3. Эзэн Есүс ийнхүү хэлсэн: “Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21–23). “Эзэн, Эзэн” гэж хэлдэг хүмүүс бүгд Эзэнд итгэж, түүнд үйлчилдэг. Тэд үргэлж золиос гаргаж, өөрсдийгөө зарлагадаж, Эзэний төлөө шаргуу ажиллаж, сайн мэдээг түгээж, чуулганыг байгуулсаар ирсэн. Тэд энэ бүхнийг хийснээр Эзэний хүслийг дагаагүй гэж үү? Эзэн Есүс эргэж ирэх үедээ яагаад тэднийг сайшаахгүй, харин мууг үйлдэгчид гэж яллах вэ?
Холбогдох Бурханы үг:
Бусдыгаа үнэлж шүүдэг хүмүүсийн стандарт зан авирт нь үндэслэдэг; үйлдэл нь сайн бол зөв шударга хүн, харин үйлдэл нь жигшүүртэй бол хорон муу хүн байдаг. Хүмүүсийг үнэлж шүүдэг Бурханы стандарт бол тэдний мөн чанар Өөрт нь дуулгавартай байгаа эсэхэд үндэслэдэг; уг хүний зан авир сайн, муу эсэх, үг яриа нь зөв буруу эсэхээс үл хамааран Бурханд дуулгавартай хүн бол зөв шударга хүн, харин дуулгаваргүй хүн бол дайсан, хорон муу хүн юм. Зарим хүн ирээдүйд сайхан хүрэх газар олж авахын тулд сайн үйл хэрэг ашиглахыг хүсдэг, зарим хүн сайн хүрэх газартай болохын тулд сайхан үг яриа ашиглахыг хүсдэг. Бурхан зан авирыг нь харж, үг яриаг нь сонссоныхоо дараа хүмүүсийн төгсгөлийг тодорхойлдог гэж хүн бүр эндүүрэн итгэдэг; тиймээс олон хүн үүнийг далимдуулан Бурханыг мэхэлж түр зуурын ивээл олж авахыг хүсдэг. Ирээдүйд, амралтын байдалд амьд үлдэх хүмүүс бүгд гай зовлонгийн өдрийг туулж, бас Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ биелүүлсэн, Бурханд зориуд захирагдсан хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийх зорилгоор үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүсдэг хүмүүс үлдэж чадахгүй. Хүн нэг бүрийн төгсгөлийг зохицуулах зүй зохистой стандарт Бурханд бий; Тэрээр хүний үг, үйлдэлд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргадаггүй, бас нэгэн үед гаргасан зан авирынх нь дагуу ч шийддэггүй. Урьд нь Өөрт нь үйлчилснээс болоод Бурхан хүний хорон муу үйлдэлд яавч өршөөнгүй хандахгүй, мөн Бурханы төлөө нэг удаа зарлагадсанаас нь болоод хүнийг үхлээс хэлтрүүлэхгүй. Хорон муу байдлынхаа төлөө цээрлэл хүлээхээс хэн ч зайлж чадахгүй ба хэн ч ёрын муу үйлдлээ нууж, улмаар сүйрлийн тарчлаанаас зугтаж чадахгүй. Хэрвээ хүмүүс өөрсдийнхөө үүргийг үнэхээр биелүүлж чаддаг бол, ерөөл хүртэх, золгүй явдал туулахаас үл хамааран Бурханд мөнхөд үнэнч байж, шагналын араас хөөцөлддөггүй гэсэн үг юм. Хүмүүс ерөөл харах үедээ Бурханд үнэнч байдаг ч ямар нэгэн ерөөл харж чадахгүй үедээ үнэнч байдлаа алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж мөн л чаддаггүй, оногдсон үүргээ биелүүлж чаддаггүй бол Бурханд урьд нь нэгэнтээ үнэнчээр үйлчлэл үзүүлсэн байлаа ч гэсэн тэд сүйрлийн бай хэвээр байна. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, амралтад ч орж чадахгүй; зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Бурханд үйлчлэх нь тийм ч амархан ажил биш. Ялзарсан зан чанар нь өөрчлөгдөлгүй үлдсэн хүмүүс хэзээ ч Бурханд үйлчилж чадахгүй. Хэрэв чиний зан чанар Бурханы үгээр шүүгдэж, гэсгээгдээгүй бол зан чанар чинь Сатаныг төлөөлсөөр байдаг. Чи “сайн санааныхаа” улмаас Бурханд үйлчилдэг, чиний үйлчлэл сатанлаг уг чанарт чинь үндэслэдэг гэдгийг энэ нь баталдаг. Чи төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн хүсэл зоргын дагуу Бурханд үйлчилдэг. Түүгээр ч барахгүй хийхийг хүсэж байгаа зүйлд чинь Бурхан баярлаж, хийхийг хүсдэггүй зүйлийг чинь Бурхан үзэн яддаг гэж чи үргэлж боддог; чи зөвхөн өөрийн хүсэл зоргын дагуу л ажилладаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амь зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй; харин ч үйлчлэл чинь чамайг бүр илүү зөрүүд болгосноор завхарсан зан чанарыг чинь туйлын үхширмэл болгоно. Тийм болохоор, Бурханд үйлчлэх талаар зөвхөн өөрийн чинь зан аашинд голлон суурилсан дүрэм журам, зан чанарынхаа дагуу үйлчилдэг үйлчлэлээс чинь урган гарсан туршлага чамд бий болно. Эдгээр нь хүний туршлага болон сургамж юм. Энэ бол хорвоо дээр амьдрах хүний амьдралын гүн ухаан юм. Ийм хүмүүсийг фарисайчууд, шашны албан тушаалтнууд гэж ангилж болно. Хэрвээ тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцсийн өдрүүдэд хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христүүд, антихристүүд болж хувирах нь гарцаагүй. Яриад байсан хуурамч Христүүд болон антихристүүд ийм хүмүүсийн дундаас гарч ирнэ. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу үйлддэг бол тэд хэзээ ч хамаагүй хөөн зайлуулагдах эрсдэлтэй. Бурханд үйлчилж олж авсан олон жилийн туршлагаа бусдын зүрх сэтгэлийг өөртөө татаж, тэднийг сургамжилж, хянаж, өндөр байр суурийг эзлэхэд ашигладаг хүмүүс—хэзээ ч гэмшиж, хэзээ ч нүглээ улайж, байр суурийн ашиг хонжооноос хэзээ ч татгалздаггүй—энэ хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил, дээгүүр зиндаагаараа бардамнаж, эрдэм чадлаа гайхуулдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм үйлчлэл Бурханы ажилд саад учруулдаг. Хүмүүс үргэлж хуучинтайгаа зууралддаг. Тэд өнгөрсөн үеийн үзэлтэй, өнгөрсөн үеийн бүх зүйлтэй зууралддаг. Энэ нь тэдний үйлчлэлд асар их саад бартаа болдог. Хэрэв чи тэдгээрийг хаяж чадахгүй бол эдгээр зүйл бүхий л амьдралыг чинь үгүй хийх болно. Хэдий чи гүйж байгаад хөлөө хугалж, хөдөлмөрлөж байгаад нуруугаа гэмтээсэн ч гэсэн, бүр Бурханд үйлчлэхэд амиа зориулсан ч гэсэн Бурхан чамайг өчүүхэн төдий ч сайшаахгүй. Харин ч эсрэгээрээ: Тэр чамайг мууг үйлдэгч гэж хэлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шашны үйлчлэлээс ангижрах ёстой
Бурханд итгэх итгэлдээ Петр бүх зүйл дээр Бурханыг хангалуун байлгахаар эрж хайсан ба Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай хандахаар хичээсэн. Тэрээр өчүүхэн төдий ч гомдолгүйгээр гэсгээлт, шүүлт, түүнчлэн цэвэршүүлэлт, гай зовлон, амьдралынхаа гачигдлыг хүлээн зөвшөөрч чадсан бөгөөд эдгээрийн юу ч Бурханыг гэх хайрыг нь өөрчилж чадаагүй. Энэ нь Бурханыг гэсэн туйлын хайр байсан бус уу? Бурханы бүтээлийн үүргийг биелүүлсэн бус уу? Гэсгээлт, шүүлт, гай зовлонгийн үед ч чи үргэлж үхэх хүртлээ дуулгавартай байж чадах бөгөөд энэ нь Бурханы бүтээлийн хүрэх ёстой зүйл, мөн Бурханыг гэх хайрын цэвэр ариун байдал юм. Хэрвээ хүн ийм түвшинд хүрч чадах юм бол Бурханы бүтээл байхад тохирох бөгөөд Бүтээгчийн хүслийг үүнээс илүү хангалуун байлгах юу ч үгүй. Чи Бурханы төлөө ажиллаж чаддаг гэж төсөөл, гэхдээ чи Бурханд дуулгавартай ханддаггүй ба Бурханыг үнэхээр хайрлах чадваргүй. Ийм маягаар чи Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхгүйгээр үл барам Бурханаар яллагдана, учир нь чи үнэнийг эзэмшдэггүй, Бурханд дуулгавартай байх чадваргүй, Бурханд дуулгаваргүй хүн юм. Чи Бурханы төлөө ажиллах талаар л анхаардаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл өөрийгөө мэдэх талаар анхаардаггүй. Бүтээгчийг ойлгодоггүй, мэддэггүй бөгөөд Бүтээгчид дуулгавартай байдаггүй, мөн Түүнийг хайрладаггүй. Чи бол төрөлхийн Бурханд дуулгаваргүй хүн, иймээс тийм хүмүүсийг Бүтээгч хайрладаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг
Зарим хүн эцэст нь, “Би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр биширмээр амжилт гаргаагүй байж болох ч би хичээнгүйлэн чармайсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэр лүү аваачиж, амийн жимс идүүлж болохгүй гэж үү?” хэмээн хэлнэ. Би ямар хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч эцэст нь өрөвдмөөр бузар хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэх чинь Тэнгэрийн хуулиар тэвчишгүй юм! Дэлхий ертөнц бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Надад ая тал зассан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгож байгаагүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй! Чи амийг эрж хайх ёстой. Өнөөдөр, төгс болгуулах хүмүүс Петртэй адил төрлийнх юм: Тэд бол зан чанараа өөрчлөхөөр эрж хайдаг хүмүүс бөгөөд Бурханд гэрчлэл хийж, Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхэд бэлэн байдаг хүмүүс юм. Тийм хүмүүс л төгс болгуулна. Хэрвээ чи зөвхөн шагнал горилоод, амь зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлдэггүй бол бүх хичээл чармайлт чинь талаар өнгөрнө—энэ бол өөрчлөгдөшгүй үнэн юм!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг
Бурхан бол зөвт Бурхан бөгөөд хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр хүнийг алагчлахгүй нь гарцаагүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж үү? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг зөвт зан чанараараа шүүдэг ч хүнд тавьдаг шаардлагуудад минь тохиромжтой нөхцөл байдаг бөгөөд хэн байхаас үл хамааран, Миний шаарддаг зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой. Чиний чадвар хэр болох нь, хэр удаан ийм чадвартай байсан чинь Надад хамаагүй; Миний замаар явж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн байхгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагадаг бол тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр, хэрвээ чи Миний хэлсэн үгийг мөрдсөн бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа үргэлж зовж шаналсан, бэрхшээлийг үл тоомсорлон Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож үзээгүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэр нь шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч хольцоор сэвтээгүй: Үүнд хүний ямар ч хүсэл байдаггүй ба махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн: “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгэхэд Би чамаас “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал арилжаа наймаанд үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас л Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг хүртэнэ гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдана” гэх Миний үгэнд далд утга бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Надаар бүрэн авхуулах хүмүүс юм, тэд бол Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, гэхдээ өөр яасан гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа зорилго чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олоод, азтай болно гэж найдсан хандлагаар л энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгч бүхний зөвт шийтгэл энэ юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замаар алхдаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг
Та нар олон жилийн турш дагалдагч байснаараа ямартай ч шаргуу ажилласан бөгөөд зүгээр л үйлчлэл үзүүлэгч байсныхаа төлөө Бурханы гэрээс аяга будаа хүртэж ёстой гэж төсөөлж байж магадгүй. Та нар ямар нэг зүйлийг ашиглаад, хариуд нь өөрсдийгөө ашиглуулахгүй байх зарчмыг үргэлж эрэлхийлж ирсэн учраас дийлэнх чинь ингэж боддог гэж Би хэлнэ. Тиймээс Би одоо та нарт тун нухацтайгаар хэлж байна: Шаргуу ажил чинь хэр гавьяатайг, чадвар чансаа чинь хэр сүрхийг, Намайг хэр ойр дагадаг, хэр их нэр цуутайг чинь, эсвэл хандлагаа хэр их сайжруулсныг чинь Би хайхардаггүй; Миний шаардлагад нийцээгүй л бол чи Миний магтаалыг хэзээ ч хүртэж чадахгүй. Энэ бүх санаа, тооцооллоо аль болох эртхэн орхиод Миний шаардлагад нухацтай хандаж эхэл; эс бөгөөс, Би ажлаа дуусгахын тулд бүх хүнийг үнс нурам болгож, хамгийн муудаа л олон жилийн ажил, зовлон шаналлаа талаар болгоно, учир нь Би Өөрийн дайснууд болон муу муухай ханхлуулсан, Сатаны төрхтэй хүмүүсийг хаанчлалдаа юм уу дараагийн эрин үед аваачиж чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө