1. Эзэн “Би та нарт зориулан орон байр бэлдэхээр явна. Хэрвээ Би яваад та нарт зориулан орон байр бэлдчихвэл дахин ирээд та нарыг Өөртөө авах болно; Би хаана байна та нар ч бас тэнд байх болно” (Иохан 14:2–3) хэмээн хэлж, бидэнд амлалт өгсөн. Эзэн Есүс амилж, бидэнд байр суурь бэлдэхээр тэнгэр өөд гарсан тул энэ байр суурь тэнгэрт байх учиртай. Гэтэл та нар Эзэн Есүс эргэн ирж, газар дээр Бурханы хаанчлалыг байгуулсан гэж гэрчилдэг. Би ойлгохгүй байна. Тэнгэрийн хаанчлал тэнгэрт байна уу эсвэл газар дээр байна уу?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтугай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” (Матай 6:9–10).
“Долоо дахь тэнгэрэлч бүрээдлээ; тэнгэрт чанга дуу гарч, ийнхүү хэлэв, ‘Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно’” (Илчлэл 11:15).
“Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Би сэнтийгээс гарах чанга дууг сонсов: Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ” (Илчлэл 21:2–4).
Холбогдох Бурханы үг:
Бурхан хүмүүсийг бүтээж, газар дээр байрлуулаад, тэр үеэс хойш тэднийг удирдсан. Дараа нь Тэр тэднийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүмүүсийг бүхэлд нь аварч, анхдагч төрхийг нь сэргээх ёстой болсон. Хүний анхдагч дүр, анхны төрхийг сэргээх энэхүү ажлыг Тэр бүр эхнээсээ л хийсээр ирсэн. Бурхан хаанчлалаа байгуулж, хүний анхдагч төрхийг сэргээнэ, өөрөөр хэлбэл, Бурхан газар дээр, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ. Сатанаар завхруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдаж, Бурханы бүтээлд оногдсон чиг үүргээ ч алдаж, улмаар Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Тэгээд хүмүүс Сатаны эзэмшилд амьдарч, Сатаны тушаалыг дагасан; тиймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах ямар ч аргагүй болж, тэдний айж эмээсэн хүндлэлийг олж авч бүр ч чадахаа больсон юм. Хүмүүс Бурханаар бүтээгдсэн, Бурханд шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ Бурханаас нүүр буруулж, оронд нь Сатаныг шүтжээ. Тэгээд Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Ийнхүү Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл, Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан. Тиймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч төрхийг сэргээж, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулах ёстой. Хүмүүсийг Сатанаас буцаан авахын тулд Тэр тэднийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Бурхан тэдний анхдагч төрх болон чиг үүргийг аажмаар сэргээж, Өөрийн хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, хүмүүсийг Бурханд илүү их шүтэн мөргүүлж, газар дээр илүү сайхан амьдруулахын төлөө хийгдэнэ. Бурхан хүмүүсийг бүтээсэн тул Тэр хүнийг Өөртөө шүтэн мөргүүлнэ; Тэрээр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээнэ. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнийг Өөртөө шүтэн мөргүүлж, Өөртөө дуулгавартай байлгана гэсэн үг юм; мөн Бурхан хүмүүсийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа Өөрийн эрх мэдлээр сүйрүүлнэ гэсэн утгатай. Бас Бурхан, хэний ч эсэргүүцэлгүйгээр Өөрийнхөө бүхий л зүйлийг хүмүүсийн дунд үлдээнэ гэсэн үг юм. Бурханы байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүн төрөлхтөн бол Түүнд шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар сууг илтгэдэг хүмүүс юм. Хэрвээ Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир алдагдана; Тэрээр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Хэрвээ Бурхан, Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснуудаа устгахгүй бол бүрэн алдар суугаа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүн төрөлхтний дундаас Өөрт нь дуулгаваргүй хүмүүсийг бүрмөсөн устгаж, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны тэмдэг, Түүний агуу амжилтын тэмдэг байх болно. Хүмүүс анхдагч төрхөө сэргээж, тус тусын үүргийг гүйцэтгэж, өөрсдийн зүй ёсны байр суурийг хадгалж, Бурханы бүх зохицуулалтад захирагдаж чаддаг байх үед Бурхан, Өөрт нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрт нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөхнө. Энэ нь хүн төрөлхтнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, газар дээрх, бүх зүйлийн дундах, дайснуудынх нь дундах Түүний эрх мэдлийг сэргээнэ. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг байх болно. Тэр үеэс хойш хүн төрөлхтөн амралтад орж, зөв зам дээрх амьдралыг эхлүүлнэ. Бурхан ч бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралыг эхлүүлнэ. Газар дээрх бузар булай болон дуулгаваргүй байдал алга болж, бүхий л уйлаан ч бас үгүй болж, энэ дэлхий дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохоо больсон байх болно. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэнэ; Түүний бүтээл л үлдэнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад орох нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдаж, хүмүүст хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн утгатай. Бурхан хүмүүс дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүмүүс Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүмүүс ч байнга ийш тийш явахаа болино; Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орно. Бурхан анхдагч байр сууриндаа буцан очиж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Бурханы бүхий л удирдлага дуусмагц Бурхан болон хүмүүсийн оршин суух хүрэх газар энэ юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүний газар дээрх амьдралыг залж чиглүүлсээр байх болно, Бурханы гэрэлд хүмүүс тэнгэр дэх цор ганц жинхэнэ Бурханд шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа болино, хүмүүс ч Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдарч чадахгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёулаа тус тусын амьдрах хэв маягтай байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүмүүс бөгөөд мөн чанар нь Бурханыхтай адилгүй. “Амрах” гэдэг нь анхдагч байрандаа буцан очно гэсэн утгатай. Тиймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд буцан очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн баяр баясал, зовлонг хуваалцахаар дунд нь байхаа болино. Хүмүүс амралтад орох гэдэг нь жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай; тэд газар дээрээс Бурханд шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдарна гэсэн үг. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болиод, Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Амралтад орсны дараах Бурхан ба хүмүүсийн тус тусын амьдрал, хүрэх газар ийм байх болно. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох болон хүмүүс бүрэн аврагдаж, амралтад орох нь ч бас зайлшгүй чиг хандлага болсон. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүмүүс амралтад Бурханд шүтэн мөргөж, газар дэлхий дээр амьдарна, харин Бурхан үлдсэн хүмүүсийг амралтад залж чиглүүлдэг ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно
Байлдан дагуулалтын ажил гүйцэлдмэгц хүн үзэсгэлэнтэй сайхан ертөнц рүү хүргэгдэнэ. Энэ амьдрал нь мэдээж газар дээр үргэлжлэх боловч хүний өнөөдрийн амьдралаас шал өөр байх болно. Энэ нь бүх хүн төрөлхтөн байлдан дагуулагдсаны дараах хүн төрөлхтний амьдрал, хүний газар дээрх шинэ эхлэл байх болно, хүн төрөлхтөн ийм амьдралаар амьдарч байгаа нь шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд орсны баталгаа болно. Энэ нь Бурхан болоод хүний газар дээрх амьдралын эхлэл байх болно. Хүн ариусгагдаж, байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгчийн өмнө захирагдах явдал нь ийм сайхан амьдралын урьдач нөхцөл болох ёстой. Иймээс байлдан дагуулалтын ажил нь хүн төрөлхтөн гайхалтай хүрэх газарт орохын өмнөх, Бурханы ажлын сүүлчийн үе шат юм. Ийм амьдрал нь хүний газар дээрх ирээдүйн амьдрал бөгөөд газар дээрх хамгийн сайхан амьдрал, хүний хүсэмжилдэг төрлийн амьдрал, дэлхийн түүхэнд урьд өмнө нь хүний хэзээ ч хүрч байгаагүй тийм амьдрал билээ. Энэ нь 6,000 жилийн удирдлагын ажлын эцсийн үр дүн, хүн төрөлхтний хамгийн их хүсэн эрмэлздэг зүйл, энэ нь мөн хүнд өгсөн Бурханы амлалт юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь
Миний үг биелэхэд хаанчлал газар дээр аажмаар бүрэлдэж, хүн хэвийн байдалдаа аажмаар эргэн орж, улмаар Миний зүрх сэтгэл дэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурханы бүх ард хэвийн хүний амьдралыг эргүүлэн авдаг. Жавартай хүйтэн өвөл дуусаж, бүхэл жилийн турш хаврын улиралтай байдаг хотуудын ертөнцөөр солигдоно. Хүмүүс дүнсгэр, тарчиг хүний ертөнцтэй нүүр тулахаа больж, хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа больдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй, улс орнууд өөр хоорондоо дайтахгүй, цаашид аллага хядлага ба аллага хядлагаас урсах цус гэж үгүй; бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч, хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдоно. Би дэлхий даяар явж, Өөрийн сэнтий дээр тааламжтай суун, оддын дунд амьдардаг. Тэнгэрэлчүүд Надад шинэ дуу, шинэ бүжиг өргөн барьж, дахин хэзээ ч өөрсдийнхөө хэврэг байдлын улмаас нулимс урсгахгүй. Миний өмнө тэнгэрэлчүүдийн уйлах чимээ дахин хэзээ ч сонсогдохоо больж, хэн ч Надад өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочихоо болино. Өнөөдөр та нар бүгд Миний өмнө амьдардаг; маргааш та нар бүгд Миний хаанчлалд оршино. Энэ нь хүмүүст хайрладаг хамгийн агуу ерөөл минь бус уу?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 20-р бүлэг