2. Бурханы ажлын гурван үе шатны зорилго

Холбогдох Бурханы үг:

Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гурван үе шатанд хуваагддаг ба Би бүтээгдсэн зүйлсээр Өөртөө гэрчлэл хийлгэж, тэдэнд Өөрийн хүслийг ойлгуулж, Би бол үнэн гэдгийг мэдүүлэх үр дүнд хүрэхийн тулд ийнхүү ажилладаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх

Бурхан ямар ч ажил хийлээ гэсэн ажлынх нь зорилго өөрчлөгддөггүй, Түүний ажлын гол цөм өөрчлөгддөггүй бөгөөд хүний төлөө гэх Түүний хүсэл өөрчлөгддөггүй гэдгийг чи мэдэх ёстой. Түүний үг хэчнээн хатуу байсан ч, орчин нөхцөл хэчнээн бэрх байсан ч Түүний ажлын зарчим өөрчлөгдөхгүй ба хүнийг аврах Түүний санаа зорилго өөрчлөгдөхгүй. Энэ нь хүний төгсгөл юм уу хүний хүрэх газрын талаарх илчлэлийн ажил биш, сүүлчийн шатны ажил биш, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөөг төгсгөх ажил биш л бол, мөн Тэрээр хүнийг хүн болгох цаг үед байгаа л бол Түүний ажлын гол цөм өөрчлөгдөхгүй. Түүний ажлын гол цөм үргэлж хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг; Бурханд итгэх итгэлийн чинь суурь энэ байх ёстой. Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтнийг аврах буюу Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан авралын өөр өөр ажил билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Өнөөдөр бид эхлээд хүн төрөлхтнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа, хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн эрин үе албан ёсоор эхлэх хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх болно. Бид дараа нь Бурханы бодол, санааны алийг нь хүн мэдэхгүй байгааг олж мэдэж болох бөгөөд тэндээсээ Бурханы удирдлагын төлөвлөгөөний дэс дарааллыг тодруулж, Бурхан Өөрийн удирдлагын ажлыг бий болгосон орчин нөхцөл, түүний эх сурвалж, хөгжлийн үйл явцыг, мөн түүнчлэн Түүний удирдлагын ажлаасаа гаргахыг хүсдэг үр дүнг—өөрөөр хэлбэл, Түүний удирдлагын ажлын гол цөм болон зорилгыг нэгд нэгэнгүй ойлгож чадна. Эдгээр зүйлийг ойлгохын тулд бид хүн байхгүй байсан тэр алс холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй…

Бурханыг орноосоо өндийхөд нь анх төрсөн бодол нь: амьд хүн—жинхэнэ, амьтай хүнийг, хамт амьдарч, байнгын хань нөхөр нь байх хэн нэгнийг бүтээх явдал байв; энэ хүн Түүнийг сонсож, Тэр түүнд сэтгэлээ дэлгэж, ярилцаж чадах байв. Тэгээд Бурхан, анх удаа атга шороо авч, түүнийгээ ашиглан оюун санаандаа төсөөлсөн дүр төрхийн дагуу хамгийн анхны амьд хүнийг бүтээж, дараа нь энэхүү амьтай бүтээлд Адам хэмээх нэр өгсөн. Энэхүү амьд, амьсгалдаг хүнтэй болчхоод Түүнд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, хань нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Тэрээр мөн эцэг байхын хариуцлага, үүнтэй хамт ирдэг сэтгэлийн зовнилыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгалан авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы бодлоороо, тэр ч бүү хэл үгээрээ биш, харин хоёр гараараа хийсэн анхных нь зүйл байсан юм. Ийм оршихуй—бие махбод, хэлбэр дүрстэй, мах цуснаас бүрдсэн амьд, амьсгалдаг хүн Бурханы өмнө зогсоод Бурхантай ярьж чадаж байхад Тэр урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр хөөрийг мэдэрсэн билээ. Бурхан хариуцлагаа үнэхээр мэдэрч, энэхүү амьд оршихуй зүрх сэтгэлийг нь хөндөөд зогсохгүй, мөн өчүүхэн хөдөлгөөн бүрээрээ Түүний сэтгэлийг хөдөлгөж, зүрх сэтгэлийг нь дулаацуулж байсан. Энэхүү амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед олон ийм хүн олж авъя гэж Тэр анх удаагаа бодсон юм. Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн хэд хэдэн үйл явдлууд нь энэ байсан билээ. Бурханы хувьд энэ бүх үйл явдал нь анх удаа тохиолдсон боловч эдгээр анхны үйл явдал дээр Тэр тухайн үед баяр баясгалан, хариуцлага, сэтгэл зовнил гээд юу ч мэдэрч байсан гэсэн, тэдгээрийг Өөртэй нь хуваалцах хэн ч байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүн Түүний хайр, сэтгэл зовнил, хүнийг гэх санаа зорилгыг нь хүлээн авч, ухаарч ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн учраас Тэр зүрх сэтгэлдээ уйтгар гуниг, шаналлыг мэдэрсээр байсан юм. Хэдийгээр Тэр эдгээр зүйлийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь мэдэхгүй, бас ойлгоогүй. Бурханд хүний авчирсан аз жаргал, баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол, мэдрэмж байв. Бурхан энэ бүх зүйлийг хийж байх зуур Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь шаналал болон хувирч, эдгээр мэдрэмж нь сэтгэлийн түгшүүртэй холилдож байв. Түүний хийхийг хүсэж байсан ганц зүйл нь энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн санаа зорилгыг эртхэн ойлгуулахаар яаравчлах явдал байлаа. Тэгвэл тэд Түүний дагалдагчид болж, Түүнтэй адил бодолтой байж, Түүний хүсэлд нийцэж чадах байв. Тэд Бурханы айлдахыг зүгээр л сонсож, хэлэх үггүй хэвээр үлдэхээ болино; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юун түрүүнд тэд Бурханы шаардлагад хайхрамжгүй хандахаа болино. Бурханы хийсэн эдгээр анхны зүйл маш их утга учиртай бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнтэй байдаг.

Бүх зүйл болон хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн удирдлагыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний дундаас ихэд хайрладаг хүмүүсээ олж авах гэж тэсэн ядаж байв.

………………………

…Хүн төрөлхтнийг удирдах, хүн төрөлхтнийг аврах энэ явдлыг Бурхан өөр юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн санаагаар, Өөрийн үгээр хийдэггүй ба мэдээж хааш яаш хандлагаар хийдэггүй—Тэр энэ бүх зүйлийг төлөвлөгөө, зорилго, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан, хүн хоёрын аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, саад бартаа хэчнээн их байх нь, хүн хэчнээн сул дорой байх нь, эсвэл хүн төрөлхтний тэрслүү зан хэр гүнзгий байх нь хамаагүй, аль нь ч Бурханд хэцүү биш юм. Бурхан Өөрийгөө завгүй байлгаж, уйгагүй хичээл чармайлтаа зарцуулж, хийхийг хүсдэг ажлаа удирддаг. Түүнчлэн бүх зүйлийг зохицуулж, Өөрийн ажиллах тэр бүх хүнийг болон гүйцэлдүүлэхийг хүсдэг бүх ажлаа захирч байдаг—эдгээрийн аль нь ч урьд өмнө хэзээ ч хийгдэж байгаагүй. Энэ нь Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг удирдаж, аврах энэхүү гол том төсөлд тийм өндөр төлөөс төлсөн анхны удаа юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Өөрийн шаргуу хичээл чармайлт, Түүнд юу байгаа, Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчин болон Өөрийн зан чанарын бүх талыг хүн төрөлхтөнд бага багаар, юу ч үлдээлгүй илэрхийлж, гаргаж байгаа. Тэрээр урьд өмнө нь Өөрийн хэзээ ч хийж байгаагүй эдгээр зүйлийг гаргаж, илэрхийлдэг. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурханд ийм их ойр бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар ч бүтээл хэзээ ч байгаагүй юм. Удирдаж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь Түүний зүрх сэтгэлд хамгийн чухал; Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг; хэдийгээр Тэр тэдний төлөө маш их төлөөс төлсөн ч гэсэн, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн гомдоож, дуулгаваргүй загнадаг ч гэсэн Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүй үргэлжлүүлдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд уярч, Түүнийг бүтээлийн Эзэн хэмээн таньж, Түүний дэргэд буцаж ирнэ гэдгийг Тэр мэддэг билээ…

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь ь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага ба түүнчлэн, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан Бурханы мөн чанарыг ухааруулах, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломж олгох, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Өөрийн алхмуудын дагуу хүнд оруулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, Бурханы талаарх мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Ийм хүмүүс шулуун шударга байдаг учраас, Бурханд итгэлтэй, дуулгавартай бөгөөд Түүнээс эмээдэг учраас, мөн тэд Сатанаас бүрмөсөн салдаг учраас энэ. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II

Бурханы удирдлага ийм байдаг: Бурхан юу болох, Бүтээгч юу болох, Бурханд хэрхэн шүтэн мөргөх, яагаад Бурханд захирагдах шаардлагатай вэ гэдгийг мэддэггүй хүн төрөлхтнийг Сатанд гардуулан өгч, Сатаны завхралд өртүүлдэг. Дараа нь хүн Бурханд бүрэн шүтэн мөргөж, Сатаныг голох хүртэл Бурхан хүнийг Сатаны савраас алхам алхмаар буцаан авдаг. Энэ бол Бурханы удирдлага юм. Энэ бүхэн үлгэр домог шиг сонсогдож магадгүй; мөн ээдрээтэй санагдаж магадгүй. Хүмүүст энэ нь үлгэр домог шиг санагддаг, учир нь өнгөрсөн хэдэн мянган жилд хүнд хэчнээн их зүйл тохиолдсоныг тэд мэддэггүй, сансар, огторгуйд хэчнээн олон үйл явдал тохиосныг бүр ч мэддэггүй. Түүнчлэн, материаллаг ертөнцөөс цааш оршдог, хүний эгэл нүдээр харах аргагүй илүү гайхалтай, илүү айдас төрүүлэм ертөнцийг тэд ойлгож чаддаггүй. Энэ нь хүнд ойлгохын аргагүй санагддаг, учир нь Бурхан хүн төрөлхтнийг аврахын утга учир болон Бурханы удирдлагын ажлын утга учрын тухай ойлголт хүнд байдаггүй бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг ямар байгаасай гэж хүсдэгийг хүн ухаардаггүй. Сатанаар огт завхруулагдаагүй Адам, Еватай адил байгаасай гэж хүсдэг үү? Үгүй! Бурханы удирдлагын зорилго нь Бурханд шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүмүүсийг Сатан завхруулсан хэдий ч тэд Сатаныг өөрсдийн эцэг гэж үзэхээ больж, Сатаны үзэшгүй муухай царайг таниад түүнийг голдог ба Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахаар Бурханы өмнө ирдэг. Тэд юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс хэр өөр байдгийг мэдэж авч, Бурханы агуу байдал, Сатаны ёрын мууг таньж мэддэг. Ийм хүн төрөлхтөн цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, эсвэл Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханаар үнэхээр авхуулсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна

Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүхэлд нь аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай болон дуулгаваргүй байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Ажлын гурван үе шат төгсөх үед Бурханд гэрчлэл хийдэг хүмүүсийн бүлэг, өөрөөр хэлбэл, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэнэ. Энэ хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлж чаддаг байна. Тэд хүн чанар, эрүүл ухааныг эзэмшиж, Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэднэ. Энэ нь эцэстээ биелэх ажил бөгөөд энэ хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт, Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

Зургаан мянган жилийн ажлаа өнөөдрийг хүртэл хийснийхээ дараа Бурхан олон үйл хэргээ аль хэдийн илчилсэн ба үүний гол зорилго нь Сатаныг ялж, бүх хүн төрөлхтөнд аврал авчрах явдал байлаа. Тэрээр энэ боломжийг ашиглан тэнгэрт байгаа бүх зүйл, газар дээрх бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болон газар дээрх Бурханы бүтээл нэг бүрд Өөрийн төгс хүчийг харуулж, Өөрийн бүх үйл хэргийг үзүүлдэг. Мөн Сатаныг ялах боломжийг шүүрэн авснаараа Тэр хүмүүст Өөрийн бүх үйл хэргийг илчилж, тэднээр Өөрийгөө магтуулж, Сатаныг ялсан мэргэн ухаанаа өргөмжлүүлдэг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай тэнгис доторх бүх зүйл Бурханд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний үйл хэрэг нэг бүрийг магтаж, Түүний ариун нэрийг хашхирна. Энэ нь Тэр Сатаныг ялсны нотолгоо; Сатаныг эрхэндээ оруулсны нотолгоо. Үүнээс ч чухал нь, хүн төрөлхтнийг аварсных нь нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчран, дайснаа ялж, ялгууснаар буцан ирснийх нь төлөө Түүнийг магтах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн шагшин магтана. Түүний зорилго ердөө л Сатаныг ялах явдал биш, иймээс Түүний ажил зургаан мянган жилийн турш үргэлжилсэн юм. Тэр Сатаны ялагдлыг ашиглан хүн төрөлхтнийг авардаг; Сатаны ялагдлыг ашиглан Өөрийн бүх үйл хэрэг, бүх алдар сууг илчилдэг. Тэрээр алдаршина, үй түмэн тэнгэрэлч Түүний бүх алдрыг харна. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харна. Энэ бол Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдар сууг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсныхаа дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтнөөр Өөрийгөө магтуулж, улмаар Өөрийнхөө ажилд давхар ялалт байгуулна. Эцэстээ бүх хүн төрөлхтнийг Тэр байлдан дагуулах ба эсэргүүцэж, тэрсэлдэг хэнийг ч арчин хаяна; өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүнийг Тэр арчин хаяна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой

Газар дээрх Миний ажлын зорилгыг, өөрөөр хэлбэл, Миний хүрэхийг хүсэж байгаа эцсийн зорилтыг, мөн энэ ажил бүрэн төгс болохоос өмнө Би үүгээр ямар түвшинд хүрэх ёстойг бүх хүн ойлгох хэрэгтэй. Хүмүүс өнөөдрийг хүртэл Надтай цуг алхчхаад Миний ажил чухам ямар учиртайг ойлгодоггүй бол тэд Надтай хамт дэмий алхаж байсан бус уу? Намайг дагадаг бол хүмүүс Миний хүслийг мэддэг байх ёстой. Би газар дээр хэдэн мянган жилийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр ч гэсэн Өөрийн ажлыг энэ маягаар хэрэгжүүлж байна. Миний ажил асар олон төслийг хамардаг хэдий ч зорилго нь нэг хэвээрээ байдаг; жишээлбэл, Би хүнд шүүлт, гэсгээлтээр дүүрэн ханддаг хэдий ч Миний хийдэг зүйл түүнийг аврахын төлөө л байдаг, хүнийг бүрэн төгс болсны дараа Өөрийн сайн мэдээг илүү сайн түгээж, Өөрийн ажлыг бүх Харь үндэстний дунд өргөжүүлэхийн төлөө байдаг. Иймээс өнөөдөр, олон хүн аль эртнээс сэтгэлийн гүн хямралд орчхоод байгаа энэ үед ч Би ажилласаар байдаг, хүнийг шүүж, гэсгээхийн тулд хийх ёстой ажлаа Би үргэлжлүүлдэг. Хүн Миний хэлдэг зүйлээс залхчихсан бөгөөд Миний ажлыг анхаарах ямар ч хүсэлгүй байдаг нь үнэн ч гэсэн, Би Өөрийн үүргээ хэрэгжүүлсээр байгаа, учир нь Миний ажлын зорилго өөрчлөгдөлгүй үлддэг бөгөөд Миний анхны төлөвлөгөө ч нурахгүй. Миний шүүлт бол хүнийг Надад илүү дуулгавартай болгохын төлөө, Миний гэсгээлт бол илүү үр дүнтэй өөрчлөгдөх боломжийг хүнд олгохын төлөө юм. Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг хэдий ч хүнд ашиг тусгүй зүйл хийж байсан удаа Надад ер үгүй билээ. Үүний учир нь Би Израилын гаднах бүх үндэстнийг яг л израильчууд шиг дуулгавартай болгож, тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилын гаднах газар нутагт түшиц газартай болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний хэрэгжүүлж буй ажил юм. Одоо ч гэсэн Миний удирдлагыг олон хүн ойлгохгүй л байдаг, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, гагцхүү өөрсдийнхөө ирээдүй болон хүрэх газарт л санаа тавьдаг. Намайг юу ч хэлсэн байсан тэд Миний хийдэг ажлыг тоосон шинжгүй хэвээрээ л байж, харин ирээдүйд хүрэх газартаа л гагцхүү анхаарлаа төвлөрүүлдэг. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжлээд байвал Миний ажил яаж өргөжиж чадах юм бэ? Миний сайн мэдээ яаж дэлхий даяар түгж чадах юм бэ? Миний ажил түгэх үед Би та нарыг бутаргана, мөн Ехова Израилын овог бүрийг бут ниргэсэнтэй адилаар Би та нарыг бут ниргэнэ гэдгийг мэдэж ав. Өөрийн сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Өөрийн ажлыг Харь үндэстэнд хүргэж, томчуул, хүүхдүүд ялгаагүй Миний нэрийг алдаршуулдаг, Миний ариун нэрийг бүх овог, үндэстний хүмүүс ам амандаа магтан өргөмжилдөг болгохын тулд энэ бүхнийг хийнэ. Ингэснээр энэхүү төгсгөлийн эринд Миний нэр Харь үндэстнүүдийн дунд алдаршиж, Миний үйл хэргийг Харь үндэстнүүд харж, үйл хэргийн минь улмаас тэд Намайг Төгс Хүчит гэж дуудах бөгөөд Миний үг удалгүй биелэх болно. Би бол израилчуудын цор ганц Бурхан төдийгүй, бүх Харь үндэстний, тэр ч байтугай хараасан үндэстнүүдийнхээ ч Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдүүлнэ. Би бол бүх бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн агуу ажил, эцсийн өдрүүдийн ажлын төлөвлөгөөний минь зорилго ба эцсийн өдрүүдэд биелүүлэх цорын ганц ажил юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Сайн мэдээ түгээх ажил нь бас хүнийг аврах ажил мөн

Өмнөх: 1. Хүн төрөлхтнийг удирдах ажил гэж юу вэ?

Дараах: 3. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдол

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх