ЗОВЛОНТ ШАЛГАЛТЫГ ТУУЛСНААР Л ТА НАР БУРХАНЫ ХАЙР ТАТАМ БАЙДЛЫГ МЭДЭЖ ЧАДНА

Өнөөдөр чи Бурханыг яг хэр их хайрладаг вэ? Бурханы чамд хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой зүйлс юм. Бурхан газар дээр ирээд хүнд хийсэн, хүнд харуулсан бүхэн нь хүнээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийгөө мэдүүлэхийн төлөө байдаг. Хүн Бурханы төлөө зовж, өдий хүрч чадсан нь нэг талаар Бурханы хайраас, нөгөө талаар Бурханы авралаас болдог; түүнчлэн энэ нь бас хүний дотор Бурханы хийдэг шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог. Хэрэв та нарт Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт байхгүй бол, хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэхээр хайрладаггүй юм байна. Хүний доторх Бурханы ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам Бурханы ажил хэчнээн утга учиртай нь төдий чинээ илэрхий байдаг бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ жинхэнээсээ хайрлаж чаддаг. Чи Бурханыг хэрхэн хайрлаж сурах вэ? Тарчлаан, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр, мөн түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр, өршөөлийг л өгдөг байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу? Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, олиггүй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтынхаа үеэр Бурхан хүнд зориулан өөр өөр орчин бүтээж, хүнийг Бурханы хайр татам байдлыг улам илүү мэдрэх чадвартай болгодог. Өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр няц дарам гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь дотор Бурханы хийсэн ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, амар тайван гэр бүлтэй, эсвэл материаллаг ерөөлтэй байгаа бол Бурханыг хараахан олж аваагүй бөгөөд Бурханд итгэх итгэлийг чинь амжилттай гэж үзэж болохгүй. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд материаллаг ерөөл аль хэдийн хүртээчихсэн, гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс болгуулж чадахгүй. Хүмүүс туршлагаараа Бурханы хайрын заримыг мэдэрч, Бурханы хайр, өршөөлийг хардаг ч үүнийг хэсэгхэн хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, хүний доторх завхарсан зүйлийг илчилж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэг үе шатны ажил байсан бөгөөд хүн Бурханы нигүүлслийг эдэлснээр Бурханыг мэдэж авч чадахгүй.

Бурхан юугаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар дамжуулан үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд хүнийг үндсэндээ шүүлтээр дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах юм бэ?” гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний дуулгаваргүй занг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, өчүүхэн ч мэдрэмжгүйгээр ярьдаг хэдий ч хүний дотор буй бүхнийг илчилж, эдгээр хатуу үгээр хүний доторх гол зүйлийг ил болгож, ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай захирагддаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна.

Бурханы хэлсэн үгээс үзэхэд хүний махан биеийг Тэр аль хэдийн ялласан нь харагддаг. Тэгэхээр эдгээр үг нь хараалын үг мөн үү? Бурханы хэлсэн үг хүний үнэн царайг илчилж, тийм илчлэлээр дамжуулан хүнийг шүүдэг бөгөөд Бурханы хүслийг хангаж чадахгүй гэдгээ мэдэх үедээ хүн дотроо гашуудан харуусаж, Бурханд маш их өртэйгөө, Бурханы хүсэлд хангалтгүй гэдгээ мэдэрдэг. Ариун Сүнс чамайг дотроос чинь сахилгажуулах үе байдаг ба энэ сахилгажуулалт Бурханы шүүлтээс гардаг; Бурхан чамайг зэмлэж, чамаас царайгаа нуун, чамайг үл хайхарч, дотор чинь ажиллахгүй байж, чамайг цэвэршүүлэхийн тулд чимээгүйхэн гэсгээх үе бий. Хүний доторх Бурханы ажил нь үндсэндээ Өөрийн зөвт зан чанарыг ил болгохын төлөө байдаг. Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан чанар бол зөвт байдал, уур хилэн, гэсгээлт, шүүлт юм гэдгийг хүн гэрчилдэг; хүн Бурханы зөвт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрлаж, аварсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүрмөсөн хаяагүй, харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэхдээ Бурханы гүйцэтгэсэн баримт хэлсэн үгийнх нь дагуу гүйцэлддэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гэж, мөн махан биеийн мөн чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг; чамайг сэрээхийн тулд, чамд буй дутагдлыг ухааруулахын тулд, хүний туйлын үнэ цэнгүй байдлыг мэдүүлэхийн тулд Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийдэг бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгодог зөвт зан чанар—энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы хайр юм.

Хүний уламжлалт үзлээр Бурханы хайр бол Түүний нигүүлсэл, өршөөл, хүний сул талыг өрөвдөх хайр энэрэл юм. Хэдий эдгээр зүйл ч бас Бурханы хайр мөн боловч хэтэрхий өрөөсгөл бөгөөд хүнийг төгс болгодог Бурханы үндсэн арга барил биш. Зарим хүн өвчнөөсөө болоод л Бурханд итгэж эхэлсэн. Энэ өвчин бол чамд зориулсан Бурханы нигүүлсэл; үүнгүйгээр чи Бурханд итгэхгүй байх байсан бөгөөд хэрвээ чи Бурханд итгээгүй бол өдий хүрч чадахгүй байх байсан—тиймээс энэ нигүүлсэл ч гэсэн Бурханы хайр юм. Есүст итгэдэг байсан цаг үед хүмүүс үнэнийг ойлгоогүй учраас Бурханы дургүйг хүргэх юм их хийсэн, гэвч Бурханд хайр, өршөөл байдаг бөгөөд Тэрээр хүнийг өдий хүргэсэн, мөн хүн юу ч ойлгодоггүй хэдий ч Өөрийг нь дагахыг Бурхан хүнд зөвшөөрдгөөс гадна хүнийг эдүгээ хүртэл удирдан хөтөлсөн. Энэ Бурханы хайр биш гэж үү? Бурханы зан чанараас харагддаг зүйл бол Бурханы хайр юм—энэ бол туйлын үнэн! Чуулганыг байгуулах явдал оргилдоо хүрэх үед Бурхан үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхмыг хийж, хүнийг ёроолгүй нүхэнд хаясан. Үйлчлэл үзүүлэгчдийн үеийн үгс бүгд махан биеийг чинь хараах, завхарсан сатанлаг зан чанарыг чинь хараах, мөн Бурханы хүслийг хангалуун байлгадаггүй зүйлсийг чинь хараах хараал байлаа. Тэрхүү алхамд Бурханы хийсэн ажил сүр жавхлан мэт харагдаж, үүний дараахан Бурхан гэсгээлтийн ажлын алхмыг гүйцэтгээд, үхлийн шалгалт эхэлжээ. Ийм ажлаас хүн Бурханы уур хилэн, сүр жавхлан, шүүлт, гэсгээлтийг харахын зэрэгцээ бас Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлийг харсан юм; Бурханы хийсэн бүхэн, Түүний зан чанар болж харагдсан бүхэн нь хүнийг гэх хайр байсан бөгөөд Бурханы хийсэн бүхэн хүний хэрэгцээг хангаж чадсан. Хүнийг төгс болгохын тулд Тэр үүнийг хийсэн ба биеийнх нь хэмжээний дагуу хүнийг хангажээ. Бурхан үүнийг хийгээгүй бол хүн Бурханы өмнө ирж чадахгүй, Бурханы үнэн нүүр царайг мэдэх аргагүй байх байлаа. Хүн анх Бурханд итгэж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Бурхан хүнийг биеийн хэмжээнд нь тааруулан зугуухан хангаж байсан ба ингэснээр хүн дотроо Бурханыг аажмаар мэдэж авчээ. Өнөөдөр л хүн Бурханы шүүлт хэчнээн гайхалтайг ухаарч байна. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхам нь бүтээлийн цаг үеэс өнөөг хүртэлх хараалын ажлын анхны тохиолдол байв. Хүн ёроолгүй нүх рүү хараагдсан. Хэрвээ Бурхан тэгээгүй бол хүн өнөөдөр Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болохгүй байх байлаа; Бурханы хараалаар л дамжуулан хүн Бурханы зан чанартай албан ёсоор тулгарсан юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар дамжуулан хүн илчлэгдсэн. Тэрээр өөрийнх нь үнэнч зан хүлээн зөвшөөрөхийн аргагүй, биеийн хэмжээ нь дэндүү жаахан, Бурханы хүслийг хангах чадваргүй, бас Бурханыг цаг үргэлж хангалуун байлгана гэж хэлдэг нь хоосон үгээс цаашгүй гэдгийг харжээ. Үйлчлэл үзүүлэгчдийн ажлын алхамд Бурхан хүнийг хараасан хэдий ч одоо эргээд харахад Бурханы ажлын тэрхүү алхам гайхалтай байлаа: Энэ нь хүний хувьд агуу эргэлтийн цэг болж, түүний амь зан чанарт асар их өөрчлөлт гаргажээ. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өмнө хүн амийн эрэл хайгуулын талаар, Бурханд итгэх нь юу гэсэн үг болох талаар, эсвэл Бурханы ажлын мэргэн ухааны талаар юу ч ойлгоогүй, мөн Бурханы ажил хүнийг туршиж чадна гэдгийг ч ойлгоогүй. Үйлчлэл үзүүлэгчдийн цаг үеэс өнөөдрийг хүртэлх Бурханы ажил хэчнээн гайхалтай болохыг, хүний ухаан хүрэмгүй гэдгийг, мөн толгойгоо ажиллуулаад ч Бурхан хэрхэн ажилладгийг төсөөлж чадахгүй гэдгээ хүн харж, түүнчлэн өөрийнх нь биеийн хэмжээ үнэхээр өчүүхэн ба өөрт нь дуулгаваргүй зүйл хэтэрхий их байдаг гэдгийг хардаг. Бурхан хүнийг хараах үед энэ нь үр дүнд хүрэхийн төлөө байсан бөгөөд Тэр хүнийг үхүүлээгүй юм. Хэдийгээр Тэр хүнийг хараасан ч үгээр л үүнийгээ хийсэн бөгөөд Түүний хараал үнэндээ хүнд тусаагүй, учир нь Бурханы хараасан зүйл хүний дуулгаваргүй байдал байсан тул Түүний хараалын үг ч бас хүнийг төгс болгохын төлөө хэлэгдсэн. Бурхан хүнийг шүүсэн ч бай, хараасан ч бай, аль аль нь хүнийг төгс болгодог: Хоёулаа хүний доторх ариун бус зүйлийг төгс болгохын төлөө хийгддэг. Энэ аргаар дамжуулан хүн цэвэршүүлэгдэж, хүний дотор дутагдаж байгаа зүйл Түүний үг, ажлаар дамжуулан төгс болдог. Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгосон. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байгаа; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор биеэ тоосон, ихэрхүү зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадна. Өнөөдөр Бурханы хүслийг ойлгодог гэж хэлдэг зарим хүн байдаг боловч тэр нь дэндүү бодитой бус, үнэн хэрэгтээ тэд утгагүй юм ярьж байна, яагаад гэвэл, Бурханы хүсэл хүнийг аврахын төлөө байдаг уу, эсвэл хараахын төлөө байдаг уу гэдгийг тэд одоогоор хараахан ойлгоогүй байгаа. Чи одоо үүнийг тодорхой харж чадахгүй байж болох ч Бурханы алдрын өдөр ирснийг харах үе ирж, Бурханыг хайрлах нь хэчнээн утга учиртайг чи харна, ингэснээр чи хүний амьдралыг мэдэж авч, махан бие чинь Бурханыг хайрлах ертөнцөд амьдарч, сүнс чинь эрх чөлөөтэй болж, амьдрал чинь баяр хөөрөөр дүүрч, чи үргэлж Бурханд ойр байж, үргэлж Бурхан өөд харан найдах болно. Тэр цагт чи өнөөдрийн Бурханы ажил хэчнээн үнэ цэнтэйг лавтайяа мэднэ.

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь хаясан, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдийг нь Бурхан хайрладаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон тодорхой нэг цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү ханддаг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, сул дорой, хүчин мөхөс! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи Түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө, хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл даван туулшгүй гэдгийг, бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэнэ гэдгээ мэдэрнэ; түүнчлэн, чи Бурханыг хангалуун байлгах чадваргүй бөгөөд Бурханы хүсэл хэтэрхий өндөр дээд, хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ—чиний дотор ихээхэн сул тал байдаг, мөн Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг учраас чи дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм. Сатанд уруу татагдах үедээ чи: “Миний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаг, Бурхан намайг аль хэдийн олж авсан. Би чамайг хангалуун байлгаж чадахгүй—би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханыг хангалуун байлгах тусам Бурхан чамайг улам их ерөөж, Бурханыг гэх хайр чинь төдий чинээ хүчтэй байдаг; иймээс чи бас итгэлтэй, шийдвэртэй байж, Бурханыг хайрлаж өнгөрүүлсэн амьдралаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч үгүй гэдгийг мэдэрнэ. Хүн Бурханыг хайрлаж байж л уй гашуугүй байдаг гэж хэлж болно. Махан бие чинь сульдаж, олон бодит зовлонд ороогдох үе байдаг боловч тийм үеүдэд чи Бурханд үнэхээр найдах бөгөөд сүнсэн дотроо тайтгарч, итгэлтэй байж, түшиглэх ямар нэгэн зүйл чамд байгааг мэдэрнэ. Ийм маягаар чи олон орчин нөхцөлийг даван гарч чадах тул амсдаг зовлон шаналлаасаа болоод Бурханы талаар гомдоллохгүй; чи дуулж, бүжиглэж, залбирч, цугларч, нөхөрлөж, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд эргэн тойронд чинь Бурханы зохицуулдаг бүх хүн, хэрэг явдал, зүйл тохиромжтой гэдгийг мэдэрнэ. Чи Бурханыг хайрладаггүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдах ба нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй бус, харин сэтгэлийн дарамттай байх ба зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы талаар гомдоллоно, мөн маш их тарчлаан амсаж байгаа чинь тун шударга бус юм гэж чамд үргэлж санагдана. Хэрвээ чи аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө эрэлхийлдэг бол ийм эрэл хайгуул чамд Бурханыг хайрлах асар их хүч өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас хийдэг бүхэн нь Бурханыг хангалуун байлгах чадвартай—бодит байдлыг эзэмших гэдэг нь энэ юм. Бурханыг хангалуун байлгахаар эрэлхийлнэ гэдэг нь Бурханы үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханыг гэх хайрыг ашиглах явдал юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсэж, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ яг хэр том болох нь Бурханыг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чаддаг эсэхээс чинь, тодорхой орчин нөхцөл тохиолдоход сул дорой болдог эсэхээс чинь, мөн ах, эгч нар чинь чамайг голох үед байр сууриндаа бат зогсож чаддаг эсэхээс чинь хамаардаг; Бурханыг гэх хайр чинь яг ямархуу болохыг бодит баримтууд харуулна. Бурхан хүнд үнэхээр хайртай гэдгийг Бурханы олон ажлаас харж болно, гэхдээ хүний сүнсний нүд хараахан бүрэн нээгдээгүй бөгөөд тэрээр Бурханы ажил болон хүслийн ихээхнийг тодорхой харж чаддаггүй, Бурханы хайр татам олон зүйлийг ч тодорхой харж чаддаггүй; хүнд Бурханыг гэх жинхэнэ хайр дэндүү бага байдаг. Чи энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн ба өнөөдөр Бурхан зугтах бүх арга замыг чинь хаасан. Үнэнийг хэлэхэд, чи зөв замыг буюу Бурханы хатуу шүүлт, дээд авралаар чамайг удирдан хөтөлсөөр ирсэн зөв замыг сонгохоос өөр аргагүй. Бэрхшээл, цэвэршүүлэлт туулсны дараа л хүн Бурхан хайр татам гэдгийг мэддэг. Өнөөдрийг хүртэл туулсан болохоор хүн Бурханы хайр татам байдлын нэг хэсгийг мэдэж авсан гэж хэлж болно, гэхдээ хүн маш дутуу дулимаг учраас энэ нь бас л хангалтгүй. Хүн Бурханы гайхалтай ажлыг, мөн Бурханы төлөвлөсөн зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг илүү их туулах ёстой. Тэр үед л хүний амь зан чанар өөрчлөгдөж чадна.

Өмнөх: ТӨГС БОЛГУУЛАХ ХҮМҮҮС ЦЭВЭРШҮҮЛЭЛТИЙГ ТУУЛАХ ЁСТОЙ

Дараах: БУРХАНЫГ ХАЙРЛАХ НЬ ҮНЭХЭЭР БУРХАНД ИТГЭХ ЯВДАЛ ЮМ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

23-Р БҮЛЭГ

Миний дуу хоолой хадаж, Миний нүд гал улалзуулан, Би дэлхийг бүхэлд нь ажиглаж, орчлонг бүхэлд нь харж байна. Бүх хүн Надад залбирч, Миний...

15-Р БҮЛЭГ

Хүн бол өөрийгөө мэддэггүй амьтан юм. Гэхдээ өөрийгөө ч мэдэж чадахгүй атлаа тэр бусад бүх хүнийг гарын алга шигээ мэддэг ба бусдын хийсэн,...

27-Р БҮЛЭГ

Хүний үйлдэл хэзээ ч Миний зүрх сэтгэлийг хөдөлгөөгүй, Надад хэзээ ч эрхэм нандин гэж санагдаж байгаагүй. Хүний нүдээр бол Би түүнд үргэлж...

БУРХАНЫ АЖИЛ БА ХҮНИЙ АЖИЛ

Хүний ажлын хэр их нь Ариун Сүнсний ажил, хэр их нь хүний туршлага байдаг вэ? Хүмүүс эдгээр асуултыг ойлгодоггүй хэвээр гэж хэлж болох ба...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх