3. Загалмай дээр Эзэн Есүс “Биелэгдлээ” (Иохан 19:30) хэмээн хэлж, ийнхүү хүн төрөлхтнийг аврах Бурханы ажил бүрэн дууссан болохыг нотолсон. Бид Эзэн Есүст итгэдэг болохоор нүгэл маань аль хэдийн өршөөгдөж, итгэлээрээ зөвтгөгддөг. Эзэн ирэхэд бид шууд тэнгэрийн хаанчлалд өргөгдөх болно. Бурхан яагаад үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, ариусгах ажлыг хийсээр байх ёстой юм бэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28).
“Учир нь үнэний мэдлэгийг хүлээн авсныхаа дараа хэрвээ бид санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй, харин шүүлт болон эсэргүүцэгчдийг залгих галын хилэнг айдастайгаар хүлээх нь гарцаагүй” (Еврей 10:26–27).
“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үг түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47–48).
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12–13).
“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).
Холбогдох Бурханы үг:
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ирж, их ажил хийсэн ч зөвхөн бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил л болсон юм; Тэрээр хүнийг бүх завхарсан зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аваръя гэвэл, Есүс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэх хэрэгтэй төдийгүй, Бурхан ч бас улам их ажил хийж, хүнийг Сатаны-завхруулсан зан чанараас нь бүрэн салгах шаардлагатай. Иймээс хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор дуулгавартай дагадаг бүх хүн илүү өндөр үнэнийг эдэлж, илүү агуу ерөөлийг хүлээн авна. Тэд үнэхээр гэрэлд амьдарч, үнэн, зам, амийг олж авна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
Эхний удаа бие махбодтой болсон нь хүнийг нүглээс золин аварсан ба Есүсийн бие махбодоор дамжуулан хүнийг золин аварсан юм. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг загалмайнаас аварсан боловч хүний дотор завхарсан сатанлаг зан чанар мөн л үлджээ. Хоёр дахь удаа бие махбодтой болсон нь дахиж нүглийн тахил болохгүй, харин ч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аврахын төлөө байдаг. Нүгэл нь уучлагдсан хүмүүс нүглээс ангижирч, бүрэн ариусгагдаж, зан чанарын өөрчлөлтөд хүрч, улмаар Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, Бурханы сэнтийн өмнө буцан ирээсэй гэсэндээ энэ нь хийгддэг. Ийм маягаар л хүн бүрэн ариусаж чадна. Хуулийн эрин үе дууссаны дараа Нигүүлслийн эрин үе эхлэхийн хамтаар Бурхан авралын ажлыг эхлүүлсэн ба энэ нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтний тэрслүү байдлыг шүүж, гэсгээж, тэднийг бүрмөсөн ариусгах хүртэл үргэлжилдэг. Дараа нь л Бурхан авралын ажлаа төгсгөөд амралтад орно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, Бурханаар төгс болгуулаагүй та нар шиг нүгэлтэн Бурханы санаа зорилгод нийцэж чадах уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд Есүсээр авруулсан чинь үнэн, мөн Бурханы авралаас үүдэн чи нүглийнх биш боловч энэ нь нүгэлгүй, бохир биш гэдгийг чинь нотлохгүй. Өөрчлөгдөөгүй юм бол чи яаж ариусгагдаж чадах юм бэ? Дотроо чи бохироор дүүрэн, аминч, өөдгүй байгаа хэр нь Есүстэй хамт бууж ирэхийг хүссээр байдаг—тийм азтай явдал байна гэж үү дээ! Бурханд итгэх итгэлд чинь нэг алхам дутуу байна: Чи ердөө л золин аврагдсан, харин өөрчлөгдөөгүй. Бурханы санаа зорилгод нийцэхийн тулд чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан заавал биечлэн хийх ёстой; эс бөгөөс чи зөвхөн золин аврагдсан тул ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурхантай хамт сайн ерөөлийг эдлэх шалгуурыг хангахгүй, учир нь чи Бурханы хүнийг удирдах ажлын нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болох гол алхам юм. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өвийг шууд өвлөн авч чадахгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нэршил болон ялгамж чанарын талаар
Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суучихсан бөгөөд Сатанаар олон мянган жил завхруулагдсаны дараа хүн дотроо Бурханыг эсэргүүцдэг уг чанартай байдаг. Тиймээс хүнийг золин аварсан нь золин авралаас цаашгүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч хүний доторх хорт чанарыг арилгаагүй юм. Ийм бузар хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт, гэсгээлтийн энэ ажлаар дамжуулан хүн өөрийнхөө доторх бузар, завхарсан мөн чанарыг бүрэн мэдэж авч, бүрэн өөрчлөгдөж, ариусгагдаж чадна. Ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих шаардлагыг хангаж чадна. Хүнийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд өнөөгийн бүх ажил хийгддэг; ингэснээр хүн үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан, цэвэршүүлэлтээр дамжуулан завхралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж үзэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь бас байлдан дагуулалтын ажил бөгөөд авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүн Бурханаар авхуулдаг; үгийн цэвэршүүлэлт, шүүлт, ил болголтоор дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх хольц, үзэл, сэдэл, хувийн итгэл найдвар бүгд бүрэн илчлэгддэг. Хүн золин авруулж, нүглээ уучлуулсан хэдий ч үүнийг Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л үзэж болно. Гэвч хүн нүглээс ангижралгүйгээр махан биед амьдардаг бөгөөд үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, завхарсан сатанлаг зан чанараа эцэс төгсгөлгүй илчилж л чадна. Энэ бол хүний амьдардаг, нүгэл үйлдэж, нүглээ уучлуулдаг эцэс төгсгөлгүй орчлын амьдрал юм. Ихэнх хүн өдрөөр нүгэл үйлдээд, орой нь нүглээ улайдаг. Иймээс нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг хэдий ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн, учир нь хүн завхарсан зан чанартай хэвээр байгаа… Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болоход маш амаргүй бөгөөд өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй байдаг. Үгийн шүүлтээр л дамжуулан энэ үр дүнд хүрч болно. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бурхан бие махбодтой болсноор дамжуулан хүний нүгэл уучлагдсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүгэл уучлагдаж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүгэл уучлагдсан нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучин, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсаар байна. Ийм болохоор хүнийг завхарсан сатанлаг зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч дордохгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөж чадна. Энэ нь амийн өсөлтийн замыг ойлгож, амийн замыг ойлгож, зан чанараа өөрчлөх замыг ойлгохыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлэхийг хүнээс шаарддаг, ингэснээр хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, хүн гэрлийн туяан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы санаа зорилгын дагуу хийж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижирна. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тиймээс ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхдээ үг ашиглаж, зохистой замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шатны ажил нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилж чадах зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бие махбодтой болохын нууц 4
Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөр өөр шинж чанартаа үндэслэн өөр өөр төрөлд хуваагддаг. Энэ нь чухамдаа Бурхан хүмүүсийн төгсгөл, хүрэх газрыг илчилдэг үе юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол тэрслүү, зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөлийг илчилж болно. Хүмүүс гэсгээгдэж, шүүгдэх үедээ л жинхэнэ төрхөө харуулдаг. Муу нь муутай, сайн нь сайнтай тавигдах бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр ёрын муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгнө. Энэ бүх ажил зөвт гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, тэрслүү байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас гэсгээлт, шүүлт голлосон, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүмүүсийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож, ёрын мууг илчилж чадна, тийнхүү зөв шударга бус бүхэн хатуу шийтгүүлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлт, гэсгээлтийн ажил буюу ариусгалтын эцсийн ажлын үеэр бат зогсож чаддаг хүмүүс Бурхантай хамт эцсийн амралтад орох хүмүүс байх болно; иймээс амралтад ордог хүмүүс бүгд эцсийн ариусгалтын ажлыг туулсныхаа дараа л Сатаны нөлөөнөөс ангижирч, Бурханаар авхуулсан байх болно. Бурханаар эцэст нь авхуулсан энэ хүмүүс эцсийн амралтад орно. Бурханы гэсгээлт, шүүлтийн ажил нь мөн чанартаа эцсийн амралтын өдрийн төлөө хүмүүсийг ариусгах зорилготой; эс бөгөөс хүн төрөлхтний нэг нь ч төрлийнхөө дагуу ангилагдаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы ариусгалтын ажил л хүмүүсийн зөв шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний тэрслүү элементийг ил болгож, улмаар аврагдаж чадах хүмүүсийг чадахгүйгээс нь, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс нь ялгана. Энэ ажил дуусахад үлдэх боломжтой хүмүүс бүгд цэвэрлэгдэж, газар дээр хүн төрөлхтний илүү өндөр байдалд орж, илүү гайхалтай хоёр дахь амьдралыг эдэлнэ; өөрөөр хэлбэл, тэд хүний амралтын өдөрт орж, Бурхантай зэрэгцэн оршино. Үлдэх боломжгүй хүмүүс гэсгээгдэж, шүүгдсэний дараа жинхэнэ төрх нь бүрмөсөн илчлэгдээд, дараа нь тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэхийг нь цаашид зөвшөөрөхгүй. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; ийм хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд ёрын муу, зөв шударга бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. Тэд нэгэнтээ золин аврагдсан, бас шүүгдэн гэсгээгдсэн; тэд бас нэгэнтээ Бурханы төлөө хөдөлмөрлөсөн. Гэвч, сүүлчийн өдөр ирэхэд ёрын муу байдлынхаа улмаас, тэрслүү байдал болон золин аврагдах боломжгүй байдлынхаа улмаас тэд мөн л таягдан хаягдаж, устгагдана; хожмын ертөнцөд тэд хэзээ ч оршин тогтнохгүй, мөн ирээдүйн хүн төрөлхтний дунд цаашид амьдрахгүй… Мууг шийтгэж, сайныг шагнах Бурханы эцсийн ажлын ар дахь ганцхан зорилго нь бүх хүнийг бүрмөсөн ариусгах явдал юм, ингэснээр Тэр бүрэн ариусгагдсан хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачна. Түүний ажлын энэ үе шат хамгийн чухал; энэ нь Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ. Хэрвээ Бурхан ёрын мууг устгалгүй үлдээсэн бол бүх хүн төрөлхтөн амралтад орж чадахгүй хэвээр байх байсан бөгөөд Бурхан тэднийг илүү сайхан ертөнцөд аваачиж чадахгүй байх байлаа. Ийм ажил нь бүрэн дууссан ажил биш байх байлаа. Бурханы ажил дуусах үед бүх хүн төрөлхтөн бүрэн ариусгагдана; ийм маягаар л Бурхан амралтад санаа амар амьдарч чадна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно