9-р бүлэг
Миний үгийн талаар өчүүхэн ч болов тодорхойгүй зүйл, хайхрамжгүй хандлага байж болохгүй гэдгийг Би чамд сануулмаар байна. Чи анхааралтай сонсож, дуулгавартай дагаж, Миний санаа зорилгод нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой. Чи үргэлж сэргэг байж, хэзээ ч биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан чанар гаргах ёсгүй, мөн дотор чинь оршиж ирсэн төрөлхийн хуучин зан чанараасаа салахын тулд Надад үргэлж найдах ёстой. Миний өмнө үргэлж хэвийн байр байдлаа хадгалж, тогтвортой зан чанартай байж чаддаг байх хэрэгтэй. Бодож сэтгэх чинь үргэлж эрүүл саруул байх ёстой бөгөөд аливаа хүн, үйл явдал, юмст захирагдаж, ганхаж болохгүй. Чи Миний өмнө үргэлж тайван байж, Надтай байнга ойр байж, нөхөрлөх хэрэгтэй. Хүч чадал, ноён нуруу гаргаж, Намайг гэрчлэхдээ бат зогсох ёстой. Босоод Миний өмнөөс ярь, бусад хүн юу гэхээс бүү ай. Зүгээр л Миний санаа зорилгыг биелүүлж, хэнд ч өөрийгөө удирдах боломж бүү олго! Чамд Миний илчлэх зүйлийг Миний санаа зорилгод нийцүүлэн хийх ёстой ба хойшлуулж болохгүй. Сэтгэлийнхээ гүнд юу мэдэрч байна даа? Тав тухгүй байгаа биз? Чи ойлгох болно. Чи яагаад Миний ачааг бодолцож үзэнгээ босоод Миний өмнөөс үг хэлчхэж чадахгүй байгаа юм бэ? Чи ялихгүй явуулгад оролцсоор байгаа ч энэ бүхнийг чинь Би тодорхой хардаг. Би бол чиний дэмжлэг, чиний бамбай, мөн бүх зүйл Миний гарт байдаг. Гэтэл чи юунаас айна вэ? Сэтгэл хөдлөлдөө хэт автаад байгаа юм биш үү? Чи сэтгэл хөдлөлөө үтэр түргэн хаях ёстой; Би сэтгэлийн хөөрлөөрөө үйлддэггүй, оронд нь зөвт байдлыг хэрэгжүүлдэг. Эцэг эх чинь ямарваа нэг чуулганд ашиг тусгүй юм хийдэг бол тэд мултарч чадахгүй. Миний санаа зорилго чамд илчлэгдсэн, чи үүнийг үл тоож болохгүй. Харин ч чи бүх анхаарлаа үүнд хандуулж, үнэн сэтгэлээсээ дагахын тулд бүхнийг хойш тавих ёстой. Би чамайг үргэлж Өөрийн гарт байлгана. Битгий байнга айн хулчийж, нөхөр юм уу эхнэртээ захирагд; чи Миний хүслийг биелүүлэх ёстой.
Итгэл үнэмшилтэй бай! Итгэл үнэмшилтэй бай! Би бол чиний төгс хүчит. Магадгүй чи энэ талаар бага зэрэг ойлголттой байх, гэхдээ л сэрэмжтэй байх ёстой. Чуулган, Миний хүсэл, Миний удирдлагын төлөө чи бүхнээ зориулах ёстой бөгөөд бүх нууц болон үр дагаврыг чамд тодорхой харагдуулах болно. Цаашид дахин хойшлогдохгүй ба өдөр хоногууд эцэс болж байна. Тэгвэл чи юу хийх хэрэгтэй вэ? Өөрийн амийг илүү хурдан төлөвшүүлэхийн тулд хэрхэн эрж хайж болох вэ? Өөрийгөө яаж хурдхан шиг Надад хэрэгтэй болгох вэ? Миний хүсэлд хэрэгжих боломжийг чи хэрхэн олгох вэ? Эдгээр асуулт сайтар тунгааж, Надтай гүн гүнзгий нөхөрлөхийг шаарддаг. Надад найд, Надад итгэ, хэзээ ч хайнга бүү бай, аливааг Миний удирдамжид нийцүүлэн үйлдэх чадвартай бай. Үнэнээр сайтар зэвсэглэж, үүнийг илүү их идэж, уух ёстой. Үнэн бүрийг хэрэгжүүлэх ёстой ба тэгвэл тодорхой ойлгож чадна.
Хангалттай цаг байхгүйг одоо чи мэдэрч байна уу? Бас дотор чинь чи өмнөхтэйгөө харьцуулахад өөр мэт, мөн ачаа чинь маш хүнд мэт санагдаж байна уу? Миний санаа зорилго чам руу чиглэдэг; чи сэргэг байж, санаа зорилгоос минь салах ёсгүй, Надтай үргэлж холбоотой бай. Надтай ойр хэвээр бай, Надтай ярилц, Миний зүрх сэтгэлийг хайхар, мөн бусадтай уялдаатай үйлчилж чаддаг бай, тэгж байж Миний санаа зорилго та нарт үргэлж илчлэгдэнэ. Байнга сайтар анхааралтай ажигла! Сайтар анхаар! Жаахан ч гэсэн бүү хойргол; энэ бол чиний үүрэг, Миний ажил үүнд оршдог.
Чи одоогоор багахан ойлголт олж авчхаад түүнийгээ үнэхээр гайхалтай мэтээр сэтгэж байгаа байх. Өнгөрсөнд чамд эргэлзээ төрж, хүний ойлголт, санаа, бодлоос тэс өөр юм гэж санагдсан байж болох ч одоо бол чи ерөнхийд нь ойлгож байгаа. Энэ бол Миний гайхалтай ажил, Бурханы ч гайхалтай ажил билээ. Чи Бурханы ажил дотор алхахдаа туйлын сонор сэргэг байж, хүлээх ёстой. Цаг хугацаа Миний гарт байна; дэмий бүү үр, нэг хором ч бүү хойргол. Цаг үрэх нь Миний ажлыг хойшлуулж, чиний доторх Миний хүсэлд саад хийдэг. Чи ойр ойрхон тунгаан бодож, Надтай нөхөрлөх ёстой. Чи мөн бүх үйлдэл, хөдөлгөөн, бодол, санаа, гэр бүл, нөхөр, хөвгүүд, охидоо Миний өмнө авчрах ёстой. Хэрэгжүүлэлтдээ өөртөө найдах хэрэггүй, эс бөгөөс Би хилэгнэж, чамд томоохон гарз хохирол учрах болно.
Цаг үргэлж өөрийн алхмыг дөрлөж, үргэлж Миний үгэн дотор алх. Чамд Миний мэргэн ухаан байх ёстой. Хүндрэл бэрхшээл тулгарвал Миний өмнө ир, Би чамд удирдамж өгнө. Битгий хэрэг тарьж эсвэл хамаа намаагүй ярилц. Хэрвээ амь чинь ямар ч ашиг тус хүртээгүй бол чамд мэдлэг дутаж, сайн, муу үгийг ялгаж чаддаггүйгээс чинь болж байгаа юм. Хор хөнөөл амсаж, нөхцөл байдал чинь дордож, Ариун Сүнс дэргэдээс чинь үгүй болох хүртэл чи үүнийг ухаардаггүй. Гэвч тэр үед хэтэрхий оройтсон байдаг. Цаг одоо үнэхээр давчуу байгаа учир амийн уралдаанд чи өчүүхэн ч болов хоцрох ёсгүй; чи Миний мөрийг ойрхон дагах ёстой. Ямар нэг бэрхшээл гарч ирэхэд Надад ойр байх замаар байнга тунгаан бодож, Надтай шууд нөхөрлө. Хэрвээ чи энэ замыг ухаарч чадвал урд чинь буй оролт хялбар болно.
Миний үг ганцхан чамд чиглэсэн юм биш; чуулганы бүх хүн төрөл бүрийн талын дутагдалтай байдаг. Та нар илүү их нөхөрлөж, сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр бие даан идэж, уух чадвартай байж, гол үнэнийг ухаарч, тэдгээрийг даруйхан хэрэгжүүлж чаддаг байх ёстой. Чи Миний үгийн бодит байдлыг мэдрэх ёстой: гол цөм болон зарчмыг нь атгаад ав, тэгээд гараа бүү сул тавь. Байнга тунгаан бодож, Надтай үргэлж нөхөрлө, тэгвэл аажмаар юмс илчлэгдэнэ. Чи Бурханд нэг хэсэг ойртсоноо, дараа нь зүрх сэтгэл чинь Бурханы өмнө тайван болохыг хүлээлгүй, өөр зүйл тохиолдох үед үймрээд байж болохгүй. Чи үргэлж будилж, аливаа зүйлийн талаар эргэлзэн, Миний царайг харах чадваргүй байдаг тул зүрх сэтгэлийг минь тодорхой ойлгож чаддаггүй. Бага зэрэг ойлгож чадлаа ч гэсэн чи итгэлтэй биш, эргэлзсээр байдаг. Би чиний зүрх сэтгэлийг бүхэлд нь эзэмшиж, оюун ухаан чинь ертөнцийн аливаа зүйлд үймрэхээ больж, тайван, саруул ухаанаар хүлээх тэр үед чинь Би та нарт Өөрийн санаа зорилгын дагуу нэг нэгээр нь илчлэл хийнэ. Та нар Надтай ойр байх энэ замыг ойлгох ёстой. Чамайг хэн ч дайрч, эсвэл хараасан бай, эсвэл хэчнээн сайхан зүйл санал болгосон бай, тэд Бурхантай ойр байхад чинь саад хийх л юм бол үүнийг зөвшөөрч болохгүй. Зүрх сэтгэлээ Миний гарт даатгаж, Намайг хэзээ ч бүү орхи. Ийм ойр дотно байж, нөхөрлөж байхад, эцэг эх, нөхөр, хүүхэд, гэр бүлийн бусад харилцаа, эсвэл энэ ертөнцийн холбоо сүлбээ ч бай, бүгд холдон одно. Чи зүрх сэтгэлдээ бараг үгээр дүрслэхийн аргагүй жаргалыг эдэлж, анхилам, тансаг амтыг мэдэрч, тэрнээс ч илүүтэйгээр Надаас үнэхээр салшгүй болно. Хэрвээ үргэлж ийм байвал, зүрх сэтгэлд минь юу байдгийг та нар ойлгоно. Урагш ахихдаа та нар хэзээ ч замаа алдахгүй, учир нь Би та нарын зам бөгөөд бүх зүйл Надаас болж оршин тогтнодог. Амь чинь хэр төлөвших, чи энэ дэлхий ертөнцийн аж байдлаас хэзээ салж явж чадах, хэзээ сэтгэл хөдлөлөө хаяж, нөхөр хүүхдээ орхиж чаддаг болох, амь чинь хэзээ төлөвших … энэ бүх зүйл Миний төлөвлөгөөний дагуу тохиолдоно. Сэтгэл түгших хэрэггүй.
Чи эерэг талаас орох ёстой. Хэрвээ идэвхгүй байдлаар хүлээх юм бол сөрөг байсаар байх болно. Надтай хамтарч ажиллахдаа санаачилгатай байх ёстой; ажилч хичээнгүй бай, хэзээ ч бүү залхуур. Надтай үргэлж нөхөрлө, Надтай гүнээ ойр дотно бай. Хэрвээ ойлгохгүй бол, үр дүнд хурдан хүрэхийн төлөө тэвчээргүй загнаж болохгүй. Би чамд хэлэхгүй юм биш; Миний өмнө байхдаа Намайг түшиж тулдаг эсэхийг чинь, мөн итгэлтэйгээр Надад найддаг эсэхийг чинь хармаар байна. Чи үргэлж Надтай ойрхон байж, бүх асуудлыг Миний гарт даатгах ёстой. Битгий хий хоосон буц. Надтай хэсэг хугацаанд өөрийн мэдэлгүй ойр байсны дараа, Миний санаа зорилгууд чамд илчлэгдэнэ. Хэрвээ чи тэдгээрийг ухаарвал Надтай үнэхээр нүүр тулан уулзах бөгөөд Миний нүүр царайг үнэхээр олсон байх болно. Чи дотроо нэлээд тодорхой, тогтвортой байх бөгөөд найдах зүйлтэй болно. Тэгээд чи бас хүч чадал болон итгэлийг олж авах бөгөөд чамд бас урагшлах зам байх болно. Бүх зүйл чамд хялбархан байх болно.