Петрийн амьдралын тухайд

Петр хүн төрөлхтөнд зориулсан Бурханы үлгэр дуурайл, бүгдийн мэддэг нэр цуутан байсан билээ. Яагаад тийм онцлох юмгүй хүнийг Бурхан үлгэр жишээ болгон өргөж, удаах үеийнхэн нь шагшин магтсан юм бэ? Петр Бурханыг гэх хайраа илэрхийлж, Бурханыг хайрлахаар сэтгэл шулуудсантай энэ нь салшгүй холбоотой гэдгийг хэлэх илүүц биз. Харин Бурханыг хайрлах Петрийн зүрх сэтгэл яаж илэрсэн, түүний амьдралын туршлага үнэндээ ямар байсан тухайд бол, бид тэр үеийн ёс заншлыг дахин харж, тухайн үеийн Петрийг ажиглахын тулд Нигүүлслийн эрин үед эргэн очих ёстой юм.

Петр иудейн эгэл жирийн тариачин айлд төржээ. Эцэг эх нь гэр бүлийнхнээ бүгдийг нь тариалангаар тэжээдэг байсан бөгөөд Петр дөрвөн дүүтэй, айлын ууган хүүхэд байлаа. Энэ мэдээж манай түүхийн гол хэсэг биш; Петр бидний гол дүр билээ. Петрийг таван настай байхад эцэг эх нь бичиг үсэг зааж эхэлжээ. Тухайн үед иудей хүмүүс нэлээд өргөн мэдлэгтэй, мөн хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдаа гэх мэт салбарууд нь гойд хөгжсөн байв. Нийгмийн орчноосоо үүдэн Петрийн эцэг эх хоёр хоёулаа дээд боловсрол эзэмшсэн байсан юм. Хөдөөгийн хүмүүс хэдий ч тэд өндөр боловсролтой, өнөөгийн их сургуулийн дундаж оюутантай харьцуулж болохоор байлаа. Мэдээж Петр нийгмийн тийм таатай нөхцөлд төрсөн нь ерөөлтэй хэрэг байв. Ухаалаг, юм сурахдаа хурдан тэрээр шинэ санааг дор нь өөрийн болгодог байлаа. Сурч боловсорч эхэлснийхээ дараа Петр хичээлийн үеэр аливааг маш хурдан ойлгодог байжээ. Эцэг эх нь ийм сэргэлэн хүүтэй гэдгээрээ бахархаж, нийгэмд онцгойрч, нэг төрлийн албан тушаалд орж чадна гэж найдсандаа Петрт сургуульд явах боломж олгохын тулд чадах чинээгээрээ хичээжээ. Петр өөрийн мэдэлгүй Бурханыг сонирхдог болсон байснаас үүдэн арван дөрвөн настайдаа ахлах сургуульд өөрийн сурч байсан эртний Грекийн соёлын тухай сургалтын хөтөлбөрөөс, нэн ялангуяа эртний Грекийн түүхэн дэх зохиомол хүмүүс, хийсвэр үйл явдлуудаас залхсан юм. Идэр залуу насандаа дөнгөж хөл тавьсан Петр тэр үеэс хойш хүний амьдрал болон уудам ертөнцийн талаар илүү ихийг олж мэдэхээр оролдож эхэлсэн байна. Хүмүүс бүгд өөрсдийгөө хуурсан байдлаар амьдарч, эд хөрөнгө, нэр алдрын төлөөх тэмцлээр өөрсдийн амьдралыг сүйрүүлэн, бүгдээрээ утга учиргүй амьдрал дунд аж төрж байгааг Петр тодорхой харсан тул эцэг эхийнхээ үүрсэн зовлонг хариул гэж мөс чанар нь түүнийг албадсангүй. Петрийн ойлголт гол төлөв аж төрж байсан нийгмийн орчноос нь улбаатай байсан юм. Хүмүүс эрдэм мэдлэгтэй болох тусам хүн хоорондын харилцаа, дотоод ертөнц нь улам ээдрээтэй болж, улмаар тэд улам бүр хий хоосон дунд оршдог. Эдгээр нөхцөлд Петр ихэвчлэн шашны хүмүүс дээр өргөн хүрээтэй айлчлал хийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг байлаа. Хүний ертөнц дэх тайлбарлагдашгүй бүхнийг шашин л тайлбарлаж чадаж магадгүй гэх бүдэг бадаг мэдрэмж зүрх сэтгэлд нь төрсөн тул үе үе ойролцоох синагог руу явж, үйлчлэлд оролцдог байв. Эцэг эх нь энэ талаар мэдээгүй бөгөөд үргэлж сайн ааш араншинтай, сурлага өндөртэй байсан Петр төд удалгүй сургуульд явахыг үзэн ядаж эхэлжээ. Эцэг эхийнхээ хяналт дор тэрээр ахлах сургуулиа арай ядан дүүргэсэн юм. Тэгээд эрдэм мэдлэгийн далайгаас сэлж гараад гүнзгий амьсгаа авсан аж. Тэр цагаас хойш Петрийг дахин хэн ч сурган хүмүүжүүлж, хязгаарлаагүй билээ.

Петр сургуулиа дүүргэсний дараа элдэв янзын ном уншиж эхэлсэн боловч арван долоон настайдаа уудам ертөнцийн талаар нэг их туршлагагүй хэвээр байлаа. Сургууль төгсөөд газар тариалан эрхлэн амин зуулгаа залгуулахын хажуугаар ном уншиж, шашны үйлчлэлд оролцоход чадах чинээгээрээ их цаг гаргадаг байв. Түүнд их найдлага тавьж явсан эцэг эх нь “тэрслүү хүүгээсээ” болоод Тэнгэрийг үргэлж хараадаг байсан ч зөв шударга байдлаар өлсөж, цангаж байсан Петрт энэ нь ч бас саад хийж чадсангүй. Петр туршлагадаа цөөнгүй тооны бүтэлгүйтэл амссан ч ирмүүн зүрх сэтгэлтэй байсан тэрээр борооны дараах өвс шиг л өсжээ. Төд удалгүй түүнд шашны ертөнцийн зарим дээгүүр зиндааныхантай уулзах “аз завшаан” тохиосон бөгөөд Петрийн хүсэл тэмүүлэл маш хүчтэй байсан учраас тэдэнтэй улам ойр ойрхон холбогдож эхлэн, эцэстээ бараг бүхий л цаг хугацаагаа тэдэнтэй хамт өнгөрөөх болсон аж. Энэ хүмүүсийн дийлэнх нь амаараа итгэдэг болохоос итгэлдээ зүрх сэтгэлээ өгөөгүй гэдгийг сэтгэл хангалуун аз жаргалд умбаж явсан Петр гэнэтхэн ухаарсан юм. Шулуун шударга, гэнэн сэтгэлтэй явсан Петр ийм цохилтыг яахан тэсвэрлэж чадах билээ? Өөрийнх нь холбоо барьж байсан бараг бүх хүн бол хүний арьс нөмөрсөн араатан, хүн дүртэй адгуус гэдгийг тэр ухаарсан юм. Тухайн үед Петр маш гэнэн байсан тул хэд хэдэн удаа тэднээс зүрх сэтгэлээсээ гуйжээ. Гэхдээ шашны атгаг санаат, зальхай энэ хүмүүс дүрэлзсэн сэтгэлт энэ залуугийн гуйлтыг яалаа гэж сонсох билээ? Тэр үед л Петр хүний амьдралын жинхэнэ хий хоосон байдлыг мэдэрсэн юм: Амьдралын тайзан дээрх эхний алхамдаа Петр бүтэлгүйтсэн байлаа… Нэг жилийн дараа тэрээр синагогоос нүүн одоод, бие даан амьдарч эхэлжээ.

Энэ бүтэлгүйтэл 18 настай Петрийг хавьгүй илүү төлөвшүүлж, хашир болгосон юм. Идэр залуу насны гэнэн байдлын ямар ч ул мөр түүнд үлдсэнгүй. Залуу насны цайлган, болхи байдлыг Петрийн амссан бүтэлгүйтэл энэрэлгүйгээр бөхөөж, тэрээр загасчны амьдрал эхлүүлэв. Дараа нь завин дээрээ Петрийн номлохыг хүмүүс сонсож байгаа харагддаг болжээ. Петр загасчилж амин зуулгаа залгуулахдаа явсан газар бүрдээ мэдээ түгээдэг байсан бөгөөд ярьдаг зүйл нь эгэл ардын сэтгэлийн чавхдасыг хөндөж, үнэнч байдал нь тэд бүгдийн сэтгэлийг гүнээ хөдөлгөдөг байсан тул түүний номлолыг сонссон бүх хүн номлолд нь сэтгэл татагддаг байлаа. Зүрх сэтгэлээсээ хайрладаг Бурханаа бүх хэрэг явдал дээр сэтгэл хангалуун байлгаж, бусдад зүрх сэтгэлээсээ ханд, тэнгэр газар, бүх зүйлийн Захирагчийг дууд, мөс чанараа үл хайхран ичгүүртэй зүйл бүү хий гэж хүмүүст ихэвчлэн сургадаг байжээ… Петрийн номлолыг сонссоны дараа хүмүүсийн сэтгэл үргэлж гүнээ хөдөлдөг байв; тэд бүгд Петрээс урам авч, үе үе сэтгэл хөдлөн нулимс унагадаг байлаа. Тухайн үед, ядуу зүдүү, эгэл жирийн дагалдагчид нь бүгд Петрийг асар их биширдэг байсан бөгөөд тэр үеийн нийгмийн байдлаас үүдэн тун цөөн тоотой байсан аж. Түүнчлэн Петрийг тухайн үеийн нийгэм дэх шашны хүмүүс хяхан хавчдаг байлаа. Энэ бүхнээс үүдэн Петр хоёр жилийн турш нэг газраас нөгөөд нүүдэллэж, ганцаардмал амьдралаар амьдарч байсан юм. Энэ хоёр жилийн ер бусын туршлагынхаа үеэр Петр урьд нь мэддэггүй байсан зүйлсийнхээ талаар ихээхэн мэдлэгтэй болж, асар ихийг сурч авснаар 14 настай үеийнхээсээ танигдахааргүй болж, тэр үеийнхээсээ тэс өөр санагдах болжээ. Тэр хоёр жилд Петр янз бүрийн хүмүүстэй уулзаж, нийгмийн талаар элдэв янзын үнэнийг олж харсны үр дүнд шашны ертөнцийн бүх төрлийн зан үйлээс аажмаар ангижирч эхэлсэн юм. Түүнчлэн тухайн үеийн Ариун Сүнсний ажлын хөгжил Петрт гүнээ нөлөөлсөн билээ; тэгэхэд Петр Есүстэй хараахан уулзаагүй байсан ч Есүс ажиллаад олон жил болж байсан тул тухайн үеийн Ариун Сүнсний ажил Петрийн ажилд мөн нөлөөлжээ. Энэ шалтгааны улмаас, Петр номлож байхдаа өмнөх үеийнх нь ариун хүмүүст хэзээ ч байгаагүй олон зүйлийг олж авсан юм. Мэдээж хэрэг тухайн үед Петр Есүсийн талаар багахан мэддэг байсан боловч Түүнтэй нүүр тулан уулзах боломж хараахан гараагүй байлаа. Петр Ариун Сүнснээс төрсөн тэрхүү тэнгэрлэг хүнтэй уулзана гэж л найдаж, хүсэн хүлээдэг байсан билээ.

Нэгэн орой бүрэнхий болж байхад Петр завин дээрээ (тухайн үед Галил нуур гэгддэг байсан нуурын эргийн ойролцоо) загасчилж байлаа. Гартаа загасны уурга барьсан ч ухаан санаандаа өөр юм бодож байв. Жаргаж буй нар усан мандлыг уудам цусан далай мэтээр гэрэлтүүлжээ. Гэрэл Петрийн залуу атлаа тайван, дөлгөөн царайд тусахуйд тэрээр гүн бодолд автсан харагдаж байлаа. Тэр мөчид сэвшээ салхи үлээж, Петр амьдралынхаа ганцаардмал байдлыг гэнэт мэдэрсэн бөгөөд энэ нь түүнд тэр даруй зэврүүн хүйтэн мэдрэмж төрүүлэв. Нуурын давлагаа гэрэлд гялтганахад Петр загасчлах ямар ч санаа бодолгүй байгаа нь тодорхой байлаа. Бодолд автан байх зуураа тэрээр, “Иудейн Ионагийн хүү Симон оо, амьдралын чинь өдөр хоногууд ганцаардмал юм. Чи намайг дагах уу?” гэж араас нь нэг хүн хэлэхийг гэнэт сонслоо. Цочсондоо Петр барьж байсан загасны уургаа шууд унагасан нь тэр даруй нуурын ёроол руу живжээ. Петр яаран эргэж хартал завин дээр нь нэг хүн зогсож байгаа харагдав. Тэр хүнийг хөлөөс нь толгой хүртэл харахад мөрөө хүртэл унжсан үс нь нарны гэрэлд үл ялиг алтран шаргалтах агаад саарал хувцас өмссөн, дунд хэрийн өндөртэй, хөлөөс толгой хүртлээ иудей хүний өмсгөлөөр хувцасласан байх ажээ. Бүдгэрэх гэрэлд тэр хүний саарал хувцас үл ялиг харлан харагдаж, царай нь ялимгүй туяарах мэт байлаа. Петр Есүстэй уулзах гэж олон удаа хичээсэн боловч хэзээ ч амжилт олоогүй байсан юм. Тухайн мөчид Петр тэр хүнийг зүрх сэтгэлийнх нь ариун нэгэн байж таарна гэдэгт сэтгэлийнхээ гүнээс итгэсэн тул загасчны завин дээр нүүрээрээ газар унан мөргөж, “Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ номлохоор ирсэн Эзэн Та юм гэж үү? Би Таны туршлагыг сонссон ч Таныг хэзээ ч харж байсангүй. Дагая гэж хүссэн боловч Таныг олж чадсангүй” гэв. Тэр үед Есүс завины бүхээгт очоод тайван сууж байлаа. “Босоод Миний хажууд суу!” гэж Тэр хэлэв. Тэгээд “Намайг үнэхээр хайрладаг хүмүүсийг эрж хайхаар Би энд ирлээ. Би ялангуяа тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээхээр ирсэн юм. Надтай нэг санаатай хүмүүсийг эрж хайхын тулд газар нутаг даяар аялна. Чи бэлэн үү?” гэлээ. “Тэнгэрлэг Эцэгийн илгээсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсний сонгосон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Тэнгэрлэг Эцэгийг би хайрладаг болохоор Таныг дагахад бэлэн биш байж яахан болох билээ?” гэж Петр хариулжээ. Хэдийгээр Петрийн үг шашны үзлээр дүүрэн байсан ч Есүс сэтгэл ханамжтайгаар инээмсэглэн, толгой дохив. Тэр мөчид Петрийг хайрлах эцгийн сэтгэл Түүний дотор төржээ.

Петр Есүсийг олон жилийн турш дагаад, бусад хүнд байдаггүй нэлээд их зүйлийг Түүнээс олж харсан юм. Өөрийг нь нэг жил дагасны дараа Есүс Петрийг арван хоёр шавийнхаа дундаас сонгожээ. (Мэдээж Есүс үүнийгээ ил хэлээгүй бөгөөд бусад нь энэ тухай огт мэдээгүй юм.) Амьдрал дээр Петр Есүсийн хийдэг бүх зүйлээр өөрийгөө хэмждэг байв. Хамгийн гол нь, Есүсийн номлосон мэдээ Петрийн зүрх сэтгэлд сийлэгдсэн байсан юм. Петр Есүст туйлын үнэнч, тууштай байсан бөгөөд Түүний эсрэг ямар ч гомдол огт хэлээгүй юм. Иймээс Есүсийн явсан газар бүрд Петр итгэмжит нөхөр нь болсон билээ. Петр Есүсийн сургаал, зөөлөн үгийг ажиглаж, юугаар хооллож, юу өмсөж, хаана байрлаж, яаж аялдгийг нь ажигладаг байв. Тэгээд бүх талаар Есүсийг даган дуурайдаг байлаа. Петр хэзээ ч өөрийгөө зөвтгөлгүй, хоцрогдсон бүхнийг хаяж, үг яриа, үйл хэргийнхээ аль алинд Есүсийн үлгэр жишээг дагадаг байсан юм. Тэнгэр газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, ийм учраас өөрт нь хувийн сонголт гэж үгүй гэдгийг Петр тэр үед мэдэрчээ. Түүнчлэн Есүс юу болох бүхнийг Петр уусган авч, үлгэр жишээ болгон ашигладаг байлаа. Есүс хийдэг зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй байсан; Өөрийнхөө талаар онгирохын оронд хүмүүсийн сэтгэлийг хайраар хөдөлгөдөг байсныг Есүсийн амьдрал харуулдаг. Есүс юу болохыг янз бүрийн зүйл харуулсан бөгөөд үүнээс үүдэн Петр Түүний бүх зүйлийг даган дуурайсан юм. Есүсийн хайр татам байдлыг Петр өөрийн туршлагаар улам бүр мэдрээд, “Би орчлон ертөнц даяар Төгс Хүчитийг хайсан, бас тэнгэр газар, бүх зүйлийн гайхамшгийг харсан тул Төгс Хүчитийн хайр татам байдлыг гүнээ мэдэрлээ. Гэхдээ миний зүрх сэтгэлд хэзээ ч жинхэнэ хайр байгаагүй, бас би Төгс Хүчитийн хайр татам байдлыг хоёр нүдээрээ хэзээ ч хараагүй байсан. Өнөөдөр, Төгс Хүчитийн нүд намайг ивээн харж, эцэст нь би Бурханы хайр татам байдлыг мэдэрлээ. Хүн төрөлхтөн Бурханыг зүгээр л бүх зүйлийг бүтээсэн болохоор нь хайрладаг юм биш гэдгийг эцэст нь би олж мэдлээ; өдөр тутмын амьдралдаа би Түүний энгүй хайр татам байдлыг оллоо. Үүнийг яг одоо харж болох зүйлээр хязгаарлаж яахан болох билээ?” гэх мэт зүйл хэлсэн юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Петрт ч бас хайр татам зүйл нэлээд их гарч ирсэн юм. Тэрээр Есүст маш дуулгавартай болж, мэдээж бас нэлээд хэдэн бүтэлгүйтэл амсжээ. Есүс янз бүрийн газарт номлол хийхээр Петрийг авч явахад Петр үргэлж даруу байж, Есүсийн номлолыг сонсдог байлаа. Есүсийг олон жил дагасан гээд Петр хэзээ ч биеэ тоогоогүй юм. Есүс ажлаа дуусгахын тулд цовдлогдох гэж ирсэн хэмээн хэлэхийг сонсоод Петр үе үе зүрх сэтгэлдээ энэлэн шаналж, нууцаар цурхиран уйлдаг байв. Гэсэн хэдий ч тэр “золгүй” өдөр эцэст нь ирсэн билээ. Есүсийг баривчлагдсаны дараа Петр загасчны завиндаа ганцаараа цурхиран уйлж, үүний төлөө олон залбирал хэлжээ. Гэвч энэ нь Эцэг Бурханы хүсэл бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг зүрх сэтгэлдээ мэдэж байлаа. Петр гагцхүү хайраасаа л үүдэн энэлэн шаналж, нүдэндээ нулимс цийлгэнүүлсээр байсан юм. Энэ мэдээж хүний сул тал байв. Иймээс Есүс загалмайд цовдлогдоно гэдгийг олж мэдээд Петр: “Та явсныхаа дараа бидний дунд байж, биднийг харж хандахаар эргэн ирэх үү? Бид Тантай уулзаж чаддаг хэвээр байх уу?” гэж Есүсээс асуусан билээ. Хэдийгээр эдгээр үг маш гэнэн, хүний үзлээр дүүрэн байсан ч Петрийн зовлонгийн гашууныг Есүс мэдэж байсан тул хайраараа Петрийн сул талыг бодолцон үзээд: “Петр, Би чамайг хайрласан. Тэрийг чи мэдэх үү? Хэдийгээр хэлж байгаа зүйл чинь цаанаа ямар ч шалтгаангүй ч Би эргэн амилсныхаа дараа хүмүүст 40 хоногийн турш харагдана гэдгийг Эцэг амласан. Миний Сүнс та бүхний дээр байнга нигүүлсэл хайрлана гэдэгт чи итгэхгүй байна уу?” хэмээжээ. Петр үүгээр бага зэрэг тайтгарсан ч нэг юм дутагдаж байгаа мэт санагдсаар байсан тул Есүс дахин амилсныхаа дараа эхний удаад түүнд ил тод үзэгдсэн юм. Гэхдээ Петрийг үзэлтэйгээ зууралдсаар байхаас сэргийлэхийн тулд Есүс Өөрт нь зориулж бэлдсэн элбэг дэлбэг хоолноос татгалзаад нүд ирмэхийн зуурт алга болжээ. Тэр мөчөөс хойш Петр эцэст нь Эзэн Есүсийг илүү гүн гүнзгий ойлгох болж, бүр ч их хайрласан юм. Есүс дахин амилсныхаа дараа Петрт үе үе харагддаг байлаа. Дөчин өдөр нь дуусаж, тэнгэр өөд гарсныхаа дараа Тэрээр Петрт дахиад гурван удаа үзэгджээ. Илрэлт бүр нь яг Ариун Сүнсний ажил гүйцэлдэж, шинэ ажил эхлэх гэж байхад тохиосон билээ.

Петр насан туршдаа загасчилж амин зуулгаа залгуулсан ч хамгийн гол нь тэрээр номлох гэж амьдарсан юм. Тэгээд хожмын жилүүддээ Петрийн нэг, хоёрдугаар захидлаас гадна тухайн үеийн Филаделфийн чуулганд хэд хэдэн захиа бичжээ. Петр тэр үеийн хүмүүсийн сэтгэлийг гүнээ хөдөлгөсөн юм. Өөрийн амжилт ололтыг ашиглан хүмүүст сургаал айлдахын оронд тэднийг амийн зохих хангалтаар хангадаг байлаа. Явахынхаа өмнө Есүсийн сургасан сургаалыг хэзээ ч мартаагүй тэрээр насан туршдаа тэдгээрээс урам зориг авчээ. Есүсийг дагаж байхдаа Петр Эзэний хайрыг үхлээрээ хариулж, бүх зүйл дээр Түүний үлгэр жишээг дагахаар сэтгэл шулуудсан юм. Есүс үүнийг нь зөвшөөрсөн тул Петрийг 53 настай байхад (Есүсийг явснаас хойш 20 гаруй жилийн дараа) хүсэл эрмэлзлийг нь биелүүлэхэд туслахаар Есүс түүнд үзэгджээ. Удаах долоон жилийн амьдралаа Петр өөрийгөө мэдэж авахад зориулсан юм. Энэ долоон жилийн төгсгөлд нэгэн өдөр тэрээр уруу харан цовдлогдож, улмаар ер бусын амьдралаа эцэслэсэн билээ.

Өмнөх: 6-р бүлэг

Дараах: 8-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх