8-р бүлэг
Төгс Хүчит Бурхан—хаанчлалын Хаан гэрчлэгдсэнээс хойш Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүрэн дэлгэрчээ. Бурханы илрэлт Хятадад гэрчлэгдээд зогсохгүй, Төгс Хүчит Бурханы нэр бүх улс үндэстэн, бүх газар нутагт гэрчлэгдсэн юм. Тэд бүгд энэ ариун нэрийг дуудаж, боломжтой бүх аргаар Бурхантай нөхөрлөхийг эрмэлзэж, Төгс Хүчит Бурханы хүслийг ухаарч, чуулган дотор уялдаа холбоотой үйлчилж байна. Ариун Сүнс ийм гайхалтайгаар ажилладаг.
Янз бүрийн улс үндэстний хэл нэг нэгээсээ ялгаатай байдаг боловч цорын ганц Сүнс бий. Энэ Сүнс орчлон ертөнц даяарх чуулгануудыг нэгтгэдэг бөгөөд өчүүхэн ч ялгаагүйгээр Бурхантай туйлын нэг юм, энэ бол эргэлзэх аргагүй зүйл билээ. Ариун Сүнс одоо тэднийг дуудаж байгаа бөгөөд Түүний дуу хоолой тэднийг сэрээж байна. Энэ бол Бурханы өршөөлийн дуу хоолой юм. Тэд бүгд Төгс Хүчит Бурханы ариун нэрийг дуудаж байна! Тэд бас магтаал өргөж, дуулдаг. Ариун Сүнсний ажилд ямар нэг гажуудал огтхон ч байх боломжгүй бөгөөд энэ хүмүүс зөв замын дагуу урагшлахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг, тэд эргэж буцдаггүй ба гайхамшгууд нь ар араасаа овоордог. Энэ бол хүмүүс төсөөлөхөд хэцүү, таамаглах боломжгүй зүйл юм.
Төгс Хүчит Бурхан бол орчлон ертөнц дэх амийн Хаан билээ! Тэрээр алдар суут сэнтийд заларч, дэлхийг шүүж, бүгдийг ноёлж, бүх улс үндэстнийг захирдаг. Бүх хүн Түүнд өвдөг сөгдөж, Түүнд залбирч, Түүнд ойртож, Түүнтэй ярилцдаг. Чи Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, байр суурь чинь хэчнээн өндөр ч бай, зэрэг зиндаа чинь хэчнээн дээгүүр ч бай, зүрх сэтгэлдээ Бурхантай сөргөлдөх юм бол шүүгдэх ёстой бөгөөд Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, шаналалтайгаар гуйх чимээ гаргах ёстой; энэ нь үнэндээ өөрийнхөө үйлдлийн үр жимсийг хурааж байгаа хэрэг юм. Энэхүү уйлах дуу чимээ бол гал ба хүхэрт нуурт тарчилж буй дуу бөгөөд Бурханы төмөр саваагаар гэсгээгдэж буй хашхираан мөн; энэ нь Христийн суудлын өмнөх шүүлт билээ.
Зарим хүн айдаг, зарим нь буруугаа ухамсарладаг, зарим нь сэргэг байж, зарим нь анхааралтай сонсохоор хичээдэг, зарим нь гэмшиж, шинээр эхлэн, туйлын их харуусдаг, зарим нь гашуунаар шаналан уйлдаг, зарим нь бүгдийг орхиж, цөхрөнгүйгээр хайдаг, зарим хүн өөрсдийгөө шинжилж, дахин цадиггүй аашилж зүрхэлдэггүй, зарим нь Бурханд ойртох гэж яаравчлан эрж хайдаг, зарим нь өөрсдийн мөс чанарыг шинжилж, амь нь яагаад ахихгүй байгааг асуудаг. Зарим нь самуурсан хэвээр үлддэг, зарим нь хөлийнхөө дөнгийг мулталж, зоригтойгоор урагшилж, гол зүйлийг ухаарч, цаг алдалгүй амиа анхаардаг. Зарим нь мөн л тээнэгэлзэж, үзэгдлүүдийн талаар тодорхой мэддэггүй—зүрх сэтгэлдээ үүрдэг тэдний ачаа үнэндээ хүнд байдаг.
Хэрэв чиний бодол санаа тодорхойгүй бол Ариун Сүнс дотор чинь ажиллах аргагүй. Чиний анхаарлаа төвлөрүүлдөг бүхэн, алхдаг зам, зүрх сэтгэлээсээ хүсдэг бүхэнд чиний үзэл болон өөрийгөө зөвтгөдөг байдал дүүрэн бий! Би тэсэн ядаж байна—та нарыг бүгдийг чинь нэн даруй бүрэн төгс болгох сон гэж Би хэчнээн их хүснэ вэ, тэгэх юм бол та нар удалгүй Надад хэрэгтэй болж, Миний хүнд ачаа хөнгөрөх боломжтой болно. Гэвч та нарыг харахад үр дүнд яараад нэмэргүй нь илт. Би тэвчээртэй хүлээж, аажуухан алхаж, алгуурхнаар та нарыг дэмжиж, удирдаж л чадах юм байна. Ай, та нар тархиа сэргээх хэрэгтэй! Юуг хаях ёстой, үнэт эрдэнэ чинь юу болох, хөнөөлт сул тал чинь юу болох, саад бэрхшээл чинь юу болохыг сүнсэн дотроо илүү их тунгаан бодож, Надтай илүү их нөхөрлө. Миний хүсдэг зүйл бол зүрх сэтгэл чинь чимээгүйхнээр Намайг хүндлэх болохоос хэл амаараа үйлчлэх чинь Надад хэрэггүй. Миний өмнө үнэхээр эрж хайдаг хүмүүст Би бүгдийг илчилнэ. Миний алхаа түргэсэж байна; зүрх сэтгэл чинь Намайг хүндэлж, цаг ямагт дагаж л байвал Миний хүсэл хэдийд ч чамд онгодоор өгөгдөж, илчлэгдэж чадна. Хүлээхэд анхаардаг хүмүүс тэжээл хүртэж, урагшлах замтай болно. Бодлогогүй хүмүүс Миний зүрх сэтгэлийг ойлгож цөхөх бөгөөд мухар зам руу алхана.
Та нар бүгд хурдан босоод Надтай хамтран ажиллаж, ердөө ганцхан өдөр, шөнө биш, харин цаг ямагт Над руу ойртоосой гэж Би хүсдэг. Миний гар та нарыг байнга татаж чангааж, цохиж, түлхэж, урагшлуулахаар ятгаж, цааш явуулахаар уриалах ёстой болдог! Та нар Миний хүслийг ердөө ойлгодоггүй. Та нарын үзлийн саад бартаа, энэ ертөнцийн ээдрээ бартаа дэндүү ноцтой байдаг бөгөөд та нар Надтай илүү гүн дотносох чадваргүй. Шулуухан хэлэхэд, та нар асуудалтай байх үедээ Над руу ирдэг, харин ямар ч асуудал байхгүй бол зүрх сэтгэл чинь түгшдэг. Зүрх сэтгэл чинь чөлөөт зах зээл мэт болж, сатанлаг зан чанараар дүүрч, ертөнцийн зүйлсэд эзлэгддэг бөгөөд Надтай яаж нөхөрлөхөө мэддэггүй. Би яаж та нарын төлөө санаа зовохгүй байх юм бэ? Гэвч санаа зовоод нэмэргүй. Цаг хугацаа дэндүү давчуу, хийх ажил шахуу байна. Миний алхам хурдалж байна; та нар өөрт байгаа бүхнээ хатуу баримталж, хором бүрд Над руу харж, Надтай ойр дотно нөхөрлөх ёстой. Тэр цагт Миний хүсэл хэдийд ч чамд илчлэгдэх нь гарцаагүй. Миний зүрх сэтгэлийг ойлгох үедээ та нар урагшлах замтай байдаг. Цаашид бүү тээнэгэлз. Надтай жинхэнэ нөхөрлөл хий, тэгээд заль мэхэнд бүү найд, хэтэрхий ухаантай байх гэж бүү хичээ; тэгэх нь өөрсдийгөө л хуурч буй хэрэг бөгөөд Христийн суудлын өмнө хэзээ хэзээгүй илчлэгдэнэ. Жинхэнэ алт галаар шалгуулахаас айдаггүй—энэ бол үнэн! Бүү эргэлз, бүү зүрх алд, сул дорой бүү бай. Сүнсээрээ Надтай шууд нөхөрлөж, тэвчээртэй хүлээ, тэгээд Би чамд Өөрийнхөө цагийн дагуу заавал илчилнэ. Чи үнэхээр, туйлаас болгоомжтой байж, чамд гаргасан Миний хичээл зүтгэлийг талаар өнгөрүүлэх ёсгүй, хором мөчийг бүү алд. Зүрх сэтгэл чинь Надтай байнга нөхөрлөдөг бол, зүрх сэтгэл чинь байнга Миний өмнө амьдардаг бол хэн ч, ямар ч үйл явдал, зүйлс, мөн ямар ч нөхөр, ямар ч хүү, охин зүрх сэтгэлдээ Надтай нөхөрлөхөд чинь саад хийж чадахгүй. Чиний зүрх сэтгэл Ариун Сүнсэнд байнга хязгаарлагдаж, чи хором бүрд Надтай нөхөрлөж байвал Миний хүсэл чамд заавал илчлэгдэнэ. Чи өөрийнхөө эргэн тойрон, байгаа нөхцөл байдлаасаа үл шалтгаалан ийм маягаар байнга Надад ойртох үед хэнтэй ч, юутай ч учирсан будилж төөрөлдөхгүй бөгөөд урагшлах замтай байх болно.
Том, жижиг асуудлууд дээр аливааг орхигдуулахыг чи ерөнхийдөө зөвшөөрдөггүй бол, зүрх сэтгэл, бодол санаа чинь ариуссан бол, сүнсэндээ тайван байдаг бол асуудалтай тулгарах болгонд чинь өөрийгөө харах тод толь мэтээр Миний үг чиний дотор нэн даруй онгод оруулж, чи урагшлах замтай болно. Үүнийг зөв өвчинд зориулсан зөв эм гэж нэрлэдэг! Ямар ч өвчин заавал эдгэрнэ—Бурхан бол ийм төгс хүчит. Зөвт байдлын төлөө өлсөж цангадаг, чин сэтгэлээсээ хайдаг бүх хүнийг Би заавал гэрэлтүүлж, гэгээрүүлнэ. Би та бүхэнд сүнсний ертөнцийн бүх нууц болон урагшлах замыг харуулж, хуучин ялзарсан зан чанарыг чинь аль болох хурдан хаяулна, ингэснээр амь чинь төлөвшиж, Надад ашиглагдахад тохирохуйц болж, сайн мэдээний ажил удалгүй саадгүйгээр урагшилж болох юм. Тэр үед л Миний хүсэл ханана, тэр үед л Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө аль болох хурдан гүйцэлдэнэ. Бурхан хаанчлалыг олж авч, газар дэлхий рүү бууж ирнэ, тэгээд бид хамтдаа алдар луу орно!