм. Та нар эдгээр үгийг хэрэгжүүлэхэд Бурхан гэгээрэл болон удирдамжийн ажлаа гүйцэтгэнэ. Үүнийг ингэж хийдэг. Бурханы үг нь амиа цэцэглүүлэх боломжийг хүнд олгодог бөгөөд хүнийг гажуудах эсвэл идэвхгүй болоход хүргэж болзошгүй элемент агуулдаггүй. Бурханы үгийг уншиж, хэрэгжүүлсэн боловч Ариун Сүнсний ямар ч ажлыг хүлээн аваагүй л байгаа гэж чи хэлдэг. Чиний үг зөвхөн хүүхэд л хуурч чадна. Чиний санаа зорилго зөв эсэхийг бусад хүн мэдэхгүй байж магадгүй ч Бурхан мэдэхгүй байх боломжтой гэж чи бодож байна уу? Бусад хүн Бурханы үгийг хэрэгжүүлээд, Ариун Сүнсний гэгээрлийг хүлээж аваад байхад чи яагаад Түүний үгийг хэрэгжүүлдэг атлаа Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авдаггүй юм бэ? Бурхан сэтгэл хөдлөлтэй юу? Хэрэв санаа зорилго чинь үнэхээр зөв бөгөөд чи хамтран ажилладаг бол Бурханы Сүнс чамтай хамт байх болно. Зарим хүн үргэлж өөрсдийнхөө тугийг хатгахыг хүсдэг ч Бурхан яагаад тэднийг өргөж, чуулганыг удирдуулдаггүй вэ? Зарим хүн зүгээр л чиг үүргээ биелүүлж, үүрэг даалгавраа биелүүлдэг ба нэг л мэдэхэд Бурханы сайшаалыг хүртдэг. Яагаад ингэдэг юм бэ? Бурхан хүний зүрх сэтгэлийн гүнийг шалгадаг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс зөв санаа зорилготой байх ёстой. Санаа зорилго нь зөв биш хүмүүс бат зогсож чадахгүй. Та нарын зорилгын гол цөм нь Бурханы үг дотор чинь нөлөө үзүүлж эхлүүлэх явдал юм. Өөрөөр хэлбэл, Бурханы үгийг хэрэгжүүлэхдээ үүний талаар жинхэнэ ойлголтой байх явдал юм. Магадгүй Бурханы үгийг ухаарч ойлгох та нарын чадвар ядмаг байж болох ч Бурханы үгийг хэрэгжүүлэх үед Тэр энэ дутагдлыг чинь нөхөж чадна, иймээс та нар зөвхөн олон үнэнийг мэдээд зогсохгүй, бас тэдгээрийг хэрэгжүүлэх ёстой. Энэ бол үл ойшоож болохгүй хамгийн гол анхаарах зүйл билээ. Есүс гучин гурван жил хагасын хугацаандаа ихээхэн доромжлол туулж, их зовсон. Тэрээр үнэнийг хэрэгжүүлж, бүх зүйл дээр Бурханы хүслийг гүйцэтгэж, гагцхүү Бурханы хүслийг анхаарсан учраас л асар их зовсон билээ. Тэр зүгээр л үнэнийг мэдээд, хэрэгжүүлдэггүй байсан бол ийм зовлон шаналлыг туулахгүй байх байсан. Хэрэв Есүс иудейчүүдийн сургаалыг дагаж, фарисайчуудыг дагасан бол зовохгүй байх байсан. Бурханы ажлын үр нөлөө хүний хамтын ажиллагаанаас шалтгаалдаг болохыг чи Есүсийн үйл хэргээс мэдэж авч болно, энэ бол та нарын таньж мэдэх ёстой зүйл. Хэрэв Есүс үнэнийг хэрэгжүүлээгүй бол Тэр загалмайд цовдлогдож зовох байсан уу? Хэрэв Тэр Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдээгүй байсан бол тийм зовлонт залбирал хийх байсан уу? Тиймээс та нар үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө зовох ёстой; энэ бол хүний туулах ёстой зовлон юм.

Өмнөх: Бурхан хүнийг ашиглах талаар

Дараах: Авралд хүрдэг хүн бол үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүн юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх