1. Эзэн Есүс: “Өөрт нь Миний өгөх уснаас уудаг хэн ч, хэзээ ч цангахгүй; харин Миний өгөх ус түүний дотор мөнх амь руу оргилох булаг болно(Иохан 4:14) хэмээн хэлсэн. Библид ч бас: “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай бөгөөд Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй(Иохан 3:36) гэж өгүүлсэн байдаг. Эзэн Есүс бол Христ, Хүний Хүү, Эзэн Есүсийн зам бол мөнх амийн зам гэдэгт бид итгэдэг. Эзэнд итгэж л байвал мөнх амийг олж авч чадна гэж бид итгэдэг. Гэтэл эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурхан л мөнх амийн замыг хүнд өгч чадна гэж та нар гэрчилдэг. Бид Эзэн Есүсийг дагавал мөнх амийн замд хүрч чадахгүй гэж та нар хэлээд байна уу? Эцсийн өдрүүдийн Христ, Төгс Хүчит Бурханы үг, ажлыг яагаад бид хүлээн авах хэрэгтэй вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).

Холбогдох Бурханы үг:

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж, их ажил хийсэн ч зөвхөн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил л болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аваръя гэвэл, Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэх хэрэгтэй төдийгүй, Бурхан ч бас улам их ажил хийж, хүнийг Сатаны-завхруулсан зан чанараас нь бүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор дуулгавартай дагадаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг

Есүсийн ажил зөвхөн хүний золин аврал болон цовдлолын төлөө л байсан тул ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд илүү их үг хэлэх хэрэггүй байсан юм. Хүмүүст Түүний заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй ч гэсэн, Тэрээр цовдлолын ажлыг гүйцэлдүүлж мөн л чадсан юм. Түүний ажил үгийн ажил байгаагүй, хүн төрөлхтнийг байлдан дагуулахын төлөө ч хийгдээгүй, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө хийгдсэн ажил билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болсон бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгийн эх сурвалж болоогүй. Тэрээр хүнийг байлдан дагуулах ажил болох Харь үндэстний ажлыг хийгээгүй, харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр ажил нь Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэрээр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхэд хангалттай байв. Хэрвээ өнөөдрийн ажил мөн л Бичвэр дэх эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийн суурин дээр хийгдсэн бол та нарыг байлдан дагуулах боломжгүй байх байсан, учир нь Хуучин Гэрээнд Хятадын ард түмэн та нарын дуулгаваргүй байдал болон нүглийг тэмдэглээгүй байдаг ба та нарын нүглийн тухай ямар ч түүх байдаггүй. Иймээс хэрвээ энэ ажил мөн л Библид тулгуурласан бол та нар хэзээ ч буулт хийхгүй байсан. Библи нь израильчуудын хязгаарлагдмал түүхийг л тэмдэглэсэн байдаг бөгөөд сайн муу эсэхийг чинь тогтоох юм уу та нарыг шүүх чадваргүй. Би та нарыг израильчуудын түүхийн дагуу шүүх байлаа гээд төсөөлөөд үз—та нар Намайг өнөөдрийнх шигээ дагасаар байх байсан уу? Та нар хэчнээн хэцүү гэдгээ мэдэх үү? Энэ үе шатанд ямар ч үг хэлээгүй бол байлдан дагуулах ажлыг гүйцэлдүүлэх боломжгүй байх байв. Би загалмайд цовдлуулах гэж ирээгүй учраас та нарыг байлдан дагуулахын тулд Библиэс тусдаа үгийг хэлэх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 1

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бурхан бие махбодтой болсноор дамжуулан хүний нүгэл уучлагдсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүгэл уучлагдаж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүгэл уучлагдсан нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучин, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар байна. Ийм болохоор хүнийг завхарсан сатанлаг зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч дордохгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөж чадна. Энэ нь амийн өсөлтийн замыг ойлгож, амийн замыг ойлгож, зан чанараа өөрчлөх замыг ойлгохыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлэхийг хүнээс шаарддаг, ингэснээр хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, хүн гэрлийн туяан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы санаа зорилгын дагуу хийж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижирна. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зохистой замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шатны ажил нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилж чадах зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4

Нигүүлслийн эрин үед гэмшлийн сайн мэдээ тунхаглагдсан бөгөөд хүн итгэх л юм бол аврагдах байв. Өнөөдөр авралын оронд байлдан дагуулалт болон төгс болголтын тухай яриа л байдаг. Хэрвээ хүн итгэвэл бүхий л гэр бүлийнхэн нь ерөөгдөнө, эсвэл нэг л аврагдсан бол үүрд аврагдсан гэж хэзээ ч хэлдэггүй. Өнөөдөр хэн ч эдгээр үгийг хэлдэггүй бөгөөд тийм зүйлс нь хоцрогдсон. Тухайн үед Есүсийн ажил бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан; Түүнд итгэдэг л бол Тэр чамайг золин аварна; хэрвээ Түүнд итгэсэн бол чи нүглийнх байхаа больж, нүглээсээ чөлөөлөгдөх байв. Аврагдах, итгэлээр зөвтгөгдөх гэдэг нь энэ юм. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцдэг, тэрслүү зүйл үлдсэн бөгөөд үүнийг мөн л аажмаар арилгах хэрэгтэй байлаа. Аврал гэдэг нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн нүгэлтэн байхаа больж, нүглээ уучлуулсан гэсэн үг юм. Чи итгэх л юм бол дахиад хэзээ ч нүглийнх байхаа болих юм. Тухайн үед Есүс Өөрийнх нь шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажил хийж, хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр ямар ч тайлбар өгөөгүй. Тиймээс Түүнийг явснаас хойш хэдэн жилийн дараа Матай Есүст зориулсан угийн бичгийг бүтээж, бусад нь ч бас хүний хүслээс гарсан ихээхэн ажил хийжээ. Есүс хүнийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шат буюу тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг гүйцэлдүүлэхийн тулд ирсэн юм. Иймээс Есүсийг цовдлогдмогц Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулалтын ажилд—илүү олон үг хэлж, илүү их ажил хийх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс, Ехова хоёрын ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүн итгэлээрээ илүү их ойлгож, тодорхой мэдэж авах болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, ажлын сүүлчийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодорхой ойлгуулна, ингэснээр чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүх ач холбогдол, мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библид сохроор итгэж, биширч байснаа ойлгож болох юм. Энэ бүхэн нь чамд нэгд нэггүй ойлгох боломж олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болон өнөөдрийн Бурханы ажлын аль алиныг ойлгож авна; чи бүх үнэн, амь, замыг ойлгож, нүдээр харна. Есүсийн хийсэн ажлын үе шатанд Есүс яагаад эцсийн ажлыг хийлгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлох үед үг нь ч бас төгсгөл болсон; цовдлогдсоных нь дараа Түүний ажил бүрмөсөн дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлж, Бурханы бүх ажил гүйцэлдсэний дараа л Түүний ажил дууссан байх болно. Есүсийн ажлын үе шатанд хэлэлгүй үлдээсэн, эсвэл тодорхой илэрхийлээгүй олон үг байсан юм. Гэсэн ч Есүс юуг хэлсэн, юуг хэлээгүйгээ тоогоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгийн үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд одоогийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг дуусгахын төлөө байдаг. Хэрвээ үгийг бүр дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг гүйцэлдүүлэх ямар ч аргагүй байх болно, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашиглан бүх ажил төгсгөлдөө очиж, гүйцэлддэг. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэрээр чимээгүй явж одсон бөгөөд өнөөдөр ч гэсэн Түүний үгийг ойлгодоггүй, ойлголт нь буруу ч зөв гэж итгэсээр байдаг, буруу гэдгээ ч мэддэггүй олон хүн байсаар байгаа. Эцсийн үе шат Бурханы ажлыг бүрэн төгсгөж, гүйцэлдүүлнэ. Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүгд ойлгож, мэдэж авна. Хүмүүсийн доторх үзэл, санаа зорилго, эндүү ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх үзэл, шүтлэггүй хүмүүсийн тухай үзэл бодол болон бусад бүх гажуудал засагдана. Тэгээд хүн амьдралын бүх зөв зам, Бурханы хийсэн бүх ажил, бүхий л үнэнийг ойлгоно. Тийм зүйл болох үед ажлын энэ үе шат төгсгөлдөө очно.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 2

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх мэт төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар, завхарсан зан чанарт чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг ил болгосон үг нь хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогт бүр ч их чиглэсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг хэдхэн үгээр бүрэн тайлбарладаггүй; Тэрээр удаан хугацааны туршид ил болгож, засдаг. Ил болголт болон засалтын энэ бүх өөр өөр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй; харин хүнд ерөөсөө байдаггүй үнэнийг ашиглан ил болголт, засалтын энэ ажлыг явуулдаг. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авдаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы санаа зорилго, Бурханы ажлын зорилго, хүний ойлгошгүй нууцуудыг илүү их ойлгуулдаг. Түүнчлэн, хүнд өөрийнх нь завхарсан мөн чанар болон завхралынх нь үндсийг ойлгуулж, танин мэдүүлж, өөрийнх нь муухай төрхийг илчилдэг. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Бурханд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажилладаг арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс үг хэлэн, хүнд Үг нь махбодоор илэрсэн Бурханыг үнэхээр харж, Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг нүдээр харах боломж олгодог. Хүмүүсийг байлдан дагуулж, төгс болгож, таягдан хаях зорилгоо илүү сайн биелүүлэхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг ба энэ нь Үгийн эрин үед үг ашиглан ажиллахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүмүүс Бурханы ажил, Бурханы зан чанар, хүний мөн чанар, хүн юунд орох учиртайг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг бүх ажил үгээр дамжуулан гүйцэлддэг. Үгээр дамжуулан хүмүүс илчлэгдэж, таягдан хаягдаж, шалгагддаг. Хүмүүс эдгээр үгийг харж, эдгээр үгийг сонсож, эдгээр үгийн оршин тогтнолыг танин мэдсэн. Үүний үр дүнд тэд Бурханы оршин тогтнол, Бурханы төгс хүчин, мэргэн ухаан болон хүнийг хайрлаж, аврах Бурханы зүрх сэтгэлд итгэх болсон. “Үг” хэмээх нэр томьёо ердийн, энгийн байж болох ч бие махбодтой болсон Бурханы амнаас гарсан үг орчлон ертөнцийг донсолгож, хүмүүсийн зүрх сэтгэлийг өөрчилж, тэдний үзэл, хуучин зан чанарыг өөрчилж, бүхий л дэлхий ертөнцийн хуучин дүр төрхийг өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм маягаар ажилласан бөгөөд зөвхөн Тэр л ийнхүү ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн Бурханы үгийн удирдамж дор, Бурханы үгийн хариулга, хангалт дунд амьдардаг; хүмүүс Бурханы үгийн ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дунд амьдардаг бөгөөд хүмүүсийн дийлэнх нь Бурханы үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин бүтээлийн дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан үг ашиглан дэлхийг бүтээсэн бөгөөд орчлон ертөнц дэх бүх хүнийг үг ашиглан удирдаж, үг ашиглан байлдан дагуулж, авардаг, эцэст нь Тэрээр үг ашиглан бүхий л хуучин ертөнцийг төгсгөл болгож, улмаар удирдлагын төлөвлөгөөгөө бүхэлд нь гүйцээнэ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үе бол Үгийн эрин үе юм

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал, үүнээс ч илүүтэйгээр үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид оршин байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь зэрэгцэн оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй байх бөгөөд үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ чиний махан бие, өмхий махан бие төдийхөн юм. Номын үгийг амь хэмээн тооцохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж сүсэглэж болохгүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн үгийн тэмдэглэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн үг л үнэн, амь, Бурханы санаа зорилго бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм. Хэрвээ чи Бурханы өнгөрсөн эрин үеүдэд хэлсэн үгийн тэмдэглэлийг авч, өнөөдөр тэдгээрийг мөрдөх аваас археологич болох ба энэ тохиолдолд чамайг түүхэн эд өлгийн зүйлсийн мэргэжилтэн гэж тодорхойлбол хамгийн оновчтой. Чи үргэлж Бурханы өнгөрсөн цаг үед хийсэн ажлын ул мөрд итгэдэг, хүмүүсийн дунд урьд нь ажиллахад нь Бурханаас үлдсэн сүүдэрт л итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд л итгэдэг боловч Бурханы өнөөгийн ажлын чиг хандлагад итгэдэггүй, Бурханы өнөөгийн алдар суутай дүр төрхөд итгэдэггүй, Бурханы одоо илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Тиймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрвээ чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй бичиг үсэгтэй зууралдсаар байгаа бол чи найдваргүй үжирсэн мода, учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, учирлаад нэмэргүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Тайлбар:

а. Үжирсэн мод: “ямар ч нэмэргүй” гэсэн утгатай хятад хэлц.


Эцсийн өдрүүдийн Христ амийг, өнө мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, мөн хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, түүхийн утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, үг, түүхийн дөнгөнд захирагддаг хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөнх амийн замыг ч бас хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн бол сэнтийгээс урсах амийн ус биш, харин ердөө л хэдэн мянган жилийн турш зууралдсан булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд цогцос, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах юм бэ? Чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, зүгээр зогсоод, аливаа зүйлийг байгаагаар нь байлгахаар хичээдэг, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй тул үргэлж Бурханд дайсагнаж байх биш үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт хэмжээлшгүй, хүчирхэг—гэтэл чи юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж, хуучин зүйлстэй зууралдан, өвөр дээр чинь юм унаж ирэхийг хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зууралддаг тэр Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан мөн гэдгийг энэ яаж баталж чадах юм бэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарал өгөх үг төдий болохоос чамд амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг бичвэрийн үгс бол зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл; тэдгээр нь хүний амьдралыг мэдэхэд чинь туслах мэргэн ухааны үг биш, төгс төгөлдөр лүү чамайг хөтлөх зам бүр ч биш. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ухааруулахгүй байна гэж үү? Чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүй бол чи өөрөө тэнгэрт хүрч очиж, Бурхантай хамт гэр бүлийн аз жаргал эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж ятгаж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна

Өмнөх: 3. Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг дагадаг хүн орно. Тэр өдөр олон хүн Надад ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ(Матай 7:21–23). “Эзэн, Эзэн” гэж хэлдэг хүмүүс бүгд Эзэнд итгэж, түүнд үйлчилдэг. Тэд үргэлж золиос гаргаж, өөрсдийгөө зарлагадаж, Эзэний төлөө шаргуу ажиллаж, сайн мэдээг түгээж, чуулганыг байгуулсаар ирсэн. Тэд энэ бүхнийг хийснээр Эзэний хүслийг дагаагүй гэж үү? Эзэн Есүс эргэж ирэх үедээ яагаад тэднийг сайшаахгүй, харин мууг үйлдэгчид гэж яллах вэ?

Дараах: 2. Эзэн Есүс болон Төгс Хүчит Бурхан бол нэг Бурхан. Тэд өөр өөр эрин үед өөр өөр ажил хийдэг. Эзэн Есүс золин авралын ажлыг хийж, гэмшлийн замыг номлосон бол, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлт, цэвэрлэлтийн ажлыг хийж, мөнх амийн замыг авчирдаг. Тэгэхээр гэмшлийн зам болон мөнх амийн зам хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх