2. Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, цэвэрлэх ажлыг явуулдаг гэж та нар гэрчилдэг. Эцэст нь Тэр бүлэг ялагчдыг олж авч, дараа нь энэ хуучин, хорон муу эрин үеийг устгаж, хүнийг шинэ эрин рүү хөтлөх болно. Эцсийн өдрүүдэд Бурхан энэ хуучин, хорон муу эрин үеийг хэрхэн устгах талаар та нар илүү дэлгэрэнгүй нөхөрлөж болох уу?
Холбогдох Бурханы үг:
Бурханы ардууд бүгд бүрэн төгс болгуулж, газар дэлхийн бүх улс орон Христийн хаанчлал болох үе нь долоон аянга нижигнэх үе байх болно. Одоо яг тэр үе шат руу урагшилж байна; яг тэр өдөр лүү довтолж байна. Энэ бол Бурханы төлөвлөгөө бөгөөд ойрын ирээдүйд энэ нь биелнэ. Гэхдээ Бурхан Өөрийнхөө ярьдаг зүйлийг бүгдийг нь аль хэдийн гүйцэлдүүлсэн. Тиймээс газар дэлхийн улс орнууд бутран унахын ирмэг дээр буй элсэн дээрх цайз гэдэг нь тодорхой—эцсийн өдөр айсуй бөгөөд агуу улаан луу Бурханы үгэн дор нуран унана. Бурханы төлөвлөгөөг бүрэн амжилттай байлгахын тулд тэнгэрэлчүүд хүний ертөнцөд буун ирж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийж эхэлсэн ба бие махбодтой болсон Бурхан Өөрөө дайсантай дайтахын тулд тулааны талбарт байгаа. Бие махбодтой болсон Бурхан хаана байна, тэнд дайсан устгагддаг. Хятад улс эхлээд устгагдана; Бурханы гарт мөхнө. Бурхан үүнд яавч өршөөл үзүүлэхгүй. Бурханы ардууд төлөвшихийнхөө хэрээр агуу улаан луу улам нуран унаж буйг нотолдог; энэ нь хүнд илэрхий харагддаг. Бурханы ардуудын төлөвшил нь дайсны сүйрлийн тэмдэг юм. “Тулалдах” гэдгийн багахан тайлбар энэбилээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 10-р бүлэг
Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!
Шүүлтийн эрин үе оргилдоо хүрэхэд Би ажлаа дуусгах гэж яарахын оронд гэсгээлтийн эрин үеийн нотолгоонд үүнийгээ нэгтгэж, энэ нотолгоог Өөрийн бүх ардад харуулна; үүнээс илүү их үр өгөөж гарна. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээдэг Миний арга хэрэгсэл бөгөөд Би ардууддаа үүнийг өөрсдийнх нь нүдээр үзүүлж, улмаар тэд Миний зан чанарыг илүү сайн мэднэ. Агуу улаан луу гэсгээгдсэн цагт ардууд минь Намайг эдэлдэг. Агуу улаан лууны эсрэг хүмүүсийг нь босгож, бослого хийлгэх нь Миний төлөвлөгөө бөгөөд ардуудаа төгс болгодог Миний арга, мөн бүх ард маань амиа өсгөх сайхан боломж энэ юм… Өнөөдөр би гэсгээлтийн эрин үе рүү хүнтэй хамт дэвшин, түүнтэй мөр зэрэгцэн урагшилдаг. Би ажлаа хийж байна, өөрөөр хэлбэл, саваагаараа хүмүүсийн дунд цохиж, хүний тэрслүү байдал дээр саваагаа буулгадаг. Хүний үзэхэд, Миний саваа гойд хүч агуулсан мэт байдаг: Миний бүх дайсан дээр саваа минь бууж, тэднийг амархан өршөөдөггүй; Намайг эсэргүүцдэг бүх хүний дунд саваа анхдагч чиг үүргээ гүйцэтгэдэг; Миний гар дахь бүх хүн санаа зорилгын минь дагуу үүргээ гүйцэтгэдэг бөгөөд хүслийг минь тэд хэзээ ч үл ойшоогоогүй, мөн чанараа тэд хэзээ ч өөрчлөөгүй. Иймээс ус шуугьж, уул нурж, их мөрөн сарниж, хүн ямагт өөрчлөлтөд орж, нар бүүдийж, сар харанхуйлж, хүн амар амгалан амьдрах өдөр хоноггүй болж, газар дээр тайван байх цаг дуусаж, тэнгэр дахин хэзээ ч тайван, нам гүм байхаа больж, оршин тогтнохоо байна. Бүх зүйл шинэчлэгдэж, анхдагч төрхөө олно. Газар дээрх бүх айл өрх тарж бутран, дэлхий дээрх бүх улс үндэстэн задран хуваагдана; эхнэр нөхөр хоёр дахин уулзах өдөргүй болж, ээж хүү хоёр дахин үл уулзаж, эцэг охин хоёрын уулзалт дахин хэзээ ч үл тохионо. Газар дэлхий дээр байсан бүхнийг Би бут цохино.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 28-р бүлэг
Эрин үеийг төгсгөх эцсийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийн зан чанар байдаг бөгөөд бүх хүнийг ил тод шүүж, Өөрийг нь чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг төгс болгохын тулд үүгээрээ Тэрээр зөв шударга бус бүхнийг илчилдэг. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдаж, өөр өөр шинж чанартаа үндэслэн өөр өөр төрөлд хуваагддаг. Энэ нь чухамдаа Бурхан хүмүүсийн төгсгөл, хүрэх газрыг илчилдэг үе юм. Хэрвээ хүмүүс гэсгээлт, шүүлт туулахгүй бол тэрслүү, зөв шударга бус байдлыг нь ил болгох ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөлийг илчилж болно. Хүмүүс гэсгээгдэж, шүүгдэх үедээ л жинхэнэ төрхөө харуулдаг. Муу нь муутай, сайн нь сайнтай тавигдах бөгөөд бүх хүн төрлийнхөө дагуу ангилагдана. Гэсгээлт, шүүлтээр дамжуулан бүх зүйлийн төгсгөл илчлэгдэнэ, ингэснээр ёрын муу нь шийтгүүлж, сайн нь шагнуулж, бүх хүн Бурханы ноёрхолд бууж өгнө. Энэ бүх ажил зөвт гэсгээлт, шүүлтээр хийгдэх ёстой. Хүний завхрал дээд цэгтээ хүрч, тэрслүү байдал нь хэтэрхий ноцтой болсон учраас гэсгээлт, шүүлт голлосон, эцсийн өдрүүдэд илчлэгддэг Бурханы зөвт зан чанар л хүмүүсийг бүрмөсөн өөрчилж, бүрэн төгс болгож, ёрын мууг илчилж чадна, тийнхүү зөв шударга бус бүхэн хатуу шийтгүүлнэ. Тиймээс ийм зан чанарт эрин үеийн ач холбогдол шингэсэн байдаг. Шинэ эрин үе болгоны ажлын төлөө Бурханы зан чанар илчлэгдэж, илэрхийлэгддэг. Бурхан Өөрийн зан чанарыг дур зоргоороо, ач холбогдолгүйгээр илчилдэг юм биш. Эцсийн өдрүүдэд хүмүүсийн төгсгөлийг илчлэхдээ Бурхан хүмүүсийг хязгааргүй өршөөл, хайр энэрлээр хайрласаар, тэдэнд хайртай хэвээр байж, тэдэнд зөвт шүүлт тулгахгүй, харин ч хүлээцтэй байдал, тэвчээр, уучлал үзүүлж, нүгэл нь хэчнээн ноцтой байсан ч өчүүхэн төдий ч зөвт шүүлтгүйгээр тэднийг өршөөсөөр байлаа гэе. Тэгвэл Бурханы бүх удирдлага хэзээ ер нь дуусах юм бэ? Ийм зан чанар хэзээ хүмүүсийг хүн төрөлхтний тохиромжтой хүрэх газар луу хөтөлж чадах юм бэ? Жишээ нь, хүмүүсийг үргэлж хайрладаг, эелдэг царай, зөөлөн зүрх сэтгэлтэй элэгсэг шүүгчийг аваад үз. Тэрээр, үйлдсэн гэмт хэргээс нь үл хамааран хүмүүсийг хайрладаг ба хэн ч байлаа гэсэн, хүмүүст хайр энэрэлтэй, тэвчээртэй ханддаг. Тийм тохиолдолд тэр хэзээ ер нь шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвт шүүлт л хүмүүсийг төрлөөр нь ангилж, шинэ ертөнцөд аваачиж чадна. Ийм маягаар, Бурханы шүүлт, гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үеийг төгсгөдөг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажлын үзэгдэл 3
Янз бүрийн гай гамшиг ар араасаа бууж ирнэ; бүх улс орон, бүх газар нутагт гамшиг тохионо: хаа сайгүй тахал, өлсгөлөн, үер, ган гачиг гарч, газар хөдөлж байна. Эдгээр гай гамшиг ганц хоёрхон газар тохиолдохгүй, ганц хоёрхон өдөрт ч дуусахгүй; харин ч улам бүр өргөн хүрээг хамран тэлж, гай гамшгууд улам бүр ноцтой болно. Энэ үед элдэв төрлийн шавжны тахал ээлж дараалан дэгдэж, хүн бие биеэ барьж идэх үзэгдэл хаа сайгүй тохиолдоно. Энэ бол үй олон улс орон, ард түмнийг шүүх Миний шүүлт.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 65-р бүлэг
Өнөөдрийн бүх айлдвар нь ирээдүйн хэрэг явдлуудыг зөгнөсөн гэж болно; эдгээр айлдвар нь Бурхан Өөрийн ажлын дараагийн алхамд зохицуулалт хийж байгаа хэрэг юм. Бурхан чуулганы хүмүүс дэх Өөрийн ажлыг бараг дуусгасан бөгөөд үүний дараа Тэр бүх хүний өмнө уур хилэнтэйгээр гарч ирнэ. Бурханы хэлдгээр “Би газар дээрх хүмүүсээр Өөрийн үйлсийг хүлээн зөвшөөрүүлж, ‘шүүлтийн ширээний’ өмнө Миний үйл хэргүүд нотлогдоно, ингэснээр газар дэлхий даяар хүмүүсийн дунд хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд тэд бүгд бууж өгнө.” Та нар энэ үгээс ямар нэг зүйл харав уу? Энд Бурханы ажлын дараагийн хэсгийн хураангуй байна. Эхлээд Бурхан улс төрийн эрх мэдлийг барьдаг бүх манааны нохдыг чин үнэнээр итгүүлж, тэднийг дахин хэзээ ч байр суурийн төлөө тэмцэлдэж, дахиад хэзээ ч үгсэн хуйвалдаж, далд явуулга хийлгүй сайн дураараа түүхийн тавцангаас ухрахад хүргэнэ. Бурхан газар дээр янз бүрийн гай гамшиг бий болгосноор энэ ажил Бурханаар дамжин гүйцэтгэгдэх ёстой. Гэхдээ Бурхан огт гарч ирэхгүй. Энэ удаа агуу улаан лууны үндэстэн бузрын газар хэвээр байх учраас Бурхан гарч ирэхгүй, гэхдээ гэсгээлтээр дамжуулан илрэх болно. Тэр нь Бурханы зөвт зан чанар бөгөөд хэн ч үүнээс зугтаж чадахгүй. Энэ хугацаанд агуу улаан лууны үндэстэнд оршин суудаг бүхэн гай гамшиг амсана, энэ нь бас угаасаа газар дээрх хаанчлалыг (чуулганыг) багтаадаг. Энэ нь баримтууд гарч ирж байгаа үе бөгөөд иймээс үүнийг бүх хүн мэдэрч, хэн ч зугтаж чадахгүй. Үүнийг Бурхан урьдчилан тогтоосон. Ажлын яг энэ алхмаас л болж Бурхан “Одоо үе бол асар том төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаг” хэмээн хэлсэн юм. Учир нь ирээдүйд газар дээр нэг ч чуулган байхгүй байх ба гай гамшиг гарч ирсний улмаас хүмүүс өмнө нь юу хүлээж байгаа бол гэхээс өөрийг бодох чадваргүй болох ба гай гамшгийн дунд Бурханыг таашаах нь тэдэнд хэцүү байдаг. Тиймээс энэ гайхалтай цаг хугацаанд Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлахыг хүмүүсээс хүсдэг, ингэснээр тэд боломжийг алдахгүй юм. Энэ баримт улиран өнгөрөхөд Бурхан агуу улаан лууг бүрэн ялан дийлж, улмаар Бурханы ардуудын гэрчлэлийн ажил нь төгсгөл болсон байх болно; дараа нь Бурхан ажлын дараагийн алхмыг эхлүүлж, агуу улаан лууны орныг сүйрүүлж, эцэст нь орчлон ертөнц даяар хүмүүсийг уруу харуулж загалмайд цовдолно, үүний дараа Тэр бүх хүн төрөлхтнийг устгана—эдгээр нь Бурханы ажлын ирээдүйн алхмууд билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 42-р бүлэг
Бурхан асар их уур хилэнгээ буулгасны улмаас галт уул дэлбэрэх гэх мэтийн элдэв янзын гамшгийг дэлхий ертөнц тэр аяараа туулна. Газар дэлхий дээр элдэв янзын гай гамшиг бүх хүн төрөлхтөн рүү өдөр өдрөөр ойртон айсуйг тэнгэр дээр өндөрт зогсоод харж болно. Өндрөөс доош харахад газар дэлхий дээр газар хөдлөлтийн өмнөх янз бүрийн дүр зураг харагддаг. Шингэн гал саадгүй довтолгож, хайлмал лаав чөлөөтэй урсаж, уулс нүүж, бүгдийн дээгүүр жихүүн гэрэл гялтганана. Дэлхий ертөнц тэр аяараа галд живжээ. Энэ бол Бурхан уур хилэнгээ буулгаж буй дүр зураг, Бурханы шүүлтийн цаг юм. Мах, цустай бүхэн үүнээс зайлж үл чадна. Иймээс дэлхийг тэр аяар нь сөнөөхөд улс орнуудын хоорондох дайн, хүмүүсийн хоорондох зөрчил хэрэггүй; харин дэлхий ертөнц Бурханы гэсгээлтийн өлгийд “ухамсартайгаар баясна”. Хэн ч зугтаж үл чадна; энэ зовлон зүдүүрийг хүн бүр нэг нэгээрээ даван туулах ёстой. Дараа нь орчлон ертөнц бүхэлдээ ариун туяагаар дахин нэгэнтээ гялалзаж, бүх хүн төрөлхтөн дахин нэгэнтээ шинэ амьдрал эхлүүлнэ. Бурхан орчлон ертөнцийн дээр амарч, бүх хүн төрөлхтнийг өдөр бүр ерөөнө.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 18-р бүлэг
Миний царайг харахыг бүх хүн эгээрэн хүсдэг ч Намайг газар дээр биечлэн бууж ирэхэд бүгд ирсэнд минь дургүйцэж, Намайг тэнгэр дэх дайсан нь мэт үзэн, айсуй гэрлийг үлдэн хөөдөг. Хүн Надтай болгоомжилсон харцаар мэндчилж, үргэлж сонор сэрэмжтэй байж, Намайг өөрийнх нь талаар өөр төлөвлөгөөтэй байх вий гэхээс ихэд айдаг. Хүмүүс Намайг танил бус найз шигээ үздэг тул өөрсдийг нь ялгаварлалгүй хөнөөх санаа өвөрлөж байна гэж санадаг. Хүний нүдээр бол Би аминд халтай дайсан. Гай гамшиг дунд халуун сэтгэлийг минь мэдэрснийхээ дараа ч хүн Миний хайрыг мэддэггүй бөгөөд Надаас сэрэмжилж, эсэргүүцсээр байдаг. Ийм нөхцөл байдалтай байгааг нь далимдуулан түүний эсрэг арга хэмжээ авахын оронд харин ч Би хүнийг халуун дотноор тэвэрч, амыг нь амттанаар дүүргэн, хэрэгтэй хоол ундыг ходоодонд нь хийдэг. Гэхдээ Миний уур хилэн уул усыг донсолгох үед хүний хулчгар зангаас үүдэн Би түүнд янз бүрийн тусламж цаашид үзүүлэхгүй. Энэ мөчид Миний уур хилэн бадарч, бүх амьд зүйлд гэмших боломж олгохоос татгалзаж, хүнд тавьсан бүх найдвараа орхиж, зохих залхаан цээрлүүлэлтийг түүнд онооно. Энэ үед далайн давлагаа уурсан догширч буй мэт, олон арван мянган уул нуран унаж буй мэтээр аянга цахилгаан цахилж, нүргэлнэ. Хүн тэрслүү зангийнхаа төлөө аянга цахилгаанд ниргүүлж, бусад бүтээл аянга цахилгааны ниргэлтэд арчигдах бөгөөд бүхий л ертөнц гэнэт эмх замбараагаа алдаж, бүтээлүүд амийн анхны амьсгалыг эргүүлэн олж авч чадахгүй. Тоймгүй олон хүн аянгын нүргээнээс зайлж чадахгүй; аянгын гялбаан дунд хүмүүс түргэн урсгалд түм бумаараа ойчин, уулнаас буух хүрхрээнд хамагдан арчигдана. Гэнэтхэн, хүний “хүрэх газар”-тай “хүмүүсийн” ертөнц нийлдэг. Далайн мандал дээр хүүр цогцос хөвнө. Хүн Миний Сүнсний мөн чанарын эсрэг нүгэл үйлдэж, тэрслүү зангаараа Надад халдсан тул Миний уур хилэнгээс үүдэн бүх хүн Надаас алс хол явдаг. Харин усгүй газруудад инээд хөөр, дуу хөгжим цалгин, Миний өгсөн амлалтыг бусад хүн эдэлсээр байдаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 17-р бүлэг
Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:
Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволын бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд “цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн” аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүний нүдэнд үүнийг харуулна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг