33-р бүлэг
Үнэндээ Бурханы хүмүүст хийсэн, тэдэнд өгсөн зүйлс дээр, түүнчлэн хүмүүсийн эзэмшдэг зүйл дээр үндэслээд үзэхэд хүмүүст тавьдаг Түүний шаардлага хэтэрсэн биш, Тэр тэднээс тийм ч ихийг шаарддаггүй гэж хэлж болно. Тэгвэл тэд Бурханыг хангалуун байлгах гэж хичээхгүй байж яаж чадна вэ? Бурхан хүнд нэг зуун хувийг өгдөг, гэсэн ч Тэр хүмүүсээс ганц хувийн хэлтэрхийг л шаарддаг—энэ нь хэтэрхий их гэж үү? Бурхан дэмий төвөг удаж байна уу? Хүмүүс өөрсдийгөө мэддэггүй нь олон; тэд Бурханы өмнө өөрсдийгөө шалгадаггүй бөгөөд иймээс байнга урхинд ордог—үүнийг яаж Бурхантай хамтран ажиллаж байна гэж үзэж болох юм бэ? Хэрвээ Бурхан хүмүүст хүнд ачаа үүрүүлээгүй цаг байсан бол тэд шавар шиг үйрэх байсан ба өөрсдөдөө хийх зүйл олж чадахгүй байсан юм. Хүмүүс тийм л идэвхгүй юм уу сөрөг байдаг, Бурхантай идэвхтэйгээр хамтран ажиллах чадвар тэдэнд хэзээд үгүй бөгөөд өөрсдөдөө бууж өгөх сөрөг шалтгаан үргэлж хайж байдаг. Чи өөрийнхөө төлөө биш, харин Бурханыг хангалуун байлгахын төлөө бүх зүйлийг хийдэг хүн үнэхээр мөн үү? Чи сэтгэл хөдлөлдөө түшиглэдэггүй, хувийн шилэлт сонголтгүй, харин Бурханы ажлын хэрэгцээг биелүүлдэг хүн үнэхээр мөн үү? “Яагаад хүмүүс Надтай наймаацах гэж үргэлж оролддог юм бэ? Би худалдааны төвийн ерөнхий менежер үү? Хүмүүсийн Надаас шаардсан зүйлийг Би үнэн сэтгэлээсээ биелүүлдэг, гэтэл хүнээс Миний хүссэн зүйл яагаад талаар өнгөрдөг юм бэ?” Яагаад Бурхан тийм зүйлийг хэдэн удаа цувуулан асуудаг вэ? Яагаад Тэр тийнхүү бачимдан дуу алддаг юм бэ? Бурхан хүмүүсээс юу ч олж аваагүй; Түүний хардаг зүйл нь тэдний шилж сонгодог ажил л байдаг. Яагаад Бурхан “гэтэл хүнээс Миний хүссэн зүйл яагаад талаар өнгөрдөг юм бэ?” хэмээн хэлдэг вэ? Өөрсдөөсөө асуу: Сонгож шилэх ямар ч боломжгүй үүрэгт ажлаа хэн эхнээс нь дуустал хийж чаддаг вэ? Өөрсдийн зүрх сэтгэл дэх мэдрэмжийн нөлөөгөөр үйлддэггүй хэн байна вэ? Хүмүүс өөрсдийн зан чанарыг дураар нь тавьж, гурван өдөр загасчлаад дараачийн хоёр өдөр нь тороо орхиж, сул өнгөрөөдөг шиг хийдэг юмандаа хэзээ ч шамддаггүй. Тэд халуун, хүйтнээр ээлжлэн үлээж байдаг: Халуун байх үедээ тэд газар дээрх бүх зүйлийг шатааж чаддаг бөгөөд хүйтэн байх үедээ газар дээрх бүх усыг хөлдөөх чадвартай байдаг. Энэ нь хүний үйл ажиллагаа биш боловч энэ нь хүний байдлын талаарх хамгийн зохистой адилтгал юм. Энэ бодит баримт биш гэж үү? Магадгүй Надад хүмүүсийн талаар “үзэл” байгаа, магадгүй Би тэднийг гүжирдэж байна—гэхдээ ямар ч атугай “Үнэнтэй бол чи дэлхий даяар алхана; үнэнгүй бол хаана ч хүрч чадахгүй.” Хэдий энэ нь хүний мэргэн үг боловч үүнийг энд хэрэглэх нь оновчтой гэж Би бодож байна. Би хүмүүсийн урмыг зориуд хугалж, ажил хэргийг нь үгүйсгэж байгаа юм биш. Би та нартай зарим асуултын талаар зөвлөе: Хэн Бурханы ажлыг өөрсдийн үүрэг хариуцлага мэт үздэг вэ? “Бурханыг л хангалуун байлгаж чадаж байгаа цагт би өөрт байгаа бүхнээ зориулах болно” гэж хэн хэлж чадах вэ? “Бусдыг үл харгалзан би Бурханд хэрэгтэй бүхнийг хийнэ, Бурханы ажлын хугацаа урт ч бай, богино ч бай хамаагүй, би үүргээ биелүүлнэ; Өөрийн ажлыг төгсгөх нь Бурханы хэрэг, энэ нь миний бодох зүйл биш” гэж хэн хэлж чадах вэ? Хэн ийм мэдлэгтэй байх чадвартай вэ? Та нарын юу боддог нь хамаагүй—чи илүү дээр ухвартай байж магадгүй, тэр тохиолдолд Би үг дуугүй найр тавьж, ялагдлаа хүлээнэ—гэсэн ч Бурханы хүсдэг зүйл бол ач санадаггүй чонын зүрх сэтгэл биш, харин оргилсон чин үнэнч зүрх сэтгэл юм гэдгийг Би та нарт хэлэх ёстой. Та нар энэ “наймаацах” талаар юу мэдэх вэ? Эхнээсээ эцсээ хүртэл та нар “дэлхийгээр аялсан”. Нэг мөчид та нар мөнхийн хавартай “Куньмин” хотод байдаг бөгөөд нүд ирмэхийн зуурт цасаар хучигдсан тэсгим хүйтэн “Өмнөд Туйлд” байдаг. Хэн өөрсдийн амлалтаас хэзээ ч няцаагүй вэ? Бурханы хүсдэг зүйл бол “Үхэх хүртлээ амрахгүй байх” сэтгэл; хүмүүс “урд талын ханыг мөргөх хүртлээ ухарч буцахгүй” сэтгэлтэй байх нь Түүний хүсдэг зүйл. Угаасаа Бурханы санаа зорилго нь хүмүүсийг буруу замаар явуулах биш харин ийм сэтгэлтэй болгох явдал юм. Бурханы хэлдгээр, “Би тэдний өгсөн ‘бэлгүүдийг’ Өөрийн зүйлстэй харьцуулах үед хүмүүс Миний эрхэм нандин байдлыг хоромхон зуур танин мэддэг ба зөвхөн тэр үед л Миний хэмжээлшгүй байдлыг хардаг.” Эдгээр үгийг хэрхэн тайлбарлах вэ? Дээрх үгсийг унших нь чамд зарим нэг мэдлэг өгдөг байх, учир нь Бурхан задлан шинжлэхийн тулд хүний зүрх сэтгэлийг бүхлээр нь гаргадаг бөгөөд тэр үед хүмүүс эдгээр үгийг мэдэж авдаг. Гэхдээ Бурханы үгийн гүн гүнзгий дотоод утга учраас болж хүмүүс хуучин махбодын талаар ойлгохгүй хэвээр үлддэг, учир нь тэд анагаахын их сургуульд сураагүй, мөн археологич ч биш, иймээс тэдэнд энэхүү шинэ нэр томьёо нь ойлгошгүй санагддаг—зөвхөн тэр үед л тэд бага зэрэг буулт хийдэг. Учир нь хүмүүс хуучин махбодын өмнө хүч чадалгүй билээ; хэдийгээр энэ нь догшин араатан шиг биш, мөн хүн төрөлхтнийг цөмийн бөмбөг шиг сөнөөх чадвартай биш боловч тэд үүнийг яахаа мэддэггүй бөгөөд хүч чадалгүй мэт байдаг. Харин Надад бол хуучин бие махбодтой харьцах арга зам байдаг. Хүн сөрөг арга хэмжээний талаар бодох гэж хэзээ ч чармайлт гаргадаггүй нь хүний янз бүрийн этгээд зан Миний нүдний өмнө байнга гялсхийхэд хүргэсэн; Бурханы хэлснээр: “Би тэдэнд Өөрийгөө бүхэлд нь харуулахад Намайг нүдээ бүлтийлгэн ширтэж, Миний өмнө давсан багана мэт хөдөлгөөнгүй зогсдог. Тэдний хачин байдлыг хараад Би инээдээ арай ядан барьдаг. Тэд Надаас юм авахаар гараа сарвайж байгаа учраас Би Өөрийн гарт буй зүйлсийг тэдэнд өгдөг бөгөөд тэд тэдгээрийг дөнгөж төрсөн нярай мэт нандигнан цээжиндээ тэвэрдэг, тэдний хийдэг хөдөлгөөн нь агшин зуурынх л байдаг.” Эдгээр нь хуучин махбодын үйлдэл биш гэж үү? Өнөөдөр хүмүүс ойлголттой болсон хэр нь яагаад болихгүй, харин үргэлжлүүлсээр байдаг юм бэ? Үнэндээ, Бурханы шаардлагын нэг хэсэг нь хүний хүршгүй зүйл биш, гэсэн ч хүмүүс тэдгээрт анхаарал хандуулдаггүй, учир нь “Би хүнийг яаран гэсгээдэггүй. Хүмүүс бие махбодоо үргэлж дураар нь тавьсны шалтгаан энэ юм. Тэд Миний хүслийг ажигладаггүй, харин Миний шүүлтийн ширээний өмнө Намайг дандаа хуурч мэхэлсэн.” Энэ нь хүний биеийн хэмжээ биш гэж үү? Энэ нь Бурхан хэн нэгнээс зориуд өө сэв эрж байгаа биш, харин энэ нь бодит байдал—Бурхан үүнийг тайлбарлах ёстой гэж үү? Бурханы хэлснээр, “Хүмүүсийн ‘итгэл’ ‘гайхан биширмээр’ маш агуу учраас тэр юм.” Энэ шалтгааны улмаас Би Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагадаг, иймээс Би энэ талаар ихийг ярихгүй; хүмүүсийн “итгэлийн” улмаас Би үүнийг далимдуулан, Намайг сануулаагүй байхад чиг үүргээ биелүүлдэг болгохын тулд тэдний итгэлийг ашигладаг. Ингэх нь буруу юу? Энэ нь Бурханд яг хэрэгтэй зүйл биш гэж үү? Магадгүй, ийм үг сонсоод зарим хүнд залхмаар санагдаж болох юм—иймээс Би өөр зүйлийн талаар ярьж, тэдэнд жаахан чөлөө олгоё. Орчлон ертөнц даяарх Бурханы сонгосон бүх хүн гэсгээлт туулах үед, хүний дотоод байдал цэвэрлэгдэх үед хүмүүс гай зовлонгоос зугтсан мэт зүрх сэтгэлдээ нууцхан баярлах болно. Энэ мөчид хүмүүс өөрсдийнхөө төлөө сонголт хийхээ болино, учир нь энэ бол Бурханы сүүлчийн ажлын үеэр хүрэх яг тэр үр нөлөө юм. Түүний алхмууд өнөөдрийг хүртэл ахин дэвшсэнээр Бурханы хөвгүүд болон ардууд бүгд гэсгээлтэд орсон бөгөөд израильчууд ч гэсэн энэ үе шатнаас зугтаж чадахгүй, учир нь хүмүүсийн дотор хольц байдаг тул Бурхан цэвэршүүлэлтийн агуу хайлуулагч зуух руу оруулахаар бүх хүнийг хөтлөх ба энэ нь зайлшгүй зам билээ. Энэ нэгэнт болж өнгөрөхөд хүмүүс үхлээс амилах бөгөөд энэ нь “Долоон Сүнсний айлдваруудад” Бурханы зөгнөсөн яг тэр зүйл юм. Би хүмүүсийг дургүйцүүлэхгүйн тулд энэ талаар дахиж ярихгүй. Бурханы ажил гайхалтай учраас Бурханы амнаас гарсан зөгнөл эцсийн эцэст биелэх ёстой; хүмүүсээс өөрсдийн үзлийн талаар дахин нэг ярихыг Бурхан хүсэхэд тэд мэл гайхдаг бөгөөд хэн ч санаа зовж, түгших учиргүй. Миний хэлснээр, “Миний бүх ажлын дотор хүний гараар хийгдсэн алхам ер нь байсан уу?” Чи эдгээр үгийн мөн чанарыг ойлгож байна уу?