Эв эетэй хамтын ажиллагааны тухай

Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх нь шүтлэггүй хүмүүсийн дунд аливааг хийхээс тэс өөр юм. Ялгаа нь юу вэ? Ах эгч нар Бурханы үгийг хамтдаа уншиж, сүнсээрээ холбогддог. Тэд бие биетэйгээ эв найртай амьдарч, сэтгэлдээ байгаа зүйлийг хэлж, үнэнийг энгийн, илэн далангүй нөхөрлөж, Бурханы үгийг таашааж, бие биедээ тусалж чаддаг. Хэнд нь ч бэрхшээл тулгарсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хамтдаа эрж хайж, сүнсээрээ эв нэгдэлтэй байж, үнэний өмнө болон Бурханы өмнө захирагдаж чаддаг. Шүтлэггүй хүмүүс бол өөр. Тэд бүгд өөрийн гэсэн нууцтай, нээлттэй харилцдаггүй, бие биеэсээ болгоомжилдог, тэр ч бүү хэл бие биеийнхээ эсрэг башир арга хэрэглэж, өрсөлддөг. Эцэст нь түнжин хагарч, өөр өөрийнхөө замыг хөөдөг. Чуулганд байх болон шүтлэггүй хүмүүсийн ертөнцөд байхын хамгийн том ялгаа нь Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс үнэнийг хүлээн авч чаддагт оршино. Хэнд ч асуудал, бэрхшээл тулгарсан бай хүн бүр илэн далангүй нөхөрлөж, бие биедээ тусалж чаддаг бөгөөд хэн нэгэн нь завхрал харуулбал тэд шүүмжилж, засаж чаддаг, ингэснээр тухайн хүн гэмшиж чаддаг. Бие биеэ хайрлах гэдэг нь энэ юм. Бүх хүн бие биетэйгээ адил тэгш харилцаатай байдаг бөгөөд хүмүүсийн эв найртай байх зарчим нь Бурханы үгэнд суурилдаг. Хэрвээ хэн нэгэн завхрал илчилж, буруу ярьж, алдаа гаргавал тэд илэн далангүй нөхөрлөж чадна. Хүн бүр үнэнийг эрж хайж, бие биедээ тусалж, үнэнийг ойлгодог болох үед бүрэн чөлөөлөгдөж, эрх чөлөөг олж авдаг. Ийм маягаар хүмүүс нэг нэгнээсээ хөндийрч, бие биетэйгээ өрсөлдөж, бие биеэсээ сэрэмжлэхээ больдог. Мөн бие биеэ урамшуулж, хайрлаж, нэг болж чаддаг. Эдгээр нь Бурханы үгийн үр нөлөө юм. Чуулганы амьдралаар дамжуулан Бурханд үнэхээр итгэдэг бүх хүн үнэнийг ойлгож авч, завхралаасаа салж, ах эгч нартайгаа эв найртай хамтран ажиллаж, үүргээ сайн гүйцэтгэж, бие биетэйгээ эв найртай амьдарч, Бурханы өмнө амьдардаг.

Хэрвээ чи үүргээ сайн биелүүлж, Бурханы хүслийг хангахыг хүсвэл эхлээд бусадтай эв найртай ажиллаж сурах ёстой. Ах, эгч нартайгаа хамтран ажиллах үедээ чи үүнийг бодолцон үзэх ёстой: “Эв эе гэж юу вэ? Миний яриа тэдэнтэй эв эетэй байна уу? Миний бодол тэдэнтэй эв эетэй байна уу? Аливааг хийдэг арга зам минь тэдэнтэй эв эетэй байна уу?” Хэрхэн эв эетэй хамтран ажиллахаа бодоод үз. Заримдаа эв эе гэдэг нь тэвчээр, хүлээцтэй байдал боловч энэ нь бас үзэл бодолдоо бат зогсож, зарчмыг баримтална гэсэн үг юм. Эв эе нь асуудлыг намжаахын тулд зарчмын талаар буулт хийх, “бялдууч” байхаар оролдох, эсвэл дундыг баримталсан замаар явах гэсэн үг биш—хэн нэгэнд тал засах гэсэн үг мэдээж биш. Эдгээр нь зарчим юм. Чи эдгээр зарчмыг ойлгомогцоо өөрийн мэдэлгүй Бурханы хүслийн дагуу ярьж, үйлдэж, үнэний бодит байдлыг амьдран харуулах бөгөөд ийм маягаар эв нэгдэлд хүрэхэд амархан. Бурханы гэрт хэрвээ хүмүүс ертөнцийн гүн ухаанаар амьдарч, бусадтай харилцахдаа өөрсдийн үзэл, дур сонирхол, хүсэл, аминч сэдэл, авьяас билиг, ухаалаг байдалд найдаж байвал энэ нь Бурханы өмнө амьдрах зам биш бөгөөд эв нэгдэлд хүрч чадахгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүс сатанлаг завхарсан зан чанараар амьдрах үедээ эв нэгдэлд хүрч чаддаггүй. Тэгвэл үүний эцсийн үр дагавар юу вэ? Бурхан тэдэн дээр ажилладаггүй. Бурханы ажилгүйгээр хэрвээ хүмүүс өөрсдийн дульхан чадвар, ухаалаг байдал, өчүүхэн мэргэшил, олж авсан жаахан мэдлэг, ур чадвартаа найдвал Бурханы гэрт ашиглагдахад маш хэцүү бөгөөд Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэхэд тун хэцүү санагдана. Бурханы ажилгүйгээр чи Бурханы хүсэл, Бурханы шаардлага, эсвэл хэрэгжүүлэлтийн зарчмыг хэзээ ч ойлгож чадахгүй. Үүргээ гүйцэтгэх зам юм уу зарчмыг мэдэхгүй, Бурханы хүслийн дагуу хэрхэн үйлдэхээ, ямар үйлдэл үнэн-зарчмыг зөрчиж, Бурханыг эсэргүүцдэгийг хэзээ ч мэдэхгүй. Эдгээр зүйлийн алийг нь ч тодорхой мэдэхгүй бол чи ердөө л дүрэм журмыг сохроор мөрдөж, дагана. Ийм будилсан байдалтайгаар үүргээ биелүүлэх үедээ чи бүтэлгүйтэх нь дамжиггүй. Чи Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэхгүй, мөн Бурханд гологдох чинь лавтай бөгөөд чи таягдан хаягдана.

Хоёр хүн хамтран үүрэг гүйцэтгэх үед заримдаа зарчмын асуудлаар маргаан үүснэ. Тэд өөр өөр үзэл бодол, өөр өөр саналтай байх болно. Ийм тохиолдолд юу хийж болох вэ? Энэ нь байнга гардаг асуудал мөн үү? Энэ бол хэвийн үзэгдэл. Хүн бүрийн оюун ухаан, хэв чанар, ойлголт, нас, туршлага харилцан адилгүй бөгөөд хоёр хүн яг ижил бодол санаа, үзэл бодолтой байх боломжгүй, иймээс хоёр хүний санал, үзэл бодол өөр байх нь маш түгээмэл үзэгдэл юм. Энэ нь тун түгээмэл тохиолдол тул мэл гайхах шаардлагагүй. Ийм асуудал гарах үед хэрхэн хамтран ажиллаж, Бурханы өмнө эв нэгдэлтэй байхаар чармайж, нэгдмэл үзэл бодол, саналтай байх вэ гэдэг л чухал. Үзэл бодол, саналыг нэгтгэх зам юу вэ? Энэ нь үнэн-зарчмуудын холбогдох талыг эрж хайж, өөрийнхөө эсвэл өөр хэн нэгний санаа зорилгын дагуу үйлдэх биш, харин Бурханы санаа зорилгыг эрж хайх явдал юм. Энэ бол эв найртай хамтын ажиллагаанд хүрэх зам. Чи Бурханы санаа зорилго, Бурханы шаарддаг зарчмуудыг эрж хайснаар л эв нэгдэлд хүрч чадна. Эс бөгөөс, юмс чинийхээр болбол нөгөө хүн сэтгэл хангалуун бус, түүнийхээр болбол чамд тааламжгүй, таагүй байх болно. Чи аливааг тодорхой харж чадахгүй, юмыг зүгээр орхиж чадахгүй, мөн үргэлж “Ингэж хийх нь зөв үү?” гэж бодно. Чи хэнийх нь бодол үнэхээр зөв болохыг харж чадахгүйн зэрэгцээ өөрийнхөө санаа бодлыг орхихыг хүсэхгүй. Ийм нөхцөл байдалд чи үнэнийг эрж хайх ёстой бөгөөд зарчим юу болох, Бурхан ямар стандартыг шаарддаг болохыг эрж хайх ёстой. Бурханы шаарддаг стандартыг эрж хайсны дараа нөгөө хүнтэйгээ нөхөрлө. Хэрэв тэрээр үзэл бодол, мэдлэгийнхээ талаар бага зэрэг нөхөрлөвөл зүрх сэтгэл чинь тодорхой, гэрэлтэй болно. Чи дотроо “Миний бодол жаахан өрөөсгөл, жаахан гүехэн—түүний бодол илүү сайн, Бурханы шаарддаг стандартад илүү ойр юм, тэгэхээр би өөрийнхөө бодлыг хойш тавьж, түүнийхийг хүлээн авч, дуулгавартай дагая. Түүнийхээр хийе” гэж бодно. Тэгээд түүнээс ямар нэг зүйл сурч авснаараа чи ивээл хүртсэн хэрэг биш гэж үү? Тэрээр бага зэрэг зүйл өгч, чи бэлэн юмыг эдэлсэн. Үүнийг Бурханы нигүүлсэл гэх бөгөөд чи ивээл хүртсэн. Ариун Сүнс чамайг гэгээрүүлэх үед л чи ивээл хүртдэг гэж бодож байна уу? Хэн нэгэн санал бодол, гэгээрлээ чамтай нөхөрлөж, эсвэл өөрийнхөө зарчмын дагуу ямар нэг зүйлийг хэрэгжүүлж, үр дүн нь тийм ч муу биш гэдгийг чи олж харвал энэ нь ямар нэгэн зүйл олж авч буй хэрэг биш үү? Энэ бол ивээл хүртэж байгаа явдал юм. Ах эгч нарын хамтын ажиллагаа нь нэгнийхээ сул талыг нөгөөгийнхөө давуу талаар нөхөх үйл явц юм. Бусдын сул талыг нөхөхөд чи давуу талаа ашиглаж, бусад нь чиний дутагдалтай талыг нөхөхөд өөрсдийн давуу талыг ашигладаг. Сул талаа бусдын давуу талаар нөхөж, эв найртай хамтран ажиллах гэж үүнийг хэлдэг. Эв найртай хамтран ажиллаж байхдаа л хүмүүс Бурханы өмнө ерөөгдөж чаддаг бөгөөд ийм туршлага их байх тусам улам их бодит байдалтай болж, явах тусам зам нь илүү тод гэрэлтэж, мөн хэзээ хэзээнээсээ илүү сэтгэл нь амардаг. Хэрвээ чи эв найртай хамтран ажиллахгүй байгаа бол; бусадтай үргэлж зөрчилдөж, бусдын үгийг огт хүлээн авдаггүй, тэд чамайг сонсохыг хүсдэггүй бол; чи бусдын нэр төрийг хадгалахыг хичээдэг ч тэд чиний төлөө ийм зүйл хийдэггүй, энэ нь чамд таагүй санагддаг бол; хэрвээ чи хэлсэн зүйлээс нь болоод тэднийг буланд шахаж, тэд үүнийг санаад, дараагийн удаа асуудал гарахад чамд бас тэгж ханддаг бол—энэ ямар асуудал вэ? Энэ нь уур омгоороо амьдарч, бие биетэйгээ тэмцэлдэж байгаа хэрэг бус уу? Завхарсан зан чанараараа амьдарч байгаа хэрэг биш үү? Ийм маягаар үүргээ гүйцэтгэснээр Бурханы сайшаал юм уу ерөөлийг яавч олж авахгүй, гагцхүү Бурханд гологдоно.

Чи үүргээ гүйцэтгэхдээ эв найртай хамтран ажиллах ёстой. Тэгж байж л сайн үр дүнд хүрч, Бурханы шаардлагыг биелүүлнэ. Эв найртай хамтын ажиллагаа гэж юу вэ? Ямар зан авир эв найртай хамтын ажиллагаанд тооцогдохгүй вэ? Чи үүргээ гүйцэтгэсэн, би үүргээ гүйцэтгэсэн гэе. Бид хоёр хоёулаа үүргээ гүйцэтгэсэн ч хоорондоо үг дуугүй ойлголцож, харилцаж, нөхөрлөөгүй. Бид ямар ч харилцан ойлголцолд хүрээгүй, Бид зүгээр л сэтгэлийнхээ гүнд “Би үүргээ гүйцэтгэж байна, чи ч үүргээ гүйцэтгэж байна. Бие биедээ саад болохгүй байцгаая” гэдгийг мэддэг байсан. Энэ эв найртай хамтын ажиллагаа мөн үү? Гаднаас нь харахад ийм хоёр хүний хооронд ямар ч маргаан, үзэл бодлын зөрүү байхгүй, бие биедээ саад болдоггүй, нэг нэгнээ хязгаарладаггүй юм шиг санагдаж магадгүй. Гэвч сүнсний хувьд тэдний хооронд эв найртай хамтын ажиллагаа байхгүй. Тэд нэг нэгнээ үг дуугүй ойлгож, анхаарч халамжилдаггүй. Ямар ч хамтын ажиллагаагүйгээр тус бүрдээ өөрийнхөө зүйлийг л хийж, хувийн хүчин чармайлт гаргадаг. Энэ нь аливааг хийх сайн арга зам мөн үү? Хэн ч өөр хэн нэгнийг хянаж, хязгаарлаж, тушааж, сохроор дуулгавартай дагадаггүй юм шиг харагдаж, энэ нь бүр ухаалаг мэт санагдаж болох ч тэдний дотор нэг төрлийн завхарсан зан чанар байдаг. Тэд тус бүрдээ баатар болохын төлөө, бусдаас давуу байж, илүү сайн гүйцэтгэхийн төлөө өрсөлддөг тул хэнийг ч хайрладаггүй, халамжилдаггүй, тусалдаггүй. Энд ямар нэгэн эв найртай хамтын ажиллагаа байна уу? (Үгүй.) Хамтран ажиллахгүй бол чи ганцаараа тулалдаж байгаа бөгөөд олон зүйлийг төгс, бүрэн гүйцэд хийхгүй. Энэ бол хүмүүсээс Бурханы харахыг хүсдэг байдал биш. Үүнийг Бурхан таашаадаггүй.

Зарим хүн аливаа зүйлийг хэнтэй ч ярилцахгүйгээр, хэнд ч хэлэлгүйгээр ганцаараа хийх дуртай байдаг. Бусад хүн тэднийг хэрхэн харахаас үл хамааран тэд зүгээр л хүссэнээрээ хийдэг. Тэд “Би бол удирдагч, та нар Бурханы сонгосон хүмүүс учраас миний хийдэг зүйлийг дагах хэрэгтэй. Яг миний хэлснээр хий—ийм л байх учиртай” гэж боддог. Тэд юм хийхдээ бусдад мэдэгддэггүй бөгөөд тэдний үйлдэл ил тод байдаггүй. Тэд дандаа далдуур шаргуу ажиллаж, нууцаар юм хийдэг. Ганц намын монополь эрх мэдлээ хадгалдаг агуу улаан лууны адилаар тэд өчүүхэн, үнэ цэнгүй гэж үздэг хүмүүсээ үргэлж хууран мэхэлж, хянахыг хүсдэг. Тэд бусадтай ярилцаж, хэлэлцэхгүйгээр аливаа асуудалд эцсийн шийдвэрийг гаргахыг үргэлж хүсдэг бөгөөд бусдын саналыг хэзээ ч асуудаггүй. Энэ хандлагыг чи юу гэж бодож байна? Үүнд хэвийн хүн чанар байна уу? (Байхгүй.) Энэ нь агуу улаан лууны уг чанар бус уу? Агуу улаан луу бол дарангуйлагч бөгөөд дур зоргоороо авирлах дуртай. Ийм завхарсан зан чанартай хүмүүс агуу улаан лууны үр удам бус уу? Хүмүүс өөрсдийгөө ингэж л мэдэх ёстой. Та нар ингэж чадах уу? (Тийм.) Та нар ингэж авирлахдаа үүнийгээ мэддэг үү? Хэрвээ мэддэг бол чамд найдвар байна, харин мэдэхгүй бол асуудалд орох нь гарцаагүй бөгөөд энэ тохиолдолд чи сүйрэх бус уу? Ингэж авирлаж байгаагаа мэдэхгүй үед яах ёстой вэ? (Ах эгч нар маань бидэнд хэлж өгч, биднийг засах хэрэгтэй.) Хэрвээ чи эхлээд бусдад “Би угаасаа бусдыг удирдах дуртай хүн, урьдчилаад хэлж байгаа болохоор ийм зүйл тохиолдвол битгий санал зөрөлдөөрэй. Чи намайг тэвчих ёстой. Энэ тийм ч сайн биш гэдгийг би мэддэг, үүнийг аажмаар өөрчлөхөөр ажиллаж байгаа болохоор надад хүлээцтэй хандана гэж найдаж байна. Ийм зүйлс тохиолдоход намайг тэвч, надтай хамтарч ажилла, эв найртай хамтран ажиллахын төлөө хамтдаа хичээцгээе” гэж хэлдэг бол ийм маягаар юм хийх нь байж болох уу? (Үгүй. Энэ бол эрүүл ухаангүй хэрэг.) Яагаад үүнийг эрүүл ухаангүй гэж хэлж байна вэ? Ингэж хэлдэг хүн үнэнийг эрэлхийлэх бодолгүй байдаг. Ийм маягаар хийх нь буруу гэдгийг тэр маш сайн мэддэг ч үүнийгээ хийхийн сацуу бусдыг хязгаарлаж, тэднээс хамтран ажиллаж, дэмжихийг шаардсаар байдаг. Түүний санаа зорилгод үнэнийг хэрэгжүүлэх хүсэл байдаггүй. Тэр зориуд үнэний эсрэг явж байна. Мэдсээр байж зөрчих—энэ бол Бурханы хамгийн их жигшдэг зүйл. Ёрын муу хүмүүс, антихристүүд л ийм зүйл хийж чаддаг бөгөөд антихристүүд яг ингэж авирладаг. Тэд зориуд үнэний эсрэг явж, Бурханыг эсэргүүцэх үедээ аюулд ордог. Энэ бол антихристүүдийн замаар явж байгаа хэрэг. Энэ хүмүүс өөрсдөө үнэнийг хэрэгжүүлдэггүй ч бусдыг хязгаарлаж, өөртөө татаж, өөрсдийг нь даган үнэний эсрэг явж, Бурханыг эсэргүүцэхэд бусдыг хүргэхээр оролддог. Тэд санаатайгаар Бурханыг эсэргүүцэж байгаа биш үү? Ялангуяа ингэж авирлах үедээ тэд бүлэгт урьдчилан мэдэгдэж, өөрсдөд нь боломж олгохыг хүмүүсээс хүсэж, дараа нь бүх хүнээр өөрсдийгөө дэмжүүлдэг. Ингэхдээ тэд бүр ч их зальжин байдаг. Ингэж хэлж байгаа нь гагцхүү хүчээ харуулах үзүүлбэр, тулгах бичиг юм. Тэд “Сонс, надаар оролдох хэрэггүй. Миний хувьд жирийн хүмүүс юу ч биш. Миний хүсэж байгаа зүйл бол удирдах. Надтай хэлэлцэх гэж оролдохгүй байсан чинь дээр шүү—хэлэлцээр хийгээд байх шаардлагагүй! Миний асуудал бол: Хэрэв чи надаар ямар нэг зүйл хийлгэвэл би эцсийн шийдвэрийг гаргах хэрэгтэй, хэн ч надтай хамтран ажиллахыг оролдсоны хэрэггүй—чи хүссэн ч тэнцэхгүй!” гэж хэлж байгаа юм. Энэ нь өөрийгөө илчилж байгаа хэрэг үү? Үгүй. Энэ бол Сатаны өмнөөс аливааг хийх арга зам болохоос завхарсан зан чанарыг илчилж байгаа асуудал биш. Тэд шууд ноёрхохыг, хэлсэн үгээ биелүүлэхийг хүсдэг, тэгснээр хүн бүр хэлснийг нь хийж, өөрсдийг нь дагаж, дуулгавартай байна. Энэ нь диавол ил гарч байгаа хэрэг биш үү? Энэ бол завхарсан зан чанарын ганц удаагийн илчлэл биш. Антихристийн үйлдлийг сатанлаг уг чанар нь захирдаг. Тэд эрх мэдлийг атгах санаа зорилгоор Бурханд итгэж, чуулганд ирдэг, мөн Бурханыг эсэргүүцэж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханыг эсэргүүцэх зам руу хөтлөх зорилготой. Тэд бүх шашны урсгалын тэргүүнүүдтэй адилхан юм. Бүгд антихристийн мөн чанартай бөгөөд Сатаны адилаар Бурхантай эн тэнцүү байхыг хүсдэг. Хэрвээ Бурханы сонгосон хүмүүсийн нэг нь антихрист илчлэгдсэнийг харвал үүнд яаж хандах ёстой вэ? Тэдэнд хайраар туслах ёстой юу? Тэднийг илчилж, ялган таньж, бусдад тэдний сатанлаг дүр төрхийг харуулж, дараа нь тэднийг орхих ёстой. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн ойлгож, ухамсарлах ёстой зарчим юм. Антихристийн илрэлийг завхарсан зан чанарын илчлэл, агшин зуурын гэм буруу гэж авч үзээд, антихристийн “өөрийгөө мэдэх” гээч зүйл болон өөрийгөө нээж, илчилсэн мэт үйлдэлд хууртаж, антихристүүдтэй үнэний талаар нөхөрлөсөөр байдаг хүн туйлын тэнэг бөгөөд огт ялган таних чадваргүй нь тодорхой. Надад хэл дээ, ийм антихрист хүн завхарсан зан чанараа гаргахдаа бусдад сэтгэлээ нээж, өөрийгөө илчилж чадах уу? Тэд буруу зүйл хийх үедээ өөрсдийгөө огт эргэцүүлдэггүй, мэддэггүй бөгөөд өөрсдийгөө илчилж байгаа нь хүмүүсийг хуурч буй хэрэг бөгөөд өөрсдийгөө зөвтгөхөөс цаашгүй юм. Хүн чин сэтгэлээсээ илэн далангүй ярьж, өөрийгөө илчлэх нь яг юу гэсэн үг болохыг ялган таних хэрэгтэй. Хэрвээ тэд: “Би муухай ааштай болохоор намайг битгий өдөөд бай!” гэвэл энэ нь өөрийгөө илчилж байгаа хэрэг мөн үү? (Үгүй.) Тэднийг өдөж болохгүй, өдвөл асуудал үүсгэнэ гэдгийг тэд чамд анхааруулж байна. Хэрэв тэд: “Манай гэрт миний хэлснээр болдог. Эцэг эх маань ч миний хэлснийг хийх ёстой байдаг. Би ийм ааштай, та нар намайг уучлах ёстой. Би энийгээ яаж ч чадахгүй. Эцэг эх маань их авьяастай хүн ааш ихтэй байдаг гэж хэлдэг, тийм ч болохоор тэд намайг өршөөдөг” гэж хэлбэл яах вэ? Энэ нь өөрийгөө илчилж байгаа хэрэг мөн үү? (Үгүй.) Их авьяастай хүн ааш ихтэй байдаг учраас тэднийг өршөөх ёстой гэж тэд чамд хэлж байна. Хэрэв тэд: “Би багаасаа ийм ааштай байсан. Миний хэлсэн зүйл биелдэг. Би төгс төгөлдрийг эрэлхийлж, хүсэж байгаа зүйлийнхээ араас хөөцөлддөг. Би одоо Бурханд итгэдэг болохоор илүү дээр болсон, ихэнхдээ тэвчээртэй байж, өөрийгөө хянаж чаддаг ч төгс төгөлдрийг эрэлхийлсээр байна. Хэрэв ямар нэг зүйл төгс биш бол энэ нь огт бүтэхгүй бөгөөд би үүнийг хүлээн авч чадахгүй” гэж хэлдэг бол энэ нь өөрийгөө илчилж байгаа хэрэг мөн үү? (Үгүй.) Тэгвэл энэ юу вэ? Энэ бол бусдаар хүндлүүлэхийн тулд өөрийгөө магтаж, гайхуулж, яг л танхай этгээдүүд, дээрэмчид уулзах үедээ хатуу үгээр сайрхаж, булчингаа чангалаад, “Намайг оролдож болно гэж бодоо юу? Тийм бол нударганы минь амтыг үз л дээ” гэж хэлдэг шиг ямар аймшигтай болохоо бусдад хэлж байгаа явдал юм. Энэ нь Сатаны үнэн төрх биш үү? Энэ бол Сатаны үнэн төрх юм. Өөрийгөө илчлэх арга зам бүгд адилхан байдаггүй. Антихристүүд өөрсдийгөө илчлэх үедээ бусдыг сүрдүүлэх, заналхийлэх, айлгах зорилготой байдаг. Тэд үргэлж бусдыг захирахыг хүсдэг. Энэ бол Сатаны дүр төрх. Сэтгэлээ нээх хэвийн, энгийн арга зам биш. Хэвийн хүн чанарыг амьдран харуулахын тулд хүн яаж өөрийгөө нээж, илчлэх ёстой вэ? Завхарсан зан чанарын илчлэлээ илэн далангүй ярьж, бусдад зүрх сэтгэлийнхээ бодит байдлыг нэвт шувт харуулж, дараа нь Бурханы үгэнд үндэслэн асуудлын мөн чанарыг задлан шинжилж, мэдэж, зүрх сэтгэлийнхээ угаас өөрсдийгөө үзэн ядаж, жигшсэнээр. Тэд өөрсдийгөө илчлэх үедээ өөрсдийгөө зөвтгөх юм уу тайлбарлах гэж оролдох ёсгүй, харин зүгээр л үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга хүн байх ёстой. Зарим хүн муу зан чанартай нь тодорхой ч үргэлж өөрсдийгөө муухай ааштай гэж ярьдаг. Энэ зүгээр л нэг төрлийн зөвтгөл биш гэж үү? Муу зан чанар бол муу зан чанар. Хэн нэгэн хүн эрүүл ухаангүй зүйл буюу хүн бүрд хохирол учруулсан зүйл хийсэн бол асуудал нь тэдний зан чанар, хүн чанарт байдаг хэдий ч тэд үргэлж хяналтаа түр алдлаа, эсвэл жаахан уурлачихлаа гэж хэлдэг. Тэд асуудлыг мөн чанараар нь хэзээ ч ойлгодоггүй. Энэ нь үнэхээр өөрийгөө задлан шинжилж, илчилж байгаа хэрэг мөн үү? Нэгдүгээрт, хүн мөн чанарын түвшинд асуудлыг ойлгож, өөрсдийгөө задлан шинжилж, илчлэхийн тулд үнэнч шударга зүрх сэтгэлтэй, чин сэтгэлийн хандлагатай байх ёстой бөгөөд зан чанарынхаа асуудлын талаар юу ойлгосноо ярих ёстой. Хоёрдугаарт, зан чанар нь ноцтой санагдвал тэд хүн бүрд “Намайг ийм завхарсан зан чанар дахин харуулах юм бол надад сэрэмжлүүлж, намайг засаж болно. Хэрэв би хүлээн авч чадахгүй бол битгий бууж өгөөрэй. Миний завхарсан зан чанарын энэ тал маш ноцтой, намайг илчлэхийн тулд үнэнийг олон удаа нөхөрлөх хэрэгтэй. Би хүн бүрийн засалтыг баяртайгаар хүлээн авна, хүн бүр намайг хянаж, тусалж, намайг төөрөлдөхөөс сэргийлнэ гэж найдаж байна” гэж хэлэх ёстой. Энэ ямар хандлага вэ? Энэ бол үнэнийг хүлээн авах хандлага. Ийм юм хэлэхэд зарим хүнд бага зэрэг эвгүй санагддаг. Тэд дотроо “Хэрвээ хүн бүр босоод намайг илчилбэл би яах вэ? Би хүлээн авч чадах болов уу?” гэж боддог. Бусад хүн чамайг илчлэхээс чи айх уу? (Үгүй.) Үүнтэй тулгарахдаа чи зоригтой байх ёстой. Илчлэгдэхээс айх нь ичгэвтэр зүйл. Хэрвээ чи үнэнийг үнэхээр хайрладаг бол ингэж доромжлогдохоос айх уу? Хүн бүр чамайг засахаас айх уу? Энэ айдас бол сул дорой, сөрөг байдал, завхралын зүйл юм. Хүн бүр завхрал харуулдаг ч харуулж байгаа мөн чанар нь өөр өөр байдаг. Хүн зориуд гэм буруу үйлдэж, саад учруулж, үймээн тарихгүй л бол завхрал харуулах нь хэвийн бөгөөд бүх хүн үүнд зөв хандаж чадна. Хэрвээ хүний зорьсон зорилго нь чуулганд саад учруулж, үймүүлэх, зориуд чуулганы ажилд хохирол учруулах явдал бол тэр хүн илчлэгдэхээс хамгийн их айдаг, учир нь энэ асуудлын мөн чанар хэтэрхий ноцтой бөгөөд илчлэгдэх тэр мөчид тэрээр илчлэгдэж, таягдан хаягдана. Энэ айдас нь тэдний оюун санаанд хүндээр тусдаг. Өнөөдөр Бурхан яаж ч ажилладаг бай, энэ нь бүхэлдээ хүмүүсийг завхралаас нь ариусгаж, аврах зорилготой юм. Хэрвээ чи зөв хүн бөгөөд үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы даалгаврыг биелүүлэхээр чармайдаг бол ихэнх хүн үүнийг тодорхой харна. Тэд үүнийг чинь ялган таньж чадна. Түүнчлэн хүмүүсийг илчилж, засаж байгаа нь тэдэнд төвөг учруулж байгаа хэрэг биш. Харин ч асуудлаа шийдвэрлэхэд нь туслахын тулд үүнийг хийдэг, ингэснээр тэд үүргээ сайн гүйцэтгэж, чуулганы ажлыг хамгаалж чадна. Энэ бол зөв зүйтэй зүйл. Хүн засалтыг хүлээн авснаар завхарсан зан чанараа ариусгаж чаддаг. Энэ нь ч бас зан чанарын өөрчлөлтөд хүрэхийн тулд хүнд байх ёстой хандлага юм. Хүн ийм хандлагатай болмогцоо тохиромжтой хэрэгжүүлэлтийн замыг хайж олох хэрэгтэй бөгөөд үүнийг хийх цаг болоход зовж шаналах шаардлагатай. Тулааны үеэр тэд махан биеэс урваж, нэрэлхүү зан, нэр нүүр, сэтгэл хөдлөлийнхөө хязгаарлалтыг хаях ёстой. Махан биеийн бэрхшээлийг даван гармагц бүх зүйл хавьгүй илүү хялбар болно. Үүнийг эрх чөлөө, чөлөөлөлт гэж нэрлэж болно. Энэ бол үнэнийг хэрэгжүүлэх үйл явц юм. Тодорхой зовлон шананал үргэлж байдаг. Махан бие завхарсан бөгөөд хүмүүс нэрэлхүү зан, нэр нүүртэй, үргэлж өөрсдийн ашиг сонирхлыг бодолцон үздэг учраас огт зовохгүй байх боломжгүй. Эдгээр зүйл нь үнэнийг хэрэгжүүлэхэд хүмүүст хамгийн их саад болдог. Тиймээс бага зэрэг зовохгүйгээр үнэнийг хэрэгжүүлэх боломжгүй. Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхийн амтыг амсаж, жинхэнэ амар амгалан, баяр баясгаланг мэдрэх үедээ үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй болдог, мөн өөрсдийгөө үгүйсгэж, махан биеэс урваж, Сатаныг ялахад илүү хялбар болно. Ийм маягаар тэд бүрэн чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй болно.

Чуулганы амьдралд ямар уур амьсгал бүрдүүлэх ёстой вэ? Ямар нэгэн зүйл тохиолдоход тухайн хүнд биш, тухайн зүйлд анхаарлаа хандуулдаг уур амьсгал. Заримдаа санал зөрөлдөөн нь хэрүүл маргаан үүсгэж, уур уцаар их төрүүлдэг ч зүрх сэтгэл нь хөндийрдөггүй. Бүх зүйл хүмүүсийн зан чанарыг өөрчлөх, үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө байдаг. Энэ бүхэн Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Хүмүүсийн хооронд үзэн ядалт байхгүй. Учир нь хүмүүс бүгд авралд хүрэхээр хичээх явцдаа байгаа. Хүн болгон адилхан завхарсан зан чанартай, заримдаа үг нь жаахан хатууддаг, эсвэл арай хэтрүүлдэг, эсвэл хэн нэгэн нь тааруу хандлагатай байж болно. Хүмүүс эдгээр зүйлд өш санах ёсгүй. Хэрвээ чи энэ асуудлыг ойлгож, нэвт харж чадахгүй байгаа бол эцсийн нэг арга бий: Бурханы өмнө залбирч, “Бид нэг Бурханд итгэж, дагадаг болохоор ямар ч маргаан, санал бодлын зөрүү байсан, биднийг хагалан бутаргах ямар ч зүйл байсан бид Бурханы өмнө нэгдмэл байдаг. Бид нэг л Бурханд залбирдаг юм чинь давж гарахгүй зүйл юу байх билээ?” хэмээн тунгаан бод. Хэрвээ чи ийм маягаар сайн бодвол эдгээр хязгаарлалтыг давж гарахгүй гэж үү? Эцсийн эцэст, үүний эцсийн зорилго юу вэ? Энэ нь эв найртай хамтран ажиллаж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлж, нэгдмэл байдал буюу зарчмын нэгдэл, зорилгын нэгдэл, үйл хөдлөлийн санаа зорилго, эх үүсвэрийн нэгдэлд хүрэх явдал юм. Хийхээс хэлэх нь амархан. Яагаад тэр вэ? (Хүмүүс завхарсан зан чанартай.) Тийм ээ. Энэ нь хүмүүсийн ааш араншин, зан төлөв, насны ялгаанаас, эсвэл өөр өөр гэр бүлээс гаралтайгаас биш, харин хүмүүс завхарсан зан чанартайгаас болдог. Энэ бол үндсэн шалтгаан. Хэрэв үндсэн шалтгаан нь хүмүүсийн завхарсан зан чанарт оршиж байгааг та нар бүгд тодорхой харж чадвал аливааг зөв зохицуулж чадна, асуудлыг шийдвэрлэхэд хялбар байх болно. Тэгвэл завхарсан зан чанарыг хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй ярилцах шаардлагатай юу? Үгүй. Та нар маш олон номлол сонссон тул явах ёстой замынхаа талаар бага зэрэг мэдэж байгаа, бүгд энэ талаар тодорхой хэмжээний туршлагатай. Хүмүүс аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх зүйл дээр үнэнийг тууштай эрж хайж, дотроо байгаа асуудлыг эргэцүүлж, бусдад шударгаар хандаж чадах л юм бол үндсэндээ бусадтай эв найртай хамтран ажиллаж чадна. Хүмүүс үнэнийг хүлээн авч чаддаг, биеэ тоох юм уу өөрийгөө зөвтгөдөггүй, бусдын санал зөвлөгөөнд зөв хандаж чаддаг бол тэд хамтран ажиллаж чадах бөгөөд асуудал гарвал үнэнийг эрж хайснаар хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэх нь илүү хялбар байдаг. Хүн үнэнийг хүлээн авч, нөхөрлөхдөө сэтгэлээ нээж байгаа л бол хамтрагчийнх нь сэтгэл амархан хөдөлж, үнэнийг хүлээн авч чадна. Тэгвэл эв найртай хамтын ажиллагаанд хүрэх нь тийм ч том асуудал биш бөгөөд зүрх сэтгэл, оюун санаагаараа эв нэгдэлтэй байх зорилгод хүрэхэд амархан.

2017 оны 9 сарын 5

Өмнөх: Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ?

Дараах: Бурханд дуулгавартай байх нь үнэнийг олж авах үндсэн хичээл юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх