10.10. Хэрхэн Бурханыг хайрлахаар эрж хайх тухай
436. Бурханы мөн чанар бол зөвхөн хүнээр итгүүлэх биш; бас хүнээр хайрлуулах явдал юм. Гэвч Бурханд итгэдэг олон хүн энэ “нууцыг” олж мэдэх чадваргүй байдаг. Хүмүүс Бурханыг хайрлаж зүрхэлдэггүй, Түүнийг хайрлах гэж хичээдэг ч үгүй. Бурханд хайр татам зүйл маш олон байгааг тэд хэзээ ч олж мэдээгүй; Бурхан бол хүнийг хайрладаг Бурхан, Тэр бол хүнээр хайрлуулах ёстой Бурхан гэдгийг тэд хэзээ ч олж мэдээгүй. Бурханы хайр татам байдал Түүний ажлаас илэрдэг: Бурханы ажлыг туулсан үедээ л хүмүүс хайр татам байдлыг нь олж мэддэг; бодит байдал дээр л Бурханы хайр татам байдлыг ойлгож чаддаг; бодит амьдрал дээр мэдэрч, ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий боловч Түүнтэй бодитоор харилцахгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махбод болоогүй бол хүмүүс бодитоор Түүнтэй харилцаж чадахгүй байх байсан. Хэрэв тэд бодитоор Түүнтэй харилцах чадахгүй байсан бол Түүний ажлыг бас мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайр ихээхэн худал хуурмаг болон төсөөллөөр сэвтэх байлаа. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлахтай адил бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг өөрсдийн нүдээр харж, биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр төсөөлөл дээр нь үндэслэн бий болсон байдаг. Бурхан газар дээр ирэх үед хүмүүс Түүний бодит үйл хэрэг, хайр татам байдлыг харж чаддагийн дээр тэд Түүний бодитой болоод хэвийн зан чанарыг бүгдийг нь харж чадна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс хэдэн мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, энэ хайранд бодитой зүйл юу ч байхгүй, хүмүүний санаагаар дүүрэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; өчүүхэн бага байлаа ч гэсэн, жинхэнэ юм. Бурхан бодит ажлаар дамжуулан хүмүүст Өөрийгөө мэдүүлдэг бөгөөд уг мэдлэгээр дамжуулан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Есүсийг гэх үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүнтэй хамт амьдардаг бөгөөд хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна
437. “Хайр” гэдэг нь цэвэр, өө сэвгүй сэтгэл татагдалтыг хэлдэг бөгөөд зүрх сэтгэлээ ашиглан хайрлах, мэдрэх, хайхрамжтай байхыг хэлдэг. Хайранд ямар ч болзол, саад бэрхшээл, зай гэж үгүй. Хайранд ямар ч сэжиг, хууран мэхлэлт, заль мэх байдаггүй. Хайранд ямар ч наймаа, хольц үгүй. Хэрэв чи хайрладаг бол мэхлэхгүй, гомдоллохгүй, урвахгүй, тэрслэхгүй, юм нэхэхгүй, эсвэл ямар нэг зүйлийг олж авахаар, тодорхой хэмжээгээр олж авахаар эрэлхийлэхгүй. Хэрэв чи хайрладаг бол өөрийгөө баяртайяа зориулж, бэрхшээлийг баяртайгаар туулж, Надтай нийцэлтэй байж, Миний төлөө өөрт байгаа бүхнээ хаяж, гэр бүл, ирээдүй, залуу нас, гэрлэлтээ орхино. Эс тэгвээс, чиний хайр ердөө ч хайр биш, харин хууран мэхлэлт, урвалт байх болно! Чиний хайр ямар хайр вэ? Жинхэнэ хайр мөн үү? Эсвэл хуурамч уу? Чи хэр ихийг хаясан бэ? Чи хэр ихийг өргөн барьсан бэ? Чамаас Би хэр их хайр хүлээн авсан бэ? Чи мэдэх үү? Зүрх сэтгэл чинь ёрын муу, урвалт, хууран мэхлэлтээр дүүрэн байдаг—ийм байхад та нарын хайрын хэчнээн нь хольцтой байх вэ? Та нар Миний төлөө аль хэдийн хангалттай ихийг орхисон гэж боддог; Намайг гэх хайр чинь аль хэдийн хангалттай гэж боддог. Тэгвэл үг, үйлдэл чинь яагаад үргэлж тэрслүү, хуурамч байдаг юм бэ? Та нар Намайг дагадаг мөртөө Миний үгийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч дараа нь Намайг хаядаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч Надад итгэдэггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг атлаа Миний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг мөртөө хэн бэ гэдэгт минь тохируулж Надад ханддаггүй, цаг ямагт Надад хүндрэл учруулдаг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг дагадаг ч бүх хэрэг явдал дээр Намайг хуурч, мэхлэхээр хичээдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Надад үйлчилдэг хэрнээ Надаас айдаггүй. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар Намайг бүх талаар, бүх зүйл дээр эсэргүүцдэг. Үүнийг хайр гэж үзэх үү? Та нар ихийг зориулсан нь үнэн ч Миний шаарддаг зүйлийг хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй. Үүнийг хайр гэж үзэж болох уу? Хянуур тооцоолол нь, Намайг гэх хайрын өчүүхэн ч сэжүүр та нарын дотор байдаггүй гэдгийг харуулдаг. Маш олон жилийн ажил болон энэ бүх үгээр хангасны минь дараа та нар үнэндээ хэр ихийг олж авсан бэ? Өнгөрснөө анхааралтай харвал зохистой бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн
438. Бурханыг хайрлах хичээлээс илүү гүн гүнзгий хичээл гэж үгүй бөгөөд насан туршдаа итгэхдээ хүмүүсийн авдаг сургамж нь Бурханыг хэрхэн хайрлах тухай байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг хайрлах ёстой. Чи Бурханд итгэдэг л болохоос Түүнийг хайрладаггүй, Бурханы тухай мэдлэгийг олж аваагүй, зүрх сэтгэлийн гүнээс гардаг жинхэнэ хайраар Бурханыг хэзээ ч хайрлаж байгаагүй бол Бурханд итгэх итгэл чинь ямар ч үр ашиггүй юм; хэрвээ чи Бурханд итгэхдээ Бурханыг хайрладаггүй бол чи хий дэмий амьдарч байгаа бөгөөд амьдрал чинь тэр чигээрээ бүхий л амьдралаас хамгийн дорд байдаг. Чи бүх амьдралынхаа туршид Бурханыг хэзээ ч хайрлаж, сэтгэл хангалуун байлгаж байгаагүй бол амьдрахын хэрэг юу байна? Мөн чи Бурханд итгэхийн хэрэг юу байна? Энэ чинь хүчин чармайлтын гарз бус уу? Өөрөөр хэлбэл, хэрвээ хүмүүс Бурханд итгэж, хайрлах гэж байгаа бол төлөөс төлөх ёстой. Гаднаа ямар нэг юм хийх гэж хөөцөлдөхгүй, харин зүрх сэтгэлийнхээ гүнд жинхэнэ танин мэдэхүйтэй байх хэрэгтэй. Хэрвээ чи урам зоригтойгоор дуулж, бүжиглэдэг боловч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол Бурханыг хайрладаг гэж чамайг хэлж болох уу? Бурханыг хайрлахдаа бүх зүйл дээр Бурханы санаа зорилгыг эрж хайж, ямар нэгэн зүйл тохиолдох үед үндэс рүү нь гүн нэвтэрч, Бурханы санаа зорилгыг ухамсарлахаар оролдож, эдгээр хэрэг явдал дээр Бурханы санаа зорилго юу болох, чамайг юунд хүр гэж Тэр шаарддаг, Түүний санаа зорилгыг хэрхэн харгалзан үзэх хэрэгтэйг харах гэж оролдох шаардлагатай. Жишээ нь: Зовлон бэрхшээл туулахыг шаардсан ямар нэг зүйл тохиолдоход Бурханы санаа зорилго юу болох, Түүний санаа зорилгыг хэрхэн харгалзан үзэх хэрэгтэйгээ чи ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө үгүйсгэ. Махан биеэс илүү жигшүүртэй юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлж, үүргээ биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэ хэрэг явдал дээр Бурхан чамд онцгой гэгээрэл авчирч, зүрх сэтгэл чинь бас тайтгарлыг олох болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг
439. Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сүнсний аврал болоод махан биеийн сайн сайхны төлөө биш, мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан амьдралаа баяжуулах гэх мэт ч биш гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн сайн сайхны төлөө, эсвэл түр зуурын таашаалын төлөө Бурханыг хайрладаг бол эцэст нь Бурханыг гэсэн хайр чинь оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг хүмүүс биш, харин амар хялбар амьдралд шунадаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь албадсан, сэтгэлийн баяр хөөрийн төлөөх эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чиний хайр ямар төрлийн хайр нь вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын чинь хайр дээр дурдсантай адил байдаг. Ийм хайр нь зөвхөн тухайн байдлыг л хадгалдаг; энэ нь хувиршгүй байж чаддаггүй, мөн хүнд үндэслэж ч чаддаггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимслэлгүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи нуран унана. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ л Бурханыг хайрлаж, дараа нь амь зан чанар чинь өөрчлөгдөөгүй хэвээр бол чи харанхуйн нөлөөний бүрхүүлээс зугтаж чадахгүй хэвээр байх бөгөөд Сатанд хүлэгдэж, түүнд мэхлүүлэхээс чөлөөлөгдөж мөн л чадахгүй байх болно. Тийм ямар ч хүн Бурханаар бүрэн авхуулж чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Үүнд эргэлзэх зүйл үгүй. Бурханаар бүрэн авхуулж чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, өөрөөр хэлбэл, Сатан руу буцан очих бөгөөд Бурханаас ирэх шийтгэлийн дараагийн алхмыг хүлээн авахын тулд гал болон хүхэрт нууранд унана. Бурханаар авхуулсан хүмүүс нь Сатаныг орхиж, эрхшээлээс нь зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардын тоонд оруулна. Ингэж л хаанчлалын ард бий болдог билээ. Чи ийм хүн болохыг хүсэж байна уу? Чи Бурханаар авхуулахыг хүсэж байна уу? Чи Сатаны эрхшээлээс зугтаж, Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу, эсвэл хаанчлалын ардын тоонд орсон уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ
440. Хүн үргэлжид харанхуйн нөлөөний нөмрөг дор, Сатаны нөлөөнд хүлэгдэн, мултарч чадахгүй амьдарч ирсэн бөгөөд түүний зан чанарыг Сатан төлөвшүүлсэн болохоор улам бүр ялзарсаар байдаг. Хүн үргэлж ялзарсан сатанлаг зан чанартаа автан амьдарч, Бурханыг үнэхээр хайрлаж чаддаггүй гэж хэлж болно. Ийм болохоор хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсвэл өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө өргөмжилдөг, биеэ тоосон, ихэрхүү зан гэх мэт Сатаны зан чанарт харьяалагддаг бүхнээсээ ангижрах ёстой. Эс бөгөөс, түүний хайр бохирдсон, сатанлаг хайр бөгөөд Бурханы сайшаалыг хүртэж яасан ч чадахааргүй хайр юм. Ариун Сүнс шууд төгс болгож, харьцаж, эвдэж, засаж, сахилгажуулж, цохиж, цэвэршүүлэхгүй бол хэн ч Бурханыг жинхэнээсээ хайрлаж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ялзарсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй
441. Хүмүүс Бурхантай зүрх сэтгэлээрээ холбогдож, зүрх сэтгэлээ Түүн рүү бүрэн эргүүлж чаддаг болох үе бол Бурханыг гэх хүний хайрын эхний алхам юм. Бурханыг хайрлахыг хүсдэг бол эхлээд зүрх сэтгэлээ Түүн рүү эргүүлж чаддаг байх ёстой. Зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх гэж юу вэ? Энэ нь зүрх сэтгэлдээ эрэлхийлдэг бүхэн чинь Бурханыг хайрлаж, олж авахын төлөө байх тэр үе юм. Зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн гэдгийг чинь энэ харуулдаг. Зүрх сэтгэлд чинь Бурхан болон Түүний үгээс өөр бараг юу ч (гэр бүл, эд хөрөнгө, эхнэр, нөхөр, үр хүүхэд гэх мэт) байхгүй. Байлаа ч гэсэн тийм зүйлс зүрх сэтгэлийг чинь эзэмдэж чадахгүй бөгөөд чи хэтийн ирээдүйгээ бодох бус, харин зөвхөн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэг. Тийм л үед чи зүрх сэтгэлээ Бурхан руу бүрэн эргүүлсэн байх болно. Чи зүрх сэтгэлдээ өөртөө зориулсан төлөвлөгөөг гаргасаар л, үргэлж өөрийн хувийн ашиг хонжоог хөөж: “Би хэзээ Бурханаас жаахан зүйл хүсэж болох бол? Гэр бүл минь хэзээ чинээлэг болох вэ? Би яаж хэдэн аятайхан хувцастай болох вэ? …” хэмээн үргэлж боддог гэж үзье. Хэрвээ чи ийм байдалд амьдарч байгаа бол зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргээгүй байгааг энэ нь харуулдаг. Чи зүрх сэтгэлдээ зөвхөн Бурханы үгийг тээж, яг л Бурхан чамд маш ойр байгаа мэт, яг л Тэр чиний дотор, чи Түүний дотор байгаа мэт хэзээд ч Бурханд залбирч, ойр байдаг болсон бол, хэрэв чи ийм төлөв байдалд байгаа бол зүрх сэтгэл чинь Бурханы өмнө байна гэсэн үг юм. Чи Бурханд залбирч, Түүний үгийг өдөр бүр идэж, уудаг, мөн чуулганы ажлыг байнга боддог, Бурханы хүсэлд анхаарал тавьж, Түүнийг жинхэнээсээ, сэтгэлээсээ хайрлаж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун болгодог бол зүрх сэтгэл чинь Бурханд харьяалагдана. Хэрвээ зүрх сэтгэлийг чинь өөр олон зүйл эзэмддэг бол Сатанд эзэмдүүлсэн хэвээр л байгаа бөгөөд Бурхан руу үнэхээр эргээгүй байна. Хүний зүрх сэтгэл Бурхан руу үнэхээр эргэсэн бол Бурханыг чин сэтгэлээсээ, аяндаа хайрлаж, Түүний ажлыг анхаарч чаддаг болдог. Тэдэнд мунхаглаж, эрүүл ухаангүй загнах үе гарсаар байх хэдий ч тэд Бурханы гэрийн ашиг сонирхол, Түүний ажил болон өөрсдийн зан чанарын өөрчлөлтөд анхаарал тавьдаг бөгөөд сайхан сэтгэл өвөрлөж явдаг юм. Зарим хүн юм болгоныг чуулганы төлөө хийдэг гэдэг боловч үнэн хэрэгтээ өөрсдийнхөө ашиг тусын төлөө ажиллаж байдаг. Ийм хүмүүс буруу санаа зорилготой юм. Тэд бол шударга бус, ов мэхтэй бөгөөд хийдэг ихэнх зүйл нь хувийн ашиг хонжооны төлөө байдаг. Ийм хүн Бурханыг хайрлахаар эрэлхийлдэггүй; зүрх сэтгэл нь Сатанд харьяалагдсан хэвээр байж, Бурхан руу эргэж чаддаггүй. Тиймээс Бурхан ийм хүнийг олж авах ямар ч аргагүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах жинхэнэ хайр аяндаа төрдөг
442. Хүмүүс дээр Бурханы хийдэг ажлын алхам бүр нь гаднаасаа хүмүүсийн хоорондын харилцаа мэт, хүний зохицуулалт, хүний үймээнээс үүдэлтэй мэт харагддаг. Гэвч ажлын алхам бүрийн ард, тохиолдож буй юм бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсохыг хүмүүсээс шаарддаг. Жишээ нь, Иовыг шалгасан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай мөрий тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл, хүмүүсийн үймээн байсан. Та нар дээр хийдэг Бурханы ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан мөрий байдаг—үүний ард тэмцэл байдаг. Жишээлбэл, ах эгч нараа алагчилж үздэг бол Бурханд таалагдахгүй болов уу гэж чамд санагддаг, хэлэхийг хүсдэг үг байх боловч хэлэхгүй бол чиний дотор таагүй санагдаж, энэ мөчид чиний дотор тэмцэл эхэлнэ: “Би хэлэх үү, болих уу?” Энэ бол тэмцэл. Иймээс чамтай тулгардаг бүх зүйлд тэмцэл байдаг, чиний дотор тэмцэл байх үед, чи бодитоор хамтран ажиллаж, бодитоор зовсны ачаар Бурхан чиний дотор ажилладаг. Эцэст нь чи сэтгэл доторх асуудлыг хойш тавьж чаддаг болж, уур бухимдал аяндаа намждаг. Энэ бол Бурхантай хамтран ажилласны чинь үр дүн юм. Хүмүүсийн хийдэг бүхэн тодорхой хэмжээний зүрх сэтгэлийн цусыг нь шаарддаг. Жинхэнэ зовлон бэрхшээлгүйгээр Бурханыг сэтгэл хангалуун болгож чадахгүй; Бурханыг сэтгэл хангалуун болгоход дөхөж очих ч үгүй, хоосон уриа лоозон урсгахаас цаашгүй! Эдгээр хоосон уриа лоозон нь Бурханыг сэтгэл хангалуун болгож чадах уу? Бурхан, Сатан хоёр сүнсний ертөнцөд тулаан хийх үед чи Бурханыг хэрхэн сэтгэл хангалуун болгож, Түүнд хийх гэрчлэлдээ хэрхэн бат зогсох ёстой вэ? Чамд тохиолддог бүхэн асар их шалгалт гэдгийг, мөн Бурхан чамаар гэрчлэл хийлгэх хэрэгтэй цаг үе гэдгийг чи мэдэх ёстой. Гаднаа тэдгээр нь чухал биш юм шиг байж болох ч эдгээр зүйл тохиолдох үед Бурханд хайртай юу, үгүй юу гэдэг чинь харагддаг. Хэрвээ хайртай бол чи Түүнд гэрчлэл хийхдээ бат зогсож чадна, хэрвээ чи Түүнийг гэх хайрыг хэрэгжүүлээгүй бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш гэдгийг, мөн чамд үнэн, амь байхгүй агаад хивэг гэдгийг чинь энэ нь харуулдаг! Хүмүүст ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд Бурханд гэрчлэл хийхдээ бат зогсох шаардлагатай байдаг. Одоохондоо чамд ямар ч томоохон зүйл тохиолдоогүй, чи агуу гэрчлэл хийдэггүй хэдий ч өдөр тутмын амьдралын чинь нарийн ширийн юм бүхэн Бурханд гэрчлэл хийхтэй холбоотой байдаг. Хэрвээ чи ах эгч нар, гэр бүлийн гишүүд, эргэн тойронд чинь байгаа хүн бүрийн бахдал бишрэлийг олж авч чадвал; хэрвээ нэгэн өдөр шүтлэггүй хүмүүс ирээд хийдэг бүхнийг чинь биширч, Бурханы хийдэг бүхэн гайхалтай гэдгийг харвал чи гэрчлэл хийсэн байх болно. Чамд танин мэдэх чадвар байхгүй, хэв чанар чинь дорд байсан хэдий ч Бурхан чамайг төгс болгосноор чи Түүнийг сэтгэл хангалуун болгож, Түүний санаа зорилгыг харгалзан үзэж, Бурхан хамгийн дорд хэв чанартай хүмүүст ямар агуу ажил хийснийг бусдад харуулж чаддаг. Хүмүүс Бурханыг мэдэж авч, Сатаны өмнө ялагчид болж, Бурханд туйлын үнэнч байх үед энэ бүлэг хүмүүсээс илүү ноён нуруутай хэн ч байхгүй байх бөгөөд энэ нь хамгийн агуу гэрчлэл юм. Хэдийгээр чи агуу ажил хийх чадваргүй ч Бурханыг сэтгэл хангалуун болгож чаддаг. Бусад хүн үзлээ хойш тавьж чаддаггүй боловч чи чадна; бусад хүн өөрсдийн бодит туршлагын үеэр Бурханд гэрчлэл хийж чаддаггүй ч чи бодит биеийн хэмжээ болон үйлдлээрээ Бурханы хайрыг хариулж, Түүнд цангинасан гэрчлэл хийж чадна. Зөвхөн үүнийг л Бурханыг бодитойгоор хайрлаж байгаад тооцно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг
443. Бурханыг хайрладаг хүмүүс бол үнэнийг хайрладаг хүмүүс бөгөөд үнэнийг хайрладаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх тусмаа улам их үнэнтэй болдог; үнэнийг хэрэгжүүлэх тусмаа Бурханы хайрыг төдий чинээ хүртдэг; үнэнийг хэрэгжүүлэх тусмаа Бурханаар төдий чинээ ерөөгддөг. Хэрвээ чи үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл яг л Петр Бурханыг мэдэж авсантай адилаар чамайг гэх Бурханы хайр чамд аажмаар харуулна: Бурханд тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээх мэргэн ухаан байгаад зогсохгүй, бас хүмүүст бодит ажил хийх мэргэн ухаан бий гэж Петр хэлсэн. Петр хэлэхдээ, Тэр зөвхөн тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээснийхээ төлөө төдийгүй, цаашлаад хүмүүсийг бүтээх, аврах, төгс болгох, Өөрийн хайрыг хүмүүст өвлүүлэх чадварынхаа улмаас хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэсэн. Мөн хүний хайрыг хүртэх эрхтэй маш их зүйл Түүнд байдаг хэмээн Петр хэлсэн. Петр Есүст хэлэхдээ: “Та тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн болохоор л хүмүүсийн хайрыг хүртэх эрхтэй гэж үү? Танд илүү их хайр татам зүйл бий. Та бодит амьдрал дээр үйлдэж, хөдөлдөг, Таны Сүнс сэтгэлийг минь хөдөлгөж, Та намайг сахилгажуулж, зэмлэдэг—эдгээр зүйл чинь хүмүүсийн хайрыг бүр ч илүү хүртэх эрхтэй” гэсэн. Хэрвээ чи Бурханы хайрыг харж, мэдрэхийг хүсвэл, бодит амьдрал дээр эрж хайж, судлах ёстойн дээр махан биеэ хаяхад бэлэн байх хэрэгтэй. Чи ийм шийдвэр гаргах ёстой. Чи залхуурч, махан биеийн зугаа цэнгэлд шуналгүйгээр, махан биеийн төлөө бус харин Бурханы төлөө амьдарч бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадах шийдэмгий хүн байх ёстой. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй үе байж болно. Яагаад гэвэл чи Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй; дараагийн удаа, чамаас илүү их хүчин чармайлт шаардах байсан ч гэсэн чи махан биеийг бус Бурханыг сэтгэл хангалуун байлгах ёстой. Ийм маягаар туршлагажвал чи Бурханыг мэдэж авах болно. Бурхан тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээж чадсан, хүмүүс Түүнийг үнэхээр, бодитоор харж, Түүнтэй бодитоор харилцаж чадаасай гэсэндээ Тэр махбод болсон, Тэр хүмүүсийн дунд алхаж чаддаг, Түүний Сүнс бодит амьдрал дээр хүмүүсийг төгс болгож, Түүний хайр татам байдлыг харж, Түүний сахилгажуулалт, цээрлүүлэлт болон ерөөлийг мэдрэх боломж олгодгийг чи харна. Хэрвээ чи үргэлж ийм маягаар туршлагажвал бодит амьдрал дээр Бурханаас салшгүй байх ба хэзээ нэг өдөр Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байхаа боливол чи зэмлэл хүртэж, гэмшиж чаддаг болно. Бурхантай хэвийн харилцаатай байхдаа чи Бурханыг орхихыг хэзээ ч хүсэхгүй бөгөөд хэрвээ нэг өдөр л Бурхан чамайг орхино гэдгээ хэлбэл чи айж, Бурханд хаягдсанаас үхсэн нь дээр гэж чи хэлнэ. Чамд ийм сэтгэл хөдлөл төрмөгц Бурханыг орхиж чадахгүй гэдгээ чи мэдэрнэ, ийм маягаар чи үндэс суурьтай болж, Бурханы хайрыг жинхэнээр нь эдэлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна
444. Өнөөдөр чи Бурханыг яг хэр их хайрладаг вэ? Бурханы чиний дотор хийсэн бүхний талаар яг хэр ихийг мэддэг вэ? Эдгээр нь чиний сурах ёстой сургамж юм. Бурхан газар дээр ирээд хүний дотор хийсэн, хүнд харуулсан бүхэн нь хүнээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийгөө үнэхээр мэдүүлэхийн төлөө байдаг. Хүн Бурханы төлөө зовж, өдий хүрч чадсан нь нэг талаар Бурханы хайраас, нөгөө талаар Бурханы авралаас болдог; үүнээс ч илүүтэйгээр энэ нь хүний дотор Бурханы хийдэг шүүлт, гэсгээлтийн ажлаас болдог. Хэрэв та нарт Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт байхгүй бол, хэрэв Бурхан та нарыг зовоогоогүй бол ний нуугүй хэлэхэд, та нар Бурханыг үнэхээр хайрлахгүй. Хүний доторх Бурханы ажил их байх тусам, хүний зовлон их байх тусам Бурханы ажил хэчнээн утга учиртайг төдий чинээ харуулдаг бөгөөд хүний зүрх сэтгэл Бурханыг төдий чинээ жинхэнээсээ хайрлаж чаддаг. Бурханыг хайрлах энэ сургамжид хэрхэн хүрдэг вэ? Зовлон, цэвэршүүлэлтгүйгээр, зовлонт шалгалтгүйгээр—түүнчлэн Бурхан хүнд нигүүлсэл, хайр энэрэл, өршөөлийг л өгдөг байсан бол чи Бурханыг үнэхээр хайрлаж чадах хэмжээнд хүрэх байсан уу? Бурханы шалгалтын үеэр хүн нэг талаар, өөрийнхөө дутагдлыг мэдэж авч, өчүүхэн, жигшүүртэй, дорд гэдгээ болон өөрт нь юу ч байхгүй, өөрөө юу ч биш гэдгийг хардаг; нөгөө талаар, шалгалтын үеэр Бурхан хүнд зориулан зарим орчныг бүрдүүлдэг, ингэснээр хүн тэр орчинд Бурханы хайр татам байдлыг бүр илүү мэдэрч туулж чаддаг. Хэдий өвдөлт шаналал асар их, заримдаа гэтлэхийн аргагүй байдаг ч—бүр туйлын их гаслангийн хэмжээнд хүрдэг ч—үүнийг туулаад хүн өөрийнх нь доторх Бурханы ажил хэчнээн хайр татам болохыг хардаг бөгөөд энэ суурин дээр л Бурханыг гэх жинхэнэ хайр хүний дотор төрдөг. Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
445. Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд зовлон үнэ цэнгүй, дэлхий ертөнц өөрсдийг нь голдог, ар гэрийнх нь амьдрал төвөгтэй, өөрсдөө Бурханд таалагддаггүй, хэтийн ирээдүй нь бүрхэг гэж боддог. Зарим хүн тодорхой хэмжээнд зовох үедээ бүр үхэхийг ч хүсдэг. Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, ноён нуруугүй, чадваргүй! Хүн Өөрийг нь хайрлаасай хэмээн Бурхан хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг хайрлах тусам хүний зовлон улам ихэсдэг бөгөөд хүн Түүнийг хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрвээ чи Түүнийг хайрлавал төрөл бүрийн зовлон чамайг нөмөрнө, хэрвээ хайрлахгүй бол магадгүй бүх зүйл төвөггүй явагдаж, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болно. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл даван туулшгүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Бас биеийн хэмжээ чинь дэндүү жаахан учраас цэвэршүүлэгдэж, Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй—Бурханы санаа зорилго хэтэрхий өндөр дээд, хүн хүрэхийн аргагүй гэдгийг үргэлж мэдэрнэ. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ—чиний дотор ихээхэн сул тал байдаг учраас, чи олон талаар Бурханы санаа зорилгыг хангаж чадахгүй учраас дотроо цэвэршүүлэгдэнэ. Гэсэн ч цэвэршүүлэлтээр л дамжуулан ариусгалтад хүрдэг гэдгийг та нар тодорхой харах ёстой. Тиймээс эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханы төлөө гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсээ хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохион байгуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм. Сатанд уруу татагдах үедээ чи: “Миний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаг, Бурхан намайг аль хэдийн олж авсан. Би чамайг хангалуун байлгаж чадахгүй—би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханыг хангалуун байлгах тусам Бурхан чамайг улам их ерөөж, Бурханыг гэх хайр чинь төдий чинээ хүчтэй байдаг; иймээс чи бас итгэлтэй, шийдвэртэй байж, Бурханыг хайрлаж өнгөрүүлсэн амьдралаас илүү үнэ цэнтэй, ач холбогдолтой юу ч үгүй гэдгийг мэдэрнэ. Хүн Бурханыг хайрлаж байж л уй гашуугүй байдаг гэж хэлж болно. Махан бие чинь сульдаж, олон бодит зовлонд нэрвэгдэх үе байдаг боловч тийм үеүдэд чи Бурханд үнэхээр найдвал сүнсэн дотроо тайтгарч, ул суурьтай болж, тулж түших ямар нэгэн зүйлтэй болно. Ийм маягаар чи олон орчин нөхцөлийг даван гарч чадах тул амсдаг зовлон шаналлаасаа болоод Бурханы талаар гомдоллохгүй. Харин дуулж, бүжиглэж, залбирч, цугларч, нөхөрлөж, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд эргэн тойронд чинь Бурханы зохицуулдаг бүх хүн, үйл явдал, зүйл тохиромжтой гэдгийг мэдэрнэ. Чи Бурханыг хайрладаггүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй бус, харин сэтгэлийн дарамттай байх ба зүрх сэтгэл чинь үргэлж Бурханы талаар гомдоллоно, мөн маш их тарчлаан амсаж байгаа чинь тун шударга бус юм гэж чамд үргэлж санагдана. Хэрвээ чи аз жаргалын хойноос хөөцөлддөггүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө эрэлхийлдэг бол ийм эрэл хайгуул чамд Бурханыг хайрлах асар их хүч өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлж чадна, хийдэг бүхэн нь Бурханыг хангалуун байлгаж чадна—бодит байдлыг эзэмших гэдэг нь энэ юм. Бурханыг хангалуун байлгахаар эрэлхийлнэ гэдэг нь Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ ашиглан Бурханы үгийг хэрэгжүүлэх явдал юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг зүрх сэтгэл байх ба чи зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханыг эгээрэн хүсэж, үгүйлдэг. Энэ бол бодитой биеийн хэмжээ юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно
446. Гашуун цэвэршүүлэлтийн үеэр хүн Сатаны нөлөөнд хамгийн амархан ордог. Тэгвэл ийм цэвэршүүлэлтийн үеэр чи Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи хүсэл зоригоо дайчилж, Бурханы өмнө зүрх сэтгэлээ дэлгэж, үлдсэн цаг хугацаагаа Түүнд зориулах ёстой. Бурхан чамайг яаж ч цэвэршүүллээ гэсэн, чи Бурханы санаа зорилгыг хангахын тулд үнэнийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой бөгөөд өөрөө Бурханыг эрж хайж, ярилцахаар эрэлхийлэх ёстой. Ийм үед чи хэдий чинээ идэвхгүй байна, төдий чинээ сөрөг болж, ухарч буцахад улам амархан болно. Чи чиг үүргээ биелүүлэх шаардлагатай үед тэрийгээ сайн биелүүлдэггүй хэдий ч чадах бүхнээ хийж, Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээрээ л хийдэг; бусад хүмүүс юу хэлэх нь хамаагүй, тэд чамайг сайн хийсэн, муу хийсэн гэх нь хамаагүй, Бурханы төлөө үйлдэж байгаа учраас санаа зорилго чинь зөв байдаг бөгөөд чи өөрийгөө зөвтгөдөггүй. Бусад хүн чамайг буруугаар ойлгох үед чи Бурханд залбирч: “Өө Бурхан минь! Бусад хүн намайг тэвчээсэй, надад сайн хандаасай гэж би гуйхгүй, намайг ойлгож, сайшаагаасай ч гэж гуйхгүй. Би зүрх сэтгэлээрээ Таныг хайрлаж чаддаг, сэтгэл минь амгалан, мөс чанар минь сэвгүй байгаасай л гэж гуйж байна. Бусад хүн намайг сайшааж, хүндлээсэй гэж би гуйхгүй; би зүрх сэтгэлээсээ Таныг сэтгэл хангалуун байлгах л гэж чармайж, чадах бүхнээ хийж үүргээ гүйцэтгэдэг; хэдийгээр би мулгуу, тэнэг, муу хэв чанартай, сохор боловч Таныг хайр татам гэдгийг мэднэ, байгаа бүхнээ Танд зориулахад би бэлэн байна” хэмээн хэлж чадна. Чамайг ингэж залбирмагц Бурханыг хайрладаг зүрх сэтгэл чинь гарч ирж, зүрх сэтгэл чинь хавьгүй илүү уужирна. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэдэг энэ юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна
447. Цэвэршүүлэлтийн үеэр хүн Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Бурханы цэвэршүүлэлтийг хүлээн авахын тулд Бурханыг хайрлахаар шийдсэнээр: Цэвэршүүлэлтийн үеэр дотроо тарчилж, зүрхийг чинь хутгаар сийчиж байгаа мэт байдаг ч Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээр чи Бурханыг сэтгэл хангалуун болгохыг хүсдэг бөгөөд махан биеэ анхаарахыг хүсдэггүй. Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлдэг. Дотроо шархалж, зовлон чинь тодорхой хэмжээнд хүрсэн ч чи Бурханы өмнө очиж, “Өө Бурхан минь! Би Таныг орхиж чадахгүй. Дотор минь харанхуй байгаа ч би Таныг сэтгэл хангалуун болгохыг хүсэж байна; Та миний зүрх сэтгэлийг мэднэ, Таныг надад хайраа илүү их зориулаасай гэж би хүсэх байна” хэмээн залбирахад бэлэн хэвээр байдаг. Энэ бол цэвэршүүлэлтийн үеийн хэрэгжүүлэлт юм. Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ сууриа болговол цэвэршүүлэлт чамайг Бурханд илүү ойртуулж, Бурхантай илүү ойр дотно болгож чадна. Бурханд итгэдэг учраас чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ өргөн барих ёстой. Хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өргөж, Түүний өмнө дэлгэвэл цэвэршүүлэлтийн үеэр Бурханыг үгүйсгэх, Түүнийг орхин явах боломжгүй байх болно. Ингэснээр Бурхантай харилцах харилцаа чинь улам ойр дотно, улам хэвийн болж, Бурхантай хийх нөхөрлөл чинь улам ойр ойрхон байх болно. Үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханы гэрэлд, үгийнх нь удирдамж дор илүү их цагийг өнгөрөөж, зан чанарт чинь бас улам их өөрчлөлт гарч, мэдлэг чинь өдөр өдрөөр нэмэгдэнэ. Бурханы шалгалт гэнэт чам дээр буух өдөр ирэх үед чи Бурханы дэргэд байж чадах төдийгүй Түүнд гэрчлэл хийж чадна. Тэр үед чи Иов болон Петр шиг байна. Бурханд гэрчлэл хийснээрээ Түүнийг үнэхээр хайрлаж, Түүний төлөө баяртайгаар амиа өгнө; чи Бурханы гэрч, Бурханы хайрладаг хүн байх болно. Цэвэршүүлэлт туулсан хайр эмзэг биш, харин хүчтэй байдаг. Бурхан чамайг хэзээ, хэрхэн шалгалт туулуулахаас үл хамааран чи амьдрах, үхэх эсэхээ ч хайхралгүй, Бурханы төлөө бүхнийг дуртайяа хөсөр хаяж, Бурханы төлөө юуг ч баяртайяа тэвчиж чадваас хайр чинь цэвэр ариун, итгэл чинь бодит байдалтай байх болно. Тэгсэн цагт л чи үнэхээр Бурханаар хайрлагдсан нэгэн, үнэхээр Бурханаар төгс болгуулсан нэгэн байх болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна
448. Өөрийнхөө ажлын шаардлагаар, түүнчлэн хүнд хэрэгтэй учраас Бурхан хүнийг гэсгээж, шүүдэг. Хүн гэсгээгдэж, шүүгдэх хэрэгтэй ба ингэснээр л Бурханыг гэх хайранд хүрч чадна. Өнөөдөр, та нар бүрэн үнэмшсэн боловч өчүүхэн төдий бүтэлгүйтэл тулгарахад асуудалд ордог; биеийн хэмжээ чинь хэтэрхий жаахан хэвээр бөгөөд илүү гүн гүнзгий мэдлэгт хүрэхийн тулд тийм гэсгээлт, шүүлтийг илүү их туулах хэрэгтэй. Өнөөдөр та нар тодорхой хэмжээнд Бурханаас эмээдэг зүрх сэтгэлтэй, Бурханаас айдаг, Тэр бол жинхэнэ Бурхан гэдгийг мэддэг ч цэвэр ариун хайранд хүрэх нь байтугай, Түүнийг гэх тийм их хайр ч та нарт байдаггүй; мэдлэг чинь хэтэрхий өнгөц, биеийн хэмжээ чинь мөн л хангалтгүй. Хүрээлэн байгаа орчинтой үнэхээр тулгарах үедээ та нар мөн л гэрчлэл хийгээгүй, оролтын чинь дэндүү багахан нь санаачилгатай байдаг ба хэрхэн хэрэгжүүлэхээ огт мэддэггүй. Ихэнх хүмүүс идэвхгүй, үлбэгэр байдаг; тэд зөвхөн Бурханыг зүрх сэтгэлдээ нууцхан хайрладаг, гэхдээ тэдэнд хэрэгжүүлэх арга зам байдаггүй, өөрсдийнх нь зорилго юу болохыг ч тодорхой мэддэггүй. Төгс болгуулсан хүмүүс хэвийн хүн чанартай байдгаар үл барам, мөс чанарын хэмжүүрээс даван гарсан, мөс чанарын стандартаас илүү өндөр дээд үнэнийг эзэмшдэг; тэд Бурханы хайрыг хариулахад мөс чанараа ашигладгаар үл барам, үүнээс ч илүүтэйгээр Бурханыг мэдсэн ба Бурхан бол хайр татам, хүний хайрыг хүртүүштэй гэдгийг, мөн хайрлуулах зүйл Бурханд маш их байдаг болохоор хүн өөрийн эрхгүй Бурханыг хайрладаг гэдгийг харсан! Төгс болгуулсан хүмүүсийн Бурханыг гэх хайр нь хувийн хүсэл тэмүүллээ биелүүлэхийн төлөө байдаг. Тэдний хайр бол аяндаа гардаг хайр, эргүүлээд юу ч нэхдэггүй хайр бөгөөд арилжаа наймаа биш. Тэд Бурханыг мэддэгээсээ болоод л Түүнийг хайрладаг. Тийм хүмүүс Бурхан өөрсдөд нь нигүүлсэл хайрлах эсэхийг анхаардаггүй ба Бурханыг хангалуун байлгах төдийд л сэтгэл ханадаг. Тэд Бурхантай наймаа хийдэггүй, мөн “Та надад өгсөн, тиймээс хариуд нь би Таныг хайрлана; хэрвээ Та надад өгөхгүй бол би ч гэсэн хариуд нь Танд юу ч өгөхгүй” гэх мөс чанараар Бурханыг гэх хайраа хэмждэггүй. Төгс болгуулсан хүмүүс: “Бурхан бол Бүтээгч бөгөөд бидэн дээр Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Төгс болгуулах энэ боломж, нөхцөл, эрх надад байгаа тул би утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлж, Түүнийг хангалуун болгох ёстой” гэж үргэлж боддог.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
449. Амьдралдаа Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, ихээхэн зовлон зүдүүр амссан. Энэхүү цэвэршүүлэлт Бурханыг хайрлах дээдийн дээд хайрынх нь суурь, бүхий л амьдралынх нь хамгийн чухал туршлага болсон юм. Тэр дээдийн дээд хайраар Бурханыг хайрлаж чадсан нь нэг талаараа Бурханыг хайрлая гэсэн шийдвэрээс нь болсон; гэхдээ үүнээс ч илүүтэйгээр түүний туулсан цэвэршүүлэлт болон зовлонгоос болсон юм. Энэ зовлон нь Бурханыг хайрлах замд түүний хөтөч болж, хамгийн дурсамжтай зүйл нь болсон билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахдаа цэвэршүүлэлтийн шаналлыг амсахгүй бол хайр нь өө сэвээр дүүрэн, өөрийн дураар хайраа сонгодог; иймэрхүү хайр Сатаны санаагаар дүүрэн байдаг бөгөөд Бурханы санаа зорилгыг хангаж огт чаддаггүй. Бурханыг хайрлая гэж шийдэх нь Бурханыг үнэхээр хайрлахтай адилгүй. Сэтгэл дотроо тэд Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгахыг л бодож, бодол санаа нь хүний ямар ч санааг агуулаагүй мэт, бүхэлдээ Бурханы төлөө байдаг мэт боловч бодол санааг нь Бурханы өмнө аваачихад Бурхан сайшааж ерөөдөггүй. Хүмүүс бүх үнэнийг бүрэн ойлгож, бүгдийг нь мэдэж авсан үед ч гэсэн үүнийг Бурханыг хайрлаж буйн шинж, энэ хүмүүс Бурханыг хайрлах бодит байдалтай гэж хэлж болохгүй. Хүмүүс олон үнэнийг ойлголоо ч гэсэн цэвэршүүлэлтийг туулахгүйгээр эдгээр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; цэвэршүүлэлтийн үеэр л хүмүүс эдгээр үнэний бодит утга учрыг ойлгож, тэр үед л эдгээрийн дотоод утга учрыг жинхэнээсээ үнэлж чаддаг. Тэр үед дахин оролдох үедээ тэд үнэнийг зүй зохистойгоор, Бурханы санаа зорилгын дагуу хэрэгжүүлж чаддаг; тэр үед хүний санаа бодол нь цөөрч, завхрал нь багасаж, мэдрэмж нь багасдаг; тэр үед л хэрэгжүүлэлт нь Бурханыг хайрлах хайрын жинхэнэ илэрхийлэл байдаг. Зүгээр нэг амаараа хүлээн зөвшөөрч, оюун санаагаараа хүссэнээр Бурханыг хайрлах үнэний үр дүнд хүрдэггүй, мөн тэр үнэнийг зүгээр нэг ойлгосноор ч хүрч чадахгүй. Хүмүүс төлөөс төлж, цэвэршүүлэлтийн үеэр илүү их гашуун зовлон амсах шаардлагатай бөгөөд тэгсэн цагт л хайр нь цэвэр ариун болж, Бурханы санаа зорилгод нийцдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна
450. Амьдралынхаа бараг төгсгөлд, төгс болгуулсныхаа дараа Петр: “Өө Бурхан минь! Хэрвээ би дахиад хэдхэн жил амьдарсан бол Таныг гэх хайраа илүү ариун, илүү гүнзгий болгохыг хүсэх байсан” гэж хэлсэн юм. Загалмайд бараг цовдлогдох гэж байх үедээ тэр зүрх сэтгэлдээ ийнхүү залбирчээ: “Өө Бурхан минь! Таны цаг одоо ирлээ; надад зориулж Таны бэлтгэсэн цаг ирлээ. Би Таны төлөө цовдлогдох ёстой, Танд энэ гэрчлэлийг хийх ёстой ба миний хайр Таны шаардлагыг хангаж, илүү ариун болж чадна гэж би найдаж байна. Өнөөдөр Таны төлөө үхэж, цовдлогдож чадаж байгаа нь намайг тайвшруулж, санаа амрааж байна, учир нь миний хувьд Таны төлөө цовдлогдож, Таны хүслийг хангалуун байлгаж, Танд өөрийгөө өгч чаддаг байж, Танд амиа өргөн барихаас илүү таатай зүйл юу ч үгүй билээ. Өө Бурхан минь! Та үнэхээр хайр татам! Хэрвээ Та намайг амьдруулсан бол би Таныг хайрлахад бүр ч бэлэн байх байлаа. Амьд байгаа цагтаа би Таныг хайрлана. Би Таныг илүү гүн гүнзгий хайрлахыг хүсэж байна. Би зөв шударга биш, нүгэлтэй учраас Та намайг шүүж, намайг гэсгээж, намайг шалгадаг. Тэгээд Таны зөвт зан чанар надад бүр ч илэрхий болдог. Энэ нь миний хувьд ерөөл юм, учир нь би Таныг илүү гүн гүнзгий хайрлаж чадах ба Та намайг хайрлахгүй байсан ч гэсэн би Таныг ийм маягаар хайрлахад бэлэн байна. Энэ нь намайг илүү утга учиртай амьдралыг амьдран харуулах чадвартай болгодог учраас Таны зөвт зан чанарыг харахад би бэлэн байна. Миний амьдрал одоо илүү утга учиртай болсон мэт надад санагдаж байна, учир нь би Таны төлөө цовдлогдож байгаа ба Таны төлөө үхэх нь утга учиртай билээ. Гэсэн ч, би Таныг хэтэрхий бага мэддэг учраас, Таны хүслийг бүрэн хангалуун болгож чадахгүйгээ мэддэг учраас, мөн Таны ачийг хэтэрхий бага хариулсан учраас одоо ч сэтгэл ханахгүй байна. Амьдралдаа би, өөрийгөө Танд бүхэлд нь буцаан өгч чадаагүй; би мөн ч хол байна даа. Энэ мөчид эргээд бодоход би Танд маш их өртэйгөө мэдэрч байгаа бөгөөд бүх алдаагаа болон Танд буцаан өгч чадаагүй бүх хайраа эргүүлэн төлөхөд энэ мөчийг л ашиглаж чадна.”
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
451. Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар эрэлхийлэх ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү өндөр дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэх илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ л амьдрал юм; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг талд идэвхтэйгээр орох идэвх санаачилга гаргахад төвлөрөх ёстой ба түрхэн зуурын амар тайвны төлөө сөрөг болж, ухарч няцангаа илүү гүн гүнзгий, илүү нарийн ширийн, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний санаа зорилгыг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, хатуу зоригтой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой хүмүүс шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй. Нэг л мэдэхэд амьдрал чинь урсаад өнгөрнө; үүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, чи өөрөөрөө тоглох ёсгүй. Хүний хувиар, Бурханыг эрэлхийлдэг хүний хувиар чи амьдралаа анхааралтай харгалзан үзэж, хандаж чаддаг—өөрийгөө Бурханд хэрхэн өргөн барих ёстойгоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгах ёстойгоо болон нэгэнт Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо бодолцон үзэж чаддаг байх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
452. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсвэл Бурханы хайр татам байдлыг амсаж, харах ёстой; ингэсэн цагт л тэд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, Бурханы төлөө өөрсдийгөө үнэнчээр зарлагаддаг зүрх сэтгэлтэй болно. Бурхан үг хэллэг, эсвэл төсөөллөөр нь дамжуулан хүмүүсээр Өөрийгөө хайрлуулдаггүй, Өөрийгөө хайрлуулахаар хүмүүсийг албаддаггүй. Харин Тэр өөрсдийнх нь хүслээр тэднээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийн ажил, айлдвараараа хайр татам байдлаа харуулснаар Бурханыг хайрлах хайр тэдэнд бий болдог. Зөвхөн ийм маягаар л хүмүүс Бурханд үнэхээр гэрчлэл хийж чадна. Хүмүүс бусдаар шаардуулж, бас түр зуурын сэтгэлийн хөөрлөөс болж Бурханыг хайрладаг юм биш. Тэд Бурханы хайр татам байдлыг, хүмүүсийн хайрлууштай маш их зүйл Түүнд байдгийг харсан учраас, мөн Түүний аврал, мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харсан учраас Бурханыг хайрладаг—тийм учраас тэд Бурханыг үнэхээр магтаж, хүсэмжилж, Бурханыг олж авахгүйгээр амьдарч чадахгүй юм шиг тийм оргилсон сэтгэл тэдэнд төрдөг. Бурханд үнэхээр гэрчлэл хийдэг хүмүүс яагаад Түүнд цангинасан гэрчлэл хийж чаддагийн шалтгаан нь тэдний гэрчлэл Бурханыг гэх жинхэнэ мэдлэг болон жинхэнэ хүсэл тэмүүлэлд суурилдагт оршино. Ийм гэрчлэлийг сэтгэл хөдлөлөөр биш, харин Бурхан болон Түүний зан чанарын талаарх мэдлэгийн дагуу хийдэг. Тэд Бурханыг мэдэж авсан учраас Бурханыг заавал гэрчилж, Бурханыг хүсэмжилдэг бүх хүнд Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдал, бодит байдлын талаар мэддэг байх ёстой гэдгээ мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл хар аяндаа бий болдог бөгөөд бодитой, бодит ач холбогдолтой, үнэ цэнтэй байдаг. Энэ нь идэвхгүй, хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийн амьдрал хамгийн үнэ цэнтэй, утга учиртай байдаг, зөвхөн тэд л Бурханд үнэхээр итгэдгийн шалтгаан нь энэ хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон удирдлагын төлөө амьдарч чаддагаас болдог. Учир нь тэд харанхуйд биш, харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш, харин Бурханы ерөөсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чаддаг, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авч чаддаг. Бурханыг хайрладаг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс; тэд бол Бурханы хайрладаг хүмүүс бөгөөд Бурхантай хамт ерөөл эдэлж чадна. Зөвхөн ийм хүмүүс л мөнх амьдарч, зөвхөн тэд л Бурханы хайр халамж, хамгаалалт дор үүрд амьдрах болно. Бурхан хүмүүсээр хайрлуулдаг, Тэрээр бүх хүний хайрлууштай Нэгэн боловч бүх хүн Бурханыг хайрлаж чаддаггүй, мөн бүх хүн Бурханд гэрчлэл хийж, Бурхантай хамт хаанчилж чадахгүй. Бурханд гэрчлэл хийж, бүхий л хүчин чармайлтаа Бурханы ажилд зориулж чаддаг учраас Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс өөрсдийг нь эсэргүүцэж зүрхлэх хүнгүйгээр тэнгэрийн дор хаа сайгүй алхан явж, газар дээр хаанчилж, Бурханы бүх ард түмнийг захирч чадна. Энэ хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс нэгдэн нийлсэн. Тэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, өөр өөр хэлээр ярьдаг, арьсны өнгө нь өөр хүмүүс боловч оршин тогтнолынх нь утга учир адилхан; тэд бүгд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлтэй, бүгд адилхан гэрчлэл хийдэг, адилхан шийдэмгий зантай, адилхан хүсэлтэй байдаг. Бурханыг хайрладаг хүмүүс дэлхий даяар чөлөөтэй алхаж, Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс орчлон ертөнцийг хөндлөн гулд туулж чадна. Энэ хүмүүс бол Бурханы хайртай хүмүүс, Бурхан тэднийг ерөөсөн бөгөөд тэд үүрд Бурханы гэрэлд амьдарна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна