Үнэнийг олж авахын тулд төлөөс төлөх нь асар их ач холбогдолтой

Бурханд итгэхийн утга учир нь авралд хүрэх, харин авралд хүрэх нь энгийн зүйл мөн үү? Үүний хамгийн хэцүү нь юу вэ? Үүнийг тодорхой харж чаддаггүй олон хүн байдаг ч үнэнийг олж авах нь авралд хүрэхийн хамгийн хэцүү хэсэг юм. Тиймээс үнэнийг олж авахын тулд маш их зовж шаналж, төлөөс төлөх нь хэчнээн ихийг олж авч байгаагаас үл хамааран үргэлж үнэ цэнтэй байдаг. Тэгвэл үнэнийг олж авахаар зовохын тулд чамд юу хэрэгтэй вэ? Чи шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлтээр зовж засалт, харьцалт туулж, Бурханыг дагаснаас үүдэлтэй хавчлага, зовлон зүдгүүрийг амсаж, шоронд хоригдож, шашны ертөнцийн гүтгэлэг, яллалтаар зовох ёстой. Та нар энэ бүх бэрхшээлийг даван туулах ёстой. Хэрэв энэ бүгдийг даван туулж чадвал үнэнийг олж авч чадна. Яг одоо ихэнх хүн үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байна. Тэд үүргээ сайн гүйцэтгэхэд анхаарлаа төвлөрүүлж, үүргээ гүйцэтгэж байхдаа үнэнийг хэрэгжүүлэхэд сурч, үнэнийг олж авахыг хүсдэг. Бурханд итгэж, үүргээ биелүүлэх нь амьдралын зөв зам юм. Энэ замыг сонгох нь зөв бөгөөд энэ нь Бурханы хамгийн их ерөөл юм. Хүмүүс Бурханы төлөө чин сэтгэлээсээ өөрсдийгөө зориулж, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чадна—энэ бол Бурханы агуу нигүүлсэл, ерөөл юм. Үүргээ гүйцэтгэхийн ач холбогдлыг тодорхой ойлгодоггүй, үргэлж Бурхантай хэлцэл хийхийг оролддог хүмүүс байдаг—юу ч тохиолдсон бай тэд үргэлж хязгаарлагдаж, үймүүлэгдэж чаддаг, үргэлж нөлөөлөгдөж, ганхаж чаддаг, энэ нь тэднийг үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүйд хүргэж, бүр ажлаа орхиод зугтах хэмжээнд хүргэдэг. Ямар харамсалтай хэрэг вэ! Тэд нэг их харамсахгүй байж болох ч гамшиг ихсэж, Бурханы ажил дуусаж, Бурхан сайныг шагнаж, хорон мууг шийтгэж эхлэх үед тэд энэ үйлдлийн үр дагаврыг мэдэх болно. Тийм учраас та нар хамтдаа байнга залбирч, Бурханы өмнө чимээгүй байж, Түүний үгийг илүү их уншиж, үнэний талаар илүү их нөхөрлөх ёстой. Үнэнийг эрэлхийлэхтэй ямар ч холбоогүй, яг одоо авч үзэх шаардлагагүй асуудлуудыг одоохондоо хойш тавь. Гэр бүл, ажил, ирээдүй, тайван амьдрах бас нийгэмд өөрийн байр сууриа олж, идэж уух зүйлээр элбэг дэлбэг байх ч амьдралын цорын ганц чухал асуудлууд биш. Эдгээрийн аль нь ч амьдралын хамгийн чухал зүйл биш юм. Амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? Энэ нь бүтээгдсэн зүйлийн гүйцэтгэх ёстой үүрэг, үйл ажиллагааг гүйцэтгэх, мөн Бурханы үүрэг болон Түүний чамд даатгасан зүйлийг гүйцээх явдал юм. Энэ бол хамгийн утга учиртай зүйл. Энэ бол хүмүүст байх ёстой шийдвэр юм.

Яг одоо Бурханд итгэдэг та нар өдөр бүр Түүний үгийг идэж ууж чадаж, үнэнийг илүү эрэлхийлдэг хүмүүс бас үүргээ биелүүлж байна. Энэ бол чиний амьдралын зүг чигээ олох зөв эхлэл тул чи энэ замаар хэрхэн үргэлжлүүлэн алхах ёстой вэ? (Бид амийн оролтын зам дээр суурь тавих ёстой.) Тийм ээ, хэрэв чи үнэн ба амийг олж авахыг хүсвэл Бурханы үгэн дээр суурь тавих ёстой. Энэ нь цорын ганц амьдралын зорилго, зүг чиг болох үнэнийг эрэлхийлэх замд хөл тавих боломжийг чамд олгоно. Хэрэв Бурханы үг болон үнэнийг зүрх сэтгэлдээ суурь тавихыг зөвшөөрвөл чи үнэхээр Бурханы сонгосон бөгөөд урьдаас тогтоосон хүмүүсийн нэг нь мөн. Яг одоо чиний суурь тогтворгүй хэвээр байна. Агуу гамшиг, шалгалт битгий хэл, хэрэв Сатаны өчүүхэн уруу таталт, тохиолдвол чи ганхаж, бүдэрч магадгүй. Ийнхүү суурьгүй байгаа нь маш аюултай! Олон хүн хавчлага, бэрхшээл тохиолдоход бүдэрч, Бурханаас урвадаг. Зарим хүн тодорхой байр суурьтай болсныхоо дараа бодлогогүй үйлдэл хийж эхэлдэг бөгөөд дараа нь илчлэгдэж, таягдан хаягддаг. Та нар бүгдээрээ эдгээр зүйлийг маш тодорхой харж болно. Тэгэхээр эхлээд амьдралдаа баримтлах ёстой чиглэл, зорилго, мөн алхах ёстой замаа тодорхойлж, дараа нь сэтгэл санаагаа тайвшруулж, шаргуу хөдөлмөрлөж, өөрсдийгөө зарцуулж, хүчин чармайлт гаргаж, тэр зорилгынхоо төлөө төлөөс төлөх ёстой. Одоохондоо бусад асуудлаа хойш тавь—хэрэв чи эдгээрийн талаар үргэлжлүүлэн тунгаан бодвол энэ нь үүргийн гүйцэтгэлд чинь нөлөөлнө, үнэний эрэл хайгуул болон авралын чинь чухал асуудалд нөлөөлнө. Хэрэв чи ажил олох, их мөнгө олох, баяжих, нийгэмд тогтвортой хөлөө олох, өөрийн байр суурийг олох талаар бодох ёстой бол, гэрлэх, хань ижил олох, гэр бүлээ тэжээх, тэдэнд сайхан амьдрал бэлэглэх үүрэг хариуцлагаа үүрэх талаар бодох ёстой бол, мөн шинэ ур чадварт суралцаж, бусад хүмүүсээс түрүүлж, илүү сайн байхыг хүсдэг бол энэ бүх зүйлийн талаар бодох нь ядаргаатай биш гэж үү? Оюун ухаанд чинь хэчнээн зүйл багтах вэ? Хүн амьдралын туршид хэр их эрч хүчтэй байх вэ? Хүнд хэр их сайхан он жилүүд байдаг вэ? Энэ амьдралд хүн хориос дөчин насанд хамгийн их эрч хүчтэй байдаг. Энэ хугацаанд та нар Бурханд итгэгчдийн ойлгох ёстой үнэнүүдийг эзэмшиж, дараа нь үнэн-бодит байдалд орж, Бурханы шүүлт, гэсгээлт, түүнчлэн Бурханы цэвэршүүлэлт, шалгалтыг хүлээн авч, ямар ч нөхцөл байдлаас үл хамааран Бурханыг үгүйсгэхгүй хэмжээнд хүрэх ёстой. Энэ бол хамгийн суурь зүйл юм. Түүнчлэн хэн нэгэн чамайг уруу татаж, урхиндаа оруулахын тулд хайр, гэрлэлт ашигласан ч, чамд хэчнээн их алдар нэр, эд баялаг, байр суурь, ашиг хонжоо санал болгосон ч чи үүргээ, бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйлээ орхиж болохгүй. Хэдийгээр хожим нь Бурхан чамайг хүсэхгүй байсан ч чи үнэнийг эрэлхийлэх ёстой, чи Бурханаас эмээж, муугаас зайлах замаар алхахыг эрж хайх ёстой. Чи энэ өндөрт хүрэх ёстой. Ингэснээр Бурханы төлөө зарцуулсан он жилүүд чинь дэмий хоосонгүй байх болно. Хэрэв чи сайн ажил олох, хань ижил хайх талаар бодож, Бурханд итгэхийн зэрэгцээ махан биеийн амьдралыг таашааж, хоёуланг нь зэрэг хийнэ гэж итгэж найдан хамгийн сайхан жилүүдээ өнгөрөөж байгаа бол хэдэн жилийн дараа хань ижлээ олж, гэрлэж, үр хүүхэдтэй болж, гэр орон, карьераа босгох ч энэ олон жил Бурханд итгэсэн итгэлээсээ чи юу ч олж авахгүй, ямар ч үнэнийг олж авахгүй, зүрх сэтгэл чинь хоосорч, хамгийн сайхан он жилүүд чинь урсан өнгөрөх болно. Дөч гарсан хойноо эргээд харахад гэр бүл, үр хүүхэдтэй болж, ганцаараа биш байх боловч гэр бүлээ тэжээх шаардлагатай болно. Энэ бол та нарын чөлөөлөгдөж чадахгүй гинж юм. Хэрэв чи үүргээ гүйцэтгэхийг хүсэж байгаа бол гэр бүлийн гинжинд хүлэгдэнгээ үүргээ гүйцэтгэх ёстой болно. Зүрх сэтгэл чинь хэчнээн том байсан ч чи хоёуланг нь анхаарч чадахгүй—чи бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг дагаж, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй. Гэр бүл, хорвоогийн юмсыг орхидог хүн олон байдаг ч Бурханд хэдэн жил итгэснийхээ дараа тэд бас л алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн араас л хөөцөлддөг. Тэд үнэнийг олж аваагүй бөгөөд тэдэнд бодит туршлагын гэрчлэл байдаггүй. Энэ нь тэд цагаа дэмий үрж байгаатай адил юм. Тэд одоо үүргээ гүйцэтгэж байхдаа үнэний өчүүхэн ч хэсгийг ойлгодоггүй бөгөөд ямар нэг зүйл тохиолдоход хэрхэн туулахаа мэддэггүй—тиймээс тэд уйлагнаж эхэлдэг бөгөөд маш их гэмшдэг. Эхэн үеийг эргээд бодоход, олон залуус чуулганы амьдралаар хамтдаа амьдарч, үүргээ гүйцэтгэж, магтан дуу дуулж, Бурханыг магтаж байсан тэр өдрүүд ямар сайхан байсныг, тэр цаг үе рүүгээ буцаж очихыг ямар их хүсэж байгаагаа тэд боддог! Харамсалтай нь энэ хорвоод харамсалд эмчилгээ байхгүй. Хэн ч хүсээд цаг хугацааг буцааж чадахгүй. Эхлэл рүүгээ буцаж, дахин амьдрах арга зам байхгүй. Тиймээс боломж нэгэнт л өнгөрсөн бол дахин ирэхгүй. Хүний амьдрал хэдхэн арван жил үргэлжилдэг, хэрвээ чи үнэнийг эрэлхийлэх энэ оновчтой цагийг алдвал харамсаад ч нэмэргүй болно. Зарим хүн өнөөдрийг хүртэл Бурханд итгэсэн ч будилсан хэвээр байна. Бурханы ажил ямар үе шатанд хүрснийг тэд огт мэддэггүй. Их гамшиг ирсэн бөгөөд энэ хүмүүс мөрөөдөлдөө амьдарч “Бурхан ажлаа дуусгах хүртэл маш их цаг хугацаа байгаа! Одоо ч хүмүүс ердийнхөөрөө идэж, ууж, гэрлэж байна. Би яарч, амьдралыг таашаах хэрэгтэй байна, би үүнийг алдаж болохгүй!” гэж бодсоор байна. Тэд зүрх сэтгэлдээ үнэний төлөө өчүүхэн ч цангахгүйгээр махан биеийн тав тухад хүсэн тэмүүлсээр байна. Ийм маягаар тэд амьдралд ганц тохиох аврагдах боломжоо алддаг. Үнэн хэрэгтээ, Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд ажилладаг бөгөөд Бурханы авралын ажил бүрэн дуусахад, ганцхан хүн амьд үлдсэн ч Бурхан үүнийг хэтэрхий цөөхөн гэж бодохгүй. Бурхан тэр хүнийг аваад, бусад нь бүгдээрээ үлдэх болно. Энэ бол ямар ч хүний тодорхой харж чадахгүй Бурханы зан чанар юм. Бурхан дэлхийг үерээр устгах гэж байхдаа өөрт нь итгэдэг хүмүүсийг аврахын тулд бүхээг барихыг Ноад зааварласан. Хөвөгч авдрыг барьж дуусахад Ноагийн гэр бүлийн найман гишүүн л бүхээгт орж, Бурханы авралд хүрсэн. Бусдад нь юу тохиолдсон бэ? Тэд бүгд үерт живж, гамшгийн улмаас нас барсан. Өнөөдөр Бурханыг энэ бүх үнэнийг илэрхийлж байгааг харж, Бурхан авралын ажил хийж байгааг сайн мэддэг олон хүн байдаг ч тэд эргэлзсээр, өөрийн гэсэн үзэл тээж, хүлээн авахаас татгалздаг. Ийм хүн өөртөө сэтгэл хангалуун байдаг ч их гамшиг ирэхэд устгагдах бөгөөд тэд үүний төлөө хэнийг буруутгах билээ? Бурханы нүдээр Түүний авралыг хүлээн авдаггүй хүмүүс бол хорхой шавьж, амьд сүгүүд, араатнаас ч дор юм! Бурханы авралын үед Түүний зан чанар энэрэнгүй, хайраар дүүрэн, өршөөнгүй байдаг ч Бурханы авралын ажил дуусах үед Бурхан хүнд өршөөл үзүүлэхээ болино. Бурхан үүнийг буцааж авах бөгөөд хүмүүс зөвхөн Түүний уур хилэн, сүр жавхлантай тулгарах болно. Яг одоо та нар энэ маш сайн цагт амжлаа—Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байна. Энэ бол хүмүүсийн хувьд аврагдаж, Бурханаар төгс болгуулах цорын ганц боломж юм. Та нар бүгд Бурханы хаанчлалын сайн мэдээг түгээх энэ чухал мөчид үүргээ гүйцэтгэж байна. Энэ бол үнэхээр Бурханы чамайг өргөмжилсөн онцгой өргөмжлөл юм. Чи ямар чиглэлээр суралцсан, ямар чиглэлээр мэдлэг эзэмшсэн, ямар авьяас, ур чадвартай байх нь хамаагүй ямар ч тохиолдолд энэ мэргэшлээ ашиглан Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх боломж олгосноор Бурхан чамд нигүүлсэл үзүүлж байна. Энэ бол олж авахад хэцүү боломж юм. Бурхан үйлдэхдээ хэнд ч өрөөсгөл ханддаггүй, бүх хүнд шударга ханддаг. Үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлдэг хэн бүхэнд Бурхан нигүүлслээр ханддаг бөгөөд үнэнийг хайрладаггүй, үнэнээс залхаж, үнэнийг үгүйсгэдэг хэнийг ч жигшиж, голдог. Бурхан хүн бүрт шударга ханддаг. Үнэнийг хүлээн авч, Бурханд захирагдаж чадах юм бол Бурхан чамд нигүүлслээр хандаж, урьдын гэм буруугийн чинь төлөө хариуцлага тооцохгүй. Бурхан чамд ямар ч гарцыг нээж өгч, хэчнээн нигүүлслээр хандсан ч эцсийн дүндээ Түүнд ганцхан хүсэл бий, тэр нь чамд Өөрийн хүслийг ойлгуулж, сургамж авахуулж, амийн ахиц дэвшилд чинь тохирсон орчинд үнэнийг ойлгуулах явдал юм. Нэгэнт Бурханы үг болон үнэн чиний дотор бүтээгдэж, амь чинь болж, Бурханыг дахин төрөлтийнхөө эцэг эх гэж үзэж, Бурханд захирагдаж, Бурханаас эмээж чадвал чи Бурханы хүслийн дагуу байх болно. Хэдийгээр та нарын ихэнх нь маш залуу байгаа ч Бурханы үгийг уншиж, үнэнийг ойлгосноор шийдэмгий болж, амь чинь өсөж, зүрх сэтгэлдээ Бурханаас эмээж, шалгалт, бэрхшээл тулгарахад бат зогсож чадвал та нар бүгд биеийн хэмжээтэй болж, Бурхан сэтгэл хангалуун байх болно. Чамд нигүүлсэнгүй хандсанаар дэмий хоосон төлөөс төлсөнгүй гэж Бурхан хэлэх болно. Тэр шагналаа хүртэж, Өөрийн ажлын үр шимийг та нараас харах болно, Бурхан үүнийг таашаал, баяр баясгалантайгаар харах болно. Энэ үр дүнд бүхэлдээ Бурханы ажлаар хүрдэг; энэ нь хүний хувьд онгирох зүйл биш юм.

Бурхан зүгээр нэг хүн бүрийг төрснөөс хойш өнөөг хүртэл хэдэн арван жилийн хугацаанд төлөөсийг нь төлдөггүй. Бурханы харж байгаагаар чи энэ ертөнцөд тоо томшгүй олон удаа ирж, тоо томшгүй олон удаа дахин төрсөн. Үүнийг хэн хариуцдаг вэ? Бурхан үүнийг хариуцдаг. Чи эдгээр зүйлийг мэдэх ямар ч боломжгүй. Чамайг энэ ертөнцөд ирэх бүрд Бурхан чамд зориулж дараах зүйлсийг зохион байгуулдаг: Тэр чамайг хэдэн жил амьдрах, ямар гэр бүлд төрөх, хэзээ гэр орон, карьераа босгох, мөн энэ ертөнцөд юу хийх, хэрхэн амьдрахыг зохицуулдаг. Бурхан чамд мөнгө олох арга замыг зохицуулдаг бөгөөд тэгснээр чи энэ амьдралынхаа даалгаврыг саадгүй биелүүлж чадна. Дараагийн төрөлдөө чиний хийх ёстой зүйлийн тухайд гэвэл Бурхан чамд байх ёстой зүйл болон чамд өгөх ёстой зүйлийн чинь дагуу тэр амьдралыг зохицуулж, чамд өгөх болно… Бурхан чамд зориулж эдгээр зохицуулалтыг олон удаа хийсэн бөгөөд эцэст нь чи эцсийн өдрүүдийн эрин үед, одоогийн гэр бүлдээ төрсөн. Бурхан чамд Түүнд итгэх орчныг бүрдүүлж, Түүний дуу хоолойг сонсож, Түүний өмнө буцаж ирэхийг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр чи Түүнийг дагаж, Түүний гэрт үүрэг гүйцэтгэх боломжтой болсон. Зөвхөн Бурханы ийм удирдамжаар чи өнөөг хүртэл амьдарсан. Чи хүний дунд хэдэн удаа төрснөө, гадаад төрх чинь хэдэн удаа өөрчлөгдсөнийг, хэдэн гэр бүлтэй байснаа, хэдэн үе, гүрнийг туулж өнгөрүүлснээ мэдэхгүй—гэхдээ Бурханы мутар бүх цаг хугацаанд чамайг дэмжиж, Бурхан үргэлж чамайг харж хандаж байсан. Бурхан хүний төлөө ямар их хөдөлмөрлөдөг гээч! Зарим хүн “Би жаран настай. Жаран жилийн турш Бурхан намайг харж, хамгаалж, удирдан чиглүүлсээр ирсэн. Хэрэв би хөгшрөөд үүргээ гүйцэтгэж чадахгүй, юу ч хийж чадахгүй бол Бурхан надад санаа тавих болов уу?” гэж хэлдэг. Ингэж хэлэх нь тэнэг хэрэг бус уу? Бурхан зөвхөн ганц амьдрах хугцаанд нь хүний ​​хувь заяаг захирч, тэднийг харж, хамгаалдаг биш юм. Хэрэв зөвхөн нэг нас, ганц амьдралын тухай асуудал байсан бол энэ нь Бурхан төгс хүчит, бүхнийг захирах эрх мэдэлтэй гэдгийг харуулахгүй байх байсан. Бурханы хийдэг хөдөлмөр, хүний ​​төлөө Түүний төлдөг төлөөс нь зөвхөн энэ амьдралд юу хийхийг нь зохицуулах биш, харин тоо томшгүй олон амьдралыг нь зохицуулах явдал юм. Бурхан дахин төрлөө олсон сүнс бүрийн төлөө бүрэн хариуцлага хүлээдэг. Тэр анхааралтай ажиллаж, Өөрийнхөө амийн төлөөсийг төлж, хүн бүрийг удирдан чиглүүлж, амьдралыг нь зохицуулдаг. Бурхан хүний ​​төлөө ийм байдлаар хөдөлмөрлөж, төлөөс төлдөг бөгөөд хүнд энэ бүх үнэнийг, энэ амийг өгдөг. Хэрэв хүмүүс энэ сүүлчийн өдрүүдэд бүтээгдсэн зүйлийн үүргээ гүйцэтгэхгүй, Бүтээгчийн өмнө буцаж очихгүй бол эцэст нь хэчнээн олон амьдрал, үеийг туулсан ч үүргээ сайн гүйцэтгэхгүй, Бурханы шаардлагыг биелүүлж чадахгүй бол—Бурханы өмнө тэдний өр хэт их болох бус уу? Тэд Бурханы төлсөн бүх төлөөсийг эдлэх зохисгүй биш гэж үү? Тэд огт мөс чанаргүй, хүн гэж дуудагдах эрхгүй, учир нь Бурханы өмнө тэд маш их өртэй. Иймээс энэ амьдралд—би өмнөх амьдралуудыг чинь биш, харин энэ амьдралын чинь тухай ярьж байна—хэрэв чи эрхэм зорилгынхоо төлөө өөрийн дуртай зүйлсийг, гадаад зүйлсийг орхиж чадахгүй бол—материаллаг таашаал, гэр бүлийн хайр, баяр баясгалан гэх мэт—хэрэв чи Бурханы төлсөн төлөөсийн төлөө эсвэл Бурханы хайрыг хариулахын тулд махан биеийн таашаал ханамжийг орхихгүй бол чи үнэхээр хар санаатай хүн юм! Үнэндээ Бурханы төлөө төлөх ямар ч төлөөс үнэ цэнтэй. Чиний өмнөөс Бурханы төлдөг төлөөстэй харьцуулахад чиний санал болгосон, зарцуулсан өчүүхэн хэмжээ юутай тэнцэх вэ? Чиний бага зэргийн зовлон юутай тэнцэх вэ? Бурхан хэр их зовж шаналсныг та нар мэдэх үү? Чиний өчүүхэн зовлон шаналлыг Бурханы зовж шаналсантай харьцуулвал юу ч биш. Түүнээс гадна, одоо үүргээ гүйцэтгэснээр чи үнэн ба амийг олж авч байгаа бөгөөд эцэст нь амьд үлдэж, Бурханы хаанчлалд орох болно. Энэ ямар агуу ерөөл вэ! Бурханыг дагаж байхдаа зовж шаналах юм уу төлөөс төлөх эсэхээс үл хамааран чи үнэндээ Бурхантай ажиллаж байна. Бурхан биднээс юу ч хийхийг хүссэн бид Бурханы үгийг сонсож, тэр үгийн дагуу хэрэгжүүлдэг. Бурханд дуулгаваргүй байж, Түүнд уй гашуу авчрах зүйлийг бүү хий. Бурхантай ажиллахын тулд чи бага зэрэг зовж, зарим зүйлээс татгалзаж, хойш тавих ёстой. Чи алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, мөнгө, хорвоогийн таашаалаас татгалзах ёстой—чи бүр гэрлэлт, ажил, дэлхийн хэтийн төлөв гэх мэт зүйлсээс татгалзах хэрэгтэй. Эдгээр зүйлээс татгалзсан эсэхийг чинь Бурхан мэдэх үү? Бурхан энэ бүхнийг харж чадах уу? (Тийм.) Бурхан чамайг эдгээр зүйлээс татгалзсаныг хараад яах вэ? (Бурхан тайтгарч, баярлах болно.) Бурхан баярлаад зогсохгүй “Миний төлсөн төлөөс үр жимсээ өглөө. Хүмүүс Миний дэргэд ажиллахад бэлэн байна, тэдэнд ийм шийдвэр бий, Би тэднийг олж авсан” гэж хэлэх болно. Бурхан баяртай, аз жаргалтай, сэтгэл хангалуун, тайтгарсан эсэхээс үл хамааран Бурханд зөвхөн ийм хандлага байдаггүй. Тэр бас үйлддэг бөгөөд ажлынхаа үр дүнг харахыг хүсдэг, эс бөгөөс Түүний хүмүүсээс шаарддаг зүйл нь утгагүй болно. Бурханы хүнд үзүүлдэг нигүүлсэл, хайр, энэрэл нь ердөө хандлага төдий биш—бас бодит баримт юм. Энэ ямар баримт вэ? Энэ нь Бурхан Өөрийн үгийг чиний дотор байрлуулж, чамайг гэгээрүүлж, ингэснээр чи Тэр ямар хайр татам болохыг, мөн энэ ертөнц юу болохыг харж, улмаар зүрх сэтгэл чинь гэрлээр дүүрч, Түүний үг болон үнэнийг ойлгох боломж чамд олдоно. Ийм маягаар чи өөрөө ч мэдэлгүй үнэнийг олж авдаг. Бурхан чам дээр маш олон ажлыг маш бодитоор хийж, үнэнийг олж авах боломжийг олгодог. Чи үнэнийг олж авснаар, мөнх амь болох хамгийн нандин зүйлийг олж авах үед Бурханы хүсэл ханадаг. Хүмүүс үнэнийг эрэлхийлж, Бурхантай хамтран ажиллах хүсэлтэй байгааг хараад Бурхан баярлаж, сэтгэл хангалуун байдаг. Дараа нь Тэр нэг хандлагатай болох бөгөөд ийм хандлагатай байхдаа Тэр ажиллаж, хүнийг сайшааж, ерөөдөг. Тэр “Би чамайг хүртэх ёстой ерөөлөөр чинь шагнах болно” гэж хэлдэг. Дараа нь чи үнэн болон амийг олж авсан байх болно. Бүтээгчийн тухай мэдлэгтэй болж, Түүний талархлыг олж авах үед чи зүрх сэтгэлдээ хоосон байдлыг мэдэрсээр байх уу? Үгүй. Чи сэтгэл хангалуун болж, баяр хөөр мэдрэх болно. Хүний амьдрал үнэ цэнтэй байх нь энэ биш гэж үү? Энэ бол хамгийн үнэ цэнтэй, утга учиртай амьдрал юм.

Иовыг хараарай: Тэр ер нь Бурханаас уул дүүрэн мал, асар их баялгийг өгөөч гэж залбирч байсан уу? (Үгүй.) Тэр юу хайсан бэ? (Тэр Бурханаас эмээж, муугаас зайлахыг эрж хайсан.) “Бурханаас эмээж, муугаас зайлах”-ыг Бурхан хэрхэн үздэг вэ? “Бурхан энэ нь сайн гэдгийг харсан” гэж Бурхан хэлсэн. Хүмүүс Бурханаас эмээж, муугаас зайлахыг эрж хайхад Бурхан хамгийн ихээр баярладаг бөгөөд энэ нь Түүний ерөөдөг зүйл юм. Бурхан ердөө л эдгээр үгийг хэлээд өөр юу ч хийгээгүй гэж үү? Бурхан Иовт өөр юу хийсэн бэ? (Тэр Иовыг шалгасан.) Иовыг уруу татаж, уул дүүрэн мал, асар их баялаг, үр хүүхэд, зарц нарыг нь булаан авахаар Бурхан Сатаныг илгээсэн—Бурхан түүнийг шалгасан. Бурхан түүнийг шалгаснаар юунд хүрэхийг хүссэн бэ? Бурхан Иовын гэрчлэлийг хүссэн. Тэр үед Бурхан Иовд юу өгсөн бэ? Хүмүүс “Бурхан Иовд юу өгсөн бэ? Мал сүрэг, их баялгаа алдаад тэр юутай үлдсэн бэ? Бурхан түүнд юу ч өгөөгүй гэж үү!” гэж эргэцүүлдэг. Гаднаа бол Бурхан Иовд өгсөн зүйлээ дараа нь булаан авч, Иовт юу ч үлдээгүй юм шиг харагддаг ч Бурханы булааж авсан нь өөрөө илүү агуу шагнал юм. Бурхан Иовыг юугаар шагнасныг хэн ч тодорхой хардаггүй. Бурхан Иовын гэрчлэлийг хүссэн бөгөөд Иовт боломж олгосон. Энэ ямар боломж байсан бэ? Энэ нь Иовын хувьд Сатан болон бүх хүний өмнө Бурханыг гэрчилж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг бодит байдлаа гэрчилж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг баримтаа гэрчилж, өөрийгөө төгс, шулуун шударга хүн гэдгээ гэрчлэх боломж байсан юм. Бурхан үүнийг түүнд өгөөгүй гэж үү? Хэрэв Бурхан Иовт ийм боломж өгөөгүй бол Сатан Иовын эсрэг хөдөлж зүрхлэх байсан уу? (Үгүй.) Сатан мэдээж зүрхлэхгүй, энэ нь маш тодорхой. Хэрэв Сатан Иовыг уруу татаж зүрхлээгүй бол Иовт ийм боломж гарах байсан болов уу? Иовт ийм боломж гарахгүй байсан. Ийм учраас Бурхан Иовт яг ийм боломжийг олгосон бөгөөд түүний алхдаг Бурханаас эмээж, муугаас зайлдаг зам нь зөв, Бурханы сэтгэлд нийцдэг, Иов шулуун шударга, төгс хүн байсныг хүн бүрт нотлох боломжийг олгосон юм. Бүх хүн эдгээр зүйлийг харсан, Бурхан ч бас харсан, Иов энэ боломж дунд Бурханы урмыг хугалаагүй. Тэр Бурханыг гэрчилж, Сатаныг ялж, Бурхан энэ нь сайн гэдгийг харсан. Эцэст нь Бурхан Иовыг шагнасан уу? (Шагнасан.) Бурханы Иовд өгсөн хоёр дахь шагнал нь юу байсан бэ? Иовын Бурханаас эмээж, муугаас зайлдаг нь Бурханы сэтгэлд нийцсэн гэж Тэр хэлсэн. Иов Сатаны өмнө Бурханыг гэрчилсэн бөгөөд энэ бүхэн сайн гэдгийг Бурхан харсан. Тэр сэтгэл ханаж, баярласан бөгөөд Түүнд нэг төрлийн хандлага байсан. Бурхан ийм хандлагатай болсныхоо дараа Тэр өөр юу ч хийгээгүй гэж үү? Бурхан юу хийсэн бэ? Та нар Иовын номыг сайн мэдэхгүй юм шиг байна. Ямар нөхцөлд Иов “Би Таны тухай чихээрээ сонссон: харин одоо нүдээрээ Таныг харж байна” гэж хэлсэн бэ? Тэр Бурханы өөрт нь хэлсэн үгсийг сонссоныхоо дараа эдгээр үгийг хэлсэн. Иов үүнээс өмнө Бурханыг харсан уу? (Үгүй.) Иовын хувьд Бурханы дуу хоолойг сонсох нь Бурханы дүрийг харахтай адил байсан бөгөөд энэ нь бүтээгдсэн зүйлийн хамгийн их хүсдэг ерөөл бус уу? (Мөн.) Иов үүнийг олж авсан. Чи түүнд атаархаж байна уу? (Тийм ээ.) Энэ ерөөлийг олж авахад амаргүй. Тэгвэл чи энэ боломжийг хэрхэн олж авч, ийм нигүүлсэл, шагналыг хүртэх вэ? Чи Бурханыг гэрчлэх ёстой, өөрөөр хэлбэл Сатаны уруу таталтын дунд Бурханыг гэрчлэх ёстой. Чи Бурханаас эмээх, муугаас зайлах замаар алхах ёстой. Чи “Бурхан үүнийг сайн гэдгийг харлаа” гэж Бурханаар хэлүүлэх ёстой. Бурхан сэтгэл ханаж, баярлаж, чиний гэрчлэл болон хийсэн бүх зүйл чинь сайн гэдгийг Бурхан харж, Бурхан чамайг төгс хүн, үнэнийг эрэлхийлдэг хүн гэж хэлэх үед чи Бурханы ерөөлийг олж авч чадна. Иов Бурханы дуу хоолойг сонссоны дараа Бурхан өөр юу хийсэн бэ? Тэр Иовд урьд өмнө байгаагүй их зүйлийг өгсөн. Иов өмнөхөөсөө илүү эд баялагтай болсон—хэрэв тэр өмнө нь саятан байсан бол үүний дараа тэрбумтан болох байсан байх. Хэрэв хүн Бурханаас эмээж, муугаас зайлдаг бол тэрбумтан болох нь амархан гэдгийг чи харж байна; Энэ нь Бурханы хувьд ганц үгийн асуудал юм. Энэ бол Бурханы нигүүлсэл юм. Иов Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханы ерөөлийг олж авсан.

Бурханы хүмүүст өгдөг зүйл нь тэдний хүсэж, төсөөлж байснаас нь давж гардаг, гэхдээ хэрэв чи өөрийн хүссэн эсвэл төсөөлж чадах бүхнээс илүү шагнал авахыг хүсвэл Бурханы замыг дагах ёстой. Бурханы замыг дагах нь энгийн зүйл биш. Хүмүүс төлөөс төлөх ёстой, гэхдээ тэр төлөөс дэмий төлөгддөггүй, шагнагдах болно. Хүмүүс Бурханыг зөвхөн өөрсдөд нь хандах хандлагатай, юу ч хийдэггүй, үргэлж өөрсдийг нь хянаж, хэрхэн биеэ авч явааг нь харж байдаг гэж боддог. Үнэхээр ийм байдаг уу? Үгүй. Бурхан үнэндээ яг эцэг эх шиг. Хэрэв чи эцэг эхийнхээ үгэнд орж, ухаантай байж, үүргээ зөв биелүүлж, зөв ​​замаар явахын тулд маш их зовж шаналах юм бол эцэг эх чинь юу мэдрэх вэ? Эцэг эх чинь чамайг хайрлаж, чиний төлөө зовних болно. Тэд хүүхдүүдийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн, хүүхдүүдийнхээ зовлон зүдгүүрийг хөнгөвчилж, тэднийгээ сайн идэж, сайхан хувцас өмсөж, амьдралаас таашаал аваасай гэж л хүсдэг—ингэвэл тэд сэтгэл хангалуун байдаг. Тэд чамайг огтхон ч зовохгүй байгаасай гэж хүсдэг. Энэ бол эцэг эхийн зүрх сэтгэл. Эцэг эхийн зүрх сэтгэлтэй харьцуулбал Бурханы зүрх сэтгэл илүү сайн, илүү үзэсгэлэнтэй, илүү сайхан сэтгэлтэй л байх болно—Бурханы зүрх сэтгэл үүнээс дутуу байх боломжгүй. Та нар бүгд эцэг эхийнхээ зүрх сэтгэлийг бага сага ойлгодог. Та нар бүгд эцэг эх чинь чамд ямар сайн ханддагийг маш сайн мэддэг, эцэг эхээ хүндэтгэхийг хүсдэг. Тиймээс эхлээд энэ ачлал элбэрлийг ашиглан Бурханы зүрх сэтгэлийг бодох ёстой. Ингэж хийдэг хүмүүс хамгийн эрүүл ухаантай юм. Хүүхдүүд эцэг эхийнхээ өөрийг нь хайрлах хайрыг мэдэрч чаддаг, харин хүмүүс өөрсдөд нь байгаа бүх зүйлийг Бурхан зохицуулж, зохион байгуулдаг тул тэднийг хайрлах Бурханы хайрыг илүү ихээр мэдэрч чаддаг байх ёстой. Зөвхөн Бурхан хүний төлөө бүхнийг шийдэж чаддаг. Эцэг эхийн хайр хэчнээн агуу байсан ч хүүхдийнхээ бүх зүйлийг шийдэж чадахгүй. Наад зах нь эцэг эхчүүдэд үнэн байдаггүй. Тэдний хайр махан бие болон мэдрэмжийнх юм; энэ нь хэн нэгнийг завхралаас бүрэн чөлөөлж чадахгүй, амийн өсөлтөөр ч хангаж чадахгүй. Зөвхөн Бурханы хайр хүмүүсийг аварч чадна. Бурханы үг хүмүүсийг чиглүүлж, хангаснаар тэд амьдралын зөв замаар алхах боломжтой юм. Бурханы хайр эцэг эхийн хайраас хэчнээн агуу болохыг чи харж болно—Бурхан хүмүүст анхаарал халамж бүрийг тавьдаг! Эцэг эх чинь чамайг төрүүлсэн бөгөөд тэдний хувьд чи тэдний мах, цус юм. Тэд чамд маш их санаа тавьж, нандигнаж, хамгаалдаг—тэгвэл Бурхан Өөрийн гараар бүтээсэн хүмүүсийг яаж авч үздэг гэж чи бодож байна? Бурхан хүмүүсийг Өөрийнхөө хүүхдүүд шиг нандигнадаг; хүмүүс бол Түүний мах, цус юм. Эцэг эх нь хүүхдээ төрүүлж, цусан холбоотой болдог гэсэн хүний ойлголттой энэ нь адилгүй—Бурхан Өөрийн гараар хүмүүсийг бүтээсэн боловч Бурхан тэдэн рүү амьсгалаа үлээсэн бөгөөд Бурханд тэднээс хүлээх хүлээлт бий. Бурхан итгэл найдвараа хүмүүст даатгасан; Бурханд хүмүүсээс шаардах шаардлага байгаа бөгөөд Бурхан тэдэнд бүх зүйлийг даатгасан. Бурхан зүгээр л хүмүүсийг бүтээж, тэдэн рүү амьсгалж, амьдруулаад Түүний ажил дууссан хэрэг биш. Хэрэв хүн төрөлхтөн муу байвал Бурхан хүчтэй, бүхнийг чадагч учраас тэднийг зүгээр л дахиад бүтээж болно гэсэн үг биш. Бурхан хүмүүсийг бүтээснийхээ дараа тэдэнд сэтгэл зовнисон. Хүмүүс бол Түүний мах, цус, Түүний хамтрагчид, үүний зэрэгцээ Түүний удирдлагын төлөвлөгөөнд тэд Бурханы итгэмжит хүмүүс, бүх итгэл найдварыг тээгчид юм. Эцэст нь Бурхан энэ хүмүүсээс итгэл найдвар харж, үр дүнд хүрэхийг хүсдэг. Хэрэв үүн дээр үндэслэн та нар Бурханы санаа зорилго, хүслийг бага зэрэг ойлгож авч чадвал энэ нь ойлголтыг чинь жаахан гүнзгийрүүлж өгөх бус уу? (Тийм ээ, тэгнэ.) Яг л хүүхдээ суралцаж байхад дэргэд нь байж, сэрүүцүүлж, хэсэг хугацааны дараа цай өгч, идэх цаг нь болоход амттай хоол хийж өгч, хүүхдээ сурч мэдэж, амьдралдаа амжилттай байгаасай гэж хүсдэг эцэг эхчүүдтэй адил—ийм эцэг эхчүүд яаж илүү сайн хийхээ мэддэггүй, оюун санаа нь үргэлж хүүхдээ тойрон эргэлддэг. Эцэг эх чинь чамаас хүлээлттэй, итгэл найдвараа чамд тавьсан учраас чамтай ингэж харьцдаг бус уу? Чи үгэнд нь орохгүй, дуулгаваргүй байвал тэд гомдох бус уу? Тэд уйтгар гунигт автах бус уу? (Тэгнэ.) Тэгээд энэ санаан дээр үндэслэн Бурханы хүслийн талаар тунгаан бод. Бурхан хүмүүсийг харахдаа тэд хэдэн настай байсан ч Түүний нүдэнд хүүхэд байдаг. Хэрэв чи “Би наян настай” гэж хэлбэл Бурхан чамайг хүүхэд гэж хэлэх болно. Хэрэв “Би хорин настай” гэж хэлбэл чи бүр ч хүүхэд байна. Чи наятай, найман зуу, найман мянган настай байсан ч Бурханы нүдэнд хүмүүс бүгд хүүхэд. Бурханы өнцгөөс харахад нас ямар ч ялгаа авчирдаггүй. Бурханы нүдээр хүмүүс бүгд нялх хүүхэд, хүүхдүүд юм; Бурхан хүн төрөлхтнийг ингэж хардаг. Тийм ч учраас Бурханы нүдээр чи Түүний мах цус, Түүний хамтрагчдын нэг юм. Тэгвэл чи яаж Түүний мах цус, Түүний хамтрагч, Өөрийнх нь зүрх сэтгэлд нийцсэн хүн болох шаардлагад тэнцэж, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадах вэ? Энэ бол хүн төрөлхтний анхаарч, тунгаан бодох нь зүйтэй асуулт бус уу? (Тийм ээ.) Бурхан хүн төрөлхтнийг Өөрийн мах цус, Өөрийн хамтрагчид, Өөрийн төлсөн цус, төлөөсийг үүрэгчид гэж үздэг. Бурхан хүнийг ямар хайраар хайрладаг вэ? Тэр юу гэж сэтгэдэг вэ? Ийм түвшний харилцаатай хүмүүсдээ Тэр хэрхэн ханддаг вэ? Энэ хүмүүсийн төлөөх Бурханы хайрыг хүмүүс бага ч гэсэн ойлгож чаддаг уу? Зарим хүн “Би Бурханыг хэзээ ч харж байгаагүй, өмнөх амьдралуудад минь Бурханы миний төлөө хийсэн зүйлсийг мэдэрч чадахгүй байна” гэж хэлдэг. Чи яг одоо амьд байна, тэгээд Бурханы удирдамж, чиний төлөө төлсөн төлөөсийг мэдэрч чадахгүй байна гэж үү? Чи энийг ойлгож чадаж байна уу? (Тийм.) Хэрэв чи энийг ойлгож чадаж байвал зүгээр—энэ нь чамайг зүрх сэтгэл, сүнстэй гэдгийг нотолж байна. Хэрэв чи энэ хэмжээнд ойлгож чадаж байвал хангалттай. Бурханыг дагахаар бүх зүйлийг хойш тавих чинь үнэ цэнтэй юм.

2017 оны 5-р сарын 29

Өмнөх: Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт

Дараах: Үргэлж Бурханы өмнө амьдарснаар л Бурхантай хэвийн харилцаатай байж чадна

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх