10.11. Бурханы тухай мэдлэгт хэрхэн хүрэх тухай

453. Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн бүхэн Бурханы авралын ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос л бүрддэг. Тийм мэдлэг нь хүнийг үнэмшүүлж ч чадахгүй, байлдан дагуулж ч чадахгүй; энэ нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд үнэн биш юм. Энэ нь маш элбэг арвин, чихэнд чимэгтэй байсан ч гэсэн, Бурханы төрөлх зан чанарын тухай мэдлэгтэй нийцэхгүй бол Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам Түүнийг доромжилсон ял оноож чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгийг хөнгөн хуумгай ярихаар болчихдог юм биш. Чи хэлэмгий доломгой, уран үгтэй бөгөөд үг чинь харыг цагаан, цагааныг хар болтол маргаж чадахуйц үнэхээр ухаалаг байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярина гэдэг чиний чадвараас давна. Бурхан бол чиний яаран шүүж, хамаагүй магтаж, хайхрамжгүйгээр гүтгэж болдог нэгэн биш. Чи хаа хамаагүй хүн бүхнийг магтдаг хэр нь Бурханы эрхэм дээд нигүүлслийг дүрслэхэд тохирох үг олох гэж чармайдаг—энэ нь бүтэлгүйтсэн хүн бүрийн ойлгож авсан зүйл юм. Маш олон хэлний мэргэжилтэн Бурханыг дүрслэх чадвартай хэдий ч тэдний дүрсэлдэг зүйлийн үнэн зөв байдал нь, хязгаарлагдмал үгсийн сантай ч баялаг туршлага эзэмшсэн, Бурханд харьяалагддаг хүмүүсийн хэлсэн үнэний зууны нэгтэй л дүйцдэг. Тиймээс Бурханы талаарх мэдлэг нь үгийн ухаалаг хэрэглээ юм уу баялаг үгсийн санд биш, харин үнэн зөв, бодит байдалд оршдог бөгөөд хүний мэдлэг болон Бурханы тухай мэдлэг нь огтхон ч хамаагүй гэдгийг харж болно. Бурханыг мэдэх хичээл нь хүн төрөлхтний ямар ч байгалийн шинжлэх ухаанаас дээгүүр юм. Энэ нь Бурханыг мэдэхээр эрж хайж байгаа тун цөөн хүний л сурч чадах хичээл болохоос авьяас чадвартай ямар ч хүний хүрч чадах зүйл биш юм. Иймээс та нар Бурханыг мэдэх болон үнэнийг эрэлхийлэх явдлыг хүүхэд ч хийж чадах зүйл гэж үзэх ёсгүй. Чи гэр бүлийн амьдрал, ажил мэргэжил, гэрлэлтдээ бүрэн амжилт гаргасан байж болох ч үнэн болон Бурханыг мэдэх хичээлийн тухайд гэвэл үзүүлэх зүйл юу ч үгүй, юунд ч хүрээгүй байдаг. Та нарын хувьд үнэнийг хэрэгжүүлэх тун хэцүү бөгөөд Бурханыг мэдэх нь бүр ч том хэцүү асуудал гэж хэлж болно. Энэ нь та нарын бэрхшээл, мөн энэ нь бүх хүн төрөлхтөнд тулгардаг бэрхшээл юм. Бурханыг мэдэх үйлсэд зарим нэг ахиц гаргасан хүмүүсийн дотор, стандартад нийцэх бараг хэн ч байдаггүй. Бурханыг мэднэ гэдэг нь юу гэсэн үг болохыг, яагаад Бурханыг мэдэх шаардлагатайг, Бурханыг мэдэхийн тулд ямар түвшинд хүрэх ёстойг хүн мэддэггүй. Энэ нь хүн төрөлхтний хувьд маш будилаантай зүйл бөгөөд үнэхээр хүн төрөлхтөнд тулгарсан хамгийн том оньсого болсон юм—хэн ч энэ асуултад хариулж чаддаггүй, хэн ч энэ асуултад хариулахыг хүсдэггүй, учир нь өнөөг хүртэл хүн төрөлхтний дотроос хэн ч энэ ажлын судалгаанд амжилт гаргаж байгаагүй. Ажлын гурван үе шатны оньсого хүмүүст тайлагдах үед Бурханыг мэддэг авьяастай бүлэг хүмүүс ээлж дараалан гарч ирж магад юм. Мэдээж ийм байгаасай гэж Би найдаж байна, түүнчлэн Би энэ ажлыг биелүүлэх явцдаа явж байгаа бөгөөд ойрын ирээдүйд тийм авьяастнууд гарч ирэхийг харна гэж найдаж байна. Тэд ажлын энэ гурван үе шатны баримтыг гэрчлэх хүмүүс болох ба мэдээж ажлын энэ гурван үе шатыг ч гэсэн гэрчлэх эхний хүмүүс байх юм. Гэхдээ Бурханы ажил төгсөх өдөр тийм авьяастнууд гарч ирэхгүй юм уу эсвэл бие махбодтой болсон Бурханаар төгс болгуулахыг биечлэн хүлээн зөвшөөрсөн хүн ганц хоёрхон байгаа бол энэ нь хүнийг хамгаас их шаналган зовоож, харамсалд хүргэх зүйл болох болно. Гэхдээ энэ нь зүгээр л хамгийн муугаар бодсон тохиолдол юм. Юу ч болсон гэсэн, үнэхээр эрэлхийлдэг хүмүүс энэ ерөөлийг олж авч чадна гэж Би одоо ч найдаж байна. Цаг хугацааны эхлэлээс хойш ийм ажил урьд нь хэзээ ч байгаагүй; хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд ийм үйл ажиллагаа хэзээ ч тохиолдож байгаагүй. Хэрвээ чи үнэхээр Бурханыг мэддэг эхний хүмүүсийн нэг болж чадвал бүх бүтээл дундах хамгийн дээд нэр төрийн хэрэг болохгүй гэж үү? Энэ нь, хүн төрөлхтний дундаас Бурханд хамгаас илүү сайшаагдсан бүтээл биш гэж үү? Тийм ажлыг хийхэд амархан биш боловч эцэст нь үр дүндээ хүрэх болно. Хүйс, үндэс угсаанаасаа үл хамааран Бурханыг мэддэг бүх хүн бол эцэстээ Бурханы хамгийн агуу алдар сууг хүлээн авч, Бурханы эрх мэдлийг эзэмшдэг цорын ганц хүмүүс байх болно. Энэ бол өнөөдрийн ажил, мөн түүнчлэн ирээдүйн ажил билээ; энэ нь 6,000 жилийн ажил дахь эцсийн, хамгийн дээд ажил бөгөөд төрөл бүрийн хүнийг илчилдэг нэг төрлийн ажиллах арга зам юм. Хүнд Бурханыг мэдүүлэх ажлаар дамжин хүний өөр өөр зэрэглэл илчлэгддэг: Бурханыг мэддэг хүмүүс нь Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тохирдог байхад Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханы ерөөлийг хүртэж, Түүний амлалтыг хүлээн авахад тэнцдэггүй. Бурханыг мэддэг хүмүүс бол Бурханы дотнын хүмүүс бөгөөд Бурханыг мэддэггүй хүмүүсийг Бурханы дотнын хүмүүс гэж нэрлэж болохгүй; Бурханы дотнын хүмүүс нь Бурханы ямар ч ерөөлийг хүлээн авч чадна, харин Түүнтэй дотно биш хүмүүс Түүний ажлын юуг ч биелүүлж чадахгүй. Гай зовлон, цэвэршүүлэлт, шүүлт ч бай, эдгээр зүйл нь бүгд эцсийн эцэст хүнийг Бурханы талаарх мэдлэгт хүргэж, Бурханд захирагдахын төлөө байдаг. Энэ бол эцэстээ хүрэх цорын ганц үр дүн юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм

454. Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар нь бүгд Түүний үгээр дамжин хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн. Хүн Бурханы үгийг туулж байхдаа тэдгээрийг хэрэгжүүлэх явцад Бурханы хэлдэг үгийн цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн эх сурвалж болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн зорьсон үр нөлөөг ойлгож, мэдэрнэ. Хүмүүсийн хувьд, үнэн болон амийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, зан чанараа өөрчилж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг болохын тулд туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл бол энэ юм. Хүн эдгээр зүйлийг туулж, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авсан байх бөгөөд энэ үедээ бас Түүний талаарх өөр өөр түвшний мэдлэгийг олж авсан байх болно. Энэхүү ойлголт, мэдлэг нь хүний төсөөлж зохиосон зүйлээс гарч ирдэггүй, харин ч өөрийнхөө дотор ухамсарлаж, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Эдгээр зүйлийг ухамсарлаж, туулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг агуулгатай болдог; энэ үед л хүний олж авсан мэдлэг үнэн, бодитой, алдаа мадаггүй байх бөгөөд Бурханы үгийг ухамсарлаж, туулж, мэдэрч, батлах замаар Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц бол Бурхан, хүн хоёрын хоорондох жинхэнэ харилцаа юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы санаа зорилгыг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож, мэдэж, Бурханы зан чанарыг аажмаар ойлгож, мэдэж, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтын талаар жинхэнэ үнэмшил болон зөв тодорхойлолттой болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодитой танин мэдэхүй, мэдлэгтэй болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, Түүнийг үндэслэлгүйгээр төсөөлж, Түүний талаар дураараа сэжиглэж, Түүнийг буруугаар ойлгож, яллаж, Түүнд шүүлт оноож, Түүнд эргэлзэхээ больдог. Тийнхүү Бурхантай маргах нь багасаж, зөрчилдөх нь багасаж, Бурханы эсрэг тэрслэх нь цөөрдөг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх хүндлэл нь улам бодитой, улам гүн гүнзгий болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангалт болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй, үүний зэрэгцээ бас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Ийм төрлийн харилцаан дунд хүн зан чанараа өөрчилж, аврал хүртээд зогсохгүй, үүний зэрэгцээ бүтээгдсэн зүйлээс Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон шүтлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх итгэл нь хоосон цаас, хий дэмий амлалт юм уу сохор эрэл хайгуул, сохор шүтлэг байхаа больдог; ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба энэ үед л хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ дуулгавартай байдал, анхаарал халамж руу, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилждэг, түүнчлэн хүн Бурханыг дагах үйл явцдаа идэвхгүй байснаа идэвхтэй байдалтай болж, сөрөг байснаа эерэг болж аажмаар ахин дэвшдэг; ийм харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх жинхэнэ ойлголт, ухаарал, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

455. Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгт төсөөлөлдөө найдсанаар хүрч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор ямар арга замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Чи Бурханы үгийг идэж, ууснаар, Бурханы үгийг нөхөрлөж, туулснаар аажмаар Бурханы эрх мэдлийн талаар туршлага, баталгаажуулалттай болж, улмаар энэ тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; ямар ч дөт зам гэж үгүй. Та нараас битгий төсөөл гэж гуйж байгаа нь сүйрлийг чинь хүлээлгэн зүгээр суулгах юм уу юу ч хийлгэхгүй байхтай адилгүй. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахад учир шалтгаан ашиглахгүй, дүн шинжилгээ хийхэд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд үүний оронд Бурханы үг, үнэн болон амьдралд чинь тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл бий гэдгийг үнэлж, бататгаж, баталгаажуулах, мөн Бурхан хувь заяаг чинь захирдгийг, Түүний хүч чадал цаг үргэлж жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь нотолдог болохыг баталгаажуулах явдал юм. Аливаа хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим нь энэ зорилгод хүрэх хялбар арга зам олмоор байна гэдэг, гэхдээ та нар ийм хялбар арга замыг бодож олсон уу? Бодох хэрэг байхгүй гэдгийг чамд Би хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг үг, хийдэг зүйл бүрээр нь дамжуулан чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгана гэдэг цорын ганц арга зам юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы бүх зүйл хөндий, хоосон биш—харин бодитой билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

456. Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр ажлаа хийхээр ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Өөрийнх нь бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Өөрийнх нь хийдэг бүх ажил хийгээд хүнийг байлдан дагуулахаар гүйцэлдүүлдэг Өөрийнх нь бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодитой байдаг, ийм гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхдээ Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж, зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна

457. Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй асуудал биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авна. Энэ мэдлэгт орохоороо чи илүү өндөр, илүү сайхан ертөнц рүү алхаж байгаагаа олж мэднэ. Эцэст нь чи үзэшгүй муухай сүнснээсээ ичихээс гадна ичгүүрээсээ нуугдах газар хаа ч үгүй гэж санагдана. Тэр үед Бурханы зан чанарт халдах үйлдэл чинь улам бүр багасаж, зүрх сэтгэл чинь Бурханыхтай улам бүр ойртож, Түүнийг гэх хайр зүрх сэтгэлд чинь аажмаар өсөн нэмэгдэнэ. Энэ бол хүн төрөлхтөн гайхалтай сайхан ертөнцөд орж буйн тэмдэг юм. Гэхдээ та нар үүнд хараахан хүрээгүй. Та нар бүгд хувь заяаныхаа төлөө яарч тэвддэг тул Бурханы мөн чанарыг мэдэх гэж оролдох сонирхол хэнд байх юм бэ? Ийнхүү үргэлжлэх юм бол та нар өөрийн мэдэлгүй захиргааны зарлигийг зөрчинө, учир нь та нар Бурханы зан чанарын талаар дэндүү бага ойлгодог. Иймээс та нарын одоо хийдэг зүйл Бурханы зан чанарын эсрэг зөрчлийн чинь суурийг тавьж байгаа бус уу? Бурханы зан чанар Миний ажлаас салшгүй гэдгийг ойлгохыг Би та нараас шаардаж байна. Учир нь, захиргааны зарлигийг байнга зөрчдөг бол та нарын дундаас хэн чинь шийтгэлээс зугтах юм бэ? Тэгвэл Миний ажил бүхэлдээ талаар өнгөрөх байсан бус уу? Тиймээс биеэ авч явах байдлаа нягтлан шалгахын зэрэгцээ өөрсдийн хийдэг алхамд хянуур бай гэж Би бас л шаардаж байна. Энэ нь та нарт Миний тавьдаг илүү өндөр шаардлага бөгөөд та нар бүгдээрээ үүнийг нарийвчлан авч үзэж, ул суурьтай анхаарна гэж Би найдаж байна. Та нарын үйлдэл Миний уур хилэнг асар ихээр бадраах өдөр ирэх юм бол та нар өөрсдөө л үр дагаврыг нь амсах ба өөр хэн ч та нарын оронд шийтгэл хүлээхгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал

458. Бурханыг мэдэх гэж юу гэсэн үг вэ? Бурханы баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ухамсарлаж чаддаг байж, улмаар Түүний зан чанарыг мэднэ гэсэн үг—Бурханыг үнэхээр мэдэх гэдэг нь энэ юм. Чи Бурханыг харсан гэж хэлдэг атлаа Түүний баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ойлгодоггүй, мөн Түүний зан чанарыг ойлгодоггүй. Бас Түүний зөвт байдлыг ч, өршөөнгүй байдлыг ч ойлгодоггүй, юунд дуртай, юуг үзэн яддагийг нь ч мэддэггүй. Энэ нь Бурханы тухай мэдлэг биш. Тиймээс зарим хүн Бурханыг дагаж чаддаг боловч Түүнд үнэхээр итгэж чаддаг байх албагүй; ялгаа нь энд оршдог. Хэрэв чи Бурханыг мэддэг, ойлгодог, мөн Түүний зарим хүслийг ухаарч чаддаг бол Түүнд үнэхээр итгэж, захирагдаж, Түүнийг үнэхээр хайрлаж, шүтэн мөргөж чаддаг. Харин эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи зүгээр л дагалдаж байгаа хэрэг бөгөөд ердөө л урсгал даган явдаг дагалдагч юм. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ шүтлэг гэж хэлж болохгүй. Жинхэнэ шүтлэг хэрхэн бий болдог вэ? Бурханыг үнэхээр мэддэг бүх хүн бүгд ялгаагүй, Түүнийг харах болгондоо шүтэн мөргөж, хүндэлдэг; тэд бүгд өвдөг сөгдөн, Түүнийг шүтэн мөргөх ёстой байдаг. Одоо бие махбодтой болсон Бурханыг ажиллах зуур хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгодог байх тусмаа эдгээр зүйлийг улам их нандигнаж, Түүнийг улам хүндэлнэ. Ерөнхийдөө, хүмүүс бага ойлголттой байх тусмаа улам хайхрамжгүй болдог тул Бурханыг хүн хэмээн авч үздэг. Хэрвээ хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Түүнийг харсан бол айсандаа дагжин чичирнэ. “Миний араас ирэх Нэгэн надаас хүчирхэг, би Түүний гутлыг ч авч явах үнэ цэнгүй” гэж Иохан яагаад хэлсэн бэ? Дотроо тэрээр төдийлөн гүн гүнзгий ойлголттой байгаагүй ч Бурхан гайхалтай гэдгийг мэддэг байжээ. Өнөө үед хэчнээн хүн Бурханыг хүндэтгэж чаддаг вэ? Зан чанарыг нь мэддэггүй юм бол тэд яаж Бурханыг хүндэтгэж чадах юм бэ? Хүмүүс Христийн мөн чанарыг мэддэггүй, Бурханы зан чанарыг ч ойлгодоггүй, Бурханыг үнэхээр шүтэн мөргөж бүр ч чаддаггүй. Тэд Христийн эгэл, хэвийн гадаад төрхийг хардаг мөртөө мөн чанарыг нь мэддэггүй бол Христийг эгэл хүн мэт авч үзэхэд амархан юм. Тэд Түүнд хүндлэлгүй хандаж, Түүнийг хуурч, эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй байж, Түүнийг шүүж магадгүй. Тэд өөрсдийгөө зөвтгөж, Түүний үгийг ноцтой авч үзэхгүй байж чадна; тэд бүр Бурханы талаар үзэл бий болгож, Түүнийг яллаж, доромжилж чадна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн Христийн мөн чанар болон бурханлаг чанарыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэхийн үндсэн тал юм; энэ нь бодитой Бурханд итгэдэг хүн бүрийн орох ёстой, хүрэх ёстой зүйл билээ.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

459. Бурханд итгэж, Бурханыг мэдэх нь Тэнгэрээр тогтоогдож, газраар хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд өнөөдөр бие махбодтой болсон Бурхан ажлаа Өөрийн биеэр хийж байгаа эрин үе бол Бурханыг мэдэх нэн сайн цаг үе юм. Бурханыг сэтгэл хангалуун байлгах нь Бурханы хүслийг ойлгосны үндсэн дээр хийдэг зүйл бөгөөд Бурханы хүслийг ойлгохын тулд Бурханы талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Бурханы талаарх энэхүү мэдлэг нь Бурханд итгэдэг нэгэнд байх ёстой үзэгдэл юм; энэ нь хүний Бурханд итгэх итгэлийн үндэс билээ. Энэхүү мэдлэг байхгүй бол хүний Бурханд итгэх итгэл тодорхойгүй байдалд, хоосон онол дунд орших байсан. Ийм хүмүүс Бурханыг дагахыг шийдсэн ч гэсэн юу ч олж авахгүй. Энэхүү урсгалд юу ч олж аваагүй бүх хүн таягдуулах хүмүүс юм. Тэд бүгдээрээ сорон мөлжигчид мөн… Хэрвээ хүн үзэгдлийг хүлээн авч чадахгүй бол Бурханы шинэ ажлыг хүлээн авч чадахгүй. Хэрвээ хүн Бурханы шинэ ажлыг дуулгавартай дагаж чадахгүй бол Бурханы хүслийг ойлгож чадахгүй. Иймээс Бурханы талаарх түүний мэдлэг ямар ч ач холбогдолгүй байх болно. Хүн Бурханы үгийг хэрэгжүүлэхээсээ өмнө Бурханы үгийг мэдэх ёстой, өөрөөр хэлбэл, Бурханы хүслийг ойлгох ёстой. Зөвхөн ингэж л Бурханы үгийг үнэн зөв, Бурханы хүслийн дагуу хэрэгжүүлж чадна. Энэ бол үнэнийг эрж хайдаг хүн бүрд байх ёстой зүйл, бас Бурханыг мэдэхээр хичээдэг хүн бүрийн туулах ёстой үйл явц юм. Бурханы үгийг мэдэж авах үйл явц нь Бурханыг мэдэж авах, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэж авах үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх гэдэг нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарыг мэдэхийг хэлэхээр үл барам, Бурханы үг болон ажлыг мэдэхийг хэлдэг. Бурханы үгээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож авч, Бурханы ажлаас Бурханы зан чанарыг, Бурхан юу болохыг мэдэж авдаг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх энэхүү анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэж авах, Бурханы ажлыг мэдэрч туулах үйл явц билээ. Хэрвээ чи Бурханыг мэдэж авахын тулд биш, харин Бурханд итгэхийн тулд л итгэдэг бол итгэлд чинь ямар ч бодит байдал байхгүй бөгөөд итгэл чинь ариун болж чадахгүй гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрвээ Бурханы ажлыг туулах үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж авбал зан чанар нь аажмаар өөрчлөгдөж итгэл нь улам бүр жинхэнэ болно. Ингэж Бурханд итгэх итгэлдээ амжилт олохдоо хүн Бурханыг бүрэн олж авсан байх болно. Ажлаа Өөрийн биеэр хийхийн тулд Бурхан хоёр дахь удаагаа махбод болох гэж асар их хүчин чармайлт гаргасны шалтгаан нь хүнд Өөрийгөө мэдүүлж, Өөрийгөө харуулахад оршиж байсан. Бурханыг мэдэха гэдэг нь Бурханы ажлын төгсгөлд хүрэх эцсийн үр дүн юм. Хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы сүүлчийн шаардлага энэ билээ. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг. Хүнийг Өөр лүүгээ эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргүүлэхийн төлөө Тэр энэ ажлыг хийдэг. Хүн Бурханыг мэдэж байж л Бурханыг хайрлаж эхэлдэг бөгөөд Бурханыг хайрлахын тулд Түүнийг мэдэх ёстой. Хүн хэрхэн эрж хайх эсвэл юу олж авахаар эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож чадна. Бурханыг мэдэж байж л хүн Бурханд жинхэнээсээ итгэж, мөн Бурханыг мэдэж байж л Түүнийг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх гэдэгт Бурханы зан чанарыг мэдэх, Түүний хүслийг ойлгох, Тэр юу болохыг мэдэх багтдаг. Гэхдээ хүн аль ч талыг нь мэдэж авсан бай, аль аль нь төлөөс төлөхийг, дуулгавартай байх хүслийг хүнээс шаарддаг. Үүнгүйгээр хэн ч эцсээ хүртэл дуулгавартай дагаж чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна

460. Бурханыг мэдэж авах сургамжийг ганц хоёрхон өдрийн дотор авч чадахгүй: Хүн туршлагажиж, зовлон туулж, жинхэнээсээ захирагддаг болох ёстой. Юуны өмнө Бурханы ажил болон үгээс эхэл. Бурханы тухай мэдлэгт юу багтдаг, энэ мэдлэгт хэрхэн хүрэх болон туршлагаараа Бурханыг яаж харахыг чи ойлгох шаардлагатай. Бурханыг хараахан мэдэхгүй байхдаа хүн бүрийн хийх ёстой зүйл нь энэ юм. Бурханы ажил, үгийг хэн ч нэг дор ухаарч чадахгүй бөгөөд хэн ч Бурханы талаарх бүрэн дүүрэн мэдлэгт богинохон хугацаанд хүрч чадахгүй. Үүнд шаардлагатай туршлагажих арга барил байдаг агаад үүнгүйгээр хэн ч Бурханыг мэдэж, Бурханыг чин сэтгэлээсээ дагаж чадахгүй. Бурхан хэдий чинээ их ажил хийнэ, хүн Түүнийг төдий чинээ их мэдэж авдаг. Бурханы ажил хүний үзэлтэй зөрчилдөх тусам, Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ шинэчлэгдэж, гүнзгийрч байдаг. Хэрвээ Бурханы ажил үүрд нэгэн хэвийн, өөрчлөгдөхгүй хэвээр байдаг байсан бол Түүний талаарх хүний мэдлэг их биш байх байсан. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед Бурхан юу хийсэн, Хаанчлалын эрин үед Тэр юу хийдэг гээд эдгээр үзэгдлийн талаар та нар тов тодорхой мэдэх ёстой. Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна

461. Есүсийг дагах хугацаанд Петрт Есүсийн талаар олон санаа бодол төрсөн бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Петр Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан хэдий ч түүний ойлголт зарим талаар тодорхой бус байсан тул тэрээр: “Би тэнгэрлэг Эцэгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсний сонгосон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлсэн юм. Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй, тэдгээрийг тодорхой мэдээгүй. Есүсийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Есүсийн хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алиныг төрүүлж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангалт, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын бүх зүйлийг буюу үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг нь ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол эгэл хүмүүстэй адилгүй гэх гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. Хэдийгээр Есүсийн гадаад төрх дэндүү хэвийн байсан ч Тэрээр хүнийг гэх хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн, эсвэл хэлсэн бүхэн нь бусдад асар их тус дэм болсон бөгөөд Петр өмнө нь хэзээ ч хараагүй, өөрт нь ч бас байгаагүй зүйлсийг Есүсээс харж, олж авсан. Хэдийгээр Есүст асар том бие бялдар ч, ер бусын хүн чанар ч байхгүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл бус байдал байдаг гэж Петр харсан юм. Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан хэдий ч Есүс өрөөл бусдаас өөрөөр үйлддэгийг харсан, учир нь Түүний хийсэн зүйлс хэвийн хүмүүсийн хийдгээс тун өөр байсан билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр гэдгийг бас харжээ. Есүс үргэлж тууштай үйлддэг, хэзээ ч яардаггүй, аливааг хэзээ ч дэгсдүүлдэггүй, эсвэл дарж хэлдэггүй, харин хэвийн агаад биширмээр зан араншинг харуулан амьдардаг байлаа. Ярихдаа Есүс илэн далангүй, нигүүлсэнгүй ярьж, үргэлж хөгжилтэй атлаа амарлингуй байдлаар ярилцдаг байсан ч Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй юм. Есүс заримдаа үг дуу цөөтэй байх мөртөө бусад үед зогсоо чөлөөгүй ярьж байхыг Петр харсан. Заримдаа Тэр маш их баярласандаа наадан тоглож, дэвэн дэгдэх тагтаа мэт харагддаг байсан ч зарим үед маш их гунигласандаа юу ч ярилгүй, орь гунигт автан, хал үзэж, хашир суусан эх хүн шиг байдаг байв. Заримдаа Тэр дайснаа устгахаар давшиж буй баатарлаг цэрэг шиг уур хилэнгээр дүүрэн байдаг ба заримдаа бүр архирч буй арслантай төстэй байдаг байлаа. Заримдаа Тэр баярлан инээж, бусад үед нь залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлаж байснаас үл хамааран, Петр Түүнийг хязгааргүй хайрлаж, хүндлэх болжээ. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Есүсийн уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, уур хилэн нь түүнийг айлгаж, харин өршөөл, уучлал, хүмүүст тавьдаг хатуу чанд шаардлага нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн тэмүүлэх эрмэлзлийг нь бий болгожээ. Мэдээж, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан тухай

462. Хэрвээ чи Бурханыг мэдэж, үнэхээр Түүнийг мэдэж, ойлгож авахыг хүсэж байвал зөвхөн Бурханы ажлын гурван үе шат болон Бурханы урьд нь гүйцэтгэсэн ажлын тухай түүх төдийхнөөр өөрийгөө бүү хязгаарла. Хэрвээ чи Түүнийг тийм маягаар мэдэх гэж оролдвол Бурханд хязгаар тавьж, Түүнийг хязгаарлаж байна. Чи Бурханыг маш өчүүхэн зүйл гэж харж байна. Ингэх нь хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ? Чи Бурханы гайхалтай байдал болон эрхэм дээд чанарыг ч тэр, бас Бурханы хүч чадал, бүхнийг чадагч байдал, Түүний эрх мэдлийн хүрээг хэзээ ч мэдэж чадахгүй байх байсан. Бурхан бол бүх зүйлийн Захирагч гэсэн үнэнийг хүлээн зөвшөөрөх чиний чадвар, түүнчлэн Бурханы жинхэнэ ялгамж чанар, байр суурийн тухай мэдлэгт чинь ийм ойлголт нөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы талаарх ойлголт чинь хязгаарлагдмал цар хүрээтэй бол хүлээн авч чадах зүйл чинь ч бас хязгаарлагдмал байна. Ийм учраас чи цар хүрээгээ өргөжүүлж, мэдлэгээ тэлэх ёстой. Бурханы ажил, Бурханы удирдлага, Бурханы захиргааны цар хүрээ, Түүний удирдаж, захирдаг бүх зүйл гээд энэ бүхнийг чи ойлгохоор эрж хайх ёстой. Ийм зүйлээр дамжуулан чи Бурханы бүх үйлдлийг ойлгож авах ёстой. Ийм ойлголттой байхад Бурхан бүх зүйлийн дундаас бүх зүйлийг захирч, удирдаж, хангаж байдгийг өөрийн мэдэлгүй мэдэрч, бас чи бүх зүйлийн нэг хэсэг, нэг гишүүн гэдгээ үнэхээр мэдэрнэ. Бурхан бүх зүйлийг хангадаг болохоор чи ч бас Бурханы захиралт болон хангалтыг хүлээн авдаг. Энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VIII

463. Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байгаа нь тэдний зүрх сэтгэлд Тэр хэр их байр суурь эзэлдэг болохыг тодорхойлдог. Тэдний зүрх сэтгэл дэх Бурханы тухай мэдлэгийн түвшин хэдий чинээ их байна, тэдний зүрх сэтгэлд Бурхан төдий чинээ агуу байдаг. Хэрвээ чиний мэддэг Бурхан хоосон, тодорхойгүй байгаа бол чиний итгэдэг Бурхан мөн л хоосон агаад тодорхойгүй байна. Чиний мэддэг Бурхан хувийн амьдралын чинь цар хүрээнд хязгаарлагддаг ба жинхэнэ Бурхантай ямар ч хамаагүй. Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх, Бурханы бодит байдал болон Түүний төгс хүчийг мэдэх, Бурханы Өөрийн жинхэнэ ялгамж чанарыг мэдэх, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх, бүх зүйлийн дунд Тэр юу харуулсан болохыг мэдэх нь—Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээр нь, хүмүүс үнэний бодит байдалд орж чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ чи Бурханы тухай ойлголтоо ердөө үгээр хязгаарлавал, үүнийг өөрийн өчүүхэн туршлагаар, өөрийн найдаж буй Бурханы нигүүлслээр, Бурханд өгөх өчүүхэн гэрчлэлээрээ хязгаарладаг бол чиний итгэдэг Бурхан яавч жинхэнэ Бурхан Өөрөө биш гэж Би хэлнэ, мөн чиний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан биш, харин төсөөллийн Бурхан гэж хэлж бас болно. Яагаад гэвэл жинхэнэ Бурхан нь бүх зүйлийг захирдаг, бүх зүйлийн дунд алхдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг Нэгэн—бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн билээ. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйлдэл нь хүмүүсийн цөөнхөөр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл, Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр хязгаарлагддаггүй. Түүний үйлдэл, бүх зүйлийн дунд, бүх зүйлийн оршин тогтнолоос, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиас харагддаг.

Хэрвээ чи Бурханы аливаа үйлсийг бүх зүйлийн дундаас харж, таньж чаддаггүй бол Түүний ямар ч үйлсийг гэрчилж чадахгүй. Хэрвээ чи Бурханд ямар ч гэрчлэл хийж чадахгүй бол, хэрвээ чи өөрийн мэддэг Бурхан гэгч тэр өчүүхэн Бурханы талаар ярьсаар байгаа бол, өөрийн үзэл санаагаар хязгаарласан, өчүүхэн оюун санаандаа багтаасан тийм Бурханы талаар ярьсаар байгаа бол Бурхан итгэлийг чинь хэзээ ч сайшаахгүй. Чи Бурханд гэрчлэл хийх үедээ зөвхөн Бурханы нигүүлслийг хэрхэн эдэлдэг, Бурханы сахилгажуулалт болон цээрлүүлэлтийг хэрхэн хүлээн авдаг тухай ярьж, Түүнийг гэрчлэхдээ зөвхөн Түүний ерөөлийг эдлэх аваас энэ нь маш зохисгүй бөгөөд Түүнийг сэтгэл хангалуун байлгахаас маш хол байна. Хэрвээ чи Бурханы хүсэлд нийцсэн байдлаар Түүнд гэрчлэл хийхийг, жинхэнэ Бурханыг Өөрийг нь гэрчлэхийг хүсэж байгаа бол Бурханы үйлсээс Тэр юу болох, Түүнд юу байгааг харах ёстой. Бүх зүйлийг хянах Бурханы хяналтаас чи Түүний эрх мэдлийг харж, Тэр бүх хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг тухай үнэнийг харах ёстой. Хэрвээ чи зөвхөн өдөр тутмын хоол, унд, шаардлагатай зүйлс чинь Бурханаас ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч бүх зүйлээр дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг хангадаг, мөн бүх зүйлийг захирах аргаар Тэр бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг гэсэн үнэнийг хардаггүй бол чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Би энэ бүгдийг хэлж байгаа нь ямар зорилготой вэ? Та нар үүнийг хөнгөхнөөр бүү авч үз, Миний ярьсан эдгээр сэдэв та нарын амийн оролттой хамаагүй гэж бүү бод, ингэснээр та нар эдгээр сэдвийг зүгээр нэг мэдлэг, эсвэл номлол гэж хүлээн авахгүй юм. Хэрвээ та нар үүнийг тийм хандлагаар сонсох аваас ганц ч зүйл олж авахгүй. Та нар Бурханыг мэдэх агуу боломжийг алдах болно.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө IX

464. Хүн бүх зүйлийг захирдаг хууль, шинжлэх ухааныг гүнзгий судалж болох ч тэрхүү судалгаа нь цар хүрээний хувьд хязгаарлагдмал байдаг бол Бурхан бүх зүйлийг хянадаг. Хүний хувьд, Бурханы хяналт хязгааргүй билээ. Хүн Бурханы хийсэн өчүүхэн зүйлийг судлахад бүхий л амьдралаа зориулаад ч ямар ч жинхэнэ үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Тийм учраас мэдлэг болон сурсан зүйлээ ашиглаад Бурханыг судлах аваас чи хэзээ ч Бурханыг мэдэж, ойлгож чадахгүй. Гэхдээ хэрвээ чи үнэнийг эрж хайх, Бурханыг эрж хайх замыг сонгож, Бурханыг мэдэж авах гэсэн өнцгөөс Түүнийг харах аваас нэг л өдөр Бурханы үйлдэл, мэргэн ухаан хаа сайгүй, нэгэн зэрэг байгааг танин мэдэж, Бурханыг чухам яагаад бүх зүйлийн Эзэн, бүх зүйлийн амийн эх сурвалж гэж нэрлэдгийг мэдэх болно. Чи ийм ойлголттой болох тусмаа Бурханыг бүх зүйлийн Эзэн гэж яагаад нэрлэдгийг, чамайг оролцуулаад бүх зүйл, юм болгон Бурханы тасралтгүй урсах хангалтыг байнга хүлээн авч байгааг улам их ойлгоно. Энэ дэлхий дээр, энэ хүн төрөлхтөн дунд бүх зүйлийн оршин тогтнолыг захирч, удирдан, хадгалах тийм чадвар, мөн чанар Бурханаас өөр хэнд ч байх боломжгүй гэдгийг чи бас тодорхой мэдэрч чадна. Ийм ойлголтод хүрэхдээ чи Бурхан бол чиний Бурхан гэдгийг үнэхээр танина. Энэ хэмжээнд хүрэхдээ чи Бурханыг үнэхээр хүлээн зөвшөөрч, Түүнийг өөрийн Бурхан, өөрийн Эзэн болгосон байх болно. Ийм ойлголттой болж, амь чинь ийм хэмжээнд хүрэхэд чи нэгэнт Бурханыг ойлгож, Түүний зүрх сэтгэлийг мэдэж, зүрх сэтгэлдээ Бурханыг үнэн голоосоо хүлээн зөвшөөрсөн байх учраас Бурхан чамайг шалгаж, шүүхээ больж, бас чамд ямар нэгэн шаардлага тавихаа ч болино.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө VIII

465. Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь Бурхан Өөрийн үйл хэргийг хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцахаа хэзээ ч зогсоогоогүй, Өөрийгөө хүнээс хэзээ ч нуугаагүй, Өөрөө ч нуугдаагүй билээ. Түүний бодол, санаа, үг, үйл хэрэг бүгд хүн төрөлхтөнд илчлэгддэг. Тиймээс хүн Бурханыг таньж мэдэхийг хүсэх л юм бол төрөл бүрийн арга замаар Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан өөрөөс нь санаатайгаар зайлсхийж, Өөрийгөө хүн төрөлхтнөөс санаатайгаар нуусан, хүнд Өөрийгөө ойлгуулж, мэдүүлэх санаагүй байна гэж хүн сохроор бодохын шалтгаан нь тэрээр Бурхан гэж хэн болохыг мэдэхгүй, бас Бурханыг ойлгохыг хүсэхгүйд байгаа юм. Түүгээр ч үл барам, хүн Бүтээгчийн бодол, ажил, үйл хэргийн талаар ер бодолцохгүй байгаа юм… Үнэнийг хэлэхэд, хүн ердөө өөрийн чөлөөт цагаа ашиглаад Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, тэдгээрийг ойлгож, Бүтээгчийн бодол, Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойд багахан л анхаарвал, Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг нь харагдахуйц, ил тод гэдгийг төвөггүйхэн ойлгох болно. Түүнчлэн Бүтээгч хүмүүсийн дунд цаг ямагт байдаг, Тэр хүн болон бүх бүтээлтэй үргэлж ярилцдаг, Тэр өдөр бүр шинэ үйл хэрэг бүтээдгийг ойлгоход багахан хүчин чармайлт гарна. Түүний мөн чанар, Түүний зан чанар хүнтэй ярилцахад нь харагддаг; Түүний бодол, санаа үйл хэрэгт нь шингэсэн байдаг; Тэр хүн төрөлхтөнтэй үргэлж хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүтээл бүхэнтэй Өөрийн чимээгүй үгээр ийн ярилцдаг: “Би тэнгэрт байна, Өөрийн бүтээлүүдийн дунд байна. Би харуулд гарч байна; Би хүлээж байна; Би чиний дэргэд байна…” Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний алхаа хөнгөн; Түүний хоолой зөөлөн бөгөөд ялдам; Түүний дүр нааш цааш эргэлдэж, хүн төрөлхтнийг тэврэн авдаг; Түүний зүс царай үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр хэзээ ч орхиж явж, алга болоогүй. Өдөр, шөнөгүй Тэр хүн төрөлхтөнд байнга хань болж, хэзээ ч орхиж явдаггүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

466. Хүмүүс Бурханыг ойлгодоггүй, Түүний зан чанарыг мэддэггүй бол зүрх сэтгэлээ Түүнд хэзээ ч үнэнээсээ нээж чадахгүй. Тэд Бурханыг ойлгомогцоо Түүний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгож, амтлахаар сонирхож, үүнд итгэж эхэлнэ. Бурханы зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгож, амтлах үед зүрх сэтгэл чинь аажмаар, бага багаар Түүнд нээгддэг. Зүрх сэтгэлээ Түүнд нээх үедээ чи Бурхантай наймаацсан наймаа чинь, Бурханаас нэхдэг зүйл чинь, хэрээс хэтэрсэн хүсэл чинь хэчнээн ичгүүртэй, жигшүүртэй болохыг мэдрэх болно. Зүрх сэтгэлээ Бурханд үнэхээр нээх үедээ Түүний зүрх сэтгэл маш хязгааргүй ертөнц болохыг чи ойлгож, өмнө нь хэзээ ч үзэж мэдэрч байгаагүй хүрээнд орох болно. Энэ хүрээнд ямар ч башир арга, ямар ч хууран мэхлэлт, ямар ч харанхуй, ямар ч хорон муу байдаггүй. Тэнд зөвхөн чин сэтгэл болон итгэлтэй байдал байдаг; зөвхөн гэрэл болон шударга зан байдаг; зөвхөн зөвт байдал болон сайхан сэтгэл байдаг. Энэ нь хайр, халамжаар дүүрэн, энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байдаг бөгөөд үүгээр дамжуулан чи амьд байхын аз жаргал, баяр хөөрийг мэдэрнэ. Эдгээр зүйл нь зүрх сэтгэлээ Бурханд нээсний чинь дараа Түүний чамд илчлэх зүйл юм. Энэхүү хязгааргүй ертөнц Бурханы мэргэн ухаанаар дүүрэн, Түүний бүхнийг чадагч байдлаар дүүрэн байдаг; энэ нь мөн Түүний хайр, Түүний эрх мэдлээр дүүрэн байдаг. Эндээс чи Бурханд юу байгаа болон Тэр юу болох, Түүнд юу баяр баясгалан авчирдаг, Тэр яагаад санаа зовдог, Тэр яагаад гунигладаг, Тэр яагаад уурладаг… гэх мэт бүх талыг харж болно. Энэ нь өөрийнхөө зүрх сэтгэлийг нээж, Бурханыг оруулсан хүн нэг бүрийн харж чадах зүйл юм. Чи зүрх сэтгэлээ Түүнд нээсэн цагт л Бурхан зүрх сэтгэлд чинь орж чадна. Хэрвээ Тэр зүрх сэтгэлд чинь орох л юм бол чи Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг харж чадах ба мөн чамайг гэх Түүний хүслийг харж чадна. Тэр үед чи Бурханы талаарх юм бүхэн маш үнэ цэнтэй бөгөөд Түүнд юу байгаа, Тэр юу болохыг үнэхээр эрхэмлэвээс зохистой гэдгийг олж мэдэх болно. Үүнтэй харьцуулахад эргэн тойронд чинь байгаа хүмүүс, юмс, үйл явдлууд, тэр ч байтугай хайртай хүмүүс, хань нөхөр, дуртай зүйлсийг чинь бараг дурдахын ч хэрэггүй юм. Тэдгээр нь маш өчүүхэн, маш дорд; ямар ч эд зүйл чамайг дахин хэзээ ч татаж чадахгүй, мөн ямар ч эд зүйл чамайг уруу татан, үүний төлөө ямарваа нэгэн төлөөс төлүүлж дахиад хэзээ ч чадахгүй гэдгийг чи мэдэрнэ. Бурханы даруу зангаас чи Түүний агуу байдал, бүхнээс давуу чанарыг нь харах болно; түүнчлэн чиний нэлээд жижиг гэж итгэж байсан, Түүний хийсэн зүйлээс чи Түүний хязгааргүй мэргэн ухааныг болон хүлээцтэй байдлыг харж, Түүний тэвчээр, тэсвэр, мөн чиний талаарх ойлголтыг харах болно. Энэ нь чамд Түүнийг хайрлах хайрыг төрүүлнэ. Хүн төрөлхтөн ийм бузар ертөнцөд амьдарч байгааг, хажууд чинь байгаа хүмүүс, амьдралд чинь тохиолддог зүйлс, бүр хайрладаг хүмүүсийг чинь ч, чамайг гэсэн тэдний хайр, хамгаалалт, халамж гэгчийг нь хүртэл дурдахын ч хэрэггүй—гагцхүү Бурхан л чиний хайртай Нэгэн бөгөөд чиний хамгийн их эрхэмлэдэг Нэгэн бол гагцхүү Бурхан юм гэдгийг чи тэр өдөр мэдрэх болно. Тэр өдөр ирэхэд дараах зүйлийг хэлэх хүмүүс гарна гэж Би итгэж байна: Бурханы хайр маш агуу бөгөөд Түүний мөн чанар маш ариун—Бурханд ямар ч заль мэх, ямар ч хорон муу, ямар ч атаархал, хэрүүл тэмцэл байдаггүй, харин зөвхөн зөвт байдал, жинхэнэ байдал л байдаг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохын юм бүхнийг хүн хүсэн эрмэлзэх хэрэгтэй. Хүмүүс үүний төлөө хичээж, эрмэлзэх хэрэгтэй. Үүнд хүрэх хүн төрөлхтний чадвар юун дээр үндэслэдэг вэ? Энэ нь Бурханы зан чанарын талаарх хүмүүсийн ойлголт болон Бурханы мөн чанарын талаарх тэдний ойлголт дээр үндэслэдэг. Иймээс Бурханы зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгох нь хүн бүрийн насан туршийн хичээл бөгөөд энэ нь зан чанараа өөрчлөхийг эрмэлздэг, Бурханыг мэдэхийг эрмэлздэг хүн бүрийн зорих насан туршийн зорилго юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

467. Бурхан Өөрөө бол Бурхан л Өөрөө. Тэр хэзээ ч бүтээлийн нэг хэсэг болохгүй, бүтээгдсэн зүйлсийн нэг болсон ч гэсэн, Түүний төрөлх зан чанар болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурханыг мэдэх нь эд юмыг мэдэхтэй адил биш; Бурханыг мэдэх нь ямар нэг зүйлийг задлан шинжлэх явдал биш, хүнийг ойлгохтой ч бас адилгүй. Хэрвээ хүн эд юмыг мэдэх, эсвэл хүнийг ойлгох үзэл баримтлал, арга барилаа Бурханыг мэдэхэд ашигладаг бол Бурханы талаарх мэдлэгийг хэзээ ч олж авч чадахгүй. Бурханыг мэдэх нь туршлага, төсөөллөөс хамааралтай биш учраас чи туршлага болон төсөөллөө Бурханд хэзээ ч тулгах ёсгүй; туршлага болон төсөөлөл чинь хэчнээн ч баялаг байсан, бас л хязгаарлагдмал юм. Үүнээс ч илүүтэйгээр төсөөлөл чинь баримттай нийцдэггүй, үнэнтэй бүр ч нийцдэггүй, Бурханы жинхэнэ зан чанар болоод мөн чанартай таардаггүй. Бурханы мөн чанарыг ойлгохын тулд төсөөлөлдөө найдах юм бол чи хэзээ ч амжилт олохгүй. Цорын ганц зам бол Бурханаас ирдэг бүхнийг хүлээн авч, дараа нь аажмаар туулж, ойлгох явдал юм. Ингээд зогсохгүй, хамтарч ажилласны чинь төлөө, бас үнэнээр өлсөж, цангасны чинь төлөө Өөрийгөө үнэхээр ойлгуулж, мэдүүлэхээр Бурхан чамайг гэгээрүүлэх өдөр ирнэ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө II

468. “Бурханаас эмээж, муугаас зайлах” болон Бурханыг мэдэх нь тоо томшгүй олон уялдаагаар салшгүй холбогддог ба тэдгээрийн хоорондох холбоо илэрхий юм. Хэрвээ хүн муугаас зайлахыг хүсвэл эхлээд Бурханаас үнэхээр эмээх ёстой; хэрвээ хүн Бурханаас үнэхээр эмээхийг хүсвэл эхлээд Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байх ёстой; хэрвээ хүн Бурханы талаар мэдлэгтэй болохыг хүсвэл Бурханы үгийг туулж, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы цохилт, сахилгажуулалт, гэсгээлт, шүүлтийг туулах ёстой; хэрвээ хүн Бурханы үгийг туулахыг хүсвэл эхлээд Бурханы үгтэй нүүр тулж, Бурхантай нүүр тулж, хүмүүс, үйл явдал, эд зүйлтэй холбоотой төрөл бүрийн орчинд Бурханы үгийг туулах боломжоор хангахыг Бурханаас гуйх ёстой; хэрвээ хүн Бурхан болон Бурханы үгтэй нүүр тулахыг хүсвэл эхлээд цайлган, үнэнч зүрх сэтгэл, үнэнийг хүлээн авахад бэлэн байдал, зовлон бэрхшээл туулах хүсэл, муугаас зайлах шийдвэр, эр зориг болон жинхэнэ бүтээгдсэн зүйл болох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой… Ийм маягаар алхам алхмаар урагшилснаар чи Бурхантай улам бүр ойртож, зүрх сэтгэл чинь илүү ариун болж, чиний амьдрал болон амьд байхын үнэ цэн Бурханыг мэдэж авснаас чинь үүдэн улам бүр утга учиртай, улам бүр гэрэл гэгээтэй болно. Нэг л өдөр чи Бүтээгч оньсого байхаа больсныг болон Бүтээгч хэзээ ч чамаас нуугдаагүй, Бүтээгч хэзээ ч нүүрээ чамаас нуугаагүй, Бүтээгч чамаас огтхон ч хол байдаггүй, мөн Бүтээгч чиний цаг үргэлж боддог ч мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн байхаа больж, үнэхээр баруун зүүн талд чинь хамгаалан зогсож, чиний амийг хангаж, хувь заяаг чинь хянаж байдаг гэдгийг мэдэрнэ. Тэрээр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй, мөн Өөрийгөө өндөрт үүлэн дунд ч нуугаагүй. Тэр чиний яг хажууд, бүх зүйлийг чинь захирч байдаг, Тэр бол чиний бүх зүйл, чамд байгаа цорын ганц зүйл юм. Тийм Бурхан л зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрлаж, Түүнээс зүүгдэж, Түүнд ойр байж, Түүнийг биширч, Түүнийг алдахаас айж, Түүнээс татгалзах, Түүнд дуулгаваргүй байх, Түүнээс холдох, Түүнээс бултах хүсэлгүй болох боломжийг чамд олгодог. Түүнд анхаарал тавьж, Түүнийг дуулгавартай дагаж, чамд өгсөн бүхнийх нь ачийг хариулж, Түүний эрх мэдэлд захирагдахыг л чи хүсдэг. Чи цаашид Түүгээр удирдуулж, хангагдаж, халамжлуулж, хамгаалагдахаас татгалзахгүй, мөн чиний төлөөх Түүний захиралт, зохицуулалтаас цаашид татгалзахгүй. Түүнийг л дагаж, Түүний хажууд Түүнтэй хамт байхыг л чи хүсэх бөгөөд Түүнийг өөрийн цорын ганц амь гэж хүлээн авах, Түүнийг өөрийн цорын ганц Эзэн, өөрийн цорын ганц Бурхан гэж хүлээн авахыг л чи хүсдэг билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг

Тайлбар:

а. Эх бичвэрт “Бурханыг мэдэх ажил” гэж байдаг.

Өмнөх: 10.10. Хэрхэн Бурханыг хайрлахаар эрж хайх тухай

Дараах: 10.12. Хэрхэн Бурханд үйлчилж, гэрчлэл хийх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх