26-р бүлэг
Өдөр хоног өнгөрөхийн хэрээр Бурханы өдөр ойртож байгааг Бурханы хэлсэн бүх үгээс харж болно. Энэ өдөр яг хүмүүсийн нүдний өмнө байгаа мэт, энэ нь маргааш хүрэлцэн ирэх юм шиг байдаг. Тиймээс Бурханы үгийг уншсаны дараа бүх хүн айдаст автан, навчис салхинд унаад, зөөлөн бороо шивэрсэн дэлхий ертөнцийн эзгүйрлийн нэг хэсгийг бас мэдэрдэг. Хүмүүс бүгд тэр чигтээ сураггүй арилсан мэт ул мөргүй алга болдог. Хүн бүрд муу ёрлосон мэдрэмж төрдөг ба хэдий бүх хүн шаргуу хичээж, Бурханы хүслийг хангахыг хүсэж, Бурханы хүслийг төвөггүй, саадгүй урагшлуулах гэсэндээ дор бүрнээ Бурханы санаа зорилгыг биелүүлэхийн тулд хамаг чадлаа ашигладаг ч тийм сэтгэл нь муу ёрын мэдрэмжтэй үргэлж холилдож байдаг. Өнөөдрийн айлдваруудыг аваад үз: Хэрвээ тэдгээрийг олон нийтэд цацаж, бүхий л орчлон ертөнцөд зарласан бол бүх хүн нүүрээрээ газар унан мөргөж, уйлах байв, учир нь “Би бүхий л газар дэлхийг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болон гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирж, тоймгүй олон хүнд Өөрийгөө илчилнэ!” хэмээх үгээс, хэн ч Бурханы гэсгээлтээс зугтаж чадахгүй бөгөөд гэсгээлтийн зовлонг туулсны дараа бүгд төрлийнхөө дагуу ангилагдана гэдгийг сүнслэг хэрэг явдлыг ойлгодог бүх хүн хардаг. Энэ бол үнэхээр Бурханы ажлын алхам бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бурхан дэлхийг бүтээх үедээ, хүн төрөлхтнийг удирдан хөтлөх үедээ Өөрийнхөө мэргэн ухаан, гайхалтай байдлыг харуулсан ба Тэрээр энэ эринийг төгсгөх үед л хүмүүс Түүний жинхэнэ зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, гэсгээлтийг харна. Түүнчлэн зөвхөн гэсгээлтээр л дамжуулан тэд Түүний зөвт байдал, сүр жавхлан, уур хилэнг харж чаддаг; эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болох шаардлагатай, зайлшгүй хэрэгтэй байдаг шиг энэ бол явах ёстой зам юм. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг тунхагласны дараа Бурхан өнөөдөр хийдэг ажлаа хүнд харуулдаг. Жишээлбэл, Бурхан: “Хуучны Израиль үгүй болж, өнөөгийн Израиль дэлхий дээр өндийн, сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд бослоо. Өнөөдрийн Израиль Миний ардуудаар дамжуулан оршин тогтнолын эх үүсвэрт гарцаагүй хүрнэ!” “Аяа, заналт Египет ээ! … Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадах юм бэ?” гэж хэлсэн. Хоёр эсрэг тэсрэг улс орны Бурханы гараас хүртсэн үр дагаврыг Бурхан хүмүүст зориуд харуулдаг, нэг талаараа материаллаг Израилийг хэлж байгаа ба нөгөө талаараа Бурханы сонгосон бүх хүнийг буюу Израиль өөрчлөгдөхийн хэрээр Бурханы сонгосон хүмүүс хэрхэн өөрчлөгддөгийг хэлж байгаа. Израиль анхдагч байдалдаа бүрэн буцаж очих үед сонгогдсон бүх хүн дараа нь бүрэн төгс болгуулна—өөрөөр хэлбэл, Израиль нь Бурханы хайртай хүмүүсийн хувьд утга учиртай бэлгэ тэмдэг билээ. Харин Египет бол Бурханы үзэн яддаг хүмүүсийн төлөөлөгчдийн нийлэмж юм. Энэ нь доройтон муудах тусам, Бурханы үзэн яддаг хүмүүс улам их завхардаг—дараа нь Вавилон нуран унадаг. Энэ нь тодорхой ялгааг бий болгодог. Израиль болон Египетийн төгсгөлийг тунхагласнаараа Бурхан бүх хүний хүрэх газрыг илчилдэг; тиймээс Израилийг дурдах үедээ Бурхан Египетийн талаар ч бас ярьж байдаг. Египетийн сүйрлийн өдөр бол дэлхий ертөнц устгагдах өдөр, Бурхан бүх хүнийг гэсгээх өдөр юм гэдгийг үүнээс харж болно. Энэ нь удахгүй тохиолдоно; Бурхан үүнийг гүйцэлдүүлэх гэж байгаа бөгөөд энэ нь хүний энгийн нүдэнд харагдашгүй атлаа зайлшгүй хэрэгтэй, өөрчлөгдөшгүй зүйл юм. Бурхан: “Миний эсрэг зогсдог бүхнийг Би мөнхөд гэсгээх нь гарцаагүй. Учир нь Би хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй” гэж хэлсэн. Яагаад Бурхан ийм туйлын нөхцөлтэйгээр ярьдаг вэ? Тэр яагаад агуу улаан лууны улс оронд биечлэн махбод болсон бэ? Бурханы үгээс Өөрийнх нь зорилгыг харж болно: Тэрээр хүмүүсийг аврахын тулд, тэдэнд өршөөл энэрэл үзүүлэхийн тулд, эсвэл тэднийг халамжилж, хамгаалахын тулд ирээгүй—харин Өөрийг нь эсэргүүцдэг бүх хүнийг гэсгээхийн тулд ирсэн. Учир нь Бурхан: “Хэн ч Миний гэсгээлтээс зугтаж чадахгүй” гэж хэлдэг. Бурхан махбодод амьдардаг, түүнчлэн Тэр бол хэвийн хүн, гэхдээ Өөрийг нь субьектив байдлаар мэдэж чадахгүй байгаа сул талынх нь төлөө хүмүүсийг уучилдаггүй; харин Тэрээр “хэвийн хүний” арга барилаар нүглийнх нь төлөө хүмүүсийг яллаж, Өөрийнх нь махбодыг хардаг хүмүүсийг гэсгээгдэх хүмүүс болгодог бөгөөд тиймээс тэд агуу улаан лууны улс орныхоос бусад бүх хүний төлөөх золиос болдог. Гэхдээ энэ нь Бурхан бие махбодтой болохын үндсэн зорилгуудын нэг биш юм. Бурхан махбодоор агуу улаан луутай тулалдаж, тулаанаар дамжуулан түүнд ичгүүр авчрахын тулд л үндсэндээ махбод болсон. Агуу улаан луутай Сүнсээр биш, харин махбодоор тулалдсанаар Бурханы агуу хүч чадал илүү их нотлогддог ба Өөрийн үйл хэрэг, бүхнийг чадагч байдлыг харуулахын тулд Бурхан махбодоор тулалддаг. Бурхан бие махбодтой болсноос үүдэн тоймгүй олон хүн “гэмгүйгээр” яллагдсан, улмаар тоо томшгүй олон хүн там руу шидэгдэж, гэсгээлтэд хаягдаж, махан биеэр зовж байгаа. Энэ бол Бурханы зөвт зан чанарын баталгаа бөгөөд Бурханыг эсэргүүцдэг хүмүүс өнөөдөр хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран, Бурханы шударга зан чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нэгэнт яллагдмагцаа хүмүүс хэзээ ч дахин өндийн босож чадалгүй, үүрд яллагддаг. Хүний зан чанар нь Бурханых шиг байж чадахгүй. Бурханыг эсэргүүцдэг хүмүүст хандахдаа хүмүүс ээлжлэн туйлширдаг; тэд баруун, зүүн тийш, дээш, доош ганхан хэлбэлздэг; мөн байнга нэгэн хэвийн байх чадваргүй байдаг бөгөөд заримдаа Бурханыг эсэргүүцдэг хүмүүсийг голдоо ортол үзэн ядаж, заримдаа тэднийг ойр дотно байлгадаг. Хүмүүс Бурханы ажлыг мэддэггүйгээс болж өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Яагаад Бурхан: “Тэнгэрэлч бол эцсийн эцэст тэнгэрэлч; Бурхан бол эцсийн эцэст Бурхан; чөтгөр бол эцсийн эцэст чөтгөр; зөв шударга бус хүмүүс нь зөв шударга бус; ариун хүмүүс мөн л ариун” гэх мэт үгийг хэлдэг вэ? Та нар үүнийг ойлгож чадахгүй байна уу? Бурхан сайн санахгүй байсан байж таарах уу? Тиймээс Бурхан: “Хүн бүр төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрийн мэдэлгүй гэр бүлийнхнийхээ тэвэрт буцан очих замаа олно” гэж хэлсэн. Өнөөдөр Бурхан аль хэдийн бүх зүйлийг гэр бүлүүд рүү нь ангилсан бөгөөд ингэснээр энэ нь “хязгааргүй ертөнц” байхаа больж, хүмүүс нэгэн том тогооноос идэхээ болиод, харин өөрсдийнхөө гэрт үүргээ биелүүлж, өөрсдийнхөө дүрд тоглодог гэдгийг үүнээс харж болно. Энэ нь дэлхий ертөнцийг бүтээх үеийн Бурханы анхдагч төлөвлөгөө байв; төрлийнхөө дагуу ангилагдсаныхаа дараа хүмүүс “дор бүрнээ өөрсдийнхөө хоолыг иднэ”, өөрөөр хэлбэл, Бурхан шүүлтээ эхэлнэ. Үүний үр дүнд Бурханы амнаас эдгээр үг гарсан юм: “Би бүтээлийн хуучин байр байдлыг сэргээнэ; Би бүх зүйлийг анхдагч байдалд нь оруулж, бүхнийг гүн гүнзгий өөрчилнө, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөнд эргэж ирнэ.” Энэ нь чухамдаа Бурханы бүх ажлын зорилго бөгөөд үүнийг ойлгоход хэцүү биш. Бурхан Өөрийн ажлыг дуусгана—хүн Түүний ажилд саад учруулж чадах уу? Бурхан хүнтэй байгуулсан гэрээгээ цуцалж чадах уу? Бурханы Сүнсний хийсэн зүйлийг хэн өөрчилж чадах юм бэ? Хэн нэгэн хүн өөрчилж ер нь чадах уу?
Урьд нь хүмүүс Бурханы үгээс хуулийг ухаарсан юм: Бурханыг үг хэлмэгц удалгүй биелдэг байлаа. Үүнд ямар ч худал хуурмаг байхгүй. Бурхан бүх хүнийг гэсгээнэ гэж хэлсэн учраас, түүнчлэн захиргааны зарлигаа гаргасан учраас Бурханы ажил тодорхой үе шатанд хэрэгжсэн гэдгийг харж болно. Бүх хүнд зориулж гаргасан үндсэн хууль нь тэдний амьдрал болон Бурханд хандах хандлагад чиглэсэн байв. Энэ нь эх сурвалжийг нь хөндөөгүй; Бурханы урьдчилан тогтоолтод үндэслэсэн гэж хэлээгүй, харин тухайн үеийн хүний ааш авирт үндэслэсэн билээ. Өнөөдрийн захиргааны зарлиг ер бусын байдаг бөгөөд “бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэх” тухай хэлдэг. Сайтар уншихгүй бол эндээс ямар ч асуудал олж чадахгүй. Сүүлчийн эрин үед л Бурхан бүх зүйлийг төрлийнх нь дагуу ангилдаг учраас үүнийг уншсаныхаа дараа ихэнх хүн төөрөлдөж, будилсан хэвээр үлддэг; тэд хайхрамжгүй хандлага баримталсаар, цаг давчуу байгааг хардаггүй тул үүнийг анхааруулга гэж авч үздэггүй. Энэ үед, бүхий л орчлон ертөнцөд тунхаглагдсан Бурханы захиргааны зарлигыг яагаад хүнд харуулдаг юм бэ? Энэ хүмүүс орчлон ертөнц даяарх бүх хүнийг төлөөлдөг үү? Дараа нь Бурхан энэ хүмүүст илүү их өршөөл үзүүлдэг юм гэж үү? Энэ хүмүүст хоёр толгой ургаа юу? Бурхан бүхий л орчлон ертөнцийн хүмүүсийг гэсгээх үед, бүх төрлийн гамшиг тохиох үед эдгээр гамшгийн улмаас нар сар хоёрт өөрчлөлт гарах ба эдгээр гамшиг төгсөхөд нар сар хоёр өөрчлөгдсөн байх болно—үүнийг “шилжилт” гэж нэрлэдэг. Хожмын гамшиг ноцтой байх болно гэж хэлэхэд хангалттай. Өдөр нь шөнөөр солигдох, жилийн турш нар үзэхээ болих, хэдэн сарын турш төөнөсөн халуун болох, хүн төрөлхтөн бөхөж буй сартай үргэлж тулгарах, нар сар зэрэг мандах гэх мэт хачин жигтэй байдал ч гарч болзошгүй. Хэд хэдэн мөчлөгтэй өөрчлөлтийг дагаад, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эцэстээ тэдгээр нь шинэчлэгдэх болно. Диаволд харьяалагддаг хүмүүст зориулсан төлөвлөгөөндөө Бурхан онцгой анхаарал хандуулдаг. Тиймээс Тэр: “Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана” гэж зориуд хэлдэг. Энэ “хүмүүс” үнэн нүүр царайгаа харуулахаас өмнө Бурхан үргэлж тэдний үйлчлэлийг ашигладаг; үүний үр дүнд Тэр тэдний хийж байгааг огт анхаардаггүй ба тэднийг сайн хийх үед ямар ч “шагнал” өгдөггүй, мөн муухан хийхэд нь ч “цалинг” нь хасдаггүй. Тийнхүү Тэр тэднийг үл тоомсорлож, тэдэнд хүйтэн хөндий ханддаг. Тэдний “сайн сайхнаас” болж Тэр гэнэтхэн өөрчлөгддөггүй, учир нь Бурхан хүн хоёрын хоорондох гэрээний адилаар, “тэнгис хатаж, хад үйрч байсан ч гэсэн ямар ч өөрчлөлт гарахгүй” хэмээн хүний хэлдгийн адилаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хүний мөн чанар өөрчлөгддөггүй. Тиймээс Бурхан зүгээр л тэр хүмүүсийг төрлийнх нь дагуу ангилдаг бөгөөд тэднийг амархан анхаардаггүй. Бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл диавол хэзээ ч биеэ сайн авч явж байгаагүй. Тэр үргэлж саад болж, үймүүлж, санал зөрж байсан. Бурханыг үйлдэх юм уу ярих үед диавол үргэлж оролцохоор хичээдэг ч Бурхан үүнийг огт анзаардаггүй. Диаволыг дурдмагц Бурханы уур хилэн намжаахын аргагүйгээр оргилдог; тэд нэг сүнстэй биш учраас ямар ч холбоо байдаггүй, зөвхөн зай завсар, салалт л байдаг. Долоон лацны тухай илчлэлийг дагаад газар дэлхийн байдал үргэлж улам дордож, бүх зүйл өчүүхэн төдий ч хоцролгүйгээр “долоон лацтай мөр зэрэгцэн урагшилдаг”. Бурханы бүхий л үгэнд Бурхан хүмүүсийг мулгуу гэж үздэг атал тэд огтхон ч сэрдэггүй. Илүү өндөр түвшинд хүрч, бүх хүний хүч чадлыг авчрахын тулд, түүнчлэн Бурханы ажлыг оргилдоо хүрэхэд нь дуусгахын тулд Бурхан цуврал асуулт асууж, хүмүүсийн гэдсийг хийлж байгаа мэт байдаг ба тийнхүү бүх хүнийг дүүргэдэг. Энэ хүмүүст ямар ч бодит биеийн хэмжээ байхгүй учраас бодит нөхцөл байдалд тулгуурлаад хийгээр дүүргүүлсэн хүмүүс бол стандартад нийцэх бараа, харин тэгээгүй нь хэрэггүй хог хаягдал юм. Энэ бол хүнд тавих Бурханы шаардлага бөгөөд Түүний ярьдаг арга барилын зорилго билээ. Ялангуяа Бурханыг “Газар дээр байхдаа Би тэнгэрт байдгаасаа өөр байдаг гэж үү? Тэнгэрт байхдаа Би газарт буун ирж чадахгүй гэж үү? Газарт байхдаа Би тэнгэрт хүрэх үнэ цэнгүй байдаг юм гэж үү?” хэмээн хэлэх үед эдгээр асуулт нь хүмүүст Бурханыг улам тодорхой мэдүүлдэг. Бурханы үгээс Бурханы яаруу хүсэл харагддаг; хүмүүс үүнд хүрэх чадваргүй бөгөөд Бурхан удаа дараа болзол нэмж, улмаар газар дээрх тэнгэрлэг Бурханыг мэдэж, мөн тэнгэрт байдаг боловч газар дээр амьдардаг Бурханыг мэдэхийг бүх хүнд сануулдаг.
Бурханы үгээс хүний байр байдлыг харж болно: “Бүх хүн төрөлхтөн Миний үгэнд хичээл зүтгэл гаргаж, гадаад байдлыг минь өөрсдөө шинжилдэг ч бүгд л бүтэлгүйтэж, хичээл чармайлт нь ямар ч үр дүнд хүрдэггүй, харин ч Миний үгэнд цохигдоод дахин босож зүрхэлдэггүй.” Бурханы уй гашууг хэн ойлгож чадах билээ? Бурханы зүрх сэтгэлийг хэн тайвшруулж чадах билээ? Бурханы шаардсан зүйл дээр хэн Бурханы зүрх сэтгэлд нийцдэг билээ? Хүмүүс ямар ч үр дүнгүй байх үедээ өөрсдийгөө үгүйсгэж, Бурханы зохион байгуулалтад үнэхээр захирагддаг. Аажмаар үнэн сэтгэлээ харуулангаа тэд дор бүрнээ төрлийнхөө дагуу ангилагддаг бөгөөд тиймээс тэнгэрэлчийн мөн чанар бол Бурханд цэвэр дуулгавартай байдал юм гэдгийг харж болно. Иймээс Бурхан: “Хүмүүсийн анхдагч төрх ил болж” гэж хэлсэн. Бурханы ажил энэ алхамд хүрэх үед бүгд дууссан байх болно. Бурхан Өөрийн хөвгүүд, ардуудад үлгэр жишээ болж байсан талаараа юу ч хэлдэггүй, харин бүх хүний анхдагч төрхийг харуулахад анхаарлаа төвлөрүүлдэг мэт харагддаг. Та нар эдгээр үгийн жинхэнэ утгыг ойлгож байна уу?