2. Пасторууд ахин дахин гамшиг бууж байгаа ч бид айж эмээх ёсгүй гэж бидэнд байнга хэлдэг, учир нь Библи бидэнд ингэж хэлдэг: “Мянган хүн дэргэд чинь унаж, арван мянган хүн баруун гар талд чинь унана; гэвч энэ гамшиг чиний ойр очихгүй” (Дуулал 91:7). Хэрэв бид Эзэнд итгэж, залбирч, Библи уншиж, хамтдаа цугларсаар байвал бидэн дээр гамшиг буухгүй. Гэтэл эдгээр гамшигт нас барсан зарим нэг шашны пастор, Христэд итгэгчид бий. Тэд бүгд Библи уншиж, залбирч, Эзэнд үйлчилж байсан атал Бурхан яагаад тэднийг хамгаалаагүй юм бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг дагадаг хүн орно. Тэр өдөр олон хүн Надад ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр тунхаглаагүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлнэ” (Матай 7:21–23).

“Харагтун, Би удахгүй ирнэ; хийсэн үйлдлийнх нь дагуу хүн бүрд өгөхийн тулд Миний шагнал Надад байгаа. Би бол Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл, Эхнийх ба Эцсийнх. Хүрмээ угаан, амийн мод руу очих эрхтэй болж, хотын хаалгаар орох хүмүүс ерөөлтэй еэ. Гадна нь ноход, мэргэ төлөгчид, завхай хүмүүс, алуурчид, хуурамч шүтээнд мөргөгчид болон худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна” (Илчлэл 22:12–15).

Холбогдох Бурханы үг:

Одоо бол Би хүн бүрийн төгсгөлийг тодорхойлдог үе, харин хүнийг боловсруулж эхлэх үе шат биш. Би хүн бүрийн үг, үйлдлийг, Намайг дагасан замналыг, тэдний төрөлх ангиллыг болон тэдний эцсийн илрэлийг бүртгэлийн дэвтэртээ нэг бүрчлэн тэмдэглэдэг. Ийм маягаар, ямар ч хүн байлаа гэсэн, хэн ч Миний гараас зугтаж чадахгүй, Миний хуваарилсны дагуу бүгд төрлөөрөө ангилагдана. Би хүний нас, зэрэг зиндаа, зовлонгийн хэмжээ, ялангуяа хэчнээн өрөвдөлтэй байгаад нь үндэслэж бус, харин үнэнийг эзэмшдэг эсэхийнх нь дагуу хүн бүрийн хүрэх газрыг тодорхойлдог. Үүнээс өөр сонголт гэж үгүй. Бурханы хүслийг дагадаггүй хүмүүс бүгд ялгаагүй шийтгүүлнэ гэдгийг та нар ойлгох ёстой. Энэ бол ямар ч хүний өөрчилж чадахгүй зүйл юм. Тиймээс шийтгүүлдэг бүх хүн Бурханы зөвт байдлын улмаас тийнхүү шийтгүүлж, тоймгүй олон муу үйлийнхээ хариуг амсдаг юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Бурхан бол зөвт Бурхан бөгөөд хүн эцэст нь хүртэл Түүнийг дагаж байгаа цагт Тэр хүнийг алагчлахгүй нь гарцаагүй, учир нь Тэр хамгийн зөвт гэж хүмүүс хэлдэг. Хэрвээ хүн Түүнийг эцэст нь хүртэл дагах юм бол Тэр хүнийг орхиж чадна гэж үү? Би бүх хүнд алагчлалгүй хандаж, бүх хүнийг зөвт зан чанараараа шүүдэг ч хүнд тавьдаг шаардлагуудад минь тохиромжтой нөхцөл байдаг бөгөөд хэн байхаас үл хамааран, Миний шаарддаг зүйлийг бүх хүн биелүүлэх ёстой. Чиний чадвар хэр болох нь, хэр удаан ийм чадвартай байсан чинь Надад хамаагүй; Миний замыг дагаж байгаа эсэхийг чинь, үнэнийг хайрлаж, үнэнээр цангаж байгаа эсэхийг чинь л Би анхаардаг. Хэрвээ чамд үнэн байхгүй, харин ч Миний нэрэнд ичгүүр авчирч, Миний замын дагуу үйлддэггүй бөгөөд ямар ч санаа зовнил, хайхрамжгүй зүгээр л дагадаг бол тэр үед Би ёрын муугийн чинь төлөө чамайг цохин унагаж, чамайг шийтгэнэ, тэр үед чи юу гэх вэ? Бурхан бол зөвт биш гэж чи хэлж чадах уу? Өнөөдөр, хэрвээ чи Миний хэлсэн үгийг мөрдсөн бол Миний сайшаадаг төрлийн хүн мөн. Бурханыг дагах явцдаа үргэлж зовж шаналсан, хүндрэл бэрхшээлийн үеэр Түүнийг дагасан, сайн, муу бүх цаг үеийг Түүнтэй хуваалцсан гэж чи хэлдэг боловч Бурханы хэлсэн үгийг амьдран харуулаагүй; чи өдөр бүр Бурханы төлөө гүйж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг л хүсдэг ба утга учиртай амьдралыг амьдран харуулах талаар хэзээ ч бодож үзээгүй. Чи бас “Ямар ч тохиолдолд Бурхан бол зөвт гэдэгт би итгэдэг. Би Түүний төлөө зовсон, Түүний төлөө ийш тийш гүйсэн, өөрийгөө Түүнд зориулсан ба гавьяа хүртээгүй хэр нь шаргуу ажилласан; Тэр гарцаагүй намайг санаж байгаа” гэж хэлдэг. Бурхан зөвт гэдэг нь үнэн ч энэхүү зөвт байдал ямар ч хольцоор сэвтээгүй: Үүнд хүний ямар ч хүсэл байдаггүй ба махан бие юм уу хүний арилжаа наймаа холилддоггүй. Тэрслүү агаад эсэргүүцдэг бүхэн, Түүний замыг даган мөрддөггүй бүхэн шийтгүүлнэ; хэн ч уучлагдахгүй, хэн ч өршөөгдөхгүй! Зарим хүн: “Өнөөдөр би Таны төлөө гүйлээ; эцэстээ Та надад жаахан ерөөл өгч чадах уу?” гэдэг. Тэгэхэд Би чамаас “Чи Миний үгийг мөрдсөн үү?” гэж асууна. Чиний ярьдаг зөвт байдал арилжаа наймаанд үндэслэдэг. Би бол зөвт бөгөөд бүх хүнд алагчлалгүй ханддаг учраас л Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдаж, Миний ерөөлийг хүртэнэ гэж чи боддог. “Намайг эцсээ хүртэл дагадаг хүмүүс гарцаагүй аврагдана” гэх Миний үгэнд далд утга бий: Намайг бүр эцэст нь хүртэл дагадаг хүмүүс бол Надаар бүрэн авхуулах хүмүүс юм, тэд бол Надаар байлдан дагуулагдсаныхаа дараа үнэнийг эрж хайж, төгс болгуулдаг хүмүүс юм. Чи ямар нөхцөлийг биелүүлсэн бэ? Чи ердөө Намайг эцэст нь хүртэл дагасан, гэхдээ өөр яасан гэж? Чи Миний үгийг мөрдсөн үү? Миний таван шаардлагаас нэгийг биелүүлсэн ч үлдсэн дөрвийг нь биелүүлэх санаа зорилго чамд байдаггүй. Чи ердөө хамгийн энгийн, хамгийн амархан замыг олоод, азтай болно гэж найдсан хандлагаар л энэ замыг хөөсөн. Чам шиг тийм хүмүүст Миний зөвт зан чанар бол зөвхөн гэсгээлт, шүүлт, зөвт залхаан цээрлүүлэлт бөгөөд мууг үйлдэгч бүхний зөвт шийтгэл энэ юм; эцэст нь хүртэл дагасан ч гэсэн, Миний замыг дагадаггүй бүх хүн гарцаагүй шийтгүүлнэ. Энэ нь Бурханы зөвт байдал билээ.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаадаггүй. Өнөөдөр Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн айлдвараас салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы санаа зорилгод нийцэлтэй байх боломжгүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы санаа зорилгод нийцэх юу ч хийж чадахгүй бөгөөд Бурханд үйлчиллээ ч гэсэн үзэл, төсөөллийнхөө дунд үйлчлэн, Бурханы санаа зорилгын дагуу үйлчилж огт чаддаггүй. Ариун Сүнсний ажлыг дагаж чаддаггүй хүмүүс Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй ба Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чадахгүй. Бурхан Өөрийнх нь санаа зорилгод нийцдэг үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзэл дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, үймүүлдэг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй; Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай нийцэлтэй байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн санаа зорилгыг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэж чаддаг байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Түүнийг дагаж, Бурханы хамгийн шинэ айлдваруудын дагуу орж чаддаг байна гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханы сайшаалыг хүртэж, Бурханыг харж чаддаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн ажлаас нь Бурханы зан чанарыг мэдэж, хүний үзэл, тэрслүү байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс бүгдээрээ Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүж, улмаар Бурхан тэднийг голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаар мэдэх нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажлыг дуулгавартай дагаж, Бурханы ажлыг эрж хайх санаатай байвал Бурханыг харж, Ариун Сүнсний шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрэл юм уу Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй. Тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу, үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, мөн тэдний эрэл хайгуул болон санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Тэд өмнө нь ямар байсан, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгддөг бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй хүмүүс таягдан хаягддаг.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы хамгийн шинэ ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

Одоо, эрж хайдаг ба эрж хайдаггүй хүмүүс нь хоёр өөр төрлийн хүмүүс бөгөөд хүрэх газар нь ч бас маш өөр байдаг. Үнэний мэдлэгийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэгчид бол Бурханы аврах хүмүүс юм. Үнэн замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд сүйрлийн бай болох болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш үү? Мөс чанар сайтай ч үнэн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; Бурханыг эсэргүүцэх нь тэдний мөн чанар. Үнэн замыг хүлээн авдаггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд ийм хүмүүс олон зовлон бэрхшээл тууллаа ч гэсэн мөн л устгагдана. Дэлхий ертөнцийг орхих хүсэлгүй, эцэг эхээсээ салж тэвчдэггүй, махан биеийн зугаа цэнгэлээсээ ангижирч чаддаггүй хүмүүс бүгд Бурханы эсрэг тэрсэлдэг бөгөөд бүгдээрээ сүйрлийн бай болно. Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх байдгаас гадна тэд устгагдах болно. Итгэдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй, бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй, Бурханы оршин тогтнолд огт итгэдэггүй хүмүүс ч бас сүйрлийн бай болно. Үлдэх хүмүүс бол цэвэршүүлэлтийн зовлонг туулж, бат зогссон хүмүүс юм; тэд бол шалгалтыг үнэхээр даван туулсан хүмүүс билээ. Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч дайсан; өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хэн боловч—энэ урсгалын гадна ч бай, дотор ч бай хамаагүй—антихрист юм!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Харин ёрын муу хүмүүст очдог шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын нотолгоо, тэр ч бүү хэл, Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүхэн өлсгөлөн, тахалд нэрвэгдээд гашуудан уйлна. Бүх төрлийн муу үйл үйлдсэн боловч Намайг олон жил дагасан хүмүүс нүглийнхээ төлөөсийг төлөхөөс зайлахгүй; тэд ч бас хэдэн сая жилийн турш ховорхон үзэгдэх гамшигт унаж, байнга айж, түгшсэн байдалтай амьдарна. Надад үнэнч зангаа харуулсан дагагчид маань баярлан хөөрч, Миний сүр хүчийг шагшин магтана. Тэд үгээр хэлэхийн аргагүй сэтгэл ханамжийг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд өмнө хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөр дунд амьдарна. Учир нь Би хүний сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь үзэн яддаг билээ. Би хүн төрөлхтнийг анх залж чиглүүлж эхэлснээсээ хойш Өөртэйгөө санаа нэгтэй бүлэг хүмүүсийг олж авах гэж хүсэмжлэн найдсаар ирсэн юм. Харин Надтай адил санаатай биш хүмүүсийг Би хэзээ ч мартдаггүй; Би зүрх сэтгэлдээ тэднийг үргэлж үзэн ядаж, муу үйлийнх нь төлөөсийг төлүүлэх боломжийг хүлээдэг бөгөөд үүнийг хараад Надад таатай байх болно. Одоо Миний өдөр эцэст нь ирлээ, Би цаашид хүлээх шаардлагагүй!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд

Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:

Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволын бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд “цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн” аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүний нүдэнд үүнийг харуулна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг

Өмнөх: 1. Өнөөдөр дэлхийг газар хөдлөлт, өлсгөлөн, тахал, үер, ган гамшиг гэх мэт гамшиг нөмөрч байна. Эдгээр гамшгийн цар хүрээ өсөн нэмэгдэж, улам их үхэлд хүргэж байна. Бурхан хүнийг хайрлаж, хүнийг авардаг атлаа яагаад Тэр ийм агуу гамшгийг буулгах ёстой юм бэ?

Дараах: 3. Өнөөдөр гамшиг улам ноцтой, олон давтамжтайгаар тохиолдож байна. Библид зөгнөсөн эцсийн өдрүүдийн агуу гамшиг эхлэх гэж байгааг эдгээр тэмдэг илтгэдэг. Энэ гамшгийн дунд бид хэрхэн Бурханаар хамгаалуулж, амьд үлдэж чадах вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх